Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Өнөрцэцэгийн дүү Н.Амгаланбаяр: Эгчийг маань өмгөөлөгчгүй шүүх хуралд оруулж зохиомлоор яллах вий гэхээс айж байна DNN.mn

Зариг.мн мэдээллийн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдан хориод 30 хоногийн хугацаа өнгөрлөө. Түүний цагдан хориог үргэлжлүүлэх эсэх шүүх хурал өчигдөр буюу нэгдүгээр сарын 4-нд болох байв. Гэвч өнгөрсөн арванхоёрдугаар сарын 27-нд өмгөөлөгчгүйгээр шүүх хурал болж, цагдан хорих хугацааг дахин 30 хоногоор сунгасан юм. Энэ талаар Н.Өнөрцэцэгийн дүү Н.Амгаланбаяртай ярилцлаа.


-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдан хорих хугацаа өнөөдөр (өчигдөр) дуусах байв. Шүүх хурал өнөөдөр болж, үргэлжлүүлж хорих эсэхийг шийдэх байлаа. Гэтэл урьдчилж хэлэлцээд хорих хугацааг сунгачихсан. Хамгийн ноцтой нь өмгөөлөгчгүй шүүх хурал болсон гэгдэж байгаа. Энэ талаар ар гэрийн хүмүүс та бүхэнд ямар мэдээлэл байна вэ?

-Бид ч яг л энэ асуудал дээр маш их эргэлзэж байна. Мэдээж хуулийн чиглэлийн хүмүүс биш учраас нарийн ширийн зүйлийг тодорхой мэдэхгүй юм. Эгчийг маань цагдан хориог цуцлах эсэх шүүх хурал өнгөрсөн арванхоёрдугаар сарын 27, 28-нд болсон. Нэг ёсондоо цаашид дахин хорих эсэхийг шийдэх шүүх хурал хугацаанаасаа өмнө болсон гэсэн үг. 27-нд хоёр өмгөөлөгчтэйгөө ороод, 28-нд өмгөөлөгчдөөсөө татгалзаад цааш нь нэг сар хорих шийдвэр гаргачихсан байгаа юм.

Ингээд 2024 оны нэгдүгээр сарын 3-нд 14:30 цагт да хин шүүх хурал товлогдсон. Шүүхээс Н.Өнөрцэцэгийг хоёр өмгөөлөгчөөс татгалзсан гээд шүүх рүү оруулахгүйгээр дахиад хойшлуулчихсан. Өнөөдөр /өчигдөр/ дахиад шүүх хурал болно гэсэн. Цагаа товлоогүй байна. Өмгөөлөгчгүй шүүх хурал дахин зохион байгуулах гээд байх шиг байна. Үүн дээр маш их хардаж байна. Аливаа хэрэг өмгөөлөгчтэй байж мэдүүлэг өгч, үнэн зөвөө тогтоодог ёс дүрэмтэй биз дээ. Монгол Улсын ямар ч иргэн хүн ийм эрхтэй. Өмгөөлөгчөөс татгалзаж байгаа үйл явдлыг би их гайхаж байна. Бидний хардаж байгаа гол зүйл бол эгчийг маань хорих хугацааг цааш нь сунгаж, ял өгч гүтгэгдчих вий гэж ар гэрийн зүгээс их айж байна. Анх баривчлагдах үед нь бид нэг сар болоод гараад ирнэ дээ, энэ хугацаанд шалгагдаад түүний дараа суллагдах байх гэж бодож байсан. Одоо бол манай эгчийг яллах гээд улайраад байна. Манай гэр бүлийн зүгээс ямар нэгэн хэрэг тохчих ч юм уу гэсэн эргэлзээтэй байна.

-Тэгвэл одоо Н.Өнөрцэцэг өмгөөлөгчөөсөө татгалзсан уу, өмгөөлөгчтэй байна уу. Түүнд хэн хууль зүйн зөвлөгөө өгч байна вэ?

-Би эгчийг өмгөөлөгчөөсөө татгалзсан гэж сонсоогүй. Өмгөөлөгчдөөс нь ч сонсоогүй. Өмгөөлөгч нь ч тийм зүйл яриагүй. Шүүгчид л тэгж яриад байгаа. Өмгөөлөгч П.Эрхэмбаяр эгчид маань хууль зүйн туслалцаа үзүүлээд хэвийн явж байгаа. Биднээс болсон процессыг тогтмол асууж байгаа. Шүүх болохоор хоёр өмгөөлөгчөөс нь татгалзаад шүүх хуралд оруулахгүй байгаа гэж ойлгосон.

Сүүлд та хэзээ эгчтэйгээ уулзав. Юу ярьж байх юм?

-Долоо хоногийн мягмар, лхагва гариг бүр ар гэрийхэн уулзах эрхтэй байдаг. Гэвч зөвшөөрлийн бичиг авахад нэлээд хүндрэл гарч байна. Дарга нь тамгаа дарж өгөхгүй байна гээд байцаагч нь даргадаа бурууг өгдөг. Тэгсээр байгаад өдрийн тал өнгөрч байж зөвшөөрдөг. Хотын түгжрэл дундаас гарсаар байтал ажлын цаг дуусчих гээд байдаг.

Ингээд уулзахаар эмэгтэй хүн болсон хойно уйлсаар л байх юм. Ээж аав ямар байна, хүүхдүүд яаж байна гэхээс өөр зүйл ярьж чаддаггүй.

Н.Нарванчин

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Вакцинжуулалтын үр дүнд Монгол Улс 1.5 жилийн өмнө хилээ нээж байв DNN.mn

“Ковид-19” цар тахал дэлхий нийтийг нөмөрч, хүн төрөлхтөн айдаст автаж байсан хэцүү он жилүүд ард үлджээ. Одоогоос яг гурван жил гаруйн өмнө манай улс дотооддоо халдвар алдаж, дээр дооргүй сандралдан учраа олохгүй хатуу хөл хорионд орж байв. Монгол Улс 2020 оны арваннэгдүгээр сараас эхлэн нийт долоон удаагийн хөл хорионд 79 хоногийг өнгөрөөсөн. Ингэхдээ улаан, улбар шар буюу гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд байлаа. Хил, гааль нь хаалттай, сургууль, цэцэрлэгүүд нь цахимаар хичээллэж, худалдаа үйлчилгээний салбарууд цөм хаалгаа барьж, ард иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт доройтов. Цар тахлын дэгдэлт цаг, минутаар бүртгэгдэж, нас баралтын тоо улам нэмэгдсээр, улаан бүсэд ажиллах эмч мэргэжилтнүүд хүртэл халдвар авсан хар өдрүүд үргэлжилж байсан билээ. Тухайн үед Монгол Улсын Засгийн газраас ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх, эдийн засгаа идэвхжүүлэх олон шат дараатай арга хэмжээ авсны хүчинд цар тахлыг амжилттай даван туулж чадсан.

Цар тахлын ард эрсдэл багатай гарч чадсан хамгийн том хүчин зүйл бол вакцинжуулалтыг онцолно. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ажлаа авснаас хойш нэг сар хүрэхгүйн хугацаанд ард түмнээ вакцинжуулж эхэлсэн санагдаж байна. Тэд тун богино хугацаанд олон улсын шилдэг туршлагад үндэслэсэн, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд тохирсон, шуурхай, шийдэмгий, шинэ бодлого дэвшүүлж амжилттай ажиллаж чадсан нь ард түмэнд итгэл өгч байлаа. Гэвч дайны хажуугаар дажин гэгчээр “вакцин бол хор” гэсэн үзэлтнүүд, ухуулагчид хаа сайгүй гарч ирэв.

Тэд “Вакцин хийлгээд үхээд байна” гэсэн сөрөг мессэжийг нийгэмд тарааж энэ ажлын эрчийг сулруулах гэж нөлөөлж байсан удаатай. Харин Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, төрийн түшээд иргэдийг вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж, өөрсдөө үлгэрлэж байв.

Ямар сайндаа эрдэмтдийн зөвлөлийнхөн өдөр бүр мэдээлэл хийх болгондоо “Ковид-19”-ийн эсрэг вакцин аюулгүй, амьд вирус агуулдаггүй учир ямар нэг өвчин үүсгэхгүй, хүний удмын мэдээлэлд нөлөөлөх ямар ч үндэслэлгүй. Вакцин бол нас баралтаас 92 хувь хамгаална” гэж сануулдаг байх вэ дээ.

Тухайн үед Монгол Улсын Засгийн газраас иргэдээ дархлаажуулах хангалттай вакцины нөөц бүрдүүлж чадсан. Дэлхий дахинд нэвтэрсэн хамгийн эрэлттэй, үр дүнтэй вакцинуудыг манай улс татан авч иргэдээ дөрвөн тун вакцинд хамруулсны үр дүнд бид энгийн амьдралдаа аажмаар шилжсэн билээ. 3.3 сая иргэнээ дөрвөн тун вакцинд хамруулна гэдэг бол амар ажил биш. Ингээд 2022 оны хоёрдугаар сарын 14 гэхэд нийт зорилтот хүн хамын 92 хувь нь вакцинд хамрагдсан дүнтэй байв. Энэ бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын нэг жил хүрэхгүй хугацаанд хийсэн маш том ажил. Энэхүү вакцинжуулалтын үр дүнд Монгол Улс цар тахлын улбар шар түвшнээс шар түвшинд шилжиж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцалж байлаа.

Ингэснээр монголчууд 1.5 жилийг товчилж чадсан юм. Бид гадаад ертөнцөд үүдээ нээж, олон улсын зорчих хөдөлгөөнд бүрэн нээлттэй улс болсон билээ. Монгол Улсын цар тахлын эсрэг авсан арга хэмжээг олон улс өндрөөр үнэлж, харьцангуй хохирол багатай даван туулсан орноор нэрлэдэг нь. Энэ бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын өнгөрсөн гурван жилд хийсэн ажлуудын нэг том амжилт юм.

М.МӨНХ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Батжаргал: Жолоочийн хариуцлагын даатгалыг алдагдалд орсон зарим компани хийхгүй байгаа DNN.mn

Даатгалын компаниуд жолоочийн хариуцлагын даатгалыг хийхээс татгалзаж эхэлсэн талаар мэдээлэл гараад буй. Энэ нь жолоочийн хариуцлагын даатгалын хураамж бага, нөхөн төлбөр өндөр гардаг болсонтой холбоотой аж. Энэ талаар Монголын даатгалын холбооны гүйцэтгэх захирал Ж.Батжаргалтай ярилцлаа.


-Компаниуд жолоочийн хариуцлагын даатгалыг хийхээ больсон талаар мэдээлэл гараад байна. Хэрэв тэд хийхгүй бол жолооч нар яах болж байна вэ. Хуулиараа жолоочийг заавал хариуцлагын даатгалд хамрагдсан байхыг шаарддаг шүү дээ?

-Жолоочийн даатгалын хууль хэрэгжиж байгаа. Хураамжийн орлого төвлөрч, нөхөн төлбөр ч олгогдож байгаа. Ковидоос хойш тээвэр ложистикийн нөлөөтэй инфляцийн түвшин маш өндөр өссөн. Импортоор орж ирдэг тээврийн хэрэгслийн сэлбэг, нөгөө талдаа хөдөлмөрийн хөлсний хэмжээ ч өссөн. Засвар үйлчилгээний зардлууд ч өссөн. Нэг сэлбэг хэрэгслийн үнэ 2-3 дахин өсчихсөн байна. Мэдээж нөхөн төлбөр өндөр байгаа. Тиймээс даатгалын компаниудын алдагдал улам ихсээд байгаа учраас зарим компани жолоочийн хариуцлагын даатгалыг хийхгүй байгаа тохиолдол бий. Тэглээ гээд даатгалын систем зогсчихсон гэсэн үг биш. Хийхийн хувьд хийж байгаа.

Жолоочийн хариуцлагын даатгал хамгийн өндөр нөхөн төлбөртэй даатгал шүү дээ. Долоо хоногт дунджаар 800 саяас нэг тэрбум төгрөгийн хохирол зам тээврийн осолтой холбоотойгоор тогтож байдаг. Энэ тоо улам ч өсч байгаа. Шалтгааныг сая би хэллээ. 200 мянган төгрөгөөр үнэлэгдэж байсан гупер одоо 2-3 дахин үнэ нь нэмэгдчихсэн. Гэтэл хураамжийн орлогыг хуулин дээр тодорхой тавьчихсан. Тэгэхээр мэдээж түүндээ шахагдаад гарч байгаа нөхөн төлбөр өндөр. Гарч байгаа зардлаа нэмэхээр хосолсон харьцаа нь 100-гаас дээшээ болчихдог.

Хосолсон харьцаа нь 120, 130 руу даваад ирчихэж байна. 100 төгрөгийн орлого олоод 120, 130 төгрөгийн зардал гарахаар нуулгүй хэлэхэд зарим компани татгалзаж байгаа. Мэдээж тогтолцоогоор бүр зогсчихсон гэсэн үг биш.

-Даатгалын зарим компани жолоочийг тээврийн хэрэгсэлтэй хамт даатгах хувилбарыг санал болгож байгаа гэж дууллаа. Үнэн үү?

-Зарим компани тийм санал тавьж байгааг үгүйсгэхгүй. Тээврийн хэрэгсэл нь давхар даатгалтай байвал жолоочийн хариуцлагад оруулаад, зарим нь хураамжийг нь хөнгөлж хямдруулж, тэглээд ч гэсэн өгч байгаа.

-Тэгвэл жолооч нарын хувьд хариуцлагын даатгал хийлгэхэд хүндэрсэн зүйл байхгүй гэж та хэлж байна уу?

-Ямар ч хүндрэл үүсэхгүй. Даатгуулахгүй гэсэн тохиолдол байхгүй. Сонголт нь өргөн. Бүх компани нэг гэрээгээр нэг нөхцөлөөр үйлчилж байгаа. Хуулиараа бүгдэд нь ижилхэн нөхцөлийг нь тавиад өгчихсөн, хуулийн дагуу бүгдэд нь нэг стандарт гэрээг Санхүүгийн зохицуулах хорооноос баталчихсан байдаг. Тэр дагуу явж байгаа болохоор жолооч нарт ямар ч хүндрэл байхгүй.

-Даатгалын багц хуулийн төслийг боловсруулж дууссан. Энэ төсөлд дээрхтэй холбоотой асуудлыг хэрхэн тусгасан бол?

-Даатгалын салбарт гурван хууль байдаг. Даатгалын тухай хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль, Жолоочийн даатгалын тухай хууль, түүнийг дагасан багц журмууд байгаа. Даатгалын тухай хуулийн гол үзэл баримтлал бол даатгуулагч олон нийтийг эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн, нөгөө талдаа даатгалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалахад чиглэгдсэн хуулийн төсөл.

Ерөөсөө олон улсын даатгалын тогтолцоо руу оруулъя гэсэн зорилтууд байгаа. Хоёрдугаарт, үндэсний давхар даатгалын тогтолцоог дэмжсэн зохицуулалт явж байгаа. Бид жил бүр гадаад улсын давхар даатгал руу мөнгө төлдөг. Үүнийг Монголдоо үлдээх, Монголд үндэсний давхар даатгалын компанийг чадвахжуулах чиглэлийн зарчмууд орсон. Нөгөөтэйгүүр амьдралын даатгалын шинэ зоицуулалтууд нэмэгдэнэ. Иргэдийн санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн амьдралын даатгалыг дэмжсэн зохицуулалт буюу хуримтлал, амь насны даатгал, тэтгэврийн даатгал гэх мэт.

-Жолоочийн хариуцлагын даатгалын үнэлгээнд өөрчлөлт орох уу?

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өсчихсөн. Зөвхөн жолоочийн хариуцлагын даатгалаар тогтохгүй монгол хүний амь нас, эрүүл мэнд гэмт хэргийн шинжтэй ч бай, үгүй ч бай хохирсон тохиолдолд сэтгэл санааны хохирлыг Шүүхийн шинжилгээний хуулиар тогтоодог болчихсон. Зам тээврийн ослоор хүний амь нас, эрүүл мэнд хохироход таван сая төгрөг, эсвэл түүний 80 хувийг өгдөг. Энэ нь тухайн хүний хохирлыг бүрэн барагдуулж чадахгүй байгаа юм. Жилд 500 гаруй хүн зам тээврийн осолтой холбоотойгоор амь насаа алдаж байгаа. 1000-аас дээш хүн хөдөлмөрийн чадвараа алдаж байна. Энэ хүмүүсийн тогтвортой санхүүжилтийг хангаж, амьдралын тогтвортой байдлыг тодорхой хугацаанд хадгалахад даатгалаас өгч байгаа хохирол туслах ёстой.

Гэтэл өнөөдрийн Жолоочийн даатгалын тухай хууль энэ үүргийг гүйцэтгэж чадахгүй байгаа. Оршуулгын зардлыг ч бүрэн нөхөж чадахгүй байгаа шүү дээ. Хоёрт, зам дээр явж байгаа машины үнэлгээ өсчихсөн. Хохирол гарлаа гэхэд даатгалаас таван сая төгрөг төлөөд үлдсэнийг өөрөө төлөх хэрэг гардаг. Ингээд тухайн жолооч санхүүгийн хүндрэлд орчихдог. Тэгэхээр үүнийг даатгалын системээр бүрэн шийдэж чаддаг байх ёстой. Тогтолцоо нь чадавхтай байх ёстой гэдэг үүднээс үнэлгээг өсгөж байгаа.

Нэг ослын тохиолдолд хэд хэдэн хохирогч байдаг. Хэд хэдэн хүн эрүүл мэнд, хөрөнгөөрөө хохирч байгаа тохиолдол зөндөө гарч байна. Тэгэхэд таван сая төгрөгийг гурван хүнд хуваагаад өгөхөөр аль аль нь хохирлоо барагдуулж чадахгүй байдалд хүрчихээд байгаа юм. Тиймээс үнэлгээг эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж өсгөе гэдэг санаачилгууд орсон.

-Тодорхой мөнгөн дүнгээр хэлэхгүй юу?

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулж 16, 20 дахин гэсэн хувилбарууд явж байгаа.

-Хуулийн төсөл хэзээ хэлэлцэгдэхээр байгаа вэ?

-Даатгалын салбарын бодлогын асуудлыг тодорхойлж хууль өргөн барих этгээд нь Засгийн газар буюу Сангийн яам. Хуулийн төслийн саналыг олон нийтээр хэлэлцүүлчихсэн. УИХ-д хаврын чулганаас өмнө өргөн барих болов уу гэсэн хүлээлттэй байна.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Хятадын эрлийз гэж адлагдах вий” гэх хоцрогдсон айдсаасаа салах цаг болжээ” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцсан Ардын их хурлын депутат, УИХ-ын гишүүн асан С.Билэгсайхан “Төрийн өндөр албан тушаалтан хулгай хийвэл эх орноосоо урвасанд тооцно гэсэн заалт Үндсэн хуульд оруулах ёстой байж гэж боддог ”  хэмээснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Монголын даатгалын холбооны гүйцэтгэх захирал Ж.Батжаргал “Жолоочийн хариуцлагын даатгалыг алдагдалд орсон зарим
компани хийхгүй байгаа” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Хятадын эрлийз гэж адлагдах вий” гэх хоцрогдсон айдсаасаа салах цаг болжээ” хэмээн өгүүллээ.

ТОМИЛОЛТ: Суудал хайрхны өвөрт чонын гүйдэл тосон суусан нь

Вакцинжуулалтын үр дүнд Монгол Улс 1.5 жилийн өмнө хилээ
нээж байв

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375, 99130850 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Эд чадаж байгаа бол бид чадна гэсэн үг DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……..…….


Сүүлийн үед байшин барилга барьдаг хүмүүс олширчээ. Мөн олон аж ахуйн нэгжүүд чиг үүргээ өөрчилж барилгын салбарт  хошуурцгааж байна. Энд алтны “Нинжа”-гаас дутахгүй ашиг байгаа учраас тэр. Тэгээд ч мужаан, дархан хийх нь тийм муухай ажил бишээс гадна барилгажилт ойр мөддөө барж идэхээргүй эрэлт хэрэгцээг нэхэх боллоо. Хөгжиж байгаа Монгол оронд төдийгүй дэлхий даяар хашаа байшингаа шинэчлэх бүтээн байгуулалт өрнөн кран сэрийлдсэн дүр төрх эртний хотуудыг ч тайван байлгахаа больсон байна. Дэлхийн хүн амын эрс өсөлт хотжилт хоёр давхцаад хаа сайгүй шинэ тохижуулалт тохиргоо хийх шаардлага гарчээ. Зарим хуучин хотыг хусч байгаад шинээр байшин гудамж гаргахаас ч өөр аргагүй болсон гэнэ.

Улс төрчдийн амлалт, банкны зээл, шинжлэх ухааныхны практикт  амжилт олох хамгийн хурдан боломжтой талбар нь барилгын салбар болоод ирсэн чинь энд өнөөдөр банз хаддаг хадаас хүртэл  шал өөр болон хөгжлийн үр хаялгыг хүртэж. Цаагуур гадаад ертөнц ялангуяа хөрш Хятад гүрэн тэр аяараа нүргэлэн тариа  ногооноосоо илүү барилгын эринд амьдарцгаах болов.

Ухаантай толгойнууд, нөлөө бүхий салбаруудыг татаж чадвал ямар их ач холбогдол, үр дүн гардаг сонгодог жишээ өнөөдөр их барилгажилтад тод харагдаж байна. Ердөө хэдхэн жилийн өмнө орон сууц барих гэж язганадаг байсан олон хүн,  гар ажиллагаануудыг дор нь халж хялбарчлан улам чанаржуулан мужааны алх, гар хөрөө, шавар зөөдөг “насийлк” аль хэдийнэ үеэ өнгөрөөжээ.

Сая саяар нь мөнгийг уутлаад буй яруу алдарт барилгачдын амьдралын зах зухыг өнгөрөгч зун хажуунаас нь харж үзсэнээ магтаж муулалгүй бичвэл уншигчдад сонин бас хэрэгтэй ч юм билүү гэсэн санаа төрсөн юм.

Сонин дээрх “Канад өвөл зуны дүнзэн байшинг мэргэжлийн өндөр түвшинд богино хугацаанд түлхүүр гардуулах нөхцөлөөр…” гэсэн зарын дагуу утас цохилоо. Ямар ч байсан “Хэрэглэгч та хаан” гэдгийг хэлж мэдэх хэмжээний уриалгахан менежэр, боссууд өөрсдөө гүйгээд  ирж байна. Ингээд гучин саяд багтаагаад мансард ороод хоёр давхар хаусархуу маягийн өвөл зуны дүнзэн байшинг хотоос 160 км зайд хоёроос гурван долоо хоногийн дотор угсраад түлхүүр гардуулахаар тохирлоо. Энэ хугацаанд өөр иймээ тиймээ яриа буцаа шалтаг тоочихгүй. Энэ альбом дээр байгаа фото зурагнууд шиг байшин шүү дээ…

Материалаа худалдаж авах гарааны мөнгө гээд арван саяыг бусдыг нь явц дундуур цувуулж өгөх юм байна. Тэрнийгээ тоолох ч үгүй авч хармаалаад наадмын маргааш  бүх юмаа ачаад очно гээд гарч одов. Болзсон өдөр төв замаас салдаг дээр мод ачсан том машин, гэр бараагаа ачаалсан портер бүхий ажилчдын бригад хэлсэн ярьснаараа ирцгээв. Канад дүнз гэхээр ямар гээч лаг мод байдаг бол, орос дүнзийг бол вагон дээр ачаад Хятад руу зөөж явааг харсан. Яг нэг хэвэнд цутгасан юм шиг гоё бөөрөнхий моднуудыг ачааны галт тэргээр урагш тээж яваа харагддаг. Харин манай барих байшингийн “канад мод” тийм биш айлын малын хуучин пингийн дээвэр хуулаад ирчихэв үү гэмээр зузаахан зах банзнууд ачжээ. Бүр өгөрч хөхрөөд зарим нь ялзарчихсан ч байх шиг.

…Зүгээрээ ах аа. Дараа нь янзын гоё зүлгэчихээр яг канад дүнз болчихдог юм. Харин ч зузаан дүнзтэй таарсан шүү гэж тайтгаруулав. Байгаль орчны хууль чангарч нойтон мод хот руу оруулахаа болихоор модны хулгайч нар аргаа өөрчилж ууланд нь юм уу гэрийнхээ гадаа торхоо угсраад хуучруулчихдаг аж. Манай мод гэхэд л хотын хойд зуслангийн нэг амнаас хямдхан авсан гэсэн. Шаргаморьтын эх юм уу Хандгайтад хийсэн ч байж магадгүй. Тэгээд хуучин хашаа байшин зөөж байгаа мэт гэмгүй царайлан 22-ын товчоогоор орж гарахад хэн юу хэлэх юм. Уулын мухрын ой энэ мэтээр улам л сүйдээд байгаа болохоос хамгаалалт аль хэдийнэ алдагджээ. Ойн яам татан буугдаад байгаль хамгаалах яам байгуулсны гор ингэж гарч байна даа. Хямдхан авсаархан моторт хөрөө, торх угсардаг ухдаг бусад жижиг, дунд үйлдвэрийн янз бүрийн өчнөөн хөөрхөн багажнууд урд хөршид байдгийг олж ирээд эзгүй хөвчид хэдүүлхнээ гараад биеийн ядаргаагүй техникээр зодон яах ийхийн зуургүй ажлаа амжуулчихдаг гэнэ шүү. Тэгээд хууль чангарсан, мод үнэд орсон тул  төдөн сая гээд харин ч бүр завшаантай юм болсон байна. Ийм сайхан шанстай, эрэлт ихтэй, алт ухахаас дутахгүй олзны сургаар олон хүн ажлаасаа гарч модчин, барилгачин болжээ.

Канад байшин барьдаг мэргэжлийн өндөр түвшинтэй хүмүүстэйгээ танилцлаа. Манай байшинг барих бригадын бүрэлдэхүүн гэвэл ноднин цэргээс халагдсан гэх хүү, энэ жил долоод орно гэсэн хурдны морь унаснаа ярихаас өөр шидгүй пацаан, нас тавь гарч яваа малчин эр, аа бас тогооч гээд энэ хавар арав төгссөн охин. “Анхны алхам” кинон дээр гардаг хадланчин өвгөд бол эдний дэргэд ёстой жинхэнэ мэргэжлийн бригад байхгүй юу.

Босс руу нь утас цохиж хэл ам хийлээ. …Зүгээрээ  ахаа. Наадуул чинь олон байшин барьсан туршлагатай хүмүүс, янзын гоё барина. Харж л байгаарай. Үгүй тэгээд дараа нь худлаа гэхийн аргагүй юм.  Яагаад гэхээр одоо цагт байшин барих нь ерөөсөө ядаж цөхөх юмгүй, доширакийг хэрхэн хоол болгох дайны  ур ухаан шаардсан ажил байж уу.  Нэг удаа тог тасраад мод гар хөрөөгөөр тайрах болсон чинь бригад дотор тэгшхэн хөрөөдчих хэмжээний гарын эв дүйтэй мужаан байхгүй мурий сарий огточоод ёстой тараа таниулав. Тэгэхнээ зайлуул хөдөө Булганы төв дээр уурын зуухны галч хийж байсан, зун хийх ажилгүй болчихоод садангаа бараадаж халтуур хийж яваа “Би чадна”-чуудын өрөөсөн аж. Ямар элэнцэгнийх нь өндөр мэргэжилтэн. Канад гэж улс уу модны нэр үү гэдгийг хариулж чадаагүй шүү.

За хэдүүлээ нөгөөдөр бороо орохоос өмнө туургаа босгоод дээврээ хийчихье гээд шууд ухасхийж байна. Хажуунаас нь хошуу нэмж “Эхлээд хундаамаа цутгах энэ тэр гээд дэс дараа байдаггүй юм уу? Та нарын яриагаар бол хоёр хоногийн дотор дээвэр дээрээ тултлаа ажиллана гэдэг чинь бараг байшингаа барьчих нь ээ!” Ингээд дарга цэрэггүй хоолоо хам хум идээд  дүнзнүүдээ ноймероор нь хөөгөөд гэрийн хана дугуйлахаас арай урт хугацаанд дөрвөн туурга босоод ирэв. Модны хооронд цагаан хөөс шүршин хадаж бэхлэх, завсар зай бөглөх асуудлыг хамтад нь шийдчихлээ. Тэгээд маргааш нь  зузаан банзаар хэдэн “А” нуруу хийгээд дээврээ хучиж орхив.

“Дружба” хөрөө ёнги­нуулан өрсөн дүнзнүүдийг тас хярган дотор нь бэлэн ачиж ирсэн вакуум цонх, бүргэд хаалгаа чихэж оруулаад нөгөө хөөсөө цацлаа. Хайрга жаахан цемэнттэй хольж зууран түр хашлага хийж байгаад сууриа сүүлд нь цутгаад авав. Тэр хавьд ухаж гаргасан шороо чулуунуудыг шаллах газраа дүүртэл асгаад гурван хуруу хэрээтэй зузаан хайргатай цементээр бетондон дээр нь пракет хэмээх цаасан шал угсарна.

Барилгачин мужаан нарт “Кен” хэмээх тасдах, хөрөөдөх зориулалттай цахилгаанаар ажилладаг сахлын машин шиг бичил багаж бүх юманд нь хэрэг болно. Скоч тэр хоёргүй өмнө нь яаж болж байсан юм бол. Нөгөө өгөр дүнзний гадаргыг “кээн”-ээрээ хоёр өдөр илээд л юу ч үгүй точилдон цоо шинэ болгочиж байна шүү.

Бас нэг цахилгаан үдээсний машиныг хий хураадаг баллонтой хавсран тусгай хадаасаар цэнэглэж байгаад юу л бол юуг ганц гох дараад л нам хадаж орхино. Модыг төмөртэй хүртэл нийлүүлээд хадчих юм.

Эрээнээс татаад “Зуун айл” дээр зарж буй эдгээр орчин үеийн багажнууд хамгийн үнэтэй нь л  100 мянга орчим. Манай нөхдүүд болохоор түүнээс хямдхан хулхийг нь аваад янз бүрээр додомдон тог цахилгааны бөөн масс үүсгэн монголчилжээ. Байсгээд л нөгөө багаж нь хиншүү хангинуулан шатаж эвдрэх ба түүнтэйгээ ноцолдон өдрийг барна. Цахилгаан багажнуудын буянаар булчин ажиллах шаардлагагүй болсон ч түүний өдөр турш чарлах дуу чимээ ба гарч буй үртэс тортог нь найгүй. Дээр нь янз бүрийн эвгүй үнэртэй будаг шунх лаак хангинаад л. Өөрийгөө хамгаалсан маск, чихэвч малгай ч байхгүй ажилчид цөмөөрөө найтаалган бүгшүүлэн ханиацгаана. Мөн чих нь дүлийрч, нүд нь час улайн бүлцийжээ. Том барилга дээр ажиллагсад ингээд л осол аваар гаргаж, ужиг өвчинд баригддаг нь харваас илт байв. Ажил хурдан бүтэж амар хялбар болсон ч хариуд нь урьд цагийн амар тайван орчин, уран барилгын гоо сайхан, урлаг нь ор мөргүй арилжээ. Дарх, мужаан оролддог өвөө ажаагийн үед ашиг олохоосоо илүү тэр гуайн хийсэн эмээл хазаар, авдар, орон гэр гэсэн нэр төрөндөө илүү анхаардаг байв. Нутаг усныхан гарын уртай цөөн хэдэн өвгөчүүлээ эвдэрч хэмхэрсэн эд зүйлээр дарж, үнэгүй засуулан “за”-гийн өрөнд хийж залхааж орхидогсон.

Орчин цагийн орон сууцны үнэ ханш нь ашигтай байрлал, чанартай материал хоёртоо л байдаг болов уу. Өмнө нь сайтар төлөвлөж бэлтгэлээ базааж байгаад дөрвүүл тавуулаа наадмын таван өдрийн амралтаараа энэ олон саяын үнэтэй олон өрөөтэй орон сууцыг эднээс дутахгүй барьчих боломж харагдаад байх юм. Чанартай материалд зардал хайрлахгүй хаяад нөгөө урьдчилгаа гучин хувийн мөнгөөрөө л хүссэн орон сууцаа өөрөө барьчихмаар багцаа тооцоо гардаг. Өөрсдийгөө цалинжуулах, шулна гэж байх биш газраа л  шударгаар олоод авчихвал орон сууц төдийгүй хаус шилтгээнүүдийг хүссэн зургаараа барих бүх боломжийг зах дээр зарж байна. Даанч орчин үеийн залуучууд биеийн хүч, оюун ухаан хоёроо дайчилж юм бүтээж үзээгүй, тэр талаар харанхуй хариуцлагагүй боловсорсон.

Зах зээлээс өмнө гэр бүлийнхэн голдуу өөрсдөө орон байраа бэлддэг уламжлалтай байсан. Одооных шиг ийм сайхан материал багаж байсан бол ямар газаргүй гэх биш хойч үедээ өвлүүлэх олон сайхан хаус босгочихсон, орон сууц проблем биш байх байхгүй юу.

Шууд түлхүүр гардуулна гэж барилгынхан тэвдүү хэлээд байгаагийн цаана их олон учир байна. Хийж ядах юмгүй ажиллагаа бүхий бизнесийг нь мэдчих вий гэсэн болгоомжлол, материалын  өртгөө хэмнэж далдлах юм их тул үйлчлүүлэгчдэдээ юу хийж байгаагаа үзүүлэх тун дургүй. Үйлчлүүлэгч нь ч гэсэн бас нэг таарсан амьтан  амьдралаас тасархай юм шаардах буюу асуугаад яршиг төвөг уддаг бололтой. Дээврийн хонгилын А нурууг тавьж байхад нь захиалагч хүүхэн ирж таараад зүлгээд буд гэсэн байгаа юм. Би ирээгүй бол энэ чигээр нь тавих нь ээ гэж баахан аашилж. Тэгснээ дээвэр хадаад дууссан хойно шал дэмий илүү юм хийлгэснээ сая анзаарсан ч мөн л өөртөө буруу үл халдаан хангинасан байх жишээтэй.

70,80-аад оны үед юм мэдэхгүй бас ховроос болоод жинс өмдийг идэшний шараар авдаг байлаа. Тэр нь орги биш хуурамч шүү. Оросын ямбий суудлын автомашиныг төө соруултай гаанс, хаш хөөргөө өгч авчихаад “Гочоо минь ээ хө…” гээд дуулаад давхиж явдаг бол үнэн юм.   Одоо солонгос “эксел”-ийг дөрөв таван зуун саяын хөөрөг гаансаар солих уу. Яг үүн шиг орон сууцны барилга бодит бишийг нүдээр харлаа. Энэ салбар руу манай бохир улс төр, луйварчин бизнесмэнүүд, залхуу халтуурчингууд бэлчээрийн даац хэтрүүлэн орж ирж шавцгаагаад монополь тогтоон үнийг нь хаданд гаргажээ. Эдний заль мэх, үг хэл нь гүйцэгдэхгүй. Хэрэглэгч та хаан гэж уяртал панаалдаж клиентээ олж олж аваад гучин хувийн урьдчилгаагаа салгаж авсны маргаашаас эхлэн зангаа хувирган гоншгоноод эхэлнэ. Одоо эргэж буцахаасаа өнгөрсөн гэдгийг сайн мэднэ. Ядахад төр засаг хүртэл худлаа шоудаад Хөтөл шинэ үйлдвэртэй болчихлоо гээд тууз хайчлаад байсан. Тэгвэл энэ зунжингаа Эрээнээс зөөдөг цементийн үнэ тасралтгүй нэмэгдэн гүний гааль дээр вагоноос газар буулгалгүй булаалцалдан авцгаасан даа. Зурагт үзсэн хэнд ч гэсэн цемент навс хямдрах нь ойлгомжтой атал амьдрал дээр яагаад тийм биш байсан юм бол.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Ганхуяг: Уранаас улбаатай хоёр хөршийн шахалтад орж байгаа бол үнэхээр том эрсдэл DNN.mn

МУЭИС-ийн Олон улс судлалын төвийн захирал П.Ганхуяг (доктор Ph.D) -тай ярилцлаа.


 

-Энэ өвөл монголчуудын хувьд үнэхээр хүнд байна. Оны өмнөхөн орон даяар шатахууны хомсдолд орлоо. Эрчим хүчний хязгаарлалт хийж байна. Энэ нөхцөл байдлыг та геополитикийн талаас нь хэрхэн харж байна вэ?

-Монгол Улс мөнхийн хоёр хөрштэй. Бидэнд Хятад, ОХУ-аас өөр хилийн гарц байхгүй. Энэ хоёр улсаар дамжиж гадаад худалдаа, арилжаа наймаа явагдаж байна. Түүгээр хязгаарлахгүй улс төр, эдийн засгийн бүх харилцаанд нөлөөтэй гэдгийг бид байнга бодож байхаас өөр аргагүй.

Манай улс гуравдагч хөршийн харилцаагаа өргөжүүлснээр тэнцвэртэй гадаад бодлого явуулж чадаж байна. Энэ бол маш чухал. Үүнээс үүдэлтэйгээр өнөөдөр яригдаж байгаа бензин шатахуун, эрчим хүчний хомсдолд геополитикийн асуудал, хөршүүдийн нөлөөлөл байна уу гэсэн хардлага судлаачдын хувьд ч цухалзаж байна. Ард түмэн ч тэгж харж байгаа.

Энэ нөхцөл байдлыг бид бүхэн сайтар нягталж геополитикийн нөлөөлөл, гадаад бодлогодоо маш сайн бодох ёстой.

Нефтийн бүтээгдэхүүнийг агаараар тэвэрлэх боломжгүй. Гуравдагч орноос импортолсон ч заавал хоёр хөршийн нутгаар дайруулж тээвэрлэнэ.

Эрчим хүч, цахилгааныг ч гэсэн одоогоор долгионоор агаараар шууд дамжуулах шийдэл хараахан гараагүй байгаа учраас мөн л хоёр хөршөөсөө холбоно. Тиймээс  энэ хоёр салбарын хомсдолын хувьд улс төрийн өнцгөөс нь хараад цаана нь ямар нэг далд хүч үйлчлээд байна уу гэсэн хардлага нийгэмд үүсээд байгааг бодолцох л хэрэгтэй. Өнөөдөр бид Хятадаас нефтийн бүтээгдэхүүн олигтой авч чадахгүй байгаа. Нийт хэрэглээнийхээ 90 гаруй хувийг ОХУ-аас хангаж байна. Тийм болохоор шатахуун, түлшний хомсдол үүсэнгүүт ОХУаас нийлүүлэхгүй байна уу гэж хардаг. Харин албаны эх сурвалжууд шатахуун, түлш хэвийн орж ирж байгаа гэж ярьсан. Судлаач бид тоо баримт аваад үзэхээр тодорхой хэмжээгээр нефтийн бүтээгдэхүүн орж ирж байна гэж харагдаад байдаг. Тэгвэл яагаад хомсдол үүсэв гэхээр  цаанаа дахиад нөлөөллүүд байна уу гэж хараад байгаа. Өөрөөр хэлбэл, хомсдол үүсгэх орчин бүрдүүлээд байна уу. Учир нь иргэд бензин шатахуун хомсдоно гэх сургаар их хэмжээгээр нөөцлөөд байгаатай холбоотой гэж ярих юм. Уг нь жолооч машиныхаа банкийг дүүргэчихвэл долоо хоног бензин авахгүй. Харин клонкууд шатахуунаа бага багаар өгөхөөр дахиж оочерлоод бүүр л их ачаалал үүсч улам их бухимдал бий болж байна. Иргэдийн бензин авах хэмжээг хязгаарлаад байхаар тэр нь нийгмийн бухимдал бий болгоод байна. Энэ бол төрийн зүгээс авч байгаа буруу бодлого. Эсвэл үүний цаана илүү том хомсдол бий болгож харуулах санаа байна уу. Үгүй бол хойд хөршийн шахалт гэж харуулах гээд байна уу. Асуудлыг олон талаас нягтлах нь зүйтэй. Оросууд бидэнд нефтийн бүтээгдэхүүн өгөхгүй байх хэрэгтэй юу гээд харъя л даа. Манайх тус улсын нефтийн бүтээгдэхүүний экспортод өчүүхэн хувь эзэлж байгаа. Өдөрт хоёр гурван сая баррель нефть экспортолж байгаа орон шүү дээ. Манайх хариугүй, өдөрт хэдхэн мянган тонн бүтээгдэхүүний хэрэглээтэй орон. Энэ утгаар нь харвал Монголд нийлүүлэх бензин шатахууныг хасаад байх нь тэдний эдийн засагт хүчтэй нөлөөлөхгүй.

-Ерөнхийлөгчийн Францад хийсэн айлчлалын үр дүнд ураны төсөл урагшлахаар болсон. Үүнд оросууд дургүйцлээ илэрхийлж, эрчим хүчээ хязгаарлаж, шатахууны крантаа хаагаад байгаа байгаа юм биш үү?

-Эрчим хүчний хязгаарлалт, шатахууны хомсдолыг геополитикийн хувьд авч үзвэл гадаад орчин нөлөөлөх талтай. Монгол Улс ураны олборлолтоо явуулах гэж байгаа учраас Орос, Хятадын аль аль нь тээг тавьж буй тухай сошиал орчинд ч нэлээд бичиж байгаа харагдах юм. Цөмийн реактор ажиллуулдаг дэлхийн таван орны хоёр нь манай хөршүүд. Атомын цахилгаан станцын түүхий эд бүтээгдэхүүний боловсруулалт,  олборлолтын талаар биднийг хоёр хөрш дээгүүрээ даваад нэлээд нөлөөтэй Франц улстай ажиллах гэлээ гэсэн ийм ойлголт байхыг үгүйсгэхгүй. Энэ тал дээр Монгол Улс хар хайрцагны бодлого,  аюулгүй байдал, урт хугацааны олон зуун жилээр бодсон гадаад бодлогоо дотроо тооцож байж явуулах учиртай. Уранаас улбаатайгаар үнэхээр хоёр хөршийн шахалтад орж байгаа бол том эрсдэл. Үүнийг гүнзгий судалж үзэх шаардлагатай.

-Энэ цаг үед бид хоёр хөршийнхөө хараат байдлаас яаж салах вэ?

-Манай улс аюулгүй байдлын үүднээс нефть боловсруулах үйлдвэр барих нь нэг номерын асуудал. Ер нь стратегийн бүтээгдэхүүнийг ганцхан орноос их хэмжээгээр ханган нийлүүлэх нь эрсдэлтэй гэж олон улсад үздэг л дээ. Манайх түлш, шатахуунаа бусад орнуудаас бага сагаар авч байна. Тэгэхээр цаашид нэг орноос нийлүүлэх бензин түлшнийхээ хэмжээг 40 хувиас хэтрүүлэхгүй гэдэг ч юм уу. Барууны орнуудыг харж байхад ийм маневртай байснаар аюулгүй байдлаа хангаж чадаж байна. Манайх  энэ чиглэл рүү орох хэрэгтэй. Гэвч манайх нефтийн бүтээгдэхүүний үнэ дээр “барьцаалагдаад” хойд хөршөөс хараат болчихсон. Шатахуун, түлш тээвэрлэж байгаа төмөр зам нь Оросынх. Өргөн царигтай болохоор сэлгэн ачилтгүйгээр ОХУ-аас төмөр замаар шууд орж ирдэг. Зардал хямд. Одоо энэ бодлогоо өөрчлөх цаг болсон.

-Гуравдагч хөршийн дэмжлэгийг хэрхэн авах вэ?

-Гуравдагч хөршийн бодлогыг зөв ухаалгаар явуулах хэрэгтэй. Хамаагүй гуравдагч хөрш рүүгээ хэлтийгээд ирвэл хоёр хөрш маань чангалдаг олон мянган жилийн түүх байна шүү дээ. Тэгэхээр зөв маневр хийж байж, аль аль талынхаа аюулгүй байдлыг бодсон ухаалаг бодлого руу явах ёстой л доо. Францтай уранаа ашиглаж болох байх. Ингэхдээ бусад орнуудын жишгээр хоёр хөршийн аль нэгийг эсвэл гурав, дөрвөн орны хамтарсан төсөл болговол аюулгүй ашиглалт, хяналт тавих зэрэгт нэн хэрэгтэй дэ. Төсөлд оролцоогүй үлдсэн хөрш орон ч эсэргүүцээд байхгүй. Ер нь аливаа орон халаасандаа өөр хөзөр байхгүйгээр гадаад бодлого явуулах  боломжгүй л дээ. Харин манайд барих хөзөр ховор. Тийм болохоор манайх буулт хийгээд яваад байгаа хэрэг. Америк, Хятад хоёр их гүрэн гадаад бодлого, улс төр эдийн засгийн бодлогоороо хурцаар сөргөлддөг. Аль, аль нь кармандаа хөзөртэй учраас нэг, нэгийгээ буулт хийлгээд яваад байна. Манайх зөөлөн хүчний бодлогоор явахаас өөр замгүй. Дипломат аргаар, яриа хэлэлцээнийн шугамаар ойлголцоод явах ёстой. Бид гуравдагч хөрштэйгөө бие даасан орон юм чинь шууд харьцана гэвэл хоёр том хөрш чинь элдвийн жижиг асуудлаар крантаа хаах гээд байна. Тэр нь яах ч аргагүй богино хугацаандаа улсын хөгжил, ард түмний амьдралд хүнд тусна. Магадгүй урт хугацаандаа гуравдагч хөршөө түшиж шийдэх нь өгөөжтэй байхыг үгүйсгэхгүй. Энэ л улсын эрх ашиг бодсон хар хайрцагны бодлого дотор зайлшгүй байх ёстой зүйл.

-Ер нь ураны асуудал дээр Казахстан бас Оросыг түлхээд байна уу. “Монголын ураныг явуулж болохгүй” гээд нөлөөлөх тал байж болох уу?

-Уранаар Франц бол Казахстанд дээр үеэс хүчтэй орсон нэлээн өргөн хамтын ажиллагаатай орон. Харьцангуй амжилттай ажиллаж байгаа шүү дээ. Магадгүй хажууд нь өрсөлдөгч гарч ирээд, зах зээл нь унах байдал үүсэх гэдгээр бол байж болох л асуудал. Тийм нөлөөлөл байвал бид түүнийг тооцож, яаж давах вэ гэдэг талын бодлого хийх нь чухал.

-Манай хоёр хөршийн хувьд Монгол Улсыг хөгжүүлэх сонирхолгүй нь том, том төслүүдээс харагддаг. Уг нь гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт Монголд нутагшвал геополитикийн хувьд том хамгаалалт болно гэж ярьдаг шүү дээ. Харин та ямар байр суурьтай байна вэ?

-Хятадтай бид усан цахилгаан станц яриад эхлэнгүүт оросууд крантаа хаагаад байна шүү дээ. Оросуудтай хамтарсан том төсөл хэрэгжүүлье гэхээр хятадууд янз бүрийн юм яриад байдаг. Таван толгойг япончуудтай хамтрахаар нэлээн урагштай юм ярьж байсан үе бий. Тэр үед мөн л хоёр хөрш “Болиорой, та нар нүүрсээ яаж зөөх  юм” гээд саад тээг тавьсан гэсэн яриа байдаг. Иймэрхүү асуудлууд олон улсын түвшинд явна л даа. Тэр бол байхаас ч аргагүй. Тэгэхээр олон улсын дипломат бодлого, гадаад харилцааны ухаалаг яриа хэлэлцээ явуулбал урагшлах ажлууд  их байгаа. Газрын доорх баялаг, Төв Азийн өндөрлөгт цэвэр агаар, үзэсгэлэнт газар нутаг дээр тогтсон нийгмийн онцлогтой соёл иргэншил зэрэг давуу талаа ашиглаад манай улс гадаад бодлогоо зөв явуулах ёстой. Гадаад бодлогоо зөв явуулахгүйгээр дотооддоо шийдвэр гаргаад тэрийгээ гадагшаа тулгаж болохгүй. Бид бие даасан улс, өөрсдөө дангаараа асуудлаа шийдээд явна гэвэл, дэлхийн эдийн засаг, улс төр хил хязгааргүй болчихсон өнөө үед явахгүй л дээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Э.Бат-Үүл: Жагсаал, иргэдийн бухимдал, өрсөлдөгч намууд, алга ташилт, санал гээд бүгдийг нь эрх баригч нам худалдан авч байна DNN.mn

Монгол Улсын баатар, нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлтэй улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, ирэх оны УИХ-ын сонгууль, нийслэлийн бодлого, шийдвэрийн талаар ярилцлаа.


-Та улс төрийн болон төрийн ямар нэгэн албан тушаал хашиж байгаа юу?

-Нийслэлийн АН-ын даргыг өөрчлөх шийдвэрийг Л.Гантөмөр дарга гаргаад албан тушаалаа өгсөн. Тэтгэвэртээ гарсан, гэртээ ном бичиж байна.

-УИх-ын сонгууль энэ жил болно. Намын жагсаалт болон бүсчилсэн тойргоос 126 гишүүн сонгогдоно. Сонгуулийн талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Хэд, хэдэн зүйлийг онцолж, зааглаж, анализ хийж ярих ёстой. Юуны өмнө Үндсэн хуулийн зарчмын эсрэг жишиг тогтсон. Үүнийг манайхан тэр бүр анзаарахгүй, хайхрахгүй байгаа юм. Тэр нь сонгууль бүрийн өмнө хоёр том нам нийлж байгаад сонгуулийн хуулийг өөрчилдөг явдал. Сонгогчид яг хариуцлага тооцдогийн даваан дээр л өөрчилж, эрх баригчид өөрсдөдөө ашигтай хувилбарыг баталдаг. Ийм жишиг тогтсон. Уг нь Үндсэн хуулиар ийм байх боломжгүй юм.

-Иргэдийн сонгох, сонгогдох эрхэд халдаад байна гэж ойлгож болох уу?

-Ард түмнээсээ асуулгүйгээр дураараа өөрчилж, сонгох, сонгогдох эрхийг нь зөрчөөд байна. Дэлхийн ямар ч ардчилсан улсад ийм жишиг байхгүй. Хэрэв бусад ардчилсан улсуудад ийм зүйл болох юм бол ард түмэн нь маш их сэжиглэж, эсэргүүцэн жагсана. Эрх баригчид өөртөө ашигтай тогтолцоо хайж, сонгогчдын эрхийг хулгайлаад байна. Ард иргэд маань тодорхой нэг сонгуулийн тогтолцоогоор саналаа өгч, ойлгож ядаж байтал сольчихдог нь зөв сонголт хийх явдлыг будилуулаад байгаа юм. Муугийн жишээ болдог Африкт ч ийм жишиг байхгүй.

-Эрх баригч намд ямар ашигтай болоод энэ удаагийн сонгуулийн тогтолцоогоо ингэж өөрчилсөн юм бэ?

-Сонгогчдын саналыг будилуулж, хариуцлагаас л бултаж байгаа хэрэг. Яагаад гэвэл сүүлийн дөрвөн жилд МАН дэндүү урагшгүй, амжилтгүй засаглалаа.

Нөхцөл байдлыг үнэхээр хүндрүүллээ. Хүмүүсийн амьжиргааны өртөг, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг харахад яаж амьдарч чадаад байна гэмээр байдалд орлоо. Сүүлийн хоёр сарын хугацаанд бараг 1990 оны өмнөх үе рүүгээ орох шахсан. Хамгийн гол нь төрийн хулгай энэ дөрвөн жилд ямар аймшигтай болсныг ард түмэн харлаа. Авлигал, төрийн хулгай солиорлын түвшинд очсон байна. Нийтийг хамарсан, тогтолцооны шинжтэй, системтэй болсон. Шударга ёс яриад л гарч ирсэн хүмүүс хулгайч болчихсон. Энэ гарсан хулгайнуудыг нийлүүлээд ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлсэн бол бид өдийд Швейцарь шиг байх байлаа.

Том орнууд, Оросын авлигалтай харьцуулахад бага санагдаж магадгүй. Гэхдээ жижиг эдийн засаг, хүн амдаа бодоход нэг хүнд ногдох авлигалаараа дэлхийд бид нэгт орохоор байна. Манай ард ойртож ирэх орон ховор байх. Хулгайлж олсон мөнгөөрөө алтан морь хийж байна гэдэг бол эрүүл ухаан огт биш. Улстөрчдийн шунал галзуурлын түвшинд байна. Харин үүнийг мэдсэн ард түмэн дүнгээ тавих гэсэн чинь эрх баригчид бултуулчихлаа. Тиймээс энэ сонгуулиар хариуцлага тооцоход маш хэцүү боллоо. Яагаад гэхээр намуудыг сонгох болчихлоо. Хүмүүсийн сонголтыг явцуу хүрээ рүү шахаад, өөр сонголт хийх боломжгүй болгочихсон. Энэ бол цоо шинэ тогтолцоо учраас сонгогчид будилж дуусна.

-Өмнө нь бид 2012 онд бас намын жагсаалт, тойрог гэсэн холимог тогтолцоог ашиглаж байсан шүү дээ. Үүнээс юугаараа өөр юм бэ?

-Холимог тогтолцоо байсан ч тойргийн хэмжээ ийм том байгаагүй. Одоо болохоор бүс гэдэг зүйл гаргаж ирсэн. Бүс гэсэн засаг захиргааны нэгж байхгүй. Өмнө нь бүсийн хөгжил гэж хий яриад л байсан болохоос ажил хийж байгаагүй. Тиймээс бүс гэдэг хийсвэр орон зай дээр тойрог зохион байгуулсан. Мөн энэ бүс гээчээ зохион байгуулахдаа МАН-ын хэн ялах магадлалтайг хүртэл бодолцсон. Жишээ нь, Л.Оюун-Эрдэнэ, С.Амарсайхан нарын бүс дээр өрсөлдөх ямар ч боломж байхгүй. Гэтэл хамгийн сонин нь манай нам МАН-ын санал болгосон тоглоомын дүрэмд орчихлоо. Хүний тоглоомын дүрмээр тоглож байгаа бол чи хэзээ ч амжилт олохгүй. Яагаад гэхээр тэд чинь бүгдийг нарийн тооцсон байгаа.

-Бүсчилсэн тойрогтой байх нь жалга довны үзлээс салж, улс орныг хөгжилд хүргэх томоохон бодлого шийдвэрүүд гардаг болно гэж тайлбарлаад байгаа шүү дээ?

-Үүн шиг худлаа зүйл байхгүй. Шинэ сонгуулийн энэ тогтолцоо бол эдийн засаг, улс төрийн утгаараа социализм руугаа буцаж байгаа юм. Үүнийг хүмүүс тэр бүр ойлгохгүй байна.

-Та тэгвэл ойлгомжтойгоор тайлбарлаж өгөөч?

-Хөгжлийн хоёр хандлага дэлхийд ноёрхож ирсэн. Нэг нь Францын Людовик 14-өөс гаралтай, дээдсүүд өөрсдөдөө ордон бариад, түүнийгээ хөгжил гэж хардаг. Харин ард иргэд нь үгүйрэлд автчихсан. Одоогийнхоор бол жинхэнэ “улны” болчихсон байдаг. Өөрөөр хэлбэл ард түмнээ “улны” гэж үздэг язгууртны үзлээс гаралтай хөгжлийн бодлого. Энэ нь явсаар Зөвлөлт хэлбэрийн болсон. Ингэхдээ язгууртнууд тансаглах бус иргэд нь ядуу байхад сансарт пуужин хөөргөж, зэвсэг үйлдвэрлэдэг. Үүнийгээ хөгжил гэж яриад байдаг. Японы нэг сэтгүүлч 1980-аад оны сүүлээр Сибир нээлттэй болоход явж, модон жорлонд бие засаад сууж байхдаа “Ийм байж яах гэж сансарт пуужин хөөргөдөг байна аа” гэж бодсоныгоо бичиж үлдээсэн байдаг юм. Ард иргэдийн амьдрал нь зуун жилээр хоцрогдсон, ядуу байсан.

-Тэгвэл нөгөө хандлага нь юу юм бэ?

-Францын хувьсгалтай зэрэгцээд уг санааг нь Францын ардчилсан үзэлтнүүд гаргасан юм. Үүнийг Швейцарь их амжилттай хэрэгжүүлсэн. Өөрөө жижиг орон учраас хөгжил гэдэг иргэнийхээ амьдрах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх явдал гэж үзсэн. Иргэд, өрх орлоготой байвал зах зээл тогтвортой байна. Ийм байхад ямар ч хөрөнгө оруулалт орж ирнэ. Энэ бол Швейцарийн загвар. Пуужин, зэвсэг хийгүй. Эхлээд иргэдийнхээ өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ. Иргэд нь ядуу байх юм бол тэр нийгэмд шударга ёс байхгүй, хулгай зогсохгүй, хоёр нүүртэй нийгэм бий болно. Иргэд нь ядуу, өрсөлдөх чадваргүй байвал тухайн улс сүйрлээ гэсэн үг. Ийм загвараар явсан тус улс хөгжлөөрөө дэлхийг бараг 150 жил манлайлж байна. Дэлхий хямарч, дайн байлдаан болж байхад ч тус улс яагаа ч үгүй. Тийм ч учраас 1924 онд ардын хувьсгалын анхдагчдын хамгийн түрүүнд хэлсэн үг нь “Бид Швейцарь шиг хөгжье” гэсэн. Тэгээд С.Данзан “Иргэн баян бол улс баян” гэж хэлсэн нь хөгжлийн энэ загвараар явъя л гэсэн үг. Жижиг орон өрсөлдөх чадвартай байхын тулд иргэд нь баян байх ёстой. Гэтэл манайх бүсийн хөгжил гэж иргэдээсээ тасарсан пуужин шиг юм яриад байна. Монгол Улсын иргэдийн амьдрах чадвар дээшлэхгүй л юм бол мянган бүс бариад яах юм. Гэр хорооллын айлуудад бохир, цэврийн шугам очоогүй байхад сансарт хиймэл дагуул хөөргөх хэрэгтэй юм уу. Өнөөдөр хүрээнд ямар байсан түүгээрээ л амьдарч байна. Иргэдийн хашааны газар үнэгүй, ямар ч эдийн засгийн чадавхгүй. Гэтэл Токиод А4 цаасны хэмжээтэй газар 3000 ам.доллар байдаг. Хөгжлийн сан байгуулаад бид алаад өгнө гэж яриад л байсан. Харин дарга нар идэж уугаад галзуурч, солиорлоо. Тэр үед ганцхан П.Цэнгүүн “Наад Хөгжлийн сан чинь асар том хулгайн сан болно” гэдгийг хэлж байсан. Ер нь үүнийг либертарууд үзмэрч шиг хэлсэн. Одоо гэтэл нүүрсний хулгайн асуудал дээр л гэхэд санаанд багтамгүй, гол харламаар их тоо яриад сууж байна. Энэ их мөнгөөр бид залуучуудаа баруунд сургасан бол, иргэдийнхээ орлогыг сайжруулсан бол гэж бодохоор үнэхээр харамсаж байна.

-Гаднаас цахилгаан импортлож, царайчлахгүй байх боломжтой байсан л санагддаг?

-Яг үнэнийг хэлэхэд оросуудын зүгээс удаа дараа тээг тавиагүй бол манайх эрчим хүчний экспортлогч орон байх байсан. Тавантолгойн цахилгаан станц гэхэд л эрчим хүчээ Хятад, Орост экспортлох тухай ярьж байсан юм шүү. Оросууд биднийг хавчихаас илүүтэй эрчим хүчний гол өрсөлдөгч болох гээд байсныг харчихсан юм. Хүн ам цөөтэй, хэрэглээ багатай мөртлөө тэрбум хүнийг хангах эрчим хүчний нөөцтэй. Нүүрсээ түүхийгээр нь гаргахын оронд цахилгаан станц байгуулж, эрчим хүч экспортлох гэж байсныг тэд мэдчихсэн. Бид ийм зүйл рүү явж байсан байхгүй юу. Нүүрсээ зөөж үйлээ үзэж байхаар Хятад руу цахилгаанаа секундын хурдаар шиднэ. Тэр олон цахилгаан станцын төлөвлөгөө чинь энэ байсан юм. Яагаад гэвэл бид 10-аад жилийн өмнө дэлхий нийтээрээ цахилгаан авто машин руу шилжиж байгааг олж харсан. Ингээд зогсохгүй дэлхийн мөнгө биткойнд шилжихээр асар их цахилгаан нэхнэ. Тэгээд бид стратеги гаргасан. Оросууд үүн дээр цус харвах шахсан. Тэднээс Хятадын зах зээлийг булаах гээд байсан юм. НҮБ-аас хятадууд хэрвээ ган төмрөөр халбага, сэрээ хийж хэрэглэвэл дэлхийн бүх төмрийн ордны нөөц дуусна гэсэн тооцоо гаргасан байдаг. Үүн шиг ийм хэрэглээтэй том зах зээл чинь төдий хэмжээний эрчим хүч хэрэглэнэ. Үүнийг л тооцоолж эрчим хүчний экспортлогч орон болохыг бид зорьсон.

-Энэ зорилтыг зөвхөн хойд хөрш гэхээсээ илүү хоёр том намын нөхөд гар бие оролцож унагаасан, удаасан байх, тийм үү?

-Тэгсэн, тэгсэн. Улстөрчид ийм үед маш хариуцлагатай байх ёстой байдаг юм. Яагаад гэвэл гадна, дотноос ил, далд лобби их явна. Идэж уух дуртай нөхдийг уруу татна. Ийм луйварчид дэлхийгээр нэг бий. Тийм учраас л төр шударга байх гэдэг чинь зарчмын том асуудал. Яг үнэндээ авлигач улстөрч гэдэг гаднын түрэмгийлэгчээс илүү аймшигтай хүмүүс. Эд нар чинь жинхэнэ үндэсний урвагчид. Авлигач хүн чинь л урвагч байдаг юм.

-Төр засгаас авлигатай дайн зарлаад л байдаг. Гэтэл олигтой үр дүнд хүрэхгүй л байх шиг санагдах юм?

-Авлигатай тэмцэх аргаа олохгүй байна. Толгой л цавчаад байгаа юм. Хятад л гэхэд зөндөө хүн цаазалсан ч одоо болтол дийлэхгүй байна. Цаазаар авлигалыг устгасан орон нэг ч байхгүй.

-Тэгвэл үүнийг яаж багасгах, устгах ёстой юм бэ?

-Би хотын дарга байхдаа нэг арга хэрэгжүүлсэн. Гүржүүд энэ аргыг анх хэрэглэсэн юм. Дарга нарын авлигалаар борлуулдаг шийдвэр, гарын үсгийг нь тодорхой үнэлээд ширээн дээр ил тодоор тавьсан. Төрийн үйлчилгээний супермаркет байгуулж, ил гаргаж тавиад газрыг авлигагүй болгоход хотын төсөвт тухайн үедээ 191 тэрбум төгрөг орж байлаа. Засгийн газрын ордны зүүн талын газар дуудлага худалдаагаар 24 тэрбум төгрөг хүрсэн. Энэ 191 тэрбум төгрөгөөр бид гэр хорооллын дундах замууд, зуслангийн зам гээд зөндөө зам барьсан. Харин манайхан Чингис бондын мөнгөөр зам барьсан гэж андуураад байдаг юм. Чингис бондын мөнгөөр чинь “Уулзвар” төслийг хэрэгжүүлж, уулзваруудыг л өргөтгөсөн. Харин 2016 онд МАН гарч ирээд Төрийн үйлчилгээний супермаркетад байрлуулсан бүх зүйлийг зогсоосон. Уг нь авлигалд өгөх байсан мөнгийг төсөвт ороод ирэхэд нь ажилчдынхаа цалинг нэмж, бүтээн байгуулалтдаа зарцуулж эхэлсэн. Компаниудын мөнгийг бид хоцроож үзээгүй. Авлигагүй болохын тулд авлигал өгч гаргуулаад байгаа шийдвэрүүдийг үнэлээд ил тодоор байршуулах хэрэгтэй. Би тухайн үедээ Морингийн даваанд байгуулах 15 мянган айлын орон сууцны хороолол барих газрын анхны үнийг таван тэрбум байхаар тооцож байсан. Ингэсэн бол компаниуд булаацалдаад авах байсан юм. Учир нь газрынх нь дуудлага худалдаагаар орж ирсэн мөнгөөр нийслэлээс дэд бүтцийг нь тавьж өгөх байлаа. Тиймээс л ширээн доор гаргадаг шийдвэрийг үнэлээд ил болгох хэрэгтэй гэж хэлээд байгаа юм. Дэлхий нийтийн хамгийн шударга зарчим ердөө л энэ.

-Шийдвэрийг ингэж ил тод болголоо ч дунд шатныхан авлигыг гааруулдаг гэх юм билээ?

-Аливаа зүйл хоёр талтай. Манай төрийн албан хаагчдын цалин хангамж асар муу. Швейцарийн төрийн албаныхантай уулзахдаа манайхан 300-400 ам.долларын цалинтай гэж хэлэхэд дуу алдаад манайд ийм байвал хавтгай авлигалд орно гэж байсан юм. Улс орнууд авлигаас ангижирахдаа төрийн албан хаагчдынхаа амьдралд хүрэлцээтэй цалин олгосон байдаг. Уг нь монголчууд нэр төрөө эрхэмлэдэг, нэрэлхүү ард түмэн. Амьдрал нь боломжтой байвал авлигал авах гээд яваад байх нь их цөөхөн шүү. Харин яг өвчилсөн, донтсон хүмүүс нь л авлига авна. Ийм нөхдийг бол тохирсон ял зэмийг нь үүрүүлдэг байх хэрэгтэй. Ер нь та төрд ажиллаад өөрийн гэсэн хаустай, үр хүүхэд чинь сургалтын төлбөртөө санаа зовдоггүй байх юм бол авлига авч яах юм. Авлига авбал харин ч эсрэгээрээ энэ бүтээн босгосон бүхнээ алдаж, шоронд хоригдож, төрд ажиллах эрхгүй болох учраас ингэх гэж зүтгэх хүн их цөөхөн гарна л гэж хэлээд байгаа юм. Энэ ертөнцөд хүн бүр баяжихын өвчтэй төрдөггүй. Зарим нь эрдэмтэн болох, нөгөө нь эрвээхэй цуглуулаад гүйж явдаг. Азаар хүн бүрийг өөрийн хүсэл мөрөөдөл, зорилготой болгож төрүүлдэг. Хүний муу нэр өвлөгддөг юм шүү дээ.

-Авлигаар сайхан амьдарч болоод байна гэсэн бодит жишээнүүд байгаа учраас л төрд ажиллах хүмүүсийн сонирхол нэмэгдэж, төрийн бүтэц данхайгаад байна уу. Таныг Засаг даргаар ажиллаж байхад нийслэлийн бүтэц, орон тоо хэр байсан бэ?

-Хүмүүс улам л улс төрд орох гэж, нам руу шуурч байна. Гэтэл би 1990-ээд оны эхээр намаасаа нэр дэвших хүн олох гээд үйлээ үздэг байсан. Зах зээл дээр дампуурсан, амьдрах чадваргүй болсон нөхөд намд маш ихээр орж байгаа. Ингэж нам үнэ цэнэтэй болохын хэрээр төр улам данхайсан. Янз бүрийн сан, агентлаг байгуулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл Монголд чөлөөт эдийн засаг хэрэггүй юм байна гэсэн ойлголт руу явж байна. Хөлс хүчээ гаргаж бизнес хийгээд, зүтгээд байхад л нэг хурган дарга гарын үсэг зурсныхаа төлөө хэд дахин илүү орлого олоод байх шударга бус шүү дээ. Дээрээс нь элдэв янзаар төр нь дарамталдаг. Ингээд сүүлдээ хүмүүс тэр гарын үсгийн эрхийг авахын тулд улс төрд орж байна. Төр нь хамгийн том худалдан авагч, хамгийн хямдаар орлого олдог зах зээл болчихсон. Нүүрсний хулгайн нэг сайн тал нь манай капиталистууд сэтгэлээр унаж үхэх шахлаа. Үнэндээ одоо чөлөөт зах зээл, ардчилал нурж байна. Хүмүүс ардчилал байгаа гэж эндүүрээд байгаа. Үгүй, МАН улс төрийн үйлчилгээг худалдаж авдаг том төв болсон. Жагсаал, иргэдийн бухимдал, өрсөлдөгч намууд, алга ташилт, санал гээд худалдаж авч болох бүхнийг эрх баригч нам авч байна. Энэ том эрх мэдэл, баялгийг авч явж байгаа хүн чинь сүүлдээ хүссэн хүсээгүй дарангуйлагч болно. Энэ хэвээрээ яваад байвал Монгол Улс удахгүй сүйрнэ гэсэн үг.

-Тэгэхээр чөлөөт зах зээл, ардчиллыг буцаан сэргээхийн тулд энэ сонгуулиар танай нам ард түмэнд юу санал болгож чадах юм бэ?

-Харамсалтай нь манай нам авлигалын том супермаркет руу орох хүсэлдээ хөтлөгдөөд болохгүй юм. Манай нам МАН-ын санал болгосон тоглоомын дүрэмд ороод явж байна. Би нэг зүйлийг баттай хэлье. Манай нам энэ удаагийн сонгуулиар нам тавиулна. Ард түмэн маш их бухимдалтай байна гэж манай намын зарим гэнэн нөхөр яриад байгаа юм. Бухимдал байгаа, гэхдээ шингэн бухимдал хэзээ ч хүч болдоггүй. Боож үхэх гэж байна, байж ядаж байна. Гэхдээ тэр нь шингэн байна, урсаад л, ууршаад л алга болно. МАН очоод саналыг нь худалдаад л авчихна. Гэтэл сөрөг хүчний гол зүйл чинь энэ шингэн бухимдлыг нь чулуу болгох ёстой. Ингэх юм бол иргэд сонгуулийн үеэр бухимдлаа худалдахгүй. Магадгүй МАН-аас мөнгийг нь авах байх. Гэхдээ саналаа эсрэг өгнө.

-Танай намын УИХ дахь бүлгийн байдлыг харахаар эрх баригч намын хөгжөөн дэмжигч шиг л байх юм байна шүү дээ?

-Би МАН-ынхан улс төрийн үйлчилгээг худалдаж аваад байна гэж хэлсэн. Ийм л сэжиг, хардлага төрөөд байгаа юм. Бидний үед ийм юм огт байгаагүй. Залуу байхдаа эрэлхэг ч гэж жигтэйхэн, үнэт зүйлийнхээ төлөө явдаг байж. Одоо ч тийм зүрх

зориг манай залуучуудад байхгүй болжээ. Бид гараад тэмцье гэхээр хүлээж авахгүй байна. Хүлээж авах юм бол би ч гараад тэмцэнэ л дээ. Жагсмаар, тэмцмээр байна. Даанч өвгөчүүл зайл гээд салж өгөхгүй юм. Тэгээд зайгаа тавьж өгөхөөр залуучуудад нь зориг байхгүй. Улс төрийн супермаркетад өөрсдийгөө зарж, биеэ үнэлэгчид болчихоод байна. Уг нь манай нам 1990 оны сонголт маань сүйрч байгаа юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Улс даяар авлигалын хорт хавдар үсэрхийлчихлээ. Энэ чинь ардчилал, чөлөөт зах зээлийг устгана.

-Танай нам улс төрийн тавцанд эргэн сэргэж, засгийн эрх барихад хэчнээн жилийн хугацаа шаардлагатай вэ?

-МАН-ын тоглоомоор тоглохоо больсон цагт л тийм зүйл болно. Өөрсдийнхөө тоглоомын дүрмийг бий болгож, жинхнээсээ, сэтгэлээсээ улс төр хийх ёстой. Тооцоо судалгаатай, тууштай байх хэрэгтэй. Сөрөг хүчнийхээ үүргийг биелүүл гэдэг чинь нийгмийн бухимдлыг чулуу болго л гэсэн үг. Ингэх юм бол МАН яаж ч мөнгөөр зодоод дийлэхгүй.

-Нийслэлд сүүлийн найман жилд МАН засаглаж байна. Энэ хугацааг базаад дүгнэвэл юу хэлэх вэ?

-Ямар их цаг хугацаа алдаж байна аа л гэж харамсаж сууна. Ардчилсан намын хийж байсан ажил гэж улстөржөөд бүх ажлыг 2016 онд зогсоосон. Харин сүүлдээ метро барихаас, гэр хорооллоо дахин төлөвлөхөөс өөр аргагүй юм байна гэдгийг ойлгож байх шиг байна л даа. Гэхдээ энэ алдсан хугацаа чинь хайран шүү дээ. Өнгөрсөн 2020 оны есдүгээр сард метро ашиглалтад орох байсан. Амгаланд байгаа Анагаах ухааны дээд сургууль чинь метроны эцсийн буудал байхгүй юу. Эцсийн буудал нь бэлэн болчихоод байхад метро нь байхгүй. Төлөвлөгөө ёсоор өдийд 20-иод мянган өрх орон сууцанд орчихсон байх ёстой хугацаа алдчихлаа.

-Сүүлийн хоёр ч Засаг даргыг хууль зөрчин томилогдсон гэсэн шүүмжлэл байна. Үүн дээр юу хэлэх вэ?

-Хууль зөрчсөн гэдэг дээр арай л дэндсэн. Нийслэл гэдэг орон нутгийн өөрөө удирдах институц маань байхгүй болсон. Зүгээр л Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг боллоо. Үндсэн хууль зөрчөөд шууд томилж байна. Ийм юм яриахаар үүний цаана ямар гүнзгий агуулга байдгийг манайхан ойлгодоггүй. Би нэг зүйлийг одоо их гайхаад байгаа юм. Энэ жил болох орон нутгийн сонгуулиар нийслэлийн иргэд Л.Оюун-Эрдэнэтэй хариуцлага тооцох юм уу, Х.Нямбаатар, Д.Сумъяабазартай хариуцлага тооцох уу. Би бол Л.Оюун-Эрдэнэтэй хариуцлага тооцох сонгууль байх ёстой гэж үзэж байгаа. Яагаад гэхээр Ерөнхий сайд чинь жинхэнэ хотын дарга болчихоод байна. Хүмүүс Х.Нямбаатар гэж эндүүрээд байгаа юм. Тэр чинь хэрэгжүүлэгч агентлагийн л дарга. Х.Нямбаатарыг томилсноороо нийслэлд болж, бүтэхгүй байгаа бүх зүйлийн хариуцлагыг Л.Оюун-Эрдэнэ үүрэхээр болсон. Энэ үнэнийг нийслэлчүүд маань ойлгоосой.

-“Ногоон автобус”-ны хэрэг гарсан. Үүнийг та хэрхэн харж байна вэ?

-Энэ далимд ард иргэддээ нэг зүйлийг сануулмаар байна. Намайг анх ажил авч байхад түгжрэл тэг зогссон байсан. Замуудаа өргөтгөж, уулзвар, гарцыг сайжруулж байж үүнээс гарсан. Мөн бидний үед автобус ингэж хүлээдэггүй, чихдэггүй байлаа. Автобусны соёл гэдэг чинь бидний үед бий болсон. Урдуур нь сууж, хойгуур нь бууж сурцгаасан. Гэхдээ автобус нь гурав дахин цөөн байсан. Гэтэл нийтийн тээврийн үйлчилгээг мөн л нураачихлаа. Менежментээ огт ойлгохгүй байна. Бие биедээ ажил, бизнес бий болгож өгөхийн тулд автобус баазыг гурав хуваачихаад байгаа юм. уг нь Улаанбаатарын автобус бааз гэж ганц л байх ёстой. Гурав хуваачихаар менежмент, өндөр ачааллын цагийн зохицуулалт хийх боломжгүй болчихоод байгаа юм. Автобус баазын цаана маш өндөр бэлэн орлого байдаг учраас түүнийг хэн нэгэндээ гаргаж өгөхийн тулд ийм байдалд оруулсан.

-“Ногоон автобус”-ны хэрэг дээр хоёр хувийн компанийн захирлыг хорьсон. Гэтэл шийдвэр гаргагч дарга нарыг шалгаж байгаа эсэх нь мэдэгдэхгүй өдий хүрлээ. Тэд өөрсдөө дур мэдээд хуучин автобус оруулж ирж чадах уу?

-Л.Оюун-Эрдэнэ өөрийн нам гэлтгүй авлигалтай тэмцэж байгаа нь сайн хэрэг. Энэ бол МАН-ын түүхэнд гараагүй явдал. Уг нь дарга нар нь ийм зүйлээ тас нуудаг байсан. Л.Оюун-Эрдэнэ үүнийг ил болгосон нь үнэхээр сайн. Гэхдээ сүүлийн үед улс төрийн өнгө аястай тэмцэж ялгавартай хандаад байна уу даа гэж би жаахан сэжиглээд байгаа юм. Д.Мөнх-Эрдэнэ, Н.Өнөрцэцэг, Ц.Хулан нарыг бариад хорьчихсон. Гэтэл тэдний дэргэд жинхэнэ авлигын мангасууд МАН-ынх учраас яах ч үгүй л явж байна. Яагаад ингэж тэгш биш хандаад байгаа юм. Н.Өнөрцэцэгийн хувьд бол нэг сэтгүүлчийг алж мянган сэтгүүлчийн зүрхийг үхүүлдэг ажиллагаа л явж байна гэж харж байгаа. Түүний цаана чөлөөт хэвлэлийг айлгах, амыг нь барих гэсэн илүү том улс төр явж байна. Харамсалтай нь манай чөлөөт хэвлэлийнхэн үнэт зүйлээ бус хувийн эмоцио барих юм. Мөн түүнийг нүүрсний бизнест орооцолдсон гээд байгаа. Тэр ямар төрийн албан хаагч юм уу. Сэтгүүлч ч гэсэн жирийн иргэн шүү дээ. Баруунд бол сэтгүүлчид нь бизнест хөрөнгө оруулдаг. Д.Мөнх-Эрдэнийн хувьд л гэхэд урьд хожидын хэрэг дээр л яллачихлаа. Урьд яллаж байхгүй, төрийн муу муухайг илчлээд эхлэхээр нь л хорьчихсон. Тийм учраас би МАН-тай үхэн үхтлээ алалцана. Энэ нам намайг 30 жил гүжирдсэн. Би хоёр баганын бодлого гэж том юм яриад тэвчиж, үнэт зүйлээ бариад явсан. Намайг дуртай цагтаа гүжирдэж, барьж хорьдог.

-“Чиний үг хэлэх эрхийн тань төлөө насаараа тэмцэнэ” гэж та хэлсэн. Гэтэл таны авсан жишээнүүдээс харахад үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчөөд байгаа юм биш үү. Энэ эрх манайд хадгалагдаж байна уу?

-Интернэтийн буянаар л энэ эрх жаахан хадгалагдаж байна. Чөлөөт хэвлэл үндсэндээ хоёр хуваагдсан. Нэг хэсэг нь улс төрийн худалдан авалтад орсон. Харин М.Батбилэг нарын цөөхөн сэтгүүлч, Өдрийн сонин мэтийн ганц нэгэн хэвлэл л үзэж байна. Энэ бол Путины арга байгаа юм. Өөрөөр хэлбэл цөөхөн зоригтнуудыг айлгаж, нийгмийг тэр чигт нь айдаст автуулдаг энэ аргыг Путин хэрэглэсэн. Ер нь зоригтнууд нийгэмд маш цөөхүүлээ байдаг юм. Д.Мөнх-Эрдэнийг барьж хорьсноор маш их айдаст автсан. Ардчиллыг амьд байлгахын тулд энэ эр зоригийг л алж болохгүй. Зоригтой цөөхөн хүн байхгүй болчихвол ардчилал байхгүй болно. Үндсэндээ олон нийтийн өмнө тэднийг цовдолж харуулж байна.

-Хотын хаалган дээр өлгөдөг байсан шиг үү?

-Дундад зуунд шонгоос өлгөдөг байсан шиг Н.Өнөрцэцэгийг дүүжилж харуулж байна. Д.Мөнх-Эрдэнийг дүүжлээд, зоригийг нь мохоосон. Ардчиллын төлөө хэзээ ч нийгэм бүхлээрээ зоригтой байгаагүй. Цөөхөн хүн байсан. Орост ийм аргыг хэрэглэсэн учраас одоо тэнд нийгмээрээ айдаст автчихсан, матаасанд живж байна. Хүн нь байвал хэрэг нь олдоно гэдэг зарчмаар хэнийг ч цовдолж магадгүй. Ийм болохоор МАН-тай өршөөлгүй тэмцэх ёстой. Би энэ намд өршөөнгүй явж ирсэн байна. Одоо над шиг хүнийг айлгахад хэцүү. Хүүхдүүд нялх, 30-тай байхдаа айж яваагүй хүн одоо насны нар хэвийж явахад юунаас айх юм. Намайг мянгантаа шоронд хийгээд ч Путины заавраар намайг яаж ч устгах гээд нэмэргүй. Би одоо золих юмаа золих газарт нь өгөөд гарна. Харин одоохондоо залуучуудаа зориглохыг бас давхар хүлээж байна. Нийгэм чинь эхлээд цөөхөн зоригтноо хардаг юм. Тэд нь болоод явчих юм бол дараа нь бүгдээрээ дэмждэг. Байгаль өөрөө биднийг ингэж бүтээсэн юм. Нүүдлийн шувууг хүртэл нэг нь манлайлж явдаг биз дээ. Ард түмэн хүчээ мэдрэх хэрэгтэй. Хүмүүсээс маш бага хүч гарах юм шүү дээ, уг нь. Баасан гаригт талбай дүүргээд л болно. Ерөөсөө очоод ирэх л асуудал. Хэрэв ингээд талбай дүүрэн жагсахад л улстөрчид бүгд чацга алдана. Түүнээс биш интернэтийн араас мянга орилоод түүнийг чинь огт хүлээж авахгүй. Ард түмний бухимдал чулуу болсон цагт ямар ч дарангуйлагч дийлдэггүй юм.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Ундармаа: Нэг хувиар татвар төлөх боломжтой заалт нь зөвхөн үйл ажиллагааны орлогод хамаатай DNN.mn

Энэ оны эхний өдрөөс ХХОАТ нэг хувь боллоо. Уг хууль хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан иргэдийн дунд үүсээд байгаа эргэлзээтэй асуудлаар ТЕГ-ын Татвар төлөгчид үйлчлэх газрын Татварын улсын байцаагч Ц.Ундармаагаас тодрууллаа.


-Шинээр хэрэгжиж эхэлсэн хуулийн дагуу ХХОАТ-ыг хэн, хэн төлөх вэ. ХХОАТ гэхээр зөвхөн хувь хүнээс авах уу. Эсвэл хувийн хэвшил болон төрийн байгууллага орж байгаа юу?

-ХХОАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд үйл ажиллагааны орлоготой иргэн орлогын дүн хамаарахгүйгээр нэг хувиар татвар төлөх боломжтой болсон. Нэмэлт өөрчлөлтөөс өмнө зөвхөн 50 хүртэлх сая төгрөгийн борлуулалтын орлоготой иргэн хүсэлт илгээж, хялбаршуулсан горимд бүртгүүлснээр нэг хувиар татвар төлөх боломжтой байсан. Иргэдийн хувьд сонголт хийх боломжтой. Ингэхдээ нэгдүгээрт, хүсэлтээ илгээж бүртгүүлж нийт борлуулалтын орлогоос нэг хувиар татвар төлж болно. Хоёрдугаарт, нийт борлуулалтын орлогоос хууль тогтоомжид заасан нөхцөл шаардлагыг хангасан зардлаа хасаад ашгаасаа 10 хувиар татвар төлөх үү гэдгээ сонгож болно.

-Хувь хүн цалингаа авлаа гэж бодъё. Иргэн Батаагийн дансанд 800 мянган төгрөгийн цалин ормогц нэг хувийг нь татварт авчих уу. Батаа цаашаа Доржид мөнгө шилжүүлэхэд түүнээс бас нэг хувийн татвар тооцно гэсэн үг үү. Энэ маягаар иргэн Батаагийн 800 мянган төгрөгийн цалин дуусан дуустал татвар бодогдсоор байх юм уу?

-Хувь хүний дансанд орсон гүйлгээ болгоныг орлого гэж үзэх боломжгүй. ХХОАТ-ын тухай хуульд зааснаар цалин хөдөлмөрийн хөлсний орлого, шууд бус орлого, хөрөнгийн орлого, хөрөнгө борлуулсан шилжүүлсний орлого, бусад орлого, үйл ажиллагааны орлого гэж зургаан төрлийн орлогод албан татвар ногдуулахаар заасан.

-Хувь хүний дансанд орж байгаа орлогод нэг хувийн татвар ногдуулахаар бэлэн мөнгөний гүйлгээ эрчимжиж, далд эдийн засаг нэмэгдэх сөрөг талтай гэж зарим нь шүүмжилж байгаа харагдсан. Тэгэхээр иргэдийн данснаас дансанд дамжих гүйлгээ болгонд энэ нэг хувийн татвар авахгүй байх нь ээ?

-Нэг хувиар татвар төлөх боломжтой заалт нь зөвхөн үйл ажиллагааны орлогод хамаарагдана. Үүнд үйлдвэрлэл эрхэлсэн, бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлж олсон орлогууд багтана. Үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн орлого олох тухай бүрдээ төлбөрийн баримтаа олгох үүрэгтэй. Орлогын нийт дүнг төлбөрийн баримтын дүнгээр тодорхойлно. ХХОАТ-ын тухай хуульд заасан нэмэлт өөрчлөлт нь татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, татварын ачааллыг бууруулах, бизнес эрхэлж байгаа хүмүүсийг дэмжих зорилготой юм.

Бизнес эрхлэгч хувь хүний нийт үйл ажиллагааны борлуулалтын орлогын нэг хувиар албан татвар төлөх эрх боломж нээгдэж өргөжиж байгаа ч 50.0 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой тохиолдолд Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх үүрэг нь хэвээрээ гэдгийг анхаарах шаардлагатай.

-Үйлчилгээ эрхлэгч байлаа гэж бодъё. Жишээлбэл, найман нэрийн барааны дэлгүүр борлуулж байгаа бараанаас олсон орлого болгондоо нэг хувийн татвар төлөх нь. Зарсан барааныхаа мөнгийг бөөний төвд шилжүүлмэгц тэндээс нь бас нэг хувийн татвар оногдуулах уу. Бөөний төв дэлгүүрүүдэд нийлүүлсэн барааныхаа ашгийг аваад үйлдвэрт мөнгөө тушаахад үйлдвэрлэгчээс нь бас нэг хувийн татвар авах юм уу?

-Худалдаа эрхлэгч бөөний төв, худалдааны төв, барааны дэлгүүр борлуулалт хийх тухай бүрдээ төлбөрийн баримт олгон борлуулалт бүртгэгддэг. Иймд бараа бэлтгэхтэй холбоотой худалдан авалтаа зардлаар бүртгэдэг. Тухайн барааг худалдан авч борлуулж байгаа иргэдийн хувьд худалдан авсан барааг зардлаар бүртгэж, борлуулах бүрдээ төлбөрийн баримт олгон борлуулалтын орлогоор бүртгэнэ.

НӨАТ-ыг тооцохдоо борлуулсан дүнд төлөх НӨАТ ногдож, үүнээс барааг худалдаж авахдаа төлсөн НӨАТ-ыг хасч тооцох юм. Өөрөөр хэлбэл зөвхөн ашигт ногдож байгаа НӨАТ-ыг төлдөг тул давхардсан тооцоолол хийгддэггүй.

М.МӨНХ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Түүхийг үгүйсгэгч” буюу үнэнтэй тулахын хямрал” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Монгол Улсын баатар,
нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл “Жагсаал, иргэдийн бухимдал, өрсөлдөгч намууд, алга ташилт, санал гээд бүгдийг нь эрх баригч нам худалдан авч байна” гэснийг VIII, IX нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

ТОМИЛОЛТ: Суудал хайрхны өвөрт чонын гүйдэл тосон суусан нь

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Түүхийг үгүйсгэгч” буюу
үнэнтэй тулахын хямрал” нийтлэл хэвлэгдлээ. 

МУЭИС-ийн Олон улс судлалын төвийн захирал П.Ганхуяг “Уранаас улбаатай хоёр хөршийн шахалтад орж байгаа бол үнэхээр том эрсдэл” хэмээн ярилаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол гурван жил хүртэлх хугацаагаар хоригдоно” гэлээ.


 Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375, 99130850 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Цолмонгэрэл: Эрүүгийн 84 төрлийн гэмт хэрэгт сэтгэл санааны хохиролд 2.7-82 сая хүртэл төгрөг тооцдог болсон DNN.mn

Хууль зүйн үйлчилгээний төвийн хуульч, өмгөөлөгч Г.Цолмонгэрэлтэй сэтгэл санааны хохирлын талаар ярилцлаа.


-Шүүх шинжилгээний тухай шинэчилсэн найруулга өнгөрсөн долдугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Энэ хуульд орсон нэг шинэ өөрчлөлт нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргач лалыг баталсан явдал. Энэ талаар дэлгэрүүлж ярьж өгөхгүй юу. Ямар зорилго, үзэл баримтлалтай аргачлал юм бол оо?

-Монгол Улсын Үндсэн хуулийн 16.14 зүйлд бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардлага гаргах, түүнийг төлүүлэх хүний үндсэн эрхийг тунхагласан байдаг. Үүнтэй холбоотойгоор Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 2022 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд сэтгэл санааны хохирол арилгахтай холбоотой зохицуулалтууд нь 2023 оны долдугаар сараас хэрэгжиж эхэлсэн.

Энэ бол манай улсын хүний эрхийг хамгаалах тогтолцоо нэг шат өөдөө алхсан явдал болсон юм.

Хүний хамгийн эрхэм үнэт зүйл болох сэтгэл, мэдрэмж, итгэл үнэмшил, сэтгэц оюун ухааныг гэмтээж бэртээхэд түүнийг үнэлэхгүй, учирсан хохирлыг барагдуулахгүй байх нь хүний үндсэн эрхэд халдаж байгаа, түүнийг сэргээн тогтоохгүй байгаа явдал юм.

Машин мөргөлдөхөд автомашинд учирсан гэмтлүүдийг оношлоод, үнэлээд хохирлыг нь нэхэмжилж болдог. Харин хүн гэмтсэн тохиолдолд бэртэл өвчлөлийг оношилж эмчилгээнд шаардлагатай эм тариа хагалгааны зардлыг гаргуулдаг боловч тухайн өвчтөний бие махбодид нүүрлээд байгаа зовуурь өвдөлт, үүнээс үүдэн сэтгэл санаа шаналгаатай байгааг үнэлж хохирлыг барагдуулахад хүндрэлтэй байсан. Зодооны хэргийн улмаас хүний нүд хөхөрсөн үед л гэхэд хүний нүүр харахад хэцүү, ажилдаа явж чадахгүй хэрэндээ л зовж хэдэн долоо хоногийг өнгөрөөдөг. Энэ нь юутай холбоотой вэ гэвэл тогтсон хууль, дүрэм журмын хэм хэмжээ байхгүйгээр шүүхийн практикт энэ төрлийн хохирлыг нэхэмжлэхэд хүндрэлтэй байсан.

Монгол Улсын хууль тогтоомжид учирсан хохирлыг төлүүлэхээр зохицуулалтууд урьд нь байгаагүй биш байсан. Иргэний хууль, Эрүүгийн хууль, Захиргааны хууль болон процессын хуулиудаар эд хөрөнгө, эдийн бус эд хөрөнгөд учирсан хохирол шаардах нэхэмжлэх бүрэн боломжтой.

Харин сэтгэл санааны хохирол, сэтгэцэд учруулсан хохирлыг барагдуулах гэсэн ойлголт саяныг хүртэл хуульд шууд заагаагүй, хэрхэн тооцож барагдуулахыг хуульчлаагүй явж ирсэн. Өмгөөлөгчдийн ур чадвар, талуудын мэтгэлцээний хүрээнээс шалтгаалж зарим тохиолдолд сэтгэл санааны хохирлыг барагдуулахаар шийдвэр гаргаж байсан тохиолдолд олон, гэвч нийтлэг биш. Жишээ нь ХЭҮК 2002 оноос хойш иргэдийн төлөөлөн сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн 33 нэхэмжлэлийг шүүхэд гаргасан, шүүхийн цахим санд судалгаа хийхэд нэлээд хэдэн сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн, түүнийг тодорхой хэмжээнд хангуулсан байдаг.

Харин одоо Шүүх шинжилгээний хуулийн хүрээнд сэтгэцэд учирсан хохирол, хүрээлэн байгаа байгаль орчинд учирсан хохирлыг, Улсын дээд шүүхийн 2023 оны долдугаар сарын 3-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны долдугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай тушаалын I хавсралтаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам” гэсэн журмуудыг баримтлан тогтоож, барагдуулж байна. Мөн эдгээр жишиг аргаас гадна Олон улсын үнэлгээний стандарт, аргачлалууд ач холбогдолтой хэвээрээ байгааг хэлэх нь зүйтэй.

-Аргачлалыг яаж тогтоож байна вэ. Үүнд ямар гэмт хэргүүд хамаарах вэ?

-2022 онд батлагдсан Шүүх шинжилгээний тухай хуулийн хүрээнд Эрүүгийн хуульд заасан зургаан бүлгийн 84 зүйл гэмт хэрэгт сэтгэл санааны буюу сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэх боломжтой байхаар хуульчилсан. Жишээ нь, хүн амины, хүний эрүүл мэндийн эсрэг, хүний бэлгийн эрх чөлөөний эсрэг, хүний халдашгүй чөлөөтэй байхын эсрэг, ялгаварлан гадуурхлын эсрэг, хүүхдийн эсрэг гэмт хэргүүд бүхэлдээ мөн сонгуулийн үеийн худал мэдээлэл тараах хэргүүд, хулгай, дээрэм, залилан, байгаль орчин бохирдуулах, зам тээврийн хэрэг, эрүү шүүлт тулгах гэсэн төрлүүд хамаарч байгаа.

Мөн Иргэний хуулийн 511 дүгээр зүйл гэм хорын хохирол нэхэмжлэх түүний хэмжээг тооцох талаар шинэ зохицуулалт орсон. Иргэний алдар хүнд, нэр төрд халдсан худал мэдээлэл тараасан, дүрсийн эрхийг зөрчсөн зөрчилд эдийн бус хохирол буюу сэтгэл санаанд учирсан хохирлыг мөнгөн дүнгээр илэрхийлэн төлүүлэх боломжтой.

Ингээд хохирлыг тооцох жишиг аргачлал батлагдсан. Таван зэрэглэлээр сэтгэцэд учирсан хохирлыг тооцож авдаг болсон. Энэ нь одоогийн хөдөлмөрийн доод үнэлгээтэй уялдуулаад 2.782 сая төгрөг хүртэл байна. Ирэх оноос хөдөлмөрийн хөлсний хэмжээ нэмэгдэнэ. Тэгвэл энэ хэмжээ дагаад нэмэгдэнэ гэсэн үг. Таван зэрэглэлийг тогтоохдоо гэмтлээс үүдэлтэй үлдэц, танин мэдэхүй, нийгмийн харилцаа, төрх үйл, сэтгэл хөдлөл, биеийн хөдөлгөөн зэрэг шалгуур үзүүлэлтээр тухайн хүний  сэтгэц санааны байдлыг үнэлээд шинжээч зэрэглэл тогтоож байна.

-Хохирлыг хэн тооцох вэ. Хохирогч, холбогдогч болсон хүн бүр энэ өөрчлөлтийг мэдэхгүй байгаа. Тэдэнд хэн нэгэн энэ хуулийн талаар сануулж тодруулж хэлж өгөх ёстой юу. Эсвэл шууд мөрдөн байцаалтын явцад бодогдоод явах уу?

-Хохирлыг тооцон олгох шийдвэрийг шүүх гаргаж  байна. Гэхдээ хохирол учруулсан хүн хохирлоо хүлээн зөвшөөрвөл заавал шүүхийн шийдвэрээр хохирол төлөх албагүй.

2023 оны долдугаар сараас хойш үйлдэгдсэн дээрх 84 төрлийн гэмт хэрэгт сэтгэцэд учруулсан хохирлыг тооцон авахад асуудал алга. Мөрдөн байцаалтын явцад мөрдөгч санаачилгаараа, түүнд хохирогч хүсэлт гаргаад, прокурор санаачилгаараа, мөн шинжээч томилуулан хохирлын тооцоог гарган нэхэмжлэх, шүүх нөхцөл байдлыг дүгнэн тодорхой үнийн дүнгээр хангах боломжтой, шүүхийн шийдвэрүүд эхнээсээ гараад л явж байна.

Ер нь хохирлыг яаж тооцох вэ, хэдэн төрлийн хохирол байх боломжтой талаар жишээ дурдъя л даа. Шүүх тухайн тохиолдол бүрд хэрэгт цугларсан баримтыг үндэслэн ялгаатай дүнгээр шийдвэрлэх боломжтойг анхаараарай. Жишээ нь, авто ослын улмаас эрүүл мэнд хохирсон бол дараах байдлаар хохирол нэхэмжлэх боломжтой. Эмчилгээний зардал (эм тариа, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардал), урт хугацааны асаргаа шаардсан бол асаргааны зардал буюу асран хамгаалах хүний хөлс, ажил хаалтын зардал болон ирээдүйд алдагдсан орлого, эрүүл мэнд хохирсны улмаас үүсэх сэтгэл санааны хохирол, хуулийн туслалцаа өмгөөлөгчийн зардал орно.

Түүнээс гадна хүний амь нас хохирсон гэмт хэргийн улмаас ар гэрийнхэнд нь дараах байдлаар хохирол төлбөр гаргуулах боломжтой. Хохирогч 23 настай гэж тооцъё. Үүнд, оршуулгын зардал, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хохирол буюу 82.5 сая эсвэл хохирогчийн насыг хүн амын дундаж наслалттай жишээд зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 129 сая гэж тооцож болох бөгөөд аль ашигтайгаар нь шүүх тогтооно.

Хэрэв тус гэмт хэргийн улмаас бүтэн өнчин болсон бага насны хүүхэд байгаа бол хохирлын хэмжээг хоёр дахин үржүүлж тооцно. Олох байсан орлого (түүний асрамжид байсан хүүхэд, гэр бүлийнхэн нь тэтгэвэрт гаргах нас, нас барсан насны зүрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ эсвэл дундаж цалинд нь үржүүлээд олох боломжой байсан орлогыг нэхэмжилж болох юм), хуулийн зардал гэх мэт орно.

Харин 2023 оны долдугаар сараас өмнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэхэмжлэхэд хууль зүйн хувьд маргаан гарч байгаа. Иргэний хуулийг хуульд зааснаа бусад тохиолдолд буцаан хэрэглэхгүй гэсэн заалт байгаа. Шүүх шинжилгээний тухай хуульд хэрхэн буцаан хэрэглэхтэй холбоотой яаж хэрэглэх талаар заалт байхгүй тул өмнө үйлдэгдсэн хэрэгт хохирлыг жишигээр тогтооход хүндрэлтэй байгаа. Гэхдээ долдугаар сараас өмнөх хүний амь, эрүүл мэнд, сэтгэл санаа үнэгүй, түүнээс хойш нь үнэтэй гэсэн үг биш ээ, холбогдох үндэслэл бүхий баримтыг цуглуулан шүүхээс нэхэмжлэх боломжтой гэдгийг санаарай.

-Магадгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллээс улбаалаад сэтгэл санаа хохирсон гэж энэ хуулиар нэхэмжлэл гаргах уу?

-Тэгэх боломжтой. Иргэний хуулийн  21.4, 21.5, 21.6 дугаар зүйлд хүний нууцад хамаарах мэдээллийг зөвшөөрөлгүй тараасан, кино дүрс бичлэг, хальс зурагт зөвшөөрөлгүйгээр нийтэлсэн олон нийтэд үзүүлсэнээс гэм хор учирсан гэж үзвэл шүүхээр эдийн бус хохирлыг нэхэмжилж болохоор заасан. Шинжилгээ хийлгүүлж зэрэглэл тогтоолгохоор шинжээчид хандах, шүүхийн журмаар шинжээч томилуулаад хохирлоо нэхэмжлэх боломжтой. Худал мэдээлэл тараах гэмт хэрэг Эрүүгийн хуулийн 13.14-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзвэл сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах боломжтой байна.