Баян хонгор аймгийн нутагт Монголдоо л ганцхан нэртэй Баацагаан cум гэж бий. Тэр бол Говь-Алтай нурууны салбар уулс Улаан, Дунд, Хар хэмээх цуврал гурван Аргалант нуруу болон Хангайн нурууны баруун өмнөд төгсгөл Уушгийн нуруу, Олонтээгүүдийн дунд, Нууруудын хөндий хэмээн геологи-газарзүйн ШУ-нд томьёологдон мөнхөрсөн, говь хангай хосолсон өнө мөнхийн сайхан нутаг билээ. Энэхүү зурвасыг өгүүлэгч нь гурван Аргалант нурууны Дунд Аргалантын өвөрт Улаан шуутын Цалгар хэмээх хаваржаанд /Оорцог хэмээх өвөрмөц тогтоцтой өвөлжөөний хажууд/ төрж ажгуу.
Энэ сайхан нутагт юутай аз завшаанаар төрж өссөн иргэн хүний хувьд Баацагаан сумынхаа байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан өөрийн бахархал, сэтгэлийн өргөлийг өргөх минь энэ. Түүхэн бичгээс сөхвөл 1691 оноос эхлэн Сайнноёнхан аймгийн Эрдэнэ вангийн хошуу, Цогтой гүний хошуу, 1713 оноос эхэлсэн Дархан засгийн хошуу, 1752 оноос эхэлсэн Дайчин вангийн хошуудаас 1923 он хүртэл бүрэлдэн тогтсон бөгөөд 1924 оноос ерөнхийдөө өнөөгийн Баацагаан сумын нутаг дэвсгэрт хамаарах үндэс суурь тавигдсан байна.
Өөрөөр хэлбэл, эдгээр дөрвөн хошууд нь Хангайн нуруунаас Говь- Алтайн нуруу хүртэл өргөн уудам нутагт зүүн хойноос баруун урагш чиглэсэн говь хангай хосолсон зэрэгцээ хошууд оршин тогтносон нь тэр үеийн мал аж ахуй, бэлчээр, байгалийн онцлогийг харгалзан гайхамшигтай оновчтой засаг захиргааны зохион байгуулалттай нэгжүүд байсан ажгуу.
Энэхүү зохион байгуулалт нутаг дэвсгэрийн онцлог 1924 оноос нилээд их өөрчлөгдсөн боловч ерөнхий төрх, хэмжээ нь хадгалагдан үлдсэн байна. Энэ нутаг түүхт газар нутаг, домогт хүмүүсээр арвин юм. Хэрсэнгийн уудам тал нутгийг дайран зүүнээс баруун зүгт чиглэсэн Улиастай – Өмнийн говийг холбосон эртний торгоны замын салбар дайран өнгөрч байсны гэрч болох Замын овоо /талын овоо/ байх бөгөөд одоо ч олон замын уулзвар, түүхийн гэрч, замын тэмдэг болж торойж байдаг. Бас сумын төв болох Баянсайраас зүүн урагш 5 км зайд олон түүхийг агуулсан “Монголын овоо” хэмээх өвөрмөц байршилтай тусгай өндөрлөг бий. Бөөнцагаан нуураас Адгийн цагаан нуур хүртэл 80-аад км үргэлжилсэн Цагаан голын баянбүрд бол дэрс, хармаг, чихэр өвс, төрөл бүрийн бударгана, бургас хөмүүл, таана, багалуур, ерхөг зэрэг ургамлын олон төрөл зүйл бүхий Баацагаанчуудын дөрвөн улиралдаа өвөлжиж, хаваржиж, зусаж, намарждаг өгөөж баян жаргалын орон билээ. Энэ нь ямар ч үеийн ган зудаас малчдыг аварч гардаг диваажин гэмээр нутаг. Баацагаанчууд гурван Аргалантын нуруутайгаас гадна гурван уудам тал нутагтай. Хэрсэнгийн тал, Шалын хоолой, Өвөр хоолой, Баруун хаяа гэж бий. Эдгээр нь малын бэлчээрийн ургамал, хүмүүл, таана, ерхөг, хялгана, багалуур, төрөл бүрийн бударгана, янз бүрийн шаваг зэрэг нарийн өвс ургамал арвинтай тул таван хошуу мал үржүүлэх хөгжүүлэхэд маш тохиромжтой нутаг билээ. Ийм учир мал сүрэг нь тарга тэвээрэг сайтай, сүү сааль, ноос ноолуур арвинтай байдаг.
Ялангуяа ямааны цөрөм ааруул бол бүс нутагтаа байтугай улсын хэмжээний брэнд бүтээгдэхүүн билээ. Тэгээд ч улсад хамгийн олон ямаатай нь Баацагаан сум юм.
Ийм сайхан нутагт төрсөн зон олон н ь гайхамшигтай хөдлмөрч, ажилсаг, авъаслаг, ааш зан сайтай, төлөв төвшин, ноён нуруутай, эх оронч баатарлаг ард түмэн. Баацагаан сумын ахмад үеийнхэн 1939, 1945 оны дайны жилүүдэд эх орноо хамгаалахад хүчин зүтгэж, өнөөгийн бидний тайван амгалан аж төрөхөд өөрсдийн эх оронч сэтгэл зүрхээ халуун амь, бүлээн цусаа зориулсан байгаа юм.
Эдгээрийн дотроос Х. Дамдинсүрэн, Б.Дамчаабадгар, Г.Пунцаг, Ү.Пүрэвжав, О. Жамц, С. Жогоо, Д.Буриад, П.Лхагваа, Б.Магар, Б.Жамц, П. Цозон, Б. Бямбаа, А.Бүдхүү, Д.Адяасүрэн, Ж.Баасан Б.Баасан, Ж.Тарав, Б. Дашзэвэг, Д.Саарай, З.Сандаг, Г.Содоом зэргийг төлөөлүүлэн дурдаж болно.
Мөн эдгээрийн дотроос цэргийн өндөр цолтон, генерал, хурандаа нар төрөн гарчээ. Генерал Н.Паль, Хурандаа Ш.Өөдөс болон сүүлйин үеийн хурандаа А.Диваачамба, Г.Мэлс нарыг дурдах ёстой. Үүнээс гадна, зөвхөн энэ сумаас төрийн соёрхолт яруу найрагч Чойжилжавын Лхамсүрэн, төрийн соёрхолт, соёлын гавъяат зүтгэлтэн яруу найрагч Пүрэв жавын Пүрэвсүрэн нарыг дурдахад л хангалттай. Эдгээр зохиолч, найрагчдын уран бүтээлийг зөвхөн уугуул нутгийнхан байтугай Монголын бүх ард түмэн чихээрээ сонсож, нүдээрээ уншиж сэтгэлийн таашаал авдаг нь үнэхээр бахархалтай.
За тэгээд тус сумын ард олноос олон эрдэмтэд, инжинерүүд, урлаг соёлын гавьяатнууд төрөн гарсан буй. Гавьяат жүжигчин, дуучин Х.Пүрэвдорж, Ц.Алтанцэцэг, гавьяат тээвэрчин С.Зинаа, Г.Ишжамц, гавъят багш Д.Батсүх, Б. Хуушаан, Ч.Баясгалан, гавьяат малчин Б. Доржпүрэв, А.Дагвасамбуу. Гавьяат эмч доктор Ж. Батаа, Ж. Баттөр, Ардын багш Л.Гантөмөр, Соёлын гавьяат зүтгэлтэн У.Юмчмаа, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Б.Сундуйжав, Малын гавъяат эмч Ч.Согдог, ХАА гавьяат ажилтан М.Бадам, Гавьяат дасгалжуулагч Д.Мөнх-Эрдэнэ зэрэг маш олон гавьяатнууд төрөн гарчээ. Мөн ШУ-ныг хөгжүүлэхэд хүндтэй гавьяа байгуулсан эрдэмтэн доктрууд бол техникийн ухааны доктор П.Аюурзана, эдийн засгийн шинжлэх ухааны доктор Н.Логи, Анагаахын ШУ-ны доктор Д.Аюуш, Г.Ууганцэцэг, Г.Халиунаа, социологийн ШУ-ны доктор О.Сарантуяа, хим йн ШУ- ны доктор У.Ганзориг, философич доктор Ч.Бүжидмаа зэрэг эрдэмтдээс гадна хүндэт профессорууд, клиникийн профессорууд, олон төрөн гарчээ.
Мөн олон арван улсын сайн малчид, аврага малчид, улсад шалгарсан байна. Үүнд: Г.Дамдинхүү, Д.Батхүү, Д. Дүнхэр, Г.Сэрээ хүү, Ч. Цэдэв, Б.Адъяа, Л.Сономпил, Л.Намсрай, П.Сэмнээ, Д.Төмөрбаатар, Ц . Дэмчиг, С. Үрчгэр, С.Тамжаа, Ц.Цогбадрах, Б.Чойдорж, Г.Батдамба, С.Эрдэнэ-Очир, Ч.Батсүх, Ж.Ганзориг зэрэг олон арван туршлагатай малчид олонтой билээ. Тэдний хүч хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн бол 1973 онд тус сумын хөдөлмөрчдийг БНМАУ-ын Ардын их Хурлаас 1973 онд “Алтан гадас” одонгоор шагнасан явдал билээ. Энэ үед тус сумыг хожим хөдөлмөрийн баатар болсон Гомбожав удирдаж байжээ.
Энэхүү Говь Хангай хосолсон, бас завсрын бүсийн байгал цаг уур, уул ус, хадлан бэлчээр, ан амьтан, араатан жигүүртэн зэрэг нь маш олон төрөл байдгаараа маш өвөрмөц нутаг болой.
Өөрөөр хэлбэл , Баацагаан сумын нутагт Монголын говийн хамгийн том нуур болох Бөөнцагаан нуур (225 хавтгай дөрвөлжин км талбайтай) мэлтэлзэж говь нутгаа чимж байдаг. Түүний өмнөт, зүүн өмнөд хөвөөг нь говийн хамгийн өвөрмөц шинж тэмдэг болох заган ой, Хармагийн довцог эмжиж байдаг юм. Тэрхүү нууранд хангай нурууны өврөөс эх авсан Байдраг, Заг, Цагаан турууны голууд нийлж цутгадаг. За тэгээд, Улаан, Дунд, Хар Аргалантынхаа нуруунд аргал угалз, янгир хургалж, Шалын хоолой, Хэрсэнгийн уудам талуудад хар сүүлт, цагаан зээр, үнэг чоно, хярс зэрэг хээрийн зэрлэг амьтад, улаан номонд багтсан ховордсон амьтад бүгд бий.
Бөөн цагаан, Адгийн цагаан нууранд нь хун, ангир, нугас, галуу, цахлай, зуун хурга зэрэг нүүдлийн шувууд урин хаварт ирэн, үр төл, дэгдээхэйгээ өсгөн үржүүлж аваад намартаа буцдаг бөгөөд тэдгээрийн хувьд диваажингийн орон болой.
Баацагаан сум байгалийн асар их баялагтай, зэс, төмөр, мөнгө, хар тугалга, газрын ховор элемент зэрэг металлууд, шохойн чулуу, элс хайрга, байгалийн өнгөлгөөний чулуу зэрэг ашигт малтмалууд арвинтай. Эдгээрийн дотроос газрын гадаргуугийн болон газрын доорх цэнгэг усны нөөцөөрөө Монголдоо бараг тэргүүлэх шахам арвин юм. Зөвхөн цагаан гол, Хэрсэн, Байдраг, Буйлсан, Адгийн цагааны газрын доор х усны тогтоогдсон болон барагцаалсан нөөц 28.3 мянган м3/хоног ажээ.
Баацагаанчууд алтаар биш, газрын доорх цэнгэг усны нөөцөөрөө бахархдаг. Тэр бол ирээдүй амьдралын хамгийн чухал эх булаг нь билээ. Өөрөөр хэлбэл, энд Эхийн голын адилаар төрөл бүрийн хүнсний ногоо, жимс жимсгэнэ, төрөл бүрийн мод сөөг бүхий ойн зурвас бий болох тааламжтай нөхцөл бүрэн бий.
Тус сумын нутагт сум нутгийн хүмүүсийн бахархал болсон Бөөнцагаан нуур, Байдрагийн гол, Заган ой, Ноён богд, Сэнжит хад, Муруй хад, Улаан хаалгын хадан хавцал, Оорцогийн бууц, Холбоо могой зэрэг нэн эртний хүрмэн чулууны тээгүүд, чулуун хөшөө, эртний өвөг дээдсийн булш хиргисүүр, Хэрсингийн тал, Шалын хоолой зэрэг байгаль, түүхийн тоглохын чулуун хөшөө, Дашлагын овооны чулуун хөшөө, хянганы хадны зураг зэрэг түүхийн дурсгалуудаар арвин юм.
Ийм сайхан уултай, талтай, нууртай, голтой, баянбүрд тэгширсэн, нутагтай ард олон 2013 оноос эхлэн зуун жилийнхээ ойг угтан сумын төвөө тохижуулах, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, гудамж талбайг камержуулах, цахилгаан шугам татах, гэрэлтүүлэх, ахуй үйлчилгээний төв барих, халуун усны төвлөрсөн барилга барих, үүрэн телефоны сүлжээ бий болгох, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх, багийн төвүүдийг тохижуулах, орон нутгийг судлах танхим байгуулах, нийтийн спортын заал барих, цэвэр ус болон бохирын суваг шугам байгуулах зэрэг олон арван бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэж түүхт ойгоо амжилт бүтээлээр дүүрэн угтаж байна.
Өчүүхэн миний бие, геологи ч мэргэжил эзэмшиж, Монгол эх орныхоо нэлээд газраар судалгаа, шинжилгээ, ашигт малтмалын эрэл хайгуулын чиглэлээр ажиллаж байхад өөрийн төрсөн нутаг Баацагаан юунаас илүү сайхан санагдаж, үргэлж зүрх сэтгэлдээ тээж явдгаа нуугаад яахав. Холын аянаас нутгаа зорьж, хилийн дээс дөхөх үед Гурван аргалантын жингийн тэмээ шиг цувраа уулс алсад цэнхэртэн сүүмийж, Бөөнцагаан нуурын цэгээн гадаргуу цайвалзан мяралзах нь өөрийн эрхгүй сэтгэлийг минь хөвсөлзүүлэн, аав ээжтэйгээ учирч буй мэт гэгээн бодол төрдөг билээ.
Геологич Б.Банзрагч
2024 оны долдугаар сар.