Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

П.Галиндэв: Монгол Улсын иргэнд ч 100 жилээр газар эзэмших эрх байхгүй атал гаднынханд яагаад энэ эрхийг нээж өгөх ёстой юм DNN.mn

Ардчилсан намын дэд дарга, тус намын Улс төрийн зөвлөлийн гишүүн П.Галиндэвтэй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн асуудлаар ярилцлаа.


-Танай намын хувьд УИХ-д өргөн баригдсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийг яагаад эсэргүүцээд байгаа вэ. Энэ талаараа та тодорхой тайлбар хэлэх үү?

-Манай намын хувьд аливаа шуурхай шийдвэрүүд Улс төрийн зөвлөлөөр хэлэлцэгдэж гардаг. Тэр утгаараа уг хуулийн төсөл батлагдсанаараа Монгол Улсын газар нутгийг гаднынханд 100 жилийн хугацаанд найр тавьж өгөх агуулгаар Ч.Хүрэлбаатар санаачлан батлуулахаар зүтгэж байна гэж үзсэн. Тиймээс Монголын ард түмэн энэхүү хуулийн төслийн зүйл заалт бүрийг маш анхааралтай ажиглах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр уг хуулийн төсөлтэй холбоотой Ардчилсан намын байр суурийг тодорхой болгох үүднээс энэхүү шийдвэрийг Улс төрийн зөвлөл гаргасан гэж ойлгож болно.

-Асуудал Ч.Хүрэлбаатар хууль өргөн барьсанд байна уу. Эсвэл уг хууль нь үнэхээр хөрөнгө оруулагчдыг татах эрх зүйн акт биш гэж үзээд байна уу?

-Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах гэхээс илүү Монгол Улсын газар нутгийг гаднынханд давуу байдал бий болгож өгөх эрх зүйн орчин бүрдэх гэж байна гэдэгтээ асуудал байгаа юм. Өөрөөр хэлбэл Монгол Улсын иргэнд ч олгогдоогүй эрх зүйн давуу байдлыг гадныханд өгөх гэж байгааг эсэргүүцсэн гэсэн үг. Тиймээс Ардчилсан намын хувьд энэхүү хуулийг нэгдүгээрт, батлуулахгүй байх ёстой. Хоёрдугаарт, сонгуулийн өмнө буюу энэ богино хугацаанд хэлэлцэх ёсгүй. Харин сонгуулийн дараа буюу дараагийн парламентын бүрэн эрхийн хугацаанд уг асуудлыг нухацтай авч хэлэлцэх шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлж байна

Нөгөөтэйгүүр МАН-ын хувьд парламентын хоёр ч бүрэн эрхийн хугацаанд ажиллалаа. Тэгвэл энэ хугацаандаа гадаадын хөрөнгө оруулагчдыг жинхэнэ утгаараа татаж чадсан уу. Эдийн засагт бодитой хувь нэмэр оруулсан уу. Үгүй. Эсрэгээрээ Монгол Улсын нийт гадаад өр 33 тэрбум ам.доллар болж өслөө. Монгол Улсын нэг иргэнд ноогдох гадаад өр 35 сая төгрөг болж нэмэгдлээ. Өөрөөр хэлбэл эрх баригчид бүрэн эрхийнхээ хугацаанд Монгол Улсын гадаад өрийг хоёр дахин нэмэгдүүллээ гэж хэлж болно.

-Та гадаад өр ярьж байна. Гадаад өр энэхүү Хөрөнгө оруулалтын хуультай ямар холбоотой гэж…?

-Бидний хувьд энэхүү Хөрөнгө оруулалтын хуулийг эсэргүүцэж байгаа нэг том шалтгаан бол гадаад өртэй холбогдоно. Тухайлбал Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан энэхүү хууль хэрэв батлагдвал Монгол Улс гадаад өрөндөө гадаадын иргэнд газраа өгөх эрх зүйн орчин бүрдэж байна гэсэн үг. УИХ-ын отгон чуулган өндөрлөх гэж байна. Хэдхэн сарын хугацаа үлдлээ. Тиймээс энэ богино хугацаанд энэ чухал хуулийг яаран сандран хэлэлцээд батлах ёсгүй л гэж үзэж байгаа юм. Тиймээс уг хуулийг зайлшгүй хойшлуулах хэрэгтэй.

-Ардчилсан намын тухайд гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, чөлөөт эдийн засгийг дээдлэх үзэл баримтлалтай нам. Тэр утгаараа энэхүү хуулийн төслийг эсэргүүцэж байгаа нь танай намын үзэл баримтлалд харшлахгүй юу?

-Ардчилсан намын хувьд гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжих талд байнга зогсдог. Таны хэлдэгээр бидний үзэл баримтлал ч гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжихэд чиглэгдсэн. Тэр утгаараа бид гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжих, эрх зүйн орчныг нь сайжруулах хуулийн төсөл, бодлогоо тун удахгүй гаргах болно. Мэдээж намын бодлого бий. Тэрхүү бодлогоо бид илүү сайжруулах, илүү боловсруулах чиглэлд ажиллаж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Харин гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжих нэрийн дор гаднынханд газар нутгаа өгөх хуулийн төслийг бид эсэргүүцнэ. Энэ хуулийн төслийг эсэргүүцэх нь манай намын үзэл баримтлалд харшлахгүй.

-Ч.Хүрэлбаатар сайдын өргөн барьчихсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн яг ямар заалтыг та бүхэн эсэргүүцэж байгаа юм бэ?

-Юуны өмнө Ч.Хүрэлбаатар гэх нөхөр бол аливаа асуудлыг өмнөх рүүгээ чихсэн, өөрийнхөө эрх ашигт нийцүүлэхийн тулд байнга худал үгээр олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлж ирсэн хүн. Хөрөнгө оруулалтын тухай хууль 1993 онд батлагдаж, 2013 онд шинэчлэгдсэн эрх зүйн баримт. Харин одоо 2023 онд дахиад уг хуульд шинэчилсэн найруулга хийх гэж байна. Ч.Хүрэлбаатарын санаачилсан “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн төсөл нь батлагдсанаар гадаад улсын иргэд Монгол Улсад нэг ширхэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийхгүйгээр хөрөнгө оруулагч статустай болон Монгол Улсад хаа дуртай өөрийн сонгосон газартаа 100 жилээр гэр бүлээрээ оршин суух эрхтэй болж улмаар татварын болон татварын бус олон урамшууллыг авах эрх зүйн орчин бүрдүүлж байгаа нь дараах хуулийн төслийн зүйл заалтаар нотлогдоно. Мөн тэдгээр хөрөнгө оруулагчид нь хөрөнгө оруулалт хийх газар, бүс нутгаа хараат бусаар сонгож холбогдох шийдвэрийг бие даан гаргах, газар, байгалийн баялаг ашиглах хүсэлт гаргах эрхтэй хэмээн зааж өгсөн нь Үндсэн хууль, ард түмний язгуур эрх ашгийг хөндөж байгаа юм.

-Одоо мөрдөгдөж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулиас хасагдаж байгаа ямар зүйл заалт байна вэ?

-Тус хуулийн 3.1.5-д Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгжийг гэж заасан байгаа. Энэхүү заалтыг хассан. Өөрөөр хэлбэл 100 мянган ам.доллар гэх заалтыг Ч.Хүрэлбаатар тэг болгосон. Өөрөөр хэлбэл нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийхгүйгээр гаднын хөрөнгө оруулагч болох боломжийг бий болгож байна гэсэн үг. Хуулийн хулгай гэдэг ийм аюултай. Ганц нэг үгийг хасах, нэмэх тохиолдолд л тухайн хуулийн агуулга бүхэлдээ өөрчлөгддөг.

-1993 онд батлагдсан хуулиараа газрын асуудал 60 дээр нэмэх нь 40 хэлбэрээр явж байсан. Одоо ч тэр хэвээрээ байгаа шүү дээ…?

-Мэдээж өмнөх хуульд ийм заалт бий. Гэхдээ ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулалт хийгдсэн байж л энэ эрхээ эдэлдэг эрх зүйн зохицуулалт байсан. Харин үүнийг Ч.Хүрэлбаатар болиулах гэж байна. Өөрөөр хэлбэл нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийхгүйгээр гаднынханд Монгол Улсын газар нутгийг 100 жил эзэмшин ашиглах эрх өгчихөж байгаа юм. 100 жил газар эзэмшинэ гэдэг бол тухайн хүн гурван үеэрээ тухайн нутагт эзэн сууна гэсэн үг шүү дээ.

-Тэгвэл та бүхний харж байгаагаар тус хуульд орж байгаа ноцтой заалтууд нь яг юу юм бэ. Та үүнийг хуулийн зүйл заалттай нь тайлбарлаад өгөхгүй юу?

-Уг хуульд орсон ноцтой 10 гаруй заалт бий. Үүнээс би таван зүйл заалтыг нь хэлье. Тус хуулийн төслийн 5.1.1-д хөрөнгө оруулагч дангаараа, эсхүл хамтран аж ахуйн нэгж байгуулна гэж заасан байгаа. Компани байгуулахад сайндаа л нэг сая төгрөг шаардлагатай. Тэгэхээр сая төгрөгөөр л гадаадын хөрөнгө оруулагч гэдэг статустай болох боломж нээгдэж байгаа юм. Тэгвэл 5.1.4-т компанийг нэгтгэх, нийлүүлэх замаар хөрөнгө оруулалт хийж болно гэж. Гадаадын компани дотоодын компанитай нийлсэнээрээ шууд хөрөнгө оруулагч болж хувирч байна. Хамгийн их анхаарал татаж байгаа заалт бол 5.1.5. Үүнд төр, хувийн хэвшлийн түншлэл, бүтээгдэхүүн хуваах гэрээ, маркетинг, менежментийн болон бусад гэрээ байгуулах гэж байгаа. Жишээ нь таны компанийн менежментийг би хийе гээд л хөрөнгө оруулагч болчихож байна. Бүр танай компанийн марктенгийн гэрээг би хийе гээд л хөрөнгө оруулагч статустай болчихно. Энэ мэт ямар ч хөрөнгө оруулалт хийхгүйгээр гадаадын хөрөнгө оруулагч болох боломжийг уг хуулиар нээгээд өгчихөж байна.

-Хөрөнгө оруулагч болсоноороо ямар давуу тал эдлэх гээд байна вэ?

-Тус хуулийн төслийн 5.2-т Монгол Улсын хууль тогтоомжоор хориглосноос бусад салбар, нутаг дэвсгэрт хөрөнгө оруулалт хийж болно гэж байгаа. Хуулиар хориглоогүй л бол аль ч нутагт, ямар ч салбарт хөрөнгө оруулж болохоор байна гэсэн үг. Цаашаа 7.1.1-т хөрөнгө оруулалт хийх хэлбэр, хэмжээ, хөрөнгө оруулалт хийх газар, бүс нутаг зэргийг хараат бусаар сонгох, холбогдох шийдвэрийг бие даан гаргах гэж байгаа. Тэгэхээр Монгол Улсын аль ч цэгт хөрөнгө оруулалт хийгээд бие даасан хараат бус шийдвэр гаргах боломжтой болчихож байна. Ийм хуулийн томьёололтой эрх зүйн акт гэж байх уу. Харин 7.1.5-д санхүүжилт, зээл, тусламж, газар, байгалийн баялаг ашиглах хүсэлт гаргах, хүсэлтээ шийдвэрлүүлэх гэж. Нөгөө хөрөнгө оруулагч нь Монгол Улсын хаана ч очоод ямар ч салбарт нь хөрөнгө оруулалт хийчихээд нэмээд байгалийн баялгийг ашиглах хүсэлт гаргаж болох нь л дээ. Бүр түүнийгээ шийдвэрлүүлэх эрхтэй болгон өгч байна. Монгол Улсын иргэнд ч ийм эрх бараг байхгүй шүү. Тэгэхээр Монгол Улсын газар нутгийг эзэмших, ашиглахыг иргэдээсээ илүү эрхтэйгээр гаднынханд олгох гэж байгаа нь өөрөө Үндсэн хуульд харшилж байгаа зүйл. Энэ бол хөрөнгө оруулагчдыг татах хуулийн төсөл огт биш. Харин эсрэгээрээ гаднынханд газар нутгаа өгөх эрх зүйн орчныг нээж өгсөн хуулийн төсөл.

-Улс төрийн хүчний хувьд энэхүү асуудлыг эсэргүүцэх, мэтгэлзэх, бодлогын түвшинд өрсөлдөх зэрэг асуудал байх нь энгийн үзэгдэл л дээ. Харин уг хуулийн төслийг Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн гэнэт гарч ирээд эсэргүүцэж байгаа нь ямар учиртай вэ. Мэдээж танай намын лидерүүдийн нэг. Ардчилсан нам Х.Баттулга хэмээх улстөрчөөр уг асуудлыг гарган ирж эсэргүүцэж байгаагийн цаад учир нь юу юм бэ?

-Монгол Улсаа, эх орноо боддог хүн бүр л энэхүү асуудалд дуугарах ёстой л доо. Гэвч тодорхой шалтгаан, мэдээлэлгүйгээс болоод зарим иргэд маань дуу хоолойгоо хүргэж чадахгүй байх шиг байна. Харин энэхүү хуулийн төслийг уншсан, судалсан, улс төрийн өнгө аясыг нь ойлгож байгаа хүн болгон л эсэргүүцлээ илэрхийлж байгаа болов уу. Уг асуудалд манай намын дарга ч байр сууриа тодорхой илэрхийлсэн. Тэр утгаараа Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд ч тодорхой байр сууриа илэрхийллээ. Намын дарга, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан эсэх нь тийм ч чухал биш. Монгол Улсын иргэн хүн гэдэг утгаараа уг асуудлыг анхаарахгүй байх арга үгүй шүү дээ. Цаашид иргэн бүр уг асуудалд анхаарлаа хандуулж, уг хуулийн төслийг эсэргүүцээсэй гэж хүсч байна. Монгол Улсын газар нутаг гэдэг бол ард түмний өмч. Газар нутаггүйгээр улс орон оршин тогтонох ямар ч боломжгүй. Тиймээс бид аливаа хуулийг баталж болно. Гэхдээ үндэсний язгуур эрх ашигт нийцээгүй хууль тэр дундаа гаднынханд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг маш нарийн авч үзэх хэрэгтэй.

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Н.Алтанхуяг: Монгол хүний эрх, эрх чөлөө гэдэг маш эмзэг болчихсон байгаа. Шоронд хүн хорих шиг амархан зүйл байхгүй болж DNN.mn

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодруулан ярилцлаа.


-Намрын чуулган өндөрлөх дөхөж байна. Олны анхаарал татсан нэг том хууль бий. Тэр нь Эрүүгийн хууль. Уг хуулийн төслийг энэ долоо хоногоос эхэлж хэлэлцэж байна. Таны хувьд уг хуулийн төслийн ажлын хэсэгт багтан орсон шүү дээ?

-Хоёр том хууль явж байгаа шүү. Нэг нь эрүүгийн хэргийн тухай хууль. Нөгөөх нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хууль явж байна. Нэг нь материалаг хууль. Нөгөөх нь процессын хууль гэсэн үг. тэгэхээр миний хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажиллаж байгаа. Уг хуульд яагаад өөрчлөлт оруулах асуудал гарч ирэв ээ. Тэгэхээр манайд шүүхийн шийдвэргүйгээр хүмүүсийг баривчилдаг болчихсон. баривчлагдсан хүмүүсийн дийлэнх буюу 90 орчим хувь нь дандаа шүүхийн шийдвэргүйгээр баривчлагдсан гэсэн үг.

Олон улсын шинжээчид хүний эрхийн байгууллагуудын төлөөлөл манайд ирээд энэ хуулиа янзал, өөрчил гэсэн. Үүнийг Засгийн газар дэмжээд, зөв чигтэй ажлыг эхлүүлж байгаа нь сайн.

-Тэгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль батлагдсанаараа шүүхийн шийдвэргүйгээр баривчилдаг байдал зогсох уу?

-Зогсоохын тулд л энэ хуулийн шинэчлэлийг хийж байгаа гэдгийг ойлгоорой. аливаа этгээдийг баривчлахын тулд заавал шүүхийн шийдвэртэй байх ёстой болно гэсэн үг. Зарим нэг тохиолдолд заавал баривчлах зүйл гарч ирнэ. тэгвэл маш түргэн хугацаанд шүүхийн шийдвэрийг гаргах ийм зохицуулалтыг тус хуульд оруулж байгаа. Наанадаж хагас, бүтэн сайн өдөр шүүгчид амрахгүйгээр ажилладаг болно. Нөгөөтэйгүүр одоо манайд ямар практик байна гэхээр хүнийг баривчилчихаад хугацааг нь сунгаад яваад байдаг. Өөрөөр хэлбэл нэг хүнийг бариад хорьчихлоо гэхэд тэр хүнийг 1-12 сар хүртэл баривчилж болдог эрх зүйн зохицуулалт байна. Үүнийг энэхүү хуулиар цэгцлэх гэж оролдож байна. монгол хүний эрх, эрх чөлөө гэдэг маш эмзэг болчихсон байгаа. Шоронд хүн хорих шиг амархан зүйл байхгүй болж. Өнөөдрөөс эхлээд байнгын хороод дээр ярина. Улмаар энэ чуулганы хугацаанд батлагдчих болов уу гэж ойлгосон.

-Сонгуулийн тойрог, мандаттай холбоотой өөрчлөлтүүд батлагдлаа. Энэ бол маш том өөрчлөлт гэж иргэд дүгнэж байна. Таны хувьд уг өөрчлөлтийг ямар байдлаар хүлээн авч байгаа вэ?

-Том өөрчлөлт гэдэгтэй нь санал нэг байна. харин үүнийг хийхдээ цагийг нь тулгаж байгаад баталчихсан нь жаахан тиймхэн санагдсан. Үүнээс хойш манай улс бүсчилсэн хөгжлөөр мандан бадрах юм шигээр ярьж байна. тиймээс үүнийг би бол монголчуудын тархийг угаах гэсэн нэг оролдлого гэж харсан. яах вэ, ерөнхий санаа нь бол буруу юм биш.

Сонгууль болохоос зургаахан сарын өмнө энэ том өөрчлөлтийг маш богино хугацаанд шийдчихэж байгаа нь өөрөө хардалт төрүүлж байгаа юм. МАН-ын хувьд 2024 оны сонгуульд оролцоход маш хүнд байгаа. Намын хувьд ч улстөрчдийнх нь хувьд ч тэр. Ихэнх нь хулгайд нэр холбогдчихсон.

– Надтай ярихгүйгээр л намайг энэ намын дарга болгочих санаатай хүмүүс олон байна-

Тиймээс үүнийгээ бодож тооцоолоод сонгуулийн энэхүү тогтолцоогоор явах нь илүү ашигтай гэж үзсэн байх. Тэр утгаараа сонгуулийг зөв, шударга, зарчимтай явуулъя гэхээс илүү энэ сонгуульд бид яаж ямар тогтолцоогоор оролцвол илүү ашигтай вэ гэдгээ юун түрүүнд харж ийм шийдвэр гаргасан болов уу. Түүнээс биш улсын хөгжил энэ тэр бол дараагийн асуудал байх аа.

-Тэгэхээр энэхүү сонгуулийн тогтолцоо танай намд ямар ч ашиггүй гэж үзээд байна уу?

-Тэр чинь өөр асуудал. Монгол Улсад сонгуулийн насны хоёр сая орчим иргэн байна. Үүний тал нь Улаанбаатарт, үлдсэн хэсэг нь орон нутагт байна. Тэр утгаараа тойргоос сонгогдох 78 мандатынх нь хуваарилалт шог болчихож байгаа юм. Тухайлбал, Улаанбаатар хотоос 20 гаруйхан хүн гарч ирнэ. Үлдсэн нь хөдөө орон нутгаас. Үүнийг нь хэлэхээр эрх баригчид өөрсдийгөө зөвтгөж дандаа ярьдаг. Монгол Улсын асуудлыг шийдье гэвэл эхлээд Улаанбаатар хотын асуудлыг шийдэх шаардлагатай биз дээ. Гэтэл энэ олон асуудалтай газраас гарч ирж байгаа төлөөлөл нь хамаагүй цөөн болчихож байгаа юм.  Тиймээс зарчим гэхээс илүү өөрсдөдөө илүү ашигтайгаар энэхүү тогтолцоог хийжээ гэж надад харагдаж байна. Нэмээд хэлэхэд тогтолцоо, үндсэн асуудлаар өөр нэг зүйл байгаа юм.

-Тэр нь юу вэ?

-Мөнгө. Манай ард түмэн бүгд л харж байгаа байх. Нүүрсний хулгайчаас эхлээд асар их мөнгө эрх баригчдад байна. Тэр утгаараа хэн мөнгөтэй нам, улстөрч нь ялдаг сонгуулийн тогтолцоо руу битгий явчихаасай гэж бодож байна. Гэтэл тойргийг томсгочихлоо. Тэгэхээр гурван аймгийн “атаманууд” мөнгөө нэгтгээд зүтгэчихвэл бусад нэр дэвшигчдэд тун хүнд сонгууль болно л доо. Жижиг нам болон залуу нэр дэвшигчдийн хувьд танигдах цаг хугацаа болон санал аваад гараад ирэх боломж асар бага л болно.

-Тэгэхээр бүсчилсэн тойргийн давуу талыг та юу гэж харж байна вэ?

-Хэрвээ шударга явагддаг бол бас давуу тал харагдаж байна л даа. Угтаа том тойрог гэдэг бол улс төрийн намуудын тулалдаан болно гэсэн үг. Гэтэл манайд олон нам гэхээр зүйл алга байна шүү дээ. Тойргоо томсгочихоор улс төрийн жижиг намууд бараг алга болсонтой адилхан гэсэн үг. Тэгэхээр МАН болон АН л үлдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл хоёр намын тулалдаан л болно. Угтаа улс төрийн нам өөрсдөө зөв зохион байгуулалтад ороод явбал маш том боломж. Гэвч тэгж чадахгүй л дээ, манай жижиг намууд.

-Танай намын хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа юм бэ. Нам гэж ярьсных та өнгөрсөн сонгуулиар намаасаа гарч бие дааж нэр дэвшсэн. Харин энэ удаа бие дааж нэр дэвших үү, Ардчилсан намаас гарч ирэх үү?

-Би энэ удаа намаасаа нэр дэвшинэ. Өнгөрсөн 2020 оны сонгуулиар намайг энэ намаас зүгээр л хасаад хаячихсан. Тэгэхээр намгүй хүн чинь яах вэ дээ, бие дааж л нэр дэвшинэ биз дээ. Гарцаагүй намгүй учраас өөр арга байхгүйгээр бие даасан болохоос биш. Намаа орхиод амиа бодсон юм байхгүй. Энэ Ардчилсан намыг байгуулалцаж явсан хүний нэг нь би. Ардчилсан намын асуудлыг би цагтаа мэддэг байсан. Харин одоо удирдлага биш болохоор төлөөлж байр суурь илэрхийлэх боломж алга. Бидний хувьд зориг зүрх муутай, унхиагүй л ажиллаж байна. Тухайлбал, саяны энэ томсгосон тойрог дээр МАН-тай нийлээд нэг цаас бариад дэмжээд зогсох шаардлага манай намд огт байхгүй шүү дээ. Учир нь жар гаруй хүн хуулиа баталъя гэвэл манай намтай намгүй л батална. Тэгэхээр хам хэрэгтэн болох ямар ч шаардлагагүй байсан юм.

-Таны хувьд Ардчилсан намын “Алтангадас” фракцад нөлөөтэй хэвээрээ байгаа юу. Таныг сонгууль дөхөөд ирэхээр энэ намын дарга болно гэсэн мэдээлэл гадуур мэр сэр явж байна. Та үнэхээр сонгуулийн өмнө АН-ын дарга болох уу?

-Юуны өмнө Ардчилсан намаасаа би нэр дэвшинэ. Харин намын дарга болох асуудал өөр шүү. Надтай ярихгүйгээр л намайг энэ намын дарга болгочих санаатай хүмүүс олон байна. Ер нь надад Ардчилсан нам ч жижиг харагдаж байна. Монгол Улсын хувьд тэртээ 1990 онд ирсэн ардчилал хаачив. Үг хэлэх эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрх чөлөө гэх мэт маш олон эрх чөлөө өнөөдөр алга болсон. Үүнийг шинэ залуу үеийнхэн маань огт анзаарахгүй байх шиг байна. Надад бол хуучин байсан хар цагаан кино, өнөө цагийн өнгөт кино хоёрын ялгаа асар их мэдрэгддэг. Үүнд л их санаа зовж байна. Тиймээс би зөвхөн Ардчилсан намын тухай яримааргүй байна. Харин тэр 1990 оноос олж авсан монголчуудын эрх, эрх чөлөө хаана байна гэдгийг л нэхмээр байна даа. Чи ярилцлагынхаа эхэнд асуусан, УИХ өнгөрсөн хугацаанд хэрхэн ажилласан бэ гэж. Энэ УИХ хоёр ч удаагийн сонсголыг маш сайн хийлээ гэж харж байгаа. Нэг нь Хөгжлийн банкны сонсгол, нөгөөх нь Нүүрсний сонсгол. Ардын намын бүх юм нь муу биш шүү. Энэ намын хулгайчид л муу байхгүй юу. Тэр хулгайчдад ер нь нам ч байхгүй л дээ. Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар гишүүдийн санаачилсан Хяналт шалгалтын хууль маш сайн хууль болсон. Энэ хуулийн хүрээнд л дээрх хоёр сонсголыг явуулсан гэж харж байгаа. Эхний удаа хийж байгаа учраас жижиг алдаанууд бий. Гэхдээ хийж байгаа нь өөрөө маш том амжилт юм.

-Нийгэмд “одоо сонсгол хийгээд л суугаад байх уу. Өөр ямар нэгэн хариуцлага тооцохгүй юм уу” гэдэг хандлагатай байна. Таны хувьд ч гэсэн ийм бодолтой байна уу?

-Тиймээс л бид УИХ дээр сонсголын дараа эхлээд хуулиуддаа өөрчлөлт оруулах шаардлагатай. Дараа нь холбогдох арга хэмжээг авч ажиллах ёстой юм. Сонсгол болоод дууссан. Одоо таны хэлдгээр маш олон шийдэл үлдчихлээ. Үүнийгээ УИХ сонгуулиас өмнө шийдээд явах байх аа. Одоо “Ногоон автобус”ны сонсгол хийнэ гээд явж байна. Үүнийг дээрх хоёр сонсгол шиг хийх л хэрэгтэй.

-Эрх баригчдын төсөвт олон жил дарамт үүсгэсэн гадаад өрийг тэглэлээ гэдэг зүйл ярьж байгаа. Уг өр нь таныг Ерөнхий сайд байх үеэс эхэлж тавигдсан гэдэг. Та үүнд тодорхой байр суурь хэлэхгүй юу?

-Өр гэдэг дээр би хоёрхон тоо хэлье. Намайг Ерөнхий сайдаас огцруулдаг жил буюу 2014 онд Засгийн газрын өр 3.5 тэрбум ам.доллар байсан. Өнөөдөр энэ өр 8.5 тэрбум ам.доллар болж өссөн. Өөрөөр хэлбэл Чингис бондыг гурав дахин үржүүлсэн их мөнгийг эд нар нэмж зээлсэн гэсэн үг. Үүнийг та бүхэн хаанаас ч харчихаж болно. Одоо яаж байна гэхээр нүүрсний хулгайн мөнгөөрөө эд нар маш буруу суртал ухуулга хийж байна. Өр анх тавьсан. Одоо тэр өрийг л дарах гэж махаа идэж байна гэдэг. Тэгэхээр би түрүү нь хэллээ шүү дээ, анх 3.5 тэрбум ам.долларын өр байсан. Үүнийг эд нар дараагүй. Харин нэмчихсэн байгаа биз дээ, 8.5 тэрбум болгоод.  Одоо тэгээд тухайн үед өр тавьсан нь буруу мэтээр ойлгуулах гэж эд нар хичээж байна. Үүнийгээ маш сайн явуулж байна. Яах вэ, хулгайчид асар их мөнгөтэй л байгаа юм.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Нямбаатар: Метроны төслийн зөвлөх, гүйцэтгэгч хоёрыг ирэх сард зарлана DNN.mn

Хотын дарга Х.Нямбаатар Эдийн засгийн сэтгүүлчдийн клубийн сэтгүүлчидтэй өчигдөр уулзаж, метро болон бусад томоохон төслүүдийн талаар мэдээлэл өгөв. Уулзалтаар яригдсан сэдвүүдийг тоймлон хүргэе.

МЕТРОНЫ ТӨСӨЛД УЛААНБААТАР ХОТ САНХҮҮЖИЛТЭЭ ГАРГАЖ, НЭЭЛТТЭЙ ТЕНДЕРЭЭР 1.3 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ БАГТААЖ БАРИНА

Метроны анхны санаа, ажил 1980-аад оны дундуур Улаанбаатарт тавигдсан. 1983 онд тухайн үеийн Зөвлөлтийн эрдэмтэд Улаанбаатар хотын төвд таван цооног өрөмдөж, метро барих хөрсний шинжилгээ хийсэн байдаг. Улмаар Улаанбаатар хотын хүн ам ихсэж 2005 оны үед түгжрэлийн анхны дохио бий болсон. Энэ үед тухайн үеийн Хотын удирдлагууд Азийн хөгжлийн банк болон бусад донор байгууллагуудтай хамтран их багтаамжтай тээврийн хэрэгслийг Улаанбаатарт нэвтрүүлэх суурь судалгааны ажлууд эхлүүлсэн.

2009 онд Азийн хөгжлийн банк Жайкатай хамтран судалгаа хийж, 2011 онд Сөүлийн инженерингийн компани болох “Сусонг инженеринг” ХХК анхны урьдчилсан ТЭЗҮ боловсруулжээ. 2013 онд Жайка дээрх ТЭЗҮ, өмнөх судал гаанууд дээр үндэслэн одоогийн нэг шугамтай, 18.3 км метроны ТЭЗҮ-г боловсруулж манай талд хүлээлгэж өгсөн.

Бидэнд метротой болох хоёр арга зам байгаа. Эхнийх нь урьдчилсан ТЭЗҮ-гээ үндэс болгоод араас нь ажлын зураг зуруулж түүн дээрээ суурилж метроны тендерийг зарлах. Эсвэл одоогийн урьдчилсан ТЭЗҮ дээр суурилан ЕРС нөхцөл буюу түлхүүр гардуулах гэрээний нөхцөлөөр явах гэсэн хоёр сонголт дээр ирчхээд байна.

Япончуудын хувьд бидэнд “Та нар энэ төслөө ЕРС нөхцөлөөр зарласан нь эдийн засгийн үр өгөөжтэй. Учир нь хүний хийсэн ТЭЗҮ, зураг дээр өөр гүйцэтгэгч шалгарахаар заавал барилгын хийцлэлд өөрчлөлт оруулдаг үрэлгэн зардал гардаг. Хоёрт ЕРС нөхцөл дотроо зургийнхаа өртгийг шингээгээд явбал гүйцэтгэгч компани өртөг багатай барих боломж бий” гэж байгаа. Үүний дагуу ЕРС нөхцөлөөр явахад бас хоёр асуудал гарч ирсэн. РМС буюу гүйцэтгэгчид хяналт тавьж явдаг зөвлөх үйлчилгээ болон гүйцэтгэгчээ шалгаруулах хоёр ажил бидний өмнө хүлээгдэж байна.

Урьдчилсан ТЭЗҮ гурван сонголттой байсан.

Нэгд япончууд өөрсдөө 1.7 тэрбум ам.доллароор барьж өгье гэсэн.

Хоёрдугаарт та нар өөрсдөө төслийн менежментээ авч яваад мөнгө босгоод багаа олж чадвал 1.5 тэрбум ам.доллар болно.

Гуравт та нарт бэлэн санхүүжилт нь байгаа тохиолдолд нээлттэй тендер зарлаад үнээр нь өрсөлдүүлбэл 1.3 тэрбум ам.долларт багтааж барих боломжтой гэсэн. Үүнээс бид гурав дахь хувилбарыг сонгосон. Үүн дотроо РМС-г давхар багтаана. Төслийг эхнээс нь дуусан дуустал захиалагчийн өмнөөс хяналт тавиад гүйцэтгэлийг тухай бүрд нь харж түүнийх нь дагуу бид хянаад явах ёстой юм.

Олон улсын жишгээр РМС-гийн өртөг нийт төсөвт өртгийн 4-6 орчим хувь байдаг юм байна. Энэ сарын 20-ны дотор РМС-г зарлана. Зэрэгцээд Cap шинийн баяраас өмнө гүйцэтгэгчийг зарлана. Үүний дараа ЕРС нөхцөлөөр гүйцэтгэгч ажилдаа орох боломж бүрдэнэ гэсэн ажлын дараалалтай байна.

МЕТРОНЫ ЗАМЫН НИЙТ УРТ 18.3 КМ БАЙХААС 6.6 КМ НЬ ГАЗАР ДООГУУР ЯВНА

Метроны маршрут бол Амгалан өртөөнөөс Толгойт өртөө хүртэл ойролцоогоор 17.6 км, депо дотор зай талбайтайгаа нийлээд 18.3 км орчим нэгдүгээр шугамтай төлөвлөсөн. Үүнээс гадна хоёр дахь хувилбар гарч ирсэн. Тодруулбал Улаанбаатар хотын түгжрэлд нөлөөлж буй Яармагийн замын ачааллыг шийдэхийн тулд энэ маршрутаар зүүн талаас Амгалангаас явуулаад Таван шар өнгөрөн төмөр замаар давуулаад “Степпа Арена” хүргэнэ.

Түүнээс цааш газраар LRT нөхцөлөөр Хөшигийн хөндий хүргэх 60 орчим км урт ЕРС нөхцөлөөр тендер зарлах хувилбар яригдаж байна. Үүнийг урьдчилсан ТЭЗҮ-тэй харьцуулан, гаднын зөвлөхүүдтэй ярилцаж байгаад шийдлээ олно. Метроны аль ч хувилбараар явсан бай 6.6 км нь далд явна. Газрын гүнээр явахын хэрээр өртөг өсдөг юм байна. Зах хэсэг дээрээ Офицеруудын ордны орчмоос газар доогуур орно. Аравдугаар хорооллын ногоон байгууламжийн орчмоос газар доороос гарч ирээд ил гараад явах юм.

Засгийн газрын түвшинд метрогоор дагнаж мэргэшсэн дөрөвхөн хүн байдаг. Тэднийг ажлын хэсэгт оруулсан. Түүнээс гадна гадаадад байгаа метроны төсөл дээр ажиллаж байгаа монгол залуучуудтай холбогдлоо. “Та хэд Монголд ирээч. Нийслэлийн нийтийн тээврийн зөвлөх үйлчилгээг бүхэлд нь хариуцаж яваач” гэдэг хүсэлт тавьсан. Гаднынханд зөвлөх үйлчилгээний зардал өгч байгаа учраас гурван жилийн хамтын ажиллагааны гэрээ санал болгоё гэдэг байдлаар ярьж байна. Өмнөд Африк, АНУ, Япон, Зүүн өмнөд Азийн орнуудад энэ чиглэлээр ажиллаж байгаа залуус байна.

Энэ төсөл дээр Засгийн газрын зүгээс гүйцэтгэлийн баталгааг гаргаж өгөхөөр тохирсон. Айлын тал өөрийнхөө мөнгийг гаргаад төслийн 20 хувь, 30 хувийн гүйцэтгэлийг хийгээд РМС гүйцэтгэл бүрэн байна гэж бичиж өгвөл Төрийн сангаас санхүүжилт шилжүүлдэг зарчмаар явна.

Санхүүжилтийн хувьд Улаанбаатар хот метроны санхүүжилтийг өөрсдөө хариуцна. Ирэх жилүүдэд улсын төсөвт нийслэл хөрөнгө төвлөрүүлэхгүй байя гэдэг зарчим дээр Сангийн яамтай ойлголцож байгаа. Хот жилд дунджаар 100 гаруй сая ам.долларыг улсын төсөвт төвлөрүүлдэг. Энэ мөнгө болон бусад урсгал зардал үр ашиггүй хөрөнгө оруулалтаа хэмнэх замаар метроны төслийг ойрын дөрөв таван жилд санхүүжүүлж дуусгана.

АВТОБУСНЫ БОГИНЫН РЕЙС НЭВТРҮҮЛЖ, 1,000 ТӨГРӨГИЙН БИЛЕТЭЭР ДӨРВӨН УДАА ЗОРЧИНО

Автобусны хувьд өчигдөр (уржигдар) 50 автобус Улаанбаатар руу хөдөлсөн. Маргааш (өнөөдөр) 50 автобус гарна. Хоёр хоногийн дараа өдөр дахин 50 нь гарна.

Нэг хоног өнжөөд 50, 50 автобус авсаар энэ сарын сүүлч гэхэд 600 автобусаа гүйцээж авна. Нэгдүгээр сарын 20-ноос нийтийн тээврийн шинэ маршрут болох богинын рейсүүдийг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна.

Жишээ нь хойд талаас Зунжингийн чиглэлээс хөдлөөд Нисэх хүртэл явдаг чиглэл бий. Бага тойруугийн түгжрэлийн үед энэ чиглэлийн автобуснууд нэг талд нь гацчихаад нөгөө талд нь хүмүүс хүлээгээд байдаг. Тиймээс нийтийн тээвэрт ашиглаж байгаа программ хангамжид өөрчлөлт хийж рейсүүдийг богино болгосон.

Зунжингаас ирээд Төв талбай дээр хүнээ буулгаад буцна. Урдаас Нисэх Яармагаас ирээд Төв талбай дээрээс буцна. Хэвтээ тэнхлэг дээр Офицер-Таван шарын хооронд л явна. Таван шараас цааших чиглэлүүд рүү өөр автобус явна.

Автобусны хөдөлгөөнд саад учруулахгүйгээр нэгдүгээр эгнээг чөлөөлөхөөр төвийн шугам дээр 75, босоо шугам дээр 224 тэмдэг тэмдэглэгээ хийж жолооч нартаа сануулах гэж байна. Нөгөө талаар төвийн шугам дээр гурван эгнээгээр явж болдог. Гэтэл босоо тэнхлэг дээр замууд хоёр эгнээ болчихдог юм байна. Тиймээс эхний ээлжид эгнээнүүдийг өргөсгөх ажлууд хийнэ. Гурван эгнээ болгож, нэгдүгээр эгнээг чөлөөлж автобус явуулахад зориулна.

Автобусны хувьд хүндрэлтэй нь жолооч болон бааз. Зорчигч тээврийн нэгтгэлийг салгана. Дээр нь Тэнүүн-Огоотой АТГ дээр өр авлагын тооцоо нийлэх үнэлгээний ажил хийж байна. Тэнүүн-Огоог шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлоо барагдуул гэдэг чиглэл өгсөн. Үүний дагуу тус компанийн дөрвөн баазыг ногоон автобусны урьдчилгаанд шилжүүлсэн мөнгөний тодорхой хэсэгт авахаар үнэлгээ хийж байна. Ингэснээр нийтийн тээврийн авто баазын хүртээмж 70 орчим хувьтай хангагдана. Цаана нь 20-30 хувийг дахиж тендер зарлаж шийднэ.

Нэг сайн мэдээ нь төрийн ч, хувийн ч хамаагүй бүх компаниас шинээр орж ирж байгаа автобусны мөнгийг cap бүр тодорхой хэмжээгээр хүүтэй авахаар хэлцлүүд хийж байна. Ингэхдээ үнэ төлбөргүй зорчдог хүмүүсийн төрийн сангаас шилжүүлдэг мөнгөнөөс суутгаж аваад дэргэдээ нийтийн тээврийг хөгжүүлэх санд төвлөрүүлнэ.

Цаашдаа нэг дор 500, 600 автобус авахгүй. Хугацаа дуусах гэж байгаа автобусны тоогоор 20, 30-аар авдаг эргэлт үүсгэнэ.

Нэг хүн нэг автобусанд суухад 1,350 төгрөг төлбөл нийтийн тээвэр ашигтай ажиллах юм билээ. Гэхдээ одоо үнэ нэмэх боломжгүй. Ямартаа ч хоёрдугаар сарын 1-нээс богинын рейс эхлэхээр зорчигч нэг удаа суухдаа 1,000 төгрөг төлье, тэр билетээрээ өдөрт дөрвөн удаа зорчих ажлыг туршиж эхэлнэ.

Цаашид автобусны олон шугам байхаас илүү трамбай их хотод илүү тохирно гэж үзэж байгаа. Манайд одоо оргил цагийн үед нэг буудал дээр гурав, дөрвөн автобус ирээд хүнээ гүйцэд авч явж чаддаггүй. Харин трамбай нэг авахдаа 400, 500-гаар нь аваад явчихдаг. Өөрийн тусгай замаар явдаг учраас соёлтой тохитой үйлчилгээ гэж харж байгаа. 2024 онд трамбайны чиглэлүүдийн ТЭЗҮ боловсруулах судалгааны ажил эхлүүлэхээр төлөвлөж байна.

2024 оны сүүл 2025 оноос эхэлж Улаанбаатар нийтийн тээврийн шинэ төрлийг өлгийдөж авах гэж байгаа. Яармагаас Хархорин хүртэл дүүжин тээврийн эхний шугам ашиглалтад орно. Гуравдугаар сарын сүүлчээр барилгын ажил эхлээд энэ оны төгсгөл гэхэд баригдаж дуусах ёстой. Ингээд зургаан сарын зүгшрүүлэх дадлагажуулах ажлыг хийнэ.

ХАР БОЛОН ЕРДИЙН ТАКСИЙГ ҮЙЛЧИЛГЭЭНД НЭВТРҮҮЛНЭ

Хоёрдугаар сард Улаанбаатар хотод таксины шинэ үйлчилгээ нэвтрүүлнэ. Хуучин “Сити” хэмээх шар такси байсан. Гэтэл суурь үнийг хөдөлгөж өгөхгүй байсаар дампуурчихсан юм билээ. Бидний нийтээрээ ярилцах ойлгох нэг зүйл бол суурь үнийг хэт их барьдгаас болоод эрчим хүч, төмөр зам. цахилгаан дулаан, нийтийн тээврийн салбар дампуурч байна.

Цаашид таксийг хоёр төрөлтэй болгоно. Нэг нь хар такси, нөгөө нь ердийн такси. Хар такси нь жаахан үнэтэй, өндөр зэрэглэлийнх. Ердийн такси нь арай хямд.

Гаднын улс орнуудад таксины хэд хэдэн янзын бизнес модель байдаг юм байна. Нэг нь такси баазтай, жолооч авч цалинжуулж ажиллуулдаг. Нөгөө нь uber маягийн такси баазгүй, жолооч нарыг аппликэйшн дээр нэгтгэж явдаг. Бид үүний дундуурх бизнес моделийг тооцож байна. Бидэнд сайн тал байна. Манай улсад 80 гаруй мянган хүн албан болон албан бусаар таксинд явдаг. Энэ бол такси барих хүний нөөц байна гэсэн үг. Бид тэдэнд стандартын зөв жолоотой, таксиметртэй, аюулгүй байдлыг хангасан бүхээгтэй таксины шинэ моделийг санал болгоно.

Нэгдсэн стандарт бариулдаг франчайзингтэй моделийг боловсруулж байна. Ирэх сараас олон нийтэд танилцуулна. Анхаарах нэг зүйл бол манайд цахилгаан машин явахад нэлээд хүндрэлтэй. Тиймээс манай таксины үйлчилгээнд тохирох машин нь хайбрид.

БАЯНБОГД НҮҮРСНИЙ ТӨСЛӨӨС УЛААНБААТАРЫН ТОЙРОГ ХУРДНЫ ЗАМЫГ САНХҮҮЖҮҮЛНЭ

Гуравдугаар сард эхлүүлэх томоохон хөрөнгө оруулалтын ажил бол Улаанбаатар хотын тойрог хурдны зам. Энэ сарын 15-нд хэлэлцээр эхэлнэ. БНХАУ-ын “Чайна констракшн коммуникейшн” ХХК-ийн охин компанитай хэлэлцээр хийж байна.

Тодруулбал Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт байгаа Баянбогд нүүрсний төсөл бий. Одоогоор 3,000 гаруй тууш метрийн өрөмдлөг хийж байна.

БНХАУ-ын талтай “Энэ ордыг та нар ашигла. Гэхдээ хугацаатай. гаргаж байгаа бүтээгдэхүүнийг бүтээгдэхүүн хуваах зарчмаар ногдол авна. Тэр ногдолд тохируулж ирээдүйд олох ашгаасаа урьдчилж Улаанбаатар хотын тойрог хурдны зам, II, III метроны шугам болон бусад төслүүдийг санхүүжүүл” гэдэг хэлэлцээр хийж байна. Хэлэлцээр дууссаны дараа УИХ-д танилцуулна. Зөвшөөрвөл гуравдугаар сарын сүүлчээс Туул талаас тойрог хурдны замын ажлыг эхлүүлнэ.

ЗУУН АЙЛ, 32-ЫН ТОЙРОГ, ДЭНЖИЙН 1,000 ОРЧМЫН 700 ГА ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, 12 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИНА

Улаанбаатар хотод түгжрэл, агаарын бохирдол гэсэн хоёр том асуудал байгаа. Тиймээс дүүрэг, нийслэлийн Засаг дарга нар газар олголтыг зогсоосон. Өөрөөр хэлбэл, яндангийн тоог нэмэхгүй. Нөгөө талаар жил бүр 40, 50 мянган машин оруулж ирж хөдөлгөөн нэмж байгаа. Ирэх долоо хоногт НИТХ хуралдаж, шинээр автомашины дугаар олголтыг зогсооно. Хамгийн их асуудал үүсгэж байгаа утаа, түгжрэл хоёрын дээд хязгаарыг тогтоож түүнээс дотогш хумих тактик руу явна.

Энэ үүднээс гэр хорооллыг иж бүрнээр шийдэхийн тулд нийслэл өөрөө газар чөлөөлөлтийг манлайлж оролцоно. Газрыг чөлөөлөөд барилгын компаниудад төлөвлөлтийн зургийг зурж өгөн, дундах зам, инженерийн шугам сүлжээг татаж өгөх загвараар гэр хорооллын 200 мянган айл өрхийг орон сууцжуулах шинэ бодлого эхэлж байгаа.

Эхнийх нь Сэлбэ, Баянхошуу. Сэлбэ хороололд 12 мянган айлын хороолол барина. Ингэж чадвал Зуун айл, 32-ын тойрог, Дэнжийн 1,000 орчмын 700 га газар дээр байгаа айл өрхийг шинээр барьсан 12 мянган айлын орон сууцанд нүүлгэн шилжүүлнэ. 700 га газрыг хувааж төлөвлөлт хийнэ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч, өмгөөлөгч Ш.Алтангадас: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохтой холбоотой шинэчлэлийн журам батлагдаагүй учраас үл ойлголцол гарсан байх DNN.mn

Сүүлийн долоон жилийн дунджаар хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлөөс болж 110 хүн амь алдсан байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 7-нд батлагдсан Зөрчлийн болон Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдэд хүлээлгэх хариуцлага чангарсан юм. Хуулийн шинэчилсэн найруулгын талаар хуульч, өмгөөлөгч Ш.Алтангадастай ярилцлаа.


-Зөрчлийн болон Эрүүгийн хуульд орсон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохтой холбоотой шинэ зохицуулалтын талаар хуульчийн хувьд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Дэлхийн ихэнх оронд тээврийн хэрэгслийг ашиглахад онцгой шаардлага тавигддаг. Аль ч улс оронд тээврийн хэрэгслийг согтуугаар барих, жолоодох, ашиглах нь маш өндөр хариуцлагатай. Энэ бол тодорхой төрлийн гэмт хэрэг гэж ойлгож болно. Манай оронд ч бас үүнийг нийгмийнхээ зүй тогтол хувьслынхаа дагуу хуульдаа өөрчлөлт, шинэчлэлт хийж байна. Шинэчилсэн найруулга батлагдахаас өмнөх нөхцөл байдал бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сараас хоёр жилийн хугацаагаар хасч, мөн 300 орчим нэгжээр торгуулдаг байлаа. Ихэнх тохиолдолд жолооны эрхийг нэг жилээр хасч, ачигч машин 60 мянгаар хөлслөөд журмын хашаанд аваачдаг. Үндсэндээ 400, 500 орчим нэгжээр шийтгүүлээд хэсэг хугацааны дараа буцаад жолоодох эрх сэргээгдэх үед замын хөдөлгөөндөө хэвийн оролцоод явдаг байлаа.

Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа нь нэг арга хэрэгсэл гэж үзэж болно. Хууль, тогтоомждоо бид өөрчлөлт оруулах байдлаар туршиж байдаг. Туршина гэдэг энэ хууль оновчтой байна уу, үгүй байна уу мөн гарч ирэх асуудлуудыг шалгаж үздэг. 2023 оны 12 дугаар сарын 7 хүртэл хэрэгжиж байсан хууль нь оновчтой биш байсан. Энэхүү хууль нь тодорхой цаг хугацаанд үүргээ гүйцэтгээд харин одоо 2024 онд цаг үеэсэээ хоцрогдчихсон шийтгэлийн хэлбэр юм. Миний хувьд ингэж хардаг.

-Тэгвэл шинэ хуулийн зохицуулалтын талаар?

-Бид torguuli.mn сайтаас тээврийн хэрэгсэлийнхээ дугаарыг хийгээд хэдэн төгрөгийн торгуултай байгаагаа харж болдог. Тухайлбал буруу байрлалаар, зөвшөөрөлгүй газар зогсоолд байрлуулсан, дугаарын хязгаарлалттай өдрөө хөдөлгөөнд оролцдог гэх мэт шалтгаанаас торгуулийн маш өндөр дүнтэй үлдэгдлүүд бий болоод байсан. Бид жилд нэг удаа тээврийн хэрэгслийн оношилгоонд орох ёстой. Тэр оношилгоонд орохгүй ч яваад байж болдог. Иргэд хоёр гурван жил оношилгоонд орохгүй яваад л байдаг. Тухайн иргэн нь машинтайгаа нийгмийн харилцаанд оролцохгүй учраас торгууль бичигдсэн ч хөдөлгөөнд хэвийн оролцсоор л байдаг. Нэг хүнд ойролцоогоор 4, 5 сая гэдэг бол аймшигтай. Нэг торгуулийн хэмжээ 10-50 нэгж байгаа. Яаж яваад 4, 5 сая болтолоо өсч байна вэ гэхээр торгууль төлөх ухамсар нийт хүмүүст байхгүй байна гэж харж болно. Тийм учраас торгуулийн системд өөрчлөлтүүд оруулж эхэлж байна. Тухайлбал зөрчлийн тухай хуульд шинээр орсон хамгийн гол онцлогтой зохицуулалт юу вэ гэвэл зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулсаны дараах 15 хоногийн хугацаанд торгуулиа төлөх ёстой. 15 хоногийн хугацаанд багтааж төлсөн тохиолдолд торгуулийг 50 хувиар хөнгөлнө.

Жишээ нь 50 нэгжээр торгуулсан хүн 25 нэгж төлнө гэсэн үг. Эдийн засгийн өгөөжтэй байгаа биз. Харин 15 хоногоос хэтрэх юм бол алданга нэмэгдэнэ. Ийм зохицуулалт оруулж өгч байгаа. Өөрөөр хэлбэл 4, 5 сая төгрөгийн торгуультай хүмүүсийн 2.1% нэмэгдээд явна гэдэг чинь хялбархан 6, 7 сая болох нь байна. Одоо тээврийн хэрэгслүүд илүү хяналттай болж эхэлнэ. Машинаа оношилгоонд оруулах ёстой хугацаанд нь оруулаагүй байвал торгуультай. Торгуулиа хугацаандаа төлөөгүй тохиолдолд торгууль нь нэмэгдэнэ. Хугацаандаа төлсөн тохиолдолд 50%-иар хөнгөлнө. Дүгнээд хэлэхэд зөрчил битгий гаргаарай, гаргасан тохиолдолд хариуцлагаа хуульд заасан хугацаандаа хүлээгээч ээ. Үгүй бол илүү өндөр хариуцлага үүрэх нь байна. Энэ зохицуулалт ихэнх оронд хэрэгждэг. Тухайлбал Англи, Хятад, Солонгос гэх мэт. Гол онцлог нь ерөөсөө л энэ байгаа юм. Түүнээс гадна Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн хувилбарт согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ хүний өмч хөрөнгө, амь нас, эрүүл мэндэд хохирол учруулаагүй ч тээврийн хэрэгсэл жолоодох нь өндөр хариуцлага хүлээдэг болсон.

-Шинэчилсэн найруулгын хамгийн гол ялгаа нь товчхоноор аль нь вэ?

-Анхаарах ёстой зүйл байна. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 27.10.5 болон зөрчлийн тухай 14.7.5 хэсгүүд нь яг ижилхэн. Гэхдээ хүлээлгэх хариуцлага нь өөр байгаа. Хийх үйлдэл нь яг ижилхэн, хүлээлгэх хариуцлага нь хоёр өөр. Үүнээс ямар нөхцөл байдал үүсэх вэ гэхээр иргэн хоёр хуулийн алинаар ч шийтгэл оногдуулах боломжтой болж байгаа юм. Зөрчлийн тухай хуульд зааснаар иргэнийг нэг жилийн хугацаанд жолоодох эрх хасаад, 400 нэгжээр торгох боломжтой. Аль эсвэл эрүүгийн хуулийн 27.10.5-т зааснаар 1-3 жил хүртэлх хугацаагаар эрх хасаад, 2700-14000 хүртлэх нэгжээр торгоод, 3 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ. Энэ хоёр шийтгэлийг алийг хүн сонгох вэ гэвэл хөнгөн хэлбэрийг сонгоно шүү дээ. Эрүүгийн хууль аль хэсэгтээ үйлчлэх юм, зөрчлийн тухай хууль нь ямар нөхцөлд үйлчлэх юм гэдгээ ялгаж, зааглаж тодорхой харуулах хэрэгтэй.

Өмнө нь зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаагаар жолоодох эрх хасдаг байсан бол одоо 1-3 жил хүртэлх хугацаагаар хасч байна. Эрхээ хасуулах хугацаа урт болсон байна. Торгууль өмнө нь 350 орчим нэгж байлаа, одоо бол 2700 нэгжээс 14000 нэгж хүртэлх дүнгээр торгуулах юм. Өмнөх торгуулийн дүнгээсээ харьцангуй өндөр байгаа биз. Тиймээс согтуугаар жолоо барих нь ийм хэмжээний хариуцлага хүлээдэг болсныг анхаарах хэрэгтэй.

-Хуулийн шинэ зохицуулалт энэ сарын 1-нээс хэрэгжиж эхлэх ёстой. Гэтэл дагалдаж гарах журам батлагдаагүй, албажаагүй гэх янз бүрийн шалтгаанаар замын цагдаа нар хэргийг шийдвэрлэхгүй, хурааж байгаа талаарх мэдээлэл бий. Ямар учиртай юм бол?

-Энэ цаг хугацаанд цоо шинэ юм хийж байгаа бол хангалттай хугацаа тавьж өгөөд танилцуулах ажлыг Засгийн газар хийх ёстой байсан. Үүнийг хийгээгүй. Энэ хууль гарснаар эрх хасах тодорхой шийдвэр гаргах үйл ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн яам журам батлах ёстой. Торгох шийтгэлийг нэмэгдүүлэх хугацаа тогтоох аргачлалыг УЕПГ, Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална гэж байгаа. Тэр журам нь гараагүй бололтой. Анхан шатны нэгж дээр ямар асуудал болоод байгааг нарийн мэдэхгүй байна. Өөрөөр хэлбэл, хуулийн шинэчлэлтийг таниулах хугацаа хангалттай байгаагүй. Хоёрт, өөрсдөө хууль тогтоомжид оруулсан шинэчилсэн дүрэм журмаа батлаагүйн төлөө нийгэмд ойлгомжгүй байдал бий болгож байна. Үүнээс үүдээд хэрэг шийдэгдэхгүй гацах, удах асуудал үүссэн байх.

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодно гэдэг бусдын эрүүл мэнд, амь насанд шууд халтай. Энэ талаар жолооны ард суухдаа л боддог баймаар?

-Энэ нь зөвхөн согтуугаар тээврийн хэрэгсэл барих дээр харагдаад байгаа юм биш. Монгол хүний уг мөн чанар өнөө үед ийм байгаад байгаа. Хариуцлагагүй, хэнэггүй, хайнга, юм мэддэггүй, асуудлыг илүү бодитойгоор хардаггүй. Энэ бол илүү өргөн хүрээний сэдэв. Согтуурсан, мансуурсан хүн тээврийн хэрэгсэл жолоодно гэдэг бол аймшиг. Энэ бол хэзээ ч байж болохгүй зүйл. Гэхдээ үүнийг хийх эсэх нь ухамсрын асуудал. Тиймээс дан ганц ухамсарт найдаад хаях нь өрөөсгөл учраас ухамсрыг ямар нэг зүйлтэй холбох ёстой юм. Хэрвээ иргэн ямар нэгэн осол аваар хийгээгүй ч согтуугаар машин баривал маш өндөр хэмжээний торгуультай.

Н.Нарванчин

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Жуулчдад хонь бэлэглэх нь найран дээр “Халзан цагаан хонь аваарай” гэдгээс огт өөр үр дагавартай даа… DNN.mn

“Нэг жуулчинд нэг хонь” аян юм уу, акц юм уу, аялал жуулчлалыг өндөр түвшинд авч ирэх хөтөлбөр юм уу… за ямар ч байсан нэг ийм зүйлийг нийгэмд явуулаад эхэллээ. Жуулчин бүрд нэг хонь бэлэглэх, зүслэх нь маниусын найран дээр “Халзан цагаан хонь аваарай” гэдэгтэй агаар нэг зүйл биш байх. Мал, амьтны талаарх гаднынхны ойлголт огт өөр. Хүний эрхтэй адил түвшинд амьтны эрхийг дээдэлдэг соёлт нийгмийн иргэд. Манайхан бол мал амьтан дээр таваарлаг хандана. Зарна, борлуулна, алж иднэ, шөл ууна. Өөр ер нь ямар ойлголттой гэж…

Ийм л хоёр өөр ойлголт, хандлага, соёлын асар том зөрүү дээр манай УИХ-ын суудал мөрөөдөгч нэгэн залуу “Нэг жуулчинд нэг хонь” хөтөлбөрийг ярьж эхэллээ. БОАЖЯ-ны бодлого болгох бололтой.

Хожмын үр дагаврыг нь шулуухан харж бичмээр байна. Гаднын жуулчин гэдэг бол ядуу хүмүүс биш. Нийгмийн тодорхой түвшинд хүрсэн, мэдлэг боловсрол, хүмүүжил, ёс зүй, хандлага… бүх талаар тогтсон давхаргынхан аялж жуулчилдаг. Тэдгээр жуулчин бүрд нэг хонь бэлэглэх юм байна. Зүсэлж өгөх юм байна. Энэ нь гаднынханд, тэр дотроо барууныханд амьдралд нь тохиолдсон нэгэн баярт, содон үйл явдал болно. Зураг хөргийг нь авна, удмын бичгийг нь нэхнэ. Ер нь Монголын жирийн малчдын хувьд бол “Юун сүртэй юм бэ” гэж дуу алдахаар үйл явц өрнөнө дөө. Бэлгэнд авсан хониндоо насан туршдаа анхаарал халамж тавих тухай бодно. Бодох ч үгүй, ерөөсөө тийм үүргийг хувьдаа хүлээцгээнэ. Өдөр бүр зүсэлсэн хонио харъя гэж интернэтээр холбогдох боломжтой цаг үе, нийгэм, технологийн эрин зуун шүү дээ.

Хариуд нь Монголын малчид ямар байр сууринаас хандах бол. Орой бүр биш юм аа гэхэд долоо хоногт нэг удаа бэлгэнд авсан хониных нь бэлчээрт явааг, хотолж байгааг үзүүлж чадах уу. Тийм соёл хөдөөд байгаа бил үү. БОАЖ-ын яамнаас зохион байгуулаад эргэх холбоог бий болгоё гэж мөрөөдье. Ингэлээ гэхэд бөөн “гай” л болно. Яагаад гээч, өвлийн тачигнасан хүйтэнд, хөр цасан дунд бээвийж зогсоо хонийг харсан гаднын жуулчид ямар сэтгэгдэл төрөх вэ. Санаанд нь багтамгүй дүр зураг, шууд эмзэглэнэ. Шууд л амьтны эрх ярина даа. Үүнийг нь Монголын эрс тэс цаг агаарын дүр зураг, ингэж байгаад нар ногоотой залгадаг юм… гэхчлэн ярьж, сурталдаж түр зууртаа анагааж болно. Аягүй бол Монголын нөхцөлд малаа тэжээдэг юм гээд соёлтой барууныхнаас өвс тэжээлийн зардал ч авч болно. Энэ цааш явах зүйл мөн үү. Ер нь бэлэглэсэн хонь бүхэн өвөл, хаварт зуун хувь амь насны эрсдэлтэй. Тал нь үхэж эндэж л таарна. Үүнийг нь жуулчдад мэдэгдвэл яаж хүлээж авах вэ. Тэд өөрсдийн өмч, хайртай амьтан нь гэж бодож байгаа шүү дээ.

Мэдээж жуулчдыг хулхидах байх. Шууд л харьцалгүй хаяна байх. Үүнийг гаднынхан хаях уу. Нэхэл дагуул болно. Энэ хэрээр гаднын жуулчдын итгэл алдарна. Айна түгшинэ, өрөвдөнө. Бүр нэг өөрсдөө амьтан тамлаад хаячихсан юм шиг болцгооно. Монголын нэр хүнд ямар түвшин рүү явна гээч. Зүгээр л амьтан тамлагч орон гэж нэрлэгдэнэ. Гэхдээ үхэл хагацлаас наана их юм болно шүү…

Цас зуданд бээвийсэн, өвс тэжээлгүй, хашаа хороо нь гэж хачин юмнууд байхыг гаднынхан хараад шууд л амьтны эрх ярьж, ОУ-ын байгууллагуудад хандана. Америкт амьдардаг монголчуудын нэг яриа их бодитой. Эхнэр нь төрөх болж, нэг зарын сайт дээр “Хонь авна” гэсэн зар тавьжээ. Хүмүүс шуугиад л ороод ирсэн. Тэр дотроос нэгэн эмэгтэйг сонгож хонийг нь авахаар очиход нөгөөх нь бөөн баяр хөөр болж “Монголчуудыг малчин хүмүүс гэж мэднэ. Мал амьтны орон гэж сонссон. Та нар бол гайхалтай. Миний хонь хөгширч байна. Би бас

ядарч байна. Хоёр зүйлийг та нар сайн анхаараарай, Миний хонь чихрэнд дуртай шүү, би чихэр өгөөд сургачихсан юм. Орой бүр шүдийг нь угаадгийг бас анхаараарай…” гэсэн гэдэг.

Манай нөхөр бол эхнэртээ шинэ шөл уулгах тухай л бодож очсон хэрэг. Ерөөсөө монголчуудын малын талаарх үндсэн зорилго бол хоол. Махыг нь идэх. Шөлний юм гаргах. Өвлийн идэш шүү дээ. Харин гаднынхны малын талаарх ойлголт бол гэр бүлийнх нь нэг гишүүн. Үр хүүхэд шигээ хайрлана, халамжилна.

Тэгэхээр америк эмэгтэй шиг хүмүүст хонь бэлэглэх гэж байгаагаа Их хурлын суудал мөрөөдсөн тэр залуу бодож үзсэн үү. Эцсийн үр дагаврыг нь бодитой тооцож харсан уу.

Тэгэхээр ирээдүйд ирэх хоёр том зовлон, хойшид юунд хүрэхийг хэлж мэдэхгүй үр дагаврыг энэхүү “Нэг жуулчинд нэг хонь” хөтөлбөр дагуулж байна. Нэгдүгээрт малчдад зовлон болно. Үхүүлэх эрхгүй, зарж үрж болохгүй, идэш уушиндаа хэрэглэх нь бүр хориотой тийм хэсэг хоньтой, малтай болох нь. Хоёр дахь нь амьтны эрх ярьсан гаднынхны тэмцэл, тийм мэдээллийг анаад отоод сууж байдаг гаднын том ТББ-ууд шууд өлгөж авна. Үр дагавар нь “Азийн цээжин дэх Монгол гэдэг улс нь улаан ярагчид, амьтныг утгаар нь тамлагчид байна. Олон улсын хоригт оруулъя” гэж. Монгол Улсад, монголчуудад бөөн төвөг чирэгдэл учруулна даа. Ер нь монголчууд дэлхийд харгисаараа дуудуудлах, овоглуулах эхлэлийг энэхүү “Нэг жуулчинд нэг хонь” хөтөлбөр эхлүүлж байна. Хэдэн жилийн өмнө Өвөрмонголд ийм явдал өрнөж, эцэстээ ийм хүнд байдалд орж гялс арга хэмжээ авч зогсоосныг та бүхэн мэдэх үү. Диктатуртай, хагас хаалттай нийгэм учраас олон улсад намжаасан гэж судлаачид үздэг.

Тэгэхээр Их хурлын гишүүн болохыг мөрөөдсөн нөхрийн бодож олсон санаа Монгол Улсыг, монголчуудыг хорлосон үйл явдал болох нь. Ийм ажил хийх чинь буруу. Монголчуудын малд хандах хандлага нэг өөр. Хонь бэлгэнд авах гаднынхны малд хандах философи, үзэл санаа огт өөрийг тунгаана уу. Бид бол малаа зуданд нэг үхүүлнэ, зун нь алж иднэ. Ер нь бол ямар нэг байдлаар л хорооно. Гаднынханд бол энэ тухай ойлголт огт байхгүй. Жуулчинд “За шөл уугаарай” гэж өгч байгаа биш биз дээ. Эсвэл шөлний юм өгөх гээд байгааг нь би буруу ойлгоод байна уу…

Б.Нямаа

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабар “Тусгаар тогтнолоосоо татгалзах Цэдэнбалын чармайлт” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Монгол хүний эрх, эрх чөлөө гэдэг маш эмзэг болчихсон байгаа. Шоронд хүн хорих шиг амархан зүйл байхгүй болж” гэснийг  II нүүрнээс уншаарай.

Хотын дарга Х.Нямбаатар “Метроны төслийн зөвлөх, гүйцэтгэгч хоёрыг ирэх сард зарлана” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт Нэрт нийтлэлч Баабар “Тусгаар тогтнолоосоо татгалзах Цэдэнбалын чармайлт” хэмээн өгүүллээ.

Ардчилсан намын Бизнес хөгжил, технологи, инноваци хариуцсан нарийн бичгийн даргаар томилогдсон Н.Гансүх “Дуучид, бөхчүүдээр парламентаа бүрдүүлээд байвал бид яаж бодлогын мэтгэлцээн хийж чадах юм бэ” гэв.

Дээд шүүх Дональд Трампын хувь заяаг шийднэ


 Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375, 99130850 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Энхцэцэг: Max экспортлох эрхгүй компаниуд эрх авсан компанидаа махны кг тутамд гурван юань, чингэлэг тутамдаа 100, 150 сая төгрөгийн хөлс төлдөг DNN.mn

“Финансхолдинг” ХХК-ийн захирал Б.Энхцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр Төрийн ордны үүдэнд 190 дэх хоногтоо суулт зарлаж байгаа юм.


– Та суулт зарлаад гурван cap гаруйн хугацаа өнгөрч байна. Яг юунаас болж энэ эсэргүүцэл эхлэв. Суулт зарласнаас хойш шийдэгдэж байгаа зүйлс байна уу?

– Өнөөдөр (өчигдөр) 189 дэх хоног болж байна. Маргааш 190 дэх хоногтойгоо золгоно.

Миний хувьд Монголоос мах экспортод гарч эхэлсэн цагаас энэ бизнес рүү орсон. Эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн нэр дээр зуучлалын хөлс төлөөд, БНХАУ руу гаргуулж, худалдаа эрхэлж ирсэн. Энэ хооронд квот эрхийг өөрийн нэр дээр авахын тулд үйлдвэр байгуулах төсөл бичин ЖДҮХС-гаас зээл хүссэн ч гараагүй.

Ингээд Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар махны экспортыг хэлэлцээд эрхгүй үйлдвэрт бэлдчихсэн олон тонн махтай хүмүүс байна. Нэгэнт хөрөнгө мөнгөө шингээгээд авчихсан учраас эрүүл ахуйн стандартыг хангаж байвал үүнийг хянан баталгаажуулаад экспортод гарга гэж шийдвэрлэсэн байдаг. Үүний дараа ХХААХҮЯ-ныхан Улаанбаатар хотыг тойроод бүхий л үйлдвэрүүдээр яваад экспортын тоо хэмжээг гаргасан.

Манай үйлдвэр дээр ч шалгалтын багийнхан ирж байв. Махны дээжийг шинжилгээнд хамруулаад хариу дүгнэлтүүд сайн гарсан. Гарсан дүгнэлтээ бариад экспорт хийх аж ахуйн нэгждээ хүсэлтээ тавиад тохиролцож чадсан. Ингээд ХХААХҮЯ руу оруулдаг. Ингэхэд “Хүлээж бай, байж бай. Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх эсэхийг бид мэддэг” гэх зэргээр хүлээлт үүсгэчихсэн. Ийм байдлаар гурван жил харсан. Гэтэл надтай яг л ижил хугацаанд шалгуулсан, бичиг баримтаа бүрдүүлсэн эрх үйлдвэрүүдийн маханд квот олгоод экспортод гаргаад л байсан.

– Салбар дотроо байгаа хүмүүс учраас хаана юу болж байгааг мэдэх боломжтой байх?

– Бид Эмээлтэд хаяа хаяагаа дэрлээд байрладаг үйлдвэрүүд, мэдэлгүй яах вэ. Миний нүдэн дээр болсон үйл явц. ХХААХҮЯ эрхгүй үйлдвэрүүддээ квот олгоод экспортод гаргаад л байсан. Би тус яаман дээр удаа дараа очиж “Та нар миний эргэн тойронд байгаа ижил нөхцөлд бэлтгэсэн махыг экспортод гаргаад байна. Эд нар хил давж махаа зарчхаад буцаж орж ирээд дахиад нүдэн дээр махаа бэлтгээд квотоо аваад экспортод гаргаад байна” гэдгийг хэлж байсан.

Энэ бол нэгдүгээрт Монгол Улсын иргэнээ ялгаварлан гадуурхсан явдал болсон. Нөгөө талаар бэл бэнчинтэй баян хүмүүст давуу байдал олгосон.

Аргаа бараад 2021 оны хавар буюу гурван жилийн дараа махаа талбай дээр авчирч асгаад энэ асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулах акц хийхээр зорьсон. Гэтэл тухайн үед хэд хэдэн хүнээр яамнаас яриулсан. Тэр дотор арай итгэж болохуйц нь “ТВ-5” телевизийн сэтгүүлч Доржбат байсан.

– Сэтгүүлч энэ асуудал дээр юу хийж яваа хэрэг вэ?

– Сайд нь өөрөө гуйгаад байна гэсэн. Мэндсайхан сайд “КОВИД-ын хөл хорио гэх мэт хүндэтгэх шалтгаанууд байсан учраас таны асуудлыг шийдвэрлэж чадсангүй. Таны асуудлыг шийднэ” гэж яриад гурван жилийн дараа 13 чингэлэг махыг маань ачдаг юм.

Гурван жилийн дараа ачигдаж байгаа мах урд очоод чанарын шаардлага хангахгүй, асуудал дагуулсан. Аргагүй шүү дээ. Дээр нь гаалийн хяналт шалгалтын байцаагчид “Ийм махыг гаргахгүй” гээд буцаачихсан.

– Таны асуудлыг шийдвэрлэнэ гэж байсан салбарын сайд юу болсон бэ?

– Удалгүй ажлаа өгчихсөн шүү дээ. Дараа нь Х.Болорчулуун сайд болсон. Би явж ороод таван асуудал тавьсан. Бас л өмнөх сайд шигээ шийдвэрлэнэ, болгоно гэж эхэлсэн. Би ч итгэсэн, хүлээсэн. Байдаггүй. Ерөөсөө энэ сайд дарга нар иргэддээ гөлөг төөрүүлж байгаа юм шиг ханддаг. Өөрсдийнх нь, салбарынх нь нэр хүндэд халдах үйлдэл хийчих вий гэж айгаад “Болгоно, хүлээж бай” гээд итгэл үүсгээд хүлээлгэчихдэг. Тэгээд л цаг хугацаа хожоод байдаг юм байна гэдгийг хэзээ хойно нь ойлгож байна.

Ингээд аргагүйн эрхэнд 2023 оны долдугаар сарын 3-нд талбай дээр суултаа эхэлсэн. Маргааш 190 дэх хоног нь болох гэж байна.

– Ар гэрийн нөхцөл байдал ямар байна вэ?

– Маш хүнд шүү дээ. Долоохон настай охиноо машиндаа байнга аваад явах эмэгтэй хүнд ямар байх вэ. Зуны улиралд арай гайгүй байсан. Хамт тоглодог найзууд дээр нь өдөрт орхичхоод ирдэг байлаа. Одоо тэгэх боломжгүй. Охиноо харахаар маш хэцүү байдаг. Дээр нь бидэнд орох гэр орон алга. Энэ нөхцөл байдлыг маань Ерөнхий сайд, Ерөнхийлөгч харж үзээсэй л гэж хүсэх байна.

Уг нь бид хөрөнгө мөнгөө гаргаж, мөн зээл авч хүртэл мах бэлтгэсэн. Дээр нь гурван жил хадгалж хамгаалахад түрээс, тог цахилгаанд нэмж мөнгө зарцуулж өчнөөн хохирлоо. Энэ мөнгийг төлөх гэж хүүтэй зээл авч нэмээд хохирол хүлээсээр байна. Бэлтгэсэн махаа тухайн үед Засгийн газрын нэг удаагийн тогтоолын дагуу экспортод гаргасан бол дөрвөн жилийн орлогоороо Монголдоо махны стандарт хангасан төгс үйлдвэр барьж, эрх авах зорилго тээж явсан.

Махны экспортын ашиг үр шимийг Монголд үлдээе гэж хүсэж, гуйж байхад энэ яамны эрх бүхий албан тушаалтнууд үгүй хийсэн. Тэд өөрсдийн түрийвчийг зузаалах бодолд хөтлөгдөн мөнгө өгөлгүй намайг ялгаварлаж, надад тэгш бус хандсан. Төрийн албан хаагчдын энэ мэт буруугаас үүдэн эрсдэл үүрч, улмаар бэлтгэсэн махаа экспортолж чадахгүй гурван жил хадгалах хамгаалах зардлаар “шатаж”, нэмж хохирсоор байна.

Бэлтгэсэн махаа хадгалж хамгаалахад гаргаж байгаа төлбөрт өгөх зээл авсан. Түүндээ барьцаалагдан орон гэрээ битүүмжлүүлж, одоо гудамжинд гараад байна. Энэ бүхнээс үүдэн эрүүл мэндээрээ хохирлоо. Эрүүл мэнд бол мөнгөөр хэмжигдэшгүй. Энэ улсын иргэний хувьд төрдөө л хандсан. Төр, засаг маань асуудлыг ойлгоод махыг минь үнэгүйдэхээс хамгаалж, нэг удаагийн тогтоол гаргаж өгсөн.

Иргэнээ сонсдог, дэмждэг, хамгаалдаг, ямар саад бэрхшээл байгааг засаж, залруулах арга хэмжээ авдаг төр, засаг юм байна гэж ойлгосон. Гэтэл үүнийг нь гацаадаг ашиг сонирхолд автдаг нөхөд төрийн албанд байгааг өөрийн биеэр үзлээ.

– Махны экспорт гэдэг маш их ашиг сонирхол дагуулдаг талаар гомдол тасардаггүй. Цөөхөн хэдэн компани л монопол байдаг гэв үү?

– Экспортод гаргаж байгаа хэдэн компани ч урдаа монопол болоод байгаа шүү дээ. Түүний ар талд манай том том улстөрчид хөрөнгө оруулалт хийчихсэн байдаг. Маш олон ноцтой зүйлс байгаа. Үндэсний үйлдвэрүүдийг дэмждэггүй. Би эрхгүй үйлдвэрт махаа бэлтгэчихсэн. Та тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж. Ер нь квот эрхийн асуудал зөндөө байгаа.

Нэг жишээ татъя. 2021 онд байх, шөнөөр мах зөөж байгаа аж ахуйн нэгж тагнуулын байгууллагад баригдсан байдаг. Шалгаад үзтэл “Манай үйлдвэр Завханд байдаг. Завхан аймагт бэлтгэсэн” гэж хариулсан гэсэн. Гэтэл шалгаад үзтэл Завханд үйлдвэр байхгүй, ямар ч эх үүсвэргүй. Гэтэл манай улс БНХАУ-ын хүлээн зөвшөөрсөн тусгай зөвшөөрөлтэй үйлдвэрт бэлтгэсэн махыг экспортод гаргана гээд байгаа мөртлөө үйлдвэр нь байдаггүй.

Та тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байлаа гэхэд би эрхгүй үйлдвэрт мах бэлтгэчихсэн. Би таны нэр дээр махаа гаргая. Би “Max Импекс”-д санал тавьдаг тэр шүү дээ. Хятадууд хэдээр авч байна, би тэр ханшийг өгнө. Монгол Улсын иргэнээ нэгдүгээрт тавиад ганц удаа үйлчлээд өгөөч гэж хүссэн нь тэр. Ингээд тусыг олоогүй. Би тэгвэл хил давуулж зараад ашгийнхаа 10 хувийг танд өгье гэж хүртэл үзсэн. Цаашаа энэ байдлаар үргэлжлүүлээд явъя гэдэг санал хүртэл тавьсан.

– Өнгөрсөн Баасан гарагийн УИХ-ын чуулганаар махны экспортын асуудал хөндөгдсөн. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Дарга нарын компанийг урагшаа аттесталчилж явуулчхаад жирийн иргэний компанийг явуулдаггүй. Урагшаа мах гаргах зөвшөөрөлтэй 15, 16 ХХК байдаг. Тэд нэг кг махан дээр гурван юанийн төлбөр авдаг” гэж ярьсан. Энэ нь ямар учиртай гурван юанийн төлбөр юм бол?

– Тэр бол аль дээр үеийн ханш. Одоо гурван юань гэдэг ханш байхгүй болчихсон. Б.Пүрэвдорж гишүүн өмнөх ханшийг ярьж байхгүй юу. Мэндсайхан амлалт өгч зогсоосны дараа миний 13 чингэлэг махыг ачсан даа. Би тэр үед нэг чингэлэг махыг 50 сая төгрөгөөр ачуулсан. Үржихээр хэдэн төгрөг болох вэ. Махаа гаргуулж байгаа компанид тэр 50 сая төгрөгөө өгдөг гэсэн үг. Таны хэлээд байгаа гурван юань гэдэг чинь энэ шүү дээ. Тэр бол ханш уначихсан үе.

Оргил үедээ 100, 150 сая төгрөг өгч гаргадаг. Яах вэ тэр ханш зургаадугаар сард урд талд мах иддэггүй улиралд эхэлдэг. Тэр үед ханш унаад гурван юань руу ордог юм. Тэр ханшийг ярьж байна. Оргил үедээ чингэлэг тутамд 100.150 сая төгрөг болдог гэсэн үг.

– Тусгай зөвшөөрөлтэй компани өөрсдөө махаа гаргаад дахиад өөр компанийн махыг мөнгө авч гаргадаг байх нь ээ?

– Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд мах гаргадаггүй юм даа, бараг. Хятадуудын махыг л гаргадаг. Хил давуулж зараад монгол хүн ашгаа авдаг бол би баярлана. Өнөөдөр тэр чигээрээ хятадуудын мах гаргадаг шүү дээ. Манайхны том улстөрчийн хамаарал бүхий хүмүүс хэлж байсан.

Иргэнээ нэгд тавиад хоёрт нь гаднынхандаа үйлчлээд өгөөч гэхэд “Уучлаарай, ахын дүү. Монгол Улсаас мах экспортод гаргаж зардаг нэг ч монгол хүн байдаггүй юм аа” гэж хэлж байсан. Ийм л байдаг.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Арванхоёрдугаар сарын жаврыг түлшний хомсдолтой давсан хөдөөнийхөн DNN.mn

АЙМАГ РУУ БЕНЗИН ХАЙЖ ЯВАХДАА ЗАМАА ДӨТЛӨХ ГЭЭД НУУРЫН МӨСӨНД ЦӨМРӨН ОРЖЭЭ

Өвөрхангайн замд үхчихсэн үхэр, адуу хэд хэдэн удаа таарсан. Өвсөө дарсан цастай, дээр нь жавартай учраас бог мал эхнээсээ үхэж байгаа нь тэр аж. Баянхонгор, Говь-Алтай аймгуудад харин цас багатай ч хүйтэн, мөн шуургатай байв. Харин Ховдод мал зулгаах өвстэйн дээр амны цангаа тайлчих цастай байна. Бид аймгийн төвөөс хойшоо Чандмань сум руу хөдөллөө. Идэр хүйтэн дундаа орж байгаа ч цаг агаар хасах 12 хэм байгаа нь дулаахан гэсэн үг. Өвлийн улиралд аймаг сум хооронд гэдэг нь болох шиг боллоо. Ийм төр засагтай байгаадаа гутарч явах юм. Заримдаа ч би өөрөө буруутай юм шиг санагддаг. Гэхдээ одоо нэгэнт Монголд монгол хүн болоод төрчихсөн юм чинь амьдрахгүй гээд яах билээ. Бид ч яах вэ, тэтгэвэртээ суучихсан хүмүүс. Харин үр хүүхдүүд минь ийм эх оронд үлдэнэ гэхээр өөрийн эрхгүй сэтгэл харанхуйлах юм” хэмээн цөхрөнгөө баран сэтгэгдлээ хуваалцлаа. Бид аймгийн Онцгой байдлын газар руу утсаар ярьж, тусламж дуудчихаад сум руу явахдаа гурван хүүхдийг нь суулгаад хөдөллөө. Сүүлд утсаар холбогдоход “Онцгойгийнхон түргэн ирсэн. Эхнэр бид хоёр автомашинаа татуулж гаргаад чирүүлээд аймаг орсон. Хабрид автомашин болохоор батарей, мотор гээд хамаг юмыг нь солихоос нааш асахгүй гэж байна лээ. Тэр сэлбэгийг нь авах гэж бараг нэг автомашины үнэ зарлагадах юм билээ. Тэгэхээр нь шууд сэлбэгт хямдаар өгчихлөө. Гарах ёстой юм нь гарч байгаа юм байлгүй. Угтаа бензин, түлш сум орон нутагт чөлөөтэй өгч байсан бол хаанаас ийм юм болох билээ. Одоо тэгээд эд хөрөнгөөрөө хохирсон хүмүүс бид хэнээсээ ч энийгээ төл гэж шаардах юм билээ” гэлээ. Бензин түлшний асуудал зөвхөн нэг айлд л ийм том асуудал болж байхад нийт иргэдийн хувьд ямар байдалтай байх нь тодорхой биз.

“ХОТ ОРОХ УНАА БАЙНА УУ”

Бид Ховд аймгийн Чандмань суманд зорьсон ажлаа амжуулчихаад буцаад аймаг орж, тэндээсээ Улаанбаатар хот руу хөдлөхөөр боллоо. Арванхоёрдугаар сарын эхний долоо хоног дулаахан байсан ч биднийг буцах үед буюу 10-12-ны өдрүүдэд дахин хүйтэрч эхэллээ. Цасан шуургатай өглөө сумын төвөөс нэг унаа олоод аймаг руу хөдөллөө. Аймагт ирээд хот руу явах санаатай фэйсбүүкээс зар хайтал ихэнх нь бензин, түлшгүй гээд зогссон байв. Дахиад л түлш, шатахууны асуудал яригдлаа. Үнэндээ Монгол Улс бензин, түлшгүй, эрчим хүчгүй бол хаана ч амьдрал таг зогсох юм билээ. Ховдоос хот руу явах санаатай хүмүүс олон. Энд тэнд л хот явах унаа байна уу гэцгээгээд л. Ингээд үдээс хойшихно нэг танил маань залгаж байна. Тэрээр “Нэг автобус хот руу өглөө хөдөлнө гэнэ. Гэхдээ замаасаа түлш олдвол орох байх гэсэн. Олдохгүй бол Говь-Алтайд бас түлш хүлээж зогсоно гэдгээ анхааруулан хэлж байна шүү. Тэр унаанд суугаад явах уу” гэлээ. Бид ч өөр аргагүй учир тэр автобусанд суугаад явахаа хэллээ. Ингээд маргааш өглөө Ховдын захаас улаан, том оврын автобусанд суугаад хотын зүг хөдөллөө. Жолооч нь Н.Баяр гэх хүн юм байна. Жолоочоос яаж түлш олсныг нь асуулаа. Тэрбээр “Манай нэг танил Хөшөөтийн уурхайд ажилладаг юм. Тэр хүнээр дамжуулаад 100 литр түлш авахууллаа. Одоо хэдүүлээ энэ түлшээрээ ямартай ч Говь-Алтай орчихно. Цаашлаад Баянхонгор бараг дөхчих байх” гэж байна. Бас л эрсдэлтэй юм ярилаа. Хот руу явах хүн их байсан ч бидний явсан автобус дүрмээ баримтлаад хүн хэтрүүлж авч явсангүй. Хол газар, дээр нь түлш ховор үед тэр нь ч зөв байх. Аймгаас биднийг хөдлөхөд нэг настай эмэгтэй “Эмээгээ аваад явчихаач ээ. Эмээ нь хотод очиж ач нараа харахгүй бол сургууль амарчихсан хэцүү байна, хүү минь” гээд жолоочоос гуйсан. Тэр эмээг л авсаныг эс тооцвол хүн бүр суудалдаа яг тоогоороо суугаад явлаа. Ховдоос Дарви ортол замын мөс, цас гайгүй байсан. Гэтэл Дарвиас цааш Говь-Алтай хүртэл ёстой нүдгүй цасан шуурга тавилаа даа. Жолооч ч болгоомжтой гэлдэрлээ. Шаргын говь, Ээвийн тал хэзээний л цас ордоггүй газар. Гэвч энэ өдөр чамгүй их цас орж байна. Автобусанд явсан хүмүүс дор бүрнээ чимээгүйхэн түгшин явлаа. Түлш хомс, дээр нь цасан шуурганаар засмалаас гарах боломжгүй том оврын автобустай явж байгаа хүмүүс шүү дээ. Бүгд л ямар нэгэн муу зүйл битгий болоосой хэмээн залбирч явах шиг. Ээвээс цаашаа хэсэг явсаар Баарангийн даваа өөд өгслөө. Бидний урдаас ирж явсан ачааны том тэрэг ёстой хөдөлж байгаа нь мэдэгдэхгүй шахам л даваа уруудаж явна. Ёстой нөгөө элгээрээ мөлхөх шахам л явж байв. Бид өгсөж байгаа ч замын гулгаа их, зарим газартаа автобус нааш цааш шарвах нь айдас хүрмээр. Юутай ч бид Говь-Алтай аймгийн төв орж ирлээ. Цасаар шуурсаар л. Колонк болгон дээр зогслоо. Түлш өгч байгаа нэг ч газар байсангүй. Ингээд цаашаа Баянхонгор хүртэл бараг 400 км. Замаасаа бага зэрэг түлш нэмэхгүй л бол аймаг орох эсэх нь эргэлзээтэй байв. Автобусанд явсан зарим зорчигчид таньдаг хүмүүс рүүгээ утсаар ярьж зам зуур түлш байгаа эсэхийг лавлав. Нэг идэрхэн насны залуу Бацагаан дээр түлш өгч байгаа юм байна гэдгийг хэллээ. Жолооч “Ахын дүү наад хүнээ түлшээ хадгалж байгаарай гээд захьчихгүй юу” гэж байна. Ингээд аймгаас цаашаа Баянхонгор руу бид хөдөллөө. Түлш, цасан шуурга гээд хоол унд идэхээ ч мартсан гэлтэй. Хүн бүр явдал дундаа өөр өөрсдийн бэлдсэн хүнсээ хэрэглэн явав. Говь-Алтайгаас цааш Дэлгэрийн тал өнгөрөөд Үнээ ус дээр уг нь хоол идэх гэж зогссон. Гэвч тэндхийн гуанзууд ажиллахгүй байв. Учир нь түлшгүй болоод аймгаас хүнсээ татаж чадаагүй байгаа гэнэ. Бас л нөгөө түлшний асуудал замын хоолны газруудыг ч зүгээр өнгөрөөсөнгүй бололтой. Түүнийг сонссон зарим зорчигчид уурлаж, үглээд автобусандаа суулаа. Монгол Улс нээрээ яаж хөгжинө дөө гэцгээх хүмүүс их байв. Зарим нь “Түлш шатахуунаа шийдэж чадахгүй байгаа хүмүүсээс том зүйл хүлээх хэрэг байна уу. Ардчилал, эрх чөлөө гээд ярьдаг. Олон гадаад хүмүүстэй уулзлаа л гэдэг. Тэгээд бидэнд наалдацтай ямар шийдвэр гаргасан бэ. Хойшоо оросуудынхаа уурыг хүргэж байгаад л түлш, шатахуунаа тасдуулаа биз дээ” гэж ярих хүн ч байна. Тэр яриаг нь дэмжээд “Оросууд биднийг боож байхгүй юу даа. Наадах чинь цаагуураа улс төр явж байгаа юм” хэмээн айхавтар геополитикийн асуудлыг хөндөх улсууд ч байх юм. Автобусан доторх хэсэг хүмүүсийн ярианаас харж байхад асуудал бидэнд биш Оросуудад байгаа юм шиг ойлгогдоно. Эрх баригч намыг дахин гаргахгүй ёсгүй шүү л гэнэ. Зарим нь МАН-аас өөр олигтой улс төрийн нам байхгүй шүү дээ. Хүссэн хүсээгүй бид МАН-ыг дахин сонгоно ч гэж мэр сэр ярьж байгаа нь дуулдлаа. Цасан шуурга үргэлжилсээр.

ХОВДООС УЛААНБААТАР ХҮРТЭЛ 1000 ГАРУЙ КМ ҮРГЭЛЖИЛСЭН ЦАСАН ШУУРГА

Угтаа Говь-Алтайгаас гараад бараг 200 гаруй км явсан ч шуурга намдсангүй. Бүр ширүүсэх маягтай. Автобусны цонхоор харж явахад нийт нутгаар цас их дарах шинжтэй. Зарим малчид малынхаа хойноос нааш цааш гүйлдээд тууж байгаа нь хүндхэн харагдав. Энэ цасан шуурган дунд яагаад явган малаа тууж, хөөгөөд байгаа нь сонин. Мотоцикльтойгоо явахаар бензингүй. Автомашинтайгаа явахаар түлшгүй. Морьтойгоо явахаар тэжээлгүй. Тиймээс явган малаа хариулж байгаа нь энэ аж. Хөдөөнийхнийг яг энэ үед л их өрөвдлөө. Үнэхээр тэдний амьдралд түлш, шатахуун ямар их хэрэгтэй байдгийг мэдрэх шиг. Чандмань, Дарви суманд ажиллаж байхад түлш, шатахуунаас болоод өвөлжөөндөө буугаагүй айлууд ч их байсан. Идэр есийн хүйтнээр өвөлжөөндөө буугаагүй гэхээр ямар хүндхэн өвлийг туулж байгаа нь ойлгомжтой биз ээ. Бид явсаар Бацагаан сум орж ирлээ. Нөгөө залуугийн түлш ашгүй байж байна. Гэхдээ гучин литрийг л өгнө гэнэ. Чамлахаар чанга атга гэгчээр нэмүүлж аваад цааш явлаа. Шөнө дөлөөр Баянхонгорт ирлээ. Энд ч түлш алга. Шөнөжин бүх колонкоор түлш хайж яваад олдсонгүй. Яах ч аргагүй эндээ бид хонохоор боллоо. Автобусны жолооч тэр хугацаанд ийш тийшээ ярьж түлш сураглаж байна. Хүн болгоны ад үзээд байдаг “хувийн” гэх тодотголтой колонк байдаг даа. Угтаа бүх колонк л хувийнх. Гэхдээ “Хөрс” гээд колонкийн түгээгчтэй жолооч ярьж байна. Тэдний хэлж байгаагаар өглөө түлш ачсан машин орж ирнэ гэлээ. Бид хүлээж байгаад авахаас өөр аргаггүй. Харин ч өглөө ирж байгаа нь бидний хувьд баярт мэдээ юм. Ингээд аймагт зарим нь автобусанд зарим нь таньдаг айлдаа, зарим нь гуанз, буудалд орж хонолоо. Өглөө 10 цагийн үед мөнөөх түлш ачсан автомашин орж ирэв. Ингээд түлшээ аваад бид хот руу хөдөллөө. Бас Өвөрхангайгаас жаахан нэмэхгүй бол яг таг Улаанбаатар хот хүрэхгүй гэдгийг жолооч хэллээ. Явсаар Өвөрхангай орсон ч бас л түлш байсангүй. Цааш явлаа. Элсэн тасархай, Эрдэнэсант бас л түлшгүй явсаар Лүн орлоо. Харин аз болж Лүнгийн “Сод” түлш өгч байна гэнэ. Бушуухан яваад очтол бас л гучин литрийг өгнө гэлээ. Түүнийг нь аваад хот арай ядан орж ирлээ дээ. Ховдоос гарахад цасан шуурга нүдсэн. Хотод орж иртлээ шуурга намдсангүй. Баянхонгорт бол айхавтар цасан шуурга болж, зарим газар зам ч тасарч байсныг бодохоор айдас хүрэх шиг. Арванхоёрдугаар сарын жаврыг түлш шатахууны хомсдолтойгоор арай ядан Ховдоос хотод ирсэн бидний зам ийн хүнд, эрсдэлтэй нөхцөлд байлаа. Гэхдээ бид ч төв замаас холдолгүй явж ирцгээсэн хүмүүс. Харин төв зам битгий хэл төв суурин газраасаа хол, уулын мухарт, талын голд хэдэн малынхаа төлөө амиа өгөхөөс наагуур яваа хөдөөнийхөнд энэ сарын жавар, бензин, шатахууны хомсдол амьдралд нь ямар том бэрхшээл дагуулсаныг хэн ч мэдэхгүй биз ээ…
Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Ёндонгомбо: Сэргээгдэх эх үүсвэрийн гэрээнүүдийн үнэ өндөр байсан болохоор нөлөө нь одоо ч дуусаагүй л байна DNN.mn

Монгол Улсын зөвлөх инженер, техникийн ухааны доктор Г.Ёндонгомботой ярилцлаа.


-Энэ өвөл монголчуудын хувьд чанга байна. Оны өмнө шатахууны хомсдол, эрчим хүчний хязгаарлалтад орлоо. Стратегийн бүтээгдэхүүн нэг улсаас хараат байх нь ийм аюултайг харж байна. Харин та бодит нөхцөл байдлыг хэлж өгөхгүй юу?

-Аюулын зах зух нь мэдрэгдсэн. Мэргэжлийн биднээр зогсохгүй бүх монгол чууд л анзаарах шиг болсон. Өвлийн их ачаалалтай зэрэгцээд л бага багаар хязгаарлалт хийж эхэлсэн. Манай суурилагдсан хүчин чадал дээр ОХУ-ын импорт нэмээд хэрэглээний өсөлтийг дийлэхгүй байна. Сүүлийн жилүүдэд шөнийн хөнгөлөлт хэрэгжүүлснээс болж цахилгаан халаагуур их нэмэгдсэн байдал харагдаж байна. Халаалтаа цахилгаанаар шийдчихсэн хэрэглэгчид ийм хүйтэн өвөл 17-22 цагт халаагуураа таслахгүй л дээ.

-Манай улсын эрчим хүчний хэрэглээ жилд хэдэн хувиар өсч байна вэ. Нөгөө талд эрчим хүчний үйлдвэрлэл маань өсөн нэмэгдэж байгаа хэрэглээгээ гүйцэж чадах нь уу?

-Жилд ойролцоогоор долоо орчим хувь өсч байгаа. 2023 оны албан ёсны тоог энэ хавар Эрчим хүчний зохицуулах хороо зарлах байх. Түрүүлж хөгжих ёстой салбар гүйцэх байтугай одоо моодонд орсон хэллэгээр “улных” болсон юм биш үү.

-Сэргээгдэх эрчим хүч нийт чадлын хэдэн хувийг эзэлдэг юм бэ?

-Эх үүсвэрийн бүтцийг авч үзвэл импорт 21 хувь, сэргээгдэх эрчим хүч долоон хувь. Үлдсэн 72 хувь нь нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станц байна гэдгийг судлаачид 2022 оны түвшинд гаргасан.

-Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэй хэрнээ энэ салбар ерөөсөө дорвитой хөгжихгүй юм. Сэргээгдэх эрчим хүчний үнэ өндөр байна гэдэг. Энэ нь ямар шалтгаантай юм бэ?

-Сэргээгдэхийн үнэ өн дөр гэхээсээ дулааны цахилгаан станцуудын үнэ тариф хэт доогуур байгааг анхаарах ёстой. Эрчим хүчний салбарыг өнөөгийн хүнд байдалд оруулсан гол шалтгаан бол уламжлалт эх үүсвэрүүдийн үнэ тариф бага байгаагаас болж байна шүү дээ.

Үүнийгээ засч залруулж чадвал сэргээгдэх эрчим хүчний үнийн нөлөө тийм ч их биш. Яваандаа алга болох асуудал.

-Ингэхэд сэргээгдэх эрчим хүчний үнийг бодлогоор өндөр байлгаад байна уу. Оросын цахилгааныг авахаас өөр сонголтгүй болгох гээд байдаг юм уу?

-Сэргээгдэх эрчим хүчний хууль батлагдаж нар, салхины станц олноор баригдах үеийн сэргээгдэх эх үүсвэрийн тоног төхөөрөмжийн үнэ өндөр байсан нь үнэн. Тэр үед сэргээгдэх эх үүсвэрээс цахилгаан худалдах, худалдан авах гэрээнүүдийн үнэ ч дагаад өндөр хийгдсэн. Нөлөө нь одоо хэр дуусаагүй л байна. Харин шинээр гэрээ хийгдвэл нэгд, тоног төхөөрөмжийн үнэ хямдарсан хоёрт, хуримтлууртай байх ёс той гэх мэтээр илүү сайн болох ёстой.  Ер нь суурь болон оргил чадлын дутагдлыг нар, салхины эрчим хүчээр нөхдөггүй юм. Суурь ачааллыг төрөл бүрийн ДЦС, АЦС, оргил ачааллыг УЦС, хийн турбинт станц, за ирээдүй яривал устөрөгчөөр л хангана даа. Ногоон устөрөгч үйлдвэрлэж эхэлбэл нар, салхины эх үүсвэрүүд хязгааргүй хөгжих боломжтой.

-Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг Хятадын хөрөнгө оруулалтаар барихаар хоёр улсын Засгийн газрын түвшинд ярьж байгаа. Энэ төсөл хэр хурдтай явж чадах бол?

-Саяхан Б.Чойжилсүрэн сайдад гэрээнд гарын үсэг зурах эрх өгсөн байна лээ. Ач холбогдол нь манайд нүүрлэсэн суурь болон оргил хэрэглээг хөнгөлөх боломж гарах учир хаана хаанаа хичээх биз. Баруун бүсээр тогтохгүй нийт эрчим хүчний салбарт хуримтлагдсан асуудлууд нэг хэсэгтээ хөнгөрнө шүү. Гэхдээ Монгол Улс сайн ч, муу ч хөгжсөөр байгаа тул эх үүсвэр нэмэх асуудал байнга байсаар байх болов уу.

-Эгийн голын УЦС-ын хувьд Оросын тал хамтарсан ажлын хэсэг байгуулж хамтран ажиллана гэж мэдэгдсэн. Өмнөх хамтарсан ажлын хэсэгт та нэлээд олон жил ажилласан байх аа. Энэ ажлын хэсгийн үр дүн нь юу болсон юм бэ. Эгийн голын УЦС-ыг оросууд явуулах нь үнэн болов уу?

-Өмнөх ажлын хэсгийн ажлыг дахиад л эхлүүлнэ биз. Өмнө нь би Шүрэнгийн УЦС-ын төслийн удирдагч, Сэлэнгэ мөрний сав газар баригдах УЦС-уудын асуудлаар байгуулагдсан Эрдэмтдийн хамтарсан ажлын хэсэг, Хилийн усны комиссын гишүүн гээд олон чиглэлээр ажилласан.

Хамтран судалъя л гэдэг юм. Судлаад тайланг ЮНЕСКО-д явуулсан шүү дээ. Тэндээс хариу өгсөн эсэх талаар мэдээлэл алга. Өөрөөр хэлбэл ЮНЕСКО ямар хариу өгөхийг харж байж оросуудтай ярих хэрэгтэй байх. Гэтэл Оросын мэр гэжлийн байгууллагууд нэлээд дээд түвшинд барих талаар хөөцөлдөөд л байдаг юм билээ. Бүтэх эсэхийг мэдэхгүй. Тэдэнд яаж хандах нь ОХУ-ын төр, засгийн л асуудал. Миний хувьд оросууд УЦС барихад татгалзах зүйлгүй. Манай Засгийн газар ч дургүйцэхгүй байх.

-Байдрагийн УЦС-ын ТЭЗҮ боловсруулагдаж дууссан гэл үү?

-Байдраг гэлтгүй ТЭЗҮ гэх цаас маш олон байдаг. Нэг их хөөрөөд байх асуудал биш. ТЭЗҮ дуусахаар ажил эхэлчихдэг ч юм биш л дээ. Санхүүжилтийн загвар, төсөл хэрэгжүүлэх механизм гээд л ярвигтай асуудлууд бий.

-Гайгүй хурдтай явж байгаа нь Бөөрөлжүүтийн УЦС-ын бүтээн байгуулалт байх шив. Энэ станц ашиглалтад орвол манай эрчим хүчний чадал яаж өсөн нэмэгдэх билээ?

-Суурь ачааллыг хангах суурь чадал 300 МВт-аар нэмэгдэнэ. Эхний 150 МВт нь 2024 оны сүүлээр ашиглалтад орно гэж байсан. Одоогийн байдлаар 2025 он гаргах байх гэж сонссон. Гэхдээ явц нь тун гайгүй санагддаг. Зарим төслүүд 20-30 жил зөвхөн яригддаг биз дээ.

-Манай улс Францын цөмийн эрчим хүчний компанитай хамтран ажиллахаар боллоо. Манай улс атомын цахилгаан станцтай болох тал дээр та ямар бодолтой байдаг вэ?

-Зөв зүйтэй асуудал. Шар нунтагийн асуудлыг тэнгэрт хадаасан монголчууд бид станц барина гэвэл яах л бол доо. Гэхдээ одооноос анхаарах хэрэгтэй. Бас техник технологийн хөгжлийг тооцох ёстой.

-ОХУ манайд бага оврын атомын цахилгаан станц барьж өгөх санал тавьсан шүү дээ. Энэ саналыг бид хүлээж авах нь зөв үү?

-Сайтар тунгааж тооцох ёстой. Гадаадын өндөр мэргэжлийн хүмүүс, эрдэмтэд 60 МВт-ын таван блоктой станц яг тохирно гэж үздэг. Бага оврын гэж 2030 Мвт-ын АЦС-ыг л хэлдэг. Яг албан ёсоор санал тавьсныг бол дуулаагүй. Росатомын хүмүүс яваад байгааг мэднэ ээ.

-Дэлхий дахинд халуун цөмийн технологиор эрчим хүчээ шийдэх боломжуудыг ярьж эхэллээ. Энэ тухай та дэлгэрүүлэхгүй юу?

-Одоохондоо яг нэвтрүүлсэн туршлага байхгүй. Гэхдээ судалгаа, шинжилгээний ажлууд эрчимжиж байгаа нь үнэн. Халуун цөмийн синтез гэдэг чинь цөмийн урвалаас өөр зүйл. Монголчууд энэ талаар дэлхийг харна уу гэхээс өөр юу ч хийж чадахгүй.Цөмийн том гүрнүүд асар үнэтэй, аварга төхөөрөмжүүд дээр туршилт хийдэг.  Үе үе ахиц гарч байгаа мэдээ гардаг л юм.

-Тавдугаар цахилгаан станцын төсөл ямар шатандаа яваа бол?

-Бидний ойлгож байсан Улаанбаатарын тавдугаар цахилгаан станц бол зогсчихсон. “ДЦС-3”-ыг өргөтгөнө гэдэг нь оросуудтай хэлэлцээрийн шатанд байгаа болов уу. Багануурын станцын ажил үргэлжлэх бололтой сонсогдсон.

ДЦС-4 дээр нэг зуух нэмэх дэмжүүштэй санаа яагаад ч юм зогсонги байгаа бололтой.

-Юунаас болсон юм бол?

-Өмнө нь хэрэгжсэн зарим төсөл Хөгжлийн банктай холбоотой юм билээ. Түүнтэй л холбоотой болов уу. Гэхдээ төсөл амжилттай хэрэгжээд цахилгааны үйлдвэрлэл нэмэгдээд 700 гаруй МВт чадлаар ажиллаж байна шүү дээ, “ДЦС-4”. Үнэ тарифыг нэмээд өгчихвөл бүр богино хугацаанд ч зээлээ төлөх боломжтой. Нэг зуух нэмчихвэл 800 МВт дөхүүлчих гээд бас бэлтгэл тоноглолтой болох гээд байгаа юм.

-Тавантолгойн ДЦС-ын талаар та ямар мэдээлэлтэй байна вэ?

-Шүүхийн маргаантай байгаа л гэсэн. Харж л суухаас.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

“Орос ах, орос ах” гэж солиороод байхаар чинь бидний төлөө тэд ирж байлдах нь гэж бодох нь зөв DNN.mn

ОХУ-ын Россия-1 сувгаар энэ сарын 4-нд тус улсын үзэл сурталч В.Соловьев “Бид 150 сая хүнтэй. Гэсэн ч яагаад заавал бид байлдана гэж. Сайн дураараа байлдах Хойд Солонгос, Монгол гээд улсууд байна” гэж ярьсан бичлэг олон нийтийн сүлжээнд тархав. Ерөнхий сайд, ОХУ-д Элчин сайд асан С.Баяр энэ нөхрийн талаар “Оросын одоогийн гол суртал ухуулагч Соловьев. Том дарга нарынхаа хэлж зүрхлээгүйг шууд хэлдэг байсан талийгаач Жириновскийн ор. Санаандгүй юм шиг ийм үг унагаад, гадна дотноос хэн юу гэх нь вэ гэж ажиглана, дүгнэлт хийнэ, акц зохионо. Бүхэл бүтэн институц” гэж тодорхойлсон байв. Энэ бичлэгийг тойрсон байр суурь одоо ч цахим сүлжээнд үргэлжилж байна.

Харин тодорхой нэг зүйл нь оросууд биднийг ингэж дүгнэхээр хэмжээнд цуст дайныг монголчууд дэмжсэнд байгаа юм шүү дээ. Орос байтугай бид дотооддоо нэгнээ гайхахаар үйл явдал энэ хоёр жилийн хугацаанд өрнөсөн. Украинчууд муугаа мэдэхгүй өрвөлзлөө, хошин шогийн жүжигчин улсаа самарч байна, энэ улс сүйрлээ гэх зэргээр шүүмж битүү өрнөсөн. Дайныг эсэргүүцэж жагссан “No war”-ын залуусыг “Босоо хөх Монгол” тэргүүтэй нөхөд дарамталсан. Өөр нэг хэсэг нь Жуковын хөшөөнд цэцэг өргөж дуу дуулалдан клип хийлгэн олны нүдийг орой дээр нь гаргасан. Хэн нь ч албан ёсоор дайныг буруутгаагүй нь бүүр гайхаш тасармаар байна. Яг ийм явдал бидэнд тулгарвал яах юм бэ, үгүй гэх арга байхгүй байна шүү дээ гэж хэлээд байгаа нэгнээ уралдан үзэн ядацгаасан. Яагаад ингээд байгаа, хэн ингээд байгаа нь ойлгогдохгүй хоёр жил болж байна. Сошиал сүлжээн дэхь сэтгэгдэл л лав тэр чигтээ Оросын дайныг дэмжиж байдаг. Тэр нэр ус нь дан хуурамч л юм шиг байдаг. Энэ бүхэн Украинд түрэмгийлэл үйлдсэнээ зөвтгөж ядаж буй Орос, ОХУ-ын Элчин сайдад маш сайхан далим болж, өөрийн хийсэн ажил мэтээр цааш уламжилж байсан нь лавтай.

Монголчууд бид гучхан жилийн өмнө социалист нийгэмтэй байв шүү дээ. Төр засаг, дарга даамлын ажил яаж явагддагийг мартаагүй. Өөрсдийнх нь үзэл сурталд таалагдсан бүхэн манайх, биднийх болдог, өөрсдөө хийсэн мэтээр сурталддаг зан коммунистуудын унаган төрх. Бидний дээрх тэнэглэл орос Элчинд ялгуусан ялалт мэт л байсан нь гарцаагүй. Тийм ч учраас дайныг эсэргүүцсэн монгол залуус, АН-ын эсрэг гаднын улсын Элчин сайд мэдэгдэл гаргаж, тусгаар улсын дотоод хэрэгт оролцож байлаа шүү дээ. Гэвч үүний эсрэг Монгол Улсын төр засаг дорвитой хөдөлж, байр сууриа хамгаалж чадаагүй.

ОХУ Украин руу дайн өдөөж хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн энэ явдалд Монголоос бусад бүхий л улс орон байр сууриа тодорхой илэрхийлж, хариу арга хэмжээ авч ирсэн. Харин ганц Монгол Улс ганхийх ганц үггүй өнөөдрийг хүрлээ. Ноцтой нь дотоодод болж буй бүхий л үйл явдал нь дайныг дэмжсэн агуулгатай болж хувирч буй нь ерөөсөө хилийн чанадад Монгол Улс түрэмгий дайныг дэмжиж байна гэсэн пайз болоод л хувирчихлаа. Дайныг эсэргүүцсэн бүх улс оронд Оросын хөшөө дурсгалаас эхлээд иргэдтэй нь харьцахаас зайлсхийж байхад манайд Жуковын хөшөөн дээр сүр жавхлантайгаар явж очоод баярын хундага өргөж байгаа нь орос Элчин нутагтаа уламжлах арвин их гавьяатай болсон байж таарна. Нэг ёсондоо Монгол даяар ОХУ-ын хийж байгаа дайныг дэмжиж байна гэдэг буруу ойлголтыг дээр доргүй төрүүлчихлээ шүү дээ.

Түүх сөхвөл ийм эндүүрэл манайд анхных биш ээ. Олон нийтийн дунд анзаарагдаагүй өнгөрсөн ч хэвлэлийнхэн дунд одоо ч яригддаг нэг зүйл бий. В.Путин манай улсад хийсэн сүүлчийн айлчлалынхаа үед хийсэн хэвлэлийн бага хурал дээрээ “Манай УАЗ 469 машинд очерлож байгаад авдаг монголчуудад баярлалаа” гэсэн агуулгатай зүйл ярьж байв. Хэвлэлийнхэн бие биенээ гайхаж хараад л өнгөрсөн. Аль эрт хэрэглээнээс гарсан, хөдөө баг сумдад л ганц нэг үлдсэн “69”-д дугаарлаж зогсоод авдаг түүх өнгөрөөд арваад жил болчихсон үед шүү дээ. Ерөөсөө ийм түүхийг Монголд суусан Элчин сайдууд нь л зохиодог юм шиг байна лээ.

Өнөөдөр яг л энэ түүх давтагдаж байна. Энэ бол шинэ зүйл биш. “Оросын төлөө сайн дураараа байлдах монголчууд байна” гэх ойлголтод монголчууд өөрсдөө л хүргэж байна. Монгол дахь Оросын талын нөлөөлөл ч өргөн байна. Энэ бүхнийг харсан хүмүүс цааш нь хэд өсгөөд л мэдээлдэг байлгүй яав гэж.

Хамгийн ноцтой нь ийм зүйлд Монгол Улс хариу өгдөггүй, байр суурь илэрхийлдэггүй. Хоёр жилийн өмнө Оросын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга Константин Иосифович Косачев гэгч “АНУ Монгол Улсад биологийн зэвсэглэлийн лаборатори байгуулж байна” гэж мэдэгдэж байв. Мэдээж тийм юм байгаагүй, юу байдгийг нь ч бид ойлгоогүй өнгөрсөн. Одоо харж байхад амин чухал эд байсан байна лээ. Эм тань хүнс бодис барилгын материал ч болтугай шинжилж чаддаг лаборатори хэчнээн хэрэгтэйг бид сүүлд л ойлгоцгоосон. Гэвч үүний эсрэг хэн ч, ямар ч өндөр албан тушаалтан эсэргүүцэж мэдэгдэж чадаагүй дуугүй өнгөрсөн. Дуугүй байна гэдэг зөвшөөрсөн гэсэн үг. Хүн төрөлхтний харилцаанд байдаг хэлбэр энэ.

ОХУ-аас Монгол Улс руу өдөөн хатгасан агуулгатай мэдээллүүдийг үе үе ингээд цацдаг болоод удлаа. Төрийн өндөр албан тушаалтнаас эхлээд суртал ухуулагч хүртэл аманд орсноо ярьж байна. Одоо бүр цуст дайндаа татан оролцуулах, тэр битгий хэл сайн дураараа очих монголчууд байна гэж хүртэл эндүүрч байна. Ийм буруу ойлголт төрүүлсэн манай суртал ухуулга сошиал сүлжээн дэх хэсэг бусаг хүмүүс буруутай. Үүнд бид арай ч тийм дээ тулж сайн дурынхан очих хэмжээнд хүрээгүй гэж хариулт өгөх Монгол Улсын төр засаг гэж байна уу.

Манайд өнөөдөр ч ёс юм шиг нийгмийн дунд байдаг хандлага бий. Тэр бол хятадууд муу, орос сайн гэсэн буруу үзэл суртал. Ямар сайндаа манай төрийн сайд түшмэдүүд хүртэл хятад цустай гэдэг үгнээс айж мэгдэж, үй олон баримт дэлгэж сандрах вэ дээ. Харин оросууд бол мужик гэдэг ойлголт хаа сайгүй л байна. Гэхдээ туураг тусгаар улсад ах дүүсэг харилцаа байдаггүй гэдгийг одоо л нэг зах зухаас нь ойлгож байна. Харилцан ашигтай харилцаа л байна уу гэхээс бидний хуучин суртлаар боддог шиг тийм харилцаа хүн төрөлхтний түүхэнд байгаагүй, байх ч боломжгүй юм билээ л дээ. Ийм тэнэг хандлага даарин дээр давс болж, дайнч оросуудад далим болж байгаа юм шүү дээ.

Бидний тухай буруу ойлголт дэлхий дахинд төрүүлэх элдэв худал мэдэгдэл үзэл сурталд Монгол Улсад төрийн эрх барьж байгаа МАН юу ч болоогүй мэт дуугүй байсаар л байна. Зарим юман дээр албан ёсоор хариу өгч буруу зөрүү ойлголтыг дэлхий дахинд залруулж баймаар болжээ. Ер нь ч ийм өөх ч биш, булчирхай ч биш дүлэгнэсэн МАН-ыг төрийн эрхээс зайлуулахгүй бол мөдхөн захын гэр хорооллын ажилгүй хүмүүсийг “Мөнгө өгнө” гээд дайнд ачиж ч мэдэх нь. Дээр, дооргүй л орос ах, орос ах гэж солиороод байхаар чинь хэн ч гэсэн “Эд нар бидний төлөө ирж байлдах нь” гэж бодох нь зөв л дөө.

Б.ЭНХЗАЯА