Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат: Цахим залилангаар мөнгө угааж үндэсний эрсдэлийг бий болгож байна DNN.mn

“Мөнгө угаах гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа: Тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өчигдөр болов. Энэ үеэр Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбаттай ярилцлаа.


-Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж байгаа асуудлыг холбогдох байгууллагууд ярилцаж байна. Эрдэм шинжилгээний хурлаас ямар үр дүнг хүлээж байна вэ?

-Авлигатай тэмцэх ажлын хүрээнд бидний хийх нэг ажил бол үндэсний хууль тогтоомжийг боловсронгуй болгох, үүн дотроо мөнгө угаах гэмт хэргийг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтыг сайжруулах ёстой. Хууль хэрэглээн дээр шүүмжлэлтэй ч асуудал байна, ололттой ч тал байна. Олон улсын санхүүгийн байгууллага ФАТФ-аас манайд ямар зөвлөмж өгсөн, олон улсын стандарт шаардлага нь ямар байдаг гэдгийг манай эрдэмтэн судлаачид илтгэлдээ дурдаж байна. Олон улсын авлигын эсрэг конвенц, Венийн конвенц зэрэгт мөнгө угаах гэмт хэргийн шаардлагыг зааж өгсөн. Гэхдээ тухайн улс орон өөрсдийнхөө эрх зүйн онцлогтой уялдуулж бий болгоорой гэж хэлж өгснөөс биш ягштал мөрдөхийг шаарддаггүй. Энэ бүхнийг бид уялдуулж, тэнцвэртэй, олон талаас нь шингээсэн байдлаар зохицуулах ёстой юм. Манайх эх газрын эрх зүйн системтэй улс орон шүү дээ.

Манай улсын эрүүгийн нөхцөл байдал, гэмт хэргийн онцлог зэрэгтэй уялдуулж хуульчлах асуудал байгаа юм. УИХ, Засгийн газраас шинээр хэрэгжүүлж эхэлж байгаа эрх зүйн шинэчлэлийн бодлоготой цаг үеийн хувьд тааруулан энэ талаарх нөхцөл байдлаа дүгнэх, гарц шийдлийг хэрэгжүүлэх тухайд чиглэсэн арга хэмжээ гэж үзэж болно.

-Мөнгө угаах гэмт хэрэг гэж яг юуг хэлээд байна вэ?

-Гэмт хэргийн улмаас бий болсон хууль бус орлого, мөнгийг хэлээд байгаа юм. Гэмт хэргийн улмаас олсон орлого, эд хөрөнгийг хууль ёсных юм шиг харагдуулж санхүүгийн системд шилжүүлж дахин ашиг хүртээд байгаа үйл явц. Энэ нь бусад гэмт хэргээ бодоход нийгэмд үзүүлэх хор хөнөөл өндөр байдаг. Санхүүгийн систем дотроо ялгаж танихад бэрхшээлтэй. Ямар гэмт хэрэг дээр суурилах вэ гэхээр маш их хэмжээний хохирол учруулсан хэрэг буюу хулгайлах, залилах, албан тушаалын гэмт хэрэг, хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн эсрэг гэмт хэрэг, кибер гэмт хэргүүд байна. Сүүлийн үед блокчейн дээр суурилсан криптовалютын хэргүүд бий болсон.

Нэг үеэ бодоход нийгэм энэ төрлийн хэргийн талаар ойлголттой болсон. Мөрдөн шалгах байгууллагуудад ч практик бий болсоор байна.

-Мөнгө угаах гэмт хэргийн нөхцөл байдал манайд ямар байна вэ?

-Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйл мөнгө угаах гэмт хэрэгт 2021 онд 329, 2022 онд 336, 2023 онд 308 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Хэргийн шийдвэрлэлтийн хувьд 2021 онд 70 хэрэгт, 2022 онд 80, 2023 онд 88 хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг.

2024 оны эхний хагас жилийн байдлаар 226 хэрэгт хяналт тавьж, 34 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээд байна. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас 322.1 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 13.5 тэрбумын хохирлыг нөхөн төлүүлж, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад 39.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө битүүмжилж, 70.3 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хураан авсан.

-Хэргийн шийдвэрлэлтийн хувьд нэлээд бага хувьтай харагдаж байна. Мөрдөх байгууллагууд дээр авлига албан тушаалын томоохон хэргүүд замхардаг гэдэг хардлага нийгэмд байдаг. Шийдвэрлэлтийн энэ хувиас харахад олон нийтийн шүүмжлэл бодогдож байна л даа?

-Мөнгө угаах гэмт хэргийн цаад суурь гэмт хэрэг нь их хэмжээний хохирол учруулсан, албан тушаалтай холбогдсон, ялангуяа гадаад улс руу хөрөнгө шилжсэн, үүнтэй холбоотойгоор гадаадаас эрх зүйн туслалцаа авах ажиллагаанаас болж хэрэг удаашрах нөхцөл бий болдог. Эрх зүйн туслалцаа авах ажиллагааг прокурорын байгууллага зохион байгуулах үүрэгтэй байдаг. Энэ ажиллагаанд сүүлийн жилүүдэд нэлээд ахиц гарсныг онцлох ёстой.

-Сүүлд томоохон албан тушаалтан Казахстан улс руу мөнгө гаргаад барилга болгочихсон дуулиан дэгдсэн. Мөнгө угаах нь санаатай үйлдэгддэг үү?

-Мөнгө угаах гэмт хэрэг санаатай үйлдэгддэг.

-Энэ төрлийн хэргийн шийдвэрлэлтийг харахаар холбогдсон хүмүүс “Хуулийн дагуу ажилласан. Хэлмэгдүүлчихлээ” гэдэг байр суурь илэрхийлэх нь түгээмэл болсон. Энэ тал дээр та ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Ер нь тухайн хүн гэм буруугаа нотлох үүрэг хүлээхгүй. Гэхдээ цугларсан нотлох баримтыг үнэлэх дүгнэлт өгөх хүн нь прокурор, өмгөөлөгч, шүүгч. Мөрдөх байгууллага зөвхөн нотлох баримт цуглуулна. Прокурор түүн дээр үнэлэлт өгч саналаа гаргадаг. Хавтаст хэргийг уншиж судлаад нотлох баримттай танилцаад ирэхээр хууль зүйн дүгнэлт өөр болно. Мэргэжлийн хуульчид л хууль зүйн дүгнэлт өгнө.

Нөгөө талаар мөрдөн шалгах ажиллагааны арга тактик онцлогтой. Бүхнийг ил тавиад өгчихөөр бодит байдлыг тогтоох ажиллагаанд саад учирна. Тиймээс арга тактик ажиллагаа нууцлалтай байдаг. Тиймээс бид мөрдөн шалгах ажиллагаа явуулах нөхцөл боломжийг нь хангаж өгөх ёстой.

Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагаанд тулгарч байгаа асуудал ганц манай улсад байгаа юм биш. Олон улсын санхүүгийн систем даяарчлагдчихсан. Шинэ төрлийн санхүүгийн механизм арга хэрэгслүүд бий болсоор байна. Криптовалютын тухай ойлголт манайд 10 жилийн өмнө байсангүй. Нэг ёсондоо шинэ сорилтууд Монгол Улсад төдийгүй олон улсад бий болсоор байгаа. Дэлхий нийтээрээ хэрхэн яаж үр дүнтэй тэмцэх тухай эрэлхийлэл явагдсаар байна. Бид ч олон улсын сайн туршлагаас суралцах, нутагшуулах, таньж мэдэх чиглэлээр олон улсын төсөл хөтөлбөр, байгууллагатай байнга ажиллаж байна. Үүнд үндэсний дархлаа, эрх зүйн хамгаалалт байх ёстой.

Мөнгө угаах гэдэг зөвхөн цагаан захтны ч хэрэг биш. Санхүүгийн мэдлэгтэй хүмүүс хийх боломжтой. Залилангийн гэмт хэрэг гэхэд маш их хэмжээний хохиролтой, улс дамначихсан үйлдэж байна шүү дээ.

-Мөрдөгч, прокурор зэрэг хуулийнхан өөрсдөө энэ төрлийн хэргийг мөрдөхөд нарийн мэдлэг чадвартай байхыг шаарддаг. Энэ тал дээр ямар бодлого баримталж байна вэ?

-Бид хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах тал дээр байгууллага бүр дотроо зохион байгуулж байна. Бид аль болох нэг ойлголтод хүрэхийн тулд гадаад дотоодын сургалтад мөрдөх байгууллагатайгаа зэрэгцэж сууж байж ойлголтоо авч байгаа юм. Цаашдаа мөнгө угаах гэмт хэргийн мөрдөн шалгах, яллах, таслан шүүх ажиллагаа хууль тогтоомжоо нэг мөр ойлгодог байхын тулд нэг ойлголттой явж байж ажиллагаанд ахиц гарна.

-Саарал жагсаалтад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой асуудлаар манайх бүдэрч орж байсан удаатай. Ер нь манайд энэ төрлийн эрсдэл үргэлж байдаг гэсэн үг шүү?

-Олон улсын санхүүгийн ФАТФ байгууллага манайхыг эрсдэлтэй орчин гэж үзээд байдаг юм. 2019 онд саарал жагсаалтад оруулаад есөн сарын дараа гаргаж байсан. ФАТФ-аас өгч байгаа зөвлөмжийн дагуу Монгол Улс байнга тайлангаа тавьдаг. Хамгийн сүүлд 2023 онд 40 зөвлөмжийг бүрэн биелүүлсэн Азийн анхны улс гэдэг үнэлгээ авсан. Өнөөдөр Саудын Арабад Ази, Номхон далайн орнуудын байгууллагуудын хурал дээр Монгол Улсыг сайшаасан тухай дуулсан.

Гэхдээ бид тайвшрах борлоогүй. 2029 онд дахин үнэлүүлнэ. Түүнээс өмнө хийх хөтөлбөр төлөвлөгөө байна. Үндэсний хууль тогтоомж, үндэсний системээ дархлаажуулах ажил байгаа юм. Түүнд бэлдэж байгаа нэг ажил бол өнөөдрийн энэхүү арга хэмжээ.

-Хурлын үеэр шүүх байгууллагын зүгээс энэ төрлийн хэрэгтэй тэмцэхэд шүүхийн эрх хэмжээ хязгаарлагдмал гэдгийг онцолж байсан. Тэгвэл прокуроруудад ямар бэрхшээл байна вэ?

-Ерөөсөө мөрдөн шалгах байгууллагууд хуулийг нэг мөр хэрэгжүүлэх ёстой. Хуулийнхаа стандарт шаардлагыг боловсронгуй болгох тухай юм. Мөнгө угаах гэж юуг хэлэх, суурь гэмт хэргээ хэрхэн тодорхойлох ёстой юм гээд явах хэрэгтэй байгаа. Үүнийг тодорхойлохын тулд үндэсний эрсдэлийг тодорхойлох ёстой байдаг. Манайх 2017 онд үндэсний эрсдэлийг тодорхойлсон. Өнөөдөр нөхцөл байдал өөр болсон. Монголд авлига албан тушаалын хэрэгтэй зэрэгцээд үндэсний эрсдэлийг бий болгож байгаа том асуудал цахим орчинд хохирол учруулж байгаа гэмт хэрэг болж байна. Тиймээс энэ чиглэлд түлхүү анхаарах шаардлагатай байна.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Сумдыг нэгтгэх нь амьдралын шаардлагаар үүссэн ажил” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалантай ярилцлаа. Тэрбээр “Хөдөлмөрийн чадвартай хүнд хүнсний
талон өгөхгүй” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч асан Б.Лхагважав “НӨАТ-ын 90 хувийг нь хүртэл буцаан өгч болно” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Сумдыг нэгтгэх нь амьдралын шаардлагаар үүссэн ажил” хэмээн өгүүллээ.

Доктор Ц.Алтантуяа “Нойр булчирхайн үрэвсэлтэй хүүхдүүд үргэлж шарсан хиам өндөг, чипс, ундаа идэж уусан өгүүлэмжтэй байдаг” гэлээ.

Энэ намар малчид өөрсдөө өвсөө хадаж, өвлийн бэлтгэлээ базааж эхэлсэн байна

Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын дүү өөрийн хувь эзэмшлийн компаниараа дамжуулж гадаадын хөрөнгө оруулагчдаас 60 тэрбум төгрөг дээрэмдсэн гэх агуулгатай мэдээлэл нэр бүхий сайтад нийтлэгдсэн байдаг. Тэгвэл Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын төрсөн дүү Д.Баатарын хувь эзэмшлийн компани гэх “Олгой булаг’’ ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэтэй уг мэдээллийн мөрөөр ярилцлаа.

ДЭЛХИЙН МЭДЭЭ:  Оросын цөмийн шинэ номлолыг дэлхий дуу нэгтэй буруутгав

АРЫН НҮҮР: Халуурах нь тийм ч муу зүйл биш


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы  баасан гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-ы “Фото агшин” буланд гэрэл зургаа нийтлүүлээрэй DNN.mn

Монголын хамгийн олон уншигч, захиалагчтай Өдрийн сонины арын нүүрний “Фото агшин” буланд уншигч та бүхэн гэр бүл, найз нөхөд, хамт олон, арван жил, аялал, амралт зугаалга, амьдралын дурсамжтай, хөгтэй түүхэн, агшнуудыг буулгасан ховор нандин гэрэл зургуудаа нийтлүүлж ойр дотны хүмүүстээ бэлэг болгон барих боломжийг та бүхэнд олгож байна.

Мөн хайртай хүмүүсийнхээ төрсөн өдрийг тохиолдуулж Өдрийн сонинд зургийг нь нийтлүүлэх нь санаанд оромгүй, мартагдашгүй бэлэг болох нь дамжиггүй.

Та доорх гар утсаар холбоо барьж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Гэрэл зураг хүлээн авах мэйл:  tsetsen_ub@yahoo.com Утас: 99726006

Өдрийн сонины Арын нүүрний “Фото агшин” буланд уншигч, захиалагчдаас ирүүлж нийтлүүлээд буй гэрэл зургуудыг танилцуулж байна.

news-img

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарын намар DNN.mn

Улаанбаатарын намар аажуухан бөгөөд нүсэр эхэлнэ. Замын түгжрэл махны болон бараан захууд, бичиг хэргийн дэлгүүрүүдээс эхэлж “сургуульдаа эргэж ирэх боллоо” гэсэн самбарууд энд тэндгүй харагдаж гудамж талбайд сургуулийн хүүхдийн дүрэмт хувцасны үзэсгэлэн алаглана. Үүнийг харсан багачууд хүүхдүүд нөгөө Говь-Алтайн хүү шиг уцаарлангуй “Заа за” гэж хэлэн санаа алдана.

Харин төгсөх ангийн хөвгүүд охид сэтгэл сэмрэн дэгэлзэх амой. Жимс, самрын худалдаа гадуур дэлгэгдэж, “Намрын ногоон өдрүүд” хэмээх хүнсний ногооны худалдаан дээр хүмүүс орж гаран шинэ ногоо дуртайяа худалдан авна. Хүмүүсийн хөдөлгөөн нэмэгдэж зунжин намдуу байсан баар саваар залуус шавж амьд хөгжимтэй уушийн газарт бөмбөр тас нясхийн гуулин цангаас нь ойсон гэрэл бүдэг танхим дотор гилс гилсхийн харагдаж зөөгчид шогшилдон гүйлдэж захиалсан зүйлсийг нь аваачих нь хөөртэй. Стадионы задгай талбайд том том тоглолт болж халамцуу залуус бүжиглэн шөнө дөлөөр алаглан харагдах салютын гэрэлд гэрээдээ хос хосоороо одоцгооно.

Модод одоо л нэг шарлах тэмдэг суусан ч цэл ногооноороо л байна. Оюутан сурагчдын хичээл эхэлж зам пиг болон түгжирч яг үүнийг нь анаж байсан мэт дулааны шугам, зам боржуур (бродюр)-ын засварууд ар араасаа эхэлж улам л төвөгтөй болгох ажаам. Хот тэр аяараа дүүрэн хахаж битүү нүргэлсэн дуу өглөөний долоон цагаас шөнө дөл болтол хүнгэнэх нь амьдралын дуу хоолой гэлтэй. Модод шаргалтаж навчис цардмал талбай дээр хөглөрөн унаж залуу охид түүнийг нь уяран харж цэвэр хэсгээр нь навчин титэм хийн толгойдоо зүүж хөгжил хөөртөй бүх юм дэлгэрэн цэцэглэх хавар цагийг мөрөөдөн зөгнөнө.

Хотын хүмүүс шувууд буцсан эсэх, буга урамдаж байгаа эсэхийг огт анзаарахгүй. Улаанбаатарын намар удаж, удаж анхны цаснаар л дуусах авай.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүний гавьяат эмч Д.Өлзийбаяр: Хөгжил буурай орноос чанар тааруу, хямд эм оруулж ирж эмийн бизнес цэцэглэж байгаа нь үнэн DNN.mn

Анагаах ухааны доктор, дэд профессор, Монгол Улсын хүний гавьяат эмч Д.Өлзийбаяртай ярилцлаа.


-Мэдрэлийн өвчин гэж ямар өвчнүүдийг хэлэх вэ. Түүнийг эмчлэхэд эмийн эмчилгээ хэрхэн нөлөө үзүүлэх вэ?

-Мэдрэлийн тогтолцооны эмгэг гэдэг бол өргөн хүрээний ойлголт. тархи, нугас, захын мэдрэлийн бүтцийн болон үйл ажиллагааны өвчнүүд багтдаг. Манай Улсын хувьд дэлхийн бусад орнуудтай ойролцоо хүн амын дунд насны бүлгээс хамаарчбүлэг бүрт тохиолдох эмгэг, тархалт өөр, өөр байдаг. Нярай хүүхдэд эхийн эрүүл мэнд, эмгэг төрөлттэй холбоотой тархины харвалт, менингит ихэвчлэн тохиолддог. Бага насны хүүхдүүдэд мэдрэлийн халдварын өвчнүүд, ухаан алдах, унаж татдаг шинжээр илэрдэг эпилепси зонхилон илэрнэ. Насанд хүрэгчдэдтархины судасны эмгэг, толгойн өвдөлтүүд,тархины харвалт, захын мэдрэлийн өвчнүүд элбэг талдаа. Нас ахих тусам танин мэдэхүйн хүрээний эмгэг, ой тогтоомж буурах буюу тэнэгрэлийн эмгэг нь түлхүү оношлогддог. Насанд хүрсэн хүн амын дунд тархины судасны эмгэг, тархины харвалтууд цөөнгүй тохиолдож байгаа нь тулгамдсан асуудал юм.тархины судасны өвчний үндсэн шалтгаанд нь артерын даралт ихсэх, чихрийн шижин, судасны хатуурал, судасны зарим гажгууд багтана. Мэдрэлийн халдварын өвчнүүд вирусын халдвар ихсэх үедилүү тохиолддог. Мэдрэлийн өвчний оношилгооны техник, технологи манай улсад сүүлийн үед эрчтэй хөгжиж, өвчнийг эрт илрүүлэх боломж сайжирч байна.Өвчнийг цаг алдалгүй эмчлэх, оношлох боломж бий болсон.

Мэдрэлийн эмчилгээний үндсэн зарчим нь нэгдүгээрт эмийн, хоёрдугаарт эмийн бус, гуравдугаарт мэс заслын эмчилгээ байдаг. Мэдрэлийн өвчний цочмог үеийн дараа сэргээн засах эмчилгээ томоохон үүрэгтэй. Мэдрэлийн өвчний эмчилгээ нь харьцангуй удаан хугацаа, хяналт, дэглэм шаарддагаараа бусад эмгэгээс ихээхэн ялгаатай. Жишээлбэл, хүн амын дунд цөөнгүй тохиолддог эпилепси (уналт,таталт, алдах шинж тэмдгээр илэрдэг) өвчний эмчилгээний дундаж хугацаа 3-5 жил. Энэ хугацаанд өвчтөн эмчийн заавраар таталтын эсрэг эмийг тасралтгүй, тогтмол уух, эмчийн хяналтад эмчилгээг үргэлжлүүлэх шаардлагатай. Сонгосон эмийн үйлдэл, гаж нөлөөг бусад эрхтэн тогтолцоонд учруулах хор хөнөөлийг эмч маш нарийн тооцдог. Эмийн эмчилгээ удаан хугацаагаар үргэлжлэхэд эмийн гаж нөлөөнөөс гадна эмийн хамааралт байдал үүсдэг. Тиймээс мэдрэлийн өвчний эмчилгээг эмчийн хяналтад цаг тухайд нь хийлгэж байхгүй бол өвчин даамжирч янз бүрийн үлдэц, урхаг байдал бий болох талтай. Сүүлийн жилүүдэд мэдрэлийн практикт өргөн хэрэглэдэг таталтын эсрэг зарим бэлдмэлийг мансуурах зорилгоор хэрэглэж, судас бөглөрөх, үе мөчөө тайруулах хүндрэлд хүргэж байгааг тал талдаа анхаарч, эмч, эм зүйч, эмийн жор баригчид туйлын болгоомжтой байх, тухайн эмийг хэрэглэж буй өвчтөнүүд эмээ зохистой хадгалах, бусдад ашиглах боломж олгохгүй байх хэрэгтэй.

-Мэдрэлийн эмчилгээний үндсэн зарчим нь нэгдүгээрт эмийн эмчилгээ байдаг гэлээ. Манайд эмийн чанар муу гэх зэрэг олон асуудал яригддаг. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Бид өвчтөнүүддээ аль болох гаж нөлөө багатай, олдоц сайтай эмүүдийг сонгодог бөгөөд эмчилгээний үр дүн хэрэглэж буй эм, бэлдмэлийн чанараас шууд хамаардаг. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн хаврын УИХ-ын чуулганаар эмийн чанар, үнийн өсөлтийг шинжлэн судлах нээлттэй сонсголоор хараат бус шинжээчид болон олон нийт санаа бодлоо илэрхийлсэн. Хэрэглэж байгаа зарим эмүүд чанар муутай, үр дүнгүй, үнэ хэт өндөр байгаа тухай нээлттэй сонсголоор ил болсон. Энэ нь амьдрал, практик дээр бидэнд өдөр тутам ажиглагдаж байгаа асуудал. Чанарын шаардлагад хүрэхгүй эм бэлдмэлүүдийг хэрэглэхэд үр дүн муу байгаагаас тунг нэмж уух, хугацааг сунгах зэргээс үүдсэн эрүүл мэнд, эдийн засгийн хор хохирлын хэмжээ их байгаа нь ажиглагддаг. Тийм учраас манай мэдрэлийн практикт хэрэглэж байгаа эмүүд нь олон улсын стандартад нийцсэн үнэхээр баталгаатай эм байж гэмээнэ нь эмчилгээний үр дүнг сайжруулах, хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд илүү үр дүнтэй.

Мөн бидний эндээс болон гадаадаас авч ууж байгаа эмүүдийг харьцуулахад үйлчилгээ тэс ондоо байдаг нь хамгийн энгийн жишээ. Эмийн компаниуд хямд үнэтэй, чанар муутай эмүүдийг оруулж ирж, ашиг хүртэж байгаа гэдэгт би хувьдаа эргэлздэггүй. Хүмүүс уугаад л хэрэглээд байгаа хэрнээ өвчин нь илааршдаггүй байдлууд гарсаар байгаа. Ялангуяа мэдрэлийн өвчтөнүүд дунд олон жилээр эм уудаг хүмүүсээс гомдол тасралтгүй ирдэг. Тиймээс өнгөрсөн хаврын УИХ -ын нээлттэй сонсгол ил болсон асуудлуудаа цэгцэлж, жинхэнэ ажил хэрэг болгох шаардлагатай.

Ирэх аравдугаар сарын 1-нээс эмийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар эм бэлдмэлийн сурталчилгааг олон нийтийн сүлжээнд зогсоож байгаад талархаж байна.

-Тогтмол хэрэглэдэг жортой эм болон ханиад томуугийн үед хэрэглэдэг эмнүүдийн чанар муу ч их үнэтэй зарагдаад байна гэдэг.

-Хил, гааль татвараас хамаарч эм үнэтэй зарагддаг байх. Хамгийн гол нь сайн, чанартай эмнүүд үнэтэй байдаг. Чанартай, үнэтэй эмнүүдийг байнга уудаг хүмүүст эрүүл мэндийн даатгалаар тодорхой хэмжээгээр хөнгөлөх хууль журмыг төр эрх үүргийн хүрээнд гаргана.Чанартай, баталгаатай эм бэлдмэл хэрэглэж байж эмчилгээ үр дүнтэй болж, өвчтөний амьдралын чанар сайжирна.

Хөгжил буурай орноос чанар тааруу, хямд эм оруулж ирж эмийн бизнес цэцэглэж байгаа нь үнэн. Эмч нар эмийг хэт шүтэж, эмийн бизнес гаарахад бас нөлөөлснийг үгүйсгэх аргагүй. Манай зах зээл бага гэдгээс үүдэн сайн чанарын эм, бэлдмэлүүд төдийлөн орж ирдэггүй. Үүн дээр зөв зохицуулалт хийж чадвал бид чанартай, олон улсад баталгаатай эм, бэлдмэл хэрэглэх боломж байгаа.

-Эмчид үзүүлж жорын дагуу эм авах гэтэл тухайн эм нь эмийн сангуудад тасарчихсан, олддоггүй. Эм зүйчид адилхан үйлчилгээтэй гэх зэргээр өөр эм санал болгодог. Энэ нь хэр оновчтой вэ?

-Эмийг сонгоход үндсэн үйлчилж байгаа бодис гэж байна. Худалдааны нэр гэж бий. Үндсэн бодисыг агуулж байгаа эмийг жор баригчид өгч болно. Ойролцоо үйлчилгээтэй гэх байдлаар иргэдэд өөр эмийг огт өгч болохгүй.

Нөгөө талаас манай мэдрэлийн өвчтөнүүдийн ууж байгаа эмийг эм зүйч, жор баригч нар эмчийн бичсэн жорын дагуу зохих тунгаар нь олгох үүрэгтэй. Эм зүйч нар эмийг хэрэглэх явцад гарч болох гаж нөлөөний талаар холбогдох зөвлөгөөг үйлчлүүлэгчид өгч болох ч эмчийн бичсэн эмчилгээн дээр дахиж шүүмж хийгээд, энэ эм чинь хортой, яагаад ийм эм уудаг болсон юм гэх зэргээр толгойг эргүүлэх нь цөөнгүй. Энэ нь эмч, эмнэлгийн ажилтны ёс зүйн талаас ч тэр, өвчтөнд үзүүлэх хандлага ч зохимжгүй. Хэрэв эмч илт алдаатай жор бичсэн байвал тухайн эмчтэйгээ холбогдож лавлаж болно. Мэдээж эм бүр хортой. Гагцхүү тэр эмийн тун, хэмжээ, харилцан үйлдлийг тааруулах нь эмчийн ур чадварын асуудал.

Манай улсад архаг өвчтэй хүмүүсийн хувьд бие биедээ аман мэдээлэл дамжуулах, нийгмийн сүлжээнд гарч байгаа мэдээллийг ашиглаж, янз бүрийн эм, биологийн идэвхт бодисыг дураараа хэрэглэх явдал түгээмэл байдаг. Энэ нь нэг талаас баталгаагүй эм, бэлдмэл хэрэглэснээрээ эрүүл мэнд, эдийн засгийн хувьд хохирол амсах сөрөг талтай. Архаг өвчтэй хүмүүс эмчтэйгээ маш сайн зөвлөж, эмчилгээгээ сонгох нь ихээхэн үр дүнтэй. Мөн эмийн эмчилгээнээс гадна эмийн бус эмчилгээ, дэглэм маш чухал. Тархины судасны өвчин оношлогдлоо гэхэд тархины харвалтаас сэргийлэхийн тулд нэгдүгээрт артерын даралтаа хянаж, хоёрдугаарт, насандаа таарсан хөдөлгөөн хийх, гуравдугаарт цаг агаар, улирал, өөртөө тохирсон хоол хүнс хэрэглэх нь энэ өвчнөөс сэргийлэх гол арга зам юм. Хүн амын дунд өргөн хэрэглэж байгаа тархины тэжээлүүд, омега 3 зэргийг замбараагүй хэрэглээд байгаа нь төдийлөн үр дүнгүй.

-Манайхны хувьд эмийн замбараагүй хэрэглээтэй гэх шүүмжлэлд их өртдөг. Дураараа эм уух нь ямар хор уршигтай вэ?

-Жишээ нь, толгойн өвдөлтийг намдаах цитрамон, цитромакс, зэрэг жоргүй олгодог эмүүдийг ихээхэн сурталчилдаг. Хүмүүс энэхүү сурталчилгаанд тулгуурлаад нэгэнт толгой өвдөөд байгаа юм чинь энэ эмийг хэрэглэе гэсэн сэдэл их төрдөг. Тэр эмийг уугаад өвдөлт нь намддаг. Толгойн өвдөлт дахихад тэр эмээ болон түүнтэй төстэй өвчин намдаах эмийг эмчийн хяналтгүй, өөрийн дураар аваад уучихдаг. Энэ нь эцэстээ өвчин намдаах эмийн хамааралтай болж, уухгүй бол тайвширдаггүй, өвдөлт намддаггүй байдалд шилждэг. Өвчин намдаах эмүүд олон найрлагатай байдаг бөгөөд эдгээр эмүүдийн үндсэн найрлагыг бүрдүүлж байгаа парацетамол нь элгийг гэмтээдэг. Энэ эмүүдийг удаан хэрэглэснээр ходоод гэдэсний салстыг гэмтээж, шархлаа үүсгэх, цус алдах хор уршигтай. Мөн харшлын эсрэг эмийг харшилд хэрэглэхээс гадна нойрны асуудалтай хүмүүс уг эмний гаж нөлөө болох нойрмог байдлыг ашиглан унтахдаа уудаг. Харшлын эмний гаж нөлөө нь тархины харвалт үүсгэх хүчин зүйл болохыг судалгаагаар тогтоосон. Мөн ханиадны төрлийн олон найрлагат минигрипп, терафлу зэрэг эмүүдийг олон хоногоор уух, эсвэл энэ төрлийн эмүүдийг давхарлан хэрэглэх нь маш хортой. Эдгээрийн найрлагад мөн парацетамол, харшлын эсрэг бэлдмэлүүд ордог.

Эмийн замбараагүй хэрэглээ нь өөрт байгаагүй эмгэгийг давхар бий болгож байгаад хатуу хяналт тавьж, жоргүй олгодог эмүүдийн тоог хязгаарлах, иргэдийн эмтэй харилцах боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй.

Мөн иргэд анхаарвал зохих нь, ууж байгаа эмээ энд тэндгүй тавьснаас бага насны хүүхэд эмэнд хордох явдал гарч байна. Настангуудын хувьд мартамхай болсны улмаас уусан эсэхээ мэдэхгүй, нэг тунгаа дахин ууснаас болоод эмийн цочмог болон архаг хордлогонд орох явдал бий. Иргэд эм гэдэг бол химийн хор гэдгийг ойлгож, эмчийн бичсэн тунгаар, хоног хугацаагаар хэрэглэх нь нэн чухал байна

Л.МИНЖМАА

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Шоргоолжнууд өвдсөн нэгнийхээ хөлийг тайрч амийг нь авардаг DNN.mn

Германы Вюрцбургийн их сургуулийн Эрик Франк тэргүүтэй судлаачдын авсан шоргоолжнууд өөр нэг шоргоолжныхоо амийг аврахын тулд гэмтсэн хөлийг нь хазаж, тайран эмчилж буй бичлэгтэй хамт, “Шоргоолжны үүрэн дэх хүсэл тэмүүлэл: хөлийг нь тайрч амийг нь авардаг” нэртэй хэвлэгдсэн BBC агентлагийн нийтлэлийг толилуулж байна.

Вюрцбургийн их сургуулийн судлаачид шоргоолжны дэд зүйл болох “мужаан” гэгддэг хүрэн шоргоолжны нэгэн гайхалтай зан араншинг нээжээ. Эрдэмтдийн баг шинэ судалгаагаар эдгээр шоргоолжнууд нэгнийхээ амийг аврахын тулд гэмтсэн хөлийг нь хазаж тайрдаг болохыг илрүүлсэн байна. Вюрцбургийн их сургуулийн экологич, судалгааны багийн ахлагч Эрик Фрэнк “Энэ бол амьтдын хаант улсад анх удаа шоргоолжнууд нэгнийхээ амийг аврахын тулд түүний биеийн гэмтсэн хэсгийг салгаж, тайрч байгааг баталсан явдал юм. Энэхүү судалгаа нь амьтад, бие биедээ “хагалгаа” хийдэг болохыг харуулсан шинэ тохиолдол болж байгаа бөгөөд энэ нь урьд өмнө хэзээ ч мэдэгдэж байгаагүй амьтны өгөөмөр зан авирыг харуулж байна” гэжээ.

Шоргоолжны колонид урьд нь шархадсан нөхдөө асран халамжилдаг, өөрийн колонийг хамгаалахын тулд амь насаа золиосолдог нь мэдэгдэж байсан ч шинжээчдийн үзэж байгаагаар энэ бол ингэж шууд, амь насыг нь аврах гэсэн хөндлөнгийн оролцооны анхны баримтжуулсан тохиолдол болж байгаа аж. Судлаачид шоргоолжны “нийгэм” болон хүний нийгэм, ялангуяа тэдний нийгмийн бүтэц, харилцаа нь хүмүүстэй гайхалтай ижил төстэй байгааг эртнээс тэмдэглэж ирсэн. Шинэ ажиглалт нь шоргоолжны зан үйл, тэд нарийн төвөгтэй “хүнлэг” үйлдэл хийх чадвартай гэдгийг ойлгуулсан шинэ нээлт болсон байна.

Шоргоолжнууд хүмүүстэй адил янз бүрийн зан авир гаргадаг. Зарим зүйл нь өөрийн үүрэнд навч, мөчир цуглуулан бэлдэж дээр нь мөөг ургуулж, зоог бэлддэг. Бусад нь үүрэндээ “aphids” гэх шавьж байршуулан тэжээж асран, тэдний “сүү” гэж нэрлэгддэг шим тэжээлээр баялаг шингэнийг цуглуулж хооллож байдаг. Хэдийгээр адилхан зүйл шоргоолж боловч хэрэв өөр өөр шоргоолжны үүрнээс гаралтай бол тэд хүмүүстэй адил зөрчилдөөн үүсгэж бүр нэгнийхээ аминд хүрдэг. Шоргоолжнуудын хамгийн сонирхолтой зүйл нь боол шоргоолж бий болгох явц юм. Тэд бусад шоргоолжны үүр рүү хүмүүстэй адил гэнэдүүлэн довтолж, залуу авгалдайнуудыг олзолж, өөрсдийн колонид авчран өсгөж томруулан боол болгодог. Тэд боол шоргоолжнуудыг өөрийн колонийн хэвийн ажиллагааг хангаж байх ажилчид болгож ашигладаг. Гэхдээ тэдний гол зорилго бол өрсөлдөгч колонийн нөөцийг дээрэмдэж өрсөлдөх чадваргүй болгох явдал” гэж Энэтхэгийн Гоа хотын Аранягийн хүрээлэн буй орчны судалгааны төвийн шавьж судлаач доктор Байдя хэлэв. Ийм тулалдааны үеэр дайралтад өртсөн колонийн шоргоолжнууд өөрийн үүрээ маш хүчтэй бүр амь хайргүй хамгаалдаг. Гэсэн ч түрэмгийлэгч шоргоолжнууд хатан шоргоолжийг нь олзолж авбал хамгаалагчид болох цэрэг болон ажилчин шоргоолжнууд эсэргүүцлээ орхиж, колони шууд бууж өгдөг” гэж тус төвийн судлаач Саханашри хэлэв. Учир нь шоргоолжны колонид ихэнх шоргоолжнууд эмэгчин байдаг ч үржих чадвартай нь ганц нэг л байдаг аж. Тэднийг “хатан хаан” гэж нэрлэдэг. Харин шоргоолжны колонид эрчүүд цөөхөн байдаг бөгөөд тэд нэг л зорилготой. Шоргоолжны колонийн оршин тогтнох эхлэл, төгсгөл болдог өөр үүрний хатан шоргоолжнуудтай “нөхөрлөх” явдал. Хатан шоргоолж колони үүсэх, оршиход зайлшгүй шаардлагатай зүйл. Хэрэв тэр үхвэл колонийн оршин тогтнол аюулд орно. Тиймээс бусад шоргоолжнууд довтолгооны үеэр түүнийг хамгаалахын тулд амь насаа эрсдэлд оруулах нь элбэг байдаг гэж доктор Байдяа онцлов.

Үржлийн улирал эхлэхэд хатан хаан болон үржих боломжтой эр шоргоолжнууд далавчтай болж үүрээ орхин “гэрлэх нислэгт” оролцдог бөгөөд энэ нь хатан хаан агаарт байгаа өөр колонийн эрийг сонгож хослон, үр төлөө цус ойртохоос хамгаалах зан үйл юм. Хатан нийлсний дараа газардаж, далавчаа гээж, газар доор шинэ үүр байгуулж, өндөглөж эхэлдэг. Өндөг нь шинэ колонийг өргөжүүлэх ажилчин шоргоолж болж хувирдаг. Энэ үйл явц нь колони цаашид оршин тогтноход хатан хааны гол үүргийг онцолж, яагаад түүнийг олзлогдоход колони бүхэлдээ сүйрэхэд хүрдэг болохыг тайлбарладаг.

Колонийн шоргоолжнууд нь эрх үүргийн тодорхой шатлалтай байх бөгөөд өөр өөр шоргоолжнууд өөр өөр үүрэг гүйцэтгэдэг. “Шоргоолжны харилцааны стратеги бол үнэхээр нарийн төвөгтэй зүйл” гэж доктор Байдяа тайлбарлав. Эдгээр стратеги нь нийгмийн төлөө буюу шоргоолжнууд өөрийн колонийг хамгаалахын тулд амиа золиослоход бэлэн байгааг тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, шоргоолжнууд өөрийн колонийн сайн сайхан байдлыг өөрийн амьнаас дээгүүр тавьж чаддаг. Үүнийг доктор Байдяа тайлбарлахдаа “Бүх амьд организмын гол зорилго бол эрүүл үр удмаа төрүүлж, удмынхаа генийн үргэлжлэлийг хангах явдал юм. Шоргоолжны колонид бүх шоргоолжнууд үндсэндээ эгч дүүс байдаг. Харин хатан бол нөхөн үржихүйн цорын ганц “бие хүн” бөгөөд колонийн ирээдүй түүний өндөгнөөс шууд хамаардаг. Тиймээс ажилчид болон цэргүүд хатныг тэжээх, хамгаалах, авгалдай өсгөх, шинэ шоргоолжнуудын хөгжлийг удирдан чиглүүлэхэд анхаарлаа хандуулдаг” гэж хэлэв.

Шоргоолжнууд өөрсдийн мэдрэхүйн антенуудад ихээхэн найддаг. Жишээлбэл, шоргоолж өөрийн замд таарсан ганцаараа авч явах боломжгүй хэтэрхий том хүнснийг олж илрүүлээд түүний байршлыг өөрийн феромоноор тэмдэглэдэг. Энэхүү химийн бодисыг бас зам дагуу түрхэж, энэ нь GPS системийн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд колонийн бусад гишүүд антеныхаа тусламжаар уг том хоол хаана байгааг мэдэж очиж авдаг. Хэрэв шоргоолжнууд антенаа алдвал жолоодох, харилцах, аюулыг мэдрэх чадвараа алддаг. Үндсэндээ антенууд нь шоргоолжны амьд үлдэхэд чухал үүрэгтэй зүйл гэж доктор Дармаражан хэлэв. Байшин, зуслан, харш бүхэн орох хаалгатай. Харин шоргоолжны үүр олон хаалгатай. Тэдний тоо нь колонийн хэмжээнээс шууд хамаарна. Том байх тусам илүү олон байна. Ухаалаг шоргоолжнууд бөөгнөрч, түгжрэхгүйн тулд хэдэн арван, бүр хэдэн зуун гарц гаргадаг. Эдгээр хаалгыг урилгагүй зочдын дайралтаас хатуу ширүүн цэрэг шоргоолжнууд хамгаалж байдаг. Мөн бороо ороход тэд хаалгыг хаадаг. Үүнээс гадна орц, гарц нь шоргоолжны гол агааржуулалтын систем юм. Мөн шоргоолжны үүр өндөг, авгалдай, хүүхэлдэй байрладаг өрөөтэй. Сувилагч шоргоолжнууд тэднийг цаг наргүй асран халамжилдаг. Эдгээр асрагч нар ирээдүй үедээ хамгийн тохь тухтай нөхцөлийг бүрдүүлж чаддаг.

Шоргоолж бол хэмнэлттэй бас ухаалаг амьдардаг. Колонио өсгөхийн тулд хүнсний тогтвортой хангамж хэрэгтэй гэдгийг тэд мэддэг. Иймээс шоргоолжны үүр хүнсний том агуулахуудтай байдаг. Манаач шоргоолжнууд хоолоо хамгаалж, нартай үед агаарт гадаа гаргаж, агааржуулж, хатааж байдаг. Мөн олон мянган оршин суугч байхад тэднээс маш их хог хаягдал үлддэг. Хэрэв колонийн оршин суугчид тэднийг хаа хамаагүй орхидог байсан бол шоргоолжны үүр аль хэдийнэ хогийн овоолго болж хувирах байсан. Тиймээс ажилчин шоргоолжнууд хог хаягдлаа цуглуулж, зохион байгуулалттайгаар тусгай камерт байрлуулдаг. Тэд мөн нас барсан ах дүүсээ тэнд аваачдаг. Ерөнхийдөө ийм өрөө нь шоргоолжны үүрний гүнд тусгай агааржуулалттай тасалгаануудад байрлаж байдаг.

Баавгай, мэлхий, тарвага, шоргоолжны нийтлэг зүйл юу болохыг та мэдэх үү? Тэд бүгд ичдэг. Шоргоолжнууд үүрэндээ тухтай унтаж өвлийн хүйтнийг өнгөрөөдөг. Тэд унтлагын өрөөгөө үүрнийхээ яг төвд байрлуулж, бие биетэйгээ наалдан унтаж, дулаанаа хадгалдаг. Шоргоолжнууд урт өвлийн дараа хаврын нарны дулаан туяанд шарах дуртай. Үүний тулд тэд дээд давхарт тусгай нарлах тагтнууд гаргадаг. Нарны гэрэлд дулаацсан шоргоолжнууд өөрийн дулааныг завгүй ажилтай бусад шоргоолжны биед тараан өгч тус болдог.

Шоргоолжны үүрний хамгийн чухал хэсэг бол хааны танхим юм. Тэнд колонийн тэргүүн ба үүсгэн байгуулагч хатан хаан амьдардаг. Түүний гол ажил бол “хүүхэд” төрүүлэх явдал. Тэрээр дулаан, тайван байхыг илүүд үздэг бөгөөд шоргоолжны үүрээ ховорхон орхидог. Хатан хааны амьдралд шаардлагатай бүх зүйлийг өндөр халамж бүхий түүний гэр бүлийн бусад гишүүд гүйцэтгэдэг аж.

Орчуулсан

Г.АМАРСАНАА

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Алжаал ядаргааг тайлахад шар тос тустай DNN.mn

Амьд бие махбод бүхэн тодорхой өсөлтийн цэгтээ хүрсний дараа аажмаар хөгширдөг бөгөөд үүнтэйгээ дасан зохицож, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болдог. Уламжлалт анагаах ухаанд хөгшрөлтийг удаашруулах хэд хэдэн аргууд байдаг. Нэгдүгээрт, эмчилгээний аргаар урьдчилан сэргийлж болно. Эм тан хэрэглэж, засал эмчилгээ хийдэг.

Заслын тухайд гэвэл шар тостой бариа сайн нөлөөтэй. Биедээ тос түрхэж, иллэг хийх нь хөгшрөлтийг удаашруулж, хий өвчнөөс урьдчилан сэргийлж, алжаал ядаргаа тайлдаг. 14 хоногт нэг удаа шар тосон иллэг, барианд орж байх нь тустай. Тос бүгдийн дээд нь шар тос гэдэг. Шар тос ой тогтоолтыг сайжруулдаг ба зөнөгрөхөөс сэргийлдэг байна. Мөн хий дарж, тамир тэтгэдэг. Биедээ түрхэх, толгойн орой, гарын алга, хөлийн ул, өвдгөнд түрхэж, халтал нь үрэх учиртай. Хааяа чихэндээ бүлээн шар тос дусааж ч болно.

Зулайн хэсэгтээ шар тос түрхэх нь зөнөгрөлтөөс урьдчилсан сэргийлдэг, оюун ухааныг сайжруулдаг ид шидтэй. Ялангуяа гурван жил өнжсөн шар тосыг жинхэнэ эм гэж үздэг ажээ.

Өглөөдөө өл тайлахын тулд арвайн гурилтай шар тос идэж болно. Хийцтэй цайнд хийж уух нь сайн. Гэхдээ тосны хэрэглээ тодорхой хэмжээтэй. Насанд хүрсэн хүний өдөрт идэх шар тосны хэмжээ 30 грамм байдаг. Аливаа зүйл илүүдэх, эсвэл дутуудвал төгс эмчилгээ болохгүйг санахад илүүдэхгүй.

Н.Саранчимэг

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Ч.Ганзориг: Монгол Улс батлан хамгаалах салбартаа дроны хэрэглээг илүү сайн нэвтрүүлэх хэрэгтэй DNN.mn

Монголын нисэх загварын МАСА нийгэмлэгийн тэргүүн, спортын мастер Ч.Ганзоригтой ярилцлаа.


-Нисэх загварын улсын аварга шалгаруулах тэмцээнийг МАСА нийгэмлэг зохион байгуулжээ. Нисэх загварын спортын хөгжлийг илэрхийлэх гол зүйлс нь оролцогч тамирчид байх. Тэмцээн амжилттай юу?

-Нисэх загварын 2024 оны Монгол Улсын аварга шалгаруулах хөдөө орон нутгийн болон Улаанбаатар хотын тамирчид хоёр өдрийн турш нийт долоон төрлөөр өрсөлдөж өндөрлөлөө. Энэ жилийн онцлог гэвэл ерөнхий боловсролын сургуулийн маш олон оролцогчид байлаа.

Өөр нэгэн сайхан мэдээ нь жолоодлогот уран нислэгийн тамирчид АНУ-д болсон F2 дэлхийн аваргын тэмцээнд анх удаа өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон. Дэлхийн аваргын хамгийн залуу тамирчин манай 12 настай Баясгалан хүү байсан. Өнөөдрийн (өчигдөр) тэмцээнд Монгол Улсын аваргаар шалгарч, спортын мастер болж байна. Мөн Төв аймгийн МУИС-ийн инженерийн ангийн нэгдүгээр курсийн Номин хоёр жилийн өмнө Польшид болсон дэлхийн аваргын тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан бол энэ жил хоёр дахь мөнгөн медалиа авлаа. “Зуун билэг” клубийн тамирчин хүрэл медаль хүртсэнээр дэлхийн аваргын тэмцээнд манайх сайхан амжилт гаргасан.

Чөлөөт нислэгийн төрлөөр Монгол Улс Азидаа манлайлж байгаа. Энэ төрлөөр дэлхийн аваргатай, Ази Номхон далайн орнуудын хэд хэдэн аваргатай. Нэлээд хүчтэй хөгжиж байгаа төрөл. Энэ төрлөөр долдугаар сарын 18-28-ны хооронд дэлхийн гурван цуврал цомын тэмцээнийг амжилттай зохиосон. АНУ, ХБНГУ зэрэг 11 улсын тамирчид оролцсон.

-Та өөрөө энэ спортод энэ олон жил хүчин зүтгэсэн хүн. Нисэх спорт тухайн улсынхаа батлан хамгаалах салбар, нисэх хүчинтэй шууд холбоотой. Тэр утгаараа улс орон нь ч дэмжиж хөгжүүлдэг болов уу. Манай улсын хувьд энэ тал дээр ямар вэ?

-Нисэх, авто, усан, пуужин загвар ч ялгаагүй техникийн спортын төрөлд ордог. Монгол Улс 1960-аад оноос хойш энэ чиглэлд ихээхэн анхаарал тавьж, гол Улаанбаатар хот аймаг, сумдын хэмжээнд клуб, станц, ордон байгуулж байсан. Мэдээж гол зорилго Монгол Улсад 70-80 мянган инженер бэлтгэхэд бага сургуулиас хүүхдүүдэд техник сэтгэлгээ, зохион бүтээх авьяас чадварыг суулгах зорилготой байлаа. 1990-2010 он бол уналтын үе байсан. 2010-аад оноос хуучин тамирчид, ялангуяа багш нар энэ спортыг сэргээхэд чухал үүрэг гүйцэтгэж, олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцдог болсон. ЕБС-ийн сурагчид, техник технологийн багш нарыг шинэ шатанд гаргахад энэ спортын оруулж байгаа хувь нэмэр асар их.

Ер нь бага дунд ангийн хүүхдүүдийн хувьд ирээдүйн авьяасыг нь гаргаж ирэх, спортод дуртай болгоход нисэх загвар маш чухал үүрэгтэй. Нисэх загвар, авто загвар, пуужин загвар, сүүлийн үед рофот, дроныг түлхүү ашиглаж байна. Энэ чиглэлд хүүхэд байхаасаа хичээллэхэд инженер болох магадлал маш өндөр. Монгол Улсад 30-40 мянган инженерүүд ойрын 5-10 жилд хэрэгтэй гэдэг Засгийн газрын прогноз судалгаа байна лээ. Инженерүүд л улс орны томоохон мега төслүүдийг хөдөлгөнө. Энэ хүмүүсийг бэлтгэхэд 10, 20, 30 жилийн бодлогын хүрээнд гарч ирдэг. Нэг л алдаа хийвэл нэг үеийн инженер байхгүй болдог. Манай улс 2027 оны чөлөөт нислэгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхийг авчихсан байгаа. Үүнд 40 гаруй орны 1000 орчим тамирчид ирнэ. Тэд бүгд инженерүүд байдаг. Энд Засгийн газар, ялангуяа уул уурхайн компаниудыг манлайлж оролцоосой гэж уриалж байгаа. Инженерийн спортыг хөгжүүлэхэд бүх нийтийн үйлс шахуу өргөн үйл ажиллагаа өрнүүлэх ёстой юм.

-Монгол Улсын нисэх хүчний хөгжлийн хувьд ямар түвшинд байгаа вэ?

-Энэ талыг сонирхож хардаг мэргэжилтний зүгээс хэлэхэд Монгол Улс өргөн уудам нутагтай, хүн ам цөөтэй учраас иргэний болон цэргийн, хувийн нисэх хүчин зайлшгүй хөгжих ёстой. Үүн дээр жижиг онгоцноос эхлээд сансрын хөлөг хүртэл багтах ёстой. Манайд ШУТИС-д нисэхийн механик инженерийн анги гэж бий. Мөн гадаад дотоодын их дээд сургуульд иргэний болон цэргийн инженерүүд мэргэжилтнээ бэлтгэдэг. Энэ бол Монгол Улсын Засгийн газар зайлшгүй анхаарах зүйлийн нэг. БНХАУ-ын нисэх загварын тамирчидтай уулзаж ярилцаж байхад урд хөрш ерөнхий боловсролын сургууль, тамирчдадаа асар ихээр хөрөнгө оруулж байна. Уг нь Хятадын тамирчид маш муу байсан. Сүүлийн таван жилийн дотор маш хүчтэй болж байна.

Сүүлийн жилүүдэд нисэх хүчнээс гадна сансрын технологи, батлан хамгаалахтай холбоотой, иргэний нисэх хүчинтэй холбоотой маш олон дэвшлүүд, технологиуд гарч ирсээр байна. Ялангуяа сансрыг эзэмшихтэй холбоотой том гүрнүүд уралдаж байна шүү дээ. Үүнд энэ спортоос буюу бага нисэх хүчинээс эхлэх улбаатай. Үүнийг анхаарч чадвал ирээдүйд Монгол Улсад чухал ач холбогдолтой.

Яахав, улсынхаа хүн ам, хөгжлийн түвшин, эдийн засгийн түвшиндээ харьцуулбал манай нисэх хүчин муугүй хөгжиж байгаа. Мэдээж үүнд мэргэжилтнүүд хэрэгтэй. Өргөн уудам нутгийн хүн ам цөөтэй улсад нисэх хүчнээ хамгаалах, арчлах тордох нь зүйтэй. Ялангуяа шинэ гарч ирж байгаа төрлүүд болох жишээ нь, дрон байна. Сансрын жижиг хөлгийн төрлүүд ч байна. Гамшгаас хамгаалах чиглэл дээр нисэх хүчний хэрэглэхгүй зүйл гэж байхгүй болж байна. Үүн дээр ч манайх анхаарах, бодлогодоо тусгахад зайлшгүй хэрэгтэй.

-Сүүлийн үеийн дайн хүн хүчний гэхээс илүү технологиороо дайтаж байна. Орос, Украины дайн гэхэд дроноор л дайтаж байна шүү дээ. Тэгэхээр бид ч гэсэн энэ чиглэлд анхаарах ёстой болов уу?

-Нисэх загварын тамирчны хувьд харахад дроныг хийхэд тийм хүнд зүйл биш. Тэр дотор байгаа удирдлагын систем, баяжуулалт, зэвсэглэлийн асуудал өөр зүйл байх. Дроныг цэрэг дайны зориулалтаар хэрэглэж байгааг бид нийтээрээ харж байна. Дроныг иргэний ялангуяа батлан хамгаалах, цэрэг цагдаа бүхий л технологид хэрэглэдэг боллоо. Энэ талын хэрэглээг Монгол Улс хөгжүүлэхэд нисэх хүчин, тэр дотор нисэх загвар, дээр нь хүн хүчээ бэлтгэмээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, дайн байлдаангүй энхийн цагт мэргэжилтнүүдээ маш сайн бэлтгэх хэрэгтэй. Гол инженерүүд гэхэд механик инженер, цахилгаан электроникийн инженерүүд байна.

Энэ жилийн улсын аваргын тэмцээнээс харахад, ерөнхий боловсролын сургуулийн техник технологийн багш нарыг илүү сайн бэлтгэх шаардлагатай нь харагдлаа. Нөгөө талаар жолоодлогот уран нислэгийн төрлөөр дэлхийн аваргад 12 настай монгол хүү амжилттай оролцож чадаж байна. Түүнтэй адилхан хүүхэд Монголд зөндөө байгаа. Тэр боломжийг л бусад олон зуун хүүхдэд нээх хэрэгтэй. Үүнд дээр маш цэгцтэй бодлого, санхүүжилт хоёр л шаардлагатай. Бусдыг бол бэлдэж болно.

Б.ЭНХЗАЯА

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Одонгуа: Эмийн талаар бодлогын шийдэл алга DNN.mn

УИХ дахь АН-ын бүлгийн нийгмийн бодлого, эрүүл мэнд, байгаль орчны бодлогын зөвлөх, анагаах ухааны доктор, дэд профессор Н.Одонгуатай ярилцлаа.


-Манай улсын эрүүл мэндийн салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалт хэр оновчтой байгаа вэ?

-ДЭМБ-аас 2015 онд “Uni­versal health coverage” буюу Бүх нийтийн эрүүл мэндийн хамрагдалттай холбоотой концепцийг хэрэгжүүлэх зорилго, зорилтыг тодорхойлсон. Хүртээмжтэй, санхүүгийн дарамтгүй, эрх тэгш байдлыг хангасан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх бүхий л орчныг бүрдүүлэх нь улс орон бүрийн нэн тэргүүний зорилго болсон. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхтэй. Иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх болзол, журмыг хуулиар тогтооно” гэж зааснаар эрүүл мэндийн байгууллагууд болон оролцогч талууд үйл ажиллагаа явуулж ирлээ. Гэвч улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүд харилцан адилгүй чанартай тусламж үзүүлэхээс гадна иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох талд салбар дундыг хамарсан бодлого, зохицуулалт, интервенц сул. Мөн хүлээгдэл, оочер дараалал их байгааг эрүүл мэндийн үзүүлэлтүүд илтгэсээр байна. ДЭМБ-ын гаргасан судалгаагаар Монгол Улсын эрүүл мэндийн салбар үр ашигтай байдлаараа 191 орноос 145 дугаарт жагссан. Хүн амын дундаж наслалт 2023 онд 71.5 хүрч, дэлхийд 114-т тус тус эрэмбэлэгдэж сүүл мушгиж байна.

Манай улс эрүүл мэндийн салбартаа 2023 онд 1.6 их наяд төгрөг зарцуулсан. Тэгвэл энэ онд одоогоор 1.9 их наяд төгрөг зарцуулагдаад явж байна. Мөн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилт өмнөх онуудаас дунджаар 20-30 хувиар өссөн. Нийтдээ ДНБ-ий дөрөв орчим хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулдаг боллоо. Гэвч иргэн хүндээ эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ болж хүрч чадахгүй байна. Жишээлбэл, Улсын нэгдсэн төв эмнэлгийн дотоод шүүрлийн мэргэжлийн эмчид үзүүлэх хүлээгдэл 45 хоног байгаа нь иргэдийн бухимдлыг маш их төрүүлсээр байна.

-ДНБ-ий дөрвөн хувийг зарцуулж буй санхүүжилт, хөрөнгө оруулалт үр өгөөжөө өгөхгүй байгаа шалтгааныг юу гэж харж байна вэ?

-Манай улсад жилд 20 мянга орчим хүн эрүүл мэндээс болж санхүүгийн дарамтад орж байгаа талаар судлаачид дүгнэсэн. Эрүүл мэндийн даатгалтай хэрнээ чанаргүй эрүүл мэндийн тусламж авч эдгэрэлт нь удааширч, урт хугацаанд хөдөлмөр эрхлэх боломжоо алдаж ядуурал руу гулсан ордог.

Эсвэл хандив мөнгө цуглуулж гадны улс орныг зорих болсон зохисгүй байдал иргэдэд тулгарч буй нь эрүүл мэндийн салбар дахь санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэн даруй анхаарч, оновчтой болгоход анхаарал хандуулах цаг болсныг илтгэж байна. Монголбанкны тэнцлийн тайланд жилдээ 200 сая орчим ам.долларыг, албан бус мэдээллээр 400 сая орчим ам.долларыг гадаад улсын эмнэлгийн төлбөрт зарцуулдаг. Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг Монгол Улсын хөгжлийн асуудалтай холбож эрүүл мэндийн тогтолцооны санхүүжилтийг сайжруулах, санхүүгийн хамгаалалтыг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг зөв зүйлд зарцуулж буй байдлыг хянах зэрэг ар араасаа дагуулсан асуудлуудад нотолгоонд суурилсан бодлогын шийдэл, улс төрийн манлайлал үгүйлэгдэж байна.

-Хуурамч, чанаргүй эмийн асуудал иргэдийн эрүүл мэндэд заналхийлж байна. Энэ тухай Эмийн сонсголын үеэр нэлээд ноцтой баримт дэлгэж байсан шүү дээ. Тэгвэл салбарын мэргэжлийн хүмүүс яагаад бодлого гаргахад оролцдоггүй юм бол?

-2023 оны санхүүжилтийн 50 хувь нь эм, оношлуурт зарцуулагдсан. Гэвч эмийн чанар, хүртээмж сайжраагүй. 155 нэрийн 25600 гаруй бүртгэлгүй, хуурамч эм зарсан, эмийн анхдагч үнээс 33.2 хувь, зарим нэршлийн эм 90 хүртэлх хувиар өсөж иргэдэд борлуулдаг талаар Эмийн сонсголын үеэр мэдэгдэж байсан. Харамсалтай нь одоогоор хариуцлага тооцсон зүйл алга. Эмийн талаарх бодлогын шийдэлгүй байна. Эрүүл мэндийн эдийн засаг гэсэн бие даасан салбарын мэргэжилтнүүдийн оролцоог бүрдүүлэх тогтолцоогүй. Мөн сүүлийн 8-9 жилийн хугацаанд ажиглагдах болсон нэг зүйл бол шүүмжилсэн хүмүүсийн амыг барьдаг, дарамт үзүүлдэг, ажлаас нь халдаг болсон. Мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсдоггүй, дарга бүхнийг мэддэг, шийддэг. Алдаатай гаргасан шийдвэрийнхээ төлөө ямар ч хариуцлага хүлээдэггүй. Ажлаа өгсөн болоод усанд хаясан чулуу шиг сураггүй алга болдог. Эсвэл өөр байгууллагад даргаар томилогддог. Алдаатай шийдвэртэй нь эмч, сувилагч мэргэжилтнүүд болон иргэд зууралдаж, голын хоёр талд гарч бухимдлаа шиддэг боллоо. Бодлогын оновчтой шийдэл, залгамж чанар алдагдаж, ашиг сонирхол давамгай болсон. “Ковид-19” халдварт өвчний үеэр төр хариуцах ёстой 137 тэрбум төгрөгийн зардлаа өгөөгүй. ЭМД-ын сангаас гаргуулсан, хор уршиг нь он дамжсан өглөг, авлага болон хувирч эмнэлгүүдэд маш том дарамт болж, тусламж үйлчилгээ доголдсоор байна. Бас нэг алдаатай шийдвэр бол Чингис хаан, Капитал банкуудаас 109.3 тэрбумын авлагатай боловч өнөөг хүртэл асуудлыг шийдээгүй, найвдаргүй зээл болгож бүртгэсэн. Тухайн үед ЭМД-ын сангийн мөнгийг тус банкуудад байршуулах шийдвэр гаргасан Эрүүл мэндийн сайд, Ерөнхий сайд нар хариуцлага үүрэх ёстой атал усанд хаясан чулуу шиг болж, иргэд хохирсоор байна. Алдаатай бодлогын хор хохирол яригдаж, хариуцлага яригдах ёстой. Ийм байдлаар үр дүнд хүрэхгүй.

-Эмнэлгийн хүртээмжийн асуудлыг яаж шийдэх вэ. Хавдрын эмнэлэгт иргэд нь хар зах шиг бужигнаж, Эх нялхасын төв нь хүүхдүүд зөрөх зайгүй байхад 100 тэрбумаар соёлын төв барих төсөв батлагдсан. Ер нь эрүүл мэндийн салбарын бусад үйл ажиллагаандаа хөрөнгө оруулалт хэрхэн хийдэг вэ, үр дүн ямархуу байна?

-ЭМД-ын сангаас гадна сүүлийн дөрвөн жилд 833.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шинэ барилга, шилжих барилга, их засвар, тоног төхөөрөмжөөр хангах, автомашины шинэчлэл хийх ажлуудад төсвөөс санхүүжүүлж хөрөнгө оруулсан. Гэтэл 1985 онд оффисын зориулалтаар баригдсан эмнэлгийн зориулалтын бус агааржуулалтгүй байшин барилга дотор Нийслэлийн 144 мянган хүн амд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг дүүргийн эмнэлэг өнөөдрийг хүртэл байсаар байна. 2023 онд ашиглалтад орох 16 тэрбумаар төсөвлөсөн эмнэлгийн барилга байгууламж нь хугацаандаа ашиглалтад ороогүй, нэмж гурван тэрбум төгрөгийн дахин төсөв тусгаад он дамжсан барилгын үйл ажиллагаа явагдаж буй зөрчилтэй байлаа. Тус эмнэлэгт компьютер томографийн аппаратгүй учраас оношилгоо бүрэн хийж чадахгүй иргэдийн амь насыг аварч чадахгүй тохиолдол гарч байна. Сэргээн засах төвийн аппарат тоног төхөөрөмж, өрөө тасалгаа хүрэлцээгүй учраас иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж чадахгүй байдал үүсээд байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүний хувьд таван аймгийн 70 орчим сумын эрүүл мэндийн төв болон аймгийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахад оруулсан хөрөнгө оруулалт үр өгөөжгүй байгааг ажигласан. Санхүүжилт үнэхээр үр дүнгүй байна.

-Иргэдийнхээ эрүүл, чанартай амьдрах орчныг бүрдүүлэх боломж байна уу. Энэ тал дээр танай нам ямар бодлого хэрэгжүүлэх вэ?

-Цаашид эрүүл мэндийн тогтолцоо гарсан зардлыг хөөж санхүүжүүлэхгүй. Харин хүн амаа эрүүл байлгах бодлого санхүүжүүлдэг, хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлж үр ашигтай үйл ажиллагаа явуулах нөхцөлийг сайжруулах, мөн оролцогч талуудын сэтгэлд нийцэх хуулийн зохицуулалтыг бодлогын түвшинд хиймээр байна. Энэ хүрээнд хэдхэн хоногийн өмнө УИХ дахь АН-ын бүлгийн дарга болон зарим гишүүдийн хамт Нийслэлийн хоёр дүүргийн эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан.“Эрүүл мэндийн салбарын хөрөнгө Оруулалт ИРГЭН ТАНД ХҮРЧ БАЙНА УУ” сэдвээр асуудалд суурилсан хэлэлцүүлгийг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс зохион байгуулсан. Иргэнийхээ эрүүл мэндээ хамгаалуулах эрхийн төлөө холбогдох бодлогын шийдлүүдэд анхаарч ажиллах талаар гишүүд саналаа хэлсэн. Ер нь хэн нэгэн эрх мэдэлтэнд найдалгүйгээр салбарын эмч, мэргэжилтэн хүн бүрийн зоригтой дуу хоолой чухал цаг үе ирээд байна. Аливаа асуудлыг тогтолцоогоор нь бүтэн зургаар харж, үндсэн шалтгааныг олж 80/20 зарчмаар шийдэх хэрэгтэй. Мөн судалгаа, нотолгоо, экспертийн дүгнэлт, технологийн үнэлгээнүүдэд үндэслэж шинэчлэл хийдэг соёлыг бүрдүүлэх нь чухал байна. Иргэдийн амьдралын чанарыг сайжруулахын тулд хэн нэгэн даргын дохиураар биш, хэр цаг хугацаанд, ямар үр дүнд хүрэх вэ гэдгээ тодорхой болгож, ойлгоцолд хүрч, ил тод нээлттэй байдлаар бодлогын шийдвэр гаргадаг болъё.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Уяач Т.Галбадрахад зодуулсан залуугийн ээж: Хүүг минь зодоод зогсохгүй “Та нар шиг хонинуудыг нядлаад хаячихна шүү” гэж сүрдүүлсэн DNN.mn

Монгол Улсын манлай уяач Т.Галбадрах өөрийн эзэмшлийн “G center” төвийн үүдэнд бусдын биед халдсан хэрэг энэ сарын 20-нд гарсан. Цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгаж эхэлсэн гэгдэж буй. Тухайн өдөр юу болсон талаар хохирогч залуугийн ээж Т.Мөнхтуяатай ярилцлаа.


-Манлай уяач Т.Галбадрах хүүгийн тань биед халдаж байгаа бичлэг цахим сүлжээнд тархсан. Төрийн шагнал хүртсэн нэр хүндтэй хүн хүний эрхэд бүдүүлгээр хандсан үйлдэлд олон нийт ихээхэн бухимдаж байна. Тэр өдөр чухам юу болсон талаар дэлгэрүүлж ярихгүй юу?

-Тэр өдөр баасан гариг байсан. Бид гэр бүл, ахан дүүсээрээ тус төвийн ресторанд буяны цайллага хийгээд 14:00 цагийн үед гарч явцгаасан. Хүү маань мопед унаад түрүүлээд явахаар хөдөлсөн юм. Рестораны хашааных нь хаалга автоматаар нээгддэггүй юм билээ. Дотроос нь ресепшн нь нээдэг. Хүү маань гарах гэж нэлээд нааш цааш эргэлдэж байгаад онгойхгүй болохоор нь тойроод гарсан байдаг. Мопед унасан хүн чинь нэг их зай эзлэхгүй шүү дээ. Хаалт хашлаганд нь хүрээгүй. Гэтэл машин гардаг хаалтыг нь дөнгөж тойроод цааш явтал нэг нөхөр араас нь дуудсан байгаа юм. Хүү маань биднийг дуудаж байна гэж эргэсэн гэсэн. Гэтэл танихгүй нөхөр явж ирээд “Чи яаж байгаа юм” гэж хэлээд л хариу хэлэхийн завдалгүй баруун шанаа руу нь цохиод унагаасан байсан.

-Та өөрөө харсан гэв үү?

-Яг тэр үед нөгөө талынх нь хаалгаар машинтай гараад ирж байсан. Хүүг маань цохиж унагаахыг харсан. Тэр даруй ухасхийгээд хүрээд ирэхэд хүү маань газар ухаангүй, хамарнаас нь цус гарч байсан. Маш их айж сандарсан. “Хүүе ээ чи чинь хүүхэд алчихлаа, яаж байгаа юм бэ” гэхэд нөгөө эр “Хохь чинь” гээд хээв нэг алхаад яваад өгсөн.

Хүний биед халдаад тэр хүн нь газарт унаад өгөхөд ядаж зогтусна биз дээ. Тэгэх ч үгүй байна лээ. Тоохгүй яваад өгсөн. Тэр даруй түргэн, цагдаад дуудлага өгсөн.

-Хүү тань хэзээ ухаан оров?

-Нэлээд удсан шүү. Цохиулаад шууд л хатуу цементэн дээр тархиараа уначихсан шүү дээ. Каск өмссөн тулдаа л амь аврагдсан.

-Эмнэлгийн байгууллага юу гэв. Гэмтлийн тухайд?

-Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр толгой доргилттой, хавантай байна гэж гарсан. Эцсийн хариу бол гараагүй л байна. Бид хэрэгтэй материалуудыг бүрдүүлээд өгсөн байгаа.

-Цагдаагийн байгууллага мэдүүлэг авсан уу. Шалгаж байгаа юу?

-Дуудлагаар ирсэн цагдаа хүүгээс маань тухайн үед хэдэн зүйл асуугаад явсан. Дараа нь би гэрчээр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст мэдүүлэг өгсөн. Өөрөөр асууж тодруулсан зүйл одоохондоо алга.

-Хүүд тань халдсан Т.Галбадрахтай уулзсан уу?

-Би тухайн үед хүүгээ анхаараад цагдаа, эмнэлэг дуудаж байх үед дүү маань ресторан руу Т.Галбадрахын өрөөнд явж орсон байсан. “Та яаж байна аа, зүгээр явсан энгийн иргэний биед халдаж болохгүй ш дээ” гэхэд элдэв янзаар доромжилсон байсан. Дүү маань бичлэг хийсэн байсныг харсан байх. Тэр хүн хийсэн үйлдэлдээ гэмшсэн шинж байгаагүй. Ерөөсөө тоох ч үгүй байна лээ. “Хохь нь, шүүх цагдаагаараа яв. Би стресстэй байсан. Би хар мянган хонь тэжээж байна. Та нар шиг хонинуудыг нядлаад, нядлаад хаячихна шүү” гэх зэргээр маш бүдүүлэг харьцана лээ.

Үнэхээр гайхаж байна. Монгол Улсад энгийн иргэн амьд явах баталгаа алга. Ялангуяа мопед, мотоцикл унасан бол хүнд тооцогдохгүй бололтой. Хууль гэдэг мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүст үйлчилдэггүй болохоор л энэ мэтийн нөхдүүд ийм бүдүүлэг байдаг юм байна гэж ойлголоо. Өмнө нь ч ийм харгис хэрцгий зан араншин бусдад гаргаж байсныг үгүйсгэхгүй.

-Уучлалт гуйх биш эсрэгээрээ сүрдүүлж байна гэж ойлгож болох уу?

-Тэр хүнд уучлалт гуйх ямар ч бодол байхгүй нь харагдсан. Яасан ч яадаг юм гэсэн өнгө аястай. Ядаж л би хүний биед халдчихлаа, унаад өгсөн, үхчих вий гэж хүн зогтусмаар даа. Тийм өчүүхэн ч сэтгэл харагдаагүй. Ерөөсөө л балмад, зэрлэг араншинтай хүн юм билээ. Хууль цагдаа үйлчилдэггүй болохоор л ийм нөхөд дураараа аашилж байгаа болов уу даа.

Энгийн иргэд бид чинь хуулийг дээдэлдэг, хууль цагдаа иргэнээ хамгаалдаг гэж л сүрдэж, итгэж явдаг шүү дээ. Гэтэл үгүй юм байна.

-Монгол Улсын манлай уяач цол хэргэмтэй хүн энгийн иргэнд халдаж, бүдүүлгээр харьцаж байгаа үйлдэл нийгмийг цочирдуулж байна л даа. Танд ч бас хүнд байгаа бололтой?

-Маш хүнд байна. Сэтгэл зүйн шок одоо хүртэл гараагүй байна. Бидэнд ингэж хандаж байгаа хүн өөр бусад хүмүүст ч ингэж ханддагаас зайлшгүй. Тухайн үед ийм мундаг шагнал авсан цол хэргэмтэй гэж мэдээгүй. Уг нь төрийн шагнал урамшуулал авсан олны танил хүмүүс илүү хариуцлагатай, соёлтой, ёс суртахуунтай баймаар юм даа.

-Хүү тань юу гэх юм?

-Хүү маань ч гайхсаар байгаа. Гадаадад сургууль төгссөн соёлтой, боловсролтой хүүхэд. Ном журмаар нь явж, цагдаагийн байгууллагаар шалгуулна. Шударга шийдэж өгөх байх гэж л хүлээж байгаа.

-Саяхан бас эмэгтэй жолооч явган хүний зам дээр явсан хүүг цохисон асуудал үүсээд байна. Хуулиараа хүний биед халдсан хэргээр 100 мянган төгрөгөөр торгуулаад өнгөрч байх шиг байна. Таны кейстэй нэлээд ойролцоо бололтой?

-Хэрэв хүүд минь халдсан асуудлыг ингэж шийдвэрлээд өнгөрвөл маш харамсалтай юм. Ер нь эрүүгийн хэрэг үүссэн ч 450 мянган төгрөгөөр торгуулаад өнгөрдөг бололтой. Ийм хариуцлагыг энэ мэт нөхөд тоохгүй шүү дээ. Тиймээс ядаж л нийгэм ийм хүмүүсийг хараг, мэдэг. Монголын хууль цагдаа нь хариуцлага тооцож чаддаггүй юм бол олон нийт мэдэж, цочроо өгөг гэж л бичлэгийг цахим сүлжээнд тавьсан. Стресстлээ гээд хүний биед халдаад явна гэдэг хууль журамтай ардчилсан улсад байж боломгүй үйлдэл. Үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй шүү дээ.

Б.ЭНХЗАЯА