Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Борооны тухай дурсамж алсран холдох нь үгүй DNN.mn

Үргэлжилсэн бороотой өдрүүд хүүхэд насны минь дурсамжийг сэдрээж, тэртээх он жилүүдийг энүүхэнд авчрах мэт санагдаж, сэтгэл гэгэлзүүлэх нь соньхон. Говийн хүн болохоор ч тэр үү, бороо орно гэдэг үнэхээр сайхан жаргалтай мөч байж дээ. Ялангуяа нартай бороо хэчнээн гоё гээч. Зулай, ул хоёроос нэвт төөнөсөн говийн пүнхийсэн аагим халуун агаар цэвэршиж, сэрүү татаад цаанаа л нэг баясалтай. Хэсэгхэн зуур асгарсан бороо түр амсхийхэд багачууд бид гэрээсээ гүйн гарч “Бороо бороо ороорой, Оросын маамуу ирээрэй” гэж хоолой мэдэн дуулалдаад ус туучин гүйлддэг сэн. Халтирч унах, хувцас хунар халтартахыг тоох ч үгүй.

Харин дуу цахилгаантай бороо орохоор ээж гэрээс гаргахгүй. Тэр бүү хэл, хаалга голлож зогсохыг хориглоно. Аянга бууна гэж айж байгаа нь тэр. Тэнгэрийн дуу тасхийгээд цахилгаан цахих бүрт ээж минь “Намхайжанцаан” гэж заавал чангаар хэлж залбирдаг байлаа. Нэлсхийтэл гэрэл татуулаад цахилгаан цахих ч бас л сүртэй шүү. Учрыг нь сайн мэдэхгүй ч одоо би өөрөө тэнгэр дуугарч, цахилгаан цахихаар “Намхайжанцаан” гэж уулга алддаг ээж болсон. Хүүхдүүд маань ч багадаа бороо орох бүрт “Бороо бороо ороорой, Оросын маамуу ирээрэй” гэж дуулдаг байв. Хөдөө гэрт очихоор ижий минь нуруун дээрээ шороотой сохор номинг хараад “За ашгүй бороо орох нь” гэдэг байсан сан.

Сүүлийн өдрүүдэд нийслэлд үргэлжилсэн бороо орж, нялх багын дурсамжийг минь эргүүлэн сануулж байна. Тэр бүрийд зэрэглээнд торолзох Дорнын говио санаж, хурмасттай тохиролцдог бол говьд оруулах сан, энэ хурыг гэсэн бодолд дарагдаад л явна.

Нартай, бороотой өдөр хүнгүй газар очоод хөл нүцгэн гүймээр, хүүхэд насандаа эргэж нэг очмоор санагддагаа нуухгүй тийм л өдрүүд үргэлжилж байна даа.

Н.САРАНЧИМЭГ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Доктор Г.Батсуурь: Хүүхэд багачууд хулчгар дорой, гутранги үзэлтэй болсон гэдэг нь үнэн. Энэ нь уран зохиолын боловсролын асуудалтай холбоотой DNN.mn

Боловсролын мэргэжилтнүүд хүүхэд багачуудын сэтгэлгээ маш гутранги, ирээдүйдээ итгэх итгэлгүй болсныг хэлж байна. Хүүхдүүдийн сэтгэхүйг өөрчлөх, тэдэнд зориг тэмүүлэл өгч зоригжуулах уран зохиол, урлаг муу байгаагаас хүүхдүүд хулчгар дорой, гутранги болж буй нь илт анзаарагдах болсон. Энэ талаар МУБИС-ийн Утга зохиолын тэнхимийн багш, уран зохиол шүүмжлэгч, доктор Г.Батсуурьтай ярилцлаа.


-Хүүхдүүд гутранги, ирээдүйдээ итгэх итгэлгүй, амьдрах урам зориггүй болсныг багш нар, боловсрол судлаач мэргэжилтнүүд хэлж байна. Монголын ирээдүй ийм болсон нь харамсалтай. Хүүхэд багачуудын хүмүүжил, ертөнцийг үзэх үзэл, гол чиг шугам нь болсон урлаг, уран зохиол үүргээ гүйцэтгэхгүй байна уу даа. Судлаач эрдэмтний хувьд та ямар бодолтой байна?

-Тэр үнэн. 2018 оны байдлаар амиа хорлох тохиолдлын тоо 100 мянган хүн тутамд 18.67 хувьтай, 13-18 насны хүүхдүүд сүүлийн нэг жилийн дотор 23 хувь нь амиа хорлох талаар бодож үзсэн байгаа бол 9.3 хувь нь амиа хорлох оролдлого хийсэн гэсэн тоо бий шүү. Өөрөөр хэлбэл, 4 хүүхэд тутмын нэг нь амиа хорлох бодолтой, 10 хүүхэд тутмын нэг нь амиа хорлох оролдлого хийж үзсэн дүн гарсан байдаг. Энэ 2018 оны тоо гэхээр одоо улам л нэмэгдсэн байж таарна. За миний хувьд бол ийм байдлыг саармагжуулах хоёр гол зүйлийг анзаарсан. Нэгдүгээрт, шашин. Монголчууд шашнаа гээгээд 100 орчим жил боллоо, сэргэсэн гэдэг ч яг хэрэг дээрээ шашингүй үзэлтнүүдээр дүүрсэн орон. Миний аав ээж хуучин нийгмийн сэхээтнүүд шашингүй, намайг бас тийм болгож хүмүүжүүлсэн шиг байгаа юм, бидний үе ч тэгээд шашныг ямагт муулдаг л нийгэм байсан, миний үр хүүхэд бас шашингүй хүмүүс болж өсөж төлөвшлөө. Өөрөөр хэлбэл, шашингүй үзэлтэй гурван үе төлөвшсөн байна. Би шашин гэдэг үгээр Буддизмыг хэлж байгаа шүү. Гэтэл АНУ-ын ерөнхийлөгч тангараг өргөхдөө гартаа Библи барьдаг, өөрөөр хэлбэл хамгийн сүүлчийн итгэл үнэмшил шашин нь байгаа биз. Гэтэл манайд шашныг төр хүндэлнэ ч билүү нэг заалт оруулаад л хаячихсан, миний бодлоор хүүхдүүдэд багаас нь Буддизмыг маш зөв талаас нь Нямсамбуу гавжийн яриад байдаг түвшинд заамаар байна. Энэтхэг гэж дэлхийн хамгийн олон хүнтэй улс, ихэнх асуудлаа шашнаар дамжуулан шийдээд явж л байна. Хүн амьдралдаа, өөртөө, эцэг эхдээ, хүнд хайртай болоход нөлөөлдөг хамгийн том зүйл бол шашин юм байна. Гэтэл бид баяр ёслол бүрээр “Сэрэлт” киног үзээд лам багш шиг муухай амьтан үгүй гээд сууж л байна. Зүүн Европт л гэхэд хуучин нийгмийн үзэл суртлын киногоо шууд л хориглосон ш дээ. Тэр Иргэний боловсрол.., энэ тэр гээд олон хичээлүүдийн нэгний оронд Буддын үндэс гэдэг хичээл орох цаг болсон. Хоёрт гэвэл уран зохиол. Уран зохиолд үхлийг бичдэг нь үнэн, гэхдээ эцсийн эцэст юуны төлөө үхэх нь утга учиртай юм, ямар үхэл нь үнэ цэнэгүй юм гэдгийг ухааруулдаг. Тиймээс уран зохиол бол хүнийг амьдралд хайртай байхад сургадаг. Уран зохиолын боловсролыг эх хэлний боловсролын хавсарга, дасгал ажиллах хэрэглэгдэхүүн байдлаар зааж ирсний гай одоо илэрч байгаа нь энэ гутранги үзэл. Хуучин байсан хичээлээс гадуур уншлага гэдэг цаг аль эрт нөгөө ертөнцөд одсон, ном уншдаг хүүхэд үгүй болсон, мэдээж энэ бол хүүхдүүдийн буруу биш, томчууд бидний төр засгийн буруу. Өнөөгийн мэдээлэлжсэн үед номыг нь тэр сонирхоод байгаа ертөнц рүү нь оруулахаас өөр арга үгүй. Гэтэл үүнд том бодлого том мөнгө хэрэгтэй, номын зах зээл багатай манайх шиг улсад хүүхдийн номын тал дээр төрийн ухаалаг, мэдээлэлжсэн, урт хугацааны бодлого хэрэгтэй. Нэг нам солигдоод л өөрчлөгддөг бол юуных нь төрийн бодлого байх билээ, хүүхдийн боловсролд оруулж байгаа хөрөнгө оруулалт бол тухайн үндэстний өөрийн ирээдүйд оруулж байгаа хөрөнгө оруулалт гэдгийг мэдсэн ч мэдээгүй юм шиг л явсаар өдий хүрлээ. Өнөөдөр уужуу ухаантай гэгддэг монголчууд амиа хорлолтоор өчүүхэн хойгийн Солонгостой өрсөлдөөд л явж байна. Энэ бол эмгэнэл. Тэгэхээр хүүхдийн уран зохиолын салбарт төрийн том бодлого хэрэгтэй болоод байна. Энэ хоёр зүйлийг л хэлье.

-Хуучин цагийн хомоолтой бор даага, өнчин ядуу хүү хамгийн мундаг баатар болдог, баян хөрөнгөтэй муу адгийн муу байдаг энэ сэтгэлгээг яаж өөрчлөх вэ. Манай бүх үлгэр туульс ийм шугамтай?

-Манай хүүхдийн уран зохиолын хувьд хоёр зүйл байна. Нэг хэсэг буюу арай ахмадуудын бичсэн юмыг хүүхдүүд хүлээж авахаа байсан. Учир нь яг саяны хэлсэн шиг юмнууд өнчин хүү, баатар болох энэ тэр гээд бичихээр хэлд ороогүй байхаасаа барууны анимейшн үзсэн хүүхэд яаж хүлээж авах билээ. Хүй нэгдлийн үеийн юм бичдэг хэсэг нөхөд байна аа, байна. Тэд маань ингэсгээд больсон дээр байх. Хоёр дахь нь барууны комик, японы манга дуурайгсад байна. Тэр нь мэдээж одоо төлөвших болоогүй, японы уран зохиол, урлагийг бид мэднэ дээ, хаанаас нь ч харсан, бүр үнэрлэсэн япон л үнэртдэг. Бид болохоор Оросыг баахан дуурайсан, одоо баруун гээд өөрийн юмгүй болж байна. Үлгэр туульс тогтсон шугамтай байж болно. Бид шинэ үеийнхэн өөрийн гэсэн монгол хүүхдийн загвартай, түүндээ тохирсон утга зохиолтой болох болсон, ер нь оройтлоо доо. Анимейшн хийхэд зардал өндөр, манайх шиг улсад зах зээлийн хуулинд даатган хаях боломжгүй, төр л оролцохоос аргагүй, гэтэл төр нь төр биш, яалтай ч юм.

-Баян хүн, мөнгөтэй хөрөнгөтэй хүн муу хүн байдаг энэ үлгэр домгоосоо одоо салмаар байна. Баян хүнийг үзэн ядаж өссөн хүүхдүүд яаж хөрөнгөтэй, эрх чөлөөт нийгмийг цогцлоож баялаг бүтээгчид болох юм бэ?

-Тийм тийм, соц үеэс үлдсэн айхтар буруу ойлголтуудын нэг нь шашинтай хүн бол хоцрогдсон амьтан гэдэг үзэл, нөгөө нь баян хүнийг үзэн ядах. Үүнийг өөрчлөх болсон, ингэхдээ уран зохиолыг ашигламаар байна. Бид ярилцаад 1-12 анги бүрт 10 ном, нийт 120 номын нэр гаргаж үздэг юм уу гэж тогтсон л доо. Гэхдээ хичээлээс гадуур уншлага, уран зохиолын хичээл ийм байгаа цагт энэ хэрэгжихэд хэцүү л дээ.

-Ер нь манай уран зохиол, дуу хуур, шүлэг найраг дандаа гингэнэсэн, гонгиносон, хайр дурлалыг дуулсан, дурлалаас өөр юм байхгүй, дурласан хүүхэн залуугийнхаа төлөө амиа өгөх тухай ийм л философитой явж ирсний гор нь өнөөгийн бидний ядуу гуйлгачин, дурлал хайр гээчийг ярьж уйлж дуулж хуурдахаас өөрийг мэдэхгүй, өөрийг бүтээж үзээгүй энэ нийгэм цаг үе маань болчихоод байна. Тиймийн учир хүүхэд багачууд маань ч ийм хулчгар дорой, гутранги үзэлтэй болчихоод байх шиг?

-Манайхны шүлэг найраг гэнгэнэж, гонгиносон, хайр дурлалын энээ тэрээ гэдэг бол үнэн үнэн. Дээр хэлээд байгаа уран зохиолын боловсролын асуудал. Ер нь манай ЕБС-ийн хичээлүүдийг хүн болгох хичээл, мэдлэгтэй болгох хичээл гээд хоёр хувааж болно. Байгалийн ухааны математик, хими, физик гээд мэдлэг өгдөг хичээлүүд чухал байлгүй яахав, хөгжлийн суурь нь тэр, гэхдээ масс бол бүгд түүнийг сурч чадахгүй л дээ, уран зохиол, дуу хөгжим, дүрслэх урлаг бол хүн талдаа илүү анхаардаг. Гэтэл нийгэмд бүгд математикч байсан дээр үү. Хүн алдаггүй, хүүхэн хүчинддэггүй, бас өөрийгөө алдаггүй хүн хэрэгтэй юм уу? Үүнд манай боловсролын тогтолцоо хариулт өгөх болсон шүү!

Г.БАЛГАРМАА М.НЯМДОЛГОР

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Дээшин: Том биетэй, ашиг шимтэй гэсэн мал болгоныг авчраад үржүүлэг, хээлтүүлэгт ашиглаж болдоггүй DNN.mn

Монгол Улсын зөвлөх мал зүйч Г.Дээшинтэй ярилцлаа.


-Дэлхий дахинд мал аж ахуйн салбар ямар түвшинд хөгжиж байна вэ?

-Өнөө цагт дэлхий даяар эко чиглэл рүү хөгжиж байгааг бүгд мэднэ. Хөдөө аж ахуйн салбар гэхэд онгон байгаль өөрөө өөрийгөө нөхөн сэргээх технологийг илүүд үзэж байх жишээтэй. Худаг ус гаргалаа гэхэд хөрсийг нь хөндөхгүйгээр байгальтай харьцаж байна шүү дээ. Хүн төрөлхтөн хүртэл байгалийн гаралтай, экологийн бүтээгдэхүүн хэрэглэх сонирхолтой болж байна. Энэ үүднээс хөдөө аж ахуйг хөгжүүлэх бодлого эрчимжиж байгаа. Малын ялгадсыг ашиглаад газар тариаланд зориулж бордоо үйлдвэрлэж байна.

Хөдөө орон нутагт бууцыг ашиглаад хадлан тариалан, хүнсний ногооны ургацыг нэмэгдүүлдэг арга технологи бий. Жишээлбэл, шувууны сангасыг ашиглаад сайн чанарын бордоо үйлдвэрлээд тэжээлийн тариаланд ашиглаж байна. Энэ мэтчилэн дэлхий дахинд нэвтэрсэн технологийн шийдлүүд хөдөө аж ахуйн салбарт өргөн дэлгэр нэвтэрсэн байна.

-Олон улсад мал аж ахуйн салбарт технологийн ямар шийдлүүдийг ашиглаж байна вэ. Тэдгээрийг Монголд нутагшуулах ямар боломжууд байна?

-Өнөөдөр дэлхий 378.8 тэрбум малтай байна. Мал аж ахуйн салбарт маш олон янзын технологийн шийдлүүдийг ашиглаж байгаа. Тэдгээрээс нөхөн үржихүйн технологийг онцолмоор байна. Малын үүлдэр угсааг сайжруулах, богино хугацаанд өсгөх чиглэл дээр гарсан технологийн шийдлүүдийг нэрлэж болно. Үүний нэг нь зохиомол хээлтүүлэг. Богино хугацаанд өндөр ашиг шимт малаас олон төл авч байх жишээтэй. Үүнийг манайд нэлээд өргөн хэрэглэж байгаа. Энэ бол биотехнологийн нэг арга. Бас хөврөл үр шилжүүлэн суулгах технологи ашиглаж байгаа. Энэ нь үр тогтсон өндгөн эснээс аваад хээлтүүлэг хийнэ гэсэн үг. Голдуу хонь, ямаа, үхрийн аж ахуйд ийм технологийг хэрэглэж байна. Мөн өндөр ашиг шимт малын үрээр зохиомол хээлтүүлэг хийхдээ хүйс жолоодох технологийг ашигладаг.

-Төл малын хүйс жолоодох технологийн талаар дэлгэрүүлэхгүй юу?

-Ер нь гарсан төл болгон нь охин байна гэсэн үг. Угаасаа эдгээр арга технологиуд мал аж ахуйн нөхөн үржүүлэх, чанар сайжруулахад чиглэгддэг. Ийм үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, мал аж ахуйн мэргэжилтнүүд Монголд хэд, хэд бий. Мөн хоёр өөр үүлдрийн малыг хооронд нь хээлтүүлэх технологи амжилттай хэрэгжиж байна. Жишээлбэл, Монголын үхэр, сарлаг хоёрын дундаас гарсан төлийг хайнаг гэдэг шүү дээ. Үүн шиг хоёр өөр үүлдрийн дундаас гарсан төл нь аль, алиных нь сайн шинж чанарыг хадгалж чаддаг. Ийм арга технологи хонины аж ахуйд нэвтэрсэн. Суффолк, беричон душер, романов, меринос зэрэг шилмэл үүлдрийн ашиг шим өндөр хонийг манайхан хэдэн жилийн өмнө оруулж ирсэн л дээ. Манай мал аж ахуйн салбарт зарим нь цэврээр нь үржүүлж байна. Зарим нь эрлийжүүлэлт хийж байгаа. Махны, түргэн өсөлттэй хонь болох суффолк, бэришон зэрэг хонь нь эдийн засгийн хувьд үр ашигтай, гадаад зах зээлд мах нийлүүлэхэд хэрэглэгчдэд хэдийнэ танил болсон. Романов үүлдрийн хонь гэхэд төллөх бүрдээ ихэрлэдэг. Эдгээр хонины зургаан сартай хурга нь 48 кг жин татдаг. Мах нь зөөлөн, шимтэй, шингэц сайтай. Махны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх үнэхээр өндөр ач холбогдолтой.

-Гадаад ертөнцөд аварга том биетэй үхэр, хүнтэй чацуу шахуу хонь, ямаа үржүүлж байгаа жишээнүүд олон. Манайд эдгээр малыг нутагшуулахад юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Малын үүлдрүүд хоорондын зохицолдолгоог сайн харах нь чухал. Түүнчлэн цэврээр нь тодорхой бүс нутагт үржүүлэх нь илүүтэй. Яагаад гэвэл яг шинжлэх ухааны үндэслэлтэй селекцийн ажлуулыг бодлогоор хэрэгжүүлэхгүй бол хэн дуртай нь хийж болдоггүй юм. Нэгдүгээрт, тэжээллэг арчилгаа, маллагаа, нутагшилт шаардагдана. Тэр ч сайн, том биетэй, ашиг шимтэй гэсэн мал болгоныг шууд авчраад үржүүлэг, хээлтүүлэгт ашиглаж болдоггүй. Яах ёстой вэ гэхээр богинохон хугацаанд ашиглах хувилбар байх ёстой. Үгүй бол яг тэр үүлдрийн технологийнх нь дагуу арчилгаа, маллагаа тэжээллэг нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Үнэхээр технологиор нь үржүүлж чадвал үр дүнгээ өгдөг. Мал бол тодорхой бүс нутагт, тодорхой байгаль орчин, ахуйд дасан зохицдог юм. Тэрийг бодолцохгүйгээр авчраад үржүүлээд байхаар үхэл хорогдол их гардаг. Ер нь бид тухайн малыг Монголд үржүүлэхдээ ямар зорилготой вэ гэдгээ сайн тодорхойлох ёстой. Арав, хорин кг ноос өгдөг хонь, тонн гаран жин дардаг үхэр зэрэг өндөр ашиг шимтэй малыг авчраад үржүүлье гэвэл яг өмнө амьдарч байсан орчныг бүрдүүлэх нь чухал. Дээр нь арчилгаа, маллагаа нь ч бас адилхан байна. Монгол нутгийн үүлдрийн үхэр бол 248-300 гаруй кг жинтэй байдаг. Манай нутагшсан сэлэнгэ үүлдрийн үхэр гэхэд 700-800 кг жин дардаг. Монголын бэлчээр тэжээлийн сор болсон бүсэд үржүүлж байгаа. Мөн Дорнод талын улаан үхэр гэж бий. Бас л 400-500 кг жин татдаг. Дэлхий дахинд малын олон төрлийн генийг ашиглах сонирхол байгаа. Гэхдээ яг тодорхой бүс нутагт нь үржүүлэх технологийг ашиглаж байгаа. Аль бүс нутагт илүү дасан зохицож байгаагаас нь хамаарч нутагшуулдаг. Өөрөөр хэлбэл, тухайн бүс нутагтаа дасан зохицсон үүлдрүүдийг цэврээр нь үржүүлэхийг сонирхдог болсон гэсэн үг. Манайх ч ялгаагүй эрдэмтдийн хүчээр бий болгосон үүлдрүүдтэй шүү дээ. ХХААХҮЯ-аар 50 гаруй омгийн үүлдэр баталгаажсан байна.

-Эдгээр нь хаана, хаана байдаг юм бэ?

-Монголд үржүүлж байгаа нутгийн шилмэл омог, үүлдрийн мал нь Төв Азийн эх газрын эрс, тэс байгаль цаг уурын хүчин зүйлсийн нөлөөг тэсвэрлэн түүнд зохицон амьдрах чадвар болон ашиг шимийн хувьд онцгой чанаруудыг агуулснаараа өвөрмөц л дөө. Баяд, Говь-Алтай, Сартуул, Үзэмчин, Барга, Дархад, Байдраг үүлдрийн хонь, Дорнод Монголын улаан үхэр, Баяндэлгэрийн улаан, Өлгийн улаан, Алтайн улаан, Эрчмийн хар, Завханы буурал гэх мэт мах, ноос, ноолуурын ашиг шимийн хувьд онцгой генофондтой малыг ашиглаж нутгийн малын ашиг шимийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Үүнийг анхаарч үржил селекцийн ажлыг зөв зохистой ашиглах нь чухал ач холбогдолтой. Баяд, Үзэмчин үүлдрийн хонь, нутгийн монгол хоньтой адил бэлчээрийн маллагаанд байхдаа 4.9-4.7 кг илүү жинтэй. Говь-Алтай, Байдраг хонь 270-700 гр илүү ноос өгдөг ашиг шимийн генийн сантай болохыг манай эрдэмтэд судлан тогтоосон байдаг. Энэ өвөрмөц малын генефондыг ашиглан мах, арьс, ноосны гарц чанарыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой.

Нутгийн монгол хонины дотор илүү нуруу нугаламтай хонь нэлээд байдаг. Яс дагаж мах гэгчээр, нурууны нугаламын яс нэгээр илүү хонь, жирийн хониноос 1.2-3.5 кг мах, 7.3-12. ам децметр арьс, 40.-60. гр ноос тус тус илүү байхаас гадна нугалам илүү чанар удамшихдаа сайн байдгийг нэрт эрдэмтэн судлаач Б.Минжигдорж, Х.Санжмятав нар тогтоосон. Монгол үүлдэр, омгийн малын дотор 17.5 кг ноостой буур, 4.6 кг ноостой хуц, 710 гр ноолууртай ухна, 100 гаруй кг жинтэй хуц, 60-70 кг жинтэй эм хонь зэрэг гойд ашиг шимтэй мал байгаа нь монгол малын генфонд хэчнээн арвин, нөөц ихтэй нь гэрч юм. Нутгийн мал харьцангуй бага ашиг шимтэй хэдий ч түүнийг нэмэгдүүлэх нөөц, удамшлын чадавх өөрт нь байгааг гойд ашиг шимтэй малын үзүүлэлт харуулж байна. Энэ бүгд бол уламжлалт бэлчээрийн мал аж ахуйг эрчимжүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх гол нөөц юм. Сүүлийн үед УИХ-ын гишүүд малын үүлдэр сайжруулна гээд ийш тийш баахан хуц, ухна чирж аваачдаг болсон. Энэ бол тун буруу. Ямар сайндаа “Говьд хүн болж төрсөн дор бол хангайд бух болж төрсөн дээр” гэдэг биз дээ.

-Манай улс 70 сая толгой малтай . Сүүлийн үед бэлчээрийн даацын асуудал яригдах болсон. Үүнтэй зэрэгцээд тооноос илүү чанарт анхаарах ёстой гэдэг. Гэтэл нөгөө хэсэг нь хэрэв эрчимжсэн мал аж ахуйд шилжвэл дэлхийд цор ганц нүүдлийн соёл иргэншил устаж үгүй болно гэх юм. Энэ тал дээр судлаач хүний хувьд та ямар байр суурьтай байдаг вэ?

-Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжиж, мал сүрэг хувийн өмчид шилжсэнээр малын тоо толгой тасралтгүй өсч ирсэн. Малчид хувийн өмчөө өсгөх, эдийн засгийн ашиг орлогоо нэмэгдүүлэх гэсэн хандлага нь малын тоо өсөхөд нөлөөлж байна. Энэ нь бэлчээрийн ачааллыг нэмэгдүүлж даацын хэтрэлт бэлчээрийн доройтолд хүргэж байгаа нь үнэн. Монгол Улс 2023 оны жилийн эцсийн байдлаар 71.1 сая толгой мал тоолуулсан. Сүүлийн 10 жилд бэлчээрийн эдэлбэр газрын хэмжээ 2.1 сая га-гаар буурч, малын тоо 2.2 дахин өсч, 100 га бэлчээрийн талбайд ногдох малын тооны ачаалал нэмэгдсээр байна. 100 га бэлчээр, хадлангийн талбайд ногдох хонин толгойд шилжүүлсэн малын тоо 1961 онд 32 байсан бол 2022 онд 114 болж, бэлчээрт үзүүлэх ачаалал нь 3.6 дахин, сүүлийн 3 жилд буюу 2020 оноос 10.7 хувиар нэмэгдээд байна. Малын тооны хэт өсөлт, бэлчээрийн даацын хэтрэлт, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө хавсарснаар бэлчээрийн газрын доройтол, цөлжилтийг эрчимжүүлэх үндсэн шалтгаан болж байна. Өнөө үед улс орон бүр шинжлэх ухаан техникийн дэвшил, хүний хөгжил байгалийн нөөц баялгийн ашиглалт зэрэг хүчин зүйл хоорондын шүтэлцээ, уялдааг харгалзахгүйгээр тогтвортой хөгжих боломжгүй болох нь амьдралаас нотлогдож байна. Орчин үеийн нөхцөл байдал хөгжлийн шаардлагаар Монгол оронд хөдөө аж ахуйг эрчимжүүлэх, ялангуяа уламжлалт бэлчээрийн мал аж ахуйн зэрэгцээ суурин, хагас суурин мал аж ахуйг эрхлэх хэрэгцээ шаардлага улам бүр өсч байна. Энэ шаардлагын үүднээс мал аж ахуйг эрчимжүүлэх асуудлыг онолын хүрээнд ч, практик үйл ажиллагааны хувьд ч нягтлан үзэж нэгдсэн ойлголтыг төлөвшүүлэх нь чухал юм. Мал аж ахуйн эрчимжилтийн асуудлаар эрдэмтэн мэргэжилтнүүд, үйлдвэрлэл эрхлэгчдийн дунд өөр өөр ойлголт үзэл баримтлалтай байдаг. Нэг хэсэг нь мал аж ахуйг эрчимжүүлэх гэхээр бэлчээрийн мал аж ахуйгаас суурин аж ахуйд шилжих, цаашид бэлчээрийн мал аж ахуй эрхлэхээс татгалзах нь гэж үзэж, нүүдлийн мал аж ахуй нь байгалийн шалгарал, үе үеийн малчдын оюун ухаан, шаргуу хөдөлмөр, цуцалтгүй тэмцлээс бий болсон үндэсний баялаг төдийгүй, дэлхийн хэмжээний өв сан мал аж ахуй эрхлэх сонгодог хэлбэр. Цаашид ч энэ хэвээр хадгалах ёстой гэдэг, нөгөө хэсэг нь хүн төрөлхтний соёл иргэншлийн дагуу иргэд төвлөрөн суухын хэрээр ганц хоёр өрхөөр жалга, хөндий хэсэн хэдэн малтайгаа насыг элээдэг нүүдлийн мал аж ахуй үеэ өнгөрөөж хүссэн хүсээгүй эрчимжсэн буюу үйлдвэржсэн суурин мал аж ахуйг эрхлэх нь жам ёсны зүй тогтол гэсэн үзэлтэй байдаг. Гэхдээ энэ үзэл бодлын аль нэгийг нь хэт туйлшруулахгүйгээр орчин үетэйгээ нийцүүлэн бүтээлчээр авч үзэх нь чухал. Чухамдаа “мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх”, “эрчимжсэн мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх” гэдэг нь агуулгын хувьд ч, амьдрал дээр хэрэгжүүлэх хэлбэрийн хувьд ч ялгаатай зүйл юм.

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн эрчимжилт гэдэг нь малын үүлдэр угсааг сайжруулах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх, мал маллагааны арга барилыг сайжруулах үндсэн дээр нэг малаас авах ашиг шимийн хэмжээг нэмэгдүүлж, нэгж бүтээгдэхүүнд ногдох зардлыг хямдруулах, улмаар ашиг орлогоо арвижуулах тухай ойлголт юм. Энэ нь голчлон бэлчээрийн мал аж ахуйд хамааралтай ойлголт. Гэхдээ эрчимжилтийн элементүүдийг хэрэгжүүлснээр байгаль цаг уурын сөрөг нөлөөллөөс хамгаалах чадавхыг дээшлүүлж эцсийн ашиг орлогыг 25-30 хувь нэмэгдүүлэх боломжтой.

Ер нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эрхлэхэд уламжлал шинэчлэлийн оночтой хослол, орчин үеийн шинжлэх ухаан, технологийн өргөн мэдлэгтэй байхыг амьдрал биднээс шаардах болсон байна.

-Мал аж ахуйн салбарын хувьд ДНБ-ий багахан хувийг эзэлдэг гэдэг. Үр ашгийг нь дээшлүүлэх ямар боломжууд байна вэ?

-Мал аж ахуйн салбар нь Монгол Улсын газар нутгийн 72.1 хувийг ашиглаж, ДНБ-ий 10.5 хувь, нийт ажиллах хүчний 26.1 хувийг бүрдүүлдэг. Манай улсын нийт аймаг, сумдын 80 гаруй хувь нь мал аж ахуйд суурилсан эдийн засгийн чиг баримжаатай хөгжиж байна. Мал сүрэг нь малчдын гол эх үүсвэр бөгөөд оршин тогтнох үндэс нь юм. Мал аж ахуйн салбарыг цаашид тогтвортой хөгжүүлэхийн тулд байгалийн гамшиг, ган зудын эрсдлийн нөлөөллийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, малын тэсвэрт чанарыг сайжруулах, эрүүлжүүлэх, ашиг шим бүтээмжийг нэмэг-дүүлэх, бэлчээрийн менежмент, тэжээлийн хангамжийг сайжруулах, малчдын амьжиргааг дээшлүүлэх зэрэг орчин үеийн шинжлэх ухааны технологийн ололт амжилтад тулгуурлан системтэйгээр хөгжүүлэх нь үр ашгийг дээшлүүлэх боломж юм.

М.МӨНХЦЭЦЭГ

 

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Хөгжмийн зохиолч Д.Баттөмөр: Г.Түмэндэмбэрэл гуай “Туулын урсгал шөнөдөө сайхан”-ыг дуулчихаад “Үг, ая нь дуулахад их эвтэйхэн байдаг шүү” гэж билээ DNN.mn

Туулын урсгал шөнөдөө сайхансан

Торгон долгио хаялан мяралзагдсан

Хоёр ангир дандаа хөвдөгсөн

Холын анир авангаа дуугардагсан… хэмээн аманд шууд л аялагдах торгон аялгуу бидний дунд хэдийнэ ардын дуу болтлоо “амьдарчээ”. Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн амилуулсан энэ сайхан бү-тээл ХХ зууны манлай яруу найрагч Б.Явуухулангийн шүлэг, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Дашдаваагийн Баттөмөрийн аялгуу билээ. “Миний нутгийн бараа”, “Дуу минь, дуу минь”, “Есөн эрдэнийн орон”, “Бодлын цагаан хун”, “Намуун үдэш”, “Нутгийн хөөрхөн бүсгүй”, “Би хаана төрөө вэ”, “Дуу шиг сайхан бүсгүй”, “Цэцэгт цэнхэр алчуур”, “Нүд хөмсгийг чинь харъя” гээд л үргэлжлэх жар, дал, наяад оны нийтийн дууны ноён оргил болсон олон сайхан дууны аялгууг авторласан эрхэм бол Дашдаваагийн Баттөмөр гуай юм. “Өдрийн сонин”-ы “Танайд өнжье” булангийн энэ удаагийн зочноор “Алтан намар-1986”, “Морин хуур-1991” наадмын тэргүүн байрын шагналт, Монголын Хөгжмийн зохиолчдын эвлэлийн шагналт Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Баттөмөрийг урьж оролцууллаа.

Д.Баттөмөр гуайн зааж өгснөөр хотын төвийн хуучны есөн давхар байруудын нэгийг амралтын өдөр зорьж очиход түүний хань Ц.Халтар гуай угтаж авлаа. Хаалганы дэргэд хуучны цагаан радио чимээ багатайхан эгшиглэх ч нүдэнд шууд туслаа. Гэрийн эзэн зочны өрөөндөө угтаж авлаа. Том өрөөний баруун жигүүрт ноттой ном бүхий төгөлдөр хуур залаастай байна. Дэргэд нь олон уралдаан наадмын шагналууд тавиастай байх аж. Гэр бүлийн нэлээд олон зургийг гэрийн хананд өлгөжээ.

Бид зүүн жигүүрийн ширээн дээр тухлаад өвгөн зохиолчийн сүүлийн үеийн уран бүтээлийн талаар ярианыхаа салхийг хагаллаа. Дууны нэрийг нь сонсоход л уулга алдмаар, сэтгэлд хэдийнэ хоногшчихсон, тэр аялгууг бүтээж байх агшинд энэ зохиолчийн оюун тархинд юу бодогдож байсан бол, ямар сонин нууц түүх байгаа бол гэхээс хүлээж үл тэвчинэ. Д.Баттөмөр гуай “Зүгээр байхгүй шүү дээ. Зүгээр байх ч ёсгүй” гэж сүүлийн үеийн уран бүтээлийнхээ талаар товчхон тодорхойлчихов. Хамгийн сүүлд тэрээр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн С.Оюуны бүтээл “Мянган уулын цэцэг” жүжгийн хөгжмийн зохиолчоор ажиллажээ. Эл жүжиг энэ сарын 2-нд Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Н.Наранбаатарын нэрэмжит Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрт нээлтээ хийсэн билээ. Тэгвэл одоо өөрийн сурч төгссөн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумынхаа сургуулийн 100 жилийн ойн концертын ерөнхий найруулагчаар ажиллаж байгаа гэнэ. “Сонгууль дуусангуут нутаг руугаа явж, ажилдаа орно доо” хэмээн нүүрэндээ баясал тодруулах аж.

Хөгжмийн зохиолч Д.Баттөмөр дуу хуурын өлгий Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул. Сумандаа 1960 онд долдугаар ангиа төгсөөд Улаанбаатарыг зорьжээ. Уг нь техниккумд орох хуваарь атгачихсан ч сэтгэл зүрх нь өөр тийш татагдаж, урлаг соёлын байгууллага руу чиглэжээ. Яг тэр үед Улсын ардын дуу бүжгийн чуулгад “Хөгжимчин, дуучин, бүжигчин болох хүнийг шалгаруулж авна” гэх зарыг олж уншаад шалгалт өгөхөөр шийджээ. Д.Баттөмөр гуайн аав н.Доржхорол уртын дууг сайхан дуулчихдаг. Айлын найр, шагайн наадамд ая дуугаараа хөгжөөж, бяцхан хүү Д.Баттөмөр гадна нь тоглож өсөхдөө уртын тэр сайхан дууны шуранхай аялгуу өөрийн мэдэлгүй чихэнд нь орж, сэтгэлд нь хадагдчихсан байж л дээ. Өөрөө ч хурдан морь унаж гийнгоо эгшиглүүлж явсан нь хөгжмийн аялгууг мэдрэх торгон мэдрэмж, авьяас хөвөрч байсных биз ээ.

Долдугаар ангийн боловсролтой хүү Улсын ардын дуу бүжгийн чуулгын шалгалтад ороод тэнцэж орхижээ. Тухайн үед танихгүй ч шалгалт авсан багт нь Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаа нарын Монголын урлаг соёлын тархи болсон эрхмүүд багтсан байжээ. Хүүд “Тэнцсэн” гэдэг бичиг хийж өгөөд аравдугаар сарын 1-нд ирж ажилдаа ороорой гэжээ. Нутагтаа ч баяртай буцсан гэнэ. Гэтэл аав ээж, ар гэрийнхэн нь “Сургуульдаа орохгүй ирлээ” гэж багахан зэмлэсэн байна. Гэсэн ч сэтгэл зүрхний гүн дэх жижигхэн мөрөөдлөө гүйцэлдүүлчихсэн түүнд тэр яриа хаалт болоогүй. “Ингэж би хөгжимчнөөр анх орсон. Их хуур хөгжим дээр намайг авсан. Надад анхны нотыг Чулуунбаатар багш маань заасан. Надтай хамт Ардын жүжигчин Д.Ичинхорлоо, н.Пүрэв гээд залуу бид гурав анх орж байлаа. Эхний жил дагалдан хөгжимчнөөр ажиллаад дараа жил нь Соёлын яамны шалгалтаар орон мэргэжлийн үнэмлэхээ авч билээ” гэж тэрээр хуучилж байв.

1965 он. Улсын ардын дуу бүжгийн чуулгынхан говийн дуу, хангайн дуу, алтайн дуу гэсэн цуврал концерт хийж байсан үе гэнэ. Чуулгын удирдлагууд “Хангайн дуу” концертод бүгд идэвхтэй оролцохыг уриалсан тул залуу хөгжимчин маань ая зохиохоор шийджээ. Тэр үед “Залуучуудын үнэн” сонинд яруу найрагч Ш.Сүрэнжавын “Хээр морь минь” шүлэг хэвлэгдсэн байхыг олж уншаад зохиогчтой нь уулзахаар зорьжээ. “Тэр хүн Монголын радиод ажилладаг гэдгийг дуулаад явж очлоо. Шоволзсон шар хүн угтаж аваад цай цүй боллоо. Ингээд шууд л

“Цэцгийн сайхан үнэрт нь

Цэнхэр униарт хангай минь

Цэнгэлийн салхи үлээсэн

Цээж тэнэгэр нутаг минь” гээд л “Баян хангай” дууны шүлгийг хэлээд өгчихсөн юмдаг” хэмээн зочин маань онцлов. Энэ бол түүний хамгийн анхны уран бүтээл. Нэг их удалгүй Ш.Сүрэнжав гуай “Намуун үдэш” дууны үгийг өгсөн байгаа юм.

“Намуухан үдэш гадаа налайж

Найрсагхан чи минь гараа өглөө

Уяранхан дуулмаар оройн тогтуунд

Уужимхан хорвоо онцгой сайхан… Үг, ая нь нэгнийгээ илэрхийлэх, салгаж болшгүй мөнхийн бүтээл гэдэг энэ л байх. Төрийн шагналт, ардын уран зохиолч, яруу найрагч Шаравын Сүрэнжав залуухан хөгжмийн зохиолчид ийм сайхан хоёр шүлгээ өгч, ирээдүйн нэрт уран бүтээлч болох гүүрийг урамтайяа тавьж өгчээ. Д.Баттөмөр гуай “Ш.Сүрэнжав гуай надаас олон мундаг зохиолчидтой ажиллачихсан, олон арван дуу бүтээчихсэн байсан үе. Дууны шүлгэнд гаршсан хүн дээ. Дээрээс нь цэцэн цэлмэг, яруу тод гэж жигтэйхэн. Үнэмшилтэй сайхан шүлэг хийдэг хүнтэй анх танилцсандаа их баярлаж, сэтгэл зүрхэндээ талархаж явдаг” гэлээ.

Энэ хоёр эрхмийн гар нийлсэн бас нэг алдартай бүтээл бол “Миний нутгийн бараа” хэмээх аялгуут сайхан бүтээл билээ. Энэ дууны аяыг зочин маань Буриад улсын Улаан-Үд хотын Дорнод Сибирийн Соёлын дээд сургуулийн оюутан байхдаа биччихсэн байсан гэнэ. Монголд буцаж ирээд Ш.Сүрэнжав найрагчид өгчээ. Гайхамшигтай нь маргааш өглөө нь л

…..Газрын холоос цайвалзсан

Ганган цагаан гэр байна хө

Ганцхан насанд заяасан

Миний нутгийн бараа юу даа хэмээн тэрлээд аваад ирсэн байна. Хүний нутагт эх нутгаа, ээж ааваа, дурлалт бүсгүйгээ санан мөрөөдсөн сэтгэлийг гярхай ажиглаж, яг л тэр аялгууг амилуулсан мөртүүд тэрлэнэ гэдэг агуу яруу найрагчийн л чадвар. Энэ сайхан бүтээл хоёр уран бүтээлчийн нутагт хоёуланд нь хөшөө болон сүндэрлэжээ.

Долдугаар ангиасаа шууд ажлын гараагаа эхэлчихсэн түүнд мэргэжлээрээ суралцах шаардлагатай болжээ. Үүний тулд оройн ангид суралцаж, аравдугаар ангийн боловсролтой болоод авчээ. Залуухан хөгжимчний оройн ангийн найзууд хөгжимчин Мэнд-Амар, Самбалхүндэв, Бавуугийн Лхагвасүрэн нар байсан гэнэ. Арван жилийн боловсролтой болоод авчихсан Д.Баттөмөр хөгжмийн чиглэлээрээ гадаадад сурахаар шийджээ. Тиймээс 1968 онд Соёлын яаманд шалгалт өгч тэнцээд хуваариа хүлээсэн байна. Гэтэл ирдэггүй гэлээ. Соёлын яамны боловсон хүчний эрхлэгч нь “Чи Буриад улсын Улаан-Үд хотын Дорнод Сибирийн Соёлын дээд сургуульд ардын найрал дуу, хөгжмийн удирдаачаар төгсчих. Тийм л хуваарь байна. Дараа жил хүлээвэл мөдгүй, маш их өргөдөл байна шүү” гэж ятгажээ. Хөгжмийн ямар нэгэн мэргэжлийн суурьгүй учраас өөрт нь ахадна гэж эхэндээ бишүүрхсэн ч тэнцсэн мөртлөө тэнцээгүй гээд гэртээ харилтай биш гээд зөвшөөрчээ. “Тэр нь ч аз болсон юм. Дэлхийн сонгодгууд дунд өдөр шөнөгүй сууж байж дөрвөн жилийг барсан даа” хэмээн тэмдэглэнэ лээ.

Ингээд хөгжмийн удирдаачаар төгсөж ирээд Соёлын яамны хуваарилалтаар Сүхбаатар аймгийн Соёлын ордон хөгжмийн багшаар ажиллахаар болжээ. Дараа нь Ховд аймгийн Хөгжимт драмын театр, Эрдэнэтийн театр гээд л орон нутгийн соёлын байгууллагуудад томилогдон ажиллажээ. Д.Баттөмөр гуай Хөгжим бүжгийн сургуульд хөгжмийн удирдаач, нэлээд олон жил ажилласан түүхтэй хүн.

Тэрээр Ховдод ажиллаж байхдаа Ш.Жамлийхаатай “Нутгийн хөөрхөн бүсгүй” дууг бүтээжээ. Эрдэнэтэд Тангадын Галсантай “Эрдэнэтийн цагаан шөнө” дууг амилуулснаа ч хуучиллаа. Өвгөн зохиолчийн нэрээр нэрд гарсан дараагийн нэг уран бүтээл Пунцагийн Бадарчийн шүлэг Есөн эрдэнийн орон дуу билээ. Энэ дуу хэрхэн бүтсэн тухай лавшруулан асуухад тэрээр “Эрдэнэтийн соёлын ордонд гурван жил гаруй хөгжмийн багшаар ажиллаж амьдарч байхдаа яруу найргийн түүвэр их үздэг байлаа. Түүн дээр П.Бадарчийн есөн эрдэнийн базсан шүлгийг хараад үүнд нь ая хийгээд “Эх орон минь есөн эрдэнэ” гэдгийг хоёр дахиулж таарууллаа. Ингээд Улаанбаатарт ирээд Үйлдвэрчний эвлэлийн ойн концертод ажиллаж байхдаа П.Бадарч гуайтай таараад шүлгэнд нь ая хийснээ сонсгоход “Ийм дуу байдаг юм уу. Ийм шүлгэнд ийм ая хийхдээ яадаг юм” гэж голох шинжтэй. Гэсэн ч өөрт минь болчихсон юм шиг болдогдоод байв. Тиймээс Улс тунхагласны 60 жилийн ойн уралдаанд энэ дуугаа өгөхөд гуравдугаар байр эзлээдэхлээ. Дуучин Нансалмаа энэ дууг маань зорьж дуулсан. Сүүлд П.Бадарч гуай “Уучлаарай, ийм дуу байсныг мэдсэнгүй” хэмээн хүлцэл өчиж билээ” хэмээн хуучлах нь сонин аж.

Алдарт яруу найрагч Бэгзийн Явуухулан гуайн хэд хэдэн бүтээл эдүгээ нийтийн дунд аялгуу болон түгсэн нь бий. Түүний нэг бол “Би хаана төрөө вэ” хэмээх агуу бүтээл. Энэ дууг хөгжмийн зохиолч маань аавдаа зориулж дуун хөшөө босгосныг сонсох сайхан санагдав. “Зун цаг байсан юм. Багадаа үерхэж явсан найз Зулын хүү жолооч болчихоод машинтайгаа ирээд “Баттөмөр ахыгаа нутаг руу явж явна” гэв. Ингээд явахаар болж хүү нь ч машиндаа бага сага засвар хийхээр явав. Хоёр ч хоног хүлээж гэрийнхэн зусланд гарсан тул ганцаараа уйдаад хийх юмаа олохгүй яруу найргийн түүвэр уншиж байтал “Би хаана төрөө вэ” шүлгийг уншаад ая хийж болмоор санагдав. Тэгэх тэгэхдээ аавдаа зориулж нэг сайхан ая бичмээр байдаг. Ингээд хийсэн. Энэ дууг ганцхан өдрийн дотор хийсэндээ баярлаж билээ. Дуурийн дуучин Гантөмөр анх дуулсан түүх бий” гэж ярилаа.

Дуу бүхэн өөрийн түүхтэй. Сайхан муухай, гунигтай, баяр жаргалтай түүхийг агуулах нь сайхан.

Сарны туяанд цэцэг ургана

Салхины сэвшээнд үлгэр урсана

Саруул хар нүдийг чинь санана

Салалтгүй хамтдаа суугаасай

Дорнын цагаан саран

Шөнөжин дуулж хононо

Дотно янаг хүүтэйгээ

Насандаа цэнгэж сууя аа хэмээн уянгалах энэ сайхан аялгуу хэрхэн бүтсэн түүхийг зохиолчоос асуухад “Сургууль дээрээ хүүхдүүдтэй бужигнаж шуугилдаж байтал “Таныг үүдэн дээр хоёр хүн дуудаж байна” гэв. Очтол Д.Норов нэг нөхөртэйгөө ирчихсэн хүлээж байв. Би танд нэг үг авчирлаа гэхээр нь үзтэл ая хийж болмоор санагдав. Энэ дуун дээр ажиллаж байхад хэдэн жилийн өмнө сурталчилгааны бригадаар явж байхад яруу найрагч Лувсандоржтой их дотно танилцсан мөч сэтгэлд эргэн ирэв. Майхны гадаа сартай шөнө дуулсан дуу, ярьсан яриа, бүжсэн бүжиг тэр хэвээрээ. Бас хоёулаа хөгжимт драм хийхээр санаа оноогоо ярилцаж байсан сан. Удалгүй тэр хүн ертөнцийг орхиж одсон ч тэр л учрал энэ дуунд шингэж байж. Энэ дууг маань хөгжмийн зохиолч Шарав “Чиний энэ дуу нэлээн явна шүү. Чи харж л байгаарай” гэсэн нь баярлуулж билээ” хэмээлээ. Д.Норовын үг “Дорнын цагаан саран” дууны түүх ийм аж.

Монголын хөгжмийн урлагт нэгэн жарныг элээж, жар дал, наяад оны залуусын зүрх сэтгэлийг уянгалуулж, бас эх нутаг элгэн саднаа гэх баяр бахархал төрүүлэх сайхан бүтээлүүдийг туурвисан нэрт хөгжмийн зохиолчийн бүтээл бүрийг энд дурдаад баршгүй. Монголын яруу найргийн сор болсон уран бүтээлчидтэй хамтран ажилласнаа ч зочин маань бахархан ярьдаг юм байна. “Туулын урсгал шөнөдөө сайхан”, “Дуу минь, дуу минь” хэмээх хоёр ч уран бүтээлийг амилуулсан ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл гуай Д.Баттөмөр зохиолчид “Үг ая нь дуулахад их эвтэйхэн байдаг шүү” гэж товчхон хийгээд тодорхой дүгнэж хэлжээ. Залуу байсан болоод ч тэр үү, тэр үгэнд баярлаад сүйд болж билээ. Би чуулгад хөгжимчин. Түмээ эгч алдартай хүн. Зориг гаргаж л аялгуугаа өгсөн, сайхан дуулж өгсөн дөө” хэмээн талархан ярьдаг юм байна.

Ардын жүжигчин А.Долгор “Өөрийг минь “Бодлын цагаан хун” дуу олон түмэнд таниулсан” хэмээн одоо ч бахархан ярьдаг билээ. Тэгвэл энэ бүтээлийн шүлгийг Д.Амгалан, аялгууг Д.Баттөмөр гуай бичжээ. Энэ бүтээл 1991 оны Морин хуур наадмын тэргүүн байрыг эзэлж байжээ.Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч маань эдгээр уран бүтээлүүдээрээ “Туулын урсгал шөнөдөө сайхан”, “Дорнын цагаан саран”, “Дуу минь дуу минь” гэсэн дууны гурван түүврийг бүтээсэн байна. Бидний яриа уран бүтээлийн сайхан түүхүүдээр хөвөрсөөр нэлээд хугацааг үдсэн байв. Сайн уран бүтээл олон түмний дунд хэдэн арван жил ч амьдардаг учир уран бүтээлийн яриа ирээдүйд ч үргэлжилсээр л байх нь гарцаагүй.

Д.Баттөмөр гуай ээж Дашдаваагаар овоглож иржээ. Энэ тухай тэрээр “Би сургуульд орохдоо ээжээрээ овоглосноос өнөөг хүрсэн. Аав маань гүндүүгүй хүн байлаа. Овог солиулъя ч гээгүй. Аав маань Дундговийн Дэрэн, ээж Дэлгэрцогтын хүн” гэж хуучлав. Харин гэр бүлийн хүнийг нь Ц.Халтар гэдэг. Тэдний хайрын түүх арван жилийн сургуулиас эхтэй. Тэд нэг сургуулийн төгсөгчид бөгөөд дунд ангиасаа нэгэндээ татагдан үерхэж иржээ. Ц.Халтар гуай насаараа худалдааны салбарт ажилласан, худалдааны гавьяат ажилтан хүн. Тэд дөрвөн охинтой. Том охин Б.Солонго нь аавынхаа мэргэжлийг өвлөсөн. Тэрээр Уралын Хөгжмийн сургуулийг төгсөж ирээд УДБЭТ-т концертмейстер, Монгол Улсын консер-ваторид багшаар ажилласан. Түүнчлэн Монголын олон шилдэг дуучдыг дэлхийн түвшинд хүрэхэд нь зааж, чиглүүлж, сургасан гавьяаг нь Монголын төр үнэлж, 2009 онд Ерөнхийлөгчийн зарлиаар Монгол Улсын гавьяат жүжигчин цолыг олгосон билээ. Аав нь охиноо “Охин маань өсч дэвжсээр байгаад надаас том боллоо. Би аавынхаа талаасаа том ухаантай. Охин маань жинхэнэ урлагийн нарийн мэргэжлийг нэгдүгээр ангиасаа сурсан хүүхэд. Эхнэр маань худалдааны гавьяат ажилтан. Бас надаас том” хэмээн инээд алдлаа. Гурван охин нь өөр өөрсдийн сонирхлоор мэргэжил эзэмшжээ.

Яруу найрагчид үгэнд амь, сүнс байдаг гэж зүйрлэх. Тэгвэл хөгжмийн зохиолчдын амин сүнс хаана оршдгийг сонирхоход Д.Баттөмөр гуай “Хөгжмийг агуу гэж зүйрлэсэнд баярлалаа. Миний бүтээл олон жил амьдардаг нь шүлгийг л амь оруулчихсан болов уу гэж боддог. Надад олон сайхан шүлэг оногдсон. Би шүлгээ гайгүй ойлгоод хийчихсэн бол цаг хугацаа урт байна, дуулагдана гэж бодож явдаг” хэмээн даруухнаар өгүүлэх нь сүрдмээр юм билээ.

Урлаг соёлынхон, уран бүтээлчид, хөгжимчид, яруу найрагчид эх орончид юм. Тэд уран бүтээлээрээ ард түмний эх оронч сэтгэлгээг нь бадрааж явдаг “эх орончид” юм даа.

Б.ЭНХЗАЯА

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Хөвгүүд уйлах эрхтэй DNN.mn

Ажлын газрын маань танил намайг гэртээ урьж оройн хоолоор дайлах болов. Мартин 40 гаруй настай, Монголын тухай ганц хоёр баримтат кино үзэж байсан, “Volkswagen Golf” маркийн автомашин унадаг, жирийн л нэг герман хүн. Тэднийх подхийсэн гурван давхар байшинтай. Тэр айлаар зочлох үед хоёр зүйлийг гайхаж мөн сэтгэлд маань тод үлджээ.

Хоолны ширээний ард би дууны ая аялж байв. Гэтэл Мартин “бид ширээний ард дуулдаггүй” гэж хэлсэн юм. Монгол хүн орондоо дуулдаггүйтэй адил соёл шиг санагдав. Орондоо дуулах юм бол ээж нь үхдэг гэж монголчууд цээрлэдэг билээ. Харин германчуудын хоолны ширээний ард дуулдаггүй шалтгаан тун энгийн байв. Бусад хүмүүст төвөгтэй, ядаргаатай байх болно гэж хэлэв. Магадгүй эсгий гэр дотор унтах гэж байхад хүн дуу аялах нь бусдад ядаргаатай болохоос тэр хүний ээжид халгүй биз ээ. Дараачийн тод үлдсэн дурсамж нь тэдний 12 настай том хүү зочны өрөөндөө уйлж байсан юм. Теннисний тэмцээндээ хожигдсон аж. Монголчууд эрэгтэй хүүхдийг эр хүн уйлдаггүй юм гэж хэлж өсгөдөг билээ. Тиймээс хөвгүүд хаалттай, мэдрэмжээ илэрхийлдэггүй хүн болж өсдөг. Харин зочилсон айлын маань хүү гэртээ сэтгэлээ онгойтол сайхан уйлж байсан юм.

Хөвгүүд уйлах эрхтэй. Зөвхөн архи ууж сэтгэлээ онгойлгох бус эрүүл аргаар тайвширч, сэтгэлээ тайтгаруулж сурах хэрэгтэй. Уйтгар гунигаа живүүлэх гэж олон хүн архи уудаг. Гэтэл өнөө гуниг нь сэлээд сурчихдаг даа.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Б.Очирбат: Орон нутгийн чиглэлд иргэд огт суудлын бүс зүүхгүй байна DNN.mn

Урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулан орон нутаг руу чиглэх хөдөлгөөн ихэсчээ. Түүнчлэн орон нутгийн замд осол аваар гарах эрсдэл энгийн үеэс харьцангуй ихэсдэг. Жишээлбэл, Дорнод аймгийн Булган суманд өчигдөр зам тээврийн ноцтой осол гарсан байна. Тус сум руу явах замд бүхээгтэй ачааны машин суудлын жижиг тэрэгтэй мөргөлдөж замын хажуу руу өнхөрчээ. Уг зам нь эвдрэл гэмтэл ихтэй учир замын нүх тойрох гэж байгаад машинууд мөргөлдсөн байж болзошгүй аж. ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга дэд хурандаа Б.Очирбаттай орон нутгийн замын хөдөлгөөний нөхцөл б айдлын талаар ярилцлаа.


-Дээрх ослоос харахад замын эвдрэл гэмтлийг тойрч гарахдаа жолооч нар нэгнийгээ зөрж өнгөрөхийг хүлээх тэвчээр дутмаг ажиглагдаж байна?

-Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дөрөвдүгээр хавсралтад авто зам засвар арчлалтын байгууллага замын эвдрэл гэмтэл, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийн бүтэн байдлыг шуурхай засварлах үүрэгтэй. Цаг агаарын нөхцөл байдал,  газар зүйн онцлогоос шалтгаалаад замын эвдрэл гэмтэл нэлээдгүй байгаа. ТЦА хамгаалах бүсний хэрэглээний судалгаа хийсэн. Мөн замын байгууламжийн эвдрэл гэмтэл, тэмдэг тэмдэглэгээний бүрэн бүтэн байдалд хяналт, судалгаа хийсэн.

Бид хяналтадаа авсан 7833 км урт, хатуу хучилттай автозамаас 36 км квадрат орчим зорчих хэсэгт байгаа эвдрэл гэмтлийг тогтоосон. Авто зам засвар арчлалтын байгууллагад мэдэгдэл шаардлага хүргүүлж, замын эвдрэлийг засуулах, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр мэдэгдэл шаардлага өгсөн. Үүний үр дүнд авто зам засвар арчлалтын компаниуд эвдрэл гэмтлийг зассан дүнгүүдээ ирүүлж байна.

-Орон нутгийн замд иргэд хамгаалах бүс хэр зүүж байна вэ?

-Орон нутгийн замд хамгаалах бүсний хэрэглээг тогтоох зорилгоор судалгаа хийгдсэн. Орон нутгийн зам дээр ажиллаж буй албан хаагчид жолооч, жолоочийн хажуу талын зорчигч, арын суудлын зорчигчдын хэдэн хувь нь хамгаалах бүс хэрэглэж буйг судалсан. Нийт 856 мянган тээврийн хэрэгсэл судалгаанд оролцсон. Давхардсан тоогоор 500 мянга гаруй  жолооч хамгаалах бүс хэрэглээгүй. Жолоочийн хажуу талын суудлын 600 мянган зорчигч хамгаалах бүс мөн хэрэглээгүй. Арын суудлын гурван сая зорчигч огт суудлын бүс хэрэглээгүй байна гэсэн судалгаа гарсан. Орон нутгийн зам дээр ч бай, суурин газрын зам дээр ч бай ямар нэгэн эрсдэлтэй нөхцөл байдал тохиолдвол суудлын бүс зүүгээгүй хүмүүсийн амиа алдах, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл өндөр байна.

-Суудлын бүс тогтмол зүүх аянд олны танил хүмүүс оролцож байсан?

-Тийм ээ, суудлын бүс зүүх дадалыг хэвшүүлэх зорилгоор олон нийт рүү чиглэсэн “Амь аврагч алтан гурвалжин хамгаалах бүсийг хэрэглэцгээе” гэж уриалж  байна. Олны танил хүмүүс, бөхчүүд энэхүү уриалгад нэгдэж байгаа нь талархууштай. Суудлын бүс хэрэглэхгүй байх нь маш буруу. Томоохон зам тээврийн ослоос хүний амийг суудлын бүс хэрэглэх дадал аврах юм. Зөвхөн жолооч гэлтгүй бүх зорчигчид хамгаалах бүсний хэрэглээг хэвшүүлж 100 хувьд хүргэх шаардлагатай байна. Түүнчлэн орон нутгийн чиглэлд иргэд огт суудлын бүс зүүхгүй байна.

-Орон нутгийн замд хөдөлгөөнт эргүүл гаргахад хүний нөөцийн асуудал тулгарч байна уу?

-Сүүлийн жилүүдэд зам, замын байгууламжууд их баригдах болжээ. Сумдуудыг болон аймгуудыг холбосон шинээр тавигдсан замууд дээр хяналт шалгалт тавих хүн хүчний хүрэлцээ дутмаг байгаа. Мөн аялал жуулчлалын бүс, амралтын газрууд ихтэй бүсэд тодорхой хэмжээний хяналт тавих шаардлагатай ч ажиллах хүчин хэрэгтэй байна. Ирэх жилүүдэд цахилгаан шугам сүлжээний холболт хийгдсэн газруудад камерын системээр хянах боломж бий болно. Одоогоор тийм нөхцөл зарим замууд дээр бүрдээгүй байна.

-Жолооны эрхгүй, эсвэл туршлагагүй хүнд жолоодох эрхээ шилжүүлэх зөрчил хэр их гардаг вэ?

-Иргэдийн нийтлэг гаргадаг нэг зөрчил байна. Хүүхэд болон гэр бүлийн гишүүддээ жолоодох эрхээ шилжүүлэх. Мөн найз нөхдөдөө ч эрхээ шилжүүлж байна. Хүүхдээ 16,17 нас хүрэх үед нь цагдаа байхгүй юм чинь гээд жолоогоо шилжүүлдэг асуудал байна. Энэ нөхцөл байдал нь өөрийгөө болон бусад хүний амь насыг эрсдэлд оруулж байна.

-Орон нутгийн чиглэлд зорчиж буй иргэдэд юу гэж зөвлөх вэ?

-Ялангуяа халууны улиралд автомашин барих үед нозоордог, нойр хүрдэг. Тиймээс тодорхой цагуудад машинаасаа бууж биеийнхээ чилээг гаргах нь аюул осолд өртөх эрсдэл бага. Мөн иргэд орон нутгийн замд явахдаа заавал замын эсрэг тал руу гарч бие засдаг буруу зуршил байна. Суурингийн гадна замд 80 км цагийн хурдтай явах дүрмээ баримтлах нь чухал. Тээврийн хэрэгслийнхээ аюулгүй байдлыг маш сайн хангаж хөдөлгөөнд оролцох хэрэгтэй. Приус маркийн машины насжилт өндөр байна. Мөн ондоо автомашины пүрш, амортизатор суурилуулчихдаг нийтлэг техникийн зөрчлүүд их байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Оператор компаниуд иргэдийн мөнгөөрөө худалдаж авсан дата-г хугацаа дууссан нэрийдлээр хурааж авдаг нь хэр шударга вэ DNN.mn

Үүрэн холбооны оператор компаниудаас хэрэглэгчид хугацаатай дата худалдан авдаг. Хугацаа нь дууслаа гэх шалтгаанаар нэгэнт мөнгөөрөө авсан датаг буцаан хурааж авч байгаад хэрэглэгчид гомдолтой байдаг. Үлдэгдэл датаг нь хурааж буйг оператор компаниуд хэрэглэгчдийг хохироож буй үйлдэл ч гэж харах нэгэн байна. Энэ асуудлаар оператор компаниудаас тодрууллаа.


-Нэгэнт иргэдийн мөнгөөрөө авсан датаг яагаад устгаад байдаг юм бэ. Их хэмжээний датанд заавал хугацаа тавих шаардлага бий юу?

Скайтелийн оператор:

-Тухайн хэрэглэгч өөрөө хэдий хугацаатай хэр хэмжээтэй дата авахаа хэрэгцээндээ тааруулж сонгоно. Хугацаандаа л баригдана. Датагаа дуустал хугацаагүй ашиглана гэж байхгүй.

Мобикомын оператор:

-Программ дээр хугацааг нь тодорхой зааж өгсөн байдаг учраас автоматаар үлдэгдэл дата нь устдаг. Дата хугацаагүй байх боломжгүй.

Жи-Мобайлын оператор:

-Хугацаатай дата учраас их хэмжээний дата авсан байсан ч хугацаа нь дуусахад давхар устана. Тийм байх боломжгүй.

Ондоо.мн

-Манайд дата устана гэсэн ойлголт байхгүй. Дата нь хугацаатай болон хугацаагүй гэж бий. Энэ нь үнийн дүн, датаны хэмжээнээс хамаарч буй юм. Хугацаатай авсан датанд хэмжээ заадаггүй учраас хэрэглэх явцад дуусах, гацах явдалгүй. 50GB гэх мэтчилэн их хэмжээний дата авахад хугацаа заадаггүй, авсан датагаа дуустал нь хэрэглэх юм. Бид хэрэглэгчдэдээ зуны урамшуулал болгон 22 мянган төгрөгөөр 100GB датаг хугацаагүй, мөн 100 хоногийн хугацаатай хязгааргүй дата ашиглахыг санал болгож буй. Шинэ хэрэглэгчдэдээ зориулж 30 хоногийн хугацаатай 100GB датаг үнэгүй авах боломжийг олгож байна.

Юнителийн операотор:

-Анхнаасаа дата худалдан авалт хийхээс нь өмнө урьдчилж хугацааг нь зааж өгч, мэдээлдэг. Үүнийг хэрэглэгчид хүлээн зөвшөөрөөд датагаа авч байгаа. Хүмүүс хэрэглээндээ тааруулж, дата, хугацаагаа сонгож худалдан авалт хийнэ. Датаг хугацаагүй болгох боломжгүй.

Тухайлбал, 20 мянган төгрөгийн багцтай хүн багцынхаа үнийг өсгөөд буулгах хүсэлт тавихад дахин уг үнэтэй багцаа сонгох боломжгүй гэх юм. Энэ нь ямар учиртай вэ?

-Дугаарын серилэлтээс хамаарч үндсэн багцын үнэ дээрээ буух боломжтой дугаар ч байна. Таны барьж буй шиг дугаарыг хүн шинээр авахад 30 мянган төгрөгийн багцыг сонгох юм. Та багцынхаа үнийг өсгөөд буулгахыг хүсвэл таны дугаарыг одоо 30 мянган төгрөгийн багцаар үнэлдэг болсон тул та багцынхаа үнийг уг үнээс доош буулгах боломжгүй гэсэн үг.

-Багцын дата нь бага байдаг. Үүнээс үүдэн нэмэлтээр дата авахад хугацаа нь дуусахаар үлдэгдэл дата нь давхар устчихдаг шүү дээ.

-Тэгнэ. Нэмэлтээр дата авах боломжтой. Та нэг сарын хугацаатай 50GB дата авлаа гэхэд тухайн сарын хугацаандаа хүчинтэй.

-Хэрэглэгчид санамсаргүй байдлаар дугаараа үхүүлэх тохиолдол бий. Эргээд тэр дугаараа авах гэхээр зарагдсан байдаг.

-Урьдчилсан төлбөртийн дугаар 30 хоногийн хугацаатай байдаг. Үйлчилгээний эрх хаагдсанаас 30 хоног дотроо цэнэглэх боломжтой. Нэг сарын хугацаанд цэнэглээгүй тохиолдолд таны нэр дээрх дугаар автоматаар устах юм. Дараа төлбөрт дугаарт сануулга очдог. Урьдчилсан төлбөрт дугаарт таны дугаар устлаа гэсэн мэдээллийг өгөх боломжгүй. Тухайн устсан дугаарын худалдаанд гарах хугацаа нь тодорхойгүй байдаг. Дугаар барьж байсан хүн нь солигдсон ч өмнөх эзэмшигчийн нэрийг харах боломжтой.

-Гэр интернэтийн дугаарыг утсаар хаалгаж болох уу?

-Урьдчилсан төлбөртийн дугаартай гэр интернэтээ утсаар хаалгах шаардлагагүй. Дараа төлбөртийн гэр интернэтийн дугаарыг түр хугацаанд утсаар хаалгаж болно. Харин цаашид ашиглахгүй бол заавал салбар дээр очиж хаалгах ёстой. Түр болон бүр хаалгаагүй тохиолдолд ашиглаагүй байсан ч төлбөр бодогдож явдаг.

Үүрэн холбооны хэрэглэгчдээс тодрууллаа.

Юнителийн хэрэглэгч Ц.Бал:

-Нэг хүний нэр дээр олон дугаар байхад аль нэг дугаар руу нь энэ дугаар чинь устлаа гээд мэдээлдэг баймаар байна. Ажилтай, хөдөө орон нутгаар явж байж болно. Утас нь эвдэрчихсэн, сайн ойлголтгүй явснаас болоод хүүгийнхээ барьж байсан дугаарыг устгуулчихсан. Одоо өөр хүн барьж байна лээ. Оператор руу нь залгаж нэр дээрх дугаараа яагаад устсаныг асуухад орох, гарах ярианы эрх хаагдсанаас хойш 70 хоногийн дараа таны нэр дээрх дугаар устдаг. 100 хувь таны хариуцлагын асуудал. Бидний зүгээс мэдээлэх боломжгүй. Юнителийн салбар дээр очиж, гомдол саналаа хэлэх боломжтой гэсэн.

Скайтелийн хэрэглэгч Т.Оюун:

-Шинэ хэрэглэгчдээ татах зорилгоор их дата бэлэглэх зэргээр илүү урамшуулал зарладаг. Дугаараа олон жил барьсан хэрэглэгчид рүүгээ хандсан ямар ч зүйл хийхгүй, ээлгүй байгаа талаар хэрэглэгчид шүүмжилдэг. Хэрэглэгчид датагаа нарийн хянахгүй болохоор хурдан дуусаад байна ч гэдэг. Дататай мөртлөө их гацдаг тал бий.

БНСАУ-д суралцаж буй монгол оюутан Л.Дулам “Энд дугаарууд нь ихэвчлэн дараа төлбөрт байдаг. Хоногтой задгай дата гэж байдаггүй, багцдаа датагаа шингээсэн гэсэн үг. Хамгийн багадаа сарын 36 мянган вонын багцтай. Бүхий л багцад дата нь хязгааргүй. Багцын үнээс хамаарч датаны хурд нь өөр, өөр байдаг. Хамгийн бага багцын датаны хурд нь удаавтар тул бичлэг үзэхээс бусад цахим орчны хэрэглээнд хангалттай хүрдэг. Багцын үнийг нэмэгдүүлэх тусам датаны хурд нь нэмэгддэг. Дараа төлбөрт учраас сар, сардаа тухайн хэрэглэгчийн данснаас төлбөрийг нь татаад авчихдаг. Багц хооронд шилжихэд ямар ч асуудалгүй. Тухайн хүн хэрэглээнээсээ хамаарч багцаа өсгөх, бууруулах бүрэн боломжтой. Солонгост аяллаар ирсэн хүмүүс ихэвчлэн хамгийн бага багцтай датаг сонгодог.

Харилцаа холбооны зохицуулах хорооны Зах зээл, үнэ тариф зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Т.Ганбатаас тодрууллаа.

-Харилцаа холбооны зохицуулах хорооны чиг үүргийг тодруулбал?

-Бид хууль тогтоомжийнхоо хүрээнд тодорхой зохицуулалт хийдэг болохоос үүрэн холбооны оператор компаниудын маркетингт оролцдоггүй. Харилцаа холбооны тухай хуулиар Зохицуулах хороонд олгосон бүрэн эрхийн хүрээнд монополь болон давамгай байдал нь тогтоогдсон аж ахуйн нэгжид үйлчилгээний үнийг тогтоож өгөх зорилгоор үнэ тарифт зохицуулалт хийдэг. Мобиком, юнител компаниуд ярианы үйлчилгээний зах зээл дээр илүү давамгай байдалтай гэж тогтоогдсон байдаг. Тиймээс бид минут болон багцын ярианы төлбөрт хяналт тавьж ажилладаг. Датаны үйлчилгээний тухайд аль нэг үүрэн холбооны оператор компанийг давамгай байдалтай гэж үзээгүй байна. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас монополь, давамгай эсэхийг хуулийн хүрээнд тогтоодог. Бид тэр тогтоолынх нь дагуу давамгай, монополь гэж үзсэн байгууллагад үйлчилгээнийхээ үнэ тарифыг хянуулна уу гэсэн хүсэлт тавьдаг. Тухайн байгууллага монополь байх нь бусад аж ахуйн нэгжийг уг зах зээлээс түлхэн гаргах, хэрэглэгчдэд хэт өндөр үнэ тарифаар үйлчилгээ үзүүлэх зэрэг эрсдэлтэй. Бид үүнээс урьдчилан сэргийлж дээд, доод тарифын үнийг тогтоож өгдөг гэсэн үг.

-Багц гэж та ярилаа. Тухайн хэрэглэгч өөрийн сонгосон багцдаа датагаа нэмэгдүүлэх боломж бий юу?

-Бүх оператор компаниудад дан датад зориулсан үйлчилгээнүүдийг гаргасан байдаг. Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас хэрэглэгчдэд зориулсан багцалсан их болон бага хэрэглээг тогтоосон байдаг. Мөн хүн хэрэглээндээ тааруулж датаг хэрэглэж болно гэдэг. Багцыг гаргахдаа оператор компаниудын зүгээс нарийн тооцоо судалгааны үндсэн дээр багцад байх минут, датаг тогтоож өгдөг байх. Харилцаа холбооны зохицуулах хорооны зүгээс минутын багц чинь их тул багасга, дата чинь бага учир датагаа нэм гэж хэлэхгүй. Багцууд тодорхой хугацаатайгаар өөрчлөгдөж байдаг. Бидний зүгээс энэ тал дээр тодорхой хатуу зохицуулалт хийдэггүй.

-Урамшуулалд хамрагдах, багцад байх датагаа өсгөх зорилгоор хэрэглэгч багцын үнээ өсгөхийг хүсэхэд дараа нь та дахин үндсэн багцдаа шилжих боломжгүйг үүрэн холбооны зарим компанийн зүгээс урьдчилж сануулдаг. Энэ нь ямар учиртай вэ?

-Уг нь боломжтой асуудал. Скайтелийн “Монголдоо” гээд багцаас болж хэрэглэгчийн багцын үнэ өсөөд дараа нь хүсэлт гаргахад буурч байсан. Зарим хэрэглэгчид үүрэн холбооны үйлчилгээгээ дагалдах IPTV-тэй хослуулж авсан багцууд байдаг. Дан үүрэн холбооны үйлчилгээнд багц өгсөж, буурахад ямар ч хаалт байх ёсгүй. Нэгэнт өсгөсөн багцыг бууруулах боломжгүй байвал бидэнд гомдол гаргаж болно. Манайд хэрэглэгчийн гомдол, санал хариуцсан мэргэжилтэн гэж бий. Мөн тухайн оператор компанид хэрэглэгчид өөрсдийн асуудлаар гомдол гаргаад шийдвэрлээгүй тохиолдолд мөн бидэнд хандах эрхтэй.

-Хэрэглэгчдийн хувьд үндсэн багц дээрээ ихэвчлэн нэмэлтээр дата авах тохиолдол их байна л даа.

-Бид дататай холбоотойгоор хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Оператор компаниудын зүгээс үндсэн хэрэглээн дээрээ дата үйлчилгээг нэмэлтээр авч явах нь хэрэглэгчдэд илүү оновчтой байна гэж үзэж буй. 3G-гээс 4G рүү шилжсэн технологийн шилжилттэй холбоотойгоор дата зарцуулалт их болсон. Тиймдээ ч тухайн мэдээллийг өмнөхөөс илүү богино хугацаанд хүлээж авдаг болсон байна. Оператор бүрт бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн баг байдаг.

-50GB ч юмуу их хэмжээний дата авахад хугацаа нь ихэвчлэн нэг сар байдаг. Тухайн сарын хугацаа дуусахад үлдсэн дата нь хамт устчихдаг нь харамсалтай санагддаг. Их хэмжээний датаг хугацаагүй байлгах боломж бий юу?

-Зарим оператор компани хугацаагүй дата гаргасан байдаг. Болохгүй зүйл биш. Дата хийсвэр зүйл. Зарим операторын дата хугацаатай байгаа нь маркетингийн асуудал. Датанд хугацаа зааж буй нь тухайн хэрэглэгчээс сард олох орлого, зарлагаа тооцдогтой холбоотой. Хэрэглэгчийн орлого, зарлагыг тооцох цаад шалтгаан нь байнгын технологийн шинэчлэл хийдэгтэй нь холбон ойлгож болно. Хэрэглэгчид дата бага зарцуулах тохиргоог утсан дээрээ хийж болох юм. Бидний хувьд датагаа хугацаагүй болго гэх шаардлага тавих нь хууль, эрх зүйн хувьд боломжгүй. Бид хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд төр, байгууллага, хэрэглэгч гэсэн гурван талын эрх ашгийг тэнцвэртэй хадгалж явах ёстой.

Л.МИНЖМАА

Т.ОЮУНТҮЛХҮҮР

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Сонгохдоо багаар нь сонго гээд байгаа юм чинь, буулгахдаа багаар нь байсан нь дээр” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы 2024-06-17-ний даваа гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн асан, Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга, УИХ-ын сонгуулийн 12 дугаар тойрогт нэр дэвшигч Цэдэвдамбын Оюунгэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр “Иргэд сонгууль бол хүрээлэл ихтэй, мөнгөтэй, тэрбумтнуудынх гэж харж айхгүйгээр сонгох, сонгогдох эрхээ эдлэх хэрэгтэй” хэмээн ярилаа. IV нүүрээс үргэлжлүүлэн ушнаарай.

Үүрэн холбооны оператор компаниудаас хэрэглэгчид хугацаатай дата худалдан авдаг. Хугацаа нь дууслаа гэх шалтгаанаар нэгэнт мөнгөөрөө авсан датаг буцаан хурааж авч байгаад хэрэглэгчид гомдолтой байдаг. Үлдэгдэл датаг нь хурааж буйг оператор компаниуд хэрэглэгчдийг хохироож буй үйлдэл ч гэж харах нэгэн байна. Энэ асуудлаар оператор компаниудаас тодрууллаа.

Төрийн удирдлагын доктор(Ph.D), судлаач Н.Гансүхтэй ярилцлаа. Тэрбээр “Улс төрийн намууд ажил олгогч болсноор бизнесийн орчин хумигдаж байна” гэв

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Сонгохдоо багаар нь сонго гээд байгаа юм чинь, буулгахдаабагаар нь байсан нь дээр ” хэмээн өгүүллээ.

МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын философи, шашин судлалын тэнхимийн ахлах багш, доктор Ph.D Б.Мөнхжавхлан “Нийгмийн эерэг нөлөөллийг бий болгохын тулд бүх нийтээрээ боловсролоо дээшлүүлэх шаардлагатай” хэмээн ярилаа.

Цогц хөгжлийн үндэсний төв”-ийн Гүйцэтгэх захирал, социологич М.Энхбадралтай ярилцлаа.

АРЫН НҮҮР:


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Санал авахаар дэлгүүрийн өрийг тэглэж, оронд нь иргэдийн регистрийн дугаарыг авч байна DNN.mn

Сонгуулийн сурталчилгаа эхлээд ес хонож байна. Улс төрийн намууд, нэр дэвшигчид бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцуулсаар байна. Улс төрийн сонгуулийг дагасан олон шүүмжлэлт тогтолцоо албан бусаар бий болчихсон. Үүний нэг нь аливаа улс төрийн намууд иргэдэд мөнгө тарааж санал авдаг явдал үе үеийн сонгуулиар гардаг. Тэгвэл энэ удаагийн сонгуулийн үед энэ нөхцөл байдал ямар байгаа талаар бид нийслэлийн зарим дүүргээр явж сурвалжиллаа.

Баянзүрх дүүргийн хувьд нийслэлийн хамгийн олон хүн амтай хоёр дүүргийн нэг. Нийт 400 орчим мянган хүн амтайгаас 275 мянган сонгогчтой. Баянзүрх дүүргийг наймдугаар тойрог болгосон бөгөөд энэ тойрогт 20 нам эвслийн 83 нэр дэвшигч өрсөлдөж байгаа. Энэ удаагийн сонгуульд зурган самбар байрлуулах, тараах материалын тоо ширхгийг хязгаарлаж өгсөн. Гэвч яг дүүргийн нутаг дэвсгэрт нэр дэвшигчдийн сурталчилгааны самбарууд алаг эрээн хэвээрээ байна. Зурагт хуудсууд, сэтгүүлүүд ч энд тэнд гудамжны мухарт овоороостой, айлуудын хашааны завсар хавчуулаастай байна. Улаан, цэнхэр, ягаан хувцсаар жигдэрч сурталчилгааны материал тарааж буй иргэд ч мэр сэр харагдлаа. Харин иргэд сонгуулийн талаар ямар байр суурьтай байгаа, ялангуяа мөнгө тарааж байгаа эсэх талаар ярилцлаа.

Иргэдийн хувьд энэ удаагийн сонгуулийн тогтолцооны талаар нарийн ойлголт тун муу аж. Томсгосон тойрогтой, анх удаа 126 гишүүнтэй болох, тойрогт нэр дэвшиж болон жагсаалтаар гарч ирэх тухай нарийн ширийн мэдээлэл тааруу байлаа. “МАН сүүлийн найман жил төр барилаа. Хүнсний барааны үнэ тэнгэрт хадлаа. Амьдрах арга алга. Ажил хийх боломжгүй байна” гэх нь байхад өөр нэг хэсэг нь “Сонгууль болгон л ингэж явдаг шүү дээ. Ард иргэдийн төлөө гээд хүмүүс гардаг. Эргээд амьдралд хувь нэмэр оруулж ажилладаг нь байхгүй” гэж хэлэх хүмүүс ч таарлаа. Харин санал худалдан авалт, мөнгө тараадаг явдлын тухай шууд ярихгүй байв.

Тойруу замаар, өөр танил талууд нь мөнгө авсан талаар, хороон дээр мөнгө тараах сураг гарсан талаар цухуйлгах аж. Өөрийгөө 26 дугаар хорооны харьяат гэж танилцуулсан 40 гаруй насны эрэгтэй “20 оны сонгуулиар мөнгө тараасан. Санал авахаас хоёр хоногийн өмнө хэсгийн ахлагч дүү оройхон манай хашааны гадна ирээд эхнэр бид хоёрт зуу, зуу мянган төгрөг өгөөд МАН-ыг дэмжихийг хүсээд явж байсан. Тэр хүслээр нь санал өгсөн. Би хувиараа юм хийж амьдрал залгуулдаг. Манайх гурван хүүхэдтэй. Эхнэр маань хөгжлийн бэрхшээлтэй” гэж ярив. Харин энэ удаагийн сонгуулиар мөнгө авсан тухай лавшруулж асуувал “Одоогоор сураг гарсан юм алга. Мөнгө өгвөл авч л таарна даа. Ард түмэн бидний амьдрал ийм л байна шүү дээ. Дээгүүрээ дарга нар нь улсаа идээд баяжиж байхад ядарсан ард түмэнд ирж байгаа мөнгөнөөс татгалзаж яаж чадах вэ дээ” гэлээ.

Баянзүрх дүүргийн нэгэн хороонд ажиллаж байсан иргэн “Энэ жилийн сонгуулиар өөрчилье гэсэн хүмүүсийг сонгоно гэж бодож байгаа. Гэхдээ манай энэ хавиар сурталчилгаа төдийлөн явагдахгүй болохоор нэр дэвшигчдийн талаарх мэдээлэл дутмаг байна. Иргэдийн саналыг худалдаж авдаг тухайд бол сонгууль дөхөхөөр биш аль өмнө зунаас эхлээд явагдсан ажил шүү дээ. Автобус автобусаар нь хүмүүсийг зөөж, идэж уух хэрэглээг нь дааж аялуулсан. Мөнгөө зүгээр энгийн иргэдэд тараахгүй. Намын эрх мэдэлтэй хүн байхад ах дүү, найз нөхдийн хүмүүстээ л тараадаг. Хэсгийн ахлагч нар гэж бас хүмүүс байна. Тэр хүмүүс нь аялал зугаалга, сурталчилгаа тэр бүхнийгээ ахалж явдаг. Ихэнх нь хөдөө очиж хөдөөний хүмүүсийн толгойг эргүүлдэг. Тэгээд хоёр нам чинь хоорондоо тэрсэлдээд сая хүн амины хэрэг гарлаа шүү дээ. Хэдэн жилийн өмнө бас ийм юм сонсогдож л байсан. Ер нь ингэн байж гарах нь бүх эрх мэдлийг гартаа авах учраас үхэн хатан зүтгэж байна. Манайхан чинь авах дуртай. Өвөл ямар асуудлууд байдаг билээ. Утаа, түгжрэл, амьдрал дээшлэхгүй л байна” гэж онцоллоо. “Өнгөрсөн өвөл л гэхэд манай ажлынхныг Эрээн хот руу долоо хоног үнэ төлбөргүй аялуулсан. Бусад урсгал зардлыг цаанаас нь даасан. Тухайн үедээ байгууллагын зүгээс гэж бодсон боловч одоо харах нь ээ намын сурталчилгааны нэг хэлбэр байсан юм байна лээ. Манай хамаатны хүн саяхан нэр дэвшигчдийн уулзалт дууссаны дараа зарим хүмүүсийн данс, утасны дугаарыг нь авсан гэж ярина лээ. Сонгуулийн өмнөх орой нь тухайн данс руу мөнгө хийнэ. Аль намыг нь мэдэхгүй юм, нэг хүнд 150 мянган төгрөг төлөвлөсөн гэсэн яриа байсан” гэж хорооны нэгэн албан хаагч нэрээ нууцалж хэллээ. Иргэдэд тараахаар зэхсэн мөнгөний хэмжээ янз бүр байгаа гэнэ. Зарим хороонд 100 мянган төгрөг тарааж эхэлсэн бол санал хураалтаас гурав хоногийн өмнөөс 200 мянга тараана гэсэн яриа түгжээ.

Сонирхолтой нэг зүйл нь гэр хороололд иргэдийн саналыг ийм маягаар авахаас гадна иргэдийг төлөөлж болох хүмүүстэй намууд тулж ажилладаг гэнэ. Тэрний том төлөөлөл гэр хороолол дунд байдаг хүнсний дэлгүүр юм байна. Ялангуяа амьдралын түвшин тааруу, хөгжил муу, захын гэр хороолол дунд байдаг хүнсний дэлгүүрүүд нэлээд нөлөөтэй байдаг талаар нэг бус иргэн дуулгалаа. Тэр хаягаар нь 22 дугаар хорооны нэгэн дэлгүүрийг заалгаж очлоо. Дэлгүүрийн эзэн дунд эргэм насны эрэгтэй эхлээд мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Нэрийг нь нууцалж ярилцъя гэж нэлээд ятгасны эцэст нь дараахь мэдээллийг өглөө.

-Сонгууль болохоор нэр дэвшигчид дэлгүүрүүдийн өрийг тэглэж санал авдаг гэсэн үнэн үү?

-Нийтээрээ тийм биш ч, ганц нэг нэр дэвшигч бий. Аль намыг нь хэлмээргүй байна. Өнгөрсөн сонгуулиар манай дэлгүүрийн долоон сая төгрөгийг хааж өгсөн. Манай энэ орчимд өр зээл тавьдаг олон айл байдаг. Амьдрал нь янз бүр, архи дарс хэрэглэдэг хүмүүс ч олон. Яахав, амьдралыг нь ойлгоод хоол хүнс зээлдэг болохоор эргээд тэдэнтэй сонгууль ярихад амар байдаг.

-Саналыг яаж өгдөг юм бэ. Иргэд таны хэлснээр өөрсдөө очоод өгчих үү?

-Тэгэх шаардлагагүй. Регистрийн дугаарыг нь аваад өгчихөд болдог. Цаашаа яаж санал болгодог нарийн учрыг би мэдэхгүй. Регистрийн дугаар л хэрэгтэй гэдэг юм.

-Та хэдэн регистрийн дугаар өгч байсан бэ?

-Нэлээд олон шүү. Нэг айл гэхэд л багадаа хоёроос дээш насанд хүрсэн байгаа шүү дээ. Зарим нь бүр тав зургаа ч байна. Тэгэхээр регистрийн дугаар цуглуулах тийм хэцүү биш.

-Энэ удаагийн сонгуулиар ингэж ажиллаж байна уу?

-Өмнө нь ажилласан хүн холбогдсон. Одоогоор яг цуглуулж эхлээгүй байна. Удахгүй ирж уулзана гэсэн. Тэрний сураг дуулсан манай энэ хавийн зарим хүмүүс нэмж зээл авъя гэж даварч байгаа шүү (инээв). “Мөнгө тарааж байгаа гэсэн, мөнгө авмаар байна” гэх нь гарч ирж байгаа. Манайд гэхэд нэг айл 50-иас дээш мянган төгрөгийн өртэй байх жишээтэй. Хамгийн их нь 700 мянга гаруй төгрөгийн өртэй байна. Ядаж энэ өрийг хагаслахад нэмэртэй байдаг. Мэдээж ингэх ёсгүй байх л даа. Амьдрал ийм байна шүү дээ хэмээв.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Уснаас хоёр охины амийг аварсан талийгаач Н.Буянжаргалын багш Б.Нямсүрэн: Шүлэг яруу найрагт сонирхолтой, тусч, зөөлөн зантай хүү байлаа, миний шавь DNN.mn

Цэргийн зарлангаа дөнгөж гардсан, цэл залуухан 19-хөн насандаа эрдэнэт хүний амийг аварч өөрөө харамсалтайгаар эндсэн талийгаач Н.Буянжаргал хүүгийн баатарлаг үйлсийг монголчууд хайрлан, бахархахын зэрэгцээ халаглан гашуудаж байна. Талийгаач өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Сэлэнгэ аймаг, Шаамар сумын “Битүүгийн тохой” гэдэг газарт, Ерөө голын усанд бага насны хоёр хүүхэд живж байхад нь аварчээ. Харамсалтай нь тэрбээр хүний эрдэнэт амийг аварч чадсан ч өөрөө усанд эндсэнд ар гэр нь болоод монголчууд тэр даяараа элэг нь эмтэрч, зүрх нь шархалж байна. Нэр шигээ буянлаг үйлс хийсэн бусдад тусархуу, зөөлөн, зөв сэтгэлтэй хүүг бид мартах учиргүй билээ. Талийгаач хүүгийн ээж, ах, эгч, төрөл төрөгсдөд нь мянга мянган уншигчдынхаа өмнөөс, нийт монголчуудынхаа өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. Бусдын амь насыг иргэн хүн авран хамгаалах, тэр дундаа өөрөө хүүхэд шахуу залуугаас ийм зүрх, зориг, нинжин сэтгэл гарах нь ховордсон билээ.

Тиймээс энэ хүүгийн баатарлаг үйлдлийг нь Монгол даяар алдаршуулах, бусдад үлгэр, дуурайл, басхүү сургамж, болгоомжлолыг бид түгээн дэлгэрүүлэхийг хүслээ. Талийгаач Увс аймгийн Цагаанхайрхан сумын хүү байжээ. Тэрбээр сумынхаа есөн жилийн сургалттай сургуулийг онц дүнтэй төгссөн, сургуулийнхаа шилдэг сурагчдийн нэг байсан аж.

Энэ талаар талийгаачийн бага ангийн багш Нямсүрэнтэй шавийнх нь талаар бахархан дурсаж ярилцлаа.


-Таны шавь үнэхээр баатарлаг үйлс хийжээ. Харамсалтай нь өөрийнхөө амь насаар бусдын эрдэнэт амийг аварчээ. Та шавийнхаа талаар бидэнд ярихгүй юу. Бага ангийн багш гэдэг бол хар нялхаас нь л мэднэ дээ…?

-Би сүлжээгүй газар явж байгаад дөнгөж саяхан (өчигдөр) суурин газар ирээд байж байна. Тиймээс энэ хэргийн талаар мэдсэнгүй. Танаас сонсоод үнэхээр шоконд орлоо. Юуны өмнө ээжид нь гүн эмгэнэл илэрхийлж байгааг минь уламжлаад өгөхийг хүсье ээ. Би шавийгаа мэдэлгүй яах вэ. Миний шавь багын л хүнд тусархуу, зөөлөн сэтгэлтэй, төлөв даруухан хүү байлаа. Үнэхээр харамсалтай байна (уйлав)…

-Таны шавь нэр шигээ үнэхээр буянтай үйл хийсэн. Энэхүү үйлсийг нь монголчууд бид бахархан ярьж байна. Үнэхээр бусдын амь насыг аврах шиг том буян хаана байх билээ…?

-Би шавийгаа нэгдүгээр ангиас нь авч тавдугаар анги гардаж төгсгөсөн бага ангийн багш нь. Тиймээс ямар хүү байсныг сайн мэднэ ээ. Багадаа их хөөрхөн томоотой хүү байлаа. Эрэгтэй хүүхдүүдийн ихэнх нь сахилгагүй байдаг л даа. Гэхдээ миний шавь их томоотой. Багшийнхаа үгэнд сайн ордог, ангийнхаа хүүхдүүдтэй нийтэч, их зөөлөн харилцаатай хүү байсан. Би энэ занг нь анх таниад нэр шигээ ямар буянтай хүү вэ гэж боддог байсан. Ангийнх нь хүүхэд балгүй болчихвол өөрийнхөө балыг ч хамаагүй өгчихдөг. Найз нартаа байгаагаа өгдөг, тусалдаг, хамт хөгжилдөх дуртай хүү байсан, би мэдэлгүй яах вэ. Ийм хэрэг болсонд одоо ч итгэж чадахгүй байна. Сайхан шавь маань саяхан л сургуулийнхаа коридоороор гүйж явсан нь санагдана. Есдүгээр ангиа төгсчихөөд багш аа, би коллежид сурна гээд явсан даа.

-Ер нь хичээл сурлагадаа ямар хүүхэд байсан бэ. Аль хичээлдээ илүү дуртай байв?

-Хичээлдээ боломжийн сайн хүүхэд байсан. Багын л нийгмийн ухааны хичээлдээ сайн, дуртай хүү байлаа. Цээж их сайтай, хэл ярианы баялаг сайн хүүхэд байсан шүү. Хамгийн гол нь их төлөвшил сайтай, зөөлхөн сэтгэлтэй, нүдэнд цаанаа л нэг эерэг, дулаан энергитэй тийм шавь минь байлаа. Ээжтэйгээ амьдардаг. Ах, эгч нар олуулаа. Зан ааш нь бусдад тусархуу. Бүр онцгой тусархуу хүүхэд байсан. Ангийнх нь сахилгагүй найзыг нь загнахаар хажууд нь уйлаад суудаг, тийм зөөлөн, уяхан сэтгэлтэй. Ямар ч элдэв буруу ааш байгаагүй. Сэтгэл нь ёстой цагаахан цаас шиг л хүү байсан даа, хөөрхий. Ийм ч харамсалтай хэрэг болох гэж. 1-5 дугаар ангийн хүүхэд гэдэг бол зан төлөв нь тогтворжоогүй нас шүү дээ. Гэхдээ л тийм бусдад тусархуу хүү байсан. Хүн болох багаасаа гэдэг шиг том болоод бусдад их тусархуу хүн болох нь дээ, миний шавь гэж боддог байсан. Усанд живж байгаа хүүхэд битгий хэл муур, нохой байсан ч араас нь гүйгээд орох сэтгэлтэй хүүд ээ, миний шавь. Ийм л уяхан, бусдын төлөө гэсэн хүүхэд ховор шүү. Дахин хэлэхэд, ээжид нь ар гэрт нь, бага ангийн багшийнх нь хувьд гүн эмгэнэл илэрхийлж байна.

-Таны шавь танд хүсэл мөрөөдлөө ярьж байв уу. Юуг мөрөөддөг байсан бол. Ямар хүн болно гэж ярьдаг байв?

-Бага ангийн хүүхэд учраас яг таг тийм хүн болно багш аа, тийм мэргэжилтэй болно гэж ярихгүй л дээ. Гэхдээ л багын шүлэг, яруу найрагт сонирхолтой, тусч, зөөлөн зантай хүү байлаа, миний шавь. Шүлэг их сайхан, эвлэгхэн уншчихдаг, үг, ярианы баялаг, цээж сайтай хүү байсан болохоор том болоод утга, уран зохиол, нийгмийн чиглэлээр л явах хүү байна даа гэж би багш хүнийхээ хувьд дүгнэдэг байсан даа.

-Улаанбаатар хот руу хэзээ шилжиж ирсэн юм бол оо, та тэр талаар мэдэх үү?

-Удаагүй байх аа. Гурав бил үү дөрвөн жилийн өмнө л нүүлээ гэж байсан. Уг нь манай нутгийн яг энэ Цагаанхайрхан сумын унаган айл, уугуул хүмүүс шүү дээ.

-Бусад хөдөөний хүүхдүүдийн адил багадаа ээж, аавдаа туслаад малын захад өссөн үү, эсвэл сумын төвийн хүүхэд байв уу?

-Сумын төвийн хүүхэд байсан. Ээж нь сумын төвд олон жил барилгын салбарт ажилласан даа. Зах зээл гараад ч барилгын салбараасаа холдоогүй. Хувиараа засал чимэглэл, барилгын ажил хийж байсан хүмүүс. Ээж нь их хөдөлмөрч, зүтгэлтэй, хүү шигээ хүнд тусархуу хүн байдаг. Одоо 60 гаруй настай хүн байгаа даа.

Э.МӨНХТҮВШИН