Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлийн зэрэгцээ хэд хэдэн дээд хэмжээний уулзалтыг зохион байгууллаа. Гадаад харилцааны сайдын хувьд энэ удаагийн Ассамблейн гол онцлогийг дүгнэж хэлэхгүй юу?
-НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы ерөнхий хэлэлцүүлэгт 90 улсын төрийн тэргүүн, 42 улсын засгийн газрын тэргүүн, 44 улсын гадаад хэргийн сайд оролцож дэлхий нийтэд тулгарсан сорилтуудын талаар байр сууриа илэрхийлж цаашид авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаагаа танилцуулсан. Ерөнхий хэлэлцүүлэг “Итгэлцлийг сэргээж, эв нэгдлийг бэхжүүлэх” гэсэн сэдэвтэй, энэ сэдвийн хүрээнд “тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр болон зорилтуудыг дэлхийн нийтийн энх тайван, хөгжил дэвшилд чиглүүлж эрчимтэй хэрэгжүүлэх” гэдэг агуулга орсон байгаа. Тэгэхээр хэлэлцүүлэг үндсэндээ дэлхий дахины энх тайван, аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн хөгжил, хүний эрх зэрэг өргөн хүрээнд өрнөж улс орон бүр өөр өөрийн хүндрэл бэрхшээл, тулгамдсан асуудлыг дэлхий
нийтийн сонорт хүргэхийг хичээлээ.
-Гол онцлогийн тухайд хэлэхгүй юу?
-Мэдээж цаг үеийн нөхцөлтэйгээ уялдаад бүс нутгийн хямрал сөргөлдөөн, дайн энхийн асуудал хамгийн чухал сэдэв байсан боловч үг хэлсэн олон хүмүүс хиймэл оюуны хөгжлийн талаар онцгойлон дурдсан нь энэ удаагийн ерөнхий хэлэлцүүлгийн анзаарагдах нэг онцлог байлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ерөнхий хэлэлцүүлэгт олон улсын харилцааны тулгамдсан асуудлаарх манай улсын байр суурь, гадаад бодлогын тэргүүлэх чиглэл, зорилтууд, нийгэм, эдийн засгийн байдал, саад бэрхшээлүүд, төр, засгийн бодлого, үйл ажиллагааг танилцуулж үг хэлсэн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг ирэх 2024 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгааг зарласан. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд 2021 оноос хойш тогтмол оролцож байна. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч ерөнхий хэлэлцүүлгийн хажуугаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гүтэрэш, орлогч нарийн бичгийн дарга И.Тио, мөн Чех, Словени, Швейцар, Казахстан, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч, Японы Ерөнхий сайдтай уулзсан нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ач холбогдолтой боллоо. Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд У.Хүрэлсүх Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, НҮБ-ын эмэгтэйчүүдийн байгууллагын гүйцэтгэх захирал Сима Бахус нартай уулзаж хамтарч ажиллах талаар санал солилцсон.
-Та дээд хэмжээний уулзалтуудад оролцож хэд хэдэн улсын гадаад хэргийн сайд нартай уулзалт хийсэн. Эдгээр уулзалтын үр дүнгээс хуваалцвал?
-Олон улсын томоохон арга хэмжээний үеэр гадаад харилцааны сайд нар уулзаж хоёр талын асуудлыг ярилцаж, хамтын ажиллагааг урагшлуулах талаар санал солилцох боломж гардаг. Гадаад харилцааны сайд нар тэр болгон харилцан айлчлал хийгээд байх цаг наргүй улс. Харин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган, Мюнхэнд болдог аюулгүй байдлын бага хурал, АСЕАН-ын Бүсийн чуулган зэрэг жил болгон болдог олон талт арга хэмжээнүүд гадаад хэргийн сайд нарыг нэг дор цуглуулж уулзаж ярилцах өргөн боломж олгодог. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы үеэр би Румын, Беларусь, Латви, Колумби, Серби, Португалын гадаад харилцааны сайдтай уулзсан. Ихэнхдээ салбар хоорондын хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, ялангуяа олон улсын авто тээврийн хэлэлцээрийн дагуу өрнүүлдэг яриа хэлэлцээг эрчимжүүлэх, эцэслэн байгуулах, боловсрол, соёл, шинжлэх ухаан, сэргээгдэх эрчим хүч болон бусад салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон.
-Австрали болон Азийн томоохон улсуудтай иж бүрэн түншлэлийн хэлэлцээр хийгдсэн гэсэн мэдээлэл явсан. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Монгол, Португалын хооронд дипломат, албан болон тусгай паспорт эзэмшигчдийг визний шаардлагаас чөлөөлөх хэлэлцээр, Монгол, Колумбийн техникийн хамтын ажиллагааны тухай санамж бичигт гарын үсэг зурсан. Дашрамд тэмдэглэхэд өнгөрсөн долоодугаар сард Индонезийн нийслэл Жакарта хотод болсон АСЕАН-ын Бүсийн чуулганы гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр бид Австрали, Япон, Шри Ланка, Малайзын гадаад хэргийн сайд нартай уулзаж Австралитай харилцааны түвшинг ахиулж иж бүрэн түншлэлд хүргэхээр зарчмын хувьд тохиролцож, агаарын харилцааны тухай хэлэлцээр, нийгмийн хамгааллын тухай хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулах, Австрали, Монголын эрдэс баялгийн хөтөлбөрийн гуравдугаар шатыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, Австралийн Засгийн газрын тэтгэлгийн тоо болон ажиллах, амрах визэнд хамрагдах иргэдийн тоог нэмэгдүүлэхээр ярилцсан. Японтой энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэлийн үйл ажиллагааны 2022-2031 оны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлж улс төрийн итгэлцлийг бэхжүүлэх, Зүүн хойд Азийн бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг хадгалах, аюулгүй байдлыг бататган бэхжүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн хамтарч ажиллах талаар ярилцаж тохиролцсон. Жил болгон тогтмол болдог олон талт уулзалтуудын үеэр хоёр талын харилцааг урагшлуулан хөгжүүлэх өргөн боломж гардаг гэж би дээр дурдсан шүү дээ. Бид эдгээр боломжийг дээд зэргээр ашиглахыг хичээж үндсэн арга хэмжээний хажуугаар маш олон уулзалт товлож төлөвлөдөг.
-Энэ онд хэрэгжүүлсэн томоохон айлчлал арга хэмжээний талаар мэдээлэл өгнө үү. Онцлох томоохон яриа хэлэлцлүүд юу юу байсан бэ?
-Монгол Улс “Энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт” гадаад бодлоготой улс байна гэж манай гадаад бодлогын үзэл баримтлалд заасан байдаг. Өнөөдрийн нөхцөлд хоёр болон гуравдагч хөрш орнуудтайгаа тэнцвэртэй харилцаж хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд онцгойлон анхаарч байгаа. Тиймээс энэ онд ч мөн идэвхтэй гадаад бодлого явуулж өнгөрсөн жилээс дутахааргүй олон айлчлал, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Хойд хөршийн хувьд хууль тогтоох дээд байгууллагын дарга нар харилцан айлчилсан бол бол өмнөд хөршид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан ёсоор айлчилсан. Ерөнхий сайдын айлчлалаар Монгол Улсын шинэ сэргэлтийн бодлого, Алсын хараа 2050 хөгжлийн стратегийг Хятадын бүс зам, даян дэлхийн хөгжлийн санаачилга зэрэг стратегитай уялдуулах талаар тохиролцоонд хүрсэн.
-Энэ жилийн зун манай улсад олон айлчлал боллоо. Та ирсэн айлчлал бүрийн товч дүгнэлтүүдийг хэлэхгүй юу?
-Түрүүний яриагаа дуусгачихъя. Ерөнхий сайдын айлчлалаар боомт болон хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, ялангуяа Гашуунсухайт, Ханги, Шивээхүрэн, Бичигт зэрэг боомтыг хоёр талд харилцан ашигтайгаар багцлан хөгжүүлэх асуудлаар санал нэгдсэн. Мөн Бичигт, Хөөт, Чойбалсан чиглэлийн зүүн босоо төмөр замын бүтээн байгуулалт, санхүүжилтийн талаар гэрээ байгуулсан. Айлчлал олон байх тусмаа л бид дэлхийтэйгээ илүү харилцаанд орж байна л гэсэн үг. Мэдээж айлчлал бүр өөр өөрийн гэсэн дүгнэлттэй, ач холбогдолтой. Гуравдагч хөршүүдийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Франц, Польш, Киргизийн Ерөнхийлөгч, Гэгээн Ширээт төрийн тэргүүн нар Монгол Улсад албан ёсоор айлчилсан. Энэ жил Францын Ерөнхийлөгч анх удаа манай улсад айлчилсан нь түүхэн ач холбогдолтой байсан. Айлчлалыг дүгнэсэн Монгол, Францын хамтарсан тунхаглал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан чухал ач холбогдолтой түүхэн баримт бичиг боллоо. Польшийн талтай хүнсний хангамж, аюулгүй байдал, тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах, “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт монгол оюутан залуусыг хамруулж Польшид сургахаар тохиролцлоо. Киргизийн Ерөнхийлөгчийн айлчлал Төв Азийн улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх бодлогын хүрээнд хоёр улсын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн чухал ач холбогдолтой айлчлал байлаа. Айлчлалын үеэр Киргиз Улс Улаанбаатар хотод Элчин сайдын яамаа нээлээ. Гэгээн Ширээт төрийн тэргүүн, Ромын Пап Франциск Монгол Улсад түүхэн айлчлал хийсэн. Айлчлалын үеэр гадаадын олон зуун сэтгүүлч, сурвалжлагчид Монгол Улсад ирж Ромын Папын айлтгал болон төрийн тэргүүн нарын хэлсэн үгийг дэлхий нийтэд өргөн дэлгэр түгээсэн. Ромын Пап Франциск “Монгол Улс хүний эрхийг дээдэлсэн, энх тайвныг цогцлоосон, амар амгалан улс” хэмээн онцлон тодорхойлж, манай алдартай яруу найрагчдын шүлгийг эш татаж байсныг та бүхэн анзаарсан байх. Үүнээс гадна АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрисын урилгаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д айлчилж агаарын тээврийн тухай засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан, стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн хүрээнд эдийн засгийн чиглэлээр хамтран ажиллах замын зураглал, засгийн газар хоорондын хэлэлцээр зэрэг хэд хэдэн чухал баримт бичигт гарын үсэг зурсан. Энэ бүгд бүхэлдээ гуравдагч хөршийн бодлого зарчмынхаа дагуу зөв явж байгаагийн эхлэл юм. Цаашид ч бид гуравдагч хөрштэй харилцахдаа нээлттэй, тэнцвэртэй бодлогыг баримтласаар л байна.
-Гадаад харилцаа тэр дундаа гуравдагч хөршийн бодлого Монгол Улсад ус агаар мэт хэрэгтэй байгааг олон улс судлаачид хэлж байна. Салбарын сайдын хувьд уг асуудалд бодитой ямар ажил хэрэгжүүлэн ажиллаж байна вэ?
-Манай гадаад бодлогын үзэл баримтлалд гуравдагч хөршийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын улс төрийн гадаад бодлогын нэг хэсэг нь гэж заасан байдаг. Гуравдагч хөршүүдтэйгээ бид бүх түвшинд уулзалт, яриа хэлэлцээ хийж, идэвхитэй, үр дүнтэй харилцаа, хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлж байна. Үүний тод жишээг өнгөрсөн жил болон энэ жил хэрэгжүүлсэн дээд, өндөр түвшний олон айлчлалуудаас харж болно. Өнөөгийн олон улсын харилцааны энэ амаргүй нөхцөлд Монгол Улс гуравдагч хөршүүддээ өөрийн нөхцөл байдлыг зөвөөр ойлгуулахад онцгойлон анхаарч ажиллаж байна. Үүний үр дүн ч гарч байгаа гэж бодож байгаа.
-Энэ жилийг Монголд зочлох жил болгон зарласан. Үүний хүрээнд Гадаад харилцааны яам ямар үүрэгтэй оролцов. Ямар үр дүн гаргаж ажиллаж байна вэ?
-Энэ хүрээнд бид 2023 онд Монгол Улсад зохион байгуулах олон улсын чанартай 22 арга хэмжээний хуанлийг гаргаж олон улсад зарласан. Түүнчлэн Засгийн газар Монгол Улсад жуулчлахаар 30 хүртэлх хоногоор ирэх гадаадын 34 улсын иргэдийг 2023-2025 онд визийн шаардлагаас чөлөөлсөн. Өнөөдрийн байдлаар дэлхийн 98 улсын иргэдэд 30 хүртэлх хоногийн визийг цахимаар олгож байна. Гадаад харилцааны яам “Welcome to Mongolia” аяны хүрээнд мэдээлэл, сурталчилгааны цогц арга хэмжээ хэрэгжүүлж байна. Чойжин ламын сүм музейтэй хамтран бүтээж гадаадын 20 гаруй оронд толилуулсан “Хот мандал” хөдөлгөөнт үзэсгэлэнг “Мандала” нэртэйгээр 2023 онд дахин шинэчилсэн. Монголын байгалийн гэрэл зургийн “Amazing Mongolia” альбом гаргаж хөдөлгөөнт үзэсгэлэн болгон Европын орнуудаар аялуулан толилуулж байна. Хилийн чанадад суугаа манай Дипломат төлөөлөгчийн газрууд өөрсдөө арга хэмжээ зохион байгуулж Монголд зочлох жилийг идэвхтэй сурталчилж байна. БНХАУ, Бельги, Итали, Дани, Япон, Америк, Швед, Испани зэрэг нийт 16 орны 32 хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголд зочлох жилийн тухай мэдээллийг түгээн сурталчлах ажлыг тасралтгүй зохион байгуулж байна. Тухайлбал, Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын цахим хуудсанд Монголд зочлох жилийг сурталчилсан нийтлэл байршуулаад байна. ЮНЕСКО-гийн шугамаар НҮБ-ын гишүүн 193 оронд тараагддаг, олон улсад нэр хүндтэй “World Heritage Review” сэтгүүлд Монголын тухай тусгай дугаар гарсан, франц хэлтэй орнуудад аялал жуулчлалын салбарыг танилцуулдаг БНФУ-ын “Petit Fute” сэтгүүлийн 2023 оны хаврын дугаарын тэргүүн нүүрэнд Монгол Улсыг онцолсон сурталчилгааны дэлгэрэнгүй материал хэвлүүлж түгээсэн.
-Ойрын хугацаанд Монголд ирэхээр төлөвлөж буй томоохон айлчлал юу байна вэ?
-Энэ он дуустал, мөн ирэх онд дээд, өндөр түвшинд болон гадаад харилцааны сайдын түвшинд хэд хэдэн айлчлал, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Аливаа дээд, өндөр түвшний айлчлал, арга хэмжээг айлын талтайгаа тохиролцсоны дараа зэрэг зарладаг жишиг, уламжлалтай тул эдгээр айлчлал, арга хэмжээнүүдийн талаар цаг тухайд нь олон нийтэд мэдээлэх болно.