Үндэсний бөхийн 16 дахь аварга, Хөдөлмөрийн баатар, МҮБХ-ны дэд тэргүүн О.Балжиннямтай хөөрөлдсөнөө уншигчдадаа хүргэе. Аваргатай Энэтхэгийн Бодгаяад уулзаж, Бодгаяа дахь монгол хийдэд ярилцсан юм.
-Бурханы оронд буян номын ажлаар явна уу, аварга аа?
-Бодгаяад гэр бүлийн хүнтэйгээ явна. Бараг гурван сар шахам байх төлөвлөгөөтэй. Бодгаяа чинь бурханы ариун дагшин газар. Бурхан багшийн гэгээрсэн энэ сайхан газарт эргэл мөргөл хийж явна даа.
– Таны тухай анхны тод дурсамж гэхээр Б.Бат-Эрдэнэ аваргатай нар хэвийтэл барилдсан наадам…
-Тэр чинь 1994 оны Улсын наадам. Арвын даваанд барилдаж байсан нь тэр л дээ. Би давбал аварга болчих санаатай. Бат-Эрдэнэ болохоор Х.Баянмөнх аваргын амжилтыг эвдэх зорилготой. Хоёр цаг гаруй барилдаад арай жаахан “рам”-дуулаад унасан. Б.Бат- Эрдэнэ их бяртай байсан цаг.
-Бат-Эрдэнэ аваргын юу нь онцгой байв, танд?
-Бат-Эрдэнэ бид хоёул жүдо, самбо бөхөөр цуг хичээллэдэг байлаа. Самбогоор би хасах 100 кг-ын жинд, Бат-Эрдэнэ нэмэх 100 кг-ын жинд хүч үзнэ. Жүдогоор би хасах 95, Бат-Эрдэнэ нэмэх 95-д үзнэ. Үргэлж хамт бэлтгэл хийнэ. Гадаад дотоод явахдаа нэг өрөөнд орно, гэр бүлээрээ сайхан найзална. Цагийг эзэлсэн агуу аварга л даа, яалт ч үгүй. Тэр үед мань хүнийг тогтооно гэдэг асар бэрх шүү дээ. Тийм ч учраас төрийнхөө их наадамд 11 удаа түрүүлсэн их аварга гэж түмнээрээ хүндлүүлж яваа. Бат-Эрдэнэ залуудаа их олон мэх хийдэг байсан. Хонгодож хаяхдаа янзын. Анх түрүүлдэг жилээ Цэрэнтогтох аваргыг хонгодож хаясныг нь тод санадаг. Халз хутгана. Гол хоёр мэх нь хонгодох, халз хутгах байсан. Шуудагнаас бас сайн барилдана.
-Бат-Эрдэнэ аварга та хоёрыг ид үед бахдаж шагшдаг байсан залуус өдгөө монгол бөхийн дэвжээг эзэгнэж байна. Таны үеийн залуусын шүтээн, шагшаа нь Баянмөнх, Мөнхбат гэж хоёр том аварга байсан байж таарна…?
-Намайг хүүхэд ахуйд Баянаа аварга, Мөнхбат аварга хоёр ид барилддаг, алдар цуу нь цуурайтсан эрхэм хүмүүс байлаа.
Аавтайгаа хамт Цагаан сар, наадмын барилдааныг радиогоор чих тавин дурлаж сонсоно. Радиогоор сонсож бахархаж өссөн их аваргууд л даа. Баянаа аварга хоёр талдаа сэгсрээд хонгодчихдог, үнэхээр бяртай бөх байсан. Шуудагнаас их сайхан барилдана. Халз хутгаа хийнэ. Олон гоё мэхтэй. Монгол бөхийн судалгаа хийж 700 гаруй мэх бийг судлаад гаргаад ирсэн хүн. Агуу хөдөлмөрч хүн дээ.
-Би тэр жил л их сайн барилдаж билээ гэж сэтгэл дүүрэн бодож суух наадам гэвэл хэдэн оныхыг нэрлэх вэ?
-Үндэсний бөхийн хувьд 70 жилийн ой байна даа. Тэр үеийн барилдаануудаа эргээд бодохоор дурсамжтай сайхан санагддаг.
-Бөхчүүд мэх гаргаж барилдахаа болилоо гэсэн шүүмжлэл дуулдах юм. Шалтгаан нь юундаа байна вэ?
-Монгол бөх олон сайхан мэхтэйг судлаад гаргачихсан гэж би түрүү нь танд хэлсэн дээ. Гэтэл сүүлийн үед дүрмээсээ болоод, тойруулж барьдаг барьцтай болсноос хойш бөхчүүд жингээ нэмж эхэлсэн юм.
-Албаар жингээ нэмж эхэлсэн байх нь?
-Тэгэхгүй бол тэр барьцан дээрээ тогтох хэцүү. Тэгээд монгол бөхчүүдийн мэх багассан. Мэх хийдэггүй гэж шүүмжлээд байсан нь тийм учиртай. 2021 оноос энэ дүрмийг болиулсан. Түүнээс хойш бөхчүүд маань олон сайхан мэх хийдэг болж байна.
-Мэхний их дэлгүүр гэж хэлэхээр бөхчүүд гэвэл та хэн хэнийг онцлох вэ?
-Дүвчин заанаас эхлээд олон сайхан мэх хийдэг бөх маш олон байсан шүү. Энэ цаг үед гэвэл Булганы Амарсайхан начин байна. Жижиг биетэй мөртлөө олон сайхан мэх хийн барилдаж яваа.
-Бөх гэдэг монголчуудын хувьд өв соёл тээгч гэдгээрээ эрхэм. Тэр утгаараа жудаггүй, ёс зүйгүй байх эрхгүй хүмүүс шиг санагддаг. Гэтэл сүүлийн үед байдал эсрэгээрээ эргээд байх шиг…?
-Монголчуудын ахуй амьдрал тэр чигтээ бөхөд шингэсэн. Том цолтой, ах захтай хүмүүсээ хүндлэхээс эхлээд соёлын олон улбаа бөхөөрөө дамжаад өнөө цагт ирчихсэн. Монголын ахуй, соёл үндэсний бөхдөө шингээд үлдчихсэн. Тэр утгаараа монгол бөхчүүдийн ард түмнийхээ, улс үндэстнийхээ өмнө хүлээсэн үүрэг нь асар өндөр. Тэр үүргээ биелүүлж чадахгүй яваа харагдах л юм.
-Монгол бөхийн жудаг хаачив гэмээр үйлдэл зөндөө байна. Засуулаа үл тоосон хандлага, уначихаад элдэв аяг гаргаж байгаа энэ тэрийг нь харахаар монгол өв, соёл яана даа гэсэн гутранги бодол төрдөг шүү?
-Үгүйсгэхгүй. Засуул, гарын даа энэ тэртэйгээ харилцаж байгаа нь, өөр зуураа харилцаж яваа нь нэг хэсэг муудаж ирсэн. Одоо харин дажгүй болоод ирлээ. Үүнийг засахын тулд Монголын Үндэсний бөхийн холбоо Ёс зүйн зөвлөл хүртэл ажиллуулж байна. Жудаггүй бөхчүүд гэсэн шүүмжлэлийг засахын төлөө л яваад байгаа хэрэг.
-Бөхчүүд улс төрд ордог үзэгдэл манай улсад гойд тод ажиглагдах юм. Танд улстөрд орох санал ирж байв уу?
-Ирж байгаагүй ээ (инээв). Би бөхийн тэр дундаа жүдогийн спортдоо дуртай учраас 1992 он хүртэл барилдаад дэлхийн аваргын анхны мөнгөн медалийг авчирч байлаа, улсдаа. Дараа нь дасгалжуулагч болсон. 1997 онд хүртэл дасгалжуулагчаар ажиллахдаа олимпын ганц медалийг эх орондоо авчрахад хувь нэмрээ оруулсандаа баяртай явдаг. Миний шавь Нармандах тэр медалийг эх орондоо авчирсан юм. Тэгээд Алдар спорт хорооны даргаар ажиллаад, ахиад шигшээ багтаа дасгалжуулагчаар ирж 2020 он хүртэл ажиллалаа даа.
-Одоо Үндэсний бөхийн холбооны дэд тэргүүний ажилдаа л төвлөрч байна уу?
-Яг төвлөрч байгаа ганц ажил маань.
-Та түрүү нь багадаа радиогоор бөх сонсдог байсан гэсэн дээ. Багаасаа л бөх болъё гэж хүсдэг байв уу?
-Өө тэгэлгүй яах вэ. Багын л мөрөөдөл, хүсэл. Ер нь манай монголчууд чинь хүүгээ бөх болгоно л гэж ярьдаг улс. Би айлын ганц хүү. Аав маань аймгийн начин цолтой. Надаас ч өндөр, сайхан бие хаатай хүн байлаа. Бөх сонирхоно гэж жигтэйхэн. Бөхөд дуртай аав минь радиогоор бөхийн барилдаан их сонсоно. Оноолтуудыг нь хуучин монгол бичгээр хөтөлнө гэж янзтай. Тэрийг нь их харна. Аавынхаа шүтдэг, шагшдаг сайхан аваргуудын барилдааныг аавтайгаа хамт сууж байгаад радиогоор сонсох ай мөн сайхан дурсамж. Тэр гоё агшин намайг бөх болгосон доо. Сумандаа наймдугаар анги төгсөөд аймгийнхаа арван жилийн сургуульд сурахаар очсон юм. Есдүгээр ангидаа аймгийн начин, аравдугаар ангидаа аймгийн заан болж байлаа. Жүдогоор залуучуудын барилдаанд түрүүлээд 1979 онд улсын шигшээ багийн гишүүн болсноор тамирчны амьдрал маань эхэлсэн дээ.
-Багш гэж хүндэлж явдаг эрхмүүд гэвэл…?
-Үндэсний бөхөөр бол Баянаа аварга, Мөнгөн арслан байна. Бөхийн спортод анх авчирсан хүн гэвэл Чанрав багш. Самбо бөхийн дэлхийн анхны аваргыг авчирсан эрхэм гэдгээр нь түмэн андахгүй. Бөхийн тайлбарыг радиогоор хачин сайхан хийнэ. Улсын начин Эрхэмбаяр бид хоёрыг хөдөөнөөс “олж ирсэн” хүн шүү дээ.
-Анх яаж яваад Чанрав багштайгаа таарсанаа сонирхуулаач?
-1978 онд би арван жилийн сургуульд байсан юм. Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнд ирэхэд минь “Бөх болох хүүхэд байна” гээд сонгосон юм билээ. Би тэр жил Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнд ирэхдээ жүдогоор 86 кг-ын жинд түрүүлсэн юм. Уг тэмцээнээс сарын дараа “Нөхөрлөл тэмцээн” гэж Улаанбаатарт болох байсан. Тэрний бэлтгэлд намайг гаргасан л даа. Өнөө тэмцээнд нь бас түрүүлчихсэн. Тэр жил самбо бөхийн Улсын аваргаас мөнгөн медаль аваад улсын шигшээ багт орж байлаа.
-Та түрүү нь үндэсний бөхөд Баянаа аваргыг багш гэж боддог гэлээ. Өнгөц харсан хүнд жаахан ааш аягтай болов уу гэмээр анзаарагддаг. Хатуу багш байв уу?
-Өө, тийм хатуу хахир хүн биш. Ямар ч хүнтэй сайхан яриа хөөрөөтэй. Агуу лектор хүн шүү дээ, базарваань. Социализмын үед л залууст лекц уншдаг хүн байсан. Багшийн дээдийн түүхийн анги төгссөн хүн шүү дээ. Тэр утгаараа маш өргөн мэдлэгтэй. Олон удаа бэлтгэлд хамт гарч байлаа. Барилдааны арга техникээ их сайхан заана. Өөрөө ч ид барилдаж байсан үе.
-Анх нүдэнд нь өртөөд шавь нь болчихсон уу, өөр учрал тохиол байв уу?
-Нутгийн хүн гээд анх өөриймсөж явсан л даа. Гэхдээ тухайн үед харцанд нь тороогүй (инээв). Баянаа аварга тэр үед чөлөөтөөр барилддаг байсан юм. Тухайн үед Чанрав багшийнхаа хараанд өртөөд жүдо, самбо руу орчихсон. Тэгээд яах вэ, үндэсний бөхөөрөө бэлтгэлд гарахдаа Баянаа аваргын гал дээр гарна. Тэгж л ойртсон түүхтэй.
-Сүүлийн үед улс үндэстнээрээ шүүмжлэмтгэй болж. Бөхчүүд маань ч талцаж, эвдрэлцээд, нэг л их шүүмжилж, маргаж, мэтгэсэн улс болчихсон ч юм шиг. Үнэхээр ийм байна уу, эсвэл хэт өнгөц дүгнэлт хийчихэв үү би?
-Тэгтлээ талцаад байгаа юм бөхчүүд дунд үгүй л дээ. Сошиалын шуугиан дагаж л олноороо ханараад байгаа анзаарагдах юм. Булхайтай барилдаан гэж шүүмжилдэг. Үнэн хэрэгтээ сүүлийн үед техник хөгжөөд бөхийн барилдааныг олон талаас нь харуулдаг болчихсон. Булхайтай барилдаан гэсэн ойлголт байхгүй болсон шүү дээ.
-Үндэсний бөхийн холбоо ёс зүйн хувьд хараат биш хүмүүсийг гаднаас ажиллуулж байгаа гэж та түрүү нь ярьсан. Нямсамбуу гавж, япон судлаач Төмөрбаатар гээд нийгэмд үлгэр дуурайл болсон эрхмүүдийн нэр сонсогдож байгаад олзуурхаж л сууна?
-Өргөн мэдлэгтэй, хараат бус хүмүүсийг сонгосонд, өнөө ч сонгож ажиллуулж яваад би ч хувьдаа олзуурхаж суугаа. Бөхчүүдийг тавьчихвал нутгийнхнаа наана уу, цаана уу гэх магадлалтай. Ийм эрсдэл гаргахгүйн тулд Ёс зүйн зөвлөлдөө хараат бус хүмүүсийг тавьсан.
-Бөхийн ёс зүй гээд ярихаар найраа гэсэн том асуудал босоод ирдэг. Таны үед начны найраа хэр байв?
-Миний үед найраа гэж байгаагүй. Нэг, хоёр удаа Улсын наадамд дөрөв давсан нэгэндээ тавын даваанд унаж өгөөд начин болгодог тохиолдол байсан. Тэр чинь жудгийн асуудал. Хоёр удаа дөрөв давна гэдэг чинь өөр хэрэг шүү дээ. Сүүлийн үед хавтгайрсан сураг дуулддаг. Өөр нарийн ширийнийг мэдэхгүй юм.
-Үндэсний бөхийн холбооноос энэ зүгт анхаарах боломж бий юу?
-Хоёр хүний яриа хөөрөөг зохицуулах арга байхгүй л дээ (инээв).
-Үндэсний бөх дээр допинг байх ёсгүй гэх хүмүүс байх л юм. Жил бүр допингоос болж үндэсний бөхийн нэр хүндэд халтай мэдээлэл хөвөрдөг боллоо.
-Допинг аюултай шүү дээ. Хүний генд нөлөөлнө. Шударга өрсөлдөөн гэж үгүй болно. Тийм учраас Монголын Үндэсний бөхийн холбоо допинг дээр хатуу байр суурьтай байна. Допинг илэрсэн л бол ялтай. Хүн оролцох ямар ч боломжгүй зүйл. Тусгай кодтой. Хэрэглэчихээд хэрэглээгүй гэж мянга мэтгээд дэмий л дээ.
-Өвчин намдаах эм уучихсан чинь л ингэлээ гэх мэт элдэв тайлбар хөвөрдөг. Үнэхээр тийм шалтгаанууд байж болох уу?
-Ямар зүйл хэрэглэж болох, болохгүй талаар нарийн заасан байгаа. Хэрэглэчихээд хэрэглээгүй гэж тайлбарлах л юм. Өвчин намдаах эм хэрэглэсэн чинь илэрчихлээ гэсэн зүйл байхгүй. Хааяа нэг гэнэ сэр илэрч болно. Гэхдээ маш ховор. Тийм байлаа ч өнөөхийг нь ууж болохгүй гэсэн заалт байж л байгаа. Хожим элдэв зүйл илэрлээ гэхэд бүх юм баримттай, төддүгээр сарын төдөнд тийм эмч ийм эм бичиж өгсөн гээд бүх баримт нь дурайж байх учиртай. Эмчийн буруу тохиолдолд тухайн эмч хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Яг тэрийгээ гаргаад ир гэхээр гаргаж ирэх баримт байдаггүй.
-Хоолонд маань юм хийгээд хорлочихлоо, шээсийг минь сольчихлоо гэсэн агуулгатай мэдээлэл сонсож л байсан. Тийм зүйл байх боломжтой юу?
-Ямар ч боломжгүй. Хэзээ яаж хэрэглэснийг нь тодорхой хугацаатай гаргаад ирдэг зүйл л дээ. Ард түмэн тэр нарийн ширийнийг нь мэдэхгүй учраас шуугиулсан өнгөн мэдээллийг дагаж ханарах гээд байдаг тал бий.
Ярилцсан
Ц.БААСАНСҮРЭН