“Эрдэнэс Тавантолгой” компанийн 34 хувийн хувьцааг ирэх онд ард түмэнд эзэмшүүлэхээр ярьж эхэллээ. Энэ асуудал биеллээ олбол жил бүр иргэдэд хувьцааны ногдол ашиг тараана гэсэн. Тэр хэрээр монголчуудын амьжиргаа ахиж, дэвшинэ гэж хууль санаачлагчид үзэж байна лээ. Үндсэн хуульд “Байгалийн баялаг бол ард түмний мэдэлд” гэх заалт ашгүй одоо л амилах нь гээд олон нийт жигтэйхэн баярлаж байна. Мэдээж энэ бол яалт ч үгүй сайн мэдээ. Гэхдээ хөрсөн дээр буутлаа удна. Яагаад гэвэл хөрөнгийн зах зээл хөгжөөгүй манайх шиг оронд хувьцааныхаа ногдол ашгийг хүртэнэ гэдэг бол зүгээр л үлгэр. Бид өмнө Таван толгойгоос юу авснаа эргээд санацгаая л даа.
Засгийн газраас анх 2012 онд “Эрдэнэс Тавантолгой” компанийн гурван тэрбум ширхэг хувьцааг иргэн бүрд үнэ төлбөргүй эзэмшүүлэх шийдвэр гаргаж байв. Энэ нь тус компанийн нийт 15 тэрбум ширхэг хувьцааны ердөө 20 хувь нь юм. Үлдсэн 80 хувийг нь төр, хувийн хэвшил эзэмшдэг. Аж ахуйн нэгжүүдийн эзэмшил нь нэг хувьд ч хүрдэггүй гэдэг. Тухайн үед Засгийн газраас нэг ширхэг хувьцааг 933 төгрөгөөр үнэлж, иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа хуваарилав. Мөнгөн дүнгээр тооцвол нэг сая төгрөгтэй тэнцдэг. Гэтэл Засгийн газар төд удалгүй “Сайн хувьцаа” нэрээр иргэдэд тараасан 20 хувь хувьцааныхаа 6.2 хувийг нь хамаад авчихсан. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудад нэг сая төгрөгийг бэлнээр олгов. Мөн оюутнуудын сургалтын төлбөрт хамаг хувьцааг нь суутгаад авчихсан. Үүнээс хойш 1072 хувьцаатай холбоотой асуудал дөрвөн жил ор тас мартагдаж билээ. Иргэд ч хувьцааныхаа ногдол ашгийг нэхэж, санасангүй, дараагийн сонгуулийн жилтэй золгов. Ингээд 2016 оны сонгуулийн өмнө иргэдэд 300 мянган төгрөг тараахдаа бас л хувьцаанаас нь суутгасан байдаг. Монголын ард түмэн “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааныхаа ноогдол ашгийг түүхэндээ ганц удаа л хүртэж байсан нь 2019 он. Тухайн үед ХХОАТ-ын 10 хувийг хасаад цөөхөн хэдэн төгрөг өгсөн болсон. Тэгээд “Ногдол ашиг түрдээ байхгүй шүү. Энэ мөнгөөр чинь төмөр зам барина” гээд төр шийдчихэж билээ. Харин өнгөрсөн жилээс “Эрдэнэс Тавантолгой” компани ашиггүй ажиллаж байна гэсэн мессэжийг нийгэмд өгөөд эхэлсэн. Засгийн газраас томилогдсон БЭТ гэж нэг ярвайсан нөхөр гарч ирээд “Та нарт нэг удаа 100 мянган төгрөгийн ногдол ашиг тарааж байснаас үйлдвэрт хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Нүүрс угаах үйлдвэр барьчих юм бол тонн тутамдаа 50-80 ам.долларын ахиу ашиг хүртэнэ” гэж ярьсан. Төр ард түмний ногдол ашгийг бүтээн байгуулалтад зарцуулахдаа эздээс нь огт асуусангүй. Үнэн хэрэгтээ хууль нь анхнаасаа ингээд гарчихаж. “Эрдэнэс Тавантолгой”-гоос эзэмшиж байгаа иргэдийн хувьцаа ямар ч саналын эрхгүй. Нөгөө та нарын хэлээд байдаг цонхны цаанаас долоолгодог мөсөн чихэр энэ юм.
Өнгөрсөн жилүүдэд дандаа алдагдалтай ажиллаж ирсэн гэдэг “Эрдэнэс Тавантолгой” компанийн үнэн нүүр царайг хэдүүлээ сая нүүрсний сонсголоор сайн мэдэж авлаа. Ямар их хөрөнгө идэж, ууж, хулгайлсныг нь хар даа. Улстөрчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдийн шуналын далай байж шүү дээ. Тэд бүхэл бүтэн 40 их наядын хулгай хийсэн байна. Тэгсэн хэрнээ өөрсдийгөө шийдвэр гаргах түвшний хүмүүс биш. “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагад оролцдоггүй гээд л камерын өмнө биеэ өмөөрөөд сууна лээ. Монгол Улсын хоёр жилийн төсөвтэй тэнцэх ийм их хөрөнгийг хулгайлсан хүмүүст үнэхээр ичих нүүр гэж байдаггүй юм байна. Жирийн иргэн тооны машинд ч цохиж барахааргүй тийм том тоо энд яригдлаа. Та бүхэн тэр 40 их наяд төгрөгийг ямар хэмжээний мөнгө гэж бодож байна. Цаг тутамд арван сая төгрөг дансанд оруулахад 100 жилийн дараа хийж дуусах хэмжээний мөнгө шүү дээ. Зуу биш, мянга биш, бүр арван саяар нь гүйлгээ хийгээд байхад хүний нэг насны амьдралтай дүйцэх хугацаа хүрэлцэхээргүй их мөнгө байгаа биз. Элсэн чихэр дээр шавсан шоргоолж шиг л “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсийг эрх мэдэлтнүүд ингэж баруун, солгойгүй “идсэн” байхад “Та нарын ногдол ашгаар нүүрс угаах үйлдвэр барина” гээд нүд цавчихгүй ярьж байсныг нь бодохоор хэлэх ч муу үг олдохгүй юм. Тэр нөхөр ийм их мөнгө хулгай хийчихсэнийг мэдэхийн дээдээр мэдсээр байж “Та нарт өгөх мөнгө алга” гэж хэлж чадаж л байгаа юм даа. Тэгэхлээр энэ нөхөр л лав ард түмнийг юу ч биш гэж үздэг нөхдийн төлөөлөл мөнөөсөө мөн.
Хөрөнгийн зах зээл Монголд хөгжих ерөөсөө болоогүй байна. Хөрөнгийн биржид бүртгэлтэй томоохон хувьцаат компаниуд доороо охин компани байгуулчихдаг. Санхүүгийн тайлан дээрээ ашиггүй ажилладаг гэнэ. Үнэн хэрэгтээ охин компаниудаараа дамжуулаад хувьцаа эзэмшигчдэдээ хүртээх ёстой ашгийг өөртөө авдаг. Үүний сонгодог жишээ бол Улсын их дэлгүүр байна. Монголын хамгийн анхны том дэлгүүр төдийгүй ашгийг цөм хийдэг газар. Гэтэл түүхэндээ ганц ч удаа ногдол ашиг тарааж үзээгүй. Дандаа л ашиггүй ажилласан гэж гоншигнож ирсэн. Охин компаниудтайгаа түрээсийн гэрээгээ зах зээлийн үнээс хэд нугалж өндөр байгуулж байгаад хамаг ашгаа өөрсдөө луйвардчихдаг. Харин татварын дараах ашиг нь тэрбум тэрбумаар тоологддог гэсэн олон жилийн статистикийг судлаачид хэлдэг. Угтаа Улсын их дэлгүүр гэдэг чинь 45 мянган иргэнээс мөнгө босгож бий болгосон хөрөнгө.
Ийм санхүүгийн луйвраа цэгцэлж чадаагүй байхад Монголд хөрөнгийн бирж хөгжихгүй. Яагаад гэвэл хуулийг нь дандаа дутуу хийдэг. Дараа нь ингэж луйвардахад амар гэж бодоод хийдэг юм уу гэж бодогдох болсон. Ер нь аливаа улс орны хөгжсөн туршлага нь хөрөнгийн захын хөгжил байдаг. Тэгэхээр хөрөнгийн зах зээлийн хөгжлөөр дан ганц цалингийн орлогоос хамаарахгүй, хувьцаа, бонд, хөрөнгө оруулалтын орлоготой болдог. Иргэдийн амьдралд капитал бий болох боломж ингэж бүрддэг. Тэр үүднээс дэлхийн топ 500 компанийн 90 орчим хувь нь нээлттэй компани байна. Харин Монголд бол бараг 80 орчим хувь нь хаалттай компани байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр
тухайн компанийн ашиг орлого өөрсдөд нь үлдэж байгаа хэрэг. Хөрөнгийн зах зээл дээр бодлогын дэмжлэг үзүүлснээр хаалттай компанийг хөрөнгийн зах зээл дээр задалж, нээлттэй компани болгодог процессууд явагддаг. Гэтэл манай төр баригчид үргэлж эсрэгээр нь ажиллаж ирсэн. Хууль гаргах бүрдээ дандаа дэгээ тавина. Тэгээд өөрсдийнхөө төлөө нүүдэл хийхдээ ашиглах хувилбараар хууль баталдаг. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг ард түмэндээ тараасан юм бол үр шимийг нь ард түмэндээ өчиггүй өгчих л дөө. Гэвч хуулиараа тэр боломжуудыг нь хаагаад өгчихсөн байх жишээтэй. Эсвэл “Та нарт ийм хувьцаа байгаа шүү” гээд шилэн хоргонд хадгалуулж, сэтгэлийг нь баясгах гэдэг юм уу. Өнөөдөр хувьцааны ногдол ашиг өгөхгүйг нь мэдсэн бол арван жилийн өмнө төр худалдаж авч байхад нь буцаагаад зарчихдаг байж л дээ. Тухайн үед хувьцаагаа зарсан мөнгөө банканд хадгалуулсан бол хэдийнэ дөрөв дахин өсөх боломж байсныг эдийн засагчид тооцоолох юм билээ.
Монголчууд их өлөн ховдог зантай. Шунал, сувдаг сэтгэл нь арай л дэндсэн үндэстэн. Сүүлийн гурван зуун жил өөрсдийнхөөрөө амьдарч үзээгүй. Бие биедээ үнэхээр хайргүй, аминчхан үзэлтэй хүмүүс. Ямар сайндаа “Монгол Монголдоо хайргүй. Мод ярандаа дургүй” гэдэг хуучны үг гарах вэ дээ. Хүн төрөлхтний хөгжлийн хэмжүүр нь хүн чанар, нинжин сэтгэл, үнэнч чанар. Гэтэл бид шуналтай, соёлгүй хувиа хичээсэн хандлагатай байхад “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг тараах нь, ногдол ашиг авч баяжих нь” гээд баярлаад байх юм байхгүй. Хамгийн гол нь монголчууд орлогоо хувааж сураагүй улс гэдгийг санах хэрэгтэй. Энэ нь аль эртний алдартай үлгэр домогт гардаг баатруудаар дүрслэгддэг. Ямар ч тохиолдолд дандаа ашгаа өөрсдөө авдаг. Жишээлбэл, 15 толгойтой атгаалжин хар мангасын үлгэр байна. Эрэмгий дайчин баатар мангасыг хөнөөгөөд авгай хүүхэд, алт мөнгөтэй юутай хээтэй нь өөрөө авчихдаг л биз дээ. Бидний магтаж сайшаагаад байдаг шилийн сайн эрс хүртэл хулгайлсан эд хөрөнгөө өөрөө л авдаг. Хааяа ганц нэг адуу мал зовсон зүдэрсэн нэгэнд өгсөнийгөө нүдэндээ нулимс дуслуулан ярьдаг. Тэгвэл орчин цагт Монголын алдар цуутай бөхчүүд гэж хүмүүс байна. Ард түмний шүтэн биширч, дээдлэн хүндэлдэг тэр бөхчүүд чинь хагартлаа баяжчихаад “май” гээд алгаа дэлгэдэг бил үү. Тэднийг нийгмийн хариуцлагын хүрээнд тийм сүрхий хандив өгч байсныг мэдэхгүй юм байна.
Харин тансаг орд харш, машин тэрэг, үнэтэй брендээр өрсөлддөг л гэж дуулсан. Гадаадаар аялж, бие биедээ идэж, ууж, өмсөж зүүснээ гайхуулсан хүмүүс л байх юм. Монголчууд ашгаа хувааж сураагүй болохоор ийм байна. Тэгэхээр хувьцаа хөрөнгийн бирж хөгжих нь өдий байна. Ашиг мөнгөний далай “Улсын Их дэлгүүр”, хэдэн зуун их наядын орлоготой Таван толгой хоёр л ногдол ашиг өгч чаддаггүй оронд хувьцаа гэдэг бол зүгээр л цаас юм даа. Таван толгойн хувьцаа бол бүүр цаас ч биш хэдэн дижитал тэмдэгт л юмдаг уу.
М.МӨНХЦЭЦЭГ