Улс төр судлаач Б.Эрдэнэбулгантай ээлжит бус чуулган болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн талаар ярилцлаа.
–Наймдугаар сар гарах гэж байхад шинээр байгуулагдсан төр, засаг ажлаа хийхгүй байна. Ард түмэнтэйгээ нийлээд найр, наадам хэсээд яваад байна гэсэн шүүмжлэл их байна. Үүнд та ямар бодолтой явдаг вэ?
-Ер нь жилийн жил Улсын наадмын дараагаас наймдугаар сарыг хүртэл төрийн ажил амарч, улс төрийн үйл явц амс хийх төлөв байдалтай байдаг. Энэ жил ч тэр л дүр зургаар явж байна. Өнгөрсөн зургаадугаар сарын сүүлийн хагаст УИХ-ын сонгууль, долдугаар сарын эхэнд Засгийн газар байгуулах гэсэн хоёр том “улс төрийн тулааны” дараа улс төрч бүхэн сэргэлт авахын тулд зуны амралтаа авцгаасан байх. Мөн энэ жил хөдөө орон нутагт олон сумдын түүхт 100 жилийн ойн арга хэмжээний болж байна, Үүгээр дамжуулж УИХ-д сонгогдсон гишүүд нь талархал илэрхийлэх, баяр тэмдэглэх үйл явц өрнөж байгаа бол, нөгөө талдаа анхан дунд шатны улс төрчид намрын орон нутгийн сонгуульдаа бэлдэх үйл явцад дэмнэх, дэмжих зорилготой оролцож байгаа байх. Нөгөөтэйгүүр хүн төрөлхтний цэнгэлийн манлай болсон олимпын наадам яг энэ цаг дор Франц улсын Парис хотод зохион байгуулагдаж байна. Улс орноо төлөөлж Ерөнхийлөгч оролцож байгаа, мөн түүнийг дагалдаад баяр цэнгэлд оролцохын зэрэгцээ улс төрийн дараагийн өрөгт хэрхэн оролцохоо тооцоолж яваа УИХ-ын гишүүн, улстөрчид байхыг ч үгүйсгэхгүй. Харин Засгийн газарт шинээр томилогдсон болон сэлгэн томилогдсон сайд нар ажилтайгаа танилцах, өөрийн бодлого шийдвэрээ хэрэгжүүлэхэд ач холбогдолтой ажил, албан тушаалд өөрийн намын болон итгэлтэй хүмүүсээ байршуулах “чухал” ажилтай байгаа гэж бодож байна.
-Жил болгон л намжуу байдаг гэж та хэллээ. Нэг тийм асуудалгүй улсад амьдарч байгаа мэт л амгалан байцгааж байх шиг санагдах юм…?
-Дээр хэлсэнчлэн сар хүрэхгүй хугацаанд буюу УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхэлснээс Засгийн газар байгуулагдах хооронд ирэх дөрвөн жилд улс орны бодлогыг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх улс төрийн голлох тоглогчдыг сонгож, томилох улс төрийн дахин хуваарилалт явагдаж өнгөрлөө. УИХ дахь эрх мэдлийг хуваалцсан, Засгийн газарт идэвхтэй, нөлөөтэй байх сөрөг хүчнээ урвуулж ажилд авсан үйл явцаас дүгнэхэд УИХ- ын 2024 оны сонгуульд үзэгдэхүйц, үнэлэхүйц ялагч тодорсонгүй. Тиймдээ ч МАН нь АН, ХҮН-ыг хавсаргах хамтрахыг хослуулж, эвсэх элсүүлэхийг зэрэгцүүлсэн “стандарт бус буюу Үндсэн хуулийн бус” арга замаар Засгийн газраа байгууллаа. АН, ХҮН-ын удирдлага, дарга нар ч Засгийн газарт орж сөрөг хүчин хийнэ гэсэн логик гаргалгаа муутай, лоозогносон хангалтгүй хариултыг тус хоёр намд саналаа өгсөн 589.617 сонгогчид өглөө.
-Хамтарсан Засгийн газрын улс төрийн ирээдүйн боломж нь ямар байхаар ажиглагдаж байна вэ?
-Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа АН, ХҮН удирдлагын үйл ажиллагаа нь намын гишүүд болон иргэд, сонгогчдод хэр итгэл үнэмшил төрүүлж, дэмжлэг авахаас МАН, АН, ХҮН-ын хавсайдсан Засгийн газрын цаашдын үйл ажиллагаа хамаарах болов уу гэж таамаглаж байна. Энэхүү стандарт бус, Үндсэн хуулийн бус хамтрал нь тус гурван улс төрийн намын цаашдын төлөвшил, институт болж хөгжих үйл явцад асар их уршигтай, ухралт авчирна. Тэр тусмаа АН, ХҮН-д.
Энэ гурван хүчин наадмын өмнө хамтарч, улмаар мөрийн хөтөлбөрөө нэгтгэх ажлаа эхлүүлсэн. Ерөнхий сайдын хувьд 30 хоногийн дотор мөрийн хөтөлбөрөө нэгтгээд УИХ-д танилцуулах талаараа хэлсэн. Тэгэхээр ээлжит бус чуулган зарлагдана гэсэн үг, тийм үү. Энэхүү ээлжит бус чуулганаар хамтарсан мөрийн хөтөлбөрөөс гадна өөр ямар асуудлыг хэлэлцэх бол?
-Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдаар энэ сарын 5-ны өдөр томилогдсон. Харин Засгийн газраа 10-ны өдөр байгуулж, сайд нараа УИХ-д тангараг өргүүлсэн. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын 30 дахь хоног нь наймдугаар сарын 9-ний өдөр тохиох бол, 100 дахь хоног нь аравдугаар сарын 18-ны өдөр тохиох юм байна. Уг цаг хугацаанаас анзаарахад аль алинд нь төсөв хэлэлцээд л таарна. Наймдугаар сарын дундаас өмнө УИХ-ын ээлжит чуулган зарлаж төсвийн тодотгол, эвслийн гэрээ, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батална гэсэн мэдээллийг УИХ-ын болон Засгийн газрын зүгээс албан бусаар өнгөрсөн хугацаанд өгч. Дээрх гурван бичиг баримтаас бодитоор хэлэлцэх боломжтой нь Монгол Улсын 2024 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл буюу 2024 оны Төсвийн тодотгол л байна.
-Эвслийн гэрээний тухайд та юу хэлэх вэ?
-Эвслийн гэрээний хувьд, энэ сарын 24-ний өдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, Улсын Их Хурлын 2024 оны сонгуульд МАН, АН, ХҮН намуудаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр болон Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудал, сорилтууд тулгуурласан
“Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэсэн нэр бүхий хамтарсан Засгийн газрын гэрээний төслүүдийг ЗГХЭГ ын дарга Н.Учрал танилцуулсан. Тус гэрээг Засгийн газарт багтсан гурван намын хооронд ойрын хугацаанд байгуулах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Энэ гэрээ нь нам хооронд байгуулагдах учир АН, ХҮН-ын төлөөллийн болон шийдвэр гаргах тодорхой институтээр хэлэлцүүлэн дэмжүүлэх шаардлагатай байгаа. Харамсалтай нь АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН-ын дарга Т.Доржханд нар УИХ-ын сонгуулийн дараа, УИХ-ын Анхдугаар чуулганы хооронд тус тусын намын албан ёсны институтээр хангалттай хэлэлцүүлэг өрнүүлж, бодит дэмжлэг авалгүйгээр Засгийн газарт орцгоосон. Одоо үүнийгээ зөвтгөж, дэмжүүлэхээр зүтгүүлэхийн тулд аль аль намдаа ихээхэн саадтай тулгарч, цаг хугацаа шаардана. Тэгэхээр Засгийн газрын бал сар буюу 30 хоногт амжихгүй. Хэрэв хүч түрж, хэлэлцүүлэг өрнүүлэлгүй гэрээнд гарын үсэг зурвал аль аль нь намдаа дэмжлэгээ алдаж намын даргын суудлаа ч алдах эрсдэлтэй.
-Улс төр судлаач хүнийхээ хувьд ажиглаж байхад энэхүү Хамтарсан Засгийн газрыг олон нийт, ард түмэн ямаршуу байдлаар хүлээн авч байх шиг байна. Ард түмний хувьд хамтрах эсэх нь хамаагүй, ажлаа хий гэдэг зүйлийг л хэлж байна уу?
-“Ажл аа хий” гэдэг үг яагаад ч юм Л.Оюун-Эрдэнэ гэдэг улстөрчийг дагаж явах юм. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар иргэд, сонгогчид хэн нь ямар ажил хийх ёстой вэ гэдгийг саналаараа хангалттай хуваарилаад өгсөн. МАН-д УИХ-ын 126 суудлаас 68-ыг нь өгч олонх болгосон. Ерөнхий сайдаа томилж, Засгийн газраа байгуулах бүрэн эрхийг өгсөн. АН-ын хувьд 42 суудал буюу УИХ-ын 33 хувийг бүрдүүлсэн хүчтэй сөрөг хүчин байх эрх мэдлийг өгсөн. Өнгөрсөн хоёр УИХ-ын хугацаанд МАН-ын байгуулсан дөрвөн Засгийн газрын үйл ажиллагааг үнэлж дүгнээд, одоо байгуулах Засгийн газрыг нь хянах хариуцлагатай үүргийг хүлээлгэсэн. Харин ХҮН, ИЗНН, ҮЭ-ийг УИХ-д суудал бүхий олон ургалч үзлийг илэрхийлж, олон түмний нүд чих нь байх чиг үүргийг хуваарилсан. Харамсалтай нь МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН-ын дарга Т.Доржханд нар иргэд сонгогчдын итгэл үнэмшил, сонголт шийдвэрийг мушгин гуйвуулаад өөр өөрийн явцуу эрх ашигт тулгуурлаад “стандарт бус, Үндсэн хуулийн бус” Засгийн газрыг байгууллаа. Дээрх Засгийн газраа байгуулахдаа ч тогтсон улс төрийн үнэт зүйл, үйл явц, логик дарааллыг дагасангүй.
–Улсын төсөвт тодотгол хийх нь ойлгомжтой байх. Яг ямар тодотгол яаж оруулж ирэхээр байх шиг байна. Төсвийн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор олон хууль орж ирж батлагддаг…?
-Төсвийн тухай хуулийн 34 дүгээр заалтын дагуу Засгийн газар нь таван тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголын төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлдэг. Энэ Засгийн газрын хувьд төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх буюу Засгийн газрын бүрэлдэхүүнд байгаа сайд нар болон, сайд нарын эрхлэх чиг үүрэг, асуудал, агентлаг зэрэг нь өөрчлөгдсөнтэй хол боотойгоор төсвийн тодотгол хийх шаардлага гарч байх шиг байна. Ер нь улсын төсөв зарцуулах эрх мэдэл, хэр хэмжээ нь өөрөө тухайн Засгийн газрын бодлогын хувьд анхаарал хандуулж буй салбар, асуудлыг илэрхийлэхээс гадна тухайн сайдын улс төрийн эрх мэдэл, нөлөө, улс төрийн хамаарлыг илтгэж байдаг. Энэ удаад Засгийн газарт АН-ын нэрээр томилогдсон найм, ХҮН-ын өмнөөс томилогдсон хоёр сайдын багцад хэрхэн, хэр хэмжээний төсөв, хөрөнгийг хуваарилахаас МАН болон түүний дарга Л.Оюун-Эрдэнийн бодлого чиглэл тод харагдах болов уу. Тэр тусмаа УИХ-ын сонгуульд МАН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн үндсэн цөм заалтууд болох Баялгийн сан, 20 минутын хот, Авлигыг бууруулах, Боловсролын реформ зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэх яамнуудаа бүгдийг нь АН, ХҮН-д хуваагаад өгчихсөн байна. Тэгэхээр эдгээр мөрийн хөтөлбөрийн зорилго, зорилт нь МАН-ын хувьд амин чухал байсан эсэх нь эдгээр яамнуудад бодлогыг хэрэгжүүлэх төсөв, хөрөнгө оруулалтыг хэрхэн хуваарилахаас шууд харагдана. Төсвийн хуулийг дагуулж төрийн бүтцийг ихээхэн өөрчлөх, төрд нэмэлтээр чиг үүрэг, ажил нэмэх зорилготой хуулийн төслүүдийг оруулж ирэх буруу жишгийг 2021- 2024 онд МАН хангалттай тогтоочихсон. Энэ жишгээ уламжлах нь уу гэдэг асуултад 2024 оны төсвийн тодотголоос илүүтэйгээр 2025 оны төсөв хариулт өгөх болов уу.
-Яг өнөөгийн Монгол Улсад гарц шийдэл, шийдвэр, эрх зүйн орчноо хүлээж байгаа хамгийн тулгамдсан ямар салбар, ямар асуудал байна вэ. Тэрхүү асуудлыг шийдэхийн төлөө энэ 126, Засгийн газар ажиллаж чадах болов уу?
-УИХ-д шинэхэн сонгогдсон гишүүд, Засгийн газрын сайд нар маань өөр өөрийнхөөрөө л улс орны өмнө нэн тулгамдаад буй асуудлуудыг томьёолж, тодорхойлж байна. Тэдгээрээс илүү давтамжтай, давамгай дурдагдаж буй нь эрчим хүчний салбар, түүний шинэчлэл, эрчим хүчний үнэ чөлөөлөх, эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх гэсэн эрчим хүч тойрсон асуудлууд байна. Миний хувьд ирэх дөрвөн жил УИХ-ын гишүүд, улс төрийн намууд, Засгийн газар анхаарал хандуулж ажиллах ёстой асуудлын нэг нь Монгол Улсын засаг захиргааны шинэчлэл, түүний удирдлага зохион байгуулалт, тэр дундаа нутгийн өөрөө удирдах ёс, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, цаашлаад орон нутаг нь зөв зохион байгуулалтад орж санхүүгийн, төсвийн хувьд бие даасан эдийн засгийн цогцолбор болж хөгжих эхлэлийг тавиасай гэж хүсч байна. Монгол Улсын 21 аймгийн төв, томоохон сумууд бүгд өөрийн гэсэн арга зам, хэлбэрээр эдийн засгийн хувьд“ томорч байж” улс орон хөгжинө. Тэр гарцаа олох, хөгжүүлэх боломжийг нь олгосон засаг захиргааны шинэчлэл нэн шаардлагатай байна.
-Намар аравдугаарсарын 1-нд намрын ээлжит чуулган эхэлнэ. Зэрэгцээд улс төр, нийгэм, эдийн засгийн амьдрал буцална. Энэ намрын улс төр ямар байх вэ? Гол яригдах асуудал бол ирэх жилийн улсын төсөв байх.
-Ер нь манай улсын хувьд улс орныхоо өмнө тулгараад буй асуудал бүрийг ил гаргаж ирж хэлэлцэж, бодлогоо уралдуулах талбар нь дөрвөн жил тутамдаа УИХ-ын сонгууль. Харин жил бүр улсын төсөв батлах үе буюу жил бүрийн аравдугаар сарын сүүлийн, арваннэгдүгээр сарын эхний хагас байдаг. Төсөв УИХ-аар хэлэлцэн батлах үед асуудлаа зөв зүйтэй, зохион байгуулалттай, зорилгоо зоригтой илэрхийлж чадсан салбар болон сонирхлын бүлэг ирэх жилийн төсвөөр дамжуулж асуудлаа шийдвэрлүүлж чаддаг. Энэ жил ч гэсэн мөн адил 2025 оны Улсын төсвийн хэлэлцүүлэг өргөн хүрээнд болох болов уу, тэр тусмаа анхлан сонгогдсон 80 гаруй гишүүд ямар байр суурьтай байж, бодлогын ямар асуудлыг олны анхаарлын төвд авч ирэх нь сонирхолтой бас хүлээлттэй байна. Мөн энэ намрын хувьд шат шатны ИТХ-ын ээлжит сонгууль болно. Тэр тусмаа Бүсчилсэн хөгжлийн концепт тодорч гарч ирсэн энэ үед аймгийн, сумын, нийслэл, дүүргийн сонгуулийн хөндөх сэдэв, хэлэлцэх асуудал нь өргөн хүрээтэй байх болов уу гэж харж байна. Тэр дундаа НИТХ-ын сонгуульд нийслэл улаанбаатарчууд илүүтэй анхаарал хандуулж, Улаанбаатар хотын асуудалд шийдэл эрэлхийлсэн хэлэлцүүлгийг орон нутгийн сонгуулиар дамжуулж хөндөөсэй гэж хүсч байна.