Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Насанбат: Кибер халдлага ихэвчлэн гадаад улсаас хийгдэж байна DNN.mn

Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яамны Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Насанбаттай кибер аюулгүй байдлын талаар ярилцлаа.


-Кибер аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалтаар хэлэлцэж буй асуудлын ач холбогдлын талаар ярихгүй юу?

-Манай яам ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Япон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА, Оксфордын их сургуулийн Кибер аюулгүй байдлын чадавхын төвтэй хамтран “Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг үнэлэх” судалгааг хийж байна. Энэхүү судалгааг хийснээр Монгол Улсын кибер аюулгүй байдлыг хангах өнөөгийн нөхцөл байдал, хүчин чармайлтыг бодитойгоор тодорхойлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тодорхойлох, кибер аюулгүй байдлын талаарх мэдлэг, чадавхыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг оновчтой зохион байгуулах, гадаад, дотоод хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хувийн хэвшил, иргэдийн кибер аюулгүй байдлыг хангах бодлого төлөвлөлтөд итгэх итгэлийг нэмэгдүүлэх шийдлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой.

-Кибер аюулгүй байдал гэдэгт ямар ойлголтыг хамааруулдаг вэ?

-”Кибер аюулгүй байдал” гэж кибер орчинд мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдал хангагдсан байхыг хэлнэ.

-Манай орны кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшин ямар байна вэ?

-Манай улс Олон улсын Цахилгаан холбооны байгууллагaас “Олон улсын Кибер аюулгүй байдлын индексээр 3-р буюу “бэхжиж буй” гэсэн түвшинд үнэлэгдсэн. Энэ удаагийн тайлан нь 2020 оны тайлангаас ялгаатай нь улс орнуудын гүйцэтгэлийг эрэмбээр бус түвшнээр ангилж харуулсан. Энэ хүрээнд Монгол Улсын кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр гаргасан хүчин чармайлтын ахиц дэвшлийг онооны үзүүлэлтээр харвал 2020 онд Монгол Улс 26.20 оноотойгоор дэлхийн 194 орноос 120 дугаарт эрэмбэлэгдсэн бол энэ удаад 56.36 оноотойгоор 103 дугаарт эрэмбэлэгдэж, 17 байр урагшилсан үзүүлэлттэй байна. Уг үнэлгээг тулгуур хэмжигдэхүүн бүрээр нарийвчлан авч үзвэл Монгол Улс нь хууль эрх зүй, бүтэц зохион байгуулалт, чадавх бэхжүүлэлтийн хувьд эрчимтэй өсөлтийг үзүүлж, Ази Номхон далайн бүс нутгийн дундаж үнэлгээг хангасан үзүүлэлттэй байна. Ялангуяа хууль эрх зүйн хувьд тус тулгуур хэмжигдэхүүний дээд үзүүлэлт болох 20 оноонд ойртож очсон нь 2021 оноос хойш Кибер аюулгүй байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, тэдгээрийг дагалдан гарах дүрэм, журмуудыг баталж хууль эрх зүйн орчныг тасралтгүй сайжруулсан үр дүнг илтгэж байна.

-Манай оронд кибер халдлага, зөрчил хэр гарч байна вэ. Энэ талаарх тоо баримт бий юу?

-Иргэн хуулийн этгээд рүү чиглэсэн кибер халдлага, зөрчил долоон хоногт дунджаар 38 компанийн 8699 IP хаягт 91788 удаагийн сэжигтэй хандалт илэрсэн байна. Үүний 55495 нь хортой код, 29252 системд дүрмийн бусаар нэвтрэлт хийхийг оролдсон, 3258 удаагийн эмзэг байдал ашигласан, 1884 удаа нууц үг эвдэх оролдлого хийсэн үйлдлүүд байна. Цагдаагийн байгууллагад цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг 2018 онд 659 бүртгэгдэж байсан бол 2023 онд 9270 бүртгэгдэж, мөн үеэс 14 дахин өссөн үзүүлэлттэй байна.

-Ер нь манай улсад гарч буй кибер халдлагуудыг хаанаас хийгээд байна вэ. Дотоодоос уу, гадаадаас уу?

-Кибер халдлага нь ихэвчлэн гадаад улсаас хийгдэж байна.

-Кибер халдлагуудын дийлэнх нь хувь хүн рүү чиглэсэн байдаг уу. Эсвэл албан байгууллага руу юу?

-Кибер халдлага нь ихэвчлэн төр болон хувийн хэвшлийн байгууллагууд руу чиглэсэн байдаг. Төрийн өмчит хуулийн этгээд болон төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон байгууллагын мэдээллийн системд чиглэсэн кибер халдлага, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр Тагнуулын байгууллагын бүтцэд Кибер халдлага зөрчилтэй тэмцэх Үндэсний төв, иргэн, хуулийн итгээд рүү чиглэсэн халдлагыг Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яамны дэргэд Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төв, батлан хамгаалах салбар луу чиглэсэн халдлагыг Зэвсэгт хүчний кибер аюулгүй байдлыг хангах байгууллагын бүтцэд Зэвсэгт хүчний төвийг тус тус байгуулсан.

-Ямар салбар халдлагад өртөх хамгийн эрсдэлтэй байдаг бол?

-Эрүүл мэнд, боловсрол, гадаад харилцааны салбарууд руу чиглэсэн халдлагууд түгээмэл. Эдгээр байгууллагууд нь “Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын жагсаалт”-д багтсан байдаг. “Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллага” гэдэг нь кибер аюулгүй байдал алдагдсанаар хэвийн үйл ажиллагаа нь доголдож Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засагт хохирол учруулж болох мэдээллийн систем, мэдээллийн сүлжээ бүхий байгууллагууд юм.

-Буруутай этгээдэд авах арга хэмжээ нь ямар байдаг вэ?

-Кибер аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль, эсхүл Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлагыг хүлээлгэнэ. Гэмт хэргийн шинжтэй бол Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр Кибер аюулгүй байдлын тухай хуульд заасан байдаг.

-Улсын эдийн засагт хэр хохиролтой вэ. Мөн өсөлт бууралтыг урьдчилан тодорхойлох боломжтой юу?

-Дээр дурдсанчлан “Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагууд”-ын кибер аюулгүй байдал алдагдсанаар хэвийн үйл ажиллагаа нь доголдож Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засагт хохирол ноцтой хохирол учруулах эрсдэлтэй байдаг.

Техник, технологи, программ хангамж шинэчлэгдэх бүрт түүнийг дагаад халдлагын төрлүүд өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг тул үүнийг шууд тодорхойлох боломжгүй.

-Манай улс кибер аюулгүй байдлыг хамгаалахын тулд олон улсын байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллаж байна?

-Кибер халдлагад хариу үзүүлэх олон улсын байгууллага болох “FIRST”-д Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх Нийтийн төв, Үндэсний төвүүд энэ оны зургадугаар сард гишүүнээр элсэн орж бусад гишүүн орнуудтай кибер халдлагад хариу үзүүлэх, халдлага, зөрчлийн талаар мэдээлэл солилцох боломж бүрдээд байна. Цаашид бүс нутгийн кибер халдлагад хариу үзүүлэх байгууллагуудтай хамтын ажиллагааг эхлүүлэхээр ажиллаж байна.

-Кибер аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр ажилладаг манай орны хүний нөөц хэр байна вэ?

-Дэлхий нийтээр мэдээлэл технологийн хүний нөөцийн хомсдолд ороод байна. Тэр дундаа кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд дутмаг байна. Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яам нь кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх төслийг Япон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 100 гаруй кибер аюулгүй байдлын сургагч багш бэлтгэж, цаашид бэлтгэсэн сургагч багш нараар дамжуулан дотооддоо кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдийг бэлтгэхээр ажиллаж байна.

-Иргэд өөрсдийнхөө мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд юуг анхаарах ёстой вэ?

-Иргэд өөрсдийн цахим ур чадвар, мэдээллийн аюулгүй байдлын мэдлэгээ дээшлүүлэх шаардлагатай бөгөөд нийгмийн сүлжээ, цахим шуудангийн нууц үгийг тогтмол солих, мэдээ мэдээллийн эх сурвалжийг нягтлах, өөрийн орон зайгаа цахим орчинд хадгалж хамгаалах хэрэгтэй. Тус яамны зүгээс цагдаагийн байгууллага, кибер халдлага зөрчилтэй тэмцэх төвүүд, банк санхүүгийн байгууллагуудтай хамтран урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол хийж байна.

Ярилцсан Ө.АНХЗАЯА

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

О.Номинчимэг: Хувь хүний орлогын албан татварыг илүү ухаалаг байдлаар хийж, зохицуулах боломжтой DNN.mn

УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.


-Засгийн газраас ирэх оны төсвийн төслийг өргөн барьсан. Таны хувьд уг төсөлтэй танилцсан байх. Энэ удаагийн төсвийн төслийн гол онцлогийг юу гэж харж байна вэ?

-Ирэх оны төсөв бол хамтарсан Засгийн газрын оруулж ирж байгаа анхны төсөв. Тэр утгаараа яагаад хамтарсан Засгийн газар байгуулсан юм гэдгийг маш сайн гаргаж өгөх ёстой. Төсөв гэдэг өөрөө манай хөгжил хаана байна гэдгийг тодорхойлж байгаа том баримт бичиг байдаг. Энэ удаагийн төсөв бол том төслүүд дээрээ анхаарсан, Монгол Улсын эдийн засгийг тэлэх, хөгжлийг хязгаарлаж буй суурь хүчин зүйлүүдээ шийдвэрлэх, иргэдэд тулгамдаж байгаа асуудлуудаа шийдэх зэрэг зүйлүүд дээр төвлөрсөн гэж харж байгаа. УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцсэн. Үүгээр эдийн засгийн тэлэлт, өсөлт дээр үндэслээд бүтээн байгуулалтуудаа ирэх дөрвөн жилд яаж хийх вэ гэдгээ илүү сайн гаргасан. Үүн дээр үндэслээд энэ жилийн төсвөө оруулж ирсэн байна лээ. Өмнөх жилүүдийн төсөвтэй харьцуулахад гол мега төслүүд дээрээ анхаарч, жижиг бүтээн байгуулалтуудын хөрөнгө оруулалтыг энэ удаад өнжих бодлого барьсан. Энэ нь хэтэрхий жижиг олон зүйл дээр хөрөнгө оруулалтаа тарамдахгүйгээр чухал асуудлуудаа шийдье гэж зорьсон байна гэж харсан.

-Нийслэлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд ихээхэн анхаарсан гэж харагдсан. Ингэж шууд нэг дор нь бүх асуудлаа шийднэ гээд тавьчихсан нь хэр зохимжтой юм. Дээрээс нь энэ тал дээр ямар, ямар гол төсөл байгаа юм бэ?

-Энэ удаагийн төсөв зөвхөн нийслэл Улаанбаатар руу чиглэчихсэн юм биш л дээ. Өмнө нь хийсэн төсвийн тодотголоо нийслэл рүү чиглэсэн хөрөнгө оруулалтуудыг түлхүү хийе гэж орж ирсэн. Харин ирэх оны төсөв дээр улс орон даяарх төслүүдээ хэрхэн хөдөлгөх вэ гэдэг дээр илүү анхаарсан. Бидний хувьд эрчим хүчний хараат байдлаас гарах, ямар төслүүдийг явуулснаар бид илүү орлого олох вэ гэдгээ Засгийн газар тооцоолоод оруулж ирсэн байх.

Ер нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 14 мега төсөл гэдэг зүйл явж байгаа. Гэхдээ эдгээрээс энэ ондоо алинд нь түлхүү анхаарах вэ гээд дөрвөн төслийг сонгосон байсан.

-Тэр нь юу юу байна вэ?

-Нэгдүгээрт, Гашуунсухайт-Ганц модны төмөр зам. Нийт 18 жилийн турш яригдаж байгаа асуудал. Энэ төмөр замын холболтыг хийснээр гол орлого олдог экспортын бараа бүтээгдэхүүн шуурхай гарах боломжтой болно. Хоёрдугаарт, Монгол-Францын хамтарсан ураны хөтөлбөр. Энэ төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд хүртэл яригдсан. Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг стратегийн салбарт оруулж ирэх нь маш чухал ач холбогдолтой гэж харж байгаа. Гуравдугаарт, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц. Манай улсын хөгжлийг хязгаарлаж байгаа гол зүйл бол эрчим хүчний асуудал. Тийм болохоор ийм тохируулагч станц бол бидний эрчим хүчний тогтвортой, найдвартай байдлыг хангаж, хараат байдлаасаа гарахад том түлхэц болно. Тиймээс энэ төслийг явуулах тал дээр БНХАУ-ын Экзим банктай хамтран анхааръя гэж байгаа. Дөрөвдүгээрт, Тавантолгойн цахилгаан станцын төсөл байна. Олон жил яригдаж ирсэн уг төслийг явуулж, Оюу толгойн эрчим хүчийг дотоодоосоо хангахаар зорьж байгаа. Харин хотын хувьд төсвийн тодотголоор оруулсан хэд хэдэн бүтээн байгуулалт бий. Ялангуяа түгжрэлийг цогцоор шийдэх нь эдийн засгийг нэмэгдүүлэх, хотын иргэдийн амьдрах орчныг сайжруулах чухал ач холбогдолтой. Тиймээс хот тойрог замтай болох, хурдны замыг байгуулах дээр анхаарч байгаа. Ер нь замын сүлжээгээ сайжруулж байж, тэлж зөв болгосноор түгжрэлийн асуудлыг шийднэ. Дээрээс нь сүүлийн 1-2 жил бид нийтийн тээврийн шинэчлэлийг дорвитой хийсэн. Үүнийгээ нэмээд хэрхэн яаж төрөлжүүлэх вэ гэдэг асуудал дээр анхаарч байгаа.

-Төмөр зам, Туул голоор хот нь хуваагдчихсан учраас түгжирдэг гэдэг. Тэгэхээр эдгээр гарцуудыг нэмэгдүүлэх, давхар зам, гүүр байгуулах ажлууд хэр туссан бэ. Нийслэлд ажиллаж байсан хүний хувьд энэ талын мэдээлэл бий байх?

-Засгийн газраас улсын төсөвт нийслэлээс төвлөрүүлдэг орлогыг багасгах замаар эдгээр асуудлаа нийслэл өөрөө шийдэх боломжийг маш сайн гаргаж өгсөн. Манай улсын ДНБ-ий 65 хувь нь нийслэлд эргэлддэг. Ихэнх эдийн засаг нь энд эргэлддэг учраас татварын орлогоо ч бид нийслэлдээ авдаг байсан. Эндээсээ нийслэл маань улсын төсөв рүү мөнгө татан төвлөрүүлдэг байсан юм. Харин үүнийг нь багасгаад өөрсдөө олж байгаа орлогуудаа тулгамдаж байгаа асуудлуудаа шийдэхэд анхаар гэсэн боломжийг өгсөн. Үүнээс гадна таны хэлсэн гүүр, нүхэн гарцууд нийслэлийн төсөв дээр хийгдээд явж байгаа. Олон улсны хамтын ажиллагаа, зээл, тусламж болон өөрийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа юм.

-Манай улс нэг үеэ бодоход эрчим хүчний хараат бус байдлаас боломжийн хэмжээнд гарч байгаа. Тэгвэл шатахууны хараат байдлаас гаргах томоохон төсөл хөтөлбөрүүд юу байна вэ?

-Шатахууны хамаарлыг багасгах гээд бид олон жилийн өмнөөс Дорноговь аймагт нефть боловсруулах үйлдвэрийг БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Харамсалтай нь жаахан удаашралтай байгаа. Гэхдээ саяхан Ерөнхий сайд энэ газар дээр очоод ажлын явцтай танилцсан байна лээ. Тэгэхээр цаашдаа хэрэгжээд, бүтээн байгуулалт нь хийгдээд явах байх.

-Засгийн газраас “20 минутын хот” гэсэн төлөвлөгөөг гаргаад нийслэлээ олон хот болгон задлах асуудал байгаа. Энэ тал дээр ямар ажлууд хийгдэх вэ. Улаанбаатар хотоо олон жижиг болгох нь ямар ач тустай юм бэ?

-Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулиар энэ асуудал шийдэгдээд явж байгаа асуудал. Яагаад нийслэлээ 14 хот болгон задлах гээд байна вэ гэхээр Х.Нямбаатар даргын баг нийслэл дээр очоод ажиллахад эрх мэдлийн төвлөрөл үнэхээр хэцүү болчихсон байсан. Гэрэл асахгүй байна, хогоо цэвэрлэ, зам харгуйгаа янзал гэдэг асуудлууд гээд бүгд дээр нь хотын дарга хүрч ажиллаж чадахгүй. Тийм учраас дүүрэг, хорооны Засаг дарга байдаг. Гэтэл асуудал болохоор нийслэл мэднэ гэчихээд төсөв мөнгө шийдэх болохоор гараад ирдэг байж болохгүй. Эрх мэдлийн тэнцвэртэй хуваарилалт, яхналт нь алдагдчихсан байсан. Тиймээс эхний алхам болгож дүүргүүдэд тохижилтыг нь хариуцуулсан. Улмаар хүнд хурдан хүрч ажиллахын тулд жижиг нэгж илүү чухал. Ингэхийн тулд өөрсдийн төсөв мөнгөтэй байх ёстой гэдгийг энэ хуульд бид оруулж өгсөн. Ер нь дэлхийн зарим томоохон хот жижиг хотуудын нэгдэл дээр дундын зохицуулалтыг нь хийдэг байдлаар явдаг.

-Татварын тодорхой бодлогууд оруулж ирж байгаа гэж ойлгосон. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Энэ олон бүтээн байгуулалтыг бүгдийг нь төсвөөр хийх боломжгүй. Тиймээс нийгмийн шинжтэй бүтээн байгуулалтыг хувийн хэвшил хийсэн тохиолдолд татварын хөнгөлөлт эдлүүлэх, буцаан олгох асуудлыг оруулж ирсэн.

-Татвар, дарамт их байна гэдэг шүүмжлэл үеийн үед байж ирсэн. Тэгэхээр цаашдаа ямар бодлого явуулах ёстой юм. Энэ тал дээр та ямар ажлуудыг санаачилж ажиллах вэ?

-Судлаад үзэхээр манай улс албан татварын хувь хэмжээний хувьд хэт их биш, бага ч биш байдаг. Нөгөө талаараа манай татварын орлогыг нөгөө л нэг хэдэн компаниуд бүрдүүлдэг. Мөн хувь хүний орлогын албан татвар /ХХОАТ/-ыг нийгмийн даатгал төлдөг, хөдөлмөрийн гэрээтэй хүмүүс л төлдөг. Гэтэл үүний ард маш их орлоготой, хөрөнгөтэй хүмүүс ХХОАТ-аа хангалттай төлөхгүй байгаа. Үүнийг төлүүлж, ХХОАТ-ыг илүү ухаалаг байдлаар хийх боломжтой. Яг үнэнийг хэлэхэд Татварын ерөнхий газар, Сангийн яам тийм ч санаачилгатай ажиллахгүй байна гэж би боддог. Мөн газар, үл хөдлөхийн татвар зэргийг ч шударгаар авах ёстой. Одоо болохоор манайхан үл хөдлөхийн үнэлгээгээ ч зөв хийлгэхгүй байгаа. Мандхай зочид буудал л гэхэд 15 сая төгрөгийн үнэлгээтэй. Энэ үнэлгээнийхээ нэг хувиар л татвар төлдөг. Хангай зочид буудал бол бүр хэзээ ч үл хөдлөхийн татвар төлж байгаагүй. Тэгэхээр хөрөнгийн татварыг илүү ухаалагаар системийг нь бий болгож, татвараа шударга авдаг байдал руу шилжихгүй бол аж ахуйн нэгж дээр ирдэг татварын дарамт их хэвээрээ л байх болно. Тиймээс энэ тал дээр анхаарч ажиллана.

-НӨАТ-ыг их сайн систем болсон гэж ярьдаг. Гэтэл амьдрал дээр НӨАТ-аа хасуулах, хасуулахгүй гэдэг сонголтыг иргэдэд өгдөг. Хувиа бодоод иргэд нь хасуулдаг. Энэ нь эргээд далд эдийн засгийг бий болгож байна гэдэг л дээ. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Анх далд эдийн засгийг ил болгох зорилгоор НӨАТ-ыг бий болгож, тодорхой хэмжээнд үр дүнд хүрсэн боловч буцаад ийм байдал руу л орж байна л даа. Уг нь хуулиараа НӨАТ-тай худалдан борлуулах ёстой. Дээрээс нь гаалиар орж ирж байгаа бараа бүтээгдэхүүн манай улсад зарагдаж байгаатай системийн хувьд нийлээгүй. Гаалийн систем учир дутагдалтай байгаа. Энэ асуудлыг Сангийн яам маш их анхаарх ёстой. Эдийн засгийн тооцооллоо хийгээд НӨАТ-аа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн дээр багасгахгүй бол иргэдэд маш их дарамт авч ирж байгаа.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Сонгууль болохоор л зүхдэг Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж хоёрын хүчинд идэх хоолтой байгаагаа ойлгох цаг болсон” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы  баасан гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. 

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн, Эдийн
засгийн байнгын хорооны дарга Р. Сэддоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр “Төр нь бүтээн байгуулалт хийхээс илүүтэй хувийн хэвшилдээ тэр орон зайг нь үлдээх ёстой” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай

Ахмад багш Доржийн Түмэн-Өлзий “Барилгын нэгдүгээр ТМС-ийн 60 жилийн ойг улсаас тэмдэглэж өгөөсэй л гэж хүсч байна” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Сонгууль болохоор л зүхдэг Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж хоёрын хүчинд идэх хоолтой байгаагаа ойлгох цаг болсон хэмээн өгүүллээ

Ялагдал болгон нь ялалт байсан гайхамшигт сумоч

СОНГУУЛЬ 2024: Тулгатын баг ДҮҮРГЭЭ АВРАХ УУ?

Жагсагчид “Өнөөдөр бид үр хүүхдээ хүмүүжүүлж чадахгүй, ар гэр маань ямар асуудалтай байгааг мэдэхгүй ажиллаж байна” гэлээ.

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Биньямин Нетаньяху: Иран улс том алдаа хийсэн

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Триллер, детектив: “Хандолин”,
“Мадриана, тэнүүлчин хоёр


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Эмэгтэй ерөнхийлөгчтэй болдоггүй юм гэхэд эмэгтэй хотын даргатай болъё DNN.mn

Улаанбаатар хот эмэгтэй даргатай болмоор байна. Өнгөрсөн хугацаанд дандаа эрэгтэй даргатай явж ирлээ. Монголд эрэгтэй хүн хотын дарга болохоор нийгмийн асуудлыг ерөөсөө шийддэггүй юм байна гэдэг нь өнгөрсөн хугацааны түүхээс ил харагдах юм. Эрэгтэй хүн өөрийн хүч чадлаар аливааг шийдэх, дайн байлдаан хийж өөрийн өмч хөрөнгөтэй болох гэдэг байгалийн гэмээр онцлогийнхоо дагуу ч тэр үү өнгөрсөн хугацаанд улс төрийн тоглолт хийж ирлээ. Мөн нийслэлийн газрыг хайр найргүй, баруун солгойгүй зарлаа. Нийслэлд тулгамдсан асуудлаар дөрөөлж хувьдаа мөнгө завших гэж үзлээ гэхчлэнгээр өөрийн өмч хөрөнгө, эрх мэдлийг тэлэхийн төлөөх “тулаанд” л орсоор ирж. Түүнээс нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдэж чадсангүй. Тиймдээ ч нийслэлийн асуудал сараас сард, жилээс жилд шийдэгдэхгүй тэлсээр байна.

Эмэгтэй хүн байгалийн онцлогийн дагуу үр хүүхэд, гэр бүлээ эрүүл байлгах, тогтвортой, тохь тухтай байлгахад чиглэдэг гэсэн сэтгэл зүйн судалгаанууд олон бий. Тиймээс эмэгтэй ерөнхийлөгчтэй болдоггүй юм гэхэд эмэгтэй хотын даргатай болмоор байна. Үүнд нийцсэн кандидат бол одоогийн байдлаар Нийслэлийн ХҮН намын дарга Э.Золзаяа гэх эмэгтэй нийцэж байна гэхэд буруудахгүй. Тэрээр хотын хөгжлийн бодлого, орон зайн төлөвлөлт дизайны чиглэлээр сүүлийн 10 орчим жил ажиллаж дэлхийн 40 гаруй улс 100 гаруй хотоор аялан олон улсын 10 гаруй форумд оролцож, панелист илтгэгч байсан мэргэжлийн хүн юм билээ. Тиймээс бэлэн байгаа кандидатаа сонгоё. Ер нь ч дэлхийн өндөр хөгжилтэй орнууд эмэгтэй хүнийг хотынхоо даргаар томилж байна. Жишээ нь, Австрали, Япон, Канад, АНУ бүгд эмэгтэй хотын даргатай. Лос Анжелосын дарга Карен Басс хоёр жилийнхугацаанд хотын даргаар ажиллахдаа орон гэргүй иргэдийн тоог бууруулсан байдаг. Тиймээс эмэгтэйчүүд эрүүл, тав тухтай орчныг бүрдүүлэх, нийтийн тээврийн хүртээмж, амьдралын чанарыг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах зэрэг асуудалд дорвитой өөрчлөлт гаргана гэдэгт итгэлтэй байна.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

“Зариг”-ийн Өнөрөөгийн кейс Монголын хэвлэл мэдээллийн дархлааг үгүй болгосон уу? DNN.mn

Монгол Улсын Үндсэн хууль, монгол хүний үндсэн эрхтэй шууд холбоотой мэдээллийг нийтэлж, олон нийтэд хүргэсний төлөө Үндсэн хуулийн Цэц нь сэтгүүл, хэвлэл мэдээллийн байгууллагатай ёс зүй ярьж, улмаар Үндсэн хуулиар олгогдсон хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдахыг оролдсоныг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичиж, эсэргүүцэж байна.

Өнөөдөр Монголын хэвлэл мэдээллийн салбар ямар байдалтай байна вэ. Хамгийн наад захын жишээ гэхэд “Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллага жил бүр дэлхийн улс орнуудын хэвлэлийн эрх чөлөөний индексийг гаргахдаа тухайн орны улс төр, хууль, эрх зүйн орчин, эдийн засаг, нийгэм соёлын нөхцөл байдал, аюулгүй байдал гэсэн таван шалгуур үзүүлэлтээр дүгнэдэг. Тус байгууллагын 2024 онд дэлхийн 180 улсыг хамруулсан судалгаанаас Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр 109 дүгээр байрт жагсчээ. Өнгөрсөн онд 88-д жагсаж байсан манай улс 21 байраар ухарч 109-д эрэмбэлэгдсэн нь ардчилсан улсын хувьд маш муу дүн юм.

Монгол Улсад 600 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж, 4500 гаруй хүн ажиллаж байна.

С.Амартүвшин: Өнөрөөгийн асуудлаас улбаатай төрийн хатуу бодлого, шийдвэрээр хэвлэл мэдээллийг зохицуулах зорилт хэрэгжээд явчихлаа

Уг сэдвээр МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш, доктор С.Амартүвшинтэй ярилцлаа.


-Өнөрөөгийн кейс Монголын хэвлэл мэдээллийн дархлаанд хэрхэн нөлөөлөв?

-Ний нуугүй хэлэхэд, Монголын хэвлэл мэдээллийн дархлаа алдагдсан шүү дээ. Үүнд Өнөрөө гэж ганц сэтгүүлчдээ ч биш. Манай цөөнгүй сэтгүүлч, хэвлэлийнхний алдаа дутагдал, мэргэжлийн бус хандлагатай холбоотой.

Ер нь, Өнөрөөгийн кейс харамсалтай. Түүний алдаандаа ч биш дээрх асуудлаас улбаатай төрийн хатуу бодлого, шийдвэрээр хэвлэл мэдээллийг зохицуулах зорилт хэрэгжээд явчихлаа. Нөгөө талаараа Өнөрөөгийн сэтгүүлчийнхээ хувьд нийтийн эрх ашгийг тэргүүнд тавих, олон түмний дуу хоолой болох гэсэн үйл, хандлагаасаа болж өртөж байгаа. Чөлөөт хэвлэлийн нэгэн чухал үзүүлэлт шударга шүүмжлэл. Үүнийг төрөөрөө хүлээн зөвшөөрдөг байх ёстой. Шүүмжлэлгүй нийгэм, хэлэлцүүлэггүй ардчилал гэж юу байх билээ. Зөвшилцөл чухал байтал, нийгэм дэх гажуудал завхарлыг засан залруулах шийдмэг бодлого барих гээд Төр засаг ч “дэврүүнээр” хатуурхаад эхэлсэн. Энэ байдал битгий даамжраасай. Нөгөө утгаараа хэвлэл мэдээллийн дархлаа юун дээр тогтдог гээч. Үндсэн хуулиар баталгаажсан хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, Хэвлэл мэдээллийн хуулиар баталгаажсан хэвлэл мэдээллийн эрх чөлөөн дээр тогтдог. Үүнийг хөндөж, цензурдээд эхлэх л юм бол хэвлэл мэдээллийн дархлаа алдагддаг.

-Сэтгүүлчдийг Эрүүгийн хуулиар далайлган үг дуу, үзэл бодлыг нь хорьдог боллоо. Энэ үйл явц улам хүрээгээ тэлж даамжрах шинжтэй. Энэ тал дээр Таны үгийг сонсмоор байна?

-Иргэд, олон түмний мэдэх эрхэд үйлчилж, мэдээлэлтэй байх хэрэгцээ шаардлагаар мэдээллийн эрх чөлөөг хангаж ажилласныхаа төлөө эрүүгийн хуулиар буруутгагдахын эсрэг зарчим олон улсын эрх зүйн практикт үйлчилдэг.

Энэ бол шууд утгаараа төрийн цагдан хяналт буюу цензурын хэлбэр. Гэтэл манайд сэтгүүлчдийг ялладаг жишиг бараг тогтох маягтай болчихоод байна. Энэ бол Үндсэн хуулиар болон ХМЭЧТ хуулиар баталгаажсан иргэн хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг боомилохыг зорьж буй явуургүй санаа, үзэл хандлагын тод илрэл. Нөгөө талдаа мэдээж цахим орчны худал хуурмаг, үнэн зөв мэдээллийн учир зүйн олдохоо байсан мэдээлэл харилцааны хэт урсгалын давлагааны уршиг. Нийгмийн сүлжээний сайн хийгээд саар харилцаа болон сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагааны зааг хязгаар дахь ээдрээтэй байдлын үр дүн. Ардчиллын үнэт зүйл болсон хувь хүн, иргэнийхээ нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалал нь эрхэм зарчим.Гэхдээ ардчиллын бас нэг үнэт зүйл болох хэвлэл мэдээллийн эрх чөлөөг шийтгэлийн хамгийн хатуу санкцитай эрүүгийн хуулиар зохицуулах нь буруу. Буруугаар тогтохгүй одоо цөөнгүй сэтгүүлч хатуу үр дагаврыг нь хүлээхдээ тулаад байна. Гэхдээ хууль шүүхийнхэн маань хуулийн хатуу заалт барьж шийдэхээсээ өмнө нийгмийн сайн сайхны төлөө хууль үйлчилдэг зарчмаа бариасай гэж хүсэх байна. Ингэх байх гэж ч найдаж байна.

-Мэдээж, бусдын нэр хүндийг хамгаалах хэрэгтэй. Гэхдээ заавал эрүүгийн хуулиар далайлгах бус иргэний хуулиар шийдвэрлэж болох асуудлыг хүндрүүлэх шаардлагагүй мэт санагддаг. Ялангуяа эрх мэдэлтэн, албан тушаалтан, төрийн байгууллагын нэр хүндийг хамгаалахын тулд сэтгүүлчдийг ялладаг, айлган сүрдүүлдэг цаг үе иржээ. Үүнтэй Та санал нийлэх үү?

-Нэгд, үзэл бодлын, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг иргэний хуулиар зохицуулах нь чухал гэж олон улсад үздэг. Бас өөрийн зохицуулалтын механизмыг төгөлдөржүүлж шийдвэрлэх чиг хандлага давамгайлдаг. Хоёрт, “өндөр мод салхин дилүү хүчтэй найгаж, савладаг” гэсэн үг хэллэг бий. Төрийн өндөр албан тушаалтан болон олны танил болж хувь хүний байр сууриа олон түмэнд даатгасан, тэднийг төлөөлсөн этгээдүүдэд “гомдоллоод байх эрх” ч байхгүй. Харамсалтай нь юм л бол шүүх, ёс зүйн зөвлөлд гомдол гаргагчдын дийлэнх олонх нь “тэд” байдаг. Шүүхэд гомдол гаргах моод нь цензурын нэг хэлбэр. Цаашлаад сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхнийг “реккет”үүдээр дарамтлах ч тохиолдол байдаг. Дээр нь эрүүгийн хуулиар хувь хүнд учирсан хохирлыг хэлэлцэн шийдвэрлэдэг болохоос “хийсвэр нэр хүнд”ийн хохирлыг шийдвэрлэдэггүй гэсэн зарчим байдаг гэж сонссон. Сэтгүүлчид үүнийг мэдэж байхад илүүдэхгүй.

-Эрүүгийн хуулийн 13.14-т “Илт худал мэдээлэл цацах замаар бусдын алдар хүндэд халдсан бол эрүүгийн хэрэгт тооцно” гэсэн заалтаар сэтгүүлчдийг айлгаж, тэдний үзэл бодлыг хайрцаглаж байна. Үүнийг яаж засах вэ?

-Анх Эрүүгийн энэ хуулийн заалтыг манай салбарынхантай хууль зүйн сайд, дэд сайд тэргүүтэй хүмүүс хэлэлцэн уулзалтууд хийж байхад нэг уулзалт дээр тухайн үеийн сайд Х.Нямбаатарт би хэлж байсан. Энэ заалт хожим олон сэтгүүлчийг, цахим орчинд үзэл бодлоо илэрхийлдэг иргэдийг эрүүгийн гэмт хэрэгтэн, ялтан болгон чирэх эрсдэлтэй шүү гэж. Гэтэл сэтгүүлчдэд бараг хамаарахгүй. Учир нь “Худал мэдээлэл түгээх” гэсэн зүйлчлэлд сэтгүүлч үнэхээр үнэн бодит баталгаатай мэдээллийг түгээдэг мэргэжлийн үйл ажиллагаа бол гэм буруутайд холбогдохгүй гэж тайлбар хийсэн. Гэвч онолын мод бор саарал байдаг бол амьдралын мод нов ногоон байдаг гэгчээр хуулийг практикт яаж хэрэглэж эхлэх вэ, тэр жишгээр цаашид шийдвэрлэдэг жишиг тогтно гэдгийг сануулж байлаа. Харамсалтай нь ёр юм шиг тийм л жим татчихлаа. Энэ нь тус заалтын“Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол…” гэсэн дэх “олон нийтэд тараасан” гэх томьёололд хамаг учир бий. Яаж ч хэрэглэж болох энэ хэллэгийг “ухаалаг” шигтгэчихсэн дээ.

Хэвлэлийн эрх чөлөөний хууль хэр амьдралд нийцсэн хууль вэ?

-Энэ хуулийн хамгийн чухал зүйл нь хуулийн үзэл баримтлал нь юм. Үндсэн хуулиар баталгаажсан хувь хүний эрхүүдийн амин чухал нэг эрх болох үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй холбоотой хэвлэл мэдээллийн салбарын хэвлэл мэдээллийн эрх чөлөөг баталгаажуулсан чухал хууль. Ардчилсан нийгэмд энэ эрхийг Үндсэн хууль болон энэ хуулиар баталгаажуулсан эсэхээр чөлөөт хэвлэлтэй байгааг тодорхойлдог зарчимтай. Мэдээж цагийн явцад сэтгүүл зүйн практикт хэвлэлийн мэдээллийн эрх чөлөөг бүрэн хангаж ажиллахад шаардлагатай зарим асуудлыг зохицуулж чадахгүй байгаа, тунхагийн шинжтэй боловч хууль, шүүхийн практикт сэтгүүлчээ хамгаалдаг гол эрх зүйн эх сурвалж шүү дээ. Өнөөдөр энэ хуулийг шинэчлэх, шинэчлэн найруулах тухай асуудал хөндөгдөж, УИХ-ын чуулганаар хэлэлцэн, батлах түвшинд асуудал шуурхай яригдаж байна. Ажлын хэсэг ч гарчихсан, МСНЭийн болон ХҮЭК, мэргэжлийн болон салбарын байгууллага, холбоодын хэлэлцүүлэг өрнөж байна. Харин үүнд хувь судлаачийн хувьд дараахь байр суурьтай байгаа.

Шинэчлэх бол сэтгүүлч эх сурвалжаа нууцлах, хамгаалах болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэмшлийг ил тод болгох гэсэн хоёр асуудлыг зохицуулсан зүйл заалт л нэмж оруулахад хангалттай. Харин олон зохицуулалт оруулж, олон зүйлийг хуульчлах л юм бол хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах бус харин ч хязгаарлах нөхцөл бүрдэж үзэл баримтлалтайгаа зөрчилдөх үндсийг тавих болно. Ер нь хэвлэл мэдээллийн эрх зүйн орчны онцлог нь тус салбарын онцлогоосоо шалтгаалан хуулиар үл зохицуулах зарчим чухал гэж үзэж байна. Чөлөөт хэвлэлийн үзэл номлолд ч тэр, чөлөөт хэвлэл хөгжсөн олон улсын практикт ч ингэж үздэг. Зүй нь, эрх зүйн позитивист бус философиор нийгмийн харилцааг өөрийн зохицуулалтын механизм, хууль, нийгмийн хэм хэмжээ гэсэн гурван зүйлээр зохицуулна гэж үздэг. Хэрэв Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчилж байна гээд үзэл баримтлалыг нь дордуулж, хэтийдсэн зохицуулалтууд оруулснаас хэвээр нь байлгасан нь дээр. Харамсалтай нь, манай салбар дотор ч, манайхтай “хавьсахыг хүсдэг”зарим байгууллага энэ хуулийн шинэчлэлд өөр өөрийн ашиг сонирхолоо шигтгэчихгээд байгаа хандлага бас байна. Үүнийг тус хуулийг шинэчлэн найруулахаар санаачилсан хэд хэдэн хуулийн төслүүдээс харж болно. Хоёрт ХМЭЧТ хуулийг санаачлах, шинэчлэх субьект төр засгийн байгууллага, институци байхыг би хувьдаа эсэргүүцдэг. Учир нь, санаачлагч нь төрийн субьект байх л юм бол тэр тал өөрийн ашиг сонирхлоо хуульд ил, далдаар эвтэйхэн, “хулгайн” үг, хэллэг, томьёоллоор зайлшгүй тусгадаг. Үүний нэг нотолгоо нь Эрүүгийн хуулийн 13.14 шүү дээ. Тиймээс төрийн бус субьектээс төсөл боловсруулж, хэлэлцүүлж аваасай гэж уламжилмаар байна. МСНЭ-ийн УЗийн гишүүний хувьд эвлэлийн байр суурийг ч энэ дашрамд даймаар байна. Саяхан манай эвлэл санаачлан салбарын эвсэл, холбоодын төлөөлөл болон хүний эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний чиглэлээр судалгаа хийж ажилладаг хуульчдын төлөөллүүдтэй уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн үр дүнд тэдгээр хуульчдадаа хуулийн төсөл боловсруулж өгөөч, бид хуульд тусгах асуудлаа санал болгоё, тэгээд хэлэлцье, дараа нь УИХ дахь ажлын хэсэгт санал болгоё гэдэг шийдэлд хүрсэн.

Б.Баярмаа: Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх орон зай хумигдаж байгаагбид нухацтай эргэж харах хэрэгтэй

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш Б.Баярмаатай ярилцлаа.


-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн кейс хэвлэл мэдээллийн дархлаанд нөлөөлж байна уу?

-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хэрэг бол Монголын хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин ямар түвшинд байгааг харуулж байна гэж судлаачийн зүгээс үзэж байна. Хэдийгээр хувь хүний хувьд ар гэр, амьдрал ахуй, ажлын хувьд хэцүү нөхцөл байдал боловч тойм зургаар нь харвал өнөөдөр Монголд ямар ч сэтгүүлч Н.Өнөрцэцэг шиг нөхцөл байдалд орох эрсдэл бий. Эрсдэл гэж байгаагийн шалтгаан нь сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг мэргэжлийнх нь хувьд би дүгнэж хэлэхгүй. Гэхдээ маш олон эрэн сурвалжлах бүтээл хийдэг, идэвхтэй ажилладаг сэтгүүлч. Н.Өнөрцэцэгт яагаад гэнэт нэг зэрэг олон хэргээр хэрэг үүсгэчихэв ээ гэдэг бол хамгийн том асуудал. Хууль тогтоомж хүн бүрд адил тэгш үйлчлэх ёстой. Хууль зөрчсөн бол хуулийн хариуцлага хүлээх нь зүйтэй. Гэхдээ өмнө нь яагаад тэр хэргийг нь шалгаагүй байсан юм. Гэнэт л болохоо байчихсан юм шиг бүх хэргүүдийг нь эргэн сэргээгээд олон хэргийг нэг дор шалгаж байгаад нь ямар нэг асуудал байна гэж харж байна. Хэргийн процесс явагдаж байгаа учраас би дүгнэж хэлэх боломжгүй. Энэ хэрэг цаашдаа илүү тодорхой болох байх.

-Н.Өнөрцэцэгт үүсгэсэн хэргийн асуудал Монголын хүрээнээс хальж олон улсын хэмжээнд хүрсэн. Энэ талаар?

-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг баривчилсан явдал дэлхийн улс орнуудын хэвлэлийн эрх чөлөөний индексийг гаргадаг “RSF буюу Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагын вебсайтад бүртгэгдсэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улс анх удаа энэ сайт дээр сэтгүүлч ажлаа хийснийхээ төлөө баривчлагдсан гэсэн статустай болж хувирсан юм. Гэхдээ Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлт өмнөх оныхоос 22 байр ухраад 109-д бичигдсэн нь Н.Өнөрцэцэг баривчлагдсантай холбоотой гэж дүгнэж болохгүй. Сүүлийн арван жил хэвлэлийн эрх чөлөө муудсаар, муудсаар энэ нөхцөл байдалд хүрсэн. Үүний үр нөлөө нь Н.Өнөрцэцэг сэтгүүлчид холбогдох олон хэргийг нэг дор шалгаж байгаа явдал. Ингэснээр эрсдэлтэй нөхцөл бий болчихжээ гэдгийг бидэнд сануулж байна. Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллийн эрх зүйн орчноо эргээд хараач ээ. Иргэн хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх орон зай хумигдаж байгааг бид нухацтай эргэж харах хэрэгтэй. Хэдэн сэтгүүлчид тэмцдэг, эсвэл нэг хэрэг гарахаар тэр хэргийг ярьж хэсэг шуугиад мартчихдаг ийм байдал үргэлжлээд л байвал дараа үеийнхэндээ, хэвлэн нийтлэгчиддээ бид юу гэж хэлэх билээ. Зөвхөн Н.Өнөрцэцэгийн хэргийн талаар ярих биш бүхэлд нь харах ёстой болжээ гэж дүгнэж байна.

-Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зөв үү?

-1998 оны Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль бол салбарын цорын ганц гол хууль. Энэ хууль миний хувьд ихээхэн үнэ цэнэтэй хууль. Үеийн үед уг хуулийг өөрчлөх ёстой гэж ярьсны эцэст одоо арав гаруй хуулийн төсөл гарчихсан байгаа. Социалист нийгмийг даваад ардчилсан нийгэм рүү шилжиж байгаа улс оронд ямар хууль байвал зохистой вэ гэдгийг эргэж харах ёстой гэж бодож байна. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль бол үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг дээдэлсэн мөн хэвлэл дэх төрийн оролцоог хязгаарласан үнэ цэнэ бүхий заалттай хууль. Энэ хуулийн гол амин сүнс нь хэвлэлийн эрх чөлөөтэй байх нөхцөл байдлыг бүрдүүлсэн явдал. Гэхдээ зарим нэг ойлголтын зөрүүтэй заалтууд байдаг. Үүнийг засахын тулд хуулиа ойлгож, таньж мэдэх алхмыг бага багаар өөрчлөх ёстой. Тэгэхгүйгээр эрс шинэчилбэл өнөөгийн нөхцөл байдалд тохирохгүй гэж үзэж байна. Манай орны улс төрийн соёл, нөхцөл байдал ямар байгааг бүгд мэднэ. Ийм нөхцөлд хуулийг маань гэнэт өөрчлөөд нөхцөл байдал улам дордох вий гэдэгт санаа зовж байна.

Монгол улсын Эрүү-гийн хуулийн 13.14 дүгээр заалтаар ихэвчлэн сэтгүүлчдэд арга хэмжээ авдаг. Энэ нь сэтгүүлчдэд айдас төрүүлж байгаа олон асуудлын нэг нь. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Хүнийг гүтгэж, доромжилно гэдэг байж боломгүй үйлдэл. Үүнийхээ төлөө ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээх нь тодорхой. Гэхдээ ямар хариуцлага байх вэ гэдэг бодох асуудал. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгтэн болгох юм уу, эсвэл иргэн хоорондын зөрчил гэж авч үзэх үү. Манай улсад нэр төрд халдсан тохиолдолд эрүүгийн болон иргэний хэргээр хариуцлага хүлээх хуулийн зохицуулалттай. Иргэний эрх зүйн хүрээнд мөнгөн төлбөр төлөөд залруулга гаргадаг. Харин эрүүгийн эрх зүйн хүрээнд шийдэгдвэл гэмт хэрэгтэн болдог. Эрүүгийн хуульд гүтгэх доромжлох заалтыг оруулснаас хойш сэтгүүлчид айдастай болоод байна гэдэг нь үнэний ортой. Яагаад гэвэл энэ заалтад доромжлох, гүтгэх, нэр хүндэд халдах, худал мэдээлэл тараах гэсэн өөр өөр онцлогтой үйлдлүүдийг нэг дор оруулаад шийдэж байгаа юм. Мөн сэтгүүлч ямар зорилгоор тухайн мэдээллийг бичсэн тухай ерөөсөө авч үздэггүй. Жижигхэн баримтын алдаа гарсан байвал худал мэдээлэл биччихлээ гэж үздэг. Олон нийтийн эрх ашгийн төлөө байгаа зорилгыг харгалзаж үздэггүй нь олон улсын жишгээс өөр байгаа юм.

-Олон улсын жишгээр нйигмийн сайн сайхны эсрэг зүйлийг гэмт хэрэг гэж үздэг. Гэтэл манай эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн хүрээнд гомдол санал гаргаж байгаа хүмүүсийн дийлэнх нь улс төрийн албан тушаалтан, эрх мэдэлтэн байх нь элбэг. Энэ нь нийгэмд сүүдэртэй тал болж тусаж байна?

-Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалт бол хорих хариуцлага байхгүй. Харин мөнгөн дүнгээр торгодог, зорчих эрхийг хязгаарладаг. Энэ заалт цаашид ажлаа хийхэд нь айдас бий болгодог учраас сэтгүүлчдэд харшилж байна. Цагдаа, шүүхийн байгууллагаар явбал тухайн хүний ажил амьдрал нь хэвийн үргэлжлэхээ болино шүү дээ. Тиймээс дахиад ийм асуудалтай тулгарахыг хэн ч хүсэхгүй. Улсын хэмжээнд 2023 болон 2024 оны эхний гурван сарын байдлаар иргэн, байгууллагаас гаргасан хэвлэл мэдээллийн үйл ажиллагаатай холбоотой зөрчлийн 15, гэмт хэргийн талаарх 185 гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллагаас хүлээж авсан байна. Нийт гомдлын 135 буюу 66.8 хувийг нь албан тушаалтан гаргасан байна. Уг нь албан тушаалтанд хоёр сонголт байдаг. Нэгдүгээрт, Хэвлэл мэдээллийн зөвлөлд хандан энэ сэтгүүлч миний нэр төрд халдсан байна гэсэн гомдол гаргана. Ингээд тухайн гомдлыг Ёс зүйн хороогоороо авч үзээд шийдвэр гаргана. Хэрэв нэр төрд нь халдсан байна гэж үзвэл залруулга гаргах арга хэмжээ авна. Залруулга гаргахгүй гэвэл мөнгөн төгрөгөөр асуудлыг шийдэж болно. Гэтэл яагаад албан тушаалтнууд эрүүгийн хэрэг үүсгэж гомдол гаргаад байна гэдэг өөрөө асуудал.

Үүнийг олон улсад сэтгүүлчийг айлган сүрдүүлж, залхаан цээрлүүлэх нэг хэлбэр гэж үздэг. 20202024 оны наймдугаар сарын байдлаар дээрх заалттай холбоотойгоор 828 хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Үүнээс 548 хэргийг шийдвэрлэсэн ч нийт хэргийн 74.5 хувийг хэрэгсэхгүй болгосныг Хууль зүй, дотоод хэргийн яамны мэдээлэлд дурдсан байдаг. Хэрэгсэхгүй болгож байна гэдэг сэтгүүлч алдаа гаргаагүй ажлаа хийсэн гэсэн үг. Сэтгүүлчийг алдаа гаргасан гэж үзвэл Эрүүгийн хуулиар шийддэг юм байна гэсэн нийтлэг ойлголт иргэдийн дунд байна. Гэтэл манайд олон улсад байдаг шиг зохицуулалтууд байгаа шүү дээ.

Н.Саранчимэг

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Э.Болормаа: Манайд өндөр гэхээсээ илүү бага орлоготой иргэдэд татварын дарамт их ирдэг DNN.mn

УИХ-ын гишүүн Э.Болормаатай ярилцлаа.


-Засгийн газраас ирэх оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Өнөөдөр /өчигдөр/ намрын чуулган нээлтээ хийлээ. Тэгэхээр таны хувьд ирэх оны төсвийн төсөлтэй танилцаж амжив уу. Та ер нь хэр болсон гэж харж байна вэ?

-Өнөөдөр /өчигдөр/ УИХ-ын намрын чуулганы нээлт боллоо. Шинээр 126 гишүүнтэй парламент бий болсноос хойш анхны бүтэн төсөв хэлэлцэх үе болж байна. Ээлжит бус чуулганаар бид Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг дагасан төсвийн тодотголыг хэлэлцсэн. Засгийн газраас өргөн барьсан төсвийн төсөлтэй танилцаж эхлээд явж байна. Тэгэхээр яг бүрэн дүүрэн танилцаж амжаагүй байна. Гэсэн ч ерөнхий онцлог, бүс нутагтайгаа холбоотой асуудлуудтай нь танилцаж эхэлсэн. Цаашдаа хэлэлцээд эхлэхээр илүү нарийн танилцаад явна. Одоогийн байдлаар миний харснаар хөрөнгө оруулалтаа илүү далайцтай бүтээн байгуулалт руугаа хийе гэж байгаа нь таалагдсан. Мөн татварын бодлого талдаа илүү реформ хийх боломжтой. Ялгаатай татварын бодлого гээд эхлэлүүдийг тавьсан байна лээ.

-Ирэх оны төсөв дээр 14 мега төслийг эхлүүлнэ гэж байгааг хоёр талаас нь авч үзэж байна. Нэг хэсэг дэмжиж байна. Гэтэл эдийн засагт шууд үр нөлөөгөө үзүүлэхгүй дэд бүтцийн шинжтэй олон төсөл байна. Дэд бүтцийн төсөл их гэсэн шүүмжлэл яваад байна. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Эдийн засагч хүний хувьд эдийн засагт үр өгөөж авч ирэхгүй гэж байгаатай санал нийлэхгүй байна. Яагаад гэхээр “Алсын хараа – 2050”-ын эхний 10 жилийн эдийн засгийн хөгжлийн хөтөлбөр буюу “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг ахалж бичихэд л эдгээр мега төслүүд орсон байсан. Эдгээр төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын ДНБ хоёр дахин өснө гэсэн тооцоолол ч гарсан.

Мөн нийт хөрөнгө нь бүгдээрээ улсын төсвөөс гарахгүй. Нийт 14 мега төслийн урьдчилсан тооцооллоор 43 их наяд төгрөг болно гэж байгаа. Үүнийг гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламж, хоёр орны хамтын ажиллагаа гээд янз бүрийн байдлаар хэрэгжинэ. Одоогоор гурвынх нь ажил эхэлсэн, дөрвөн төсөл нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүдээр хэрэгжих бэлтгэл ажилд орсон байгаа. Харин долоон төслийг төрхувийн хэвшил, хувийн хэвшил болон бусад эх үүсвэрээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Ер нь бид эдгээр төслийг хэрэгжүүлэхгүй юм бол өөр юу хийх юм бэ. Эхлээд дэд бүтцийн асуудлаа шийдэж байж л хөгжинө. Тийм ч болохоор зоригтойгоор, улс орны хөгжлийн төлөөх том төслүүдээ улстөржүүлэхгүйгээр хийе гэсэн зорилго дээр хамтарсан Засгийн газар байгуулагдсан байх гэж харж байгаа. Бусад улс орнууд ч том төслүүдээ жижиг улс төрөөс ангид байлгаж байж хэрэгжүүлж л хөгжсөн байдаг. Эдгээр дотроос хэрэгжиж эхэлсэн төслүүд гэвэл Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц байна. Мөн Тавантолгойн дулааны цахилгаан станц байна. Бид жил бүр төлбөрийн тэнцэл дээр ӨМӨЗОны сүлжээнээс тог авч, тэр хэрээрээ манай валют гадагшаа урсдаг. Энэ цахилгааны хэрэгцээгээ бид дотоодоосоо хангах бүрэн боломжтой. Бид аль хэдийнэ Оюу толгой төсөлтэй цахилгаан хангамж нийлүүлэх гэрээгээ зурчихсан. Тэгэхээр эдгээр төсөл Монгол Улсдаа эдийн засгийн хувьд нэн шаардлагатай байгаа л гэж харж байгаа.

-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц яригдаад бас л чамгүй хугацаа өнгөрлөө. Тэгэхээр яг хэдийнээс ажил нь дуусч, баруун бүсээ эрчим хүчээр хангаж эхлэх юм бэ?

-Миний хувьд сүүлийн хоёр жил орчим Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж, энэ төсөл дээр онцгой анхаарсан. Энэ хүрээндээ орон нутгийн иргэдтэй ойлголцохгүй байсан асуудлыг шийдсэн. Ингэснээр нүүлгэн шилжүүлэлтийн гэрээнүүд хийгдсэн. Судалгаанууд бүрэн дууссан. Одоо зээлийн хэлэлцээрүүдээ бүрэн байгуулаад барилга угсралтын ажлыг ирэх жилд 15 хувьд хүргэх зорилт тавьсан. Энэ усан цахилгаан станцын нийт төсөвт өртөг 1.2 их наяд төгрөг. Баруун таван аймгаа бүрэн хангах 90 мегаВаттын төсөл байгаа. Нэмж хэлэхэд, энэ станц өнөөдөр ашиглалтад орсон байсан ч бид нэгдсэн сүлжээ рүүгээ холбож чадахгүй. Тэгэхээр цахилгаан дамжуулах агаарын шугамын төслүүд ч ирэх оны төсөвт суулгаж өгсөн.

Ховд аймагт л гэхэд гурван сум нь Хятадаас цахилгаан авдаг, нэгдсэн сүлжээтэйгээ холбоогүй байдаг. Тэгвэл үүнийг холбох Үенч, Хөшөөтийн хооронд 35 кВтын шугамын хөрөнгө оруулалт орсон. Мөн ЭрдэнэбүрэнМянгадУлиастай чиглэлийн 400 гаруй км шугамын ажлыг эхлүүлэхээр тусгасан. Энэ үр дүнд хүрснээр бид 17.5 тэрбум төгрөгийн импортын эрчим хүчний төлбөрийг хэмнэнэ. Харин 2030 он гэхэд бүрэн ашиглалтад орохоор төлөвлөсөн байгаа.

-“Бүсчилсэн хөгжил”-тэй уяж өгсөн гээд байгаа. Үүнийг нь ямар хөрөнгө оруулалтаар харуулж байгаа хэрэг вэ?

-Энэ удаагийн төсвийн гол гурван онцлогийг Засгийг газраас Бүсчилсэн хөгжлийг дэмжсэн төсвийн төлөвлөлт, Нийслэлийн тулгамдсан асуудлыг сууриар нь шийдвэрлэх төлөвлөлт, Хувийн хэвшил, бизнесийн орчныг дэмжих татварын бодлого гэсэн байна лээ. Үүнээс эхний хоёр нь шууд хөрөнгө оруулалтын асуудал. Энэ удаагийн төсвийн нийт хөрөнгө оруулалт 10.4 их наяд төгрөг гэж өргөн баригдсан. Үүнээс 4.5 их наяд нь нийслэлийн асуудлыг шийдэхэд зарцуулна. Харин бүсүүдийн хөгжлийг хангахад мөн 4.5 их наяд төгрөгийг төлөвлөсөн байгаа. Бүсчилсэн хөгжлийг дэмжиж байгаа хамгийн чухал зүйл нь аймгийн төвүүдийг холбох авто зам. Өмнө нь бид ганц аймгуудаа сумтай холбох, тойргоо услах асуудлыг шийдэж ирсэн. Ховд аймаг гэхэд л өнөөдөр дийлэнх сумтайгаа холбогдчихсон хэрнээ зэргэлдээ Увс аймгийн төвтэйгөө холбогдоогүй. Зах зээлийн талаас нь бодоод үзвэл хоёр аймгийн төвийг холбох нь чухал. Тиймээс энэ асуудлыг арилгахад буюу 25 хувь нь зам тээврийн асуудалд, найман хувь нь эрчим хүч, нийгмийн салбарт 17 хувь, инженерийн дэд бүтцийг сайжруулахад 14 хувийг нь зарцуулна гэж өргөн баригдсан байгаа.

-Шинээр төсөл хөтөлбөрүүдийг их бага санхүүжүүлнэ гэж ойлгосон, зөв үү?

-Хуучин байснуудаа явуулж, томоохон дэд бүтцийн шинэ хөтөлбөрүүдийг эхлүүлэх юм байна гэж хардаг. Өмнө нь бид төсөл хөтөлбөрийг амсуулаад хаядаг байсныг би их буруу гэж боддог. Үр дүнд нь баахан гацсан хөрөнгө оруулалт болдог. Тэгэхээр шинээр ямар ажил эхлүүлснээрээ биш, дуусгасан ажлаа гайхуулдаг болох хэрэгтэй.

УИХ-ын гишүүний хувьд энэ буруу байж магадгүй. Гэхдээ л худлаа үнэн эхлүүлсэн гэж байхаар дуусгасан гэдгээрээ бидний хөгжлийн үзүүлэлт харагдана гэж боддог. Хөрөнгө оруулалтыг сүүлийн найман жилийн хугацаанд нэлээд хийсэн. Тэгэхээр одоо суурь, реформын шинжтэй асуудал дээрээ анхаарах хэрэгтэй.

-Татварын бодлого дээр ямар асуудал орсон байна вэ?

-Татварыг буулгана, эсвэл нэмнэ гэж ярих нь өөрөө өрөөсгөл сонсогдоно. Харин орчин үеийн шатлалтай, ялгаатай татварын бодлогыг л хэрэгжүүлмээр байгаа юм. Засгийн газрын хэрэгжүүлэх гээд байгаа бодлогын хөшүүрэг чинь л татварын бодлого байхгүй юу. Тиймээс олон талаас нь авч үзэх хэрэгтэй. Энэ удаад хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн, таатай орчныг бий болгох зорилгоор гурван бодлогыг онцолсон байсан. Нэгдүгээрт, бүсчилсэн хөгжлийн бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг өгнө. Хоёрдугаарт, хувийн хэвшил нийгэмд чиглэсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийвэл нэг хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ. Гуравдугаарт, үйлдвэржих бодлогыг дэмжиж, бүх төрлийн боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж оруулж ирэх бол гаалийн татвараас чөлөөлнө гэсэн зүйл оруулсан байгаа. Мөн 20 орчим ялгаатай татварын бодлогыг суулгасан байсан. Гэхдээ л хангалттай хэмжээний реформ ороогүй гэж харж байгаа. Манайх гадны улсуудад байдаг тансаг зэрэглэлийн татварыг бүрэн хэрэгжүүлэх боломжтой. Өнөөдөр манайд өндөр орлоготой иргэдээс илүү бага орлоготой иргэд дээр илүү их дарамт учирч байгаа. Тиймээс нийгэмдээ таарсан шаталсан татварын бодлогыг зоригтой хэрэгжүүлэх ёстой.

-Хувь хүн дээрээ илүү татварын ачаалал өгдөг гэдгийг эдийн засагчид хэлдэг. Мөн гэр бүлийн гишүүдтэй уялдуулах тухай ч ярьдаг шүү дээ?

-Янз бүрийн шийдэл байгаа. Орлогын хэмжээ, гэр бүлийн гишүүдийн тоотой нь уялдуулж болно. Тухайн орны бодлогын асуудал. Харин үүнийг бид олон талаас нь судалж, хэлэлцэж байж гаргаж болно.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Стратегийн “ТҮҮХИЙ ХҮН”” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн О.Номинчимэг “Хувь хүний орлогын албан татварыг илүү ухаалаг байдлаар хийж, зохицуулах боломжтой” гэснийг III нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

  • “Зариг”-ийн Өнөрөөгийн кейс Монголын хэвлэл мэдээллийн дархлааг үгүй болгосон уу?
  • Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яамны Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Насанбат “Кибер халдлага ихэвчлэн гадаад улсаас хийгдэж байна” гэлээ.
  • “Эмэгтэй ерөнхийлөгчтэй болдоггүй юм гэхэд эмэгтэй хотын даргатай болъё” хэмээснийг “Улс төр” нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Стратегийн “ТҮҮХИЙ ХҮН”” нийтлэл хэвлэгдлээ.

  • АШУҮИС-ийн Хүүхдийн анагаахын тэнхимийн
    эрхлэгч Г.Эрдэнэтуяа “Хүүхдийн эмч хоёр хүнийг эмчилдгээрээ ялгаатай” хэмээн ярилаа.

ДЭЛХИЙН МЭДЭЭ:  Оросын нутгийн гүнд цохилт өгөх зөвшөөрлийн хувь заяа хаашаа эргэв

АРЫН НҮҮР: Алагчлалгүй хандахад амьдралын утга учир оршино


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Золбоо: Ногоон картны сугалаанд бүртгүүлэх байгууллагаа маш сайн судлах хэрэгтэй DNN.mn

“Намир төв”-ийг үүсгэн байгуулагч Ц.Золбоотой АНУ-ын ногоон картын талаар ярилцлаа.


-АНУ-ын ногоон картын талаар мэдээлэл өгөхгүй юү?

-“АНУ-ын ногоон карт” олон улсын үндэсний хөтөлбөрийг АНУ-ын төрийн департамент 1995 оноос хойш жил бүр зохион байгуулж байна. Энэхүү хөтөлбөр нь АНУ руу цагаач бага илгээдэг улсын иргэдэд АНУ-д хууль ёсоор оршин суух, суралцах, ажиллаж хөдөлмөрлөх боломжийг олгодог бөгөөд сугалаа хэлбэрээр явагддаг. Өөрөөр хэлбэл, тухайн хүний аз л мэднэ дээ.

-Энэ хөтөлбөр одоогоор хэдэн улсад нэвтрээд байна вэ. Хасагдсан улсууд байгаа юу?

-Энэ хөтөлбөрт АНУ руу цагаач иргэд бага илгээдэг улсууд л хамрагддаг. Энэтхэг, Хятад гэх мэт хүн ам ихтэй улсууд сугалаанд оролцох эрхгүй байдаг. Учир нь хүн ам ихтэй болохоор маш олон сугалааг авчихдаг. Нэг улсаас олон хүн бүртгүүлэх тусам хожих магадлал өснө.

-Монгол Улсаас нийт хэдэн иргэн энэ хөтөлбөрийн хүрээнд АНУ руу цагаачилсан бол. Жилд ойролцоогоор хэдэн сугалаа хождог нь сонин байна?

-Сүүлийн 10 жилийн хугацаанд жил бүр дунджаар 11000 орчим иргэн, 16800 орчим гэр бүлийн гишүүдтэйгээ хамт сугалаанд оролцсон байдаг.

2011 оноос хойш манай улсаас 1200 гаруй иргэн энэхүү хөтөлбөрийн хүрээнд АНУ-д хууль ёсны дагуу цагаачилсан байна. Жилдээ 150-300 хүн сугалаа хожиж байгаа.

-Ноднин хамгийн их сугалааг аль улс хожсон бол. Нэг улсаас явах хүний тоонд хязгаар байдаг уу?

-Марокко улсын 4200 иргэн сугалаанд хожсон байна. Харин явах хүний тоонд хязгаар байхгүй. Дэлхийн хэмжээнд жилдээ 50 мянган хүн энэ сугалаанд хождог юм.

-Зуучлалын байгууллагаар дамжуулахгүйгээр бие даан бүртгүүлэх боломжтой юу?

-Ногоон картын газар Монголд олон байгаа. Хамгийн гол нь тухайн газраа сайн судлах хэрэгтэй. Хамгийн наад зах нь үйл ажиллагаагаа явуулж байгаа хугацаа, тогтвортой хаяг байршил, фэйсбүүк хуудас гэх мэтийг нь сайтар судлах хэрэгтэй. Ганцхан жил л үйл ажиллагаа явуулаад алга болчихдог байгууллага цөөнгүй бий. Ногоон карт авах сугалааны бүртгэл нь үнэгүй явагддаг. Тиймээс англи хэлний зохих түвшний мэдлэгтэй, цээж зургаа стандартын дагуу аваад оруулж чаддаг хүн албан ёсны сайт /www.dvprogram.state.gov/ руу нь ороод үнэгүй бүртгүүлж болно. Харин англи хэлний мэдлэггүй, зургаа стандартын дагуу авч чаддаггүй хүмүүсийг зуучлалын байгууллагууд бүртгүүлж өгөөд тодорхой хэмжээний хөлс авдаг. Тухайлбал, ганц бие иргэн 30.000, гэр бүлийн бүх гишүүн нийтдээ 60.000, хүүхэдтэйгээ явах өрх толгойлсон аав ээжүүд 50.000 төгрөгөөр бүртгүүлнэ.

-Та байгууллагынхаа талаар мэдээлэл өгнө үү. Гэр бүлээрээ ч бүртгүүлж болдог гэсэн үү?

-Манай байгууллага 2010 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. 2018 оноос хойш Саппарогийн автобусны буудлын дэргэд “Номинжин ресорт”-ын барилгын 5 давхрын 506 тоотод байрлаж байна. Байгуулагдсан цагаасаа хойш 500 гаруй иргэнийг АНУ явахад нь туслалцаа үзүүлжээ. Бүртгэлийн тухайд ганцаараа ч, гэр бүлээрээ ч бүртгүүлж болно. Гэр бүлээрээ бүртгүүлсний давуу тал нь эхнэр, нөхөр хоёр нэг нэг сугалаа авна. Хэрвээ нэг нь хожвол гэр бүлээрээ явна. Насны хязгаар байхгүй. Гэхдээ 21-ээс доош настай бол гэр бүлээрээ л бүртгүүлэх боломжтой. Англи хэлний мэдлэгийн түвшин шаарддаггүй. Хамгийн гол нь бүрэн дунд боловсролтой, гэмт хэргийн бүртгэлгүй байхад л асуудалгүй.

-Энэ жилийн бүртгэл хэзээ явагдах вэ?

-Энэ сарын 3-наас арваннэгдүгээр сарын 5-ныг хүртэл бүртгэл явагдана. Энэ бүртгэл жилд ганцхан удаа л явагддаг. Сугалаа нь ирэх оны тавдугаар сард явагдана.

-Хүн бүр АНУ-ын ногоон карт авахыг хүсдэг болохоор ачаалал ихтэй байдаг байх. Ямар нэгэн хүндрэл гардаг уу. Сугалаанд хожсон эсэхээ яаж мэддэг вэ?

-Мэдээж тийм асуудал гарна. Жишээлбэл, бүртгэлийн явцад компьютер гацна. Дэлхий нийтээрээ ганцхан сайт руу хандаж байгаа учраас хугацаа алдах тусам гацна. Тиймээс аль болох эрт бүртгүүлбэл харьцангуй гайгүй. Сугалаанд бүртгүүлсэн иргэнд бүртгэлийн хуудас өгдөг. Тэр хуудас дээр дахин давтагдашгүй код байгаа. Энэ кодоороо сугалаанд оролцоно. Тавдугаар сард албан ёсны сайт руу нь ороод кодоо хийж хариугаа харна. Хэрвээ манай байгууллагаар бүртгүүлбэл, бид бүртгүүлсэн хүмүүсээ шалгаад сонгогдсон хүмүүс рүүгээ утсаар ярьж, үйлчлүүлэгчдээ цаг тухайд нь мэдээллээр хангаж ажилладаг.

-Хэрэв ногоон карт хожвол хэр хугацааны дараа АНУ руу явдаг вэ?

-Элчин сайдын яам руу бүх мэдээллээ явуулна. Хэрвээ гэр бүлээрээ сугалаа хожсон бол гэр бүлээрээ мэдээллээ илгээнэ. Ингээд тухайн иргэн рүү АНУ-ын Элчин сайдын яамнаас элчингийн ярилцлагад орох цаг явуулна. Ерөнхийдөө сугалаанд бүртгүүлснээс хойш хоёр жилийн дараа буюу 2026 онд багтаж АНУ руу явна даа.

-Ногоон карт авсан иргэн АНУ-д хэдэн жил амьдрах эрхтэй байдаг юм бол. Мөн амьдрах хугацаандаа бусад улс орнууд руу зорчиж болдог уу?

-10 жил амьдрах эрхтэй. Тэнд амьдарч байх хугацаандаа тухайн улсын иргэншил хүсэж болно. Ингэхийн тулд тодорхой хэмжээний татвар төлсөн байх шаардлагатай. Бусад орон руу зорчихын тухайд онгоцны тийзээ захиалчихсан байхад л болно.

Ногоон карт бол маш том давуу тал. АНУ-д хууль ёсны дагуу тухайн улсын иргэний эдлэх сонгуульд оролцохоос бусад бүх эрхийг эдэлнэ гэсэн үг. 10 жилийн виз, аяллын визээс илүү давуу талтай гэсэн үг шүү дээ. 40-өөс дээш насны бүртгүүлж байгаа хүмүүсийн дийлэнх нь хүүхдүүдээ л бодсон байдаг. Яагаад гэхээр хүүхдүүд нь АНУ-ын сургуульд үнэгүй хамрагдах боломжтой байдаг.

-Анх удаа бүртгүүлээд ногоон карт хожихгүй бол дараа жил нь дахиад бүртгүүлж болох уу? Гадаадад амьдарч байгаа манай улсын иргэн бүртгүүлж болдог уу?

-Болно оо. Жил бүр шинээр бүртгэл нээгддэг. Тийм болохоор хэдэн жил ч бүртгүүлж болно. Мөн иргэншил нь монгол учраас дэлхийн хаанаас ч бүртгүүлж болно.

-АНУ-д цалин хөлс өндөр байдаг болохоор оюутнууд зуны амралтаараа их явж байна?

-Тийм ээ, цалингийн тухайд хийж байгаа ажлаасаа хамаарна.

-АНУ-д очоод хүссэн газраа амьдарч болох уу. Ногоон картаар АНУ яваад буцаж эх орондоо ирчихээд дахиад ногоон картад хамрагдаж болох уу?

-Бололгүй яахав. Тэнд очоод хийх ажил, амьдрах байр, байрлах мужаа өөрөө сонгодог. Сугалаанд дахин хамрагдаж болно. Гэхдээ иргэншил хүсээд тэндээ үлддэг олон хүн байдаг.

-АНУ-ын виз гарах их хэцүү гээд байдаг шүү дээ. Бүртгүүлж буй иргэдэд эрүүл мэндийн хувьд ямар нэгэн шаардлага тавьдаг уу?

-Ногоон картын суга-лаанд бүртгүүлчихвэл аяллын виз, сургалтын виз гардаггүй гэсэн ам дамжсан яриа байдаг. Ногоон картанд бүртгүүлбэл дараа нь АНУ-ын виз гардаггүй гэдэг худлаа. Ер нь хүнд өвчингүй л бол асуудалгүй. Манайхаар дамжуулан бүртгүүлсэн хүмүүсийн дотор эрүүл мэндийн шалтгаанаар хасагдсан нэг ч хүн байхгүй.

-Ямар хүмүүс хасагддаг юм бол?

-Ганц бие иргэн ямар ч асуудалгүй явчихдаг. Харин гэр бүлээрээ явж байгаа хүмүүс 21-ээс доош насны хүүхдээ бүртгүүлээгүй тохиолдолд хасчихдаг. Мөн гэрлэлтийн баталгаагүй хэрнээ бид нэг гэр бүл гэж бүртгүүлсэн бол хасагдана. Хамгийн гол нь ирэх жилийн тавдугаар сараас өмнө гэрлэлтээ батлуулах хэрэгтэй. Харин хожсоноо мэдчихээд гэрлэлтээ батлуулбал виз олгохгүй.

-Танайхаар дамжуулан бүртгүүлбэл заавал өөрийн биеэр оффист тань ирэх шаардлагатай юу?

-Ганц бие бол ганцаараа, гэр бүлээрээ бол гэр бүлээрээ ирээд зургаа даруулна. Хэрэв ирэх боломжгүй бол манай фэйсбүүк хуудас /Green card Mongolia Намир төв/-аар дамжуулан онлайнаар бүртгүүлж болно.

-Бүртгүүлэх гэж байгаа хүмүүст хандаж хэлэх санамж байна уу?

-Бүртгүүлэх байгууллагаа маш сайн судлаарай. Маш олон газар байгаа. Тэдгээрийн бүртгэлийн хураамж маш их зөрүүтэй байдаг. Гэр бүлийг 120.000, 200.000 төгрөгөөр бүртгэдэг газрууд ч бий. Бүртгэл нь үнэгүй учраас хаана ч бүртгүүлсэн ямар ч ялгаа байхгүй. Үнэтэй газар бүртгүүллээ гээд хожих магадлал өндөр болохгүй. Энэ бүртгэлийг хийдэг албан ёсны байгууллага гэж дэлхийн хаана ч байхгүй.

Ярилцсан

Ө.АНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

“Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг Цэц хянах ёстой” гэдэг мэдээллээ Цэц хүлээгээд авчихсан байна, одоо яах юм? DNN.mn

Монгол нутгийнхаа хээр талаар хэд хоног явлаа. Хөхүүрийн ам цаашилсан ч хөдөөд тавлагхан байна. Интернет гээчийг хэрэглэсэнгүй. Нүд, чих амрав. Улаанбаатарт уржигдар орж ирлээ. Улс төр нь бужигнаж хуйрганаад улам хэцүүджээ. Зунаас хойш “Нэг юм ажиглагдаад л байна” гэж хэлээд байсан даа. Үндсэн хуулийг Үндсэн хуулийн цэц хянаж болохгүй гэж оруулсан хоёр хуулийн нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцсэн мэдээллийг хоёр хүн гаргаж, Үндсэн хуулийн цэц түүгээр нь маргаан үүсгэж хэлэлцэх гээд байгаа талаар яригдаад байсан. Үндсэн хуулийн цэц дээр нэг эвгүй асуудал хэлэлцэх гэж зэхээд байгаа тухай л яриад байсан хэрэг.

Тэр талаар хэлсэн хэдэн үгийг минь Үндсэн хуулийн цэц учиргүй буруутгаад “Мэдэгдэл” хүртэл гаргажээ.

Болсон зүйлийг болоогүй мэт яасан их бухимдаа вэ. Ямар ч эмзэг байна вэ дээ.

Үндсэн хуулийн цэцэд иргэн С.Номынбаясгалан 2023 оны 4 дүгээр сарын 20-нд мэдээлэл гаргасан.

Тэрбээр УИХ-аас 2022 оны 8 дугаар сарын 24-нд Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8.2.1 дэх заалтад болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 13.1.1 дэх заалтад “Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтөөс бусад” гэсэн нэмэлт оруулж, Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтүүд Үндсэн хууль болон Үндсэн хуулийн үзэл баримтлал зэрэгт үл нийцсэн, харшилсан, зөрчсөн зэрэг асуудал нь Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байхаар зохицуулсан байна. Ийнхүү Үндсэн хуулийн цэц нь “Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтөөс бусад хууль, УИХ-ын бусад шийдвэр” Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянан шийдвэрлэхээр болсон нь түүний “Үндсэн хуулиар тодорхойлсон Үндсэн хуулийн цэцийн Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, үндсэн бүтцэд нийцүүлэн Үндсэн хуульт ёсыг хамгаалж, Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих” онцгой бүрэн эрхийг хязгаарласан байна. Энэ нь цаашлаад хууль дээдлэх зарчмын суурь болох Үндсэн хуулийг дээдлэх үзэл санааг үгүйсгэсэн төдийгүй Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болсон Үндсэн хуулийн цэцийн эрх зүйн байдлыг, нэн ялангуяа Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт үү, эсвэл бусад хууль уу гэдгээс үл хамааран Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавьж, түүнийг зөрчсөн шийдвэр гаргах бүрэн эрхийг үгүйсгэсэн гэж үзэж болохоор байна. Үндсэн хуулийн цэцийн практикт Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх асуудлаар 2000 онд процедурын хяналтыг болон 2022 онд агуулгын хяналтыг хийж ирсний зэрэгцээ Үндсэн хуулийн маргааныг хянан хэлэлцэх замаар тайлбарлах хандлага, уламжлал хэдийнэ тогтсон байна. Өдгөө энэ практикт тогтсон хяналтын хэлбэрүүдийг тэдгээртэй холбогдох Үндсэн хуулийн казуаль тайлбаруудыг шууд үгүйсгэх нь онолын төдийгүй практикын хувьд ихээхэн учир дутагдалтай гэж үзэж байна. Иймд УИХ-аас 2022 оны 8 дугаар сарын 24-нд баталсан Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8.2.1 дэх заалтын “хууль” гэсний өмнө “Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтөөс бусад” гэж нэмсүгэй” гэсэн, мөн Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.1.1 дэх заалтын “хууль” гэсний өмнө “Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтөөс бусад” гэж нэмсүгэй” гэж заасан нь Үндсэн хуулийн Удиртгал, 1.2, 64.1, 66.2.1, 70.1 дэх хэсгийг зөрчсөн байх тул хянан хэлэлцэж хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Мөн иргэн Э.Хишигжаргал 2024 оны 1 дүгээр сарын 16-нд Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасан. Түүндээ УИХ-аас Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 13.1.1 дэх заалтад “Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтөөс бусад хууль”-ийг гэж 2022 оны 8 дугаар сарын 24-ний хуулиар оруулсан нэмэлт, мөн Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8.2.1 дэх заалтад “Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтөөс бусад хууль” гэж 2022 оны 8 дугаар сарын 24-ний хуулиар нэмэлт оруулсан нь Үндсэн хуулийн 64.1, 66.2.1, 70.1 дэх хэсгийг тус тус зөрчиж байна.

Үндсэн хуулийн 64.1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн” гэж заажээ. Тус бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг ч хянах эрх хэмжээтэй байна. Гэтэл Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 13.1.1 дэх заалтад “Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтөөс бусад хуулийг Үндсэн хуулийн цэц хянахаар нэмэлт оруулсан нь Үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээг үндэслэлгүйгээр хязгаарласан хязгаарлалт болжээ. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Үндсэн хуулийн нэмэлт нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалд нийцсэн байх шаардлага тавигдаж байна. Иймд тухайн Үндсэн хуулийн нэмэлт нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалд нийцсэн эсэхийг тогтоох эрх бүхий байгууллага нь Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих эрх бүхий байгууллага болох Үндсэн хуулийн цэц болно.

Үндсэн хуульд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс бусад хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянана гэж заагаагүй байхад Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд 2022 оны 8 дугаар сарын 24-ний хуулиар “Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтөөс бусад хууль” гэж нэмэлт оруулсан нь Үндсэн хуулийн 66.2 дахь хэсгийг зөрчиж байна.

Үндсэн хуулийн 69.4 дэх хэсэгт “Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй байна” гэж заасан бөгөөд хууль тогтоогчийн баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь тухай Үндсэн хуулийн эх бичвэр, үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалд нийцэж байх, тус нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хуулийнхаа нэгэн адил хүчинтэй байна. Энэ нь цаашлаад Үндсэн хуулийн зүйл, заалтууд хоорондоо агуулгын хувьд зөрчилдөөнгүй байх, эрх зүйн нэгдмэл тогтолцоо болон үндсэн хуульт ёсыг хамгаалах үндэс суурь болно. Гэтэл Үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.2.4 дэх заалтад “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлбэр нь зөвхөн хууль байна” гэж зааснаас үзвэл Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай хууль гэж нэрлэгдсэн эсэхээс үл хамааран хянах эрх хэмжээтэй байна. Иймд шийдвэрлэж өгнө үү гэсэн байна.

Миний ажигласан, улс төрийн учир жанцан мэддэг ярихаар бол С.Номынбаясгалан, Э.Хишигсүрэн хоёр мэдээлэлдээ УИХ-ын 2022 оны 8 дугаар сарын 24-ний хуулиар оруулсан нэмэлт өөрчлөлтийг ингээд хоёр талаас нь унагачихаар бичсэн байгаа юм.

Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг, магадгүй Үндсэн хуулийг хянах эрхтэй болохоор зориг шулуудвал хоёр иргэний аль ч мэдээллээр нь хүссэндээ хүрэх боломжтой гэсэн үг.

Байдал ийм тодорхой, Үндсэн хуулийн цэцийн гишүүд үүгээр маргаан үүсгэхээр шийдсэн, цаашлаад УИХ-аас тайлбар хүлээж байгаа гэж яригдсаар байтал хоёр иргэний мэдээлэл гаргасан талаар ам нээлгүй, энэ талаар хөндлөө гэсэн аятай бухимдаж, эмзэглэж байгаа нь сэжигтэй байгаа юм. Үүнийг нотлох мэт албаны бус үйл явдлууд нэлээд болж байгаа бөгөөд энэ талаар монголчууд, над мэтийн нүд, чих нь нээлттэй байдаг хүмүүс мэдэхгүй өнгөрөөд байна гэвэл эндүүрэл гэдгийг хэлье.

Тэгсэн атал Үндсэн хуулийн цэцийн шинэ, хуучин гишүүд, Үндсэн хууль судлаачдын дэмжлэгтэй элдэв судалгааны өгүүлэл, нийтлэлээр “Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хянах эрхтэй” гэх ухуулга сурталчилгаа явагдсаар байна. Үндсэн хуулийн цэцийн албаны мэдээлэл хүргэдэг цахим сайт руу ороод харвал баргийн тэнэг ойлгохоор байна.

Ерөнхийлөө хууль зүйн хувьд, олон улсын практик дээр ийм үндэслэл байж болно л доо. Гэхдээ процесс нь арай яваагүй байх гэж найдаж байна.

Өнөөдөр Монгол Улс, монголчууд бид Үндсэн хуулиараа оролдох цаг нь мөн үү. Монголын улс төрийн нөхцөл, олон улсын байдлыг харахад ойлгомжтой бус уу.

Тэгээд бас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийгдсэнээс хойшх практик дүгнэлт хараахан гараагүй байна. УИХ тогтолцооны өөрчлөлтөөр анхны сонгуулиа хийж, 126 гишүүнтэй УИХ ажиллаж эхэллээ. Засгийн газрын танхим ч бараг анх удаа Ерөнхий сайдынхаа толгойгоор бүрдээд байна. Ерөнхийлөгчийн 6 жилийн бүрэн эрх анх удаа хэрэгжээд дундаа л орж байна. Ядаж дараагийн 2027 оны сонгуулийг нь явуулах шаардлага бий. Хамгийн чухал нь Баялгийн сангийн асуудал анх удаа Үндсэн хуулиар шийдэгдсэн. Тэгш хуваарилах, нийтээрээ хүртэх зарчим анх удаа хэрэгжих гэж байна. Үүнд өнөөдрийн баялаг эзэмшигч цөөнх маш дургүй байгаа гэх мэт олон эрсдэл хүлээж байна.

Хэрэвзээ өнөөдөр энэ хуулиудыг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгож өөртөө эрх мэдэл авсан ч тэрийг нь тэр дор нь ашиглах эрх ашгийн нэгдлүүд хөдлөхийг үгүйсгэхгүй гэсэн үг. Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн манаач гэдэг. Үндсэн хуульд одоо л манаач хэрэгтэй цаг ирээд байна.

Дахиад сануулъя. Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулиа оролдох эрх мэдлийн хийгээд хууль эрх зүйн боломж байж болно, гэвч цаг нь биш шүү!

Ажиглагч А.Батболд

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Р.Даваадорж: Үндэсний баялгийн сан нь иргэний биш, даргад давуу эрх олгодог тусгай сангуудын нэг болсон DNN.mn

Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадоржтой ярилцлаа.


-Хувийн хэвшлийн эзэмшилд байдаг стратегийн есөн ордын 34, 50 хувийг төр эзэмшихээр болсон. Нийгмийн тодорхой хүрээнд энэ заалт компаниудыг дампуурал руу хөтөлнө гэх шүүмжлэл өрнөж байгаа. Ер нь байгалийн баялгийн өгөөжийг ард түмэнд хүртээхэд энэ бодлого нь хэр зөв бэ?

-Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.12-д “стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд” гэж үндэсний аюулгүй байдал, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг” гэсэн тодорхойлолт бий.

Манайд стратегийн орд гэж нэрлэж байна. Харин дэлхийн улс орнуудад стратегийн түүхий эд гэж нэрлэгддэг. Стратегийн түүхий эд гэдэг нь улс орны эдийн засаг, батлан хамгаалахын тогтвортой байдлыг хангадаг материаллаг үйлдвэрлэлийн үндэс юм. Стратегийн ашигт малтмалын жагсаалтад геополитикийн нөхцөл байдал, гадаад эдийн засгийн харилцаа болон бусад нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгдөж болдог. ОХУ-ын стратегийн ашигт малтмалын түүхий эдийн тоонд түлш, эрчим хүчний нөөц, өнгөт болон ховор металлын хүдэр, үнэт чулуу, металл ордог. Стратегийн нөөцөд улс орны хүн амын амьдралын баталгаа болох усны нөөц ч багтаж болно. Тэгэхээр сүүлийн үед стратегийн орд гэж байдаггүй гэх яриа явах болсон нь буруу юм.

Манай улсын хувьд стратегийн 16 ордоос ес нь “хувийн хэвшлийн” мэдэлд байдаг. Тодруулбал, хоёр нь МАК-ийнх, бусад нь Канад, Сингапур, БНХАУ гэсэн эзэдтэй байгаа. Сонгуулийн өмнө Баялгийн сангийн хуулийг баталсан. Тус хуулийн дагуу өнгөрсөн долоо хорногт болсон Засгийн газрын хурлаас стратегийн есөн ордыг эзэмшиж буй хувийн хэвшилд хэлэлцээрийн урилга хүргүүлж 34, 50 хүртэлх эзэмшлийн хувиа тогтоох талаар хэлэлцээрийн ширээнд урьж байгаа гэсэн мэдээлэл хийж байна лээ. Үүнийгээ хувийн бизнест шууд халдаж байгаа гэсэн үг биш хэмээн тодотгож байсан.

Өнгөрсөн жил энэ хуулийг өргөн барих үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд өөр хувилбар дэвшүүлсэн боловч авч хэлэлцээгүй. Одоо бүх процесс батлагдсан хуулийнхаа дагуу явагдаж байна. Олон шүүмжлэл байх шиг байна. Венесуэль улс яг ингэж эхэлсэн гэдэг яриа нийтийн сүлжээнд маш хүчтэй явж байсан. Миний хувьд, Монгол Улсын хөгжил, уул уурхай, гадаадын шууд хөрөнгө оруулалтын талаар тогтсон бодлого үзэл баримтлал төлөвшөөгүй байна гэж үзэж байна. Гэнэт нэг хууль санаачилж батлаад нэг салбарыг орвонгоор нь эргүүлээд хаячихаж байна. Тиймээс Засгийн газрын бодлогын залгамж чанар муу байгаа нь уул уурхай, гадаадын шууд хөрөнгө оруулалтын бодлогын хэрэгжилтэд сөрөг нөлөөлөх гол нөхцөлийн нэг байх боломжтой байна.

-Энэ хуулиар Баялгийн сангийн хуваарилалтыг хийхэд ямар менежмент хэрэгжүүлэх нь бодитой гэж танай намынхан харж байсан юм бэ?

-Үндэсний баялгийн сангийн хуулийн тухайд манай нам зарчмын зөрүүтэй саналтай байсан. Засгийн газраас өргөн барьсан Үндэсний баялгийн сан нэртэй хууль нь дарга, эрх мэдэлтэнг хамгаалж, давуу эрх олгох, ялгаатай байдал бий болгох хуулийн төсөл байна гэж тухайн үед зөндөө учирласан ч хэн ч сонсоогүй. Сүүлийн найман жилд Монгол Улс авлигын үзүүлэлтээр 50 байраар ухарч, ардчиллын индексээр уруудан доройтож байгааг олон улсын байгууллагын дүгнэлт харуулж байна. Үндэсний баялгийн сан нь иргэн хүний биш, даргад давуу эрх олгодог тусгай сангуудын нэг болсон шүү дээ. Одоо сайд нарын удирддаг 22 тусгай сан бий. ЖДҮ, Боловсролыг дэмжих сан, Хөдөө аж ахуйг дэмжих, Тариалан эрхлэлтийг дэмжих сан зэрэг сангуудын ард юу нуугдаж байсныг монголчууд мэддэг болсон баймаар. Саяхан хэд хоногийн өмнө Эрүүл мэндийн даатгалын сангийн удирдлагыг хуулийнхан баривчлах шиг боллоо.

Тэгвэл Үндэсний баялгийн сангийн хуулиар Хуримтлалын санг Нийгмийн Хамгааллын сайд удирдаж байгаа. Хөгжлийн сан нэртэй төсвөөс гадуур дахин нэг төсөв бий болсон. Уг нь Үндэсний баялгийн санг улстөрчдөөс хараат бус байлгасан тохиолдолд цэцэглэн арвиждаг гэдгийг дэлхий нийтээрээ мэддэг л дээ. Өнөөгийн Үндэсний баялгийн сангуудыг хуулиараа гурван сайд удирдаж байгаа.

Төрийн өмчит компаниудыг олон нийтийн болгохгүй, “Эрдэнэс Монгол” компанид бүгдийг нэгтгэж, ашиг гарвал хуваарилдаг байх нь иргэнд гоё сонсогдох байх. Гэвч бодит байдал дээр авлигын шинэ сангийн үйл ажиллагаа эхэлсэн гээд хэлчихэд буруудахгүй гэдгийг бидний туулж ирсэн богинохон хугацааны түүх харуулж байна шүү дээ.

-Есөн ордын тодорхой хувийг төрийн эзэмшилд авснаар Баялгийн санд багцаагаар хэчнээн хэмжээний хөрөнгө төвлөрөх бол?

-2025 оны төсвийн төсөл өргөн баригдсан. Тус төсөлд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.1-д заасны дагуу АМНАТ ашигласны төлбөрийн орлогоос 1.8 их наяд төгрөгийг Ирээдүй өв санд, тус хуулийн 11.1.2-т заасны дагуу төрийн өмчит хуулийн этгээдийн төрийн эзэмшилд ногдох ногдол ашгийн орлогоос 500 гаруй тэрбум төгрөг Хуримтлалын санд төвлөрүүлэхээр байгаа. Хэрвээ есөн ордын тодорхой хувийг төрийн эзэмшилд авах юм бол Хуримтлалын санд төвлөрүүлэх хөрөнгө нэмэгдэж таарна. Гэхдээ урт хугацаандаа ямар үр дүн авчрахыг би мэдэхгүй байна.

-Төрийн хувь эзэмшлийг төлөөлж компанийн ТУЗ-д орсон төлөөлөгч өөртөө ашиг гаргаж авлига, хулгай хийх, компанийн засаглалыг сулруулах сөрөг талтай хэмээх шүүмжлэл бас гарч байна. Энэ хэр бодитой шүүмжлэл вэ?

-Төрийн өмчит компани дээр л авлига, хулгайн хэрэг гарч байгаа. Хувийн өмчит аж ахуйн нэгжүүд дээр ийм асуудал гардаггүй гэдгийг одоо олон хүн ойлгож байгаа болов уу.

-Ер нь цаашид төр “алга дарам цаасаар улсын өмчийг авсан биз дээ” гээд хувийн хэвшлийн өмч хөрөнгө, эзэмшил рүү халддаг жишгийг үүгээр бий болгож байна уу?

-Манай дотоодын нийт бүтээгдэхүүний 70 гаруй хувийг төрийн оролцоотой хуулийн этгээд бүрдүүлж эдийн засаг дахь төрийн оролцоо олон жил өндөр хэвээр явж байна. 2023 оны хувьд гэхэд л төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 43 хувь алдагдалтай ажилласан. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Эрдэнэс тавантолгой ХК-ийн ашгаас энэ алдагдлыг хааж яваа. Хувийн хэвшилтэй зэрэгцэн төрийн өмчит компани, үйлдвэрийн газар байгуулж үр ашиггүй ажиллах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх, төрийн болон орон нутгийн өмч үнэгүйдэх төрийн зардал нэмэгдэж байгаа нь улс орны хөгжилд “хорт хавдар” мэт тээг болж байгааг бүгд л мэдэж байх ёстой юмсан.

Р.ХИШИГЖАРГАЛ