Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

“Шарталт” DNN.mn

Сархад хэтрүүлсэн хүн хорддог. Түүнийг шарталт гэнэ. Түүн лүгээ Монголын хамаг байдгийг улс төрийн, бизнесийн эрх мэдэл, нөлөөтэй хэдхэн хүн 30 жил “ууж, идэж” ирсэн. Ерээд оноос хойших өмч хувьчлал, нийслэлийн газар, уул уурхайн ордууд тэдний л гарт орсон. Оюу толгой, Таван толгой, одоо энэ ураны ордууд бүгд л “нөлөө”-ний нөлөөнд байсаар байна. Эдгээр баялгаа түшүүлж, төрийн өмчтэй компани байгуулдаг. Тэдгээрийн бүх үйл ажиллагаа хаалттай. Тэгж нөгөөх хэд маань эрх ашгаа гүйцэлдүүлнэ. Үнэндээ төрийн буюу олон нийтийн нэртэй компаниудаа төр нь ч, олон нийт нь ч мэдэхгүй. ЖДҮХС, Боловсролын зээлийн сан, ер нь бүх тусгай сан, Хөгжлийн банк гээд мөнгөний урсгал бүгд нөгөө л “эрх мэдэл”-ийн үгэнд захирагддаг. Бүр тогтолцоо болоод тогтчихсон. Хамгийн гол нь энэ бүхнийг авлига дагадаг. Авлигын тогтолцоог цогцлоогчид улс төрөөр дамждаг. Тиймээс эрх мэдэлд хүрч, энэ тогтолцооны гишүүн болохын тулд Монголын улс төр “дагагчид”-аар хахдаг.

Хамгийн ноцтой нь авлига өсөхөд ядуурал ч өсдөг. Ийм тэнцүү хамааралтай болчихсон. Ерөөсөө л энэ хоёр байгаа учраас Монголын хөгжлийн систем хэзээ ч урагш гишгэдэггүй. Авлигын индексээр манай улс сүүлийн 30 жилд 180 орноос 100-гаас доош бараг орсонгүй. Хамгийн сүүлийн индексээр 116-д жагсаж байна. Ядуурлын талаарх хамгийн сүүлд НЗБ-ын дэмжлэгтэй хийсэн маш зөөлөн судалгаа байна. Түүнд “Монгол Улсын хүн амын ядуурлын түвшин 2010- 2014 оны хооронд буурч байсан хэдий ч 2016 онд 29.6 хувьд хүрч огцом өссөн. Түүнээс хойш дорвитой буураагүй байна. Энэ нь 2016 оны эдийн засгийн уналтын үеийн нөлөөгөөр хүн амын хэрэглээний өсөлт буурч, хэрэглээний хуваарилалтын тэгш бус байдал нэмэгдсэнтэй холбоотой. 2018 онд 28.4 хувь, 2020 онд 27.8 хувьд хүрч бага зэрэг буурсан. Гэсэн хэдий ч Ази, номхон далайн бүс нутгийн дунджаас өндөр, бууралтын эрч сул, удаан байна. Насны бүлгээр авч үзвэл, 0-18 насны хүүхдүүд ядууралд илүү өртсөн байна” гэжээ. Тооны хувьд асар дарагдсан боловч “0-18 насны хүүхдүүд ядууралд илүү өртсөн” буюу “Монголын ирээдүй ядууралд өртөж байна” гэсэн ноцтой дүгнэлт гарчээ. Авлига ядуурал хоёрын талаарх энэ хоёрхон тоо бол хэдхэн хүн 30 жил тасралтгүй “уусан”-ы том нотолгоо юм. Мөн Хууль зүйн сайд Б.Энхбаяр өмнөх долоо хоногт нээгэн хэлэлцүүлэг дээр өнгөрсөн 30 жилийн талаар сүрхий тодорхойлолт хэлнэ лээ. Тэрээр “Авлига бүх боломжийг хулгайлж байна. Цэцэрлэг, сургууль, явган хүний зам, эрүүл аюулгүй орчин амьдрах, үйлдвэр барих тэр бүх боломжийг хулгайлсан. Хэдэн их наяд төгрөгөөр яригдах олон асуудлын цаадах золиос нь хүний эрх болсон”, “Боловсролын тэгш бус байдал буюу гараанаасаа тэгш бус орчинд төрж, өссөн нийгэмд бид тэгш эрх, тэгш боломжийн тухай ярих боломжгүй. Энэ нь нотлогдсон. Иймд парламент оношоо зөв тавьж, залруулах ажлаа системтэй хийх шаардлагатай. Жан Жак Руссо “Хэн ч өөрийгөө худалдахуйц ядуу байх ёсгүй, Хэн ч бусад хүнийг худалдаж авахуйц баян байх ёсгүй” гэсэн байдаг. Үнэхээр ядуу, боломжоос гадуур байгаа хүн бол өөрийгөө бусдад худалдахад бэлэн байдаг. Баялгийн тэгш бус хуваарилалтаас аваад бусдын дээр суусан хүн өрөөлийг боол, албат, зарц гэж хараад өөрийгөө хаан гэж төсөөлдөг. Ийм нийгэмд хүний эрхийн мэдрэмжийг түгээх боломжгүй байдаг”, “Сүүлийн 30 жилд хүний эрхийн гол дайсан нь хууль өөрөө байсан. Хууль нь хүний эрхээс хоцорч биш түрүүлж явдаг, ямагт хүний эрхийн мэдрэмжтэй байх ёстой. Гэтэл өнгөрсөн хугацаанд хүнд дарамт болсон, төрд эрх олгосон хуулиудыг баталж иржээ. Арван жилийн өмнө Монгол Улсад 400 хууль, 1000 журмаар нийгмийн харилцааг зохицуулдаг байв. Одоо хуулийг оруулахгүйгээр 2000 журам бүртгэлтэй байна. Журмаар нийгмийн харилцааг зохицуулдаг чиглэлд хурдтай явсан. Энэ бол хууль тогтоох эрх мэдлийг гүйцэтгэх эрх мэдэл булааж авах хандлага руу орсныг илтгэнэ. Ард түмний засаг төрөө удирдах, хууль тогтоох эрх мэдэл нь зөвхөн парламент дээр батлагддаг байх ёстой. Гэтэл сүүлийн 10 жилд эмх замбараагүйгээр журам баталдаг болсон. Шалтгаан нь залхуурал, зориуд санаатай үйлдэл. Хууль зузаан, дэлгэрэнгүй, ойлгомжтой, процесстой байх учиртай. Гэсэн ч түүнд нь 30 журмыг энэ сайд, тэр дарга батална гээд заачихсан хуулиудыг үйлдвэрлэжээ. Үүнтэй холбоотойгоор гүйцэтгэх эрх мэдэл нь журам үйлдвэрлэгч, төрийн албан хаагчид журам хийгчид болсон” гэв. Б.Энхбаяр ерөнхийдөө тодорхойдуу дүгнэлт хийсэн байна. Тэгэхгүй бол баяжихыг нь тэд хүртэж, балгийг нь бид үүрч байна.Гэхдээ сүүлийн гурван жилд энэ тогтолцоо задрах тал руугаа орж эхэлсэн. Хөгжлийн банк, төмөр зам, автобус, нүүрсний хулгай гээд хэдэн жил үргэлжлүүлж, хэдэн Засгийн газар дамжуулан идэж уусан хулгайн хэргүүд ил болсон. Одоо илэрч л байна. Цаашдаа ч өөр олон хулгай ил болох ёстой. Ээлжээ хүлээж байгаа том хулгай олон бий. Тэр утгаар нь харвал, өнөөдөр бид улсаараа “шартчихаад” байна. Яагаад гэхээр бүтэн 30 жил систем болтлоо томорсон том хулгай хийгчид Монголын нийгэмд хэдийнэ байр сууриа эзэлчихсэн. Тэд эвгүйцэж нэг “шилгээхэд” нийгмээрээ доргилт авч ч мэднэ. Тийм хүчтэй. Тэгж ч байна. Энгийнээр хэлэхэд нэг л том хулгайн ард өч төчнөөн салж нийлсэн, орооцолдсон бүхэл бүтэн сүлжээ байдаг.

Шинжээчид Монголын улс төр-эдийн засгийн, улс төр-бизнесийн, улс төр- ашиг сонирхол нэгтэй гэх мэт улс төрийн хүрээн дэх бүлэглэлүүдийн харилцаа, хамаарлыг н талаар шинжээчдийн төсөөллийн сүүлийн 13 жилийн судалгааны дүнг харьцуулж 12 төрлийн шалтгаан нөхцөл, сонирхол бүхий илэрхийлэмжүүдийн төсөөллийг гаргасан байдаг.

Төрийн өндөр албан тушаалтнууд, улстөрчид, улс төрийн нам, бүлэглэл, гадаад дотоодын бизнесийн бүлэглэл, гэмт бүлэглэлийн харилцаа хамаарлын үнэлгээний дундаж индекс 2020 онд 3.84 гарсан. Энэ нь 2019 оны үзүүлэлт 3.96-гаас -0.12 баллаар буурсан дүн гарчээ. Үүнийг шинжээчдийн дийлэнх нь авлигын хэлбэр олон шат дамжлагатай болж улмаар уламжлалт бэлэн мөнгө өгч, авах арга хэлбэрээс илүү нарийсч байгууллага болон хувь хүнд давуу байдал бий болгох хэлбэр түгээмэл болсонтой холбон тайлбарлажээ.Үүнд бусад үзүүлэлтүүдээс илүү өндөр үнэлгээ өгсөн нь үүнийг гэрчилж байна. Өөрөөр хэлбэл, албан тушаалд томилох эсвэл байгууллага, бүлэглэлийн хувьд эрх зүйн орчноор дамжуулан давуу нөхцөл олгох болсонтой холбоотой гэсэн байгаа юм. Түүнчлэн улстөрчид шүүгч, хууль сахиулах байгууллагын албан тушаалтнуудтай хууль бус ашиг сонирхлоор нэгдэн нийлэх замаар холбоо сүлбээ тогтоосноор авлига, албан тушаалын хэрэг үлэмж даамжирч, улмаар арга хэрэгсэл нь нарийсч, өөрсдийн гэмт хэргийг хууль, шүүхийн механизмыг ашиглан далдлах, цаашлаад бусдыг дарамтлах, айлган сүрдүүлэх аргаар бизнесийг нь дээрэмдэх зэрэг бусармаг үйлдэл хийх сэдлийн үндэс болсон. Үүнийг ч шинжээчид хэлсэн байна.

Тиймээс энэ авлигыг үгүй хийх нь Монгол Улсын хувьд хамгийн түрүүнд ёстой ажил болж байгаа юм. Харин үүнд төр бүхэлдээ бэлэн үү. Одоогоор үгүй байна. Тухайлбал Засгийн газар шүүх хоёр яг энэ асуудлаар “нанчилдсаар” өнөөдрийг хүрлээ. Ерөнхий сайд нь “Шүүх авлигын хэргүүдэд яаж хандахыг нүд цавчилгүй харцгаая” гэж мэдэгдсээр ирэв. Үүнийг нь нотлох мэт авлигын том хэргүүд шүүх дээр олон жилээр гацах, эсвэл мөрдөн байцаалтад буцаах зэргээр цаг хождог асуудал гарсаар байна. Одоо авлигачид “Сонгууль хүртэл ямар нэг байдлаар тэсье” гээд гүрийх болсон талаар ярьж байна. Үнэн эсэхийг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ л өрнөж буй үйл явдлууд тийм байх магадлалтайг хэлээд л байна. Энэ бүх учир шалтгааны улмаас Засгийн газар авлигын дагнасан шүүх байгуулах хуулийн төслийг боловсруулж байгаа мэдээлэл бас байна. Тэр хуулийг батлагдтал авлигын хэргийг шууд давж заалдах шатны шүүхээр хэлэлцэж, Дээд шүүх хяналтын журмаар шийддэг журмын зохицуулалт хийх бололтой. Гэхдээ энэ бүхэн нөгөөх нөхөд таалагдахгүй. Эрх ашиг нь хөндөгдөх учраас бүх зүйлийг харлуулах үйл ажиллагаа явуулна. Зарим улс төрийн болоод эдийн засаг, бизнесийн эрх мэдэл одоог хүртэл тэдний гарт байна.

Тэдний эсэргүүцэл нийгэмд сөрөг “шинж тэмдэг” үзүүлдэг. Шатахуунаас эхлээд зарим үйлчилгээ, бараа материалын үнэ өсөх, хомсдох явдал гарна. Тэгээд тэр сэтгэл зүй дээр дөрөөлөөд “объект”-оо унагах зорилго бүхий жагсаал цуглаан, нийгмийн эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулна. Үүнийг “шарталт”-ын шинж тэмдэг гэхэд болно. Зовиур нь юм уу даа. Ер нь бол шартсан хүнд хоёр арга байдаг. Зовиураа анагаахын тулд дахин “100 грамм” татах, эсвэл өвдсөн ч эмчилгээний аргаар эрүүлжих зам бий. Түүн лүгээ Монгол маань “100 грамм” татаад өмнөх 30 жилээ үргэлжлүүлэх үү, бага зэрэг “ёолж” байгаад эрүүлжих үү. Бид л сонгоно.

П.ХУЯГ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Ёс суртахуун, энэрэн нигүүлсэх сэтгэлтэй байх нь асуудал бэрхшээлийг даван туулах хамгийн үр дүнтэй арга зам DNN.mn

Лхаарамба Д.Жавзандорж ламыг Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, ХХХ хамба номун ханы сэнтийд залах ёслол өвлийн тэргүүн сарын шинийн таван буюу энэ сарын 18-нд Батцагаан дуганд боллоо. Энэ ёслолын үеэр Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж хуран цугласан олонд хандаж дараах айлдварыг айлдсан юм.


“Авралт багш гурван эрдэнэ дор гурван үүднээс бишрэнгүйгээр мөргөе. Болгоон соёрх. Өнөөдрийн ёслолд морилон саатсан Монгол Улсын Их хурлын дарга, эрхэм Гомбожавын Занданшатар, эрхэм УИХ-ын гишүүд болон Засгийн газрын гишүүд, төр нийгмийн зүтгэлтнүүд, Бурханы шашны Хутагт, Хувилгаад, Гэвш, Лхаарамба, Гавж, хийдүүдийн Хамба, Ловон, лам хуврагууд, гадаад орны Элчин сайдууд, хүндэт зочид төлөөлөгч, сүсэгтэн олон та бүхэндээ XVII жарны Үзэсгэлэн болгогч хэмээх Усан туулай жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба номун хан хэмээх эрхэм хүндтэй, нэн хариуцлагатай шашин номын албан тушаалд сонгогдон томилогдлоо. Эрхэм хүндтэй та бүхэнтэй хамтран уламжлалт Бурханы шашин, соёлоо түгээн дэлгэрүүлэх их үйлсийн төлөө хичээн зүтгэхээ илэрхийлж байна. Энэхүү албанд итгэл хүлээлгэж, нэр дэвшүүлсэн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, XXIX Хамба номун хан, Хансүр, Гавж Дэмбэрэлийн Чойжамц танд эрүүл энх, урт удаан нас, буян номын үйлс тань арвидан дэлгэрэхийн ерөөлийг айлтгая.

Их Монгол орноо Бурханы шашин, соёл хэдэнтээ дэлгэрч, Монголын ард түмний ахуй амьдрал, өв соёл, үнэт зүйлсийн салшгүй чухал хэсэг болон уламжлагдан ирсэн билээ. Бурханы шашин, соёлоо Бурхан багш бээр “Миний шашин умардаас умардад дэлгэрнэ” хэмээн бошголон зарлигласны дагуу Бурханы шашин Энэтхэгээс Төвөд, Төвөдөөс Монголд дэлгэрэхэд алжаал зүдрэлийг умартан хичээн зохиосон Монголын Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар тэргүүтэй ихэс дээдэс, эрдэмтэн мэргэд бүхэнд чин сэтгэлээсээ талархан залбирму.

Өнөө цагийн Монголын Бурханы шашны тэргүүн, Дээрхийн гэгээн, Оройн дээд Очирдарь, Х Богд Жавзандамба хутагт Данзанжамбалчойживанчиг дээдэс, Хутагт, Хувилгаад, Хамба, Ловон, Гэвш, Гавж тэргүүтэй лам хуврагуудын Бурханы шашны төлөө зохиож буй үйлс бүхэнд даган баясъя.

Бурхан багш бээр дөрвөн үнэний сургаалыг айлдахдаа бидний хүсдэггүй зовлон бидний өөрсдийн муу сэтгэлээс гардаг. Ийм учраас зовлон хүсдэггүй хэн бээр зовлонг бий болгодог муу сэтгэлийг юуны түрүүнд таньж бариад түүнийг арилгахын тухайд арга нь болсон хоосон чанар, шүтэн барилдлага эдгээрийг танин мэдсэн билиг ухаан, бусдыг энэрэн нигүүлссэн сэтгэл, бусдын төлөө өөрөө эхлээд сайн болох ёстой шүү, өөрөө сайжрах хэрэгтэй гэсэн бодь сэтгэлийг хэрэгжүүлэхээр суралцах хэрэгтэй хэмээн айлдсан. Тиймээс Бурхан багшийн сургаалын охь шим болсон хүмүүний ёс суртахуун, энэрэн нигүүлсэх сэтгэл, шүтэн барилдлагын ухааныг хувь хүний амьдрал, нийгмийн харилцаанд хэрэгжүүлэх нь хүн төрөлхтний өмнө тулгарч буй олон асуудал бэрхшээлийг даван туулах хамгийн үр дүнтэй арга зам мөн гэдэгт итгэлтэй байдаг. Өнөөг хүртэл уламжлагдан ирсэн сүм хийдийн боловсролыг орчин үеийн боловсролтой уялдуулах, сүм хийд шинжлэх ухааны байгууллагын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх хүмүүнлэгийн олон талт ажиллагааг шинэ шатанд гаргах, Бурханы сургаал номлолыг эх хэлээр унших, судлах боломжийг үе шаттайгаар нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг та бүхний оролцоо, дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа айлтгая. Та бүгдэд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөгөөд Бурханы шашин дэлгэрэхийн ерөөлийг айлтгая. Болгоогч багшийн өлмий батжин, билгүүнт хуврагууд номоор цэнгэж, бүхнийг гэгээрүүлж, зовлонгоос хагацуулагч Бурханы шашин дэлгэрэх болтугай. Баярлалаа, та бүхэнд” гэж айлдлаа.

Үүний дараа тэрбээр XXIX Хамба номун хан Д.Чойжамц гавжид хүндэтгэл үзүүлж “Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн XXIX Хамба номун хан, Хансүр, Гавж Дэмбэрэлийн Чойжамц танд өдийг хүртэл, энэ олон жилийн хугацаанд үе үеийн Захиргаа, лам хуврагуудаа манлайлж, Бурханы шашныг дэлгэрүүлэх их үйлс, сайн сайхан бүгдийн төлөө хичээсэн энэ бүгдэд хувийн зүгээс болон лам хуврагуудаа төлөөлөн чин сэтгэлээсээ даган баясаж, талархал дэвшүүлье. Ирэх жил, Цагаан сар гарсны дараа таны таалсан өдөр Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс танд өлмий бат, мэлмий тунгалаг байж, сүсэгтэн олон, залуу лам хуврагууддаа сургаал номлолоо урт хугацаанд айлдан Бурханы шашныг дэлгэрүүлэхэд урьдын зохиосон адилаар зохиол үйлсээ зохиож хайрлана уу хэмээн бат оршил, даншүг өргөе гэж би айлтгаж байгаа юм. Үүнийг та хүлээн авна уу. Ингээд танд эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээн ерөөл айлтгав.

Д.ГАНСАРУУЛ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Социализмаараа үлдсэн манай армид цэргийн амь ялааны аминаас дор үнэлэгддэг болжээ DNN.mn

Манай ардын арми үнэхээр хоцрогджээ. Үүний баталгаа болгож армийн сүлд дууг нь та бүхэнд сонирхуулъя.

Ардын хувьсгалын гал дунд төрсөн

Алдарт Монголын залуу арми

Анд зөвлөлтийн дайчдын хамт

Ард түмнээ дарлалаас чөлөөлсөн

Ялагдашгүй манай армийн хүч нь

Яруу алдарт намын жолоодлого

Хөрш зөвлөлтийн их тусламж

Хөдөлмөрчдийн гүн дэмжлэг байдаг… гэх үгтэй.Өнөө цагийн Монгол ардын армийн сүлд дуу нь энэ. Энэ дуугаа одоо болтол шинэ цэргүүдэд бахархалтайгаар зааж, дуулуулан алхуулж байна. Яг ямар учиртай, хэдэн онд зохиогдсон дуу вэ гэдгийг армид очсон шинэ цэргүүд буюу өнөө цагийн залуучууд яагаад ч ойлгохгүй. Ойлгохгүй байгаа нь тэдний буруу огт биш. Дээрх дуунд “Анд зөвлөлтийн дайчид” гэж өгүүлж байгаа. Тэгвэл энэ дайчид нөгөө зөвлөлт нь өнөөдөр хаана байна. Аль тэртээ 1989 онд устаж, алга болсон улсыг хэлж байгааг тэд ойлгохгүй. Яруу алдарт намын жолоодлого гэж аль намын бодлогыг хэлээд байна вэ гэж залуучууд гайхаж байгаа. МАХН-ыг хэлээд байна уу. Гэтэл энэ нам чинь Монголын сүүлчийн коммунист удирдагч болох Ж.Батмөнхийн үеийн Үндсэн хуулийн үзэл санаанаас “Нэг нам ард түмнээ жолоодож, БНМАУ-ыг удирдан чиглүүлнэ” гэсэн заалтыг авч хаясан. Гэтэл өнөө цагийн Монгол ардын арми энэ дууг сүлд дуугаа болгочихоод цэргүүдээрээ дуулуулан явна. Он цагийн алдаа гэлтэй. Өнөө цагийн залуучууд ийм утга агуулга, үгтэй дууг дуулаад омогших уу. Ийм энгийн агуулгаас л Монгол ардын арми социализмаараа царцсаныг харж болохоор байна. Зөвхөн ардын арми социализмаараа үлдсэн Монгол дахь ганц субъект биш. Үүн дээр нэмэгдээд өөрчлөгдөөгүй ноцтой хэд хэдэн салбар манайд бий.Тухайлбал, цэрэг арми, цагдаа, шорон.Дотоод бүтэц, тогтолцоо, хандлага гээд бүх зүйл нь яг л социализмаараа. Өөрөөр хэлбэл зөвлөлт маягийн буюу хүнд сурталтай, хүнийг үл хайхарсан, жирийн ардыг нийгмийн нэг эрэг шураг, илүү юм биш гэж үздэг хандлага тогтолцоо нь яг хэвээрээ байгаа гэсэн үг. Энэ үеийн цэргийн сургаал, номлол ямар байсан бэ гэхээр нэг ийм. Тухайн үед домог, шүтээн болж явсан жанжин Г.К.Жуков “Цэргийн амь нас хайран биш. Манай хүүхнүүд төрүүлчихнэ” гэж хэлж байсан. Энэ үг бол тухайн үеийн цэрэг, армийн сургууль, номлол байлаа.Цэрэг эрийн амь нас ийм л дайны үнэлэгддэг байв. Энэ номлол ОХУ-д одоо ч ид хүчтэй байна. Саяхан ОХУ-ын Төрийн Думын депутат Виталий Милонов “Манай улсын охид 18 нас хүрээд сургуульд сурах гэж бүү яараарай. Орос оронд хүн хэрэгтэй. Ирээдүйд бид асар их хүнтэй армийг бий болгох ёстой. Тэгэхийн тулд манай охид 18 хүрээд төрөх хэрэгтэй байна” гэж хэлсэн байдаг. Мөн өөр нэг Думын депутат “Хөвгүүд 18 нас хүрээд “оков”-д очих ёстой” гэжээ. Коммунист дэглэмийн үеэс л хамгийн эрүүл саруул сор болсон залуучуудыг шилж сонгож албаар цэрэгт татаж аваад цэрэг бол хүн биш, цэрэг дагахаар тэрэг дага гэдэг үг хэллэгийг гаргаж цэргийн алба хаагчдын амь насыг үнэгүйдүүлж олон аавын хүүхдийн толгойг залгиж, үлдсэнийг нь эрэмдэг зэрэмдэг болгож ээж аавд нь тушаасаар өнөөг хүрсэн. Яг ийм үзэл сурталаар Монгол ардын арми тэртээгээс өнөөг хүртэл явж ирлээ.Цэрэг, армийн үе үеийн боловсон хүчин дандаа хуучин ЗХУ-д сургуульд сурч төгссөн байдаг. Өнөө цагийн удирдлагууд нь ч гэсэн ОХУ-д сурч төгсөж ирээд ардын армид алба хашиж байна. Боловсон хүчнийхээ хангалтыг хойноос авах сонирхол нэг талдаа их байгаа. Нөгөө талдаа хойно төгссөн нөхдийн мэдлэг, арга барил, үзэл санаа өнөөгийн Монголын армид яг таг тохирч байгаа нь социализмаараа байгаагийн тод илрэл. Хуучирсан тогтолцоо, хуучирсан арга барил Монгол ардын армийг

сөнөөж байна. Өнөөдөр цэргүүдийн байрлах анги, байруудыг нэг хараарай.Ихэнх нь хуучин барилга.Саяхан алба хаагч амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Энэ үеэр хотын төвд байрлах цэргийн ангийн спорт заалны зураг нийгмийн сүлжээнд шуугиан боллоо. Хана, шал, тааз гээд бүгд эвдэрсэн, хуучирсан, мөөгөнцөрдсөн байна.Заалных нь цонхнуудыг гялгар уутаар таглачихсан байх. Ийм хуучин, хөгз, чийг үнэртсэн байранд ардын хүүхэд очоод яаж эрүүл байж чадах вэ. Өвлийн хүйтэнд гялгар уутаар жавраа хаасан цонхны доор хөлсөө гартал дэглүүлсэн цэргүүд очоод л эхнээсээ хатгаа тусна. Улмаар өвчин нь хүндэрч уушгиндаа орно. Ингээд л нэгэн сайхан аавын хүү өвчний улмаас өөд болно.Яг л ийм жишээ сая болсон. Монгол ардын армид ардын хүүхдийн амь ялааны аминаас доор үзэгдэх боллоо. Цэрэгт татагдаж очоод л эхний өдрөөсөө шанаа авч, дэглүүлдэг байдал нь бүр хорон болсон гэлцэх. Өмнө армид ямар дэглэлт байсан өнөөдөр ч ялгаагүй яг л тэр хэвээрээ байгаа гэдгийг хэлэх хүн олон байна. Гэтэл салбар хариуцсан сайд нь манай армид дэглэлт огт байхгүй гэж улаан цагаан худлаа хэлж байх жишээтэй. Ер нь цэргийн дэглэлт гэдэг ойлголт Зөвлөлт холбоот улсын нөлөөллийн армид л их түгээмэл дэлгэрсэн байдаг. Хүнд суртал ихтэй, хүнийг үл хайхрсан, аймшигтай дэглэлттэй атлаа цэргүүддээ байлдааны ямар ч чадвар эзэмшүүлж чаддаггүй нь харамсалтай. Үүний баталгааг Украин Оросын дайнаас тод, бодитой харж болно. Энэ дайнд ОХУ-ын цэргүүд ёстой махан таташ болж байна. Угтаа цэрэг гэдэг бол хүн. Бас нэгэн хорвоогийн бодьгал. Тиймээс цэрэг амьдрах, амьд явах жам ёсны эрхтэй.Гэтэл нэг өвгөн командлагчийн тушаалаар л дайны талбар руу оронгуут үхэж байна. Цэргээ үхэл рүү нь түлхсэн тушаалтан ямар ч хариуцлага хүлээдэггүй.Яагаад гэвэл ялаа алсан хүн хариуцлага хүлээдэг үү. Хатуухан хэлбэл тэр үхэж байгаа цэрэг ч гэсэн өвгөн удирдагч шиг жаргаж зовж өсч үржиж дурлаж хайрлаж амьдрах ёстой. Яг л ийм үзэл суртал өнөөгийн Монгол ардын армид нэвт шингэсэн гэдгийг саяны амиа алдсан цэргийн үхэл бат нот харууллаа. Хүн ёсны харилцаа, хандлага гэж манай армид тэр дундаа офицер, албан тушаалтнуудад огтхон ч алга. Тэд цэргүүддээ, энгийн арддаа ийм хүйтэн сэтгэлээр хандаж байхад тэдний төлөө цаашлаад эх орныхоо төлөө ямар ардын хүү дайнд орж амиа өгөх вэ. Хүн төрөлхтний түүхэнд олон мянган дайн тулаан болсон байдаг. Дайнаас гарах хоёрхон үр дүн бий.Ялах эс бөгөөс ялагдах.Ялагдаж байгаа цэргийн хүчний гол алдаа нь ерөөсөө л цэргээ хүн шиг үздэггүй жанжидтай нь холбоотой байсныг түүх хэлж өгнө.Хүнээ, цэргээ хайрлаж, хөгжүүлж байж л бид батлан хамгаалах салбараа батлан даана. Орчин цагт цэргийн хүчээр буюу хүний олноор дайнд ялдаг гэсэн онол устчихсан. Нөгөөтэйгүүр армийн байлдааны бэлэн байдал гэдэг нь нолийн ноль. Ийм арми дайсанд эсэргүүцэл үзүүлэх талаар бодохын ч хэрэггүй. Саяны спорт заалнаас долоон дор байр, танхимтай цэргийн анги олон байна гэхээр манай армийн зэр зэвсэг, тоног төхөөрөмж гэж ямар инээдтэй юм байдаг бол. Хуучин нийгмийн үед Монголд цэргийн анги олон байсан. Гэвч тухайн үед яаралтай хэрэгцээнд хөдлөөд явчих техник машин ховор байсан, бүгдийг нь тоноод хулгайлчихсан байдаг талаар бидний аав, ах нар дурсан ярьдаг байлаа. Гэтэл одоо ч энэ байдал нь яг хэвээрээ байна гэж бодохоор эмгэнэлтэй санагдаж байна.Тэд энх цагт ч эсэн мэнд ээж аавдаа эргэж ирэх баталгаа байхгүй. Тиймээс Монголын армид шинэчлэлт хийх хэрэгтэй байна. Армид өөрчлөлт оруулах шаардлага бий болж. Энэ өөрчлөлт, шинэчлэлтийг бид даруй, бүр нэн яаралтай хийх шаардалагатай. Учир нь орчин үеийн геополитик өнөөгийн арми удирдаж, болдого тодорхойлж яваа нөхдийн бодож байгаагаас тэс өөр болсон. Хэн ч ямар ч дайсан хаанаас ч хамаагүй босоод ирэхээр болжээ, эрхэм нөхөд өө.Үүнээс харвал өнөөгийн Монгол Улс ямар ч хамгаалалтгүй болсон байна. Шинэ сэргэлтийн бодлогоо цэрэг армиасаа эхэл. Юун түрүүнд хуучин ЗХУ болон өнөө цагийн ОХУ-д сурч төгссөн боловсон хүчин болгоноо цомхотголд оруулж, армиасаа зайлуулъя. Тэдний оронд барууны орнуудад цэрэг, армийн чиглэлээр боловсрол эзэмшсэн, мэдлэг, ур чадвартай шинэ цагийн офицеруудаар сольё. Энэ маягаар юун түрүүнд өөрчлөлт хийхгүй бол ардын арми ардын хүүхдийн амиар тоглож дуусах нь…

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Баярмагнай: Хөдөөг сэргээх ажлыг эрчимжүүлэхэд бүх талын оролцоо чухал DNN.mn

Монгол Улсын Засгийн газраас хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангах, орон нутагт шилжин суурьшиж ажиллаж, амьдрах хүсэл сонирхолтой иргэд, аж ахуйн нэгжийн урсгалыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд “Хот, хөдөөгийн сэргэлт” бодлогыг хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү бодлогыг эрчимжүүлэх зорилгоор байгуулагдсан “Хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн дарга, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайтай ярилцлаа.


-“Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд орон нутагт очиж ажиллаж, амьдрах иргэд, аж ахуйн нэгжид олон таатай боломжуудыг санал болгож байна. Гол нь тухайн орон нутаг шилжин ирэгсдийг хүлээж авахад бэлэн үү. Таны ахалсан ажлын хэсэг энэ суурийг нь хэрхэн тавив?

-Манай ажлын хэсэг байгуулагдсан даруйд дэд сайд нар маань 21 аймагт ажиллаж тухайн орон нутгийг удирдаж буй удирдлага хамт олон, иргэдийн төлөөллүүдтэй уулзаж, тэдний санаа бодлыг сонсохоос ажлаа эхэлсэн. Гол зорилго нь хөдөөг сэргээх, хөгжлийг хурдасгахад тухайн орон нутгийн иргэд, удирдлага, хамт олны оролцоо их чухал.

 

Энэ ажлын хүрээнд орон нутаг бүр өөрийн онцлог, давуу талд суурилсан хөгжлийн баримт бичгүүдийг мөн шинээр шилжин суурьшихаар ирж буй иргэд, аж ахуйн нэгжүүдийг хэрхэн хүлээн авах, хөрөнгө оруулалтын таатай орчныг хэрхэн нэмэгдүүлэх, үйл ажиллагааны нээлттэй байдлыг хэрхэн хангахад чиглэсэн “Нээлттэй аймаг” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Ингэснээр аймгууд маань энэхүү хөтөлбөрийн хүрээнд хөрөнгө оруулалтын чуулга уулзалт, арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлсэн. Улсын хэмжээнд бол гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын чуулганыг салбар бүрд тогтмол зохион байгуулж хэвшсэн. Харин орон нутаг өөрсдийн онцлог, боломжуудаа олон нийтэд таниулсан, хөгжлийн чиг баримжаагаа тодорхойлсон, хөрөнгө оруулагчдыг урьсан олон талт арга хэмжээг зохион байгуулж байсан тохиолдол өмнө нь төдийлөн их байсангүй. Тэгэхээр “Нээлттэй аймаг” хөтөлбөр маань хандлагын төдийгүй сэтгэлгээний томоохон өөрчлөлт рүү оруулж буй чухал хэлбэр болсон. Хөдөөг сэргээж, хөгжүүлэх нь ганцхан Засгийн газрын хийх ажил биш. Бүх талын идэвхтэй оролцоо, хүсэл сонирхол зайлшгүй хангагдах ёстой.

-Хөдөө очиж үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт эдлүүлнэ гэл үү. Энэ ажил хэр үр дүнтэй байна вэ?

-“Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн гол концепц нь зөвхөн Улаанбаатарын төвлөрлийг бууруулахад чиглэгдэхгүй. Том зургаараа орон нутаг бие даан хөгжих тэр боломжийг нь бүрдүүлж, банк санхүүгийн, татварын таатай, давуу нөхцөлийг бий болгоход чиглэсэн алхмуудыг Засгийн газрын зүгээс өнгөрсөн хугацаанд эхлүүлээд байна. Тухайлбал орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд 90 хүртэл хувийн татварын хөнгөлөлт үзүүлэх, банк санхүүгийн хөнгөлөлттэй зээл олгох нөхцөлийг бүрдүүлэх, орон сууцны зээлийн хүүг бууруулах зэрэг ажлыг нэрлэж болно. Мөн Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар 17 аймгийн 52 суманд Үйлдвэр, үйлчилгээ, худалдаа, логистикийн цогцолборыг хувийн хэвшлийн саналд үндэслэн нийт 740 орчим сая ам.долларын санхүүжилттэй төслийн ажил эхэлнэ. Өнгөрсөн долдугаар сард УИХ-аар гэрээг нь соёрхон баталсан. Ингэснээр бидний олон жил ярьсан малын түүхий эд, дайвар бүтээгдэхүүнийг боловсруулахаас авахуулаад сүү, сүүн бүтээгдэхүүн бэлтгэх, хүнсний ногоо, мах хадгалах хөргөлтийн системийг байгуулах, худалдан борлуулах гэх зэрэг цогц бүтээн байгуулалтыг дунджаар 5га газарт байгуулахаар төлөвлөгдсөн. Энэхүү төслийг эдийн засгийн, хөгжлийн яамны хамт олны судалгаа, тооцоон дээр үндэслэн тухайн сумыг тойрсон бүс нутгийн таталцлыг тооцоолж байршлыг сонгож хэрэгжүүлэхээр байгаа. Ер нь Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд ирэх жилээс орон нутагт өргөн хүрээний олон талт ажил бодитоор эхэлнэ гэсэн хүлээлттэй байна.

-Эдийн засаг хаана байна, иргэдийн нүүдэл тийшээ чиглэдэг. Тиймээс орон нутагт ажлын байр хэрхэн нэмэгдүүлэх вэ?

-Хөдөө орон нутагт иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх асуудлыг нэн түрүүнд анхаарах ёстой. Өнгөрсөн хориод жилийн хугацаанд орон нутаг дахь цалин хангамж, боловсрол, эрүүл мэндийн чанар хүртээмж, байгалийн давагдашгүй сөрөг хүчин зүйлсийн нөлөөлөлөөс шалтгаалан төв суурин газрыг зорьсон их нүүдэл өрнөснийг та бид сайн ойлгож байгаа. Үүнийг саармагжуулах, тогтоон барих, улмаар бууруулах хөшүүрэг нь ерөөсөө л орон нутагт амьдралын таатай орчин нөхцлийг бүрдүүлэх явдал. Юун түрүүнд ажлын байрыг нэмэгдүүлэх, тухайн орон нутагт ажиллаж амьдарч байгаа төрийн бүх шатны албан хаагчдын цалин хангамж, нийгмийн баталгааны давуу байдлыг бий болгоход чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой. Засгийн газраас зүгээс эхний алхмуудаа хэрэгжүүлээд эхэлсэн. Эхнээсээ үр дүнгээ өгч байна. Хөдөөг зорих сонирхолтой мэргэжлийн боловсон хүчнүүд тэр дундаа багш, эмч нарын дутагдалтай байдал орон нутагт үндсэндээ арилах хандлагатай байна. Өнгөрсөн жил хөдөө орон нутагт нэг өрхийн дундаж орлого 1.3 сая төгрөг, Улаанбаатарт 1.7 сая төгрөг гэсэн судалгааны дүн гарсан. Энэхүү харьцааг өөрчлөхийн тулд орон нутагт иргэд, аж ахуйн нэгж ажиллаж амьдрахад илүү таатай давуу боломж, өргөн сонголтыг бид бүрдүүлж өгөх ёстой. Монгол Улсын иргэд маань ажиллаж, амьдрах газраа өөрсдөө чөлөөтэй сонгох эрхийг Үндсэн хуулиараа бид баталгаажуулсан. Нөгөө талаас тухайн орон нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэддээ ч давуу боломжуудыг олгох ёстой. Мөн орон нутаг хүн амын тоогоо зохист хэмжээнд нэмэгдүүлэхэд чиглэсэн бүхий л талын үйл ажиллагааг эрчимжүүлснээр эдийн засаг тэлэх, амьдралын чанар сайжирна гэдгийг иргэд, аж ахуйн нэгждээ сайтар ойлгуулах их чухал байна. Цаашлаад орон нутагт ажиллаж байгаа алба хаагчдыг чадавхжуулах, бэлтгэх, сургахад чиглэсэн цогц хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах чиглэлд холбогдох байгууллагууд ажиллаж байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд гадаад, дотоодын төсөл, хөтөлбөрийн хүрээнд жилд дунджаар 1.2-1.8 их наяд төгрөгийг орон нутагт зарцуулсан. Ерөнхийдөө орон нутгийн хөгжлийг дэмжих зорилготой хэрэгждэг малжуулах, орон нутгийг дэмжих, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэх мэт олон төсөл хөтөлбөрийн үр өгөөж төдийлөн хангалттай хэрэгжиж чадаагүй гэж үзэж байгаа. Олон хүчин зүйлс нөлөөлж байгаа хэдий ч шат шатандаа ажил хариуцсан алба хаагчдыг чадавхжуулах, сэтгэлгээ, хандлага, ажлын арга барилд салхи оруулах зайлшгүй шаардлага байна гэж дүгнэж байгаа.

-Ер нь орон нутгийн хөгжлийн гарц нь дэд бүтэц шүү дээ. Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд энэ тал дээр ямар ажлууд хийгдэх бол?

-Ерөнхийдөө үе үеийн Монгол Улсын Засгийн газар дэд бүтцийн найдвартай, хүртээмжтэй эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн төлөө ажилласаар ирсэн. Үүний үр дүнд ямартай ч Улаанбаатар хоттой 21 аймаг маань хатуу хучилттай авто замаар холбогдоод дуусч байна. Өнгөрсөн долдугаар сард Засгийн газрын хуралдаанаар хөгжлийн “Таван цагираг” хөтөлбөрийг баталж хэрэгжүүлэх ажлыг эхлүүлснээ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд аймгуудыг хатуу хучилттай авто замуудаар холбох, хилийн боомтуудыг авто зам болон, төмөр замаар холбох ажлууд хийгдэнэ. Эдгээр ажлууд үр дүнтэй хэрэгжсэнээр хөдөөг сэргээхэд чухал нөлөөтэй.

-Орон нутагт жалга, довны үзэл нэлээд идэвхтэй байдаг. Өөр аймаг, сумдын иргэдийг гадуурхах хандлага их. Орон нутгийн иргэдийн энэ хандлагыг өөрчлөх ёстой гэж та яриандаа хэд хэд дурдлаа. Ер нь сүүлийн жилүүдэд орон нутгийн иргэдийн тоо нэмэгдэхгүй байгаа шалтгаануудыг ажлын хэсгийнхэн юу гэж оношлов?

-Олон шалтгаан нөхцөл бий. Ерөнхийдөө сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд шилжин ирсэн иргэдийн дийлэнх нь амьдралын чанараа дээшлүүлэх, чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах мөн байгалийн давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөллөөс амьжиргааны эх үүсвэрээ алдсан зэргээс шалтгаалан Улаанбаатар хотод суурьшсан гэсэн судалгааны дүнг олон улсын байгууллагууд гаргасан. Мөн бид өнгөрсөн хугацаанд төвлөрлийг саармагжуулахад чиглэсэн дорвитой арга хэмжээг шат шатандаа төдийлөн хэрэгжүүлж чадаагүйтэй ч холбоотой. Тиймээс хөдөөг сэргээх ажилд бүх талын оролцоог хангах нь чухал байна. Таны хэлсэнчлэн шилжин суурьшигчдыг гадуурхах хандлага нэлээд байгааг өөрчлөх шаардлагатай. Үүнд чиглэсэн нөлөөллийн ажлыг ч бид хэвлэл мэдээллийн байгууллага, олны танил уран бүтээлч, эрдэмтэн судлаач, тухайн орон нутагт шилжин очоод амжилттай ажиллаж, амьдарч байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдтэй хамтран тасралтгүй өрнүүлж байна. Цаашид энэ буруу хандлагыг халах, орон нутгийн иргэд маань шинэ уур амьсгалыг хүлээж авах дадалд суралцах, харилцан хамтдаа нутаг орондоо сайхан амьдрах боломжийг бүрдүүлэхийн төлөө байх ёстой. Мөн шилжин очиж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүд маань тухайн газар орны соёл, ёс заншил, иргэд олон түмэнд хүндэтгэлтэй хандах арга барилд ч зайлшгүй суралцах ёстой. Энэ бүхний тэнцвэрийг хангахад орон нутгийн засаг захиргааны үүрэг оролцоо маш чухал. Манай аймаг, орон нутгийн удирдлага, хамт олон хөдөөгийн сэргэлт бодлогыг сайтар ойлгож хүн амаа нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг нутаг орондоо татах чиглэлд эрчимтэй ажиллаж эхэлж байгаад ажлын хэсгийн ахлагчийн хувьд талархалтай байгаа. Тухайлбал, томоохон аж ахуйн нэгжүүд орон нутагт салбараа нээж байна, чадварлаг багш, эмч нарыг тухайн орон нутаг урьж ажиллуулаад эхэлж байна, хувийн хэвшлийн зарим томоохон сургуулиуд орон нутагт салбараа нээх ажил ид өрнөж байна гээд дурдаад байвал бас ч чамлахааргүй ажил өрнөж байна. Ийм сайн хандлагыг цааш нь хэвшил болгоход орон нутгаас гадна Засгийн газар бодлогоор дэмжиж ажиллах нь чухал. Нөгөөтэйгүүр аймаг, орон нутаг бүр аялал жуулчлал, мал аж ахуй, газар тариалан, уул уурхай гээд өөрийн онцлогт тохирсон хөгжих боломж нөөц бий. Цаашид төсвийн орлогоо бие даан бүрдүүлэхэд чиглэсэн санал санаачилга бүрийг Засгийн газар дэмжин ажиллахаа илэрхийлсэн.

-Ирэх оны улсын төсөв батлагдлаа. Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд төсөв санхүүгийн ямар дэмжлэгүүд үзүүлж байна вэ?

-Ирэх оны улсын төсөв үндсэндээ хөдөөг сэргээхэд чиглэсэн гэдгийг Засгийн тэргүүн онцолсон. Тухайлбал, суманд ажиллах ажилтан албан хаагчийн цалин хөлсний нэмэгдлийг 40 хувь олгохоос авхуулаад, улсын хөрөнгө оруулалтын дийлэнх хувийг хөдөөг сэргээх, ялангуяа эрчим хүч, дэд бүтцийн найдвартай эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглүүлсэн. Мөн Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн үр өгөөж ч ирэх жилүүдэд хөдөөд ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөөгийн хөгжлийг эрчимжүүлэхэд чухал түлхэц болно гэж харж байна.

-Орон нутагт ипотекийн зээлийг гурван хувь болгосон. Одоогийн байдлаар хэчнээн иргэн хамрагдаад байна вэ?

-Засгийн газраас орон нутагт ипотекийн зээлд хамрагдсан иргэнд гурван хувийн хүүгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гарсан. Энэхүү зээлд аймаг, сумдад орон сууц анх удаа худалдаж авч байгаа иргэд болон орон нутагт шинээр шилжин суурьшиж буй иргэд хамрагдах боломжтой. Одоогийн байдлаар 1600 орчим зээлийн хүсэлт ирснээс 180 гаруй иргэн хамрагдсан гэдэг мэдээллийг манай холбогдох байгууллагуудаас ирүүлээд байгаа. Арилжааны банкууд тухайн хүсэлтүүдийг судлах шатандаа явж байна.

-Орон нутагт шилжиж очсон аж ахуйн нэгжүүдэд олгох хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг хэр явцтай байна?

-Орон нутагт шилжин очиж үйл ажиллагаа эрхлэх ахуйн нэгжүүдэд жилийн нэг хувийн хүүтэй, 500 хүртэлх сая төгрөгийн зээлийг тухайн банкны эх үүсвэрээр олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэсэн. Хүүгийн зөрүүг улсын төсвөөс олгоно. Аж ахуйн нэгжүүдийг тухайн орон нутагтаа ажлын байр бий болгоход чиглэсэн дэмжлэг гэж ойлгож болно. Мөн иргэнд жилийн нэг хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг олгох шийдвэр гарсан. Нийт зээлийн хэмжээ 110 тэрбум төгрөг. Хөнгөлөлттэй нэг хувийн зээлд таван жилийн хугацаанд хамрагдсан аж ахуйн нэгж улсын 247 сая төгрөгийн дэмжлэг авах боломжтой. Одоогийн байдлаар энэхүү зээлд хамрагдсан аж ахуйн нэгж байхгүй байна.

-Хөдөөгийн сэргэлтийн ажил эхэлснээс хойш орон нутагт өнөөдрийн байдлаар хэчнээн иргэн нүүж очив?

-Оны төгсгөлд нэгдсэн дүн гарна. Ерөнхийдөө бид орон нутгийн удирдлагуудтайгаа 2023 оны эхэнд дунджаар хүн амаа 10-20 хувь нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж эхэлсэн. Жил бүр засгийн газар үйл ажиллагаагаа дүгнэж, үр дүнгээ ярилцдаг. Өмнөговь, Дорноговь, Эрдэнэт, Дархан гэсэн аймгууд үндсэндээ хүн ам нь тогтвортой буюу нэмэгдэх хандлагатай байгаа.

-Хот, хөдөөгийн сэргэлтийн ажлын хэсэг Үндэсний хороо болж өргөжлөө. Цаашид ямар ажлууд хүлээж байна вэ?

-Засгийн газрын шийдвэрээр Хот, хөдөөгийн сэргэлтийн Үндэсний хороог Ерөнхий сайд ахална. Тэгэхээр хөдөөг сэргээхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагаа илүү хурдтай, өргөн далайцтай өрнөх боломж нэмэгдэж байгаа гэж ойлгож болно. Хөдөөгийн сэргэлтийн үйл явц бүхий л салбарын уялдаа, хамтын ажиллагааны үр дүн, тогтвортой, төлөвлөлттэй бодлогын үр нөлөөний үндсэн дээр тасралтгүй үргэлжилж байж тодорхой хугацааны дараа олон түмэнд мэдрэгдэх ажил. Манай ажлын хэсгийн хамт олон энэ том ажлын эхлэл, суурийг өрнүүлж чадсанд миний бие баяртай байгаа. Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэсэн ардын сайхан үгээр яриагаа өндөрлөе.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Баагисан хар”-тайгаа хэвээр, байшин бариад л сууж байсан бол өдийд утаанаас бараг салчих байв” хэмээн өгүүллээ DNN.mn

Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ” Эхлээд давхар, тойрог замтай болох хэрэгтэй”  хэмээн ярьсныг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Үндэсний бөхийн 16 дахь аварга, Хөдөлмөрийн
баатар, МҮБХ-ны дэд тэргүүн О.Балжинням “Есдүгээр ангидаа аймгийн начин, аравдугаар ангидаа аймгийн заан болж байлаа” хэмээв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Баагисан хар”-тайгаа хэвээр, байшин бариад л сууж байсан бол өдийд утаанаас бараг салчих байв” хэмээн өгүүллээ.

Элчин сайд Зафер Атеш “Хоёр улс хоорондын дээд хэмжээний
харилцан айлчлалууд сүүлийн жилүүдэд эрчимжсэн” гэлээ.

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал “Таваншараас Офицеруудын ордон хүртэл богино эргэлтээр автобусууд үйлчилж, хүртээмжийг нэмэгдүүлж байна” гэв.

Хугацаат цэргийн алба хаагч Л.Төгөлдөр “Цэрэгт ирээд
эхний хэд хоног л жаахан хэцүү байсан” хэмээв.

Хоолзүйч А.Уянга “Насанд хүрсэн хүн өдөрт 90 грамм л
мах хэрэглэх нь тохиромжтой” гэлээ.


 Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375, 99130850 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Т.Ариунаа: Хүмүүний туулдаг бүхий л зүйлийг бие, сэтгэлээрээ мэдэрсэн айхтар дөрөв таван жилийг давлаа DNN.mn

Өдрийн сонины архиваас………….

Удтал чимээгүй байсан дуучин Т.Ариунаа “Утасны чинь дугаар 03” дуугаа шинэ клип, шинэ найруулгатайгаар фэнүүддээ барилаа. Дуу цацагдаад удаагүй байгаа ч аль хэдийнэ шилдэг дууны жагсаалтыг тэргүүлж эхэлжээ. Энэхүү дуу нь түүний “Cosmic Ariunaa: The Remixes” шинэ цомгийнх нь нэг эс ширхэг бөгөөд дуучин маань цоо шинэ урсгал чиглэлээр эргэн ирлээ. Түүний яриаг уншигчдадаа хүргэе.


-Би 2006 оноос хойш шинэ цомог гаргаагүй, 2009 оноос хойш бие даасан тоглолт хийсэнгүй. Миний фэнүүд, сонсогчдын маань дунд “Т.Ариунаа хэзээ шинэ уран бүтээл хийх бол” гэсэн хүлээлт үүсчээ. Өнгөрсөн хугацаанд өөрийгөө олох, өөрчлөх, цаашид юу хийх вэ гэдгээ удаан бодож судаллаа. Олон ч хүнтэй уулзлаа. Буддын сургаал номлолыг ч судаллаа. Энэ хугацаанд гэр бүлийн амьдрал маань ч бас түвшин байсангүй. Мөнгөтэй байснаа мөнгөгүй болж үзлээ. Бизнесээ бусдад алдлаа. Хүмүүний туулдаг бүхий л зүйлийг бие, сэтгэлээрээ туулж, айхтар дөрөв таван жилийг давлаа. Гэхдээ айхтар гэж байгаа боловч бидэнд их том сургамж, туршлага өглөө.

-Одоо хийх уран бүтээл маань ямар мөн чанартай байх ёстой вэ гэдгээ ч их бодлоо. Ер нь бид олон нийтийн давалгаанд автах шаардлагагүй юм байна гэдгийг ойлгосон. Хэт их мэдээллийн орон зайд ороод, түүндээ автаад байвал хүн өөрөө өөртөө асуудал үүсгэн, өөрийгөө стресстүүлээд явах юм байна гэдгийг ойлгосон. Өнөөдрөөрөө амьдрах, өөрөөрөө байх ёстой гэдгийг ойлгосон. Одоо цагт хийх юмаа хийгээд явахад ирээдүйд хийх юм боловсроод явах юм гэдгийг анхаарч яг өнөөдрөөрөө амьдарч байна.

-Уран бүтээлийн хувьд хоёр цомог гаргах гэж байна. Нэг нь “Cosmic Ариунаа” цомог. Нөгөөг нь О.Дашбалбар найрагчийн шүлгээр хийсэн дууныхаа нэрээр “Тэнгэр шиг бай” гэж нэрлэх бодол бий. Мэдээж, нэрний талаар найрагчийн хүү Д.Гангабаатартай ярилцаж оюуны өмчийн асуудлаар ярилцах ёстой.

-Космик бол сансар огторгуй. “Cosmic Ariunaa: The Remixes” цомог маань дахин шинэчилсэн хувилбараар гарч байгаа. 1990ээд онд дуулж байсан хит дуунуудаа хөгжмийн найруулга, стиль имижийг нь өөрчилж “Космик” төсөл болгоод явж байна. Үүний дараа “Тэнгэр шиг бай” төсөл рүүгээ орох юм.

“Космик” цомгийн маань зорилтот бүлэг 1835 насныхан гэж бид төлөвлөж байна. Миний 1990ээд оны дуунуудыг одоогийн 18, 19 настай залуус мэдэхгүй. 21 жилийн өмнө “Утасны чинь дугаар”аа дуулж байхад манай хүү төрөөгүй байж. Сая энэ дууны клипэнд хүү маань тоглосон. Энэ дууг анх сонсоод “Хөөх ээж ээ, та ийм дуутай байсан юм уу” гэж асууж байх жишээтэй. Одоо бүр өөрөө дуулаад явж байна.

-“Байгаль эх дэлхийгээ шүтэж амьдаръя, байгалийн хуулийг дагая, хүн байгалийн бүтээгдэхүүн шүү” гэдэг санаанууд дуунд маань шингэсэн. Клипээ ч ийм утгатай хийсэн. 1981 онд Монгол хүн сансарт ниссэн. “Утасны чинь дугаар” дууны клипээ 2081 онд монгол хүн оюун санаагаараа сансарт яагаад нисэж болохгүй гэж гэсэн шинжлэх ухааны зөгнөлт буюу апоколист жанраар хийсэн. Монголд анх удаа ийм жанраар хийсэн дуу. Монгол оюун санаа дэлхийг эзэлнэ гэсэн төсөөлөл зөгнөл.

-“Утасны чинь дугаар 03” дууны кпип “Үргэлжлэл бий” гэж дуусдаг. Хоёрдугаар анги нь буюу үргэлжлэл нь “Космик” гэж дуу гарна. Дэлхий даяараа, шинжлэх ухаан ч тэр, кино урлаг ч тэр космик гэж ярьж, судалж байна. Хар нүхний талаар янз бүрийн онол, баримт гарч байна. Бидний клипний зураг авалт ч энэ тухай өгүүлнэ. Мөн Монголын байгалийн үзэсгэлэнт газруудаар явж зургаа авсан. Хэн ч барьж аваагүй шинжлэх ухааны зөгнөлт төрлийг зоригтойгоор барьж авч хийлээ. Бид өндөр түвшинд бол хийгээгүй ээ. Манай боломж бололцоо, техник технологи маань ямар билээ. Бид зөвхөн дөхүүлээд л хийсэн. Үүнийг харин манай залуус шүүрч аваад улам боловсронгуй болгон хөгжүүлж явах боломжтой.

-Кино үйлдвэрлэл хийдэг кино багтай хамтарч ажиллаж байна. “Космик” цомгоо “Хаган” студитэй хамтарч хийсэн. Захирал нь Америкт сургууль төгссөн чадварлаг залуу бий. “Хоёр нүүрт” киноны найруулагч нь. Бид багийн системээр ажиллаж байгаа. Ганц “Би”гээр явбал дан ганц нэг хүний тоглолт болно. “Космик Ариунаа”, “Тэнгэр шиг бай” төслүүд маань бүгд багаар явна. Монголд хийх нөлөөллийн аянг бид багаар л хийнэ. Өнөөдөр манай нийгэмд асуудал болоод буй хүчирхийллийн тухай ярихаасаа өмнө юунаас болж гараад байна, мөн чанар нь юу вэ гэсэн судалгааг сайн хийх хэрэгтэй. Сонирхуулахад, би ирэх долоо хоногоос НҮБын Хүүхдийн сангийн хүчирхийллийн тухай хичээлд суух гэж байна. Энэ сэдвээр нөлөөллийн аян өрнүүлэхийн тулд мэдлэг мэдээлэл, ул суурьтай судалгаа хэрэгтэй. “Космик”, “Тэнгэр шиг бай” цомог маань ч хүмүүст танин мэдэхүйн эерэг зөв мэдээллийг нь өгөх гэж хичээсэн. Үнэн зөв мэдээлэл байхгүй учраас өнөөдөр бид энийг ч буруутгаад, тэрийг ч загнаад байдаг. Үнэндээ яг бид өөрсдөө л буруутан нь байдаг гэдгээ мэддэггүй. Соён гэгээрүүлэх гэж бид ярьдаг даа. Тэгвэл дуу хуураар дамжуулан хүмүүнийг засах үйл ажиллагаа бол хамгийн амархан. Түүнээс биш нэг улстөрч гарч ирээд засч залруулна гэж байхгүйг мэддэг боллоо. Урлаг, утга зохиол, спорт хүмүүсийг яагаад ингэж төлөвшүүлдэг юм гэдгийг бид өөр өөрийн шугамаараа хийх хэрэгтэй байгаа юм.

-“Космик”ийг би халаалт болгоод залуу зрителээ татах зорилготойгоор хийсэн. Миний есөн дуу багтсан. Ес дэх нь “Космик” нэртэй, бага хүү маань клипэнд нь тоглосон. “Утасны дугаар”, “Эргээд чамдаа ирнээ”, “Хайрыг минь сонс”, “Жинжиймаа”, “Хуучраагүй жинс”, “Үггүй мордсон чи минь”, “Баяртай гэж хэлж чадахгүй” гээд хит болж байсан дуунуудаа шинэчилж оруулсан. 1990-ээд оны залуус миний энэ дууг мэддэггүй. Сонсоод маш их таалагдаж байгаа. Сайн уран бүтээл цагийн уртыг даадаг гэдэг.

Данзанравжаагийн хийдэд очиж “Утасны чинь дугаар 03” дууны шинэчилсэн клипээ хийсэн. Нөхөр хүүхэд, дөч тавин уран бүтээлчдээ дагуулаад, өнөө онгоцоо чирээд явлаа даа. Зардал нь яаж гарах бол гэж бас санаа зовоостой. Амьдрал л юм даа. (инээв) Хийдийн хамт олон, орон нутаг маань биднийг сайхан хүлээж авсан. Алтангэрэл ах маань зураг авах их сайхан газар зааж өгсөн. Нэг нь шар, нэг нь улаан, дундуураа заагтай их гоё өвөрмөц газар зургаа авсан. Зураг авалтын үеэр нэг шөнө айхавтар элсэн шуурга бослоо. Нүүр нүдгүй юм боллоо. Тэгсэн найруулагч маань хэлж байна “Яг энэ үеэр зураг авмаар байна” гэнэ. “Яаж авах юм” гэсэнд “Фото зураг авна” гээд авахаар боллоо. Намайг өндөр дөрвөлжин тавцан дээр зогсоогоод , нөгөө хэд маань уяагаар татаад, даашинзыг маань бас барьчихсан, би уначих гээд бөөн л юм боллоо. Би чинь хоёр жилийн өмнө хөлөө хугалсан, тэнцвэр муу байсан болохоор өнөө шуурганд нь тэсэхгүй уначихсан. Амьсгаа авч болохгүй, хөдөлж болдоггүй. Өнөөдүүлдээ уурлана биз дээ, “Та нар л энэ абшигтай газар ухаж сэндийлээд байсан, тэрнээс боллоо” энэ тэр гээд дээж өргөөд сүйд болсон. Аз болоход тэнд бариач таарч бариулаад арай дээрдсэн. Бүр сарын дараа эдгэсэн дээ. “Космик”-ийн бичлэг, клипүүдийг хагас жил хийсэн. Тэр олон зураг авалт, хөгжмийн бичлэг, сурталчилгаа гээд асар их ажлын дараа нэг дууны клип таван минут гээд бодохоор бас л чамлалттай санагдсан шүү. Ирэх хоёрдугаар сард “Космик Ариунаа” гээд цомгийн баяраа хийнэ.

-“Космик” цомгийнхоо дараа гаргах “Тэнгэр шиг бай” цомогт дандаа шинэ уран бүтээл маань багтах юм. О.Дашбалбарын үг, Бямбабаярын ая “Тэнгэр шиг бай”, Д.Пүрэвдоржийн үг, Б.Шаравын ая “Тусгаар тогтнол”, “Монгол бүүвэй” гээд том дуунууд бий. Реппер Жи-тэй хамт “Хиж гөрөөс” гэж дуу хийсэн. Хиж гөрөөс гэж орк гэсэн үг. Бүр 13 дугаар зуунд байсан үг юм билээ. Оркуудыг монголчууд хиж гөрөөс гэдэг байжээ. Орк гэдэг үгийг хиж гөрөөс гэдэг үгээр сольж, моодонд оруулна. Бусдын юмыг булааж идсэн хүнийг хиж гөрөөс гэдэг байж. Амьтнаас ялгаагүй ухамсар муутай хүнийг хиж гөрөөс гэдэг юм байна. Хиж гөрөөс дотроо бас олон янз. Булай, булхай, боулхай гэж нэрлэдэг байжээ. “Космик” цомог маань дуу болгоныхоо өмнө нь тухайн дууны утга учрыг бичсэн тайлбартай. Өөрөөр хэлбэл сонсдог ном хэлбэрээр гарах юм.

-“Тэнгэр шиг бай” цомгийн дараа залгуулаад “Хагас зуун жилТөмөрийн Ариунаа” тоглолтоо хийнэ. Ирэх жилээс хийх төлөвлөгөө байна. Энэ удаа би дандаа залуустай хамтарч ажиллаж байна. Шинэ залуусыг гаргаж ирнэ. Би сая Орост П.Крикоровын “Я” гээд тоглолтыг үзлээ. Энэ тоглолтыг үзээд би “Хагас зуун жилТөмөрийн Ариунаа” тоглолтоо заавал хийх ёстой юм байна гэж бодсон. Бид хоёр нас чацуу юм байна. Ямар гоё, ямар нүсэр тоглолт болов оо. Тэндээс санаа авах, ажил хэрэг болгох зүйл их байнаа. Зочдоо хаана суулгадаг юм, бүжигчид нь яаж бүжиглэж байна, гэрэлтүүлэг, дэлгэц нь ямар байна гээд ажиглаж харж л явлаа.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Бригадын генерал Б.Ууганбаяр: Монгол оронд тохиолдсон гай зовлонг ард түмэн, бид л нуруундаа үүрч, даван туулна DNN.mn

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяртай ярилцлаа.


-Өмнө нь хоёулаа энэ сэдвээр ярилцаж байсан. Мөн таны илтгэлийг нийтэлж байсан. Уншигчдад сануулах үүднээс үндэсний сөрөн тэсвэрлэх, даван туулах чадавх гэж юуг хэлж байгаа талаар ярилцлагаа эхлүүлэх үү?

-Үндэсний сөрөн тэсвэрлэх, даван туулах чадавхын талаар ярихаасаа өмнө дараах асуудлыг эхлээд хөндье. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, дулаарал, цөлжилт зэрэг хүчин зүйлээс шалтгаалан байгалийн онц аюултай үзэгдэл ихээр тохиолдох боллоо. Зөвхөн 2023 оны байгалийн аюулт үзэгдлийг дурдвал дэлхийн улс орнуудад газар хөдлөлт, гал түймэр, үер, хэт халалт, салхи шуурга, аадар бороо, их хэмжээний цас орох явдал тохиолдлоо. Мэргэжлийн хүний хувьд дээрх тохиолдлыг аюул гэж авч үздэг. Аюул нь зүгээр байгалийн үзэгдэл төдийгөөр өнгөрөх биш, асар их хор хөнөөлийг дагуулдаг болсон. Өнгөрсөн хоёрдугаар сард Турк болон Сир улсад тохиолдсон газар хөдлөлтөөр 59259 хүн нас барсан, үүнээс Турк улсад 50783, Сир улсад 8476 хүн амь эрсдэж, Турк улс 148.8 тэрбум америк долларын хохирол амсаж, 107204 хүн гэмтэж, 4 сая барилга нэрвэгдэж, 345000 орон сууц сүйрсэн.

Яагаад энэ тоог дурдах болов гэвэл байгалийн гамшгийн хор хөнөөл асар хүчтэй болсныг илэрхийлж байгаа юм. Байгалийн гамшгийн хор хөнөөлийг улс орон бүр хөгжлийн ялгаанаас хамаарч даван туулж байна. Өндөр хөгжилтэй, эдийн засгийн чадавхтай, иргэд нь хариуцлагатай, эх оронч улс орон богино хугацаанд хор хөнөөлийг арилгаж, сургамж авч, эрсдэлийг бууруулж, хөгжил дэвшилд тэмүүлж байна. Гэтэл манай улсад ийм хэмжээний хүчтэй газар хөдлөлт тохиолдвол яах вэ. Бидний нийгэм, эдийн засгийн хүчин чадавх ямар билээ. Дэд бүтэц нь ямар билээ. Ийм хүчтэй аюулын өмнө улс үндэстнээрээ сүйдэж, өвдөг сөхөрч, тусгаар тогтнолоо алдах хэмжээнд хүрэх үү. Энэ асуултын хариулт бол том аюулын эсрэг зогсох үндэсний сөрөн тэсвэрлэх, даван туулах чадавхтай байх явдал юм. Ерөнхийдөө англи хэлний “Resilince” гэдэг үгнээс гаралтай даван туулах, уян хатан байдал, чадавх гэсэн утгатай юм. Үндэсний сөрөн тэсвэрлэх, даван туулах чадавх бол байгалийн асар хүчтэй аюулыг удаан хугацаанд сөрөн тэсвэрлэж, даван туулах дотоод нөөц, хүч хэрэгсэл, нийгэм, эдийн засгийн тогтолцоо, засаглал, эх оронч үзэл, ард түмний соёл, хариуцлага, улс үндэстний эв нэгдэл, хүсэл эрмэлзлэл, хариу үзүүлэх чадварыг багтаасан өргөн хүрээтэй ойлголт юм.

-Монголчууд хэр сөрөн тэсвэрлэх чадвартай ард түмэн бэ?

-Үндэсний сөрөн тэсвэрлэх, даван туулах чадавх бол өргөн цар хүрээтэй асуудал. Гэтэл та үүнээс хүнтэй холбоотой асуудлыг салгаж асууж байна. Сүүлийн жилүүдэд монгол хүний сөрөн тэсвэрлэх чадавх суларсан. Ер нь сөрөн тэсвэрлэх чадавх бол хүний мөс чанарыг илэрхийлж байгаа юм. Нийгмээрээ олон нийтийн сүлжээнд гэр бүлийн салалтаар талцан хуваагдан маргалдаж байгаа улс үндэстэн манайхаас өөр байна уу. Би л болж байвал улс үндэстэн сүйрэх нь хамаагүй гэж амьдарч буй хүмүүсийг яах вэ. Үндэсний үзлээ гээж гишгэлж байгаа ирээдүйг яах вэ, хүнд нөхцөл тохиолдоход хаяад алга болчихыг яах вэ, насны ялгаагаар нь ялгаварлан гадуурхаж байгааг яах вэ, хөдөлмөрөөс зугтаж хөнгөн амьдрал хөөхийг яах вэ, залхуурал туйлдаа хүрснийг яах вэ, хүний амь нас үнэ цэнэгүй болсныг яах вэ, хулгай, гэмт хэргийг яах вэ, хөөсөрсөн амьдралыг яах вэ, ийм ард түмэн улс оронд зовлон бэрхшээл тохиолдоход тэмцэж чадах уу, Монгол оронд тохиолдсон гай зовлонг ард түмэн, бид л нуруундаа үүрч, даван туулна. Зовлонгийн гадна үлдэх хүн байхгүй. Бидний өмнөөс зовох өөр ямар ч улс үндэстэн байхгүй. Харин хөдөлмөрлөж, хатуужиж, эх оронч байж, тусгаар тогтнолоо хамгаалж, хөгжилд хүрнэ биз дээ.

-Тэгвэл энэ байдлыг яаж бэхжүүлэх вэ?

-Хүнийг хүн болгохоос эхэлнэ дээ. “Би”-гээс “Бид” гэж амьдрах цаг болсон. Нүдэнд харагдаж байгаагаас нүдэнд харагдахгүй үндсээс нь өөрчлөх хэрэгтэй.

Насанд хүрсэн нь дүүрч, хүүхэд багачуудаас эхэлье.

-Өнгөрсөн зуны үер, саяхан орсон цас манай орны сөрөн тэсвэрлэх чадавх хэр байгааг харуулав?

-Өнгөрсөн зуны үер бусад улс оронд тохиолдсон шиг үерийн хэмжээнд хүрээгүй. Сулбагар дэд бүтэц, бодлогогүй төлөвлөлт, хариуцлагагүй амьдралаас шалтгаалсан. Үерийн аман дээр амьдарч болохгүй л гэвэл болохгүй. Үерийн далан сувгаа инженерийн тооцооллоор барих ёстой бол түүнийг л дагах. Голын ай савд барилга барих ёсгүй бол барихгүй л байх. Бүх зүйлийг эсрэгээр нь хийсний үр дагавар. Их л олон хүчин зүйлээс хамааралтай. Сургамж авч, эрх биш бодож байгаа бол дахиж ийм байдалд ормооргүй байна. Ер нь өөрийн амь насыг хайрлаж хамгаалах хувь хүний асуудал. Хүний амь наснаас үнэтэй мал гэж юу байх вэ. Хүүхэд малд явуулдаг стандарт хаана байна вэ. Манайд л байна шүү дээ.

-Бусад улс орон байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө яаж нэгдэж даван туулдаг вэ?

-Энэ асуултын сонгодог жишээ бол Япон улс байна. Саяхан Турк улс руу явж газар хөдлөлт болсон голомтоор орж, сэргээн босголттой танилцлаа. Орон гэргүй болсон хүмүүс контэйнерт амьдарч байна. Хүмүүс 500 мянга гаруй контэйнерт амьдарч байна. Сэргээн босголтод хөрөнгө санхүүгийн хүндрэл байх шиг санагдсан. Аргагүй, 11 муж газар хөдлөлтөд өртсөн. Гэхдээ Засгийн газраас нь хөргөгч, телевиз, плитка зэрэг амьдралын хэрэгцээт зүйлийг бэлтгэж өгсөн байсан. Хүний амьдралын нэн шаардлагатай зүйлсээр хангасан байна лээ. Мөргөлийн сүм, сургууль, цэцэрлэг, сэтгэл заслын өрөө гээд бүгдийг бэлтгэсэн.

Нэг зүйл ажиглагдсан. Тэвчээртэй ард түмэн юм болов уу. Ирээдүйдээ итгэлтэй байсан. Эв нэгдэлтэй харагдсан. Хүнд бэрхшээлтэй хэцүү л байх шиг, гэхдээ итгэл нь мэдрэгдсэн. Зовлон үзсэн ард түмэн нэгддэг юм байна гэж бодогдсон. Түүнээс бурууг бусдаас хайгаад хэрэлдээд байгаа зүйл харагдаагүй.

С.ОТГОНБАЯР

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Шинэ хамба Д.Жавзандорж ламыг ширээнд нь заллаа DNN.mn

Монгол бурхны шашны Төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, 30 дахь Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж ламыг ширээнд залах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж “Уламжлалт бурхны шашин соёлоо түгээн дэлгэрүүлэх их үйлсийн төлөө хичээн зүтгэхээ илэрхийлж байна. Бурхан багш бээр дөрвөн үнэний сургаалыг айлдахдаа бидний хүсдэггүй зовлон бид өөрсдийн муу сэтгэлээс гардаг.

Ийм учраас зовлон хүсэхгүй хэн бэ зовлонг бий болгодог муу сэтгэлийг юуны түрүүнд таньж бариад түүнийг арилгахын тухайд арга нь болсон хоосон чанар, шүтэн барилдлагыг танин мэдсэн бэлэг ухаан, бусдыг энэрэн нигүүлсэх сэтгэл, бусдын төлөө өөрөө эхлээд сайжрах ёстой гэсэн бодь сэтгэлийг хэрэгжүүлэхэд суралцах хэрэгтэй хэмээсэн.

Тиймээс бурхан багшийн сургаалын охь шим болсон хүмүүний ёс суртахуун, энэрэн нигүүлсэх сэтгэл, шүтэн барилдлагын ухааныг хувь хүний амьдрал, нийгмийн харилцаанд хэрэгжүүлэх нь хүн төрөлхтний өмнө тулгарч буй олон асуудал бэрхшээлийг даван туулах хамгийн үр дүнтэй арга зам мөн гэдэгт итгэлтэй байдаг.

Өнөөг хүртэл уламжлагдан ирсэн сүм хийдийнх боловсролыг орчин үеийн боловсролтой уялдуулах, сүм хийд, шинжлэх ухааны байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх хүмүүнлэгийн олон талт үйл ажиллагааг шинэ шатанд гаргах.

Бурхны сургаал номлолыг эх хэлээр унших, судлах боломжийг үе шаттайгаар нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг та бүхний оролцоо, дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа айлтгая” гэв.

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Дуучин Н.Энхбат: Би 200 гаруй найр хөтөлсөн DNN.mn

Өдрийн сонины архиваас………….

Говь-Алтайн дуучин “Хонгорзул”, “Намайгаа дурсаарай”, “Гүнж тогоруу” дуугаараа овоглогдсон Н.Энхбаттай ярилцлаа.


-Та хэзээ хотын хүн болчихов?

-2004 онд Улаанбаатар хотын иргэн болсон. Говь-Алтай аймагт 16 жил ажиллаж амьдарсан шүү дээ. 21-хэн настай залуу очиж байлаа.

-Та чинь гавьяат авчихсан байх аа?

-Аваагүй ээ. Гавьяат гэдэг цол надаас жаахан хол, би тэрнээс хөндий явж ирлээ шүү дээ.

-Хотод хэр төвхнөв?

-Хөдөө олон жил болсон. Байр сууриа олох, ахуй амьдралаа төвхнүүлэх гээд нэлээд зүтгэсэн. Дажгүй сайхан болсон.

-Та яагаад хотыг зорих болов. Говь-Алтайд байсан ч та олны сонсдог л дуучин?

-Говь-Алтай аймгийн “Алтай” чуулгын тайзнаасуран бүтээлийнхээ гарааг эхэлсэн. Тэндээс миний бүтээлийг ард түмэн сонсдог гадарладаг, болсон.Амьдралын идэвхтэй үеийг олны массыг дагаж амьдрах ньчухал гэж бодсон хэрэг л дээ.

-Орон нутгийн тайзан дээрээс олны танил болно гэдэг хэцүү дээ. Та үүнийг яаж хийв?

-Хөдөөорон нутгийн дуучид хойд хормойгоороо, урд хормойгоо нөхдөг хүмүүс. Ёстой л халуунд халж, хүйтэнд хөрдөг дуучид. Бидтэнд өөрийгөө хөгжүүлнэ. Өөртөө багшилна. Би нэг л зүйлийг ойлгосон. Хөдөө дуулж болно. Өөрийн гэсэн урын сантай болох нь чухал юм байна гэж. Олон жил мөрөөдсөн. Тэгээд “Хонгорзул” гэдэг дууг 1999 онд дуулж, хит болсон. Араас нь “Гүнж тогоруу”, “Намайгаа дурсаарай”, “Сутай зүгийн нутаг” гээд дуунуудаа дууллаа. Нутгийнхаа хөгжмийн зохиолчдын бүтээлийг түгээх сэн гэсэн зорилготой байсан. Миний дийлэнх бүтээл манай нутгийн харьяат хөгжмийн зохиолч Цэрэндондовын ая байдаг юм шүү дээ. Тэгээд тэр бүтээлүүдийг түмэнд чадан ядан хүргэсэн ухаантай.

-Таны дуулах авьяас байгалийнх, ээж ааваас уламжлагдав уу?

-Хоолой байгалийнх. Гэхдээ миний ээж сайхан дуулдаг хүн байсан. Ажилчин хүн, юм юм л хийдэг байсан. Маш ухаантай, сийрэг хүн байлаа, миний муу ээж.

-Таныг яаж дуучин болгочихов?

-Би бол дуучин болно гэж бодоогүй байсан ш дээ.Хүүхэд байхын сэтгүүлч болно гэж мөрөөддөг байсан. Хавар сэтгүүлчийн сургуульд шалгалт өгнө гэж бэлтгэж байтал Улаанбаатараас Хөгжим бүжгийн элсэлтийн шалгалт ирээд, бид тоглолт хийж үзүүлсэн юм. Маргааш нь захирлын өрөөнд элсэлтийнкомиссын дарга нь “Чи дуучин болох юм байна. Чамд дуулаачийн урилга явуулъя” гэсэн юм.Урилгаявуулсан ч юм байхгүй, хуваарь нь ч ирээгүй. Сэтгүүлчээрээ ч шалгалт өгсөн юм байхгүй хоцорсон юм. Тэгэхэд 1983 онд Монголын радиогийн “Залгамжлагч” радиогоор миний нэг дуу явсан. Манайсургууль дээр радиогийнхон нэвтрүүлэг бэлтгэхээр ирэхэд, би дуулсан юм. Амралт эхлээд хөдөө суманд очсон байхад миний дуу радиогоор явахад их баярласан.

-Та сурагч байхдаасургуульдаа одбайсан уу?

-Ганц нэг дуулдаг л байсан. Гэхдээ би нэг их дуучин болчихно гэж бодоогүй.Биайлын гурав дахь хүүхэд. Эхээс арвуулаа шүү дээ. Арван хүүхэд бор амьдралд л өснө шүү дээ. Би багаасаа биеэ даасан юм. Гуравдугаар ангиасаа зуныхаа амралтаар айлын хүүхэд харж айлынхан надад форм, цүнх, хичээлийн хэрэгсэл авч өгсөн. Аав маань малын эмч. Тавдугаар ангиасаа аавтайгаатарилга, туулгалт, малын цус авах ажилд оролцоод, 75 төгрөг авдаг. Түүгээр ээж маань надад хичээлийн хэрэгсэл авч өгч байлаа. Долдугаар ангиасаа ээжтэйгээ сумын барилга дээр ажиллаж байсан юм. 135 цаас авна. Есдүгээр ангид аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн барилгачид манай суманд ажилласан юм. Нийтийн ахуйн үйлчилгээ барьсан. Тэнд ажиллаж 250 цаас авч билээ. Ээждээ л мөнгөө өгдөг. Нэг удаа харин сээгий малгай авч өмсч байсан. Тэр чиньховор байсан. 250 төгрөгөөр сээгий малгай орос найзаасаа авч өмсч байлаа. Багаасаа л бие даасан учраас хөдөлмөрийн үнэ цэнэ, ажлын амтыг мэдэрдэг. Ажилдаа хоёргүй сэтгэлээр хариуцлагатай хандах ёстойг ясмахандаа шингэтэл ойлгосон доо.

-Яаж дуучин болов?

-Цэрэгт ирээд 1986 ондБүх ард түмний урлагийн үзлэгээр мандан бадарлаа. Хилийн ба дотоодын цэргээс шалгарч солист болсон. Ганцхан цэрэг солистболсон нь би. “Дуулж явна, би” гэж дууллаа. Тэр үедМонголын радиогоор миний энэ дуу “Хүсэлтийн хариу”-гаар явдаг байлаа. Уран сайханч, байлдагч Энхбатын дуулсан “Дуулж явна би” дууг сонсъё гээд захидал ирдэг байлаа шүү дээ.

-Ээж чинь сонсоод их баярласан байх даа?

-Баярлалгүй яахав. Цэргээс халагдаад очиход “Миний хүүгийн дуу радиогоорявлаа” гэж байсан. Намайгансамбльд улирч үлдэх үү гэж байсан л даа. Говь-Алтайн эвлэлийн хорооны дарга залууБүх ард түмний урлагийн үзлэгийн үеэр тааралдаад “Чи халагдаад, Алтайд яваад оч. Эвлэлийн шугамаар сургуульд явуулж өгнө” гэж байсан юм. Би түүнийг нь сонирхоод Алтайд 1988 онд халагдаж очсон.Тэр үеэр Илгээлтийнэзэн залуучуудын улсын хоёрдугаар зөвлөгөөн Алтайд болж билээ. Тэр зөвлөгөөнд дуулж, олондахиулсан юм. Тэгээд чуулга авъя гэсэн. Тэгээд дуулсаар байгаад ирлээ. 2004 оноос хойш чөлөөт уран бүтээлч болсон доо.

-Дуучинхүн дуулаад хоолоо олж идэх боломжтой байна уу. Давхар бизнес эрхлэх үү?

-Юм юмтай л байх ёстой. Зах зээлд хүн ямар боломжтой байна. Түүнийгээ бүгдийг зарцуулдаг.Би юм юм л хийхийг боддог. УИХ-ын гишүүнд бараа болж явлаа. Бүх л ажилд нь гүйнэ. Би саяханвэб сайт нээсэн. Сэтгүүлчболох мөрөөдлөө хожуу биелүүлсэн гэх юм уу даа. Хэвлэлийн хүрээлэнгийн дээд курс төгсөөд, сэтгүүлч мэргэжлээр ажиллах санаа байна. Мэдээ, мэдээллийн Garag.mn гэж сайт бий. Тэрийг үүсгэн байгуулсан. Энэ чиглэлээрээ ажиллаж байна. Миний үндсэн мэргэжил соёл урлагийн менежер. Удирдлагынакадемидмастер хамгаалж байгаа.Гэхдээ би дарга болохдообиш. Хүмүүс намайг “Чи дарга болох гэж байгаа юм уу” гэдэг. Хүн болгон уул уурхайтай ноцолдох бишмонголчуудын оюун санаатай ноцолдохгүй бол үнэхээр хэцүү байна ш дээ. Улс орны хөгжил дэвшлээс хоцроод яахав гэж өөрийгөө хөгжүүлж яваа юм. Түүнээс бишбидарга болох гэсэн юм алга.

-Энд тэндшүтэн бишрэгчид сонин тохиолдлоор хандах тохиолдол байсан уу?

-Миний дуунууд ихэнх нь ээжийн, бүсгүй хүний тухай дуунууд байдаг. Сайхан л байдаг шүү дээ. Тоглолт дөхөөд ирэхээр “Нөхөртэйгээ энэдуугаар танилцсан. Анхныхаа хүүхдэд нэрийг чинь өгсөн” ч гэдэг юм уу сэтгэлийн үгтэй мэндчилгээ зөндөө л ирдэг байсан.

-Хүн сургуульдсурахаас гадна өөрийгөө яаж боловсруулах ёстой юм бэ?

-Боловсолтой хүн гэжолон сургууль төгссөн, олон дипломтой хүнийг хэлдэггүй юм байна. Ерөөсөө ухаарч чадсан хүн. Өөрийгөөбие, сэтгэлийг хөгжүүлсэн, өөрийнхөө үнэт чанар, давуу байдлаа нээгээд өнгөлж тордсон хүнийг боловсролтой гэх нь байна шүү дээ.

-Таны үнэт чанар юу байна?

-Бихудлааярьдаггүй, хүн хулхиддаггүй, шударга, өөрийнхөөрөө байдаг. Надад худлаа инээд,хуурамч зан байхгүй.

-Та хоёр охиндоо юу өвлүүлж үлдээхийг хүсдэг вэ?

-Би охидууддаа өмч хөрөнгө биш ухаан, боловсрол үлдээхийг л хүсдэг.

-Таны амьдралд ухаарал хайрласан хүн хэр их байв?

-Хүн алдаан дээрээ суралцдаг даа.

-Ер нь дуучин хүн хэр удаан тайзан дээр тэсч үлдэх ёстой вэ?

-Уг нь авьяас тэтгэврт гардаггүй гэдэг. Одоо бол хөл толгойгоо алдсан. Хэн нь дуулаад байгаа юм. Худал үгийг мянга давтвал үнэн, хулхидууг мянга цацвал хит гэдэг болоод байна. Дуучин хүнсоён гэгээрүүлэгч шүү дээ. Тэр сайхан дууны үгийг утга уянгыггүн ухааныг ойлгож түмэнд хүргэх учиртай. Дуулнагэдэг орилжхашгирахын нэр биш.

-Та бясалгал хийдэг үү?

-Би Буддын гүн ухаан, суу билэгт хүмүүсийн хэлсэн үг, туулсан амьдралыг сонирхдог. Б.Лхагвасүрэн гуайтай их ойр, Лоохууз гуай байна. 94 настай хүн. Энэ хүнтэй их ярьж зөвлөгөө авдаг. Зохиолч С.Галсан, Тэрбиш гуай байна. Би хөгшчүүлтэй их ярьдаг.

-Залуу дуучдаас хэнийг тоодог вэ?

-Ариунбаатар мундаг дуучин. Дуучин хүний дууны өнгө, тембэр бүх юм нийлмэл байх ёстой. “Улаанбаатар” чуулгынГанзориг гавьяат цээлхэн сонсголонтой сайхан дуулж байна. Нэг арга барилтай, ижилхэн улсууд бас их байна.

-Танд шавь бий юу?

-Үгүй би нэг их багш, шавь болоод байдаггүй. Гэхдээ хүнд зөвлөх дуртай. Ялангуяа залуу дуучдад “Чи ингэж ажилла”, “Тийм мартагдсан дуу байгаа” гэх мэтээр зөвлөдөг.

-Цагаансараарта хэр их ажилтай байдаг вэ?

-Цагаан сар гэлтгүй биажилтай лбайдаг юм. Дуулахын хажуугаар хурим найр, одон медалийн угаалга хөтөлдөг. Тийм учраас хурим найрыг монгол ахуй, ёс заншил талаас нь хөтлөхийг эрмэлздэг. Сүүлийн үед найр шоу болоод байна. Найр, хуримондоо, шоу цэнгүүн өөр. Төрийн дээд одон медалийн угаалга ч өөр шүү дээ. Тэр чинь төр, түмний хүндэтгэл учраас. Би найрыг дэгтэй, цэгцтэй, өөрийн гэсэн онцлогийнх нь дагуу хөтлөхийг хичээдэг. 200 гаруй найр хөтөллөө. Миний хөтөлсөн хосууд их сайхан явдаг юм. Би ажигладаг. Монголчууд их бэлгэшээдэг шүү дээ. Монгол хүн хүний орон гэрийг авахдаа хүртэл уг удмыг нь хардаг.Тийм учраас бүх талыг нь харж явдаг.

-Та нутагтаа очдог уу?

-Жил бүр очдог. Алтайн уулснадад алтан амь хайрласан. Би аав ээжийгээ шүтдэг, амьд байгалиа шүтдэг. Хадаг мадаг өргөөд байдаггүй. Сайхан тариа будаа цацаад, лусын шавьж хорхойнуудыг хооллож буян болмоор байгаа юм. Түүнээс биш тэр модыг баглаж хүлээд, яах юм.Овоонд хадаг уяж архи өргөөд яах юм. Сайхан сүү сааль, идээ будаа цацаад явбал лус савдаг баясана.

-Дуучин хүнд хоолой чухал. Хоолойгоо хэвээр нь хадгалах гэж өвөрмөц дэг барьдаг уу?

-Байхгүй. Би чинь гадаа гандаж, хөдөө хөхөрсөн дуучин. Хүйтэн ус уугаад дуулж л байна. Яриа дуучин хүнд муу гэдэг. Би чинь дөрвөн цаг, хурим найр хөтлөөд дуулна.Сүүлийнүед миний мөнгөө, цаг хугацаагаа, авьяасаа зарж хийсэнуран бүтээлийг зарим нөхөд дуулаад байна.

-Тэр чинь зохиогчийн эрх энэ тэрээр зохицуулагддаггүй юм уу?

-Зохиогчийн эрх хөгжмийн зохиолч, яруу найрагчид байдаг л даа. Гэхдээ жудаггүй л байхгүй юу.

-Тухайлбал ямар тохиолдол байна?

– Төрмандах гээд дуучин байна аа даа. “Аархал” гээд дуулаад байдаг. Тэр чинь“Намайгаа дурсаарай”-г дуулсан байна. Сонссон улсууд “ Таны дууг зохимжгүй дуулсан байна”, “Таны дууг тоглоод хаячихлаа” гэж байна. Олон хүнхэлж байна. Анхны юм анхныхаараа л байдаг. Тэр хүн надад “Энхбат ахаа, би таны дууг дуулъя” гээд хэлчихэж болно. Жудаг гэж байх учиртай. Бусдын үүрэнд өндөгөө дардаг хөхөө шувуу шиг битгий бай, хөдөлмөрлө зов. Тэгж байж амжилтанд хүрнэ.

-Таны хамгийн их хөдөлмөрлөсөн уран бүтээл юу вэ?

-Бүгдэд нь цаг хугацаа, хөдөлмөр зарцуулдаг даа. “Хонгорзул” дуу арав гаруй жил дуулагдаж байна.

-Та сүүлийн үед ямар уран бүтээл хийхээр бодож байна?

-Өөрийнхөө хүндэлж явдаг дуучидтайгаа хамтарсан тоглолт хийх бодолтой байгаа. Намраас амжих нь уу. Дуучин хүн сайхан хоолой, авьяастайгаас гадна сайн хүн байх нь чухал. Хүн чанар, хүнлэг сэтгэл гэж байх ёстой. Зарим нь хэт мөнгө хөөгөөд, өндөр тоо хэлээд суудаг. Хэзээ нэг цагт унана шүү дээ.

-Ингэхэд мэдээллийн салбарт хэр орон зай харагдаж байх юм?

–Сэтгүүлч хүн мэдээлэлтэй мэдлэгтэй байж ажиллана. Хөрвөх чадвартай байх ёстой. 1984 онд Говь-Алтайн “Алтайн хөгжил” сонинд анх мэдээ бичиж байлаа. Чандмань сумын ах дүү хоёр илгээлтийн эзэн малчны тухай анхны мэдээгээ бичиж байсан. Аавынхаа ажлын тайлангшөнөжин хамт сууж бичдэг байлаа. Ном их уншина. Найруулан бичих, зохион бичихдээ сайн л байсан. Энэ маш их нөлөөлж байсан байгаа юм.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Бямба-Эрдэнэ: Дроныг өөрсдийнхөөрөө угсраад хөгжүүлэх боломжтой DNN.mn

Дрон кодчилолын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНСУ-ын Намвон хотод 2023 оны аравдугаар сарын 7-8нд зохион байгуулагдсан. Монгол Улсын багийн тамирчин “Ulaanbaatar Empathy School” сургуулийн 10в ангийн сурагч Б.Анар-Эрдэнэ дунд ангийн төрөлд гуравдугаар байр эзэлж хүрэл медаль, МУБИС-ийн харьяа Ерөнхий боловсролын сургуулийн 11б ангийн сурагч Н.Хосбаяр ахлах ангийн төрөлд амжилттай оролцож дөрөвдүгээр байрт шалгарсан. Уг тэмцээнд багаа амжилттай бэлтгэн оролцуулсан МУБИС-ийн харьяа Ерөнхий боловсролын сургуулийн дизайн технологийн багш Г.Бямба-Эрдэнэтэй ярилцлаа.

-Юуны өмнө тэмцээнд амжилттай оролцоод ирсэнд тань баяр хүргэе. Тухайн мөчид юу бодогдож байв?

-Эхлээд бид улсын аваргад түрүүлсэн. Тэгээд тухайн тэмцээнд оролцох эрхээ авсан. Очоод гурав болон дөрөвдүгээр байрт орсондоо сэтгэгдэл өндөр байсан. Зохион байгуулалт ч маш өндөр зэрэглэлийн болсон. Сэтгэл маш хангалуун байгаа.

-Өмнө нь иймэрхүү олон улсын чанартай тэмцээнд орж байв уу?

-Монголд болсон олон улсын чанартай тэмцээнд орж байсан. Гэхдээ яг энэ төрлөөрөө биш өөр төрлийн тэмцээнд оролцож байсан л даа. Би нисгэх чиглэлээр бас хичээллэдэг. 2015 онд Монголд болсон олон улсын тэмцээнд тэр төрлөөрөө орж байсан юм.

Дрон кодчилно гэхээр яг юуг хэлээд байна вэ?

-Дрон яаж явах, яаж нисгэхийг кодоор бичнэ гэсэн үг.

-Монголд энэ төрөл хөгжих хэр боломжтой вэ?

-Монголд хөгжих бүрэн боломжтой. Сая оролцсон тэмцээн ерөнхийдөө боловсрол талдаа байсан болохоор цаашдаа энэ төрлийг Монголд хөгжүүлээд явбал боломжтой.

-Энэ төрлийн зүйлийг сонирхдог хүүхдүүд олон уу?

-Яг энэ төрлийн сургалт өнгөрсөн жилээс эхэлж явсан. Монголд орж ирээд удаагүй байгаа. Гэхдээ тодорхой тооны хүүхдүүд сонирхож судлаад эхэлчихсэн. Мэргэжлийн багш нар ч нэлээд бэлтгэгдсэн.

-Энэ төрлийг хөгжүүлснээр ирээдүйд ямар ашигтай вэ?

-Дроныг газар тариалан, мал аж ахуй, кино зураг авалт, дайн байлдаанд ихээр ашигладаг. Жишээ нь, газар тариаланд тэдэн цагт үрээ цацна, тэдэн цагт усална гэдэг ч юм уу код бичиж өгөөд ашиглаж болно. Мөн Онцгой байдал, цагдаа зэрэг цэрэг хүчний байгууллагад ашиглах боломжтой. Хайгуул хийх, мал хайх гэх мэт зүйлд ч ашиглаж болно. Гал унтраах ч юм уу.

-Манайд дрон үйлдвэрлэх боломжтой юу?

-Үйлдвэрлэх боломжгүй. Харин гаднаас сэлбэгээ авчраад угсарч болно. Сэлбэгүүдэд сэнс, хүлээн авагч, удирдлага гээд монголд хийх боломжгүй л дээ. Харин өөрсдийнхөөрөө угсраад хөгжүүлэх боломжтой.

-Та бүхэн өөрсдөө угсарч үзсэн үү?

-Одоогоор угсарч үзээгүй. Бэлэн дрон аваад кодыг шинээр бичиж суулгасан. Компьютер дээр суурилсан платформ дээр блокуудаа өрөөд коджуулна. Хүүхдэд хамгийн ойлгомжтой блок өрөх нь амар байдаг. Блок өрөөд дроноо өрөх боломжтой.

-Хүүхдүүд хэдэн наснаас эхэлж үүнийг сурах боломжтой вэ?

-Наймаас дээш насны хүүхдүүд сурах боломжтой. Анхан шатанд таван настай хүүхдүүд ч сурч болно.

-Энэ төрлийн сургалтууд явагддаг уу?

-Одоохондоо сургалтууд явж эхлээгүй. Дрон кодчилолын төрлийн олимпиадыг зохиох төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд цаашдаа сургалт нээх төлөвлөгөөтэй байна. Монголдоо энэ төрлийг илүү өндөр хөгжүүлэх зорилго бий.

Одоогоор энэ төрлөөр танай сургууль болон 11 дүгээр сургуулиас өөр газарт зааж байгаа юу?

-Манайхаас гадна Улаанбаатар Импати сургууль, 11 дүгээр сургууль, орон нутагт Говь-Алтайн нэг багш хичээллүүлдэг. Манай сурагчид ч бас өөрсдөө энэ төрлөөр бусад хүүхдүүддээ заах боломжтой.

-Суурь хичээлийн шаардлага тавих уу. Ямар хичээлдээ сайн хүүхдүүд дрон код бичих чадвартай байдаг вэ?

-Манай сургуульд бага ангиас нь код гэж хичээл нэмэлтээр ордог. Англи хэлтэй, компьютерт суурьтай хичээл бий. Түүнийг үзсэн байхад асуудалгүй. Тэгээд мөн “Си” гэж комьютерийн тусгай хэл байдаг. Скрач буюу блок өрдөг платформ дээр хүүхдүүд илүү хурдан ойлгож сурдаг. Түүгээр л хүүхдийг багаас нь бэлтгэдэг.

С.ОТГОН