Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Гагнуурчин DNN.mn

“Гэгээн наран” амралтын газарт хэд хоног амарч сувилуулахаар очсон Адъяа эрт эмчилгээ дуусч, үдээс хойшоос эхлэн завтай, хийцгүйрэх шинжтэй боллоо. Амралтын газар нь тохь тухтай, модны хаяа, уулын горхитой зэрэгцэх тус газарт үйлчлүүлэгчид олон. Өглөөнөөс эхлэн эмчилгээ сувилгаа, шавар усанд орж, тэнхрэлтийн элдэв асаргаанд нухуулсан амрагчид Адъяатай адил гадаалцгаана. Зарим нь сүүдрэвчинд тоглоцгоох. Горхи шандын хавиар элдвийг хүүрнэн, өнгөрсөн, өдгөө, ирээдүйг тунгаан, энд тэнд ажиллаж амьдарч байгаа үр хүүхэд, ач зээгээ ярьцгаах, улс орны талаар шүүмж хэлэлцэх, нийгмийн сүлжээнээс олж мэдсэнээ идэвхтэй хуучилцгаах орчинд, том сүүдрэвч дотор нас насны хэдэн хүн дуу шуу ихтэйхэн хөзөр тоглоцгоох нь анхаарал татах аж. Тэдний дунд эрүүндээ оочин хар сахалтай, саравчтай хар малгайтай, богино хар өмд, улаан цамцтай идэр насны нэгэн эрийн дуу тод, ихэнхдээ хожиж, тав арван төгрөг хураах нь Адъяад анзаарагдаж дэргэд нь очиж сонирхон зогслоо. Удалгүй тэдэнтэй нэгдлээ. Түрийвчний хэдээсээ хороож, бусдын адилаар мөнөөх дуу чангатай, гол дүр болж харагдах хар малгайтад цөөн хэдэн төгрөг алдав. Маргааш өдөр нь ч өчигдрийн дүр зураг үргэлжлэв. Харин үдийн алдад зөөлөн бороо шивэрч, тэнгэр бүүдгэрдүү, гадаа суугсадад нэн тааламжтай. Амрагчид эмчилгээ сувилгаагаа эрт дуусгацгаасан бололтой. Өнөөх сүүдрэвчиндээ цуглаж шаагилдан хөзрөө эхэллээ. Удсан ч үгүй өдрийн хоолондоо хэмээн зарласнаар тоглогсод хуйгаараа сувиллын хоёр том зоогийн газар руу хуваагдан алхацгаав. Адъяагийн хувьд эмчийн зөвлөгөөгөөр энэ хэд хоногт мацаг барьж байгаа тул сүүдрэвчинд үлдэж, дугуй ширээн дээр дэлгэсэн эрээн бүтээлэг, энэ тэнд тарсан хөзрүүдийг нь харан суух. Гэтэл түүнтэй өнөө эрүүндээ оочин сахалтай хар малгайт хүн бас үлдэв. Хоёр биенээ харан суусан тэд танилцаж, яагаад өдрийн хоолондоо орохгүй байгаагаа асууцгаан, бас бус аахар шаахрыг ярилцан цаг өнгөрөөлөө. Хар малгайт өөрийгөө Төгсөө гэж танилцууллаа. Цагаан хоолтон, тэгээд амралтын хоолонд орохгүй байгаагаа ярив. Бас дээр нь “Би гагнуурчин хүн шүү дээ” гэж хэлээд төвийн томоохон цахилгаан станцад 25 жил гагнуурчин хийснээ бардам янзтай хэлэх нь мэдрэгдэв. “Би чинь Ази тивийн аварга боксчин хүн шүү дээ” гэж байгаа юм шиг тийм нэг цээж түлхүү. Тэрбээр сувиллын төв хаалга руу харж “Миний үдийн хоолыг хүргэж ирэх ёстой юмсан” гэж хэлсэн нь том сайд дарга юм уу, томоохон компанийн захирал, эзэн аятай харагдав. Гэвч байдаг л нэг дүртэй нөхөр өмнө нь суух. -Цагаан хоол хүргэлтээр авдаг юм уу?-Үгүй ээ, манай компанийн залуус авчирна… хэмээн өндийж утас руугаа хялам хийснээ, хаалга руу харж “Өө ирж байна” хэмээн бослоо. Сувиллын төв хаалгаар том хар жип орж ирж зогслоо. Дотроос нь том дарга, захирлын туслах, нарийн бичиг, шадар хүмүүс болов уу гэмээр өндөр цагаан хоёр залуу бууж, гоё хайрцаг савтай хоол цай бололтой юмсыг барьсаар нааш алхлаа. Тэдний нэг нь “Үдийн хоолыг чинь оройтуулаагүй биз дээ, ах аа” хэмээн саймширч, “Энэ саравчинд идэх үү” гэв. Өнөөх гагнуурчин хар малгайт нэлээн даам байдалтай “За наад ширээний юмсаа хураагаад хоол цайгаа дэлгэчих” гэснээр хоёр залуу гялалзтал хөдлөн хөзрийн ширээн дээр тансаг гэгч нь хоол унд өрөх нь тэр. Цагаан хоол л бололтой. Залуусын нэг нь “Төгсөө ах аа, нөгөө кофегоо уух уу” хэмээн асууж, арай л хоолыг нь ам руу нь дөхүүлэх нь халаг. Адъяаг ч зоогноос хүрт гэсэн болохоор гял цал ууттай савхаар хоолноос нь савхадлаа. Өнөө өндөр цагаан залуус тэр хоёрын хажууд зогсож, өнөө ямаан сахалт гагнуурчны юу хэлэхийг хүлээн зогсох нь их л сонин. Адъяад эвгүй ч юм шиг. Адъяагийн дотор “Энэ чинь юу билээ, ямар сайд даргын хүлээн авалт, цайллага дайллагад уригдчихсан билээ” хэмээн эргэлзмээр орчныг тэрхэн зуурт мэдрэв. “Яах аргагүй л амралтын газарт сувилуулж, гадаа нь салхилж суугаа хүн дээ, би” хэмээн дотроо бодов. Өмнөх хоолноосоо удаанаар, эрхэмсэгдүүхэн ам руугаа савхдан хийх гагнуурчин гэх тэр бор царайтай эрийг Адъяа тогтож харав. “Энэ яах аргагүй л том компанийн босс байна даа. Худлаа гагнуурчин гэж намайг доёолж байгаа юм байх даа. Гэтэл гаднах байдал, өмсөж зүүсэн нь яах аргагүй ажилчин анги харагдаад байх юм” хэмээн гайхширч ядав. Өнөөх гагнуурчин сая дуугарч “За та хоёр буц буц” гэснээр хоёр залуу юм хумаа эмхлүүллээ. Гагнуурчныг сая нэг хоолоо зооглож дуусах аядахад нь Адъяа тэвчилгүй тонгойж “Чи хө, гагнуурчин гэсэн үү” гэвэл, “Тийм ээ, дулааны цахилгаан станцад тасралтгүй 25 жил гагнуур хийлээ шүү дээ…” гэж өнөөх л бардам, баавар өнгөөр хэлж, хойш гэдийн “Идчихэж болмоор аятайхан юмнууд аваад ирж, та наадхаасаа дахиад идээч” хэмээн Адъяад хэллээ. Адъяагийн дотор “Энэ өөрийгөө гагнуурчин гэх. Байж байгаа байдал нь яах аргагүй босс, том захирал, даргын өнгөтэй байна даа” гэж бодогдсоор… -Энэ хоол хүргэж ирсэн залуус таны юу вэ?-Манай компанийн залуус аа, даргын маань туслахууд нь…-Чи чинь компанийн захирал хүн байх нь дээ?-Үгүй ээ, би гагнуурчин. “Сүлд орших” компанийн гагнуурчин Төгсөө гэж танд хэлсэн дээ.-Аан тэгсэн л дээ. Чи тэгээд энд ямар эмчилгээ сувилгаа хийлгэж байгаа хүн бэ?-Юу ч хийлгээгүй. Захирал, бас манай нөхөд “Чи нэг 14 хоног сайхан амраадах” гээд энд авчирсан юм. Тоглохоос өөр хийх юм алга. Цагаан хоол энд байхгүй болохоор гаднаас залуучууд зөөж байхгүй юу… гэж хэлээд “Тэд тэгэх л ёстой хүмүүс” гэсэн маягтай хөдөлж байгаа том жипний хойноос харж, биеэ займчин тухалж, шүдээ чигчлээ. “Яасан гэхээрээ энэ гагнуурчин гэх нөхөр ийм айхавтар анхаарал халамжинд байдаг юм бол. Гагнуурчин л гээд байх юм. Монголд цөөхөн байдаг нарийн мэргэжлийн мэс заслын эмч гэж байгаа юм шиг л гагнуурчин гэдгээ бардам сайрхуу хэлэх юм” гэж Адъяа бодож суулаа.Өнөө ямаан сахалтай гагнуурчин, Адъяа руу харж инээвхийлэн, донжтой харсанаа “Ах хүү, намайг нэг л гайхаж асуугаад байх шиг байна даа. Би байхгүй бол цаана чинь Монголын эрчим хүчний хэдэн том компанийн цаг хугацаатай төслүүд зогсчих гээд байна шүү дээ. Монгол Улс хохирчих гээд байна шүү дээ” хэмээн маазрааад ч байгаа юм уу… гэтэл үнэн яриад ч байх шиг… бахтай инээлээ. Гэхдээ учир начир нь тайлагдаж эхлэв бололтой. Адъяа “Монголоор л дүүрэн гагнуурчид байгаа биз дээ. Чи ямар ид шидтэй хүн гэхээр ийм их сүрхий яриатай байдаг билээ” гэвэл тэрбээр “Миний хийж чаддагийг өөр хүмүүс хийж чаддаггүй байж болно биз дээ. Үүндээ л байхгүй юу. Би 25 жил энэ улсын хамгийн том цахилгаан станцын гагнуурчин байсандаа нийслэл хөлдөх аюулаас аврагдаж байсан байж мэднэ шүү” гэж туудаг юм байна. Гэхдээ тэр яг л үнэнээсээ хэлэх шиг боллоо. Өөрийгөө өндөрт өргөсөн, бардам тэр нөхөрт “Тэгээд чи тэр станцаасаа гарчихсан юм уу. Өнгөрсөн цаг дээр яриад байх чинь” гэвэл тэрбээр “Гарсаан. Илүү ихийг өгч байгаа хүмүүстэй ажиллаж байна. Би чинь бас амьдралаа бодох хэрэгтэй биз дээ. Хувийн компаниудад гэрээгээр ажиллаж олж байгаа маань манай дөрвөн ам бүлд хангалттай. Хоёр томыгоо гадагш нь хүссэн сургуульд нь явуулчихлаа. Одоо хожуу гарсан ганц охинтойгоо эхнэр бид гурав амьдарч байна. Би чинь гурван жилийн цэргээр ардын армид алба хааж байхдаа гагнуурчин болсон хүн. Сүүлд нэг жил ЗХУ-д мэргэжил дээшлүүлсэн ухаантай. Миний боловсрол ердөө л тэр. Сүүлийн нэг жил Солонгосын хөрөнгө оруулалттай нэг том ажил дээр хийн гагнуур хийж байна. Хүмүүс атаархмаар цалин хөлс авч байгаагаа хүмүүсээс би нуудаггүй. Ялангуяа залууст хэлдэг. Яагаад гэвэл миний ажлыг үргэлжлүүлэх, хийгээд сурчих залуус олдохгүй байна. Цөөнгүй залуусыг дагалдуулах гэж үзлээ. Үсрээд нэг сар болоод л явчих юм. Хожим таарахад их сургуулийн оюутан болсон. Хуульч болсон. Эдийн засагч болсон ч гэх шиг цагаан гартнууд тууж явах юм байна шүү дээ… хэмээн урсгалаа. Адъяагийн гайхширч байсныг ердөө энэ хэдэн үг тэр дор нь тайлав бололтой. Монголын бурхан гагнуурчдын нэг байх нь гэж…Ярьж болмоор, ил шулуухан үг яриатай тэр нөхөртэй ийнхүү нэлээн буу халсны эцэст “Чи тэгээд ер нь сард хэдийг олдог юм бэ. Чамд хүмүүс хоол унд зөөж байгаагаар бол чи ер нь сүрхий амьдрал ахуйтай, байшин савтай, унаа машинтай, мундаг байр суурьтай нэгэн бололтой” гэж асуув. -Нуух юм байхгүй ээ, Арцатын аманд хийсэн ажлын хөлсөнд авсан таван өрөө байранд амьдарч байна. Охиныхоо сургуульд ойртоод намар хичээл сургууль эхлэхээр хотын төвд очно. Тэнд бас гурван өрөө байр бий. Сая бага хүү маань Канад руу мастерт сурахаар явахдаа шинэ авсан Ланд300-гаа орхиод явсан. Надад ч эхнэр голдуухан унадаг 200 ч байгаа л даа… хэмээн ярих нь үнэндээ баярхал хийрхэлийг огтхон ч үнэртүүлсэнгүй. Харинчиг “Сайхан амьдарч байгаа эр хүн байна” хэмээн өөрийн эрхгүй бодогдож, сая л түүний ажил хийсэн, ажлын ард гарч сурсан байх гэмээр зангирсан том гарыг анзаарав. Удсан ч үгүй тоглоомчид нь хоолноосоо гарч ирсэнээр өнөөх гагнуурчин маань хөзөр тоглох хөгжил хөөр рүүгээ шумбан орлоо. Адъяа тэднээс холдож тамхи асаан суув. Тоглоомчид дунд дуу нь сонсогдох өнөөх гагнуурчны бардам яриа бодогдоно… Гагнуурчин… гагнуурчин. Өнөөдрийн залуусаас хэн нэг нь түүнээс гагнуурчны нарийн ур мэргэжлийг нь өвлөж, хүнээс сайхан амьдарч яагаад болохгүй гэж. Хүн бүрийн хүсээд байгаа сайхан амьдрал хажууд чинь байж л байна шүү дээ. Их дээгүүр сэвсэн хийрхэл энэ цаг үеийн залуусыг амьдралд хөлөө олоход нь мөн ч төвөг удаж байна даа гэж бодогдох. Гагнуурчны аз жаргалтай чанга дуу, байгаа бүхэндээ сэтгэл хангалуун дүр төрх, бүх зүйлийг өөрийн гараар босгож чадсан тэр их итгэл хажуугийн сүүдрэвчин дотроос дүүгтэл мэдрэгдэж байгааг Адъяа анзаарав. Тэр зүгээр л нэг гагнуурчин, гэхдээ зуу зуун саяын орлоготой баян гагнуурчин. Үр хүүхэд, хань ижил, аав ээж, ах дүүсийнхээ өмнө хариуцлагаа зуун хувь ухамсарласан эцэг, бас эр хүн. Тэр бас эх орныхоо өмнө үүргээ нэр төртэй биелүүлдэг иргэн. Түүний мэдлэг боловсрол гэвэл магадгүй гэрийнх нь бурхны гүнгэрваанд зэрэгцсэн гагнуурчны үнэмлэх нь байх. Зуу зуун саяын орлого авчирдаг гагнуурч-ны үнэмлэх нь. Харин өнөөд рийн залуусын хүсэл мөрөөдөл бол зуу зуун саяын орлого олж өгнө гэж итгэсэн их дээд сургуулийнх нь диплом…

Categories
нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

О.Баасанхүү: Авлигын асар их хөрөнгө, төрийн мөнгө хоёроор Ардын нам үнэхээр аархаж байна DNN.mn

УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн, хуульч О.Баасанхүүтэй ярилцлаа.


-Нийслэлд болсон үер усны гамшгийн улмаас эрдэнэт хүмүүсийн амь нас эндлээ. Иргэд эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирч байна. Уг хэрэгт холбогдох төр засгийн удирдлагуудаас хариуцлага нэхсэн тэмцлийг АН-аас өрнүүлж байгаа. Гэвч хариуцлага ярьж байгаа хүн алга байна л даа. Үүнд та хуульч, улстөрч хүнийхээ хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Үер усны асуудлаар УИХ-ын гишүүн байхдаа миний хувьд хангалттай л дуугарсан. Өнгөрсөн хугацаанд нэг нам дангаараа төрийн эрхийг барьж явна. Цаашид ч яах юм мэдэхгүй. Юутай ч энэ намын дарга, удирдлагууд нь “Манай намд хулгайч, луйварчид бүгд бий. Нам доторх энэ хүмүүстэйгээ бид тэмцэнэ” гэж хэлж байсан. Ард түмний хувьд үүнийг нь дэмжсэн. Эсрэгээрээ Ардчилсан нам чимээгүй бай, та нарыг ажил хийлгэхгүй, зөвхөн Ардын нам ажил хийнэ гэж хэлсэн. Ингээд Ардын нам ажил хийсэн үү. 2021 онд ард түмэн Ардын намыг ажлаа хийгээч ээ гэж жагсаж, шаардсан.

Тухайн үед Ардчилсан нам иргэдтэйгээ нэгдээд Ардын намыг ажлаа хийхийг шаардах гэж очсон боловч ард түмэн “Та нар чимээгүй байж бай” л гэсэн шүү дээ. Гэтэл эрх баригчид ажлаа яаж хийсэн бэ. Бүх сан, бүх банк, бүх боломжийг хулгай хийхдээ сайн гэдгээ харуулсан. Хорооны дарга нар нь эмзэг бүлгийнхээ дэмжлэг дээр ажилладаг, дүүргийн дарга нар нь дүүргийнхээ төсвөөсөө хулгайлдаг. Сайд нар нь улсын төсвөөс хулгайлж, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах томоохон төсөв, хөтөлбөрөөс луйвардаж авдаг болсон. Тухайлбал, ковидын үед эрх баригчид нэг иргэнд 114 сая төгрөг зарцуулах төсвийг хулгайлсан шүү дээ. Залгаад алдарт нүүрсний хулгай, Хөгжлийн банкны луйврууд гарсан. Ийм олон хулгай байна, үүнийг Ардчилсан нам илрүүлж, олон нийттэй хамт хариуцлага тооцох асуудлыг хатуу ярья гэсэн. Гэвч ард түмэн дахиад л биднийг чимээгүй бай гэсэн шүү. Хариуцлага үүрч байгаа нэг ч хүн байхгүй. Хариуцлага ярьж байгаа ард түмэн ч гэж алга. Одоо манай ард түмэн амарч байна. Намар хичээл орсны дараа энэ асуудлууд хэрхэн сөхөгдөх юм, бүү мэд.

-Ардчилсан намын хувьд хүчтэй сөрөг хүчин хийж чадахгүй байна гэх шүүмжлэлийг олон авсан. Одоо цэгцэндээ орсон бол сөрөг хүчний ажлаа хийхгүй юм уу?

-Ардчилсан нам сөрөг хүчин байхаа болиод удаж байна. Ард түмэн сөрөг хүчин хийж байгаа шүү дээ. Манай намын зарим нөхөд эрх баригч намынхныгаа дэмжиж их явж байна. Саяны хэд хэдэн аймгуудын тэгш ойгоор манай намын гишүүн дөрвөн патрол бэлэглэсэн. Энд тэнд болж байгаа ой болгонд нь манай намын гишүүд дэмжлэг, хандив өргөж байна. Ардчилсан намын нэр дээр байдаг энэ мэтийн хүмүүс бол эрх баригчдаас сүнсээ зайлтал айж байгаа юм байна л гэж харж байгаа. Ардчилсан намын тухайд гэвэл Боловсролын сангийн зээлийн асуудал гарснаас хойш их дуу султай болсон шүү. Нөгөөтэйгүүр ард түмэн та нар битгий дуугар гэсэн учраас над мэтийн хүмүүс нь чимээгүй, тайван байх шиг байна даа.

-Ард түмэн чимээгүй бай гэдэг нь юу гэсэн үг вэ. Та нарын дууг яагаад ард түмэн хорино гэж…?

-Нэг зүйлийг тодорхой ойлгочих хэрэгтэй. Ард түмэн улс төрийн хүчнээс хоёрхон зүйлийг л хүсдэг. Нэгдүгээрт, шударга ёсыг тогтоох, хоёрдугаарт, эдийн засгаа өсгөхийг. 2016 онд МАН УИХ-ын 65 суудлыг дангаараа авч олонх болсон. Ингэхдээ шударга ёстой тэмцэнэ, МАНАН мафитай тэмцэнэ гэж гарч ирсэн. Улмаар цөөнгүй хүмүүсийг шоронд хийсэн. Гэтэл удалгүй ихэнх нь гарсан. Зарим нь бүр цагаадсан шүү дээ. Эдийн засгаа өсгөнө гэсэн. Эдийн засгийг өсгөнө гэдэг бол ядуурлыг бууруулна гэсэн үг. Гэтэл ядуурал буурах битгий хэл улных болтлоо доошоо орсон. Ажилгүйдлийг багасгана гэсэн. Гэтэл эсрэгээрээ цүнх баригчдынхаа тоог нэмсэн. Төрийн бүтцийг л данхайлгаснаас өөр ажлын байр бий болгоогүй. Угтаа үйлдвэр, бүтээн байгуулалтаар ажлын байр нэмэгдэх ёстой. Гэтэл төрийн бүтэц орон тоо л олон боллоо. Үүнээс болж үнийн өсөлт, эдийн засгийн хямрал улам гаарлаа. Одоо өдөр бүр л үнийн өсөлт явагдаж байна. Өнөөдөр нэг ширхэг талх 2500 төгрөгөөр авлаа гэхэд маргааш нь 2800 болчих жишээтэй. Энэ мэт өдөр болгон бүх юмны үнэ өсч байна. Энэ бол гамшиг шүү. Улс орон нь ийм байхад манай ард түмэн амар амгалан улсууд л даа. Яг одоо ард түмэн баярлаж байна, найрлаж байна, наадамлаж байна, амарч байна. Тиймээс үнийн өсөлт, улс орны хөгжил, эдийн засаг яриад ямар ч утгагүй. Ард түмэн ийм жаргалтай байгаа үеийг улстөрчид чадамгай ашиглаж байна. Тэд наадам, найр дээр нь очоод л ард түмний тархийг ёстой сайхан угааж өгч байна л даа. Мэдээж ирэх жил сонгуультай учир одоо л ард түмний толгойг угаах ёстой байх. Энэ мэт ажлуудаа эрх баригчид сурцтай, хурдтай хийж байна аа.

-УИХ дахь бүлгийн гишүүд тань сөрөг хүчний үүргээ сайн биелүүлэхгүй байна уу?

-Ардчилсан намаас гарч ирсэн УИХ-ын 11 гишүүн бий. Миний хувьд өнгөрсөн хугацаанд эдгээр гишүүд маань хангалттай сөрөг хүчин хийж чадаагүй гэж үзэж байгаа. Нөгөөтэйгүүр өнгөрсөн хугацаанд Ардчилсан нам маань тамга, гэрчилгээ, дарга суудлын маргаан хийсээр байгаад сөрөг хүчний үүргээ мартсан. Гэтэл одоо ч гэсэн бүрэн бүтэн цэгцэрч өгөхгүй байгаагаас болоод сөрөг хүчний дуу хоолой дутсаар л байна даа.

-АН-ын хувьд нийслэлийн удирдлагуудыг огцруулъя гэдэг тэмцлийг өрнүүлж байна. Огцрохгүй гэвэл тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдээд байгаа. Таны хувьд нийслэлийн удирдлагууд огцрох ёстой гэж харж байгаа юу?

-Улаанбаатар хотыг хариуцсан олон дарга бий. Үнэхээр харицлага тооцуулж, хэн нэгэн нь огцрох ёстой л бол хамгийн томыг нь л зайлуулах хэрэгтэй. Тэр утгаараа хамгийн том нь Ерөнхий сайд, тийм үү. Дараагийн том дарга нь Шадар сайд. Үнэндээ энэ ус, үерийн асуудлыг Онцгой байдлын газар анхаарч, хариуцах ёстой. Шадар сайдын хувьд эрсдэлтэй нөхцөл байна, тиймээс далан, хамгаалалт юмнуудыг нь барьж байгуулъя гэдэг ажлаа хийх ёстой байсан. Харамсалтай нь ниргэсэн хойно хашгирав гэдэг шиг араас нь матрын нулимс унагаж байна. Нэмээд Хотыг хариуцсан сайд гэдэг хүн бий. Энэ хүн өөрийгөө Түгжрэлийн сайд гэдэг. Гэвч хуулийн нэршил нь тийм биш. Өөрөөр хэлбэл хуульд түгжрэл хариуцсан сайд гэж байхгүй. Харин хот хариусан сайд гэж бий. Энэ сайд юу хийх ёстой вэ. Улаанбаатар хотын төсвийг ярих ёстой. Мөн доошоо Нийслэлийн Засаг даргатай хариуцлага ярих ёстой. Энэ мэт олон хүн байна. Харин одоо хариуцлага ярихаар ганц харагдаж байгаа нь Д.Сумъяабазар юм байлгүй дээ. Угтаа дээрээс нь хамгийн том даргаас нь энэ бүх хариуцлагыг нэхэх, шаардах ёстой юм. Нөгөөтэйгүүр МАН-ын хувьд маш их аархаж байна. Асар их авлигалын мөнгөтэй, нэмээд төрийн мөнгөөр Ардын нам үнэхээр аархаж байна даа. Миний хувьд төрд найман жил болсон хүн. Арай ч ийм аархал харж байсангүй. Асар их мөнгөтэй, асар их хулгай байгаа учраас нийгэм өөрсдөө айгаад байгаа юм биш үү л гэж харж байна.

-Ардчилсан намын ҮБХ-ны хурал энэ сард зарлагдсан. Уг хурлаараа Лу.Гантөмөр дарга багаа бүрдүүлж авах гээд байна уу даа?

-Надад энэ талаар тодорхой мэдээлэл алга. Үндэсний бодлогын хорооноос хурал зарласан л гэсэн. Миний хувьд гишүүнийхээ хувиар оролцоод явах л байх. Нэг зүйл байгаа юм. Одоог хүртэл намын дотоод бүтэц, бүрэлдэхүүнээ яриад л байна. Ерөнхий нарийн бичгийн даргад байгаа зүйлийг солино ч гэх шиг. Иймэрхүү жижиг зүйл ярих хэрэггүй л байхгүй юу даа, жишээ нь. Хийж болдог хүн нь байгаа бол бушуухан хийгээд явах л хэрэгтэй. Яг үнэндээ аравхан сар л үлдэж байна даа. Өвөл болох нь тодорхой гэрээ барихгүй суугаад байж болохгүй гэж ярьдаг. Үүнтэй адилхан сонгууль болох нь тодорхой, намаа цэгцлэхгүй суугаад байж болохгүй л дээ. Бүтэц бүрэлдэхүүнээ шинэчлээд явбал хурдлаасай. Үгүй гэвэл энэ байдлаараа урагшаа хараад өмнөх ажлаа шийдвэрлээд явах ёстой. Миний хувьд энэ намын удирдлагууд хэн байх нь чухал биш.

-Өвөл гэснээс ирэх өвөл нийслэлчүүд бид нэгэн туршилтад орох гээд хүлээж сууна. Уг туршилт амжилттай болбол утаа 50 хувь буурна гэж байгаа. Таны хувьд үүнд ямар байр суурьтай байгаа вэ. Туршилтад ороход бэлэн байна уу?

-Туршилт хийхэд шаардлагатай 177 тэрбум төгрөг гэдэг бол асар их мөнгө шүү. Энэ хөрөнгөөр хажуудах нүүрсээ угаагаад коксжих болгочихож болно. Хагас коксжих нүүрсээр сайжруулсан түлш хийж утааг багасгаж байсан аргыг дэлхий дахинд л туршиж үзсэн юм билээ л дээ. Гэхдээ Монгол Улс өнөөдөр үүнийг өөрсдөө хийчих боломжтой байгаа. Заавал Хятадаас коксжих нүүрсээ авах шаардлага байна уу. Өөрөөр хэлбэл бид 97 ам.доллараар Хятад руу нүүрсээ гаргаж байгаа. Нөхөд тэндээ угаагаад хагас коксжих нүүрс болгочихоод манайх руу буцаагаад 150 ам.доллараар өгөх нь л дээ. Энэ чинь бидний том гутамшиг шүү дээ. Хоёрдугаарт, 2020 онд Улаанбаатар хотын утаа багассан. 20 жил ярьсан утаа гэнэт багассан. Энэ нь ямар учиртай гэхээр М СИ ЭС гэх компани бий дээ. Энэ компани өөрсдийнхөө хагас коксжих нүүрсээ төрд үнэгүй өгсөн байхгүй юу. Түүгээр нь түлш хийсэн. Тэгвэл одоо энэ компаниас тэр хагас коксжих нүүрсээ төлбөрийг нь төлөөд л авчих л даа. Заавал Хятадаас авах ямар шаардлага байгаа юм бэ. Өөрөөр хэлбэл гаднаас хагас коксжих нүүрсээ авч байхаар дотоодын компаниасаа аваач л гэсэн үг л дээ.

Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Б.Янжинцэцэг: Хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт зүрх өвдөх шалтгаан болж байна DNN.mn

“Ялгуун мэдрэмж” эмнэлгийн ерөнхий эмч, АУ-ны магистр, тэргүүлэх эмч Б.Янжинцэцэгтэй ярилцлаа.


 

-Сүүлийн үед зүрх судасны өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Гол хүчин зүйлийг юу гэж харж байгаа вэ?

-Зүрхний өвчлөл үүсэх маш олон төрлийн хүчин зүйл байдаг. Амьдралын буруу хэв маяг, муу зуршил нэн тэргүүнд нөлөөлнө.

Сүүлийн үед энэ төрлийн өвчлөл илүү залуужиж байгаа. Хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт, архи, тамхины хэрэглээ. Архи их хэрэглэдэг хүмүүсийн зүрх нь маш томорсон байдаг.

Хэвийн хэмжээндээ сунаж, агшиж үүргээ гүйцэтгэж байх ёстой эрхтэн нь шаар шиг томорчихоор энгийн үеийнх шигээ ажиллаж чадахаа больчихно гэсэн үг. Мөн зүрхний томролын өөр нэг шалтгаан бол жингийн илүүдэл. Хөдөлгөөн муу байх нь зүрхний ачаалал даах чадварыг бууруулж байдаг. Ингээд жаахан хөдлөхөөр амьсгаа давчдах, зүрх дэлсэх эмгэгүүд гарч эхэлнэ.

-Бусад эмгэгээс шалтгаалж өвдөх тохиолдол бий юү?

-Хамгийн энгийн жишээ гэхэд жингийн илүүдэлтэй олон жил явсан хүний цусан дахь сахарийн хэмжээ өндөр байдаг. Цусан дахь сахарын хэмжээ ихэссэнээр судсаар гүйх цусны урсгал удааширч зүрхний булчингийн агшилт, хэвийн ажиллагаа алдагдана. Жишээлбэл, дан ус, сахартай ус хоёрыг урсгахад сахартай нь илүү удаан байдагтай адил. Ингээд цусан хангамж багасахаар хүмүүсийн захын мэдрэхүй нь алдагдаж эхэлдэг. Үүнээс болоод зүрх өвдөж байгаагаа тэр бүр мэдрэхгүйгээс болж өвчин нь улам даамжирч аюултай нөхцөлд хүргэдэг. Үүнээс гадна хатгалгаа туссан хүний уушгины аль нэг цулцан ажиллахгүй болоход дагаад зүрхэнд очих хүчилтөрөгчийн хэмжээ багассанаар зүрхэнд өвдөлт мэдрэгддэг. Гэхдээ өвчлөл, өвдөлт хоёр өөр ойлголт. Зарим хүмүүс хоол их идэхээр зүрх өвдлөө гэдэг. Энэ нь ходоод хэт дүүрснээс зүрхийг доороос нь шахаж ачаалал үүсгэж өвдөлт мэдрэгддэг. Тиймээс бага багаар өдөрт дөрвөн удаа хооллох нь зүйтэй.

-Ковидын дараагаас зүрх хаагдах үзэгдэл нэмэгдэх болсон. Үүнийг вакцины дам нөлөө гэж тайлбарлах хүмүүс ч цөөнгүй байна. Энэ талаар та ямар байр суурьтай байдаг вэ?

-Вакцин нэг үгээр хөнгөн хэлбэрээр ковидоор өвчлүүлээд дараагийн удаа энэ төрлийн вирус биед нэвтрэхэд дарангуйлах дархлааны системийг бэлдэж байна гэсэн үг л дээ. Мэргэжлийн үүднээс хэлэхэд шууд вакцины нөлөөлөл гэж хэлэхээс илүү ковид өөрөө хүнд хөнгөнөөсөө үл хамаараад цусыг маш ихээр бүлэгнүүлдэг. Хэдийгээр зүгээр болсон ч цусны өтгөрөлт, бүлгэнэлийг тоолгүй орхиж болохгүй. Энэ нь аажимдаа гэнэтийн нас баралтын шалтгаан болдог. Бүлэгнэсэн цус нь зүрхний нарийн хялгасан судсыг бөглөөд зүрх цусан хангамжгүй болохыг зүрхний шигдээс гэдэг.

Өөр нэг шалтгаан нь ковидын дараа зүрхний хэм алдалт маш их болсон. Зүрх энгийн үед байдгаас хэт олон, эсвэл хэт удаан цохилохыг хэм алдалт гэдэг. Зарим үед энэ нь аюултай түвшинд хүрснээс нас барах тохиолдол бий. Зүрхний хэм удамших тохиолдол ч байна. Аавынх нь зүрхний хэм удаан байхад охинд удамших нь хэвийн үзэгдэлд тооцогдоно. Зүрхний өвчин нь 100 хувь биш ч тодорхой хэмжээнд удамших магадлалтай.

-Эмнэлгийн байгууллагаар ихэвчлэн хэд орчим насны хүмүүс үйлчлүүлж байна вэ?

-40-с дээш насныхан үйлчлүүлж байна. Энэ нь зүрх судасны өвчнийг залуус өөрсдөдөө хамаатуулж ойлгодоггүй. Үүнийг насжилттай холбоотой өвчин гэж боддог. Гэвч эсрэгээрээ залуус энэ өвчинд маш өртөмтгий болж байна. Хүйсийн хувьд эмэгтэйчүүд эрт оношлогдох, эмчлэгдэх нь элбэг. Ихэнхдээ жирэмслэлтээс үүдэлтэй эрт илрүүлэгт хамрагдах зайлшгүй шаардлагатай. Эрчүүд ихэнхдээ эцсийн шатанд орсны дараа эмнэлэгт ханддаг.

-Зүрх судасны өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Аль болох идэвхтэй амьдар. Биеийн жингийн индексээ зохистой хэмжээнд барь. Өөрийн өндрөөсөө 100 см хассантай тэнцүү жинд байлгаарай. Долоо хоногт 5-аас доошгүй удаа 30 минутаас багагүй дасгал хөдөлгөөн хийгээрэй гэж зөвлөмөөр байна. Хүмүүсийн сайн гэсэн эмийг хэрэглэх бус мэргэжлийн эмчид хандах, 25с дээш насныхан жилдээ нэг удаа зүрхний ЭХО, цахилгаан бичлэгийг хийлгэх хэрэгтэй.

П.ТЭРГЭЛСАРАН

У.АНХЦЭЦЭГ

Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Их түгжрэл эхэллээ, хот бэлэн үү? DNN.mn

Хичээлийн шинэ жилийг угтсан хөдөлгөөн Улаанбаатарт хэдийнэ эхэлжээ. Ажлын өдрүүд гэлтгүй амралтын өдрүүдэд ч яг л сургууль, цэцэрлэг хичээллэдэг үетэй адилхан замын хөдөлгөөн ачаалалтай байна.

Шинэ хичээлийн жилийг угтаж хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгсэл, хувцас хунар нэг дор худалдаалж байгаа газар сурагласан эцэг эхчүүд олон байна. Нарантуул, Хархорин, Бөмбөгөр зэрэг томоохон худалдааны төвүүдэд аль хэдийнэ хөл хөдөлгөөн ихэсчээ. Хархорин худалдааны төвийн хичээлийн хэрэгслийн тасгуудаар үйлчлүүлэгч тасрахгүй байна. Ялангуяа бага анги, тэр дундаа нэгдүгээр ангийн хүүхдийн хичээлийн хэрэгсэл худалдан авч буй аав ээжүүд олон байна. Дүрэмт хувцасны тасгууд ч үйлчлүүлэгч олонтой харагдана. Мөн л бага ангийн хүүхдүүдээ дагуулсан эцэг эхчүүд дүрэмт хувцсыг нь өмсгөж үзэн худалдан авч байна.

“Хархорин”-ыг бодоход “Нарантуул” худалдааны төв талбай томтой учраас хүмүүс шахцалдаж харагдахгүй ч бас л хөл хөдөлгөөн ихэсчээ. “Наймдугаар сар гараад л хүмүүс ихэсчихлээ. Ер нь энэ зун хөл хөдөлгөөн тасарсангүй. Мэдээж орон нутгийн иргэд хүүхдийн хичээлийн хэрэгсэл, хувцас бэлдэж яваа нь олон байна. 20-д гараад ирэхээр бүр ч нэмэгдэнэ. Хүн зөрөх зайгүй л болчихдог шүү дээ” хэмээн хүүхдийн хувцасны тасгийн худалдагч бүсгүй ярилаа. Үнэхээр л энэ зуны хувьд нийслэлийн хөл хөдөлгөөн тасарсангүй.

Ялангуяа есдүгээр сарын 1-н ойртох тусам зах худалдааны төвүүд рүү чиглэсэн замын ачаалал өнөөдрийнхөөс эрс нэмэгдэнэ. Тиймээс хичээлийн шинэ жилийг угтаж замын хөдөлгөөний ачааллыг бууруулах тал дээр ямар зохион байгуулалт хийж байгаа бол гэх асуултыг нийслэлчүүд нэгэндээ тавьж буй.


Есдүгээр сарын1-нд ЕБС, цэцэрлэг, 3-нд их дээд сургуулиуд нээлтээ хийнэ


Замын хөдөлгөөний ачаалал есдүгээр сарын 1-нд оргил цэгтээ хүрдэг.

Тиймээс боловсролын байгууллагууд хичээлийн шинэ жилийн нээлтийг замын ачааллыг бууруулж, ямар зохион байгуулалт хийж байгаа талаар БШУЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Боловсролын ерөнхий хуулиар ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэг есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилийн нээлт хийхээр хуульчилсан байдаг. Тиймээс хуулийн дагуу есдүгээр сарын 1-ндээ нээлтээ хийнэ” гэлээ. Харин их дээд сургуулиудын хувьд хичээлийн шинэ жил есдүгээр сарын 3-ны өдөр болох гэнэ. Замын хөдөлгөөний ачаалалтай холбогдуулж төвийн сургуулиуд болох МУБИС, МУИС, ШУТИС, АШУҮИС зэрэг сургуулиудын хичээлийн цагт өөрчлөлт оруулсныг БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир онцлов. Зарим их дээд сургуулийн хичээл ч эхэлж байгаа аж. Харин МСҮТ-үүдийн хувьд есдүгээр сарын 1-нд хичээлийн нээлтээ хийх бөгөөд ингэхдээ ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн нээлтийн цагийг зөрүүлэх төлөвлөгөөтэй байгааг албаны хүн дуулгав.

Замын ачаалал өнгөрсөн жилүүдийн мөн үеэс нэмэгдсэн гэлээ

Сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлтийн хувьд өмнөх жилүүдэд ч ийм маягаар зохицуулалт хийгдэж ирсэн. Гэвч замын хөдөлгөөний ачаалал онцгой гойд буурч байсангүй. Есдүгээр сарын 1-нд нийслэлчүүд бараг тэг зогсолт зарлах нь холгүй түгжирцгээдэг. Тэр айхавтар түгжрэлийн эхлэл өнөөдөр ч тавигдчихсан байгааг зам дээрээс

бид харж байна.

Замын хөдөлгөөн хариуцсан албаныхан энэ тал дээр хэрхэн анхаарч байгаа талаар тодрууллаа. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг “Хичээлийн шинэ жилтэй холбогдуулаад долоо хоногт нэг удаа дугаарын хязгаарлалт хийж байгаад өөрчлөлт оруулах тооцоололтой байна. Гэхдээ одоогоор эцэслэгдээгүй тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Дугаарын хязгаарлалтыг өөрчилж, наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын дунд хүртэл тодорхой зохицуулалт оруулахаар урьчилсан байдлаар төлөвлөж байгаа” гэж мэдээлсэн. Харин өнөөдөр хичээл сургуулийн бэлтгэл хийхтэй холбоотойгоор үүссэн замын хөдөлгөөнд ямар нэгэн зохицуулалт, шийдвэр гараагүй гэсэн үг.

Энэ тухай замын хөдөлгөөний удирдлагын төвтэй холбогдлоо. Албаны хүмүүс ихэвчлэн амралтын байдалтай байгаа гэнэ. Хотын замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн эсэх талаар тодруулахад “Оргил үетэй харьцуулахад арай бага байна. Гэхдээ өмнөх жилүүдийн мөн үетэй харьцуулахад ачаалал нэмэгдсэн байдалтай байна. Ирэх долоо хоногоос хичээлийн шинэ жилтэй холбоотой зохицуулалтууд эхлэх болов уу. Одоогоор гарсан шийдвэр, зохицуулалт байхгүй” хэмээн тус төвийн мэргэжилтэн ярилаа.

Замын бүтээн байгуулалт нийслэл хотод 13 байршилд авто зам, замын байгууламжуудыг өргөтгөн, шинэчлэх ажил хийгдэж эхэлжээ. Энэ тухай НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс “Авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд 13 байршилд, Улаанбаатар хотын хэвтээ чиглэлд зургаан эгнээ замыг ирэх оны зургадугаар сард ашиглалтад оруулна. Энэ жил шороо, далан овоолгын ажлыг 70 хувьтай хийж дуусгах ёстой. Хучилтын ажлыг ирэх онд хийж дуусгахаар төлөвлөж байна. 13 байршилд авто зам, замын байгууламжийг өргөтгөн, шинэчилснээр замын сүлжээ 17.8 хувиар нэмэгдэнэ” гэлээ. Энэ мэдээллээр бол энэ хичээлийн жилд гол замуудын ачааллыг бууруулсан шинэ бүтээн байгуулалт тун хангалтгүй харагдаж байна. Гэмтлийн эмнэлгийг Содон хороололтой холбох зургаан эгнээтэй авто зам баригдаж буй. Энэ замыг ашиглалтад оруулснаар Энхтайваны өргөн чөлөөний замын ачааллыг 50 хувь бууруулна гэж тооцоолж байгаа ч ирэх оны зургадугаар сард ашиглалтад орох товтой гэнэ. Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд өдөрт 990 орчим автобус үйлчилгээнд явдаг байсныг 1200 болгон нэмэгдүүлнэ. Нийтийн тээврээр өдөрт 500 мянга орчим иргэн зорчиж байгаа бөгөөд үүнийг 700 мянга болгохоор төлөвлөсөн. Энэ хүрээнд шинээр нийтийн тээврийн чиглэл нэмж, мөн богино эргэлтийг бий болгохоос гадна автобусуудыг бүрэн шинэчилж байгаа гэж Хотын захиргаа мэдээлж байна.

Хэдий тийм ч бодит байдал дээр замын хөдөлгөөнд өөрчлөлт орсон шинэ зохицуулалт алга. Үүнийг Замын хөдөлгөөний удирдлагын төвийнхөн ч баталж байна. Харин ч эсрэгээрээ өмнөх жилүүдээс илүү ачаалалтай байгаа гэдэг нь ноцтой тайлбар юм. Авто замын түгжрэл, зохион байгуулалт хариуцсан албадын өнөөдрийн дүр зураг, төлөвлөгөөгөөр бол хичээлийн шинэ жил эхлэх хүртэл нийслэлийн авто замын ачаалал эрс нэмэгдэж, есдүгээр сарын 1-нд тэг зогсолт ч зарлаж мэдэх бололтой.

Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Найр наадмаа дуусгаж, ажлаа хийцгээе монголчууд аа DNN.mn

​Наймдугаар сар дундаа орлоо. Намрын овоорсон их ажил ундарч байна. Өвлийг ажрахгүй өнтэй сайхан давъя гэж байгаа бол энэ их ажлын ард заавал гарах ёстой. Монголчууд маань зунжин найр, наадам хэсч, аялж зугаалж ханалаа. Одоо хэдүүлээ ажлаа хийцгээе ээ. Жиндүү өвлийн жихүүн жавартай залгаад тарчиг хаврын урт хоногууд сунайтал үргэлжилнэ гэдгийг санах хэрэгтэй.

Манай оронд нар ээсэн налгар дулаан өдөр тоотой ирдэг. Зуны улирал богино болохоор урин цагт хүн бүхэн амарч зугаалахыг хүснэ. Сүүлийн үед монголчууд хөдөө, гадаагүй сүрхий аялцгаадаг болсон. Харин энэ жилийн хувьд урьд урьдныхаас илүү аялж зугаалах шиг боллоо. Үүний тод жишээ гэвэл, Улаанбаатар хот маань бүтэн зунжин эль хульхан байсан даа. Хотод үлдэгсэд ярихдаа жирийн үед бүтэн цаг гаруйн хугацаанд туулж хүрдэг байсан газартаа тавхан минутад очиж байна, зам түгжрэлгүй болохоор маш их ажил амжууллаа гэхчлэн ам уралдуулцгааж байсан. Аргагүй, өнөө жил таван аймаг, 43 сум түүхэн ойгоо тэмдэглэсэн. Ёстой монгол түмнээрээ дэнж хотойтол тэнүүн дэлгэр наадах шиг болно лээ. Хэн хүнгүй л гэр бүл, үр хүүхдээ дагуулан өсч, төрсөн нутагтаа зорьж очицгоов. Ойгоор удаан уулзалдаагүй ахан, дүүстэйгээ учран золгож, ойрд үзээгүйгээрээ сайхан наадлаа гэх наадамчин олны сэтгэлийн жаргал цэнгэл хачин өндөр байв. Аймаг, сумдын түүхэн ойн наадам энэ жил үнэхээр түмэн олон түжигнэсэн хөл хөдөлгөөн ихтэй боллоо. Хэн ч гэсэн зуун жилд тохиох баяр наадмаа үзэхийг хүсэлгүй л яахав. Харин одоо наадмын уур амьсгалаасаа хөндийрч, ажил амьдралаа бодоцгооё. Дэлхий эргэдгээрээ эргэж, улирал солигддогоороо солигдож нэг л мэдэхэд зун болно. Тэрнээс өмнө хатуу өвөл, хаврын уртаас урт өдрүүд биднийг хүлээж байгаа гэдгийг мартаж болохгүй.

Өнгөрсөн өвлийг бид яаж давлаа даа. Цас эрт унаж, мал онд ороход амаргүй дүр зурагтай нүүр тулсан. Монгол орон даяар зудын гамшиг нүүрлэж, хотоо харлуулсан малчид олон байлаа. Хатуу өвлийн дараа хаврын улирал бүр ч хэцүү үргэлжлэв. Малчдын зүрхэнд жинхэнэ шар ус хуруулах шиг болсон. Насаараа өсгөж, үржүүлж ирсэн хөдөлмөрийн үр шим болох хэдэн мал нь нүдэн дээр нь өлдөж бөөн бөөнөөрөө хорогдоход хэний ч гол зурна. Энэ бол намар нь найр наадам гэсээр хадлан тэжээлээ хангалттай базааж чадаагүйн л гай. Өвөл, хаврын цагт мал яаж туйлддагийг хуучцуул мэддэг болохоор “Наадмын дараа намар” гэдэг үгээр найр наадмаа хойш тавиад өвлийн бэлтгэлээ базаахыг сануулж ирсэн нь ийм учиртай. Статистикаас харахад өнгөрсөн өвөл, хаврын байдлаар 500 гаруй мянган толгой мал зүй бусаар хорогдсон дүн бий. Энэ үед нэг боодол өвс 30 мянга, шуудай хэвэг 25 мянга хүрснийг малчид та бүхэн санаж байна уу. Тэгэхээр хадлан тэжээлээ ахиу нөөцлөхийн тулд одооноос найр наадмаа зогсоомоор байна шүү. Яагаад ингэж хэлээд байна вэ гэхээр хөдөө гадаагүй одоо ч гэсэн найр наадам хавтгайрсан хэвээр л байх юм. Хурим, хүүхдийн даахь үргээх ёслол, унаганы тамга, овооны наадам, ургийн баяр, ангийн уулзалт, сургуулийн ой гээд монголчуудын найр цэнгээн өдөр алгасахгүй шахам үргэлжилж байна. Том дарга нар нь хүртэл найр наадам хэсч, аялж зугаалж байгаа ганган дэгжин зургаа сошиалд гайхуулж яваа харагдах юм. Намрын их ажил буцалж байгаа энэ үед одоо та бүхэн үүнийгээ боль оо. Ард түмнийг төлөөлж төрд гарч ирсэн улсууд юм бол аялж зугаалах биш ажил хийж үлгэрлэх хэрэгтэй байна.

Зуд турхан гэдэг зөвхөн малчдад тулгардаг зовлон биш. Өвлийг өнтэй давах асуудал нийслэлчүүдэд бүр ч их хамаатай. Ялангуяа дулаан, эрчим хүчээ өргөтгөж шинэчлэх, түлшээ нөөцлөх, нийтийн тээврийн хүртээмжээ нэмэгдүүлэхээс өгсүүлээд өвөлжилтөд бэлдэх ажил тоймгүй их байна. Наад зах нь эрчим хүчний найдвартай хэрэглээгээ хангахгүй бол өвлийн хүйтэнд цахилгаан тасалдвал хот даяараа сүйрнэ. Та бүхэн санаж байгаа бол ковидын үед станцад гэмтэл гарч улаанбаатарчууд гэрэл цахилгаангүй өнжиж байсан даа. Тэгэхэд цахилгаанаас хамааралтай бүх үйлчилгээ зогсож эрчим хүчгүй бол амьдрал хэцүүднэ гэдгийг харцгаасан. Ойрын жишээ гэвэл энэ зун нийслэлд буусан үеэрүүд бидэнд том сануулга өглөө. Цаашид үер буунгуут тог тасарчихдаг. Орон нутагт хүчтэй салхи шуурга дэгдэнгүүт Оросоос эрчим хүч авдаг шонгууд нь унаж, аймаг сумдаараа харанхуй суугаад байх уу. Жил ирэх тусам манай улсын эрчим хүчний хэрэглээ өссөөр байгаа. Нийслэлд гэхэд 455 мянга гаруй хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангадаг. Хэрэглээ нь 30 гаруй хувийн хэтрэлттэй байгаа гэж мэргэжилтнүүд хэлж байна. Хэзээ мөдгүй Улаанбаатар битгий хэл улс даяараа гэрэлгүй болж мэднэ. Иймд эрчим хүчний бие даасан байдлаа хангахын тулд томоохон бүтээн байгуулалтын ажлуудаа өвөл, зунгүй, өдөр, шөнөгүй өрнүүлж баймаар байна.

Өвлийн бэлтгэлд онцгой анхаарах салбар бол дулаан хангамж. Нийслэлийн орон сууцны хороолол дунд нийт 1200 гаруй км урт дулааны шугам сүлжээ байдаг юм билээ. Үүний талаас илүү хувь нь ашиглалтын хугацаа дуусчээ. Энэ зуны байдлаар 3.6 км хос шугам сүлжээний засварын ажлыг л хийсэн байх жишээтэй. Хөхөө өвлийн хүйтэнд дулааны шугам хагарвал хороолол даяараа хөлдөх аюултай. Тэгэхээр урин дулааны цагт дэд бүтцийн засвар, шинэчлэлийн ажлаа эрчимжүүлж байх ёстойг дээрх тоо хэлээд байгаа юм. Үүнээс гадна удахгүй хичээлийн шинэ жил эхэлнэ. Орон нутгаас ирэх оюутнуудын хөлд нийслэл хот дарагдана. Энэ үед замын түгжрэл нийслэлчүүдийн толгойны өвчин болдгийг бүгд мэднэ. Гол нөлөөлдөг хүчин зүйл нь зам засварын ажил, нийтийн тээврийн хүртээмжийн асуудал. Яг хичээл эхлэхтэй зэрэгцээд гэнэтхэн энд тэнд зам сэтлээд, шороо овоолчихдог тал бий. Зунжин хот сэлүүхэн байхад хийгээгүй ажлаа хүйтэн сэрүүнтэй уралдаж амжуулах гэдэг нь манайхны зан. Дээрээс нь одоо иргэдэд үйлчилж байгаа автобусууд гадаадаас актлагдаж ирсэн болохоор асуудал ихтэй. Бохир заваан нь дүүрчээ гэхэд замын голд гэнэт зогсоно бас шатна. Дотор нь сууж яваа хүмүүст түгшүүртэй. Нийслэлийн хэмжээнд мянга хүрэхгүй автобус иргэдэд үйлчилдэг гэсэн судалгаа бий. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд урд хөршөөс 224 автобус шинээр авахаар болсны дөнгөж эхний 30 нь орж ирээд байгаа гэсэн. Юу юугүй өвөл хаяанд ирнэ. Үлдсэн хэдэн автобус нь наадмын тоосонд дарагдаад мартагдах вий дээ. Уг нь нийтийн тээврийнхээ асуудлыг цогцоор нь шийдчихвэл хотын түгжрэл ард хоцорно гэдгийг өндөр хөгжилтэй орнуудын туулж ирсэн замналаас харж болмоор.

Энэ зун хур ихтэй байсан болохоор ургац гайгүй авна гэсэн хүлээлттэй байгаагаа салбарын яамныхан ярина лээ. Хаврын тариалалт хожуу эхэлсэн ч ургац хураалтынхаа бэлтгэлийг хангахаар ажилдаа оржээ. Газар тариалан бол цаг агаарын нөлөөнд хамгийн их өртдөг эрсдэлтэй салбар. Зунжин хур бороо элбэгтэй байсан болохоор мөндөрт багагүй хэсгийг цохиулсан гэсэн. Намар эрт сэрүү унаж, хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг мэргэжилтнүүд эртнээс сануулсаар байтал ургацаа цасанд даруулчихдаг гашуун туршлага бий. Эртнээс шатахууныхаа нөөцийг бүрдүүлж, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг бүрэн хангачихсан байх ёстой шүү.

Өвөлдөө бэлдэх намрын их ажлын зах зухаас дурдахад ердөө ийм байна. Зуны турш аялж зугаалсан хүмүүсийн данс нь ч нэлээд нимгэрсэн байх. Дахин хэлэхэд, монголчууд минь зунжин сайхан наадлаа. Найр наадам, аялал зугаалгаа дуусгаж, ажлаа хийцгээе ээ.

Categories
нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Т.Доржханд: Бонд зарж өр тавиад, Хятадаас нүүрсээ өндөр үнээр буцаан авч, намынхаа сайдын наймааг дэмжээд ч хамаагүй утааг дарсан баатар болж сонгуульдъя гэдэг зураг харагдаж байна DNN.mn

УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржхандтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Чуулган өндөрлөсөн энэ өдрүүдэд таны хувьд хаагуур, ямар ажил амжуулаад явж байна вэ?

-Чуулган өндөрлөсний дараа Монголын эдийн засгийн форум амжилттай зохион байгуулагдлаа. Гадаадын 500 гаруй хөрөнгө оруулагч оролцон мэдээллээ авч, Монгол буцаад бизнесээ хамтарч хийхэд бэлэн гэдэг мессежийг авлаа. УИХ дахь цөөнхийн намын даргын хувьд форумд оролцож, аль ч нам Засгийн эрхэнд гарсан ба хөрөнгө оруулалтад урт хугацааны таатай бодлого явуулна гэдгийг мэдэгдлээ. Учир нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нэг нам дангаар засаглах боломжгүй болсон. Цаашид улс төрийн намууд улсынхаа хөгжил, бодлого дээр хамтарч илүү тогтвортой Засгийн газар байгуулагдана гэсэн үг.

Үр дүнд нь нэг нам нь засаглахаар гадны хөрөнгө оруулагчдыг урьдаг, нөгөөх нь хөөж туудаг байдал үгүй болно гэсэн үг. Зөвхөн гадны хөрөнгө оруулагчаас гадна дотоодын хөрөнгө оруулагчдыг дэмжсэн бодлого тогтвортой хэрэгжих боломж бүрдэнэ. Бид 30 жил улаан цэнхрээрээ хуваагдаж, улсынхаа хөгжилд дэгээ тавьж ирснийг засч байгаа үйлдэл юм. Энэ мессежийг гадны хөрөнгө оруулагчид маш таатай хүлээн авснаа уулзалтын дараа илэрхийлж байсан. Зарим хөрөнгө оруулалтын банк, сангууд манай эдийн засгийн ирээдүйн төсөөллийг маш өөдрөгөөр хийхэд Үндсэн хуулийн өөрчлөлт том нөлөө үзүүлж байгааг онцолж тэмдэглэж байв. Одоо бид алдах эрхгүй. Улс маань ялах биш манай нам ялах нь чухал, би дарга болох нь чухал гэж хавтгай халамж тараадаг, попордог үйлдлийг зогсоох нь бидний гэрийн даалгавар болоод байна.

-Өнгөрсөн хаврын чуулганыг дүгнэж хэлбэл таны хувьд ямархуу чуулган болсон гэж үзэх вэ. Эрх баригч намын хувьд авлигын эсрэг тэмцсэн чуулган боллоо гээд байгаа шүү дээ?

-Юм бодитоороо сайхан биз дээ. Айхтар хулгайтай тэмцсэн чуулган юм шиг боловч үр дүнг нь манай хуулийн байгууллагууд наадмын өмнөхөн баллуурдаад эхэлсэн. Өнөө гурван долоо хоног иргэдэд нээлттэй хэлэлцсэн Хөгжлийн банкны хэргүүдийг бүгдийг нь цагаатгасан шийдвэр гаргасан. Бүх хулгай нь Хөгжлийн банкны түр хорооны шинжээчдийн дүгнэлт, баримтаар нотлогдоод байхад улс төр, бизнесийн томоохон акулуудаа торгосон болоод харин Хөгжлийн банкинд ажиллаж байсан цөөхөн жараахайг хорьсон. Хэрэгждэггүй хууль, үр дүнд хүрдэггүй Засгийн шийдвэрүүд нь юуг харуулж байна гэхээр манай хуулийн байгууллагуудын хараат бус, биеэ даасан байдал огт байхгүйг бидэнд ойлгуулж байна. Бид ер нь өнгөрсөн 30 жил хуулийн салбарын боловсон хүчинд хөрөнгө оруулаагүй юм байна. Одооноос хуулийн салбарын мэргэжилтнүүдээ баруунд бэлтгэж эхлэхгүй бол энэ салбарын хоцролт нь эдийн засгийн салбараа хойш татаж унагаах хандлага ажиглагдаж байна.

-Тэгэхээр хаврын чуулган үр дүнгүй болсон гэсэн үг үү?

-Та асуусан шүү дээ, авлигатай тэмцсэн чуулган болж чадсан уу гэж. Би үгүй ээ гэж хэллээ. Харин хууль батлах ажлын хүрээнд хаврын чуулган маш үр дүнтэй, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон бусад салбаруудын томоохон шинэчлэлүүдийн ард гарч чадсан. Чуулганы эхэнд би хэвлэлийн хурлаар мэдэгдэж байсан даа. Үүлэн чөлөөний нар шиг ховорхон боломж бидний өмнө байна. Үүнийг алдалгүй суурь тогтолцоогоо засах үүрэг нь энэ хаврын чуулганд байна гэж. Ямартай ч чамлахаар чанга атга гэж, хийж чадсан шүү.

-Цаашид авлигын үзүүлэлтийг бууруулах, тэр дундаа төрийн бүх шатанд авлигалыг бууруулахын тулд ямар эрх зүйн зохицуулалт, ямар өөрчлөлт бидэнд хэрэгтэй вэ?

-Авлигын индексээр урагшилсан зүйл байхгүй байна. Харин зарим хэрэгтэй хуулиуд батлагдсан. Тухайлбал, нийтийн албан дахь ашиг сонирхлыг зохицуулсан хууль батлагдсан. Үр дүнд нь та нэг бол улс төрөө хий, үгүй бол улс төрөөс гараад бизнесээ хий гэж. Гол агуулга нь төр, бизнесийн хооронд хана босгож байгаа нь сайн. Гэхдээ хэрэгжилт дээрээ яахыг харах л үлдээд байна. Ер нь авлигыг бууруулах үндсэн арга нь данхайсан төрийг жижиглэх шүү дээ. Би байнга шүүмжилсээр ирсэн. Монголын ДНБ-ий 80 хувийг төр хийж байнаа гэж. Төсөв нийт эдийн засгийн 35-40 хувь, төрийн өмчит компаниуд 20 хувь, харин эдгээр компаниудын алдагдаж буй орлого нь 20 хувь байна гэж. Ийм тохиолдолд авлига буурах боломжгүй. Төрийн өмчийг олон нийтийн нээлттэй компани байдлаар яаралтай хувьд шилжүүлэх шаардлагатай. Төрийн үйлчилгээг концессоор хувийн секторт даатгах гээд дэлхийд туршигдсан сайн аргуудыг зоригтой ашиглах хэрэгтэй. Манайд эсрэгээрээ төрийн компаниуд нь ялсан намын хэтэвч, төрийн бүтцүүд нь сонгуульд ялах нэгжүүд болчихоор авлига буурахгүй байгаа юм. Тэгэхээр цаад шалтгаан нь сонгууль, улс төрийн намын хатуу гишүүнчлэл болчихож байгаа юм. Тийм зүйл ярихаар 30 жил засагласан хоёр намын эрх ашиг хөндөгдөөд хөшигний ард зад тэврэлдчихдэг юм билээ. Иймд нэг бол энэ хоёр намыг эрүүл залуус орж шинэчлэх, үгүй бол аль алиныг нь Монголын улс төрөөс зайлуулж байж Монгол авлигагүй байх, цаашлаад хөгжих үүд хаалга нь нээгдэнэ гэдэгт илтгэлтэй болсон.

-Хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийсэн. Уг өөрчлөлтөөр ирэх УИХ-ын сонгуулийг бид холимог системээр явуулж, УИХ-ын 126 гишүүнийг сонгох ёстой. Энэ нь парламентын чадавхыг нэмэгдүүлнэ гэж байгаа. Өөр ямар өөрчлөлт, үр дүн том зургаараа бий болох вэ?

-Маш том өөрчлөлтийн суурь тавигдсан. Нэгдүгээрт засаглал солигдох, нэг хүн засагладаг буюу Ерөнхийлөгчийн засаглалд шилжих эрсдэл буурсан. Ингэснээр Монгол цаашид ардчилсан, эрх чөлөөтэй, тусгаар улс байна. Хоёрдугаарт улс төрийн намууд хулгай дээр хамтардаг биш, хөгжлийн бодлогод нэгддэг болно. Гуравдугаарт тойргийн төсөв биш хөгжлийн төсөв болон томоохон дэд бүтэц, төслийг санхүүжүүлэх боломж бүрдэнэ. Маш олон сайн үр дагаврыг монголчууд хүлээн авах болно. Цаг хугацааны л асуудал. Учир нь ХҮН намын судлаачид, мэргэжилтнүүд дэлхийн 200 гаруй улсын хөгжлийг судалж байгаад хийсэн дүгнэлт дээр үндэслэж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг санаачилж УИХ-аар батлуулж чадсан юм. Монголчууд нийтээрээ нэг том алхсан шүү. Цаг хугацаа харуулна биз дээ.

-ХҮН намын хувьд ирэх сонгуулиар хэрхэн оролцох вэ. Танай намын хувьд намын жагсаалтаар гаргаж ирэх хүмүүсээ ямар байдлаар сонгох вэ?

-Бид өөрсдөө энэ асуудлыг дэвшүүлж, нийт 21 аймаг болон есөн дүүргээр явж иргэдэд мэдээллээ өгч, ойлгуулж явсан тул улс төрийн манлайллаа өөрсдөө үзүүлэх ёстой гэж үздэг. Энэ бол зарчим. Иймд ХҮН намын жагсаалт нь улс орны хөгжлийн болон салбарын бодлоготнууд, нийгэмд таалагдахгүй ч улсдаа хэрэгтэй асуудлаар гал барьж чадах улстөрчид, нэр цэвэр залуус, эмэгтэйчүүд, ахмад мэргэжилтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гээд нийгмийн төлөөллүүд орох болно. ХҮН жагсаалт үнэлэх зэрэг улс төрийн наймааг огт хийхгүй.

-Зарим улстөрчид ХҮН намыг эрх баригчдын төсөл гэдэг. Яг ямар учир байна?

-ХҮН нам анх үүссэн түүх нь маш энгийн бөгөөд иргэд, залуусын органик нэгдэл байсан. Ялангуяа гадаадад олон жил сурсан, амьдарсан залуус болон Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг клубүүд нийлээд улс орон маань буруу тийшээ явчихлаа, бүгдээрээ шүүмжлэх бус оролцъё гээд 2015 онд шинэчлэн байгуулсан. Харин үүссэн цагаасаа хойш их ад үзэгдсэн л дээ. ХҮН нам дангаараа УИХ-ын сонгуульд орж үзээгүй гэвэл итгэх үү. 2016 оны сонгуульд ХҮН орвол санал хуваана гээд тухайн үеийн эрх баригч нам нь Ерөнхийлөгчтэйгөө нийлээд оруулаагүй нь үнэн. 2020 оны сонгуулиар мөн тухайн үеийн ерөнхийлөгч нь оруулахгүй гэж хуулийн байгууллагыг ашиглаж байв. Учир нь АН-ын саналыг хуваана гэж үздэг. Ийм болохоор хуучин удирдлага болон одоогийн залуусынх нь жаргах замын садаа нь ХҮН болоод байгаа юм. Харин МАН-ын хувьд өөрт нь наах тусам ашигтай, учир нь АН-ын санал хуваагч гэж нийгэмд ойлгуулбал өөрсдийх нь дэмжигчдээс алдахгүй гэдэг. Хөгжилтэй шүү дээ, энэ ах намууд.

Гэтэл Монгол Улс парламентын засаглалтай. Олон нам, олон ургальч үзлийг хүлээн зөвшөөрсөн ардчилсан үндсэн хуультай, ардчилсан улс байдаг. Гэхдээ бид найман жил эд нарын дүрмээр тоглосон. Харин УИХ-д нэг суудалтай болсных өөрийн тоглоомын дүрмээ тулгах боломж бүрдсэн. Одоо ХҮН-ийг хэндээ нааж харлуулах нь эдний ажил, харин бидний ажил бол маш тодорхой. Жингэр нохой хуцаж л байдаг, жингийн цуваа явж л байдаг гэдгээр бид урагшаа харж улс орныхоо хөгжлийн асуудал, эдийн засгийн бодлогууддаа илүү анхаарч ажиллана. Харин авлигач, хулгайчидтай нэр төртэй тэмцэнэ, ард нь заавал гарна.

-Удахгүй хичээл сургууль эхэлнэ. Тэр утгаараа Улаанбаатар хотын түгжрэл, нийгмийн бухимдал гээд асуудлууд эхнээсээ гарч ирнэ. Мөн энэ зун хур бороо элбэгтэй учир нийслэлчүүдийн хувьд ихээхэн хүндхэн зун болж байна уу гэж харж байгаа. Эдгээр асуудлуудыг хэрхэн шийдэх вэ, цаашлаад хэнд хариуцлага тооцох ёстой вэ. Иргэдийнх нь эрх ашиг зөрчигдөж, зарим нь амь насаа хүртэл алдаж байна. Үүнд хэн буруутай вэ?

-Тантай санал нэг байна. Улаанбаатар хотод бүртгэлээр нийт монголчуудын 50-аас дээш хувь, харин бодит байдалд 60 хувь нь амьдардаг. Гэтэл сая болсон үерээс шалтгаалж иргэдийн амь нас, хөрөнгө их хэмжээгээр сүйдлээ. Гэтэл хариуцлага хүлээх дарга байхгүй. Учир нь иргэд хотын даргаа сонгодоггүй, харин нам даргыг томилдог гаж системтэй. Хэрэв санаж байгаа бол одоогийн хотын даргыг УИХ-ын гишүүнээс чөлөөлж, хотын даргаар томилохыг чуулган дээр эсэргүүцэж үг хэлж байсан ганц гишүүн нь ХҮН намын төлөөлөл байсан. Бүгд инээгээд л өнгөрсөн. Мөн жилийн өмнө нийслэлийн төлөөлөгчдийн хурал дээр үер болон байгалийн гамшгаас урьдчилан сэргийлж төсөв тавихыг шаардсан ганц төлөөлөл нь ХҮН намынх. Бүгд инээж л харагдана лээ. Хэрэв томилсон нам нь хотынхоо даргад хариуцлага тооцохгүй бол ирэх сонгуулиар иргэд намд нь хариуцлага тооцох болно гэдэгт итгэлтэй байна.

-Нийслэлчүүдийн хамгийн их ярьдаг асуудал бол утаа. Тэр утгаараа Засгийн газраас энэ өвлийн эхэн сард хагас коксжих нүүрсээр хийсэн түлшийг 45 хоног түлэх туршилт хийнэ гэж байна. Мэдээж энэхүү туршилтыг хийхэд тодорхой хэмжээний санхүүжилт орж байгаа. Үүнийг Нийслэл бонд хэлбэрээр босгох ёстой гэнэ. Үүнд та ямар байр суурьтай байна вэ. Хятад улс руу түүхий нүүрс зараад, буцааж хагас коксжсон нүүрс авах нь зөв үү?

-Ирэх жил сонгууль болно. Өвөл хүйтэн болдог гэдэг шиг өвөл утаа айсуй. Сонгуульдаа ялж л байвал бонд зарж өр тавиад ч хамаагүй, Хятадаас нүүрсээ өндөр үнээр буцааж аваад ч хамаагүй, намынхаа сайдын наймааг дэмжээд ч хамаагүй утааг дарсан баатар болж сонгуульдъя гэдэг зураг харагдаад байна. Гэтэл Улаанбаатар хотын бондыг авах дотоод зах зээл байхгүй. Гадагшаа заръя гэвэл ам.доллараар 10 хувиас дээш гарна. Асар их зардалтай гэсэн үг. Тэгэхээр хэнд зарах вэ. Өмнө сонгуулийн зорилготой гоё нэртэй хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн нэг л байгууллага бий. Тэр нь Монголбанк. Мөнгө хэвлээд бол оо. Гэтэл үүнээс шалтгаалах үнийн өсөлт, ханшны алдагдлыг хэн үүрэх вэ. Ийм хөгийн луйврын схем, өөрийн уурхайн нүүрсийг урагшаа гаргаж угаалгах мэт бохир наймаа сэдэж байгаа бол Засгийн тэргүүн үүнийг зогсоох, хариуцлага тооцох шаардлагатай. Хэрэв тооцохгүй бол сонгуулиар иргэд тооцох болно.

-УИХ-ын намрын чуулган аравдугаар сарын 1-нд эхэлнэ. Намрын чуулганаар хэлэлцэн батлах гол хуулийн нэг бол улсын төсөв. Өөрөөр хэлбэл сонгуулийн жилийн төсвийг та нөхөд хэлэлцэж батална гэсэн үг. Ямар байдлаар төсөв орж ирэх бол?

-Сонгуулийн жилийн төсөв тул өндөр зардалтай, маш хүнд төсөв орж ирэх нь тодорхой. ХҮН олон эдийн засагч, судлаачдыг агуулдаг улс төрийн инстүүцийн хувьд төсөв дээр маш хатуу байр суурьтай ажиллана. Бас иргэддээ өмнөх жилүүдийн адил төсвийг задалж, мэдээллийг өгөх болно. Тиймээс орж ирэхээр нь энэ асуудлыг илүү тодорхой, дэлгэрэнгүй ярилцъя, тэгэх үү.

 

Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Н.Хэрлэнчимэг: Мөөг хорт хавдраас сэргийлж, үрэвсэлт өвчнүүдийг дардаг DNN.mn

Энэ амралтын өдрүүдэд “Мөөг фестиваль 2023” болж өндөрлөлөөТус арга хэмжээнд Монголд ургадаг бүх төрлийн мөөгийг дэлгэн харуулж, иргэдэд мөөгний талаарх сургалт орж, Гэрийн аргаар тарьдаг мөөгийг худалдаалж байсан юм. Энэ үеэр Монголын мөөг судлаач сонирхогчдын нэгдсэн нийгэмлэгийн тэргүүн Н.Хэрлэнчимэгтэй ярилцсанаа хүргэж байна.


-Ярилцлагынхаа эхэнд мөөг ер нь ямар ач тустай талаар яриагаа эхлүүлье?

-Хүн төрөлхтөн мах идсэнээр уургийн дутагдлаа нөхдөг, жимс жимсгэнээр витаминаа авч, хүнсний ногооноос эрдсээ нөхдөг. Харин байгаль дээрх мөөг нь уураг, нүүрс ус, өөх тос, эрдэс бодис, витаминуудыг өөртөө агуулдгаараа онцлог.

Ийм учраас хорт хавдраас сэргийлэх, хорт хавдрын эсийн өсөлтийг бууруулах, сахар үүсэх эрсдэлийг багасгах, витамины дутагдлыг бууруулах гээд янз бүрийн үрэвсэлт өвчнүүдийг дарах эрүүл мэндийг дэмжих ач холбогдолтой.

Байгальд ургаад ялзраад эргээд хөрсөндөө шингэх бус иргэд зөв түүж, хүнсний мөөгөө таньж хүнсэндээ хэрэглэснээр аливаа өвчин эмгэгээс өөрсдийгөө хамгаалж эрүүл Монгол хүн өсөж бойжиход тустай гэж бодож байна. Өмнөх үеэ бодоход монголчууд олон хоршоо байгуулаад тарималжуулж байна. Одоо сүрэл будаан дээр тарихаас гадна модны хожуул дээр тарьж эхэлсэн. Хамгийн энгийн жишээ хэлэхэд мөөгчид бид ковидын үед нэг нь ч корона тусаагүй. Эд дэлгэрч байх үед мөөгөө идээд л байж байсан. Үүнийг би мөөгний ач тус гэж бодож байгаа.

-Фестиваль хэддэх жилдээ зохион байгуулагдаж байгаа вэ?

-Мөөг сонирхогч, судлаачид хамтран “Мөөг фестиваль 2023”-г гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Анх 2019 онд зохион байгуулагдаж байсан. Цаашдаа жил бүр уламжлал болгоно.

Байгалийн мөөгөө түүж иргэдэд мэдлэг түгээх, хортой хоргүйгээр нь ялгаж сургах, хүмүүсийг мөөгөнд дуртай болгох, хэрхэн зөв түүх соёлд суралцуулахад бидний зорилго оршино. Монголчууд мөөг идэхийг хүсэж байгаа хэрнээ таньж чаддаггүй. Хэрхэн боловсруулж хэрэглэх тал дээр мэдлэг дутмаг учраас алдаа гаргаж өдөр тутмын амьдралдаа хэрэглэж заншихгүй байгаа юм. Байгалийн өөрөө нөхөн сэргээгддэг баялгийг зөв зохистой хэрэглэж сургахын тулд энэ үйл ажиллагааг зохион байгуулсан.

-Энэхүү фестивальд хэдэн төрлийн мөөг танилцуулж байгаа вэ?

-Ойролцоогоор 60-70 зүйлийн мөөг бий.

Байгальд хэчнээн төрлийн мөөг ургадаг вэ?

-Монголд 630 төрлийн дээд мөөг ургадаг. Үүнээс 116-г нь хүнсэнд хэрэглэж болдог. Мөн 145 төрөл нь ургамлын өвчин үүсгэгч, жижигхэн мөөг ургадаг. Эдгээрээс 27 зүйлийн мөөг нь шууд үхэлд хүргэж болзошгүй.

Хэчнээн нэр төрлийг хүнсэндээ болон эмийн зориулалтаар ашигладаг вэ?

-116 зүйлийн мөөгийг хүнсэнд хэрэглэгдэж болно. Мөн хортой мөөгний бодисыг ялган эмийн зориулалтаар ашигладаг. Монголд эмийн болон хүнсний 150 гаруй мөөг ургадаг.

Гэрийн нөхцөлд хэрхэн мөөгөө ургуулах талаар тайлбарлахгүй юу?

-Одоогоор монголчууд хясаан мөөгийг гар аргаар ургуулж байна. Үүнээс гадна олон хоршоо үйлдвэр байгуулагдсан. Субстратын үйлдвэр байгуулагдчихлаа. Мицелийг нь бид үйлдвэрлээд зарж байна. Хясаан мөөгийг өрхийн хэмжээнд тарихад ямар ч асуудалгүй. Бид цаашдаа шампиньон мөөг болон өөр төрлийн хүнсний мөөгийг тарималжуулах технологийг боловсруулах ажил хийгдэж байгаа.

Мөөгийг хортой, хоргүйгээр хэрхэн таних вэ?

-Хортой, хоргүй мөөгний ерөнхий шинж ийм байдаг гэж хэлэхэд маш хэцүү. Хортой мөөг нь ерөнхийдөө нарийхан гонзгой иштэй, гоёмсог, өнгөлөг, малгайныхаа гадаргуу дээр цагаан толбонуудтай, шилбэнийхээ гол хэсэгт бөгжилсөн цагаригтай, суурь хэсэгтээ уутанцартай байна.

П.ТЭРГЭЛСАРАН

У.АНХЦЭЦЭГ

Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Х.Мөнх-Эрдэнэ: Эрхээ хасуулсан жолооч нарын хөдөлгөөнийг камераар хязгаарлавал замын түгжрэл дөрвөн хувиар буурна DNN.mn

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Х.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.


-Эрхээ хасуулсан болон өндөр торгуультай жолооч замын хөдөлгөөнд сул чөлөөтэй оролцох юм. ТЦА-наас үүнд ямар хяналт, шалгалт тавьж ажиллаж байна вэ?

-Тээврийн хэрэгслийг хянан шалгах журам бий. Энэ журмын хүрээнд илтэд зөрчилтэй тээврийн хэрэгслийг зогсоож шалгадаг. Явж байгаа тээврийн хэрэгслийг хараад л шууд энэ жолоочийн эрх нь дууссан байна, энэ тээврийн хэрэгсэл өндөр торгуультай байна гэх байдлаар таних боломжгүй. Хөдөлгөөн, зохицуулж байгаа хэсэг бүлэг алба хаагч бий, хяналт шалгалт хийж буй хэсэг алба хаагч бий. Хяналт шалгалтад ажиллаж байгаа алба хаагчид аль болох бүх л тээврийн хэрэгслийг зогсоогоод жолооч нь зөрчилтэй бол шалгаад арга хэмжээ авдаг. Энд нэг зүйлийг онцлоход өндөр торгуультай байлаа гээд тухайн жолоочид арга хэмжээ авах боломжгүй. Тийм эрх зүйн зохицуулалт байхгүй.

-Дөрвөн сая төгрөгийн торгуультай тээврийн хэрэгсэл л замын хөдөлгөөнд оролцож түгжрэлд нэмэр болоод явж байна л даа. Торгуулиа барагдуулах хөшүүрэг нь юу вэ?

-Төрийн бусад үйлчилгээ авахад торгуулиа барагдуулсан байхыг шаарддаг. Жишээ нь оношилгоонд орох, тээврийн хэрэгслээ бусдад борлуулах, жолооны үнэмлэх шинээр захиалах гэх мэт тохиолдлуудад торгуулиа бүрэн төлсөн байж төрийн үйлчилгээ авдаг. Ийм механизмаар торгуулийн асуудлыг шийддэг. Харин оношилгоонд ороогүй болон жолоодох эрх нь дуусгавар болсон жолоочийг алба хаагч шалгаж зогсоогоод зөрчил илэрсэн бол холбогдол хуулийн дагуу арга хэмжээ авна.

-Энэ талаар тодруулахгүй юу?

-Эрхээ хасуулсан этгээд тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулийн 14.7-ын 1-д заасны дагуу 200 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авна. Энэ нь дотроо хоёр төрөл. Жолооч хэрнээ эрхээ хасуулсан жолоочийг бол торгоод явуулдаг. Харин огт жолооч биш хүмүүс тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох нь бий. Энэ тохиолдолд 200 мянган төгрөгөөр торгоод тээврийн хэрэгслийг журмын хашаанд шилжүүлнэ. Тээврийн хэрэгслийг нь жолоодох эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө.

Ер нь жилд хэдэн жолооч эрхээ хасуулдаг юм бэ. Эрхээ хасуулсан ч замын хөдөлгөөнд оролцоод явах тохиолдол түгээмэл байх юм. Үүнийг зохицуулах ямар боломж байна вэ?

-Жилийн хугацаанд 60 мянган жолооч эрхээ хасуулдаг гэх тоон мэдээлэл бий. Ойролцоогоор 60 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоход түвэгтэй болж байгаа юм. Энэ нь Улаанбаатарт хөдөлгөөнд оролцож байгаа нийт жолоочийн дөрвөн хувь нь гэсэн үг. Эрхээ хасуулсан этгээд жолооны ард суухгүй бол замын хөдөлгөөний ачаалал дөрвөн хувиар буурах боломжтой. 25 жолооч тутмын нэг нь хөдөлгөөнд оролцохгүй байна л гэх ойлголт. Эрхээ хасуулсан жолооч замын хөдөлгөөнд оролцох боломжийг хязгаарлах бүрэн боломж бий. Үүнийг одоогоор хэрэгжүүлж амжаагүй л байна.

-Танд ямар шийдэл байна вэ?

-Шведийн туршлагыг судлаад үзэхэд эрхээ хасуулсан этгээдийн тээврийн хэрэгсэл гурван жилийн хугацаанд замын камерийн хар хайрцагт бүртгэгддэг. Жишээ татаад хэлье дээ. Би өөрийн эзэмшлийн 1018 дугаартай тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож яваад дүрэм зөрчиж эрхээ хасуулахад миний дугаар шууд хар хайрцагт бүртгэгдэнэ. Үүнээс хойш гурван жилийн хугацаанд миний тээврийн хэрэгслийг хэн нэгэн унаж замын хөдөлгөөнд оролцоход цагдаа нарт шууд мэдээлэл очдог. Ингээд хамгийн ойрыг цагдаа шалгана. Эрхээ хасуулсан этгээд замын хөдөлгөөнд оролцож явах өндөр магадлалтай учраас шалгаж байгаа нь энэ шүү дээ. Таамгаар зогсоох биш дохиолол ирсэн тээврийн хэрэгслийг л шалгаад явах боломжтой. Ингэснээр эрхээ хасуулсан хүний тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоход их төвөгтэй болж ирдэг. Эрхээ хасуулахаас илүү тээврийн хэрэгслээ хар жагсаалтад оруулахаас айдаг.

-Гол үр дүн нь юу байх вэ?

-Үүний үр дүнд нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил бараг бүртгэгдэхээ больсон. Энэ сайн туршлагыг манайд нэвтрүүлбэл эрхээ хасуулсан жолоочид хөдөлгөөнд оролцохгүй байх ач холбогдолтой.

-Эрхээ хасуулсан этгээдийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцоход их төвөгтэй нөхцөл байдал бий болох нь?

-Тийм. Хар хайрцагт бүртгэгдсэн учраас таарсан цагдаа бүр тухайн тээврийн хэрэгслийг зогсоож шалгана гэсэн үг. Эрхээ хасуулсан этгээд жолоодоод явж байвал 200000 төгрөгөөр торгоно. Нэг бол журмын хашаа руу тээврийн хэрэгслийг нь шилжүүлнэ. Тээврийн хэрэгслийг нь байн байн цагдаа зогсоогоод байхад хар хайрцагт оруулахаас болгоомжилж эхэлнэ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохоо болино гэсэн үг л дээ. Манайд согтуу жолоочтой холбоотойгоор жилд л 120 хүн амь насаа алддаг тоон мэдээлэл бий. Энэ бол сүүлийн 10 жилийн хугацаанд дахь үзүүлэлт.

-Манайд хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж та харж байна уу?

-Нийслэлд дугаар уншдаг камерыг хэд хэдэн газарт суулгасан байгаа. Уулзварууд, нэгдүгээр эгнээ, Улаанбаатар хотоос орох гарах товчоодод суулгасан. Түүнчлэн төлбөртэй зогсоолуудад ч тээврийн хэрэгслийн дугаар унших төхөөрөмжүүд суурилуулсан байдаг. Зохион байгуулалтын арга хэмжээ авахад л эрхээ хасуулсан этгээд замын хөдөлгөөнд оролцоход шууд илрүүлэх боломж бүрэн бий

Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Монголчууд хорт хавдар үүсгэгч промоденгол, бензол агуулсан будаг, хямд чанаргүй эмульсээр амьсгалж байна DNN.mn

Наймдугаар сар бол барилгын үе. Орон сууцны барилга угсралтууд ид үргэлжилж, дээр нь улсын сургууль, цэцэрлэгийн засвар бүгд л зэрэг ордог сар. Улаанбаатарт бол гурав алхаад л нэг барилгын ажил үргэлжилж байгааг харж болно. Нэг талаараа нийслэл хотод бүтээн байгуулалт, засвар үйлчилгээ өрнөж байгааг харах таатай. Гэвч нөгөө талд энэ олон барилга байшин, засвар тохижилтын ажлуудын үр дүн хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг тухай салбарын мэргэжилтнүүд ярих боллоо.

Сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэж байгаа хавдар гэх айхавтар өвчний үндсэн шалтгаан агаарын орчны бохирдол гэж эмч нар дуу нэгтэй хэлдэг. Тэгвэл агаар орчны бохирдлыг үүсгэж байгаа нэг хүчин зүйл нь барилгын материал аж. Анагаах ухааны доктор, дэд профессор Н.Одонгуа манай сонинд өгсөн ярилцлагадаа “Бид 24 цагийн 90 хувийг дотоод орчинд өнгөрөөж байгаа. Дотоод орчны агаарт промоденгол, бензол зэрэг 7-8 төрлийн хорт хавдар үүсгэдэг бодисууд байсаар байна. Монголчууд дандаа хорт бодисуудаар барилгаа барьж байна. Энэ бол аюулын харанга” гэсэн нь анхаарал татаж байгаа юм.

Барилгын материал хүний эрүүл мэндэд яаж нөлөөлдөг, чухам ямар материал хортой байдаг, түүнийг шинжилж хянадаг газар байдаг уу гэдэг асуудал үүнээс ургаж гарна. Монгол Улс барилгын үндсэн бүтээцийн материалын 84 хувийг дотооддоо, 16 хувийг импортоор, дотор заслын материалын 80 гаруй хувийг импортоор, 20 орчим хувийг л дотооддоо үйлдвэрлэдэг. Мишээл экспо, 100 айл, Гурвалжин гээд барилгын материалын захууд нийслэлд олон.

100 айл зах гэхэд барилгын үндсэн бүтээцээс бусад дотоод засал чимэглэлийн материалууд үй олноор зарагдаж байна. Эмульс, будаг, хавтан худалдаж авъя гэхэд ямар нэгэн чанар стандарт, гэрчилгээ харуулах нэг ч худалдаачин алга. Худалдаачдад бараа нь хүний эрүүл мэндэд нөлөөлдөг талаарх ойлголт ч алга. Угтаа бол эдгээр импортын болон дотоодын үйлдвэрийн барилгын материалд эрүүл ахуйн ямар хяналт шинжилгээ байдаг тухай асуудал хамгийн чухал юм. Барилга хот байгуулалтын яамны цахим хуудаст “Импортоор оруулж ирж байгаа барилгын материалын 99 хувийг хяналт шалгалтгүй нэвтрүүлж байна” гэсэн агуулгатай ярилцлагыг тус яамны Барилгын материал үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг өгчээ. Энэ бол ноцтой мэдээлэл юм.

Засгийн газрын 2014 оны 233 дугаар тогтоолоор батлагдсан “Шалгуур үзүүлэлт батлах тухай” журмаар Монгол Улсад импортолж буй 5744 төрлийн бараа бүтээгдэхүүнээс 2194 төрлийг хилийн шалгалтад хамруулан нэвтрүүлнэ, харин үлдсэн 3550 төрлийн бараа бүтээгдэхүүнийг шууд нэвтрүүлэхээр журамласан байдаг. Хилийн шалгалтад хамруулах барааны дунд барилгын материалаас ОСП хавтан, зарим төрлийн будаг, лак зэрэг цөөн нэр төрлийн барилгын материалыг улсын хилээр оруулах үед гарал үүслийн гэрчилгээ, бичиг баримтыг л шалгаж оруулдаг юм байна. Эрүүл ахуйн талаас хянаж шалгадаг процесс хил гааль дээр өрнөдөггүй ажээ. Дотоодын үйлдвэрлэлд ч хяналт шалгалт муу байдаг бололтой. Тодруулбал, манайд одоогоор 870 орчим аж ахуйн нэгж байгууллага, иргэд барилгын материалын үйлдвэрлэл эрхэлж байгаагаас 28.1 хувь нь дотооддоо лабораторитой, 71.9 хувь нь дотоодын лаборатори байхгүй гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэлж байна.

Өнөөдөр сургууль, цэцэрлэгийн засвар ид үргэлжилж байгаа. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны дугаар цэцэрлэгээр ороход л будагны үнэр хамар нэвт сэтэлж байв. Ягаан өнгийн будгаар будсан нарийхан хонгилд удаан зогсох аргагүй аж. Хэдхэн хоногийн дараа бяцхан хүүхдүүд ийм үнэртэй цэцэрлэгт өдрийн найман цагийг өнгөрөөнө. Сургуулиуд ч ийм л байна. Барилгын компаниуд ч хаа сайгүй орон сууц барьж буй. Тэнд дотор заслын бүх төрлийн материал орж буй. “Ашгаа бодож аль болох хямд төсрөөр барилгаа босгохыг бодно. Ингэхийн тулд Хятадаас хамгийн хямдаар материалаа татдаг. Тэгж байж л хэдэн төгрөг унагааж авна шүү дээ. Ер нь барилгын материал тэр нь хортой, хоргүй гэсэн ямар ч стандарт одоогоор алга. Тэгэхээр ингэж авахаас өөр яах вэ” гэж барилгын нэгэн компанийн инженер хэлж байна.

Шинээр баригдсан орон сууц болон хуучин барилга байшингийн засвар үйлчилгээнд Улсын комисс ажиллаж хүлээж авдаг. Тэгвэл Улсын комиссын барилга хүлээж авах стандартад тухайн барилга байшингийн орчин, барилгын материал нь хүний эрүүл мэндэд аюулгүй гэдгийг харгалзаж үздэг үү. Энэ тухай тодруулахаар Хотын стандарт, хяналтын газартай холбогдсон юм. Тус газарт Улсын комисс болон хуучин МХЕГ-ын барилгын хяналт, стандартыг хангуулах чиг үүрэг шилжээд байгаа юм.

Хотын стандарт, хяналтын газрын мэргэжилтэнтэй барилгын материалын эрүүл ахуйн талаар товч ярилцлаа. Тэрбээр “Энэ бол маш эмзэглэж явдаг сэдэв. Улсын комисс бол шинээр ашиглалтад орж байгаа барилга болон засвар тохижилтын ажил, цахилгаан зэрэг дөрвөн чиглэлээр ажиллаж хүлээж авдаг. Барилга дээр Эрүүл мэндийн сайд болон Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан тушаал байдаг. Үүний дагуу барилгын комисс ажилладаг. Бид барилга хүлээж авахдаа дотоод орчны шинжилгээг тодорхой цэгүүдээс хийдэг. Мөн дээр улсын сургууль, цэцэрлэгийн урсгал засвар дээр ч ажиллана. Ер нь ингээд ажиглахад барилгын компаниуд ашгаа бодоод, мэдээж төсөвт өртөг нь ч бага байх, хямд чанаргүй материал ашиглах хандлагатай байдаг. Түүнийг нь хянаж судлаад тогтоох боломжгүй. Учир нь урдаас орж ирж байгаа барилгын материалууд бүгд ямар нэгэн тохирлын гэрчилгээгүй, Монгол Улсын стандартад хортой, хоргүй гэж тодорхойлсон зүйл байхгүй. Хамгийн эмзэглэмээр нь хүүхдүүд ихэнх цагаа өнгөрөөдөг сургууль, цэцэрлэгийн засвар тохижилтод хамгийн хямд чанаргүй материал ашиглаж байна. Бидний хувьд журмынхаа дагуу илт хурц үнэртэй, хүн байх боломжгүй нөхцөлийг бүрдүүлсэн барилга орон сууц, засвар тохижилт дээр дотор агаараас шинжилгээ хийхийг шаарддаг. Шинжилгээгээр зарим газруудад хүний биед хортой бодис өндөр гарах тохиолдлууд байдаг. Ийм хорт бодис агуулсан барилгын материалыг одоогоор манай улс нэгдсэн байдлаар шинжилдэггүй. Замын-Үүд дээр нэг лаборатори барих тухай яриад л байгаа юм билээ. Одоогоор ажил хэрэг болсон дуулдахгүй байгаа” гэсэн нь ноцтой тайлбар юм.

Барилгын материалын чанар стандарт дээр хуучин МХЕГ хяналт тавьж байв. 2021 оны тус газрын шалгалтын дүнг сөхөж харвал “Барилгын дотоод заслын материалтай холбоотой зөрчлийн 19.2 хувь нь ОСП хавтан, 16.7 хувь нь ДСП хавтан, 15.6 хувь нь алчуур хатаагч, 12.1 хувь нь будаг, 10.8 хувь нь уян холбоос, 9.8 хувь нь паркет, зургаан хувь нь дотор хаалга, 5.5 хувь нь лакны чанар байдалтай холбоотой зөрчил эзэлж байна. Эдгээр зөрчлийн шалтгаан нөхцөлийг авч үзвэл 28 хувь нь эрүүл ахуйн үзүүлэлтийг стандартчлаагүй, 26 хувь нь шинжилгээ туршилтын лаборатори байхгүйгээс шалтгаалж гарсан байна. Цаашид ОСП, ДСП хавтан, будаг зэрэг зарим нэр төрлийн барилгын материалын стандартуудад эрүүл ахуйн үзүүлэлт шаардлагыг тусгах, паркет, алчуур хатаагч, уян холбоос, лак, цонхны нугас түгжээ, резин жийргэвч, эрчим хүчний шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн материалын техникийн зохицуулалт, стандартуудыг шинээр боловсруулж батлуулах зэрэг эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай байна” гэж дүгнэсэн байдаг аж. Нэг ёсондоо манай улсад барилгын материалын чанар эрүүл ахуйг шинжилдэг лаборатори байхгүй, түүнээс шалтгаалж стандарт мөрдөгддөггүй, хилийн хяналтын барааны жагсаалтад дотоод заслын материалууд ороогүй зэргээр хяналт шалгалтаас гадуур өнгөрдөг юм байна.

Дотоод орчны агаарт химийн хорт бодис хэрхэн агуулагдаж байгаа талаар ЭМЯ, НЭМҮХ, Ногоон титэм ТББ 2020 онд судалгаа хийжээ. Энэ судалгаанд оролцсон анагаах ухааны доктор, дэд профессор Н.Одонгуа оролцсон аж. Түүнээс дотоод орчны бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар лавшруулан тодруулахад “Судалгааны багийнхан 2020 онд найман төрлийн барилгын материалыг лабораторийн шинжилгээнд хамруулсан. Барилгын будаг дээр гэхэд дотоод орчныг будсаны дараа гурав, долоо, 28 хоногийн хугацаанд ямар хорт бодис үүсгэж, орчныг хэрхэн бохирдуулж байгааг шинжилсэн. Тэгэхэд ялангуяа будаг шингэлэгч бодист хавдар үүсгэгч промоденгол, бензол зэрэг долоон төрлийн хорт бодис маш өндөр хувиар илэрсэн. Нэг харамсалтай судалгаа хэлье л дээ. Жилд 120 хүүхэд шинээр хавдар тусдаг. Түүний 44 хувь нь цусны хавдар байдаг. Цусны хавдар үүсгэгч үндсэн шалтгаан бол промоденгол гэх хорт бодис. ДЭМБ-ын зөвлөмжөөр бол дотоод орчинд бензол огт илрэх ёсгүй. Хэрэв илэрвэл шууд үйл ажиллагааг зогсоох зөвлөмжтэй. Гэтэл түүнээс ч олон төрлийн хорт бодисоор монголчууд дотор орчиндоо амьсгалж байна. Тиймээс үүнийг хуульчлах ёстой. Монголын стандартуудыг дотор орчны барилгын материалуудад мөрдүүлэх хэрэгтэй. Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын сурч боловсорч байгаа орчин нөхцөл, монголчуудын амьдарч байгаа орчноосоо ийм хорт бодисуудаар амьсгалж байна гэдэг бол аюулын харанга” гэсэн нь маш ноцтой мэдээлэл юм.

Дотоод заслын барилгын материалууд үй олон төрөл. Эрүүл мэндийн салбарынхан цөөн нэр төрлийн бүтээгдэхүүн дээр хийсэн шинжилгээний үр дүн дээрх юм. Цаашлаад бидний 24 цагаар амьдарч буй орон сууц, барилга байшин, хашаа бүгд л будаг, хавтан, эмульс гээд олон төрлийн материалаас бүрдэж буй. Тэдгээр нь бүгд чанар стандартгүй, бүр хорт хавдар үүсгэгч хорт бодис агуулсан болж таарч байна. Ялангуяа хүүхэд багачуудын сурч боловсордог сургуулийн орчинд ийм хортой нөхцөл батлагдсан нь хамгийн эмзэглэмээр ажээ.

Categories
нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл эдийн-засаг

Д.Золбоо: Ерөнхий сайд АНУ-д хийсэн айлчлалаараа олон асуудлыг шийдэж чадлаа DNN.mn

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоотой ярилцлаа.


-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийсэн айлчлал олон улсын анхаарлыг татлаа. Түүний айлчлалыг том зургаар нь та юу гэж дүгнэж байна вэ?

-Тусгаар тогтносон, бие даасан улсын гүйцэтгэх засаглал болон Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдын хийдэг, хийх ёстой хамгийн чухал ажлын нэгийг амжилттайгаар гүйцэтгэлээ л гэмээр байна. Ерөнхий сайдын түвшинд нэлээд хэдэн жил тасалдсан айлчлал гэдэг утгаараа хүлээлт их байлаа. Олон асуудлыг нааштайгаар, хоёр талдаа харилцан ашигтайгаар шийдэж, шийдүүлж чадсан нь өнөөгийн олон улсын улс төрийн нөхцөл байдал хурдацтайгаар өөрчлөгдөж байгаа энэ үед хожим эргээд харахад “алтан үсэг”-ээр ч бичигдэх түүхэн айлчлалуудын нэг болсон гэж хэлмээр байна. Ер нь тэгээд бид л өөрсдөө идэвхтэй, санаачилгатай байхгүй юм бол биднийг гэж ирээд байдаг үе өөрчлөгдсөн шүү дээ.

-Айлчлалын үеэр манай хоёр улс “Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн эдийн засгийн хамтын ажиллагааны Замын зураглал”-д гарын үсэг зурлаа. Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, АНУ-аас илүү их хөрөнгө оруулалт татахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж талууд мэдээлж байсан шүү дээ. Тэгэхээр энэ хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ. Хэрэгжүүлэх тал дээр хэрхэн шуурхайлах ёстой вэ?

-Хийгдэх ёстой, хүлээгдэж байгаа маш олон ажил бий л дээ. Ерөнхий утгаар нь аваад үзвэл манай төрийн “гуравдагч хөрш”-ийн бодлогын амин сүнс нь эдийн засгийн хамтын ажиллагаа, тэр дундаа тэдгээр улс орнуудаас манайд хийгдэх шууд хөрөнгө оруулалт шүү дээ. Хамтын ажиллагааны олон хэлбэр бий, жишээ нь манай хоёр улсын худалдааны эргэлт хэзээ ч хөрш орнуудаас илүү гарахгүй нь гашуун үнэн. Харин бусад салбар тухайлбал уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг амин чухал салбарт хөрөнгө оруулалт, тэргүүний техник технологи нэвтрүүлэх, суурьшуулах зэргээр хамтрах өргөн боломж хэзээд ч нээлттэй л байна. Хэрвээ бүр өөдрөгөөр харвал сансар судлал, хиймэл дагуул, харилцаа холбооны чиглэлээр ч ажиллах шаардлага, боломж байсаар л байна.

Ерөнхий сайдын албан ёсны айлчлалын дүнг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар болсон тухай мэдээ харсан байх. Олон нийтэд зориулсан амжилт ололтоо дурдахаас гадна амжуулаагүй, хийж чадаагүй зарим зүйлсийн талаар бодитой дүгнэсэн байгаа гэдэгт найдаж байна. Энэ удаагийн айлчлалаар манай улсын гадаад харилцаа, гадаад бодлогын аливаа асуудал “нэг цонхны” зарчмаар амжилттай хэрэгжсээр, бас нэгэн алхам урагшлуулж чадлаа.

-Манай улс АНУ руу шууд нислэг үйлдэнэ гэж олон жил ярьсан. Тэгвэл Ерөнхий сайдын айлчлалаар энэ мөрөөдөл биеллээ оллоо. Энэ нь бидэнд ямар боломжуудыг аврах вэ?

-Бидний монголчууд олон жил хүсэн мөрөөдөж, ярьсаар ирсэн чухал сэдвүүдийн нэг шүү дээ. Гадаад харилцаа, дипломат протоколын дагуу бол дээд хэмжээний айлчлалуудын үеэр соёрхон батлах, баталгаажуулах ёслол үйлддэг жишгээр л хийгдсэн болохоос богино хэмжээний айлчлалын үеэр шийдэгдсэн гэх нь өрөөсгөл. Бүр цаашилбал энэ чиглэлээр ажиллаж ирсэн үе үеийн Засгийн газар, мэргэжлиийн яам, инженер техникийн салбарынханы хүч хөдөлмөрийг үгүйсгэсэн хэрэг болох юм. Зүгээр нислэг үйлдээд, хүмүүс зорчоод, ачаа зөөгөөд байгаа юм шиг харагдавч энэ бүхний цаана манай дотоодын инженер техникийн олон салбар стандарт шаардлагуудыг нь хангах шаардлагын хүрээнд дагаад л хөгжинө. Жирийн иргэд зорчигчдодоо л гэхэд хямд үнэ, өндөр чанар амлах биз. Америк жуулчдыг татахад ч хамгийн чухал хүчин зүйлсийн нэг байх нь маргаангүй. Нэг зүйлийг сонирхуулахад миний бие залуу байхдаа америк болон барууны жуулчдад хөтөч хийдэг байхад үйлчлүүлэгчдийн маань хамгийн их гомдоллодог сэдэв нь удаан үргэлжлэх нислэг дэх тийзний үнэ байдаг байлаа шүү дээ. Агаарын тээврээр гүйцэтгэх ачааны үнэ ч одоогийнхоос хамаагүй буурвал аль ч талдаа ашигтай байх нь ойлгомжтой.

-АНУ-аас хөрөнгө оруулалт татаж, шинэ салбаруудад хамтын ажиллагааг эхлүүлэх тал дээр энэ айлчлалаас ямар үр дүн хүлээж болох вэ?

-Монголчууд бид маш олон зүйлсийг хүлээж байгааг дурдвал урт жагсаалт болох биз. Гэхдээ л нэг зүйл бол хамтын ажиллагаа хоёр талдаа харилцан ашигтай байх гэдэг ганц л зарчим бий. Хэдийгээр биднийг ардчиллын баярбүрд, үлгэр жишээ гэх зэргээр магтаж байгаа боловч худалдаа, эдийн засаг, шууд хөрөнгө оруулалт зэрэг зүйлс эхлэх үед нь өмнөх шигээ тогтворгүй байр суурьтай, гадныхныг хажиглах, хэт сэжиглэх зэргээр хандвал өөрчлөлт, ирээдүй бүрхэг хэвээр байх юм гэдгийг манайхан хаа хаанаа ойлгодог болсон байх л гэж найдаж байна. Гадаадын хөрөнгө оруулагчид хаана ч очсон тогтвортой, ил тод байдлыг л хүсдэг шүү дээ. Тэдгээр байхгүй орнуудад л авлига цэцэглэн хөгжиж, баялгийн хараал гэдгийг хүрдэг нь батлагдсан түүх дээ.

-Америкчуудын зүгээс манай ашигт малтмалын салбар тэр дундаа газрын ховор элементүүдийг хэрхэн сонирхож байна вэ?

-Зөвхөн америкчууд ч гэлтгүй техник технологийн өндөр хөгжилтэй, хагас дамжуулагч, чипний үйлдвэрлэл эрхэлдэг улс орон бүрд чухал байна даа. Даяаршлын хөгжлийн дагуу улс орнуудын ойлгож авсан нэг сургамж бол аливаа зүйлд тэр дундаа түүхий эдийн хувьд нэг улс орон, компаниас хараат байх нь буруу юм гэдгийг ойлгосон явдал гэж боддог. Тэр нь эргээд аливаа хөгжлийн чөдөр тушаа болдог юм байна. Хэрвээ хөгжүүлж чадвал газрын ховор элемент ч гэхгүй чанар, нүүрс боловсруулах, олборлох чиглэлээр ч ажиллах боломж бидэнд зөндөө байна. Ганцхан жишээ дурдахад л дэлхийд нүүрс боловсруулалтаараа хамгийн томуудын нэг Америкийн Пибоди компанийг нь ажиллах нөхцөл өгөхгүй байсаар байгаад хөөж гаргасан төр засагтай улс шүү дээ бид. Одоогийн төр засаг, бодлого боловсруулагчид энэхүү байдлаа ойлгосон, дахиж тийм юм болохгүй гэдгээ итгүүлж чадвал монголчуудын ирээдүй гэрэлтэй байлгүй яахав. Бид арай эрүүлээр сэтгээд тухайн үедээ гадны технологиор байгалийн занараа боловсруулж чадсан бол овоо хэдэн алхам урагш ахиж чадсан л байгаа даа.Чадаагүй гэх нь ч хаашаа юм, гадны гар хөлүүд л бужигнуулаад байх шиг харагдах юм даа.

-АНУ бол манай улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогод чухал байр суурь эзэлдэг орон. Дайн, цар тахлын нөлөөгөөр дэлхийн геополитикийн асуудал үүсчихээд байгаа энэ үед Монголын Ерөнхий сайд АНУ-д айлчиллаа. Энэ үйл явдлыг дэлхийн дахин тэр дундаа манай хоёр хөрш хэрхэн хүлээж авч байгаа бол?

-Ёстой гоё асуулт, загатнасан газар маажлаа. Нэгдүгээрт гэвэл, гадаад бодлого гэдэг тухайн улс орны дотоод асуудал гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байгаа гэдэгт итгэлтэй байна. Хоёрдугаарт, дундын бүсэд нь бусад улс орны нөлөө, ашиг сонирхол орж ирэхэд хөршүүд маань тааламжтай байдаггүй нь түүхээр батлагдсан үнэн шүү дээ. Тэр тусмаа өнөөгийн энэ ороо бусгаа цаг үед “гуравдагч хөрш” улс орнуудын төрийн тэргүүнүүдийн шил шилээ дарсан амжилттай айлчлалууд дээр нь гадагшаа хийж байгаа айлчлалууд үр дүнгээ өгч байгаад бие судлаачийн хувьд ихээхэн баяртай байна даа. Гадаад, дотоод бүх асуудлаа гаднаас асууж шийддэг биш бие даасан, тусгаар тогтносон улсын хувьд байдаг л нэг төрийн ажил гэж харвал өөр байх. Та санаж байгаа бол саяхан бид англи хэлийг заавал үзэх хэл байх эсэх дээр маргалдаж, мэтгэлцсээр арай гэж батлуулж чадсан шүү дээ. Энэхүү ажлын хамгийн гол тулгуур болсон англи хэлний багш бэлтгэхэд дэмжлэг үзүүлнэ гэдгээ тохирчихлоо. “Хэлтэй бол хөлтэй” гэдгээр бидний дараагийн үеийнхэнд дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэхэд нэг том шат ахих боломжийг нээж байна гэж харж байна. Багш нараа бэлтгээд авна гэдэг чинь хөрс сууриа тавина л гэсэн үг биз дээ. Техник, технологи гээд л бүх л зүйлийг нутагшуулахад англи хэл хамгийн чухал зэвсэг байсаар байх биз. Мэдээж хэрэг нөгөө талаасаа эх хэл, түүх, соёлоо муулах, мартуулах гэсэн санаа огтоос байхгүй шүү гэдгээ хэлэхгүй бол шүүмжлэгчид захаасаа өгсүүлээд олон. Энийг харин ч гадаад хэлтэй хүмүүс дэлхийд хүргэнэ гэдгийг ойлговол бидэнд бүр ч хэрэгтэй. Бас нэг жижигхэн жишээ сонирхуулъя. Манай эрдэмтэд, тухайлбал нийгэм, хүмүүнлэгийн салбарын судлаачдын маань сор болсон бүтээл монголоор байдаг ч түүнийг нь ойлгож хүлээн авах зах зээл хангалтгүй байсаар ирсэн. Бид саяхан нэрт эрдэмтэн, академич Чулууны Далай агсны “Монголын бөө мөргөлийн түүх” номыг академик хэвлэлийн олон улсын томоохон хэвлэлийн компаниар англи хэлээр хэвлүүлэхэд л дэлхийн 200 гаруй хүрээлэн, номын сангууд худалдан авч, эрдэм шинжилгээний эргэлтэд орж байгаагаас харж болно. Бид аливаа зүйлийг энүүхэн жалгандаа биш дэлхийн энгээр хардаг болоход англи хэл хамгийн чухал шүү гэдгийн л баталгаа юм даа.