Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Эхлээд эрх баригчид галаа зогсоохгүй бол энэ ард түмэн чинь алалдаад дуусах нь ээ DNN.mn

УИХ-ын сонгууль ид бужигнаантай цаг үе дээрээ явж байна. Яг арав хоногийн дараа бүгдээрээ сонгуулиа өгнө. Тэр болтол их ч юм дуулдах бололтой. Энэ удаагийн сонгууль анхнаасаа л нийгмийн сэтгэл зүй рүү чиглэсэн айхавтар хар пиараар эхэлсэн. Тэр нь ч нийгэмд үр дүнгээ өгсөн юм шиг байна. Эдгээр өдрүүдэд өрнөж буй сонгуулийн кампанит ажлууд нийгмийн хандлагаас мэдрэгдээд эхэллээ. Шоронгийн хулгайчууд хаваржин л айл болгоны хойморт залраагүй юу. Тэд Монгол Улсын баатрууд мэт телевиз болгоноор ярьцгаасан. Сүүлдээ бүр 40, 50 тэрбум төгрөгөөр шагнуулахаар болцгоож ч байх шиг. Ийм үзэгдэл нийгэмд ямар ойлголт өгөв. “Даргын дайсныг дарвал баатар болдог юм байна” гэж бодоход хүргэжээ.

Үүний тод жишээ бол сая Өвөрхангай аймагт гарсан хүн амины хэрэг. Тус аймгийн Сант сумын Засаг даргыг эрх баригч намын ухуулагч этгээд “УИХ-ын даргыг ирчихээд байхад чи яагаад очдоггүй юм бэ” гээд өшиглөөд хөнөөчихлөө. Талийгаач сумын Ардчилсан намын дарга байжээ. Хүн бүхнийг цочирдуулсан энэ хэрэг гарах болсон шалтгаан нь өнөөх “Даргын дайсныг дарж буй хүн баатар болдог юм байна” гэсэн бодол ухамсар муутай буюу хар массад хүчтэй нөлөөлснийх. МАН өрсөлдөгч намуудаа, тэрэн дотроо АН-ыг дайсан гээд гишүүд дагагсдадаа ойлгуулчихдаг бололтой. Энэ нь намын үзэл суртал, намчирхал орон нутагт ямар хүчтэй бугшсаны нотолгоо. Маняг шашин шиг мухар сүсэг болжээ. Өөр намын хүнийг буг чөтгөр, эх эцгийг нь хөнөөсөн хүн аятай үзэн яддаг. Уул нь МАН л тэдний эцэг эхийг хөнөөсөн байх магадлал ихтэй л дээ. Намдаа үнэнч үзэл суртлыг хэчнээн ахан дүүс, төрөл төрөгсөд байсан ч дийлж чадахгүй. Үүний нэг жишээг та бүхэнд хэлье. Гэхдээ энэ бол хамгийн энгийн жишээний нэг л дээ, саяны хүн амины хэргийн хажууд бол. Суманд дипломтой, дээд боловсролтой малчид олон болж байгаа гэнэ. Яасан гэвэл сум орон нутагтаа багшлахаар очсон залуусын удам судрыг нь харж ажилд авдаг байна. Өөр намын гишүүний хүүхдүүд байвал сургуулийн захирал нь “Чи болон танай аав, ээж чинь өөр намынх” гээд орон тоо байсаар байтал огт ажилд авдаггүй гэх мэт. Төр нь “Орон нутагт багшийн хомсдол их байна, суманд очиж ажиллавал өндөр цалин өгнө шүү” гээд уриад байдаг хэрнээ яг хөрсөн дээрээ энэ бодлого хэрэгждэггүй. Шалтгаан нь нөгөө л намын үзэл сурталтай холбогдоно. Энэ бол Монголоо хорлосон, хөгжлөөс нь хойш зулгаасан үнэхээр том тэнэглэл. Тийм болохоор “Даргад таалагдвал хүн алсан ч баатар болдог юм байна” гэсэн хар пиарын үр дүнд ухамсар дорой улсуудын гарт хайран сайхан алтан амь үрэгдчихлээ.

Сүүлдээ энэ үйл явдал МАН сөрөг хүчин, АН эрх баригч байсан юм шиг болж хувирав.

Монгол төрийн сонгууль ийм байж болохгүй. Одоо эрх баригчид галаа зогсоох хэрэгтэй. Гуравхан сая хүн амтай улсад сонгууль хийх гэж дайн болгох нь байна. Сонгууль бол ард түмэн төрийн эрхийг барьж байгаа баяр баясгалан байх ёстой. Харамсалтай нь ард түмнийг босгож, бужигнуулчихсан хар пиар хэтэрхий их явлаа.

Энэ бол асар хор уршигтай. Одоо бараг аль ч нам нь ялсан ялагдсан тал нь хүлээн зөвшөөрч чадахгүй хэмжээнд хүрэх гэж байна. Уур хилэн нь асч, ургуулан бодолт нь идэвхжээд улам л дэвэрнэ. Ингэж явсаар сонгуулийн дараа бослого тэмцэл гаргаж ч мэдэхээр боллоо. Хоёр хуваагдаж байгаад хоорондоо тэмцэлдвэл юу болно гээч. Иргэний дайн болно. Энэ дайныг дарах нэрээр орос цэрэг орж ирэх ч юм бил үү. Казахстанд оросууд яаж орж ирлээ, тэрэн шиг юм болбол яах вэ. Хоёр жилийн өмнө тус улсад өрнөсөн иргэдийн жагсаал цуглааныг намжаах зорилгоор Орос цэргээ оруулж байв. Улсынх нь Ерөнхийлөгч өөрөө эх орондоо гадны цэргүүдийг оруулаад, ард түмнийхээ өөдөөс буудах эрх олгосон гээд бод доо. Яг үүн шиг сонгуулийн дараахь үр дүн ямар байхаас шалтгаалж ард түмэн талцаж байгаад тэмцэлдвэл гадны цэрэг орж ирэхгүй гэх газаргүй шүү дээ. Тэгээд ч “Орж ирсэн орос гардаггүй гэдэг” хэзээний үг бий. Хэрэв ийм үйл явдал өрнөвөл ардчилсан, тайван сайхан эх орон минь гадны харьяат болох шинжиндээ орно. Тэр цагт биднийг ямар хувь тавилан угтах бол гэж эргэцүүлж бодоход гэмгүй. Сонгууль гэдэг бол хэн хэнээ үзэн ядаж, алалцдаг зэвсэг биш. Бид Монгол гэдэг туган дор нэгдэж чадсан нэг л үндэстэн. Хоорондоо дайсагналцаж, хилэнтэх нь хэнд ашигтай гэж. Тэгэхээр одоо аядуу тайван сонгуулиа явуулцгаая. Нийгмийг уруу татаж байгаа хар пиараа зогсооцгоох хэрэгтэй. Учир байдлаа илэн далангүй танилцуулж, шударгаар өрсөлд . Монгол Улс төрөө сонгох гэж сонгууль хийж байна. Хэнийгээ сонгох эрх чөлөөг нь ард түмэнд олгочих. Энэ бол Ардын намыг төр бариулах гэж байгаа сонгууль биш. Хэн төр барих эрхийг ард түмэн л шийднэ. Хэн нэгэн төрийн дээр ирж, монгол хүний амь насанд хүрэх хэмжээнд хүртэл хийрхэж болохгүй. Одоо ингэж хийрхэцгээдгээ ч больцгооё, хэдүүлээ. Үүний тулд МАН-аас явуулж байгаа элдэв хар пиаруудаа эхлээд зогсоох ёстой шүү. Тэгэхгүй бол ард түмэн алалдаад дуусах нь байна.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Энхцэцэг: Сонгуулийн үр дүнгээс шалтгаалж ажилгүй болчих гээд байгаа учраас л иргэдийн дунд талцал гарч буй юм DNN.mn

Судлаач Д.Энхцэцэгтэй улс төрийн намуудын төлөвшил, иргэд, сонгогчид намаар талцдаг байдлын талаар ярилцлаа.


-Улс төрийн намыг олон улсад юу гэж тодорхойлсон байдаг юм бэ?

-Улс төрийн намууд нь ардчилсан нийгэм дэх олон ургалч үзлийн илэрхийлэл болж, иргэдийн ялгаатай үзэл бодол, хүсэл тэмүүлэл, байр суурийг нэгтгэн төлөөлж, төрийн бодлого боловсруулан, түүнийгээ мөрийн хөтөлбөртөө тусгаж ардчилсан сонгуульд өрсөлддөг иргэдийн сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж байгуулсан байгууллага юм.

Ардчилсан тогтолцоонд чөлөөт сонгууль нь юуны өмнө намуудын хоорондын бодлогын өрсөлдөөн байдаг. Ийм ч учраас сонгуулийн үеэр намуудын хооронд бодлогын мэтгэлцээн өрнөх нь сонгогчдын хувьд шийдвэр гаргахад маш ач холбогдолтой. Монгол Улсад өнгөрсөн сонгуулиудын туршлагаас үзэхэд намуудын хооронд бодлогын мэтгэлцээн өрнөх нь тун ховор байж ирсэн. Улс төр судлаачдын шүүмжилдгээр сонгууль нь бодлогоос илүүтэй “хувь хүн голлосон” буюу улстөрчдийн хоорондын уралдаан байх хандлага түлхүү ажиглагдаж ирсэн. Эрүүл саруул бодлогын мэтгэлцээнгүй улс төрийн орчин нь шударга сонгуулийн үйл явц, ач холбогдол, сонгогчдын боловсролд муугаар нөлөөлдөг. Үүний нэг илрэл нь сонгогчдын санал худалдан авах үзэгдэл одоо ч амь бөх оршсоор байгаа, сонгогчдын ирц, идэвх суларсаар ирсэн асуудлууд мөн. Сүүлийн жилүүдэд сонгогчид мэтгэлцээн явуулахыг нэлээд шаардсан болохоор энэ жилийн хувьд бодлогын мэтгэлцээн нэлээд явж байгаа нь энэ удаагийн сонгуулийн нэг сайн тал.

-Мэтгэлцээн хийдэг болж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ өнөөх л өрсөлдөгчөө харлуулдаг, муулдаг арга барил хэвээрээ, улам төгс хэлбэрт шилжсэн мэт санагдаад байгаа л даа. Тэгэхээр улс төрийн намууд маань цэвэр бодлогын өрсөлдөөн хийдэг болоход манайд яг юу нь болохгүй байгаад байна вэ?

-Дээр хэлсэнчлэн хувь хүн голлосон улс төр яваад байгаа нь их хортой. Үүнээс болоод би өөрөө шилдэг сайн хүн. Харин энэ бол надтай харьцуулахад хулгайч, муу хүн гэсэн эсрэг, тэсрэг дүрүүд бий болдог. Ингээд сонгогчдын хүсээд байгаа мэдээлэлд бус нэг нэгнийгээ харлуулахад сонгуулийн зардлын дийлэнх хувь зарцуулагдаж байх магадлал байна. Тэгэхээр улс төрийн соёлыг яаж илүү бодлогын тал руугаа чиглүүлэх вэ гэдэг дээр анхаарал хандуулах хэрэгтэй. Ингэвэл аль болох бага зардлаар сонгогчдод  хэрэгтэй мэдээллийг өгөх боломжтой.

-Үүнийг хуульд тодорхой тусгаж өгөх шаардлагатай юу?

-Хуульд заачихсан байгаа шүү дээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нам Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана” гэж шинээр тусгасан нь одоогийн намын системийн хөгжилд нүүрлэсэн мухардлыг арилгахад чиглэсэн бөгөөд үүнтэй холбоотой бодлогын намыг төлөвшүүлэх тухай асуудлыг нэлээд хөндөж ярилцах болсон. Мөн Улс төрийн намын тухай хуулийг ноднин жилийн долдугаар сард УИХ-аас баталсан. Түүн дээр намууд бодлого боловсруулахад нь дэмжлэг үзүүлж ажилладаг нэгжтэй байна. Тэр нэгж нь төсвөөс намд олгож байгаа санхүүжилтийн тодорхой хувиар санхүүжинэ гээд заачихсан. Дээрээс нь Сонгуулийн тухай хуульд намуудын хооронд мэтгэлцээн явуулж байвал сонгуулийн сурталчилгааны цагт нь оруулж тооцохгүй гэх зэрэг боломжуудыг гаргаж өгсөн. Тэгэхээр аваад ашиглах юм бол эрх зүйн хувьд тодорхой зүйл заалтууд байгаа. Харин зүгээр одоо улс төрийн соёлд суралцах процесс л явагдаад байна. Үүн дээр ер нь улстөрчдийн өөрсдийнх нь хандлага байх ёстой. Тэр нь л одоо дутагдаад байна уу гэж харж байгаа.

-Намаар талцдаг байдал газар авсан гэдэг шүүмжлэл их гардаг. Сүүлдээ энэ нь даамжираад нэгнийхээ амь насыг бүрэлгэсэн хэрэг гарлаа шүү дээ. Энэ талцдаг асуудал дээр судлаачийн хувьд та юу хэлэх вэ?

-Хөдөө орон нутагт маш их намчирхаж байна гэдэг шүүмжлэл явдаг. Тэгвэл юунаас болж талцаад байна вэ гэдэг дээр дүн шинжилгээ хийж үзэх ёстой л доо. Үүнд нөлөөлж байгаа хамгийн том хүчин зүйл бол нам өөрөө маш том ажил олгогч болж хувирсан явдал. Сонгууль бүрийн дараа гардаг төрийн албаны халаа сэлгээний асуудал байна. Багш, эмч нараа хүртэл сонгуулийн дараа халж, өөрчилж байгаа тухай хүмүүс ярьдаг. Намууд цэвэр бодлогоор өрсөлдөхгүй. Санал худалдаж авах, төрийн албыг түүндээ ашигладаг тогтолцоог бий болгосон. Энэ тогтолцооны эрэг шураг болсон хүмүүс амьжиргааны эх үүсвэрийнхээ төлөө тэмцэж байгаа тэмцэл л юм. Түүнээс биш намын үзэл бодлоороо талцаж хуваагдаад байгаа юм биш. Үүн дээр нэмээд улс төрд гарч ирсэн бас нэг муу зүйл бол дайсан бий болгодог явдал. Намайг л сонгохгүй бол танд ийм аюул заналхийлж байгаа хэмээн айлгаж, түүгээрээ хүмүүсийг удирдах гэсэн оролдлого. Уг нь улс төрийн манлайлал чинь ирээдүйг харсан, уриалан дуудсан, өргөн хүрээнд сэтгэсэн, итгэл найдвар төрүүлсэн байх ёстой. Гэтэл энэ популизм чинь эсрэгцэл бий болгодог.

Энэ бүхний хохирогч нь болохоор суманд мөрөөрөө ажлаа хийгээд явж байх ёстой жирийн иргэд болчихоод байгаа юм. Сонгуулийн үр дүнгээс шалтгаалаад орлогын эх үүсвэр нь хаагдчих гээд байна шүү дээ. Ийм нөхцөл байдлыг бий болгож байгаа нь улс төрийн намууд хариуцлагагүй, төлөвшөөгүй, санхүүжилтийн орчин нь эрүүл биш байгаагийн шинж гэж л би хэлнэ.

Categories
мэдээ улс-төр

Гадаад улсад байгаа 13.095 иргэн сонгуульд оролцохоор бүртгүүлжээ DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэдийн саналыг 2024 оны 6 сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд авна.

Гадаад улсад байгаа 13095 иргэн сонгуульд саналаа өгөхөөр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүллээ. Бүртгэлийг цахимаар зохион байгуулснаар Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуультай харьцуулахад санал өгөхөөр бүртгүүлсэн сонгогчийн тоо 3 дахин өссөн байна.

Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэл нь баталгаажсан сонгогч 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд 07:00-22:00 цагийн хооронд /орон нутгийн цагаар/ саналаа өгөхөөр бүртгүүлсэн тухайн Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт байрлах санал авах байранд гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхтэйгээ биечлэн очиж саналаа өгнө. Гадаад улсад байгаа сонгогчид Монгол Улсын Их Хурлын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар буюу нам, эвсэлд саналаа өгөх юм.

Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудсыг Төв комиссоор дамжуулан салбар комиссуудад хүргүүлсэн бөгөөд Дипломат төлөөлөгчийн газрууд сонгогч саналаа нууцаар, чөлөөтэй өгөх боломжийг хангасан байр бэлтгэсэн байна.

Гадаад улсад байгаа сонгогч Та 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдийн аль нэг өдөр нь саналаа өгч, сонгуульдаа идэвхтэй оролцоно уу.

Categories
мэдээ улс-төр

Үзэл санааны улс төр ба Ч.Өнөрбаяр DNN.mn

Эмх цэгцтэй харагддаг энэ залуу бол Их сургуулийн багш, хууль зүйн ухааны доктор, судлаач Ч.Өнөрбаяр. Судалдаг хүний үг л нийгэмд үнэ цэнтэй байдаг нь дэлхийн жишиг. Судлаачид, эрдэмтдийн орчноос хамгийн сайн бодлого гардаг. Ч.Өнөрбаярын давуу тал судлаач. Монголоор дүүрэн асуудал байна. Шийдлийг олохын тулд тухайн сэдвээр Нотлогч-Няцаагч хоёр талыг нийгмийн өмнө ил гаргаад мэтгэлцүүлэх нь улс төрийн хамгийн том соёл. Тэнд харин яг энэ Ч.Өнөрбаяр шиг мэргэжлийн судлаачид сууж байх ёстой. Монголд ийм мэтгэлцээний хамгийн том талбар нь УИХ-ын чуулган. Гэхдээ Монголд ийм улс төр байдаггүйд л хамаг учир нь байгаа юм. Ийм соёлгүйн ард улс төрийн хор найруулга, хэдхэн хүний эрх мэдлийн төлөөх дайн, далд эдийн засаг, авлига, албан тушаалын гэмт хэрэг… тоочоод барахгүй муу муухай бий. Үүнийг сайн мэдэх хүмүүсийн нэг нь Ч.Өнөрбаяр мөн. Яагаад гэвэл тэр 27 настайдаа Монгол Улсын Үндэсний Аюулгүй Бадлын зөвлөл (ҮАБЗ)-ийн удирдах багт тохоон томилогдсон. Тэр тэндээс их “юм”-ыг ойлгоод гарсан санагддаг. Жижиг эрх ашгуудыг орхиж том эрх ашгийг нь л барьж авч энэ улс орны төлөө зүтгэе гэж. Улс төрчийн төлөвшил, үзэл санааны баримжаа нь энэ байх. “Заримдаа том гүрнүүд бидэнд сонголтыг биш тулгалтыг өгдөг юм” гэсэн Ч.Өнөрбаярын эрт хэлсэн энэ үгийн үргэлжлэлийг олж харах хэрэгтэй. Эрээвэр хураавар улс төр хийдэг нөхдийн амнаас ийм үг нэлээн хожуу гарна. За ер нь гарах ч үгүй байх. Өнөөдөр Ч.Өнөрбаяр АН-ын намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байна. “АН жижгэрэх юм бол Монгол дэлхийд жижгэрэх болчихоод байна” гэж тэр ярьж байгаа. Сөрөг хүчний залуу сэхээтний энэ үг хүмүүст нэгийг бодогдуулж байна. Тэр эмх цэгцгүй шүүмжилээр сонгуулийг дуусгахгүй. Монголчууд яаж ч биенээ мэрлээ гэсэн улс дотроо учраа олцгооно. Ганцхан бидний дотроо байгаа маргаанд гадны хүчин зүйлийн нөлөө орчих бий гэж Ч.Өнөрбаяр болгоомжилж байна. Түүний замнал их “шилэн”-дээ. Арвайхээрт арван жилээ төгссөн. “Шихихутаг” хууль зүйн сургууль-МУИС-Эдинбургийн Их сургууль-Оксфордын Их сургуульд зочин судлаач. Боловсролын менежмент нь гэвэл энэ. Харин эрхэлсэн албан тушаалыг хүмүүсийн олонх нь мэднэ. Ер нь улс төрчийн замнал гэдэг алган дээр байгаа юм шиг энгийн, нийгэмд тодорхой харагдаж байх ёстой. Ч.Өнөрбаярын ямар гэр бүлд төрж өссөн, ямар сургуулиар боловсрол эзэмшсэн, ямар найз нөхдийн хүрээлэл дунд ажиллаж амьдардаг, эрхэмлэдэг үнэт зүйлс нь юу юм бэ… гэдгийг хаанаас ч харж болно. Тэр харьцангуй нээлттэй, нийгэм рүү ярьдаг. Нийгмийн зүгээс, сонгогчдын зүгээс өгдөг эхний онош бол энэ. Яах аргагүй шинэ нийгмийн, хөдөөнөөс гаралтай, үндэсний сэхээтэн мөн. Энэ дотор түүний бусдаас гэдэг юм уу, бусад нэр дэвшигчдээс ч ялгарах нэг онцлог бий. Тэрээр өөрөөсөө дээшхи бүтэн 8 үеэ, удам судраа Монголын төрөөр шалгуулсан сэхээтэн. Тухайн үеийн Монгол улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор ҮАБЗ-ийн удирдах багт ажиллах болоход тэгсэн юм билээ. Түүнийг төрд зүтгэх үед Монголын төр тийм байж. Их улс төрд ийм эхлэлтэй Ч.Өнөрбаяр нь аливаад хандахдаа түүхээ эргэж хардаг, бас судалдаг нэгэн. Түүний өгсөн ярилцлагуудаас ойлгогддог. “Бид түүхээрээ бахархалгүй яах вэ. Монголын түүх бол дэлхийн түүх юм чинь. Гэхдээ түүхэнд маань алдсан нь их бий. Үүнийгээ эргэн харж байх, болгоомжлох ёстой. Ядаж сүүлийн 100 жилийн түүхээ улс төрд байгаа хүн бүр санаж сэрэх ёстой. Ингэж байж цаашаа явна, их гүрнүүдтэй эн тэнцүү, харилцан ашигтай ажиллацгаах болно. Өнөөдөр дотроо хэрэлдэж, муугаа дуудалцах бол дотоод асуудал. Гэхдээ хэрээс хэтэрвэл гаднынхан ашиглана. Ашиглаад зогсохгүй дарамтална. Ийм түүх бидэнд өчигдөрхөн байсан. Тийм учраас би энэ талаас нь их болгоомжилдог” гэсэн нь улс төрийн хэрсүүжилт. Юм үзэж, нүд тайлсны шинж. Энэ бол үзэл санаатай улс төрчийн хэлдэг үг, бас төлөвшил. Эдийн засгийг хэн ч ярина, их түүхийг бол барагтай нь ярихгүй. Хуулийн реформыг хуульч бүр ярина, хулгайлагдсан эрх чөлөөний түүхийг барагтай нь тунгааж бодоогүй явдаг. Тийм учраас Ч.Өнөрбаяр “Харийнхны хувьд хамгийн аюултай этгээдүүд бол тухайн улсын үндэсний сэхээтнүүд нь байдаг. Тэднийг хүнд байдалд оруулдаг, шорон гянданд хорьдог. Болж өгвөл устгадаг” гэж ярьдаг нь хол явах бодол шүү. “Энэ улс хэрүүлийн орон боллоо” гэж тэр бас дүгнэсэн. Энэ бол үзэл санаатай улс төрчийн зовнил. “Ганц том намтай, түүнийг нь тойрсон жижиг намууд бий болбол хэсэгхэн хүмүүсийн амьдрал сайжирч, бусад нь ядуурна. Энэ нь даамжирсаар эрх баригчид ба бусад гэсэн хоёр хэсэгт Монгол Улс хуваагдана. Эцэстээ нэг нэгнээ хамгийн ихээр үзэн ядаж өнгөт хувьсгалын эхлэл тавигдана. Энэ нөхцөл бүрдэхийг хүлээж байсан том гүрнүүд бидэн рүү үлээнэ. Үр дүнд нь ард түмний хайртай хүү гэсэн дарангуйлагч удирдагч гарч ирнэ. Тэр нь тоглоомын улстөрч, утсан хүүхэлдэй. Ингээд Монголын тусгаар тогтнол ганхах аюултай. Ийм зүйл рүү бид хэрхэвч орж болохгүй” гэж тэр үздэг. Ийм ирээдүйн эсрэг тэр улс төр хийж байгаа. Түүний энэ үзэл санаан дотор Монголын бүх проблем багтана. Мөнөөх л ядуурал, үнийн өсөлт, хавтгайрсан халамж, 30 гэр бүл, хөршүүдээс хамааралтай эдийн засаг… гээд. Асуудлыг харах, том зураг гаргах гэж энэ. Ардчилал ганц АН-ын өмч биш. Эрдэм чадалтай нь дээшээ явдаг зарчим бол ардчиллын хамгийн чухал үнэт зүйл. Эрүүл шүүмжлэл Монголын хөгжилд тустай. Сонгуульд зөвхөн өөрсдийнхөө ялалтыг бодож хандвал улсаа хорлож байгаа хэрэг. Геополитик хүнд ийм цаг үед АН-ыг арчина гэвэл Дэлхийн хамтын нийгэмлэгүүд Монгол улсад эргэлзэж эхэлнэ. Ханьсах улс орон үлдэхгүй ч байж мэднэ. Энэ бүх бодлогууд Ч.Өнөрбаярын үзэл санаанууд. Үзэл санааны улс төр хийнэ гэдэг зарим хүнийхээс огт өөр чиг баримжаа юм. Ч.Өнөрбаяр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөхөөр ажиллаж, Оюутан цэрэг хөтөлбөр, Ирээдүйн өв сангийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль,Захиргааны ерөнхий хууль, Нийтийн сонсголын хууль гэх мэт нийт 50 гаруй хуулийн төсөл дээр ажиллаж, 36 хуулийн төсөл өргөн барьснаас 23 хуулийн төслийг батлуулсан байдаг. Түүний хувьд хуулийг үнэ цэнтэй байлгах хангалттай туршлага гэсэн үг. Батлуулж хэрэгжүүлсэн хууль нэг бүрийнх нь ард Монголын хувь заяа дэнслэгдэж байсныг тэр л мэднэ. Тэр бүгдийг нийгэмд хэлэх нь түвэгтэй. Ойлгуулахыг хүсдэггүй нь түүний буруу. Түүнийг шүүмжлэх нээлттэй. Би ч шүүмжилдэг. “Яахаараа лицензийг тоог цөөлөх хууль баталж, гадны хөрөнгө оруулалтыг багасгадаг билээ” гэхчлэн.

Өөдөөс Ч.Өнөрбаяр тоо л хэлдэг. “Монгол Улсын нийт газар нутгийн 75 хувь нь лиценз маягаар нэг улсаас хамааралтай болчихсон байлаа” гэхчлэн. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэх ажлын хүрээнд ард түмэнд хүргэх боломжгүй мэдээлэл гэж тухайн үедээ байсныг учирладаг. Мэдээгүй учраас шүүмжлэл өнөөдөр ч хэвээрээ. “Үнэн үргэлж нуугдмал байдгаараа үнэ цэнтэй” гэсэн үг бий. Үзэл санааны улс төр хийдэг хүмүүстэй Үнэн, Үнэ цэн хоёр үргэлж хамт явдаг. Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт АН-аас нэр дэвшигч Чадраабалын Өнөрбаяр бол үзэл санааны улс төрч гэдгийг энд би тодорхойллоо. Дүгнэх нь та нарын хэрэг…

Categories
мэдээ улс-төр

Н.Лхагвадорж: Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга бусдын гарт амиа алдлаа DNN.mn

Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг дарга бусдын гарт амь насаа алдсан талаар Ардчилсан Нам(АН)-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

АН-ын Хэрэг Эрхлэх Газрын дарга Н.Лхагвадорж “Монгол төрийн сонгууль эхлээд долоо хонож байхад та бүхэнд эмгэнэлтэй мэдээ дуулгах гэж байгаадаа хүлцэл өчье. Ардчиллын нэгэн од, ард түмний нэгэн төлөөлөл, бидний эрхэм ах, журмын нөхөр бусдын гарт амь насаа алдлаа.

Энэ удаагийн сонгууль нь төрийн их дарамт шахалт, тагнаж чагнах гээд байж болох бүх дарамт дор үргэлжилж байна. Төрийн сонгууль өнөөдөр монгол хүний амь насанд тултлаа дарамт шахалтад дор явж байгааг та бүхэнд мэдээлье.

Өчигдөр АН-ын эрхэм журмын нөхөр, Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг дарга, Сант сумын АН-ын дарга, Сант сумын морин спорт уяачдын холбооны дарга, Сант сумын хүндэт иргэн, сонгуулийн бүтцийн нэгэн эд эс болсон сонгууль эрхэлсэн байгууллагын анхан шатны дарга иргэн Б.Б урд шөнө 22:00 цагийн орчимд УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойргийн МАН-ын нэр бүхий таван гишүүний уулзалтын үеэр бусдын гарт амь насаа алдлаа.

Иргэн Б.Б-н ар гэрийнхэнд ардчиллын төлөө зүрх нь цохилдог 200 гаруй мянган гишүүд дэмжигчдийнхээ өмнөөс, нийт монголчуудынхаа нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье” гэв.

Энэхүү харамсалтай үйл явдалтай холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б нь бусдын гарт амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр шөнө гарчээ.

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд О-г цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж баривчлан саатуулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Цагдаагийн байгууллага хуульд заасны дагуу прокурорын байгууллагын зөвшөөрлийг авч иргэдэд мэдээлэл өгөх нь зүйтэй” хэмээн Фэйсбүүк дэх хуудсандаа бичжээ.

Цагдаагийн байгууллагаас энэ талаарх мэдээллийг тодруулж байгаа гэв.

Categories
мэдээ улс-төр

Сонгуулийн санал хураалт энэ сарын 28-нд 07:00-22:00 цагт зохион байгуулагдана DNN.mn

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 28-ны өдөр 07:00-22:00 цагийн хооронд зохион байгуулагдах юм.

Энэ удаагийн сонгуульд Монгол Улсын 2,238,360 иргэн байгаагаас:

  • 26-35 насныхан 536,079,
  • 18-25 насныхан 355,533,
  • 36-45 насны 521,594, 46-55 насны 390,942,
  • 56 ба түүнээс дээш насны 434,212 иргэн байна.

Санал авах байрны хаяг:

Categories
мэдээ улс-төр

Л.Оюун-Эрдэнэ: Газрыг гадныханд өгөх оролдлогыг харин ч Ч.Хүрэлбаатар сайд зогсоож чадсан юм шүү DNN.mn

УИХ-ын ээлжит сонгуулийн хоёрдугаар тойрогт МАН-ын нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны нээлтээ Увс аймагт хийлээ. Нээлтэнд МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, нийт нэр дэвшигчдэд амжилт хүслээ.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэр дэвшигч Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын тухай онцлохдоо “Ч.Хүрэлбаатар сайд бол хатуу зарчимтай хүн. Улсын төсвийн зарчим алдагдах болгонд Ч.Хүрэлбаатар сайд эсрэг зогсдог. Эдийн засгийн зарчим алдагдах болгонд бас л эсрэг зогсдог. Аливаа нэгэн төсөл хөтөлбөр буруу явбал Ч.Хүрэлбаатар сайд эсрэг зогсдог. Аливаа нэг зарчим алдагдах болгонд дуу хоолойгоо илэрхийлдэг хүн. Тийм ч учраас эдийн засгийн нуралт болгоныг тэрээр зогсоож чадсан. Сахилга бат алдсан төсвийн асуудал бүрийг Ч.Хүрэлбаатар сайд цэгцэлж бас чадсан манай шилдэг эдийн засагчдын нэг. Тэрээр ийм хатуу зарчим барьдаг учраас налтай адилхан олон дайсантай. Ч.Хүрэлбаатар сайд маш олон хүнийг гомдоодог, олон хүнтэй зөрчилддөг хүн. Би ч бас тэгдэг. Энэ агуулгаараа олон нийтийн төлөө зарчим барина гэдэг бол олон дайсныг үйлдвэрлэдэг юм аа. Тиймээс Ч.Хүрэлбаатар сайд руу чиглэсэн олон улстөрчид довтолж байгаа. Энэ бүх асуудлыг цэгцлэх гэж цээжээрээ хамгаалж зогсоо. Тийм ч учраас Ч.Хүрэлбаатар сайдыг заавал ялах ёстой. Түүнтэй холбоотой газрын асуудал бол огт үндэслэлгүй, худлаа зүйл. Харин ч Ч.Хүрэлбаатар сайд газрыг гадныханд өгөх гэж байхад энэ хуулиар зогсоохыг оролдсон. Тухайн үед Давосын эдийн засгийн форумд надтай хамт явах байсан ч “Би үлдье. Энэ асуудлыг цэгцэлье. Тэгэхгүй бол болохгүй байна” гээд үлдсэн.

Тэрээр улс орны чухал төслүүдийг урагшлуулах гэж олон хүнтэй муудалцдаг. Гэхдээ дандаа Ч.Хүрэлбаатар сайдын зөв байдаг. Ингэж байж Монгол Улсын эдийн засгийн зарчим тогтдог, унасан эдийн засаг эргэж сэргэдэг. Ерөнхий сайдын эхлүүлсэн шударга ёсны тэмцэл, ялангуяа Тавантолгойн орд дээр онцгой дэглэм тогтоосон, Монгол Улс валютын нөөцгүй болчихсон байсан маш хүнд цаг үеийн хэцүү шийдвэрүүд дээр Ч.Хүрэлбаатар сайд Эдийн засаг хөгжлийн сайдын хувиар, Монгол Улсын Шадар сайдын хувиар зарчмын тулд, шударга ёсны талд чин үнэнч байсан гэдгийг би Ерөнхий сайдын хувьд батлан илэрхийлж Увсын ард түмэндээ хэлж байгаадаа баяртай байна. Ч.Хүрэлбаатар сайд руу довтлох тусам увсчууд хамгаалж, итгэлийн дэм өгөх ёстой шүү” гэлээ.

Нээлтэнд 6000 гаруй гишүүд дэмжигчид оролцлоо.

 

Б.ЗАЯА

Categories
мэдээ улс-төр

34 улсын 8755 сонгогч санал өгөхөөр бүртгүүлжээ DNN.mn

Өнөөдөр буюу зургадугаар сарын 13-ны байдлаар 34 улсад байгаа 8755 сонгогч санал өгөхөөр бүртгүүлжээ.

Иймд гадаад улсад байгаа сонгогчдыг УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцож санал өгөх хүсэлтээ бүртгүүлэхийг СЕХ-оос сануулав.

Цахимаар бүртгүүлэхдээ энд дарж бүртгүүлэх боломжтой.

Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.

Гадаад улсад байгаа сонгогчид хэрхэн саналаа өгөх талаарх мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.

Categories
мэдээ улс-төр

Баруун бүсэд физикч, эрдэмтэн ганцхан хүн дэвшиж байгаа нь Норовын Тэгшбаяр

УИХ-ын хоёрдугаар тойрог буюу Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймагт АН-аас нэр дэвшигчид өчигдөр Завхан аймгийн Их-Уул, Тосонцэнгэл, Улиастай сумуудад иргэдтэй уулзлаа. Тус тойрогт АН-аас нэр дэвшигчид нь хамгийн чамбай нэр дэвшигчдэд тооцогдоод байгаа юм. Тиймээс ч тэдний уулзалтууд иргэдийн анхаарлыг татаж, халуун дотно, өргөн бүрэлдэхүүнтэй өрнөж байна. Завхан аймгийнхны хувьд ардчиллыг дэмжигчид олон. Үргэлжлүүлэх бус, өөрчлөх сонголт хийж, Ардчиллын 10-ыг багаар нь дэмжихээ илэрхийлж байлаа. Тэдгээрээс энэ удаа физикийн ухааны доктор Норовын Тэгшбаярыг онцлон танилцуулж байна. Тэрбээр судалгаа, шинжилгээ, цөмийн энергийн зэрэг салбарт дагнан 20 гаруй жил ажиллаж байгаа судлаач. МҮХАҮТ-ийн дэргэдэх Монголын олон улсын арбитрын арбитрч. Мөн Цөмийн энергийн газрын дарга, улсын ерөнхий байцаагч, Геологийн төв лабораторийн даргаар ажиллаж байсан төрийн ажлын туршлагатай нэгэн. Норовын Тэгшбаяр нь 1978 онд Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн. Эхнэр, гурван хүүхэдтэйгээ амьдардаг, УИХ-д анх удаа нэр дэвшиж байгаа эрдэмтэн залуу бөгөөд саналын хуудаст АН-ын нэр дэвшигчдийн 10-т бичигдсэн байна. Физикийн ухааны доктор Норовын Тэгшбаяр нь сонгуульд оролцохдоо гурван зүйлд анхаарч ажиллахаа амлан, сонгогчидтойгоо уулзаж байна. Тухайлбал, хавдаргүй Монгол болъё, шинжлэх ухаанч, боловсролтой Монголыг бүтээе, эрчим хүчний хараат бус, эрчим хүчээр хангадаг улс болъё хэмээх гурван зүйлийг онцлон хэлж байгаа юм. Тэрбээр энэ талаараа танилцуулахдаа сонгогчдодоо хандан, төрөө төвхнүүлэх сонголтоо хийхдээ нэр дэвшигчдээ сайн судалж, мэргэн сонголт хийхийг уриалж байлаа.

 

П.УРАНТОГОС

Categories
мэдээ улс-төр

БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлитийн төрийн айлчлал өндөрлөлөө DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит-ийн төрийн айлчлал өндөрлөлөө.

Эрхэм зочдыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар болон албаны төлөөлөгчид “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд үдэж мордууллаа.


Айлчлалын хүрээнд хийсэн төрийн тэргүүн нарын албан ёсны яриа хэлэлцээ халуун дотно уур амьсгалд болж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2023 онд Лаос Улсад хийсэн төрийн айлчлалаар хүрсэн ололт амжилтаа бататган ахиулж, харилцааны түүхэн шинэ жарны хуудсыг нээлээ.

Монгол Улс нь Ази, Номхон далайн бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох бодлого баримталдаг.
Энэ хүрээнд Лаос Улсыг Зүүн өмнөд Ази дахь чухал түнш хэмээн үзэж, харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааны хэтийн төлөвийг тодорхойлоход энэ удаагийн айлчлал онцгой ач холбогдолтой боллоо.