Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Баярхүү: 10 аймгийн 22 суманд зудын нөхцөл байдал бүрдээд байна DNN.mn

Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүүгээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.


-Та сая орон нутагт ажиллаад иржээ. Өвөлжилтийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Ус цаг уур орчны шинжилгээний газраас жил бүр зудын эрсдэлийн зураглал гаргадаг. Хамгийн эхнийх нь арваннэгдүгээр сарын 10-ны байдлаар гарсан. Энд нийт нутгийн 50 гаруй хувь зудын эрсдэлтэй, 40 хувь нь дунд эрсдэлтэй, 10 хувь нь бага эрсдэлтэй гэсэн зураглал гарсан байна. Улсын онцгой комиссоос ажлын хэсэг гарч аравдугаар сарын сүүлээр гантай байсан аймгуудад ажиллаж үнэлгээ хийгээд ирсэн. Үүнээс үзэхэд өвөлжилт нэлээн хүндрэх зураглал гарсан.

УОК-ын ажлын хэсэг Дорноговь, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай аймгууд буюу өнгөрсөн зун гантай байсан хэсгүүдээр ажиллалаа. Эдгээр аймгуудад зудын эрсдэл маш өндөр байна. Сүүлд гарсан үнэлгээгээр төвийн аймгуудад нөхцөл байдал хүндэрсэн байна. Энэ нь арваннэгдүгээр сард орсон их хэмжээний цастай холбоотой. Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 10 аймгийн 22 суманд цагаан зудын нөхцөл бүрдсэн, найман аймгийн 26 суманд цагаанаар зудархуу гэдэг үнэлгээ гараад байна. Арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 10 аймгийн 22 сум зудын, найман аймгийн 22 сум зудархуу нөхцөл байдалтай байна.

-Сүүлд та бүхэн зүүн аймгуудад ажилласан. Тэнд нөхцөл байдал ямар байна вэ?

-Сая УОК-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг цасан шуурганы улмаас нөхцөл байдал хүндэрсэн Дорноговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад ажилласан. Энэ хүрээнд 330 орчим иргэн төөрч сураггүй алга болсон дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Аймаг орон нутгийн онцгой байдлын газруудтай хамтарч эрэн хайх ажиллагаа явууллаа. Энэ үеэр Дорноговь аймгийн Айраг суманд нэг иргэн амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн. Бусад иргэдийг олж ар гэрт нь хүлээлгэж өгсөн. Зарим нь шуурганы нөхцөл байдал тогтворжиход гэртээ өөрсдөө ирсэн. Эдгээр аймгуудад цас их унасан өвөлжилтийн нөхцөл байдал хүнд байна.

-Та бүхэн эрэн хайх ажиллагааг нисдэг тэргээр явуулсан талаараа онцолж байсан. Энэ талаараа тодруулахгүй юу?

-Дорноговь аймгийн Дэлгэрэх сум, Сүхбаатар аймгийн зарим сумдад цас их унасан. Цасан шуурганы үеэр тээврийн хэрэгсэл зорчих ямар ч боломжгүй байсан. Цаг агаарын нөхцөл гайгүй болмогц эрэн хайх, аврах ажиллагааг нисдэг тэргээр зохион байгуулсан. Энэ үеэр Дорноговь аймгийн Иххэт сумын нутагт төөрсөн иргэнийг тогтоож ар гэрт нь хүлээлгэж өгсөн.

-Манайд шаардлагатай үед ажиллагаа явуулах хэдэн нисдэг тэрэг байдаг юм бэ?

-Онцгой байдлын газрын үйл ажиллагаанд нисдэг тэргийг шаардлагатай үед л ашигладаг. Нисдэг тэрэг ашиглах эсэх нь цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалдаг. Мэдээж цасаар шуурсан, үзэгдэх орчин хязгаарлагдмал үед нисдэг тэргээр явах боломжгүй. Одоогоор Онцгой байдлын газрын үйл ажиллагаанд хоёр нисдэг тэрэг ашиглаж байна. Зэвсэгт хүчний жанжин штабт нисдэг тэрэг ашигладаг.

-Эрэн хайх аврах ажиллагаа явуулахад бага биш хэмжээний зардал гардаг. Үүний тодорхой хувийг аврагдсан иргэн төлдөг үү?

-Иргэн төлөхгүй шүү дээ. Тухайн орон нутгийн Онцгой байдлын газрын төсөвт суусан байдаг. Эндээс л санхүүжээд явдаг. Бага биш хэмжээний зардал гардгийг иргэд ухамсарлаж цаг агаарын аюулт үзэгдлийн үеэр хол замд гарахгүй, баталгаатай замаар зорчиж байх хэрэгтэй. Ингэвэл хаана хаанаа хүндрэл учруулахгүй.

-Та бүхэн энэ сарын эхээр Төв аймгийн зарим сумдад ажилласан шүү дээ. Газар дээрх нөхцөл байдал ямар байна вэ?

-Төв аймгийн Лүн суманд энэ сарын 04-05-ны өдрүүдэд үргэлжлэн орсон хүчтэй цасан шуурганы улмаас цасны зузаан 30-100 см хүрсэн байна. Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас 57 айл, өрхийг намаржаанаас өвөлжөө рүү нүүлгэн шилжүүлэх, цасанд боогдсон замыг нээх ажлыг аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 321 дүгээр ангийн алба хаагчид аймаг, сумын Онцгой комиссын гишүүдтэй хамтран зохион байгуулсан. Яг газар дээрх нөхцөл байдал маш хүнд байна.

-Та бүхний хийсэн үнэлгээгээр бол өвөлжилт хүнд болох нь. Цаашид яах вэ?

-Өвөлжилт удаан хугацаанд үргэлжилнэ. Малчид мэргэжлийн байгууллагуудаас гаргасан цаг агаарын гамшигт үзэгдлийн тухай сэрэмжлүүлгийг дагаж урьдчилан сэргийлж, эрсдэлийг бууруулж өөрсдийн амь нас, эд хөрөнгөө хамгаалах арга хэмжээг дор бүрнээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

О.ДАШ

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал яруу-найраг

Болор цомын эзэн С.Начин: “Уучлалын” шүлэг мөр болгоныг хөөгөөд үзвэл 108 мөртэй, 108 суварга, 108 эрхийн тоогоор хайрын гэгээлэг талын өгөгдөл болгож бичсэн DNN.mn

41 дэх удаагийн Болор цомын эзэн яруу найрагч С.Начинтай ярилцлаа.


-Болор цомын эзэн болсонд баяр хүргэе.

-Баярлалаа.

-Болор цомд хэзээнээс эхэлж анх шүлгээ сойсон бэ?

-“Болор цом” 29 дахь наадмаас хойш шүлгээ сойсон. Хоёр удаа бичгийн хэвийн шинж нийцээгүй, нэг удаа шүлгээ илгээгээгүй, нийт арван удаа оролцсон байна. Үүнээс энэ жилийн наадамд түрүүлсэндээ баяртай байна.

-Яруу найрагт хэзээнээс эхлэж хөл тавьсан бэ?

-Манай өвөө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын харьяат сэтгүүлч хүн. Насаараа “Хөдөлмөр” сонинд ажилласан, өөрөө өөртөө яруу найрагч хүн дээ. Тэр нь надад нөлөөлсөн.

-Хэдэн настайгаасаа шүлэг бичиж эхэлсэн бэ?

-Анх 14 настайгаасаа шүлэг бичсэн, нийт 18 жил шүлэг тэрлэжээ. Монголын үе үеийн гайхамшигт яруу найрагчдын шүлгийг сонсоод тайзан дээр шүлгээ унших юмсан гэж боддог байсан. Арлааны Эрдэнэ-Очир, Цогдоржийн Бавуудорж ахыг хараад урам зориг авдаг. Мөнгөн үеийнхээ ах нарыг харж бие биеэсээ суралцдаг даа.

-Хамгийн сэтгэлд үлдсэн нандин яруу найргийн наадмаа хэзээ, хэдэн онд үзэж байсан бэ?

-Анх 2006 онд Галсансүх яруу найрагчийг долдугаар ангийн хүүхэд байхдаа ээжтэйгээ хамт СТӨ-ний бельтаж дээр сууж шүлгийг нь сонсож байсан. Тэр үе бол санаанаас гардаггүй юм аа. Энэ миний хамгийн анх үзэж байсан “Болор цом”-ын наадам байсан. Дараа нь Ш.Лхамноржмаа найрагчийг түрүүлэхэд Эрдэнэт хот руу галт тэргээр очиж үзэж байсан. Галт тэргэнд анх сууж үзээд 1980-1990 оны яруу найрагчдыг тэгэхэд анх удаа ойроос харж байсан дурсамж санаанаас гардаггүй юм аа.

-“Болор цом” 41 яруу найргийн наадмын цомоо өргөх үедээ багшаа дурсаж байсан. Багшийнхаа тухай хуваалцаач?

-Би 2008 онд оюутан болоход багштайгаа анх танилцаж байсан.

13 жил багш шавийн барилдлагаатай явсан. Багш минь зүг чиг анд найз минь байлаа. Ах шиг, аав шиг минь нөмөртэй байсан даа.Хэл бичгийн ухааны доктор, оюуны том хөрөнгө үлдээсэн хүн байсан.

-Та анх ямар шүлэг бичиж байсан бэ. Шүлгийнхээн мөрөөс танилцуулаач?

-Хамгийн анхны шүлгээ 10 жилд байхдаа “Дайн” гэсэн дөрвөн мөрт шүлэг бичиж байсан минь санаанаас ердөө гардаггүй юм аа, Түүх, газарзүйн багш н.Тамжид гэж багш байсан. Бүх ангиудын дунд “Дайн” гэсэн 500 үгтэй эссэ бичлэгийн уралдаан зарлаж тухай үед, 500 үг нийлээд их үг шиг санагдаж 200 үгэнд санаагаа багтаагаад, дөрвөн мөрт бичсэн. Их урам авч тэр эссэ бичлэгийн уралдаанд би түрүүлж, Миний бичих хүсэл бадарч яруу найрагчийн гараагаа эхэлсэн дээ.

-“Болор цом-41” яруу найргийн наадмын ямар шүлгүүдээ уншсан бэ?

-Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 99 жилд зориулж, хоёрын даваанд “Үеийн үед тэтгэх эх орон минь” шүлгээ уншсан.

Миний Монголын ард түмэн билигзүй, ёс уламжилалтай ард түмэн. Би “Уучлалын” шүлэг мөр болгоныг хөөгөөд үзвэл 108 мөртэй, 108 суварга, 108 эрхийн тоогоор, хайрын гэгээлэг талын өгөгдөл болгож бичсэн. Нөгөө талаас эмэгтэй хүнийг хайрлаж байгаа эр хүний сэтгэлийг илэрхийлэх гол мөрүүд минь бол…

Эмэгтэй хүн, ээж хүн, эгч хүн, эхнэр хүн гэдэг

Эр хүний сэтгэлийн овоон дээр л сэмэрч байдаг хадаг ч юм бил үү… гэж гол санаагаа авсан. Залуу хүмүүс гэр бүл төвлөлтгүй учир салалт их байгаад сэтгэл минь тавгүйхэн байдаг даа.

Залуу хүмүүсийг салалтаас хол байг гэх үүднээс би энэ шүлгээ бичсэн. Аав минь “Болор цом 41” дэхь наадмыг үзсэн. Миний “Болор цом” аав минь үзсэн анхны яруу найргийн наадам байсан.

Уучлалын шүлэг

Орчлонд өчнөөн од харваж болох байсан

Гэвч биднийг хооронд нь мөргөлдүүлсэн

Гэрэл заагч сар нь чи байсан

Онцгой учрал, энэ амьдралаас хүсэж таашаах бүхний

Эхний амьсгал нь яаж эхэлснийг чи хийгээд бид мэдээгүй

Эх хүн үрээн тэврэхдээ ямархан ариусалд умбадгыг

Эмэгтэй хүний сэтгэлийн байгальд зочилж мэдрэхсэн

Цайнаас савсах уур өрөөн дэх агаарыг хөгжимдөнө

Цэх завилаад нүдээ аниваас

Цохолж ирэх үйлийн үр боловсорч дуусаад

Царам хэцэд амь эцэслэх гэж буй

Эцсийн амьсгалаа татраахаасаа өмнө

Эх болсон тэнгэрээ бүртгэн ширтээд

Газар шороондоо шингэх гэж буй бүргэдийн

Ганцхан ахиад дэвж үзэхсэн гэх сүүлчийн хүсэл ч юм билүү

Бидэнд мэдэгдэхгүй өчнөөн өнгийн хувирал

Бидэнд мэдэгдэхгүй өчнөөн тоосонцрын гялаан

Бид хүртэж болох ч амсаж боломгүй аз жаргал

Бид амталж болох ч хүртэж боломгүй уй гуниг гээд

Ээ дээ энэ амьдралаас авч болох бүхэн яасан их байна вэ?

Эмэгтэй хүн, ээж хүн, эгч хүн, эхнэр хүн гэдэг

Эр хүний сэтгэлийн овоон дээр л сэмэрч байдаг хадаг ч юм билүү

Чи жишээ нь яаж уйтгарлдагыг

Чимээгүй нулимс унагахдаа

Ямар чимээ хацрыг чинь зүссээр

Зүрхэнд чинь шингэдгийг

Яруу найраг шиг ойлгох нэгэн гэдэгт би итгэдэг

Зам татуулан урсах тэр нулимс

Заримдаа бидний сэтгэлийн горхитой нийлхээрээ

Зах хязгааргүйг сэтгэх хөлгийн далбаа ч болдог юм билүү

Залуу явах гэдэг эргээд тэртээ холоос

Тэмүүлж наддаа буцан ирээч гэж гар даллахад

Тэрүүхэнд гэрэлтэх үед нь чи инээгээд одсон шүү дээ гэж

Тохуурхан мушилзах доогтой хөгжөөн болж ч магадгүй гэхээс

Тодорхойлж таамаглашгүй тэр л цаг хугацааг

Тогтоож энэ л үедээ бид барьж авч чадахгүйг бодхоор

Өрөвдмөөр өр зүрх хөндүүрлэн урагдмаар мэдрэмж төрүүлж байгаа биз

Өвдөг нугарна, гэвч бохирч сөгдсөн мэдрэмжээ цагаатгах гэж бид босно

Өчнөөн сар жилүүдэд чи миний сэтгэлийн дотор амьдарч

Өрцөн цаанаа би түлээчин мэт бодлын чинь ойд унасан гишүүдийг түүж алхана

Гал зээглэн тулгандаа тогоогоо тавьж

Гараа ээх хүүхдүүдийнхээ инээдийг сонсож

Гарчиглаж суух сонингуудаа үдэж, ач зээдээ хэрэгтэй мэдээллийг нь хайчилж

Гарынхаа салаагаар урсан одох цаг хугацааны урсгалыг сэлүүрдэнэ

Амьдрал баялаг гэж чи хэлдэг

Чинийхээ санааны цэцэрлэгт үр цацаж

Цацсан үрээ би өдөр бүр услагч цэцэрлэгч өвгөн байхыг хүснэ

Цамцаа өмсөөч дээ даарчихлаа шүү дээ гээд чиний ирэх хөлийн чимээнд

Цаг хугацаа дөрвөн улиралтайгаа чамайг хөтөлсөөр надад ирнэ

Ахиад бид амьдрахгүйгээс хойш авсанд дотроо ч хамт нойрсохоор одох юм шүү

Хайртай гэж хэлэх амархан, хайрлах хэцүү

Хайрлах л хэцүү, хэлж болдоггүй хайрын үгс гэж хүртэл бий

Үгэнд заримдаа итгэх хэцүү

Үйлдэл заримдаа үгнээс ч чухал

Сум мэт үгс цээжийг чинь шархдуулавч

Суниагаад босох чинь хөгжим мэт яруу

Бягтрууланд венийн вальс эгшиглэж

Баяр бүхнийг чиний гараар бүтээгдсэн идээгээр дүүргэхсэн

Эрвээхэй суусан цэцэг нисхэд нь дохигноод үлдэх шиг

Эмзэг турьхан хурууд чинь хувцасаа сэгсэрхийг

Ээмгээ тайлж, үснийхээ боолтыг мулталж

Үдэш оройн энгэсгийг үргээж

Үүр цүүрийн гүнд цээжинд минь шүлэг зурхыг

Худал унтсан мэт дүр эсгээд, аньсан нүдэндээ чинийхээ үйлдлийг өхөөрдөж

Хувь төөргийнхөө хүрдийг эргэцүүлж нойрсохсон

Зүүдэндээ ч үнсхээс цэрвэж, жигд амьсгалах амьсгааг чинь

Тагтаар сийгэх салхинаас харамлаж

Таны зүрхний цохилтыг дэрэндээ шингээж

Зуун зуунд үлдэх мөр бадгуудыг ноотлох дэвтрийнхээ хуудсыг сөхөнгөө

Талхаа зүсэж, аягаа угааж, тоосоо арчиж

Хөшгөө ярхад өрөө нэвтлэх цэл залуухан нарны тусгалд

Хайрт минь эдгээр гэрлийг хардаа гэж хүүхэд шиг догдлохсон

Уяан дээр эрвэлзэж дэрвэлзээд

Онгодын минь хүлэг сүсэгтний дүрээр үүрсэнэ

Одоохон явчхаад ирэе хайрт минь

Орчлонгийн оргүй хоосонд ч бид хүрэлцэхгүй алс байлаа ч

Уйтгар гунигаа баяр ерөөл болтол амьдрах хувь төөрөгтэй билээ бидэн

Учиртайхан харцаар нэг л шагнаач намайг

Уянга дуу, эгшиг найргийн чинь охь, бүх насны тань эзэн явая гэх

Ухаан санааны минь гүнээс тэнгэр өөд цоролзон өндийх моддын сүүдэрт хамт хэвтээч

Цас бударсаар, бударсаар, бударсаар

Цайдам хөндийг хучина

Царай зүс тань толигор өнгөлөг гэрэлтэй

Зулайдаа сансар огторгуйг эрхлүүлж

Зулзаган шинэсний залуухан мөчир мэт гунхах чиний

Зураг дүр чинь цээжин гүний минь гуунд завилаатай

Өргөх ёстой дээж минь гэвэл чи

Өгсөж дээш мацах оргил минь чи

Өдөр бүрт залбирах залбирал минь чи

Өргөө гэрийн минь унь багана нь чи

Өргөж асарсан бүхнээ энэрэгч нь чи

Өршөөж соёрхох нигүүлсэнгүй сэтгэлтэн минь ч чи

Өр зүрхний хаалгыг минь нээгч нь ч чи

Бодоогүй бүхэн энэ амьдралд ирдэг

Болзож уулзсан хувь төөрөг минь

Бурханы алдаагүй зурсан зураг гэдэгт би итгэдэг

Ирээдүй биднийг гэрэлт харгуйд урин дуудна

Инээмсэглээд ахин нэг алхахад

Ирмэг цолгиухан цэл залуухан насууд минь даанч гоёхон санагдана

Алдсан байж болно бид

Алдрайхан нас шүү дээ

Уучлал гэдэг хэзээд оройтдоггүй санагдана

Ухаан санаанд минь уужимхан голын шанд бургилна

Тэр голын эхэнд тэргүүндээ гараа духдуулаад

Тэнгэрийн хаяаг саравчлан зогсох

Тэнгэрлэг ариун үзэсгэлэнт минь

Ухааны тань уулын бүсэлхийг нар зөв ороож гуйя!

Болгоогооч амь амьдарлыг минь.

Б.ЛХАМ-ОСОР

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Сайнбаяр: Ашиг сонирхолтой хэдхэн нөхөр хуурамч шатахуун шахаж байгаа нь хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байгаа хэлбэр DNN.mn

Шатахуун хэрэглэгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, инженер Ц.Сайнбаяртай ярилцлаа.

-Өнөөдөр манайд найруулсан шатахуун хэрэглэж байна. Энэ нь хүүхдийн өвчлөл болоод тээврийн хэрэгслийн эд ангиуд эвдрэх үндсэн шалтгаан болсон гэх байр суурийг хүмүүс илэрхийлэх юм. Та мэргэжлийн хүний зүгээс энэ асуудалд ямар байр суурь хэлэх вэ?

-Найруулсан шатахуун маш их хорыг агаарт ялгаруулж байдаг. Найруулах гэдгийг энгийнээр тайлбарлавал, шатахууны агуулахуудад том торхнууд байдаг. Үүнийг та мэдэх байх.

Энэ том савны талаас илүү буюу 70 орчим хувьд нь оргинал дизелийн түлш хийчихдэг. Үлдсэн хувьд нь нафта, керосин зэрэг бүтээгдэхүүнүүдийг нэмээд хольчихдог. Ингээд том торхны ёроолд нь сэнс байдаг бөгөөд тухайн сэнсний оролцоотойгоор хольдог. Холиод л шууд шатахуун түгээх станцын нөөцийн сав руу зөөдөг. Шатахуун түгээх станцын нөөцийн саванд сэнс байхгүй шүү дээ. Хольсон шатахуун хөдөлгөөнгүй удахаараа хүнд нь металл нь дороо тунаад, хөнгөн металл нь дээшээ ялгараад гардаг. Ийм түлш хэрэглэсэн машины апартур хамгийн удаандаа хагас жил болоод л эвдэрдэг. Найруулсан шатахуун хэрэглэсэн машины эд анги ч удаан тэсэхгүй, байсхийгээд л доголдоод эхэлдэг.

Хотын булан тохой бүрд авто засвар бий болоод байгаа нь нэг талаараа найруулсан шатахуунтай холбоотой. Тэд өндөр ашиг орлоготой байгаа болохоор өдрөөс өдөрт өргөжин тэлж, нэмэгдсээр байгаа юм. Манайд хуучин машин түгээмэл орж ирдэг болохоор энэ бүр ч аюултай.

-Найруулсан шатахууны хор уршиг нь ямар шинж тэмдгээр гарч байна вэ?

-Хэдхэн жилийн өмнө замын хажууд талын цахилгааны шонгийн суурь нь тортог цохиод тас хар болчихдог байлаа. Шон ч гэлтгүй хашаа ч тэр харлачихдаг. Энэ нь төрийн өмчийн нийтийн тээврийн автобуснууд хамгийн муу шатахуун хэрэглэдэгтэй шууд холбоотой. Өөрөөр хэлбэл найруулсан, чанаргүй шатахуунаас хүнд металлууд ялгардаг. Энэ хүнд металлаар нь хүүхдүүд амьсгалаад явж байна. Замын хажуугаар алхахад л өмхий үнэртэж, хоолой хорсдог. Энэ нь мөн л шатахуун, түлшний чанартай холбоотой.

-Энэ талаараа бага зэрэг тодруулахгүй юу?

-Агаарыг асар ихээр бохирдуулж байна л даа. Өнөөдөр такси үйлчилгээнд явдаг жижиг оврын автомашинууд керосин хольсон хуурамч шатахууныг аваад хэрэглэж байгаа. Утаа гэхлээр л гэр хороолол руу дайрдаг. Гол аюул нь хуурамч шатахуун хольсон тээврийн хэрэгслээс гарч байгаа утаа шүү дээ. Үүнд хамгийн ихээр хордож байгаа нь бага насны хүүхдүүд. Тэд жилийн дөрвөн улиралд хүнд металлаар утуулаад явж байна. Ийм байхад хүүхэд эрүүл саруул өсөх ямар ч үндэслэл байхгүй. Үндэсний аюулгүй байдлын хүрээнд л яригдах асуудал. Эрүүл мэндэд ч, эдийн засагт ч хор хохиролтой. Хүнд металлаар утуулж яваа хүүхдүүдэд хэдэн жилийн дараа ямар өөрчлөлт гарахыг таах арга байхгүй. Согогтой хүүхдүүдээр хот дүүрэх аюултай. Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх бол тэр хол үлдсэн. Шатахуун найруулдаг асуудал өөр хаана ч байхгүй. Манайд аль, аль шатандаа стандарт мөрддөггүй учраас л хог новшоо ийш нь шахаж байна.

-Та үүнийг ямар баримтад үндэслэж ярьж байна вэ?

-Мэргэжлийн байгуулла гууд нь шалгаад тогтоочихсон асуудал шүү дээ. Шатахуун импортлогч болон үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийхэд лабораторийн шинжилгээгээр хэд хэдэн үзүүлэлт шаардлага хангаагүй дүн мэдээ гарсан. Тухайлбал, зах зээлд буй шатахууны физик, химийн үзүүлэлтүүд давсан, шатахуунд агуулагдах хүхрийн хэмжээ стандарт хэмжээнээс илүү байсан. Энэ зөрчил дутагдалтай холбоотойгоор шатахуун үйлдвэрлэгч хоёр аж ахуйн нэгжид тус бүрд нь 10 сая төгрөгөөр торгуулийн арга хэмжээ авсан шүү дээ. Би санаанаасаа зохиогоод яриад байгаа юм биш. Мэргэжлийн хяналтын байгууллага нь тогтоочихоод байхад л асуудал Үндсэн хуулийн цэц дээр очоод ямар асуудал болсныг та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Агаарын бохирдолтой тэмцэх газраас хүхэрлэг хийн агууламж нэмэгдсэнийг тогтоосон. Энэ нь автомашины шатахуунтай холбоотойг онцолсон шүү дээ.

-Манайд шатахууныг яг ийм технологиор найруулна гэсэн заалт байдаг биз дээ. Манайхан огт мөрдөхгүй явсаар энд ирсэн юм уу?

-Батлагдсан технологи гэдэг нь Монгол Улсын эрх бүхий төрийн байгууллагаас баталж өгсөн технологи байх ёстой. Шатахуун үйлдвэрлэх түүхий эд нь дизель түлшний хувьд керосин байдаг. Цэвэр керосиныг сүүлийн жилүүдэд дотоодын бодит хэрэглээнээс хэт давсан хэмжээгээр импортолсон нь нүдэнд ил байна. Эдгээр нь дизель түлш үйлдвэрлэгдэхэд ашиглагдаж байгаа нь хяналт шалгалтын явцад тогтоогдчихсон. Ийм байхад л хяналт шалгалт хийдэг улс нь таг дуугуй явж байна. Б.Пүрэвдорж тэргүүтэй хэдхэн гишүүд энэ талаар дуу хоолой болж ирсэн ч сүүлдээ чимээгүй болсон. Үүнийг хөндөж байгаа хүн ч алга. Нөгөө талд найруулсан шатахуун хэрэглэсэн жолооч эд хөрөнгөөрөө хохирч байна. Хамгийн харамсалтай нь хүүхдүүдийн эрүүл мэнд. Дээд шатандаа энэ шийдвэрийг эргэж харж, нааштай арга хэмжээ авах байх аа. Яг өнөөдөр бол ашиг сонирхолтой хэдхэн нөхөр лоббидож хууль батлуулаад нийгэмд хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байна шүү. Цаашид ийм байдлаар явж хэрхэвч болохгүй.

О.ДАШНЯМ

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

С.Оргилболд: Таваас дээш хувийн эдийн засгийн өсөлт ярьж байгаа тохиолдолд бүтцийн шинэчлэлээ ярих цаг нь болсон DNN.mn

Эдийн засагч С.Оргилболдтой Монгол Улсын эдийн засгийн өсөлт, өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-Он шувтарч байна. Энэ 2023 оны эдийн засгийн үзүүлэлт ямар байв. Мэдээж тодорхой өсөлт ажиглагдаж байх шиг байна, тийм үү?

– Ирэх оны төсвийг батлаад удаагүй байна. Миний хувьд УИХ Төсвийн тухай хуулиа он гаргаад дахиж харах болов уу гэж бодож байна. Учир нь маш замбараагүй төсөв батлагдсан.

Мэдээж эдийн засгийн нааштай үзүүлэлтүүд харагдсан нь үнэн. Гэхдээ улсын төсвийг батлахдаа эдийн засгийн өсөлттэйгөө илүү сайн уялдуулж өгөх ёстой байсан. Энэ ажлыг маш хариуцлагагүй дутуу хийсэн. Тиймээс бодит өсөлт харагдахгүй гэсэн үг. Угтаа боломж бидэнд байна. Гэвч тэр боломжоо бид ашиглаж чадахгүй байгаа нь харамсалтай. Энэ жилийн тухайд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр харьцангуй өндөр байлаа. Түүнээс гадна маш тогтвортой байж ирлээ. Энэ тогвортой байдал гэхдээ удаан үргэлжилдэггүйг өнгөрсөн хугацаанд бидэнд тодорхой харуулж байгаа шүү дээ. Гэтэл Засгийн газар энэ байдлыг өөдрөгөөр төсөөлж, төсвийн орлого бүрдүүлэлтээ хийсэн нь том алдаа. Он гараад нүүрсний болоод, зэсийн үнэ унах магадлалтай байгааг олон улсын эдийн засгийн судлаачид анхааруулж байна. Учир нь Хятад улсад одоо ч гэсэн цар тахлын нөлөөлөл арилаагүй байна. Эдийн засаг нь амаргүй үеийг туулж байна. Америкийн хувьд улс төрийн нөхцөл байдал тийм ч таатай биш байгаа нь дэлхийн эдийн засагт зарим нэг талаараа сөрөг нөлөө үзүүлэхээр байгаа юм билээ. Тиймээс бидний хувьд өнөө маргаашийн өсөлтөд тулгуурлаж улсын эдийн засгийн бодлогоо гаргах нь дэндүү эрсдэлтэй байлаа. Тиймээс л оны дараа УИХ, Засгийн газар төсөвт тодотгол хийх шаардлага үүсэх байх.

-Засгийн газрын зүгээс Монгол Улсын эдийн засаг энэ онд зургаан хувиар өслөө гэж байгаа. Энэ өсөлт нийгмийн амьдралд хэрхэн нөлөөлөх бол. Иргэдийн амьдралд мэдэгдэж байгаа зүйл ажиглагдах юм уу?

-Эдийн засгийн өсөлт бодитой нэмэгдээгүй. Гэхдээ өмнөх онуудтай хариуцуулахад өсөлт бол явагдаж байгаа.

Энэ оны хувьд 5.2 хувь, ирэх онд 6.5 хувиар өсөх хандлагатай байгаа нь үнэн. Энэ нь БНХАУ-д Монголоос авдаг түүхий эдийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж, Таван толгойн нүүрсний ордуудыг Хятадтай холбосон төмөр замууд ашиглалтад орж, гүний уурхай ажиллаж эхэлсэнтэй холбоотой гэж ойлгож болно.

Аялал жуулчлалын салбар бүрэн сэргэсэн нь ноос ноолууран бүтээгдэхүүн, үйлчилгээний салбарын ажиллагааг сайжруулахад түлхэц болсон. Экспорт, уул уурхай, аялал жуулчлалын салбар өссөөр байвал хэтийн төлөвийг бэхжүүлж магадгүй юм. Гэхдээ дэлхий даяар бодлогын хүү нэмэгдэж, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширч байгаа нь хэтийн төлвийн гол эрсдэл болно. Үүнийг бид маш сайн анхаарч харах хэрэгтэй. Манайд нэг сонин үзэгдэл байдаг. Яг эдийн засаг өсөх бололцоотой үед төсөв нь батлагддаг. Баахан халамж тараадаг. Давхцаад шинэ жил, цагаан сар гээд нийтийн тэмдэглэлт баярын өдрүүд тохиодог. Үүнээс шалтгаалж, эдийн засгийн үргүй зардлууд нэмэгддэг. Ямар ч амьгүй эдийн засгийн урсгал он дамжин явагддаг. Үүнээс болоод өсөх боломжоо бид үргүй зардлаараа таг зогсоочихдог. Дахиад мөнгөний ханш унадаг. Валютын нөөц эрс багасдаг. Үүнээс шалтгаалж эдийн засгийн өсөлт хасах руу тэмүүлдэг. Ийм нэг сонин “чөтгөрийн тойрогт” Монгол Улсын эдийн засаг эргэлдэж байна. Үүнээс гарах хамгийн энгийн шийдэл бол Улсын төсвийг батлахдаа нэгдүгээрт, ямар ч алдагдалгүй батлах. Хоёрдугаарт, халамжийг 2-3 дахин бууруулах шаардлагатай. Нэмээд бодлогын хүүгээ багасгах, мөнгөний бодлогоо зөөлрүүлэх шаардлагатай. Мөн импортын бараа бүтээгдэхүүний урсгалд хязгаарлалт тогтоох, дотоодын үйлдвэрлэлийг эрчимжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл яг эдийн засаг өсөх бололцоотой үед нийтээрээ бүсээ чангалж байх бодлогыг авч хэрэгжүүлэх шаардлагатай юм. Тэгэж чадвал бид энэ тойргоосоо гарч чадна.

-Инфляци хамгийн өндөр түвшинд буюу 16.9 хувьд хүрч байсан. Одоо яг ямар түвшинд байна. Цаашид Засгийн газрын дэвшүүлсэн зорилт болох зургаан хувь руу орох боломж бий юу?

-Энэ онд дэлхийн эдийн засгийн хямралын шалтгаан инфляцийн өндөр өсөлт хэвээр байхаар байна. Монгол Улсын хувьд энэ онд ам.доллараар төлөх зээл, бондын төлбөр өндөр байгаа нь эдийн засгийн ашиггүй нөхцөл байдлыг бүрдүүлж байгаа. Эрчим хүч, ялангуяа нефтийн бүтээгдэхүүний үнэ, хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ, мөн олон улсын тээвэр ложистикийн хүндрэлээс улбаатай үнийн өсөлт нь хэрэглээний үнийн өсөлтөд нөлөөлж байгаа гол эрсдэлүүд юм. Мөн цаг агаар, өвөлжилтийн байдал гэх зэрэг манай орны өөрийн онцлог эрсдэлүүд нь хэдийгээр урьдчилж таамаглахад хүндрэлтэй, тодорхой бус зүйлс боловч инфляцийн төсөөлөлд хүчтэй нөлөөлөх эрсдэлтэй хүчин зүйлс. 2023 онд Монгол Улсад инфляцийн түвшин алгуур буурах хандлагатай байгаа. Яг одоогийн байдлаар инфляци нэг оронтой тоо руу орсон. Өөрөөр хэлбэл 9.4 хувьтай байгааг Монголбанкны мэдээллээс харж болно. Гэхдээ удахгүй баяр болох гэж байна. Тиймээс энэ бууралт дахиад хоёр оронтой тоо руу орох эрсдэлтэй. Ер нь цаашид инфляцийн түвшин алгуур буурах дүр зураг харагдаж байгаа. Мэдээж зургаан хувьд хүрэх эсэх нь Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа бодлого, зохицуулалтаас шууд хамаарна.

-Цаашид ер нь Монголын эдийн засгийн өсөлтийг бодит байдлаар хэрхэн нэмэгдүүлэх боломжтой юм бэ?

-Ирэх 2024 оны төсвийг зарим нь ашигтай баталсан гэж яриад байгаа. Төсөв ашигтай байна гээд бүх зүйл сайхан болж байна гэсэн үг биш. Татварын орлого биелж байгаа. Цаашдаа Хятадын эдийн засгийн өсөлт тооцоолсноос илүү хурдтай саарвал яах вэ гэдгийг бид бодох хэрэгтэй. Хил дээр гацаа саад үүсэх, Хятад Монголоос импортоор авдаг түүхий эдийн хэмжээндээ хязгаарлалт тогтоовол яах вэ. Бид үүнд илүү анхаарч бэлдэх хэрэгтэй. Таваас дээш хувийн эдийн засгийн өсөлт ярьж байгаа тохиолдолд бүтцийн шинэчлэлээ ярих цаг нь болсон. Ийм шинэчлэл хийхгүй бол одоогийн эдийн засгийн өсөлт цаг зуурынх байгаад дахиад л хямралд өртөж мэднэ. Дотоод нөөц боломжоо ашиглан татварын сууриа тэлэх хэрэгтэй байна. Ингэвэл илүү тогтвортой татварын орлого төсөвт бүрдэнэ. Цаг үеийн шинж чанартай төсвийн тэлэлтийн бодлогоо дуусгавар болгон хумиж, эдийн засгийн хэвийн өсөлттэй үеийн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Нөгөөтэйгүүр хөрөнгө оруулалтуудын үр ашгийг дээшлүүлэх нь чухал. Эдгээр хөрөнгө оруулалт нь дандаа Монгол Улсын өрсөлдөх болон шингээх чадварыг сайжруулахад чиглэх учиртай. Төсвийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ эдийн засгийн багтаамж шингээх чадвартай нь уялдуулахгүй бол улирлын шинжтэй эдийн засгийн мөчлөгдөө амждаггүй.Орлого өндөр байгаа үед төсвийн хуримтлалаа хийхгүй бол болохгүй.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Орос Монголын дарга нар шатахуунаар “үерлүүлж” байгаа гэх ч колонкууд нь хоосон хэвээрээ л байна” хэмээн өгүүллээ DNN.m

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Ж. Батсуурь “Нүүрсний сонсголыгсамууруулж, хэргийг өөрсдөөсөө “төөрүүлэх” гэсэн үйлдэл хийгдлээ” хэмээснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсад
авлигын дагнасан шүүх зайлшгүй шаардлагатай гэж Ерөнхий
сайдын хувьд үзэж байна” гэснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Орос Монголын дарга нар шатахуунаар “үерлүүлж” байгаа гэх ч колонкууд нь хоосон хэвээрээ л байна” хэмээн өгүүллээ.

УИХ-ын гишүүд өнгөрсөн дөрвөн жил тойрогтоо хэр
ажилласныг дүгнэнэ

Шатахуун хэрэглэгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн , инженер  Ц.Сайнбаяр “Ашиг сонирхолтой хэдхэн нөхөр хуурамч шатахуун шахаж байгаа нь хорлон сүйтгэх ажиллагаа явуулж
байгаа хэлбэр” гэлээ.

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375, 99130850 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Бямбадэлгэр: Хүүхдийн өвчлөл гэрлийн хурдаар нэмэгдэж байгаа нь найруулсан шатахуунтай холбоотой DNN.mn

Шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн О.Бямбадэлгэртэй ярилцлаа.

– Манайд одоо хэрэглэгдэж байгаа шатахуун болон дизель түлшийг мэргэжлийн болон мэргэжлийн бус хүмүүс янз бүрээр л тайлбарлаж байна. Яг өнөөдөр нийлүүлэгдэж байгаа шатахуун, дизель түлш стандартын шаардлага хангаж байна уу?

– Стандартын шаардлага хангадаггүй.

Үүний гол агуулга нь Монгол Улсын стандартуудыг зөрчиж байгаа юм. Бүтээгдэхүүн зах зээлд гарахад чанарын сертификат байдаг. Тэгвэл манайд хэрэглэгдэж байгаа шатахуун гарал үүслийн бичиг байхгүй л гэсэн үг. Өнөөдөр Дэлхий нийт евро5 шатахуун руу шилжих гэж байна. Евро5 шатахууны ялгаруулдаг PPM буюу агаар бохирдуулагч хүхэрлэг хийн хэмжээ нь 50 РРМ байдаг.

Өнөөдөр Монгол Улсын импортолж буй евро2 стандартын АИ 92-оос гарч буй РРМ-ын хэмжээ нь 450-600 РРМ. Харин яг одоо керосин болон нафта найруулаад зах зээлд нийлүүлж буй шатахуун болон дизель түлшнээс 4,800-6,700 РРМ гарч байгаа. Европын холбооны улс орнууд өнөөдөр 50 РРМ-ыг аюултай гэж үзээд 2040 оноос дизель тэрэг явуулахыг хориглож байна. Гэтэл өнөөдөр бид 6,000- 7,000 PPM буюу хүхэрлэг хийгээр амьсгалаад явж байна. Энэ бол маш аюултай үзэгдэл.

Манайхаас өөр аль ч улс оронд ийм хортой үзэгдэл байхгүй. Хамгийн аюултай нь хүүхдийн биед асар хортой. Учир нь тээврийн хэрэгслийн яндангаас ялгарч буй хүнд метал нэг метрээс дээшээ дэгддэггүй. Өөрөөр хэлбэл яндангаас ялгарсан утаа газрын гадаргаас дээш нэг метрийн зайд оршиж байна гэсэн үг. Энэ нь бага насны хүүхдийг хордуулж байгаа юм. Та бүхэн Эрүүл мэндийн яамнаас гаргасан хүүхдийн өвчлөлийн тоон үзүүлэлтийг хараарай. 2012 оноос хойш хэд дахин нэмэгдсэн байгаа. Учир нь 2012 оноос хойш хольсон буюу хуурамч шатахуун хэрэглээд явж ирсэн.

Үр дүнд нь хүүхдийн өвчлөл, хорт хавдрын тоон үзүүлэлт гэрлийн хурдаар нэмэгдэж байна. Үүнд анхаарч байгаа хүн бараг алга. Хуурамч шатахууны бизнес ядуу буурай, хуучин машин ихтэй, авлигаар асуудлаа шийддэг улсад цэцэглэдэг.

– Энэ талаарх иргэдийн ойлголт сул байх шиг.

– Иргэд 300 литр дизель түлш дээр 700 литр керосин найруулаад дизель түлш гаргаж авдаг. А80 шатахуун дээр актав нэмээд А-92 гаргадаг юм байна гэж ойлгоод байх шиг. Энэ нь буруу. Нефтийн нэмэлт бүтээгдэхүүн буюу керосин, нафта.

Керосин бол дизель түлшинд ордог, завсрын бүтээгдэхүүн. Дизель түлш болоогүй, шингэрүүлсэн хэлбэр нь гэсэн үг. Харин нафта бол шатахуун болоогүй шингэрүүлсэн хэлбэр гэж ойлгож болно. Энгийнээр тайлбарлахад ийм.

– Энэ талаарх иргэдийн ойлголт сул байх шиг.

– Иргэд 300 литр дизель түлш дээр 700 литр керосин найруулаад дизель түлш гаргаж авдаг. А80 шатахуун дээр актав нэмээд А-92 гаргадаг юм байна гэж ойлгоод байх шиг. Энэ нь буруу. Нефтийн нэмэлт бүтээгдэхүүн буюу керосин, нафта. Керосин бол дизель түлшинд ордог, завсрын бүтээгдэхүүн. Дизель түлш болоогүй, шингэрүүлсэн хэлбэр нь гэсэн үг. Харин нафта бол шатахуун болоогүй шингэрүүлсэн хэлбэр гэж ойлгож болно. Энгийнээр тайлбарлахад ийм.

– Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрт энэ нь хор хөнөөлтэй юу?

– Чанар стандартын шаардлага хангахгүй хольж найруулсан бүтээгдэхүүнийг авто машинд хийхээр эвдрэл гэмтэл их гарна. Яагаад гэвэл оруулж ирсэн бүтээгдэхүүнээ хооронд нь нийлүүлээд миксерддэг учраас маш өндөр шаталттай, ууршилт ихтэй. Авто машины мотор маш цэвэрхэн байх ёстой. Тэр дотор тос, агаар. шатахуун эсвэл орж шатаад, уур, утаа болоод гарах ёстой.

Гэтэл нефтийн туслах бүтээгдэхүүнээр хийсэн түлш юм уу, шатахуун хэрэглэхээр моторт тортог ихээр үүсдэг. Үүнээс болж, мотор доголдоно, очлуураа хаяхаа болино. Хоёрдугаарт, машины апартурыг хог болгодог. Үүнийг би л яриад байгаа юм биш. Та “Таван толгой”-д явдаг том оврын тээврийн хэрэгслийн жолооч нараас асуухад үүнийг хэлнэ. Тэд том машин эд ангиудаа сард л 2-3 удаа сольж байгаа талаараа хэлнэ. Энэ нь эдийн засгийн асар их хор хохирол дагуулдаг.

– Улсаас зах зээлд борлуулагдаж байгаа шатахуун, дизель түлшинд хяналт тавьдаггүй юм уу?

– Монголд энэ төрлийн бүтээгдэхүүний чанар, стандартад шалгалт хийдэг байгууллага алга. Мэргэжлийн хяналт ШТС-ын шатахуун шахаж байгаа хоолой, агуулах гэх мэт техникийн үзүүлэлтэд хяналт тавьдаг байсан. Энэ байгууллага татан буугдаад салбар яамд руугаа шингэчихлээ.

Стандарт хэмжил зүйн газар бол шахуургын насос нь 20 литр шахаж байна уу, 21 литр шахаж байна уу гэдэг дээр л хяналт тавьдаг. Ашигт малтмал газрын тосны газар нөөц тодорхойлдог, яам бодлого хэрэгжүүлдэг, ШӨХТГ газар Хэрэглэгчдийн тухай хуулиараа л явдаг. Ингээд харахад тухайн бүтээгдэхүүн дээр хяналт тавьдаг байгууллага алга.

Манай холбоо бол бүтээгдэхүүний чанар стандартыг л ярьж шаардлага тавьдаг. Монгол Улсад MNS:2016, MNS:2017 гэдэг хоёр стандарт байдаг. Энэ стандартад нийцсэн бүтээгдэхүүн л оруулж ирэх, борлуулах ёстой.

– Стандарт бус шатахуун зарагдаж байгааг та онцолж байна. Нийслэлд хэд хэдэн удаагийн давтамжтайгаар эвгүй үнэр гарах боллоо. Энэ нь найруулсан шатахуунтай холбоотой юу?

– Үүнийг баримт судалгаагүйгээр шууд хэлэх боломжгүй л дээ. Ерөнхийдөө шатахууны найрлагаар нь бодоод үзэхэд тийм үнэр гарах үндэслэл байхгүй. Хэрэв шатахуунаас тухайн үнэр гарч байгаа бол өдөр бүр, цаг тутам л сэнгэнэнэ.

Үе үе давтамжтайгаар үнэртэнэ гэдэг нь өөр шалтгаантайг харуулж байна. Харин найруулсан хуурамч шатахууны нөлөөгөөр мянга, мянган хүүхэд хүнд металлд хордож өвчинд шаналж байгаа нь үнэн. Үүний баталгаа нь эмнэлгээр дүүрэн байгаа нялх хүүхдүүд.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

П.Батчимэг: МАН өнгөрсөн найман жилд өрийг 9 тэрбумд хүргэснээс өөрөөр өр дарсан зүйлгүй DNN.mn

Ардчилсан намын Дэд дарга П.Батчимэгтэй ярилцлаа.


Ажилгүйдэл, ядуурал гаарч, иргэдийн цалин орлого хүрэлцэхгүй улсын эдийн засаг гацаанд байна. Төрийн дарамт, өрийн дарамт хэнийг ч ялгахгүй байна шүү дээ.


– “Өрийн дарамтгүй Монголын төлөө” Үндэсний хөдөлгөөнийг Ардчилсан намын дэд дарга нар түүчээлж байна. Таны Дорнодод ажиллах үедээ хэлсэн үг олны анхаарлыг нэлээд татсан. Үндэсний хөдөлгөөний явц ямархуу байна вэ?

– “Өрийн дарамтгүй Монголын төлөө” Үндэсний хөдөлгөөн иргэдий н дэмжлэгийг ихэд татаж байна. Өргүй өрх, хүн, аж ахуйн нэгж алга.

Бүгд санаа зовж, шийдэл хайж байгаа. Гэтэл эрх баригчид орлого олох том том төсөл хэрэгжүүлж, өрийг орлогоор дарахын оронд өрийг өрөөр дарчихаад, бид эдний тавьсан өрийг дарсан гэж тархи угаахыг чармайж байна. Үнэндээ 2016 онд 4 тэрбум орчим байсан Засгийн газрын өрийн хэмжээ сүүлийн долоон жилд 9 тэрбум болж өссөн. Хаана ямар өр дарагдсан юм бэ? Асуумаар байна. Дараад байхад өсөөд байдаг өр гэж юу байх вэ? Эрх баригчдын дунд өрийн дарамт үүсээд байгаад анхаарч, ач холбогдол өгч байгаа ганц ч хүн алга. Хоосон яриа л явах юм. Монголын өрийг анхаарч байгаа нэг улс төрч МАН-д байна уу. Та хэл дээ. Өрийн дарамт алсуураа эдийн засгийг сулруулж, үндэсний аюулгүй байдалд заналхийлж, тусгаар тогтнолыг ганхуулдаг маш эрсдэлтэй хүчин зүйл шүү. Шриланка, Тажикстан улсууд гадаад өрийн дарамтад орж газар нутгаа, боомтоо алдсан бэлэн жишээ ч бий.

Хоёрдугаарт, Ардчилсан нам төрийн дарамтаас иргэдээ чөлөөлж, өрийн дарамтаас улсаа гаргах асуудалд нухацтай анхаарал тавьж, дараагийн гарц гаргалгаа тооцоо, судалгаагаа гаргачихсан. Бид шийднэ. Өрийг орлогоор, бүр маш их хэмжээний экспортын орлогоор л дардаг. Том төслүүд өрнүүлж, олон ажлын байр бий болгож иргэдийг ахуйн өрнөөс гаргадаг. Бидэнд төслүүд бий. Ард түмэн бидэнд эрх өгсөн өдрөөс хэрэгжүүлж эхлэх тооцоо судалгаатай, хөрөнгө оруулалтын эх үүсвэр тодорхой төслүүд олон байна.

Сангийн сайд Б.Жавхлан илт худал мэдээлэл өгдөг. Тэр Монголын нийт өр ДНБ-ий 44 хувийг эзэлж байгаа гэсэн. Гэтэл НҮБ-аас танай өр ДНБ-ийхээ 72 хувьд хүрчихлээ, аюулын дохио өгч байна гээд мэдэгдчихсэн. Монголын эдийн засгийн тусгаар тогтнол эрсдэлт нөхцөлд орсныг энэ тооноос ойлгож болно.

– Ардчилсан нам л өр тавьсан гэж МАН-ынхан тоть шиг давтдагт үнэний ор бий юу?

– Эхлээд өр, зээл хоёроо ялгадаг болмоор байна, МАН. Бид том төслүүд эхлүүлэх гэж, ажлын байрыг мянга мянгаар нь гаргах гэж зээл авсан. Зээл бол зах зээлийн нийгэмд эдийн засгийг хөдөлгөдөг гол хүчин зүйлийн нэг. Гэтэл 2016 он хүртэл хэвийн хэрэгжүүлж байсан төслүүдийг гацааж, хэвийн төлөгдөж явсан зээлийг зогсоогоод “өр” болгосон нь МАН. Зээл төлөгдөхгүй бол өр болдог. Өөрсдөө өр болгочихоод “Энэ миний тавьсан өр биш, тэдний өр” гэх бол адаглаад ёс зүйгүй үйлдэл шүү. Чиний миний авсан зээл гэж байхгүй, монгол улсын авсан зээл л гэж байдаг. Зээлийг өр болгож муутгах ёсгүй байсан. Эдийн засгийг удирдах чадвар, гол нь сэтгэл дутсанаас л өр болчихсон.

Хоёрдугаарт, бид хэн нэгнийг буруутгах, яллах гээгүй, алдаа оноогоо ярьж байгаа. Өрийн дарамтгүй Монгол болчихвол нийтээрээ л хожно.

2016 оны сонгуулийн дараа Монгол Улс 4.8 тэрбум ам.долларын зээлтэй байсан. ҮСГ, Сангийн яамны сайтаас энэ тоог харчихаж болно. Өнгөрсөн долоон жилд 4.8 тэрбум ам.долларын зээлийг төлөхгүй удсаар өр болгоод, өнөөдөр 9.5 тэрбум ам.долларын өртэй гээд сууж байгаа.

Одоо манай улсын нэг хүнд ноогдох өр 33 сая төгрөг болсон. 2016 оноос хойш төрийн бүх эрхийг дангаар атгаж байгаа МАН гадаад өрийг улам нэмсэн. Төгрөгийн ханшийг навс сулруулсан. Инфляциа барьж чадахгүй алдчихсан. Цалингийн нэмэгдэл чинь инфляцид идэгдээд ямар ч нөлөө байхгүй болчихлоо. МАН орлогоо өсгөх бодлогын шийдэл, өөрчлөлт гаргаагүй байж Ардчилсан нам руу бүх буруугаа чихэх гэж уйлагнах нь инээдтэй байна.

Та өрийн дарамтаас гаргах бодлого, шийдлээ Ардчилсан нам боловсруулчихсан гэлээ. Энэ талаар тодорхой ярихгүй юу?

-Ирэх сонгуулийн мөрийн хөтөлбөрт тодорхой тусгагдаад олны хүртээл болох байх. Одоо дэлгэж болох зарим нэг санааг хэлье. Төсвийн зардал хэт өндөр, зарцуулалт нь хяналтгүй, үрэлгэн байна. Төсвийг байнга тэлэх бодлого явуулж байгаа нь улсын эдийн засгийг сульдааж байгаа гол хүчин зүйл юм. Төсөв үр дүнтэй, арвич, хямгач байх ёстой. Төрийн мөнгө гэж байхгүй, татвар төлөгчдийн л мөнгө гэдгийг хатуу ойлгож хөшөө гэх мэт зүйлст төсвийг зарцуулах ёсгүй.

Есөн шидийн санг үүсгээд зориулалт бусаар ашигладаг жишиг тогтлоо. Бүгд ЖДҮХС-гийн хэргийг санаж байгаа. Монголын хөгжлийн төлөө биш өөрсдийн хэрэглээнд тохируулсан сангуудыг МАН бий болгож, цөлмөдөг хэв маяг тогтчихлоо шүү дээ. Төсвийн алдагдал уламжлал боллоо. Жилээс жилд төсвийн алдагдал нэмэгдэж, төлөөсөнд нь төгрөгийн ханш суларч, иргэд амьдралаараа төлж байна. Тиймээс төсвийн зардлыг бууруулах хэрэгтэй. Ингэж байж Монголбанкны бодлогын хүү буурна. Зах зээлийн цусны эргэлт болох мөнгөний эргэлт чөлөөтэй болно. Энэ нь иргэдийн худалдан авах чадварыг дээшлүүлнэ. Өнөөдөр иргэд дунджаар жилийн 30 орчим хувийн хүүтэй зээл авч байгаа. Тэр зээлийн хүү эрс буурна. Урдах төлбөрүүдээ хийгээгүй байхад нэмж бонд гаргадаг байдлыг таслан зогсоох хэрэгтэй.

Татварын бодлогыг оновчлох шаардлагатай болчихож. Тэнцвэргүй, шударга бус татварын тогтолцоо компаниудыг нэрлэж, бизнес эрхлэх урам зоригийг мохоож байна. Тэр нь иргэдийн цалингийн өсөлтийг ч боомилж байгаа юм. 2020 онд намайг Дорнодод нэр дэвшиж байхад иргэд хүнд байсан. Тэгвэл өнөөдөр бүр хүнд байдалд орчихож. Хот хөдөөгүй иргэд өрөөс өр, зээлээс зээлийн хооронд өл залгаж байна.

-Та төсөв бүрдүүлдэг татвар төлөөлөгчийнхөө хувьд өнөөдрийн бизнесийн орчны талаар нэг өгүүлбэрээр дүгнэлтээ хэлж өгөх үү?

-Нийт иргэдийн худалдан авах чадвар муу байгаа учраас эдийн засаг алсуураа ганхаж байна. Төрийн дарамт, өрийн дарамт хэнийг ч ялгахгүй байна шүү дээ.

Б.ДОРЖ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Жагсаалын цаад эзэд хэн бэ? DNN.mn

Улс төр намраас хойш бужигнаантай байгаа. Сонгууль дөхөөд бүр ч илүү эрчимжих нь тодорхой. Үнийн өсөлт, шатахуун түлшний хомсдол, нүүрсний хулгай, ногоон автобусны луйвар гээд ард түмний уур хилэнг оволзуулах асуудал мундахгүй олон байна.

Ийм үед иргэдийг өдөөн турхирч, нийт массыг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулахад хамгийн тохиромжтой цаг. Үүнийг захын улстөрч, нам эвслүүд гаргаахгүй. Тиймээс сүүлийн үед нийгмийг хамарсан томоохон хэмжээний жагсаал идэвхжих хандлагатай байна. Тэр бүгдийн цаана хэн, ямар зорилгоор нийгмийг өдөөн турхирч байна вэ гэдгийг ард түмэн сайтар тунгааж, хэрсүү хандах хэрэгтэй болжээ. Хамгийн сүүлд гэхэд үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар арванхоёрдугаар сарын 2-нд “Мартаж үл болно” уриатай жагсаал хийнэ гэж мэдэгдэнэ лээ.

Аливаа жагсаал цуглаан ардаа дандаа ямар нэгэн эрх ашиг агуулж байдаг. Нийгмийн анхаарлыг жагсаал руу фокуслаж байгаад ар хударгаар нь элдэв хууль баталдаг технологи монголын улс төрд нутагшчихсан. Тэр агуулгаараа ирэх сарын 2-нд төлөвлөгдсөн жагсаалыг эрх баригч нам санхүүжүүлж байгаа гэж улс төрийн хүрээнийхэн ярьцааж байна. Учир нь ноднин хавар олон өдөр үргэлжилсэн “Ажлаа хий” уриатай залуусын жагсаалтай өнгө ижил байгааг улс төр судлаачид хэдийнэ анзаарчихжээ.

Улмаар төрийн хулгайчдаас хариуцлага нэхэж, тэднийг мартаж болохгүй гэсэн уриатай үнэн ба зөв намын энэ удаагийн жагсаалын цаана хэд хэдэн хуулийн төсөл орж ирнэ гэсэн таамгийг дэвшүүлж байв. Тухайлбал, Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг тун удахгүй хэлэлцүүлэхээр бэлэн болгосон тухай мэдээлэл төрийн ордны “Тамхины цэг”-ээс сонсогдов.

Ирэх арванхоёрдугаар сарын 9-нд олон улсын авлигын эсрэг өдөр тохионо. Маргааш нь дэлхий дахинд тунхагласан хүний эрхийн өдөр болдог. Эдгээр өдрүүдэд нийгмийг хамарсан томоохон хэмжээний жагсаал цуглаан болно гэсэн шум бас бий. Яагаад гэвэл МАН төрд гарснаас хойш хүний эрх ноцтой зөрчигдөх болсон талаар иргэний нийгмийн болон олон улсын байгууллагууд, ялангуяа сөрөг хүчин байнга сануулж байгаа. Дээрээс нь “Авлига, албан тушаалын хэргийн дагнасан шүүх байгуулбал тогтолцооны гажуудал үүсч, шууд төрийн дарангуйлал тогтоохыг санаархаж байна” гэдэг байр суурийг Ардчилсан намаас гадна хуулийн салбарынхан хүчтэй илэрхийлж байгаа харагдсан. Энэ өнцгөөс харвал арванхоёрдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд жагсагчид гарч ирэх бэлтгэлээ базааж байгаа нь үнэн бололтой. Эрх баригчид энэ байдлыг мэдэхийн дээдээр мэдэж байгаа.

Тиймээс урьдчилан сэргийлэх вакцин нь “мартаж үл болно” жагсаал байхыг ч үгүйсгэхгүй. Сөрөг хүчний хувьд энэ жагсаалыг дэмжихгүй нь тодорхой. харин тэд нийгмийн уур амьсгалыг харж байгаад улс төрийн акци өрнүүлэх төлөвлөгөөтэй байгаа байх. нөгөө талд мАн доторх үл ойлголцол, гадуурхагдсан г ишүүдийн бухимдал Сүхбаатарын талбайд тэсрэх сураг бий. Л.Оюун-Эрдэнэ авлига албан тушаалын гэмт хэрэг, төрийн том, том хулгайтай нам харгалзахгүй хатуу тооцоо бодож эхэлсэн. Нэрсийг нь ил тод болгож, дахиж мАнаас төрд оруулахгүй гэдгээ ч зарласан, мань эр. Нэгэнт намаасаа парламентад нэр дэвших гордилого нь тасарсан нэр бүхий гишүүд ирэх сонгууль хүртэл энд тэнд элдэв жагсаал цуглаан зохион байгуулж, Л.Оюун-Эрдэнийн засгийн газрыг унагахаар иргэний хөдөлгөөнүүдэд захиалгаа өгөөд эхэлсэн гэх мэдээлэл байна.

 

М.МӨНХ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Баярмандал: Шатахуун хадгалах сав хүрэлцээгүй учраас олон сараар нөөцөлж чадахгүй байна DNN.mn

АИ-92, дизель түлш хомсодсон, орон нутагт тасарсан талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдэж буй. Тиймээс үүнтэй холбоотойгоор Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандалаас тодруулга авлаа.


-Орон нутагт ч, хотод ч түлш тасраад байна. Үүнд ямар арга хэмжээ авч байна вэ?

-ОХУ-ын дотоод байдалтай холбоотойгоор тодорхой хугацаанд тасалдал үүссэн. 20-иод хоногийн хугацаанд Монгол Улсад ганц ч литр тос орж ирээгүй. Үүний дараа манай хоригийг цуцлаад ачуулж байна. Гэхдээ жигдрэл үүсэхгүй байна. Жишээ нь, нэг өдөр бензин, дараагийн өдөр нь дизель орж ирээд ч гэдэг юм уу тогтвортой байхгүй байна.

Хадгалах сав хүндхэн байгаа учраас олон сараар нь нөөцөлж авч чадахгүй байна. Мөн дотоодын тээврийн асуудал ч их байна. Монголын болоод ОХУ-ын төмөр зам нэлээд ачаалалтай байна.

-Байдал хэзээ хэвийн болох вэ?

-Толгойт, Рашаант зэрэг бөөний станцуудад манайх байнгын шалгалт, хэмжилт хийж байна. Хэдэн вагон орж ирж байна. Хэдэн агуулахад хэдэн тонны үлдэгдэлтэй байна зэргийг хянаж байгаа. Бөөний хувьд ямар нэгэн асуудалгүй.

Гайгүй болсон. Агуулахаасаа эхлээд шатахуун түгээх станц хүртэлх компаниуд өөрсдөө хариуцаж тараадаг. Үүнд тодорхой хэмжээний доголдол үүсч байна. Жишээ нь, жижиг компаниуд өөрсдийн агуулах савгүй учраас том компаниудын агуулахыг түрээсэлдэг. Мөн гэрээгээр агуулахад нь шатахуун нөөцөлдөг газрууд байна.

Хотын төвийн станцуудын тухайд, том оврын машиныг өдөр явуулдаггүй. Тиймээс орой болохыг хүлээж байгаад цэнэглэдэг зэргээр ложистикийн жижиг асуудлууд байна.

-ОХУ-ын Засгийн газраас хязгаарлах шийдвэрийг есдүгээр сарын 21-нд гаргасан. Энэ хугацаанд яагаад арга хэмжээ авсангүй вэ гэх олон нийтийн шүүмжлэл байна л даа?

-Тухайн үед баруун болон зүүн хилээр шатахуун орж ирээгүй. Арваннэгдүгээр сарын 13-наас Боршоо боомтоор, арваннэгдүгээр сарын 15-наас Цагааннуур боомтоор түлш орж ирлээ. Харин аравдугаар сарын дунд үеэс Эрээнцавын боомтоор түлш орж ирсэн. Энэ хүртэлх хугацаанд шатахууныг дандаа Улаанбаатар хотоос татаж байсан. Тиймээс тодорхой хэмжээний хүндрэл үүссэн.

Бид хойд, урд мөн бүх түвшинд ажиллаж байна. Аж ахуйн бүх захирлууд өнөөдөр (өчигдөр) уул уурхайн яаман дээр уулзаж ярилцлаа. Бүх талдаа ажиллаж байна. Гэхдээ Монгол Улс дотооддоо газрын тосны үйлдвэртэй болохоос нааш санаа амрах асуудал биш. Тэр дундаа дайн болно гэж бид төлөвлөөгүй л байсан.

-Шатахууны хомсдолоос болж уул уурхайн компаниудад ямар нэгэн хүндрэл үүсч байна уу. Тээвэрлэлт тасалдаж байна гэх мэдээлэл явах юм?

-Байхгүй. Уул уурхайн компаниудын ихэнх нь гэрээтээр явдаг. Гэрээт компаниуддаа хамгийн түрүүнд өгч байна. Өөрсдөө хариуцлагатай байж хангамжийн компаниудтайгаа гэрээгээ хийчихвэл асуудал байхгүй.

-Шатахууны хомсдолоос үүдэж хот хоорондын ачаа тээвэрлэлт мөн л саатаж байна. Үүнд чиглэсэн ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Цас зудын хүндрэлтэй холбоотой шатахууны асуудлыг УОК-оос тодруулаарай. Ямартаа ч баруун, зүүн хилээр орж ирж байгаа шатахууныг УОК-т өгч байгаа.

-Баруун хилээр хэдэн хоногийн нөөц орж ирж байгаа вэ?

-Хадгалдаг юм биш. Ороод таарагдаж байгаа. Гагцхүү тасалдахгүй орж ирж байна.

-Тасалдвал яах вэ. Цаашид тасалдахгүй юу?

-Манайхыг шатахуунаар хангаж байгаа улс тасалдахгүй гэж хэлсэн.

-ОХУ-тай ямар хэмжээний ойлголцолд хүрчихвэл шатахуун хомсдож байгаа энэ байдал сайжрахаар байна вэ?

-Ойлголцсоны үндсэн дээр тасрахгүй явж байна. Дэлхийн олон оронд хориг тавьсан хэрнээ манай улсыг хоригоос гаргаж шатахуун өгч байна шүү дээ. ОХУ-д дотоодын хэрэглээгээ хангах шаардлага үүсч байна. Квоттой байдаг юм билээ. Мөн дотооддоо өөр хэрэглээтэй болчихоод байгаа шүү дээ. Тиймээс хаа хаанаа зовлон байна. ОХУ-аас гэрээлсэн хэмжээгээрээ өгнө гэсэн.

-БНХАУ-аас Монголын аж ахуйн нэгжүүд шатахуун авч байгаа гэж ойлгосон?

-Гадаад харилцааны яамаар дамжуулж хүсэлт тавьсан. Гэрээгээ хийж, мөнгөө төлсөн. БНХАУ квотын системтэй. Тиймээс төмөр замын квоттойгоо тохирдог юм билээ.

-БНХАУ-аас сард хэр хэмжээтэй шатахуун авч байгаа вэ?

-Аж ахуйн нэгжүүд гэрээ хийж авч байгаа.

-БНХАУ-аас авах шатахууны хэмжээг нэмэх талаар яриа хэлэлцээр хийгдэж байгаа юу?

-Одоогоор долоон мянган тонн шатахуун БНХАУ-аас орж ирсэн байна. Дараагийн тээвэрлэлт үргэлжлээд явж байна. БНХАУ-ын хувьд манай хэрэглээ жаахан шүү дээ. Сарын 100 мянган тонныг авъя гэхэд дэндүү бага байна гэсэн. Тэгэхдээ хүнд нөхцөл байдал үүссэн гээд манайд өгч байгаа. БНХАУ бол хэдэн сая тонноор ярьдаг улс.

Р.ХИШИГЖАРГАЛ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Мөнх-Эрдэнэ: Багтай зэвсэглэсэн хүмүүс намайг нүцгэлж гүйлгэн, цахилгаан бороохойгоор цохих зэргээр эрүүдэн шүүсэн DNN.mn

Консул асан Д.Мөнх- Эрдэнийг Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь ШШГЕГ- ын харьяа 413 дугаар ангиас Улаанбаатар хот дахь 441 дүгээр ангид энэ сарын эхээр шилжүүлсэн. Түүнийг хорих 413 дугаар

ангид байх үед өнгөрсөн сард ШШГЕГ-ын Тусгай ажиллагааны газрын алба хаагчид зэвсэглэн хорих ангид ажиллагаа явуулсан байдаг. Энэ үеэр Д.Мөнх- Эрдэнийн эрхэд ноцтой халдсан талаар мэдээлэл гарсан ч  ХЭҮК хорих ангид ажиллаад “Хууль бус үйлдэл гараагүй” гэх утгатай мэдээллийг олон нийтэд мэдэгдсэн юм.

Тэгвэл Д.Мөнх-Эрдэнэ тухайн өдөр юу болсон талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд гомдол гаргажээ. Түүний гомдлыг сийрүүлбэл,

“441 дүгээр нээлттэй хорих ангийн захиргаагаар дамжуулан ЦЕГ-ын мөрдөн байцаах албанд гомдол гаргах нь:

Монгол Улсын иргэн Даваагийн Мөнх-Эрдэнэ миний бие анх удаа нээлттэй энгийн зэрэглэлд 413 дугаар хорих ангид биеэр ял эдэлж байсан. Гэтэл хууль бусаар давхар шийтгэл оногдуулж 2023 оны аравдугаар сарын 12-ны өдөр ШШГЕГ- ын тэргүүн дэд дарга ял эдлүүлэх албаны дарга Б.Нандинболор, албаны дарга А.Намсаманд нарын зохион байгуулснаар 413 дугаар хорих ангийн дарга А.Батхуяг, дэд дарга Э.Ууганбаяр нарын хамт улаан малгайтай үл таних хүнээр ахлуулсан нүүрэндээ багтай, буу барьсан, бүрэн зэвсэглэсэн бүлэг хүмүүс 14:00-17:00 цагийн хооронд (бичлэг нь энэ цагт ангийн камерт хадгалагдсан байх ёстой) орж ирсэн. Миний гарыг шилэн хүзүүнд минь авахуулж, явган суулган, доош харуулан шал ширтүүлж, шалдалж гүйлгэн хараалын ёс бус үгээр гутаан доромжилж, цахилгаан бороохойгоор цохиж зодон эрүүдэн шүүж миний эрүүл мэндэд ноцтой гэмтэл учрууллаа

Мөн эдгээр Б.Нандинболор, А.Намсаманд, А.Батхуяг, Э.Ууганбаяр нарын нөхдүүд намайг ар гэрийнхэнтэйгээ хуулийн дагуу цахим уулзалт хийх үеэр тагнаж чагнан, CD-нд хадгалах ёстой гэж зохион байгуулалттайгаар, хулгайн замаар Монголын шоронгийн түүхэнд цахим уулзалт хийсэн. Ингээд урьд өмнө нь бичиж байгаагүй зөрчлийн актыг анх удаа надад бичиж миний эрх зүйн байдлыг дордуулан Үндсэн хуулиар олгогдсон Монгол Улсын иргэн миний эрхэд халдсанд гомдолтой байна!

Иймд эдгээр дөрвөн нөхөр хэний захиалгаар намайг хорлож яргалж, эрх зүйн байдлыг минь дордуулаад байгааг олж тогтоон захиалагчийн хамтаар хуулийн хариуцлага хүлээлгэхийг хүсч байна. Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл 2.2, 2.3, 2.4, Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлд зааснаар тус тус яллаж өгөхийг хүсье.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тусгай ажиллагааны газар нь үймээн самуун, зэвсэгт мөргөлдөөн гарсан үед л ШШГЕГ-ын даргын тушаал, прокурорын хяналтад хөдөлгөөн үйлдэх үүрэгтэй байдаг. Мөрөөрөө ямар нэгэн зөрчил дутагдалгүй ял эдэлж байгаа хоригдлуудыг албан тушаал, эрх мэдлээ хууль бусаар ашиглаж яргалсан нь маш ноцтой үйлдэл болсон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага бол хорих ял эдэлж байгаа хоригдлуудад засрал хүмүүжил олгож, сургаж хүмүүжүүлж нийгэмшүүлэх чухал байгууллага. Хүчирхийллээс хүчирхийлэгч төрдөг гэдэг. Гэтэл ийм яргачид ШШГЕГ-ын удирдах чухал албанд байгаа цагт шоронгоос суллагдаж байгаа хоригдлууд дахин гэмт хэрэг, хүчирхийлэл үйлдэхгүй гэх баталгаа байхгүй байна. Сурган хүмүүжүүлж, засрал хүмүүжил даруулга олгох ёстой гол албан хаагчид нь дарамтлаад яргалаад хүчирхийлээд байвал хүчирхийлэгч яргачид бий болсоор л байна.

Саяхан шоронгоос суллагдсан хоёр хоригдлын нэг нь 413 дугаар хорих ангиас суллагдсан. Дахин ноцтойгоор найман настай хүүхэд хүчирхийлж онц хэрцгийгээр хөнөөж, нөгөө нь Дорноговь аймагт 12 настай хүүхэд хүчирхийлэн хөнөөж нийгмийг цочроосон. Тэр хоёр хоригдолд засрал хүмүүжил олгож чадаагүй байгаа нь ШШГБ-д төрийн нэр цол гутаасан Б.Нандинболор, А.Намсаманд, А.Батхуяг, Э.Ууганбаяр нар шиг нөхдүүд байгаатай холбоотой гэж үзэж байна. Иймд эдгээр нөхдийг шударгаар шалган хариуцлага хүлээлгэж өгөхийг хүсье.

Жич: Эдгээр дөрвөн нөхрийн өмнө нь үйлдэж байсан ёс зүйгүй хууль бус бузар үйлдлүүдийг нь мэдүүлгээр мэдүүлэх болно.

Гомдол гаргасан: Монгол Улсын иргэн Д.Мөнх-Эрдэнэ. 2023 оны арваннэгдүгээр сарын 20 Улаанбаатар хот” гэжээ.

Энэ асуудалтай холбогдуулан Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Баянжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.


-Тусгай ажиллагааны газрын албан хаагчид Д.Мөнх-Эрдэнийн хорих ангид ажиллагаа явуулах үеэр эрүүл мэндэд нь ноцтой хохирол учирсан гэсэн байна. Энэ талаар тодруулж өгөхгүй юү?

-Энэ асуудал өнөөдөр үүсээгүй. Тусгайгийнхан очиж тамлан яргалсантай холбоотой. Цахилгаан бороохойгоор цохиулсан. Галуун цуваар явуулж, гарыг нь ар шилэнд салаавчлуулан 3-4 цаг явган суулгаж, тэр чигт нь дагзнаас нь шал руу хавсарч цохьсон байдаг. Энэ үйл явдлыг яг болж байх үед өмгөөлөгч Р.Булгамаа очиж таарсан. Хуулийн байгууллага яаж хүний эрхэнд ноцтойгоор халдаж байгааг хуульч хүн өөрийн нүдээр харсан.

Энэ явдлаас болж нөхрийн маань даралт нь ихэсч, бөөр нь үрэвссэн. Хорих ангийн эмч Д.Мөнх-Эрдэнийг “Эмнэлэгт хэвт” гэхэд манай хүн “За яахав ингэсгээд хэвэндээ орчих байх” гэсэн юм билээ. Тэгэхэд хорих ангийн дарга А.Батхуяг нь “Хэвтэхгүй гэж бичүүлж ав” гэж тавласан байдаг. Тавлаад зогсохгүй “Хүнийг ингэж яргалж болдог юм уу” гэж асуусан Д.Мөнх-Эрдэнийг “Хуцаад байгаарай” гэх мэт үг хэлээр доромжилсон байгаа юм. Бүр “Чамайг хэнтэй ч уулзуулахгүй. Ирсэн өмгөөлөгчтэй чинь ч уулзуулахгүй” гэсэн юм билээ.

-Энэ үйл явдалтай холбоотойгоор ХЭҮК хорих ангид шалгалт хийсэн. Д.Мөнх-Эрдэнийн эрх зөрчигдөөгүй, хэвийн байна гэж мэдээлсэн шүү дээ?

-ХЭҮК ийм ноцтой яргалал, доромжлол байсаар байхад “Зүгээр байна лээ” гэж зарлаад манай нөхрийн хаанаас хэний зөвшөөрлөөр авсан нь тодорхойгүй зургийг хэвлэлд нийтлэсэн байсан. Тэр зургийг аав, ээж нь харчихаад арай л даралт харвачихсангүй. ХЭҮК гэж үнэндээ хүнийг яаж зовоох вэ гэдэг байгууллага мэт санагддаг.

30 хоногт нэг удаа гэр бүлтэйгээ уулзах эрхтэй. Яг тэр уулзалт болж байхад ХЭҮК хорих ангид ирж таарсан. Тэр үед миний хань бичгээр дараа гомдол гаргаж өгье л гэсэн. “Зүгээр, асуудалгүй” гэх зүйл огт хөндөгдөөгүй. Үүнд гомдолтой байна.

-Цахим уулзалт хийсний төлөө зөрчлийн акт тавьсан гэсэн шүү дээ. Ямар үндэслэлээр акт тавьчихав?

-Монгол Улсын Засгийн газрын харьяа байгууллага ганцхан миний нөхрөөс үхтлээ айж байна л гэж би харж байна. 413 дугаар ангид очоод долоо ч хоноогүй байхад нь ангийн дарга хурандаа Буянбаатарыг А.Батхуяг гэх нөхрөөр сольсон нь зохион байгуулалттай гэж харагддаг. Учир нь А.Батхуяг нь өөрөө Тусгай ажиллагааны албыг дуудсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

Зөрчлийн актын хувьд А.Батхуяг нь 2018 оны есдүгээр сарын 24-ний А/165 тоот журмаар цахим уулзалт хийх журмыг баримтлан зөрчлийн акт гээч юмыг гаргасан. Тэр журам нь Үндсэн хууль, Захидал харилцааны хууль гэх мэт маш олон хууль зөрчсөн. Энэ журмаар шоронгийн түүхэнд миний хань шиг зөрчлийн акт бичүүлсэн хоригдол байхгүй. Тухайн үед Д.Мөнх-Эрдэнэ надтай болон дүүтэйгээ ахуй амьдрал ярьж цахим уулзалт хийсэн. Бид гурав ямар юмныхаа гэмт хэрэг, хууль бус юм ярих вэ дээ. Гэтэл бидний яриаг “CD-нд бич” гэж ажилчиддаа үүрэг өгсөн байгаа юм. Миний хань хуулийн хүрээнд саналаа хэлсэн. Гэтэл хариуд нь амралттай байсан ажилчнаа дуудаж ирүүлж байгаад зөрчлийн акт бичсэн юм билээ. Манай хуулийн байгууллага яаж хууль зөрчиж ажилладгийг эндээс тод харж болно. Зүүнхараагийн Хорих ангийн ажилчид хоорондоо энэ актыг гайхаж ярьдаг гэсэн.

-Д.Мөнх-Эрдэнийг магадланд оруулахгүй байгаа гэв үү?

-Миний хань хүн алаагүй, хулгай хийж, хүн зодоогүй. Гэтэл тийм хүнд гэмт хэрэг хийсэн хүмүүсээ магадланд оруулдаг юм билээ. Нөхөр маань хохирол гэж гаргасан мөнгийг нь төлсөн. Улсын орлого болгож тушаа гэсэн, тушаасан. Торгуулийн ял оноосон, бас төлсөн. Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн нэгд заасан нөхцөлийг биелүүлж биеэр хоригдох хугацааны талыг өнгөрөөчихсөн. 2022 оны арванхоёрдугаар сард хоригдсон. Нэг жил 10 сар хорих шүүхийн тогтоолтой. Магадланд орох бүх болзлыг хангаад байгаа. Магадланд оруулахыг хүлээж байна.

Б.ЭНХЗАЯА