Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл эдийн-засаг

Г.Ундармаа: Тяньжин боомт дахь чингэлгийн бөөгнөрөл улам ихэсч байна DNN.mn

Сүүлийн хоёр сарын хугацаанд Монгол руу хаягласан Тяньжин боомтод байгаа чингэлгийн тоо хоёр, гурав дахин өсч, бөөгнөрөл үүсгээд байна. Энэ нь цар тахлын үетэй адилхан боллоо гэж үзэх хүмүүс ч байна. Энэхүү чингэлгийн бөөгнөрөл хэзээ багасч, иргэд чирэгдэлгүйгээр ачаа бараагаа хүлээж авдаг болох нь тодорхойгүй байна.

Энэ талаар Монголын Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Г.Ундармаатай ярилцлаа.


-Тяньжин боомт дээр дахиад чингэлгийн бөөгнөрөл үүсээд байна. Энэ нь ямар учир шалтгаантай байна вэ?

-Тавдугаар сарын 1-нээс 31-ний хооронд нийтдээ БНХАУ-аас Монгол руу импортын чиглэлтэй 27 галт тэрэг гарсан мэдээлэл байна. Яг өчигдрийн /уржигдрын/ байдлаар Тяньжин дээр 5450 чингэлэг Монгол руу гарахаар хүлээгдэж байна.

Тяньжин боомтоос Монгол улс руу нийт чингэлгүүд дунджаар 70-85 хоногийн дараа ачигдаж байна. Ачаа тээвэр хамгийн багадаа 70 хоног Тяньжин боомт дээр хүлээгдэж байгаа. Эрээнээс нааш хэвийн тохиолдолд гурван өдөрт ачаа тээврүүд гардаг байсан бол одоо ес, арван хоногт гардаг боллоо. Зам тээврийн яаманд тусгай зөвшөөрөлтэй 120 гаруй олон улсын тээвэр хийх зөвшөөрөлтэй компани байдаг.

Түүнээс 77 компани нь Тээвэр зуучийн холбооны гишүүн юм. Бид Мэргэжлийн холбооныхоо зүгээс энэ асуудлыг нэлээд тодруулах гэж Хятадын төрийн байгууллагуудтай Зам тээврийн хөгжлийн яам болон Гадаад хэргийн яамаар дамжуулж харьцаж байгаа. БНХАУ-ын Зам тээврийн яам болон Гадаад харилцааны яамнаас ирүүлсэн мэдээгээр Хятадын талаас ямар нэгэн албан ёсны тодорхой хариу өгөх боломжгүй гэсэн. Тиймээс Тяньжин боомтын асуудал тодорхойгүй нөхцөл байдалтай байна.

-Тяньжинд хэзээ ирсэн чингэлгүүд байгаа бол?

-Гуравдугаар сарын эхээр Тяньжинд орж ирсэн чингэлгүүд хуримтлагдаад байна. Ард иргэдийн ачаа тээврийг түргэн шуурхай үзүүлэх ёстой байдаг. Түүн дотор хүнсний түргэн мууддаг бүтээгдэхүүнүүд бий. Эм, эмнэлгийн хэрэгслүүд байна. Чингэлгийн жагсаалтуудыг гишүүн байгууллагуудаасаа албан ёсоор хүлээж аваад, шуурхай татах хэрэгцээтэй чингэлгүүдээ Гадаад харилцааны яамаараа дамжуулаад Хятадын талд илгээсэн байгаа.

-Яаралтайгаар захиалсан тохиолдолд чингэлгүүд хурдан орж байгаа гэсэн яриа байна?

-Тяньжинаас түлхүү авто машинууд гаалийн горим сольж орж ирж байгаа. Улсын баяр наадмаас өмнө ачигдах шаардлагатай бараа бүтээгдэхүүнүүд мөн орж ирж байна.

Мөн эм, эмнэлгийн хэрэгсэл ч юмуу зарим ачаа тээвэр горим сольж орж ирж байгаатай холбоотойгоор Замын-Үүд дээр нэмэлт гаалийн хяналтын талбай гаргаж өгөх саналыг холбогдох байгууллагуудад илгээсэн. Ачаа тээврийн урсгал хэзээ сайжрах нь түрүүн хэлсэнчлэн тодорхойгүй. Наашаа гарч байгаа галт тэрэгний тоо багасч, өнжөөд нэг гарч байна.

-Нэг галт тэргэнд хэдэн чингэлэг ачигддаг вэ?

-Нийт 50 чингэлэг нэг галт тэргэнд ачигддаг. Ковидын үеэр чингэлгийн ачаалал 9000 хүрч байсан. Гол нь энэ удаагийн чингэлгийн бөөгнөрөл ихсэх магадлал өндөр байна гэв.

Т.Дорж: Анх ачаа бараа захиалснаасаа хойш гурван сар хамаг мөнгөө түгжүүлчихээд сууж байна

Ачаа тээвэр захиалсан иргэн Т.Доржоос тодрууллаа.


-Таны ачаа яг одоо хаана байна вэ?

-Би гуравдугаар сарын 15-нд ачаагаа захиалсан. Тяньжин боомт дээр ачаа маань дөрөвдүгээр сарын 16-нд ирсэн. Олон улсын ганц том боомт болох Тяньжин нь ачааллаа дийлэхгүй байгаагаас шалтгаалаад байна. Ковидоос хойш л ийм асуудалтай болсон. Хятадын талд, эсвэл манайд уу гээд яг хаанаа асуудал байгааг сайн мэдэхгүй байна. Хүмүүсийн ачаа таваарыг яагаад хурдан шуурхай татаж болдоггүй юм.

-Нэг чингэлэг ачааг та хэдэн ам.доллараар захиалсан бэ?

-Энгийн тээвэрлэлт нь 3300, 3400 ам.доллараар ирдэг. Хэрэв хурдан татуулбал 4100 ам.доллар, бүр яаралтайгаар 5000 ам.доллар гэж тээвэр зуучаас үнэ санал болгодог. Бид энгийнээр ачаагаа захиалсан. Хэзээ наашаа ачигдахыг хэлж мэдэхгүй байна. Мөнгө нэмж төлөхгүй болохоор ачихгүй байлгаад байна уу гээд л үнэхээр гайхаж байна. Удаашралтай болохоос ачаа тээвэрт одоогоор үнийн хувьд өөрчлөлт ороогүй байгаа. Яаралтайгаар бид 14 хоногт ачаагаа авах тохиолдолд 5200 ам.доллар төлөх шаардлагатай юм билээ.

-Та сүүлд нэмж ачаа захиалсан уу?

-Бид одоо энэ захиалсан ачаа бараагаа ирсний дараа дахин захиална. Анх захиалснаасаа хойш гурван сар хамаг мөнгөө түгжүүлчихээд сууж байна. Барааны хомсдолд орлоо. Гарч байгаа сөрөг үр дагаврууд нь асар өндөр. Банкны мөнгөө төлж чадахгүйд хүрэх нь. Ковидоос өмнө 21 хоногт ачаа ирдэг байсан. Уг нь 45 хоногтоо ирээд байвал асуудалгүй л дээ. Тээвэр зуучийн компаниас асуухаар таных мөдгүй юм байна. Та яаралтайгаар авах юм бол 1500 ам.доллар нэмж төлнө гэсэн. Энэ нь монгол мөнгөөр таван сая төгрөг болно. Мөнгө нэмээд авчихаар эргээд худалдан борлуулахад үнэ нь нэмэгдэх болдог. Худалдан авагчдад л хүнд тусна даа хэмээсэн юм.

Т.Баяр: Бараагаа авах гэж банк бусаар хүү өндөртэй зээл авчихсан болохоор хүндрэлтэй байна

Захиалагч иргэн Т.Баяраас тодрууллаа.


-Тяньжин боомт дээр таны ачаа хэр удаж байна вэ?

-Би 2024 оны гуравдугаар сард бараагаа захиалж үйлдвэрлүүлээд, дөрөвдүгээр сарын 12 гэхэд Тяньжин дээр ирээд одоо хүртэл ачигдахгүй хоёр сарын хугацаанд гацсан байдалтай байна. Ачаагаа энгийнээр захиалсан. Сураг сонсоход дөрвөөс таван мянган чингэлэг Тяньжин боомт дээр овоорсон гэсэн. Шахаад явуулъя гэхээр манай монголчууд ачааллаа дийлэхгүй, боомтоороо гаргаж чадахгүй, явж байгаа галт тэрэг нь ч бага байгаа гэж сонссон.

-Зуучлагч тээвэр зуучийн компаниас танд юу гэж хэлж байна вэ?

-Таны ачааг ачуулахаар хөөцөлдөж байгаа. Нэмж мөнгө төлөх юм бол ачааг тань нааш нь хурдан татах талаар ярьж байгаа гэсэн ч тэр нь бүтэлтэй болохгүй л байх шиг. Тяньжин дээр хүлээгдэх хугацаа нь 60-80 хоног болсон гэсэн. Галт тэргээ сайн явуулаад байсан бол ийм хүндрэл учруулахгүй л дээ. Бараагаа авах гэж банк бусаар хүү өндөртэй зээл авчихсан болохоор хүндрэлтэй байна. Би зуны дугуй захиалсан байсан юм. Ирэхгүй байсаар байтал улирал нь дуусах нь. Хүмүүс ч зуны дугуйгаа аваад дууслаа. Хадгалахаас авахуулаад агуулах хэрэгтэй болно. Хэзээ ачаа маань ачигдах нь тодорхойгүй байна хэмээв.

Дээрх асуудлаар Улаанбаатар Төмөр замаас тодруулахад “Тяньжинаас Эрээн хүртэлх ачаа тээврийн галт тэргийг Хятадын тал хариуцдаг. Өнгөрсөн тавдугаар сард Тяньжинаас Эрээн рүү явах галт тэрэгний тоо багасч, чингэлгийн бөөгнөрөл үүссэн шалтгааныг тодорхой хэлж мэдэхгүй байна. Бидний зүгээс Тяньжинаас Эрээн рүү яаралтай чингэлгүүдээ татан авах саналыг Хятадын төмөр замд удаа дараа тавьж, хүсэлт илгээгээд байна. Тэдний зүгээс зургадугаар сард хэвийн горимоор буюу хоногт нэгээс хоёр галт тэрэг аялуулах тухайгаа мэдэгдсэн” гэв.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Судлаач Ц.Батсугар: Дарангуйлал бүрэлдэх тусам жагсаал, цуглаан ихэсдэг DNN.mn

Хараат бус судалгааны хүрээлэнгийн зөвлөх, судлаач Ц.Батсугартай жагсаал, цуглааны үеэрх хүний эрхийн зөрчил болон бусад асуудлаар ярилцлаа.


-Сүүлийн жилүүдэд болсон жагсаал, цуглаануудад дүн шинжилгээ хийж судалсан гэсэн. Энэ судалгаанаас олны анхааралд хүргэх ямар дүгнэлтүүд гарч ирсэн бэ?

-Жагсаал, цуглааны тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Жагсаал нэмэгдэх тусам иргэдийн жагсаал цуглаан зохион байгуулах, оролцох эрх, үүрэг, эрх зүйн мэдээлэл дутмаг байгаа нь ажиглагдсан. Нөгөөтэйгүүр манай улсад жагсаал, цуглаан зохион байгуулах эрх зүйн орчин алдаа, дутагдалтай байна. Мөн жагсаал, цуглаанд оролцож байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэгтэй байгууллагуудын оролцоо, идэвх тааруу байгаагаас болж хүний эрхийн зөрчлүүд нэмэгдэж байна.

Бидний хийсэн энэхүү судалгааны гол зорилго бол жагсаал, цуглааны үеэр иргэд эрхээ зөрчүүлэхээс хэрхэн сэргийлэх вэ, өөрсдийнхөө аюулгүй байдлыг яаж хамгаалах вэ гэдгийг гаргаж ирж урьдчилан сануулах, мэдээжүүлэх агуулга дотор зангидагдаж байгаа гэж ойлгох хэрэгтэй.

-Хэчнээн жагсаал, цуглаан дээр яг ямар судалгаа хийсэн юм бэ?

-Өнгөрсөн 2020-2023 оны хооронд Монгол Улсад нийт 714 орчим жагсаал, цуглаан өрнөсөн байна. Хоёроос гуравхан жилийн дотор ийм өндөр тоо гарч байгаа бол үүнийг 10-15 жилээр нь тооцвол асар том тоо гарч ирэх нь тодорхой. Тэр бүрийг бүгдийг нь бүртгэх боломж бол хязгаарлагдмал. Жагсаал, цуглаан болгон өөр өөрийн гэсэн зорилго, хэлбэр агуулгатай байна. Тэр болгондоо өөрийн гэсэн хууль эрх зүйн зохицуулалт, эрсдлүүдийг дагуулдаг. Энэ олон агуулгыг багцалж тусгахын тулд өнгөрсөн 15 жилийн хугацаанд өрнөсөн 10 жагсаал дээр гол судалгаагаа явуулсан.

-Сонгож авсан 10 жагсаал нь ямар ямар жагсаалууд вэ?

-Мэдээж эрсдэл, хүний эрхийн зөрчил хамгийн өндөртэй болсон 2008 оны долдугаар сарын 1-ний жагсаал байна. Мөн “NO” тодотголтой жагсаалуудыг нэг багц болгосон. 2021 оны Ерөнхий сайдын огцорсон жагсаал. Дуучин С.Жавхлангийн зохион байгуулсан “Монголоо аваръя” нэртэй жагсаал. Эмнэлгийн ажилчдын суулт, “Монголдоо сайхан амьдаръя” буюу нөгөө “Ажлаа хийе” жагсаал гэх мэт 10 жагсаал дээр судалгаа хийгдсэн.

-Дээрх жагсаалуудыг судлаад үзэхээр ямар дүгнэлтүүд гарч ирж байна. Мэдээж хүний эрхийн зөрчил талдаа олон асуудлууд байгаа байх л даа…?

-Мэдээж жагсаал болгоны онцлог, агуулгаас хамаараад судалгааны дүн өөр өөр. Жагсаалын өмнөх үе шатанд ямар алдаа дутагдал гарч байна. Жагсаалыг зохион байгуулах үеэр ямар асуудал гарч байна. Жагсаалын дараахь үр дүнд хүрсэн байдал дээр ямар асуудал гарч байна зэрэг олон дүгнэлтүүд гарч ирсэн.

-Хамгийн түгээмэл гарч ирсэн асуудал нь юу байна вэ?

-Хамгийн түгээмэл гарч ирсэн асуудал бол жагсаал зохион байгуулахтай холбогдсон эрх зүйн орчин тааруу байна гэж гарч ирсэн. Тухайлбал, “Ажлаа хийе” болон нүүрсний хулгайн жагсаалыг аяндаа үүссэн жагсаал гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тодорхой үйл явцын дараа иргэд өөрсдөө үзэл бодлоороо нэгдэн нийлээд өрнөж байгаа жагсаалыг аяндаа үүссэн жагсаал гэж ойлгож болно. Ийм жагсаал дээр ямар эрсдэл үүсдэг вэ гэхээр нэгдүгээрт, урьдчилсан зохион байгуулалт хангалтгүй гэсэн дүгнэлт гарсан. Мэдээж аяндаа үүссэн жагсаал болохоор ямар ч урьдчилсан зохион байгуулалтгүй байж таарна. Гэхдээ жагсаалын аюулгүй байдлыг яаж хангах вэ гэдгийг урьдчилсан зохион байгуулалтын үед авч хэрэгжүүлдэг. Тэгэхээр аяндаа үүссэн энэ мэт жагсаалуудын урьдчилсан аюулгүй байдлыг хангаж чаддаггүй гэж ойлгож болно. Хоёрдугаарт, жагсаалд хэрэглэж байгаа элдэв янзын материал байна. Уриа лоозон гээд. Энэ бүх материалын бэлтгэл, аюулгүй байдлыг хангах. Гуравдугаарт, жагсаалын өмнө болон жагсаалын үеэр иргэд, оролцогчид өөрсдийнхөө аюулгүй байдлыг яаж хангах вэ гэдэг асуудал. Эдгээр томоохон гурван асуудлын урьдчилсан бэлтгэл ажил хангагдаагүй болохоор тухайн жагсаал үр дүнд хүрдэггүй, сүүлдээ хүч хэрэглүүлэн тараах дээрээ тулдаг.

-Жагсаал, цуглаан зохион байгуулахын тулд заавал холбогдох байгууллагад нь мэдэгдэх, бүртгүүлэх ёстой гэсэн зохицуулалт байдаг шүү дээ. Тэгэхээр гэнэт үүссэн жагсаалын бүртгэлийг яаж хийх ёстой вэ?

-Аяндаа үүссэн жагсаал дээр бүртгэл хийх боломжгүй байдаг. Бүртгүүлж байгаа суурь зарчим нь юу юм бэ гэдгээ манайхан аль аль талдаа ойлголтгүй байна. Юу гэхээр үндсэндээ жагсаалд оролцож байгаа иргэдийг хамгаалах, хэв журам сахиулах үүргийг тухайн жагсаал болж байгаа нутаг дэвсгэрийн холбогдох засаг захиргаа хариуцах үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ эрх олголт руу шилжүүлж ойлгочихдог эрсдэл их бий. Юу гэхээр жагсаал зохион байгуулах асуудал дээр заавал зөвшөөрөл авах ёстой гэж ойлгодог. Нөгөө бүртгэх үүрэг нь зөвшөөрөл болчихсон явдаг. Улмаар зөвшөөрөл олгогдоогүй жагсаал гэж үзээд цагдаагийнхан тухайн жагсаалыг албадан тараах үйл ажиллагаа авагддаг. Үүнээс болоод цагдаа жагсагчдын хооронд зөрчил бий болж байна. Нөгөөтэйгүүр Монголд жагсаал цуглааны элдэв хэлбэрүүдийг нарийвчлан зохицуулсан эрх зүйн орчин байхгүй байна. Тиймээс нэг ижил журмыг бүх жагсаалтад тулгах, түүгээрээ зохицуулах гэж оролддог. Тухайлбал, ганц эсвэл хоёр хүн лоозон бариад үзэл бодлоо илэрхийлж болно, тийм үү. Гэтэл энэ хоёр хүн дээр хэдэн мянган хүн цугларсан жагсаалын үеэр авдаг хуулийн зохицуулалтыг ашиглаж, ижил түвшний шаардлага, шахалтыг эрх зүйн талдаа үзүүлдэг нь хамгийн том дутагдал. Энэ нь өөрөө хүний эрхийн зөрчлийг үүсгэдэг гол суурь хандлага болж байна.

-Өөр ямар онцлог илэрсэн бэ?

-Иргэдийн жагсаал цуглаанд оролцох хандлага өөрчлөгдсөн нь тогтоогдсон. 2013 онд явагдсан Үндэсний хэмжээний санал асуулгын дүн бий. Хэрэв төр засаг ард түмний эрх ашигт нийцсэн, улс орны хөгжлийг тодорхойлсон зөв бодлого шийдвэрүүдийг авч хэрэгжүүлэхгүй бол иргэн та яаж тэмцэх вэ гэдэг санал асуулга 2013 онд явагдсан. Тэр үед иргэдийн 4.7 орчим хувь нь жагсаал, цуглаанд оролцож гудамжнаас тэмцэнэ гэж хариулсан байна. 20.2 хувь нь иргэний нийгмээр дамжина гэсэн байна. Харин энэ тоо арван жилийн дараа буюу 2023 онд огцом өөрчлөгдсөн нь бидний хийсэн судалгаагаар гарч ирсэн. Өөрөөр хэлбэл, 13.3 хувь нь жагсаал, цуглааны хэлбэрээр хариу арга хэмжээ авч тэмцэнэ гэж өссөн бол 16.6 хувь иргэний нийгмээр дамжина гээд буурсан байна. Үүнээс юу харагдаж байна вэ. Жагсаал цуглаан гэдэг бол иргэдийн оролцооны олон талбаруудын зөвхөн нэг нь. Харин иргэдийн хувьд энэхүү тэмцлээ улс төрийн намаар дамжуулна гэсэн нь ердөө нэг хувийг эзэлсэн. Үүнээс юу харагдаж байна гэхээр иргэдийн хувьд улс төрийн нам болон иргэний нийгмийн байгууллагуудад итгэх итгэл алдарсан байгааг харж болно. Тиймээс энэ чиглэлдээ итгэл нь алдарчихсан болохоор өөрсдөө буюу жагсаал цуглаанд оролцох замаар төр засгийн гаргасан шийдвэр явуулж буй буруу гэж үзсэн үйл ажиллагаатай тэмцэх нь нэмэгдсэн байна. Нөгөөтэйгүүр хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхийг уриалсан жагсаалуудад иргэдийн хувьд тааламжгүй ханддаг болсон байна. Илүү тайван, илүү үр дүнтэй жагсахыг эрмэлздэг болсон нь судалгааны дүнгээс тодорхой болсон.

-Сүүлийн жилүүдэд жагсаал цуглааны тоо нэмэгдсэн гэсэн. Тэгвэл бусад орнуудтай харьцуулахад манайд яг ямар байна вэ?

-Яг ямар улстай харьцуулах вэ гэдэг чухал байх. Ерөнхийдөө томоохон удаан үргэлжилсэн жагсаал цуглаан ихэвчлэн ямар улсад болоод байна вэ гэдгийг бид ажигласан. Ингээд харвал ерөнхийдөө авторитар буюу дарангуйллын дэглэмтэй улс орнуудад томоохон жагсаал цуглаан болох нь их байна. Беларусь, Хонконг, Иран, Орос зэрэг орнуудад олон нийтийг хамарсан удаан үргэлжилсэн томоохон жагсаалууд их болж байна. Тэгэхээр дарангуйлал бүрэлдэх тусам жагсаал, цуглаан болох нь ихэсдэг юм байна гэсэн ойлголтыг энэ жишээнээс харж болохоор байгаа юм. Нөгөөтэйгүүр дэлхий нийтэд ардчиллын уналт гэх үү, ухралт 18 дахь жилдээ үргэлжилж байгаа. Манай улсын хувьд сүүлийн 10 орчим жил ардчиллаас ухарч байгаа. Үүнийг олон улсын индекс буурч байгаа үзүүлэлтээс харж болно. Ардчилал гэдэг бол иргэд төрийн хэрэгт оролцох олон талын боломж нээлттэй байхыг хэлдэг. Мэдээж ардчиллын индекс сайжрахын хэрээр жагсаал, цуглаан зохион байгуулагдах нөхцөл багасна. Эсрэгээрээ энэхүү индекс муудах тусам жагсаал, цуглаан болох нь мэдээж хэрэг. Жагсаалын гол бай бол төр засаг шүү дээ. Төр засгаа шүүмжилж л жагсдаг. Түрүүн би нэг тоо хэлсэн. Жагсаал цуглаанаар дамжуулан төр засагт дуу хоолойгоо хүргэх сонирхол, хандлагатай иргэдийн тоо өссөн гэж. Тэгэхээр цаашид бид ардчиллын индексээ сайжруулахгүй бол иргэдийн зүгээс хүссэн хүсээгүй жагсаал, цуглаанаар үзэл бодол, дуу хоолойгоо хүргэхээс өөр сонголтгүй болно.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Ардчилсан орнуудад сонгогдох эрхийг хамгаалдаг бол манайд аль болох хааж, боож сонгогдохгүй болгохыг илүүд үздэг DNN.mn

Ардчилал гэдэг бол эрх чөлөө. Тэр дундаа сонгогдох, сонгох эрх эрэмбээрээ нэгдүгээрт бичигдэхийг хүний үндсэн эрх гэж ардчилсан орнууд үздэг. Энэ зарчмаа ч хатуу баримталдаг. Ардчилсан орнуудын үлгэр жишээ авдаг ардчилалтай хэмээгдэх улс бол Америк. Энэ улсад хүний үндсэн эрх буюу заяагдмал эрхүүдийг хууль гарган зөрчихийн эсрэг байдаг. Өөрөөр хэлбэл, ямар ч хууль санаачлахдаа хүний заяагдмал эрхийг зөрчихгүй байхаар баталдаг. Үүгээрээ хүний заяагдмал эрхүүдийг дархалж өгч байгаа юм.

Тиймээс ч энэ улсыг ардчиллын өлгий нутаг хэмээн дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн. Америкт хүний үндсэн эрхийг хууль, шүүхийн байгууллага нь ч хүртэл хориглож, хааж болдоггүйн тод жишээг Дональд Трампын асуудлаас тодорхой харж болохоор байна. АНУ-ын экс ерөнхийлөгч Дональд Трампыг эрүүгийн хэрэгт буруутгаж шүүж байгаа. Гол онцлог нь түүнд холбогдсон эрүүгийн хэргээс үл хамаарч АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэйг дэлхийн хэвлэл дуу нэгтэйгээр зарлаж байна. Манайд бол эрүүгийн хэрэгт холбогдсон л бол сонгуульд нэр дэвших битгий хэл сонгох эрхийг нь ч хориглоно. Гэтэл Америкт тийм биш аж. Тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүмүүст ердөө гуравхан шаардлагыг л тавьдаг байна. АНУ-ын Үндсэн хуульд Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь 35-аас дээш настай, АНУ-д төрсөн болон улсдаа 14-өөс доошгүй жил амьдарсан байна гэж заажээ, маш энгийн байгаа биз. Ингээд л болдог байна. Өөрөөр хэлбэл, Дональд Трампын сонгох, сонгогдох эрхэд ямар ч хууль, ямар ч шүүхийн шийдвэр нөлөөлөхгүй. Хүний заяагдмал эрхэд шүүх ч нөлөөлөх ёсгүйг харуулсан хэрэг юм. Тэр шоронд орсон ч улсынхаа ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй. Ямар ч сонгуульд саналаа өгөх эрхтэй. Энэхүү сонгох, сонгогдох эрхийг нь гагцхүү ард түмнийхээ мэдэлд л үлдээдэг нь нөгөө төгс ардчилал гэдэг нь бололтой. Хүн амины хэрэгтэн ч нэр дэвшиж болно. Гол нь тэр хүнийг сонгох уу, эс сонгох уу гэдгийг ард түмэн нь шийднэ гэсэн үг юм уу даа. Манайд бол хэнийг нэр дэвшүүлэх вэ, хэнд нь санал өгүүлэх вэ гэдгийг ард түмэн бид шийдэж чадаж байгаа бил үү гээд бодоод үзээрэй. Хүн алсан гэмт хэрэгтэнг битгий нэр дэвшүүл гэж тэмцэх, дуугарах, ийм үзэл бодолтой нэг ч иргэнийг АНУ-аас хайгаад ч олохгүй байх.

Гэтэл манайд энэ бүх зүйл яг эсрэгээрээ байна. Аль болох нэр дэвшихийг нь хориглосон, сонгогдох эрхийг нь хязгаарласан, хааж боосон заалтууд өнөөгийн Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуульд их байгааг олон улсын хуульчид байнга сануулан хэлдэг. АНУ-ын Конгрессын сонгуулиар нийт нэр дэвшигчдийн 90 орчим хувь нь сонгогдох эрхийнхээ хүрээнд сонгуульд оролцдог. Харин үлдсэн 10 хувь нь өөрийнхөө хүсэлтээр нэр дэвшилтээсээ татгалздаг байна. Нэг ч нэр дэвшигчийг ямар нэгэн шалтгаанаар сонгуульд оролцуулаагүй тохиолдол гараагүй аж. Гэтэл манай СЕХ саяхан нам, эвсэл, бие даагчдын материалыг хүлээн авлаа. Нийт 1000 гаруй нэр дэвшигч энэ удаагийн УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр материалаа хүргүүлсэн байна. Үүнээс СЕХ нэр дэвшигч бүрийн материалыг хянаж үзээд хуулийн шаардлага хангаагүй 160 орчмыг нь буцаажээ. Өөрөөр хэлбэл, 160 хүний Үндсэн хуульд заасан сонгогдох эрхийг нь олгоогүй гэсэн үг. СЕХ Үндсэн хуулиас давсан эрх мэдэлтэй байгууллага уу. Тийм эрх мэдэл тэр байгууллагад байхгүй.

Ямар хуулийн шаардлага хангаагүйгээс болоод эдгээр хүмүүсийн нэр дэвших эрхийг хаасан шалтгааныг харвал үнэхээр инээдтэй. Хамгийн түгээмэл шалтгаан нь зээлтэй, өртэй байсан гэдэг асуудлаас болоод нэр дэвших эрхийг нь олгоогүй байна. Ардчиллаар бид эрх чөлөөтэй зах зээлийн нийгмийг бүрдүүлсэн гэдэг. Тэгвэл тэрхүү зах зээлийн нийгэмд хүн амьдралаа дээшлүүлэх, хөдөлмөрлөх, хийж бүтээхийн тулд мэдээж хөрөнгө оруулалтаа босгож таарна. Ингэхдээ зээл авах нь тодорхой. Гэтэл манай улсад зээл авч эдийн засгийн харилцаанд орсон иргэнээ гэмт хэрэгтэн мэт үзээд сонгогдох эрхийг нь хязгаарлачихаж байгаа нь инээдтэй. Энэ бол нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзаж болох хуулийн нэг л заалт.

Иймэрхүү маягаар иргэнийхээ сонгогдох эрхийг хааж боосон 10 гаруй хуулийн заалт байна. Үүнээс шүүхээр гэм буруутай нь тогтоогдоод хариуцлагаа үүрээд гараад ирсэн хүн нэр дэвшинэ гэж бүр саналтгүй. Гэтэл АНУ-ын экс ерөнхийлөгч Дональд Трампыг дөрвөн ч эрүүгийн хэрэгт нэр холбон шүүж байгаа. Хоёр ч хэрэгт нь шүүхээс ял оноочихсон. Гэхдээ л Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй. Гэтэл манай экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр ном оруулж ирсэн хэргээс болоод ял авч, шоронд суугаад гарсан. Гэтэл тэрээр 2016 оны сонгуульд нэр дэвших эрхээ хасуулж байсан удаатай. Улмаар 2020 оны сонгуульд ч нэр дэвшээд бүртгэж аваагүй. Манайд хуулийн хязгаарлалтаас гадна улс төрийн хязгаарлалт гэдэг зүйлээс болж тухайн нэр дэвшигчийг бүртгэхгүй байх тохиолдол ч гардаг. Үүний тод жишээ бол энэ сонгуульд “Үндэсний эвсэл” гэдгийг тэргүүлэн оролцох байсан Н.Номтойбаярыг шоронд орж байсан гэдэг шалтгаанаар нэр дэвшигчээр бүртгэж аваагүй. Энэ мэт олон хүнийг хуулийн шаардлага хангаагүй хэмээн буцаасан байна. Хүний амьдрал баян. Өндөг шиг өөгүй хүн гэж орчлонд үгүй. Монголд сонгогдох эрхийг нь хязгаарласан энэ олон хуулийн заалтуудыг урдаа бариад тухайн нэр дэвшигчийг ухаж, шалгаад л байвал хуулийн шаардлагад нь тэнцэх нэр дэвшигч цөөхөн л болов уу. Хууль нь байхад хэнийг ч хамаатуулан шийтгэж болдгийг бид социализмын туршлагаасаа бэлээхэн мэднэ.

Хүн алдаж болно. Алдаагаа ухамсарлаад хариуцлага үүрсэн бол буцаад нийгмийнхээ харилцаанд орох эрх ардчилсан оронд бий. Гэтэл манайд ял авч, шоронд суусан иргэнээ хүн гэж үздэггүй хандлага ч байдаг. Бүр зарим хуулийн агуулга, заалтуудад ч иргэнээ ялгаварласан өнгө аяс ил цагаан уншигддаг. Тиймээс бид цаашид хүний үндсэн эрх, эрх чөлөөнөөс давсан аливаа хуулийг гаргахгүй байх. Хүний эрхийн зөрчилтэй эрх зүйн баримт бичгүүдээ засах цаг болсон байна.

Ардчилал гэдэг бол сонгох, сонгогдох эрх. Хэрэв сонгох, сонгогдох эрхээ иргэд нь эдэлж чадахгүй бол тухайн улс дарангуйллын тогтолцоо руу орсон жишээ олон. Тиймээс л ардчиллын амин сүнс болсон сонгогдох, сонгох эрхийг юугаар ч хориглож, хязгаарлаж болдоггүйг Америк тодорхой харуулсаар байна. Манайх ардчилсан орон юм бол үүнээс үлгэр жишээ авч хуулиудаа өөрчлөх хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Цуст дарангуйлагч Лука хүүхдийн баяр тэмдэглэхээр гэрт маань орж ирлээ” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Монголын Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Г.Ундармаа “Тяньжин боомт дахь чингэлгийн бөөгнөрөл улам ихэсч байна” гэснийг VII  нүүрээс үргэжлүүлэн уншаарай.

Хараат бус судалгааны хүрээлэнгийн зөвлөх, судлаач Ц.Батсугар “Дарангуйлал бүрэлдэх тусам жагсаал, цуглаан ихэсдэг” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Цуст дарангуйлагч Лука хүүхдийн баяр
тэмдэглэхээр гэрт маань орж ирлээ” нийтлэл хэвлэгдлээ.

Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга  “Д.Бат-Эрдэнэ “Хэн нэгний постыг шэйрлэхийн тулд Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлнэ гэсэн журам хаана ч байхгүй” гэлээ.

“Наран ижий заяа” ТББ-ын тэргүүн Ш.Ариунаа “Иргэд мэс заслын дараа гам барих ойлголт, мэдлэг муугаас хорт хавдрыг сэдрээж байна” хэмээн ярилаа.

  • Сонгуулийн дараа төрийн ой санамж алга болчихдог нь эдийн засагт хортой гэв

ГАДААД МЭДЭЭ: Путины хоосон сүрдүүлэг

АРЫН НҮҮР: “Сүүний үнэр шингэсэн…” хэмээх дууны гунигт түүх

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Архитай, халамжтай, хүчингийн хэрэгтэй, хагацалтай, хүүхэд шаналсан гэр хорооллын амьдралын гүнээс… DNN.mn

Өмнөх сурвалжлагыг ЭНД дарж уншина уу…

Дэлгүүрийн эзэн бид хоёрын яриа үргэлжилсээр л байлаа. 30 гаруй ам метр гэмээр талбайтай дэлгүүрт хүний хэрэгцээтэй бүхий л зүйлс байна. Өглөө, үдээс өмнө бага насны хүүхдүүд 300-гийн торхтой зайрмаг авч гүйлдэх нь олон байсан бол нар жаргаж, харуй бүрий болох үеэс 100, 300, 500 грамттай “Ерөө” нэлээд гүйдэг юм байна. Дундуур нь талх, боорцог, зайдас эрэлттэй, хаа нэг өндөг авч харагдана. Бүр нэг тартагтаа тулж, тос граммалдаг, талх хуваадаггүй бололтой. Худалдагч эгч маань үе үе өрийн дэвтрээ нээж, бичилт хийх аж. Бараг гуйгаагүй байхад л дэвтрээ нээчихэж байна. Нөгөө хүн нь “Өнөөдөр мөнгөөрөө авна шүү” гэх. Өр нь 1.2 сая хүрчихсэн зээлдэгчийн тухай асуухад “Олон жилийн өмнөөс л зээл тавьдаг, буцаад төлчихдөг хоёр юм. Нөхөр нь Таван толгойд ажилладаг, олон хүүхэдтэй гэр бүл. Ажил нь дампуурчихсан уу яасан, сүүлийн нэг жил энэ тоон дээрээ гозойчихлоо. Саяхан манайхаар орж ирэхээр нь “Эгчдээ өрөө төлөх арга байна уу” гэсэн чинь “төлнө өө эгчээ” гээд гарна лээ. Хүн тэгэхээр юу хэлэх вэ дээ. Эхнэр нь архи уугаад явчихдаг (таван хүүтэй Б.Батмөнхийнх) айлын нөхөр өчигдөр манайд орж ирээд хоолны мах, гоймон аваад гарсан.

Сүүлийн хоёр өдөр хүүхдүүд нь ямар ч хоолгүй байсан юм шүү дээ. Яаж нялх амьтад тэснэ ээ. Өрөвдөөд нэг уут боорцог нэмээд өгөөд явуулсан” гээд л ерөөсөө энэ хүний амнаас гарсан үг бүр нь бусдад туслахыг хүсч явдаг нь илэрхий. Таван охинтой Б.Отгонжаргалыг үе, үе дуудаж дэлгүүртээ туслуулж, хүнсний юм илүүчилдэг гэнэ. Ингэхдээ бас л “Олон охидтой хүн шүү чи. Эр хүн л битгий гэртээ оруулаарай. Тэд яаж ч мэднэ” гэж Б.Отгонжаргалд захидаг. Яг л өндөр ээж шиг хүний амьдралын сонин дүр гэр хорооллын нэгэн буйдхан хэсэгт оршдог юм байна. Уг нь хороо дүүргийнхэн л энэ хүн шиг сэтгэл гаргаж, хэн нь ямар амьдралтай байдаг, яаж дэмжиж туслах вэ ба, бэ-гүй мэддэг баймаар.

Дэлгүүрээс гарч гудамжуудаар явлаа. Баруун салаа орчим уг нь сүүлд шинээр үүссэн гэр хороолол. Хэдий тийм ч архины хамааралтай болчихсон, ар гэр нь салж сарнисан, амьдрал тааруу хүмүүс амьдардаг нь илт. Хашааных нь хаалга үүд навсайчихсан, хаалганы хажууд модон жорлонтой айлууд олон. Хашааны дэргэдүүр өнгөрөхөд бохирын үнэр хамар сэтлэх нь холгүй. Тогтоод харвал жорлон нь яажийчихсан, хажуугаар нүх нь онгорхой, өтгөн шингэн харагдах айлууд ч байна. Бүрээс нь нар салхинд гандаж урагдсан муухан гэрүүд ч харагдана. Хүүхдүүд үе үе гүйлдэнэ. Бүр жаахан, хөлд ороод удаагүй гэмээр амьтад ч чулуун дээр хөл нүцгэн паацганана. Тэднийг ер хэн анхаарч байгаа бол гэх бодол төрөхөөр. Араас нь хүүе хаая гэж гарч ирэх ээж, аавууд алга.

Архины хамааралд орсон маш олон өрх гэр, иргэд байгааг дэлгүүрийн худалдагч тодорхой ярьсан. Тэд ихэнх нь эндхийн харьяалалгүй. Хаа холын Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уулд хаягтай иргэд ч байна. Орон нутгийнхан ч бий. Тэд айлын хашаа харах нэрээр, зарим нь түрээс төлөөд амьдардаг. Зарим нэг хэсэг нь ах дүү, таньдаг найз нөхдийнхөөрөө хоног төөрүүлж явдаг нь ч байна. “Би энд 10 гаруй жил амьдарч байна. Чи архины үүр уурхай ямар аймшигтай байдгийг мэдэхгүй байна. Архи гэдэг чинь хэцүү. Нэг л хамааралтай болчихвол огт гарч чадахгүй” гэх дэлгүүрийн худалдагчийн яриа яг л хороолол дунд байна. Бүрх малгайтай, 70 гаруй настай болов уу гэмээр, чихэндээ аппарат зүүсэн өвөө нэлээд согтуурсан янзтай гудамжны захад сууж байна. Хажууд нь өөрөөс нь нэлээд олон дүү бололтой идэр насны эртэй найзархаг гэдэг жигтэйхэн.

Яриад суувал чихний аппараттай өвөө эмнэлэгт хэвтээд гарсан гэнэ. Архи ууж байгаад зүрх нь өвдөж ухаан алджээ. Охин нь Налайхад амьдардаг. Эмнэлэгт хэвтэж гараад л дахиад л нөгөөхөө ууж эхэлсэн нь тодорхой. “Охин Налайх авч явна гэнэ. Би явахгүй гэсэн. Яах юм, гай л байна. Би өөрөө өөрийгөө мэднэ ш дээ. Хаа үхэхээ би өөрөө мэднэ, ха ха ха ха” гэж өвгөн хөхөрнө. Найз нь хажуунаас нь “Эмч дахиж архи ууж болохгүй гэсэн ш дээ” гэж орилоод сонссон шинж алга. Найз нь “Хашир гар сонсож байгаа. Хэргээр худлаа жүжиглэж байгаа юм. Охиныдоо очихгүй ээ, энэ” гэж тодруулж өглөө. Тэр хоёр Баруун салаанд өөрийн гэсэн гэр орон байхгүй. Танилындаа хоног төөрүүлдэг аж. Цаг дулаарчихсан болохоор нэлээд согтсон үедээ хашаа бараадаад унтчихдаг гэнэ. Ийм хүмүүс захаас аваад бий. Бараг хорооллоороо ч архи дарс хэрэглэчихдэг, зарим нь бүр хамааралтай болчихсон. Гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, амьдрал хэцүү хүмүүс байдаг тухай тэр эр ярина лээ.

Цаашлаад нэг их холдохгүй бас нэгэн залуутай таарлаа. Гартаа гялгар ууттай пүүз барьчихсан, нөгөө гартаа 100 граммтай “Ерөө” атгачихсан үе үе залгилж явна. Араас нь гүйцэж очоод жаахан ярилцлаа. Төв аймгийн Баянчандмань суманд мал малладаг. Нутгийнхан түүнийг Шомбооноо гэж хочилдог гэнэ. Эгчийндээ ирж байгаа нь энэ аж.

-Нас хэдтэй вэ. Гэр бүлтэй юу?

-Ах нь 42-той. Авгай аваагүй ээ.

-Үе үе уугаад байна уу?

-Хааяа л уудаг юм. Хөдөөнөөс орж ирээд л ууж байгаа нь энэ. Сард нэг л удаа юм уу даа. Уухдаа агсам согтуу байхгүй ээ ах нь. Би хөдөө хэдэн адуу, үхэртэй.

-Хүүхэдтэй юу?

-Нэг хүүхэд байгаа. Гэхдээ уулздаггүй.

-Амьдрал ямар байх юм?

-Ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй гэдэг дээ.

-Тэгвэл эхнэр аваач. Нутагтаа харж явдаг эмэгтэй байна уу?

-Би тоодоггүй юм. Нутгаасаа авгай авахгүй. Яах юм. Намайг угаасаа Төв аймаг руу ороод захын цагдаа андахгүй. Би өөрөө хүнийг их хүндэлдэг байхгүй юу. Хүнд тустай байдаг гээд хөлчүүрхсэн хүний яриа үргэлжлэх шинжтэй болохоор нь холдож одлоо.

Баруун салааны замаар нэлээд явж эцэс хүрэхийн наахна нь зам дагуу хороо байдаг юм байна. Хороо руу ороод хэсгийн ахлагчдын өрөөний хаалгыг татвал зургаан бүсгүй ямар нэгэн юм ярьж сууна. “Төрийн үйлчилгээ авч чаддаггүй, эсвэл авсан ч түүнийгээ зөв захиран зарцуулж чаддаггүй айл өрхүүд байна уу. Тийм амьдралыг бодит байдлаас нь сурвалжилж явна аа. Туслаач” гэхэд нэг их анхаарсан шинжгүй. Харин тэдний дундаас нэг бүсгүй “Нийгмийн ажилтантай уулз даа” гэж гадагшаа заав. Нийгмийн ажилтан гэх хижээл насны эр дээр явж очлоо. Учир байдлаа хэлбэл, “Би хүний хувийн мэдээллийг өгч болохгүй. Чи өөрөө л явж олох хэрэг гарах нь дээ. Би яахав чамд чиглүүлье. Энэ дор намагтай гудамжаар явах хэрэгтэй. Намагтай газар худалдаж аваад хүмүүст хулхидуулчихсан айл олон байгаа. Тэднийг олж уулз” гээд явж одов. Бодвол хүмүүст хулхидуулж, хороо хориноор явж шаналгасан айл өрхүүд байгаа бололтой. Бидний зорилго тэр биш учраас дараагийн хороог зорив. Зүүнсалааны эцэс орчимд зам дагуу бас нэг хороо байлаа.

Хүүхдийн баярын урьд өдөр байсныг тэр үү хорооны ажилчид баярын уур амьсгалтай угтав. Засаг даргынхаа өрөөнд цуглацгаажээ. Явж ороод зорилгоо хэлбэл, Засаг дарга бүсгүй “Хэвлэлийнхэн ингэж ирдэг юм. Гэхдээ та харсан байх. Манай хороо өнгөтэй зүстэй, архины хамааралтай, амьдрал тааруу өрх бараг байхгүй. Яахав, олон хүүхэдтэй өрх гэрүүд бол бий. Тэд яадгаа алдчихсан зүйлгүй. Харин та Баянзүрх дүүрэг рүү явбал хүмүүс олох байх” гэж байна. Гэвч бодит амьдрал дээр халамжийн мөнгө архины мөнгө болчихсон, архинд живчихсэн айл өрх захаас аваад байхад зарим хороо дүүрэг ийм байдлаар ажилладаг, ханддаг болж таарч байна.

Нийгэм ямар байгаа, ард түмний амьдралын түвшин хэр болсон, халамж хавтгайрсан уу, архидалт ядуурал байдаг юм уу гэх бодит байдлыг дээшээ уламжилдаг хүмүүс нь иргэд биш хороо дүүрэг. Тэдний үгээр л шийдвэр гаргагчид, харьяа яам, төлөөлж гарсан УИХ-ын гишүүд сонсож, нөхцөл байдлыг үнэлж байгаа. Амьдрал сайхан байгаа, манай хороо асуудалгүй, архины хамааралтай хүмүүс ховор, амьдралын түвшин тааруу хүмүүс байхгүй дээ гэсэн энэ байр суурь бодлогын түвшинд яаж буух нь тодорхой. Ядаж л ядуурлын түвшин, архины хамааралтай иргэдийн тоо бодит байдлаас доогуур гардаг болж таарч байна. Ерөөс гэр хорооллын иргэд тодорхой хэсэг нь ингэж халамжиндаа хавтгайрч, архиндаа живж амьдралдаа, ар гэртээ, үр хүүхдэдээ, нийгэмд анхаарахгүй байх нь улстөрчдөд ашигтай бололтой.

Үргэлжлэл бий…

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Нэр дэвшигчийн нэр, зурагтай сонин орж ирэхэд л манайхан сонгуульд итгэж эхэлдэг DNN.mn

Монгол төрийн сонгууль болох өдөр ойртсоор байна. Ердөө 20 гаруйхан хоногийн дараа бүгдээрээ саналаа өгнө. Энэ бол монголчуудын хувьд анхны сонгууль биш. Бид социализмд ч тэр, ардчилсан нийгэмд ч тэр сонгуулиа өгч ирсэн ард түмэн. Төр байгаа цагт сонгууль байж л таарна. Мэдээж социализмын үеийн сонгуулийн зорилго, үйл ажиллагаа нь ардчилсан нийгмийнхээс тэнгэр газар шиг ялгаатай. Тэр үед сонгуулиа яаж хийдэг байсан бэ гэхээр нэг тойрогт ганцхан хүнийг нэр дэвшүүлдэг байв. “Ардын Их Хурлын сонгуулийн энэ тойрогт нөхөр Доржийг дэвшүүлж байна. Сонгогчид бүгдээрээ заавал түүнд санал өгөх үүрэгтэй. Хэрэв сонгуульд санал өгөөгүй хүн байвал түүний ажил, албан тушаалтай нь хариуцлага тооцно” гэсэн даалгаврыг сонгогчид үг дуугүй биелүүлдэг байлаа. Нэг ёсондоо сонголтгүй сонгууль явуулдаг байсан гэсэн үг. Улс төрийн жүжиг бүхий ийм гажууд үзэгдэл социалист орнуудад хэдийнэ тогтсон байв. Захиргаадлын үеийн сонгуулийн тогтолцоо шүү дээ. Иргэд одоогийнх шиг олон нэр дэвшигчдийг харьцуулж сонголт хийх ямар ч боломжгүй.

“Нам ба нам бусчуулын эвслээс нэр дэвшүүлсэн тэрийг сонгогтун” гэсэн уриа лоозон бүхий А-4 хэмжээтэй хэвлэмэл гялгар фото цаас айл болгонд тараадаг байсан даа. Энэ зурагт цаас хаалгаар орж ирэхэд л “Аан, ийм хүн манайд нэр дэвшиж байгаа юм байна шүү” гэж хүмүүс хоорондоо ярьцгааж эхэлдэг байв. Монголчууд эртнээс “араваараа барьж, алагаараа харна” гэдэг сонин зантай улс. Аливаа зүйлийг нүдээрээ харж, гараараа барьж үзэж байж л итгэдэг. Тийм болохоор нэр дэвшигчийн сурталчилгааны зурагт хуудас авсан цагтаа сонгуулийн талаарх ойлголт нь илүү итгэл дүүрэн болдог гэх үү дээ. Уг нь палкат тараагдахаас өмнө нэр дэвшигчид олныг хамруулсан уулзалт хийдэг л байсан. Одоогийнх шиг малчин болгон дээр очиж, “Надад санал өгөөрэй” гэж гуйх шаардлагагүй. Голдуу хот суурин газар том, том зааланд уулзалт хийнэ. Тэгсэн хэрнээ тэр үйл ажиллагааны итгэл үнэмшил нь тараагддаг хэвлэмэл хуудсыг гүйцэхгүй.

Ардчилал ялснаас хойш сонгуулийн тогтолцоо эрүүл, либерал болсон. Бодлогоороо өрсөлдөх олон нам, эвсэл, нэр дэвшигчдээс чөлөөтэй сонголтоо хийх боломж нээгдэв. Ардчилсан сонгуульд тогтсон нэг шинэ соёл бол нэр дэвшигчдийн талаарх мэдээлэл сонин хэвлэлд нийтлэгддэг болсон явдал. Нэр дэвшигчийн нэр, зурагтай сонин гэрт орж ирэхэд л ард түмэн итгэж эхэлдэг юм. Сонинд нийтлэгдсэн мөрийн хөтөлбөр, бодлого шийдлийг нь хараад “Манай тойрогт ийм хүн нэр дэвшиж байгаа юм байна шүү. Танай тойрогт хэн, хэн байна” гээд л ахан дүүс, айл сахалт, найз нөхдөөрөө хоорондоо ярьцгааж байх маягтай. Цаашлаад “Эрх баригч намын энэ нөхөр ийм бодлого дэвшүүлж байгаа юм байна. Сөрөг хүчин гарч ирвэл ийм шинэчлэл хийх юм байна. Бие даагч ийм амлалт өгсөн байна” гэдэг. Эндээс хэн ямар бодлого дэвшүүлэв, улс орныг хөгжүүлэх, бидний амьдралд нэмэр болох ямар ажлууд хийх юм гэхчлэн сонголтоо хийхэд нь итгэл үнэмшил болдог.

Сонины сурталчилгаан дотроо бас нэг тогтсон итгэл үнэмшил байдаг. Тэгвэл энэ дундаас “Өдрийн сонин” дээр нэр, зурагтайгаа орж ирсэн нэр дэвшигчид ард түмэн илүү их итгэдэг. Сонгууль албан ёсоор эхэллээ гэж үнэмшдэг. Ийм соёл ардчилсан чөлөөт сонгуулийн системд хэдийнэ нутагшжээ. Яагаад заавал “Өдрийн сонин” дээр гэж үү. Монголд сүүлийн 30 жилд хариуцлагатай яс тас ажилладаг институци болж төлөвшсөн байгууллага ховор. Үргэлж удирдлагууд нь солигддог, нэрээ өөрчилдөг, үзэл бодол, үйл ажиллагааны чиглэл хувирч байдаг. Мөн татан буугдаж, аль эсвэл анх байгуулагдаж байсан үзэл баримтлал нь 100 хувь эргэцэн байдаг. Ганцхан “Өдрийн сонин” л анх байгуулагдсан яг чигээрээ институци хэвээр үлдсэн юм. “Өдрийн сонин”-ны хамгийн том давуу тал бол мөнхийн сөрөг хүчин байсаар ирсэн. Улс төр дээр ч, амьдрал дээр ч тэр. Хэний эрх ашиг хаана зөрчигдөнө, түүнийг хамгаалахын тулд тэнд явж байдаг школтой бид. Тогтсон бат, бөх редакцитай институци хэвээрээ үлдсэн “Өдрийн сонин”-ы талаар таагүй үг ард түмний амнаас унадаггүй.

Бүгд элэгтэй, бас хүндэтгэдэг. Зөвхөн үнэнийг бичдэг болохоор үнэ цэнэтэйгээр оршин тогтнож чадаж байна. Яагаад гэвэл манай сонины удирдлагуудаас албан тушаал, авлигын хэрэгт холбогдож байсан удаагүй. Түүхэндээ шүү. Элдвийн урвасан няцсан зан байхгүй. Эрх нь зөрчигдсөн хүн байвал ямар ч нам, дарга, иргэн байсан ч хамаагүй буруутны нэрийг зарлаж байгаад л өмөөрдөг. Бурууд ташуур өгч, зөвийг дэмждэг, хүний эрхийн мэдрэмжтэй цорын ганц хэвлэл Монголд зөвхөн “Өдрийн сонин” л байна гэдгийг олон улсын болон судалгааны байгууллагууд үргэлж жишээ болгон ярьдаг. Ард түмний хүндэтгэж уншдаг төв хэвлэл нь “Өдрийн сонин” гэдгийг хэн хүнгүй мэднэ. Хамгийн гол нь “Өдрийн сонин”-д хэн ч дургүй биш. Иймд нэр дэвшигчид та бүхэн манай сониноор материалаа тараавал итгэл үнэмшил нэр хүндийн том баталгаа болно доо.

Орчин цагт нэр дэвшигчид мөнгөлөг чинээлэг болсны зовлон гялтгар, гоёмсог сэтгүүлүүд их гаргадаг болжээ. Нэг нэгэндээ зиндаархаж, зардлаа өсгөж өрсөлддөг сэтгүүлээр нь ядахдаа гал түлж болохгүй юм гээд уурлаад байх юм аа улсууд. Хэн их мөнгө зарж гоё сэтгүүл хийнэв тэр тусмаа хог болох, хүмүүсийн дургүй хүргэх бас тээр тойв болох нь их байна. Бараг тоосог шиг зузаан шохойтой цаастай, чулуу шиг хүнд сэтгүүл гар дээрээ тавиад уншина гээд бод доо. Хэцүү байх нь мэдээж юм.

Сонин бол хэдэн зууны түүхтэй соёл. Монголд гэхэд 111 жилийн өмнө анхны сонин уншигчдын гар дээр очиж байв. Харин Европт сонин үүссэн он тооллыг 1600 оноор бүртгэсэн байдаг. Сонингийн цаас зөөлөн байдаг учраас юу л бол юу хийж ирсэн. Эд зүйлээ бооно, галаа түлнэ, дамжуулаад уншчихна. Сүүлд цэцгийн баглааны тансаг боолт хийж байна. Бүтээлч хүмүүс сонингийн цаасаар сагс, тавиур хүртэл урлаж байна. Энэ мэтчилэн сонинг ямар ч байдлаар дахин ашиглах боломжтой. Сонингоор дамжуулж сурталчилгаагаа хийх нь хамгийн зөв шийдэл. Дахин хэлэхэд, нэр дэвшигчдийн нэр, зураг сонин дээр зарлагдаад орж ирэхэд л ард түмэн сонгууль албан ёсоор эхэлсэн гэдэгт үнэмшиж, итгэдэг соёл тогтоод удаж байна. Үүнийг анзаарч, ухаалгаар ашиглаарай, нэр дэвшигчид ээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Б.Цацрал: Дарангуйлагч А.Лукашенког эсэргүүцэн жагслаа гэж Монголын цагдаа биднийг эрүүдэн шүүлээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь улсын ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийж, өчигдөр манай улсад хүрэлцэн ирсэн. Энэхүү айлчлалыг эсэргүүцэн иргэдийн төлөөлөл болон “No War” хөдөлгөөний жагсагчид өчигдөр Төрийн ордны зүүн хаалганы дэргэд үзэл бодлоо илэрхийллээ.


– БИЕДЭЭ ШАРХ АВСАН. ГАР ХӨХӨРЧ, СУДАС ХАГАРСАН БАЙНА –

Энэ үеэр Нийслэлийн засаг дарга асан Монгол Улсын баатар Э.Бат-Үүл: -Беларусь улсын дарангуйлагч А.Г.Лукашенког УИХ-ын сонгуулийн үеэр Монголд төрийн айлчлал хийж байгааг эсэргүүцэж байгаа Ц.Чинбатынхаа үзэл бодлыг дэмжиж байна. Цуст дарангуйлагч А.Г.Лукашенког ардчилсан Монгол Улсад айлчлуулж байгааг эсэргүүцэж байна. Энэ хүн сүүлд өрсөлдөгч эмэгтэйдээ сонгуульд ялагдаж, төрийн эрх мэдлийг хүчээр булаан авч, Европын хамгийн аймшигтай дарангуйлагч болсон. Ийм хүнийг ардчилсан сонгуулиа зохион байгуулах гэж байгаа Монголд айлчлуулж байгаагаараа МАН юу хэлэх гэж байна вэ. Монгол Улс дарангуйлагч болох ёсгүй. Ард түмний сонголтын эрх мэдлийг булаасан энэ хүн Монголд айлчлах ёсгүй. Ийм санаатай үйлдлийг эсэргүүцэж байгаа. Монголоо Беларусь болгохгүйн төлөө тэмцэнэ гэв.

No description available.

Төв талбайд эсэргүүцлийн жагсаалыг “No War” хөдөлгөөний гишүүн Э.Одбаяр, Б.Цацралт, Т.Золбаяр, Ц.Жаргалсайхан нар зохион байгуулж, Украин улсын далбааг барьж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Энэ үеэр цагдаагийн алба хаагчид ирснээр жагсагчид болон цагдаагийн алба хаагчдын хооронд маргаан өрнөв. Улмаар дээрх нэр бүхий жагсагчдыг баривчлан Төв талбайгаас авч явлаа.

“No war” хөдөлгөөний гишүүн Б.Цацрал: -Гэмт хэрэгтэн А.Лукашенког эсэргүүцэн жагссан “No war” хөдөлгөөний залуусыг баривчилсан. Өдөр 12 цагийн цагийн үед Т.Золбаяр, Э.Одбаяр нарыг болон намайг үндэслэлгүй баривчилж, дараа нь Ц.Жаргалсайханыг мөн үндэслэлгүй баривчиллаа.

Олон улсын эрүүгийн гэмт хэрэгтэн Беларусийн ерөнхийлөгч А.Лукашенко Монгол Улсад айлчилж буйг эсэргүүцэн төв талбайд үзэл бодлоо илэрхийлэх гэтэл иргэдийг цагдаагийн алба хаагчид хүч хэрэглэн, хууль бусаар баривчлан гурван цаг Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтэст саатуулсан.

Биднийг цагдаагийнхан эрүүдэн шүүсэн. Би биедээ шарх авсан. Гар хөхөрч, судас нь хагарсан байна.

“No War” хөдөлгөөний гишүүн Т.Золбаяр: -Үзэл бодлоо илэрхийлээд жагсаад зогсож байж болохгүй юу. Хаана ч иймэрхүү эсэргүүцэл байж байдаг. Ялангуяа дарангуйлагч А.Г.Лукашенко мэтийн нөхөр улс оронд нь айлчлахад энэ байтугай эсэргүүцэж Тусгаар ардчилсан улс гэдгээ харуулна шүү, хэдүүлээ гэв.

Айлчлалыг эсэргүүцсэн жагсагчдыг баривчилсан талаарх асуудлаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэсээс тодруулахад “Өчигдөр Сүхбаатарын талбайд бүртгэлгүй жагсаал цуглаан зохион байгуулж болзошгүй үйлдэл хийж байгааг манай цагдаагийн алба хаагчид шалгасан. Энэ үеэр зарим улсын туг барьж явсан иргэдээс манай цагдаагийн алба хаагч хуулийн дагуу асуудлыг тодруулах зорилгоор шаардлага тавьж, шалгасан нь үнэн.

Энэ үед нэр бүхий иргэдээс төрийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн тул хуульд заасан үндэслэл журмын дагуу холбогдох шалгалтыг явуулж байна. Өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

М.Даваасамбуу: Найман иргэн хар тамхи гэж мэдэхгүйгээр хүний дайвар ачаа авч хэрэгт холбогдсон DNN.mn

Монгол Улсад үйлдэгдсэн хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн 30 хувийг хил нэвтрүүлэх оролдлого эзэлж байна. Тэр дундаа хар тамхи, мансууруулах бодис хилээр нэвтрүүлэх нийт оролдлогын 70 хувьд Бүгд Найрамдах Турк улсын чиглэл бүртгэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, цадаагийн ахлах дэслэгч М.Даваасамбуутай ярилцлаа.


-Хар тамхи, мансууруулах бодис хилээр нэвтрүүлэх оролдлогын 70 хувь нь Туркээс байна. Сүүлийн жилүүдэд хар тамхи хилээр нэвтрүүлэх гэмт хэрэг ихэсч байна уу?

-2010 оны байдлаар манай улс дамжин өнгөрүүлэгч гэсэн статустай байлаа. Харин 2014 оноос хэрэглэгч орон гэсэн статустай болчихсон.Хилээр орж ирэхдээ биедээ залгих, аль нэг хэсэгтээ биедээ нааж скочдож оруулж ирэх оролдлого хийж буй. Хэлбэр дүрсний хувьд Америк кинон дээр гардаг цагаан нунтаг хэлбэртэй, гадаад үзэмжтэй байхаа больсон. Харин хагалчихсан шил шиг, давс шиг, жамц давс шиг хэлбэрээр оруулж ирэх болсон. Динозавар гэх мэт тоглоомны дотор нуугаад хийчихсэн тохиолдол ч гарсан. Гутлынхаа нуманд ч хийчихсэн байсан. Мөн Туркээс оруулж буй шинэ бараа, хувцасны халаасанд оёх гэх мэт гэмт этгээдүүдийн үйлдэл нарийсч байна. Тэр бүрийг хамаагүй дурдаж болохгүй.

-Хүний дайвар ачааг хар тамхи гэж мэдэхгүйгээр аваад ял авсан хүн байна уу?

-Хүн мэдүүлэг, байцаалт өгнө. Гэхдээ хэн ч гэм буруутай эсэхээ тогтоолгох, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Тухайн хүмүүс “Би хүнээс авсан юм аа. Надад 50, 100 ам.доллар өгсөн. Мөнгөний хэрэгцээ байсан учраас мэдэхгүй авчихсан” гэдэг. Юу авч явж байгаагаа мэдэхгүй, биедээ авч хилээр гаргах оролдлого хийж Эрүүгийн хуулийн хариуцлага хүлээх болж байгаа юм.

-Хар тамхи гэдэг нь илт харагдах уу. Чихэр шиг харагдаж байна уу?

-Чихэр шиг хэлбэртэй хар тамхи байна. Бүр тавын гаа шиг харагддаг хар тамхи хүртэл бий болчихсон байна. Мөн бичиг баримт гэх мэт зүйлсийг дайх гэж байгаа бол шуудангаар явуулах хэрэгтэй. Иргэд сав баглаа боодолтой дайвар ачааг зүйлийг авахгүй байх хэрэгтэй. 2023 онд найман иргэн хүний дайвар ачааг хар тамхи гэж мэдэхгүйгээр авч хэрэгт холбогдсон.

-Нисэх онгоцны буудал дээрх “Body Scan” төхөөрөмжийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай юу?

-Биедээ ороож,залгисан ч бай тус төхөөрөмж нь хар тамхи болон хориотой зүйлсийг илрүүлэх тохиргоотой. Иргэдийг хүлээлгэхгүй илүү хурдан шалгалтыг явуулах гэвэл нэмэгдүүлэх хэрэгтэй. Одоогоор тухайн төхөөрөмж бүрэн ажиллаж, хүрэлцээтэй байна.

 

бүлэглэлүүд бий болж байна уу?

-Мөрдөн шалгах ажиллагаа ил болон далд хэлбэрээр явагддаг учир энэ талын мэдээлэл нууцын зэрэглэлтэй, мэдээлэл өгөх боломжгүй.

-Гэмт этгээдүүд баривчилгааны үеэр хийн буу, хутгатай эсэргүүцэл үзүүлэх болсон гэсэн мэдээлэл бий?

-Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын дагуу цагдаагийн албан хаагч тусгай хэрэгсэл хэрэглэх эрхтэй. Аливаа албан хаагч үүрэг гүйцэтгэх үедээ эрсдэлгүй, аюулгүй байдал чухал юм. Тиймээс алба хаагчид жил бүр хувцас, хамгаалах хантааз зэргээр хангагдаж байгаа.

-Өсвөр насны хүүхдүүд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох нь ихэсч байгаа тоо баримт байна…?

-Эцэг эхчүүд хүүхдээ хаана, хэнтэй, юу хийж байгааг анхаарах хэрэгтэй. Мэдээллийн сувгаар ямар мэдээ мэдээлэл авч байгааг нь мэдэж байх шаардлагатай. Ямар уран бүтээлчийн дууг сонсож байгааг ч мөн гадарлаж байх. Бүх эцэг эх үр хүүхдээ сайнаар харж, итгэдэг, гэхдээ хүүхдийнхээ аюулгүй байдалд анхаарах нь чухал. Гар бугуйнд нь зүү тариурын ул мөр байна уу, халаасны мөнгөө юунд зарцуулж байгааг мэдэж байх хэрэгтэй. Эм тариаг мансуурах зорилгоор хэрэглэж гар хуруугаа тайруулсан харамсалтай тохиолдлууд бий. Хар тамхийг нийгмийн гарал угсаа хамаарахгүйгээр мөнгөтэй, мөнгөгүй ямар ч хүн хэрэглэж байна. Хар тамхи, мансууруулах бодист ганц удаа гэж байдаггүй. Ганц удаа хэрэглэчихсэн хүний бие дасчихдаг учир үүнээс байнгын хараат байдалд орж байгаа юм. Хүний бие махбодод дасал өгчихдөг учир үүнийгээ дахин дахин хэрэглэх зайлшгүй шаардлагатай болдог.

-Хар тамхитай холбоотой ямар нэг сэжигтэй зүйлс олдвол цагдаагийн газарт мэдэгдэх ёстой юу?

-Иргэд 116 тусгай дугаарт үнэ төлбөргүй холбогдож мэдээлэл өгөх бүрэн боломжтой. Цагдаагийн газарт дуудлага мэдээлэл өгснөөрөө эргээд өөрөө байцаагдаж цаг заваа алдаж магадгүй гэдэг буруу ойлголттой байдаг. Хар тамхитай холбоотой зүйлийн хажуугаар чимээгүй өнгөрөх нь энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэх шалтгаан болно. Энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдсэнээр үндэсний аюулгүй байдалд ч аюул учруулах юм. Хар тамхины гэмт хэрэгтэй холбоотой мэдээллийг мэдээлсэн иргэний мэдээллийг чанд нууцалдаг.

-Хар тамхины хараат болчихсон хүн цагдаагийн байгууллагад өөрөө ирж, хэргээ хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Эрүүгийн хэргээс чөлөөлөгдөх боломжтой юу?

-Сайн дураараа цагдаагийн байгууллагад ирэх юм бол Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөнө. Мөн тухайн хүнийг шаардлагатай донтолтоос ангижруулах байгууллагатай холбон зуучилж байна. Түүгээр зогсохгүй Хар тамхитай тэмцэх газарт сэтгэл зүйч ажиллаж байна.

-Хар тамхины хэргээр хорих ял эдлээд суллагдаж байгаа хүмүүсийг нийгэмшүүлэх, эрүүлжүүлэх ажил хийгдэж байна уу?

-Япон улсын туршлагын хувьд хар тамхины хамааралтай хүн өөрийн сайн дурын үндсэн дээр хүсэх юм бол мэргэжлийн эмч, сэтгэл зүйч нар ажилладаг аж. Манай улсын хувьд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит байгууллага цөөн байна.

-Таван жилийн хугацаанд 58 хүүхэд хар тамхины хэргээр ял шийтгэгдсэн байна. Өсвөр үеийнхэн хар тамхины хор уршгийн тухай мэдлэг мэдээлэлтэй байна уу?

-Хүүхэд залуус интернэтээс хязгааргүй мэдээ мэдээлэл авах боломжтой болжээ. Гэвч энэ нь сөрөг талтай байна. Буруу үлгэр дуурайл интернэтээс харж, түүнийг даган дуурайх магадлал өндөр байдаг.

-Урьдчилан сэргийлэх ажил яагаад чухал вэ?

-Урдчилан сэргийлэх ажил маш чухал. Хар тамхинаас урьдчилан сэргийлэх ажлыг маш болгоомжтой хийдэг. Учир нь муу урьдчилан сэргийлэх ажил маш их хэмжээний буруу сэдэл өгөх эрсдэлтэй. Тиймээс энэ талын ажил дээр маш болгоомжтой ханддаг. Судалгаанаас үзэхэд, арван хүүхэд тутмын зургаа нь бусдыг даган дуурайсан байдаг. Тэднийг уруу татаж байгаа хүн нь найз нөхөд, олны танил хүмүүс юм. Олны танил хүмүүс үлгэрлэл болох ёстой байтал зөв үлгэрлэл үзүүлж чадахгүй байна. Тиймээс олны танил хүмүүсээр энэ төрлийн гэмт хэргээс сэргийлэх уриалга хийх ажлуудыг зохион байгуулж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “Ардчилсан орнуудад сонгогдох эрхийг хамгаалдаг бол манайд аль болох хааж, боож сонгогдохгүй болгохыг илүүд үздэг” гэв DNN.mn

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “No war” хөдөлгөөний гишүүн Б.Цацралт “Дарангуйлагч А.Лукашенког эсэргүүцэн жагслаа гэж Монголын цагдаа биднийг эрүүдэн шүүлээ” хэмээн ярилаа.

ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, цадаагийн ахлах дэслэгч М.Даваасамбуу “Найман иргэн хар тамхи гэж мэдэхгүйгээр хүний дайвар ачаа авч хэрэгт холбогдсон” гэв.

УИХ-ын гишүүн  Ц.Сандаг-Очир “Газар нутгийнхаа 4.5 хувьд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон байна” хэмээн “Улс төр” нүүрт ярилаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Ардчилсан орнуудад сонгогдох эрхийг хамгаалдаг бол манайд аль болох хааж, боож сонгогдохгүй болгохыг илүүд үздэг” гэв.  

Архитай, халамжтай, хүчингийн хэрэгтэй, хагацалтай, хүүхэд
шаналсан гэр хорооллын амьдралын гүнээс… Энэ тухай I болон “Баримт, үйл явдал” нүүрээс уншаарай.

ГАДААД МЭДЭЭ: Дун Жун: Бид Тайванийн тусгаар тогтнолыг хязгаарлах шийдвэртэй арга хэмжээ авна

АРЫН НҮҮР: Улстөрчид “Сошиал хөөс”-ийг ард түмэн, сонгогчид гэж андуурах хэрэггүй

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Б.Батхуяг: Баян ядуу ялгаагүй бүгд хар тамхи хэрэглэж байна. Ядуу нь хямдханыг, баян нь синтетик төрлийн бодис хэрэглэж байна DNN.mn

Коломбын төлөвлөгөө байгууллагын Зөвлөлдөх хорооны 48 дахь удаагийн хурал Монгол Улсад анх удаа тавдугаар сарын 31-нд болж өнгөрлөө. Энэхүү хуралд тус байгууллагын 20 гаруй гишүүн орны гадна, дотны 50 төлөөлөгч оролцсон юм. Энэ үеэр Хар тамхитай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Б.Батхуягтай ярилцлаа.


-Сүүлийн жилүүдэд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой зөрчил нэмэгдэж байна уу?

-Энэ төрлийн гэмт хэрэг жил ирэх тусам нэмэгдсээр байна. 2017 онд 79 гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол 2023 онд 238 гэмт хэрэг бүртгэгдсэн нь таван жилийн хугацаанд гарсан огцом өсөлт юм. Манай улсын хэмжээнд 2024 оны нэгдүгээр улирлын байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой нийт 70 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21 буюу 42.8 хувиар өссөн байна. Хар тамхитай холбоотой гэмт хэрэг нь хохирогчийн гомдлоор илэрдэггүй болохоор далд хэлбэртэй байдаг.

-Илрүүлэлт сайжирч байна уу?

-2017 онд ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар байгуулагдсанаар энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, мөшгөх тасгийн бие бүрэлдэхүүний тоо нэмэгдсэн. Мөн 2022 онд бүтэц бүрэлдэхүүний тоо нэмэгдсэн нь хэрэг илрүүлэлт нэмэгдэхэд сайнаар нөлөөлсөн. Хил, гааль дээр хүүхдийн тоглоом, өөр төрлийн бараа бүтээгдэхүүн зэргийн дотор хар тамхийг нуун далдалж хилээр оруулж ирэх оролдлого гарч байна. Гэмт этгээдүүд өөрсдийгөө баригдуулахгүйн тулд бусдад дайвар болгож өгөх өндөр эрсдэлтэй байдаг болохоор иргэд хэнээс ч дайвар ачаа авахгүй байхыг хатуу анхааруулж байна.

-Монгол Улсад ургаж буй мансууруулах үйлчилгээтэй ургамлыг түүх, бэлтгэх, хэрэглэхтэй холбоотой гэмт хэргийн эсрэг ургамлын устгалын ажил хэрхэн явагдаж байна вэ. Илүү эрчимтэй ургалтын ажлыг хийхийг тулд ямар дэмжлэг, бодлого шаардлагатай байна?

-Манай улсын нутаг дэвсгэрт ургадаг мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг 2013 оноос хойш устгах ажлыг зохион байгуулж байна. Гэвч бүрэн устахгүй байгаагаас болж энэ төрлийн гэмт хэргийн гаралтад сөргөөр нөлөөлсөөр байна. Мэргэжлийн ургамал судлаач ажиллах нэн шаардлагатай. Хар тамхитай тэмцэх газраас зэрлэг ургамлыг устггах ажлыг жил бүр зохион байгуулдаг. Орон нутгаас хотын чиглэлд явж байгаа тээврийн хэрэгсэлд тавих хараа хяналтыг нэмэгдүүлэн ажиллаж байна.

-Мансууруулах үйлчилгээтэй ургамлыг устгахад хэр их зардал гардаг вэ?

-Манай улсад бүртгэгдэж байгаа энэ төрлийн зөрчлийн 70 гаруй хувь Монголд түүсэн, бэлтгэсэн мансууруулах ургамлаас гаралтай. Мансууруулах үйлчилгээтэй ургамал 15000 орчим га газат ургаж байна. Нэг га газрын устгалыг бүрэн зогсооход 400 мянган төгрөг шаардлагатай. Нийт зургаан тэрбум орчим төгрөг гэсэн үг. Гэтэл устгалын ажилд жилд 120 сая төгрөг төсөвлөгддөг. Үүнийг нэмэгдүүлэх нэн шаардлагатай. Ингэвэл тархацыг бүрэн устгах төсөв бүрдэнэ. Нэг бүс нутагт таваас доошгүй жил тасралтгүй 100 хувь устгах ажиллагаа явуулчих юм бол гэмт хэргийн 70 орчим хувийг эзэлж буй эх үүсвэрийг үгүй хийнэ.

 

Б.Батхуяг: Баян ядуу ялгаагүй бүгд хар тамхи хэрэглэж байна.

Ядуу нь хямдханыг, баян нь синтетик төрлийн бодис хэрэглэж байна

 

Хаяанд шахуу ургаж буй нь дурын хүн хэрэглэх бололцоог бий болгож маш их эрсдэл дагуулж байгаа юм. Хөрсөнд буй үрийг устгахад мэргэжлийн хүмүүсийн оролцоо чухал үүрэгтэй. Түүгээр зогсохгүй сансраас тархацыг тандан судлах ажлыг хийх шаардлагатай. 14 аймагт тархалттай байсан. Гурван аймгийн тархацыг бүрэн устгасан.

-Хар тамхи, хориотой бодис улсын хилээр нэвтрүүлэх оролдлого хэдэн хувийг эзэлж байна вэ?

-Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн 30 хувийг гадны улсаас синтетик төрлийн бодис хилээр нэвтрүүлэх оролдлого эзэлж байна. Хүчтэй үйлчилдэг олон төрлийн синтетик бодис оруулж ирж байна. Турк улсад визгүй зорчдог учир хилээр нэвтрүүлэх оролдлогын 75 хувийг Турк улсаас зорчигчид үйлдэж байна.

-Хар тамхи, мансууруулах бодисыг нийгмийн аль бүлгийн хүмүүс хэрэглэж байна?

-Насны байдлаар авч үзвэл 13-25 насныхан 54 хувийг, 35 хүртэлх насныхан 92 хувийг эзэлдэг. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн гаралт ихэсч байна. Мөн мансуурагч, донтогчдын нас залуужих хандлагатай байна. Нийгэмд, тэр дундаа эцэг эхчүүдэд байдаг буруу ойлголт нь хар тамхи бол мөнгөтэй хүний хийж чадах зүйл гэдэг. Үгүй шүү. Хар тамхины хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн 58 хувь нь ажилгүй. 62 хувь нь бүрэн дунд боловсролтой. Баян, ядуу ялгаагүй бүгд хэрэглэж байна. Ядуу нь хямдханыг, баян нь синтетик төрлийн мансууруулах бодис хэрэглэж байна.

-Мансууруулах тун авах гэж гэмт хэрэг үйлдэж байна уу?

-Хамгийн аюултай нь мөнгөгүй хүмүүс хэрэглэх тунгаа олох гэж гэмт хэрэг үйлдэж байна. Хулгай, дээрэм хийж байж нэг удаа хэрэглэж тунгаа худалдаж авах мөнгөө олдог. Донтчихсон учраас худалдаж авах мөнгөө олох гэж юуг ч хийх эрсдэлтэй. Биеэ үнэлэх ч тохиолдол байна.

-Цагдаагийн газрын зүгээс хар тамхитай тэмцэхээр ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг цахим сүлжээгээр сурталчилсан контентыг устгах зорилгоор Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран “Илэрц” арга хэмжээг энэ оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс тавдугаар сарын 10-ны өдрийн хооронд зохион байгуулсан. Энэ хүрээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг ил болон далд хэлбэрээр сурталчилсан агуулга бүхий зөрчилтэй 59 мэдээллийг олж илрүүлэн Харилцаа холбооны зохицуулах хороонд устгуулахаар хүргүүлсэн. Хар тамхийг ил болон далд хэлбэрээр сурталчилсан агуулга бүхий кино, клип, дуу, жүжиг, видео бичлэгийг иргэд, олон нийтэд түгээхгүй байх чиглэлээр 16 телевиз, 4 IPTV, 21 мэдээллийн сайтад албан мэдэгдэл хүргүүлсэн. Гэвч зарим байгууллагад тавьж буй шаардлагын биелэлт хангалтгүй байна.

-Сэтгэцэд нөлөөтэй эм бэлдмэлийн тухай тодруулбал?

-Мансууруулах 13, сэтгэцэд нөлөөт 33 эм буюу нийт 46 төрлийн эм бэлдмэл байна.Тэдгээрийг зөвхөн эмчийн зөвшөөрөлтэй олгоно.

-Өсвөр насны хүүхдүүд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байгаад гараа тайруулах харамсалтай хэрэг гарах боллоо. Ийм тохиолдол хэр их байна вэ?

-Хар тамхины хэрэгт холбогдсон 10 хүүхэд тутмын дөрөв нь бусдыг даган дуурайсан байдаг. Мөн эмчилгээнд хэрэглэдэг жортой болон жоргүй олгогддог эмийг зориулалтын бусаар ашиглаж 2022 онд тав хүн хуруу гараа тайруулах мэс ажилбарт орсон. Энгийн жороор олгодог эмийг урвуулан хэрэглэж амь үрэгдсэн тохиолдол 2022 онд найм бүртгэгдсэн. Энэхүү эм нь бүрэн найрагддаггүй учир судсанд бөөгнөрөл үүсч гараа тайруулахаас өөр аргагүй болдог.

-Эцэг эхчүүдийн хараа хяналт сул байна уу. Хар тамхи хэрэглэсэн хүний ерөнхий шинж тэмдэг ямар байдаг вэ?

-Эцэг эхчүүд хар тамхины тухай мэдлэг мэдээлэлгүй байна. Хар тамхи, мансууруулах үйлчилгээтэй өвс хэрэглэсэн хүүхэд бие организм, амьдралын хэв маяг, зан араншингийн ямар өөрчлөлттэй байдаг гэдгийг мэдэх хэрэгтэй. Их мөнгөтэй хүн хэрэглэдэг гэдэг өрөөсгөл ойлголтоос салах ёстой. Хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавьж буруу үлгэр дуурайллаас хамгаалах нь чухал юм. Хүүхэд нь оройн цагаар гэртээ ирвэл өдрийн цагаар юу хийснийг нь асуухгүй байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд 58 хүүхэд хар тамхитай холбоотой хэргээр ял шийтгүүлсэн байна.

-“Чингис хаан” нисэх онгоцны буудал дээр хар тамхи илрүүлэх төхөөрөмж нэмэлтээр байрлуулсан гэсэн үү?

-“Чингис хаан” олон улсын нисэх буудалд “Хар тамхи” илрүүлэх “Body scan” төхөөрөмжийг байршуулсан. Энэхүү төхөөрөмж нь хүн хар тамхийг залгисан, өгзөг рүүгээ хийсэн байсан ч олж илрүүлэх юм.

-Дахин асуухад хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн хүнд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Хар тамхи хэрэглэдэг, худалдан борлуулдаг хүмүүс өвс болон шар шувууны шивээстэй байх хандлагатай байдаг. Мөн хувцаслалт болон харагдах байдлаараа илт доройтдог. Байгаа бүх зүйлээ зардаг. Тэгж байж мансууруулах зүйлээ худалдаж авдаг.

-Ял шийтгэлээс суллагдсан иргэдийг нийгэмшүүлэх, эрүүлжүүлэх нь яагаад чухал вэ?

-Нэг зүйлийг онцолж хэлэхэд, хэрвээ хар тамхинаас хараат болчихсон хүн Цагдаагийн байгууллагад өөрөө эхэлж хандсан тохиолдолд ял шийтгэл хүлээхгүй. Мөн энэ төрлийн гэмт хэргийн улмаас ял шийтгэл эдэлж суллагдсан хүмүүсийг мэргэжлийн байгууллагад холбон зуучилж байгаа ч олон улсын стандартын дагуу донтолтын эмчилгээг хийх хэрэгтэй байна. Таваас зургаан удаа хар тамхины хэргээр ял шийтгэл эдэлсэн хүн ч байдаг. Барууны оронд донтолтын эмчилгээ таван жилийн хугацаатай үргэлжилдэг гэдэг. Бид эдгээр хүмүүсээ ниймгэмшүүлэх, тэднийг амьдралын зорилготой болгох хэрэгтэй байна. Хийх зүйлгүй, ажилгүй, амьдралын зорилгогүй хүн дахиад л хар тамхи хэрэглэдэг. Амьдралын нэгдүгээрт хар тамхи бус хүүхэд, гэр бүл, ажил хөдөлмөрийг нь авч ирж тавихад нь тусалж дэмжих хэрэгтэй.

-Олны танил хүмүүс цахим орчинд мансууруулах үйлчилгээтэй өвс барьсан дуу бичлэг хийх нь хүүхэд залуу үед буруу үлгэр дуурайл болж байна уу?

-Хар тамхины хэрэгт холбогдсон иргэдийн 50 орчим хувь нь ямар ч мэдлэг ойлголтгүй. Уран бүтээлээрээ олонд танигдаж, хүндлэл хүлээсэн эрхмүүд нийгэмд зөв үлгэр дуурайл үзүүлэх учиртай ч үүргээ умартаж, олон мянган залууст хар тамхи хэрэглэх сэдэл өгч байгаа нь харамсалтай. Шүтэн биширдэг уран бүтээлчид нь хар тамхи хэрэглэснийг харсан хэн нэгэн түүнийг даган дуурайхыг үгүйсгэхгүй. Мөн 1961 онд НҮБ-аас баталсан мансууруулах төрлийн ургамлыг шинжилгээ судалгааны зориулалтаар ашиглаж заалтыг хассаныг утга мушгин мансууруулах төрлийн ургамлын жагсаалтаас хассан байхад Монголд хасахгүй байгаа мэтээр буруу мэдээлэл өгөх тохиолдол гарсан.

-Олны танил ямар хүмүүс цагдаагийн байгууллагатай хамтарч хар тамхины эсрэг хувь нэмрээ оруулж байна вэ?

-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг иргэд олон нийтэд таниулах зорилгоор “Цахим нөлөөлөл”-ийн аяныг энэ оны нэг, хоёрдугаар сард зохион байгуулсан. Тус арга хэмжээнд олны танил хүмүүсийг татан оролцуулж, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “The Hu” хамтлаг, дуучин А.Хишигдалай, Thunder, бүх насны хүүхдүүдийн үздэг Youtuber Gremix хүртэл хамтарсан. Мөн сэтгүүлч Г.Алтантүрүү гэх мэт олны танил хүмүүс бидэнтэй хамтарч ажиллаж байна. Сагсан бөмбөгийн дээд лигийн олон тамирчин мөн энэхүү ажилд оролцсон. Нэр бүхий хамтлаг тодорхой шалтгаангүйгээр хар тамхины эсрэг, үүнээс сэргийлэх ажилд татгалзахад хамтарч ажиллах хүсэлтээс татгалзсан. Урьдчилан сэргийлэх, таниулах ажил сайн хийгдэх хэрэгтэй. Хор уршгийг нь мэддэг, үүнийг жигшдэг байж хүүхэд залуус үүнд автахгүй. Түүнчлэн эрэлт үгүй болно. Эрэлтгүй болчихвол нийлүүлэлтгүй болно. Ирээдүй хойч үеийнхээ төлөө бид дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй байна.