Бөөрний дутагдалд орсон хүмүүс гемодиализын аппаратанд орох гэж нэлээд урт дараалал үүсгэдэг. Хуучин жийп машины үнэтэй ийм аппарат манай улсад хоёрхон л байдаг байв. Бөөрний дутагдлаар хүмүүс хэдэн арваараа өвчилж, нас барж байгаа нь манай төрийн түшээдэд огт хамаагүй мэтээр ханддаг.
Тэгвэл Төрийн банкны ажилтнууд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Гемодиализын аппарат бэлэглэлээ. Монгол Улсад банкны тогтолцоо үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтан тус банкнаас ажилтнуудынхаа дунд “9090 сайн үйлсийн аян” зохион байгуулж, хуримтлуулсан мөнгөөрөө ийм аппарат авч, иргэдэд амьдрал бэлэглэлээ. Энэхүү сайн үйлсийн аянд нэгдсэн нэг ажилтан ердөө 9090 төгрөгийн хандив өгсөн байна. Уг аппаратад хоногт хоёр хүн эмчилгээнд ороход жилдээ дунджаар 500 гаруй сеанс гемодиализ эмчилгээ хийх боломжтой ажээ.
Сайн үйлсийн аяны хүрээнд гемодиализын аппарат гардуулан өгөх үйл ажиллагаанд Төрийн банкны Гүйцэтгэх захирал Д.Батсайхан, Тэргүүн орлогч захирал Б.Ганболд, Орлогч захирал Т.Дорждэрэм, УНТЭ-ийн ерөний захирал Б.Бямбадорж, Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Д.Чулуунбаатар бусад албаны төлөөлөгч нар оролцож тууз хайчиллаа.
Category: туслах-ангилал
ҮХАА-н сайдад Ш.Түвдэндоржийн нэрийг дэвшүүлэхийг дэмжив
АН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн мэдээллийг сонссон байна. АН-ын Гүйцэтгэх зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж, ҮХАА-н сайдад Ш.Түвдэндоржийн нэрийг дэвшүүлэхээр болсныг Ерөнхий сайд танилцуулж, бүлгийн гишүүд дэмжжээ. Энэ долоо хоногт Ш.Түвдэндоржийг ҮХАА-н сайдад нэр дэвшүүлэх тогтоолын төслийг УИХ-д өргөн барихаар болсон байна.
Түүнчлэн Эдийн засгийг идэвхжүүлэх төслийн хүрээнд хийгдэж буй ажлуудын талаар Ерөнхий сайдын мэдээллийг мөн сонсчээ.
Үүнээс гадна Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах тухай тогтоолын төслийг өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлэг УИХ-ын даргад өргөн барьсан. Улс орны эдийн засагт үүссэн хүндрэлээс шуурхай гарч, эдийн засгийг тогтворжуулах хүрээнд эрчимтэй ажиллаж байгаа энэ үед Ардын намын бүлгээс 10 хоногийн шаардлагыг Засгийн газарт хүргүүлж, салбарын сайдыг огцруулах тухай асуудал хөнддөг нь хариуцлагагүй үйлдэл хэмээн бүлгийн гишүүд үзлээ. Эдийн засгийг сайжруулахад аль аль талын дэмжлэг хэрэгтэй байгаа энэ үед сөрөг хүчний зүгээс огцруулах, эсэргүүцэх, үгүйсгэхээс өөр ажил хийхгүй болсон. Тиймээс эдийн засгийн өнгөрсөн, одоо, ирээдүйн нөхцөл байдлын талаар Ардчилсан намын бүлэг бодит дүгнэлтийг хийх цаг нь болсон. Энэ хүрээнд эдийн засгийн нөхцөл байдал уг сурвалж болоод эдийн засгийн тэлэлтийн үед бизнесийн болон эрхзүйн хувьд бэлэн байсан эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай. Түүнчлэн сүүлийн зургаан жилд төсвийн хөрөнгө оруулалт бодлоготой явж ирсэн эсэхийг дүгнэх нь зүйтэй хэмээн санал нэгдсэн байна.
Мөн Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах таван үндэслэлд орсон нөхцлүүдийг нийтэд бодит байдлаар нь авч үзэх шаардлагатай. Тухайлбал,б ондын мөнгө өр мөн, эсэх болон өнгөрсөн хугацаанд халамжийн бодлогоор зарагдсан 1,4 их наяд төгрөг эргэн төлөгдөх нөхцөлтэй байсан өр мөн үү гэдэгт дүгнэлт хийж, бондын мөнгөнөөс юугаараа ялгаатай болохыг дүгнэх нь зүйтэй.
Мөн хөдөө аж ахуйн салбарт өнгөрсөн 20 жилд явуулсан бодлого сүүлийн хоёр жилийн бодлогоос ямар ялгаатай болох, үүнээс гадна өнгөрсөн 12 жилийн хугацаанд хоёр хөрштэйгээ харьцсан хамтын ажиллагаа ямар төвшинд байсан зэргийг гаргаж тавих шаардлагатай гэж бүлгийн гишүүд үзлээ.
АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад ингэж хариулсан юм.
-Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийн хугацаанд хэн нэгнийг огцруулах асуудлыг хэлэлцэхгүй гэсэн үг үү?
– Ямар үед хариуцлага тооцож, бүтцийн өөрчлөлт хийх эсэх талаараа байр сууриа илэрхийлсэн. Эдийн засгийн тогтвортой байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэхэд энэ Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь ажиллуулах ёстой болохоос үймүүлэх шаардлага байхгүй.
-Ардчилсан намын зарим гишүүд Ардын намынхантай нийлж, албан бус бүлэг байгуулах тухай яригдаж байна. Танай бүлэг ийм мэдээлэл авсан уу?
-Манай бүлгийн гишүүд намынхаа байр сууринаас ухарч, Ардын намынхантай нийлж бүлэг байгуулах тухай мэдээлэл ирээгүй.
-ҮХАА-н сайдад Ш.Түвдэндоржийн нэрийг дэвшүүлсэнд татгалзсанаа мэдэгдсэн байна. Энэ тухай мэдээлэл танай бүлэгт ирсэн үү?
-Ерөнхийлөгчтэй Ерөнхий сайд ҮХАА-н сайдад нэр дэвшүүлэх асуудлыг хуулийн дагуу зөвшилцсөн гэж мэдээлсэн. Ардчилсан нам өнөөдрийн үйлчилж байгаа хуулийн хүрээнд асуудлыг шийднэ.
ДАШТ-д оролцох Италийн шигшээ багийн 23 хөлбөмбөгч :
хаалгачид: Жанлуижи Буффон («Ювэнтус»), Маттиа Перин («Жэноа»), Сальваторе Сиригу («ПСЖ»).
Хамгаалагчид: Иньяцио Абате («Милан»), Андреа Бардзальи («Ювэнтус»), Леонардо Бонуччи («Ювэнтус»), Жоржо Кьеллини («Ювэнтус»), Маттео Дармиан («Торино»), Маттиа Де Шильо («Милан»), Габриэль Палетта («Парма»).
Хагас хамгаалагчид: Альберто Аквилани («Фиорентина»), Антонио Кандрева («Лацио»), Даниэле Де Росси («Рома»), Клаудио Маркизио («Ювэнтус»), Тиаго Мотта («ПСЖ»), Марко Пароло («Парма»), Андреа Пирло («Ювэнтус»), Марко Верратти («ПСЖ»).
Довтлогчид: Марио Балотелли («Милан»), Антонио Кассано («Парма»), Алессио Черчи («Торино»), Чиро Иммобиле («Торино»), Лоренцо Инсинье («Наполи»).
Энэ шигшээд багтах магадлалтай байсан ч багтаагүй хөлбөмбөгчид: Антонио Миранте («Парма»), Жузеппе Росси («Фиорентина»), Маттиа Дестро («Рома»), Кристиан Маджо («Наполи»), Мануэль Паскуаль («Фиорентина»), Андреа Раноккия («Интер»), Риккардо Монтоливо («Милан»), Ромуло Соуза («Верона»).
ДАШТ-д оролцох Испаний шигшээ багийн 23 хөлбөмбөгч :
Хаалгачид: Икер Касильяс («Реал»), Хосе Рейна («Наполи»), Давид Де Хеа («МЮ
Хамгаалагчид: Серхио Рамос («Реал»), Жерар Пике («Барселона»), Рауль Альбиоль («Наполи»), Хави Мартинес («Бавария»), Жорди Альба («Барселона»), Сесар Аспиликуэта («Челси»), Хуанфран («Атлетико»).
Хагас хамгаалагчид: Хави («Барселона»), Хаби Алонсо («Реал»), Андрес Иньеста («Барселона»), Коке («Атлетико»), Сержи Бускетс («Барселона»), Санти Касорла («Арсенал»), Сеск Фабрегас («Барселона»), Хуан Мата («МЮ»), Давид Сильва («Манчестер Сити»).
Довтлогчид: Педро («Барселона»), Диего Коста («Атлетико»), Давид Вилья («Атлетико»), Фернандо Торрес («Челси»).
Энэ шигшээд багтах магадлалтай байсан ч багтаагүй хөлбөмбөгчид : Дани Карвахаль («Реал»), Альберто Морено («Севилья»), Андер Итурраспе («Атлетик»), Тиаго Алькантара («Байер.Мюнхен»), Хесус Навас («Ман Сити»), Альваро Негредо («Ман Сити»), Фернандо Льоренте («Ювентус»).
Хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг баяр бол яах аргагүй зургадугаар сарын нэгэн. Энэ жилийн баяр нар ээсэн сайхан өдөр тохиож байна. Нийслэлийн багачуудын баяр хөөр өглөө 11 цагаас эхэлж Засаг дарга Э.Бат-Үүл хүүхдийн баярыг нээж үг хэллээ.
Тэрээр хүүхдүүдэд баяр хүргээд “Монголын үрс маш олон болтугай” хэмээн ерөөлөө. Энэ жил “Хүүхдийн баяр”-ын үйл ажиллагаа Чингэсийн талбайд дуу хөөр цангинан сүр дуулиантайгаар эхлэв. Талбайд зассан тайз, нээлтийн үйл ажиллагаа гээд их өвөрмөц содон байдлаар эхэллээ. Талбайн баруун талд тайз зассан бөгөөд талбайг тойруулан 12 жилийн амьтдыг байрлуулжээ. 12 жилийн амьтад бүр дээр өртөө удирдагч багш болон чиглүүлэгчид ажиллаж байв.
Тэд баярын хөтөлбөр дуустал хүүхдүүдийн дунд уралдаан тэмцээн зохион байгуулах юм байна. Мөн Жангарын баатруудыг талбайн төв хэсэгт Сүхбаатарын хөшөөний баруун, хойд, өмнөд талд байрлуулсан байв. Баярт Монголын Хүүхэлдэйн театр, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид, Монголын Хүүхдийн ордон, хүүхдийн найрал дууны шилдэг хамтлагууд, Хөгжим бүжгийн коллеж, “Гэгээн алсын одод” уралдаанд амжилттай оролцсон сурагчид, МУГЖ В.Долгор нар оролцож ая дуугаа өргөж байна. Түүнчлэн баярт ирсэн хүүхэд багачууд Бонгын найзууд, Диснейн найзуудтай хамт зургаа авхуулж байлаа.
Хүүхдүүд зурагтаар хардаг хүүхэлдэйн киноны баатруудтайгаа ойроос уулзаж зурагаа авхуулж байгаадаа их л олзуурхаж баяр хөөр болж харагдсан. Баяр хөөр болсон багачууд аав ээжтэйгээ талбайгаар зугаалж үеийн найз нартайгаа тоглож их л хөгжилтэй цагийг өнгөрөөж байна. Арга хэмжээ дуустал хүүхдүүдийг олон сонирхолтой үзүүлбэрүүд хүлээж байгаа талаар баярын зохион байгуулагчид хэллээ. Баяр 16 цаг хүртэл үргэлжлэх юм байна.
Д.Сүрэн
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдийн төлөөлөл болох 21 эхэд “Алдарт эх” нэг, хоёрдугаар одон гардуулав.
“Алдарт эх” нэгдүгээр одонгоор Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны иргэн П.Буяндэлгэр, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Ж.Хандцоо, Налайх дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн М.Каукар, Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хорооны иргэн Ц.Ложидмаа, Хан-Уул дүүргийн хоёрдугаархорооны иргэн Ц.Самбуу нарыг,
“Алдарт эх” хоёрдугаар одонгоор Баянгол дүүргийн 12 дугаар хорооны иргэн З.Ариунаа, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Ш.Амарзаяа, Баянгол дүүргийн зургаадугаар хорооны иргэн Б.Байгалмаа, Чингэлтэй дүүргийн долоодугаар хорооны иргэн М.Болортунгалаг, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Б.Дуламсүрэн, Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны иргэн Ш.Нарантуяа нарын эхийг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ-ийн
Эх үрсийн баярыг тохиолдуулан алдарт эхийн одон гардуулж хэлсэн үгэндээ,
“Өнөөдөр Эх үрсийнхээ баярыг тэмдэглэж байгаа нийт ээжүүд, эмэгтэйчүүддээ болон Алдарт эхийн одонгоо гардан авч баяр дээр баяр нэмсэн нийт ээжүүддээ баярын мэнд хүргэе!
Хүн нэмвэл хөгжил нэмнэ. Ээжүүд, эмэгтэйчүүд маань эх орныхоо хөгжил дэвшлийг урагшлуулах, өрх гэрээ сайн сайхан байлгахад бүхий л сэтгэл зүрхээ зориулж амжилт ололтыг түүчээлсээр байгаа. Улс орны сайн нэрийг бүтэн байлгах хос баганы нэг бол ээжүүд, эмэгтэйчүүд Та бүхэн билээ. Удахгүй бид гурван сая дахь иргэнээ угтан авах гэж байна. Монголын аугаа их түүх, уламжлал, монгол бахархал бол монгол эхчүүд, эмэгтэйчүүдийн хамтын бүтээл байсаар ирсэн. Эх хүний хайр эгнэгт ээх наран байдгийн адилаар Монгол эхчүүдийн хайр энэрэл, ивээл өршөөл бол Монгол хүн бүрийн эрхэмсэг нандин эрдэнэ юм. Ингээд шагнал гардаж авсан нийт ээжүүд, эмэгтэйчүүддээ дахин чин сэтгэлийн баярын мэнд хүргэж Та бүхний гэр бүл үр хүүхдэд тань хамгийн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монголын үрс маш олон болох болтугай” гэв.
Ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл, дунд хугацааны төсвийн төсөөллийг өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар баталлаа. Чуулганы эхэнд дээрх асуудлуудыг хэлэлцэх эсэхийг шийдэж, үдээс хойшх хуралдаанаар ийн баталсан юм. Ийнхүү Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр хүчин төгөлдөр болголоо.
Хэлэлцүүлгийн шатанд гишүүдийн асуултад хууль санаачлагч болоод ажлын хэсгийнхэн хариулт өглөө. Сангийн сайд Ч.Улаан хэлэхдээ “Монгол Улсын 2015 оны болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл нь макро эдийн засгийн болон төсвийн тогтвортой орчныг бүрдүүлэх, инфляцийг хязгаарлахад чиглэж байгаа. Тухайлбал, төсвийн урсгал зардлын өсөлтийг хязгаарлах, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төсвийн алдагдлын хэмжээг 2.0 хувиас хэтрүүлэхгүй байх, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн татварын орчныг бүрдүүлэх, татварын орчныг тогтвортой байлгах замаар төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох, тэвчиж болох урсгал зардлыг хэмнэх замаар урсгал зардлын суурийг нэмэгдүүлэхгүй байх бодлого барьж байгаа. Түүнчлэн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцийн түвшинг харгалзан индексжүүлж нэмэгдүүлэх бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, төсвийн байгууллагуудын урсгал зардлыг нэмэгдүүлэхгүй байх, урсгал зардлыг нэмэгдүүлэх үр дагавар бүхий аливаа шийдвэрийг хэрэгжүүлэхдээ төсвийн хязгаарт багтаадаг байх, төсвийн хөрөнгөөр хэрэгжих төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг үр ашигтай болгох, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төлөвлөхдөө зураг төсөв, техник эдийн засгийн үндэслэл нь хийгдсэн төсөл арга хэмжээг барилгын тухай болон төсвийн тухай хуульд заасны дагуу төсвийн төсөлд тусгах, төсөвт тусгагдсан төсөл арга хэмжээг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулах зарчим баримталж байна. Мөн улсын өрийн нийт хэмжээг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаарт багтаахын тулд 2015 онд хөнгөлөлттэй зээл авах, бонд, баталгаа гаргах зэргээр шинээр өр үүсгэх боломжгүй болно. Иймээс хөрөнгө оруулалтыг зөвхөн төсвийн хөрөнгө оруулалтаар хязгаарласан бодлого оруулж ирж байгаа” гэлээ.
ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЭВ
Чуулганаар хэлэлцсэн бас нэг чухал асуудал бол Г хуулийн шинэчилсэн найруулга байв. Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг төслийг энэ сарын 15-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд олонхийн дэмжлэг авч чадаагүй тул төсөл санаачлагчид нь буцаасан байгаа. Иймд чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гишүүдээс гаргасан саналуудыг тусган хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тавдугаар сарын 23-ны өдөр УИХ-д дахин өргөн мэдүүлсэн юм. Эдийн засгийн байнгын хороо энэ сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн тухай мэдээлсэн.
1991 онд батлагдсан Газрын тосны тухай хуулиар зарчмын шинжтэй харилцааг зохицуулсан. Тэгвэл тухайн оны Засгийн газрын 204 дүгээр тогтоолоор баталсан Газрын тосны тухай хуулийг хэрэгжүүлэх журмаар газрын тосыг хайх, олборлохтой холбоотой гол харилцаа, тухайлбал, газрын тосны хайгуул, олборлолт, газрын тосны үнэлгээ, төлбөр, газрын түрээс, татвар, захиргааны үйлчилгээний шимтгэл, нягтлан бодох бүртгэл, бүтээгдэхүүн хуваах, татвараас чөлөөлөх зэрэг харилцааг зохицуулж байгаа аж. Газрын тосны тухай хуульд газрын тосны олборлолт явуулж буй аж ахуйн нэгжүүдийн харилцааг нарийн тусгаагүй гэнэ. Ойлгомжгүй, бусад хуультай зөрчилдсөн заалтууд нэлээд байгаа бөгөөд хуулиар зохицуулах шаардлагатай харилцааг Засгийн газрын тогтоолоор баталсан газрын тосны тухай хуулийг хэрэгжүүлэх журмаар зохицуулж байгаа ажээ. Үүнээс хамаарч сүүлийн үед хуулийг хэрэгжүүлэхэд багагүй хүндрэл учирч буйг төсөл санаачлагчид онцоллоо. Газрын тосны тухай хуулийг бүхэлд нь шинэчлэн найруулж, газрын тос, байгалийн хий, уламжлалт бус газрын тосны талаарх ойлголт, төрийн байгууллагууд болон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээг тодорхой болгох юм байна. Мөн роялти, татварын хувь хэмжээ, түүнийг оногдуулах, хөнгөлөх, чөлөөлөх, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаатай холбоотой харилцааг боловсронгуй болгож хуульчлах зайлшгүй шаардлагыг харгалзан уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийн хамт боловсруулжээ.
Мөн хуулийн төсөл боловсруулахтай холбогдуулан тусгай зөвшөөрлийн болон нөөц ашигласны төлбөрөөс улсын, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх аж. Байгаль орчныг нөхөн сэргээх баталгаа болгож эскроу дансанд байршуулах мөнгөн хөрөнгийн хувь хэмжээ болон бусад шаардлагатай эдийн засгийн тооцоо, судалгаа хийсэн байна. Энэ хууль батлагдсанаар газрын тос, уламжлалт газрын тосны тухай эрх зүйн асуудал тодорхой болно гэдгийг Уул уурхайн сайд илтгэлдээ онцоллоо. Мөн тэрбээр гишүүдийн асуултад хариулахдаа “Хэрэв хууль хэрэгжвэл энэ салбарт орж ирэх 650 сая ам.долларын хөрөнгө оруулалт татахаар байгаа” гэлээ.
Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 86.5 хувь нь хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив. Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа.
ЦАГААН СУВАРГЫН ОРДООС ТӨР 34 ХҮРТЭЛ ХУВЬ ЭЗЭМШИНЭ
УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхэд саналт хураалт явуулахад гишүүдийн 69.6 хувь нь дэмжлээ. Ингээд уг төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Хэлэлцүүлгийн эхэнд Н.Номтойбаяр гишүүнээс УИХ-ын Дэгийн тухай болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудын холбогдох заалтын дагуу чуулганы хуралдаанд оролцох боломжгүйгээ мэдэгдсэн албан бичиг ирүүлснийг З.Энхболд дарга уншиж танилцуулан, гишүүний хүсэлтийг хүлээн авснаа мэдэгдэв. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү тогтоолын төсөлд зааснаар Цагаан суваргын ордод төр 34 хүртэлх хувь эзэмшихээр хуулинд тусгасан байгаа. Ингэхдээ 350 сая ам.долларын хөрөнгө оруулах юм. Уг төслийн санхүүгийн эх үүсвэрийг бонд гаргах замаар шийдвэрлэнэ гэж байгаа.
Цагаан суваргын орд газрын ашиглалтын лицензийг Монголын алт компани(МАК) эзэмшдэг. Тус компанийн дэд ерөнхийлөгч Г.Цогт ордын хувь эзэмших тал дээр төрийг оролцуулах хүсэл, сонирхолгүй байгаагаа энэ долоо хоногт Эдийн засгийн байнгын хороон дээр мэдэгдсэн юм. Гэхдээ төслийг эхлүүлэх асуудлыг яаравчлуулж байв.
Өчигдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж байхад гишүүд Ашигт малтмалын тухай хуулийн төслийг баталсны дараа нэг мөр шийдэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа. Тэд “Жил ирэх тусам социализм руугаа яваад байгаа юм шиг төр үндсэн ажлаасаа хазайж байна. Эдийн засгийн хүндрэл нүүрлэлээ гэж байна, үүнийг туулдаг олон арга байдгийн нэг нь хувийн хэвшлээ дэмжих явдал. Гэтэл төр ордод хувь эзэмшиж бонд гаргаж өрөө нэмэгдүүлэх тухай ярьж байгаа нь зохисгүй. Оюутолгойн асуудлыг шийдээгүй байж дахиад төр энэ ордод 34 хувь эзэмших тухай асуудал нь гадаад ертөнцөд тэр тусмаа хөрөнгө оруулагчдад сөрөг ойлголт төрүүлнэ” гэсэн юм.
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2013 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН БИЕЛЭЛТИЙГ ПҮРЭВ ГАРИГТ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛОВ
Үүний дараагаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэв. Үндсэн чиглэлийн биелэлтийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Батхүү, МАН-ын бүлгийн дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Содбилэг нар танилцуулав.
Ерөнхий сайд танилцуулгадаа, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг УИХ-ын 2012 оны тавдугаар сарын 18-ны 37 дугаар тогтоолоор 6 бодлого, 26 зорилт, 166 арга хэмжээтэйгээр баталсан. Үндсэн чиглэлийн нийт зорилт арга хэмжээний биелэлт 2013 оны жилийн эцсийн байдлаар 67,1 хувьтай гарлаа. Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг 6 бодлого тус бүрээр авч үзвэл өсөлтийн үр шимийг нийгмийн бүх бүлгүүдэд хүргэх макро эдийн засгийн бодлого 70 хувь, бодит салбарын хөгжлийн бодлого 64, байгаль орчин бүс нутгийн хөгжлийн бодлого 56, хүнд өгөөжтэй нийгмийн бодлого 72, төрийн үйлчилгээ засаглал, эрх зүйн шинэчлэлийн бодлого 65, гадаад бодлого, батлан хамгаалах бодлого 76 хувийн биелэлттэй байна. Үндсэн чиглэлийн 166 арга хэмжээний 121 нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжихээр тусгагдсан боловч 30 арга хэмжээ санхүүжилтгүйгээс шалт¬гаалж хэрэгжээгүй болон дутуу хэрэгжсэн. Үүний 25 арга хэмжээ нь төсөв мөнгө батлагдаагүй, таван арга хэмжээ төсвийн тодотголоор санхүүжилт нь хасагдсан. ДНБ-ий өсөлт 2013 оны урьдчилсан гүйцэтгэлээр 11,7 хувийн дүнтэй гарсан нь эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоонд хадгалагдаж байна” гэлээ.
Хэлэлцүүлгийн шатанд гишүүдийн асуусан асуултад хариулт өгөх Засгийн газрын гишүүд болон холбогдох албаны хүмүүс чуулганы хуралдаанд ирээгүй тул Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлтийг ирэх пүрэв гаригт хэлэлцэхээр болж хойшлуулав.
М.МӨНХ
Туурга тусгаар Украйн улсын хамгийн сор болсон Крым гэдэг үзэсгэлэнт газрыг Оросын Ерөнхийлөгч Путин айлгаж байгаад булаагаад авчихав. Гартаа барих зэвсэг, хотондоо дуугарах буугаа хураалгачихсан Украйн улс яаж ч чадсангүй. Уг нь Украйн улс хотонд дуугаргах сайн буутай байсан. Бүүр сайн буюу цөмийн зэвсэгтэй байсан юм. Оросын цөмийн физикийн том эрдэмтэд Украйн цустай байсан гэлцдэг. Украйн Оросын цөмийн физикийн эрдэмтэдтэй нийлж сайн зэвсэгтэй болсон. Украйн Оросоос хүн амаар цөөн ч цөмийн энерги ашиглахаараа илүү байлаа. 1994 онд Америк, Орос хоёр сайдаж, олон улс орон хүйтэн дайны аюул холдлоо гэж санасан даа.
Америк, Орос хоёр том гүрэн ятгасааар байгаад Украйн орны өөрийгөө хамгаалж бусдыг айлгадаг буу буюу цөмийн зэвсгийг нь хураагаад авчихсан. Америк, Орос хоёр том гүрэн Украйн улсын цөмийн зэвсгийг хурааж авахдаа Украйн улсын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдалд аюул учирвал цөмийн зэвсгийг нь хурааж авсан Орос, Америк хоёр хамгаална гэж Будапештийн тунхаглалд гарын үсэг зурсан байгаа. Гэтэл хотонд дуугаргах ганц буугаа хураалгасан Украйн руу Путин дайраад Крымийг нь авчихлаа. Өнөө Америк нь ч Украйныг хамгаалсангүй, зэр зэвсгээр тусалсангүй. Худлаа, амаараа хамгаалаад суучихсан. Ингээд ганц сайн зэвсгээ хураалгасан улсын хохь болоод үлдэх нь тэр. Хэрвээ Украйн зэвсгээ хураалгаагүй байсан бол Орос дайрч чадахгүй, газар нутгаас нь булааж чадахгүй байсан. Путин болон түүний ойр тойрныхон Украйнд “Су-30” гэдэг бөмбөгдөгч онгоцоор зочилно гэж томорч чадахгүй байсан. Хоосон буунаас хорин хүн айна гэж ямар үнэн үг вэ. Хойд Солонгосыг хар даа, хоосон пуужингаас 200 улс орон айж, Ерөнхийлөгч нь гэж нэг коммунист бацаан пээдийж байна. Хойд Солонгос руу хойшид хэн ч дайрч, хэн ч элэг барьж чадахгүй. Орос Украйны нутгийг булааснаас хойш дэлхийн цагийн байдал эвгүй боллоо. Хойно урдаас нутаг ус, хот хороо руу маань чоно, нохой өнгийхгүй, хулгай дээрэм, элэг барихгүй гэсэн баталгаа байхгүй боллоо. Тусгаар орон л юм бол ганц сайн буутай болно байгаа. Ганц сайн цөмийн пуужинтай л болмоор байна. Хойно урдаас чоно, нохой өнгөлзөх нь байна шүү дээ. Төрийн томчууд нэрэлхээд л байгаа болохоос биш хойд, урд хоёр хөрш Монголын асуудлыг монголгүй шийдэж дээрэлхдэг XIX, XX зууныхаа үе рүү эргэн орчихоод байгаа. Энэ бол сэтгүүлчийн л бодол. Гэтэл Монгол Улсын ардчилсан төр засаг Монгол бол цөмийн зэвсэггүй бүс гэж харин ч нэг мундаг зарласан. Үүндээ ч үнэнч байгаа.
Монгол Улс мориороо, хуучин түүхээрээ биш, технологи эзэмшсэн толгойгоороо гайхуулж улс орноо хамгаалж хөгжүүлж чадна. Дэлхийд гайхагдсан боловсрол, технологи эзэмшсэн залуус олон байна. Цөмийн энергийн түүхий эдийн асар их нөөц байна. Цөмийн физикийн салбарт ч Монгол бол дэлхийд гайгүй толгойд тооцогддог. Цөмийн физикийн 20-иод эрдэмтэн байдаг. МУИС гэхэд математик, цөмийн физикчдийг төрүүлснээрээ хаанахын яма рч их сургуулиас дутахгүй ээ. МУИС-ийн ректор, Дубна дахь цөмийн хүрээлэнгийн орлогч захирал хүртэл хийж явсан н.Содном агсны шийрийг хатаах залуус, цөмийн “физикийн гавал толгойнууд” Монголд байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Цөмийн энергийн газрын даргаар Н.Тэгшбаяр гэдэг цөмийн физикч залууг тавьсан нь харин ч нэг нүдээ олсон томилгоо болсон юм. Ер нь бизнесийн салбарт “М-Си-Эс”-ийн Ж.Оджаргал шиг, Уул уурхайн салбарт “Рио Тинто”-гийн Зэсийн салбарын олон улсын үйл ажиллагаа эрхэлсэн ерөнхийлөгч Б.Болд шиг, Цөмийн энергийн салбарт Н.Тэгшбаяр шиг мэдлэгтэй залуус салбар бүрт тав арав байхад л Монгол Улс хөгжинө. Яагаад монголчууд цөмийн эрчим хүчийг морь шигээ эзэмшиж чадахгүй гэж… Тэгвэл нэгэнт л цөмийн зэвсэгтэй болж болохгүйгээс хойш (Болж өгвөл цөмийн ганц пуужинтай болоход гэмгүй. Сайн буугүй айлыг чоно, нохой, хулгай дээрэм элэг бариад байдаг юм. Г.Д) цөмийн физикийн мэргэжилтэй залуустаа итгэл өгч, хойд урд хил дээрээ цөмийн хоёр цахилгаан станц бариад Орос, Хятад гэдэг хоёр том зах зээлийг цөмийн эрчим хүчээр хангахад л Монгол Улс гарч өглөө.
Сэтгүүлч миний хувьд бизнесмэн Ж.Оджаргалтай уулзаж, ярилцаж байсан. Б.Болдтой ч хоёр гурван цаг санал солилцож үзсэн. Н.Тэгшбаяртай бол гурван удаа ч уулзсан. Тэр эх оронч залуу. Түүний удам судар, эцэг өвгийн түүх нь тун сонин юм билээ. Манжийн цэргийн хөлөөс овгийнхоо тугийг хамгаалж өдий хүргэж чадсан “Тугчин” гэдэг овгоор бахархдаг юм билээ. Цөмийн энергийн дарга Н.Тэгшбаярын талаар багш нь бичсэн байна. МУИС-ийн Н.Тэгшбаярын ангийн оюутнуудаас цөмийн энергийн таван доктор төрсөн гэж. Цөмийн энергийн сайн мэргэжилтэн нь бэлтгэгдсэн байна. Цөмийн энергийн салбарт Н.Тэгшбаярын илтгэлийг дэлхий үнэлж байна. Монголд цөмийн энергийн асар их нөөц байна. Эрчим хүчний хомсдол болсон хоёр том зах зээл байна. Монголчууд цөмийн энергийг эмнэлгээс авахуулаад эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах цаг болсон. Болж өгвөл ганц сайн цөмийн пуужинтай болох юмсан. Энэ нь төр засгийн бодлого биш сэтгүүлч миний бодол шүү. Харин монголчууд бие биендээ, эрдэм мэдлэгтэй залуустаа итгэх л дутаад байна.
Хойно урдаас чоно, нохой хот руу гэтэж айлгавал бидний цөөхөн монголчуудыг цөмийн технологи гаргуун эзэмшсэн эрдэмтэд аварна. Монголд ураны нөөц их байна гэхэд гадаадынхан үнэхээр атаархах юм. Шар нунтгийг гадаадынхан асар өндөр үнээр авъя гэж байна. Харин гадаадынхан Монголыг цөмийн энергийн салбарт ажил хийлгэхгүй байх талаар хорлонтой бодлого явуулж байна. Монголчуудыг хооронд нь хагаралдуулах бодлого явуулж байна. Иргэдийг нь төр засгийн эсрэг турхирч байна. Ер нь хойно урдаас чоно, нохой хот руу минь гэтвэл ганц сайн буу ч хэрэг болж л таараа. Гэнэ алдаад цөмийн зэвсэгээ хураалгасан Украйныг хар даа. Яаж байна. Монгол залуус цөмийн энергийг морь шигээ эзэмшиж, жолоодож чадна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зарим газар болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Салхи нутгийн баруун хагаст хойноос бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 12-17 градус, говь талын нутгаар 30-35 градус, баруун зүгийн нутгаар 16-21 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.21-23 градус дулаан байна. Оройдоо эрс сэрүүснэ.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 градус дулаан, харьцангуй чийг 59 хувь, агаарын даралт 860 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Монголын сэтгүүлзүй өдрөөс өдөрт шинэ бүтээлүүдээр арвижиж, Монголын түүхийг өртөөлөн байгаа. Үүний сонгодог нэгэн төлөөлөл болж “Өдрийн сонин”-ы сэтгүүлч, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Норовын Гантулгын “Бөхөн шарын тэмдэглэл” хэмээх хөрөг, нийтлэл, аян замын туурвилын нэгээхэн бүтээл уншигчдын өмнө ном болон хүрлээ. Тэрбээр 2000 оны үеэс Монголын утга зохиолд “Хөшөөтийн гол, Арцын улаан хад”-тайгаа “Хишиг-Өндөрийн хөх өвгөд, адуучин Норов (аав нь)”-тойгоо дуу хадаан орж ирсэн бол түүнээс хойш сэтгүүлзүйн адармаатай замд хөл тавин хөтөлгөө морьтойгоо галгиулж яваа нэгэн билээ. Тэрбээр өнөөдөр утга зохиолын ай савд нэгэн эрчит мөрөн болж цутгаж чадсан бол өчигдөр түүнийг утга зохиолын салбарынхан хийгээд сэтгүүлзүйн томчууд түүнийг “сэтгүүлч” хэмээн эрхэм нэрийг өндөрт өргөж явааг дуу нэгтэй хүлээн зөвшөөрлөө. “Бөхөн шарын тэмдэглэл” хэмээх хөдөөх нутаг, эх орон, хүний гэрэлт чанарыг нээж чадсан бүтээлийн нээлт “Интерном”-д болсон юм. Түүний хөрөг, нийтлэл, аян замын туурвилуудыг уншиж ээ суухад амттай чихэрт балчрууд яаж дурладаг билээ тийм л амт мэдрэгдэх бүлгээ. Н.Гантулга болбоос хүний “сэтгэл рүү шагайгч” гэдэг нь энэ номоос мэдрэгдэнэ. Бичвэрийн гол баатрын зүрх сэтгэлийн нандин судсыг атгаж, өөрийнх нь мартсан хийгээд гэрэлт дурсамжуудыг сэргээн тавьж чаддагаараа тэрбээр өөрийн үнэ цэнийг бүтээж чадсан билээ.
Энэ өдрийн номын нээлтэд түүний утга зохиолын багш ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол хийгээд Бөхийн Бааст, Лувсандамбын Дашням, Дамдинсүрэнгийн Урианхай, Ширсэдийн Цэнд-Аюуш, Долгорын Нямаа, Данзангийн Нямаа, Баастын Золбаяр, Намбарын Пүрэв, Цэвэг-Очирын Эрдэнэбаатар, Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал, “Болор цом”-ын эзэн яруу Гомпилдоогийн Мөнхцэцэг, Арлааны Эрдэнэ-Очир, Санжжавын Оюун, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, Б.Хүрэлбаатар, Ховд аймгийн хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ш.Адьшаа, Б.Өвгөнхүү, “Өдрийн сонин”-ы удирдлагууд гээд олон хүн хүрэлцэн ирж сэтгэлийн хадаг барьсан юм. Ардын уран зохиолч Д.Цоодол “Миний шавь сайхан ном гаргажээ. Өмнө нь “Дотоод орон зайн урсгал” гээд яруу найргийн анхны номоо гаргаж олон хүнээс урмын үг сонссон. Өнөөдөр “Бөхөн шарын тэмдэглэл” хэмээх номынхоо нээлтийг хийж байна. Гантулгыг Монгол мэддэг болсон. Яруу найраг, сэтгүүлзүйн замаар тууштай туурвиж утга зохиолынхноосоо эхлээд гадаад дотоодод явсан аян замаа дориун гэгч бичиж байна. Түүнээс давж хөрөг, нийтлэлээ бичиж байна. Энэ ном бол үргэлжилсэн үгийн даацтай бүтээл гэж нэрлэж болохоор юм байна” хэмээн тэмдэглээд цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсээд олоон жилийн өмнө шавь нь болж ирсэн бор хүүгээ шовхийтэл үнсээд авсан юм. Харин ардын уран зохиолч Б.Бааст “Гантулга дүүдээ маш их баярлаж байна. Энэ номонд чинь миний тухай ч бичсэн байгааг харлаа. Үнэхээр сайн бичиж байна шүү” гээд 90 насыг хэдийнэ зооглосон тэрээр 18 настай хүүхэд шиг дэврүүн зангаараа олныг хөгжөөсөн юм. Харин академич Б.Энхтүвшин “Бид хоёрыг анх уулзуулсан хүн нь академич Х.Сампилдэндэв агсан. Сампилдэндэв гуай “Энэ хүү ирээдүйд их мундаг яруу найрагч болох юм” гэж хэлж байсан нь сэтгэлд нэн тодхон байна. Тэр цагаас хойш олон сайхан шүлэг бичиж “Болор цом”-ын хишигт найрагч болсонд баяр хүргэе” гээд академийнхаа шинэхэн номын дээжээр бэлэг барьсан юм. Н.Гантулга Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуулийг төгссөн бөгөөд тус сургуулийн захирал доктор, профессор Ш.Цэнд-Аюуш “Энэ жил манай сургуулийн 20 жилийн ой тохиож байна. Гантулга оюутан байхдаа яруу найргийн төрлөөр бүхий л шагналыг нь авсан. Сургуулийг хэдэн хүн төгссөнөөр нь бус хэнийг нь төгсгөсөн бэ гэдгээрээ үнэлэгддэг. Гантулга маань манай сургуулийн нэгэн өнгө төрх, нүүр царай болж яваа” гэдгийг тодотгон Хөшөөтийн голынх нь хөх урсгал шиг, дээд хөх тэнгэр мэт цэнхэр хадаг, өөрийнх нь “Монголын хошин шог зохиол” хэмээх эрдэм шинжилгээний шинэ номынхоо дээжээр бэлэг барьсан юм. Номын зохиогч Бөхөн шарын нуруунд жил бүр тарнийн шившлэгтэй салхинд нь адислуулж уран бүтээлийнхээ дөрөөнд сүүн зам татуулж буйгаа нэг бус удаа дурсаж байсан билээ. Тэгвэл түүнд сэтгэлийн урам хайрлаж байдаг уран бүтээлчдийн нэг болох нутгийн ах Дамдинсүрэнгийн Урианхай нь “Жил бүр Бөхөн шарын нуруу руу явдаг манай аяллын багийн хамгийн залуу нь Гантулга. Тэгсэн хэрнээ хамгийн том бүтээл гаргаж байгаа нь бас манай залуу. Манай хэд бүгд өөрсдийн үгийг хэлэхдээ миний үгийг ч гэсэн хамт хэлчихлээ. Гантулга хөрөг, нийтлэлийг үнэхээр сайхан бичих юм аа. Ингэж бичиж чадаж байгаад нь би атаархдаг юм. Уг нь атаархал гэдэг байж болохгүй гэдэг ч ийм л юм болчихлоо. Ийм сайхан ном гаргасан дүүдээ их амжилт хүсье” гээд “Ах нь бэлэггүй ирчихлээ. Удахгүй шинэ ном хэвлэгдэхээр ах нь өгнөө. Бэлэггүй ирчихсэн юм чинь үнсэхээс” гээд буурал сахалтай хошуугаараа зохиогчийн бүлээн хацрыг үнэрлэсэн юм. Н.Гантулгын хувьд дээдсээ хүндэтгэж, дэргэд яваа нөхдөдөө хүндэтгэлтэй ханддаг чанар нь олон хүнийг өөртөө татах их ивгээл болдог учиртай. Сэтгүүлч, яруу найрагч Гантулга багадаа ямархуу хүүхэд байсан тухай түүний номын нээлтэд оролцохоор Ш.Гаадамбын нэрэмжит Булган аймгийн Хишиг-Өндөр сумын сургуулийн захирал Цэнд-Аюушийн Дашзэгвэ “Төрмөл бөх гэж байдаг бол Гантулга яруу найраг, сэтгүүл зүйн төрмөл авьяастай байсан. Сургуулийнхаа ойн өмнө “Болор цом”-ын эзэнтэй болсондоо баяртай байна. Гантулгын авьяас дөрөв, тавдугаар ангиасаа эхлээд цоролзсон. Гантулгадаа Цэнд-Аюуш захирлын хэлсэн энэ авьяасаа эрдмээр тэжээгээрэй гэж хүсье” хэмээн сэтгэлийн үгээ хуваалцсан юм. Сэтгүүлзүй, утга зохиолын дэлхийн зиндааг мэддэг Л.Дашням доктор эмнэлэгт хэвтэж байгаа ч номын баярт хүрэлцэн ирээд “Номын баяраас хоцорно гэдэг нүгэлт ажлуудын нэг гэж боддог юм. Тиймээс Гантулга дүүгийнхээ номын баярт хүрэлцэн ирлээ. Монголчуудын хамгийн сайхан баяр номын баяр байгаасай хэмээн бодож байна. Гантулгыг их сургууль төгсөх үеэс нь мэдэх юм. Гантулга яруу найрагчийн хувьд бүхий л хүрэх зүйлдээ хүрч, уулзах хүмүүстэйгээ уулзсан. Гантулгыг ухаан сууж байна гэж бодож байна. Хүнтэй уулзъя. Хүнээс үг сонсъё. Тэр үгээ хүмүүст хэлье гэж бодож байгаа нь Гантулгыг “том” болжээ гэж бодож байна. Үүнээс цааш ажил байхгүй. Ингэж хэллээ гээд бичихээ больж болохгүй. “Бөхөн шарын тэмдэглэл” номыг уншиж амжаагүй ч ямар хэмжээний сайн ном болсныг би мэдэж байна. Орос алга болчихвол Чеховын зохиолоор дахин сэргээнэ гэдэг үг бий. Ийм номыг гаргаарай. Дүүдээ цаашид ихийг хийх хүсэл зоригийг ерөөе” хэмээн үгээ хэлээд бүрх малгайгаа духдуулан Н.Гантулгыг үнсээд авлаа. Харин Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг “Гантулга маань “Бөхөн шарын тэмдэглэл” номоо дөнгөж хэвлэлтээс аваад хамгийн эхний уншигч болгон надад барьсан юм. Энэ номыг уншсаан. Утга зохиолд баримтат уран зохиолын төрлийг хөгжүүлэхэд өөрийн гэсэн дүртэй, өнгө төрхтэй цаашид хөгжүүлэхүйц хэмжээний томоохон бүтээл болжээ. Гантулга хүнийхээ хувьд маш олон хүнийг мэддэг. Олон хүмүүсийг маш сайхнаар гаргаж ирдэг юм байна. Үнэхээр их хичээл зүтгэл харагдаж байна. Гантулга хүний тухай маш их мэддэг хэрнээ өөрийнхөө тухай маш бага мэддэг. 10 жилийн сургуулийн сурагч байхдаа 200 гаруй яруу найрагчийн шүлгийг цээжээрээ мэддэг байсан хэрнээ өөрийнхөө хоёрхон шүлгийг цээжилсэн энд тэнд уншдаг. Хүний тухай сайн мэддэг тэр гэгээтэй тал нь илүү хөгжсөн. Бусдын намтар цадигийг баяжуулж байдаг их буянтай хүн юм байна” хэмээн амжилт хүслээ. “Бөхөн шарын тэмдэглэл” ном сэтгүүлзүйд нэгэн нар тусгалаа гэдгийг Монгоын сэтгүүлзүйн акудуудын нэг болох Тугалхүүгийн Баасансүрэн хэлсэн бол энэ үгийг танхимд ирсэн хүмүүс дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч хоорондоо “яг үнэн” хэмээн үгийн шидийг хэлэлцэн толгой дохицгоож байсан юм. Харин нэрт яруу найрагч, соёлын гавьяат зүтгэлтэн Долгорын Нямаа “Мань мэтийг автобусанд суухаар очиход мөнгөний нэмэргүй гээд шууд хаяад явдаг. Харин Гантулга хүү мань мэтийгээ тоож, тэр бүү хэл дээш нь татаж, өргөж гаргаж байгаад баяртай байна. Үнэхээр ахмадаа хүндэтгэх гэрэлт чанар, хүн чанар Гантулгаас мэдрэгддэг юм шүү. Хөгшидийг тоохоо байсан энэ цагт мань мэтийгээ тоодог хүмүүсийн нэг болж буйд талархал илэрхийлье” гэлээ. Энэ мэтчилэн зочдын зүгээс өөрсдийн сэтгэлийн үгийг хэлцгээсээр үдийн улаан наран ханын толгойд буух үест номын баяр хөшгөө татаж сэтгэлдээ нартай утгын мэргэд, үгийн дархчууд “Бөхөн шарын тэмдэглэл”-ийг дурссаар их номын өргөөнөөс авшиг хүртэн гарцгаасан юм.
Э.ЭНХБОЛД
Ирэх ням гаригт хүүхдийн баярын өдөр болно. Бид аанай л өдөржин Төв талбай, паркаар өнөө хэдэн жаалуудаа чирч, гулдчин баярлуулж байгаа нэртэй баахан давхих нь тодорхой. Болсон болоогүй амттан авч өгч, тоглоом дээр суулгах нэртэй хэдэн цагаар дугаарлан зогсоно. Уг нь хүүхдийн баярын өдөр нэртэй ганцхан энэ өдөр биш, цаг заваа гаргаад хэзээ чиг ингэж болно л доо. Тэгээд ч зургадугаар сарын 1-ний өдөр бол хүүхдэдээ цаг гаргаж чаддаггүйгээ цайруулах гэсэн өргөн зугаалгын өдөр биш харин олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр шүү дээ.
Хэзээнээс ч хүүхдийн баяр нэртэй болж, бид ингэж тэмдэглэх болсныг мэдэхгүй ч хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг чухам тэдний эрхийг л хамгаалж, хангах талаар ухаан уралдуулах өдөр болгоход хождохгүй мэт ээ. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө ярилцах, шийдэх олон асуудал бидэнд байна. Эцэг, эх байх үүргийн талаар бид ерөөсөө ч мэддэггүй. Тэгвэл олон улсын хэмжээнд эцэг, эх байх үүрэгт олон зүйл багтдаг. Үүнд насанд хүрээгүй хүүхэд нь гэмт хэрэгт холбогдсон бол өмнөөс нь хариуцлага хүлээх ёстой гэж үздэг. АНУ-ын Иллинойс мужид 13 настай хүүхэд дэлгүүрийн цонх хагалсны төлөө эцэг, эх нь мөнгөн торгууль төлж, бүр шаардлагатай гэвэл биеэр ч ял эдлэхээр болж байх жишээтэй. Мөн 6-18 насны хүүхдээ боловсролтой болгох, хоол унд шим тэжээлтэй хоол хүнсээр хангах үүрэг бий. Бас хүүхдийнхээ аюулгүй орчныг бүрдүүлж байх үүрэг гэж бий. Энэ үүрэгт нь үймээн самуунгүй, дулаан тохь тухтай, хортон шавьжгүй гэрт амьдруулах ёстой гэдгээс эхлээд автомашинд зориулалтын суудал дээр тээвэрлэж, хараа хяналтаас гаргаж болохгүй гэдэг асуудал хүртэл багтсан байдаг. Харин манайд энэ тухай ойлголт тун маруухан юм даа. Хүүхдүүдээ зориулалтын суудалд, аюулгүй бүсийг нь зүүлгэж явна гэж бараг байхгүй. Дандаа урд суудалд өвөр дээрээ авч явдаг. АНУ-д хэрэв ийм алхам гаргавал хүүхдээ алахыг завдсан гээд ял сонсох биз. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л Налайхын замд гарсан ослоор бага насны хүүхдээ өвөр дээрээ авч явсан эх өөрөө ч амь насаа алдаж, нялх үрээ ч үрэгдүүллээ. Хэрэв үр хүүхдийнхээ аюулгүй байдалд бид анхаардаг бол нэг дор олон зэрэг хагацал үзэхгүй л байсан байх даа. Нялх балчир гэлтгүй насанд хүрээгүй л бол эцэг, эхийн хяналтаас гарах ёсгүй. Арав, арван нэгтэй жаахан амьтад том болсон нэр зүүгээд л автобус дамжаад сургуульдаа явцгааж байдаг. Ерөөсөө манайд хүүхдийг чадаад байна, болоод байна гээд хаячихдаг. Харин тэдэнд ирэх эрсдлийг муу юм болсон хойно ухаарах нь бий. Тиймээс хууль тогтоомжиндоо эцэг, эхийн хараа хяналтаа сулруулахыг зөвшөөрөх зохист нас гэдгийг нарийн гаргаад өгчих хэрэгтэй байгаа юм. Лав 14 түүнээс дээшээ байхад ч гэмгүй. Ингэж хүүхдээ хаячихдаг чанар бол нүүдэлчдийн л зан юм даа. Гэхдээ үүнийг бид уламжлалт хэв маяг юм гэж авч үлдвэл дэндүү тэнэг хэрэг болно. Өглөө эрт малаа дагаад гарахдаа мөлхөж байгаа нялхыгаа орны хөлнөөс уяад л гарчихдаг, адуу манахаар хонолоо гэхэд жаахан хүүхдүүдээ унтуулаад явчихдаг бидний зан бий. Өнгөрсөн өвөл гэхэд л Увсын хоёр залуу саахалтынхаа бууз баншийг хийлцэхээр явахдаа 5,7-той хоёр охиноо эзгүй гэрт үлдээж орхиод гарахад хоёр жаалхан амьтан араас нь явж эмгэнэлтэй хэрэг гарсныг бид санаж л байгаа. Эгч нь дүүдээ хамаг хувцсаа өмсүүлээд амиа алдаж, дүүгийнхээ амийг аварсан энэ хэргийг гадныхан сонсвол бор зүрхээрээ хүн болж яваа монгол жаалуудыг бишрэх биз. Эцэг, эхчүүд аюулгүй орчинд үр хүүхдээ өсгөх үүргээ ухамсарлахын сацуу багш сурган хүмүүжүүлэгч нар ч гараас гарт өгөх ажлыг хиймээр байгаа юм. Хүүхдүүд асран хамгаалагчгүй өсөцгөөж байна. Өглөөний ээлжийн хүүхдүүд өдөржин эцэг, эхээ хүлээнгээ сургууль орчмоороо эргэлдэнэ. Хэн ч хайхрахгүй. 14 хүрээгүй дунд ангийнхан нийлж аваад зугаалгаар явна. Ямар ч томчуудгүй. Одоо бид нүүдэллэж биш иргэншиж амьдарч байгаагаа хүлээн зөвшөөрмөөр байна. Амьдрал маань суурин болсон ч уламжлал нь нүүдэлчин байдлаараа байцгаах юм.
Эцэг, эх үр хүүхдээ хараа хяналтаар хангах үүрэг Монголд алдагддагийн хамгийн тод жишээ сургуулийн дотуур байр. Дөнгөж зургаа, долоон настайгаасаа эхлээд Монголын хүүхдүүд ээжээсээ хол, гэрээсээ алсад бас аавгүй өсч эхэлдэг. Байр нь хүйтэн, цагийн хоолтой, гадаа жорлонтой, бас оны хийгээд ангийн ялгаа, дэгтэй. Шорон яг л ийм хуарангийн маягтай байдаг биз дээ. Социализм байгуулж байна гэж хийрхэж эхэлснээс хойш бараг 90 жил дотуур байр нэртэй боловсон шоронтой байсаар ирлээ, бид. Харин энэ хугацаанд ямар иргэдтэй болов. Бусдыг дээрэлхдэг, бусдаас өрсөж хүртэх гэж булаалдсан атгаг санаа бүр багаасаа суух болсон. Бас хүнийг хайрладаггүй, хүйтэн хөндий, нэгэндээ талархаж баярлахаасаа атаархаж хонзогнох нь илүүтэй улс болж хувирлаа. Дотуур байранд нэгдүгээр хоолонд ирсэн усан шөлөө амжиж уугаад л хоёрдугаар хоолны дайнд мордохгүй бол олддог ч үгүй биз дээ. Ийм л байдлаар бид бусдаас хоол булааж идэх урлагт суралцацгаах болсон. Үе, үеийнхэн ар, араасаа төрсөн. Сүүлийн үед зах зээлийн нийгэм нь ийм гэцгээн бүр ч өөгшүүллээ.
Одоо “хоёрдугаар хоол”-ны төлөө юуг ч хийж, хэнийг ч золиослоход бэлэн хүмүүс олон болжээ. Эцэг, эх нь сайн дураараа аваачаад өгчихөж байгаа энэ шоронд орсноор гэр бүлийн хүмүүжил үнэндээ мартагддаг. Магад үүнийг уншаад хэзээнээс дотуур байраар яваад ирсэн байхад, малаа хаана хадгалчихаад хүүхдээ сургуульд сургах гэж төв бараадах вэ гэж бухимдагсад гарч болох юм. Бүр гаргалгаа байхгүй байхад гэж аргаа барах хүмүүс ч гарах байх. Уучлаарай, гэхдээ хүнээс илүү үнэтэй мал гэж байдаг юм уу. Хүүхдээс чинь илүү ишиг, хурга гэж байх уу. Үнэндээ ч хүн хариулж өсгөж байснаас мал дагаад явж байх нь илүү амар байдаг байх. Малаа амин зуулга гэж байгаа ч төрүүлж өсгөсөн үр хүүхдийнхээ өмнө хүлээх хариуцлага гэж том юм байдаг юм. Малаа бүхнээс дээр тавьсаар ирсэн уламжлал маань иргэншсэн энэ нийгэмд зохицохгүй байна. Монгол Улс малгүй явж болно оо. Харин хайр халамж дутсан, хүний гэх сэтгэлээ гээсэн үр хойчгүйгээр байж чадахгүй. Тиймээс дотуур байр хэмээх шоронг халцгаая. Хүүхдийн эрхийн талаар ярьж байх энэ өдрүүдэд үүнийг л хөндөн ярилцацгаая.