Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрчим хүчний шинэчлэл хийнэ гэж ард түмнээ хуурчихалгүй цааш нь гүйцээнэ биз дээ DNN.mn

Ойрын өдрүүдэд эрчим хүчний шинэчлэл гээд нийгэм даяараа сүрхий бужигнаж байна. Эдийн засгаа тэтгэдэг байх ёстой энэ салбар уналтад орсон учраас зайлшгүй реформ хийх шаардлагатай гэж төр засгаас тайлбарлав. Эрчим хүчний шинэчлэл гэж ярьсан асуудлуудаас үнэ нэмэх нь л хамгийн түрүүнд биеллээ олж байх шиг. Уг нь систем бүхэлдээ дампуурах эрсдэлд орсон бол үр ашиг менежментийг нь сайжруулж, цогц шилжилт хийхээс өөр замгүй л дээ. Тэр утгаараа эрчим хүчний шинэчлэл гэсэн том малгай дор либералчлал, өмч хувьчлалын асуудлаас гадна хөрөнгийн зах зээлд гаргах, цахилгаанаа экспортлох, хөрөнгө оруулагчдыг татах гээд өчнөөн ажлууд төлөвлөжээ. Энэ тухай салбарын сайд, шийдвэр гаргагчид зогсоо зайгүй амаа цангатал ярьсан. Мэдээж эрчим хүчний шинэчлэлийн цаана тэр олон ажлыг ухаалгаар, зохион байгуулалттай, тасралтгүй үргэлжлүүлж явуулснаар салбар аяндаа сэргэнэ. Том зургаараа хараат бус, бие даасан эрчим хүчний системтэй болно. Ингэснээр улс орны эдийн засагт бодит хувь нэмрээ оруулдаг салбар болох юм. Гэтэл энэ реформын хүрээнд чаддагаараа цахилгаан, дулааны үнийг нэмэхээр болж байна. Үүнд ард түмэн их бухимдалтай байгаа. Яагаад гэвэл салбарын шинэчлэл нэрийн дор ард түмнийг молигодоод үнэ тарифаа нэмчихээр аргагүй шүү дээ.

Албаны эх сурвалжууд нь дуугарах тоолондоо хэдэн тоо холбож хэлдэг боллоо. Эрчим хүчний салбар 2024 онд 355 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан, ийм янзаар удаан үргэлжилбэл алдагдлын хэмжээ их наяд давна гэсэн. Ядаж байхад хагас зуун жилийн түүхтэй цахилгаан, дулааны станцууд нь нэг өвлийн насгүй болчихож. Цахилгаан үйлдвэрлэдэг тоног төхөөрөмжүүд нь хуучирч муудаад хэзээ мөдгүй зад үсэрч, хот даяараа хөлдөхөд ойрхон байгаа нь ч бодит үнэн. Тэгээд цахилгаан, дулаанаа өртөг үнээсээ хамаагүй бага ханшаар зараад байхаар станцууд нь эргээд өрөнд ороод зогсохгүй ард түмний төлсөн татвараас татаас авагч болж хувирчээ. Үүгээр зогсохгүй эрчим хүчний нүүрс нийлүүлэгч компаниудын хормойноос зүүгдээстэй. Давхар, давхар өрийн сүлжээ үүсч чөтгөрийн тойрогт орчихож. За тэгээд энэ бүх зовлон бэрхшээлээс ангижрах цорын ганц амар шийдэл нь үнэ нэмэх байсан байх. Эрчим хүчээ хэрэглэгчдэд бодит өртгөөр нь нийлүүлж эхэлбэл станцуудын урт хугацааны өр зээлүүдээсээ салж чадах юм гэсэн. 2027 он гэхэд эрчим хүчний салбарын хуримтлагдсан өр төлбөр бүрэн барагдахын зэрэгцээ нүүрсний уурхай, төмөр замын үйл ажиллагааны алдагдалгүй болно. Тэр цагт эрчим хүчний салбар татаасгүй болно гэж үнэ нэмж буй учир шалтгааныг тайлаад байгаа юм билээ.

Яг үнэн хэрэгтээ эрчим хүчний реформыг жирийн малчин хүртэл дэмжинэ. Өдрөөс өдөрт бүтээн байгуулалт нэмэгдэж байгаа энэ цагт монголчуудын хувьд эрчим хүчний хараат байдлаас гарах нь амин чухал асуудал. Харин цахилгаан, дулааны үнийг нэмсний ар дээр инфляци гэж айхавтар “мангаа” айл болгоны хаалгыг тогшино. Ингээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлдвэр үйлчилгээ, лангуу, оффис түрээс гээд бүх юмны үнэ дагаад өсөх нь тодорхой. Томоос нь жижиг хүртэлх үйлдвэрүүдийн зардал нь асар их нэмэгдэнэ. Наад зах нь талхны жижиг цех хүртэл цахилгаан, дулааны нэмэгдлийг өртөг зардалдаа шингээчихээр бүтээгдэхүүнийх нь үнэ дагаад өснө. Цаашлаад ажилчдын цалин хөлс нэмэгдвэл аж ахуйн нэгжүүдийн улсад төлөх НДШ, татварууд нь дагаад л талийж өгнө. Эдийн засагчдын харж байгаагаар бараа бүтээгдэхүүнд хамгийн багадаа 5-10 хувийн өсөлт ирнэ гэж таамаг дэвшүүлж байсан.

Эрчим хүчний үнийг чөлөөлөх асуудалд салбарынхан дуу нэгтэй дэмждэг. Нэгэнт сонгууль дууссан болохоор улс төрийн шийдвэр нь ч гарлаа. Төр засаг ч ард түмнээс айх айдсаа гээж. Одоо яаж харгис хандах вэ гэдгээ л бодно. Эрчим хүчний реформ хийхийн цаана үнэ тариф хэрхэн яаж нэмэгдэж байгааг өнөөдөр албан ёсоор танилцуулахаар болж байх шив. Урьдчилсан байдлаар өрхийн цахилгааны үнийг 29.6 хувиар, дулааны төлбөрийг одоо байгаагаас нь хоёр дахин нэмэгдүүлье гэдэг саналыг салбар яам гаргаад байгаа. Үнийн өсөлтийн дарамтад нийгэм тэр чигээрээ өртөнө. Нэгэнт төр засгаас цахилгаан, дулааны үнийг нэмэх шийдвэр гарвал дуугүй л дагаад төлөөд явах байх даа. Нөгөө “Та нар яаж амьдраад байна аа” гэж дуу алдуулан амьд байгаа ард түмэн л хэцүүднэ. Цахилгаан дулааны салбарынхан тэр чигтээ л тэрбумтнууд байдаг тухай амтай болгон нь ярьж байна. Дулааны салбараас тавь жаран байртай нэг нөхөр ч жишээ болон яригдаж байна. Хэрэв эдгээр хүмүүс үргэлжлүүлэн ажилласаар, хулгайгаа хийсээр байвал үнэ нэмээд ч хэрэг болохгүй гэдгийг УИХ-ын гишүүд маань мэдэж байгаа л гэж найдахаас. УИХ-ын залуу гишүүн С.Цэнгүүн 103 гишүүнээр дэмжүүлсэн гэж өөрөөрөө бахархан ярьсан байна лээ. Үнэ нэмэхээс өөр юм хийхгүй бол ард түмнээ хэдэн авлигачийг тэжээх гэж шулсан хэрэгт орно гэдгээ мэдэх үү. Ийм нэр хоч авахгүйн тулд өөрөө гарын үсэг зуруулдаг шигээ наад гишүүдээ манлайлан нөлөөлж ажиллаарай даа.

Тэгэхээр төр засгийн зүгээс эрчим хүчний реформоо тасралтгүй үргэлжлүүлж хийх хэрэгтэйг сануулмаар байна. Учир нь нийгэмд “Энэ шинэчлэл цааш явахгүй. Цахилгаан, дулааны үнийг нэмэх гэж ард түмнийг хуурч байгаа пиар дөө” гэсэн хардлага байгаа болохоор зориуд ингэж хэлээд байгаа юм. Юун төлөө УИХ-д суудалтай намууд эрчим хүчний шинэчлэл дээр санал нэгдээд байгаа билээ дээ. Зогсоо зайгүй явуулаад гүйцээнэ биз дээ. Ялангуяа С.Цэнгүүн гишүүн энэ талаар ард түмэндээ байнга тайлагнаж байх биз.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Томхон жорлон дээр хүртэл тууз хайчилдаг төр, засгийн томчууд нефтийн цооног нээхэд яагаад очсонгүй вэ” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы даваа  гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы Олон улсад өрнөж буй анхаарал татсан үйл явдлуудын талаар Хүмүүнлэгийн Их сургуулийн профессор, шинжлэх ухааны доктор Д.Уламбаяртай ярилцлаа. Тэрбээр “Олон улсын харилцаанд туйлшрах хандлага эрчимжиж, хуваагдмал байдал газар авч байна “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн

“Шинэ сэргэлтийн бодлогын Хурдасгуур төв” УТҮГ-ын Дэд бүтцийн хөгжлийн бодлогын газрын дарга Н.Батдоржтой ярилцлаа. Тэрбээр цахилгаан эрчим хүчний хэрэглээний төлбөр, өртөгтэй холбоотой суурь судалгаа хийсэн судлаачдын нэг юм.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Томхон жорлон дээр хүртэл туузхайчилдаг төр, засгийн томчууд нефтийн
цооног нээхэд яагаад очсонгүй вэ” хэмээн өгүүллээ.

“Батглостер” ХХК-ийн захирал, авто замын мэргэшсэн инженер, мэргэшсэн төсөвчин Э.Ганболд “Түгжрэлийг шийдэх ганц гарц бол давхар зам барих юм” гэлээ.

Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд чуулганы хуралдааны үеэр яагаад горимын санал гаргасан бэ гэдэг тайлбараа сонин,
хэвлэлд заавал өгч байгаарай

Хоморголсон баривчилгаа, их хэлмэгдүүлэлт, сэргээгдээгүй эрх

Арын нүүр: Зураг дурсамж өгүүлдэг


 

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы  баасан гаригийн дугаараас уншаарай.

 

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

 

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

 

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

 

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

 

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

 

 

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Бусдын сэтгэлийн илчинд дулаацна DNN.mn

Яруу найрагч, соёлын гавьяат зүтгэлтэн Арлааны Эрдэнэ-Очир ах маань өөрийгөө “Би гэгээ түүж яваа л хүн” хэмээн тодорхойлсон байдаг. Түүн лугаа энэ орчлонд бид бусад хүмүүсийн сэтгэлийн илчинд дулаацаж, үгийнх нь сайханд урамшиж явдаг ажээ. Өнөөдөр хүмүүс уур уцаартай, нэгнийгээ гэх сэтгэлгүй болсон гэх үгс өдөр тутам дуулдаж, цахим орчинд хөвөрч байдаг.

Яах вэ, амьдарч байгаа нийгмийн маань нүүр царай энэ юм чинь яалтай билээ. Түгжрэл, утаа униар, үнийн хөөрөгдөл гээд бидний бухимдлыг төрүүлэх зүйл захаас аваад үй түм байна. Гэвч муугаасаа сайн нь, муухайгаасаа сайхан нь илүү байдаг орчлон шүү дээ. Үргэлж ийм байсан. Хожим ч ийм л байх биз ээ. Хэн хэндээ хүндэтгэлтэй хандаад, урьдчилж уучлалт гуйчихад л бүх зүйл амархан болчихдог шүү дээ. Ажлаа тараад харьж явахад гал асуусан залуу баярлалаа гэх, ТҮЦ-ийн худалдагч эгч “Өдрийг сайхан өнгөрүүлээрэй” гэхэд л сэтгэл сайхан болж, өөрийн эрхгүй инээмсэглэдэг.

Дашчойлон хийдийн хашаанд өнөөдөр /өчигдөр/ өглөө нэг, хоёрдугаар л ангийн болов уу гэмээр хэдэн сөөсгөр охид нэгнийгээ хурдан яваач дээ, ямар удаан юм бэ, яг л эмгэн шиг гэх зэргээр дуудан инээлдэв. Эмэгтэй хүүхдүүдийн дуу цаанаасаа адтай байдгийг ч хэлэх үү, тэдний дуунаар хийдийн хашааны тагтаанууд дэрхийн ниснэ.

Гэтэл хүрд эргүүлж явсан хоёр эмээ тэднийг харснаа өөр хоорондоо жуумалзан “Мондинуудыг, эмгэн шиг гэнэ үү” гэв. Тэгэхэд нь охидоос илүү эмээ нарт хайр хүрсэн юм. Учир нь эмээ нар охидод уурласангүй. Харин ч өхөөрдөн инээж байна. Энэ чинь л бид нэг нэгнээсээ авч буй гэрэл гэгээ, сэтгэлийн гал шүү дээ.

 

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Нэгж бүтээгдэхүүнд хэдэн төрлийн татвар нэмэгдэж байж эцсийн хэрэглэгчид хүрдэг вэ DNN.mn

Татвар эцсийн дүндээ жирийн хэрэглэгч ард түмэн дээр тусдаг. Авсан бараа, үйлчилгээ, жишээлбэл, хайрцаг шүдэнзэд ч хүртэл бүх төрлийн татвар шингэдэг. Өнөөдөр Монгол Улсад нэг бараанд хэдэн төрлийн татвар нэмэгдэж байж эцсийн хэрэглэгчид очиж байна вэ? Энэ талаар эдийн засагчдаас тодрууллаа.

Б.Лхагважав: НӨОАТ бол эцсийн хэрэглэгч шууд төлдөг татвар


-Нэгж бүтээгдэхүүнд хэдэн төрлийн татвар нэмэгдэж байж эцсийн хэрэглэгчид хүрдэг вэ?

-Ямар нэгж бүтээгдэхүүнээс шалтгаална. Ер нь нэмэгдсэн өртгийн орлогын албан татвар (НӨОАТ), аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ), хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ), гаалийн татвар, онцгой албан татвар, нийгмийн даатгал орно доо.

-Та талхан дээр жишээ болгоод тайлбарлаж өгөхгүй юү?

-Та 2200 төгрөгөөр талх авлаа. Та 2000 төгрөгийн өртөгтэй талх авангуут дэлгүүрийн касс дээр 200 төгрөгийн НӨОАТ төлж байгаа юм. НӨОАТ бол эцсийн хэрэглэгч төлдөг шууд татвар. Тухайн дэлгүүр таны төлсөн НӨАТ-ыг гурав хоногийн дотор НӨОАТ-ын сан руу шилжүүлэх үүрэгтэй. Талхны өртөг үнэ 2000 төгрөгөөс талхны үйлдвэр 300 төгрөгийн ашиг

олсон тул ААНОАТ-т 10 хувь буюу 30 төгрөг төлнө. 1700 төгрөгийн өртөг үнэнд ажлын хөлс шингэсэн тул ажилтанд олгох цалин дээрээс ХХОАТ, нийгмийн даатгалыг компани суутган авч, зохих санд 72 цагийн дотор шилжүүлсэн байна, 50-80 төгрөг. Үлдсэн өртөг үнэд гурил, чихэр, тос, дрож, савлагаа, ачилт түгээлт, хадгалалт, үндсэн талхны үйлдвэрлэлийн бүх өртөг, түүнчлэн сүлжээ дэлгүүрүүдийн 25-30 хувийн шимтгэл, банкны карт уншуулсны 1 хувийн шимтгэл, дээр нь зар сурталчилгаа, маркетингийн зардал орно. Түүнчлэн тухайн компанийн банкнаас авсан зээл, зээлийн хүү бүгд орно.

-Та НӨОАТ гээд андуураад ярьчихав уу, НӨАТ гэх бил үү?

-Ихэнх татварт орлого гэдэг үг байдаг нь тухайн орлогоос авах татвар гэсэн үг. Бид НӨАТ гээд буруу хэлээд хэвшчихсэн.

Ж.Дэлгэрсайхан: Аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүн үйлдвэрлэж зараад, эцсийн үр дүнгээсээ татвар төлдөг


Монгол Улсын татварын ачаалал хэр өндөр вэ?

-Хүмүүс татварын талаар янз бүрээр л ярьдаг. Татварын ачааллыг тооцсон олон улсын судалгааг харвал, Монгол Улс гайгүй хөгжиж байгаа орнууд дотроос хэт өндөр татварын дарамттай улс хараахан биш. Бид 2007 онд дөрвөн 10-ын систем гэдэг юм руу орсон. Орлогын, хувь хүний орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар гээд бүх татвараа 10 орчим хувь болгосон. Энэ хүрээнд харвал Монгол Улсын татварын нийт ачааллыг би нэг их өндөр гэж үздэггүй. Өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад бага. Хөгжиж байгаа орнууд дотроо арай жаахан өндөр татвартай улс.

-Иргэдийн дунд нэгж бүтээгдэхүүнд түгээлтийн, зар сурталчилгааны гэх мэт маш олон татвар нэмэгдэж байж эцсийн хэрэглэгчид хүрдэг гэсэн ойлголт түгээмэл. Та энэ талаар тайлбарлаж өгөхгүй юү?

-Татварын нийт ачааллыг тооцож байгаа нь заримдаа өрөөсгөл харагддаг. Өнөөдөр ХХОАТ, НӨАТ, нийгмийн даатгал гээд Монгол Улсад байгаа бүх татварыг нэмээд 40 гаруй хувийн татвартай

олсон тул ААНОАТ-т 10 хувь буюу 30 төгрөг төлнө. 1700 төгрөгийн өртөг үнэнд ажлын хөлс шингэсэн тул ажилтанд олгох цалин дээрээс ХХОАТ, нийгмийн даатгалыг компани суутган авч, зохих санд 72 цагийн дотор шилжүүлсэн байна, 50-80 төгрөг. Үлдсэн өртөг үнэд гурил, чихэр, тос, дрож, савлагаа, ачилт түгээлт, хадгалалт, үндсэн талхны үйлдвэрлэлийн бүх өртөг, түүнчлэн сүлжээ дэлгүүрүүдийн 25-30 хувийн шимтгэл, банкны карт уншуулсны 1 хувийн шимтгэл, дээр нь зар сурталчилгаа, маркетингийн зардал орно. Түүнчлэн тухайн компанийн банкнаас авсан зээл, зээлийн хүү бүгд орно.

-Та НӨОАТ гээд андуураад ярьчихав уу, НӨАТ гэх бил үү?

-Ихэнх татварт орлого гэдэг үг байдаг нь тухайн орлогоос авах татвар гэсэн үг. Бид НӨАТ гээд буруу хэлээд хэвшчихсэн.

байна гээд ярьдаг. Үүнийг шууд хэрэглэгч дээр ирж байгаа татварын дарамт гэж ойлгоход хэцүү. Аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд, зардаг. Эцсийн үр дүнгээсээ татвар төлдөг. Тэгэхээр нийт үр дүнгээр тооцогдож байгаа зүйл биш бөгөөд хэрэглэгч дээр аж ахуйн нэгжийн орлогын албан татварын дарамт тэр чигээрээ ирчихэж гэж ойлгох нь бас хэцүү. Саяны хэлсэн 10 хувийн татвараас хэрэглэгчид ногдох хувь дээр ХХОАТ, НӨАТ гарцаагүй нэмэгдэж ирж байна. Ерөнхийдөө 20 гаруй хувийн татварын дарамт байна гэсэн үг.

-Нийгмийн даатгалын шимтгэл татвар мөн, биш гэж маргах тохиолдол цөөнгүй гардаг. Нийгмийн даатгал төлөх хүсэлгүй иргэд ч олон байна. Үүний шалтгаан юунд байна вэ?

-Нийгмийн даатгалын шимтгэл гэдэг зүйл татвар хараахан биш. Түүний зүй ёсны зорилго тухайн иргэн өөрийнхөө ирээдүйн баталгааг хангахад зориулж байгаа хуримтлалын хэлбэр юм л даа. Нийгмийн даатгал бол тухайн иргэн зүй ёсны дагуу бүрэн өсгөөд, буцаагаад авах ёстой мөнгө. Гэхдээ өнөөдөр манайх хуримтлалын тогтолцоонд хараахан бүрэн шилжиж чадаагүй. Нийгмийн даатгал иргэндээ зөв үйлчилдэггүй, хүний амьдралын баталгааг хангахуйц хэрэгсэл болж бүрэн чадахгүй байгаа юм. Тиймээс иргэд бидний төлж байгаа татвар дарамт юм байна гээд, зарим нь төлөх хэрэг байна уу гэж яриад байх шиг санагддаг.

Д.ЭРДЭНЭТУЯА

 

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

“Чингис хаан” одонт Бан Ги Мүн: Монголын түүх өнгөрсөн үед зогсож хоцорсон үйл явдал биш, үргэлжлэн хөгжиж буй амьд өгүүллэг юм DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан НҮБ-ын наймдахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сангийн тэргүүн  Бан Ги Мүн-д төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ.

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонт Бан Ги Мүн-ий хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

БАН ГИ МҮН 

Эрхэмсэг ноён  Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх,

Эрхэмсэг ноён  Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ,

Эрхэм хүндэт Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан,

Эрхэм хүндэт Монгол Улсын 7, 8 дахь удаагийн Их Хурлын дарга, Монгол Улсын

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Гомбожавын Занданшатар,

Эрхэм хүндэт зочид, хатагтай, ноёд оо.

Өнөөдөр би та бүхний өмнө Монгол Улсын төрийн дээд шагнал, “Чингис хаан” одонгоор шагнагдаж буйдаа туйлын их хүндэтгэл, талархлаар дүүрэн байна.

Энэхүү шагнал нь хувь хүний ололт амжилтыг үнэлэхийн зэрэгцээ хамгийн чухал нь  Монголын ард түмний баялаг түүх, цуцашгүй зоригийг бахдан тэмдэглэдэг баяр ёслол билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүх болон энэ нэр хүндтэй шагналын эзнээр намайг тодруулахад оролцсон бүх хүнд гүн талархал илэрхийлье.

Чингис хааны нэр алдар нь Монгол Улсын хил хязгаараас хальж алс хол цуурайтсан алдар суу бөгөөд хүч чадал, алсын хараа, шинэчлэл, уйгагүй шийдэмгий байдлын бэлгэдэл юм. 

Тэрээр манлайлал, тэсвэр тэвчээр, эв нэгдлийн хүч нөлөөг үнэт өв болгон үлдээсэн билээ. Энэхүү шагналыг эгэл даруугаар хүлээн авахдаа өдгөө түүний чиглүүлэн үлдээсэн  үнэт зүйлсийн ач холбогдол хэзээнээс ч илүү улам бүр чухал болохыг ойлгон мэдэрч байна.

Талцаж хуваагдсан мэт санагдах өнөөгийн энэ дэлхийд олон ард түмнийг нэгэн зорилгын дор нэгтгэж чадсан Чингис хааны агуу чадвар нь хамтын ажиллагаа, ялгаатай байдлыг хүндэтгэх үзэл, харилцан ойлголцлын ач холбогдлын чухлыг улам бүр ойлгуулж байна.

Энэхүү шагнал нь биднийг өөр хоорондын ялгаатай байдлаа давж, цаашдыг  харах, илүү сайхан ирээдүйн төлөө хамтран ажиллах их урам зориг өгч байна.

Агуу их Чингис хааны хажууд миний туулсан замнал өчүүхэн боловч миний туулсан бүх амьдрал Чингис хааны бүтээсэн төгс үзэл санаанд тулгуурлан бүрэлдсэн билээ.

 “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сан нь “байгаль эхийг эзэмших бус хүндлэн хайрлах учиртай” гэсэн үзэл баримтлалыг дагаж мөрддөг. Хүн төрөлхтөн хүрээлэн буй байгалиа хүндэтгэж байж гэмээнэ оршин тогтнох боломжтой.

2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөр  болон Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүний эрх, бүх нийтийн тэгш хөгжлийн суурь зарчмуудыг байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах шаардлагатай хослуулан тусгасан байдаг.

Эдгээр үнэт зүйлс нь агуу удирдагч Чингис хааны алсын харааг илэрхийлээд зогсохгүй өнөө үеийн Монгол Улсын Засгийн газрын алсын харааг ч төлөөлж байгаа гэдэгт миний бие итгэлтэй байна.

Хатагтай, ноёд оо,

Миний бие НҮБ-ын үзэл санааг хэрэгжүүлэхийн төлөө яриа хэлэлцээг хөгжүүлэх, олон талт хамтын ажиллагааг дэмжихэд амьдралаа зориулсан билээ. Боловсрол, олон нийтийн санаачилга, соёл хоорондын хамтын ажиллагаа зэрэг арга замаар бид бүгдийг холбосон гүүрийг бүтээж чадна гэдэгт би итгэдэг.

Харилцан ойлголцлын хүч нөлөөг би харж байсан. Харилцан ярилцах, үзэл бодлоо хуваалцах тусам бид бүгдээрээ хүн төрөлхтөн гэдэг том зургийн нэг хэсэг гэдгийг ойлгож байдаг.

Үүнтэй холбогдуулан хэлэхэд Монголын түүх өнгөрсөн үед зогсож хоцорсон үйл явдал биш, үргэлжлэн хөгжиж буй амьд өгүүллэг юм.

Энэ бол хүч чадал, дасан зохицох чадварын түүх юм. Харилцан уялдаатай сорилтуудаар дүүрсэн орчин үеийн ертөнцийн сорилтуудыг даван туулахад бидэнд  улам бүр чухал болж байгаа чанарууд юм.

Энэхүү шагналыг хүлээн авч буйтай холбогдуулан Чингис хааны өв уламжлалыг хүндэтгэн дээдэлж байхыг хүн бүрээс хүсэж байна. 

Өөрсдийн янз байдлаа хадгалахын зэрэгцээ эвлэлдэн нэгдэхийн төлөөх идэвх зүтгэл, бэрхшээлийг даван туулах эр зориг, энх тайвны төлөөх тууштай зүтгэл, хамтын хүчин чармайлтаа өргөжүүлэн хөгжүүлцгээе.

Эцэст нь, энэхүү шагналыг би зөвхөн өөрийн нэрийн өмнөөс төдийгүй харилцаа, хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын хүч чадал, үнэ цэнд итгэдэг бүх хүнд хүндэтгэл үзүүлэн хүлээн авч байна.

Энэхүү гайхалтай өндөр хүндэтгэлийг надад үзүүлсэн Монгол Улс болон Монгол Улсын Ерөнхийлөгч, эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүх Таны манлайлалд  дахин гүн талархал илэрхийлье.

Хамтын аяллаа үргэлжлүүлэхийг тэсэн ядан хүлээж байна. Тогтвортой болон энх тайван ертөнцийг хамтдаа бүтээцгээе.

Баярлалаа.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Сонин хэвлэлийн “үнэр”-т дурлаж өссөн минь DNN.mn

Миний хүүхэд ахуйд “сонины сурвалжлагч” гэдэг их л хүндтэй хүн байв. Аав минь “Архангайн үнэн” сонины сурвалжлагч, утга зохиолын ажилтнаар олон жил ажилласан Д.Доржсэнгээ гэдэг хүн байлаа. Хөдөө байнга томилолтоор явна. Баяр наадам болсон ч, зуд турхан тохиосон ч “хэзээд бэлэн” гэх зургийн “Зенит” аппаратаа зүүгээд, том хүрэн цүнхээ бариад, албаны машиндаа суугаад одно.

Хөдөөнийхөн “Сурвалжлагч” хэмээх нэрнээс нь ихэд сүрддэг ч том дарга ирсэн мэт хоймроо залан хүндэлдэг талаар ажлынхан нь ярьдаг байв. “Аав шигээ ингээд сурвалжлагч болоод, хүмүүсийн аж амьдралыг сурвалжлаад явж байх юмсан” гэж би битүүхэн мөрөөдөг байсан юм.

Хамгийн гоё нь аавынхаа ажил дээр очих байлаа. “Архангайн үнэн” сониныхон намайг андахгүй, “Гоёдоо ирлээ” л гэнэ. Аавын ажлын газрынхны хүүхдүүдийн концерт болдог байлаа. Би “Алтан тав гоё доо” гэдэг дуу дуулдаг. Тэгээд л “Гоёдоо” нэртэй болсон түүхтэй. Одоо ч энэ нэрээр минь дууддагт нь би их дуртай.

Сонины хэвлэх үйлдвэр, сонины үнэр гэж хачин гоё үнэр байдаг байлаа. Хэвлэгч эгч нар жижигхэн жижигхэн тугалган үсэг өрөөд, бүтэн сонин хийхийг харж гайхаж, бахархах шиг гоё зүйл байгаагүй. Үнэндээ аав минь сонин хэвлэлийн “гоё бүхэн”-д багаас минь дурлуулсан гавьяатан юм.

Аавын номын сан гэж арвин. Лениний ботиос эхлээд Маркс, Энгельсийн номууд, ер нь байхгүй ном гэж байхгүй. Аав “Миний хүүхдүүдэд үлдэнэ” гээд, номондоо их харам. Биднийг ном алга хийхэд их дургүй.

Аав “Миний охин орондоо битгий ном уншиж бай” гэж хэлнэ. Хүүхэд байсан болохоор зөрүүдлээд, хэргээр зүүн, баруун талаараа хэвтэж байгаад л орондоо ном уншдаг байлаа. Аав “Миний охин хожим нүдний шил зүүдэг болоод л аавынхаа хэлснийг ойлгох байх даа” хэмээн хэлдэг байж билээ. Орондоо ном уншсаны “үр дүн” ч гарч, би гэдэг хүн дөрөвдүгээр ангиасаа нүдний шил зүүх болсон юм.

Д.ЭРДЭНЭТУЯА

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугийг цэнгүүллээ DNN.mn

Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан жанжин Д.Сүхбаатарын талбайд Төрийн далбааг мандуулж, төрийн есөн хөлт Их цагаан тугийг нар зөв гороолон цэнгүүллээ. 

Их цагаан тугийг цэнгүүлэхэд торгон цэргүүд, Төрийн тусгай хамгаалалтынхан дагалдаж, Зэвсэгт хүчний үлээвэр найрал хөгжимд хүндэтгэлийн ая эгшиглэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 4 тоот зарлигаар Их эзэн Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон Шинжлэх ухааны академийн саналд үндэслэн Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон юм.


Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Д.Есөн-Эрдэнэ: Өнөөдрийн байдлаар 413 мянган тонн үр тариа хурааж аваад байна DNN.mn

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэтэй энэ жилийн ургац хураалтын талаар ярилцлаа.


-Энэ жил улсын хэмжээнд хэдэн га талбайд тариалалт хийсэн бэ. Одоогоор хэдэн тонныг хураагаад байна вэ?

-Энэ жил улсын хэмжээнд нийт 349.6 мянган га талбайд үр тариа тариалсан. Үүнээс улаанбуудай 316.7 мянган га, төмс 18.9 мянган га, хүнсний ногоо 18 мянган га, тосны ургамал 124.9 мянган га, тэжээлийн ургамал 92 мянган га талбайд тариалсан.

Өнөөдрийн байдлаар 413 мянган тонн үр тариа хурааж аваад байна. Үүнээс 377.5 мянган тонн улаанбуудай, 160.7 мянган тонн тэжээлийн ургамал, 56.0 мянган тонн тосны ургамал, 239.0 мянган тонн төмс, 221 мянган тонн хүнсний ногоо хурааж авсан гэсэн урьдчилсан мэдээтэй байгаа.Зарим бүс нутгуудад тэжээлийн таримлын ургац хураалт, тээвэрлэлтийн ажил зохион байгуулагдаж байна.

Тухайлбал, Хэнтий аймагт тэжээлийн таримлын татан авалт хийгдэж байна. Үндсэндээ ургац хураалтын ажил дууссан гэж хэлж болно. Ургац хураалтын нэгдсэн дүн арваннэгдүгээр сарын 15 гэхэд эцэслэж гарна.

-Улаанбуудайг аль аймгуудад голчлон тариалдаг вэ?

-Үр тарианы үйлдвэрлэлийг тариалангийн төвийн бүсэд голчлон эрхэлж байна Тухайлбал Сэлэнгэ, Төв, Булган, Хөвсгөл, Дорнод, Хэнтий, Дархан-Уул, Увс, Орхон аймгуудад голчлон тариалдаг. Тариалангийн тухай хуулийн дагуу аймгийн иргэдийн хурлын тогтоолыг үндэслэн Засгийн газрын 131 дүгээр тогтооолоор Тариалангийн бүс нутгийг тогтоосон. Тариалангийн бүс нутагт найман аймгийн 68 сум хамрагдаж байна.

-Манай улсын гурилын хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангахад дунджаар хэдэн тонн улаанбуудай хэрэгтэй вэ. Энэ хэрэгцээгээ бүрэн хангаж чадаж байгаа юу. Мөн төмс, хүнсний ногооны хэрэгцээгээ хангаж чадах уу?

-Гурилын хэрэгцээг бүрэн хангах улаанбуудайг тариалах нөөц боломж бидэнд бий. Дотоодын хэрэгцээгээ хангахад жилдээ 230-240 мянган тонн гурил шаардлагатай болдог. Энэ хэмжээний гурилыг үйлдвэрлэхэд 300-320 мянган тонн улаанбуудай хэрэгтэй гэсэн тооцоо байдаг. Төмс болон төмсний үрийн хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангаж байна. Мөн лууван, манжин, хүрэн манжин гэсэн гол нэрийн хүнсний ногооны хэрэгцээгээ ч хангаж байгаа. Байцаа, сонгино, сармис гэх мэт зарим төрлийн хүнсний ногооны тариалалт өнгөрсөн жилээс нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Бид ойрын хугацаанд голлох арван нэр төрлийн хүнсний ногооны хэрэгцээгээ дотоодоосоо хангана гэсэн зорилт тавин ажиллаж байгаа.

-Энэ жилийн ургац хураалтад ямар ямар саад тулгарч байв?

-Ургац хураалтын ажил богино хугацаанд явагддаг учраас хүн хүч ихээхэн шаарддаг. Тэгэхээр хүн хүчний асуудал чухал болоод байна. Мөн тээвэр, зохион байгуулалт, цахилгаан эрчим хүч тасалдах гээд асуудлууд тулгарсан. Байгаль цаг уурын эрсдлээс гадна тариалангийн талбайд мал орж ургац сүйтгэх гэсэн асуудлууд байсаар байна. Тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үүрэг бүхий улсын ургацын комисс ажилласан бөгөөд аймаг, орон нутагт зохион байгуулалттай холбоотой ажлыг хийж хэрэгжүүлсэн. Цаашид төр хувийн хэвшлийн хамтын түншлэлийн хүрээнд төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийг механикжуулах, тариалангийн талбайн хөрс хамгаалах ажлыг эрчимжүүлэх шаардлага байна.

-Цэргийн алба хаагч, оюутнуудыг ургац хураалтын ажилд хэр дайчилж ажилласан бэ?

Жил бүр цэргийн алба хаагчид болон оюутнууд ургац хураалтын ажилд нэмэлт хүч болон ажилладаг. Тариалан бүхий ААН-үүд Их, дээд сургуулиудтай гэрээ байгуулж, оюутнуудад хөдөлмөрийн хөлс өгөөд ажилладаг. Жилд дунджаар 1400 цэргийн алба хаагч, оюутан ургац хураалтад дайчлагддаг.

-Тариаланчид нэг тонн улаанбуудайг дунджаар хэдэн төгрөгөөр борлуулж байгаа талаар мэдээлэл бий юу?

-Худалдаж авах үнэ нь янз бүр байдаг. Хөдөө аж ахуйн корпораци стратегийн нөөцөнд улаанбуудай худалдаж авдаг. Одоогоор 40 орчим мянган тонныг худалдаж аваад байна. Нэг тонн улаанбуудайг тариа-ланчдаас ангиллаас нь хамаарч 900.000-1.150.000 төгрөгөөр худалдаж авдаг. Тариаланчид гурил үйлдвэрлэгчид харилцан үнээ тохиролцож худалдан авалтыг хийдэг. Цаашид биржээр улаанбуудай, улаанбуудайн үр тариалах ажлыг зохион байгуулна. Энэ намар улаанбуудайн биржийн арилжааг туршилтаар зохион байгуулсан.

-Хүнсний зориулалтаар нийлүүлсэн улаанбуудайн тонн тутамд улсаас мөнгөн урамшууллыг тариаланчдад олгодог. Энэ жилийн урамшууллын хэмжээ хэдэн төгрөг байхаар тогтсон бэ?

-Өнгөрсөн жилүүдэд тонн тутамд 80 мянган төгрөгийн урамшуулал олгодог байсан. Энэ жилийн тухайд мөн 80 мянган төгрөгийн урамшууллыг он гараад олгож эхэлнэ. Тариалан үйлдвэрлэлийн нэгдсэн систем /www.plant.mofa.gov.mn/, урамшууллын нэгдсэн систем гээд цахим систем бий. Энэ системээр дамжуулан тариаланчид урамшуулал авах хүсэлтээ гаргаж байгаа бөгөөд урамшууллыг цахим системээр олгодог.

-Ямар стандарт шаардлагыг хангасан улаанбуудайг хүнс үйлдвэрлэлд хэрэглэдэг вэ?

-Хүнсний буудайд тавигдах техникийн ерөнхий шаардлага MNS 0097:2010 гэж Монгол Улсын стандарт бий. Улаанбуудай нь тэр заасан шаардлагуудыг хангасан байх ёстой.

-Тариалан эрхлэгчдийг дэмжиж хэр хэмжээний зээл, тусламж өгч байна вэ?

-“Хөдөө аж ахуйн Корпораци” ТӨХХК нь тариалан эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэд хэдэн ажил хийгдсэн. Нэгдүгээрт, “Хүнсний хангамж, аюулгүй байдал Үндэсний хөдөлгөөн”-ий хэрэгжилтийн хүрээнд арилжааны 10 банкнаас жимс, хүнсний ногооны тариалан эрхлэгч 400 иргэн, аж ахуйн нэгжид 20.5 тэрбум, газар тариалангийн үйлдвэрлэгч 489 иргэн, аж ахуйн нэгжид 91.3 тэрбум, нийтдээ 111.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Хоёрдугаарт, “Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийн механикжуулалтыг сайжруулах, техник, технологийн шинэчлэл хийх зорилгоор тухайн жилд худалдан авсан техникт 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх” арга хэмжээнд 3.9 тэрбум төгрөг төлөвлөгдөж нийтдээ 137 иргэн, аж ахуйн нэгжид төмс, хүнсний ногооны тариалалт, хураалтын 100 ширхэг техник хөнгөлөлтөд хамруулсан. Үүний үр дүнд төмс, хүнсний ногооны 1200 га талбайн ажлыг механикжуулах боломжоор хангасан. Гуравдугаарт, “Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах тухай” Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолын хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээлийн асуудлыг шийдвэрлэж, 2023-2024 онд зоорь агуулах барих чиглэлээр нийт 69 иргэн, аж ахуйн нэгжид 63.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг арилжааны 10 банкаар дамжуулан олгосон бөгөөд үүний үр дүнд улсын хэмжээнд төмс, хүнсний ногооны зоорийн багтаамжийг 20 мянган тонноор нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн. Дөрөвдүгээрт, хаврын тариалалтад зориулан “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК нь хүсэлт гаргасан 359 аж ахуйн нэгж, иргэнд 11.6 мянган тонн улаанбуудайн үр, 50.1 тонн ургамал хамгааллын бодис, бордоог 10-30 хувийн урьдчилгаатай тус тус зээлээр олгосон.

Ө.Анхзаяа

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Цагдаагийн дэд хурандаа Б.Өсөхбаяр: Цахим залилагчдын амлаад байгаа шиг амархан мөнгө олох арга хаана ч байхгүй DNN.mn

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Өсөхбаяртай ярилцлаа.


-Сүүлийн үед олонд танигдсан сүлжээ дэлгүүрийн лого, нэрийг ашигласан ажлын байрны хуурамч зар цахимаар их түгсэн байна. Дэлгүүрээс гадна ямар байгууллагын нэр, логог ашиглан ажлын байрны хуурамч зар тавьж иргэдийг залилаад байна вэ?

-Иргэдийн цахим хэрэглээ жилээс жилд нэмэгдэж, үүнийг дагаад цахим орчинд үйлдэгдэх гэмт хэргийн гаралт нэмэгдэж, хохирлын хэмжээ ихэсч байна. Сүүлийн үед гэмт этгээдүүд Фэйсбүүк, Инстаграм, Телеграм зэрэг цахим платформуудыг ашиглан иргэдийг хуурч мэхлэх, залилах гэмт хэрэг эрс нэмэгдсэн.

Ялангуяа Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нэр бүхий байгууллага, аж ахуйн нэгжийн нэр, лого зэргийг ашиглан иргэдийг ажлын байранд зуучилна, гэрээсээ гаралгүй өндөр цалинтай ажил цахимаар хийгээрэй гэх мэтээр хуурч мэхлэх, дансыг нь ашиглаж иргэдээс залилсан мөнгөн гуйвуулгыг хийлгэх гэх мэтээр залилах асуудал их гарч байна. Үүний нэг жишээ нь “Е-mart” сүлжээ дэлгүүрийн нэр, логог ашиглан ажлын байрны хуурамч зар түгээж байгаа явдал юм. Ер нь иргэдийг хуурч болох бүхий л аргыг залилагч нар ашиглаж байна. Хамгийн гол нь иргэд цахим орчинд цензуртэй хандаж, хэрэглээний соёл хандлагадаа заавал өөрчлөлт оруулах хэрэгтэй байна.

-Он гарснаас хойш хэдэн гомдол, мэдээлэл ирээд байна вэ. Энэ төрлийн залилан нийт цахим залилангийн хэдэн хувийг эзэлж, хэр хэмжээний хохирол учраад байна вэ?

-Цагдаагийн байгууллагад энэ оны эхний есөн сарын байдлаар телеграм сүлжээнд үйлдэгдсэн залилах 277 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна. Өнөөдрийн байдлаар нийт 277 хохирогчид 3.9 тэрбум төгрөгийн хохирол учраад байна. Сүүлийн таван жилийн хугацаанд иргэдэд 297 тэрбум 717 сая төгрөгийн хохирол учирсан. Сэжигтэй этгээдүүдээр 108 тэрбум 476 сая төгрөг буюу 36.4 хувийг нөхөн төлүүлж, 1 тэрбум 788 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилсэн. Иргэд цахим орчинд ажилд зуучлуулж байна гэх нэрийдлээр танихгүй хүний данс руу мөнгөө шилжүүлж, хохирогч болоод буй нь хамгийн гол асуудал болоод байна.

-Иргэдийг ямар аргаар залилж байна вэ?

-Залилагч этгээдүүд бичиг баримт тулгаж, шалгахгүй гар утасны дугаар олгодог гадаад, дотоодын үүрэн холбооны оператор компаниудаас дугаар авах эсвэл, бусдын нэр дээрх болон бүртгэлгүй дугаарыг ченж нарын гар дээрээс худалдаж аваад Вайбер, Телеграм, Gmail, Facebook зэрэг платформд хуурамч бүртгэл үүсгэж, гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байна. Улмаар гэмт этгээдүүд хуурамч хаягаа ашиглан иргэдийг цахимаар залилах, хар тамхи худалдан борлуулах, насанд хүрээгүй хүүхдэд садар самуун сурталчлах, худал мэдээлэл тараах, тролл баг ажиллуулах зэргээр хувь хүн болоод нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх гэмт хэргүүд үйлдэж байна.

Хуурамч зар тавьж иргэдийг залилаад байгаа энэ хэргийн ард ямар хүн байдаг вэ. Тэдний сонирхол юу вэ?

-Ихэвчлэн амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго бүхий бүлэг этгээдүүд байна. Саяхан гэхэд л 40 гаруй этгээд бүлэг зохион байгуулалтад орж цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж, иргэдийг хохироосон томоохон хэргийг илрүүлэн цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Гэмт этгээдүүдийн дийлэнх нь залуучууд байгаад хувь хүний зүгээс сэтгэл эмзэглэдэг. Хүүхдийнхээ цахим орчин дахь хэрэглээнд багаас нь хяналт тавьж, ярилцаж байгаарай гэж эцэг эхчүүддээ энэ дашрамд зөвлөж байна.

-Ажлын байрны хуурамч зар тавьж иргэдээс урьдчилгаа авдаг гэж бодоход мөнгө нь ямар хүний данс руу шилждэг юм бол?

-Гэмт этгээдүүд хууль бус үйлдлээ далдлах, олсон мөнгөө бэлнээр гаргаж авах зорилгоор иргэдийн арилжааны банкны данс, интернэт банкны мэдээлэл, виртуал хөрөнгийн хэтэвч, зээлийн аппликэйшний мэдээллийг авч, олон тооны данс нээн төөрөгдөлд оруулах аргыг ихэвчлэн ашиглаж байна. Сүүлийн үед үйлдэгдэж байгаа нийт гэмт хэргийн 98 орчим хувьд арилжааны банкны данс, виртуал хөрөнгө, үүрэн холбооны утасны дугаар болон олон нийтийн сүлжээний хуурамч хаяг ашиглаж байна.

Ер нь бүхий л банкны дансыг ямар нэгэн байдлаар ашиглаж, бусдаар дамжуулах зэрэг аргаар иргэдийн мөнгийг авч байна. Өөрийн дансаараа бусдын мөнгийг гүйлгээнд оруулахгүй байхад анхаарч байгаарай гэж иргэддээ хэлмээр байна. Ийм тохиолдолд та ч гэмт хэргийн холбогдогч болж болохыг анхаарах хэрэгтэй. Хэдий таны банкин дахь хувийн данс боловч хууль бус мөнгөн гүйлгээ дамжуулж өгснөөрөө хэн нэгнийг хохироож, гэмт этгээдийн хууль бус үйлдэлд нь дэмжлэг үзүүлж байгаа шүү гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Залилсан этгээдэд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ. Хууль журмыг чангатгах шаардлага байгаа юу?

-Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол 450 мянган төгрөгөөс дөрвөн сая хүртэлх төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Харин энэ гэмт хэргийг үйлдэхдээ албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулсан бол арваас дөчин сая төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг. Мөн энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 5-12 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилж өгсөн байдаг. Ял шийтгэлийн бодлогын хувьд одоогоор өөрчлөх талаар санал хэлэлцүүлэгдээгүй байна.

-Ажлын байрны хуурамч зарыг хэрхэн таних вэ. Энэ төрлийн залилангаас иргэд хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Ер нь хуурамч зах гэхээсээ илүү ямар цахим хаягнаас зар мэдээлэл орсон бэ, тухайн байгууллагын албан ёсны хаягнаас түгээгдэж байна уу гэдгийг иргэд, олон нийт маань сайн харж, тодруулах шаардлагатай. Хуурамч хаяг бол андашгүй дээ. Хуурамч хаягнууд нэг төрлийн зарыг олон удаа түгээсэн, цахимд найзгүй, хандалт муутай байдаг. Хамгийн чухал нь тухайн байгууллагын албан ёсны хаяг мөн эсэхийг л сайн тодруулж, холбоо барьж байх хэрэгтэй байгаа юм. Орчин үед цахимаар ажилд авчихдаг, анкет бөглүүлээд ажлын гэрээ хийдэггүй байгууллага гэж бараг байхгүй.

Гэтэл иргэд маань ажилд зуучлуулна гэдэгт итгээд мөнгө шилжүүлээд, хохироод байгаа нь харамсалтай. Цахим орчинд нэр бүхий аж ахуйн нэгж, байгууллагын нэр хаягийг ашиглан гэрээсээ ажиллаад амархан мөнгө олоорой, өдрийн цалин өндөр шүү, цахимаар ажиллаад мөнгөтэй болоорой гэх агуулга бүхий зар мэдээллийг сайн нягталж, шалгаж байхыг иргэд олон нийтэд уриалж байна. Залилагчдын амлаад байгаа шиг амархан мөнгө олох арга дэлхийн хаана ч байхгүй гэдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй. Та энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон бол цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд яаралтай хандахыг зөвлөе.

Ө.АНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийгмийн сэтгэл судлаач Н.Оюундалай: Хүмүүс сэтгэлгээний хэт их доройтолд орсон учраас нийгэм бухимдалтай байна DNN.mn

Боловсрол, сэтгэл судлалын академийн захирал, нийгмийн сэтгэл судлаач Н.Оюундалайтай ярилцлаа.


-Нийгмийн сэтгэл судлал гэж юуг хэлдэг вэ?

-Нийгмийн сэтгэл судлал бол сэтгэл судлалын шинжлэх ухаан, социологийн шинжлэх ухаанаас салбарлан бий болсон биеэ даасан шинжлэх ухаан юм. Улс орнуудын нийгмийн уур амьсгалын өөрчлөлт нь энэхүү шинжлэх ухааны үүслийн суурь болсон. Тухайлбал, Дэлхийн нэг болон хоёдугаар дайны жилүүд, АНУ-ын их хямралын жилийн, улс орон бүрд л бий болоод байсан хэлмэгдүүлэлт, өлсгөлөн, ядуурал, баялгийн тэгш бус хуваарилалт гэх мэт олон хүчин зүйлсийг дурдаж болно. Нийгмийн сэтгэл судлал бол хүмүүсийн бодол санаа ямар байгаа, тэд бие биедээ хэрхэн нөлөөлж буй байдал, мөн бие биедээ хэрхэн ханддагийг шинжлэх ухааны үүднээс судалдаг шинжлэх ухаан юм.

Өөрөөр хэлбэл, нийгмийн сэтгэл судлал нь хувь хүмүүсийн ялгаатай байдал, хувь хүмүүсийн үнэлгээ, үнэлэмж, нийгэм ахуйн нөхцөл байдал эдгээр нь хүмүүсийн зан үйлд хэрхэн яаж нөлөөлж буйг олж илрүүлээд засаж сайжруулах арга ухааныг бий болгодог.

-Нийгэм их бухимдалтай байна гэж хүмүүс ярьдаг. Үүнийг хэрхэн тодорхойлдог юм бэ?

-Тийм ээ, нийгэм их бухимдалтай байна. Энэ бол их өргөн хүрээний асуудал юм. Яг одоо бид нийгмийн бухимдлын талаар яривал дуусашгүй их хугацаа орно. Нийгмийн бухимдлыг тодорхойлох, ил болгох олон арга аргачлал байна. Энэ нь ил тод шүү дээ. Нийгмийн стресс, байгууллагын стресс, гэр бүлийн стрессийн түвшинг тодорхойлоод байна л даа. Одоо бид манай нийгмийн стрессийн түвшин ямар байгааг бүхий л судлаач, хэн бүхэн ойлгож байгаа. Массын асуудалд онцгой анхаарах хэрэгтэй болжээ. Үүнийг л эерэг болгох үүднээс манай байгууллага 10 гаруй жил иргэдийн сэтгэл зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж, олон нийгмийн сэтгэл судлаачийг мэргэшүүлэн сургаж байна. Иргэдийг соён гэгээрүүлэх ажил өнөөдөр их дутагдалтай байна. Хүмүүсийн танин мэдэхүйн хөгжил нэлээд хаалттай байна. Зарим нэгэн иргэд маань юм мэдэхгүйгээсээ болж амьдралдаа алдаа гаргах, боломжоо олж харахгүй байх, өөрийн үнэлэмж бага байх зэргээс л бухимдал үүсээд байгаа юм.

-Нийгмээс авсан бухимдлаа гэр бүлдээ гаргадаг асуудал бий. Тэгэхээр энэ нь эргээд гэр бүлийн уур амьсгал, харилцаанд нөлөөлдөг байх.

-Тэгэлгүй яахав. Байгууллага хамт олны сөрөг уур амьсгал, найз нөхдийн сөрөг харилцаа хандлага гээд олон зүйл хувь хүний зан чанарт хүчтэй нөлөөлж байдаг. Гаднаас орж ирээд л гэр бүлийн хэн нэгэндээ байж боломгүй, зохисгүй харилцаа үүсгэдэг. Гэр бүлийн харилцааны олон асуудалд нийгмийн сэтгэл зүйн уур амьсгал хүчтэй нөлөөлж байгаагийн илэрхийллийн нэг жишээ энэ. Улс орон, нийгмийн зорилго нь юу юм бэ. Ердөө л эрүүл нийгмийг байгуулахад оршиж байгаа. Гэтэл одоогоор эрүүл бус нийгмийг байгуулчихаад үүнээсээ гарч чадахгүй сандарч тэвдээд байгаа ажиглагддаг. Тэгвэл эрүүл нийгэм гэж юуг хэлдэг юм бэ. Эрүүл нийгэм бол эдийн засгийн хямралгүй, нийгмийн гаж үзэгдэлгүй, нийгэм, улс төрийн байдал нь тогтвортой, иргэдийн олонхынх нь сэтгэл санаа амар амгалан байх. Хамгийн гол нь хүн ам нь эрүүл энх байхыг л хэлээд байгаа.

-Иргэдийг нийтээр нь бухимдуулаад байгаа өнөөгийн гол хүчин зүйл юу вэ. Замын түгжрэл, утаа зэрэг мөн үү?

-Миний бодлоор бол замын түгжрэл, утааны асуудал үүнд орно. Гэхдээ иргэдийн массын хэрэгцээ дутмаг байна. Сэтгэлгээний хэт их доройтолд орсон байна. Энэ нь улс орны ядууралтай холбоотой. Материаллаг баялгийн ядуурлаас илүүтэй сэтгэлгээний ядууралд их оржээ гэж харж байна. Оюун ухаан болон сэтгэлгээний ядуурал хэрээс хэтэрсэн. Үүнийг л арилгах гэж бид нийгмийн хөгжилд нэмэр болох үүднээс хандаад байгаа юм. Улс орныг ядуурлаас гаргах нэг том алхам бол яах аргагүй боловсролын шинэчлэл юм шүү. Манай боловсролд олон ч шинэчлэл хийлээ. Олон ч төсөл хэрэгжүүлэх гэж оролдсон, оролдсоор л байх юм. Харамсалтай нь үүний үр дүн яагаад гарахгүй байна вэ гэдгийг л судлаачид маань анхаарах хэрэгтэй. Эрс өөрчлөлт, ялангуяа чанарын өөрчлөлт хийх цаг нь аль эрт болсон.

-Олон улсад нийгмийн сэтгэл зүйг хэрхэн яаж үнэлж дүгнэдэг вэ?

-Өнөөдөр олон улс яг үүн дээр анхаарлаа хандуулж байна. Өөрөөр хэлбэл, нийгмийн дорвитой эерэг өөрчлөлт хувь хүний хөгжилд эерэгээр нөлөөлнө. Өнөөдөр олон улс орон нийгмийн хөгжлийн явц зогсонги байдалд орсон. Удаашралтай, буруу голдирол руу орсныг нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл, нийгмийн хөгжлийн гаж тогтолцооноос залхаж эхэлсэн. Одоо иргэдээ хөгжүүлж, боловсролд онцгойлон анхаармаар байна. Тэгэхээр нийгмийн сэтгэл зүйг судлаач бид үнэлбэл их л сул үнэлгээ тавина. Үүнийг өөрчлөх нэг гарц нь бидний хийгээд байгаа иргэдийг соён гэгээрүүлэх ажил юм шүү дээ.

-Тэгвэл нийгмийн стресс бухимдал эцсийн дүндээ ямар үр дүнд хүргэх вэ?

-Энэ чигээрээ төрийн нэгдсэн бодлогогүй, эмх цэгцгүй, зарчимгүй байгаад л байх юм бол дээр ярьсан эрүүл бус нийгмээ байгуулаад иргэд нь харанхуй бүдүүлэг, арчаагүй, сул дорой болж мөхөлд хүрнэ. Манайхан хэт ашгийн төлөө яваад байгаа нь энэ шүү дээ. Бидний өвөг дээдсийн эрхэм чанар алдагдаж, улс орноо тонон дээрэмдээд, ард иргэдээ үгүйрүүлэн хоосруулаад байгаа нь эмгэнэл. Энэ бүхнээс залхаж байгаа олон залуус минь сайн сайхан нийгмээ байгуулна гэдэг ойлголтоо умартаад харь орон руу боолын хөдөлмөр хийгээд ч хамаагүй амьдаръя гээд явж байна. Тэднийг буруутгах арга алга.

-Энэ байдлаас хэрхэн сэргийлэх вэ?

-Бид хувь хүний хөгжил, эрүүл мэндийн хөгжил, бие бялдрын хөгжил, нийгмийн хөгжил, улс төрийн хөгжил гээд маш олон хөгжил яриад л байгаа. Гэхдээ энэ бүхэнд өнөөдөр ухамсрын хөгжил яригдахгүй байгааг та бүхэн анзаарч байгаа байх. Ухамсрын хөгжил гэсэн сургалт байна уу. Алсын хараатай, нийгмийн сайн сайхныхаа төлөө ажиллаж байгаа олон залуус байна. Эдгээрийг дэмжих төрийн цэгцтэй бодлого үнэхээр үгүйлэгдэж байна. Хүний ухамсар сайжрах тусам алсын хараа сайжирч, цэгцтэй бодож тунгааж, өөрийгөө болон бусдыг үнэлж, хөгжинө, сэтгэнэ, төлөвлөнө. Ийм л иргэдийг бий болгох нь бидний зорилго. Энэ бүхнийг өөрчлөхийн төлөө манай Боловсрол сэтгэл судлалын академи төгсөгчдөөсөө бүрдсэн нийгмийн сэтгэл судлаачдын холбоог өнгөрсөн хавар байгуулсан. Мөн 21 аймагт салбар холбоогоо байгуулан ажиллаж байна. Иргэдийн ухамсар сэргэсэн цагт л амьдралын чанар өөрчлөгдөнө.

-Нийгмийг бухимдал, стресстэй байлгах нь улстөрчид, улс төрийн намд ашигтай байдаг уу?

-Энэ чинь бидний доройтлыг батлаад байна. Энэ олон намууд чинь хүмүүсийн хэрэгцээн дээр нь тоглолт хийгээд байгааг харж байгаа биз дээ. Тиймээс улстөрчид, намууд ч мөн улс орноо манлайлъя, удирдъя гэж л байгаа бол өөрсдөө нийгмийн сэтгэл судлаачаар мэргэшин суралцаж, сэтгэлгээний өөрчлөлт хийх хэрэгтэй. Манай академийн уриа болон биднийг урагш тэмүүлэхэд ташуур болж байдаг их эзэн Чингэс хааны хэлсэн үг байдаг. Тэр бол “Улсаа аваръя гэвэл үндсээ авар, Үндсээ аваръя гэвэл сэтгэлийг нь авар” гэсэн үг. Энэ үгийн мөн чанарыг төрд суусан түшээд минь ойлгон ухамсарлах хэрэгтэй. Манай нийгмийн ирээдүйг гэрэл гэгээтэй болгоход хүн бүрийн хичээл зүтгэл, шударга байх, хүндэтгэл, хайр, найдвартай байдал зэрэг олон зан чанар хэрэг болно гэж бодож байна.