Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан станц барьж болохоор байна DNN.mn

Улсын Их хурлын гишүүн Б.Пунсалмаатай ярилцлаа.


-УИХ-аар 2025 оны төсвийг баталсан. Гэвч алдагдалтай, танаж болох байсан гэсэн шүүмж гарсан учраас тодотгол хийхээр боллоо. Ирэх оны төсөв дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу 126 гишүүнтэй парламент бүрдсэнээс хойш хоёр дахь удаагаа төсөв хэлэлцлээ. Эхлээд энэ оны төсөвт тодотгол хийсэн. Харин өнгөрсөн долоо хоногт 2025 оны төсвийг баталлаа. Эдгээр үйл явцаас олж ажигласан зүйл гэвэл УИХ-ын Дэгийн тухай хуулиараа цөөхөн гишүүн үг хэлэх эрхтэй байдаг юм гэнэ. Гэтэл бүхэл бүтэн улсынхаа төсөв хэлэлцэх үеэр цөөхөн гишүүн үзэл бодлоо хэлж, санал бодлоо шингээдэг дэг байгаа нь харамсалтай. Иймд энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж гишүүдийн оролцоог илүү тэлж өгөх шаардлагатай гэж анзаарсан. Хоёрдугаарт, Мөнгөний бодлого, Төсвийн хууль хоёр цаг хугацааны хувьд зөрж өргөн баригдсан. Төсвийн төслөө есдүгээр сарын 1-нд, Мөнгөний бодлогоо аравдугаар сарын 1-нд өргөн барьсан. Эдийн засгийн гол багана болсон энэ хоёр бодлого чинь нэг өдөр, нэг бодлоготойгоор орж ирмээр юм. Жишээ нь энэ бодлого, хуулиа оруулж ирсэн байгууллагууд инфляциа өөр, өөрөөр тооцсон байсан.

Мөн төсвийн төслийг уншиж, танилцаж байх явцдаа бид нийтээрээ нэг алдаа хийснээ ойлгосон. Анхдугаар чуулган хуралдахад л төсвийн тогтвортой байдлын тухай хууль дээр ажиллах хэрэгтэй болсон. Ингэхдээ 6.1.3 буюу төсвийн урсгал зардлын хэмжээ Дотоод нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 30 хувиас хэтрэхгүй байх ёстой гээд баталчихсан. Үүний хор уршиг нь ердөө сарын дараа гараад ирсэн. Зардлыг нэмэхийн тулд ДНБ-ийг хязгааргүй өсгөхөөр болж. Гэтэл манай улс чинь уул уурхайн эдийн засагтай улс. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр байхад төсөв тэлэлттэй байж болдог. Өөрөөр хэлбэл, урсгал зардал нь дагаад тэлчихээр ирээдүйд нэг хортой зүйл бий болж магадгүй.

-Тэр нь юу вэ?

-Мөчлөг дагасан бодлого гэдэг дээ.

Үнийн өсөлтийн үед дагаад урсгал зардал өсч байна. Гэтэл үнэ унах, бүтээгдэхүүн үйлдвэрлэл багассан үед нь бид урсгал зардлаа буулгаж чадах уу гэдэг нь өөрөө том асуудал болно. Энэ үед нийгмийн хямрал үүсч магадгүй. Нэгэнт өсчихсөн, нэмэгдчихсэн байгаа цалин тэтгэвэр, халамжаа бид шууд буулгаж чадахгүй. Өрх бүр орчихсон учраас хэрэглээгээ буулгаж чадахгүй шүү дээ. Тиймээс урсгал зардлыг ДНБ-ний тооцоолсон өсөлттэй уялдуулан өсгөх нь тохиромжгүй байгаа юм. Тэгэхээр цаашдаа урсгал зардлын хэмжээгээ тогтвортой байлгах, эсвэл инфляцийн хэмжээгээр өсгөж болно. Ингэхийн тулд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд хийсэн өөрчлөлтөө засаж залруулах шаардлагатай болж байна.

-Урсгал зардал дотор танаж болмоор ямар, ямар зардал байна вэ?

-Урсгал зардал дотор их нэмэгдсэн нэг зүйл бол төсвийн ерөнхийлөн захирагч нарын бусдаар үйлдүүлэх ажил үйлчилгээ гэх зүйл байгаа юм. Бусдаар үйлдүүлэх ажил үйлчилгээ гэдэг чинь цалин, тэтгэвэр тэтгэмж, барилга байшингийн хөрөнгө оруулалт ч биш. Зүгээр л ийм нэртэй маш том зардал гараад ирсэн. Задаргаа, зориулалт байхгүй. Энэ зардал 2017 онд 400 тэрбум төгрөг байсан бол ирэх жилийн төсөвт 1.9 их наяд төгрөг болж өсчээ. Хувь гишүүний хувьд энэ бол хэтэрхий үрэлгэн зардал гэж үзэж байгаа.

-Тэгэхээр ирэх оны төсөвт тодотгол хийгээд таны хэлээд байгаа шиг эдгээр үрэлгэн зардлуудыг танаж чадах болов уу?

-Ирэх жилийн төсвийг яаралтайгаар баталсан. Хоёр дахь хэлэлцүүлгийн үед л хүмүүс зарчмын зөрүүтэй санал оруулж ирснээр олны анхааралд орж ирсэн. Төсвийн номыг нэг бүрчлэн судлах гэдэг чинь асар их цаг хугацаа шаардсан ажил болдог юм байна. Гэвч бид боломжийнхоо хэмжээнд л хурдтайгаар судалсан. Ингээд ч хурд нь яг л хоёрдугаар хэлэлцүүлэг дууссаны дараа таарсан. Тиймээс гишүүдийн саналыг аваад тодотголд оруулъя гэсэн. Тэгэхээр тодотгол хэлэлцэх үеэр танаж багасгах зардлууд дээрээ саналуудаа оруулахаар бэлтгэж байна. Миний

хувьд мөн анзаарсан нэг зүйл бол төсөвт орж байгаа бүтээн байгуулалтуудыг ТЭЗҮ-тэй байх гэсэн шаардлага дутагдаж байна. Магадгүй зарим салбарт ТЭЗҮ-гүй оруулж ирэх гэнэтийн шаардлага үүсч болно. Тэр тохиолдлыг зохицуулсан зохицуулалтыг Төсвийн тухай хуульд тодруулж өгмөөр юм байна. Жишээлбэл, маш олон газарт эрчим хүч, дулааны шугам сүлжээ орох шаардлагатай байгаа. Харамсалтай нь тэдгээрийн ТЭЗҮ байхгүй гэдэг шалтгаанаар төсөвт ороогүй. Тэгэхээр эрчим хүчний станцыг бүтээн байгуулах болгондоо ТЭЗҮ хийгээд байхгүйгээр өмнөх ижилхэн үзүүлэлтүүдтэй газруудын ТЭЗҮ-ийг түр жишиг болгон авч болно шүү дээ. ТЭЗҮ гэдэг чинь өөрөө төсөвтэй, цаг хугацаатай байдаг зүйл. Энэ болгоныг товчлох арга механизмыг төсөвтөө оруулж ирэх шаардлагатай байна. Яг ийм байдлаар жишиг ТЭЗҮ-ээ ашиглаад явсан бол алслагдсан аймаг, дүүргүүдэд цахилгаан шугам сүлжээ орчих бололцоо байсан. Түүнийг нь санхүүжүүлэх төсөв ч байсан. Ер нь төрийн хийх ёстой үндсэн ажил бол дэд бүтцийг байгуулж иргэддээ хүргэж өгөх. Зөөлөн болон хатуу дэд бүтцийг л холбож өгөх ёстой. Түүнээс энд ч, тэнд ч бяслагийн үйлдвэр барих нь төрийн ажил огт биш. Мөн дээр хэлсэн, бусдаар үйлдүүлэх ажил үйлчилгээний 1.9 их наяд төгрөгийн 1.5 их наядыг нь хэмнээд цахилгаан станц барих хэмжээний мөнгө суллаад авах боломж байв. Манайд 2000 мегаватт цахилгаан станц байх юм бол Улаанбаатар хотын эрчим хүчний тогтвортой байдал хангагдана гэж байгаа. Тэгэхээр III, IV цахилгаан станц дээрээ Бөөрөлжүүт гээд нэмэгдээд, дээр нь дахиад нэг шинэ станц хэрэгтэй. Монгол инженерүүд нэг мегаватт хүчин чадлыг нь 2.2 сая ам.долларын өртгөөр үйлдвэр барих боломжтой гэдгээ хэлж байгаа. Үүгээр нь тооцвол 400 мегаваттын станц барихад л гурван их наяд төгрөг хэрэгтэй болно. Дандаа гаднаас гуйгаад байхгүйгээр бид өөрсдөө цахилгаан станцынхаа зардлыг гаргаж дийлэхээр байна. Тэр дундаа төсвийнхөө

урсгал зардал дотроо хэмнэлт хийгээд л дийлэнх хэсгийг нь санхүүжүүлж болчихоор байгаа юм. Хэрэв мөнгө дутвал хувийн хэвшлээ урьж болно шүү дээ.

-Шинэ цагалбараар есдүгээр сарын 1-нд төсвийн төслийг өргөн барьсан. Энэ хугацаанд юм хэлээгүй байж хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа ярилаа гэж Сангийн сайд хэлээд байсан. Гэтэл төсвийн төслийг гар дээрээ авах гэж их цаг алдсан гэж зарим гишүүн хэлсэн. Таны хувьд 2025 оны төсвийн төслийг хэзээ гар дээрээ авсан бэ?

-Намрын ээлжит чуулган эхлээд төсөв хэлэлцэж эхлэх гэтэл МАН-ын бүлэг долоо хоногийн завсарлага авсан. Орж ирээд нэгдүгээр болон хоёрдугаар хэлэлцүүлгийг маш хурдтай хийсэн. Ер нь мэдээллүүд нь удаан ирдэг. Миний хувьд Сангийн яаманд бичиг хүргүүлж, хөрөнгө оруулалтууд чинь ач холбогдлын зэргээрээ яаж эрэмбэлэгдсэн юм. Өгөөжийг нь хэрхэн тооцсоныг нь авъя гэсэн. Гэвч бичиг өгснөөс хойш 10-аад хоногийн дараа буюу төсөв батлахын өмнөх өдөр ирсэн. Мөн нэмж хэлэхэд, төсөв боловсруулах явцад иргэдийн оролцоо тун сул санагдсан. Иргэд хаана, яаж саналаа өгөх нь ил тод биш юм билээ. Сангийн яамны вэб хуудас дээр жижиг зар гаргасан болоод л аргалчихдаг юм байна. Тэгэхээр цаашдаа иргэдийн оролцоог илүү нэмэгдүүлж, хэрхэн саналаа өгөхийг тодорхой болгож өгөх хэрэгтэй. Хэрэв ингэх юм бол гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулийн сурагчдын эцэг эхчүүд бөөнөөрөө санал өгөхөд л тэр сургуулийн барилга төсөвт суутгагдах боломжтой болно шүү дээ. Мөн урт болон дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөөгөө бүр илүү нарийвчилмаар юм билээ. Тав, таван жилээр нь аваад үзчихвэл ирэх жилүүдийн төсөв боловсруулах, батлахад илүү амар, оновчтой болно. Ингээд иргэдийнхээ саналыг сайн авдаг болоод, бүтээн байгуулалт, хөгжлийнхөө төлөвлөгөөг илүү тодорхой болговол хөрөнгө оруулалтууд оновчтой болно гэж үзэж байгаа.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Д.Жаргалсайхан: Улсын төсөв нэмэгдсэн нь сайн ч үнийн өсөлт бий болгох эрсдэл дагуулна DNN.mn

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхантай ярилцлаа.


-УИХ ирэх оны төсвийг өнгөрсөн долоо хоногт баталсан. Таны хувьд төсвийн асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Монгол Улсын төсөв жилийн жилд л хэл амтай байдаг. Гэхдээ энэ жилийн төсөв их онцлогтой. Өнгөрсөн 2023 он, энэ жилийн төсөв хэд байсан, ирэх оных хэд болсон бэ гэдэг өөрөө асуудал. Энэ жилийн төсөв 27 их наяд төгрөг байсан бол ирэх оны төсвийг бид 35 их наядаар баталсан. Яагаад найман их наядаар илүү баталсан бэ гэхээр бид 90 сая тонн нүүрс борлуулна гэчихсэн байгаа. Их өөдрөгөөр төсөөлсөн гэсэн үг. Гэтэл дэлхийн зах зээл дээр нүүрсний ханш унаад байна. Ингээд орлого бүрдэхгүйгээс болоод ямар асуудал үүсдэг вэ гэдгээ бид ярих ёстой.

-Ямар асуудал үүсэх вэ?

-Миний хувьд өмнө нь Баянхонгор аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Улсын төсөв батлагдангуут буюу арванхоёрдугаар сарын 5-ны дотор аймаг, сумд төсвөө баталдаг. Тэд орлого бүрдүүлэлт гэж бодохгүйгээр батална. Харин улсын төсвийн орлого бүрдэхгүй бол орон нутгийн төлөвлөсөн бүх ажил нурдаг. Мөн төсөв нэмэгдсэний бас нэг нөлөө бий. Мөнгөний асар их нийлүүлэлт хийгдчихээр үнийн өсөлт явагддаг. Өнгөрсөн 2012-2016 онд үнэ тогтворжуулах хөтөлбөрүүд гаргаж, үнийн өсөлтийг барьж байлаа.

Тэгвэл өнгөрсөн онуудад үнийн өсөлт хэд болсон бэ. Манай аймгийн нэг суманд 2021 онд таван тэрбум төгрөгөөр батлагдсан инженерийн дэд бүтэц өнөөдөр 15 тэрбум болчихсон байна. Энэ хэрээрээ үнийн өсөлт нэмэгдсэн гэсэн үг л дээ. Нөгөө талдаа ард иргэдийн орлого ингэж гурав дахин нэмэгдээгүй байна.

Улсын төсөв ингэж нэмэгдэх нь үнийн өсөлтийг бий болгоно л гэж хэлэх гээд байгаа юм. Төсөв нэмэгдэж байгааг муу гэж байгаа юм биш. Гэхдээ үүнээс болоод ирэх жил инфляци хоёр оронтой тоо руу орох эрсдэл бий болно.

-Сангийн яам, Төв банкнаас инфляцийг нэг оронтой тоонд барина гээд байгаа шүү дээ?

-Монголбанкнаас 2025 оны мөнгөний бодлогыг оруулж ирсэн. Тэр үед би чуулганы хуралдаан дээр энэ талаар асуусан. Манай улс чинь нийтдээ гурван төсөвтэй шүү дээ. Үүнийг хүмүүс мэдэж авах хэрэгтэй. Нэгдүгээрт, улсын төсөв. Хоёрдугаарт, гадны зээл тусламжууд байна. Үүнийг Ерөнхий сайд, Сангийн сайд хоёр л шийддэг. Өнөөдөр Дархан-Уул, Хэнтий аймгууд руу энэ зээл тусламжууд явдаг гэж ярьдаг. Дараагийнх нь Эрдэнэт, “Эрдэнэс Таван толгой” зэрэг газрууд байна. Ингээд улсын төсөв, гадны зээл тусламж гээд 60 орчим их наяд төгрөг Засгийн газрын мэдлээр гарч байна. Нэмээд арилжааны банкууд, компаниуд, хувийн хэвшлүүд гээд явна. Ингээд нийтдээ мөнгөний эргэлт 100 орчим их наяд болж байгаа юм. Харин улсын төсөв найман их наядаар нэмэгдэнгүүт энэ эргэлт чинь 110, 120 их наяд болчихно. Мөнгө илүүдээд эхлэхээр Монголбанк бодлогоор хүүгээ өндөрсгөөд үндсэндээ хувийн хэвшлээ хаах юм руу яваад эхэлнэ. Б.Лхагвасүрэн захирал чуулганы хуралдаан дээр хатуу мөнгөний бодлого явуулна гэдгээ тодорхой хэлсэн. Үүнээс үүдээд манай улс ямар улс болох вэ гэдэг аюул руу орж ирж байгаа юм.

-Энэ нь юу гэсэн үг вэ?

-Төлөвлөгөөтэй ажилтай явдаг улс болох уу, хувийн хэвшил нь давамгайлсан улс байх уу гэдэг сонголт дээрээс хувийн хэвшлээ шахсан, төрийн оролцоо нь давамгайлсан байдал руу орох гээд байна. Үүнийгээ бид харах ёстой гэдгийг миний хувьд хэлсэн. Уг нь төсвийг багасгах арга байна уу гэвэл байна. Нийтдээ гурав орчим их наяд төгрөг танаж болохоор байгаа. Энэ жилийн төсвийг батлахдаа МАН-ынхан сонгуулийн жил учраас асар их мөнгө тавьсан. Гэтэл ирэх жил чинь сонгуулийн жил биш шүү дээ. Тиймээс багасгаач гээд хэлээд дийлсэнгүй.

-Ирэх оны төсөвт тодотгол хийхээр болсон. Гэвч энэ тодотголоор таны яриад байгаа гурван их наяд төгрөгийг танаж чадах юм болов уу?

-Тодотгол хийнэ гээд л төсвөө баталлаа. Гэхдээ миний хувьд тодотгол хийгээд танасных нь дараа л таналаа гэж хэлье. Түүнээс биш “гөлөг төөрүүлж” байна шүү дээ.

-Та түрүүн яриандаа хувийн хэвшлээ шахаад, төлөвлөгөөт байдал руу явах гээд байна гэлээ. Харин Засгийн газраас хувийн хэвшлээ дэмжинэ. Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, тоог нь цөөлнө гээд байгаа шүү дээ?

-Төрийн өмчит компаниудыг цөөлнө гэж огт ярихгүй байгаа. Энэ асуудлыг би бүлгийн хурал, ажлын хэсгийн хурал дээр зөндөө ярьдаг. Нийтдээ 6500 төрийн болон орон нутгийн өмчит компани бий. Эдгээрийн олонх нь алдагдалтай ажилладаг. Эдгээрийгээ алдагдалгүй ажилладаг болгох, эсвэл хувьчлах ажлыг хийгээч гэдгийг хэлээд байгаа. Гэтэл засаглалыг нь сайжруулъя л гээд байгаа юм. Цөөлөх, ашигтай ажиллуулах гэдгийг нь огт ярихгүй байна.

-Засаглалыг сайжруулаад ямар нэгэн олигтой үр дүн гарахгүй гэж үзэж байна уу?

-Засаглалыг сайжруулна гэдэг нь юуг хэлээд байна гээд асуухаар ТУЗ-ийг мэргэжлийн болгоно л гэдэг юм билээ. Ер нь төрийн өмчит компаниуд дээр дорвитойхон арга хэмжээ авч байж төсвийн хэмнэлт бодит болно.

-Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлнэ гэсэн. Гэтэл эдгээр төслийг хувийн хэвшил дангаараа хийж чадах уу. Төрийн өмчит компаниуд нь хариуцаад явах уу гэдэг асуудал яригдаад байгаа. Таны хувьд өмнө нь улсын хэмжээний том төсөл хариуцан ажиллаж байсан хүний хувьд энэ тал дээр юу хэлэх вэ?

-Ирэх оны төсөв дээр шинэ бүтээн байгуулалт оруулахгүй. Энэ 14 төслийг хэрэгжүүлнэ гээд байгаа. Гэтэл энэ төсөл чинь 2025 оны төсөв дээр байхгүй. Эдгээр төслүүд хэрэгжих шаардлагатай юу гэвэл шаардлагатай. Гэхдээ энэ дөрвөн жилд эдгээрээс ихдээ л 2-3 төсөл нь хэрэгжих байх. Дотор нь урт хугацаанд явагдах төслүүд ч бий. Ер нь том төслүүд богино хугацаанд үр ашгаа өгнө гэж бодох хэрэггүй. Иймэрхүү том төслүүд багадаа 20-30 жилийн хугацаанд үр ашгаа өгдөг. Тиймээс үр ашгийн хувьд эрэмбэлэх нь зүйтэй. Том төслүүд дээр хувийн хэвшлийнхнийг оруулах нь зөв. Гэхдээ манайд яг орж ирээд ажиллах, аваад явах хэмжээний аж ахуйн нэгж байдаггүй. Маш өндөр босго тавьчихдаг. Түүнд нь хувийн хэвшлийнхэн тэнцдэггүй.

Нийт 10 аймагт дулааны цахилгаан станц барина гээд хэдэн жил болж байгаа билээ. Тэгэхээр энэ тал дээр анхаарах л ёстой. Хууль, журмуудаа сайжруулах ёстой. Дээрээс нь гадны аж ахуйн нэгжүүд иймэрхүү төслүүд дээр орж ирж ажиллах дээр ч анхаарах ёстой юм билээ. Жишээлбэл, Таван толгойгоос Гашуунсухайт чиглэлийн 260 км төмөр зам дээр “Самсунг” гэж компани орж ирээд, нэг км төмөр замыг 2.5 сая ам.доллараар барьж байсан. Гэтэл Таван толгойгоос Зүүнбаян чиглэлийн төмөр замыг Монголын аж ахуйн нэгжүүд, Зэвсэгт хүчин хамтраад нэг километрийг нь нэг сая ам.доллараар барьсан. Маш их зөрүү байгаа биз. Энэ мэтчилэн асуудлуудаа давхар бодолцох, ярилцах л хэрэгтэй.

-Том төслүүд үр ашгаа олон жилийн дараа өгдөг гэж байна. Үр ашгаар нь эрэмбэлж үзвэл аль төслөө эхэлж явуулах шаардлагатай вэ?

-Зарим хүн төмөр зам яах гэж барьсан юм гээд асуудаг. Гэтэл Таван толгойгоос Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр зам баригдсанаар сайжруулсан шахмал түлшний медлингийг зөөдөг болсон. Өмнө нь том тэргээр зөөдөг байсан. Үүний улмаас Өмнөговь, Дундговийн зам эвдрээд дууссан. Нэг төслийг явуулахын тулд нөгөөхөө ингэж эвдээд байж болохгүй. Мөн төмөр зам баригдсанаар утаагүй түлшний үнэ тухайн үед 30 хувиар хямдарч байсан. Буцаад говь руу олон тонн ачааг хямд зардлаар тээвэрлэж байна. Улаанбаатар хотоос 60 тонн ачааг тийш нь тээвэрлэхэд дөрвөн сая төгрөг байгаа.

Харин төмөр замаар тээвэрлэхэд 700 мянган төгрөг болдог. Үүн шиг одоо ярьж байгаа энэ том төслүүд өнөөдөр үр ашиг гэхээсээ илүү Монгол Улсын эдийн засаг, дараагийн дэд бүтэц, аж үйлдвэр, бүс нутаг хөгжихөд маш том түлхэц болно. Тэр ч үүднээсээ хамтарсан Засгийн газрын гол хамтрал бол том эдийн засгаа харж, том төслүүдээ урагшлуулах юм.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зангараг үгүйлэгдэж байна DNN.mn

Хоёр системээс сонгогдсон таван намын 126 гишүүнтэй парламент. Сонгодог парламентын загвар. Үзэл бодол, байр суурийн хэлэлцүүлэг, мэтгэлцээн, өрсөлдөөн. Үр дүн нь Монголын хурдтай хөгжил. Энэ үнэндээ гоё план байв. Харамсалтай нь тэнгэрийн хүлээлттэй эхэлсэн парламент гэрлийн хурдаар газардлаа.

Парламентын нэр хүнд нам унасан нь одоогоор гурван шалтгаантай харагдлаа. Нэгээрээ, хэсгээрээ, нийтээрээ гээд гурван шатлал бүхий асуудлаар парламентын нэр хүндийг алдаж байна.

Нэгдүгээрт: Спикер Д.Амарбаясгалан. Ноён даргыг төсвийн хэлэлцүүлгийн үеэр ноцтой алдаа гаргасан талаар нэр бүхий гишүүн олон нийтийн сүлжээнд гаргаж тавьсан. Улмаар “УИХ-ын чуулганы индэр дээрээс чуулганы нэгдсэн хуралдааны дэг сахиулах үеэрээ УИХ-ын дэгийн тухай хуулийн 13.2 дахь “Хуралдаан даргалагч горимын саналаар нэг удаа санал хураалт явуулна. Хуралдааны хэлэлцэх асуудалд ороогүй асуудлаар, мөн тухайн санал нь хуулиар тогтоосон журмыг зөрчиж байгаа бол санал хураалт явуулахыг хориглоно” гэсэн заалтыг “Хуралдаан даргалагч горимын саналаар нэг удаа санал хураалт явуулна. УИХ-ын гишүүнээс гаргасан горимын саналаар нэгээс илүү саналаар санал хураалт явуулахгүй. Дараагийн гишүүн горимын санал гаргахад түүгээр бас нэг удаа санал хураалгана гэсэн заалт нь байж байгаа” гэж дураараа зохиож уншсан. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн ноцтой үйлдэл байж мэднэ” гэх мэдээлэл хэвлэлүүдээр цацагдаж байна.

Хоёрдугаарт: Засгийн газар 2025 оны төсвийн төслийг 2024 оны наймдугаар сарын 30-нд УИХ-д өргөн барьсан. Төсөв хэлэлцтэл төсөл гар дээр нь байв. Гэтэл төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг эхэлчихсэн 11 дүгээр сарын эхээр хэсэг гишүүн гарч ирээд Засгийн газрын нэр бүхий сайд нарын төсвийг шуургалан шүүмжилсэн. Тэр гишүүдийн шүүмжлэл улс төрийн шалтгаантай байх магадлалтай.

Гуравдугаарт: Нуль попролт, нэл хэрүүл болж байж 2025 оны төсвийг баталлаа. Хууль нь 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Гэтэл хэрэгжиж эхлээгүй төсвийг тодотгох тогтоолыг төсөвтэй хамт баталчихлаа. Энүүгээр нэр бүхий гишүүдээс гаргасан санал, шаардлагыг үндэслээд төсвийн тодотголын төслийг 2024 оны 12 дугаар сард багтаан УИХ-д өргөн мэдүүлэх, төсвийн тодотголын төслийг төрийн мөнгөний бодлогод нийцүүлэн төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөлтийг сайжруулах, төсвийн зарлагыг нэмэгдүүлснээр нийгэм, эдийн засагт үзүүлж болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцоолж, төсвийн урсгал зардлыг бууруулах чиглэл баримтлан боловсруулахыг Монгол Улсын Засгийн газарт даалгажээ. Дэлхийн байтугай Монголын 76-тай парламентад ч ийм жишиг түүх байхгүй. Чигээрээ Үндсэн хуулийн зөрчил.

Юутай ч ганцаараа, хэсэг бүлгээрээ, олуулаа нийлээд хийсэн үйлдлүүд нь жоомоо алах гээд байшингаа шатаагаад дуусав. Дүнд нь парламентын нэр хүнд шаланд унав.

Ер нь парламентын нэр хүнд спикер нь хэн бэ гэдгээс маш их хамаардаг байна. Ялангуяа яг ийм болоод ирэхээр Д.Амарбаясгалан гологдож, өмнөх спикер Г.Занданшатарын зангараг илтэд үгүйлэгдэж харагдав. Г.Занданшатарыг пиар муутай улстөрч л гэдэг. Хувь улстөрчийн хувьд тэгж харагддаг. Гэвч тэр маш сайн парламентч. Мэргэшсэн гэх нь илүү зохино. Түүнийг спикер байсан таван жилд парламентын байр суурь маш тодорхой, бодлого хийдэг байв. Монголын парламентыг сонгодог загвар руу хөрвүүлэх гэж мөн ч их ажилласан. Олон ч том өөрчлөлтийг хийсэн дээ. Үүгээр парламентын эрх мэдэл, бүрэн эрхийг дархалсан. Харамсалтай нь Д.Амарбаясгалан спикер болоод тэр дархлааг дор нь унагаж байна. Энэ мэт процессын алдааны талаар бодохын ч хэрэггүй. Тиймээс хэрвээ тэр өнөөдөр спикер байсан бол парламент ийм олон алдааг зэрэг, зэрэг гаргахгүй байсан юм. Үүн дээр мөрийцсөн ч алдахгүй. Нэг дэмийг хэлэхэд, эрхэм сэтгүүлчид энэ цагт, энэ сэдвээр спикер асан Г.Занданшатар одоогийн парламентыг юу гэж бодож, харж, ажиглаж, дүгнэж суугааг нэг сонсчихвол зүгээр сэн. Тийм олон том өөрчлөлтийг хийж байхдаа парламентын ийм болохыг төсөөлөөгүй л байх.

Ажиглагч А.Батболд

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох нүүр-хуудасны-шинэ-оцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “Улсын их дэлгүүрийг дор хаяж долоо хоногтоо нэг өдөр амраадаг болгоё” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы баасан  гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн О.Номинчимэг “Монгол Улс хөрөнгө оруулагчид, оператор компаниуддаа байгаль орчныг нөхөн сэргээх шаардлагуудаа бүрэн тавьж, хангуулж чаддаггүй”  гэснийг Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн

Элчин сайд Сандра Шүфани “Монголд хөрөнгө оруулалтын илүү ил тод, тогтвортой, тааламжтай орчин бий болох болов уу гэж найдаж байна” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Улсын их дэлгүүрийг дор хаяж долоо хоногтоо нэг өдөр амраадаг болгоё” хэмээн өгүүллээ.

Интермед” эмнэлэг өвчтөнүүдийнхээ хувийн мэдээллийг алдсан нь ямар хор уршигтай вэ?

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Абхазын иргэдийн ялалт

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Ш.Цогтоо “Монгол Улсын захиргааны эрх зүй”


 

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы  баасан гаригийн дугаараас уншаарай.

 

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

 

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

 

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

 

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

 

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

 

 

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
нүүр-хуудасны-онцлох

Халзан Бүрэгтэйн жагсаалын төсөв хагас тэрбумаар яригдаж байна DNN.mn

Ховд аймгийн Мянгад сумын нутаг дахь Халзан Бүрэгтэйн газрын ховор элемент ашиглалтын хайгуулын үйл ажиллагаа түр хугацаагаар зогсов. Энэ бол Монгол Улсад хуруу дарам цөөхөн газрын ховор элемент бүхийн төслийн нэг. Дэлхийд асар их эрэлттэй, цахилгаан тоног төхөөрөмжийн гол түүхий эд Мянгадын хөрсөнд бий. Гэвч энэхүү эрдэс баялгаа ашиглаж, эдийн засгийн эргэлтэд торуулахаас нутгийн иргэд хүчтэй эсэргүүцэж бослоо. Зах хязгаар нутагт, хаа байсан 2000 км-ийн цаана уулын мухарт морь, машин багшралдаж, наадам аятай л бужигнав. Цөс нь хөөрсөн улсууд буу шийдэмдээ тулахад бэлэн гэж сүрдмээр мэдэгдэл хийж, цөөхөн монголчуудаа босч нэгдэхийг уриалж байлаа. Тэнд цугласан хүмүүсийг барагцаалбал 1000 гаруй хүн очсон гэх албан бус мэдээлэл бий. 1930-аад оны хувьсгалын эсэргүүнүүдээс бараг гурав дахин давсан том жагсаал тэнд өрнөлөө. Хөл толгой нь олдохгүй оволзож байсан улс хэсэг хугацааны дараа намжив. Жагсагчид ч тэр, жагсаал зохион байгуулагчид ч тэр зорилгоо биелүүлж, зоогийн ширээний ард хундага тулган сууж байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Халзан Бүрэгтэйн төслийг эсэргүүцэгчид эх орондоо хайртайдаа тэнд цугларсан уу гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй. Эрх ашгаараа сүлбэлдсэн улстөрчид, бизнесийн бүлэглэлийнхний том зодоон тэндээс тодхон харагдаж байгаа. Учир нь жагсаалын жанр тэр чигээрээ танил технологи байгаа биз дээ. Улс төр, эрх мэдэлтнүүдийн өндөр хамгаалалттай гэдэг нь иргэдийн хандлага, дуугарч байгаа өнгө аяс, үг яриа, үйл хөдлөлөөс нь илэрхий. Тийм болохоор хууль хяналтынхан гүйцэтгэх ажиллагаа явуулаад эхэлсэн тухай мэдээ дуулдаж байгаа.

Шинжээчид хүртэл баримтуудыг үндэслэж гаргалгаа дэвшүүлж, анализ хийж байна билээ. Яагаад гэвэл иймэрхүү массыг хамарсан жагсаал тодорхой ханштай байдаг гэсэн. Сүхбаатарын талбайн гуравны хоёртой тэнцэхүйц хэмжээг хамарсан жагсаал 600 саяд багтдаг байна. Сэдвээсээ хамаараад нэг хүний 30-50 мянган төгрөгийн тогтсон тарифтай аж. Үүн дээр хоол ундны зардал нэмэгдэнэ. Жагсагчдыг ахалж байгаа “толгойлогчид” нь үүнээс мэдээж ахиу мөнгө авна. Энэ бол нийслэлийн ханш.

Харин хөдөө орон нутагт зохион байгуулдаг жагсаал цуглаан арай бага тарифтай гэсэн. Тэгвэл саяны Мянгад сумын жагсаалын хувьд хагас тэрбумаар хэмжигдэж байгааг шинжээчид урьдчилсан байдлаар тооцоолжээ. Тэнд Халзан Бүрэгтэй уулыг онгичуулахгүй гэж 200 гаруй морьтон жагсаалд нэгдсэн гэж байгаа. Эх сурвалжийн ярьж байгаагаар тэр морьдыг жагсаалд зориулж холоос ачааны машинаар тээвэрлэж очжээ. Морьд ачсан том тэргүүд Мянгад сум руу тоос татуулан давхиж байсан тухай нутгийн иргэд ч ярьсан байна. Морьдыг машинаас буулгангуут жагсагчид нэг нэгээр нь мордоцгоожээ.

Хэрэв үнэхээр нутгийн малчид жагсахдаа тулбал ойрхон газар бол мориороо ирчихнэ. Харин тэр холоос бензин тос зарлагадаад морьдоо ачиж ирээд жагсахгүй нь хэнд ч ойлгомжтой. Эндээс зөвхөн морь ачилтын зардлыг багадаа 40 сая давна гэсэн тооцооллыг хийжээ. Жуулчны газрууд нэг морийг цагийн 20 мянган төгрөгөөр түрээсэлдэг гэсэн. Жагсаалд ирсэн 200 морийг энэ ханшаар тооцвол дөрвөн сая төгрөг болно. Гурван цагаар түрээсэлсэн гэж үзвэл 12 сая төгрөг. Үүн дээр тээврийн зардлаа нэмбэл дунджаар 15 сая төгрөг зарцуулагдсан гэх тооцооллыг жагсаалыг ажиглагчид хэлж байв. Нийт жагсаалд оролцсон мянган хүнд тус бүр багадаа 30 мянган төгрөг төсөвлөсөн байлаа гэхэд 30 Халзан Бүрэгтэйн жагсаалын төсөв хагас тэрбумаар яригдаж байна сая төгрөг болох нь. Морь болон жагсагчдын зардал нийлээд 40 гаруй сая төгрөгт багтчихаж байна. Энэ бол том улс төр, эрх ашгийн хувьд ёстой бохины мөнгө байх. Харин жагсаалын ихэнх санхүүжилт нь олон нийтийн тархийг угаахад чиглэгдсэн гэж хэлж болохоор.

Халзан Бүрэгтэйн жаг саалыг нөлөө бүхий хэдэн хүн зохион байгуулалттайгаар өдөөж сошиалд зогсоо зайгүй сэвсэн байна. улмаар баруун хязгаарт уулын мухарт шууд дамжуулалт хийж байсан хүмүүсийн тоо 20 хол давжээ. Фэйсбүүкийн шууд дамжуулалтыг бусдад түгээж байгаа хаягууд нь ихэвчлэн идэвхгүй, хуурамч байсан нь шинжээчдийн таамаглалыг улам баталгаажуулжээ. логикоор нь хөөгөөд харвал Халзан Бүрэгтэйн төслийн бүсэд интернэтийн сүлжээ огт ажилладаггүй гэсэн. Зөвхөн сансрын хиймэл дагуулаар интернэтэд холбогдох боломжтой. Гэтэл тэнд жагссан хүмүүс яагаад идэвхтэй шууд дамжуулав гэсэн асуулт гарч байгаа. Эх сурвалж хэлэхдээ, жагсаалын хүчийг авахуулах гол зэвсэг нь интернэт болохоор “Старлинк” төхөөрөмж суурилуулсан байжээ.

Энэхүү интернэт цацагч төхөөрөмжийн өөрийн үнэ нь тээврийн зардалтайгаа хоёр саяд өлхөн багтана. За тэгээд жагсаалыг уриалагч, сэвэгч, худал мэдээлэл түгээгч шууд дамжуулалтад хүн тус бүрийн 500 мянгаар үнэлсэн гэж үзвэл 150 сая төгрөг болох нь. Дээрээс нь улаанбаатараас уг жагсаал руу зохион байгуулалттайгаар иргэдийг автобусаар зөөж байна гэсэн жиргээ нэлээд явж байсан даа. Хэрэв энэ үнэн бол улаанбаатараас Ховд руу автобусаар явахад замын зардал нь дунджаар 140 мянган төгрөг. Нэг автобусанд 45 хүн багтана гэхээр нийт зургаан сая төгрөг болно. Таван автобус явсан бол 30 сая төгрөг болж байна.

Жагсаалаас гадна Халзан Бүрэгтэйн төсөлтэй холбоотой худал мэдээлэл ведио контентууд, Монголын урдаа барьдаг топ хэвлэлүүдээр сүрхий цацагдсан. Ялангуяа “Халзан Бүрэгтэйд тусгай зөвшөөрөл эзэмшигч компани зөрчил гаргасан нь тогтоогдсон” гэсэн гарчигтай яг адил агуулгатай мэдээ гаргаж байв. Үүгээр зогсохгүй мэдээ болгоны дор хөлсний коммент бичигчид бөөн бөөнөөрөө орж ирж, ижил агуулгатай өгүүлбэрүүдээр бөмбөгдөж байсан. Тэр бүгдийн нарийн задаргааг тооцвол Халзан Бүрэгтэйн жагсаал хагас тэрбум руу тун дөхжээ.

Ингээд харахаар Халзан Бүрэгтэйн төслийг гол эсэр гүү цэгчид малчид, жирийн иргэд яавч биш болж таарав. Сүүлд сонссон мэдээллээр эх оронч “малгай”тай иргэний хөдөлгөөний гурван бүлгэм төсөл хэрэгжүүлэгчдээс их хэмжээний мөнгө нэхэж, шантаажилсан тухай яриа ч байна. Энэ мэтчилэн Монголд хөдлөх гэсэн уул уурхай, эрдэс баялгийн томоохон төслүүдийг гадаад, дотоодын шантаажаас болж зогсоодгоо хэзээ болих вэ.

М.Түшиг

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл энтертаймент-ертөнц

Н.Наранбаатар: Аливаа юм бүхэн мэргэжлийн байх ёстой DNN.mn

Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын Драмын Эрдмийн Театрын захирал, Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Намнангийн Наранбаатараас Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” жүжгийн талаар болон дараа дараагийн шинэ уран бүтээлийн талаар тодруулж ярилцлаа.


-Юуны өмнө театрынхаа захирлаар томилогдсонд баяр хүргэе.

-За баярлалаа.

-Б.Цогнэмэхийн зохиол “Тэнгэрийн хүү” жүжиг тоглогдоод удахгүй сар болох гэж байна. Жүжгийг яагаад шинээр найруулж, шинэ бүрэлдэхүүнтэй тоглох болов?

-Б.Цогнэмэхийн зохиол “Тэнгэрийн хүү” яамнаас зарласан жүжгийн зохиолын уралдаанд тэргүүн байр эзэлсэн бүтээлийг 2011 онд УДЭТ-ын 80 жилийн ойн хүрээнд хийхээр болж нээсэн. 13 жил тоглогдож, сүүлд 2019 онд тоглогдоод дууссан байдаг юм. Тэр цагаас хойш театр маань залуу уран бүтээлчдээр цэнэглэгдээд ахмад уран бүтээлчид гавьяаныхаа амралтад гарч дахин сэргээгдэх болсон тухай яригдаж ийнхүү өнөөдрийг хүрсэн.

-Яагаад сэргээх болсон юм бэ?

-Бүтээлийн агуулга нь өөрөө үнэ цэнэтэй. Үнэт зүйлсийн тухай, газар, эх оронч үзлийг залууст илүү их ойлгуулах, ямар ухагдахууныг эх оронч гэдэг юм гэдгийг ойлгуулахад зориулсан юм. 2011 онд Хүннү гүрэн үүссэний 2220 жилийн ой болоод Д.Цэвээндорж гуайгаар ахлуулсан Археологийн хүрээлэн ач холбогдол өгч үзэсгэлэнгээ Тэнгис кино театрт гаргаж байлаа. Манайх уран сайхны бүтээл болгож “Тэнгэрийн хүү”жүжиг тавьсан баримт УДЭТ-т бий. Хүннү улс, Хүннү гүрний ойлголтууд илүү их задарч эхэлсэн нөгөө талаар манай түүхийг өөрийн болгох гэсэн улсуудын хандлагууд их гарсан. Казахстанаас авахуулаад наад захын жишээ байна. Хүннүчүүд монголчуудын өвөг дээдэс мөн гэдгийг батлах үнэмшүүлэх гэж, энэ бол бидний түүх юм аа гэдийг хойч үедээ батлах гэж энэ жүжгийг сэргээн тавьж байна. Театр бол гоо зүй, ёс зүйн үнэ цэнийг шингээсэн мэргэжлийн түвшинд уран бүтээл туурвиж ард түмний оюуны хөтөч нь байна гэсэн үүрэг зорилготой байгууллага. Нөгөө тал дээр үндэстний хэлний манаа, хэлний дархлаа, хэлээ театр л авч явах ёстой. Монгол хэлний баялаг сан хэрэглээ100 мянган үгтэй. Бид ярихаа болчихсон, 3000 үгэнд эргэлддэг болсон цаг үед эрхэм үүргээ биелүүлэх хэрэгтэй гэж жүжгийг сэргээж байгаа юм. Миний хувьд Б.Цогнэмэхийг үнэлдэг нь туульсын шинж чанартай бүтээлд ханддаг. Яруу найргийн айзам хэмнэл үгний сонголт, анзаарахаа байсан огт сонсоогүй хэллэг, зүйрлэл, адилтгал, хэтрүүлэл, бэлгэдэл гэсэн таван хэв шинж байж сая туульсын болж байгаа юм. Үүнд нь зохиолчид баярладаг. Цаашид дэлгэрүүлэх ёстой түүний илэрхийлэл бол “Тэнгэрийн хүү” зохиол юм.

-“Тэнгэрийн хүү” жүжгийг үзлээ. Үзэгчийн хувьд сэтгэгдлээ хэлэхэд, нэг үзэгдлээс нөгөө үзэгдэл рүү шилжихэд тайз харанхуйлдаг. Энэ тухайд түгжрэлтэй бас холбоотой юу. Нэлээн удсаны эцэст хүмүүс суудалд сууж байсан нь ажиглагдсан…

-Энэ бол театрын хэл. Бүхий л цаг үед тайз харанхуйлаад дараагийн орчин харанхуйлснаар гэрэл өгөхөд та найман жилийн дараа ч байж болно.Харанхуйлал нь орон зай цаг хугацааг нөхөж байна. Харанхуйлах мөчид таны орон зайг томнож өгч байна гэсэн үг. Хүү нь том болчихож, ээж нь хөгширчихөж, таны орон зайг нөхөж өгч байна. Найруулагчийн аяллаар аялж байна гэсэн үг. Тэнгэр травелээр Бангкок орж болно танд таалагдаж болно, таалагдахгүй байж ч болно үүнтэй адил.

Үзэгчид театрын соёлд суралцаагүй. Түгжрэлгүй байхад цагаасаа хоцордог хүмүүс түгжрэлтэй үед бүүр хоцордог. Жүжиг бол концерт шоу биш. Театрт жүжиг үзэхийн тулд гурвантаа хонх дуугарахад суудалд байраа эзэлсэн байх ёстой. Театрт сэтгэлээ баясгах гэж үзэгчид ирдэг. Бодит байдал дээр машины зогсоол байхгүй машинаа хаана байрлуулах вэ гээд тойрч тойрч сая нэг юм зогсох газар олж ирдэг нь олон. Өнөөдөр энэ театрт машины зогсоол байхгүй тул хоцорч ирсэн үзэгчийг буруутгах аргагүй.

Үзэгчийн тав тухыг хангасан машины зогсоол алга. Хажууханд нь зогсоол байх ёстой. Та босоод хардаа гээд (албан тасалгааны өрөөний цонхны тэнд) энэ манай гэр гэж бодъё. Тэгвэл та манай том өрөөгөөр дамжаад гэртээ оръё гэж болохгүй биз дээ. Соёл урлагийн байгууллагыг доромжилж байна. Соёмбо тауэр гээд манай байгууллагын энд баригдсан том барилга манай зогсоолыг эзэгнэсэн.Дэлхийн соёлт хүн төрөлхтний том үзүүлэлт бол театр нүдэнд харагдахгүй гарт баригдахгүй сэтгэлгээний эмчилгээний газартаа яаж хандаж байна. Ийм асуудлаас болоод хоцорч байгаа үзэгчдээ “ойр хавьд зогсоол алга явган ирнэ шүү” гэх юм уу хаашаа юм.Доошоо орсон В1 зогсоол ч байхгүй. Хотын А гийн А бүс ш дээ. Манай барилгыг яваандаа шинэчлэх ёстой.Яагаад гэвэл Европын театрууд чулуун хийцтэй болохоор барилгын хүчитгэл хийж болно. Манайх болохоор шавар модоор 1963 онд театрын барилга баригдсан. 1931 онд мэргэжлийн орчин цагийн ууган байгууллага “Үнэн” жүжгээр хөшгөө нээж үйл ажиллагаа явуулсан. 93 жилийн түүхтэй байгууллага. 2031 онд 100 жил болно. Түүхэн байгууллагын хийцлэл нь шавар шохойн хийцтэй гэж мэргэжлийн хяналт тогтоосон. Дан нуруу нь модон. Цаашдаа гаднах фасад дүр төрхөө хуучнаар нь аваад шинэчлэх хэрэгтэй. Энэ байшинд гурван айл нэг тайзан дээр амьдарч байна шүү дээ. Соёлын өв гэхийн тулд үүний учир шалтгаан чухал юм. Дахин давтагдашгүй хийц урлалтай тухайн барилга байгууламж 100 жил насалсан насжилттай бол түүхэн өв гэнэ.Тэнд ямар түүхэн хүмүүс ажиллаж уран бүтээлээ туурвиж байсныг хэлнэ. Жишээ нь, хуучнаар Байгалийн түүхийн музей нураана гэхэд бөөн юм болсон. “Яагаад ч өв болохгүй, шалны банз нь босоод ирсэн байдаг, нураалаа барилаа” гээд бөөн асуудал болж байсан. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын нүүрийг тахалж байна.Та манай Чингис хаан музейгээр орооч, он цагаар аялаач гэж байна. Сошиалаар ажил хийдэг хүмүүс байна. Үүгээр дүгнэлт ч хийж болохгүй. Мэргэжлийн гэх юм нь устгагдах гээд байна шүү. Аливаа юм бүхэн мэргэжлийн байх ёстой. Ёс зүй гэдэг нь хамгийн түрүүнд тавигдана ш дээ.

-Модун Шаньюйд тоглосон жүжигчин Б.Шинэбаяр бөгтөр харагдаад байх юм. Тэр Модун шаньюй тийм хүн байсан юм болов уу?

-Археологийн олдворууд судалгаан дээр ажиллаж дүрийг бүтээдэг .

“Могжоохон даагатай Жогжоохон хүү” гэдэг хүүхдийн дуунд намхан нуруутай Навтгар хамартай Жогжоохон хүү би гээд дуулдаг. Бүтээлийг хийхэд санааны зоргоор хийчихдэг юм биш. Хүннүгийн язгууртан хүний гавлын ясан дээр нөхөлт хийсэн уран бүтээлч зураач Энхтүвшин Модун Шаньюйгийн төрхийг гаргасан. Язгууртны булшны гавлын ясан дээр нөхөлт хийж гол дүр навтгар хамар, онигор нүдтэй, ийм духтай, шанаа бүхий чихтэй тэр үеийн хүний дүр төрх харагдана. Модун Шаньюйн дүр төрх яг харагдана.Дүр төрх рүү нь аваачиж байна ш дээ. Яг бөгтөр харагдаж байгаа бол жинхэнэ дүрийг гаргасан байна гэсэн үг.

-“Тэнгэрийн хүү” жүжгийн шинэ бүрэлдэхүүний тухайд…

-Өмнөх бүрэлдэхүүнээс бол жүжигчин Ж.Пүрэвдорж гуайгаас бусад нь шинэ бүрэлдэхүүн. Өмнө нь Г.Эрдэнэбилэг, П.Цэрэндагва, Н.Сувд гуай тоглож байсан. 100 хувь бүрэлдэхүүн өөрчлөгдөж солигдсон шинэ залуу цус сэлбэж байна.УДЭТ бол жүжигчин төрүүлдэг газар. Яагаад гэвэл жүжигчинтэй ажилладаг найруулагч байдаг тул бусад найруулагч шиг бэлэн боловсорсон бүтээгдэхүүн аваад шагладаггүй. Жүжигчнийг нээж дүр төрх ур чадварыг өсгөж бадрангуй гэгээн дүр төрхөөр жүжигчнийг хаанд тоглуулсан бол харцад тоглуулж, жүжигчнийг эвдэж сая баримлын шавар шиг болгодог. Боловсорсон жүжигчнийг бий болгодог. Ийм л зорилготой үүргээ гүйцэтгэж явна. Мөн нөгөө талаар манайх арилжааны байгууллага биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Улсдаа ганц Эрдмийн театр утга дор бид хүмүүст урын сангийнхаа бодлогоор зайлшгүй зүйл хийх ёстой. Өнөөдрийн 5 дугаар ангийн хүүхэд таван жилийн дараа 10 дугаар ангийн хүүхэд болно, тэр бүтээл тоглогдож байна. Арилжаанд зориулсан бүтээлийн балансыг тааруулж хийх ёстой. Дийлэнхдээ урын сангийн бодлого барина. Яагаад гэвэл бидний өвөг дээдэс бариад ирсэн. Уламжлалыг алдвал барьж чадахгүй. Хэзээ ч замаас нь хазайлгаж үл болно.

-“Тэнгэрийн хүү” жүжигт жүжигчин О.Майдарравжаа морин хуур хөгжмөөр их чадварлаг тоглосон. Мөн “Түмэн агтны төвөргөөн” их чадварлаг тоглохыг нь би үзээд биширсэн…

-Манай залуус тал бүрийн авьяастай. Дуулж, бүжиглэх, жүжиглэх, хөгжимдөх бүх л талын чадварыг эзэмшсэн. Орчин цаг универсал артистыг чухалчилдаг.

-Жүжгийн хувцасны зардалд хэр их хэмжээний зардал гарсан бэ?

-Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ ш дээ. 278 сая төгрөгний зардал гарсан.

-Театрын дарга боллоо. Та сайн, муу даргын аль нь вэ?

-Театрын аав нь гэсэн үг. Нэг талаас тэгж ойлгогдоно.Би өөрийгөө дүгнэхгүй. Урьд нь УДЭТ- ын ерөнхий найруулагч гээд үүрдэг ачаатай байсан. Захиргааны ажлаас бусдыг хийдэг. Би ямар өөр салбарт очоод ажиллах гэж байгаа биш дээ. Одоо бол жаахан ачаа нэмэгдсэн. Дотор нь ажиллаж байсан хүний хувьд асуудалгүй дээ.

Манай театр 129 хүний орон тоотой ажиллаж байна. Уран бүтээлийн, үйлдвэр техникийн, захиргааны гэсэн гурван хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.Байгууллагын даргыг юу гэж ойлгодог вэ гэвэл сайн менежер байх ёстой. Нөгөө талаасаа уран бүтээлээсээ нэршвэл продюсер юм. Өөрийнхөө мэргэжилтэй хавсарч хийхээр арт-директор нэршлийг хольж балансыг тааруулж алхаж явна даа. Даргын ажил аваад сар болоогүй байна. Гадаад харилцаан дээр анхаарч урагшлуулж л явна.Залуу хүн хурдтай байх ёстой. Би хурдан ч алхдаг.

-Таны өрөөнд гитар байна, та тоглодог уу?

-Тоглоно оо.

-Өөр ямар авьяастай вэ?

-Дуулна, шүлэг уншина…

-Таны сонирхол хобби юу вэ?

-Пянз цуглуулж сонсдог. Надад ховор пянз бий. Тийм ч их биш, тийм ч бага биш. Хайртай дуучин маань Майкл Жексон. Юм л бол бүтээлдээ түүний дуунуудаас оруулах дуртай байсан. Одоо бол пянзаа сонсож түүнээсээ тайвширч амралт юм шиг болдог. Л.Ванган гуай театрт найруулагч, соёлын дэд сайд байсан.Театр чуулгуудыг байгуулсан, өв соёлоо төвлөрүүлж чадсан соён гэгээрүүлэгч агуу хүн байсан.Дахин Л.Ванган гуай шиг авьяастай хүн төрдөг ч болоосой. Л.Ванган гуайн дөрвөн боть ном бий. Миний ширээний ном л доо. (Ойрхон байсныг гаргаж харуулав)

-Амьдралдаа мөрдлөг болгодог эрхэмлэдэг зүйл чинь юу вэ?

-Миний өвөө лам хүн байсан. Надад гурван зүйл захисан. Одоо хүртэл баримталдаг. Нэг юм баттай хэлж чадна. Зоригтой эр хүн гэж ямар хүнийг хэлэх вэ гэвэл үзэл баримтлалдаа үнэнч хүнийг хэлдэг. Би үзэл баримтлалдаа үнэнч байхыг хичээдэг. Өвөө маань “хэзээ ч мөрийтэй тоглоом битгий тоглоорой. түүнд хүн анхаарлаа маш хүчтэй төвлөрүүлдэг. амьдралынхаа хамаг азыг тавиад явуулчихдаг” гэсэн.

“Ан ав битгий хийгээрэй тусдаа хийдэг нүгэлт хар гөрөөчин гэж хүн байдаг.Амьтны амь тасалж болохгүй. Үйлийн үр тойроод ирдэг. Алт битгий ухаарай гэсэн. Алт гэдэг нь газрын гагнаас байгалийн баялгийг тогтоогч тул аминд чинь халтай. Алаг үрсэд чинь цөвтэй” гэж сургасан байдаг юм.

-Унгар улсын Будапешт хотын Үндэсний урлагийн театрт “Тэнгэрийн хүү” жүжгээрээ оролцох болж буй талаар дэлгэрүүлэхгүй юу?

-Унгар улсын Будапешт хотын Үндэсний урлагийн театрын захирал Атилла Видняскитай би өөрөө хавар очиж уулзсан. 30 гаруй орон оролцдог том фестиваль болно. Унгар улсад жил бүр зохион байгууллагддаг МИТЕМ Мадач олон улсын театрын 11 дэх уулзалт болно. Манай “Тэнгэрийн хүү” жүжгээр нээлтээ хийнэ. Энэ нь ирэх оны нэгдүгээр сард тодорхой зарлагдана. Ачаа тээш гээд бүрэн бүрэлдхүүнтэй явах бэлтгэлээ эхнээсээ базааж байна. Ийнхүү бид чинь энэ олон улсын фестивальд мэргэжлийн түвшинд хаана явна вэ гэдгээ мэдэх гэж оролцох гэж байна.

Театрын олимпод том том уран бүтээлчид оролцдог монгол өв соёл түүхээ харуулаад ирнэ. Тэндээсээ цаашлаад ганц хоёр улс руу контакт үүсгээд гадаад аяллаа нэгмөсөн үргэлжлүүлнэ. Өөрсдөө хаахна явж байгаагаа мэдэх нь чухал. Дараа нь юу хийх вэ гэдэг нь учиртай. Түүний дараа юу хийхээ мэдэх нь чухал.

-Монгол хэл дээрээ тоглох уу…

-Бид монгол хэлээрээ тоглоно. Хадмал орчуулгатай. Жишээ нь, Д.Намдаг гуайн “Ээдрээ” жүжигт гадны хүмүүсийг тоглуулъя гэж бодоход өндөр шонхор хамартай урт гартай европ хүмүүс ноёны хувцас өмсчихөөд дүр төрх нь монгол гэж харагдахгүй, алхаа гишгээ нь яаж ч ёслоод ноён болохгүй. яаж ч завилж суугаад эр хүн шиг харагдахгүй дээ. монгол хэлээр ярьж байгааг сонсьё. Аялга нь өөр.Нэг л сэтгэлд буухгүй дээ. Кино хүртэл хадмал орчуулгатай ( Subtitles) байдаг. Манай театрууд эх хэлний манаанд хатуу зогсоно.

-Цаашид хийх уран бүтээл,үйл ажиллагааны хувьд?

-Удахгүй 11 дүгээр сарын эхээр Солонгос улсаас уран бүтээлчид ирж бид хамтарсан мюзикль хийхээр төлөвлөж харилцан ур чадвар туршлага солилцох уулзалт болно. Г.Ган-Очир найруулагчийн Английн жүжгийн зохиолч, найруулагч Харолд Пинтер “Хэн хайргүй амьдрах вэ” жүжиг 11 дүгээр сарын сүүлчээр тоглогдоно. Он гараад Америкийн жүжгийн зохиолч Артур Ашер Миллерын “Худалдагчийн үхэл” жүжгийг би найруулахаар төлөвлөж байна. 2025 онд зохиолчийн 110 жилийн ой тохионо. Энэ бүтээлийг тавихаар бэлтгэж байна. Соёлын сэргэлт-2024 гээд төслийн хүрээнд Д.Данзанравжаа “Саран Хөхөө” жүжгийг бүх орон даяар тавих юм. Тэгэхээр төв нь бид байна. Гэхдээ нэг форматаар нэг цаг дор нээж ард түмний оюун ухааныг саруул болгоно.

-Яагаад энэ жүжгийг сонгох болсон бэ?

Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа нь 1832 онд Саран хөхөөний намтар жүжгийн зохиол бичиж найруулан тавьж байсан түүхтэй. Эрдэмтэн судлаачид “Саран Хөхөө” жүжгийг Монголын театрын урлагийн үндсийг тавьсан гэж үздэг. Энэ бүтээл ард түмний оюун ухааныг саруул болгодог жүжиг, авшиг нь энэ. Бид юуг сайн юуг мууг гэх юм. Сайныг ч муу болгож, мууг ч сайн болгож харагдуулдаг цаг үед амьдарч байна даа.

-Та гэр бүлээ танилцуулах уу?

-Гэр бүлийн хүн СЭЗИС-д багшилдаг. Бид зургаан хүүхэдтэй. Охин СУИС-ийн жүжигчний ангид сурдаг. Дараагийн хүү маань анимэйшн хүүхэлдэйн киногоор сурдаг. Том хүү СЭЗИС-д сурч байна. Гурван бага арван жилд сурч байна даа.

Ярилцсанд баярлалаа.

Сэтгүүлч Ц.Отгонсүрэн

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Иргэн Ш.Ербол: Иргэний эрхийг боомилсон шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна DNN.mn

Манай улсад замын хөдөлгөөний түгжрэл нь иргэдийн бухимдлыг төрүүлж буй гол асуудлын нэг болоод байгаа юм. Уг асуудлыг шийдвэрлэх хүрээнд энэ сарын 8-ны өдрөөс эхлэн импортоор орж ирсэн автомашинд олгох улсын дугаарт хязгаар тогтоож, найман шалгуурт тэнцсэн тохиолдолд олгоно гэдгийг албаныхан мэдэгдсэн. Гэвч энэ нь хүний зорчих эрхийг хязгаарласан шийдвэр хэмээн олны дунд халуун сэдэв болоод байгаа юм. Энэхүү асуудлаар иргэдийн төлөөлөл дээрх шийдвэрийг эсэргүүцэж, Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэн өчигдөр Үндсэн хуулийн Цэцэд хандсан юм.

Иргэн Ш.Ербол “2023 оны арванхоёрдугаар сард УИХ-аас түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийг баталсан. Энэ хуулийн зорилтыг харахад түгжрэлийг бууруулах, орон сууцжуулах гэж байгаа мэт боловч хүний эрхийг хязгаарласан хуулийн заалтууд орсон байгаа юм. Улаанбаатар хотод олгогдох тээврийн хэрэгслийн тооны дээд хязгаарыг НИТХ-аас баталсан байдаг.

Үүний дагуу энэ оны хоёрдугаар сард Улаанбаатар хотод байх тээврийн дээд хэрэгслийн х эмжээг тогтоосон. Нийслэлийн Засаг дарга 730 мянгаас бага болсон тохиолдолд тээврийн хэрэгслийн дугаарыг шалгуур үзүүлэлтээр олгоно гэсэн байдаг. Энэ шийдвэрээр автомашины тоо 730 мянгаас давбал автомашины дугаар олгохгүй, тээврийн хэрэгслээ өмчлөх эрхгүй болж байгаа юм. Машин авлаа гэхэд найман шалгуур үзүүлэлтийг хангах ёстой. Жишээ нь, заавал “Евро4”-өөс дээш хөдөлгүүртэй машин авах ёстой гэдэг зүйл гаргаад ирсэн. Энэ шийдвэр үр дүнд хүрэх үү гэдэг нь хамгийн том асуудал болж байна. Тэгэхээр сүүлийн 20-30 жил төрийн эрхийг барьж байгаа Засгийн газар түгжрэлийг бууруулах талаар ямар өнцгөөс харсан шийдвэр гаргаж байна гэвэл замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэд түгжрэлийг үүсгэж байгаа гэдэг хандлагаар дандаа иргэдийн эрхийг хязгаарласан, боомилсон шийдвэрүүд гаргаж байна. Уг нь давхар зам бариад, гарц гүүрнүүдийг нэмж барьсан бол ийм байдал үүсэхгүй байх байсан. Төр засаг түгжрэлийг бууруулах хангалттай арга хэмжээг аваагүй мөртлөө иргэдийг буруутгаад, иргэний эрхийг боомилж байгаад гомдолтой байна. Би одоо “ приус-20” машинтай, үүнийгээ сайжруулаад “приус-30” машин авъя гэхээр боломжгүй болж байна. Яагаад гэхээр 730 мянган машины тоо хэтрээд одоо 785 мянга болсон. Хэрэв энэ тоо 730 мянгаас буурсан тохиолдолд л оочер дараалалд оруулж байгаад машины дугаар олгоно гэнэ. Оочер дараалалд яаж оруулах вэ гэсэн чинь 2024 онд үйлдвэрлэсэн машинтай хүн ирээд, би 2015 онтой машин авах гэж байвал тэр хүн миний урд орох ёстой. Үнэтэй машин нь урд орох ёстой болж байгаа юм. Энэ нь иргэдийн Үндсэн хуульд заасан тэгш байх эрхийг зөрчсөн асуудал. Ийм учраас УИХ-аас өнгөрсөн жил гаргасан хуулийг,

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, Нийслэлийн засаг даргын захирамжийг хүний эрхийг зөрчиж, иргэдийн эрхийг хязгаарласан учраас Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргаж байна. Төр шударга ёсыг дээдэлдэг юм бол бидний гаргасан гомдлыг хүлээж авах ёстой гэж үзэж байна” гэв.

Баянгол дүүргийн 30 дугаар хорооны иргэн Ё.Баттулга “Миний хувьд дөрвөн сард таньдаг дүүгээрээ дамжуулаад банкны зээлээр машин захиалсан. Өнөөдрийг хүртэл ирээгүй байна. Машин маань ирэхээр би дугаар авч болох юм уу, болохгүй юм уу. Машины дугаар авахгүй бол тэр машин миний өмч биш болчхоод байгаа юм. Дугаар олгох шалгуур үзүүлэлт дээр би санал нийлэхгүй байгаа. Жишээ нь, “Нийслэл хотод олгох улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг Нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн тогтооно” гэсэн байгаа. Бид нийслэлийн иргэдийн төлөөлөгчдөө сонгосон байтал яагаад хотын Засаг дарга үүнийг шийдэх ёстой гэж. Монгол Улсын хүн амын тал хувь нь Улаанбаатар хотод амьдарч байхад яагаад хотын дарга бидний хувь заяаг шийдэх ёстой юм” гэв.

Баянзүрх дүүргийн иргэн Ч.Отгонжаргал “Миний хувьд машинаа сайжруулаад өөр машин авна гээд гурван жилийн өмнөөс төлөвлөсөн б о ловч дугаарын хязгаарлалтаас болоод машинаа солиход асуудал үүсч байна. Миний машиныг худалдаж авах хүн маань гаргасан хууль дүрмийг сахих боломжгүй учраас миний машин үнэгүйдэж байна. Шаардлагууд нь эко машин, 0 км гэж байгаа юм. Бусад нь алхаарай гэж байгаа юм шиг хүний худалдах, худалдан авах шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байгаа учраас энэ шийдвэрийг эсэргүүцэж байна. Одоо миний зарах гэж байгаа машин бол 2014 оны машин, 2015 оноос хойш орж ирсэн машин гээд он заасан учраас зарахад хүнд болж байгаа юм. Тэгээд зарахдаа заавал хөдөө орон нутагт зарна гэж байгаа юм. Би хөдөө орон нутагт хүн танихгүй. Үнэтэй, 0 кмтэй машиныг авч чадахгүй л бол машинаа эвдэртэл нь унах ёстой юм уу бүү мэд. Энэ нь ялгаварлан гадуурхсан шийдвэр гэж үзсэн учраас Үндсэн хуулийн Цэцэд хандаж байна” гэв. Нийслэлээс гаргасан шийдвэрт иргэдийн төлөөлөл ийм байр суурьтай байгаа юм.

Авто тээврийн үндэсний төвөөс 2024 оны аравдугаар сарын 7-ноос арванхоёрдугаар сарын 16-ны хооронд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дуудлага худалдааг зохион байгуулахаар болсон. Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч нь тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажина. Ялагч нь хэрвээ заасан хугацаанд т өлбөрөө төлөөгүй тохиолдолд дэнчингийн төлбөр буцаан олгогдохгүй. Төлбөрөө бүрэн төлснөөс хойш ажлын таван өдөрт багтааж өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд дугаараа байршуулах үүрэгтэй юм. Цахим орчинд автомашины дугаар зарна, шилжүүлж өгнө гэсэн зарын дагуу ченжтэй холбогдоход “Энэ дугаарууд нь зөвхөн хотын дугаартай машинд шилжүүлж өгнө. Орон нутагт дугаартай машинд шилжихгүй. Хуучин дугаараа солиод авах учраас дугаар нь хүчингүй болохгүй гэсэн үг. Импортоор орж ирсэн, гаальтай машинд бол болохгүй. Гаальтай бол жагсаалтаар дугаар авч байгаа” гэсэн юм.

Уг шийдвэртэй холбоотой “Замын хөдөлгөөний удирдлагын төв”-ийн Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу “Замын хөдөлгөөний удирдлагын төвийн “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас энэ оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Үүнтэй холбоотойгоор арван нэгдүгээр сарын 8-наас импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх тогтоолыг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь огт олгохгүй гэсэн үг биш. Уг баталсан дээд хязгаарт багтаан таван шалгуур үзүүлэлтээр нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг олгоно” гэсэн юм.

Г.БАЛГАРМАА

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Лут-Очир: Хотын эдийн засгийг унагаад ч болов түгжрэлийг шийдэх гэж муйхарлаж байна DNN.mn

Эдийн засагч Ц.Лут-Очиртой ярилцлаа.


-Хүндээ нийцүүлж хотоо төлөвлөх үү, хотдоо тааруулж амьдралаа зохион байгуулах уу гэдэг нийслэлчүүд бидний тулгамдсан асуудал байсаар ирлээ. Бид хот төлөвлөлтөө сайн хийж чадаж байна уу гэдэг асуултаас эхлэн ярилцъя?

-Хот төлөвлөх нь байтугай хэн нэг дарга дураараа, хүмүүсийн амралтын өдрөөр, маргааш машин явах, явахгүйг, сургууль цэцэрлэг орох, орохгүйг шийддэг болсон. Ямар юмных нь төлөвлөлт, байхгүй шүү дээ. Юу шийдэж байна вэ гэхээр, хэн нэг дарга ямар ч тооцоо, судалгаагүй “Ингэх нь зөв юм байна” гээд шийдвэр гаргаж байна. Ноднин хотын нийтийн тээврийг бүхэлд нь будилуулсан, энэ шийдвэрээ буцаасан. Дугаарын хязгаарлалт хийсэн. Хамгийн сүүлийн жишээ бол төрийн ордон руу автобус явуулах шийдвэрээ буцаалаа. Энэ бүх буруу шийдвэрийн ард хүмүүсийн амьдрал хохирч, зардал их

гарч байна. түүнийг буруу шийдвэр гаргасан хүмүүсээр төлүүлдэг байх хэрэгтэй.

-Хотын иргэд бид хотын төсөв хэдэн төгрөгөөр батлагдаж байна, тэлж байна уу, нэмэгдэж байна уу гэдэгт төдийлөн анхаарал хандуулдаггүй. Ер нь хот төсвөө ямар байдлаар баталж байна гэж хэлэх вэ?

-Хотын төсөв маш дампуу байна. Хамгийн их үрэлгэн. Өр зээл тавьдаг, ууж иддэг айл ямар байдаг вэ, яг тийм байдалтай л байна гэсэн үг. Хот өөрөө гарч байгаа зардлаа санхүүжүүлэх мөнгөгүй мөртлөө 500 тэрбумын зээл тавиад, түүнээсээ 300 тэрбумыг хувийн хэвшлийн хэрэгжүүлж байгаа төсөлд зээлчихсэн, 150 тэрбумыг нь зам, дэд бүтцийн засвар луу оруулсан. Гэхдээ энэ нь оны эхэнд шийдэгдээгүй, өнгөрсөн дөрөвдүгээр сард гэнэт шийдээд, зургадугаар сард мөнгөө босгоод, тендер зарласаар яваад, наймдугаар сараас өнөөдрийг хүртэл бродюр солихоос эхлээд ажил нь дуусаагүй, зуун задгай өвөлжих гэж байна. Энэ бол ямар ч төлөвлөлтгүй байгаагийн нэг жишээ.

-Хотын эдийн засаг ямар байх ёстой вэ. Бусад оронтой харьцуулбал Улаанбаатар хотын эдийн засаг ямар түвшинд байна вэ?

-Улаанбаатар хот 1.8 сая хүнтэй. Олон улсын жишгээр дундаж хотын л хэмжээ. Асуудал бол тэгтлээ том биш. Монгол Улс маань өөрөө маш сонин бүтэцтэй. Маш том газар нутагтай, тархан суурьшсан мөртлөө Улаанбаатар хот Хонконг, Сингапурын жижгэсгэсэн хувилбар болчихоод байна. Хүмүүс нь дандаа хөдөө гадаа явдаг. Унаа тэрэгтэй байх шаардлагатай. Энэ нөхцөлийг ерөөсөө ойлгохгүй, дандаа халуун дулаан орны, тухайлбал Сингапурын шийдлийг авчраад, бүгдийг нь нийтийн тээвэр лүү шахаж байна гэдэг нь асуудлыг шийдэхгүй. Мухраар зүтгэж буй, мунхаг шийдвэрийг л харуулж байгаа юм. Энэ хүмүүс судалгаа хийхгүй байна. Улаанбаатар хотод амьдарч байгаа хүмүүсийн 20 хувь байнга хөдөө орон нутаг руу явж, ирж, шилжих хөдөлгөөн хийдэг. Амьдарч буй хүмүүсийн талаас илүү нь хөдөө орон нутагт ах дүү, хамаатан садан, найз нөхөд нь байна. Энэ хүмүүс маань заавал хувийн машинтай байхгүй бол болохгүй. Бид хот улс биш шүү дээ. Улаанбаатар хот маань жижиг боловч Монгол Улс маань том учраас унаатай байх шаардлагатай.

-Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд машины тоог механикаар хязгаарлах шийдвэр гаргасан нь зөв үү?

-Энэ бол муйхар шийдвэр бөгөөд цаанаа авлигыг л хөгжүүлнэ. Өөр үр дүн гарахгүй. Хүмүүс машинаа тавиад, автобусаар явахгүй. Нйтийн тээврийн асуудлаа шийдэж чадаагүй мөртлөө “Та нар машинаа тавь” гэхээр яах юм бэ. Явган явах зам байхгүй, нийтийн тээвэр нь хүрэлцээгүй. Хүйтэн, даарч байна. Гэр хорооллын зарим замаар нийтийн тээвэр ч явах боломж бололцоо байхгүй байна. Гэтэл тэр хүмүүсийг яаж “машинаасаа буу” гэж хэлэх юм бэ. Боломжгүй байхгүй юу.

-Хотоос иргэдээ “хөөлөө” гээд эдийн засгийн хөгжил авчрахгүй болов уу. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Хотын эдийн засгийн байдлыг тэтгэх, яавал зөв байх вэ гэдгийг бодож байгаа нэг ч хүн байхгүй байна. Хот бол амьд механизм. Дотроо бичил эдийн засгууд явж байдаг. Энийгээ тэтгэх ёстой. Гэтэл одоо гаргаж байгаа шийдвэрүүд нь зөвхөн ойрын харааны, сарын, хоёр сарын харааны л байна. Эдийн засгаа унагаад ч хамаагүй түгжрэлийг шийдэх гэж оролдож, муйхар шийдвэр гаргаж байна. Энэ хэрээр эдийн засгийг боож байна, хоёрдугаарт зардал хэт өсгөж байна. Бид хотоо хөгжүүлэхийн тулд бизнесийг дэмжих ёстой. Гэтэл машины дугаарыг нь хязгаарлана, түгээлтийн машиныг тав хоногийн нэг өдөр явуулахгүй гэдэг. Цаанаа зардалтай, машин парклалтыг дахин 20 хувиар нэмэгдүүлж байгааг тооцоолох ёстой. Бизнесийн орчныг дэмжих, зардлыг бууруулах, бодит амьдралд нийцсэн шийдвэрүүд л гаргах ёстой.

-Гадны орнууд хот төлөвлөлтөө ямар арга замаар хийж, асуудлуудаа шийдвэрлэж байна вэ?

-Бид хотод төвлөрөл их байна, хөдөө орон нутаг эзгүйрлээ гэж айдас төртөл ярьдаг. Хот руу ирээд, утаан дээрээ бүгд төвлөрөөд байна гэдэг. Үгүй. Яг 90 оны дүнг харвал, хөдөө өмнө нь нэг сая хүн амьдарч байсан бол одоо тэндээ амьдарч л байгаа. Тэр тоо өөрчлөгдөөгүй. Харин хүн амын өсөлт нь Улаанбаатар хот руугаа шилжсэн байна. Улаанбаатарт амьдардаг байсан 200гаад мянган хүн гадаад улс руу явчихжээ. Хөдөөнөөс хотоор дамжаад, гадаад явсан хүмүүс бас байна. Хот руу хүмүүс нүүж ирж байгаа нь жам ёсны процесс. Хотжилтын түвшнээ бодвол ерөөсөө 50 хувь гэдэг нь барууны хөгжилтэй орны жишгээс бага. Тэнд хотжилтын түвшин 7080 хувь, зарим улсад 90 хувь, тэнд хөдөө орон нутагт амьдардаг хүмүүс нь хотынхоо хүн амыг хүнсээр, тариа будаагаар хангаад, амьдраад болоод байгаа юм. Гэтэл Монгол Улс яагаад болохгүй байна вэ гэхээр бидний бүтээмж муу байгаагаас л шалтгаалж байгаа юм.

-Хүмүүс ахуй амьдралаа дээшлүүлэх юмсан гэж хотод ирцгээж байгааг хотын удирдлагууд ойлгохгүй байна уу?

-Хүн бүр л сайн сайхан амьдарч, илүү орлого олох юмсан гэж бодож, тухтай амьдрал хөөж хотод орж ирж байгаа шүү дээ. Тэр процессыг ойлгохгүйгээр, хийх юмаа олж ядаад, хотын түгжрэл нэмэх гэж орж ирсэн юм шиг ярьдгаа болих ёстой. Хот гэдэг өөрөө төвлөрөл. Энд ажлын байр байна. Орлого нь илүү байна. Мөн хүмүүсийн үзэж хардаг үзвэр үйлчилгээ, хүсч буй шинэ зүйлс нь байна. Залуучууд маань хот руу тэмүүлж байна. “Та нар хот руу ирж битгий түгжрэл нэмээд бай, хөдөөнөө сууж бай” гэж хэлж болохгүй. Хүмүүсийн соёл яриад байдаг. Хөдөө кино үзүүлээд соёлжуулчихгүй, хот руу орж ирж байж хотын хүн амын бодит амьдралтай нийцэж, соёл гэдгийг өөрөө мэдэрч сурдаг байхгүй юу. Киноноос харж сурдаг юм биш.

-Засгийн газраас гэнэт Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамыг Дархан-Уул аймаг руу шилжүүлэх шийдвэр гаргаж, ерөнхийдөө шилжилт хөдөлгөөн хийгдээд дуусч байна. Түгжрэлийг бууруулах нэрийн дор гаргасан энэ шийдвэр зөв үү?

-Хамгийн тэнэг шийдвэрүүдийн нэг жишээ. Угаасаа улсын нийслэлийнхээ төвд Засгийн газар нь төвлөрч байдаг. Байнга уулзаж, хуралдаж, шийдвэрүүд гарч байдаг. Мөн хүмүүс яам руу асуудлуудаа шийдвэрлүүлэхээр очиж байгаа. Тэр хүмүүс яах юм бэ, Дархан явах юм уу. Ийм шийдвэр хөдөлгөөн хоорондын зорчилтыг улам нэмдэг. Зарим хүмүүс нийслэлийн засаг захиргааны байгууллагуудыг хотоос гаргачихъя гэж ярьдаг. Ингэж шийдэхийг оролдсон хүмүүс байдаг. Төрийн байгууллагуудыг хотын нэг дүүрэг болгож тусад нь гаргаад, эсвэл өөр жижиг хотод төвлөрүүлье гэдэг. Ийм тохиолдолд хот үхмэл хот болдог. Өглөө хүмүүс ажилдаа цуглаад, орой буцаад хот руугаа явдаг. Бүх үзвэр үйлчигээ, найз нөхөд, амьдрал нь тэнд байна. Тэгэхээр түгжрэлийг бууруулах гэж оролдох биш, харин хөдөлгөөнийг нь бүр нэмэгдүүлдэг жишээ ч байна. Ажлаа тараад, жижиг хотоосоо том хот руугаа “нүүх”ээр харин ч хөдөлгөөн нэмэгддэг. Бид бусад орнуудын алдаан дээрээс суралцах хэрэгтэй. Хэн нэг хүн муйхраар шийдээд, судалгаагүй нэг дарга өөрөө бодож байгаад л шийдвэр гаргаад байгаад гол алдаа бий.

-Орон нутгийн иргэд хотыг муухай харагдуулж байна гэсэн ойлголт бий. Тэд маань соёлжиж чадаж байна уу?

-Хотын соёлд хотод удаан амьдарсан хүн л суралцана. Хотод төрж өссөн, хотын дүрэм журам, дэг жаяг ямар байдаг, бусдыг хүндлэх, бусдад төвөг болохгүй амьдарна гэдгийг багаасаа мэдэрч, хэвшил болгосон хүн жинхэнэ хотын соёлтой болно. Улаанбаатарчуудын хоёр дахь үе л хотод төрж өсөж байна. Тийм учраас хотын соёл сайн төлөвшөөгүй байна. Улаанбаатар хотод амьдарч байгаа хүмүүсийн тал нь хөдөө төрж өсөөд, 90 оноос хойш хотод ирсэн хүмүүс. Тэгэхээр хотын соёл үе үеэр төлөвшөөд явна. Урт хугацаны процесс.

-Нийслэлийн тогтолцооны, засаглалын реформ утгаараа хэрэгжих боломжтой юу?

-Тэнэг реформ хийгээд яваад байна. Үндсэн хуулиа зөрчиж, нийслэлээ 14 хотод хуваана гээд яриад байгаа нь маш буруу. Засаг захиргааны нэгж хуваагаад, маш их зардал болно. Хүнд суртлын зардал учирна. Түүнийг ярихаа больё гэхэд ард нь ямар ч эдийн засгийн утга байхгүй. 14 жижиг хот бие даан өөрийгөө санхүүжүүлээд, гарах зардлаа хийгээд, хүмүүсийн хаясан хогийг тээвэрлээд, ус, дулаан, цахилгааныг нь шийдээд, замыг нь тавиад, бүх асуудлыг нь шийднэ гэж байхгүй. Хүн ам хамгийн их төвлөрсөн Баянгол, ХанУул дүүргийн зарим орлоготой хорооллууд асуудлаа бие даагаад шийдэж болно. Гэтэл Толгойт, Баянхошуу, Шархад яах юм бэ. Хүн амын хамгийн орлого багатай хэсгээ ялгаварлан гадуурхаж, нийгэмшүүлэхгүй хаях болчихоод байна. Шийдвэрээс нь ийм үр дүн гарах гээд байна. Францын “13 дугаар хороолол” гэж кино байдаг. Ядуусын хорооллыг ялгаад, тэр дунд нь хүмүүсийг гаргахгүй хориод, тэр нь ямар их зэвүүцэл, хорсол, баячуудыг үзэн ядах үзлийг дэвэргэж, нийгмийг хагалж, хуваадаг вэ гэдгийг харуулсан кино.

-20 минутын хот гэсэн концепц яриад байгаа талаар та ямар бодолтой байна вэ?

-Хүмүүсийг дүүрэг дотроо амьдар, 20 минутын дотор үзвэр үйлчилгээ, төрийн үйлчилгээ ав аа, тэндээсээ битгий гар аа гэж хэлж байгаа нь нийгмийн ялгаварлал үүсгэнэ. Энэ нь яваандаа нийгэм дотор баян, ядуу, чи хотын захын дүүргийнх, би хотын төвийнх гэдэг хуваагдлыг үүсгэх эрсдэлтэй тул буруу. Ингэж болохгүй. 20 минутын хот гэсэн бүтэлгүй санааг хэрэгжүүлэхийн тулд маш их мөнгө зарах болно. 14 жижиг хуваасан тохиолдолд бүгдэд төрийн, нийгмийн үйлчилгээнүүдийг хүргэх дэд бүтцийг хийнэ. Үүний тулд маш их зардал гарна. Энэ зардлаа бид дийлэх үү? Чадахгүй л байхгүй юу.

Д.ЭРДЭНЭТУЯА

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Улсаасаа баян хүн байна… гэв үү?” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар,
УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан “Улсын төсөв нэмэгдсэн нь сайн ч үнийн өсөлт бий болгох эрсдэл дагуулна” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн
    өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

Эрчим хүчний реформын талаар УИХ-ын гишүүн, Эрчим хүчний үндэсний хорооны гишүүн Б.Найдалаа “Эрчим хүчний реформгүйгээр монгол улсын цаашдын хөгжил, эдийн засгийн өсөлтийг ярих боломжгүй” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Улсаасаа баян хүн байна… гэв үү?” нийтлэл хэвлэгдлээ.

“Халзан Бүрэгтэйн жагсаалын төсөв хагас тэрбумаар яригдаж байна” хэмээв.

  • Хий алдагдаж, сурагчид хордсон байж болзошгүй асуудал Ерөнхий боловсролын 50 дугаар сургууль дээр гарлаа

ГАДААД МЭДЭЭ: Үндэсний аюулгүй байдлын шинэ зөвлөх

АРЫН НҮҮР: Гурван настай гунан Улаанбаатар бол манай нийслэлийн нэр юм шүү дээ


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Г.Дамдинням: Эдийн засаг үнэхээр сайжирч л байгаа бол Хэмнэлтийн хуулиа бид больчих ёстой DNN.mn

Улсын Их хурлын гишүүн Г.Дамдиннямтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Ирэх оны төсвийг УИХ өнгөрсөн долоо хоногт хэлэлцээд баталчихлаа. Гишүүд, сайд нарын дунд болон, нийгэмд төсөвтэй холбоотой зарим зүйл заалт дээр нэлээд маргаан өрнөлөө. Таны хувьд төсөв өргөн баригдсан цагаас хойш ямар байр суурьтай явж байсан бэ?

-Урсгал зардал, бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээ гэж тавигдсан багц том зардлуудаасаа тана. Тоног төхөөрөмжийн зардал асар их өссөн байсан, үүнийг бас тана. Эсвэл зүйл заалт бүрээр нь тодорхой, ойлгомжтой гаргаж тавь. Тэгэхгүй бол зардал чинь хэтэрхий томорчихсон байна шүү гэдэг байр суурийг илэрхийлж ирсэн. Засгийн газар эдийн засгаа тэлье, орлогоо нэмэгдүүлье гэдэг зорилгоор том төслүүдээ явуулъя гэж байгаа. Тэр дундаа ирэх жил хэрэгжүүлэх Тавантолгойн төмөр замын төсөл, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг мөнгө орж ирэх том төслүүдийг нь дэмжсэн. Мөн том төслүүдийн хажуугаар орж ирсэн Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэх том шийдлүүдийг нь дэмжиж байгаа. Гэхдээ эдгээр том төсөл, арга хэмжээнүүдийн хөрөнгө оруулалт гацвал эрсдэл үүснэ шүү гэж…

-Ямар эрсдэл үүснэ гэж…?

-Хамгийн түрүүнд бид ханшаа алдана. Ханшаа алдвал юанийн үнэ өснө. Энэ нь Монгол Улсын хувьд маш том асуудлыг үүсгэнэ. Асуудлаа шийдэхийн тулд төсвийг тодотгохоос өөр аргагүй байдалд хүрнэ шүү гэх мэт байр суурийг илэрхийлж ирсэн.

-Төсвийн хувьд зарим гишүүд орон нутагтаа төсөв тавиулах гэж зүтгэлээ. Таны хувьд орон нутгаас сонгогдсон гишүүн. Тэр утгаараа энэ асуудал дээр ямар байр суурьтай байсан бэ?

-Анхнаас нь хэлж л байсан. Юу гэхээр орон нутаг руу төсөв огт тавихгүй байна гэдгийг. Нийт төсөв маань үндсэндээ томоохон замын бүтээн байгуулалт руу орж байх шиг байна. Ирэх оны төсөвт орон нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэдэд нэн шаардлагатай байгаа арга хэмжээн дээр төсөв суусан зүйл алга. Ер нь яагаад тойрогт төсөв тавьж болохгүй гэж. Зөвхөн Улаанбаатар хотод төсөв тавигдах ёстой юм уу. Үүний цаана маш том бодлогын асуудал хөндөгдөж байгаа юм. Юу гэхээр бид зөвхөн Улаанбаатар хот руу хөрөнгө оруулалт хийгээд байвал энэ хот улам л гоё болоод байна гэсэн үг, мөн үү. Гоё болж байгаа нь сайн ч гоё болох тусам Улаанбаатар хот руу татагдах хүсэл, сонирхол тэр чинээгээрээ нэмэгдэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, төвлөрлөө дийлэхээ байчихсан хотын ачаалал улам л ихэснэ. Ихсэх тусам түгжрэл, утааны асуудал шийдэгдэхгүй. Дээр нь эрчим хүчний хүрэлцээ, хүртээмж асар хумигдана. Тиймээс л бид энэ төвлөрлийг тараая, бусад хотуудаа хөгжүүлье, орон нутгийг бодлогоор дэмжье гэж байгаа шүү дээ. Тэгэхийн тулд л бүсчилсэн хөгжлийн бодлого яригдсан, хэрэгжсэн.

-Тэгэхээр зөвхөн Улаанбаатар хотод л төсвөө тавих бус тойргуудад ч адилхан тараах ёстой гэсэн үг үү?

-Юу гэхээр Улаанбаатар хот шиг Дархан хотыг улам гоё болгох хэрэгтэй. Гоё болгохын тулд хөрөнгө оруулалтыг нь нэмэх шаардлагатай. Нийслэлийн түгжрэл, төвлөрлийг бууруулж, бодитой үр өгөөжөө өгч байгаа хот бол Дархан. Учир нь энэ хот руу улсын төсвийн хөрөнгө оруулалт багагүй хэмжээгээр төдийгөөс өдийг болтол орж явсан. Тиймээс дэд бүтэц, амьдрах орчин нөхцөл нь сайжирсан. Тиймээс л Дархан руу нүүх иргэдийн урсгал жил бүр нэмэгддэг. Жилдээ бараг нэг мянга гаруй өрх айл энэ хотод суурьшиж байна. Жилдээ 500 айлын орон сууц ашиглалтад орж байна. Үүгээрээ юуг хэлэх гээд байна гэхээр ерөөсөө Улаанбаатар хотын хэт төвлөрлийг бууруулахад Дархан хот ингэж бодитой хувь нэмрээ оруулж байгаа гэдгийг ойлгомоор байгаа юм. Дархан руу зорих иргэдийн урсгал эрс нэмэгдсэн бас нэгэн шалтгаан бол миний араас нь хэрүүл хийж явдаг байсан алдарт Дарханы зам ашиглалтад орсонтой холбоотой. Хэрэв Дархан хот руу төсөв оруулдаггүй байсан бол энэ их хэмжээний урсгал Улаанбаатар хот руу чиглэх байсан гэж ойлгох хэрэгтэй. Тэгвэл өнөөгийн Улаанбаатар хот юу болох байсан бэ. Тэгвэл Дархан хот руу хүн амьдрах аятай, таатай орчинг бид бүрдүүлж чадаж байгаа учраас Улаанбаатар хотын ачаалал хуваагдаж байгаа хэрэг. Энэ утгаараа орон нутаг, тойргууд руу төсөв тавих хэрэгтэй.

-Төсвийн хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүд урьд өмнө ингэж төсөв батлагдаж байгаагүй талаар ярьсан. Төсвийг ер нь энэ парламент яаж баталчихав. Гишүүдийн санал, шүүмжлэлийг хүлээж авахгүйгээр хүчлээд баталчихав уу?

-Миний хувьд төсвийн нэгдүгээр хэлэлцүүлэг явж дуустал нь байсан. Тэр хүртэл бүх зүйл ном, журмынхаа дагуу л явагдсан. Хэлэлцүүлэг явдгаараа явж, гишүүдийн зарчмын зөрүүтэй саналыг Байнгын хороон дээр хураалгасан. Хэлэлцүүлэг угтаа дүрмийнхээ хүрээнд, дэгийнхээ дагуу л болсон.

Нэг зүйл хэлье. Манай зарим шинэ гишүүд маань дэгээ сайн мэдэх хэрэгтэй байна. Миний хувьд ч саяхан шинэ гишүүн явсан. Тэр утгаараа эхний жилийн төсөв ойлгоход жаахан төвөгтэй л байдаг. Наанадаж, төсвийн хэлэлцүүлгийн үеэр хэзээ нь ямар санал гаргах уу, саналаа юутай уялдуулж гаргадаг, яаж саналаа хураалгах вэ, аль хуулийн хугацаанд хийх ёстой, аль хэлэлцүүлгийн үеэр хөрөнгө оруулалтаа тавиулах шаардлагатай вэ гээд олон зүйл бий. Энэ бүх зүйл хуулиар нарийн зохицуулагдсан дэгтэй. Тэгэхээр гишүүд маань дэгээ сайн судлах, унших хэрэгтэй.

-Тойрогт төсөв тавьж байх ёстой гэдгийг та түрүүн хэллээ. Ирэх оны төсөвт орон нутагт тавигдсан хөрөнгө оруулалт бол байхгүй биз дээ?

-Байхгүй. Ковидын үед УИХ Улаанбаатар хотын нийтийн тээврийг шийдэх гэж байна гээд 400 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг нэг ч аймагт шинэ бүтээн байгуулалт эхлүүлэхгүй байлгаж байгаад төсөвт суулгаж байсан. Үр дүн нь яаж гарсныг мэдэж байна уу…

-Яаж гарсан гэж?

-Үр дүнд ногоон автобус болоод дууссан. Тэгэхээр энэ удаагийн төсөв дээр орон нутагт мөн ялгаагүй нэг ч хөрөнгө оруулалт тусгаагүй хоёр дахь удаагийн төсөв боллоо гэж бодож байна. Нөгөөтэйгүүр том төслүүдийг нь дэмжиж байгаагаа би хэлсэн. Дэмжих ч болно. Гэхдээ орон нутгийн иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангаж, хэрэгжүүлж, шийдэхийн төлөө л явах ёстой.- Тойрогтоо төсөв тавиулах гэж дуугарсан улстөрчийг “Төсвийн хулгайч” болгочих гээд хэцүү байдаг, тийм үү.

Мэдээж улстөржилт явагдаж л байгаа байх даа…?

-Төсвийн хулгайч гэж ярьдаг. Нэг зүйлийг иргэд маань маш сайн ойлгох хэрэгтэй. Тойрогт тавьж байгаа төсвийг тавиулсан нэртэй улстөрчид, УИХ-ын гишүүд хувьдаа халаасандаа хийдэг зүйл биш. Энэ бол тухайн тойргийн иргэдийн хүсэл, шаардлага байхгүй юу. Тухайлбал, Дархан-Уул аймагт “Залуус III” хорооллыг барих дэд бүтцийг бид сүүлийн дөрвөн жил явуулж байгаа. Энд 1000 айлын орон сууц баригдана. Ингээд бодохоор тэрхүү 1000 айлын орон сууцанд Улаанбаатар хотоос олон хүн очиж орно, тийм үү. Ялангуяа залуучууд маш их нүүнэ. Тэгэхээр төвлөрлийг сааруулж байгаа энэ том бодит арга хэмжээ рүү улсын төсвийн хөрөнгө оруулалтыг тавих хэрэгтэй. Ганцхан Улаанбаатар хотод хүн амьдардаг юм биш. Зөвхөн Улаанбаатарт л үер, бусад гамшиг болдог юм биш. Дарханд сая том үер болсон. Тэнд гэр орноо алдсан иргэд үерийн далан бариулахыг шаардсан. Аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрхээ нэхсэн. Үүний төлөөлөл болж ажиллаж байгаа бид анхаарахаас өөр гарцгүй. Тиймээс ирэх оны төсөвт үерийн далан барих төсвийг суулгахыг хүссэн. Үүнээсээ болоод “төсвийн хулгайч” гэж хэлүүлэхээсээ би ичихгүй байна. Үнэхээр “Төсвийн хулгайч” гэж хэлүүлж байгаа бол нөгөө шударга ёс чинь хаана байна гэж асууна.

-Төсөв батлагдахтай зэрэгцээд төсвийн тодотгол оруулж ирэхийг Засгийн газарт анхааруулсан. Тодотгол орж ирэх нь тодорхой гэсэн үг үү?

-Тодорхой байлгүй яах вэ. Сая төсөв батлагдах үйл явцыг харахад манай зарим гишүүд асуудлыг мухардалтай байдал руу л чиглүүлээд байна. Тэгэхээр бид яах ёстой вэ гэхээр мухардлаас гарах гарцыг нь нээж өгөх хэрэгтэй болсон. Энэ дагуу Төсвийн байнгын хороон дээр саналаа хэлсэн. Санал маань ашгүй дэмжигдсэн. Юу гэхээр төсвийн гурав дахь хэлэлцүүлгээс бидэнд ухрах араа гэж байхгүй. Засгийн газар хуулиа татах боломжгүй. Төсвийн хуулийн төсөл бол тусгай дэгээр явдаг хугацаатай хууль. Тэгэхээр Засгийн газар төсвөө татвал хууль зөрчинө. Нөгөөтэйгүүр г урав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийн үеэр ямар ч өөрчлөлт орохгүй. Тэгэхээр эцсийн хэлэлцүүлгүүдийг цаг алдалгүй хурдхан дуусгаад батлаад явуулах нь зөв байсан. Ингээд Засгийн газарт оны өмнө төсвийн тодотголоо оруулж ирээрэй гэдэг чиглэлийг өгөөд байж байгаа. Ерөөсөө ийм л гарц байсан. Нөгөөтэйгүүр ийм кейс өмнө гарч байсан уу гэвэл, тийм. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед төсөв батлагдахтай зэрэгцээд тодотголоо оруулж ир гэдэг тохиолдол гарч л байсан. Ч.Сайханбилэгийн үед ч мөн адил тохиолдол байсан. Өмнө болж л байсан үйл явдал. Шинэ зүйл огт биш шүү.

-Засгийн газар төсвийн тодотголоо яагаад заавал оноос өмнө оруулж ирэх ёстой гэж…?

-Үүнд хоёр шалтгаан байгаа. Яах вэ, цэвэр ирэх жилийн ажлыг хойшлуулахгүй байх зорилготой. Гэхдээ юуны түрүүнд Төсвийн тогтвортой байдлын тухай хууль бий. Уг хуулийг Г.Тэмүүлэн гишүүн бид хэд Боловсролын ерөнхий хуультай хамт батлуулж байсан. Уг хуулиар тухайн жилийн эхний гурван сар буюу нэгдүгээр улиралд төсөвт тодотгол хийхийг хориглосон байдаг. Энэ заал 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх ёстой. Тийм учраас Засгийн газар оноос өмнө төсвийн тодотголоо УИХ-д оруулж ирэх шаардлагатай. Үгүй бол уг хуулийн хориглолтод ороод ирэх оны хоёрдугаар улирал хүртэл тодотгол хийх боломжгүй болно. Хэрэв тодотгол хийж чадахгүй бол одоо батлагдчихсан энэхүү задгай төсөв задгай чигээрээ л явж байна гэсэн үг. Дээрээс нь төрийн бүтээн байгуулалтын ажлууд тодорхой бус байдалд орно. Худалдан авалт, сонгон шалгаруулалтын ажил явуулах гэхээр тодотгол орох гэж байгаа төсөв дээр итгэж орж ирдэггүй. Ажил төлөвлөх ямар ч боломжгүй болно. Том зургаараа улс орны амьдрал бүтэн нэг жилээр хойшоо тавигдана гэсэн үг. Тэгэхээр яаралтай оноос өмнө тодотголоо оруулж ирэх нь хэн хэндээ ашигтай.

-Төсөв өргөн барих, тодотгох асуудал Засгийн газрын бүрэн эрх. Тэгэхээр УИХ тогтоол гаргаад ч Засгийн газар оруулж ирэхгүй байх боломжтой биз дээ?

-УИХ-ын тогтоол хуультай ижил үйлчлэх зохицуулалттай. Нөгөөтэйгүүр Засгийн газраас бүгд л нэхнэ, шаардана. Тийм учраас хүндрэл учруулахгүйгээр удахгүй УИХ-д өргөн барих байх гэж бодож байна. Өөр нэг зүйл дээр бид анхаарах хэрэгтэй. Анхны том төсөв орж ирж байгаа учраас зарим гишүүд маань хуулиа анхаарч амжаагүй байх. Ер нь нэг, хоёрдугаар хэлэлцүүлэг дээр ажлын хэсэгт саналаа гаргаж тухайн хуулийн төсөл дээр өөрчлөлт оруулдаг. Энэ зарчмаараа зарим гишүүд идэвхтэй саналаа гаргаад явж байхад зарим нь гуравдугаар хэлэлцүүлгийн үеэр гэнэт гарч ирээд асуудлыг тавьдаг. Бүр хэлэлцэж байгаа хуулийн төслөө мухардал руу чиглүүлдэг. Энэ байдлаа хэдүүлээ нэг анхаарах цаг болсон. Яах вэ, улс төр хийж болно. Угаасаа энэ бол бидний ажлын нэг хэсэг. Гэхдээ бид хуулийн гарцтай л байх хэрэгтэй.

-Ирэх оны төсөв бол асар их тэлж орж ирсэн гэж шүүмжлүүлсэн. Тэлсэн төсөв тэр чигтээ явсаар байгаад л батлагдлаа. Тэгэхээр энэ нь нөгөө Төрийн хэмнэлтийн хуулиа зөрчиж байгаа хэрэг биш юм уу. Ер нь энэ хуулийн хэрэгжилт яаж явагдаж байна, зөрчиж байхаар нэг мөр зогсоочихож болох юм биш үү?

-Хэмнэлтийн хууль дээр нэг л гол агуулга байдаг. Тэр нь аль зардлаа гаргах вэ, алийг нь тэвчих үү гэж. Тэгэхээр энэ талаас нь сайн харах шаардлагатай. Эдийн засаг үнэхээр сайжраад явж байгаа бол Төрийн хэмнэлтийн хуулийг больчих ёстой шүү. Учир нь энэ хууль ковидын үед гарсан хууль. Тухайн үед бид бүх зүйлээ эрүүл мэндийн салбар луу оруулсан. Оруулахаас ч өөр аргагүй байдалтай байсан. Тиймээс одоо цар тахалгүй байна. Эдийн засаг өссөн гэж байгаа. Тэгвэл энэ хуулиа зогсоох шаардлагатай. Уул, уурхайн яам, эсвэл Гадаад харилцааны яам дээр гадаад томилолтын зардлыг Хэмнэлтийн хуулиар хорьчихдог. Тэгсэн атлаа гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж ир гээд шаардаад сууж болохгүй. Энэ мэт олон салбарт, олон асуудлыг уг хууль хязгаарлачихаад байгаа юм. Салбар болгонд цаашлаад улс орны хөгжил, бүтээн байгуулалтад хүртэл чөдөр болсон хууль. Тиймээс үүнийг зогсоох ёстой. Өөрөөр хэлбэл, энэ парламент бид Төрийн хэмнэлтийн тухай хуульдаа гар хүрэх шаардлагатай гэж үзэж байна.

Э.Мөнхтүвшин