Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Л.Мөнхбаясгалан: Засгийн газрын мега төсөл гэхээр л нүдэн балай дэмждэг байж болохгүй DNN.mn

Улсын Их хурлын гишүүн Л.Мөнхбаясгалантай ярилцлаа.


-Та энэ долоо хоногийн баасан гаригийн чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайдтай мэтгэлцээн хийнэ гэсэн байна лээ. Энэ талаараа тодруулахгүй юу?

-Үүнийг жаахан тайлбарлах хэрэгтэй юм билээ. Өмнө нь баасан гариг бүр Ерөнхий сайд чуулган дээр мэдээлэл хийдэг. Сөрөг хүчний гишүүд нь асуулт асуудаг байсан. Харин шинэ дэгээр бүлгийг төлөөлж мэтгэлцэгч гишүүн байгаад

20 минутын турш микропоныг нь нээж өгөх юм билээ. Энэ хооронд залгуулаад асуулт, хариулт гэсэн байдлаар явна. Тухай бүрдээ сэдэвтэй байна. Энэ удаад Боомтын сэргэлтийн хүрээнд байх юм. Мөн D-парламент дээр ард түмнээс асуулт авна. Өмнө нь манай намын бүлгийн дарга эсрэг дүгнэлт гаргана. Тусгай индэр засаж явуулна гэсэн мэдээллийг авсан.

-Бүлгийн тань гишүүд болон ард түмнээс асуулт тавих юм бол таны үүрэг оролцоо юу байх юм бэ?

-Боомтын асуудлаар Ерөнхий сайдтай мэтгэлцэнэ. Харин хугацаандаа амжих юм уу, үгүй юм уу. Мэдэхгүй байна.

-Сэдэв нь их өргөн. Асуулт асуух хүмүүс олон болохоор хугацаа бага юм биш үү?

-Ард түмний асуултын хүрээнд ярилцана гэж байгаа юм. Энэ бол анхных шүү дээ. Бүх зүйл нь шинэ. Миний хувьд сэтгүүлчээр олон жил ажилласан учраас мэтгэлцээн хэлбэр рүү л орно гэж бодож байгаа.

-Үүнийг Улсын Их хурлын Дэгийн тухай шинэ хуульд заачихсан юм байна. Тэгэхээр цаашдаа энэ мэтгэлцээн байнга явагдана гэсэн үг үү?

-Цаашдаа уламжлал болгон тогтох юм байна лээ. Гэхдээ тухай бүрдээ сэдэв нь өөр байна. Гадны сонгодог парламентуудад байдаг л зүйл юм билээ.

Гурван минутад үг хэлж, нэг минутын нэмэлт авдаг бидэнд 20 минут гэдэг чинь маш том боломж байхгүй юу. Гэхдээ Ерөнхий сайдад ярих юм их байгаа байх. Бидэнд ч гэсэн асуух зүйл их байгаа. Тэгэхээр 20 минутад багтах болов уу л гэж бодож байна. Миний хувьд зөвлөх, экспертүүд авчихсан бэлдэж байгаа.

-Боомтын сэргэлтийг эхлүүлээд овоо хэдэн жил болчихлоо. Тэгэхээр үүн дээр та юу гэж хэлэх вэ?

-Зөвхөн миний сонгогдсон бүс буюу говийн бүсэд л гэхэд таван боомт байна. Гэхдээ зөвхөн бүсийн хувьд бус улс орны хэмжээнд Боомтын сэргэлт ямар байгаа талаар мэтгэлцэнэ. Цагаан дэл уул, Наран Сэвстэй гээд шинээр боомтуудыг нээх гэж байгаа юм билээ. Бусад байсан боомтууд дээрээ хатуу дэд бүтцийн талдаа нэлээд их ажил хийсэн гэсэн тайлан ирүүлсэн. Миний хувьд одоо байр сууриа илэрхийлчихээр юу асуух гэж байгаа нь тодорхой болчих болов уу гэж бодож байна.

-Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл дээр нэмж зээл авахаар болсон гэсэн байсан. Энэ тал дээр танд ямар мэдээлэл байна вэ?

-Энэ чинь 2018 онд шав тавьсан. Ингэхдээ Энэтхэгийн банкнаас нэг тэрбум ам.доллар авсан. Дараа нь 2019 онд 236 сая ам.доллар нэмж зээлсэн. 2022 онд ашиглалтад орох байсан ч ковидоос болж ажил удааширсан гээд 2027 онд ашиглалтад орохоор болсон. Гэтэл одоо дахиад 461 сая ам.доллар нэмж зээлнэ гээд байгаа юм. Авсан зээлийнх нь зарцуулалт ердөө 200 гаруйхан сая ам.доллар байна гэж Ц.Туваан сайд хэлчих шиг болсон. Мөн энэ хооронд Хөгжлийн банкнаас 119 тэрбум төгрөгийн зээл авчихсан

юм билээ. Дээрээс нь манай төр газрын тосны талбай эзэмшдэггүй. Петрочайна компаниас Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр газрын тосоо авах нь байна шүү дээ. Ийм их зээл авсан хэрнээ зээлийн зарцуулалтаа тайлагнадаггүй. Олон улсын төсөл мөртлөө олон улсын аудит ордоггүй. Ийм байж дахиад зээл авмаар байна гээд нэмээд байдаг. Газрын тосны үйлдвэрийг Монгол Улс барих ёстой. Гэхдээ энэ замбараагүй зээлээ үнэн зөвөөр тайлагнаад зээл авах үндэслэлээ гаргаж ирэх хэрэгтэй. Одоо авчихсан байгаа нь 25 жилийн хугацаатай зээл. Гэтэл Б.Жавхлан сайд 20 жилийн хугацаатай гээд байна лээ. Жил бүр 68 сая ам.доллараар төлнө гэж байсан. Сүүлдээ 64 сая, одоо бүр 14 сая ам.доллараар төлнө гээд байгаа юм. Энэ мэтчилэн алинд нь итгэхийн аргагүй зөрүүтэй мэдээллүүд байна. Тийм болохоор би Аж үйлдвэржилтийн байнгын хороон дээр хэлэлцүүлэг өрнүүлэх санал тавиад дэмжигдсэн. Ерөнхий сайдад асуулга тавьсан. Үүнийг нэг мөр шийдэж, цэгцлэхгүй бол нөгөө Оюу толгой, Дубайн гэрээний араас орчих гээд байна. Ашигтай ажиллаж эхлэх, зээлээ төлж дуусгах хугацаа байхгүй. Зүгээр л 700 хүн ажилтай болгоно. Улсынхаа хэрэгцээг хангана л гэсэн юм яриад байгаа юм. Нэмж авах гэж байгаа зээлээ юунд ашиглах нь ч тодорхойгүй. Түүхий эд нь хангалттай юу гээд олон асуудал бий. Үүнийг ер нь нийтийн сонсгол болгосон ч болохгүй. Засгийн газрын мега төсөл гэхээр л нүдэн балай дэмждэг байж болохгүй биз дээ.

-Гишүүдийн асуултад сайд нар бүрэн гүйцэт хариулахгүй байх шиг санагддаг?

-Бүрэн гүйцэт огт хариулдаггүй юм байна. Өмнөөс нь тохуурхсан, доош хийсэн байдлаар манай зарим гишүүдэд хандаад байгаа шүү дээ.

-Оюу толгой компанийг манай Засгийн газарт мэдэгдэхгүйгээр зээл авсан тухай та хэлж байсан. Энэ юу болсон юм бэ?

-Зээл авах ёсгүй. Дахин зээл авахыг нь хориглосон УИХ-ын 103 дугаар тогтоол гэж байгаа. Үүн дээр би асуулга тавих гэж байна. Энэ талаар асуухаар хариулах хүн гарахгүй байгаа юм.

-Тантай уулзсаных редакцийн даалгавраар асуух асуулт байна. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг анхан шатны шүүхээс хорих ял сонссон. Улмаар давж заалдах хүсэлтээ өгсөн ч шүүх хурлын тов нь одоо болтол гарахгүй байна. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Би сэтгүүлч, дөрөв дэх засаглалаас сонгогдсон гишүүний хувьд сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн араас судалгаа хийсэн. Уулзах хүсэлт тавьсан боловч зөвшөөрөөгүй. УИХ-ын гишүүн хаана ч орох эрхтэй гэсэн мөртлөө хуульд заасан зарим тохиолдолд шүүхийн эрх мэдэл болдог юм байна. Шүүх өөрөө хараат бус. Тиймээс давж заалдах шатны шүүхийн тов гарахгүй байгаа нь бас л шүүхийн хараат бус байдалтай холбоотой юм байна. Яагаад тов нь гарахгүй байна. Ямар учраас удаж байгаа вэ гэж асуух юм бол шүүхэд нөлөөлөл үзүүлэх гэсэн асуудал болж хувирах юм билээ. Тэгэхээр үүнийг хүндэтгэж байгаа. Би хэдийгээр хавтаст хэрэгтэй танилцаагүй ч сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг хэлмэгдсэн гэж боддог. Дөрөв дэх засаглалынхан, ялангуяа сэтгүүлчдэд ингэж хатуу хандаж болохгүй байхгүй юу. Ч.Лодойсамбуу гишүүнээр ахлуулсан Хэвлэл мэдээллийн тухай хуулийг шинэчлэх ажлын хэсэг байгуулсан. Үүнд би байгаа. Гэхдээ хаврын чуулганаар л орох болов уу.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Пунсалмаа: Улсын төсвийн дийлэнх нь халамжид зарцуулагдаж байна DNN.mn

Улсын Их хурлын гишүүн Б.Пунсалмаатай ярилцлаа.


-Засгийн газраас өргөн барьсан ирэх оны төсвийн төслийг янз бүрээр л ярьж байна. Таны хувьд хэр болсон гэж дүгнэж байна вэ гэдгээс яриагаа эхэлье?

-Энэ удаагийн төсөв 35 их наяд буюу манай дотоодын нийт бүтээгдэхүүн/ДНБ/-ий 37 хувьтай тэнцэж байна. Бусад орнуудынхтай харьцуулахад харьцангуй өндөр. Манайх шиг хөгжиж буй улсуудын хувьд ДНБ, төсөв хоёрын харьцаа 25-30 хувийн хооронд хэлбэлздэг. Өнөөдөр дайны байдалтай байгаа Украины хувьд төсөв нь ДНБ-ий 40-өөс дээш хувьтай харагдсан. Тэгэхээр манай төсөв, ДНБ-ий харьцаа харьцангуй өндөр байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, төсвөөр дамжаад манай улсын эдийн засагт төрийн оролцоо өндөр байна гэсэн үг.

-Ийм өндөр байгаагийн шалтгаан нөхцөл нь юу вэ?

-Манай улсын эдийн засаг нүүрс, зэс гэсэн хоёр бүтээгдэхүүнээс хараат. Өөрөөр хэлбэл, төсөвт энэ хоёр бүтээгдэхүүний борлуулалтаас орж ирэх татвар зонхилдог. Сүүлийн гурван жилийн төсвийг харахад түүхий эдийн үнийн өсөлттэй холбоотой төсөв хэт тэлсэн байна лээ. Өнгөрсөн жил 27 их наядын төсөв баталсан бол энэ жил 35.8 их наяд болж өссөн. Өөрөөр хэлбэл, бараг 30 хувийн өсөлттэй төсөв орж ирлээ. Урсгал зардал 2022 онд 13.3 их наяд төгрөг байсан бол ирэх онд 26 их наяд болж, хоёр дахин нэмэгджээ.

Нийт урсгал зардал дотор нийгмийн халамжийн сангаар 2.5 их наяд төгрөг тараах юм билээ. Нийгмийн даатгалын сангаар 5.8 их наяд төгрөг тараана. Ер нь Засгийн газрын 22 тусгай сангаар дамжуулж 11.6 их наяд төгрөг тараах дүн байсан. Тэгэхээр урсгал зардалд төрийн албан хаагчдын цалин, хөлс, тэтгэвэр, тэтгэмж голлох дүнтэй орж ирсэн. Өөрөөр хэлбэл, манайд халамжаас хөдөлмөрт шилжих шат дараалсан бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

-Ямар бодлого хэрэгжүүлбэл дээр гэж үзэж байна вэ?

-Дэлхийд хамгийн өндөр халамж өгдөг нь Скандинавын орнууд байдаг. Гэвч эдгээр орнууд халамжаа төсвийнхөө 30 хувиас хэтрүүлдэггүй юм билээ. Бусад орнууд төсвийнхөө таван хувиас эхэлдэг. Гэтэл манай улсын хувьд хөгжиж байгаа эдийн засагтай хэрнээ татвар төлөгчдийн мөнгийг халамжид ихээр тавьж байна.

Ингээд бусад орнуудыг судлаад үзэхээр тэд ажил хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүс халамж авч байгаа тохиолдолд эхний нэг сардаа халамжийг нь өгөөд, хоёр дахь сараас нь хийж болох ажлын байруудыг санал болгодог. Улмаар нөгөө хүмүүс нь боломжит ажилд ороод, халамжаас гараад явчихдаг. Харин ажлын байрны саналыг гурван сар хүлээж авахгүй байвал халамжийг нь зогсоодог. Ийм тогтолцоог нэвтрүүлж болно. Хоёрдугаарт, манай улс чинь одоо 64 Их, дээд сургуультай гэж байна. Гэвч маш сайн системтэй, сайн боловсон хүчин, ажилтан, гүйцэтгэгч хүмүүс бэлдэхгүй бол бүгдээрээ дарга болчих гээд байна. Ийм болохоор ажлын талбар дээр ажил хийдэг хүнгүй болсон гээд байгаа юм. Гэтэл сая гадаадын ажилчдаас авах татварыг багасгачихлаа. Бид өөрсдөө ажилгүй иргэд олонтой тул гадныханд найр тавьж боломгүй санагдсан. Энэ асуудлыг шийдэхийн тулд холбогдох яамд нь уялдаа холбоотой ажиллах ёстой. Одооноос зөв бодлого хэрэгжүүлбэл 2-3 жилийн дараа л үр дүн нь гараад эхэлнэ. Ингэж байж төсвийн урсгал зардал доторх халамжийн хэмжээ багасна. Тэр хэрээрээ бид багш, эмч нарынхаа цалинг дорвитой нэмэх боломжтой болно. Одоо манай улсад нийтдээ 226 мянган төрийн албан хаагч байна. Үүний 60 гаруй хувь нь боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллаж байна. Хоёрдугаарт, яамдын тоог нэмж, төрийн албан хаагчдыг нэмээд баймааргүй байна. Эсрэгээрээ цалингаа нэмэх ёстой. Гэтэл манайх жаахан боломж гараад ирэхээр л төрийн албан хаагчдынхаа тоог нэмэгдүүлдэг муу зуршилтай болжээ.

-Таны ярьж байгаа халамжаас хөдөлмөрт гэдэг зүйлийг улиг болтлоо л ярьж байна. Нөгөө талдаа сонгуультай холбоотойгоор халамжийг багасгадаггүй гэж хардаг хүмүүс байдаг. Халамж авч байгаа хүмүүс маань ч ажил хөдөлмөр эрхлэх хүсэл, бодолгүй байдаг шиг байгаа юм. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Халамжаар амьдарч байгаа хүмүүс маань өнөөдөр хоёр идэхгүй, хоосон хонохгүй байна. Төр зүгээр мөнгө өгч байхад хэн ч гэсэн авна. Тэгэхээр төрийн ийм бодлого байж болохгүй. Надад өөр санал бий.

-Тухайлбал?

-Төр цахилгаан дулаан, ус хангамж, зам, барилга байгууламж гэсэн бүх дэд бүтцийг хийж өгөх ёстой. Энэ бол төрийн хийх ёстой ажил гарцаагүй мөн. Харин нөгөө талд нь хүүхэд, залууст сурах боловсрох боломжийг нь олгох ёстой. Сайн суралцсан тохиолдолд ямар, ямар хөнгөлөлт, дэмжлэг, зээл, гадаад дотоодын тэтгэлэг авч болох вэ гэдгийг нь маш тодорхой буюу бага ангийн хүүхэд ч уншаад ойлгохоор зааж өгмөөр байна. Тэгэх юм бол нийгмийн ямар гаралтай айлын хүүхэд байхаас үл хамаараад эдгээр боломжийг авахын тулд багаасаа хичээнэ. Дээрээс нь иргэндээ хандсан дэд бүтэц буюу бизнес хийх боломж олгосон бага хүүтэй зээл бий болгох хэрэгтэй. Гэтэл Монголбанк сүүлийн гурван жил мөнгөний хатуу бодлого явуулж байна. Бодлогын хүү өндөр байхад арилжааны банкууд аж ахуйн нэгжид зээл өгөх ямар ч сонирхолгүй болж байна. Тэд төв банкны ямар ч эрсдэлгүй үнэт цаас худалдаж аваад, жилд 10 хувийн ашиг олчихож байна. Ингээд банкууд хамаг мөнгөөрөө төв банкны үнэт цаас авчихаар аж ахуйн нэгжүүдэд зээл олдохгүй болно. Ер нь аж ахуйн нэгжүүдээс тодорхой хэмжээний чанаргүй зээл гардаг. Гэтэл Монголбанк яг ижилхэн хүү амлачихаар арилжааны банкууд төв банкинд бүх хадгаламжид авсан мөнгөө өгчихөж байгаа юм. Сонирхуулж хэлэхэд, төв банкны үнэт цаас хэлбэрээр Монголбанкны арилжааны банкуудаас татаж авсан мөнгө 2023 онд 8.7 их наяд төгрөг. Үүнийхээ хүүнд жилд нэг их наяд төгрөг өгч байна гэсэн үг.

Өнгөрсөн гурван жил яг ийм янзаар явсан тул олон мянган аж ахуйн нэгжид зээл олдохгүй тамирдсан. Олон мянган аж ахуйн нэгжүүд хаалгаа барьсан. Манай улсын төсвийн 80 хувийг иргэд аж ахуйн нэгжийн татвараар бүрдүүлдэг. Би дээр хэлсэн, манай төсөв ДНБ-ийхээ 37 хувийг эзэлдэг. Нэмээд 400 орчим төрийн өмчит аж ахуйн нэгж, “Эрдэнэс Таван толгой”, “Эрдэнэт” зэрэг газруудын үйл ажиллагааны дүнг нэмбэл тэр чигээрээ төрийн өмчит, төвлөрсөн төлөвлөгөөтэй эдийн засагтай байгаа юм. Иймээс хувийн өмчтэй аж ахуйн нэгжүүдийн тоог нэмэгдүүлэх, төрийн өмчит компаниудыг хувьчлах, төсөв хэт данхайх зэрэг сөрөг үзэгдлээс зайлсхийх хэрэгтэй. Зах зээлийн нийгэмд хувийн өмч давамгайлах учиртай.

-Ирэх оны төсвийн орлого бүрдүүлэлтийг юу гэж тусгасан байна вэ?

-Орлогын албан татвар өмнөх жилээсээ бараг таван их наяд төгрөг, Нийгмийн даатгалын орлого хоёр их наяд төгрөг, НӨАТ 1.4 их наяд төгрөгөөр өсчээ. Энэ нь аж ахуйн нэгжүүдийн нуруун дээрх татвар хэтэрхий өндөр өсч орж ирсэн байна. Гэтэл төсөв дагаж орж ирсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр үйлдвэрийн зориулалттай тоног төхөөрөмжийн гаалийн татварыг тэглэнэ гэчихсэн. Нэг талдаа өсгөх гээд байгаа мөртлөө нөгөө талдаа бууруулна гээд байгааг сайн ойлгохгүй байгаа юм. Мөн шинээр байгуулагдсан аж ахуйн нэгжүүдийн эхний таван жил ААНОАТ-ыг хөнгөлнө гэсэн байна лээ. Энэ бол үнэхээр хол сонсогдож байна. ААНОАТ гэдэг бол бүх татварын ноён оргил, хамгийн сайн ажилласан компани төлдөг татвар. Компани нээгээд, нийгмийн даатгалын шимтгэл, НӨАТ, гааль, зээлийн хүүгээ төлөөд, цалингаа тавина. Ингээд балансаа гаргаад үзэхэд ашигтай байвал төлдөг татвар юм. Эхний таван жилд компаниуд ашигтай ажиллаад хөл дээрээ зогсох боломж бага. Миний ойлгосноор энэ нь нийтэд зориулсан, жирийн компаниудад зориулагдсан хууль биш юм шиг санагдсан.

-Том төслүүдтэй холбоотой тоног төхөөрөмжүүд орж ирэх байлгүй?

-Харин яг үүндээ зориулсан л гэж би хардаж байна. Тэр том төслүүдийнх нь гүйцэтгэгчээр нэг компани ажиллаж л таарах байх. Хоёрдугаарт, гаалийн татварыг хөнгөлнө гэдэг дээр би эсрэг байр суурьтай байна. Манайх өнгөрсөн жилд 13 тэрбум ам.долларын экспорт хийсэн. Эргээд 11 тэрбумыг нь импортоор буцаагаад гаргачихдаг. Ингэх юм бол импорт бүр нь давамгайлах гээд байна. Өөрөөр хэлбэл, валютын хомсдолд орох, үнэ өсөх шийдвэр юм.

-Төр засаг нэг гараараа үндэсний үйлдвэрлэгчид, жижиг дунд үйлдвэрлэгчдээ дэмжинэ гэдэг мөртлөө нөгөө талдаа боомилж байна гэсэн шүүмжлэл яваад байдаг нь энэ юм биш үү?

-Байнгын хороо, чуулганы хуралдаан дээр бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид, өрхийн орлогыг яаж дэмжих вэ гээд асуухаар зам харгуй, байшин барилга их баригдаад байна, энэ чинь дэмжиж байгаа хэлбэр гэсэн нэг хариулт их нийтлэг ирж байна. Зам, барилга баригдсанаараа бизнес цэцэглээд, өрхийн орлого нэмэгдчихдэг юм бол хойд Солонгос яагаад тэгэхгүй байгаа юм. Маш сайхан зам, барилгатай юм байна лээ шүү дээ. Бизнесийн дэд бүтэц гэдэг чинь зээл авах боломж, хууль эрх зүйн таатай орчин байдаг. Нэмээд худалдан авалт, борлуулалтаар дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой.

-Таны хувьд хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн төлөөлөл болж УИХ-д сууж байна. Тэгэхээр төсвийн төсөл дээр татварын талаар ямар бодлого туссан байна вэ?

-Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл өндөр учраас цалин өсөхөөр дагаад өсчихдөг. Ажилтан хоёр сая төгрөгийн цалин авахын тулд ажилтан, байгууллага хоёр нийлээд 600 мянган төгрөгийн татвар улсад төлж байна. Уг нь аж ахуйн нэгжүүд ажилтнуудынхаа цалинг нэмэхийг байнга л эрмэлзэж байдаг юм. Даанч өндөр татвараас болоод өсгөх л юм бол давхар өндөр өрөнд орчихоод байна. Хоёрдугаарт, гадуур худалдан авалт, бүтээмж өндөр байх үед борлуулалт өсөөд, компани чинь цалин хөлс, нийгмийн халамжаа нэмэгдүүлэх мөнгөтэй болж ирдэг. Гэтэл одоо чинь худалдан авалтын чадвар, бүтээмж ямар байгаа билээ. Үүнийг давж цалингаа нэмж чадахгүй байна. Тэгэхээр нийт аж ахуйн нэгжийн чадавхыг сайжруулахын тулд уян хатан мөнгөний бодлого явуулах ёстой. Даанч өнөөдөр ерөөсөө зээл олдохоо байсан. Засаг болохоор “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал”, “Шинэ хоршоо” зэрэгтээ найдаад байна. Гэтэл энэ чинь хэсэг салбарын л аж ахуйн нэгжүүд орно. Тэгвэл бусад нь яах юм бэ. Нийт салбарууддаа бага хүүтэй зээл олгох хэрэгтэй. Тэгж байж компаниуд шинээр гарч ирнэ. Сүүлийн жилүүдэд шинээр гарч ирсэн компани гэж алга. Мөнгөний бодлого буруу учраас ийм байдалд орчихоод байгаа юм.

Т.Дарханхөвсгөл

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Баабарын сургууль” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Улсын Их хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан “Засгийн газрын мега төсөл гэхээр л нүдэн балай дэмждэг байж болохгүй” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ

  • СЭЗИС-ийн багш, эдийн засаг Ж.Дэлгэрсайхан “Нүүрс, Оюу толгойн зэсийн гарц, алтны агууламж нэмэгдэнэ гэдэг тооцоолол эргэлзээтэй” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б Цэнддоогийн “Баабарын сургууль” нийтлэл хэвлэгдлээ.

  • Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв / НЭМҮТ/-ийн Нийгмийн эрүүл мэндийн лавлагаа лабораторийн биохимич Б.Содномцэрэн “Хар тугалга цусанд их тунгаар нэвтэрвэл тархийг гэмтээж, үхэлд хүргэх аюултай” хэмээн ярилаа.
  • Монголын геологийн алт шижир болсон буурлуудын нэг П.Намжилсүрэн “Монголын геологид 16 наснаасаа 80 хүртлээ 64 жил зүтгэж байна” гэлээ.

Цагдаагийн хурандаа Э.Нямаа “Халаасны хулгайн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах нийгмийн хэрэгцээ шаардлага үүссэн” хэмээв

АРЫН НҮҮР: Цасан бөмбөгийн онол


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы  пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Архангай аймагт гарсан ноцтой ослын талаар эх сурвалжууд ингэж мэдээллээ DNN.mn

Орон нутгийн замд зорчиж байсан тээврийн хэрэгсэл гэрлээ шилжүүлээгүйгээс замын хажууд зогсож байсан мотоциклтой хүмүүс өртөж, нэг нь амь эрсэдсэн ноцтой осол өнгөрсөн долоо хоногт гарчээ. Учир нь Архангай аймагт нэг гэр бүлийн хоёр, цагдаагийн ажилтны дуудсан цагт амжиж очин жолооны үнэмлэхээ авахаар явахдаа ийнхүү амиа алдсан байна. Энэ бол хууль хүчний байгууллагын ажилтнуудын дарамт жирийн иргэд дээр ямар хүндээр тусч байгаагийн нэгэн тод жишээ гэж нутгийн иргэд ярьж байгаа юм. Хэргийн талаар эх сурвалжууд ингэж мэдээлж байна.


Шөнийн замд гэрлээ шилжүүлээгүй жолоочийн буруугаас гурван хүүхэд өнчирч үлдэв

Архангай аймгийн Чулуут сумын иргэн Ц “Манай сумын залуу гэр бүлийн төлөөлөл эхнэр, нөхөр хоёр зам тээврийн осолд өртсөн харамсалтай хэрэгт нутгийн иргэд бид туйлын гашуудаж байна. Нөхөр нь өнгөрсөн жил жолооны эрхээ хасуулсан юм билээ. Түүнээс хойш жолооны эрхээ сэргээхийн тулд байн байн сургалтад сууж байсан юм уу даа. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт үдээс хойш 16:00 цагийн орчимд аймгийн цагдаагийн газраас түүн рүү залгаад “Маргааш ирж үнэмлэхээ аваарай. Өглөө 09.00 цаг гэхэд бэлэн байгаарай” гэжээ. Манай сумаас аймгийн төв хүртэл 130 км зайтай. 65 км шороогоор явж байгаад засмал руу нийлдэг. Аймаг ортол бараг 3-4 цаг явдаг. Тэр өдөр сумаас аймаг орох машин байгаагүй тул эхнэр, нөхөр хоёр мотоциклтойгоо гарахаас өөр сонголт байгаагүй гэж нутгийн иргэд ярьж байна.

Яагаад гэвэл цагдаагийн дуудсан цагт буюу өглөө 09:00 цагт бэлэн байх ёстой. Машинтайгаа явах гэхээр жолооны эрхээ хасуулчихсан хүн мотоциклтойгоо хөдөлсөн бололтой. Ингээд тэднийг засмал руу нийлэх үеэр харуй бүрий болсон байж.

Гэтэл өөдөөс нь гэнэт мэлийсэн цагаан гэрэлтэй машин гараад ирсэн гэсэн. Тэгэхэд нөхөр нь “Мотоциклын гэрэл олигтой тусахгүй болохоор гялбаанд орох юм байна. Өнгөрөөж байгаад хөдөлье” гээд замын хажуу руу гараад дөнгөж зогсоод байтал ард нь явж байсан приус маркийн машин хамаад шидчихсэн гэсэн.

Тэр мөчид хурц цагаан гэрэлтэй машин ч хажуугаар нь өнгөрч, түүний араас явж байсан машиныг мотоциклтой хоёр мөргөөд унасан юм билээ. Ингээд эхнэр нь газар дээрээ амьсгал хурааж, нөхөр нь хүнд гэмтэл авсанд үнэхээр сэтгэл өвдөж байна. Орон нутгийн замд тээврийн хэрэгслүүд гэрлээ шилжүүлдэггүйгээс болж ийнхүү сайхан гэр бүл хагацлын зовлонд унасан нь орон нутгийн иргэдэд хүнд цохилт боллоо” гэв.

Өөр нэг эх сурвалж Б “Осол гаргасан приус машиныг 21 настай залуу жолоодож явсан юм билээ. Түүнтэй хамт 19 настай найз эмэгтэй нь, бас нэг найз нь гээд гурвуулаа явж байсан гэсэн. Тэд ч бас хурц тод гэрлийн гялбаанд орсон гэж ярьсан байна лээ. “Гэрлээ шилжүүлээгүй орж ирсэн тээврийн хэрэгсэл нь автобус байсан. Өөдөөс нүд гялбатал тусахаар нь тоормосоо гишгэж хурдаа хассан. Ингэхдээ урд мотоциклтой хоёр хүн явж байгаа даа гэж бодоод хурдаа хассан. Гэтэл яаж ч тоормос гишгэсэн зогсож чадалгүй явсаар осол гаргачихлаа” гэж ярьсан тухай талийгаачийн ойр тойрныхон нь ярьж байгаа юм. Уг нь мотоциклтой хоёр хүн замаас гараад, тээврийн хэрэгсэл хажуугаар нь хангалттай зөрөх зай тавьсан байсан гэсэн. Гэтэл тэр приустэй залуучууд тэднийг хараагүй мөргөснийг бодоход гэрлийн гялбаанд давхар орсноос гарцаагүй байх” гэлээ.

Чулуут сумын иргэн Х “Талийгаач эмэгтэй их сайхан дөлгөөхөн хүн байсан. Зан ааль сайтай. Эднийх гурван хүүхэдтэй. Том нь наймдугаар анги. Бага нь энэ жил нэгдүгээр ангид орсон. Ослын улмаас нөхөр нь хөл, гар нь хугаралттай, тархи толгой нь хүнд гэмтсэн сурагтай. Томографикийн шинжилгээгээр сайнгүй л гарсан гэсэн. Цагдаа дуудсаны дагуу цагтаа амжих гэж яваад өөрөө хүнд гэмтээд, эхнэрээ алдчихаар ямар олиг байхав. Ах дүүс нь цагдаад “Яах гэж жолооны үнэмлэх ирж ав гэсэн юм бэ. Ингэж хүнд суртал гаргах хэрэг байсан юм уу. Та нарыг ингэж ир гэж дарамтлаагүй бол энэ гэр бүл ингэж хагацаж салахгүй байх байсан” гэж хандсан юм билээ. Тэгэхэд цагдаа нь “Жолооны эрхгүй байж яах гэж мотоцикл жолоод гэсэн юм бэ” гээд бурууг тэдэнд тохох янзтай ярьсан гэсэн шүү. Үнэхээр цагдаа нар жирийн иргэдээ дарамтлаад сурчихсан нь эндээс тод харагдаж байгаа биз дээ. Бүх юм цахимжиж байгаа гэчихээд алгын чинээ цаас ирж ав гэсэн цагдаагийн албадлагаас болж бага насны гурван хүүхэд өнчирч үлдлээ шүү дээ. Автобусны ард явж байсан машинтай залуус хүртэл хохирогч болчихож байгаа юм. Тэд Увс аймгийн залуус юм билээ. Урд нь том автобус явж байсан. Гэнэт өөдөөс нь мотоциклтой хүмүүс шидэгдээд ороод ирсэн. Манай машин ч бас эвдэрсэн. Гэхдээ бид мөнгө төгрөг нэхэхгүй. Харин ослын талаар цагдаад мэдүүлэг өгөхөд бэлэн байгаа шүү гэж хэлсэн байна лээ” хэмээн хоолой зангируулан ярив.

Өөр нэгэн эх сурвалж болох иргэн О “Ийм харамсалтай осол гарсанд их цочирдож байна. Ер нь жолооч нар маш хурц гэрлүүд машиндаа нэмэлтээр тавьсан байдаг. Энэ нь эсрэг урсгалаас ирж байгаа машинд урдах зам нь харагдахгүй байх эрсдлийг үүсгээд осол гаргах хамгийн том шалтгаан болдог гэж бодож байна. Шөнийн замд орон нутгийн замд зорчиж байгаа жолооч нар ихэнхдээ холын гэрлээ шилжүүлж явдаг. Гэтэл 150 метрээс багагүй зайд явж байвал ойрын гэрлээ асаах ёстой гэдгийг жолооч нар ихэнх нь мэддэггүй. Тийм учраас бусдыгаа хүндэлж, гэрлээ заавал шилжүүлж, хол ойрын гэрлээ зөв тохируулж сурах хэрэгтэй. Тэгэхгүй бол хэдэн хүний амь нас, эрүүл мэндээр хохирч байж энэ бүхнийг ойлгох юм бүү мэд” гэсэн юм.

Ноцтой ослын талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Тухайн дуудлага мэдээлэл 19:00 цагийн үед ирсэн. Цагдаагийн газрын шуурхай бүрэлдэхүүн хэргийн газар очиж үзлэг хийсэн. Осолтой холбогдох тээврийн хэрэгслийг тогтоож, одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Ер нь орон нутгийн замд манай жолооч нар шөнийн цагаар ихэвчлэн гэрэл шилжүүлдэггүй тохиолдол их гардаг. Үүний улмаас гэрэлд цохиулаад, эсрэг урсгалын машин осолд өртөж хүний алтан амь хохирч байгаа харамсалтай дуудлагууд ирдэг. Замын гадаргууд гулгаа их үүссэн учраас жолооч нар тээврийн хэрэгслийнхээ дугуйг солиогүй байгаатай холбоотой ослын дуудлага мэдээлэл ирж байна. Манай аймгийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногоос цасан бүрхүүл тогтож, даваа гүвээнд халтиргаа гулгаа их үүсээд байгаа. Үүнтэй холбогдуулан мотоциклын хөдөлгөөнийг өвлийн улиралд тодорхой хугацаагаар хязгаарлах талаарх саналаа аймгийн Засаг даргад хүргүүлэх гээд бэлтгэн ажиллаж байна. Халтиргаа үүссэн үед мотоцикл аваар осол гарах нөхцөлийг бүрдүүлдэг” гэсэн мэдээлэл өглөө.

Г.Балгармаа

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Үүрийнтуяа: Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн технологийн шийдлээ бид олчихсон DNN.mn

Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяатай ярилцлаа.


-Засгийн газраас ирэх оны төсвийн төслийг өргөн барьсан. Одоо УИХ, байнгын хороодоор ид хэлэлцэж байна. Таны хувьд уг төсөлтэй танилцсан байх. Ямар төсөв болсон гэж үзэж байна вэ?

-Танай сонины уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Маш чухал цаг үед та бид хоёр уулзаж, ярилцаж байна. Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг холбогдох байнгын хороодоор хэлэлцэж байгаа. Энэ удаагийн төсөв бол өмнөх жилүүдийн төсвүүдээс ялгаатай, их онцлог. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх үүднээс аль болох жижиг тойргуудад хөрөнгө мөнгийг хувааж тавихаас илүү том бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх, бүс нутгийн хэмжээнд томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, дэд бүтцийн чиглэл рүү илүү хөрөнгө оруулалт хийхэд чиглэсэн. Хуучин тойрог бүр дээр олон арга хэмжээг хэрэгжүүлэхээр орж ирдэг байсан. Харин одоо бол өмнөх жилүүдэд эхэлсэн хөрөнгө оруулалтуудыг дуусгах, бүсчилсэн хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалтууд шинээр орж байгаагаараа онцлог байна.

Тухайлбал, өмнөх жилүүдэд хөрөнгө оруулалтаар жилд 400-500 шинэ төсөл хэрэгжүүлэхээр төсөвт орж ирдэг байсан бол 2025 оны төсөвт шинэ төсөл ердөө 38 байна. Үүний 33 төсөл нь зам, тээвэр, инженерийн дэд бүтэц, цахилгаан дулааны эрчим хүчний төслүүд байгаа. Мөн цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нэмэгдсэн, дулаан, цахилгааны үнэ нэмэгдэж байгаатай холбоотойгоор урсгал зардлууд өссөнөөс бусад зардлуудыг бууруулах, багасгахад анхаарсан төсөв орж ирсэн гэж харж байгаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд бид чинь олон зорилтуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд явж байгаа шүү дээ. Тийм болохоор эдийн засгийг өсгөж, тэлэх гол 14 мега төсөлдөө анхаарч байгаа. Эдгээр төслөөс энэ дөрвөн жилд аль, аль төслийг нь дуусгах юм. Ямар, ямар төслийг дараагийн шатанд үргэлжлүүлэх юм гэдэг дээр анхаарах ёстой. Энэ төслүүдийг хэрхэн хэрэгжүүлснээс Монгол Улсын эдийн засгийн өсөлт шууд хамаарна. Эхний дөрөв, таван төслийг амжилттай хэрэгжүүлж чадвал 2023 оны байдлаар 6000 ам.доллар байгаа нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ийг 2028 онд 10 мянган ам.долларт хүргэх зорилтдоо хүрэх боломжтой. Манай улсын эдийн засгийн өсөлт ирэх онд найман хувьтай байна гэж тооцож байна. Төсвийн хүрээний мэдэгдлээр 2026, 2027 он тус бүрт 6.5 хувьд эдийн засгийн өсөлт хангагдана гэж үзэж байгаа. Үүнээс гадна инфляцийг 2025 онд зургаа, 2026 онд тав, 2027 онд дөрвөн хувьтай байлгаж, жил тутам буулгана гэж тооцсон. Ер нь дэлхийн болон манай хоёр хөршийн эдийн засгийн өсөлт бидэнд шууд нөлөөлнө. Манай эдийн засаг уул уурхайн салбараас бүрэн хамааралтай. Тэр дундаа нүүрс, зэс гэсэн хоёр бүтээгдэхүүнээс голлож хамаарч байгаа. Уул уурхайн салбарын өсөлт ирэх онд 6.7 хувь, нийт эдийн засгийн өсөлтийн 1/3 нь уул уурхайн салбараас хамаарна гэж Сангийн яам тооцоолол хийж оруулж ирсэн. Тийм болохоор бид уул уурхайн салбараа эдийн засгийн хувьд тогтвортой авч явахын тулд цаашдаа нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд л голлон анхаарах хэрэгтэй. Газрын доорх баялагаа түүхийгээр нь, эсвэл хагас боловсруулсан байдлаар гаргаад л байх юм бол тэр хэрээрээ бид боломжуудаа алдана л гэсэн үг. Магадгүй энэ удаагийн төсөв нэлээн томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт руу чиглэсэн учраас их өндөр санагдаж магадгүй. Гэхдээ эдийн засгийн өсөлтийг авчрахын тулд зоригтой, дорвитой хөрөнгө оруулалт хийхгүй л бол цаашдаа эдийн засгийн өсөлтийг тогтмол барих боломж байхгүй. Төсвийн өсөлтийг тодорхой үзүүлэлтүүдээр нь хэмжээд үр ашигтай, ашиггүй гэх зэргээр шинжилгээ хийж үнэлж, дүгнэж болно.Гол нь бидний зарцуулж байгаа хөрөнгө эргээд ямар үр өгөөж өгөх хөрөнгө оруултад явж байна вэ гэдэгт л онцгой анхаарах ёстой.

-Эдгээр 14 мега төслөөс эрэмбэлээд үзвэл хамгийн эхэнд хэрэгжих боломжтой нь юу байна вэ?

-Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төсөл байгаа юм. Энэ төсөл Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Үйлдвэр технологийн паркийн хүрээнд хийгдэнэ гээд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан. Тиймээс Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах, түүнийг дагасан Металлург, химийн үйлдвэрийн цогцолбор байгуулах бэлтгэл ажлыг үндсэндээ Эрдэнэт үйлдвэр хангаад явж байна. Үйлдвэр технологийн паркийг нийтдээ 1200 га газарт байгуулж байгаа бөгөөд энэ хүрээнд дэд бүтцийн асуудлыг Эрдэнэт үйлдвэр санхүүжүүлэн шийдвэрлэж байгаа. Энд тусгай хамгаалалтын бүсийг тогтоогоод хашаажуулах ажил бараг дууссан. Эрчим хүч, авто болон төмөр зам, усан хангамж, ариутгах татуургын гэсэн дөрвөн дэд бүтцийн асуудал болон хашаажуулах ажилд нийтдээ 68 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байгаа. Үүний хамгийн том хөрөнгө оруулалт нь эрчим хүчний дэд бүтцэд 46 сая ам.доллар зарцуулагдана. Эрчим хүчнээс бусад бүх төслүүдийн ажил нь тендер шалгаруулалт зарлагдаад гүйцэтгэгч тал ажлаа эхлээд 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй явж байна. Харин эрчим хүчний төслийн зураг төсөв сая хийгдээд дууссан. Одоо тендер шалгаруулалт нь хийгдэх гэж байна.

-Тэгэхээр хажууд нь тусдаа цахилгаан станц баригдах юм уу?

-Цахилгаан станц гэж ойлгож болохгүй. Дэд станцууд орж ирнэ гэсэн үг. Үндсэн техникийн нөхцөл бол Бөөрөлжүүтийн цахилгаан станцаас олгогдсон байгаа. Саяхан Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний 150 мегаватт ашиглалтад орчихлоо гэдэг нь бидэнд эрчим хүчний боломж нээгдэж байгаа хэрэг. Ер нь бид энэ 14 том төслийг хэрэгжүүлэхийн тулд дэд бүтцийн асуудал нь шийдэгдэж байж явагдах учиртай.

-Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр эцсийн байдлаар хэзээ ашиглалтад орох вэ. Хүчин чадал ямар байх вэ?

-Тус үйлдвэр 2027 оны 12 дугаар сар гэхэд ашиглалтад орно гэж тооцож байгаа. Одоо ТЭЗҮ бүрэн боловсруулагдаж дууссан. Холбогдох тусгай зөвшөөрлүүд, бүх зүйлээ авчихсан. Ганц хийгдэх ажил үлдсэн нь нарийвчилсан зураг төсөл. Энэ үйлдвэрийг бид их олон жил ярьж байгаа. Бараг сүүлийн 30 жил ярьж байгаа гэж хэлж болно. Гэвч энэ хугацаанд яагаад яваагүй вэ гэхээр тулгамдсан хоёр асуудал л байсан.

-Тэр нь юу вэ?

-Нэгдүгээрт, бид дэд бүтцийн асуудлаа шийдэхгүйгээр томоохон үйлдвэрийн төсөл ярьдаг байсан. Одоо бол Эрдэнэт үйлдвэр дэд бүтцийг нь урьдчилан шийдчихлээ. Энэ 1200 га газрын 200 га-д нь л Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр болон түүний хүрээнд хийгдэх Металлург, химийн үйлдвэр баригдана. Үлдсэн 1000 га-д энэ үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнийг ашиглаад жижиг дунд үйлдвэр, бусад үйлдвэрүүд хөгжих боломжийг нь хувийн хэвшилд олгож өгч байгаа юм. Хоёрдугаарт, технологийн асуудал тулгарч байсан. Анх 1980-аад онд энэ үйлдвэрийн анхны ТЭЗҮ-ийг хийж байсан юм. Үүгээр бол Хөвсгөлийн Бүрэнхааны фосфоритын ордыг ашиглаад фосфорын баяжмал гаргаж, зэсийн баяжмалаа хайлуулах явцад ялгарах хүхэрлэг хийтэйгээ хольж фосфорын бордоо үйлдвэрлэнэ. Нөгөө талдаа шингэн хүхэр буюу хүхрийн хүчил үйлдвэрлэнэ гэж ТЭЗҮ нь гарсан байсан. Тэр үед Ц.Балдорж агсан “Далай ээж цаазын тавцанд” гэсэн нийтлэл бичиж, энэ төсөл үндсэндээ зогссон юм билээ. Харин 2020, 2021 оны үед Эрдэнэт үйлдвэрийн хамт олон энэ үйлдвэрийн ТЭЗҮ-ийг шинэчилж Бүрэнхааны орд Далай ээжтэй холбоотой биш байна, үүнийг ашиглая гэдэг саналаа Засгийн газарт танилцуулсан ч зөвшөөрөөгүй. Тийм учраас дараагийн технологийн гарцыг хайж эхэлсэн. Ингээд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид, инженерүүд, гадны эрдэмтэд судлаачидтай, Хятадын INFI групптэй хамтран судалгааны ажлууд хийсэн. Дэлхий дахинд хүхэрлэг хийг саармагжуулахдаа байгалийн хий ашиглан элементийн хүхэр үйлдвэрлэдэг технологи байдаг. Манай улс байгалийн хий байхгүй учраас энэ процесст ашиглах байгалийн хийг нүүрсний хийгээр орлуулах судалгааны ажлыг бид дэлхийд анх удаа хийсэн. Шарын голын нүүрсээр лабораторийн болон үйлдвэрлэлийн туршилт явуулсан. Үйлдвэрлэлийн туршилт амжилттай болж, 99.5 хувийн чанартай элементийн хүхэр үйлдвэрлэлээ, хүхэр барилт 97 хувьтай байна гэсэн урьдчилсан мэдээ ирсэн. Удахгүй энэ дүн баталгаажаад ирнэ. Тэгэхээр үндсэндээ бид технологийн хувьд шийдлээ олчихлоо гэсэн үг. Элементийн хүхэр нь манай улсын хувьд экспортын чухал бүтээгдэхүүний нэг. Эрдэнэт үйлдвэр жилдээ 600 мянган тонн зэсийн баяжмал гаргаж байгаа. Үүнийгээ хайлуулаад болосруулахад 130 орчим мянган тонн цэвэр зэс гаргах боломжтой. Үйлдвэр технологийн парк бүтнээрээ ашиглалтад орсноор 1500 орчим, хайлуулах үйлдвэр дээр 800-гаад ажлын байр нэмэгдэж, эдийн засгийн өсөлтийг найман хувиар тэлнэ гэж тооцож байгаа. Нийтдээ 300-гаад сая ам.доллараар гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх боломжтой төсөл байгаа юм. Тиймээс энэ үйлдвэрийг нэн яаралтай ашиглалтад оруулах нь эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх том боломж.

-Та түрүүн яриандаа ирэх оны эдийн засгийн өсөлтийг найман хувь байхаар төсөөлж байгааг хэлсэн. Ингэж төсөөлөхийн гол үндсэн нөхцөл, шалтгаан юу вэ?

-Гадаад зах зээлд гарч байгаа гол бүтээгдэхүүн бол үндсэндээ нүүрс, зэс байгааг түрүүнд хэлсэн. Тэгэхээр ирэх жилүүдэд хэрэгжүүлэх төслүүд дээр нүүрсээ коксжуулж, нэмүү өртөг шингэсэн үнэлэмж өндөртэй бүтээгдэхүүн экспортлохоор төлөвлөж буй. Хэдийгээр нүүрсний үнэ унаж байгаа ч гэсэн тоо, хэмжээнийхээ өсөлтөөр бид экспортынхоо орлогыг нэмэгдүүлээд яваад байгаа. Гэсэн ч ирэх жилүүдэд бид зөвхөн нүүрс, зэсээс гадна бусад ашигт малтмалын төрлүүдийн экспортоо нэмэгдүүлж, уул уурхайн салбараас олж байгаа орлогоо солонгоруулах хэрэгтэй. Мөн хөдөө аж ахуйн салбартаа ач холбогдол өгөх ёстой. Энэ оны өвөл хүндэрснээс тус салбарын орлого буурсан.

Харин ирэх оны өвөлжилтийн бэлтгэл байдлаа сайтар хангаад, цаг агаар хүндэрчихгүй бол хөдөө аж ахуйн салбараас өсөлт авч ирнэ гэж тооцож байгаа. 2025 онд уул уурхайн салбарын өсөлтийг 6.7 хувиар тэлнэ гэж тооцож байна. Энэ нь эдийн засгийн өсөлтийг найман хувиар нэмэгдүүлэхэд голлох нөлөө үзүүлэх юм. Ер нь 14 мега төслөөсөө улсын төсөв дээр ачаалал үүсгэхгүй, төр-хувийн хэвшлийн түншлэлээр хийх боломжтой төслүүдийг яаралтай явуулах хэрэгтэй. Ингэхийн тулд хууль, эрх зүйн орчныг сайжруулах ёстой. Өнөөдөр зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийг эхлүүлэхэд тулгамдаж байгаа гол асуудлын нэг бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль. Одоо бид уг төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа өнөөдөр мөрдөж байгаа хуулиар явуулна гэвэл лав ойрын хэдэн жилдээ эцсийн үр дүнг нь үзэж чадахгүй хэмжээнд байна. Тиймээс төрийн худалдан авах ажиллагааны хуулийг оновчлох, томоохон стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалтыг зохицуулдаг эрх зүйн орчноо олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах шаардлагатай гэж харж байгаа.

-Тухайлбал, яг яаж өөрчилбөл болох юм бэ?

-Тухайн салбартаа мэргэшсэн дэлхийн шилдэг аж ахуйн нэгжүүд оюуны өмч, ноу-хаудаа түшиглээд ТЭЗҮ-ийг боловсруулахаас эхлээд зураг төслөө хийх, тухайн бүтээн байгуулалтыг гүйцэтгэх, ажиллах хүчнийг сургаж бэлтгэх зэргээр түлхүүр гардуулах нөхцөлөөр ажлыг хийдэг жишиг байна. Өнөөдөр бидний мөрдөж буй хуулиар зураг төслөө нэг газраар хийлгэсэн бол гүйцэтгэгч нь заавал өөр газар байх ёстой гэж шаарддаг. Энэ мэтчилэн хоорондоо болон олон улсын жишигт нийцэхгүй байгаа зүйл олон байна.

-Эдийн засаг харьцангуй сэргэж байна гэж байгаа ч иргэдийн худалдан авах чадвар муудсан. Бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн, иргэд, аж ахуйн нэгжид татварын хүндрэл байна гэдэг шүүмжлэлийг олон нийт хэлж байна. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Эдийн засгийн өсөлт өрх бүрд яаж орох вэ гэдэг асуудал байгаа юм. Өнөөдөр хэдийгээр эдийн засаг өсөлттэй, нийт өсөлтийн хувиар харах юм бол дэлхийд дээгүүр тооцогдож байна гэж байгаа ч амьдрал ахуй хүнд байна уу гэвэл байна. Энэ юунаас хамаарч байна гэхээр бид инфляцийг импортлоод байгаа улс байхгүй юу. Тиймээс би Худалдааны хуультай болох ёстой гэж боддог. Ийм хуульгүйгээсээ болоод давхар татвараар өртөг нэмэгдэх эрсдлүүдийг бий болгоод байна. Дээрээс нь бид гаднаас оруулж ирдэг валютын урсгалаа нэмэгдүүлж, гадагшаа гаргадаг урсгалаа багасгаж байж л иргэдийн амьдралд эдийн засгийн өсөлт нөлөөлнө. Цалин тэтгэвэр хэчнээн нэмээд ч үр дүн багатай байна. Өөрөөр хэлбэл, бид үйлдвэрлэгч улс болох хэрэгтэй. Энгийн өргөн хэрэглээний бараагаа, хүнсээ өөрсдөө үйлдвэрлэж, хэрэглээгээ хангадаг болох хэрэгтэй байгаа юм.

-Худалдааны хуулийг санаачилж өргөн барих уу?

-Үүнийг бусад гишүүдтэйгээ ярьж, судалж байна. Ер нь Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байх хугацаандаа энэ хуулийн хэрэгцээ шаардлагыг илүү их мэдэрсэн. Тийм учраас үүнийг тал, талаас нь судлаад гишүүдтэйгээ хамтран өргөн барина гэж бодож байна. Гэхдээ үүнээс өмнө бид Боомтынхоо хуулийг эцэслэн гаргах ёстой.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардын нам УИХ-ын суудал горилогчдоо эхлээд аймаг, дүүргийн даргад тавьдаг увайгүй аргатай боллоо DNN.mn

Монгол ардын нам 2016 оноос хойш завсаргүй төрийн эрхийг барьж байна. Үндсэндээ одоо байгаа бүрэн эрхийнхээ хугацааг дуусгана гэж үзвэл сүүлийн 12 жил энэ нам төрийн эрхийг барих нь тодорхой гэсэн үг. Энэ олон жил эрх барих хугацаандаа Ардын нам хэнийг гишүүн болгох вэ, хэнийг аймаг, дүүргийн дарга болгох вэ гэдгээ эртнээс тохирдог болж. Тэр тусмаа УИХ-д суудал горилогчдоо эхлээд аймаг, дүүргийн Засаг даргаар тавьдаг увайгүй аргатай болсныг сүүлийн гурван ч удаагийн сонгуулийн дүр зургаас тодорхой харж болохоор байна. Тухайлбал, хуучин 76 гишүүнтэй парламентын үе буюу 2020 оны сонгуулийг эргэн саная. Ардын нам 76 суудлаас 62-ыг нь авч хоёр дахь удаагаа үнэмлэхүй олонх болсон. Магадгүй уг намын сонгууль болгоноор олонх болж ялаад байгаа шалтгаан, нууц нь ч энэ байж мэднэ.

Юу гэхээр УИХ-д гарч ирсэн 62 хүний ихэнх нь өмнө нь аймаг, дүүргийн Засаг даргаар тавигдсан улстөрчид байгаа юм. Жишээ нь, Ё.Баатарбилэг Архангайн Засаг дарга байж байгаад УИХ-д сонгогдсон. Мөн Багануураас Ц.Сандаг-Очир, Орхоноос Д.Батлут, Өвөрхангайгаас Д.Тогтохсүрэн, Өмнөговиос Н.Наранбаатар, Дорно-говиос Т.Энхтүвшин, Төв аймгаас Ж.Батжаргал гэх мэт аймгийн Засаг даргаар ажиллаж байсан олон хүн 2020 оны сонгуулиар УИХ-д гарч ирсэн. Дараа нь 2024 оны сонгуулийн өмнө МАН зарим орон нутгийн удирдлагуудыг босоо удирдлагаар шууд томилож байсан. Орон нутгийн хөгжлийг шинэчлэх, өөрчлөх, дэвшүүлэх зорилгоор биш, 2024 оны УИХ-ын сонгуулиар гишүүн болгон оруулж ирэх зорилгоор тухайн аймаг, дүүргийн Засаг даргаар тавьж байсан нь тодорхой гэмээр. Тухайлбал, “тооноор ордог хүүхэн” гэх тодотголтой Ховдын Засаг дарга Э.Болормаа байна. Дуудах нэрийг эцэг эх, дуурсагдах алдраа өөрөө гэдэг шиг Э.Болормаа гишүүн өнгөрсөн УИХ-ын сонгуулийн сурталчилгааныхаа үеэр тооноор орж, ард түмнийг гайхшируулснаар өөртөө дээрх нэрийг олж авсан. Сонгууль болохоос хоёр жилийн өмнө буюу 2022 онд Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн ажлыг удаашруулсан гэх шалтгаанаар Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг үүрэгт ажлаас нь чөлөөлж оронд нь Э.Болормааг тавьж байсан. Угтаа Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл одоо ч эхлээгүй л явна.

Энэ ажлыг хурдасгах гол үүргийг Э.Болормаад өгч Ховдын Засаг болгосон ч гол үүргээ биелүүлсэн эсэх нь мэдэгдэхгүй байсаар саяны сонгуулиар гишүүн болчих жишээтэй. Гол учир нь станцын ажлыг хурдасгахдаа биш, 2024 оны сонгуульд Э.Болормаа УИХ-д орж ирэх нь чухал байсан мэт. МАН-ын УИХ-д олонх болох увайгүй арга нь энэ. Энэ намд орон нутгийн хөгжил, бодлого түйч хамаагүй. Харин хаана, хэнийг намаасаа тавьбал УИХ-ын сонгуулиар намдаа нэг суудал чирээд ирэх вэ гэдгээ л гол зорилгоо болгосоор ирлээ. МАН-аас тавьдаг Э.Болормаа шиг Засаг асангууд өнөөгийн 126 гишүүнтэй парламентад олон бий. Ардын нам уг аргаа 2028 оны сонгуулиар ч хэрэглэнэ. Хэрэглээд ч эхэлчихсэн. Саяхан орон нутгийн сонгууль явагдаж дууслаа. Өнгөрсөн долоо хоногоос эхлээд аймаг, дүүрэг, сум, хороодын Засаг дарга нар томилогдож байна.

Үүнээс аймаг, дүүрэгт тавигдаж байгаа МАН-ын дарга нарыг хараарай. Энэ хүмүүс 2028 оны сонгуулиар зоолттой УИХ-ын гишүүн гээд л гараад ирнэ. Тухайн аймаг, дүүрэгт гоё, сайхан бүтээн байгуулалт, өрнүүн их ажлыг эхлүүлнэ гэж сонгогчдод амласан байх. Гэхдээ тэдний зорилго орон нутгийг хөгжүүлэх биш шүү. Тэдний гол том зорилго нь 2028 оны сонгуулиар УИХ-д орж ирэх. Засаг дарга нар УИХ-д орж ирж байгааг гаднаас нь өнгөц харвал тухайн аймаг, дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан буюу амьдрал мэддэг улстөрчид УИХ-д ялаад байгаа мэт боловч үнэндээ энэ бол Ардын намын дөрвөн жил тутам явуулж ирсэн улс төрийн увайгүй арга байсныг хэрсүү хүмүүс хэдийнэ таньж. Таних ч юу байх вэ. Орон нутгийн иргэдийн саналыг авч гарч ирсэн хүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусаагүй байхад төв намаас нь татдаг, сольдог. Эсвэл эхнээс нь горилогчдыг тавьдаг байдлаас болоод тухайн орон нутгийн хөгжил дөрвөн жилийн циклиэр дээшлэх байтал шаасан гадас шиг нам зогсож байна. Орон нутгаас Говь-Алтай, Архангай, Өвөрхангай, Дорнод, Говьсүмбэр, Дундговь, нийслэлээс Чингэлтэй, Сонгинохайрхан, Багануур, Багахангай гээд хөгжил нь явдаггүй, урагшилдаггүй, хуучин байшин, зам, талбайгаа шинэ будгаар будаад л төсөв нь таардаг болцгоосон газрууд олон.

Эдийн засгаараа, иргэдийнхээ амьжиргаагаараа, үйлдвэрлэл, бүтээн байгуулалтаараа өрсөлдөж байгаа цөөнгүй аймаг бий. Өмнөговь, Сүхбаатар, Увс, Орхон, Дархан, Сэлэнгэ гэх мэт. Яагаад энэ хэдэн аймгийн эдийн засаг дөрвөн жил тутам үсрэнгүй хөгжөөд, зарим нь таг зогсчихоод байна вэ. Нөгөө л МАН-ын явуулж байгаа дарга тавьдаг схемээс л болоод байгаа хэрэг. Товчхондоо УИХ-д орж ирэх гишгүүр нь орон нутаг учраас л тухайн аймаг, дүүргийн хөгжил зогсчихоод байна. Үүнийгээ болих хэрэгтэй. Орон нутгийн хөгжил иргэдийнх нь залхуу, арчаагүйгээс болоод зогсчихоогүй. Эсрэгээрээ сэтгэлгүй, орон нутгаа мэддэггүй, хөгжүүлэх дунд, урт хугацааны төлөвлөгөөгүй дарга, удирдлагуудаас нь болж сөнөж байгаа гэдгийг МАН-ын явуулж байгаа увайгүй аргаас тодорхой харагдахаар. Үнэндээ намын даалгавраар очсон улстөрч аймаг, орон нутгийн хөгжилд санаа зовно гэж байх уу. Тэдний гол санаа зовох ажил бол тухайн орон нутгийн иргэдийн тархийг угааж, яаж ирэх сонгуулиар УИХ-д суух вэ, энэ орон нутгийн иргэдийн саналыг яаж өөртөө татах вэ гэдгээ л бодно биз. Энэ зорилгодоо хүрэхийн тулд тэнд очсон Засаг дарга дөрвөн жилийн хугацаанд ажил хийх биш, ажил хийсэн мэт дүр үзүүлэн жүжиглэнэ. Хэн нь сайн жүжиг тоглоно тэр хүн УИХ-ын сонгуулиар хамгийн өндөр санал авна. Иймээс л орон нутгийн хөгжил гацдаг, иргэдийнх нь амь, амьжиргаа доошилдог. Эдийн засаг нь өсөхгүй болохоор үйлдвэрлэл нэмэгдэхгүй байна. Үйлдвэрлэл нэмэгдэхгүй болохоор ажлын байр бий болохгүй. Ажлын байргүй бол иргэд нь мэдээж орлогогүй. Орлогогүй, ажилгүй иргэд ажилтай, орлоготой газрыг л зорих нь тодорхой. Орон нутаг хүнгүйдлээ, хүн ам зүйн бодлого алдагдсан учраас хөгжил нь зогслоо гэдэг. Тэгвэл шалтгаан нь МАН-ын явуулж байгаа увайгүй бодлогоос л болоод байгаа юм биш үү. Тэгэхээр орон нутгийг хөгжүүлэх, хөдөөгийн сэргэлт, хөгжлийн бодлого гэж том, том хөтөлбөр, өндөр өртөгтэй төсөл санаачилж байхаар өөрсдийнхөө явуулж байгаа алдаатай, нийгэмд хохиролтой бодлогоо зогсоо, Ардын намынхан. Үүнийгээ зогсоогоод орон нутгийн удирдлага хэн байх тэр эрх чөлөөг нь орон нутагт нь үлдээ.

Адаглаад аймгийн Засаг даргаар хоёр удаа ажиллачихсан хүнийг, эсвэл тухайн орон нутагт ямар шинэ бодлого, өөрчлөлт бий болгосон байдлаар нь үнэлээд, иргэдийнх нь саналыг тусгаж байгаад УИХ-д дэвшүүлэх эсэхээ шийдэж болохгүй юу. Нөгөөтэйгүүр тухайн аймаг, дүүргийн иргэд сонгуулийн өмнө очсон улстөрчдөд саналаа битгий өг. Тэгж байж л орон нутаг чинь, аймаг, дүүрэг чинь хөгжих юм биш үү.

Р.БАТБОЛД

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Орос, Украин, НҮБ, Европ ба Хятад” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт  Улсын Их хурлын гишүүн Б.Пунсалмаатай ярилцлаа. Тэрбээр”Улсын төсвийн дийлэнх нь халамжид зарцуулагдаж байна” хэмээв.

Архангай аймагт гарсан ноцтой ослын талаар эх сурвалжууд ингэж мэдээллээ

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Орос, Украин, НҮБ, Европ ба Хятад” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

РЕДАКЦИЙН БУУХИА: Шижигнэсэн залуустай хамт олны дунд өнгөрүүлсэн хугас өдөр

Дэлхийн мэдээ: Тусламжийн шинэ багцуудыг зарлав

Арын нүүр: Хов живээр хоолоо олдог цаг болж дээ


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

 

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

 

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

 

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

 

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

 

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

 

 

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Г.Батзориг: Манайх парламентын засаглалтай болохоор л дампуурлаа зарлачихгүй явж байна DNN.mn

Эдийн засагч Г.Батзоригтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-УИХ Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Төсвийн төсөлд эдийн засгийн өсөлтийг найман хувьд хүргэж, энэхүү өсөлтөөр ДНБ-ийг 95 их наяд төгрөгт хүргэнэ гэж тооцоолсон. Эдийн засгийн 8 хувийн өсөлт хэр бодитой вэ. Эндээс хоёулаа ярилцъя?

-Олон улсын байгууллагуудын таамаглал бол 5-6 хувь. Түүнээс хоёр нэгж хувиар өндөр байна гэж Сангийн яам таамагласан. Дотоодын нийт бүтээгдэхүүнийг өндөр өсөлттэй гаргадаг нь Төсвийн алдагдал, ДНБ-ий харьцааг бага харагдуулахын тулд юм. Улмаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульдаа нийцүүлж байгаа нь тэр. Түүнээс биш бодит нөхцөл байдал дээр олон улсын байгууллагууд болон дотоодын судалгааны байгууллагуудын таамаглалаар эдийн засгийн өсөлт зургаа орчим хувьтай байна гээд гарсан байна. Эдийн засгийн өсөлтийг түрэх гол хүчин зүйл бол нүүрс, зэс зэрэг голлох түүхий эдийн экспорт, үнэ шүү дээ. Гэтэл нүүрсний үнэ 30, 40 хувиар уначихсан. Ийм нөхцөл байдалтай үед эдийн засгийн өсөлт найман хувьтай байна гэдэг ямар ч боломжгүй харагдаж байна.

-Ирэх оны эдийн засгийн голлох өсөлтийг уул уурхайн салбарын экспортын хэмжээтэй уялдуулсан. Харамсалтай нь, нүүрсний үнэ огцом бууралттай, сүүлийн гурван сард нүүрснээс орж ирэх орлого удааширсан мэдээлэлтэй байна. Энэ нь биржийн үйл ажиллагаатай холбоотой байна уу, эсвэл гэрээний нөхцөл нөлөөлж байна уу. Энэ талаар юу хэлэх вэ?

-Эдийн засгийн өсөлтийг сая хэлсэнчлэн нүүрснээс шалтгаалж өндөр тооцсон байна. Нэгдүгээрт, нүүрсний үнэ өмнө хэлсэнчлэн 30-40 хувь уначихсан байна. Саяхан Хонгконгод Хятадын эдийн засгийн талаарх дэлхийн олон улсын байгууллагуудын мэргэжилтнүүд цугласан конференц болсон. Үүн дээр Хятадын гол эрсдэл хаана байна вэ гэхээр үл хөдлөхийн салбартаа байна. Энэхүү салбар өөрөө нэлээн эрсдэлтэй байна. Үл хөдлөхийн салбарынх нь бараг 50 хувь гангийн хэрэглээ. Коксжих нүүрсний эрэлт өндөр байх уу гэхээр үгүй байна. Сүүлийн хоёр жил нэлээн “үүлэн чөлөөний нар” шиг жилүүд байлаа. Нэгдүгээрт, Хятад, Монгол Улс төрийн хувьд асуудалтай байсангүй. Хоёрдугаарт, Хятадын дотоодын үйлдвэрүүдэд үйлдвэрлэлийн осол их гарсантай холбоотойгоор хяналт шалгалтууд өнгөрсөн жил үргэлжилсэн. Үүнтэй холбоотойгоор нүүрс авах сонирхол өндөр байсан болов уу.

Гуравдугаарт, Хятад 13 дахь таван жилийн төлөвлөгөөнд нүүрснээс хурдтай татгалзах, нүүрсхүчлийн хийн ялгаралтыг багасгах төлөвлөгөөнүүд орчихлоо. Энд одооноос бэлдээд явахаар Хятадын гангийн үйлдвэрүүдийн хувьд нөөц багатай учраас сүүлийн хоёр жил Монголоос ахиухан авсан юм болов уу гэсэн таамаглал бий. Тийм учраас долоо, наймдугаар сараас эхлээд бодит байдал руу ороод, Хятадын ченжүүд бараг нүүрс авахгүй байна.

-Нүүрс авахгүй байгаа шалтгаан юунд байна вэ?

Нүүрсний үнэ 3040 хувиар унасан учраас цаашаа зарахад бараг ашиг байхгүй. Нэлээн хямд үнээр авбал авна, авахгүй бол овоолго үүснэ гэсэн эрсдэлтэй нөхцөл байдал руу орчихлоо. Манай төсвийн орлого нүүрснээс илүү хамааралтай. Тэр үүднээс харвал, ирэх жилийн нүүрсний тоо хэмжээ ч тэр, үнэ ч тэр тийм тааламжтай биш байна гэж хэлэх байна.

-Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд эдийн засгийг тэлэх 14 мега төсөл хэрэгжүүлэхээ зарласан. 14 мега төсөл нэрийн дор “мөнгө угаах” нь гэсэн байр суурьтай гишүүд цөөнгүй бий. Сангийн сайд жил жилийнхээ төлөвлөгөө, төсвийн боломж, төлөвлөлтөд нийцүүлж мега төслүүдийг хэрэгжүүлнэ гэж хэлсэн. Эрсдэл хэр бий гэж та бодож байна вэ. Дээрх төслүүд бүгд хэрэгжих боломжтой болов уу, эсвэл цаасан дээр үлдчих юм болов уу?

-Эдийн засагт мега төслүүдийн хэрэгцээ шаардлага маш өндөр байдаг. Мега төслүүд эдийн засгийн өсөлтийг дэмждэг гэсэн олон улсын судалгаа ч байдаг. Үүнийг харуулсан улс орны туршлагууд ч бий. Жишээ нь, Монгол Улсад “Эрдэнэс Таван толгой”, Оюу толгой гэсэн хоёр төсөлтэй холбоотойгоор эдийн засаг 20092016 оны хооронд хоёр дахин тэлсэн. 2017 оноос хойш мега төсөл хэрэгжээгүй учраас эдийн засаг огцом тэлэлтгүй, аажмаар өссөн. Гэхдээ энэ мега төслүүд бидний идэж буй “бялуу”-ны хэмжээг томруулдаг уу гэвэл томруулж чаддаг. Гэхдээ тэр бялууг хэн, яаж, хэдэн хувиар хуваах вэ гэдэг өөрөө хамгийн том асуудал нь байхгүй юу. Өнгөрсөн хугацаанд “бялуу” хуваалтаа шударга бусаар хийж байгаа нь эргээд мега төсөл дээр идээд уучих вий дээ гэсэн айдас бий болгож байна. Энд “нүүрсний хулгай”-г дурдаж болж байна. Нэмээд Хөгжлийн банкны хулгайг дурдаж болж байна. Энэ мэт олон кейс бидэнд бий. Оюу толгой, Дубайн гэрээ гээд, дундуураа асуудал өндөртэй. Мега төслүүд зөв үү зөв, хэрэгжүүлэх нь зөв үү зөв. Гагцхүү “бялуу”ны хэмжээгээ томруулахдаа эргээд хуваарилалтаа яаж хийх вэ гэдэг нь чухал байна.

-Хоёрдугаарт?

-Санхүүжилт олчихлоо гэхэд яг санхүүжилтийнхээ дагуу мега төслүүдээ хийх үү гэдэг асуудал байна. Яагаад гэхээр Хөгжлийн банк 888 төсөл гээд, дөрвөн тэрбум ам.доллар эдийн засагт татаж авчраад, бүгдийг нь үрэн таран хийчихсэн шүү дээ. Тэгэхээр яг төсөлдөө зарцуулагдаад явах уу гэдэг айдас бас байна. Энэ айдсыг давж чадах уу гэдэг хоёр дахь асуудал байна. Гуравдугаарт, мега төсөл хэрэгжээд болчихлоо гэхэд эргээд төсвийн хуваарилалтууд, мега төслийн үр ашиг нь хэр байх вэ гэдгийг бид хэмжиж үзэх ёстой гэж бодож байна. Наад зах нь бидэнд Тавантолгойн цахилгаан станц яаралтай хэрэгтэй байна. Одоо ТЭЦ-V гээд байнга яригдаж байна. Улаанбаатар хөлдлөө гэж хэдэн жилийн турш яриад, одоо тогны хязгаарлалтад орчихсон явж байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, цаашлаад төмөр зам гээд, бидэнд асар их хэрэгтэй байдаг дэд бүтэц нь эргээд улс төр, бизнесийн бүлэглэлийн ашиг сонирхлын улмаас хэнд ч хэрэггүй болоод хувирчих вий дээ гэсэн эрсдэлүүд байгаад байна. Тэгэхээр өмнөх хугацааны эрсдэлүүдээ яаж хаах вэ гэдэг чухал байна.

-2025 оны төсвийн төсөлд эрчим хүчний есөн төсөл тусгагдсаны найм нь дулааны шугам сүлжээ, нэг нь Налайхын Дулааны цахилгаан станыг 180 мВт-аар өргөтгөх төсөл. Цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийн хүчин чадлыг 1 мВт-аар нэмэгдүүлэх төсөл тусгагдаагүйд гишүүд шүүмжлэлтэй хандаж байна. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Олон улсад эрчим хүчний үнэ нэмэхдээ юу юу анхаарах, юу бэлэн байлгах ёстой вэ гэдэг судалгаанууд байдаг. Ер нь эрчим хүчний гэлтгүй реформ хийнэ гэдэг нь өөрөө гашуун эм уухтай адил хүн болгонд таалагддаггүй хэцүү зүйл. Олон нийтийн эсэргүүцэл дагуулдаг, үр дүн нь тав, арван жилийн дараа гардаг учраас богино хугацаанд маш их эсэргүүцэлтэй тулгардаг. Олон нийтэд таалагдана гэж угаасаа байхгүй.

-Эрчим хүчний реформ хийхдээ юуг анхаардаг вэ?

-Нэгдүгээрт, эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит компаниуд хувьчлагдах ёстой. Хоёрдугаарт, хувийн болсныхоо дараа сонгон шалгаруулалт, ажлын байр, тендер бүх зүйлээ нээлттэй зарладаг байх хэрэгтэй. Ямар нэгэн нөлөөнд орохгүй байх ёстой. Ингэж байж компанийн үр ашиг нэмэгдэж, зардал нь хумигдаж, нөгөө компани бодитоор ямар алдагдал хүлээгээд байгаа нь тодорхой болно. Тэр алдагдлынх нь дараа зах зээлийнхээ үнийг тогтоож эхэлдэг буюу эргээд зах зээлийн алдагдалтай байдлаас ашигтай нөхцөл байдал руу шилжих хөшүүрэг бий болно. Олон улсад засаглалын болоод хувьчлалын эдгээр хүчин зүйлсүүдийг хангасны дараа эрчим хүчний реформ гэдэг зүйлийг хийдэг. Түүнээс биш шууд цахилгаан эрчим хүчний үнийг тэдэн хувиар нэмлээ гээд, цаана нь хэдэн төрийн өмчит компаниуд нь хэдэн төгрөгөөр зардлаа хийгээд, ямар ч үр ашиггүй ажиллаж байгааг бид мэдэхгүй, харанхуйгаар явж болохгүй.

-Цахилгааны үнийг 64 хувь, дулааны үнийг 28 хувиар нэмэгдүүлэхээр оруулж ирсэн. Энэ нь бодитоор хэрэгжвэл зээлээс зээл, өрөөс өрийн хооронд амьдарч буй иргэд сөхрөх байх л даа. Бодит тооцоо судалгаа хийсэн байдаг юм болов уу?

-Мэдээж төрийн зүгээс тодорхой судалгаа шинжилгээнүүд хийсэн байх. Гэхдээ олон улсад реформыг ийм дэс дараалалтай явуулдгийг бид ойлгох хэрэгтэй. Ялангуяа өвлийн улиралд дулаан хэрэглээ өндөр, иргэдийн амьжиргаа хүнд хэцүү байгаа үед шууд өөрчлөлт хийнэ гэдэг нөгөө талдаа нийгэмд үзүүлэх нөлөөллийн хувьд нэлээн сөрөг байх магадлалтай.

-Та Монгол Улсын өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдлыг юутай зүйрлэх вэ. Төрийн удирдлагууд эдийн засаг өсөөд байна гэж буй боловч бодит амьдрал дээр өлсөж буй олон монгол хүн байна. Бид хаашаа явж байна вэ? Эдийн засаг элгээрээ хэвтчих вий гэсэн болгоомжлол хэн хүнд төрж байна…?

-Ер нь “хаост” орчихлоо гэж дүгнэж байна. “Хаосын онол” гэж байдаг. Ямар нэгэн зүйл урьдчилан таамаглах боломжгүй, эмх замбараагүй, ямар ч эмх цэгцгүй нөхцөл байдалд орчихоор ирээдүйг нь таамаглах ямар ч боломжгүй болчихдог. Бүр дампуураад алга болох уу, энэ урсгалаараа дордсоор байх уу гэдэг нь ойлгомжгүй, маш тодорхой бус байдалтай болчихдог. Эргээд төрийн бодлого шийдвэр, зарчим, эдийн засгийн бодлого, бүх юм тодорхой бус болчихоор аж ахуйн нэгжүүдийнх нь бизнес төлөвлөгөө, борлуулалт, ашгаа яаж нэмэгдүүлэх гэж байгаа нь тодорхой бус болно. Тэнд ажиллаж байгаа ажилчдын амьдрал, карьераа яаж авч явах вэ, ямар нийгэмд амьдрах гэж байгаа вэ гэдэг нь тодорхой бус болохоор эргэлзээнүүд ихээр үүснэ. Тэгэхээр суурь хүчин зүйлийг харахад, яг энэ “хаос” шиг болчихсон байна. Бүх юм нь ямар ч эмх замбараагүй, хаашаа хэн юу хийгээд, юу яриад яваа нь ямар ч ойлгомжгүй, ер нь дампуурах гэж байгаа улсуудад илэрдэг бүх шинж тэмдэг манай дээр илэрчихсэн байна. Ганц ялгаатай шинж тэмдэг бий.

-Тэр нь юу вэ?

-Ардчилсан парламентын засаглалтай байгаа явдал. Венесуэл, ШриЛанка зэрэг улсууд валютын нөөцийн хямралд орох, экспортын бүтээгдэхүүнээс хамааралтай байх, төр нь авлигад идэгдсэн, төсвийн зардал нь хэтэрсэн, валютын нөөц нь бага, ханш нь байнга унадаг гээд манайхтай бүгд ижилхэн шинж тэмдэгтэй явж байна. Манайх гагцхүү парламентын засаглалтай учраас хэтэрхий нэг хүн дээр эрх мэдэл төвлөрөхгүйгээр яваад байдаг тулдаа дампуурлаа зарлачихгүйхэн шиг “санжганаад” яваад байна л даа. Түүнээс энэ улс орны цаашдаа ямар хөгжлийн стратеги барих вэ, нөхцөл байдал нь ямар байна вэ, цаашдаа яаж хөгжих вэ гэдэг зүйлүүд бүгд тодорхой биш байна. Ер нь хүн ам маш цөөтэй, хүний нөөцийн хямралд орчихсон. Хөгжлийн гол зүйл чинь санхүүгийн төв. Гэвч тэр нь байхгүй. Цахилгаан эрчим хүчний төв, зам дэд бүтцийн төв байхгүй. Хүний нөөц байхгүй гээд бодохоор маш хэцүү болчихож байгаа юм. Бид эдийн засгийн суурь баялаг хүн юм шүү, хүн нь өөрөө эрүүл капитал, боловсролтой байж цаашдаа сууриараа засагдах юм байна гэдэг концепц рүү л орох ёстой. Эрүүл боловсролтой хүн байхад бүтээмж нэмэгдэж, энэ улс зөв чиглэл рүүгээ явна. “Толгойгоо зарж” гадагшаа экспорт хийх, нүүрснээс гадна өөр валют орж, тодорхой хэмжээгээр зарлага гарч байж энэ улс цаашдаа оршин тогтнох боломжтой болно. Ингэж л ерөнхий дүр зургаар нь хэлж чадахаас биш одоо бол “хауос” шиг л байна гэж хэлэхээр байна.

-Жилээс жилд төсвийн зарлагын тэлэлтийг дагаад төсвийн ерөнхийлөн захирагч нарын зарцуулах мөнгө өсөж байна. Ямар ч хяналт байдаггүй. Өнгөрсөн оны төсөв мөнгийг юунд зарцуулав гэдэгт үнэлэлт дүгнэлт өгөх хэрэгтэйг эдийн засагчид хэлдэг. Та санал нэг байна уу?

-Төсвийн ерөнхийлөн захирагч нарын зарцуулалт гэдэг дээр ёстой нохой хуцаж байгаа юм шиг л, хэнийг ч тоохгүй шүү дээ. Яагаад вэ гэвэл, улс төрийн нам, засаглал давамгай байдалтай байна. Сөрөг хүчнүүд нь тэрэнтэйгээ нэгдчихсэн. Сонгуулийн тогтолцоогоор энийг хяная, барья гээд иргэд нь сонголтоо хийхээр эргээд нөгөөдүүл нь нийлчихдэг ийм утгагүй тогтолцоо руу орчихсон. Сүүлийн арван жил энэ талаар ярьж байна. Сүүлдээ бүр ярихаас ч бүр залхмаар санагдаж байна. Угаасаа улс төр, эдийн засгийн онолоор бодвол, саяны нөхцөл байдалд хэт орчихвол цаашаа нэг нам, бүр цаашлаад нэг хүний дарангуйлал руу чиглэх эрсдэлтэй. Тэгэхээр нэг хүний дарангуйлал руу чиглэчихвэл нөгөө дампуурсан Венесуэл, ШриЛанка, Аргентин зэрэг олон улс, мөн ОХУыг бид харж байна. Энэ бол сайн зүйл ерөөсөө биш ээ. Бид улам буруу чиглэл рүүгээ яваад байгаагаа ойлгох хэрэгтэй. Буруу чиглэл рүү явж байгаатай холбоотой илэрч байгаа шинж тэмдэг чинь л төсвийн зардлыг хүссэнээрээ нэмэх. Наад зах нь, аймгуудад хуваарилж байгаа төсвийг “Атар” талхаар бодоод үзвэл 50 хувь нь Хэнтий аймагт байна. Ингээд бодохоор, энэ зүйлд зарчим алга, ёс зүй, судалгаа, бодлого шинжилгээ алга. Бүх юм хүчээр шийдэгдэж байна. Бүх юм эрх мэдлээр шийдэгдэж байна. Буруу зүг рүүгээ яваад байгаа учраас шинж тэмдэг нь энэ гээд наана нь хэчнээн тоо яриад ч нэмэргүй. Энэ бол системийн засаглалын асуудал, яриад байдаг институцийн асуудал юм аа. Сая Ерөнхийлөгчийг зургаан жил эрх барьдаг болгочихлоо. Хуулиа өөрчлөөд, иймэрхүү байдал руу ороод байвал бид дампуурна.

-УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаригийн нэгдсэн хуралдаан дээр Монголбанкны ерөнхийлөгчийг “асуугаад”, эгээтэй л “дүүжилчихсэнгүй”. Төв банкны үе үеийн ерөнхийлөгч нар өрөвдмөөр, төрийн өмнөөс “боорлуулаад л”, улалзаад л суудаг. Ийм байхад Монголбанкны хараат бус байдал гэж ер нь яриад хэрэг байгаа ч юм уу?

-Монголбанк улстөрчдөөс хараат гэж хэлж болохоор. Үүнийг улс төрийн олон сонгуультай холбоотойгоор валютын ханшийн уналт, өсөлтөөр нэгдүгээрт тайлбарлаж болохоор байна. Наад захын нэг жишээ ярья л даа. Төсвийн зардал огцом өсөөд, валютын 60-70 хувийг хэрэглэчихдэг. Үүний улмаас төгрөг суларч, ам.долларын ханш чангарна. Үүний эсрэг Монголбанкийг ард түмний амьдрал хэцүүдлээ, та нар ингэлээ гэдэг. Нэг талаар өөрсдөө гэмт хэрэг үйлдчихээд, Монголбанкийг буруутгаж байна. Монголбанк ч нөгөө талдаа Олон улсын валютын сангийн болзол, шаардлагыг биелүүлж явахаас өөр аргагүй байдаг юм уу, гадныхан санхүүжилтээ зогсоочихдог ч юм уу. Бид төгрөгийн ханшийг бодитой “чанга” түвшинд байлгах ёстой. Би эдийн засагч хүн. Миний үзсэн онол, сургаал дээр ханшийн стекуляци үүсгэнэ зэрэг зүйлүүд байдаг гээд хүлээн зөвшөөрөөд, ханшаа байн байн суллаад, төгрөгөө суллаад, Монголын ард түмний худалдан авах чадварыг байнга буулгаад байж болохгүй. Бид ямар нэгэн гаргалгаа хайх ёстой. Бид валютын нөөцийг яаж нэмэгдүүлэх вэ, яаж хангалттай түвшинд барих вэ, яаж валютын орлогын олон эх үүсвэртэй болох вэ, яаж төгрөгийн ханшийг ам.долларын эсрэг тогтвортой барихад нөлөөлөх вэ гэдэг дээр бид өөрсдөө санаачилгатай байх хэрэгтэй. Бид одоогийн нүүрсэндээ найдаад, хэн хэн нь нүүрснээс л болоод валютын нөөц буурчихаад байна гээд залхуу тайлбар хэн хэндээ өгөөд явмааргүй байна л даа. Яагаад вэ гэвэл, энэ улсын иргэд бид учраас бид л өөрсдийнхөө төгрөгийг арчлахгүй бол өөр хэн арчлах вэ дээ. Мэдээж ингэж чадаагүйгээс шалтгаалаад олон улсад ханшийг барих үзэгдэл өөрөө илүүтэй валютын нөөцөө шавхаад спекуляци болоод, улам хүнд нөхцөл байдалд хүргэдэг гэдэг ийм дүгнэлтээс айгаад бид юу ч хийхгүй суугаад байж болохгүй л гэж би хэлээд байгаа юм. Ханшийг хүчээр барья гэхээс илүүтэй валютын орлогын олон төрөл бий болгох хэрэгтэй. Наад зах нь алтыг бид дэмжиж, алтны экспортыг маш ихээр хийх ёстой. Ингэж байж валютын томоохон нөөц, орлого бий болох юм. Алт төмөр зам шаардахгүй, онгоц нисгэхэд л болохоор. Ер нь монгол төгрөг тогтвортой байх гол нөхцөл нь алт болчихоод байна шүү дээ. Хоёрдугаарт, янз бүрийн экспортуудаа дэмжих хэрэгтэй байна. Монголбанк гэлтгүй Сангийн яам, Засгийн газрын түвшинд үүнийг эрчимтэйгээр судалж, валютын хангалттай нөөцтэй болж байж улс орон эдийн засгаа аварч, иргэдийн худалдан авах чадварыг хамгаалж авч үлдэнэ. “Нөхцөл байдал ийм л байна, тэгээд яах юм бэ” гээд, хэн хэн рүүгээ муухай хараад суугаад байж болохгүй гэж бодож байна.

Д.ЭРДЭНЭТУЯА

 

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Дүүрэн: Танхимын ерөнхийлөгчийг улс төр дагуулж хүчээр сольж байгаа нь буруу DNN.mn

МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэнтэй ярилцлаа.


-МҮХАҮТ ээлжит бус хурлаа хйихээр товлосон байсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Ирэх сарын сүүлийн долоо хоногт хийхээр болсон.

-Ямар асуудал хэлэлцэх вэ?

-Ерөөсөө ганц л асуудал хэлэлцэнэ. Энэ нь танхимын ерөнхийлөгчийн нөхөн сонгууль юм. Ерөнхийлөгч Д.Энхтүвшин УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар УИХ-ын гишүүн хүн давхар ажил хийж болохгүй гэдэг заалтын хүрээнд ажлаа өгөхөөр болсон. Манайх чинь дүрмээрээ Их хурлаараа энэ асуудлыг шийддэг учраас тодорхой цаг хугацаа хэрэгтэй. Тийм болохоор ирэх сарын сүүлийн долоо хоногт гэж товлосон юм.

-Танхимын ерөнхийлөгч нь нэг намын жагсаалт УИХ-ын гишүүн болсонд зарим хүмүүс таагүй хандлагатай байгаа. Та үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-МҮХАҮТ Удирдах зөвлөлөөрөө энэ асуудлыг шийдсэн. Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засагт хувийн хэвшлийн оруулдаг хувь нэмэр буурсан байна. Дэлхий даяараа өсөх хандлагатай байдаг бол эсрэгээрээ манайд буурсан. Өөрөөр хэлбэл, төрийн оруулж байгаа хувь нэмэр өссөн гэсэн үг. Манайх 34 жилийн өмнө төрийн оролцоо хэт ихсэхээрээ улс, эдийн засаг дампуурдаг юм байна гэж ойлгоод зах зээлийн эдийн засагт шилжсэн. Гэтэл буцаад төр томроод бүх орон зайг эзлээд эхлэхээр хүссэн хүсээгүй төрөөс хамааралтай эдийн засаг руу орж байна.

Үүнийгээ эртхэн засаж авахгүй бол төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг руугаа шилжчих гээд байна. Үндсэндээ нэг голын усандаа хоёр орох гээд байгаа юм. Үүнийг засахын тулд хувийн хэвшлийнхээ харилцааг зохицуулж байгаа гол хууль болох танхимын тухай хуулиа шинэчлэх ёстой. Ингэхийн тулд танхимын төлөөлөл байх ёстой гэж үзсэн юм.

Харин хуулиа батлуулчихвал танхимын ерөнхийлөгч цоо шинэ аргаар сонгогдоно. Даанч улс төр дагуулж хүчээр сольж байгаа нь буруу гэсэн байр сууриа би цахим орчноор дамжуулан илэрхийлсэн. Улс төр тогтворгүй байж болно.

Харин тогтвортой ажиллаж ирсэн байгууллагыг улс төрөөр дамжуулан самарч байгаа нь түүхэндээ анх удаагийн зүйл болж байна. Энэ хямралд бид 1-2 жилийг алдах гээд байна. Төр нь эрчимтэй төлөвшиж явж байхад бид угаасаа мөнгөгүй, хоцорч явж байж ийм хэмжээний хугацаа алдана гэдэг маш буруу. Биднийг алдаагаа засчихаад гараад иртэл төр чинь тасраад явчихна. Энэ чинь эцсийн дүндээ коммунизмын төвлөрсөн төлөвлөгөөт суурь руугаа очих гээд байгаа байхгүй юу. Энэ бол үнэхээр хортой зүйл.

-мҮхАҮт-аас бас шонхор шувууг гадагш нь гаргах асуудлаар мэдэгдэл гаргасан байсан. Энэ талаараа тодорхой мэдээлэл өгөөч?

-Персийн булангийн орнуудад нөхөрсөг харилцааны үндсэн дээр шонхор шувууг тодорхой хэмжээнд олгодог юм байна. Энэ талаарх мэдээлэл нь мэдээж олон нийтэд ил тод биш. Гэхдээ Монгол Улсаас нэгэнт холбогдох байгууллагуудын мэдээлэл дээрээ үндэслээд л олгож байгаа юм билээ. Дээрээс нь эдгээр улсуудыг дэлхий даяараа стратегийн чухал түншүүд гэж үздэг. Мөн эдгээр орон аялал жуулчлалын гол зах зээл байдаг. Манайх чинь хөрөнгө оруулалт татна. Аялал жуулчлалаа хөгжүүлнэ гэж байна. Нэгэнт шонхор шувууны зөвшөөрөл олгосон л бол хууль ёсныхоо дагуу л байх ёстой. Түүнээс олгох нь зөв, буруу гэж хэлж мэдэхгүй байна.

-Эсэргүүцдэг хүмүүс нь төрийн бэлгэдэлт шувуу болгочихсон учраас гадагш гаргах нь буруу гээд байдаг шүү дээ?

-Хэрэв буруу гэж үзэж байгаа бол зөвшөөрлийг нь өгөхөө л больчих хэрэгтэй. Гэтэл манайх зөвшөөрлийг нь өгчихсөн хэрнээ хэн дуртай нь очоод халдаад байж болохгүй. Зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байхад л очиж айлгаад, эд хөрөнгөд нь халдаад байдаг. Ийм асуудал энэ намар ч гарсан.

-Нөгөө талдаа шонхор барихаар ирсэн арабууд монгол улсын хууль тогтоомжийг биелүүлдэггүй. дураараа авирладаг гэсэн шүүмжлэл гардаг?

-Хаана, яаж?

-Ийм шүүмжлэл байдаг шүү дээ?

-Тийм бол түүнийг баримтжуулах хэрэгтэй. Тэгээд хуулийн дагуу гомдол гаргаад явах ёстой. Гэтэл шууд очоод албан ёсны зөвшөөрөлтэй явж байгаа хүмүүсийг айлгаж сүрдүүлээд байна. Харин тэдгээр хүмүүс хууль журам зөрчөөд, нутгийн иргэдийг айлгаж ичээгээд байгаа бол түүнийг нь баримтжуулаад хуулийн байгууллагад гомдол гаргах ёстой. Ингээд хуультай, төртэй улс юм бол тэр зарчмаараа л явах хэрэгтэй. Энэ оны тавдугаар сарын 22-ны тогтоолоор соёлын зориулалтаар шонохр шувууг бариулах тоо хэмжээг тогтоочихсон байсан.

Ингээд 10 аймагтай гэрээ хийх зөвшөөрлийг харьяа яаманд нь өгч, нэг шонхорын төлбөрийг 26 сая, өгөөшинд ашиглаж байгаа шувууны үнийг нь ч тогтоосон юм байна лээ. Нийтдээ 35 шонхорын зөвшөөрөл өгсөн байгаа юм. Өмнөх жилүүдээс харахад 2022 онд л гэхэд 11 сумаас 75 шонхор барихад л сумдын төсөвт 1.5 тэрбум төгрөг орж байсан байна.

т.дАрхАнхөвсгөл

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Малчдын эрлэг нь МАН юм биш үү DNN.mn

Монголчууд бид хэзээнээсээ малчин түмнээ хайрлаж, хүндлэхийн зэрэгцээ тэднээр бахархаж ирсэн уламжлалтай. Яагаад гэвэл тэд дэлхийд цор ганц үлдсэн нүүдлийн мал аж ахуй эрхэлж, өв соёлоо тээж яваа улс. Энэ агуулгаар төрийн бодлого малчдаа бүхий л талаар нь дэмжихэд чиглэдэг. Тухайлбал, малчдын НДШ-ийн 50 хувийг нь төр дааж байна. Зөвхөн малчдын хүүхдүүд долоо настайдаа сургуульд элсэх боломжтой болов. Малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлууллаа. Малчдын хөрөнгөжих боломж нь “Шинэ хоршоо хөдөлгөөн” гэж их хэмжээний зээлийг хүүгүй шахуу олгож эхэлсэн. Энэ бүх төрийн бодлогыг малчиддаа жигтэйхэн хайртайдаа гаргасан гэж бодож байна уу. Өнгөц харвал малчдын нийгмийн асуудлыг аягүй их харж үзээд, шийдэж өгч байгаа юм шиг. Үнэн хэрэгтээ тэднийг дэмжих биш, харин ч хорлосон үйлдэл юм. Зүгээр л “МАН малчдыг харж үздэг” гэсэн нэр зүүсэн төдий. “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгчээр малчдад зориулсан нийгмийн халамжийн бодлогууд чинь өөрсдөд нь мөхлийн хэмжээнд тусаад байгаа юм биш үү.

Наанаа малчиддаа дэм болж байна гэж сүрхий том, том ярьцгаачихаад цаагуураа эдийн засгаар нь боомилж буй энгийн жишээ бол нөөцийн махны худалдаа юм. Нийслэлчүүдийн өвлийн идэш ууш нь дуусч, махны хэрэглээ өсөхтэй зэрэгцээд нөөцийн мах худалдаанд гаргадаг. Ингээд яг мах үнэд орох цагаар үнэ ханшийг нь шороотой хутгачихдаг. Өдөр тутмын орлогогүй малчид хэдэн малынхаа ашиг шимээр л амьдралаа авч яваа. Цагаан идээ, мах, арьс шир, ноос ноолуураа зарж байж амьжиргаагаа залгуулна. Гэтэл энэ тал дээр нь төрөөс анхаардаггүй. Дунд нь хэдэн ченжүүд нугалаа үүсгэж, амандаа орсон үнэ хэлээд ашиг хийдэг. Эцэс сүүлд нь хамаг муу нэрийг малчид зүүдэг шүү дээ. Ядаж л цагаан идээгээ экспортолбол доллар олох асар их боломж бий. Тив алгасдаггүй юм аа гэхэд урд хөрш рүүгээ гаргаад байхад зах зээл нь бэлэн байж л байна.

Малчдыг хорлож байгаа бас нэг бодлого нь тэтгэврийн насыг наашлуулсан явдал. Хуулиараа эрэгтэй 55, эмэгтэй 50 настай тэтгэвэрт суудаг болсон. Эрт тэтгэвэрт гардаг болно гэхээр малчид юу ч хийх хүсэлгүй болж байна. Дэмий л тэтгэврийнхээ насыг хүлээгээд сууж байдаг улс болчихсон. Тэд юу ч хийхгүй болохоор мэдээж мөнгөгүй байна. Мөнгөгүй болохоор хөгжиж, дэвжихгүй байгаа юм. Зүгээр л айраг уугаад өдрийг өнгөрүүлдэг улс болж хувирлаа. Хийцгүйрсэн малчдын хийрхэл нь хов жив л байх шив дээ. “Тэр тэгсэн гэнээ, эднийх ингэжээ” гээд айл, саахалтынхаа талаар ам уралдан сониучилж суухаас хэтрэхгүй байна. Боловсролгүй, мэдлэггүй ард түмэн бусдын боол болохдоо амархан. Үүний хөрсийг малчдаар бэлдүүлж байна. Тэр нь юу вэ гэхээр малчдын хүүхдүүдийг долоон настайд нь сургуульд оруулж болно гэдэг бодлого хэрэгжиж байна. Тайлбар нь “Залуу малчдыг дэмжих хөтөлбөр” нэртэй. Зургаан настай хүүхдүүд дотуур байранд сууж чадахгүй болохоор малчин өрх тусдаа амьдрах шалтгаан болж байгаа гэнэ үү. Эхнэр, нөхрийн нэг нь сургуулийн хүүхдээ аваад сумын төвд суурьшиж, нөгөө нь хэдэн малтайгаа бэлчээртээ үлддэг нь гэр бүл салах нөхцөл болж байгаа юм байх. Энэ бол зүгээр л өнгөлөн далдлалт. Үндсэн хуулиар олгогдсон хүн бүрийн сурч боловсрох эрхийг хязгаарлаж, нэг жилээр өнжөөж буйгаа зөвтгөсөн арга ядсан тайлбар юм. Үнэхээр малчны хүүхдүүд зургаан настайдаа сургуульд орох гэхээр дээрх шалтгаанууд тулгараад байдаг юм бол гарц шийдлүүд өчнөөн бий. Дотуур байрны багшийн тоог нэмэгдүүлэх нь тийм ч хэцүү дааж давшгүй асуудал биш. Хоёр, гуравхан настай живхнээсээ салаагүй жаалууд 24 цагийн цэцэрлэгт явж болоод л байна. Учраа мэдэхгүй, хэлд ч ороогүй 30 хүүхдийг хоёрхон багш зааж сургаад, асарч хүмүүжүүлээд чадаад л ирсэн. Тэгэхээр малчны зургаан настай хүүхэд дотуур байранд амьдарч чадахгүй гэдэг нь хий хоосон утгагүй яриа. Харахад төрөөс малчдыг энэ мэтээр харж үзээд байгаа юм шиг хэрнээ боловсролгүй, мэдлэггүй болгох гээд байна шүү дээ. Боловсролгүй үр удам юу хийх вэ. Ямар ч хөгжих боломжгүй улс л болж үржинэ. Цаашлаад тэр чигтээ удам дамжсан малчид л болно.

Сая УИХ-ын сонгуулиар малчдыг хоршоо байгуулсныг нь “шагнаад” зээл ч юм шиг, тэтгэмж ч юм шиг баахан мөнгө тараасан. Дараагийн сонгуулийн өмнө тэглэгдчихнэ гээд малчин ч, нам нь ч бодож байгаа байх. Тэр цагт малчид авсан зээлийнхээ хүүг нь яах болж байна вэ. Томоохон бизнесийн магнатууд малчдын байгуулсан шинэ хоршоог төрийн дээрэм тонуул гэж дүгнэж байна билээ. Өнгөн дээрээ малчдад хөнгөлөлттэй зээл өгч байгаа нэртэй. Зээлийн хүүгийн зөрүүг Засгийн газар төлнө гэж байгаа нь татвар төлөгчдийн халаас руу халдана гэсэн үг. Малчид зээлээ төлөхгүй байсан ч болох юм байна. Яагаад гэвэл Засгийн газар шинэ хоршоодын зээлийг батлан даагаад авчихсан. Тэгэхээр дахиад л ард түмэн, татвар төлөгч та бид малчдын зээлийг төлөх болно. Харин зээл олгох шийдвэр гаргасан улстөрчид, зээл авсан малчдад падгүй. “Энэ бол углуургаараа малчдын нэрийг барьж сонгуулийн санхүүжилт босгосон эрх баригчдын зальжин мэх шүү” гэж тухайн үед бид өчнөөн сануулж, амаа цангатал хэлсэн дээ.

Гэвч хөөрхий малчид хөгжиж дэвжээд дэлхийг байлдан дагуулах аятай сурталчилгаа дийлсэн дэг. Ер нь явж, явж энэ хэдэн малчдыг маань Монгол Ардын Нам нь хорлоод байгаа юм биш үү. Яагаад гэвэл үндэсний тэсэн тэсвэрлэх чадвар малчдад асар муу байдаг. Зуд болоход мал хунараа сууриар нь алдаж байгаагаас харж болно. Зунжин, намаржин найр наадам хэсээд өвс тэжээлээ бэлдэхгүй. Өнтэй өвөл болбол илүү ажил болно гээд залхуурдаг. Цас ахиу орох тоолонд малчид руу машин машинаар нь өвс, тэжээл явуулаад байхаар орчин цагийн малчид гараа хумхиад хойш суухыг түрүүнд тавьдаг болчихсон.

Одоо үед дээвэртээ өвс хураасан малын саравчтай айл бараг байхгүй. Зуд болонгуут тусламжийн цуваа ирчих болохоор илүү хөдөлмөр хийхийг хүсдэггүйн тод жишээ юм. Зүгээр хаячихвал зун болгон өвсөө хангалттай базааж, тэр хэрээр дээвэртээ саравчтай болж эхэлцгээнэ дээ. Гурван жил болсон ч дээвэрт нь өвс хураалгаатай байж л байна. Ингээд харахаар малчид руу чиглэсэн бүх тусламж үйлчилгээ чинь тэднийг индианчууд шиг болгоод байгаа юм биш үү. Индиан үндэстэн яаж мөхсөн түүхийг бүгд мэднэ дээ. Америк тивд өрнөдийнхөн анх 1492 онд хөл тавьж байхад индианчууд 60 сая орчим байсан гэдэг. Харин XX зууны эхэн үед устаж байгаа үндэстний нэг болов. Статистикт, одоо АНУ-д ойролцоогоор нэг сая орчим индиан амьдарч байна гэж тэмдэглэжээ. Эрхэлсэн ажил мэргэжилгүй, эрдэм мэдлэг хомс тэд тусламж, халамжаар л тэжээгддэг. Тийм болохоор архичид, хар тамхичид зонхилохоос яахав.

Индианчуудын эмгэнэлтэй хувь тавилан малчдад ирэхгүй гэх газаргүй. Учир нь өнөөдөр малчдын төлөө гээд хийсэн болгон нь тэдний хөгжил дэвшил, үндэсний тэсэн тэсвэрлэх, өрсөлдөх чадвар зэргийг байхгүй болгоод зогсохгүй мөхөөж мэднэ. Яваандаа малчдын гол амь зогоож байгаа цагаан идээ, махыг нь хямдралтай зараад эхэлбэл малчин гэдэг хүмүүс чинь сөнөх нь байна шүү дээ. Явж, явж МАН-ын бодлого малчдыг хорлоод байгаа юм биш үү. Үүнийг ч зарим малчин ойлгодог болоод байх шиг байна. Сүүлд хөдөөнөөс л Ардчилсан нам сонгуульд ялаад байгааг харж байгаа биз дээ.

М.МӨНХЦЭЦЭГ