Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

О.Цогтгэрэл: Улс орон, иргэдийнхээ эрх ашгийн төлөө тууштай дуугарч, ажиллаж ирлээ DNN.mn

УИХ-ын чуулганы хуралдаан өчигдөр хаалтаа хийлээ. Энэ үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлээс тодруулга авлаа.


-Чуулган хаалтаа хийж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд танай намын Бүлгийн хувьд хэр ажилласан гэж бодож байна вэ?

-Монгол Улсын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр бүрдсэн парламент өнөөдөр хаалтаа хийлээ. Ер нь парламентын түүхэнд нэлээд амаргүй парламент байсан болов уу гэж бодож байна. Яагаад гэхээр цөөнх болсон сөрөг хүчин Ардчилсан нам маань 11 суудал авсан нь хэт цөөнх байлаа. УИХ-аас гарч байгаа аливаа хөшүүрэг бүхий хууль, бодлого шийдвэрүүд хамгийн багадаа бүх гишүүдийн дөрөвний нэгээр дэмжигдэх учиртай.

Жишээлбэл, Түр хороо байгуулах, сонсгол хийх зэрэг асуудал 19-өөс дээш, магадгүй Ерөнхий сайдын асуудлыг ярья гэвэл 25 гишүүнээс дээш байх ёстой. Тийм болохоор хэт цөөнх болсон болохоор асуудлууд байлаа.

Ардчилсан нам маань ч өнгөрсөн хугацаанд багагүй асуудалтай байсан. Гэвч нөгөө талаараа хэдийгээр цөөнх байсан ч намын бүлгийн хувьд нэлээд бололцооны ажилласан. Гишүүд маань чамгүй олон хууль санаачлан өргөн барьж батлууллаа. Энэ дотроо найман хууль батлуулсан нь ч байна. Мөн намын эв нэгдлийг хангахын тулд бүлгийн зүгээс идэвх санаачилгатай ажиллалаа. Мэдээж биднийг хэрхэн ажилласан бэ гэдэг дээр ард иргэд маань дүнгээ тавьдаг ёстой.

-Эрх барьж буй намтайгаа хэр ойлголцолд хүрч, хамтарч ажилласан бэ?

-Улс орны эрх ашгийг хөндсөн томоохон ажлууд дээр бид заавал эсэргүүцэх ёстой. Сөрөг хүчин гэсэн байдлаар хандсангүй. Тухайлбал, Үндсэн хууль, тогтолцооны өөрчлөлт, Сонгуулийн тухай хууль зэрэг ажлууд дээр ойлголцолд хүрч, улс орны эрх ашигт нийцүүлэх байдлаар ажилласан.

-Тэгвэл эрх баригч нам өнгөрсөн хугацаанд сөрөг хүчнийхээ үгийг хэр сонсож, алдаа дутагдлаа засаж сайжруулах тал дээр ямар байсан бэ?

-Би түрүүн хэлсэн. Бид энэ удаад хэт цөөнх байсан. Тийм болохоор үнэхээр хүч хүрэхгүй тохиолдол гардаг. Ийм байлаа гээд бид жижиг сажиг зүйл ярьж гоншигноогүй. Харин ч эсрэгээрээ улс орон, иргэдийнхээ эрх ашгийн төлөө тууштай дуугарч, ажиллаж ирлээ.

-Өнгөрсөн дөрвөн жилд парламент хэр үр дүнтэй ажилласан бэ?

-Бид өнгөрсөн дөрөв, найман жилийг эргээд дүгнэх хэрэгтэй. Энэ танхимд суугаад хэдэн хууль санаачлах, түүнийгээ батлуулах эсэх бол дараагийн асуудал. Хамгийн гол нь бодит амьдрал дээр ямар өөрчлөлт, ахиц дэвшил гарах вэ, гарсан бэ гэдэг л чухал. Гэтэл энэ найман жилийн хугацаанд эрх баригчдын амлалт хаачсан бэ. Мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үнэ цэнэ яагаад тогтмол буураад байна. Нөгөө амласан боловсруулах, арьс ширний үйлдвэр яасан юм. Нефть боловсруулах үйлдвэрийг аль найман жилийн өмнө л МАН-ынхан амлаад явж байсан. Гэтэл одоо түүхий эд ч байхгүй, бараг хоёр тэрбум орчим ам.долларын өр нэмэгдэхээр хэмжээний болчихсон байна. Бүхэл бүтэн дөрвөн жилийн дотор 200-хан км авто зам тавьлаа. Үүнд санхүү нь дутаагүй. Зөвхөн зохион байгуулах арга барил, сэтгэл зүтгэл л дутсан. Нөгөө л цэвэрлэх байгууламж, утаа, түгжрэл гээд шийдэгдсэн асуудал огт алга. Мөн өнөөдөр иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх болон сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх чөлөө хэрхэн хумигдаж байгааг бид өдөр ирэх тусам харж байна. Энэ мэтчилэн цаасан дээр бичсэн хоосон амлалт бус, амьдралд хэд нь хэрэгжсэн бэ гэдгийг иргэд маань хараад дүнгээ тавьж байгаа байх л гэж бодож байна.

Т.ХӨВСГӨЛ

Categories
мэдээ улс-төр

ТББХ:”Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2024.06.05/ хуралдаж, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хэмээн хуралдаан даргалагч танилцуулсан.

Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт, санал гараагүй бөгөөд Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд хүргүүлэхээр тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

СОНГУУЛЬ-2024: 25-39 насны 816.249 сонгогч байна DNN.mn

2024 оны УИХ-ын сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын тоон мэдээллийг хүргэж байна.

  • 18-24 насны 308651,
  • 25-39 насны 816249, 
  • 40-59 насны 802674, 
  • 60-аас дээш насны 311991 сонгогч саналаа өгнө. 

СОНГОГЧ та УБЕГ-ын https://election.burtgel.gov.mn/ сайтад хандан сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн мэдээллээ шалгана уу.

Categories
мэдээ улс-төр

БОХХААБХ: “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллыг өөрчлөх тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо  /2024.06.05/ дахин хуралдаж, Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллыг өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг  хэлэлцэв.

Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцуулсан.

“Алсын хараа-2050″ Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 203 дугаар тогтоолоор батлагдсан 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд “Монгол Улс 2024 он гэхэд нийт нутаг дэвсгэрийн 25 хувийг улсын тусгай хамгаалалтад авах зорилтод дэмжлэг үзүүлнэ” хэмээн тодорхойлсон төрийн бодлогын баримт бичгийн зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт орших Булган уулын байгалийн дурсгалт газрыг ангилал дээшлүүлэн дархан цаазат газар болгон улсын тусгай хамгаалалтад авахаар Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан талаар танилцуулгад дурдсан байлаа.

Энэхүү тогтоолын төсөлд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт орших Булган уулын байгалийн дурсгалт газрыг ангилал дээшлүүлэн дархан цаазат газар болгохоор улсын тусгай хамгаалалтад авах суурь судалгаа, үндэслэлийг шинжлэх ухааны байгууллагатай хамтран боловсруулж, орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн тогтоол гаргуулсан байна. Мөн Хууль тогтоомжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан хийсэн судалгаа, Үр нөлөөний үнэлгээ, зардлын тооцоог судалгаа, аргачлалын дагуу хийж, холбогдох яамдуудаас санал авч тусгажээ. Түүнчлэн, Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны met.gov.mn цахим хуудаст тогтоолын төслийг нээлттэй байршуулан, санал авсан байна.

Булган уулыг дархан цаазат газар болгосноор байгалийн өвөрмөц тогтоц, унаган төрх, түүх, соёлын дурсгалууд, ховор амьтан, ургамал, гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газар улсын тусгай хамгаалалтад орно гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллыг өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Мөн өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн. Иймд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо дахин хуралдаж, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан үгхэлж, асуулт асууж, зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байсангүй. Иймд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллыг өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш болно DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан долоо хоног бүрийн лхагва гарагт болдог.

Тэгвэл зургадугаар 05-ны өдрийн буюу өнөөдрийн ээлжит хуралдаан хойшилж маргааш товлогджээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ DNN.mn

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ.

ЛХАГВА ГАРАГ /2024.06.05/

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

·      Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 02 дүгнэлт

·     “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2024.05.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.05.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Г.Ганболд нарын 6 гишүүн 2024.05.17-ны өдөр өдөр мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·    Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ш.Адьшаа нарын 4 гишүүнээс 2023.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·       “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·    Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенцын XV хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.05.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх/

·        Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай ЮНИДРУА /Хувийн эрх зүйг нэгтгэх олон улсын хүрээлэн/-ийн конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

·    Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын 4 гишүүн 2024.05.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·    Малчны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 17 гишүүн 2024.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·       Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·       Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

·      Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 4 гишүүн 2024.05.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

·     “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2024.05.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·     “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.05.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хорооны  тайлан, санал, дүгнэлт

·   Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хорооны тайлан, санал, дүгнэлт, тогтоолын төсөл

10.00

“Их Эзэн Чингис хаан”

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Ардчилсан орнуудад сонгогдох эрхийг хамгаалдаг бол манайд аль болох хааж, боож сонгогдохгүй болгохыг илүүд үздэг DNN.mn

Ардчилал гэдэг бол эрх чөлөө. Тэр дундаа сонгогдох, сонгох эрх эрэмбээрээ нэгдүгээрт бичигдэхийг хүний үндсэн эрх гэж ардчилсан орнууд үздэг. Энэ зарчмаа ч хатуу баримталдаг. Ардчилсан орнуудын үлгэр жишээ авдаг ардчилалтай хэмээгдэх улс бол Америк. Энэ улсад хүний үндсэн эрх буюу заяагдмал эрхүүдийг хууль гарган зөрчихийн эсрэг байдаг. Өөрөөр хэлбэл, ямар ч хууль санаачлахдаа хүний заяагдмал эрхийг зөрчихгүй байхаар баталдаг. Үүгээрээ хүний заяагдмал эрхүүдийг дархалж өгч байгаа юм.

Тиймээс ч энэ улсыг ардчиллын өлгий нутаг хэмээн дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн. Америкт хүний үндсэн эрхийг хууль, шүүхийн байгууллага нь ч хүртэл хориглож, хааж болдоггүйн тод жишээг Дональд Трампын асуудлаас тодорхой харж болохоор байна. АНУ-ын экс ерөнхийлөгч Дональд Трампыг эрүүгийн хэрэгт буруутгаж шүүж байгаа. Гол онцлог нь түүнд холбогдсон эрүүгийн хэргээс үл хамаарч АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэйг дэлхийн хэвлэл дуу нэгтэйгээр зарлаж байна. Манайд бол эрүүгийн хэрэгт холбогдсон л бол сонгуульд нэр дэвших битгий хэл сонгох эрхийг нь ч хориглоно. Гэтэл Америкт тийм биш аж. Тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүмүүст ердөө гуравхан шаардлагыг л тавьдаг байна. АНУ-ын Үндсэн хуульд Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь 35-аас дээш настай, АНУ-д төрсөн болон улсдаа 14-өөс доошгүй жил амьдарсан байна гэж заажээ, маш энгийн байгаа биз. Ингээд л болдог байна. Өөрөөр хэлбэл, Дональд Трампын сонгох, сонгогдох эрхэд ямар ч хууль, ямар ч шүүхийн шийдвэр нөлөөлөхгүй. Хүний заяагдмал эрхэд шүүх ч нөлөөлөх ёсгүйг харуулсан хэрэг юм. Тэр шоронд орсон ч улсынхаа ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй. Ямар ч сонгуульд саналаа өгөх эрхтэй. Энэхүү сонгох, сонгогдох эрхийг нь гагцхүү ард түмнийхээ мэдэлд л үлдээдэг нь нөгөө төгс ардчилал гэдэг нь бололтой. Хүн амины хэрэгтэн ч нэр дэвшиж болно. Гол нь тэр хүнийг сонгох уу, эс сонгох уу гэдгийг ард түмэн нь шийднэ гэсэн үг юм уу даа. Манайд бол хэнийг нэр дэвшүүлэх вэ, хэнд нь санал өгүүлэх вэ гэдгийг ард түмэн бид шийдэж чадаж байгаа бил үү гээд бодоод үзээрэй. Хүн алсан гэмт хэрэгтэнг битгий нэр дэвшүүл гэж тэмцэх, дуугарах, ийм үзэл бодолтой нэг ч иргэнийг АНУ-аас хайгаад ч олохгүй байх.

Гэтэл манайд энэ бүх зүйл яг эсрэгээрээ байна. Аль болох нэр дэвшихийг нь хориглосон, сонгогдох эрхийг нь хязгаарласан, хааж боосон заалтууд өнөөгийн Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуульд их байгааг олон улсын хуульчид байнга сануулан хэлдэг. АНУ-ын Конгрессын сонгуулиар нийт нэр дэвшигчдийн 90 орчим хувь нь сонгогдох эрхийнхээ хүрээнд сонгуульд оролцдог. Харин үлдсэн 10 хувь нь өөрийнхөө хүсэлтээр нэр дэвшилтээсээ татгалздаг байна. Нэг ч нэр дэвшигчийг ямар нэгэн шалтгаанаар сонгуульд оролцуулаагүй тохиолдол гараагүй аж. Гэтэл манай СЕХ саяхан нам, эвсэл, бие даагчдын материалыг хүлээн авлаа. Нийт 1000 гаруй нэр дэвшигч энэ удаагийн УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр материалаа хүргүүлсэн байна. Үүнээс СЕХ нэр дэвшигч бүрийн материалыг хянаж үзээд хуулийн шаардлага хангаагүй 160 орчмыг нь буцаажээ. Өөрөөр хэлбэл, 160 хүний Үндсэн хуульд заасан сонгогдох эрхийг нь олгоогүй гэсэн үг. СЕХ Үндсэн хуулиас давсан эрх мэдэлтэй байгууллага уу. Тийм эрх мэдэл тэр байгууллагад байхгүй.

Ямар хуулийн шаардлага хангаагүйгээс болоод эдгээр хүмүүсийн нэр дэвших эрхийг хаасан шалтгааныг харвал үнэхээр инээдтэй. Хамгийн түгээмэл шалтгаан нь зээлтэй, өртэй байсан гэдэг асуудлаас болоод нэр дэвших эрхийг нь олгоогүй байна. Ардчиллаар бид эрх чөлөөтэй зах зээлийн нийгмийг бүрдүүлсэн гэдэг. Тэгвэл тэрхүү зах зээлийн нийгэмд хүн амьдралаа дээшлүүлэх, хөдөлмөрлөх, хийж бүтээхийн тулд мэдээж хөрөнгө оруулалтаа босгож таарна. Ингэхдээ зээл авах нь тодорхой. Гэтэл манай улсад зээл авч эдийн засгийн харилцаанд орсон иргэнээ гэмт хэрэгтэн мэт үзээд сонгогдох эрхийг нь хязгаарлачихаж байгаа нь инээдтэй. Энэ бол нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзаж болох хуулийн нэг л заалт.

Иймэрхүү маягаар иргэнийхээ сонгогдох эрхийг хааж боосон 10 гаруй хуулийн заалт байна. Үүнээс шүүхээр гэм буруутай нь тогтоогдоод хариуцлагаа үүрээд гараад ирсэн хүн нэр дэвшинэ гэж бүр саналтгүй. Гэтэл АНУ-ын экс ерөнхийлөгч Дональд Трампыг дөрвөн ч эрүүгийн хэрэгт нэр холбон шүүж байгаа. Хоёр ч хэрэгт нь шүүхээс ял оноочихсон. Гэхдээ л Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй. Гэтэл манай экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр ном оруулж ирсэн хэргээс болоод ял авч, шоронд суугаад гарсан. Гэтэл тэрээр 2016 оны сонгуульд нэр дэвших эрхээ хасуулж байсан удаатай. Улмаар 2020 оны сонгуульд ч нэр дэвшээд бүртгэж аваагүй. Манайд хуулийн хязгаарлалтаас гадна улс төрийн хязгаарлалт гэдэг зүйлээс болж тухайн нэр дэвшигчийг бүртгэхгүй байх тохиолдол ч гардаг. Үүний тод жишээ бол энэ сонгуульд “Үндэсний эвсэл” гэдгийг тэргүүлэн оролцох байсан Н.Номтойбаярыг шоронд орж байсан гэдэг шалтгаанаар нэр дэвшигчээр бүртгэж аваагүй. Энэ мэт олон хүнийг хуулийн шаардлага хангаагүй хэмээн буцаасан байна. Хүний амьдрал баян. Өндөг шиг өөгүй хүн гэж орчлонд үгүй. Монголд сонгогдох эрхийг нь хязгаарласан энэ олон хуулийн заалтуудыг урдаа бариад тухайн нэр дэвшигчийг ухаж, шалгаад л байвал хуулийн шаардлагад нь тэнцэх нэр дэвшигч цөөхөн л болов уу. Хууль нь байхад хэнийг ч хамаатуулан шийтгэж болдгийг бид социализмын туршлагаасаа бэлээхэн мэднэ.

Хүн алдаж болно. Алдаагаа ухамсарлаад хариуцлага үүрсэн бол буцаад нийгмийнхээ харилцаанд орох эрх ардчилсан оронд бий. Гэтэл манайд ял авч, шоронд суусан иргэнээ хүн гэж үздэггүй хандлага ч байдаг. Бүр зарим хуулийн агуулга, заалтуудад ч иргэнээ ялгаварласан өнгө аяс ил цагаан уншигддаг. Тиймээс бид цаашид хүний үндсэн эрх, эрх чөлөөнөөс давсан аливаа хуулийг гаргахгүй байх. Хүний эрхийн зөрчилтэй эрх зүйн баримт бичгүүдээ засах цаг болсон байна.

Ардчилал гэдэг бол сонгох, сонгогдох эрх. Хэрэв сонгох, сонгогдох эрхээ иргэд нь эдэлж чадахгүй бол тухайн улс дарангуйллын тогтолцоо руу орсон жишээ олон. Тиймээс л ардчиллын амин сүнс болсон сонгогдох, сонгох эрхийг юугаар ч хориглож, хязгаарлаж болдоггүйг Америк тодорхой харуулсаар байна. Манайх ардчилсан орон юм бол үүнээс үлгэр жишээ авч хуулиудаа өөрчлөх хэрэгтэй.

Categories
мэдээ улс-төр

ТБХ:Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.06.04/ хуралдаан 11 цаг 50 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын дөрвөн гишүүнээс 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн  эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед олонхын дэмжлэг авсан саналыг нэмж тусгасан эцсийн хувилбар болон танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Дараа нь “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед гишүүдээс хууль хоорондын нийцлийг хангах, өрийн удирдлагыг боловсронгуй болгох үүднээс тогтоолын төслийг боловсруулан батлуулах нь зүйтэй гэсэн санал дэмжигдсэн тул “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.

Тогтоолын төсөлд Монгол Улсын зээл, тусламжийн нэгдсэн бодлогын хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн авсан зээл, тусламжийн мэдээлэлд шинжилгээ хийж, Өрийн удирдлагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасны дагуу Засгийн газрын гадаад зээлийн талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох, Өрийн удирдлагын тухай хууль болон холбогдох бусад хуулийн өрийн удирдлагын эрх зүйн зохицуулалтын үр дүнд дүн шинжилгээ хийж, улсын нийт гадаад өр, улсын салбар, төрийн нийт өр, Засгийн газрын өр, орон нутгийн өр, төрийн болон орон нутгийн өмчит хувьцаат компанийн өрийн хамрах хүрээ, нэршил, тодорхойлолт, хязгаарлалтыг шинэчлэн боловсруулах, Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн, хэрэгжиж байгаа төслүүдийн үр дүн, үр ашигт дүн шинжилгээ хийх, төслүүдийн хүрээнд үүссэн хөрөнгийн өмчлөл, эргэн төлөлтийн харилцааг тодорхой болгох, санхүүгийн хөрөнгө, өр төлбөрийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх, үе шаттайгаар хөгжүүлэх, зээлийн хөрөнгийн зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор гадаад зээлийн хөрөнгөөр зөвлөх үйлчилгээ, төсөл хэрэгжүүлэх нэгжийн зардал зэрэг урсгал зарлагыг санхүүжүүлэхгүй байх чиглэлийг цаашид баримтлах, Засгийн газраас гадаад зээлийн гэрээ байгуулахдаа бодит эдийн засгийг дэмжсэн байх, үр ашигтай байх, дунд хугацааны хөгжлийн бодлого, улсын хөгжлийн төлөвлөгөөний баримт бичигт тусгасан байх шалгуурыг баримтлах, гадаад өр, улсын салбарын, төрийн өрийн болон олон улсын нэгдсэн бүртгэл, стандарт, аргачлалыг нэвтрүүлж, холбогдох дэд бүтэц, мэдээллийн системийг сайжруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгасан байв.

Төслийн талаар асуулт асууж, үг хэлж, зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байсангүй. Иймд Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасны дагуу хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг гаргалаа. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

НҮБ-ын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенцын XV хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ DNN.mn

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.06.04/ хуралдаанаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенцын XV хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Хуулийн төслийн талаар Соёлын сайд Ч.Номин танилцууллаа.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай 1947 оны конвенц нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллага бүрийн эрх ямба, дархан эрхийн асуудлыг зохицуулдаг бөгөөд Монгол Улс уг конвенцыг 1970 онд соёрхон баталсан аж. Дэлхийн Оюуны өмчийн байгууллагад 1974 онд НҮБ-ын төрөлжсөн байгууллагын статусыг олгож, улмаар дээрх конвенцын 15 дугаар хавсралтаар түүний эрх ямба, дархан эрхийг шинээр баталгаажуулжээ.

Монгол Улс Дэлхийн Оюуны өмчийн байгууллагад 1979 онд гишүүнээр элсэн орж, уг байгууллагатай идэвхтэй хамтын ажиллагааг хэрэгжүүлж ирсэн хэдий ч “Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенц”-ын 15 дугаар хавсралтыг нэмэлтээр соёрхон батлаагүй байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенцын 15 дугаар хавсралтыг соёрхон баталснаар Монгол Улс суурь конвенцын дагуу 1970 онд хүлээсэн үүргээ биелүүлэх, Дэлхийн Оюуны өмчийн байгууллага болон түүний Монгол Улс дахь үйл ажиллагаа аливаа саад тотгоргүй, илүү идэвхтэй өрнөх эрх зүйн суурийг тавих аж.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ.

Мөн хуралдаанаар  Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай ЮНИДРУА /Хувийн эрх зүйг нэгтгэх олон улсын хүрээлэн/-ийн конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Соёлын сайд Ч.Номин танилцуулсан.

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор батласан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д соёрхон батлахаар заасан “Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлийн тухай ЮНИДРУА /Хувийн эрх зүйг нэгтгэх олон улсын хүрээлэн/-ийн конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газраас 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлжээ.

Энэхүү конвенц нь хулгайлагдсан эсхүл хууль бусаар хилээр нэвтрүүлсэн соёлын эд зүйлсийг эгүүлэн олгох болон буцаах талаар хувийн эрх зүйн хүрээнд улс хоорондын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хөнгөвчлөхөд чиглэдэг олон улсын эрх зүйн баримт бичиг бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн 54 улс конвенцод нэгдэн ороод буй аж.

“Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлийн тухай ЮНИДРУА-ийн конвенцод Монгол Улсын 1991 онд нэгдэн орсон ЮНЕСКО-ийн 1970 оны “Соёлын үнэт зүйлийг хууль бусаар хилээр гаргах оруулах, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай” конвенцын дутуу эсхүл зохицуулалгүй үлдээсэн зарим асуудлыг нарийвчлан тусгаж өгснөөрөө онцлог юм байна. Тухайлбал, хулгайлагдсан, эсхүл хууль бусаар хилээр нэвтрүүлсэн эд зүйлийг нэхэмжлэх хугацаа, уугуул оршин суугчдын соёлын эд зүйлийг өмчлөх эрх, нөхөн төлбөрийн нөхцөл, өмчлөх эрхийг тогтоох үйл ажиллагаа зэргийг нарийвчлан тусгажээ.

Конвенцыг соёрхон баталснаар Монгол Улсыг хөгжүүлэх урт, дунд хугацааны хөгжлийн бодлого болон Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалд соёлын өвийн хууль бус худалдаатай тэмцэхээр заасан зорилт арга хэмжээний хүрээнд соёлын эд зүйлсийг эгүүлэн олгох болон буцаах чиглэлээр бусад улстай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэхээс гадна олон улсын эрх зүйн хүрээнд соёлын өвийн хууль бус худалдаатай үр дүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэн эрх зүйн орчин боловсронгуй болно гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан асуулт асуусан. Тэрбээр, Сүүлийн таван жилд буюу 2017-2021 онд  түүх, соёлын 52 дурсгалт зүйл алга болсноос 22 зүйлийг эрэн сурвалжилж олжээ. Үүний 30 нь олдоогүй гэсэн мэдээ байна. Соёлын биет өвийн эсрэг гэмт хэргийн тоо буураагүй, 2021 онд гурав, 2022 онд ес, 2023 онд 19 бүртгэгдсэн байна. Энэхүү конвенцод нэгдсэнээр гадаад руу гаргасан түүх, соёлын дурсгалт өвүүдийг эргүүлэн олж авах ажил баталгаажих уу. Үүнтэй холбогдуулан дотоодын хууль тогтоомжид өөрчлөлт оруулах шаардлага гарах уу хэмээн тодруулсан.

Соёлын сайд Ч.Номин болон тус яамны ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, Соёлын өвийн хулгайтай тэмцэх, хамгаалах, эрэн сурвалжлах нэгжийг цагдаагийн хэсэг дээр байгуулаад байгаа аж. Энэхүү конвенцод нэгдэн орсноор соёлын өвийг хууль бусаар экспортлосон тохиолдолд хууль эрх зүйн хүрээнд буцаан авах боломж нэмэгдэх юм байна. Тус яамнаас ирэх онд Соёлын өвийн тухай багц хуулийн төслийг өргөн барихаар ажиллаж байгаа бөгөөд хуулийн төсөлд соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, хил дамнуулан гаргах хууль бус экспорттой холбоотой дотоод зохицуулалтыг тусгажээ.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэн батлах нь зүйтэй гэж үзлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Сонгуулийн сурталчилгааны нэгдсэн самбарыг байршуулж эхэлжээ DNN.mn

УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааны нэгдсэн самбарыг байршуулж эхэлжээ.

Тухайн тойрогт хэдэн мандаттай байна, тэр тойрогт нэр дэвшсэн бүх хүний мэдээлэл “нэгдсэн самбарт” байрлах ба нэг нэр дэвшигчид А3-ын хэмжээ оногдох юм.