Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Тэд шударга ёсны сахиул уу, сахиус уу DNN.mn

Аливаа улсын нийгмийн харилцаанд оролцогчдыг тэгш байдлаар үнэлэхийг шударга ёс хэмээн ойлгоно. Энэ утгаараа тухайн нийгмийн субьектүүд хоорондын эдийн засаг, нийгэм, улс төр, эрх зүй, ёс суртахууны бодит, эрх тэгш, бие даасан харилцааг шударга ёс гэдэг. Гэхдээ үүнийг аль улс ямар нийгэмтэй байхаас хамаарч өөр өөрөөр томьёолно. Өөрөөр хэлбэл, нийгмийн харилцагчдын тэгш бус байдал хаана гажуудна, тэнд шударга ёс яригддаг. Монголд бол “Хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх” буюу “Шударгаар шүүлгэх” хэмээх шударга ёсны эхний шаардлага яригдана. Ийм шударга ёсоор ангаж цангасаар өнөөг хүрэв. Ямар сайндаа сая хамтарсан Засгийн газар байгуулагдах үеэр ХЗДХЯ-ны нэршлийг “Шударга ёс” гэдэг үгтэй болох шахах вэ дээ.

Гэхдээ манай улс шударга ёсны хэмжүүр давагсдад тооцдог хариуцлагын тогтолцоо, хуулийн бололцоо сайтай. Гагцхүү түүний хэрэгжилт л муу. Үүнтэй бүгд санал нийлдэг. Тэгэхээр хуулийн хэрэгжилт нь шударга ёсыг хуулийн, төрийн нэрийн өмнөөс хамгаалдаг, сахиулдаг, хэрэгжүүлдэг хэдэн байгууллагаас шалтгаалах болчихож байгаа юм. Үүнд Үндсэн хуулийн Цэц, Шүүх байгууллага, Прокурорын байгууллага, АТГ, ЦЕГ, ШШГЕГ-ыг нэрлэж болно. Тамгыг нь атгаж буй даргаас тухайн байгууллагын үйл ажиллагаа шууд шалтгаална. Тэгвэл тэдгээрийг хэн хэн удирддаг вэ. Тэд шударга ёсны сахиулууд уу, сахиусууд уу?

Үндсэн хуулийн Цэц. Өнгөрсөн бүх хугацаанд улс төрийн байгууллага шиг ажилласан. Үндсэн хуульд бус эрх баригчид, албан тушаалтанд захирагдаж, үйлчилж ирсэн. Зарчмын хувьд төрд бус шүүхэд ажилласан туршлага л энэ байгууллагыг “Дээрээ Үндсэн хуулиас өөр даргагүй” ажиллах цор ганц гарц болсон. Гэтэл саяхан төрд олон жил ажилласан Г.Баясгалан Үндсэн хуулийн Цэцийн даргаар томилогдсон. Баянхонгор аймагт төрсөн тэрээр 1986-1999 оныг хүртэл прокурорт, 1999-2019 оны хооронд Ерөнхийлөгчийн зөвлөх, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга, дийлэнхэд нь ХЗДХЯ-нд газрын даргаас Төрийн нарийн бичгийн дарга хүртэл ажилласан. Түүний үйл ажиллагааг сайтар анзаарч, ажиглаж байх ёстой.

Шүүх байгууллага. Авлига, албан тушаалын хэрэг дээр голдуу “дабл стандарт” хэрэгжүүлдэг гэж шүүмжлэгддэг. Гэвч шүүгч энэ төрлийн, ер нь бүхий л хэрэг дээр шүүхэд ирүүлсэн хэрэг материалын хүрээнд л шийдвэр гаргах үүрэгтэй. Нэмэлт шаардах боломжгүй. Хууль нь ийм. Хэдий тийм ч сүүлийн үед шүүхийн хууль, зарчим, бодлогоос ангид зарим шийдвэр гарах болсон. Шүүмжлэл гэх үү, эсвэл шүүхэд ирж буй тэр галыг Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг авдаг.

Тэр Өвөрхангайнх. Угаасаа шүүхийн хүн. 1998 онд МУИС-ийн ХЗС төгссөн. Төгсөөд шүүхэд ажилласан. 2013 онд Улсын Дээд шүүхийн шүүгч, 2020 онд тус шүүхийн ерөнхий шүүгч болсон. Гэхдээ дээр дурдсан “шүүхийн бус шийдвэр”-үүд түүнээс хамааралгүйгээр, хөндлөнгийн нөлөөгөөр гараад байж болзошгүй талаар сүүлийн үед яриад эхэллээ. “Ганзориг уу, Бямбажаргал уу” гэсэн ярианы тухай уншигчид мэдсэн л байх. Тэнд дурдагдаад байгаа Бямбажаргал нь шүүхийн анхан, дунд шатны нэр бүхий шүүгч нартай шууд холбогдож хэрэг маргааныг хүссэнээрээ шийдүүлдэг гээд байгаа юм. Ер нь тэгээд шүүхийн нэр хүнд, шүүхэд итгэх итгэлийг хиртүүлж, сэвтүүлж явдаг хэдхэн л шүүгч байдаг. Үеийн үед л тийм байсан. Тэгэхээр шүүхийнхэн дотроо “шүгэл” үлээж, цэвэрлэгээ чангалгаа хийх цаг нь тулсан бололтой.

Прокурор. Хууль хяналтын хамгийн том эрх мэдэл энэ байгууллагад бий. Мөрдөгчдийн ажилд хяналт тавьж, тухайн хэргийг ямар байдлаар шүүхэд шилжүүлэхийг шийддэг. Шүүхэд шилжүүлэх эсэх, мөрдөн шалгах явцад хэрэгсэхгүй болгох, түдгэлзүүлэх зэрэг бүх эрх мэдэл прокурорынх. Прокурорыг Өвөрхангайн Б.Жаргалсайхан толгойлдог. Тэрээр 1988 оноос Өвөрхангай аймгийн Прокурорын газар, Тээврийн прокурорын газар, УЕПГ-т ажилласан. 2019 оны дөрөвдүгээр сард Улсын ерөнхий прокуророор томилогдсон. Авлига, албан тушаалын асуудал ид хөндөгдөж, бараг буцалж байсан үе. Тиймээс М.Энх-Амгаланг Б.Жаргалсайханаар солих үед нийгэм “Авлигын хэргүүдийг машиндах нь дээ” гэж харж байсан. Энэ хүн ийм л хүлээлт дунд Улсын ерөнхий прокурор болсон. Гэвч томилогдоод таг. Сүүлийн үед бүр сураг тасрав. Дагаад байгууллага нь ч унтаж орхилоо.

Мэдээжийн хэрэг хуулийн дагуух үүргээ гүйцэтгэж байгаа нь ойлгомжтой. Харин авлигын дуулиант хэргүүд ар араасаа унтарч орхив. Хамгийн гол нь энэ бүхний бурууг мөрдөх байгууллагууд нь үүрдэг.

УИХ-ын сонгуулиас сарын өмнө Дорноговийн О.Машбат гэдэг залууг Ерөнхийлөгчийн саналаар Улсын ерөнхий прокурорын орлогчоор томилсон. О.Машбат нь 2003 оноос УИХ-ын Тамгын газарт туслах ажилтан, ХЗДХЯ-ны мэргэжилтнээр, НЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга, 2015 оноос УЕПГ-т хяналтын прокурор, 2017 оноос НПГ-т хэлтсийн дарга, ахлах прокурор, 2019 оноос УЕПГ-ын Тамгын хэлтсийн дарга, ахлах прокурор, 2020-2024 онд ЗГХЭГ-т Шадар сайдын зөвлөх, ЕТГ-т Хуулийн бодлогын газрын даргаар ажиллаж байсан. Түүнийг удахгүй Ерөнхий прокурор болж магад гэсэн мэдээлэл бий.

АТГ. Авлигачдын айдас, ард түмний шүүмж дунд ажилладаг. Хамгийн сүүлд “Авлигын индексээр ухарлаа” гэж шүүмжилсэн. Угтаа энэ бол авлига, албан тушаалын хэргийн илрүүлэлт өссөнтэй холбоотой. “5Ш” ажиллагаа зэрэг нөлөөлсөн. Авлигын хэргийн илрүүлэлт урагшлахад авлигын төсөөллийн индекс ухардаг. “Авлига бага байна” гэвэл авлигын индекс сайжирна. Урвуу хамааралтай гэсэн үг. АТГ-ын даргаар З.Дашдаваа ажиллаж байна. Хэнтийнх. Цагдаагийн хүн. ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан тэрээр 2019 онд энэ албанд томилогдсон. Монголчууд нэрийг нь сонсож, барааг нь харахаас хэтэрдэггүй байсан “дээдсүүд”-ийн холбогдсон олон том хэргийг мөрдөн шалгаж шүүхэд, прокурорт шилжүүлсэн. Мэдээж зарим хэрэгт улс төрийн шинжтэй гацаа саад ажиглагддаг. Хэд хоногийн өмнө “З.Дашдаваа өргөдлөө өглөө” гэдэг мэдээлэл цахим сүлжээнд сэвэгдлээ. АТГ-аас “Үгүй” гэсэн тайлбар өгсөн. Энэ нэг талаас АТГ-ын дарга болох хүсэлтэй хууль хяналтын нэр бүхий хүмүүс, нөгөө талаас З.Дашдавааг явбал хэргээ аргалж магадгүй хэмээн горьдлого тээсэн этгээдүүд гэсэн хоёр талын ашиг сонирхол дээр сэвэгдсэн мэдээ болж таарсан.

ЦЕГ. Шүүмжлэлд байнга өртөж байдаг энэ байгууллагад шинэчлэх зүйлүүд бий. Сүүлд гарсан хүний амь хохирсон тухай мэдээлэл бол хүний эрхийн ноцтой факт мөн. Уг нь мөрдөгчид хуулийн дагуу хохирогч залууг саатуулж, прокурорын хяналт дор, шүүхийн шийдвэрээр ШШГЕГ-т хүлээлгэж өгсөн. Тийм хуультай. Гэвч ЦЕГ-аас харамсалтай явдлын дараа зориудаар уу гэж хардмаар мэдээлэл хийж олны бухимдлыг төрүүлсэн. ХЗДХ-ийн сайд “Цагдаагийн байгууллага цаашид мэдээлэл хийхдээ аливаа төрлийн хохирогч, тэр дундаа амь хохирогчийн хувийн, эмзэг мэдээллийг задруулахгүй байж, нэр төр, алдар хүндэд нь халдахгүй байхад анхаарч, мэдээлэл хийх журам боловсруулж хэрэгжүүлэн ажилла” гэсэн чиглэлийг өгөв.

Гэхдээ өдөр өнгөрөх тусам 21-тэй залуу амиа алдсан явдлыг албан тушаалын төлөөх ажиллагаа болгож хувиргах оролдлого хийж байсан нь тодорч байна. Цагдааг Бригадын генерал Т.Сүхболд удирддаг. Улаанбаатарт төрсөн. Нутаг ус яривал аав нь Сүхбаатар, ээж нь Дорноговийнх. ЭЦА-нд олон жил ажилласан. Өнгөрсөн жил ЦЕГ-ын даргаар томилогдсон. Сонгууль өнгөрсөн, солио холио явагдаж магадгүй гэсэн үүднээс үү, хэрэг явдлыг Т.Сүхболд руу чиглүүлж буй нь тодорхой ажиглагдав. Оронд нь суух гэсэн хүмүүсийн хүсэл, хэрэг түвэгийг нь ухаад орчихсон учраас салж санаагаа амраах гэсэн хэсэг бүлгийн сонирхол нийлж харагдлаа. Түүнийг ЦЕГ-ын дарга байхад яагаад ч замхрахгүй С.Зоригийн хэрэг, 49 хувь, нүүрсний хэрэг, бусад нийтэд ил зарлаагүй эдийн засгийн том гэмт хэргүүд бий.

ШШГЕГ. Энэ газар угаасаа эрсдэл ихтэй. Хоригдож буй этгээдийн хүн ёсны эрхийг хөдөлшгүй харгалзаж саатуулах үүрэгтэй. Гэвч энэ сарын 23-нд ШШГЕГ-ын Хорих 461 дүгээр ангид хоригдож байсан 21 настай залуу Улсын төв гуравдугаар эмнэлэгт гартаа гавтай нас барсан хэрэг гарлаа. Хаанаас нь ч харсан маш ноцтой асуудал. ХЗДХ-ийн сайд ч “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага амь хохирогчийн бие муу байхад гавласан гэх асуудлыг нягтлан шалгаж, яаралтай эргэн танилцуул” гэсэн үүрэг, чиглэл өгөөд байна. ШШГЕГ-ын даргаар Хэнтийн Б.Нандинболор хурандаа хэдхэн сарын өмнө томилогдсон.

Тэрээр Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Цагдан хорих байрны хэв журмын тасагт цагдаа, тус Цагдаагийн газарт мөрдөн байцаагч, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах нэгдүгээр тасагт мөрдөн байцаагч, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст мөрдөн байцаагч, Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 419 дүгээр нээлттэй хорих ангийн дарга, ЦЕГ-ын Хяналт-шалгалт, дүн шинжилгээ, дотоод аудитын хэлтэст ахлах байцаагч, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст ахлах мөрдөгч, ахлах комиссар, ШШГЕГ-ын харьяа Хорих ял эдлүүлэх албаны дарга, ШШГЕГ-ын Тэргүүн дэд даргаар ажиллаж иржээ.

Ажиглагч

А.БАТБОлд

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Олимпийн мөнгөн медальт Б.Баасанхүүгийн аав А.Бавуудорж: Охиныхоо олимпийн аваргын төлөөх барилдааныг гэр бүлээрээ сэтгэл догдлон үзсэн. Охиноороо бахархаж, баярын нулимстай огшиж хонолоо DNN.mn

2024 оны Ази тивийн болон Душанбе Их дуулга тэмцээний аварга, “Абудаби-2024” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, Үндэсний шигшээ баг, “Импери” группийн тамирчин, ОУХМ Б.Баасанхүү “Парис-2024” зуны XXXIII олимпийн наадмын мөнгөн медальтан боллоо.

Тэрбээр эмэгтэйчүүдийн 48 кг-д С зоонд Мальтийн Е.Катринтатай учраа таарч цэвэр, хоёр дахь барилдаандаа Австрийн Кетрингийг цэвэр ялсан. Хэсгийн аваргын төлөө Парагвайн Нарваез Габрилатай барилдаж ялснаар зооны аваргын төлөө Испанийн Мартинез Абелендатай барилдаж, нэмэлт цагт ялалт байгуулсан. Улмаар Олимпийн наадмын алтан медалийн төлөө “Ханжоу-2022” Азийн наадмын аварга, “Доха-2023” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Японы бөх Цунода Нацүмитай өрсөлдөж ялагдсанаар ийнхүү мөнгөн медаль хүртлээ. Б.Баасанхүүгийн хувьд олимпийн наадмаас жүдо бөхийн төрлөөр мөнгөн медаль хүртсэн Монголын жүдо бөхийн тав дахь тамирчин, жүдочдын олимпийн мөнгөн медальтай хоёр дахь эмэгтэй бөх болж буй аж.

Б.Баасанхүүгийн аав А.Бавуудоржтой ярилцлаа.


-Танд юуны өмнө нийт монголчуудынхаа өмнөөс дахин баяр хүргэе. Анхныхаа “Парис-2024”зуны XXXIII олимпоос таны охин Б.Баасанхүү мөнгөн медаль хүртлээ. Та сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Юуны өмнө охиндоо баяр хүргэе. Аав, ээж нь охиноороо маш их бахархаж байна. Улам их охиноо хайрлаж, үгээр хэлэхийн аргагүй баяр цэнгэлийг эдэлж байна. Энэ жил охин минь дөрөв дараалан түрүүлсэн амжилт үзүүлснээс гадна олимпийн мөнгөн медаль хүртсэнд үнэхээр их сэтгэл хөдөлж, маш их баяртай байна.

Улсын шигшээ баг, “Сүлд” спорт хороо,“Импери” групп зэрэг тусалж дэмжсэн бүх хүмүүст бүгдэд нь баяр хүргэе. Охиныг минь гардаж бэлтгэл сургуулилт хийлгэсэн Монгол Улсын гавьяат тамирчин М.Бундмаа багшид нь тусгайлан баяр хүргэе.

Мөн анх охиныг минь бөхийн спортод чиглүүлж, дурлуулсан эрхэм хүмүүс болох Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн биеийн тамирын багш, Алтан гадас одонт, Монгол Улсын шилдэг багш А.Даваадорж, Биеийн тамир спорт хорооны багш Б.Очирбат нартаа баярлалаа. Бидэнд баяр хүргэж буй хүн бүрд танай сониноор дамжуулан талархлаа илэрхийлье.

Охиныхоо олимпийн алтан медалийн төлөөх барилдааныг гэр бүлээрээ сэтгэл догдлон үзсэн. Олимпийн мөнгөн медаль хүртсэний дараа нь бид нутаг усаараа Мөрөнгийнхөө төв Чингүнжавынхаа талбай дээр цугласан. Манай Хөвсгөлийнхөн бүгд тэнд очсон байсан. Бид хамтдаа шөнөжингөө олимпийн мөнгөн медаль хүртсэн охиныхоо баярыг тэмдэглэж, баярын нулимстай огшиж хонолоо. Өөрийн сонирхол, дуртай зүйлээрээ хичээллэж энэ их амжилтад хүрсэн охиноороо бахархаж, сэтгэл огшин баярлаад л сууна. Охин минь энэ жил бэлтгэл сургуулилт сайтай, олимпийн бэлтгэлээ ч сайн хийсэн болохоор энэ удаа олимпдоо амжилттай оролцох байх гэж бодож байсан.Би охиндоо итгэж байсан.

Монголын ард түмэн их сайхан юм. Бүгд л манай гэр бүлд баяр хүргэж, утсаар залгах нь залгаж байна. Монгол оронд төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс хүн бүр охинд минь баяр хүргэж байгааг цахим ертөнцөөс харах үнэхээр сайхан байна. Аав хүний хувьд хүн болж төрснийх охиноо олимпийн дэвжээнд гарч барилдаад медаль хүртэхийг харна гэдэг их хувь заяа. Үүнээс илүү жаргалтай сайхан зүйл гэж хаа байхав.

-Б.Баасанхүү Монголын тамирчдын медалийн салхийг хагалж, дахиад олон медалийг манай тамирчид “Парис-2024” зуны XXXIII олимпоос авах болов уу гэсэн хүлээлтийг бий болголоо.

-Энэ олимпийн анхны медалийг эх орондоо авчирч, анхны олимпоосоо мөнгөн медаль хүртсэн охиндоо дахин баяр хүргэе.Бүх боломжоо дайчилсан, миний охин мундаг байлаа. Охин минь Хөвсгөлийн Мөрөнгөөс төрсөн олимпийн анхны медальтан боллоо. Миний охин маш том амжилтыг үзүүллээ. Монгол түмнээ баясгалаа. Булган сүүлтэй байгаасай гэж хүсч байна. Тамирчид бүхэн олимпод амжилт үзүүлнэ гэсэн бодолтой бэлтгэл, сургуулилтаа хийж ирсэн. Тиймээс Монголын баг тамирчид бүгдээрээ олимпдоо амжилт гаргах болтугай гэж ерөөе.

-“Парис-2024” зуны XXXIII олимпийн наадмын нээлтийг монголчууд сэтгэл догдлон үзлээ. Зарим Монголын тамирчид нээлтийн ёслолд оролцож харагдахгүй байсан.

-Олимпийн нээлтийн ёслолын үйл ажиллагаанд барилдах цаг нь давчуу болсноос Монголын жүдогийнхон оролцоогүй юм билээ.

-Охинтойгоо олимпийн мөнгөн медаль авснаас нь хойш холбогдож чадсан уу. Сүүлд хэзээ холбоо барьсан бэ?

-Охинтойгоо медаль авснаас нь хойш холбогдож чадаагүй байна. Өнөөдөр (өчигдөр) холбоо барих болов уу гээд хүлээж байна. Парист очсоноос нь хойш жин хасах үед нь л охинтойгоо холбогдсон. Охинд минь айж, сандарч буй зүйл ажиглагдаагүй. Тухайн үед бид охиндоо амжилт хүссэн.

-Б.Баасанхүү тамирчин энэ удаагийн зуны XXXIII олимпод оролцохдоо хэдэн кг жин хассан бол?

-Ямар ч байсан тэмцээнд оролцохдоо дөрвөөс таван килограмм жин хасдаг. Түүнийгээ л хасаж оролцсон байх. Энэ удаа нэг их юм яриагүй.

-Охин тань олимпод оролцохоосоо өмнө гэртээ очсон уу. Сүүлд хэзээ охинтойгоо уулзсан бэ?

-Энэ зун охин минь гэртээ ерөөсөө ирээгүй. Дэлхийн аварга болоод ирэхэд нь очиж уулзсанаас хойш охинтойгоо уулзаагүй байна. Хятадын Хөх хотод 20 гаруй хоног олимпын бэлтгэл хийж ирээд, үргэлжлүүлэн Монголдоо бэлтгэлээ хийж байгаад л сая олимпдоо оролцохоор Парис явсан.

-Хэзээ эх орондоо ирэх вэ?

-Монголын тамирчид хоёр хуваагдаж ирэх болов уу. Эхний ээлжээр буюу ирэх наймдугаар сарын тавны хавьцаа Б.Баасанхүү эх орондоо ирэх байх гэж таамаглаж байна гэв.

“Парис-2024” зуны XXXIII олимпийн мөнгөн медальт, Дэлхийн аварга, Ази тивийн аварга Б.Баасанхүү “Анхны олимпдоо ороод мөнгөн медаль авсандаа маш их баяртай байна. Хэсгийн аварга хүртэлх барилдаануудаа бэлтгэл дээрээ багш нартайгаа хийж үзэж, давтаж, ярилцаж байсан мэхнүүдийг хийж хожсон. Сэтгэл их хангалуун байна. Чадах хүртлээ л барилдана гээд би өдөр бүр хичээж бэлтгэл сургуулилтаа хийж ирсэн. Хүн бүрд боломж байгаа шүү гэж хэлье. Улсын аваргаас хойш сэтгэл зүйчтэй ажиллаж байгаа. Хоол зүйч, сэтгэл зүйч бол тамирчин хүнд хамгийн хэрэгтэй байдаг.

Би эхний тойргоос эхлээд нэг л давчихвал, үүнийг л хожчихвол гэж барилдсаар байгаад финалийн шатанд үлдэж, их баярлаж, сэтгэл их хөдөлсөн. Тэр үедээ надад дахиад нэг барилдаан байгаа учир сэтгэл хөдлөлөө их дарсан. Би характергүй барилддаг. Финалийнхаа барилдаан дээр хэзээ ч өөрөөсөө гарч байгаагүй характер гаргаж, ширүүн барилдаж үзлээ. Үргэлж ард минь бат зогсож тусалж дэмждэг ард түмэндээ, гэр бүлдээ, баг хамт олондоо маш их баярлалаа” хэмээсэн юм.

Л.МИНЖМАА

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Өв соёлоо эсэргүүцсэн нэгнийг Иран шиг ёс зүйн цагдаа нь шийтгэдэг мунхарсан улс болох вий дээ DNN.mn

Монголын нийгэм хоёр нийгэмд хуваагддаг болоод, Монгол Улс хоёр нийгэмд амьдардаг болоод удаж байна. Зуны улирал ирэхээр найр наадам, уяа морьд, бөх тэх, өв соёл, ёс заншил гээд үндсэндээ дундад зууны гэж хэлж болохоор тийм нийгэмд амьдраад явчихна. Харин есдүгээр сарын 1-нээс дарга цэрэггүй бүгдээрээ хот хүрээ бараадаж гэрэл цахилгаан, аж үйлдвэр, газрын ховор элемент гээд шинжлэх ухаанчаар амьдрах гэж оролдоно. Товчоор хэлбэл, зундаа дундад зууны маягтай, өвөлдөө орчин цагийн маягтай ийм хоёр нийгэмд бид сүүлийн 10 гаруй жил амьдарч байна. Зуны амьдралын муу муухайг хэлэх гэхээр нийтээрээ барьж идчих гээд хэцүү. Ёс заншил руугаа нулимлаа, өв соёлоо гутаан доромжиллоо, монгол монголоороо байх ёстой гээд эхэлнэ.

Тиймээс монголчуудын хавтгайрсан энэ найр наадам, морь бөх, дээл хувцас, том том хөөрөгнөөс өөрийг бодохоо байсан, өв соёл нэрээр мунхарч гүйцэж байгааг нь шүүмжлэх хүмүүс бусдын хэл амнаас халгаад холоос хий л толгой сэгсэрч дув дуугүй ажихаас өөр аргагүйд хүрч байна. “Найрлаж наадаад байтал энэ улс орон чинь дампуурч гүйцэх нь. Наад хэдэн үстэй адгуусаа уралдуулах чинь улс орны хөгжилд ямар хамаатай юм бэ. Наад хэдэн хөлстэй нүцгэн бөхчүүд чинь улс орныг удирдах уу, Монголын хөгжилд ямар гавьяа байгуулсан юм бэ” гээд хэлчихвэл монгол соёлын үнэт зүйлийг гутаалаа гээд нийтээрээ барьж иднэ. Бүгд л бөх морь, монгол наадам, нутаг нутгийн түүхт 100 жил хөөрцөглөж улайрсан, “илд бамбай”-гаа агссан хүмүүс байна.

Ингэж нийтээрээ хөөрцөглөн, дундад зууны нийгмээ санагалзаж байгаа мэт хэлхгэр дээлтэй, нум сумаа агсчихсан уухай хашгирч, цээжээ дэлдэж яваа монголчуудын тархи толгойд бензин шатахуун, тог цахилгаан гэдэг ойлголт огтоос төрдөггүй, стратегийн эдгээр амин чухал асуудал бүхнээрээ гадны улсын хараат болохыг хэнбугай нь ч мэддэггүй нь харамсалтай. Ер нь биднийг хөгжлийн тухай бодуулахгүй энэ чигтээ наадам найр нэрээр улам л хий хооосон хөөргөж, үйлдвэрлэл бий болгоод баярлах биш үстэй адгуусаа уралдуулж аархсан ийм л зэрлэг омгийнхон шиг байлгахыг далдаас бодлогоор бий болгоод байх шиг. Улам л мунхраад байх шиг.

Аливаа юм хэм хэмжээтэй. Баярлахад, наадаж наргихад ч, гомдож, өширхөхөд ч хэм хэмжээ бий. Зуны амьдрал маань хэт их хөгжөөд ёс заншил гээч зүйл рүүгээ улам хошуураад, нийтээрээ дээл хувцас монгол гутал, хөөрөг гаанс болчихвол яах вэ. Наадмаар нимгэн цамц, подволк шорттой явж байвал ёс заншил өв соёлоо уландаа гишгэлээ монгол дээл, монгол гутлаа өмссөнгүй гээд тухайн хүн хэрэгтэн болох, нийгмийн шаар шавхруу мэт нүд үзүүрлэгдэх тийм харалган цаг ирэх вий дээ. Иранд Исламын шашны дэг ёсыг сахиулах үүрэгтэй ёс зүйн цагдаагийн алба гэж байдаг. Хүүхнүүд нь олон нийтийн газарт гараа ил гаргах юм уу, эсвэл толгойн өмсгөлөө өмсөөгүйг, алчуураа бүрэн халхлаагүй зэргээр шоронд хоригддог. Яг үүн шиг Монголд дээл хувцсаа өмссөнгүй, өөрийн дур мэдэж подволк, костюм, жинсэн хослол өмслөө гээд Ираны ёс зүйн цагдаа шиг гавлаад явах, барьж хорих асуудал үүсэх юм биш биз дээ.

Энэ байдлаараа бол үгүй гэх газаргүй л харагдаад байна. Монголчууд болсон хойно цагдаа гэхгүйгээр уянгалаг нэр өгчихнө л дөө. Өвөг дээдсийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэх ёс зүйн алба гэдэг ч юм уу. Ийм сүрхий нэртэй, тэрхүү албаны нөхдүүд нь нэг л мэдэхэд монголчуудын орчин үеийн сэтгэлгээг нухчин дарж айдас хүйтэст автуулснаар нийтээрээ дээл өмсөж, монгол гутал эгэлдэргэлсэн үзээрийн хүмүүс гарч ирэх вий. Тиймээс дундад зууныг ихээхэн санагалзаж байгаа зуны амьдралаа хэмжээ хязгаартай болгоё. Найр наадмаараа баярлалаа ч бүтээн байгуулалтынх нь ажил давхар явдаг хөгжлийн тийм тогтолцоонд шилжих хэрэгтэй.

Зуун жилийн баяр наадмаа хийгээд л улс орны амьдрал зогсчих юм шиг сэтгэлгээгээр хандах юм. 100 жилээ тэмдэглэхэд дараагийн 50, 100 жилийн урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө давхар батлагдаж цахилгаан станц, төмөр зам, аж үйлдвэрийн парк, хурдны гал тэрэг гээд бүтээн байгуулалтын ажлууд эхэлж байх учиртай. Дэлхийн улс орнуудын хөгжил яаж явдаг тэр зарчмаар бид хөгжих ёстой. Гэтэл өнөөдөр нэг л их өв соёл, ёс заншил ярьсан хүмүүс. Улс орны хөгжлийн гол концепцийг нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр тодорхойлдог. Манай нэг хүнд ногдох ДНБ ердөө 5 мянган ам.доллар. Польш улс гэхэд 30 мянган ам.доллар байх жишээний. Ингэж монголчууд бид дэлхийн улс орнуудын “ул”-ны улс болчихоод байна. Нөгөө Азийн хүлэг биш, Азийн гөлөг улс гэдэг үнэн болчихоод байна.

Аль юм болгон ингэж ядуу дорой амьдрах юм бэ. Монгол Улсын гал голомтыг сахиж байгаа бид монголоороо байх ёстой гэх мунхаглалаас даруй салах хэрэгтэй. Монголоороо байна гэдэг бол дээл өмсөж, морь унаж, үс гэзгээ ургуулж, сахал самбаандаа баригдаж явахын нэр биш. Харин туурга тусгаар улс орны голомтын эзний хувьд хүчтэй улс орон байх ёстой. Тиймийн тулд баян чинээлэг хөрөнгөтэй, ард иргэд нь эрдэм боловсролтой хүчирхэг гүрнийг тунхаглан босгох ёстой. Хүчирхэг улс гүрэн байхын үндэс суурь нь эдийн засаг. Иймээс найр наадам, өв соёл, зуны амьдралынхаа хугацааг богиносгож, хөгжил дэвшлээ ярьдаг өвлийн амьдралынхаа цагийг уртасгаж ДНБ-ээ дор хаяж 10 мянган долларт, цаашлаад 20, 30 мянган долларт хүргэхийн төлөө хүн бүхэн чармайн зүтгэх цаг нь ирсэн.Морь уяж наадсан, бөх барилдаж баяжсан хэдхэн хүний эрх ашигт амьдармааргүй байна.

Уяачдын болон бөхчүүдийн мөнгөний давхарга гэж бүхэл бүтэн давхарга Монголын нийгэмд бий болсон. Эдгээр давхаргынхан ард түмнийг өөрсдийнхөө тойрог хүрээлэлд оруулж, эдийн засгийн эргэлтээ сайжруулахыг гол зорилгоо болгодог. Энэхүү давхарга нь улс орны эдийн засагт ямар ч хамаагүй. Харин ч улс орны хөгжлийн эдийн засгийн эргэлтийг сааруулна. Дээрээс нь төр засаг ард түмнийг захирахад гарын аясаар хэмээн ядуу хоосон гуйлгачин байлгахыг боддог. Энэ бүхнийг ард нийтээрээ санаж сэрж хэрсүү, ухаалаг байх хэрэгтэй байна.Тиймээс зуны амьдралаа богиносгож, өвлийн амьдралаа уртасгая гэж хэлээд байгаа минь ийм учиртай. Сүүлд нь хэлэхэд, өв соёл гэх зүйл хэрээс хэтэрвэл бид Иран шиг ёс зүйн цагдаатай болж, тэдэндээ гавлуулж хоригддог тийм нийгэмд амьдрах цаг ойрхон буйг дахин сануулъя.

Д.Батболд

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Монголын гайхамшигт эмэгтэйчүүд” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы  даваа гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Олимпийн мөнгөн медальт Б.Баасанхүүгийн аав А.Бавуудорж “Олимпийн аваргын төлөөх барилдааныг гэр бүлээрээ сэтгэл догдлон үзсэн. Охиноороо бахархаж, баярын нулимстай огшиж хонолоо” хэмээлээ. Энэ талаар III нүүрээс уншаарай.

Хүний эрхийн өмгөөлөгч Р.Булгамаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр “Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хэргийг улсын яллагч буюу прокуророор олон жил ажилласан, шүүгч болоод удаагүй хүн шүүсэн юм билээ” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Монголын гайхамшигт эмэгтэйчүүд” хэмээн өгүүллээ.

Эрдмийн сүмийн эрт, эдүгээ хуудсыг сөхөхүй

Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан 21 настай О Шастины нэрэмжит III төв эмнэлэгт хүргэгдэж нас барсантай холбогдуулан Хүний эрхийн үндэсний комисс өнгөрсөн баасан гаригт мэдээлэл хийсэн билээ. Энэ үеэр ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатартай ярилцлаа.

Арын нүүр: Бүх зүйлд чин сэтгэлээсээ хандаарай


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

 

 

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Парис 2024: Монголын баг, тамирчдын өнөөдрийн тэмцээний хуваарь DNN.mn

Франц улсын нийслэл Парис хотноо болж буй олимпийн наадмын эхний өдөр амжилттай болж өнгөрлөө.

Монгол Улсаа төлөөлөн “Парис-2024” олимпт анх удаа оролцсон дэлхийн аваргын алтан медальт Б.Баасанхүү 24 насандаа олимпийн наадмын мөнгөн медальтай боллоо. Азийн наадмын хүрэл медальт С.Жамбалжамц 32.4 км замыг 40:19.93 цагийн амжилттайгаар туулж, дугуйн тэмцээний төрөлд 28 дугаар байрт шалгарав. Мөн буудлагын эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар буун дасгалд 33 тамирчин өрсөлдсөнөөс Монгол Улсын тамирчин Э.Даваахүү 578 оноогоор долдугаарт жагсч, финалд шалгарсан. Финалын шатанд найман тамирчин өнөөдөр /2024.07.28/ өрсөлдөх болно.

 

Тэгвэл өнөөдөр /2024.07.28/ өөрсдийн ур чадвараа баталж, олон улсын тамирчидтай өрсөлдөх Монголын баг, тамирчдын тэмцээний хуваарийг хүргэе.

 

15:20-20:50 хооронд :

 

Хийн гар буу 10м /эрэгтэй/ төрөлд Э. Даваахүү

Бокс /эмэгтэй/ О. Есүгэн

Жүдо /эмэгтэй/ 52 кг төрөлд Л.Сосорбарам, 66 кг /эрэгтэй/ Ё. Басхүү

Усан сэлэлт /эмэгтэй/ 200 м зайд Б. Энххүслэн тус тус өрсөлдөнө.

18:55-01-05 хооронд:

 

Волейбол /эмэгтэй/ Польш vs Япон

Жүдо шигшээ /эмэгтэй/ 52 кг төрөлд Л.Сосорбарам, 66 кг /эрэгтэй/ Ё. Басхүү

Сагсан бөмбөг /эрэгтэй/ Серби vs АНУ

Монголын баг, тамирчдын тоглолтоос шалтгаалан хуваарьт өөрчлөл орж магадгүй.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Түлэгдсэн хүнд ингэж туслаарай DNN.mn

Таны дэргэд ямар нэг шалтгаанаар хүн түлэгдвэл эмнэлэгт очтол хэрхэн анхны тусламж үзүүлэх талаар мэргэжлийн эмч нарын зөвлөгөөг хүргэе.

Тухайн хүнийг түлэгдсэн эх үүсвэрээс яаралтай холдуул. Түлэгдсэн хэсгийг урсгал усан доор 10-20 минут байлгах крантны ус гоожуулж байгаад доор нь байлгаж ч болно. Мөн түлэгдсэн хэсгийг хөргөсний дараа цэвэр хөвөн, даавуугаар боолт хий. Цэврүү үүссэн бол хагалж болохгүй. Хагарсан тохиолдолд хүчээр арьсыг нь хуулахгүй байх. Бие барьсан хувцас, цаг, бөгж зэргийг тайлах хэрэгтэй.

Түүнчлэн цэврүү үсрээгүй, 1 дүгээр зэргийн түлэгдэлт байвал мөнгөжүүлсэн тос /Silverderm/ түрхэж боолт хий. Их хэмжээний түлэгдэлтийн үед эмнэлэгт хандах хүртлээ өвдөлтийн шокоос сэргийлэх зорилгоор аналгин, нурофен, парацетамол зэрэг халуун бууруулах, өвдөлт дарах эмийг хэрэглэ. Бас шингэн алдаж, түлэгдэлтийн шоконд орохоос сэргийлж, шингэн зүйл маш сайн уулгах хэрэгтэй.

Мөн түлэгдсэн хэсэгт давс, элсэн чихэр цацах, нохойн халуун цус түрхэх нь түлэгдэлтийг улам хүндрүүлдэг тул буруу юм. Тиймээс түлэгдсэн даруйд нь яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай бөгөөд эмчийг иртэл дээрх зааврын дагуу анхны тусламж үзүүлэхийг мэргэжлийн эмч зөвлөж байна.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Очбаяр: Хотыг соёлжуулахын тулд иргэдийн оролцоо чухал DNN.mn

Хотын соёл гэж юу вэ. Хотын соёлтой байна гэж ямар байхыг хэлдэг тухайд ярилцахаар “Улаанбаатар хотын музей”-н Эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяртай ярилцлаа.


-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сайхан наадсан уу? 

-Сайхан наадам болж дэлгэр сайхан наадлаа. Бараг арваад жилийн өмнөөс гэх үү дээ, залуус үндэсний хувцас монгол дээлээ өмсдөггүй байсан. Тэгвэл одоо ганц наадам ч гэлтгүй, олон баяр, тэмдэглэлт өдрүүдээр монгол дээлээр гоёдог болсон нь миний хувьд сайхан санагдлаа. Залуус бие биенээ хараад дуурайж монгол соёлыг үүсгэж байгаа нь бахархалтай.

-Өнөөдөр тантай хотын соёл гэж юу юм. Хотын соёлтой байна гэж ямар байхыг хэлдэг талаар ярилцах гэж буйдаа баяртай байна.

-Соёлын талаар ярина гэдэг өргөн ойлголт, өнөөдөр яриад ч дуусахгүй сэдэв. Тиймээс аль болох товчхон ярихыг хичээе. Суурин газрууд бий болсон цагаас тухайн олон хүмүүсийг удирдан зохицуулах нь нийгмийн дүрэм журамтай байх суурин газрын соёлыг бий болгосон гэж үздэг. Дэлхийн нийт хүн амын талаас илүү хувь нь хотод амьдарч байна. Хотод яагаад соёлтой байх вэ гэхээр ихэнх нь бие биенийгээ таньдаггүй тул дүрэм журмаар зохицуулдаг. Хот төлөвлөлтэй бүтэцтэй тул гудамж талбай биет зүйлүүдээр хот хэлбэр- жинэ. Соёл гэхээр өргөн ойлголт, хүний оюуны бүтээл соёл юм. Гудамжинд хүмүүс хоорондоо мөрлөх юмуу хөлөн дээр нь гишгэвэл уучлалт гуйх, бас тусламж гуйсан хүнд очоод туслах гээд ийм харилцаа үүсч соёлыг бий болгодог. Соёл нь байгаль дээр оюун ухаанаар шинэ хиймэл орон зайг үүсгэдэг. Оюуны бүтээл.

Философичид соёлыг юу гэж үздэг вэ гэхээр хүний оюунаар бүтээгдсэн үнэт зүйлийг соёл гэж үздэг. Бидний хэрэглэж буй цамц, гутал, хувцас соёлтой холбоотой. Соёлыг дотор нь оюуны болон материаллаг гэж хоёр хуваана. Их сургуулийн багш илтгэл дээр байшингийн тоосго бол соёл биш гэж ярьж байсан би үүний эсрэг байдаг. Оюунаараа бүтээсэн зүйл тоосго хүртэл соёл. Бидний гаршуулсан амьтад бас бидний соёлын нэг бүрэлдэхүүн хэсэг. Улаанбаатар хот ямар түүхтэй хот юм, бидний соёлын түвшин яаж өөрчлөгдөж байна үүн дээр төвлөрч ярья. Хуучин бол Хүрээ байсан. 1639 оноос үүсч хотжилт 1719-1778 оны хооронд 21 удаа нүүгээд хотжилт явагдаж олон орны иргэд цуглараад хятад төвөд, америк, дани швейцарь, барууны ихэнх улсын хүмүүс мөн японы Мицуй пүүс хүртэл байсан. Олон орны хүмүүс цугларч соёлоороо нөлөөлсөн. Монгол Улс Хятадаас олон соёлыг авсан. Ялангуяа хоолны соёлыг авсан. Худалдаа гэсэн үгийг ихэнх тохиолдолд наймаа гэдэг үгээр авч хэрэглэдэг, энэ нь хятадын “маймаа” гэдэг авах өгөх гэсэн утгатай үгнээс үүдэлтэй. 1913 онд Богдхааны зарлиг гарч соёлтой холбоотой хүрээний лам нар дээр охид бүсгүйчүүдийг оруулахгүй. Шөнө оройн цагаар хүрээнээс залуу лам нар гарахыг хориглоно.

Моньд гэж үг хэллэг хэрэглэхгүй, гараа ардаа үүрч явж болохгүй гэдэг байсан. Тухайн үеийн үйлдэл хэл яриаг хориглодог байсан тогтоол гарч байсан. Тухайн үед Богд хаан л машинтай байсан бол гол тээврийн хэрэгсэл нь морь байсан. Хот төлөвлөлт байхгүй. Уламжлалт хот нэрээр нэршсэн. Дээр нь одоогийн Амгаланд хүрээний хятадуудаас шанз хөгжим сурч урлагийн соёлын төв байгуулж тэр хүмүүсээр Богд хаан ордондоо дуудаж тоглуулж байсан байдаг. Хүрээний үед малгай, эмээл зарах дуртай, хувцаслалт нь хүртэл өөр 100 жилийн өмнөх үед эмэгтэйчүүд эхнэр нөхөрт гарсан үгүйг үсээр нь ялгана. Баруун аймгийнхан үсээ хагалж самнах юм бол нөхөрт гараагүй гэж ялгах жишээний. Банк байхгүй байсан. Хатад л гэхэд ойролцоогоор 4-5 кг үнэт эдлэл хэрэглэж байсан. Богд хааны ордон музейд Дондогдулам хатны эдэлж байсан зүйл нь их тансаг эдлэл хэрэглэж байсан. Гэрэл зургийн газар, кино үзвэр, зугаа цэнгэл, эмсийн хүрээлэн, халуун усны газар, биллиард хүртэл байгуулж байсан. 1921 оны Ардын хувьсгалын дараа шинэ нийгэм орчин үеийн хүмүүсийг бий болгох үзэл санаа Хаант засгийг халж улс төр нийгэм эдийн засгийн том өөрчлөлтүүдийг хийж эхэлсэн агуулгын хүрээнд шинэ нийгэм соёл боловсрол боловсон хүчийг байгуулсан. 1942 онд их сургуулийг байгуулсан үндэсний сэхээтнүүдийг бий болгосон. 1924 онд хотын захиргааны дэргэд ломбард байгуулсан. 3 хувийн хүүтэй. Ломбарданд эмээл, дээл, хөөрөг зэрэг тухайн үеийн эдлэлээ тавьж байсан.1929 онд Улаанбаатар хотод анх удаа автобус явж эхэлсэн.1931-32 онд нийтээрээ цахилгаан станцтай болсон. Том дэвшил. 1938 онд анхны ясли, 1958-1961 онд Улаанбаатар хотод анхны дөчин мянгатын хороолол бий болоод дараа нь хорооллууд бий болж автобусны маршрут бий болсон.1959 онд соёлын довтолгоо болж нэгдүгээрт, монгол хүнийг ахуйн хувьд соёлжуулах хоёрдугаарт,  орчныг соёлтой болгох гуравдугаарт, монгол хүнийг мэдлэг боловсролтой болгох зорилгоор соёлжуулна гэсэн ийм зорилттой комисс байгуулагдсан. Хорооных гэхэд айлд ороод цагаан хэрэглэл байна уу алчууруудыг шалгана шүдээ угааж сурсан уу 7 хоногт нэг удаа усанд орох жилд 52 удаа усанд орсон байх ёстой гэж үздэг байж. Хагас ажилладаг болохоор хагас сайн өдөр бүтэн амардаг болохоор бүтэн сайн өдөр. 1998 онд халсан. Бүтэн сайн өдөр усанд ордог байсан. Би л гэхэд жийнс, кока кола-г пис гээд онгойдог гээд соёлын шоконд орж байлаа. Нэг үеэ бодоход манайх бас өөрчлөгдөж байна.

-Хотын хогноос илүү тулгамдаж буй асуудал бол ил задгай нус цэрээ хаях үйлдэлтэй таардаг. Эдгээр хүмүүст хариуцлага тооцох торгодог шийтгэл байна уу?

-Урьд нь их байсан. Ковидын үеэр хүн бүр амны маск зүүсэн. Амандаа масктай хүн шүлсээ хаяхгүй нь мэдээж энэ нь шүлсээ хаяж болохгүй соёлд нөлөөлсөн. Ухамсрыг суулгаж буй зүйлүүд олон байна. Хотын
төв хэсэг бүрт хэд алхаад CU, GS25 сүлжээ олон бий болсноор гудамжинд бие засахгүй боловсон ООд орох
жишээний. Хотын бүтээн байгуулалт хүмүүсийн ухамсарт нөлөөлж байна. Цахим орчинд маш их шүүмж-лэлүүд хүмүүс бичдэг, үүнийг би эрүүлжиж байна гэж хардаг.Шаардлагаа хүргүүлж байж нийгэм орчин өөрчлөгдөнө. Улаанбаатар хотын иргэдийн оролцоо хотын бүтээн байгуулалтад нөлөөлөх тул шүүмжилж байж л өөрчилнө. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан замын бордюраа өөрчил, дугуй унахад болохгүй байна гэх мэт шаардлагаа тавьж шүүмжилж байж шийдвэр гарах түвшинд хүрнэ. Хөгжил гэхээр цаанаа ололт дэвшил байх ёстой.

Тэгвэл соёл биш гэж юуг хэлэх вэ? 

-Дайн цар тахал, өвчин байна. Энэ бүгдийг цааш нь дэлгэрүүлж соёл болгохгүй зүйл юм.

-Өөр орны жишгийг аваад үзэхэд 

-Дэлхийн улс орнууд гэхээр гудамжны соёл гэж байна. Органикаар бий болсон тухайн үед улам хөгжүүлж байгаа улс олон бий. Жишээ нь, Орост Арбатын гудамж байна. Японы Шибуяа, Нью Иоркийн Уолл стрит гэх мэт.

Эдгээр нь улам хөгжүүлээд явж байхад манайх эсрэгээрээ органик зүйлээ устгаж урт цагааны гудамжийг буулгасан. Хотын захиргаанаас ямар ч сонголтгүй буулгасан. Гудамжны амин сүнс нь урт цагаан гэдэг барилга байсан. Тэр гудамж 250 жилийн өмнө үүссэн. Анх худалдааны зориулалтаар үүссэн төв байсан. Улаанбаатар хотын жижигхэн худалдаа үйлчилгээний төв байлаа. Урт цагаан гэдэг нэр томьёо нь Улаанбаатар хотын таних тэмдэг байсан. Хүн болгоны мэддэг таних тэмдгийг устгасан нь харамсалтай. Ногоон байгууламж хэрэгтэй байсан уу, эсвэл таних тэмдэг нь хэрэгтэй байсан уу гэвэл таних тэмдэг нь хэрэгтэй байсан. Урт цагааны гудамж гээд нэвтрүүлэг хүртэл 25 ТВ-д байдаг. Ногоон байгууламж болгоно гээд одоо машины зогсоол болгосон. Өөрсдийнхөө таних тэмдэг ой санамжаа хотынхоо амин сүнсийг алдаж байна. Дурсамж байгаа хотод түүхэн төв байхаа больж байна. Хот бол гудамж, барилгаас бүрддэг. Органикаар үүссэн дурсамж архитектур гоо зүйн дурсамж үлддэг юм. Манай хот бусдаас юугаараа ялгарах юм одоо алга. Техник технологи хөгжиж байна. Өндөр өндөр барилга баригдах шаардлагатай байгаа л даа. Хотын дарга Х.Нямбаатар саяхан хотын бүх газруудыг авлигаар авсан гээд албан ёсоор мэдэгдчихлээ. Хот гэдэг ой санамж алга. 50-100 жилийн дараа Монголд гадны жуулчид ирэхээргүй боллоо. Жуулчид ирээд юу үзэх юм бэ алга байна ш дээ. Улаанбаатар хот 355 жилийн түүхтэй хот мөртлөө 53 барилгыг соёлын өвд бүртгэсэн. Түүхийн юм архитектур алга. Түүх соёлын зүйлээ хадгалж хамгаалсан зүйл алга.

-Одоо аймаг сумын 100 жилийн ой наадмууд үргэлжилж, дараа нь хогны асуудал яригдана даа?

-Хогоо хаях гэхээр хогны цэг нь дүүрсэн, нэгдсэн цэг байхгүй нэг талаас хогны менежментийн асуудал. Хогийг хогийн саванд хаядаг тийм орчинг бүрдүүлэх нь чухал.

Японд очиход хогийн сав тэр бүр байхгүй. Дээр нь хүн ам ихтэй тул гурав дөрвөөрөө хэлхэлдээд явахгүй баруун гараа дагаж шатны урсгалаа дагаад гудамжинд тамхи татахгүй. Замын хөдөлгөөнд соёлтой оролцдог. Гол нь хогны савны олон цөөндөө биш. Хотын захиргаа бодлого явуулсан нэг үе 5 алхаад хогийн сав байсан. Бат-Үүл даргын үед бүүр хогны уут хүртэл тарааж байсан. Хогийг ялгаж ангилах үнэлгээжүүлэх хэрэгтэй. Сарын өмнө би хоёр гэрийн цуглуулсан шилээ ангилаад тушаахаар очтол бүгдийг нь аваагүй. Гуравны нэгийг л авсан. Авахгүй гэснийг нь үлдээх гэтэл аваагүй тэгээд бүүр хогийн цэг дээр аваачиж хаясан. Хогын цэг дээр шил цуглуулдаг хүмүүс очдог юм билээ. Дахиж би хогны цэг дээр очихгүй, хаширсан. Мөн байрны гадаа хогоо ангилж хаяад ч хогны машин ирэхдээ бүгдийг нь нэг савандаа ачаад л явдаг. Хогоо хаяхгүй уут саванд хийе гэсэн ухамсар байгаа ч тэр орчин менежмэнт нь алга. Хогны асуудал маш хүнд байна. Хотын соёл бас үүгээр хэмжигдэнэ. Хүнээ яаж оршуулж байна. Хогны асуудал хогыг нь ангилж үнэлгээжүүлээгүй.

-Улаанбаатар хотын Сөүлийн гудамжийг ”Шөнийн гэрэлт гудамж” болгосон. Нэг их удаагүй байтал татан буулгасан, энэ талаар тодруулбал? 

-Манай хот шөнийн амьдрал бодлогоор тусдаа орон сууцны хорооллоос хол байлгах хэрэгтэй. Сөүлийн гудамж тусад нь байгуулах шөнийн гудамж байх ёстой тул тэр хавийн орон сууцны хорооллын оршин суугчдаас гомдол гарсны дагуу татан буулгасан. Мөн баар шөнийн цэнгээний газар, караоке эдгээр нь шөнийн цагт хүмүүсийн тав тухыг алдагдуулдаг тул хориотой байдаг. Яг үнэндээ орон сууцны хороолол, албан байгууллага, цэцэрлэг сургууль, шөнийн гудамж гээд бид бүгд холилдсон барилга дунд зааг байхгүй амьдарч байна. Хотыг удирдана гэдэг том шинжлэх ухаан. Хотын захиргаа газрын наймаа авлигаар байшин барилга барьдаг орчин нөхцөлгүй хотын захиргааг дотроос нь эрүүлжүүлэх хэрэгтэй улс төрийн нөлөөллийг багасгах орчин үед залуус нийгэмд маш их шүүмжлэл хэлж байна. Миний яриад байгаа гол зүйл бол иргэдийн оролцоо чухал.

-Хотын соёлын талаар эцэст нь та юу гэж хэлмээр байна?

-Хотын соёл бодит байдал дээр маш таагүй улс төрийн шийдвэр оновчтой биш, уур бухимдалтай хотод бид амьдарч байна. Хотын соёл цаг үеэ бодоход хүмүүсийн ухамсар дээшилсэн үү гэвэл дээшилсэн иргэдийн худалдан авах чадвар сайжирсан. Бидний татварын мөнгөөр ажил хийж байна үүнд хяналт тавих чухал.
Хотод амьдрах таатай орчинг бий болгох хэрэгтэй болохоос Аз жаргалтай Улаанбаатар-Аз жаргалтай иргэд гэсэн уриа лоозон хэрэггүй ээ. Хотод их олон бохирдлууд байна. Үүнд агаарын, хөдөлгөөний, дуу чимээний, харааны бохирдол байна. Өглөө гэрээсээ гараад харахад Богдхан уул харагдахгүй байна. Энэ нь харааны бохирдол. Одоогоор дуу чимээний бохирдол яриагүй л байна. Үнэрлэж амьсгалж байгаа агаарын бохирдлоо ярьсаар. Хөдөлгөөний бохирдлыг яриад эхэлсэн, энэ нь хотын түгжрэл. Хөрсний бохирдлыг саяхнаас ярьж эхэлж байна.

-Хотын соёл гэж юу юм бэ гэдгийг залууст зааж сургаж буй томоохон ажил хөтөлбөр байгаа юу? 

-Хотын соёлын талаар дорвитой сургалт хөтөлбөр одоогоор алга гэхэд болно. Миний хувьд хотын иргэн төрийн соёлын албан хаагч хүний хувьд сайн дураар болон төлбөртэй сургалт лекц уншиж явна. Хот ийм соёлтой байна гэдэг бодлогоор ажил хийгдэхгүй байгаа. Соён гэгээрүүлэх ажлуудыг хийх хэрэгтэй. Урьд нь 2008-2011 он хүртэл ажлуудыг хийдэг байсан. Одоо 9, 10 дугаар сарыг хотын соёлын сар болгомоор байна. Зорилтот бүлэгт хотод шинээр Их, дээд сургуульд элсэж ирсэн оюутнуудад хотын соёлын талаар хөтөлбөр хотын аяллыг зохион байгуулмаар байна. Мөн хөрөнгө мөнгө гарган санхүүжүүлээд ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт хотын соёлын талаар оруулах хэрэгтэй. Манай хот дэлхийн хаана ч байхгүй онцлогтой хот. Хотоос 50 км-ийн зайтай гарахад малаа хариулж буй малчинтай таарна. Хот, хөдөө нь хамгийн ойрхон онцлогтой. Улаанбаатар хотод албан бус тоогоор 1 сая 800 мянга гаруй хүн амьдарч байна. Сүүлийн 30 жилийн дотор хөдөө орон нутгийн 70 гаруй хувь нь хотод ирж суурьшин амьдарч байна. Хотын соёлыг сайжруулахын тулд уриа лоозонгоор бус бодитой ажил хөтөлбөрөөр сайжруулна.

 

Ц.ОТГОНСҮРЭН

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл спорт

ОУХМ Б.Баасанхүү “Парис-2024” олимпийн наадмын мөнгөн медаль хүртлээ DNN.mn

“Парис-2024” олимпийн наадмын эхний өдрийг Монгол Улсын баг мөнгөн медалиар эхлүүлж байна.

“Парис-2024” зуны олимпийн наадмын жүдо бөхийн Эмэгтэйчүүдийн -48 кг-ийн жинд Монгол Улсаа төлөөлж 2024 оны Ази тивийн аварга, Душанбе Их дуулга тэмцээний аварга, Абу-Даби-2024 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Баасанхүү зуны олимпийн мөнгөн медалийн эзэн боллоо.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Элчин сайд ноён Хэльмут Кулитц: Монгол Улстай “стратегийн хамтын ажиллагаа”-г тохиролцон байгуулсан, үүнийг манай улс дэлхий дахинаа тийм ч олон оронтой байгуулаагүй DNN.mn

1974 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд дипломат харилцаа тогтоосон билээ. Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болж байгаатай холбогдуулан Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд ноён Хэльмут Кулитцтай ярилцлаа.


-Сайн байна уу? Сайхан наадав уу. Таны хувьд наадам ямар болж өнгөрөв. Наадмаар морь унаж, айраг уув уу?

-Айраг уусан (инээв), морь болон уралдаануудыг бүрэн үзэж сонирхоход харамсалтай нь цаг давчуу байлаа. Хүй долоо худагт олон уяа, гэрээр зочилсон бөгөөд маш халуун дулаан, найрсаг хийгээд амар амгалан уур амьсгалтай байсан. Наадмын нээлт гайхалтай сайхан болж яг л түүнтэй адил надад маш онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Морины уралдааны хувьд удахгүй болох Даншиг наадмаар илүү сайн үзэж танилцах бодолтой байна.

-Ярилцлагынхаа эхэнд би танд Монгол Улс, ХБНГУ хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн мэндийг дэвшүүлж, баяр хүргэе. Өнгөрсөн 50 жилийн харилцаа, хамтын ажиллагааны үр дүн, магтууштай ажлууд юу байв?

-За, би түүхэн цаг үеэс дэлгэрүүлж ярьсан нь дээр байх. 50 жилийн ойг илүү өргөн хэмжээнд авч үзэх ёстой болов уу гэдгээс эхлүүлье. Дипломат харилцааг анх зэргэлдээх коммунист дэглэмтэй Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улстай бүр тэртээ 1950 оноос тогтоосон байдаг. Харин Холбооны Бүгд Найрамдах Герман Улстай 1974 онд давхар тогтоож байсан ч, тухайн үеийн нийгмийн хуваагдал, үзэл суртлаар “эсрэг лагерь”-т харьяалагдаж байсан (инээв). Улс төрийн үзэл баримтлалын өөрчлөлтүүд, мөн 1990 онд Герман Улс эргэн эвлэн нэгдсэний дараа олон шинэ зүйлийн үндэс суурь тавигдаж, манай хоёр талт харилцаанд хөгжлийн үе эхэлсэн. Гэхдээ 1990 оноос өмнөх хоёр орны ард иргэдийн ойр дотно харилцаа болон шат шатны байгууллага хоорондын хамтын ажиллагаа герман хэлийг судлан сурахаас эхлүүлээд ялангуяа боловсролын салбар дахь холбоо сүлжээг шилжилтийн тэр цаг үед сулруулахгүйгээр өнөөг хүртэл хөгжүүлэхэд түлхэц болсон. Үүнд бидний харилцааны хосгүй үнэ цэнэ оршиж байна.

-Сүүлийн жилүүдэд боловсролын салбарт хамтын ажиллагаа өргөжих болжээ? 

-Жишээлбэл, Герман-Монголын хамтын ажиллагаа уул уурхайн салбарт маш арвин түүхтэй. 60 гаруй жилийн өмнө Ардчилсан Герман улстай эхлүүлж, улмаар 1990 оноос хойш шинэ чиг баримжаатайгаар үргэлжлүүлж байна. Өдгөө бидний Монгол Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүдийн нэг мөн бөгөөд 2011 оноос Ашигт малтмалын түншлэлийн харилцаанд шилжсэн. Ингээд 10 гаруй жилийн өмнө Налайхад үүсгэн байгуулсан Герман-Монголын хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь өнөөдөр хамтын хосгүй бөгөөд чухал боловсролын цамхаг болж чаджээ. Тэнд инженерүүдийг хамгийн дээд түвшинд, ялангуяа эрдэс түүхий эдийг нэмүү өртөг шингээж боловсруулах тал дээр бэлдэж байна. Мөн саяхан манай Холбооны Саксон муж улсын шинжлэх ухааны төлөөлөгчийн газар ШУТИС дээр үүд хаалгаа нээлээ. Үүгээрээ уул уурхай хийгээд дээд боловсролын салбар дахь Саксон-Монголын эртний уламжлалыг шинэ шатанд гаргаж буй хэрэг юм. Эрдэс баялгийн хайгуулын хувьд гэвэл бид бүр тодруулбал, манай Холбооны Геошинжлэх ухаан, байгалийн нөөцийн хүрээлэн монгол түншүүдтэйгээ олон жилийн өмнөөс хамтарч байна. Түүнчлэн төлөөллийн байгууллагууд нь Монголд бүртгэлтэй байдаг болохоор Германы олон аж ахуйн нэгжүүд гэхээс урьдаар бараг бизнес эрхлэгчид гэх нь зүйтэй байх, тэд технологи хийгээд техникийн эд анги ханган нийлүүлэх, ажил гүйцэтгэх, эсвэл өөрсдөө олборлох үйл ажиллагаа явуулах замаар тус салбарт идэвхтэй ажиллаж байна. Үүн шиг олон жишээнүүдийг нэрлэж болно.

Гэхдээ нэн түрүүнд энэ оны эхэнд хийсэн Холбооны Ерөнхийлөгч Штайнмайерын төрийн айлчлалын үеэр хоёр улс харилцан итгэлцэл дээр суурилсан улс төрийн харилцаагаа шат ахиулан “стратегийн түншлэлийн” түвшинд хүргэсэн амжилтыг зайлшгүй хэлэх нь зүйтэй. Үүний хажуугаар шинжлэх ухаан, байгаль орчин, сэргээгдэх эрчим хүч, хууль эрх зүй болон цэргийн гэх мэт чиглэлүүд дэх нягт хамтын ажиллагаанууд байна. Нэн ялангуяа урлаг, соёл бол мэдээжийн хэрэг дурдагдана! Тухайлбал, их зохиолч Д.Нацагдоржийн үеийнхнээс хойш 100 шахам жилийн дараа тэдний үр хойч үе ч хэмээн үзэж болох 40 орчим монгол залуу Монголын талын тэтгэлгээр Германд суралцахаар өнгөрсөн намраас эхлэн бэлтгэгдэж байгаа нь бидний ойр дотно харилцааны нэн сайхан илрэл юм.

-Залуу үеийнхэн сүүлийн жилүүдэд Герман улсад суралцах боловсрол эзэмших сонирхол ихтэй болжээ?

-Товчхондоо, манай хоёр орны ард иргэдийн маш ойр дотно харилцаа, сайн барилдлага бараг бүх хүрээний харилцааг тодорхойлдог. Тийм гайхалтай харилцаан дээр бидний харилцаа, хамтын ажиллагааны үндэс суурь бэхжин батаждаг. Улмаар Германыг бүр их сонирхож байгаад бид баяртай байна. Монгол сурагчид өнгөрсөн жилийнх шиг герман хэлний мэдлэгээ баталж тийм олон хэлний диплом авч байгаагүй бөгөөд мөн тийм олон ерөнхий боловсролын сургууль төгсөгчид Германд дээд, мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшихээр сонирхож байгаагүй билээ. Үүнд бид маш их баяртай байгаа бөгөөд хувь тус бүрдээ мөн ажлынхаа хүрээнд ч цаашид хүлээх өндөр үүрэг хариуцлага хэмээн үзэж байна.

-Сүүлийн жилүүдэд Германд залуу ажиллах хүчний эрэлт ихэссэн гэсэн. Энэ үнэн үү?

-Тийм ээ, үнэн. Ихэнх аж үйлдвэржсэн орнуудын нэгэн адил бидэнд мэргэжилтнүүд, инженерүүд, анагаах болон сувилахуйн салбарын болон бусад олон салбарын боловсон хүчний эрэлт хэрэгцээ байгаа. Энэ нь юуны түрүүнд хүн ам зүйтэй холбоотой. Тиймээс Герман улс гадаад боловсон хүчний цагаачлалыг зохицуулж, хөнгөвчлөх “Мэргэжилтнүүдийн цагаачлалын тухай хууль”-ийг баталж хэрэгжүүлээд эхэлсэн. Энэ талаарх мэдээллийг Элчин сайдын яамны болон бусад холбогдох цахим хуудас болон фэйсбүүк хуудсаар авах боломжтой.

-Сонирхсон хүн бүр танилцах боломжтой юм байна?

-Сонирхсон хүн бүрийг тус зохицуулалттай танилцахыг хүсч байна. Герман хэлний мэдлэгтэй байхыг мэргэжлийн олон салбарт чухалчлан шаардаж байгаа ч, сайн англи хэлтэй бол Германд ажиллах бололцоо бас бий. Энэхүү цагаачлалын хуулийн хүрээнд “Боломж карт” хэмээх зохицуулалт 2024 оны 6 дугаар сард хэрэгжиж эхэлсэн бөгөөд ингэснээр гадаадын мэргэжилтэй ажилчдад ажлын байр олох зорилгоор 12 сар хүртэлх хугацаагаар Герман руу явах бололцоог олгодог. Үүний тулд тухайн хүний мэргэшил чадвар, хэлний мэдлэг, гэр бүлийн нөхцөл байдлыг харгалзсан онооны систем ашиглагдана. Сонирхсон мэргэжилтнүүд боломж картын шаардлагыг хангаж байгаа эсэхээ өөрсдөө онлайнаар хялбархан шалгах боломжтой.

-Элчин сайдын яам одоогоор юун дээр төвлөрч ажиллаж байгаа вэ. Ямар арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүд цаашид хэрэгжих вэ?

-Хийхээр зэхэж байгаа дараагийн арга хэмжээ бол 50 жилийн ойн хүрээнд есдүгээр сарын 7-нд Сүхбаатарын талбайд болох “Германы өдөр” юм. Энэ өдөр бид хамтран зохион байгуулагч болох хоёр орны олон түншүүдтэйгээ цугтаа Германы оролцоотой Монголд явуулж буй үйл ажиллагаагаа танилцуулахыг хүсч байна. Эдгээр нь жишээлбэл, бидний хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөр, төслүүд мөн ерөнхий, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалт болон их дээд сургуулийн түвшинд хэрэгжүүлж буй хөтөлбөр, саналууд байх болно. Түүнчлэн Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбооны гишүүд өөрсдийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүнээ танилцуулна. Тоглоом, спорт, урлаг соёлын үзвэр, үзүүлбэрээс гадна мэдээж хоол хүнсийг яасан ч орхигдуулахгүй ээ. Тиймээс зуны адаг, намрын тэргүүн сарыг хамтдаа үдэх бидний урилгыг монголчууд хүлээн авч хүрэлцэн ирвэл бид баярлана.

Бараг үүнтэй зэрэгцэн бид есдүгээр сарын эхээр Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яамтай Хөгжлийн хамтын ажиллагааны дараагийн үе шатын талаар зөвлөлдөх болно. Энэ үеэр бид аль аль үндсэн сэдвийн хүрээнд тодорхой ямар төслүүд хэрэгжүүлэх талаар ярилцана. Одоогийн байдлаар сэргээгдэх эрчим хүч ба эрчим хүчний үр ашиг, байгаль орчин / уур амьсгал болон эдийн засгийн хөгжил / мэргэжлийн боловсрол гэсэн үндсэн гурван сэдвийн хүрээнд хамтарч байна. Отгон хамтарсан протоколд 2023 оны есдүгээр сард гарын үсэг зурсан бөгөөд төслүүдийн санхүүжилтийн нийт хэмжээг 80 хүртэлх сая еврогоос багагүй байхаар тусгасан. Үүний гуравны хоёр орчим нь эргэн төлөгдөхгүй дэмжлэг, нэг үгээр бэлэг ч гэж хэлж болно.
Их сонирхолтой санагдаж байна. Бүр тодруулбал ямар төслүүдэд илүү чиглэгдэх вэ?
-Тэгэхээр, жишээлбэл, бид Хустай, Хомын тал гэх мэт Монголын тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газруудыг дэмждэг. Энэ хүрээнд байгаль хамгаалагчдыг хувцас хэрэглэл, тоног төхөөрөмж, сургалт, авто тээврийн хэрэгсэл гэх мэт зүйлсээр хангаж байна. Өөр нэг жишээ гэвэл бид 27 сая еврогийн өрийг хөрвүүлэх болно: Монгол Улсын ХБНГУ- д төлөх өмнөх өрийг эргэн төлөх шаардлагагүй, харин эрүүл мэндийн сан руу шилжүүлэн эргэн дамжуулах замаар сүрьеэтэй тэмцэх гэх мэт эрүүл мэндийн төслүүдийг санхүүжүүлнэ. Энэ бүгдийг бид өнгөрсөн намар тохиролцсон юм.

-Германчууд сүүлийн жилүүдэд Монгол Улсаар их аялах болжээ. Тэд аялахдаа ямар хүлээлэлттэй байдаг вэ. Сайн чанартай, тав тухтай үйлчилгээ болон адал явдал уу?

-Тийм шүү, Ковид цар тахлын улмаас тасалдсаны дараа 2023 онд Германаас хүрэлцэн ирэгсдийн тоо 10.000 орчимд хүрч эрс өссөн. Үүгээр манай ард иргэд Европоос (ОХУ- ынхыг тооцохгүйгээр) хүрэлцэн ирэгсдийн хамгийн том бүлгийг эзэлж байна. 2024 онд энэ тоо цаашид өсөх хандлагатай байгаа ба 2016/2017 оны хамгийн өндөр үзүүлэлтийг давж магадгүй. Дунджаар 14 ба түүнээс дээш хоногоор ирдэг бөгөөд тэд ихэвчлэн нийслэл хотод 2-3 хоног, хөдөө орон нутагт 10-14 хоногоор тойрон аялал хийдэг.

-Хэчнээн хэмжээний зардал гаргадаг вэ?

-Статистикийн үүднээс нэг аяллын хувьд дээрх тоо нь нэлээд их хугацаа юм. Бидний таамаглалаар Германаас ирсэн жуулчид Монголд аялахдаа нислэгийн зардлаа оруулаад дунджаар дөрвөөс таван мянган евро зарцуулдаг бөгөөд энэ нь чамлахааргүй төсөв юм. Үүнээс багагүй хэсэг нь гэр кeмп ажиллуулагсдад шууд очно. Ингэснээр хөдөө орон нутгийн эдийн засаг, ард иргэдийн амьжиргаанд шууд дэмжлэг үзүүлэх тул бид үүн дээр их сайшаалтай ханддаг. Герман жуулчид Монголын соёл, зан заншил, нүүдэлчдийн амьдрал, уламжлал, урлаг хийгээд танай гайхамшигтай үзэсгэлэнт байгалийн шүтэлцээг мэдэрч танилцахаар ирдэг гэж би бодож байна. Манай ард иргэд хэрэв унаган ахуй, соёлтой танилцах боломж гарвал тав тухыг бол хойш нь тавьж чадна.

-Монгол Улс герман аялагч, жуулчдыг татахдаа юун дээр анхаарах нь зөв бэ?

-Түрүүн хэлсэнчлэн, эх орон нэгтнүүдийг маань хүн байгальтайгаа зохицон амьдрах уламжлал ихэд гайхшируулдаг. Үүгээрээ Монгол Улс үнэхээр алдартай шүү дээ. Байгальд хүндэтгэлтэй хандах гүн суусан үзэл ч тэр. Түүнчлэн монгол соёл дор бойжсон итгэмээргүй уран төгс урлагийн илэрхийлэмжүүд ч ялгаагүй тэднийг татдаг. Тэд мото, уулын, морин аялал гэх мэт хувийн онцгой сонирхлынхоо хажуугаар эдгээрт хамгийн их ач холбогдлыг өгөх болов уу. Нөгөөтэйгүүр Монгол Улс бол орчин үеийн улс бөгөөд түүнд ялгаагүй л хотжилт, тээврийн хөгжил, газар болон нөөцийн ашиглалт, байгаль орчинд үзүүлэх нөлөө гэх мэт сорилтууд тулгарч байна. Зарим зочдод, ялангуяа анх удаа Улаанбаатарт ирээд замын түгжрээнд зогсох үедээ (инээв) “тунгаан бодож учраа олоход” амаргүй байдаг байж магадгүй. Гэхдээ танай орныг илүү сайн таньж мэдэхэд энэ ч бас сонирхолтой. Учир нь өнөөгийн Монгол Улс уламжлал хийгээд орчин үеэ хослуулах учиртай.
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер өнгөрсөн хоёрдугаар сард манай улсад төрийн айлчлал хийсэн. Мөн Холбооны Цахим хөгжил, зам тээврийн сайд Др.Фолькер Виссинг энэ оны гуравдугаар сард Монголд айлчилсан. Эдгээр айлчлалуудын ач холбогдол юу байв?

-Төрийн айлчлал ямагт онцгой өндөр ач холбогдолтой байдаг л даа. Ялангуяа энэ үеэр Стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан. Үүнийг манай улс Дэлхий дахинаа тийм ч олон оронтой байгуулаагүй ээ. Тус түншлэлийн үр дүнд хийх дараагийн ажил нь манай хоёр улсын Засгийн газар болон хувийн хэвшлүүд хоорондын маш тодорхой бодит хамтын ажиллагаа байхыг төрийн айлчлалаас хойш хэдхэн долоо хоногийн дараа хийсэн манай Цахим хөгжил, зам тээврийн сайдын айлчлалаар маш шуурхай тодотгон харуулсан. Төрийн айлчлал нь бие даасан хөтөлбөр, төслийн цар хүрээнээс хальж, үндсэндээ хамтын бүхий л үйл ажиллагааг харилцан хамааралтай гэдэг утгаар нь зангидаж, эсвэл нэг санаан дор нэгтгэдэг. Бид ирэх жилүүдэд энэ хэмнэл, эрч хүчээрээ ажиллах болно.

-Сүүлийн жилүүдэд Монгол Улсын хувийн хэвшил дэх Германы хөрөнгө оруулалт нэмэгдсээр байгаа. Энэхүү хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн таатай орчин манай улсад байна уу. Аль салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхолтой бол?

-Хөрөнгө оруулалтын тухайд боломжуудаа бүрэн ашиглаад хэмжээндээ тулж очихоос тун хол байна. Уул уурхайн салбарт хайгуулыг, тэр дундаа ховор металлыг, нэмэгдүүлэх, магадгүй эрдэс түүхий эдийг дотооддоо боловсруулахад жинтэй түлхэц өгч чадах итгэл найдвар бидэнд байна. Тэр тусмаа шилжилт хийхээр болбол Германы эдийн засагт технологийн хувьд хүчтэй давуу талууд бий. Монгол Улс өөрсдөө дотооддоо боловсруулалт хийснээр нэмүү өртгийг бий болгож, эдийн засгийн өгөөжөө илт өсгөн маш их хожих болно. Бас Герман- Монголын хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуульд бэлтгэгдсэн инженерүүд шууд үүн дээр ажиллах боломжтой нь хамгийн гоё. Мөн сэргээгдэх эрчим хүчний салбарт бид илүү их хувь нэмэр, оролцоотой байхыг хүсдэг. Герман компаниуд Монголд уг салбарт үйл ажиллагаагаа эхлүүлсэн анхдагчийн нэг юм. Гэвч харамсалтай нь, эрх зүйн орчныг таамаглахад хэцүү хэвээр байгаа гэх юм уу даа. Хүчин төгөлдөр байсан гэрээнүүдийг төрийн байгууллагууд нэг талын шийдвэрээр өөрчилсөн жишээ өнгөрсөн хугацаанд гарсан. Хөрөнгө оруулагчдыг ийм зүйл татах гэхээсээ урьдаар холдуулна шүү дээ. Тиймээс бид шинэ засгийн газрын эдгээр “хуучны тээртэй ачаанууд”-аа шийдвэрлэж, Монголын эрчим хүчний бодлогыг сэргээгдэх эрчим хүч рүү илүү нээлттэй болгох тухай мэдэгдэлд баяртай байна. Үндсэндээ нүүрс ба сэргээгдэх эрчим хүч хоёроос “аль нэгийг нь” гэж туйлшрах бус, харин шилжилтийн үед утга учиртай “аль алиныг нь” хослуулах тухай юм.
-Германчууд шар айраг ууж тулгахдаа “PROST” гэж хэлдэг. Ингэж хэлэхдээ заавал нүд нүд рүүгээ эгцэлж харах ёстой гэдэг. Хэрвээ тэгэхгүй бол долоон жил азгүй хайр дурлалтай учирдаг гэдэг нь үнэн үү?

-Заа даа! Шар айргийн шилийг давж өнгийх ч бас амаргүй шүү. Гэхдээ байна аа, ямар ч үед, нүдээ аньсан үедээ ч гэсэн шар айргаа айх аюулгүй амталж болно оо. Машин жолоодох үеийг эс тооцвол (инээв).

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Б.Очирбат: Орон нутгийн замын хөдөлгөөнд тавих дундаж хурдны хяналтын камер есдүгээр сард ашиглалтад орно DNN.mn

Монголчуудын их амралтын үе эхэлсэн энэ үед иргэд хөдөө орон нутгийг зорьж нийслэл дэх замын хөдөлгөөн нэлээд багассан. Үүнтэй холбоотойгоор зам тээврийн зөрчил ямар байгаа талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Б.Очирбатаас тодрууллаа.


-Иргэд хөдөө орон нутгийг ихээр зорьж буй учир нийслэлийн замын хөдөлгөөн эрс багассан. Түгжрэлгүй зам дээр жолооч нар ямар зөрчил гаргаж байна вэ ?

-Зургадугаар сараас эхлэн иргэд баяр наадам тэмдэглэх, амарч зугаалах нь ихэссэн. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад замын хөдөлгөөн харьцангуй бага байна. Хүй долоо худаг, Лүн орчмын замын хөдөлгөөн нэмэгдсэн. Замын хөдөлгөөн ихэссэнтэй холбоотойгоор жолооч нарын тэвчээр алдагдах бусад шалт-гаанаар хурдлах, урсгал сөрөх тохиолдол гарч байна. Улаанбаатар хотын хувьд цагдаагийн байгууллага бүрэн бие бүрэлдэхүүнээрээ иргэдийн аюулгүй зорчих байдалд анхаарал тавьж ажиллаж байна. Замын хөдөлгөөний зөрчил өнгөрсөн онтой харьцуулахад харьцангуй бага бүртгэгдсэн.

-Хөдөө орон нутагт зам тээврийн зөрчлийн тохиолдол их гарах болсонтой холбоотойгоор урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Орон нутагт зам тээврийн ослын 80-аас дээш хувь нь бүртгэгддэг. Тэр тусмаа долоо, найм, есдүгээр сард илүү нэмэгддэг. Манай байгууллагаас хамгаалах бүс зүүдэггүй жолооч 83 орчим хувь гэсэн тоо судалгаа гаргасан. Цагдаагийн байгууллага хамгаалах бүсний хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор “Амь аврах амьдралын алтан гурвалжин” гэх нөлөөллийн ажлыг тодорхой хугацаанд зохион байгуулсан. Хамгаа-лалтын бүсний хэрэглээг нэмэгдүүлэх тэр тусмаа жолооч, зорчигчийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх нь энэ ажлын гол зорилго байсан.

Орон нутгийг замд хурд хэтрүүлэх, хориглосон нөхцөлд гүйцэж түрүүлэх, шөнийн цагт гэрэл шилжүүлэхгүй байх, урт замд нойргүй удаан явснаас осол гаргах ийм төрлийн зөрчил их байгаагаас хамгаалах бүсний хэрэглээн дээр ажиллаж байна.

Архи согтууруулах ундааны хэрэглээнээс үүдэх зөрчил дээр хяналт шалгалт өдөр бүр хийгдэж байна. Хөдөө орон нутагт мотоциклыг хамгаалах хэрэгсэлгүй унах тохиолдол их байна. Иргэд олон нийт өөрсдийн аюулгүй байдлын үүднээс хамгаалах хэрэгсэл хэрэглээсэй гэж хүсч байна.

-Хамгаалалтын хэрэгсэлгүй мотоцикл унаж байгаа талаар та ярьж байна. Тэгвэл өсвөр насны хүүхдүүд сурон, мопед, цахилгаан дугуй их унах болсон, үүнийг зохицуулах хуулийн заалт бий юу?

-Хуулийн зохицуулалт байгаа, сурон нь мотоциклын нэг загвар гэж заагдсан байдаг. Арван найман нас хүрсэн жолоодох эрхийн үнэмлэхтэй иргэн хэрэглэх ёстой. Гэвч харамсалтай нь эцэг эхчүүд маань улсын бүртгэлд бүртгүүлэхгүй суроныг насанд хүрээгүй хүүхдүүдэд хамгаалах малгайгүй хэрэглүүлж байгаагаас олон хүүхэд бэртэл гэмтэл авах, цаашлаад амь нас эрсдэх болсон. Мопедын төрлийн тээврийн хэрэгслийг арван зургаан нас хүрсэн иргэн хамгаалалтын хэрэгсэлтэйгээр зорчих хэсгийн зөвхөн баруун гар талаар хоёр болон гуравдугаар эгнээд оролгүйгээр унах зохицуулалттай. Энэ чиглэлээр цагдаагийн байгууллага тодорхой дүрмийн заалтыг хариуцсан аж ахуйн нэгжүүдэд албан шаардлагыг тавьж ажлын хэсэг гарган үе шаттай ажлуудыг хийж байна.

-Гарцгүй газраар зам хөндлөн гарах иргэд их болсон шүү дээ. Энэ тал дээр хяналт тавих боломжтой юу?

-Одоогийн байдлаар хүн хүчний хүрэлцээнээс хамаараад иргэн бүрийг хянах боломжгүй. Бид үе шат-тайгаар хиймэл оюун ухааныг нэвтрүүлж гарцгүй газраар явах, улаан гэрлээр зам хөндлөн гарсан тохиол-долд тухайн иргэнийг тодорхойлж зөрчлийн арга хэмжээ авах талаар ажиллаж байна.

-Нийслэл болон орон нутагт замын камержуулалт нэмэгдсэн үү?

-Энэ жилийн хувьд камержуулалт нэмэгдэж байгаа. Тэр тусмаа орон нутгийн хөдөлгөөнд тавих дундаж хурдны хяналтын камер суурилагдсан байгаа, есдүгээр сараас бүрэн ашиглалтад орно.