Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Үйлчлүүлэгч С.Мягмар: Хэрэглэгчээ боддог газар үйлдвэрлэгчийн үнээр хямд зараад болоод л байна DNN.mn

Ахуйн болон хүмүүсийн байнга хэрэглэдэг барааны үнийг сурвалжиллаа. Эхлээд фэйсбүүкт “Guren online shop хэмээн нэрлэгдсэн дэлгүүрийн 32 тойрог дахь салбарыг зорин очлоо. Энэ дэлгүүр бидний ярьж заншсанаар Сөүл эмнэлгийн чанх ард хоёр давхар байранд байрладаг юм байна. Дэлгүүр тус байрны хоёр давхарт аж. Яваад ортол өөдөөс цуваа үүсгэн хүмүүс очерлон зогссон нь тооцоогоо хийхээр хүлээж байв. Хориод хүний урт дараалал үүсчээ. Тасаг лангуу болгоноор хүмүүс бужигнан сагстай, тэрэгтэй худалдан авалт хийж байлаа. Дэлгүүрийн менежер Д.Гантунгалаг бараагаа танилцуулан мэдээлэл өгөв.


-Танай дэлгүүрийн хамгийн хямд үнэтэй бараа юу вэ?

-Ер нь манай бүх бараа хямд үнэтэй. Хүмүүс орж ирэхээрээ ямар хямдхан юм бэ гэж гайхдаг. Дээр нь бичсэн үнийг харчихаад энэ үнэ нь мөн үү гэхээр нь тийм ээ л гэдэг. Жишээ нь, манайх нойтон сальфитикийг бүх төрлөөр нь оруулж ирдэг. Машины салоны, гутлын, хэрэглээний, гал тогооны гээд маш олон төрөлтэй.

-Дандаа солонгосоос оруулж ирдэг үү?

-Солонгос, хятад, европ гээд бүх газраас оруулж ирнэ. Гүрэн гэдэг утгаараа бүх газраас бараа оруулж ирэхийг эрмэлздэг. Орос, Америк, Хятад, Солонгос зэрэг олон улсын бараа бий. Ер нь өргөн хэрэглээний бараа хаана хямд байна, тэндээс оруулж ирэхийг эрмэлздэг.

-Монгол брэндүүд бас бий юу?

-Манайх монголчуудаа, монгол брэндээ дэмжихийг эрмэлздэг. Горгаз манайхтай хамтран ажиллаж байгаа. наадмаас хойш манайх горгазыг зарж эхэлсэн. Манайх Халгай брэндийг мөн зардаг. Эдгээр бүх барааг бид ямар нэгэн нэмэгдэлгүй зардаг. Монгол брэндүүдээ ч нэмэгдэлгүй, үйлдвэрийн үнээр нь зарж байна. Аму гээд Солонгост оёдол хийдэг монгол эмэгтэй бидэнтэй хамтран ажилладаг. Түлхүүрийн оосор хийж зардаг залуугийн үйлдвэрлэлийг бид дэмжин хамтран ажилладаг. Гэх мэтээр хамтран ажиллах тохиолдлууд их.

-Танай дэлгүүрт хямдрал явагддаг гэж байсан. тэр тухай мэдээлэл өгөөч?

-Манайх зарагдаж байгаа бараандаа тухайн үйлдвэрлэгч нь хямдрал зарлахаар огцом огцом хямдрал зарладаг

Одоо л гэхэд шингэн вок, хуурай вок, аяга таваг (жимс ногоо) угаагчийг комоор нь 25900 төгрөгөөр аваад гурван төрлөөс нэг нэг ширхгийг бэлгэнд өгч байна.

-Танайх ямарч нэмэгдэлгүй зараад яаж ашгаа олж байна вэ?

-Бусад дэлгүүрүүд үйлдвэрлэгчээс нь аваад ашгийн 20-30 хувийг нэмж зардаг. Манайх ерөөсөө тэгдэггүй. Яагаад гэвэл манайх хөл хорионы ид хямралын үеэр нээгдэж

байсан. Тиймдээ ч манай дэлгүүрийн уриа “Хямралын эсрэг хамтдаа” гэдэг. Манайх үйлдвэрлэгчидтэй шууд гэрээ байгуулан хамтран ажилладаг. Тиймээс л үндсэн болон бөөний үнээр ямар нэгэн нэмэгдэлгүй зардаг.

-Танай салбарууд бий юу. Цагийн хуваарийн мэдээллээ өгөөч?

-Манайх нийт дөрвөн салбартай. Нэгдүгээр салбар 13 дугаар хороолол Баянзүрх захын зүүн урд К-4 байранд байрладаг. Салбар-2 нь Төмөр зам Варьетта чуулгын баруун талд Venera төвийн хоёр давхарт бий. Гуравдугаар салбар Улаанбаатар их дэлгүүрийн замын ард. Дөрөвдүгээр салбар 32-ын тойрог явах шинэ зам дагуу Сөүл эмнэлгийн чанх ард хоёр давхарт байрладаг, энэ салбар гэсэн үг. Цагийн хуваарь өглөө 09:00 цагаас оройн 20:30 цаг хүртэл ажиллаж байна.

-Өдөрт хичнээн хүн үйлчлүүлдэг вэ. Нэг салбартаа хэдэн ажилтантай вэ?

-Үйлчлүүлэгчээ тоолж байгаагүй юм байна. Гэхдээ ер нь хүний хөл тасардаггүй дээ. Нэг салбартаа арав гаруй ажилтантай.

-Барааны төрлийн хувьд хичнээн төрөл бий вэ?

-Зөвхөн нэг салбар дээр л 3000 гаруй төрлийн бараа борлуулж байна.

-Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж салбар нэмэх үү?

-Нэмнэ. Манайх одоогоор Сонгинохайрхан болон Хан-Уул дүүрэгт салбаргүй. Яваандаа энэ хоёр дүүрэг болон хөдөө орон нутагт салбараа нэмнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Манай дэлгүүрийн фэйсбүүк хуудаст хөдөө

орон нутгийнхан салбар нээгээч гэж маш их ханддаг. Цаашид орон нутаг болон алслагдсан дүүргүүдэд ч салбараа нээхээр зорин ажиллаж байна гэв.

Ингээд дэлгүүрийн бараа бүтээгдэхүүний үнийг судаллаа. Maxim кофе ширхэг нь 350 төгрөг. Вакусны төрлүүдийг мөн гэрээгээр оруулж ирдэг. 10 ширхэгтэй вакус 7500 төгрөг. Коллагентай вакус ширхэг нь 2800 төгрөг. Хүүхдийн кальцтай вакус 13500 төгрөг. Бэмэксийн компанийн кофе, цайг хүмүүс их хэрэглэдэг

Хатан цай 30 ширхэгтэй нь 9670 төгрөг. Bestcup брэндийн 30 ширхэгтэй кофе 11850 төгрөг. Гүрэн дэлгүүр Disney брэндийг шинээр оруулж иржээ. Нялх хүүхдүүд хэрэглэх харшил өгөхгүй сальфетка 168 тасдагчтай нь 13000 төгрөг. Алчуур хэрэглэдэггүй угаагаад хэрэглэх боломжтой сальфетка юм байна. Jobi брэндийн 3 литртэй шингэн вок 23000 төгрөг, 2 литртэй нь 18000, 500 гр-тай нь 5000 төгрөг. Шингэн саван 3500-9800 төгрөг хүртэл. Аяга угаагч 5000-18000 төгрөг хүртэл зарагдаж байна. Хүүхдийн 6 кг-тай орос угаалгын нунтаг 51430 төгрөг. 9 кг-тай нь 74560 төгрөгөөр зарагдаж байна. Чийгний гудас дөрвөн ширхэгтэй эвлүүлдэг нь 18000 төгрөг. Амны цаас 100 ширхэгтэй нь 3500 төгрөг. Газ солонгос нь 3300, монгол нь 2800 төгрөг. Нойлын цаас бор өнгөтэй 60 ширхэгтэй нь 14000 төгрөг. Цагаан нь 15000 төгрөг. Дөрвөн ширхэгтэй нойлын цаас хамгийн хямд нь 4500 төгрөг. 15 ширхэгтэй хүүхдэд зориулсан нойлын цаас 6500, 32 ширхэгтэй нь 8500 төгрөг. Солонгос савангууд ширхэг нь 1800 төгрөгөөс эхэлнэ. Солонгос нүүрний маск ширхэг нь 450 төгрөгөөс эхэлж байна. Мөн Гүрэн дэлгүүр электрон барааны Hobmess брэндийг оруулж ирдэг. Энэ брэндийн гал тогооны комыг оруулж ирдэг. Гурван хос сав нь 110 мянган төгрөг. Ёроол нь есөн давхар материалаар хийгдсэн. Дундаа хөнгөн цагаантай. Хоол амттай хэрнээ хурдан болно хэмээн менежер нь хэлж байв. Аяганы төрлүүд маш олон. Граммтай, соруултай тагтай аяга гэхэд л 5500 төгрөг. Лаанууд 4800-18900 төгрөгөөр зарагдаж байна. Хичээлийн хэрэгсэл, хүүхдийн тоглоомын хувьд модон тоглоом 6900 төгрөг. Хүүхдийн цүнхийг 9900 төгрөгөөр зарж байна. Эко брэндийн бараанууд энд мөн л үйлдвэрийн үнээр зарагддаг. Оо сойз ариутгагчтай өлгүүр 40000 төгрөг. Машины халдаг суудал, руль гээд зарагддаг. Мэргэжлийн массажистын хэрэглэх бумба 16 ширхэгтэй, гуаша, жажим, спирттэй хөвөнтэйгөө дагалдаад 33900 төгрөг. 12 ширхэгтэй нь 26900 төгрөг. Таван ширхэгтэй никель савууд комоороо 53900 төгрөг. Wanli брэндийн будаа агшаагчууд хэмжээнээсээ хамаараад 75 мянгаас эхлээд 90 мянган төгрөг хүртэл зарагдаж байна. Жижиг мини угаалгын машин 7.8 литртэй пүүз угаагчтай 145000 төгрөг. Нэг хүний хөнжил 24900 төгрөгөөс эхэлнэ. Хоёр хүнийх нь 34900 төгрөгөөр зарагдаж байлаа.

Тус дэлгүүрийн үйлчлүүлэгч С.Мягмар ярихдаа “Гүрэн” дэлгүүрт гэр ахуйн болон ахуйн хэрэглээний бараанууд маш хямд үнэтэй байдаг. Бараг захын үнээс ч хямд шүү. Өмнө нь зах руу явах гэж түгжрэл дунд цаг алдаад, халуун халж, хүйтэнд даарч явдаг байсан бол энд эсрэгээрээ. Тав тухтай орчинд хямд чанартай бараа авна гэдэг хэн бүхний л хэрэгцээ болсон. Би эндээс нойлын цаас болон ахуйн хэрэглээний бараануудаа байнга авдаг болоод байгаа. Хорооллын дэлгүүрүүд болоод, захын үнээс хямд байхад заавал цаг алдаж, түгжрэл дунд стресстэж хол явахгүй үнэхээр амар болоод байгаа. Эднийх үйлдвэрлэгчийн үнээр зардаг болохоор НӨАТ төлдөггүй юм билээ. Өөрөөр яах ч билээ. Хямд үнээр авч байгаа болохоор хэрэглэгчид ч НӨАТ нэхдэггүй. Хямд чанартай барааг үйлдвэрийнх нь үнээр зарж байхад бид ч НӨАТ-ын баримт нэхээд байхгүй нь ойлгомжтой. Бусад адил төрлийн бараа оруулж ирж зардаг дэлгүүр худалдааны төвүүд эднийхээ жишээ авч өргөн хэрэглээний барааны үнэ өсч байгаа үед хэрэглэгчдээ бодож ажилламаар л байгаа юм. Лангуу түрээслэдэг, өндөр үнэ төлдөг гэх мэт шалтгаанууд байдаг л байх. Гэхдээ хэрэглэгчээ боддог газар үйлдвэрлэгчийн үнээр зараад болоод л байна шүү дээ. Эднийх дөрвөн салбартай. Би бүх салбараар нь орж үзсэн. Бүх салбарынх нь үнэ адилхан. Байс гээд л бараандаа хямдрал зарлана. Азтан тодруулна. Олон боломжит зүйлүүдийг нэмж санал болгодог. Эднийх ч гэсэн түрээсийн байранд л адилхан хүмүүсээ цалинжуулаад л ажиллуулж байгаа шүү дээ. хэрэглэгчээ боддог газар өөр байгаа биз. Зөвхөн нэг тиркон дээр жишээ аваад үзье. Шилэн тирко энд 3500. Зах дээр хамгийн хямд нь 5000 төгрөг. Арай зузаан нь энд 5000 төгрөг бол зах дээр 8500 төгрөгөөр зардаг. Бүр зузаан өвлийн тирко энд 8000 төгрөг. Зах дээр 20000 төгрөг. Ямар ялгаатай нь шууд мэдэгдэж байгаа биз дээ. Ийм байхад даарч хөрөөд, түгжрээд зах руу явахыг хэн хүсэх вэ дээ” гэлээ.

“Гүрэн” дэлгүүрээс гараад “Их тойруу” худалдааны төв болон 3, 4 дүгээр хорооллын адил төрлийн бараа зардаг дэлгүүрүүдээр сонирхлоо. 230 ширхэгтэй Мaxim кофе 81500 төгрөгөөр зарагдаж байна. Дээрх дэлгүүрт байгаатай яг адилхан материалтай гурван хос савыг тус бүрд нь салгаад 65, 75, 85 мянган төгрөгөөр зарж байлаа. Нойлын цаас хамгийн хямд нь 20 ширхэгтэй нь 15 мянган төгрөгөөс эхэлж байна. Шилэн тирко хямд нь 5000. Дээшээ 25 мянган төгрөгт хүрч байв. Граммтай, тагтай, соруултай аяга ширхэг нь 10 мянга. Хятад будаа агшаагч хамгийн жижиг нь 70 мянгаас эхлээд 300 мянган төгрөг хүртэл үнэтэй. Коллагентай вакус ширхэг нь 3200-3500 төгрөг. Нэг хүний хөнжил 70 мянган төгрөг. Хоёр хүнийх нь 95 мянга. Ариун цэврийн өрөөний сойз ариутгагч 68 мянга. Таван ширхэгтэй никел савны ком 70 мянга. Солонгос нүүрний маскууд ширхэг нь 1500 төгрөгийн үнэтэй. 100 ширхэгтэй амны цаас 5500 төгрөгөөс эхлээд 7800 төгрөг хүртэл зарагдаж байна. Чийгний гудас эвлүүлдэг дөрвөн ширхэгтэй нь 30 мянга. Jobi брэндийн шингэн вок 3 литртэй нь 35 мянга. Горгаз болон солонгос газ ширхэг нь 5000-5500 төгрөгийн үнээр зарагдаж байлаа.

Эндээс харахад ахуйн хэрэглээний барааны үнэ онлайн шопуудад энгийн дэлгүүрээс харьцангуй хямд үнээр борлуулагдаж байна.

С.ОТГОНБАЯР

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Ч.Чулуунцэцэг: УИХ-ын гишүүд 300 хүүхдийн эрхийг хамгаалах мөнгөөр кофе уунгаа зовлон ярьсаар гарч ирсэн дээ DNN.mn

Төрийн ордонд өнгөрсөн лхагва гаригт болсон хүүхэд хамгааллын сонсголын үеэр Боловсролын судалгаа арга зүйн чадвар төвийн тэргүүн Ч.Чулуунцэцэг “Зочдод зориулсан кофены нийт үнэ 300 хүүхдийг бүтэн жил хамгаалах төсөвтэй тэнцэж байна” хэмээн шүүмжилсэн нь олон нийтийн анхаарлыг татаад буй. Түүнтэй хүүхэд хамгааллын асуудлаар ярилцлаа.


-Төрийн ордонд хэлсэн таны үг товчхон хэрнээ нэлээд юм бодогдуулсан. Олон нийт ч ингэж харж байгаа нь нийтийн сүлжээнд бичигдэж байна. Ерөөсөө бид хүүхэд хамгаалал, хүний эрхийн асуудлыг ярихдаа мэдрэмжтэй байхаас л эхлэх ёстой юм биш үү гэж бодогдсон?

-Өчигдөр (лхагва гаригт) хүүхэд хамгааллын асуудлаар УИХ-ын хяналтын сонсгол Төрийн ордонд болсон. 12 настай охины амиа алдсан хэрэг болон сүүлд хүүхдийн эрх зөрчигдсөн хүнд кейсүүд гарсан. Үүнтэй холбоотойгоор УИХ дээр Хүүхэд хамгааллын хуулийг хэлэлцүүлж батлуулахаар ард нийтээс сонсгол явуулсан нь тэр. Тэнд би байгууллагынхаа өмнөөс оролцогчоор бүртгүүлээд орсон. Миний хүлээлт өөр байсан. Ер нь хуулиа чангатгах юм байна, хүүхэд хамгааллын асуудлаар дорвитой хөдлөх нь. Сонгууль ойртож байгаа учраас эмзэг сэдэв рүү орж байгаа ч далимдуулаад хүүхэд хамгааллын хууль батлагдаад авбал болж байна гэж харсан. Тэртээ тэргүй улстөрчдийн арга барил ийм шүү дээ. Гэвч үнэндээ үр дүнд хүрэх ямар ч зорилгогүй сонсгол байсан. Зүгээр л зовлон яриад кофе уугаад, зовлон яриад кофе уугаад суусан. Үүнийг зүгээр хоёр эмэгтэй гэртээ суугаад хонины мах татаад бууз хийж идэнгээ “Яана аа, энэ хүүхдийн хүчирхийлэл хэцүү байна тэ” гээд ярьж болно. Гэвч ийм яриа Төрийн ордонд өрнөлөө. Болохгүй шүү дээ.

2017 онд хүүхэд хамгааллын зардал 2.5 тэрбум байсан. 2018 онд З.Нарантуяа гишүүн Ажлын хэсгийг ахалж байгаад найман тэрбумд хүргэсэн байдаг юм. Гэтэл өнөөдөр 2023 онд энэ төсөв хэвээрээ л байна. Таван жилийн өмнө талхны үнэ 720 төгрөг байсан. Өнөөдөр хэд хүрсэн билээ. Гэтэл хүүхэд хамгааллын зардал нэг ч төгрөгөөр өсөөгүй. Уг нь хоёр сая хүүхдийг хамгаалах тухай асуудал ярьж байгаа. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Хүүхэд хамгаалалд мөнгө нэмээд л байна. Гэтэл үр дүнд хүрсэн юм байхгүй. Би одоо хяналтын карт бөглүүлдэг юм бил үү” гэж байсан нь маш цочирдмоор сонсогдсон.

-Юу гэсэн үг вэ?

-Хүн өвчнийхөө картыг алдахад хүртэл осолтой болсон нийгэм. Энэ нь өөрөө хүний эрхийн асуудал. Гэтэл хүүхэд өөрөө хүчирхийллийн карт хөтлөөд биедээ аваад явах юм гэнэ. Ийм юм ярьж болох уу. Би өөр ч олон зүйл яримаар байсан. Гэтэл үг хэлэх хугацааг гурван минутаар хязгаарлачихсан. УИХ-ын гишүүд өөрсдөө болохоор 20 минут ярих эрхтэй, нэмэлт цаг нь 10 минут. Ингээд 30 минут нэг гишүүний ярихыг сонсож бид өдөржин суусан. Өглөө 09:30 цагт очоод 16:00 цагт гарч ирсэн. Гэвч ямар ч үр дүн байхгүй. Хүүхэд хамгаалалд найман тэрбум төгрөг төсөвлөснөө уулга алдаад байгаа хэрнээ сонсголд оролцсон 100 гаруй хүнд кофе тавьчихсан. Дундаж үнэ нь 8900 төгрөг гэхээр 300 хүүхдийн нэг бүтэн жилийн хамгааллын зардал. Ийм том зардлыг нэг удаагийн сонсголоор уучхаж байна. Ийм арга хэмжээ сүүлийн гурван жилийн хугацаанд тав дахь удаагаа болж байгаа. Тэгэхээр 1500 хүүхдийн эрхийг хамгаалах төсвийг уучихсан хэрэг.

-Хүүхэд хамгаалалд асуудал нь тодорхой байна. Ноцтой кейсүүд гарсан. Тодорхой шийдэл, гарц л хүлээгдэж байгаа. Энэ тухай яригдсан уу?

-УИХ-ын гишүүд ерөөсөө “Маш их мөнгө зарцуулж байна, яагаад хүүхэд хамгаалж чадахгүй байна вэ. Энэ цагдаа нар яагаад ажиллаж чадахгүй байгаа юм бэ. Яагаад, яагаад вэ гэдэг асуулт л тавьж суусан. Уг нь бид энэ асуултыг тавьж, хариулт авах гэж очсон шүү дээ. Хууль тогтоогч, төсөв баталж байгаа хүмүүс “Яагаад чадахгүй байгаа нь ийм шалтгаантай байна” гэж хэлэх юм байх гэтэл биднээс асуугаад л сууцгааж байсан. Уг нь түүний оронд “Энэ асуудлыг ингэж шийдмээр байна. Барилгын салбарт хүүхэд хамгааллыг ингэмээр байна. Та нарт ямар санал байна. Уул уурхай дээр ингэж хиймээр байна, эрүүл мэндийн салбарт хүүхэд хамгааллын ийм ажлыг үр дүнд хүргэмээр байна. Дунд шатны агентлагууд бодлогын хувьд ингэж ажиллах ёстой. Иргэд, төрийн бус байгууллагын төлөөлөл та ямар санал хэлэх вэ” гэж асууж, ярилцах юм байх гэж очсон. Үгүй, чадаагүй. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд нь “Яагаад хүүхдийг хамгаалж болохгүй байна вэ” гэж асуугаад суухаар гудамжинд байгаа би юу гэж хариулах вэ.

Тэгээд л хурал тарчихсан. Сүүлийн хүмүүсийг үг хэлүүлээгүй. Олон хүн үг хэлэх байсан. Гэвч асуудал эвгүй тийшээ эргэхээр хаачихсан байх. Хүмүүс ярих болохоор “Тарах цаг боллоо” гээд сануулаад байсан. Миний дараа ганц нэг хүн яриад л хаачихсан. Ер нь төрийн түшээд шүүмжлэл хүлээж авахаас асар их эмзэг ханддагийн л илрэл. Айлын гурван настай охин хүүхэд хүчиндүүлээд нас барахад эмзэглээгүй мөртлөө иргэд өөрсдийг нь шүүмжлээд эхлэхэд маш эгдүүцэж байсан. Ер нь энэ байдлыг бид олон жил харлаа шүү дээ.

-Нэг удаагийн кофены зардалд 300 хүүхдийг хамгаалах төсөв байна гэдэг харьцуулалт олон зүйлийг хэлж байна л даа. Бид хүүхдэдээ хайргүй, элэггүй юм?

-Төрд байгаа хүмүүс хүүхдийн асуудалд эмзэглэдэггүй. Гал хэвээр нь үлдээчихдэг. Жаахан юмаар дараад л газар авахуулдаггүй. Өөрсдийнх нь талаар том асуудал босоод ирэхээр дарахын тулд хүүхдийн асуудлыг сөхөөд гаргаад ирдэг технологитой болчихсон. Сая бол сайд нараа томилохын тулд 12 настай охины асуудлыг сөхөж гаргаж ирлээ. Дараа нь дөрвөн хүүхэд алга боллоо. Олон нийтийн анхааралд орохгүй байна. Тэгэхээр энэ хүмүүс хүүхэд хамгааллыг хүсэхгүй байна гэж хардахаас аргагүй.

Үнэндээ хүүхэд хамгаалалд найман тэрбум төгрөг их мөнгө биш шүү дээ. Энэ мөнгө чинь АТҮТ-ийн нэг ажилтны оймсон дотроос гарч ирдэг л мөнгө. Гаалийн ажилтан Цэцгээгийн хоёрхон үл хөдлөх хөрөнгийн үнэ. Цаана нь гаруй үл хөдлөхтэй гэж хэвлэлээр баримтууд нь гарна лээ. Ингээд харахаар хүүхдийг төрийн хамгаалалтад оруулах ёстой, бодлогыг зангидаж байх ёстой хүмүүст бидний хүүхэд сонин биш. Улныхны хүүхэд олуулаа ч байх шаардлагагүй гэж тэд үздэг. Ядарсан ард түмний хүүхэд үхэх, хорт хавдартай болох хэнд ч хамаагүй. Харин тэд өөрсдийнхөө хүүхдийг төрийн мөнгөөр хамгаалчихдаг. Гэрийн үйлчлэгчтэй, хичээлийг нь бэлдүүлдэг багштай, хоолыг нь хийдэг тогоочтой. Зөвхөн сургуульд нь зөөдөг тусгай жолоочтой. Баянхошуунд байгаа айлын охин машинд дайруулж үхэх, Дарь-Эхэд байдаг айлын охин гудамжинд явж байгаад гэмт этгээдэд хүчиндүүлээд жорлонд хаягдах аймшигт хэргүүд сонин биш. Б.Баярсайхан гишүүн гишүүн Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга байсан хүн биз дээ. Гэтэл саяны сонсгол дээр “Эцэг эхчүүд утсаа ухаад хүүхдээ харж хандахгүй байна шүү дээ” гэж маш мэдрэмжгүй зүйл ярина лээ. Өнөөдрийн нийгэмд эцэг эхчүүд утсаа ухах завтай байна уу. Яаж хүүхдээ хоолтой хонуулах вэ гэж хөлсөө урсгаж яваа. Харин тэд өөрсдөө чуулган дээрээ утсаа ухаад суудаг биз дээ. Ядарсан ард түмэн утсаа ухаад гурван минут суухад ард нь 500 төгрөг олох боломж алдагдана. Гишүүн хүн улны хэдэн боловсрол мэдлэггүй ядуу хоосон нөхөд утсаа ухаад, эсвэл архи ууж сууж байтал хүүхэд нь үхээд байна гэж тавлаж байна шүү дээ.

-Бусад гишүүд ямар байр суурь илэрхийлэв. Гарц гаргалгаа ярьсан гишүүн байна уу?

-Хөдөлмөр нийгмийн хамгааллын Х.Булгантуяа сайд “Би хүүхэд хамгааллын сайд, карт авч явж хөтөлдөг юм бил үү гэж бодож байна” гэх жишээтэй. П.Анужин “Энэ хурлыг бид байнга хийдэг. Үр дүн байхгүй. Үр дүнтэй болгомоор байна. Та юу хийгээд суугаад байгаа юм бэ. Ажиллаж чадахгүй” гэж хэлээд гараад явчихсан. Үнэндээ ажиллаж чадахгүй байгаа хүмүүсийн нэг нь өөрөө. Хэнд ялархаад байгааг ойлгоогүй. П.Анужин өөрөө лобби бүлэгтэй. Нам нь 65-уулаа, хууль батлах боломжтой. Өөрөө нөлөөллийн ажил хийж байсан, контент үйлдвэрлэгч. Түүнд маш их боломж бий. Б.Баярсайхан “Найман тэрбум төгрөг бол хангалттай мөнгө. Очих ёстой газартаа очихгүй, дээрээ идчихээд байна” гэж байсан. Дээрээ гэхээр парламентаараа идээд байгаа юм байна гэж ойлгосон. Хурал 10:00 цагт эхлэх ёстой байтал 11:37 цагт эхэлсэн. Нэг цаг 37 минут хоцорсон. Учир нь гишүүд ирж өгөөгүй. Б.Жаргалмаа “Хүүхдийн асуудлыг бүх зүйлээс нэгд тавьдаг байя” гэдгийг сонсголд нэг цаг 40 минут хоцорч орж ирчихээд ярьсан. Хоцорч ирж байгаа хугацаандаа нэг, хоёр, гуравдугаар асуудлаа зохицуулсаар байгаад бараг хоёр цагийн дараа ирээд ингэж ярина лээ.

Харин Цахим хөгжлийн сайд Н.Учрал бүтэн суусан байх. Хүүхдийн байршил тогтоодог “E-kids” аппликэйшн хийснээ танилцуулж байсан. 10 мянган хүн бүртгүүлээд байгаа гэсэн. Ийм байдлаар бүтээлч ажил хийж болмоор юм. Мөн дээр нь хүүхдийн хоолны төсөв яригдсан. Хүүхдийн хоолны төсөв өнөөдөр 1500 төгрөг. Нэг телевизээр гарч байсан. Сурвалжлагч захын гэр хорооллын сургуулийн нэг сурагчаас “Сургуульд сурах гоё уу” гэхэд “Гоё”. “Юу нь гоё байна” гэхэд “Хоол өгдөг” гэж хариулсныг хүмүүс харсан байх. Маш эмзэглэмээр зүйл шүү дээ.

-Гэтэл өнөөдөр 1500 төгрөгөөр талх ч авч чадахгүй байгаа. Ийм төсвөөр хүүхэд хооллож чадаж байгаа юу?

-Бодож үзье л дээ. УБТЗ-ын нэг орлогчийн гэрээс долоон тэрбум төгрөг олдсон. Тэр мөнгөөр нэг хүүхдэд 5000 төгрөгөөр чанартай хоол өглөө гэхэд 1.4 сая хүүхдийг хооллох төсөв. Энэ бол 1-12 дугаар ангийн бүх хүүхдэд чанартай үдийн хоол өгчих мөнгө. Тэгвэл нэг жилийн хугацаанд хүүхэд хичээлд явах өдрийг тооцоод үдийн хоол өгье гэвэл нэг хүүхдэд 990 мянган төгрөг л зарцуулах нь. Нэг сая хүүхэд гэвэл 990 тэрбум төгрөг болно. Авлигын хэргээр их наядаар нь идсэн хэрэг зөндөө байгаа. Монголын нийт сурагчдад бүтэн жил чанартай хоол өгье гэхэд 141 төрийн албан хаагчийн авлигаар авдаг мөнгө л зарцуулагдахаар байна. Өнөөдөр төрийн албан хаагчид үнэтэй машин унадаг болсон. Дундаас дээд албан тушаалтнууд цайны газарт ороод хоёр ширхэг мантуун бууз идэхгүй. Өдөр бүр том ресторанд хооллодог. Гэтэл цалин нь сая гаруй л төгрөг. Үүний цаана юу байх вэ.

-Нэгэнт хүүхэд хамгааллын асуудал ярьсных таны харж байгаагаар ямар ажил хийх шаардлагатай байна вэ. Энэ талаар гарц шийдэл санал болгох уу?

-Засгийн газраас хүүхэд хамгааллын асуудлыг ганц агентлагт хариуцуулаад хаячихсан. Мал төрийн хамгаалалтад байдаг. Хүүхэд байдаггүй. Уг нь эсрэгээрээ хүүхэд төрийн хамгаалалтад байх ёстой. Яагаад гэвэл тэд ирээдүйн Монголын эзэд. Хүүхэд ээжээс төрлөө. 18 жилийн дараа энэ улсын эзэд, энэ улсын хувь заяаг шийдэх иргэн болно. Энэ утгаараа төрийн хамгаалалтад байх ёстой.

Хэрэв би Ерөнхий сайд байсан бол 15 чиглэлийн яамдад, доошоо бүх агентлагт нь чиглэл өгнө. Жилийн нийт төсвийн тодорхой хувийг хүүхэд хамгаалалд зарцуул гэж. Жишээ нь, барилгын салбарт нэг хотхон барихад эхлээд хүүхдийн тоглоомын талбайг байгуул. Хэрэв үүнийг байгуулаагүй бол Улсын комисс хүлээж авахгүй. Уул уурхайн салбар нөхөн сэргээлт хийхээс гадна хүүхдийн ирээдүйд хөрөнгө оруул. Байгалийн баялгийг ашиглаж байгаа бол ирээдүйн хүүхдүүдийн хүртэх ёстой баялгийн өгөөжийн хуримтлал үүсгэх ёстой. Эрүүл мэндийн салбар бол маш чухал салбар. Монголд эмчлэгдэх боломжгүй өвчлөлийн жагсаалт гэж байдаг. Тэнд хүүхдийн өвчлөлийг оруулчихсан. Миний охин зүрхний цоорхойтой байлаа гэж бодъё. Монголд хангалттай эмчилнэ гээд гадагшаа явахыг зөвшөөрдөггүй. Хоёр настай хүүхэд Монголд эмчлэхдээ цээжийг нь ярж нээлттэй хагалгаа хийдэг. Үүний оронд 0-18 насны хүүхэд гадаадад эмчлүүлж болно, төлбөрийг нь төрөөс бүрэн хариуцна гэвэл би охиноо Япон руу аваачаад чанартай эмчилгээ хийлгэчихнэ биз дээ. Цавь руу нь дуран оруулаад л ангиогоор эмчлүүлэх боломжтой. Тэгвэл миний охин цээжээ яруулахгүй, эрсдэлгүй, насжилт нь уртасна. Гэтэл манай төр ийм зэрлэг харгис. Гадаадад эмчлүүлэх жагсаалтад нь ховор төрлийн хэдхэн өвчин багтдаг. Түүгээр бол Монгол Улс анагаах ухаанаар дэлхийд бараг цойлж байгаа юм байна гэж харахаар. Бусдыг нь Монголд эмчилнэ гээд байдаг. Яагаад эдгээрийг хийх сонирхолгүй байна гэхээр сайд гишүүдийн хүүхэд өвдвөл дурын улс руугаа аваад явчихдаг. Учир нь төрөөс мөнгө нь гаргана. Эцэг эхийнхээ ядуу хоосны бурууг хүүхэд үүрэх ёсгүй шүү дээ. Энэ мэтчилэн Хууль зүйн яам, Боловсролын яам, Соёлын яам ажиллах ёстой. Ингээд харвал хүүхэд хамгааллын асуудал ярихгүй салбар гэж байхгүй.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Лхагвасүрэн: Энэ оны эцэст инфляци нэг оронтой тоо руу орно гэж харж байна DNN.mn

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ипотекийн хөтөлбөрийг Засгийн газраас буцаагаад Монголбанк руу шилжүүлсэн. Ипотекийн зээлийн одоогийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөөч?

-Өнгөрөгч оны өдийд УИХ-аар 2023 оны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг батлахаар хэлэлцэж байх явцад ипотекийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлье гэсэн санал гарч тогтоолын төсөл хэлэлцэгдсэн. Учир нь Ковидын түр хуулийн дагуу ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулсан байсан. Тухайн үед Ковидын түр хуулийн үйлчлэл дуусгавар болсон. Ипотекийн хөтөлбөрийг 2023 онд багтаж Засгийн газарт шилжүүлнэ гэж тухайн үед яригдаж байсан ч УИХ-ын тогтоолын төсөлд “хагас жилд багтаж” гэсэн нэр томьёогоор орж ирж батлагдсан.

Тухайн үед манай банкны зүгээс хөтөлбөрөө шилжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, Засгийн газарт шилжүүлэх ажлын хэсэг гарч ажилласан. Тогтоолд туссан “хагас жил” өнгөрөгч долдугаар сарын 1-нд дууссан. Засгийн газрын зүгээс энэ хөтөлбөрийг авч явах тогтолцоо байхгүй учраас авч чадахгүй нь гэсэн. Ингээд долдугаар сарын 1-нээс хойш ипотекийн зээл гарахгүй байсан. Засгийн газрын хурлаар Монголбанкинд ипотекийн хөтөлбөрийг түр хугацаанд хариуцуулахаар хэлэлцэж шийдсэн.

Энэ чиглэлээр агентлаг байгуулсны дараа Монголбанкнаас шилжүүлэн авахаар яригдаж байна. Өнөөдрийн хувьд ипотекийн хөтөлбөрт Монголбанкны эх үүсвэрээр нийт 4.6 их наяд төгрөгийн мөнгө эргэлдэж байна. Энэ оноос эхлэн ипотекийн зээл сар бүр хэвийн хэмжээнд төлөгдөж байна. Өөрөөр хэлбэл, одоогоор ипотекийн зээл авсан иргэдийн сарын төлбөр сар бүр орж ирж байгаа гэсэн үг. Энэ эх үүсвэрээр ипотекийн зээл олгоно.

-Ер нь сард хичнээн хэмжээний ипотекийн зээлийн хүсэлт ирж байгаа вэ?

-Шаардлагатай эх үүсвэрийн дүн Монголбанкинд ирдэг. Тодруулбал, 800-аад тэрбум төгрөгийн эх үүсвэр зайлшгүй шаардлагатай байна гэсэн мэдээлэл ирсэн. Бидний хувьд энэ хөтөлбөрийг Засгийн газар руу шилжүүлэх үү, эсвэл өөрсдөө хариуцвал хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ гэдэгт чиглэл гаргах ёстой. УИХ-аас Монголбанк үргэлжлүүлэн хариуц, эсвэл Засгийн газарт хурдан хугацаанд шилжүүл гэсэн ямар нэгэн чиглэл шийдвэр гарах ёстой гэж харж байна.

Монголбанкны эх үүсвэрээр олгох зээлийн дээд хэмжээг Улаанбаатар болон орон нутагт ялгамжгүй буюу 150 сая төгрөг гэж холбогдох журам, гэрээнд тусгасан.

-Ипотекийн найман хувийг зургаан хувь болгоход шаардлагатай эх үүсвэрийг Монголбанк гаргах бүрэн боломжтой гэсэн байр суурийг зарим улстөрчид илэрхийлсэн. Үүний эх үүсвэрт хичнээн хэмжээний мөнгө шаардагдах вэ?

-Энэ чиглэлээр өмнө нь ажлын хэсэг ажилласан. Найман хувийг зургаан хувь болгоход 400-500 тэрбум төгрөгийн хүүгийн зөрүүний зардал гарахаар байгаа юм. Энэ мөнгийг хэн гаргах вэ гэдэг нь асуудал. Монголбанк бол төрийн байгууллага. Мэдээж манайх төсөвтэй ч, энэ дарамт нь төрийн нуруун дээр ирнэ. Энэ мөнгийг гарга гэсэн эрх бүхий этгээдийн шийдвэр гарах ёстой. 400-500 тэрбум төгрөг бол бага мөнгө биш, их хэмжээний тоо.

-Төсөв, мөнгөний бодлого хоорондоо уялдахгүй байна гэсэн шүүмжлэлийг эдийн засагчид хэлдэг. Энэ чиглэлд Сангийн яамтай хэрхэн хамтарч ажилласан бэ?

-Төсөв их хэмжээний тэлэлттэй байгаа үед макро эдийн засгийнхаа тогтвортой байдлыг хангахын тулд мөнгөний бодлого яах аргагүй хатуу байхаас аргагүй. Монголбанкны үндсэн зорилго нь төгрөгийн тогтвортой байдал буюу үнийн тогтвортой байдлыг хангах. Нэгэнт инфляци 10 орчим хувьтай өндөр байгаа тохиолдолд 6-8 хувьд хүргэхийн тулд бид мөнгөний хатуу бодлого явуулна. Энэ бол зөвхөн Монголд барьж байгаа бодлого биш. Дэлхий дахины олон орны Төв банкууд мөнгөний хатуу бодлого явуулж байна. Зорилго нь инфляцийг богино хугацаанд нам дор түвшинд аваачих.

-Инфляцийг бууруулах үүднээс Мөнгөний хатуу бодлого бариад ч инфляци буурсангүй шүү дээ. Нөгөөтэйгүүр мөнгөний хатуу бодлогын улмаас аж ахуйн нэгжүүдэд бизнесийн зээл олдохгүй байгааг хувийн хэвшлийнхэн хэлж байна?

-Инфляци зөвхөн манай улсад буурахгүй байгаа юм биш. Дэлхий дахинд байгаа үзэгдэл. Энэ нь олон учир шалтгаантай байна. Саяхан ОУВС-гийн жилийн уулзалт болсон. Уг уулзалтын үеэр энэ асуудал яригдсан. Цар тахал гэхээр хоёр гурван жилийн өмнөх асуудал яригдах хэдий ч өнөөдөр ковидын ард гарсан улс орон хэд байна вэ. Өнөөдөр ч тэр байдлаасаа гарч чадаагүй төвөгтэй нөхцөлд байгаа улс ч байгаа шүү дээ. Цар тахлын дараах олон улсын хурцадмал нөхцөл байдал нэмээд дайны шинжтэй зүйл байн байн гарч байна. Энэ нь эдийн засгийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулж байна. Гадаад худалдаа, тээвэр, барааны хомсдол үүсгэж байгаа учраас инфляци аль ч оронд өндөр байгаад байна л даа.

Төв банкны үндсэн зорилго нь инфляцийг нам доор түвшинд аваачих. Тиймээс сонголтгүйгээр мөнгөний хатуу бодлогыг барьж байна. Төсөв алдагдалгүй бол мөнгөний бодлогыг зөөлрүүлэх боломж гарч ирнэ.

-Ирэх жил инфляцийг 8.5 хувьд хүргэнэ гэж Сангийн яам мэдээлсэн. Энэ боломжтой юу. Ирэх жилийн төсвийн алдагдал таван их наяд шүү дээ?

-Энэ оны эхэнд Монголбанк мөнгөний бодлогын шийдвэрүүдийг гаргаж байхдаа энэ онд инфляци нэг оронтой тоо руу орно. Нарийн тооцоолбол найм орчим хувьд хүрэх болов уу гэсэн төсөөлөлтэй байсан. Хагас жилийн дараа төсөв 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдсэн. Долдугаар сард 9.2 хувьтай байсан инфляци есдүгээр сард 10.1 хувь буюу хоёр оронтой тоо руу орчихлоо. Анх төсвийн тодотголыг хийж байхад Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яамны зүгээс инфляцид хоёр нэгж хувийн дарамт үзүүлэх юм байна гэж байсан. Бидний төсөөллөөр 8.5 хувьд байсан инфляцид хоёр нэгж хувийн дарамт очиж 10.1 хувьд болсон. Одоогийн байгаа энэ тоо бидний төсөөллөөс ялгаатай биш байгаа. Оны эцэст инфляци нэг оронтой тоо руу орно гэж харж байна. Энэ бол мөнгөний хатуу бодлого үргэлжилж байгаагийн үр дүн юм.

-Ирэх оны төсөвт цалин тэтгэврийн нэмэгдэлд 4.6 их наяд төгрөг туссан. Энэ нь инфляцид нөлөөлнө. Тэгэхээр инфляцийг 8.5-д барих нь боломжгүй биш үү?

-1.8 их наяд төгрөгөөр төсвийн зардлыг нэмэгдүүлэхэд инфляцийн ямар дарамт гарч ирж байгааг би сая хэллээ шүү дээ. Үүнтэй адил ирэх оны төсөв ямар хэмжээгээр томорч байна, тэр хэмжээгээр инфляцийн дарамт ирэх нь ойлгомжтой. Энэ дарамт нь цалин тэтгэврийг нэмсэн хугацаанд гарч ирнэ. Ер нь төсөв, мөнгөний бодлогын үр дүн зургаан сарын дараагаас идэвхэждэг. Тиймээс цалин нэмэхтэй холбоотой зардлын дарамт ирэх оны төгсгөл рүү гарах байх гэж харж байна.

Р.ХИШИГЖАРГА

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Л.Оюун-Эрдэнэ “төв”-тэй одоогийн улс төрийн адал явдлууд DNN.mn

Бид өөрсдийгөө “Олон намын тогтолцоотой” хэмээн онгирцгоодог. Гэсэн ч хоёрхон нам л ээлжлээд төр барьж ирсэн. “Хүний эрх, эрх чөлөөг хангадаг. Ардчиллын баянбүрд” гэж хөөрцгөөдөг. Гэвч энэ хэзээ ч биеллээ олж байгаагүй. Эдгээрийг бидний туулж өнгөрүүлсэн 33 жилийн түүх нотолно. Өнөөдөр Улсын дээд шүүхэд улс төрийн 37 нам бүртгэлтэй байна. Сүүлд 3-4 нэмэгдсэн гэж үзвэл ерөнхийдөө 30 гаруй намтай 30 жилийг өнгөрөөсөн. Гэсэн атал МАН, АН хоёр ээлжлэн төр барьдаг. Жижиг хэмээх тодотголтой бусад 30, түүнээс олон нам нь бүх талаараа энэ хоёр намынхаа хаана нь ч хүрдэггүй. АН, МАН хүсэх юм бол механикаар өндөр рейтингэд хүрч болно. Ерөнхийдөө арай идэвхтэй, тэнхээтэй болсон нь нөгөөх хоёрынхоо халаасанд гүйгээд орчихдог. Тэгэхээр ойрын 2-3 сонгуульд АН, МАН-аас өөр сонголт бидэнд олдохгүй. Хэлэх, бодох дургүй боловч бодит үнэн маань энэ. 1990-ээд онд Үндсэн хуулиа баталж аваад өмчөө хувьчилсан. Төрд байсан өмчийн дийлэнх нь мэдээлэлтэй хэсэгт очсон. Дараа нь уул уурхайн лицензийн наймаа цэцэглэсэн. Бас л мэдээлэлд ойр хүмүүс асар их мөнгө эргэсэн энэ наймааг хийсэн. Араас нь газрын наймаа бичигдэнэ. Мөн л мэдээлэлд ойр, албан тушаалтай хүмүүст хамаатай. Ингээд энэ нийгэм 90:10 харьцаатай болчихсон. Хэдэн сарын өмнө нэг гишүүн эмэгтэй “Улныхан” гээд байсан. Үнэн шүү дээ. 10 хувийнхны амьдрал тасраад, үлдэх 90 хувийнх нь үнэндээ ул тавхай хоёроор л байна. Маш товч хэлэхэд өнгөрсөн 30 жилд Монголын улс төр үзэл баримтлал дээр огт нийлээгүй. Нэгдэж нийлсэн “эвийн цавуу” нь өмч хувьчлал, лиценз, газрын наймаа юм. Өөр утгаараа АН ч, МАН ч үзэл баримтлалгүй гэсэн үг. Цаасан дээр бол бий. Зүүний, барууны үзэлтэй гэнэ. Сүүлдээ нийгмийн хандлагад тааруулж нэр усыг нь өөрчилж л байна. Харамсалтай нь АН хэзээ ч барууны үзэлд тууштай яваагүй. МАН ч гэсэн зүүний үзэл суртал хэрэгжүүлээд сүйд болсон юмгүй. Тэгэхээр энд учиргүй их онол суртал бичээд тайлбарлаад байх шаардлагагүй. Байхгүй юмыг юуг нь бичих вэ дээ. Харин дэлхийн хаана ч байхгүй, монгол маягийн улс төрийн онол үйлчилдэг. Түүгээр АН ч, МАН ч замнадаг. Тийм байсан. Одоо ч тийм. Харин арай логиктой, системтэй сэтгэдгүүд нь тухайн цаг үеийнхээ улс төрийг авч явдаг. Сүүлийн үеийнхээр лидер хэмээнэ. Энэ бүх холион бантан, эсхүл Монгол маягийн улс төрийн хэв маяг нь анх 1992 оны Үндсэн хуулиас эхтэй. “1992 оны Үндсэн хууль атамангүй байх бодлогоор хийгдсэн” гэдэг юм. Засаглалыг хуваасан байдалтай. Яг хууль дахь эрх мэдлээ хэрэгжүүлбэл Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын хэн нь ч илүүрхэх боломжгүй. Тэр утгаараа нэг эхнэртэй эрчүүд, эсвэл нэг нөхөртэй хүүхнүүд шиг л аж төрж ирсэн юм. Өнөөдөр ч тийм байна. Гэхдээ 2019 он, түүний дараах Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрх мэдэл нэмэгдсэн. Ийм боловч өнөөдөр мөнөөх уламжлалт зөрчил байсаар л байна. Оршил болгож үүнийг тоочсон нь учиртай. Дэлхийд байхгүй энэ засаглал маань Монголдоо болоод байдаг. Харин гадаад ертөнцийг ангайлгадаг. Тэд биднийг дотооддоо хэрхэн учраа олж, аж төрдгийг ихэд сонирхдог. “Хоёр их гүрний дундах жижигхэн Монголын улс төр асар их амбийцтай. Дөрвөн сая дөхсөн энэ ард түмэн улс төрийн асар өндөр мэдрэмжтэй. Улс төрд оролцдоггүй, мэддэггүй нийгмийн ямар ч төлөөлөл байхгүй” гэцгээдэг. Тэгээд ч ойлгодоггүй л дээ, манайхныг. Бид ч ойлгохоор амьдардаг ард түмэн биш. Өөрсдөө ч өөрсдийгөө ойлгодоггүй цаг үе олон. Тэгэхээр олон таван үггүйгээр Монголын одоогийн улс төрийн адал явдлуудаас хүргэе. Агуулгын хувьд “Л.Оюун-Эрдэнэ төвтэй улс төр” хэмээвэл яг болно. Угсраа найман жил засаглаж буй МАН-ын дарга, бас Үндсэн хуулиар нэмсэн эрх мэдлийг хэрэгжүүлэгч анхны Ерөнхий сайдын хувьд Л.Оюун-Эрдэнэ яалт ч үгүй улс төрийн төв хэсэгт төвхнөчихөөд байгаа юм. Түүнийг “Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй ямар харилцаатай байгаа вэ” гэдэг нь сүүлийн жилүүдийн асар сонирхолтой асуултуудын нэг болоод байна. Анх 20082009 оны үед У.Хүрэлсүх түүнийг МАН-д оруулж ирсэн. Тэр хоёрын харилцаа 2000 оноос хойш үргэлжилсэн. Ах дүү, дарга цэрэг аль ч хэлбэрээр нь ойлгож болно. У.Хүрэлсүхийн тухайд Л.Оюун-Эрдэнийг их улс төрд оруулсандаа харамсахааргүйгээр үр шимийг нь хүртсэн. 2016 оны сонгуулийн дараа жил У.Хүрэлсүх тагнасан чагнасан асуудлаар буланд шахуулаад байхад Л.Оюун-Эрдэнэ аварсан. Үнэн шүү. Л.ОюунЭрдэнийн МАНАН руу хийсэн довтолгоо амжилттай болж, У.Хүрэлсүх засгийг, намыг гартаа авсан. У.Хүрэлсүх 2021 он гарангуут Ерөнхий сайдаас буугаагүй бол өдийд Ерөнхийлөгч болохгүй ч байсан байх магадлалтай. Л.Оюун-Эрдэнийг орондоо тавьчихаад явсан нь оносон. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухайд ийм юм. Харин Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсноосоо хойш удалгүй сөрж эхэлсэн байна. Дэл сул яриа тоймоо алдсан. ҮАБЗ-ийн хурал дээр хэд хэдэн удаа муудаж сайдлаа гээд л яригдаж байна. Хамгийн гол нь Л.Оюун-Эрдэнийн өмнө нь ч ярьдаг байсан шүүхийг шүүмжилдэг үгсээс нь сүүлийн үед У.Хүрэлсүх харагдаад байдаг болсон. Сая 2023 оны аравдугаар сарын 19-нд УИХ дээр хэлсэн үгэндээ “Монголын ард түмэн улстөрчдийн хэн нь, юуны төлөө зорьж байгааг, хэн нь хөшигний цаана тээг хийж байгааг, хэн нь хоосон дүр үзүүлэн жүжиж байгааг, хэнийх нь биеийн хэлэмж, нүдний харц үнэн ба худал байгааг таньдаг болжээ” гэснээс гэхэд л тэгж ойлгохоор байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын харилцаа нэг ийм, Л.Оюун-Эрдэнийн хэлснээр “хөшигний ард” яагаад байгаа нь тодорхой бус байгаа юм. Гэхдээ өмнөх Ерөнхийлөгч Н.Багабанди Ерөнхий сайд Н.Энхбаяр, Ерөнхийлөгч Н.Энхбаяр Ерөнхий сайд С.Баяр, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэсэн харилцаануудыг бодвол хоорондоо эвтэй байгаа мэт зураг үзэгдэнэ. Ерөнхийлөгчийн дэргэдэх тэрбум мод, төмөр зам, шонхрын зөвшөөрөл зэрэг аж ахуйн ажлууд, гадаад томилолтоороо ураны гэрээ, Эрдэнэбүрэнгийн УЦС зэргийг ярьж тохироод яваагаас У.Хүрэлсүх Л.ОюунЭрдэнэ хоёыг “Аргагүй л ах дүү хоёр юм даа. Ажлаа хүртэл сольж сэлгэж хийгээд байна” гэмээр. Ерөнхийлөгч шиг Ерөнхий сайд, Ерөнхий сайд шиг Ерөнхийлөгч харагдаад байгаа шүү. Тэгэхээр тэд сайн байгаа юу, муудсан уу гэдэг нь ерөнхийдөө ойлгомжгүй л байна. Ерөнхий сайд УИХ-ын дарга хоёр бол гар нийлдэг. Ингэж харагддаг. Уг нь УИХын дарга Г.Занданшатар бол 1970-аад оны гол төлөөллүүдийн нэг. МАН дахь 1980-аад оныхны эмээж явах хүмүүсийн нэг мөнөөс мөн. Гэхдээ Л.ОюунЭрдэнийн санаачилсан хуулиуд УИХ дээр хэзээ ч унадаггүй. Тэр ч байтугай өнгөрсөн зун гацаанд орчихоод байсан нүүрсний сонсголыг Г.Занданшатар захирамж гаргаж байж гацаанаас гаргасан. Одоо бол төсөвтэй холбоотойгоор зарим нэг сөрөг байр суурь илэрхийлээд байгаа. Тэр ойрд ихээхэн бухимдалтай гарч ирэх болсон. Гэхдээ энэ нь Л.Оюун-Эрдэнэ буюу Засгийн газар гэхээсээ Сангийн сайд Б.Жавхлантай шууд тулаад байгаа байдал харагдаж байгаа юм.

Б.Жавхланг Ерөнхийлөгчийн хамаатан. Тэр хэрээр Засгийн газартаа ч, нам дээрээ ч баргийн хүнд дийлдэхээ больсон гэдэг юм. УИХ-ын даргатай НӨАТ-ын асуудлаар маргахад нь ч тэр дүр нь тодорч л байна. Мэдээж Г.Занданшатар, Б.Жавхлан хоёрын маргаан энэ НӨАТ-аасаа болоогүй нь тодорхой. Уул нь нэг үеийнх, 2016 оны сонгуулийн дараа Энканто хавьд уулзалдаад салдаггүй байсан 10 гишүүний хамгийн идэвхтэй нь энэ хоёр байсан шүү. Гэвч өнөөдөр маргах шалтгаан гарсан бололтой. Хов жив ч гэх үү, бор шувуу болж яригдаж байгаагаар Г.Занданшатарын уурыг С.Баярцогт маш ихээр хүргэх болсон гэлцэж байна. С.Баярцогт түүнийг Оросын думын дарга Володинтой холбоотойгоор сайн шүүмжилсэн байсан. Гэхдээ үүнийг уурлах шалтгаан гэхээр жижигдэнэ. Намаас нь сонгогдсон Ерөнхийлөгчийн толгойг эргүүлээд байна гэж бухимдаад байгаа ажээ. Оронд нь өөр УИХ-ын даргын нэрийг ярьсан юм уу даа. МАН-ынхан АН-ын асуудалд ороод байна л гээд байсан. Харин УИХ-ын даргатай холбоотойгоор АН-ынхан МАН-ыг бужигнуулаад байгаа гэнэ. Энэ удахгүй УИХ-ын гишүүдийн С.Баярцогтын шүүхийн шийдвэрийн асуудлаар сонсгол хийх эсэхийг шийдэх дээр илэрнэ. “ Л . О юун-Эрдэнэ Д.Амарбаясгалан хоёр ямар байгаа вэ” гэдэг бол топ асуулт болсон. Түүх яривал тэр хоёр мөн ч олон амьдралыг хамт туулжээ. Өөрсдөө бол эвтэй байгаагаа л гайхацгаана. Логикийн хувьд тийм байх боломжгүй. Гадуур тэднийг “Сайнгүй” гэж ярьж байна. Л.Оюун-Эрдэнийн ярьдаг авлига, хулгай бүр дээр Д.Амарбаясгалангийн нэр гарч ирдэг. Өөрөө бол “Би холбоогүй. Та нар хараарай” л гээд байгаа. Баримт, фактууд нь өөрөөр тайлбарлаад байгаа. Л.Оюун-Эрдэнийн тухайд Д.Амарбаясгалангаас генсекийг нь авах байр суурьтай гэнэ. ЕТГ-ын дарга Я.Содбаатар очно. Цаг хугацааны хувьд энэ сэлгээ хойшилжээ. Сая Д.Амарбаясгалан Францад Ерөнхийлөгч, Я.Содбаатар хоёртой яриад сонгууль өнгөртөл генсекээрээ үлдэхээр болсон гэж байна. Я.Содбаатар гэснээс сүүлийн үед МАН-ын ч гэх үү, ямар ч байсан эрх барьж буй бүлгийн гол хүн нь тэр болжээ. Аливааг шийддэг гэдгээрээ алдаршаад байна. Өнөөгийн улс төрийн гол албан тушаалуудыг хашиж буй дээрх хүмүүсээс гадна өмнөх Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар, МАН-ын дарга нар, АН-ынхан гээд улс төрийн цөмийг бүрдүүлэгчид тус бүрдээ хөдөлгөөнд орчихоод л байна. Энд нэг зүйлийг хэлэхэд бид албан тушаалаа өгөөд явчихсан улстөрчдийг хашааны гадна гарсан мэтээр ойлгодог. Үгүй. Өнөөдөр Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар өөрийн улс төрөө хийсээр байна. Үүний баталгааг АН эргэж нийлж буй үйл явцад Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар идэвхтэй хийгээд нөлөөтэй оролцож байгаагаас харж болно. Жишээ нь АН-д хамгийн нөлөөтэй байгаа гэх С.Баярцогтыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй, Х.Баттулгыг Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнэтэй холбоод байдаг. Алийг нь ч батлах, эсвэл нотлох боломжгүй юм. Яалт ч үгүй мэдэж байгаагаар бол Х.Баттулгын 2021 онд дахин нэр дэвших эрхийг Л.ОюунЭрдэнэ 2019 онд Үндсэн хуулийн өөрчлөлт санаачилж оруулаад үгүй хийж байсан юм. Ер нь Л.Оюун-Эрдэнийн хувьд дээр нэр ярьсан ах дүү, анд найз, журмын нөхөд гэсэн статустай хүмүүстэй ямар ч харилцаанд хүрч мэдэх хүн. Тэгж харагддаг. Өнгөрсөн хугацаанд зарим хүнд гаргасан зангаас нь харвал тэр зорьсондоо хүрэхийн тулд замд нь тээглэвэл хэнийг ч яаж ч мэднэ. Боломж нь байвал дахин босохооргүй болтол нам дарж, няц гишгэж чадна. Хүн чанарын тухай ярих нь илүүц. Тэр үг түүнд үйлчлэхгүй. Т.Аюурсайхан, Б.Ганхуяг… гээд яривал түүхтэй найз нөхөд нь өнөөдөр хаана юу хийж байгаа билээ дээ. Эндээс үзэхээр Л.ОюунЭрдэнэ Ерөнхийлөгчтэй бие биеэ анасан, УИХ-ын даргатай ойр нягт, ЗГХЭГын даргатай цаг нь ирвэл яаж ч мэдэх харьцаан дээр очоод байгаа бололтой байна. Тэднээс гадна Хөгжлийн банк, Эрдэнэт, Оюу толгой, нүүрсний хулгайтай холбогддог хүмүүс тэр чигтээ Л.Оюун-Эрдэнийг занаж зүхээд сүйд болж байгаа. Гэхдээ Л.Оюун-Эрдэнээс түрүүлж буулт очихгүй л болов уу. Авлигачин, хулгайч, тэднийг хамгаалдаг…. гээд ярьдгаа ярьсаар л байна. Тэгээд ер нь Л.Оюун-Эрдэнэ нэг зуухаараа тарвага шиг, зууралдахаараа зангуу шиг юм байна лээ. Олон асуудлаас тэр нь харагдсан. Тэрчлэн Л.ОюунЭрдэнийн улс төрийн үзэл баримтлалыг тодорхойлох боломж хомс. Бусадтайгаа л ижилхэн. Авлига, хулгайг л үзэж чадахгүй нь харагддаг.Л.Оюун-Эрдэнэ авлигын хэргүүд, тэр дотроо УИХ дээр нүүрсний сонсгол, хууль шүүх дээр нүүрсний хулгайг шийдүүлэх гэж байдгаа тултал явж мэднэ. Түүнийхээ төлөө чөтгөртэй л нөхцөж мэднэ. Ерөнхий сайд болоод тавьсан зөвлөхүүдийг нь л хараарай. МАН-ын түүхэн дэх ямар ч даргын хэзээ ч хийхгүй томилгоо явдаг. Их л сонин хүмүүсээр зөвлүүлдэг хүн дээ. Удахгүй сонгууль болно. Дээр дурдсан хүмүүс Л.ОюунЭрдэнэтэй квот тохирно. Ерөнхийлөгчийн дүү, хүргэн, зөвлөхүүдийн олонх нь нэр дэвшихээр болсон. УИХ-ын даргын хэвлэлийн албан дарга асан эмэгтэйгээс эхлээд ойр хавийнхан нь сонгуульд хүч үзэхээр бэлтгэлээ базаагаад эхэлсэн. Генсек ч гэсэн ирэх сонгуульд том бүрэлдэхүүн сойхоор дуулдаад байна. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ эдний санал болгосон бүгдийг нэр дэвшүүлэх үү, үгүй юу гэдэг бас л тодорхойгүй юм. Лу.Гантөмөрийг анх АНын дарга болоход нь баяр хүргээд уулзахдаа “2024 онд нэр бүтэн нэр дэвшигчид явуулна шүү гэж тохирсон гэнэ лээ” гэж яригдаад удаж байна. Бас “Л.Оюун-Эрдэнэ өөрөө ирэх сонгуульд жагсаалтаас татгалзаж тойрогт нэр дэвших гэнэ” гэсэн яриа байдаг. Гэвч сонгуулиас наана “Хэрэв авлигажсан тогтолцоотой хийх энэхүү тэмцэл үр дүнд хүрч, эдийн засгийн хүртээмж нэмэгдэж, дундаж давхарга тэлэхгүй бол нийгэм өөрөө өөрийгөө засах өөрчлөлт рүү ороход нийгмийн сэтгэл зүй бүрэлдэн бий болсонд авлигын тэмцлийг сааруулж буй бүлэглэлийн гар хөл болсон шат шатны хувалзнууд, тэдний цаана байгаа эзэд нь бодит дүгнэлт хийгээсэй хэмээн хүсэж байна” гэж сая чуулган дээр хэлсэн үг нь улс төрийн тодорхой үйл явдлын үндэс болж мэдэхээр байна.

 

Б. Тулгат

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Пүрэвдорж: Эрдэнэтийн 20 хувийг олон нийтэд эзэмшүүлснээр төрийн өмчит компаниудын хяналт чангарч, улам шилэн, ил тод болно DNN.mn

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-ын хувьцааг олон нийтэд тараах асуудлаар тодрууллаа.

-УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Ж.Батсуурь та бүхэн Эрдэнэт үйлдвэрийн 20 хувийг иргэдэд тараах тухай УИХ-ын тогтоолыг санаачлан өргөн барьсан. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Төрийн өмчит компаниуд Монголын эдийн засагт маш том үүрэгтэй оролцож байгаа. Гэвч тус компаниуд дээр УиХ-ын гишүүдийн болон сайд дарга нарыг дагасан “цүнх баригчид” очиж тонон дээрэмддэг, хулгайлдаг. Улмаар тус компанийг ямар ч үр ашиггүй ажиллуулдаг болсон. Зарим нь өөрсдийнхөө хувийн өмчөөс долоон дор сэтгэлгүй ажилладаг. Үүний үр дүнд маш олон хулгай өнөөгийн нийгэмд гарч, гаарч байна. Улсынх нь ерөнхий сайд УИХ-ын индэр дээрээс 40 их наядын нүүрсний хулгай гарсан гэдгийг ил тод ярьсан.

тэгэхээр тӨүГ дээр гарч байгаа хулгайг хэдийгээр эрх баригчид гаргаж ирж байгаа ч яаж тэмцэх арга технологио огт танилцуулахгүй байна. Тиймээс төрийн өмчит компаниудад гарч буй хулгайгаас сэргийлэхийн тулд хувийг нь олон нийт болон аж ахуйн нэгжийн хяналтад оруулах юм.

-Тэр утгаараа хулгай гарахаас сэргийлэхийн тулд Эрдэнэтийн 20 хувийг олон нийтэд өгье гэдэг тогтоолыг санаачилсан гэж үү?

-Хулгайтай тэмцэх хамгийн үр дүнтэй арга бол энэ. санаачилсан тогтоолын төсөл ч үүн рүү бүхэлдээ чиглэсэн. тодруулбал эрдэнэт үйлдвэрийн 20 хувийг Монголын нийт ард иргэдэд үнэгүй эзэмшүүлэх, дахиад 20 хувийг нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг ажилтантай үндэсний аж ахуйн нэгжид тодорхой үнэ төлбөртэйгөөр борлуулж эзэмшүүлэх тухай тогтоол байгаа.

-Хулгайгаас сэргийлэх арга гэж байна. Өөр ямар ач холбогдолтой юм бэ?

-Компанийн тухай хуулиар компанийн 40 хувийг эзэмшиж байгаа тал тус компанийн гүйцэтгэх удирдлагад оролцох эрхтэй гэж заасан байдаг. тэр утгаараа үйлдвэрийн 40 хувь олон нийтэд очсоноороо иргэд, аж ахуйн нэгжүүд Эрдэнэтийн бодлогод оролцох боломжтой болно гэсэн үг. ингэснээр цүнх барьдаг нөхөд хулгай хийх боломжийг хааж өгч байгаа юм. Улмаар иргэд, аж ахуйн нэгж, компанийн төлөөлөл хамтарсан удирдах зөвлөлийн нарийн шүүлтүүрээр тухайн компанийн үйл ажиллагаа, бодлого төлөвлөлт явна гэсэн үг. ингэсний үр дүнд тухайн компанийн засаглал, үйл ажиллагаа ил тод шилэн болно. эцсийн үр дүндээ ТӨК-иүд илүү үр ашигтай ажиллах боломж нээгдэнэ. Хэрэв миний өргөн барьсан энэхүү тогтоолын төсөл үр дүнтэй болж чадвал шүү дээ. тэгвэл дараа дараагийн компаниудад ард иргэдийн хяналтыг оруулах боломж бас нээгдэнэ. ингэснээрээ бид хулгайтай бодитой тэмцэж эхэлнэ.

-Эрдэнэт үйлдвэр бол Монголын эдийн засагт асар том үүрэг гүйцэтгэж байгаа компани. Тиймээс ямар нэгэн хулгайгаас хол байлгахыг хэн хүнгүй л хүсч байгаа байх л даа. Энэ тэгээд бодит тэмцэл гэж ойлгох уу?

-Энэ жилийн тухайд Эрдэнэт үйлдвэр 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байгаа. үүний 20 хувь гэхээр 260 тэрбум төгрөг болно. мөнгийг 3.4 сая иргэндээ хувааж өгвөл нэг иргэнд 80 мянган төгрөг ногдоно. тэгэхээр таван бүлтэй айл 400 мянган төгрөг ногдоно гэсэн үг. Ингэж иргэн болгон хувь эзэмшиж ногдол авсанаараа иргэдийн тухайн компанийн үйл ажиллагааг анхаарах, хяналт тавих тогтолцоо илүү чанаржина, сайжирна. Улмаар тухайн төрийн өмчит компани илүү шударга ажиллах боломж нээгдэнэ гэж үзсэн.

-Танаас Ардчилсан намын бүтцийн талаар асуумаар байна. Саяхан орон нутгийн намын дарга нарыг сонголоо. Зарим нь АН-ын лидерүүдийн цүнх баригчид сонгогдлоо гэж шүүмжилж байна л даа. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Орон нутгийн намын дарга нарыг сонгосон. Гарч ирж байгаа дарга нарын ихэнх нь 1980-аад оны залуучууд байна лээ. үүнийг би Ардчилсан намын шинэ үе доороос түрэн гарч ирж байгаа гэж баяртай хүлээн авч байна. нөгөөтэйгүүр төрд олон жил хувалз шиг гүн шигдэж, ард түмнийхээ эсрэг бодлого гарган явж ирсэн нөхдийг төрөөс зайлуулах, холдуулах энэ шинэчлэлийг шинээр сонгогдсон намын дарга нараас олж харлаа. тиймээс Ардчилсан нам цаашдаа залуучуудад чиглэсэн бодлогыг түлхүү явуулна. Залуучуудын бизнес эрхлэх боломжийг бид бүх талаар нь нээж өгнө. бидний хувьд бол залуучуудыг бүх талаар аятай таатай орчинд амьдруулах боломжийг нээж өгөхөд чиглэсэн улс төрийг л хийх шаардлагатай байгаа.

-Ардчилсан намын шат шатны дарга нарын зөвлөгөөн болох уу. Хэзээ болох бол?

-Мэдээж дарга нараа сонгочихлоо. бүтцээ бие болгочихлоо. одоо нэгдэж аваад уулзах, намынхаа бодлогыг бүгдээрээ нийлж байгаад тодорхойлох ёстой. тиймээс удахгүй шат шатны намын удирдлагуудын зөвлөгөөн зохион байгуулагдах байх. Хэзээ хаана болох вэ гэдгийг намын байгууллага удахгүй олон нийтэд зарлах байлгүй.

Э.МӨНХТҮВШИН

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаа зарсан, түүгээр үйлчилсний улмаас бусдад учруулсан гэм хорыг худалдсан, түүгээр үйлчилсэн тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцна DNN.mn

Цахим орчинд “ Ц а г даагийн байгууллагад 14 настай, эмэгтэй ” Н ” н ь “хичээлдээ явна гэж гараад очоогүй, гэртээ ч ирсэнгүй алга боллоо, олж өгөөч” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулахад дээрх хүүхэд нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Т” нарын 14-16 насны нэр бүхий хүүхдүүдийн хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсныг олж тогтоон, ар гэр, асран хамгаалагч нарт хүлээлгэн өгөх, бусад шалгалтыг зохион байгуулж байна” гэх мэдээлэл түгсэн. Энэ мэдээллийн дагуу сурвалжиллаа.

Ү С Х – н ы 2 0 1 9 о н ы судалгаагаар нийслэлд архи зардаг худалдааны болон хүнсний дэлгүүр 2812, цэнгээний газар 457, кафе 428, зоогийн газар 564, зочид буудал 326 байна гэжээ. Эдгээр дэлгүүр, үйлчилгээний газрууд бага насны хүүхдэд архи, согтууруулах ундааны төрлийн зүйл зардаг эсэхийг сонирхлоо. Замд таарсан найман нэрийн дэлгүүр рүү оров. Тус дэлгүүр өөр өөртөө үйлчлэх бөгөөд архины лангуу нь худалдагчийнхаа кассны ард байх аж. Янз бүрийн шилтэй, элдэв хаяг шошготой архи, пиво лангуу дүүрэн өрөөстэй. Үнийг нь урд нь бичиж тавьжээ.

Худалдагч нь 30-аад насны эмэгтэй байлаа. Түүнээс цөөн асуултад хариулт авав.

– Та энд худалдагч хийгээд удаж байгаа юу?

-Би удаагүй ээ. Гурван сар л болох гэж байна.

-Өдөрт хэдээс хэдэн цагийн хооронд ажилладаг вэ?

-Өглөө 09:00 цагаас шөнийн 00:00 цаг хүртэл ажилладаг.

-Ажлын ачаалал их үү?

-Өөр өөртөө үйлчилдэг дэлгүүр болохоор ачаалал нэг их биш. Харин бараа их ирсэн өдөр бараагаа өрөх, зөөж хураах гээд ажил ихэсдэг.

-Үйлчлүүлэгч их орж ирэх үү?

-Зам дагуу болохоор хүн их орж ирнэ ээ.

-Танайх архи, согтууруулах ундаа зарах тусгай зөвшөөрлөө сунгуулсан уу?

-Тусгай зөвшөөрөл тэр өлгөөтэй байна. Би яг хугацааг нь харж байгаагүй юм байна. Сунгуулсан байх аа.

-Зам дагуу болохоор хүмүүс архи, согтууруулах ундаа бага авдаг уу?

-Ялгаа байдаггүй байх аа. Авч л байдаг шүү дээ.

-Бага насны хүүхдүүд архи эсвэл тамхи авахаар орж ирдэг үү?

-Ирдэг.

-Тэдэнд зардаг уу?

-Таньдаг хүмүүсийн хүүхдүүд бол өгчихдөг.

-Дунд анги ч юм уу ахлах ангийн хүүхдүүдэд тийм төрлийн зүйлийг зардаг уу?

-Зарим өсвөр насны хүүхдүүдийг дүрэмт хувцасгүй бол сургуулийн хүүхдүүд гэж мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр зарчихдаг л байх.

-Хэрэв сургуулийн хүүхэд гэж мэддэг бол зарах уу?

-Таньдаг, энэ хавийн хүүхэд бол зарна.

-Та худалдагч хийгээд гурван сар болсон гэсэн. Энэ хавийнхантай танилцаж амжсан хэрэг үү?

-Өдөрт олон орж ирдэг хүмүүсээ таньдаг болсон.

-Та насанд хүрээгүй хүүхдэд архи согтууруулах ундаа зарсан, үйлчилсэн тохиолдолд хуульд ямар заалттай байдаг талаар мэдэх үү?

-Мэдэхгүй.

Ингээд бидний яриа өндөрлөв.

Насанд хүрээгүй хүүхдэд архи согтууруулах ундаа зарсан, үйлчилсэн тохиолдолд хуульд юу гэж заасан байдаг талаар хуульч, өмгөөлөгч Б.Агар-Эрдэнээс тодрууллаа.


-Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд бага насны болон насанд хүрээгүй хүүхдэд архи согтууруулах ундаа зарж борлуулсан, үйлчилсэн тохиолдолд ямар хариуцлагатай байдаг вэ. Хуульд юу гэж заасан бэ?

-Монгол Улсад “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль” 2000 онд хэрэгжиж эхэлсэн байдаг. Тус хуулийг 2022 онд баталсан “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль” болгон өөрчилсөн. Хуулийн 21.1.1 дэх хэсэгт “21 нас хүрээгүй, эсхүл согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх”. Хуулийн 26.2 дахь хэсэгт “Үйлчлүүлэгч 21 нас хүрээгүй гэх үндэслэл байгаа тохиолдолд энэ хуулийн 26.1-д заасан ажилтан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийн өмнө хуулиар зөвшөөрөгдсөн насанд хүрсэн эсэхийг шалгах зорилгоор үйлчлүүлэгчийн баримт бичгийг биечлэн болон техник технологи ашиглан заавал шалгана”. Хуулийн 27.1 дэх хэсэгт “21 нас хүрээгүй, эсхүл согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнд согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсний улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцна”. Хуулийн 28 дугаар зүйл 28.1.2 дахь хэсэгт “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох тохиолдол “21 нас хүрээгүй” гэж хуульчилсан байна.

-Хэрэв харсаар байтал бага насны хүүхэд байхад зарсан тохиолдолд яах вэ?

-Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 27.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 26.2-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас үйлчлүүлэгч хуульд заасан насанд хүрээгүй болохыг мэдээгүй нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан.

-Та цахим орчинд гарсан мэдээллийг харсан байх. Бага насны хүүхдүүдийг архидан согтуурах байраар хангасан тохиолдолд яах вэ?

-Мөн хуулийн 27.1-т 21 нас хүрээгүй, эсхүл согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнд согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсний улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцна гэж заасан. Орон байрны талаар энэ хуульд нарийн зохицуулалт хийгээгүй.

Хуульч ийм тайлбар өглөө. Дээрх мэдээллийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Батзоригоос тодрууллаа.


-Өсвөр насны хүүхдэд архи зарсан, түүнийг хэрэглэх орон байраар хангасан газруудыг шалгаж байгаа юу?

-Өөрсдийн явцуу эрх ашгийн үүднээс бага насны хүүхдэд архи согтууруулах ундаа зардаг дэлгүүр, баар, караоке, дэн буудал маш их байна. Хүн хараад л насанд хүрээгүй нь тодорхой байхад 22 настай гэж хэлээд архи авсан гэдэг тайлбарыг өгдөг. Хуульд хүүхдэд насанд хүрээгүйг нь мэдээгүй архи согтууруулах ундаа зарсан, үйлчилсэн нь хариуцлага хүлээлгэхгүй байх үндэслэл болохгүй гэж заасан байгаа.

-Уг дэлгүүр, буудалд ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Бид шалгалтын ажиллагааг хийж байна. Зохих хариуцлагыг шүүхээс оногдуулна. Өөрсдийн явцуу эрх ашгийн төлөө шунахайн сэдлээр бага насны хүүхдэд архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудад хандаж хэлэхэд энэ үйлдлээ таслан зогсоогооч ээ. Үүнээс үүссэн ямар нэгэн гэм хор илэрвэл түүгээр үйлчилсэн байгууллага, хувь хүн хариуцлага хүлээнэ гэдгийг анхааруулъя. Нөгөө талаар эцэг эхчүүд өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгох, тэдэнтэй харилцах харилцаагаа сайжруулах, хараа хяналтаа сулруулахгүй байхыг давхар сануулж байна. ЦЕГ-ын 2023 эхний есөн сард бүртгэгдсэн гэмт хэрэг зөрчлийн мэдээгээр Хүүхдийг согтуурах, мансуурах, донтох байдалд татан оруулах гэмт хэрэг 63 бүртгэгдсэн байна. Үүнээс архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүүхэд өөрөө гэмт хэрэг үйлдсэн тохиолдол найм бүртгэгджээ.

2021 оны “Дэлхийн хүн амын тойм” мэдээллээс харахад 15-аас дээш насны нэг хүнд ногдох архины жилийн хэрэглээний дэлхийн дундаж 16.38 литр байгаа бол монголчуудын хувьд жилийн хэрэглээ 21.9 литр, өдөрт 47.2 грамм цэвэр архи хэрэглэж байгаа нь 2010 онтой харьцуулахад 3.2 дахин өссөн. 2021 оны энэ мэдээллээр нэг хүнд ногдох архины хэрэглээгээр Монгол Улс дэлхийн 218 орноос 34 дүгээр байр буюу Тунис, Пакистан, Судан, Нигер зэрэг улс оронтой ойролцоо байна. Хойд хөрш ОХУ-ын хувьд 20.1 литр, БНХАУ 12.9 литр хэрэглээтэй гэж гарчээ. Тэгвэл саяхан буюу энэ оны есдүгээр сард Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан “Согтууруулах ундааны борлуулалт эхний найман сарын байдлаар хоёр сая литрээр буюу өмнөх онтой харьцуулахад 12.5 хувиар буурсан байна. Мөн 25 хүртэлх градустай согтууруулах ундааны хэрэглээ өсч, өндөр градустайн хэрэглээ эрс багассан. Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчил 15.8 хувиар буурсан байна. Судалгаанд суурилсан шинжлэх ухаанч бодлого үр дүнгээ өгч, цаашид ч улам их өөрчлөлт, үр дүн гарах боломж харагдлаа” хэмээн өөрийн цахим хуудсаар мэдээлж байв. Дэлхийд архи, согтууруулах ундааны хэрэглээнээс шалтгаалсан цаг бусын нас баралт 100 мянган хүнд дунджаар 35 байдаг. Харин Монгол Улсад 123 буюу 3.5 дахин их, шууд ба шууд бус нөлөөллийн улмаас жилдээ 4000-4500 орчим хүн нас бардаг ажээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Д.Мөнхбаатар: Сургууль, цэцэрлэг шинээр барих битгий хэл өргөтгөл хийх боломжгүй болтол газрыг нь авлигадаж, наймаалцаж дууссан DNN.mn

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн дарга Д.Мөнхбаатартай ярилцлаа.


Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал нийслэл хотод хурцаар тавигддаг. Сургууль, цэцэрлэг ойрхон биш учраас хүүхдээ зөөдөг. Энэ байдал нь олон сөрөг үр дагаврыг бий болгож байна гэж эцэг эхчүүд бухимддаг шүү дээ. Бодит нөхцөл байдал ямар байдаг юм бол?

-Улаанбаатар бол 1.5 сая хүн амтай том хот. Хамгийн тулгамдсан асуудал түгжрэл. Түгжрэлийг үүсгэж байгаа шалтгааны нэг нь сургууль, цэцэрлэг рүү явах урсгал байдаг. Энэ нь нэг ёсондоо манай сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдлыг харуулж байгаа юм. Сургууль, цэцэрлэгийн зөв зохион байгуулалт байхгүй. Ерөөсөө л өндөр өндөр хороолол, үйлчилгээний газруудаар л дүүрэн хот болчихсон. Хот төлөвлөлт аль дээр алдагдчихсан. Зөөлөн дэд бүтэц болох сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмжгүй. Одоо шинээр барья гэсэн ч барих газаргүй болчихсон. Сургууль, цэцэрлэгүүд өргөтгөл ч барих сөөм газар алга. Энэ бүхэн юуг харуулж байна вэ гэхээр Улаанбаатар хотын газар наймаачид, авлигачдын гараар ороод дууссан. Тийм болохоор хүн амынхөө өсөлтөд уялдуулж сургууль, цэцэрлэг барьж чадахгүй байна шүү дээ. Газрыг нь авлигаар аваад хувьдаа өндөр байшин барилга болгоод авчихсан ийм л дүр зураг нийслэл хотод байгаа юм. Тэгсэн хэрнээ шаардлагагүй газарт орон нутагт маш олон сургууль барьдаг. Хоосон зай талбай ихтэй, хүүхэд дүүргэлт байхгүй.

Энэ нь өөрөө улс төрийн сонирхолтой, тойргоо усалсан л төсвийн илүү зарцуулалт болоод байгаа юм. Яг хэрэгцээтэй төв суурин газартаа барьдаггүй. Тийм сэтгэл байхгүй. Зөвхөн өөрсдийн ашиг хонжооны төлөө улсын мөнгийг иддэг, авлигаддаг болоод дуусч байна. Бүр бөөн сүр дуулиан болж, нэхэл хатуутай ганц сургууль, цэцэрлэгийн барилга эхлүүлдэг. Дуусгаж өгдөггүй. Барих нэрээр улсаас мөнгө идээд байдаг жишээ ч байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургуулийн барилга 4-5 жил дамнаж байна. Жил бүр төсөв дээр мөнгө тавигддаг. Жилийн дараа тийм ч үнэ өссөн гээд төсөв нь нэмэгддэг. Анх таван тэрбум төгрөгөөр барихаар эхэлж байсан барилгын нийт төсөв 20 тэрбум дөхөж байгаа байх.

-Хүүхдүүд нь суралцах орчин нөхцөлгүй болчихдог?

– Маш хүнд болдог. Зарим нь цахимаар, зарим нь гурван ээлжээр ч хичээллэдэг. Зориулалтын бус хичээлийн байр түрээслэдэг тохиолдол ч байна.

Хүүхдээ зөөж байгаа эцэг эхчүүдийг буруутгах аргагүй. Гэрийнх нь ойролцоо сургууль, цэцэрлэг хүртээмжгүй байна уу?

-Хүүхдээ зөөнө гэдэг Улаанбаатар хотод зовлон болчихсон. Мэдээж гэрийнх нь ойрхон сургууль байхгүй. Байлаа ч даац хэтэрчихсэн гээд багтдаггүй. Нөгөө талаар хотын захын сургуулиудын чанар муу. Эцэг эхчүүд хүүхдээ гайгүй сайн сургуульд сургачих хүсэлтэй. Буруутгах аргагүй. Ингээд л хотын төвийн сургууль руу зөөж эхэлдэг. Өглөө төв рүүгээ 2-3 цаг түгжирч, шөнөдөө хотын зах руугаа дахиад түгжирдэг. Энд ямар их цаг хугацаа, хөрөнгө мөнгө алдаж байх вэ. Жишээ нь, Шархадны хүүхэд 23 дугаар сургуульд сурахаар дамжиж ирдэг. Нисэхийн хүүхэд хаа байсан Бөмбөгөр рүү 24 дүгээр сургууль руу ирж байна. Үүнийг дагаад хүүхдэд ямар олон эрсдэл үүсэх вэ. Уг нь төр эдгээр хүүхдүүдийг гэрийнх нь ойр цэцэрлэг, сургууль барьчихаад чанартай үйлчилгээ үзүүлчихээд оруулах ёстой юм. Даанч өнөөдөр хүүхдээ бодсон бодлого манайд алга.

Хичээл эхлэхэд сургууль бүр багш нарын орон тооны дутагдалтай байсан. Одоо нөхөгдсөн үү?

-Нөхөгдөж чадаагүй. Урсгалаараа жаахан буурч л байх шиг байна. Гэхдээ л багш авна гэсэн зар тасрахгүй байна шүү дээ. Уг нь нэг улирал өнгөрчихлөө. Гэтэл жигдрээгүй, орон тоо дутуу хэвээр л байна гэдэг үндсэн багш нар олон цагаар хичээллэх, ялангуяа бага ангийн багш нар хоёр ээлжинд явах нөхцөл үүсч байна. Тэгж хичээллэж ч байгаа. Ингэж ажиллалаа гээд хоёр багшийн цалинг нь өгөхгүй. Нөгөө талаар боловсролын хүртээмж ямар байх вэ. Төрийн авлига, хээл хахууль тасрахгүй л гарах юм. Төсвийг тоносон мөнгөн дүн нь хэдэн их наядаар яригдаад хэвшчихлээ. Гэтэл багш нарынхаа цалинг анхаарч чадахгүй байна шүү дээ. Багш нарын цалин сүүлийн 30 жил 300 доллараас хэтрээгүй. Дандаа үнэ ханшийн өсөлтөд идэгдэж явдаг. Явсаар өнөөдөр нийгмийн дундаж цалингаас ч бага цалинтай болчихоод байгаа юм. Тиймээс Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэл багшийн цалинг ам.долларын ханштай дүйцүүлж 1000 ам.долларт хүргэх ёстой гэдэг шаардлагыг тавьж байгаа. Ингэж байж энэ салбар руу шинэ залуу боловсон хүчин орж ирнэ. У ИХ-аас цахим өргөдлийн флатформ бий болгоод байна. Үндсэн хуульд заасан ард түмний төр барих эрх хэрэгжиж эхэлж байна. Түрүүчээсээ саналууд 100 мянгын босгыг даваад эхэллээ. Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлээс багшийн цалинг 1000 доллартай тэнцэхүйц болгоё гэсэн санаагаа төсөл болгон оруулсан байгаа. Энэ саналыг маань 100 мянган хүн дэмжвэл хуулийн төсөл санаачлах боломж нээгдэж, багшийн цалингийн асуудлыг УИХын түвшинд авч хэлэлцэх боломжтой. Тиймээс боловсролын салбарынхан, эцэг эхчүүд, олон нийт маань энэ саналыг дэмжиж өгөөрэй гэж уриалж байна.

Гэвч багш нарын цалинг ингэж нэмэх боломжгүй гэж мэдэгдэж байсан. Та бүхэн ямар тооцоолол гаргасан юм бэ?

-Бид шууд нэг өдөр нэм гэж шаардаагүй шүү дээ. Төр энэ талаар бодлого гаргаж, шат дараатайгаар нэмээд өгөөч гэж уриалж байгаа юм. Мэдээж улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг бид харж мэдэрч байна. Боловсролын салбарын төсөв 2023 онд 3.2 их наяд байсан. 2024 оных 4.2 их наяд болж ирж байгаа. Гэвч багшийн цалинг 10 хувиар л нэмнэ гэж байгаа. Багш нарын цалин урамшууллын сан нийт 1.5 их наяд байдаг. Уг нь нийт төсөв маань нэг их наядаар нэмэгдэж байхад тал хувь болох 500 тэрбумыг цалингийн сандаа зарцуулахад болохгүй юм байхгүй шүү дээ. Цалин хангалттай 30 хувиар нэмэгдэх боломжтой. Гэвч энэ нэг их наядын нэмэгдэл сонгууль дөхсөн шоунд л зарцуулагдана даа гэж харж байна. Нөгөө л хөдөө орон нутагт тойргоо усалсан байдлаар шинэ сургууль цэцэрлэг эхлүүлнэ. Тэнд нь ямар ч хэрэгцээ байхгүй. Түүгээр зогсохгүй боловс ролын салбар үндсэн хэрэгцээгээ хангаж чадаагүй хэрнээ том том поп зориултууд дэвшүүлдэг. Орон даяар бүх сургуулийг компьютертэй болгоно, ухаалаг анги танхим байгуулна гэж ирээд л ярьцгааж байна. Үзүүлэнгийн шинжтэй л хийх байх. Гол нь хүүхэд бүрийн сурах орчин стандартдаа нийцэж байна уу. Ширээ сандал нь бүрэн байна уу, анги танхимдаа стандарт 30-аараа сууж байна уу гэдгээ эхэлж анхаарч шийдмээр байгаа юм. Гэвч энэ асуудал чухал биш, попрох, олон нийтээс оноо авах өнгөц ажил руу хошуурдгаараа л явж байна. Ерөөсөө л манай улсын сүүлийн олон жилийн дүр төрх ийм шүү дээ. Гол нийгмийн салбарынхаа хөгжлийг хаяж, амин хувиа хичээсэн, ашиг хонжоо хай сан, авлигын схем л хамгийн сайн ажиллаж ирлээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

С.Одонтуяа: Ирэх онд цалин нэмэхээр төлөвлөснийг сонгуульд зориулсан популизм гэж хэлэхээс өөр аргагүй DNN.mn

УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга С.Одонтуяатай Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, худалдаа, тээвэрлэлтийг зогсоох, хязгаарлах хуулийн төсөл болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Хар тамхины хэрэглээ манай улсад нэмэгдэж байгаа нь үнэхээр том асуудал болж байгаа талаар та цахим хуудаснаа оруулсан байсан. Таны харж судалсанаар өнөөгийн нийгэмд хар тамхины хэрэглээ ямар түвшинд хүрсэн гэж үзэж байна вэ?

-Сэтгэл түгшээсэн тоонууд хараад хуулийн зохицуулалтыг илүү боловсронгуй, орчин цагийн шаардлагад нийцүүлэхээс гадна төсөв хөрөнгийг зайлшгүй яаралтай шийдэх хэрэгтэй байна. Монгол Улсын хэмжээнд сүүлийн таван жилд хар тамхитай холбоотой 1064 гэмт хэрэгт 1300 хүн холбогджээ. Тэдний 92.3 хувь нь 35-аас доош насныхан. Гэмт хэрэгт шийтгэгдсэн хүмүүсийн 54 хувь 25-аас доош насныхан байна. 91 хувь нь эрэгтэй, 8.9 хувь нь эмэгтэй гэх мэт. Жил ирэх тусам энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчдийн нас залуужиж байгаа нь тодорхой болсон. 13 настай охин хар тамхи хэрэглэсний улмаас байцаагдаж, шалгуулсан тохиолдол ч гарсан байна. Хүүхдүүд мансуурах бодист татагдах, донтох шалтгааны талаар холбогдох албаныхны хийсэн судалгаанаас үзэхэд их төлөв сониуч зангаасаа болсон, хор хөнөөлийнх нь талаар ойлголтгүйгээс болсон байх юм. Цагдаагийн байгууллагад шалгуулсан 10 хүүхэд тутмын долоо нь хар тамхи хэрэглэх нь гэмт хэрэг, ийм хэрэг үйлдсэн тохиолдолд хатуу ял оноодог болохыг мэддэггүй байх жишээтэй. 10 хүүхэд тутмын дөрөв нь найзуудаа даган дууриаж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн гэж мэдүүлж. Компьютер тоглоомын газар тоглож буй 11 хүүхдийн дунд хар тамхи хэрэглэсэн этгээд байж болзошгүй гэсэн дуудлагаар очиж шалган 10 хүүхдээс биологийн дээж авч шинжлэхэд бүгд хар тамхины төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон байна. Энэ бол маш аймшигтай, сэтгэл түгшээсэн тоон баримт.

Өсвөр насныхны дунд энэ төрлийн бодис хэрэглэх тохиолдол нэмэгдэж байгаа юм байна, тийм үү. Яг юунаас болоод хүүхдүүд уг аюулыг сонирхоод байна вэ. Энэ өнцгөөр та судалгаа харав уу?

-Мансууралд өртсөн хүүхдүүдийн гэр бүлийн байдал, амьдралын нөхцөлийг нягталж үзэхэд эцэг эх нь салсан, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өнчин, бага насандаа дам архидалт дунд өссөн хүүхдүүд дийлэнх нь байдаг гэнэ. Тогтвортой, бүтэн гэр бүлд, хүчирхийллээс ангид, эрүүл хэвийн орчинд өссөн хүүхдүүд дунд хар тамхины хэрэглээ тун бага ажиглагдаж байна. Энэ бүхнээс харахад хар тамхинд донтох нь нийгмийн шинж чанартай үзэгдэл болж. Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд нөлөөлөхүйц том эрсдэл нь хар тамхины хэрэглээ монгол хүний удмын сан, генд сөрөг нөлөө, гажуудал учруулах аюул юм.

-Бодитой болсон жишээ байна уу?

-Энэ аюул бодитоор илэрсэн жишээ бий. Саяхан нэг эмэгтэй төрөх тасагт хүүхдээ төрүүлжээ. Гэтэл нярай зогсоо зайгүй уйлаад болихгүй байж. Эх баригч эмч, сувилагч нар шалтгааныг нь олж чадахгүй сандарч байтал туршлагатай эмч ээжид нь хэдэн асуулт тавьснаар эх нь хар тамхи байнга хэрэглэдэг болох нь тогтоогдсон байна. Нярай хүүхэд эхийн хүйнээс салаад хар тамхины тэжээлээс салсан учир хэрэглээгээ нэхэж, уйлж байсан нь тогтоогдсон гэсэн үг. Мансууруулах бодисын нөлөө урагт хүртэл нөлөөлдгийг энэ тохиолдол харуулж байгаа юм. Мөн 2030 он гэхэд орлогын түвшин бага, хөгжил буурай болон хөгжиж буй улс орнуудын мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглэгч 43 хувиар өсөх хандлагатайг мэдээлсэн.

Монгол Улс хар тамхийг дамжин өнгөрүүлэх э рсдэлтэй улсын жагсаалтад бичигдэж байснаа 2014 оноос хар тамхи хэрэглэгчид ихсэж буй орны тоонд орох болсон гэдэг мэдээлэл үнэн болов уу?

-Юу үнэн, энэ үнэн шүү. Хамгийн түгшүүртэй мэдээ бол энэ. Манай хоёр хөрш хар тамхи, тэр дундаа нийлэг хар тамхины үйлдвэрлэл, х эрэглээ өндөртэй улсуудад тооцогддог. Тиймээс нөлөөлөл нь манай улсад хэдийнээ илэрч байна. Галт тэрэг, автомашинаар, агаараар хил дамнан зорчигчид хар тамхи тээвэрлэх тохиолдол олон гарсан. Гэтэл сүүлийн жилүүдэд хар тамхийг шуудангийн илгээмжээр Монгол Улсад нэвтрүүлэх оролдлогууд ихэссэн. Хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хар тамхины 40 хувийг газрын боомтоор, дөрвөн хувийг агаарын боомтоор, 56 хувийг илгээмжийн үйлчилгээ ашигласан гэдгээс ямар эрсдэлт нөхцөл үүсээд байгааг ойлгож болох байх. Энэ оны гуравдугаар сард 945 грамм хэмжээтэй мансууруулах бодисыг шуудангийн илгээмжээр хилээр нэвтрүүлсэн үйлдлийг илрүүлж, таслан зогсоосон нь хамгийн их хэмжээтэй гэж тооцогдож байгаа юм. Метамфетамин буюу хэрэглээний нэршил нь мөс зэрэг химийн аргаар нийлэгжүүлж гаргаж авсан мансуурах төрлийн бодисыг тээвэрлэх, борлуулах гэмт хэрэг илтэд өсч байна. Химийн аргаар гаргаж авсан мансууруулах бодис нь хямд, хурдан, гүн үйлчилгээтэй учир хэрэглэгчдийг хүчтэй татаж, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулдаг гэсэн. Шинэ төрлийн нийлэг мансууруулах бодисын үйлдвэрлэл, хэрэглээ хөрш орнуудад энэ төрлийн гэмт хэрэг жил ирэх олноор бүртгэгдсээр байгаа юм. Хөршүүдээс гадна бусад улсаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг манай улс руу нэвтрүүлэх оролдлого нэмэгдэж байна.

Та хууль санаачлагчийнхаа хувиар энэхүү нийгмийн өмнө тулж ирээд байгаа аюулын эсрэг хэрхэн тэмцэх гэж байна вэ. Мэдээж хууль, эрх зүйн хувьд өөрчлөгдөх, шинэчлэх зүйл байгаа л байх даа…?

– Нөхцөл байдал сэтгэл түгшээх хэмжээнд хүрсэн ч хууль эрх зүйн зохицуулалт, нийгмийн олонхын мэдээлэл, ойлголт шаардлагын түвшинд хүрээгүй байгаа байдал ажиглагдаж байна. Тиймээс миний бие хууль санаачлах эрхийнхээ хүрээнд Хар тамхи, мансууруулах б одисын хэрэглээ, худалдаа, тээвэрлэлтийг зогсоох, хязгаарлах үр дүнтэй хууль санаачлахаар мэргэжилтнүүдтэй санал солилцон ажиллаж байна. Энэ чиглэлээр ажиллаж байна. Уг асуудлаар сэтгэл зовнин явдаг иргэн бүр, эцэг эхчүүд, энэ чиглэлээр мэргэшсэн судлаачид та бүхэн саналаа харамгүй илгээхийг хүсч байна.

Ирэх оны төсөв ямар байдлаар орж ирж байна. Сөрөг хүчний гишүүн тэр дундаа УИХ-ын дэд даргын хувьд орж ирж байгаа төсвийг дэмжиж байгаа юу?

-Ирэх оны төсвийн анхны хэлэлцүүлэг хийгдлээ. Өмнөх жилүүдэд хэлж байсан зөвлөмж шүүмжүүдийг дахиад л хэлье. Дунд урт хугацааны төлөвлөгөө, төсвийн хүрээний мэдэгдэл зэрэг баримт бичгүүдийн ач холбогдол хэр байна бэ гэж. Нэг талаас нүүрс, зэс гээд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ тоо хэмжээг хэт өөдрөг төсөөлж тэр хэрээр зар лагаа өсгөдөг жишгээ үргэлжлүүлж байна. 2016 онтой харьцуулахад 3-4 дахин их мөнгө зарцуулдаг төр боллоо. Харин иргэд, аж ахуйн нэгжийн зарцуулдаг мөнгө ингэж өссөн үү гээд бодох хэрэгтэй. Ирэх онд сонгуульд зориулав уу гэлтэй 5.8 их наядын хөрөнгө оруулалт тавихын зэрэгцээ 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс цалин хөлс нэмэхээр төлөвлөжээ. Үүнийг сонгуульд зориулсан популизм гэж хэлэхээс өөр аргагүй. Монгол банкны мөнгөний бодлоготой хэр уялдсан болдоо. Инфляци өндөр үед цалин хөлс хэдий нэмлээ ч бодит худалдан авах чадвар унасан хэвээр байна. Статистикаар инфляци нэг оронтой тоонд орлоо гэж байгаа ч зах, дэлгүүрт очоод иргэдтэй уулзахад хоёр оронтой тооноос давсныг илэрхийлж байна. Эдийн засгийн өсөлт айл өрхөд яагаад очихгүй наалдахгүй байна гэдэгт төсвийн хэлэлцүүлгээр хариу өгөх хэрэгтэй. Уул уурхайн цөөхөн бүтээгдэхүүнээ зарсан мөнгөө зарцуулаад суухаас илүү ажлын байр бий болгож буй аж ахуйн нэгжүүд, гадаадын хөрөнгө оруулалтыг татах талд сонирхол татах зүйл алга. Төсвийн хэлэлцүүлэгтэй цуг өмнөх төсвийн зарцуулалт, түүнд мэргэжилтнүүдийн өгсөн зөвлөмж, шүүмжүүдийг ч хамтад нь ярих цаг болжээ.

АН-ын бүлгээс ковидын үеийн зардлыг хянах, ил тод болгох сонсголыг хийх гэсэн боловч шинжээч томилогдоогүй учраас хойшилсон. Шинжээч томилох асуудал хаанаа гацаад байна вэ?

-Ковидын сонсгол хийх нь зөвхөн АН-ын санаачилж зохион байгуулах ажил гэхээсээ илүү мэдэх эрхийнхээ хүрээнд асууж буй иргэдийн санаачилга гэж ойлгох хэрэгтэй. 20 их наяд төгрөг зарцуулсан Ковидын нэрийн дор УИХ-аас бүх эрхийг авч хэрэгжүүлсэн Засгийн газрын ажилд иргэд дүн тавих эрхтэй. Хөгжлийн банк, нүүрсний хэрэг, ногоон автобус гээд олон их наядын хулгайтай зэрэгцэхүйц том дүнтэй шууд худалдан авалт зарцуулалтыг нэг төгрөг бүрээр хянаж дүгнэж буруутай хүмүүст хариуцлага тооцох ёстой. Сонсгол зохион байгуулах шийдвэр гарснаас хойш төрийн холбогдох байгууллагууд руу удаа дараа албан бичиг явуулж мэдээлэл хүссэн боловч тэднээс ирүүлсэн хариу нь ерөнхий, бөөрөнхий, бүхэл, тодорхойгүй байгаа нь гол асуудал болоод байна. Ийм учраас шинжээч томилуулах хүсэлт байнгын хороонд тавьсан ч ирц хүрээгүй шалтгаанаар энэ асуудлыг гацаасан. Хөндлөнгийн шинжээчгүй сонсгол хийгдвэл АН-ынхан попорлоо гэсэн малгайн дор 20 их наядын зарцуулалтаа хаацайлаад өнгөрөх тул бид шинжээч томилуулан ажилласны дараа олон нийтийн сонсголоо хийх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.

– НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгосноор эдийн засагт ямар нөлөө учрах вэ. УИХ дээр л энэхүү асуудлыг одоо шийднэ биз дээ?

– НӨАТ-ын буцаан олголтыг тав болгохыг дэмжиж байна. Төсөвт ирэх дарамт 400-600 тэрбум төгрөг байж мэдэх ч 4-6 их наядын далд эдийн засаг ил болж ч болно. Иргэдэд очих мөнгө бол иргэдийн хэрэглээнд зарцуулсан мөнгөний багахан хувь. Гэтэл төсөвт хэдэн сумын хөшөө, соёлын төв, хэзээ ч дуусдаггүй байшин барилгуудын нэмэлт төсөвт хичнээн тэрбумыг зарцуулж байна. Товчхондоо НӨАТ-ын буцаалтаас иргэдэд 15000 30000 төгрөг улиралдаа очих ба тэр хэрээр иргэд зах, дэлгүүрүүдээс НӨАТ-тай худалдан авалт хийх замаар далд эдийн засгийг ил болгоно. Тодруулбал зах зээл дээр шударгаар татвараа төлдөг аж ахуйн нэгж, иргэд НӨАТ төлөөд байхад нэг хэсэг нь НӨАТ төлөхгүй байх нь шударга бус өрсөлдөөний нөхцөл гэж ойлгох хэрэгтэй. Ингэхээр иргэдэд ч аж ахуйн нэгжид ч ач холбогдолтой гэж үзэж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Бид нэг юм үзнэ (III)” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Эрдэнэтийн 20 хувийг олон нийтэд эзэмшүүлснээр төрийн өмчит компаниудын хяналт чангарч, улам шилэн, ил тод болно” хэмээн ярилаа.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: 21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаа зарсан, түүгээр үйлчилсний улмаас бусдад учруулсан гэм хорыг худалдсан, түүгээр үйлчилсэн тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Бид нэг юм үзнэ (III)” нийтлэл хэвлэгдлээ. 

АТГ: Нүүрсний гэгдэх хэрэгт улс төрд нөлөө бүхий 17 хүнээс гадна УИХ-ын өөр ч гишүүд яллагдагчаар татагдсан

Хүүхдүүддээ л уншуулах юм шүү… Энэ тухай I болон IV нүүрээс уншаарай.

Энэ удаагийн “Эдийн засаг” нүүрээс Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Энэ оны эцэст инфляци нэг оронтой тоо руу орно гэж харж байна” гэснийг уншаарай.


 Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375, 99130850 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Э.Бадар-Ууган: Эхлээд газар, дараа нь хоёр тэрбумыг нэхэхэд нь өгөөгүйгээс бүх дайралт эхэлсэн DNN.mn


“Өөжин мед” эмнэлгийн өргөтгөлийн барилгатай холбоотой маргаан үүссэн талаар цахим орчинд мэдээлэл түгэх болов. Энэ үйл явдлын талаарх мэдээлэл эх сурвалжийн тэнцвэртэй байх зарчмаас гажиж, хэт нэг талыг барьсан өнцгөөр цацагдсан учраас олимпын аварга Э.Бадар-Ууганаас тодруулж ярилцлаа.


-“Өөжин мед” эмнэлэг үр шилжүүлэн суулгах чиглэлээр ажиллаад багагүй хугацааг үдсэн санагдана. Өргөтгөл барих шаардлага яагаад үүссэн юм бэ. Зарим хүн эмнэлгийн өргөтгөлийг бариулахгүй гэж эсэргүүцсэн нь ямар учиртай юм бэ?

-“Эмнэлэг байгаа объеътыг газрын хамт 2017 онд хувь хүнээс худалдаж авсан юм. Өнгөрсөн хугацаанд дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлэх, мэргэжилтэн бэлтгэх гээд олон зорилт тавьсан, үйл ажиллагаа ньхарьцангуй жигдэрсэн. Үр шилжүүлэн суулгах чиглэлээр, эмчилгээний чанараар Монголдоо номер нэг эмнэлэг гэж үйлчлүүлэгчид дүгнэдэг болсон. Манай эмнэлэгт үр шилжүүлээд 1400 гаруй хүүхэд хорвоод аз жаргал дагуулан мэндэлжээ. Одоо төрөх өдрөө хүлээж байгаа олон ээж байна. Үргүйдэл нь манай улсын хувьд үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах ноцтой асуудал болсон. Агаарын бохирдол, баталгаагүй хүнс зэргээс шалтгаалаад сүүлийн жилүүдэд үргүйдэл хүрээгээ тэлсэн.

Эмнэлгийн барилгыг газартай нь хамт 2017 онд худалдаж авахад үйл ажиллагаа нь доголдсон, зочид буудлын үйлчилгээ үзүүлдэг объект байсан. Ийм барилгыг олон улсын стандартад нийцсэн эмнэлгийн байр болгоход маш их цаг хугацааг зарцуулсан, хичээсэн.Үүний үр дүнд манай улсын иргэдээс гадна урд, хойд хөршөөс үйлчлүүлэгчид олноор зорин ирэх болсон. Ачаалал маш их нэмэгдсэн гэсэн үг л дээ.Тиймээс эмнэлгээ өргөтгөх зайлшгүй хэрэгцээ гарч ирсэн. Жил гаруйн өмнө манай эмнэлгийн хөрөнгө оруулагч япон захирал Монголд гэр бүлтэйгээ ирсэн юм. Тэгээд эмнэлгийн ажилтай танилцах үедээ хэрэв холбогдох зөвшөөрлүүд гарвал эмнэлгийн  өргөтгөлд хөрөнгө оруулж дэмжье гэсэн сайхан мэдээг дуулгасан  юм.

-2017 онд таныг “Өөжин мед” эмнэлэг байгаа таван давхар барилгыг худалдажавахад одоо өргөтгөл барих гэж төлөвлөсөн газар хэний мэдэлд байсан юм бэ. Таныг олимпын хорооны эзэмшлийн газар дээр барилга барих гээд байна гэж олон нийт ойлгоод, зарим нь бухимдаад байх шиг?

-Энэ газар  Олимпын хороонд ямар ч хамааралгүй гэдгийг2014 онд шүүхээс албан ёсоор тогтоож өгсөн юм билээ.Тухайн үед шүүхийн шийдвэр ёсоор Б.Наранцэцэг гэдэг хүн дээр  очсон, хувийн өмчийн объект, газар байсан. Энэ явдлаас гурван жилийн дарааби 2017 онд худалдаж авсан гэсэн үг. Одоо өргөтгөл барих гэж байгаа газар ингэж шилжиж ирсэн юм. Түүнээс би Олимпын хорооноос газар аваагүй юм шүү. Энэ тухайгаа хүмүүст зөв ойлгуулж, үнэнийг хэлж байгаагүй нь миний алдаа байх. Юуг нь нуух вэ, зар дээрээс хэд хэдэн газар хараад,хөрөнгө оруулагч япон захиралд танилцуулаад, энэ газрыг сонгож худалдах, худалдан авах гэрээ хийгээд хууль ёсны дагуу мөнгөө өгөөд, татвараа төлөөд, худалдаж авсан түүхтэй.

-Япончууд хөрөнгө оруулахдаа тун хянуур ханддаг. Эмнэлгийн барилгын өргөтгөлийн бүх зөвшөөрлийг хууль ёсны дагуу авсан  гэж нүүр бардам хэлж Та чадах уу?

-Бараг хоёр жил  шахам хөөцөлдөж холбогдох бүх баримт бичиг, зөвшөөрлийг хууль ёсны дагуу авсан. Нийслэл дээр барилгын эскизээ батлуулаад, дараа нь өндөр  барилгын зөвшөөрөл гээд Барилга, хот байгуулалтын яамаар хэлэлцүүлдэг хууль, журамтай юм билээ. Яг энэ дагуу зөвшөөрлөө авсан.Өндөр давхар (23), тэр дундаа эмнэлгийн зориулалттай барилга гэдэг утгаараа өндөр шалгуур, нарийн стандарттай. Эмнэлгийн хог хаягдал, өрөө тасалгааны агааржуулалт норм гээд  бүх зүйл нарийн байдаг юм билээ. Тэр стандарт, нормын дагуу зураг төслөө хийж батлуулаад, барилга эхлүүлэх зөвшөөрлөө хуулийн дагуу авсан.

-Танай эмнэлгийн өргөтгөлийн барилгыг бариулахгүй гэж эсэргүүцсэн хүмүүс  оршин  суугчид   юм уу, эсвэл  танай зэргэлдээх барилгын эзэд байв уу?

-Айл хүний  амь, саахалт айлын санаа нэг гээд сайхан үг байдаг даа. Хажуу талын барилгын эзэмшигч болох С.Энхтүвшин болон эхнэртэй нь манай гэргий бид  хоёр хэд хэдэн удаа уулзаж байв. Барилга барихад манай талаас асуудал байхгүй гэж л хэлдэг байсан. Хамтарч ажиллая, орц гарцаа хаана яаж гаргах вэ гэх мэтээр ажил хэрэгч байдлаар ярилцаад явж байснаа сүүлдээ байдал биш болсон. Тэд өөрсдийнх нь хуульч Д.Баттулга гэдэг хүнийг бидэнтэй уулзуулсан. Тэр хүн “Манай үйлчлүүлэгч С.Энхтүвшин хоёр тэрбум төгрөг авах саналтай байна” гэж палхийтэл хэлсэн. Би эхэндээ итгээгүй. Манай гэргий рүү хуульч нь холбогдоод яг л нөгөө мөнгөө нэхсэн. Би С.Энхтүвшин рүү мессэж бичээд, хууль ёсны дагуу бүх зөвшөөрөл гарсан байхад ямар учир шалтгаанаар ийм их хэмжээний мөнгө нэхээд байгааг огтхон ч ойлгохгүй байгаагаа хэлсэн. Хамгийн хэцүү нь Японы хөрөнгө оруулагч энэ үйл явдлыг ойлгоогүй. Яаж ч ойлгох вэ дээ. Ингээд бүх зүйл хүндэрч эхэлсэн.

-Яг ямар үндэслэлээр ийм хэмжээний мөнгө нэхсэн юм бэ. Д.Баттулга гэдэг хүнүнэхээр хуульч мөн бол хуулийн үндэслэл эрхбиш хэлсэн байлгүй. Эсвэл та нарын хооронд газрын маргаан байдаг юмуу?

-Ямар ч маргаан байхгүй. Тэдний газраас сөөмийг ч манайх ашиглахгүй. Манай байшингийн хажууд барилга барих гэж байгаа юм бол ийм хэмжээний мөнгө өг л гэж нэхээд байгаа. Та бүхэнд мөнгө хэрэгтэй байгаа бол танай ЦДП-ээс мөнгөө төлж цахилгаан авъя гэсэн санал тавихад үгүй гэсэн. Ямартай ч манай бүх зөвшөөрөл  хууль ёсны дагуу гарсан тул бид барилгаа эхлүүлнэ гэдгээ хэлэхэд “Хэрэв тэгвэл танайх нэлээн дайралтад өртөнө дөө” гэсэн. Нээрээ л маргаашаас нь эхлээд манайх руу элдэв хүмүүс явуулж,худал цуу яриа цахим орчинд тарааж, хамгаалалтын алба дэргэдээ байршуулж,манай хашааг цаанаас нь нураах зэргээрдайралтууд эхэлсэн дээ. Бичиг лоозон барьж орилдог хүмүүс хүртэл бэлдээд Э.Бадар-Ууган хууль бусаар газар авч барилга барилаа гэх гүтгэлгийг завсар зайгүй “үйлдвэрлэх” болсон юм. Би оршин суугчид ийм үйлдэл хийж байгаа гэж ерөөсөө бодохгүй байгаа. Энэ хавьд орон сууцны барилга бий ч оршин суугчдын эрх ашгийг зөрчих, тэдний цонхыг хаасан зүйл юу ч байхгүй. Цахим орчинд цацаад байгаа барилгын зураг манайх биш, шал өөр зураг гаргаж тавиад худал цуу тараагаад байгаа юм.

-Хэл ам хийгээд байгаа танай хөршүүд барилгаа хэзээ барьсан юм бэ. Ер нь барилгын бизнес хийдэг хүмүүс үү?

-Эднийх барилгаа (“Режис плэйс”)анх барихдаа манай газрыг ашиглаад барилгын материалуудаа байршуулаад, айл хөрш хүний санаагаар ойлголцоод явдаг байлаа. Том бүтээн  байгуулалт хийж байгаа хүмүүс гэж дотроо хүндлээд, дэм болчих гэсэн нь тэр. 2015, 2016 оны үед анх барилгын ажил эхлээд 2018 оны үед нэг хэсэг санхүүжилтгүй гээд ажил нь зогссон байснаа 2021 онд гэнэт үргэлжлээд маш хурдан ашиглалтад орсон юм. Ковидын үед миний таньдаг нэг хүнээрдамжуулж  манай газрыг авъя гэж санал тавьсан. Би тэр үед “Газраа зарахгүй ээ. Энд эмнэлэг л байх ёстой, насан туршдаа эмнэлэг хэвээр нь авч явнааа” гэж хэлсэн. Манай газрыг авч өөрийнхтэйгөө нэгтгэе гэсэн санааг хэд хэдэн удаа хэлэхэд ньби зөвшөөрөөгүй. Одоо бодоход гол зорилго нь манай газрыг л авах байжээ гэдгийг одоо над руу чиглэж байгаа гүтгэлэг, дайралтаас би ойлгож байна даа. Э.Бадар-Ууган МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга юм чинь энэ газрыг хууль бусаар авсан, эрх мэдлээ ашиглаж байна гэдэг өнцгөөр гүтгэе гэж төлөвлөсөн юм шиг байгаа юм. Би энэ газрыг Олимпын хорооноос аваагүй, эмнэлгийн барилгыг 2017 онд худалдаж авахад газар нь дагалдаж ирсэн гэдгийг дээр өгүүлсэн. Монголчууд надад хайр, хүндэтгэлээ харамгүй өгсөн. Энэ сайхан хүндлэлийн хариуд би хууль зөрчиж, хулгай хийхгүй, нийгэмдээ тустай амьдрах үүрэгтэй гэж боддог. Сонирхуулж хэлэхэд, Олимпын хороо 170 гаруй гишүүнтэй, аливаа шийдвэрийг гишүүн бүрийн оролцоо, саналыг авч гаргадаг. Би дур мэдэх,ганцаараа шийдэх ямар ч боломжгүй гэсэн үг.

Цар тахлын үед хил гааль хаагдаж, бүх барилгын ажил зогссон. 2021 онд барилгаа барьсан гэхээр овоо бийлэгжүү хөрштэй юм байна. Тэгсэн атлаа хоёр тэрбум төгрөг нэхэж шантаажилж байна гэхээр яачихсан ч хүмүүс юм бэ дээ. Ойлгоход нээрээ л бэрх санагдлаа.

-Мөнгөтэй, бололцоотой болохоороо л манай газрыг авах гэж удаа дараа санал тавьж байсан байх. Бизнесийн ашиг орлогоо хаанаас бүрдүүлдгийг нь би мэдэхгүй. Бидний дунд асуудал үүссэнээс хойшхи хэдэн өдөрт над руу янз бүрийн мэдээлэл ирж л байна. Надаас хоёр тэрбумыг нэхээд байгаа “Режис плэйс”-ыг барихдаа нийгэмд маш том дуулиан дэгдээсэн нүүрсний хулгайн мөнгөөр санхүүжүүлсэн, мөнгөугаасан байж болзошгүй гэдэг хардлага хүчтэй байгаа юм билээ. Олны үг ортой л гэлцдэг. Гэхдээ энэ бүх хардлагыг би биш холбогдох хууль хяналтын байгууллага л эцсийн байдлаар тогтоож, мэдээлэх ёстой байх.

-Эмнэлэг барина гэж зүтгээд хөрш компанидаа шантаажлуулаад, элдвээр гүтгүүлж байхын оронд бусдын жишгээр орон сууц юмуу өөр барилга бариад ашиг хийгээд амьдаръя гэж бодож болсонгүй юу?

-Яг үнэндээ манай улсадтулгамдаад байгаа үргүйдлийн чиглэлээр эмнэлэг барихад хөрөнгө оруулагч олдоно, бүх талаар дэмжиж хөрөнгө оруулалт хийнэ гэдэг дэндүү завшаантай хэрэг л дээ. Гадаад хүн манай улсад үргүйдэлтэй нүүр тулж шаналж байгаа залуу гэр бүлүүдийг хараад сэтгэл нь эмзэглээд, тусалж дэмжье гэж байна. Монгол хүний эрүүл мэндийн төлөө дэлхийн стандартад нийцсэн эмчилгээ, үйлчилгээг эх орондоо нэвтрүүлэх ийм сайхан боломж тэр бүр олдохгүй.

Эсэргүүцэл гараад барилгын ажил зогссон гэж ойлгосон. Одоо яг ямар байдалтай байна вэ?

-Хамгаалалтын алба гээд том биетэй залуус авчраад хүч хэрэглэж манай хашааг нураагаад, газар шорооны болон суурийн бэхэлгээ хийх ажлыг зогсоосон.Манай улс хуультай, ардчилсан улс. Гэтэл эмнэлгийн өргөтгөл барих гэхээр хажуу талын байшингаас өдөөн турхираад, мөнгө нэхэж шатаажлаад байдаг нь зөв үү. Өөрөө болохоор өндөр байшин дотроосхүмүүсийг турхираад л. Хуульгүй авирлаж, шантааж хийж байгаа энэ хүмүүсийг цагдаагийн байгууллагад өгч, хашаа  нураасан үйлдэл дээр нь хэрэг үүсээд шалгуулаад явж байгаа.

Бидний цөөхөн монголчууд уг нь хоорондоо ингэж нэгнээ харлуулаад явмааргүй л байна. Яах вэ, хууль шүүхийн байгууллагаар хэнийх нь зөв байсан нь ил болоод дүгнэгдээд явна. Миний хамгийн их санаа зовж байгаа асуудал бол хөрөнгө оруулагч. Бүх зөвшөөрөл нь гарчихсан байхад танай улсад хууль ёс гэж хаана байна гээд тэд гайхаж байна. Төр, хувийнхан дээр дооргүй гадаадын хөрөнгө оруулалтыг татъя, тэднийг гомдоож, дээрэлхэж, хөөж гаргасан алдаагаа засъя гэж яриад байдаг. Яг бодит амьдрал дээр хууль биелүүлж байгаа нь хохирч, хуульгүй авирлаж байгаа нь хожиж байна. Чанга орилсных нь зөв байдаггүй. Би өөрийн зан төлвөөс болоод тэр бүр дуугараад, элдэв юм яриад явдаггүйг хүмүүс мэднэ. Энэ удаад гүтгэлэг, дайралт хэрээс хэтэрч, хууль зөрчигчид дэндүү даварч байна. Уг нь Монголд хэрэгтэй, монгол хүний эрүүл мэндийн төлөөх ийм хөрөнгө оруулалтыг төр, засгаас эхлээд бүх хүн дэмжих байх гэж бодож байсан ч шантаажчинуудаас болоод гацчихлаа.

-Хөрөнгө оруулагчдаа яаж тайлбарласан бэ. Хүн бүр уул уурхай гэж амны уншлага болтол ярьдаг болжээ. Эрүүл мэндийн салбарт орж ирэх гадаадын хөрөнгө оруулалтаа тавиад туучихгүйн тулд Та ч бас тэмцэх, гүтгэлэг дайралтыг сөрөөд үнэний төлөө явах ёстой юм биш үү?

-Бид бодит байдлыг л хэлсэн. Зөвшөөрөл, бүх зүйл хууль журмын дагуу гарсныг тэр  хүн мэдэж байгаа шүү дээ. Тэр бүгдийг л үзүүлсэн. Одоо үнэн ялдаг  юмуу, зохион байгуулалттайгаар орилж хашгирсан нь ялдаг  юмуу гэдгийн эцсийг үзнэ дээ гэж л бодож байна даа. Манай улс  зөвхөн уул уурхайд л гадаадын хөрөнгө оруулалт  авдаг улс болчихоодбайна.Харин бид эмнэлгийн салбарт хөрөнгө оруулалт татаад, монгол хүний эрүүл мэнд, хүн амаа өсгөхөдхувь нэмрээ оруулъя гээд хамт олноороо зүтгэж байна. Үүнийг буруу зорилго гэж боддоггүй. Олон хүний сэтгэлийг харлуулж  байгаад би хувь хүнийхээ хувьд маш их харамсаж байна. Үргүйдлийн эмчилгээний үнэ цэнэ, зорилго нь бүгдэд нээлттэй, ил байгаа.Гадаад улсын эмнэлгийг зорьсон монголчуудын урсгал хэр байдаг билээ дээ. Манай эмнэлэг үйл ажиллагаагаа явуулснаас хойш гадаад орон, тэр дундаа БНСУ руу үргүйдлийн чиглэлээр явдаг урсгал илт буурсан. БНСУ дахь эмнэлэг болон манай эмнэлгийн үйлчилгээний үнийн  зөрүү  тэнгэр  газар шиг шүү дээ. Монголчуудын БНСУ руу зорьж очдог байсан эмнэлэг урсгалаа алдахгүйн тулд манайх руу холбогдоод хамтарч ажиллая гэж санал хүртэл тавьж байсан. Манай эмчилгээ, үйлчилгээ дэлхийн түвшинд хүрснийг энэ саналаас харж болмоор. Монгол хүнийхээ хувьд, олимпын аваргын хувьд энэ бүгд бол эх орныхоо төлөө хийж буй өчүүхэн хувь нэмэр гэж боддог. Монгол хүн эрүүл байх нь үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшлийн хамгийн том хүчин зүйлгэдгийг ярианыхаа төгсгөлд хэлье.

 

Ярилцсан: Сэтгүүлч Б.ТҮВШИНТӨГС