Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Цагаан сарын баярыг тэмдэглэдэг тогтмол өдөртэй болъё” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Ядуурлын хавх”-ыг тайлах төрийн бодлогыг оновчтой болгох хэрэгтэй” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Мал, малчдад тусламж хүргэхэд туулах чадвартай машин, техникүүд л дутагдаж байна

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Цагаан сарын баярыг тэмдэглэдэг тогтмол өдөртэй болъё” хэмээн өгүүллээ.

УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Б.Долгион “НҮБ-ын шинжээч орчуулгын алдаанаас зөрүүтэй ойлголт авч шүүхийн шийдвэргүй баривчилдаг тухай мэдээлсэн байхыг үгүйсгэхгүй” гэлээ.

Хууль зүйн ухааны доктор, профессор С.Отгонгэрэл “Хуулийн шинэчлэлүүдийг ил тод тунгалаг болгох мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн намыг ард түмэн дэмжинэ” гэв.


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Зудын эрсдэлийг бууруулах, эрүүл мэндийн зардлыг Засгийн газрын нөөцөөс гаргана DNN.mn

Зудын эрсдэлийг бууруулах, эрүүл мэндийн болон бусад тусламж үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зэрэг зардлыг Засгийн газрын нөөцөөс гаргана

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Засгийн газрын 2024 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаас Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Үүнтэй холбогдуулан өчигдөр буюу хоёрдугаар сарын 15-нд Улсын онцгой комисс хуралдаж, яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа нэгтгэсэн. Үүнийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулсан юм.

Тус хуралдаанаас зудын эрсдэлийг бууруулах, эрүүл мэндийн болон бусад тусламж үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зарим арга хэмжээний хүрээнд улсын нөөцөөс өвс, тэжээл, шатахуун, авто машин зэрэг бараа материал гаргаж, нөхөн бүрдүүлэх Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо.

Малчдад эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг тасралтгүй хүргэх, эрэн хайх аврах ажиллагааг шуурхай зохион байгуулахад шаардлагатай автомашин, шатахуун болон бусад бараа материалын зардал, аймгуудад улсын нөөцөөс өвс, тэжээл хямдруулан олгох, хаагдсан зам, давааг нээх, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, отор нүүдэл хийж байгаа малчдад эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг тасралтгүй түргэн шуурхай хүргэх, түргэн тусламжийн автомашин нь эвдэрсэн, засварлах боломжгүй, ашиглаж буй автомашиныг шинээр олгох зэрэгт шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Жавхланд даалгалаа.

Мөн зудын эрсдэлд байгаа иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор Эрүүл мэндийн сайд С.Чинзоригоор ахлуулсан Ажлын хэсэг байгуулав.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Төөрсөн, сураггүй болсон 39 иргэнийг эсэн мэнд олжээ DNN.mn

Онцгой байдлын байгууллагад өнгөрсөн хоногт буюу 17-нд  Ховд аймгийн Алтай, Үенч, Булган, Мөст Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Түмэнцогт, Сүхбаатар, Дундговь аймгийн Дэлгэрцогт,  Өлзийт, Цагаандэлгэр, Сайнцагаан, Адаацаг, Баян-Өлгий аймгийн Булган, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Дорнод аймгийн Чойбалсан,  Өмнөговь аймгийн Ханхонгор, Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Төв аймгийн Сэргэлэн зэрэг 9 аймгийн 18 суманд  42 иргэн цасан шуурганд төөрсөн, сураггүй болсон дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу  төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 39 иргэнийг эсэн мэнд олж,  Ховд аймгийн Алтай, Дорнод аймгийн Чойбалсан суманд нийт 3  иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Мөн нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан, Завхан аймгийн Отгон, Архангай аймгийн Ихтамир, Хангай, Булган аймгийн Бүрэгхангай, Говь-Алтай аймгийн Цогт, Есөнбулаг, Дундговь аймгийн Сайнцагаан, Төв аймгийн Баяндэлгэр, Эрдэнэ, Лүн, Мөнгөнморьт, Батсүмбэр, Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Сүхбаатар аймгийн Халзан, Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Баян-Өлгий аймгийн ЦэнгэлӨмнөговь аймгийн Ханхонгор, Дундговь аймгийн Дэрэн, Сайнцагаан, Гурванзагал, Дорнод аймгийн Хэрлэн суманд нийт 27 удаагийн автомашинтайгаа цасанд суусан дуудлагаар ажиллаж, 230 иргэний аюулгүй байдлыг хангаж, 81 тээврийн хэрэгслийг татан гаргалаа.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.ТӨРМАНДАХ: Аав шигээ нутаг усандаа хүндлэгдсэн сайхан дуучин болохыг хүсдэг DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…

Соёлын тэргүүний ажил­­тан дуучин Э.Төрман­дахтай ярилцлаа.


-“Аархал”, “Тайжийн хурд”, “Хурмастын хүлэг” зэрэг таны морины тухай сайхан дуунууд бий. Бүгд одоо ч хит. Ер нь морины тухай уран бүтээл танд илүү ойр санагддаг юм шиг?

-Миний хоолойтой холбоотой байх гэж боддог. Морины болон эр хүний гал цог, хийморьтой дуунууд надад илүү зохидог, тэр нь сонсогчдод хүрдэг санагддаг. Хүмүүс ч хэлдэг юм. Хоолойны онцлогоос шалтгаалдаг байх л даа. Эх орон, нутаг усны хурц өнгө аястай дуу бас их зохидог шүү. Хөдөөгийн байгалийн сайхан, монгол ахуйтай бага нас минь ойр өссөн болохоор морины тухай дуунд их дурладаг.

-Хүүхэд байхдаа морь унадаг байв уу?

-Манайх Дундговь аймгийн Дэлгэрхаан сумынх. Би зуны амралт эхлэнгүүт л хөдөө явж морь унана. Дөрөв, таван жил хурдан морь унасан. Гэхдээ ах нар намайг хурдны моринд хүнддэнэ гээд тэр болгон унуулж байгаагүй.

-Хэр их айраг, түрүү хүртэж байв?

-Айрагдаж үзээгүй ээ (инээв). Зүгээр л дундуур сайхан давхичихдаг байсан. Харин айргийн тавд орж ирж байгаа хүүхдүүдийг хараад битүүхэн атаархдаг байлаа. Миний наадам мориор дуусахгүй ээ. Бас барилдана. Сургуулийнхаа 80 жилийн ойгоор өсвөрийн барилдаанд түрүүлж даага, дугуй бас нэг хөгжмөөр шагнуулж байлаа. Ёстой магнайгаа тэнийтэл баярласандаа. Ахлах ангид байхдаа наадмаар сумын зааныг давж бүр их урам орж бөх болно гэж нэг хэсэг шийдчихсэн явлаа.

-Танай эцэг, эхийн удамд барилддаг хүн байсан уу?

-Ээжийн удамд Монгол Улсын заан хүн байсан гэж ярьдаг.

-Тэгээд бөх болох мө­рөөд­лөө яагаад орхичихсон юм бэ. Дуучин болоход хэн нэгэн их нөлөөлжээ?

-Тийм ээ. Манай аав ардын болон уртын дууг сайхан дуулдаг хүн байсан. Аймгийн аварга дуучин Шархүү гэвэл Дундговийнхон андахгүй. Миний дуучин болох замыг аав минь хөтөлсөн гэхэд болно. Аав шигээ нутаг усандаа хүндлэгдсэн сайхан дуучин болохоор шийдсэн. Сурагч байхдаа урлагийн үзлэгээс эхлээд олон тэмцээн уралдаанд оролцож чамгүй олон шагнал авсан. Хүүхэд болохоор тэрнээсээ их урам авна. Тэгээд ч ээж маань намайг хүүхэд байхад ах, эгч нарт “Дүүгээрээ хар бор ажил битгий хийлгэ. Манайхаас урлагийн хүн болох ганц хүү. Хуруу, гар нь эвдэрчихнэ” гэдэг байсныг би одоо ч санадаг. Тэгэхээр ээж маань намайг дуучин болно гэдгийг эртнээс зөгнөж байсан санагддаг. Ээжийг хүнд өвчтэй хэвтэрт байхад ээждээ зориулж дуу дуулж өгдөг байсан. Тухайн үед би сурагч байсан. Харин ээжийнхээ хүслийг биелүүлж СУИС-д ороход ээж минь аль хэдийнэ бурхан болсон. Би ээжийнхээ амьд сэрүүн үед “Хүү нь дуучин боллоо” гээд дуугаа сонсгож чадаагүйдээ битүүхэн гунигтай явдаг. Би гурван ах, нэг эгчтэй. Манайхан бүгд л уран бүтээлийг минь дэмжиж, санаа бодлоо хуваалцаж явна.

-Аавыг тань таксины жолооч байсан гэж ярьдаг. Одоо нутагтаа амьдарч байна уу?

-Миний аав насаараа эмнэлгийн жолооч хийсэн хүн. Одоо харин надтай хамт хотод манайд амьдарч байна. Би байсхийгээд тоглолт гээд хөдөө, гадаа явна. Энэ хойгуур эхнэр хүүхдүүдэд маань хань болдог ганц хүн шүү дээ.

-Таны гэргий бас дуучин байх аа?

-Тийм ээ. Гансувд гээд дуучин бүсгүй байгаа. Эхнэр маань манай дээд ангийн оюутан байсан. Бид хоёр оюутан ахуй цагаасаа л үерхэж, одоо урлагийн гэр бүл гэж ард түмэндээ хүндлэгдэж, уран бүтээл хамт хийгээд сайхан л амьдарч байна.

-Та саяхан хөдөөгүүр тоглолттой яваад ирсэн гэсэн. Хаагуур явав?

-Зөвхөн Хэнтий аймгийн сумдаар тоглолт хийгээд ирлээ. 18 сумын иргэдэд ая дуугаа өргөнгөө хөдөө агаар салхинд яваад ирсэн. Би Монголынхоо бүх сумаар орж ард түмэндээ ая дуугаа хүргэнэ гэсэн зорилготой байгаа. Одоогийн байдлаар 160 орчим суманд очсон байна. Он гаргаад нэгдүгээр сараас баруун аймгуудаар явах төлөвлөгөөтэй байгаа. Хэнтий, Сүхбаатар, Булган гээд зүүн болон төвийн аймгуудаар тоглолтоор очоод үзчихсэн шүү.

-Таныг бас дөрвөн улирал зүгээр суудаггүй дуучин гэж найз нөхөд тань үнэлдэг юм билээ?

-Би СУИС-ийг дуурийн дуулаачаар төгссөн. Миний мэргэжил дуучин. Тиймээс би сонсогчдодоо үргэлж шинэ, сэргэг уран бүтээл хүргэж байх ёстой гэж боддог. Ерөнхийдөө миний онцлог бол улирал болгонд нь тааруулаад шинэ уран бүтээл гаргахыг хичээдэг. Өнгөрсөн есдүгээр сард “Дүүрэн жаргалтай хорвоо” тоглолтоо Монгол бөхийн өргөөнд хийсэн. “Намайгаа дурсаарай” гээд шинэ уран бүтээл гаргасан. Зун урин дулаан цагийг харуулсан “Жаргалтай явна хоёулаа” гээд монгол ахуйг тусгасан дууг бас гаргалаа. Одоо харин шинэ жилийн уран бүтээл гээд завгүй болно доо.

-“Аархал” дууг таны брэнд дуу гэхэд болно. Эрчүүд ёстой цөс хөөр­гөсөн дуу болсон гэж ярьдаг. Энэ дуу өөрийг тань анх олонд таниулсан дуу байх шүү?

-Би 2005 онд СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид орсон. Хамгийн анх хөгжмийн зохиолч Бямбабаяр багшийн ая, яруу найрагч Жамбалсүрэн ахын шүлэг “Нарны орон” дууг дуулсан. Мөн яруу найрагч Н.Баянмөнхийн үг, Цэцэрлэгийн ая “Аав л нутаг хоёр” дууг дуулж байлаа. Харин “Аархал” дууг яруу найрагч Н.Баянмөнх бичсэн. Аяыг А.Анхбаяр найз маань бичсэн. Анхбаяр найзтайгаа олонд хүрсэн сайхан уран бүтээл хийх юмсан, олны танил болчихоод тэгж дуулж байна гээд л мөрөөддөг байлаа. Тэгж ярьж байгаад

Ембүү мөнгөн сарнаар нь

Ажнайн салхинд исгэрээд

Есөн булгийн усыг ээ

Цалгиулж явсан хийморь байна аа

Тэсийн гол Галшарын

Тэнгэрлэг хүлгүүд уяан дээр минь байна

Алтан Дарьганга, Говьшанхын

Арагмагийн тоос дээлэнд минь байна гэсэн үгтэй “Аархал” дуу төрсөн. Баянмөнх ах омогшмоор, ёстой л цөс хөөрмөөр сайхан үгтэй шүлэг бичиж өгсөн дөө. Үнэндээ мөрөөдөл минь биелэлээ олж “Аархал” дуу ард түмний сонсох дуртай дуу болсонд баяртай явдаг. “Сайхан”, “Зүүдний шувуу шиг бүсгүй” зэрэг миний дуунууд байдаг л даа. Гэхдээ би “Аархал”, “Тайжийн хурд” зэрэг морины дуундаа илүү хайртай.

-Дуулсан дуу бүхэн хит болно гэдэг дуучин хүн болгонд олдоод байх хувь биш биз?

-Тэгэлгүй яахав. Дуу хит болоход надад заяасан хувь тавилан гэж би хүлээж авдаг. Мэдээж хэрэг нэг дуулахдаа хит болгоно, хүн бүхэнд хүргэнэ гээд мөнгө цацах гол биш. Хэрвээ хоолойндоо тохирохгүй дуу дуулбал хүн хүлээж авахгүй. Ер нь уран бүтээлийг хамгийн шударгаар үнэлдэг хүмүүс бол ард түмэн, сонсогч байдаг. Миний хувьд дуу хуурын өлгий Дундговийн хүү болж төрсөндөө их баярладаг. Ялангуяа манай Дэлгэрхаан сумаас 29 гавьяат төрсөн байдаг. Ард олны хайр хүндлэлийг хүлээж өдий зэрэгтэй яваа маань нутгийн буян, урлагийн буян гэж боддог. Тиймээс би нутагтаа очих бүртээ Дэлгэрхаан ууландаа мөргөдөг.

-Та чинь сургуулиа төгсөөд л СТА цол авсан билүү?

-Сургуулиа төгсөөд хоёр сар болж байтал “Монгол үндэстний дууны их наадам” улсын анхдугаар уралдаан болж би түрүүлж гран при хүртсэн. Тэгж анх Соёлын тэргүүний ажилтан цол авсан. Тэмцээнд 800 гаруй дуучин оролцож байсан. Тухайн үед БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр СТА цолыг, автомашины хамт гардуулж өгч байлаа. Тухайн жилдээ би “Сайхан” цомгоо гаргаж, анхныхаа бие даасан тоглолтоо хийж байсан юм. Тиймээс энэ цолоо хүндэлж явдаг. Тэрнээс биш ганц, хоёр тоглолт хийгээд СТА болоогүй. Сүүлийн үед энэ цолны нэр хүнд их унасан болохоор би жаахан эмзэглэж явдаг, уран бүтээлч хүнийхээ хувьд.

Д.ДАВААСҮРЭН

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Ч.Бат-Эрдэнэ: Би “Хонхны нулимс” дууг зохиогчоос нь “Ауди” машинаар авч байлаа DNN.mn

Өдрийн сонины архиваас……………

Гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрээр СУИС-ийн Соёлын боловсролын сургуулийн захирлын алба хашиж байгаа юм байна.


-Таныг гадаадад сурч байгаад ирсэн гэж сонссон. Ямар чиглэлээр сураад ирэв?

-Ирландад манлайлал, стратегийн чиглэлээр гурван жил сураад ирсэн. Тэнд би суралцахаасаа гадна дэлхийн соёл урлагийг судалж үзлээ. Түүнчлэн Монголын соёл урлагийн салбарыг хэрхэн дэлхийн тавцанд гаргаж ирэх талаар багагүй  судалгаа хийлээ.

-Таны бодлоор Монголын урлагийг хэрхэн дэлхийд таниулах боломж байна вэ?

-Өнөөгийн нийгэмд ганцхан нийтийн дуучид гэлтгүй соёл, урлагийн салбарт мэргэжлийн менежмент зайлшгүй хэрэгтэй болчихож. Уран бүтээлчид өмнөө зорилго тавиад түүндээ хүрэхийн тулд хөдөлмөрлөх цаг үе ирсэн гэсэн үг. Манай соёл, урлагийн салбарынхан өнгөрсөн хугацаанд урд хормойгоороо хойд хормойгоо нөхөх маягаар явж ирсэн. Одоо тийм арга барилаар хол явахгүй. Амжилтад хүрэхийн гол нууц бол сайн төлөвлөгөө. Тэрнээс биш ямар ч өмнөө тавьсан зорилгогүй өглөө босоод ээжийн тухай нэг дуу дуулчихаад өдөр болохоор эгчийн тухай дуу дуулаад амжилтад хүрнэ гэж байхгүй. Тиймээс мэргэжлийн менежменттэй ажиллаж байж жинхэнэ амжилтыг бий болгож чадна.

-Таныг “Хонхны нулимс”, “Онцгой төрсөн бүсгүй” зэрэг дуугаараа олонд танигдах үед нийтийн буюу зохиолын дуу ид моод болж байсан. Харин өнөөдөр нийтийн дуу бараг л ад үзэгдэх хандлагатай байгаа. Ийм цаг үед шинэ залуу уран бүтээлчид юунд анхаарах ёстой вэ?

-Шинэ залуу дуучдыг алдаа гаргахгүйгээр хурдан хугацаанд амжилтад хүрээсэй гэж би боддог. Заавал бидний, бидний өмнөх шиг зовлон туулах ёсгүй шүү дээ. Тийм учраас л сайн төлөвлө гээд байгаа юм. Ямар уран бүтээлийг хэнд зориулж хийх гэж байна вэ гэдгээ мэдрэх хэрэгтэй. Чиний хийсэн уран бүтээл хэнд хүрэх ёстойг бодолцож сайн судалгаа хийх ёстой. Ямар ч шалтгаангүйгээр уран бүтээл хийх хэрэггүй. Сонсогчдоо мэдэрч төлөвлөж байж сумаа тавь гэж хэлмээр байна.

-Та амжилтад хүрэх арга замыг харж байгаа хэрнээ өөрөө яагаад уран бүтээл хийхээ больчихов оо?

-Дуу дуулахаас илүү уран бүтээл хийх тал дээр түлхүү анхаарч ажиллаж байгаа. Мөн он гараад 50 жилийн түүхтэй СУИС-ийн Соёлын боловсролын сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байна. Тэр болгон уран бүтээл туурвиад байх зав зай муухан л явна.

-Таныг гавьяат болчихоод таг болчихлоо гэж зарим хүмүүс шүүмжлэх болж?

-Яахав, зарим хүмүүс тэгж харж болно л доо. Гэхдээ эх орноосоо хол явж байж дуугаа дуулмаар байна гээд яваад байлтай биш. Харин нутагтаа ирснээсээ хойш ганц нэг албан байгууллагын урилгаар дуулсан. Ер нь надад өмнөө тавьсан нэг зорилго бий. Нэг ёсондоо зохиогчийн эрх, түүнд хамаарагдах хуулийн хүрээнд голлон анхаарч ажиллаж байна. Би зохиогчийн эрх эзэмшигч баймаар байна. Уран бүтээл туурвих тал руугаа миний бүх оюун санаа төвлөрч байна гэхэд болно. Яг үнэндээ гавьяат хүн соёл, урлагийн салбарыг хөгжүүлэхийн төлөө хийх хэрэгтэй юу байна түүнд манлайлан оролцох үүрэг хүлээдэг гэж бодож байгаа.  Дуулахгүй байгаа ч гэсэн уран бүтээлч найз нөхөд, дүү нар маань дуулж ард түмэнд хүргэсэн 17, 18 дууны ая тэрлээд байна.

-Тэгэхээр зохиолын дуучдад чиг өгч ерөнхийд нь арын ажлыг нь гүйцэтгэж байгаа гэсэн үг үү?

-Нэг их чиг өгөөд хөтлөөд байх юу байхав. Магадгүй би өнөөдөр дуулах нь хүмүүст сонин уу, эсвэл шинэ залуу уран бүтээлч дуулах нь сонин уу гэдэг талаас нь харах юм бол өөр ойлголт. Залуу уран бүтээлчид ирж зөвлөгөө авдаг. Ер нь продюсерийн үүрэг гүйцэтгэж байгаа гэх үү дээ. Би Ирланд явахаасаа өмнө Удирдлагын академд магистрын зэрэг хамгаалсан. Тухайн үед Намсрайноров, Идэржавхлан, Түмэн-Өлзий зэрэг залуучууд зөвлөгөө авдаг байсан. Одоо тэр хэд маань нийтийн дууны салбарт өөрийн гэсэн байр суурьтай, ард түмэнд хүндлэгдсэн дуучид болсон байна.

-Удахгүй Дэлхийн оюуны өмчийн өдөр тохиох гэж байна. Та өмнө нь оюуны өмчийн асуудлыг нэг бус удаа хөндөж байсан хүн. Тэр үеэс өнөөдөр хэр өөр болсон байна вэ? 

-Анх 2005 онд зохиолын дуучид хамтран Нийтийн дуучдын нэгдсэн холбоо байгуулж байлаа. Тухайн үед холбооны тэргүүнээр МУГЖ С.Жавхлан ажиллаж байгаад 2007 оноос би энэхүү албан тушаалд томилогдсон юм. Холбоо уран бүтээлчдийг зөв чигт залах үндсэн үүрэгтэйгээр байгуулагдсан. Учир нь монголын соёл урлагийн салбар тодорхой хэмжээгээр хөгжиж, нийгмийг соёлоор түүчээлэн гэрэлтүүлэхэд нийтийн дуучид өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсаар ирсэн шүү дээ. Бид зүгээр нэг дуулаад ирсэн юм биш. Тэгээд ч тэр үед урлагийнханд тулгарч байсан асуудал бол оюуны өмчийн хулгай. Шинэ цомог, CD-гээ борлуулах гэхээр л өнөөх оюуны өмчийн асуудал яригддаг байсан. Би өөрийн дуулж олны хүртээл болгосон бүтээлүүдээсээ 100 гаруй бүтээлийнхээ хөгжмийн зохиолч яруу найрагчтай гэрээ хийж албан ёсоор дуулах эрхээ аван, бүтээлүүдээ оюуны өмчийнг газарт бүртгүүлэн зохиогчийн эрхийн гэрчилгээг хамтран эзэмшихээр авч байсан. Анх “Хонхны нулимс”, “Хайрын хишиг”, “Онцгой төрсөн бүсгүй” зэрэг дууныхаа эзэмших эрхийн гэрчилгээг авахаар орох үед тухайн үед Оюуны өмчийн газрын зохиогчийн эрхийн хэлтсийн дарга байсан Шинэбаяр, мөн тэдний хэлтсийн ажилтнууд маш сайхан хүлээж аваад уран бүтээлчид та бүхэн оюуны өмчийн асуудалд анхаарал хандуулаад эхэлж байгаа нь үнэхээр сайн хэрэг гэж байсан. Тухайн үед би энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүхий л төрийн болон төрийн бус байгуулагатай уулзаж, санал бодлоо хуваалцдаг байсан юм. Тэр үед МУГЖ Т.Ариунаа эгч бас уран бүтээлээ оюуны өмчид бүртгүүлчихсэн байсан. Тэр үед зохиогчийн эрхийн тухай хууль гэж байлаа. Сайн санаж байна. 2006 онд дэлхийн оюуны өмчийн байгууллагаас манай улсад зохион байгуулсан нэлээн томоохон хэмжээний форум дээр Ариунаа эгч бид хоёрт  “Оюуны өмчийг дээдлэгч уран бүтээлч” гэсэн гэрчилгээ гардуулсан. Тэр үед хамтын удирдлагын байгууллагууд болон мөн шинээр зохиогчийн эрх түүнд хамаарагдах эрхийн тухай хууль батлагдаж байлаа.

Бид ингэсний хүчинд өнөөдөр  зохиогчийн эрх түүнд хамаарагдах хууль гээд их тодорхой болчихлоо. Өнөөдөр оюуны өмчтэй холбоотой бүх асуудал гэрээгээр зохицуулагдаад явж байна.

-Нэг дууг яруу найрагч, ая зохиогч, дуучин хоорондоо булаацалддаг байсан үе өнгөрчээ. Гэрээгээр хэн хэдэн төгрөгийн ашиг хүртэх зэрэг нь өөрсдийн хоорондын зохицлын асуудал биз дээ?

-Тэгэлгүй яахав. Би анх “Хонхны нулимс” дууг эзэмших эрхийг авахдаа Хэнтий аймгийн Цэнхэр мандал сум орж шүлгийг нь бичсэн зохиолчтой нь хүртэл уулзаад “Ауди”  машин өгч байсан. Бүтээлээ учиргүй худалдаж борлуулаад байхдаа гол биш. Нэг нэгнийгээ хүндэтгэхэд учир байгаа юм. Хэн хэндээ амар шүү дээ. Гэхдээ гэрээгээ хэрхэн байгуулах вэ гэдэг нь чухал. Анхнаасаа л гэрээгээ байгуулаад явчих нь зүйтэй. Тэрнээс биш нэг дуу төрөөд, олонд таалагдаад хит болоод ирэхээр энэ миний бүтээл гээд хоорондоо булаацалдаад уран бүтээлчид дотроо хагаралдаад байвал хөндлөнгөөс харахад ч муухай ш дээ. Үүнийг л зөв гольдролд нь оруулах гэж зорьсон хэрэг.

-Гэхдээ залуу дуучид бусдын уран бүтээлээр гарч ирэхэд хүмүүс ихэнхдээ таатай хүлээж авдаггүй шүү дээ? 

-Заавал тэгж болохгүй гэсэн зүйл байхгүй шүү дээ. Гол нь залуучууд маань тухайн дууны уран бүтээлийн зохиолч болон понаграмм бүтээгч, дуучдаас зохих ёсны зөвшөөрөл авч байх хэрэгтэй . Заавал хүний дуу дуулахгүй гэсэн юм байхгүй ш дээ. Харин ч тухайн дууг дараагийн үед дуулж авч явна гэдэг тэр дуу гайхамшигтай бүтээл болсоны илрэл. Тэр дууг дуулбал олонд хүрнэ гэдгийг харж чадаж байгаа уран бүтээлч бол үнэхээр менежмент сайтайн шинж шүү дээ. Чи өмнөх үеэ, өөрийгөө хүндэтгээд сурчихвал чиний дараах үе чамайг хүндэтгэнэ нь шүү дээ. Би ийм зарчмаар явж ирсэн. Хууль бол нэг хэрэг. Хуулийг өөртөө хэрхэн тусгаж авах нь бас нэг хэрэг. Би 10 жилийн өмнө зохиогчоо хүндлэн дуугаа зөвшөөрөлтэйгөө дуулж байсан бол өнөөдөр бидний дараагийн үе биднийг хүндэлж гхамтран эзэмшигчээр ажиллаж байгаад бахархалтай байна.

-Тантай адилхан ихэнх уран бүтээлээ оюуны өмчид бүртгүүлсэн уран бүтээлч хэр олон байдаг бол?

-Би сайн мэдэхгүй. Надтай арай ойр уран бүтээл хийж яваа гэдгээр нь Д.Намсрайноровыг мэдэх юм байна. Саяхан  “Дуулан дуулан хайрламаар” дууныхаа эзэмших эрхийн гэрчилгээг авсан. Яагаав, нөгөө “Гэзэгний чинь үзүүр сэрэл хөдөлгөөд байна аа” гэдэг үгтэй дуу. Энэ дууны үгийг яруу найрагч Алтантүлхүүр тэрлэж, би аяыг нь бичсэн юм. Бид гэрээ байгуулаад Намсрайноров дуулаад болж л байна.

-Энэ дууг хүмүүс сайн, муугаар нэлээд шүүмжилж байгаа санагдсан?

-Хүмүүс янз бүр л хүлээж авч байна. Миний бодлоор үг нь их этгээд, хэрнээ сайхан болсон санагддаг. Гэзэгний чинь үзүүр сэрэл хөдөлгөөд байна гэдэг үгийг сонсоод хүн болгон буруугаар ойлгохгүй байх. Хүн аливаа юмыг сэрж мэдэрч байна гэдэг амьд байгаагийн илрэл шүү дээ. Танай сониноор дамжуулан Дэлхийн оюуны өмчийн өдрийн мэндийг хүргээд бүх уран бүтээлч нартаа оюуны өмчөө дээдэлж зохиогчдоо хүндэлж ажиллахыг уриалж байна.

Д.ДАВААСҮРЭН

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭХЭМҮТ-д хорт хавдартай хүүхдүүд хичээллэх танхим нээлээ DNN.mn

Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдөр болж өнгөрлөө. Тодруулбал, тус өдрийг хүүхдийн хавдрын талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах, хорт хавдрыг даван туулагчид, асран хамгаалагчдын бие болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл зан үйлийг нь дэмжиж төлөвшүүлэх зорилгоор өдөр 2002 оноос дэлхийн дахинд тэмдэглэж эхэлсэн.

Харин манай улсын ЭХЭМҮТ 2017 оноос хойш найм дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жилийн онцлог нь ард иргэдийн хүүхдийн хорт хавдрын талаарх мэдээлэл сургалт, сурталчилгааны үйл ажиллагааг эрчимжүүлэх, хүүхдийн хорт хавдрын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, эрт сэрэмжлүүлгийг эцэг эхчүүдэд олгох зорилгоор Аргун групп ХХК-тай хамтран дэвшилтэд техник, технологид суурилсан боловсрол олгох видео контент бий болгож, хорт хавдартай хүүхдүүдийн хичээлийн хоцрогдлыг арилгахад зориулсан сургалтын хөтөлбөр танилцуулж, танхим нээлээ. Мөн уламжлал ёсоор хорт хавдраа даван туулсан хүүхдүүдэд “Эрэлхэг баатар” медаль гардуулж, баярын хонх цохив.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

СОНИНЫ АРЫН НҮҮР: Ээж DNN.mn

Хэд хоногийн өмнө арга хэмжээнээс гарч ирэнгүүтээ цүнхээ уудлаад утсаа хартал арваад дуудлага ирсэн байв. Орохын өмнө хонхыг нь хаачихсан байсан болохоор тэр олон дуудлагыг мэдсэнгүй. Зарим нь бүр гурав, дөрвөн удаа залгажээ.
Ээж, дүү, ажлын хамтрагч, дэлгүүрийн худалдагч, сүлжээний бизнес эрхэлдэг хажуу айлын эмэгтэй, хөдөөнөөс ангийн хүүхэд хүртэл залгасан байлаа. Эхнээс нь бүгд рүү нь утас цохив. Олон залгасан байхыг бодоход их л яаралтай хэрэг гарч дээ гээд ангийнхаа хүүхдийн дугаарыг хийтэл дүүд, дүүд гээд ярьж байгаа дохио өгч байна.
Дараа нь ажил хэргийн шугамаар холбогдсон хүмүүс рүү залгатал утсаа Ээж авсангүй. Шинэ бараа ирэх тоолондоо ярьдаг сүлжээчин хөрш рүүгээ залгалаа. Өөдөөс тасалж байна. Орох тоолонд янз бүрийн юм асуугаад байдаг дэлгүүрийн худалдагч эгч рүүгээ залгалаа. “Өглөө ороход хүүхдийнх нь 1072 хувьцаан дансанд нь орж ирэхгүй байна. Мэддэг хүнээс асуугаад өгөөч гээд байсан. Тэгээд асуух гээд залгаж дээ. Тодруулчихсан хэлье байз” гээд залгатал бас л авсангүй. Аминд нь тулсан юм шиг л ар араасаа залгачихсан байсан тэр олон дуудлагатай буцаад холбогдох гэхэд бүгд л харилцуураа авсангүй. Харин хамгийн сүүлд залгасан дугаар маань нэг дуудуулаад л авч байна шүү. Энэ бол ээж. “Ээж нь охиноо ажилтай байхад нь залгачихсан уу” гэх дууг нь сонсоод хоолой зангираад явчихав. Ээжтэй өдөр бүр ярьдаг хэрнээ хачин их сэтгэл эмзэглэсэн мэдрэмж төрж билээ. Амьдралын жамаар найз нөхөд, ажил алба, харилцаа холбоо үргэлж өөрчлөгдөж байдаг. Харин ээж бол хүнд цор ганц. Тэд үр хүүхдээ залгах хүртэл утсаа ширтсээр сууж чадах тэвчээрийн эзэд. Тийм болохоор буцаагаад залгахад бушуухан шүүрэн авдаг билээ. Даанч хүмүүний богино амьдралд хэзээ ч ээжийнхээ дуудлагыг тасалж боломгүй гэдгийг хүмүүс хожим нь ухаардаг. Тиймээс ямар ч ажилтай байсан ээж, аавынхаа дуудлагад заавал хариу өгч байгаарай.
М.МӨНХ ЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Амарсайхан: 14 аймгийн 47 сум цас, мөс ихтэй байгаагаас мал бэлчих боломжгүй, зам гаргах, өвс тэжээлээ татаж авч чадахгүй байна DNN.mn

Засгийн газрын өчигдрийн хуралдааны дараа Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаас өвөлжилт, хаваржилтийн асуудлаар тодрууллаа.


-Засгийн газрын хуралдаанаар улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүллээ. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Хаваржилтийн нөхцөл байдал амаргүй эхэлж байна. Тэр утгаараа Засгийн газрын зүгээс энэ хүнд цаг үеийг малчидтайгаа хамтдаа даван туулах бодлогыг барьж ажиллаж байгаа. Өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн шийдвэр гаргасан. Нэгдүгээрт, нөхцөл байдал хүндэрсэн аймаг, сумдуудад энэ хаврыг дуустал өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлалаа. Хоёрдугаарт, орон нутгийн иргэдийн тэр дундаа малчдын орлогыг дэмжих, нэмэгдүүлэх, малын хорогдлыг багасгах, цаашлаад эдийн засгийн гол тулгуур болсон мал аж ахуйн салбарын бодлогыг шинэ түвшинд гаргах асуудлаар хэд хэдэн шийдвэр гаргасан.

-Тодорхой ямар шийдвэрүүд гаргасан бэ?

-Юуны өмнө импортоор орж ирж байгаа гурил, тэжээлийн татварыг чөлөөлөх асуудлыг шийдвэрлэлээ. Ингэснээр гурилын үнийг бууруулах, хөдөө хомсдоод байгаа өвс тэжээлийн хангалтыг нийлүүлэх асуудлыг ярьж байна. Нөгөөтэйгүүр, үндэсний хэмжээнд малчид, иргэдээ дэмжих аяныг зарлаж байна. Өөрөөр хэлбэл олон улсын байгууллага, үндэсний аж ахуйн нэгжүүдийг оролцуулан малчдад хаваржилтийг хүндрэл багатай даван туулахад нь туслах аяныг үндэсний хэмжээнд зарлаж байгаа гэсэн үг. Нийт иргэддээ хандаж хэлэхэд энэ хаврыг малчиддаа дор бүрнээ чадах чинээгээрээ туслаж, бие сэтгэлээрээ хамт байхыг уриалж байна.

-Малчиддаа туслах аян зарлалаа гэж байна. Аяны хүрээнд хандив цуглуулна гэсэн үг үү?

-Хандив гэхээс илүү бүх талын дэмжлэг туслалцаа чухал байгаа юм. Би сая хэллээ шүү дээ. Хавар хүндхэн болох нь ээ. Тиймээс хэн хүнгүй малчиддаа бие сэтгэлийн туслалцаа үзүүлэхийг уриалж байна. Нэн ялангуяа малчдын эрүүл мэндийн асуудал байна. Эрт илрүүлэг хамруулах ажлыг түргэн шуурхай хийх, аж ахуйн нэгжүүдийн оролцоотойгоор малчдад туслах аяныг илүү зохион байгуулалттай хийх бодлогыг барьж ажиллаж байна. Мал аж ахуйн салбар гэдэг бол өөрөө хөдөө аж ахуйн эсвэл хэдэн малчдын асуудал огт биш. Энэ бол нийт монголчууд бидний амь амьжиргаатай холбоотой асуудал. Тиймээс хүнд цаг үеийг бид даван туулахын тулд хүн хүчээ нэмэгдүүлье гэж байгаа юм. Зам харгуй гаргахаас эхлээд хүн хүч дутаж байгаа салбар болгонд хүний оролцоог нэмэгдүүлье. Цаашлаад шаардлагатай арга хэмжээнүүд шат дараатай авна. Үүссэн хүндрэлтэй холбоотой зарим асуудлаар УИХ-ын тогтоолын төслийг ч боловсруулан өргөн барина.

-Яг одоогийн байдлаар 21 аймгийн хэд нь зудтай, хүндрэлтэй нөхцөл байдалд байна вэ?

-Энэ хоёрдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 14 аймгийн 47 сум зудтай байна. Мөстэй, мал бэлчих боломжгүй, зам харгуй гаргаж чадахгүй байна. Өвс тэжээлээ ч татаж авах боломжгүй ийм байдалтай болсон. Мөн 135 сум цагаан зудтай байна. Нийтдээ улсын хэмжээнд 256 сум зудын нөхцөл байдалтай байгаа юм. Өнгөрсөн өвөл авч хэрэгжүүлж байсан арга хэмжээгээ энэ хаврын турш хэрэгжүүлэх шаардлага үүссэн гэж хэлж болно. Тиймээс малчид, иргэдэд туслах аяныг Засгийн газраас уриалж байгаа юм.

-Сонгууль ойртсон энэ үед аливаа нийтийн аян зохион байгуулах, хандив цуглуулах асуудлыг хуулиар хориглодог. Энэхүү малчдад туслах аян энэхүү хуулиар хэрхэн зохицуулагдах вэ?

-Энэ бол өвөлжилт, хаваржилтийн асуудал. Нөгөөтэйгүүр бидний өв уламжлал болсон нүүдэлчин ахуй, Монгол Улсын эдийн засгийн нэгэн тулгуур салбарыг эрсдэл багатай байлгахын тулд тэр сонгууль, улс төр үүнд ямар ч хамаагүй. Бидэнд ямар боломж байна тэр бүх боломжоо дайчлаад малчид, иргэддээ тусална.

-Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ гэж байна. Тэгэхээр Улсын онцгой байдлын зүгээс яг ямар арга хэмжээ авч ажиллана гэсэн үг вэ?

-Цагаан сарыг хүртэл бид бэлэн байдлын түвшинд явж ирсэн. Харин нөхцөл байдал ийнхүү хүндэрсэн учраас цаашид шат ахиулж өндөржүүлсэн бэлэн байдал руу шилжиж байна. Учир нь цас, хур тундас их хэмжээгээр нэмэгдлээ. Шар усны үеэр болох эрсдэл өндөр байна. Тиймээс нийслэл орон нутаг гэлтгүй бүхий л газар нутагт өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлаж байгаа юм. Тэр утгаараа иргэд, малчидтайгаа хамтран хаа хаанаа урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг зохион байгуулалтад орж авна гэсэн үг.

-Өвс тэжээлийн нөөц ямар байгаа вэ?

-Өнгөрсөн 10, 11 дүгээр сард хөнгөлттэй үнээр өвс, тэжээлийг аймаг, орон нутагт олгосон. Гэвч өнөөдрийн хувьд энэхүү нөөц хангалттай биш байна. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар импортоор орж ирж байгаа өвс, тэжээл, гурилыг татвараас чөлөөлөх шийдвэр гаргасан. Шаардлагатай бол УИХ-аар хэлэлцүүлэх тогтоолын төслийг өргөн барина. Нөгөөтэйгүүр улсын нөөцөөс өнгөрсөн жил бид 15 мянган тонн тэжээлийг хямдралтай үнээр малчиддаа нийлүүлсэн. Удахгүй дахиад зургаан мянган тонныг нийлүүлэх гэж байна.

-Зам харгуй хаагдсан асуудал их байна. Аймаг, орон нутгийн хувьд зам гаргах техникийн хүчин чадал ямар байдаг юм бэ?

-Яг одоогоор 21 аймгийн түвшинд зам гаргах шаардлагатай техникийг Батлан хамгаалах салбарын зохицуулалтаар шийдэж байгаа. Ер нь бол аймаг болгон харьцангуй өөр байна. Зарим аймгуудад шаардлагатай тоног төхөөрөмжүүд нь байхад заримд нь дутагдалтай байгаа. Хэдий техник, механизмууд байгаа ч гэлээ бүх сумдад хүрч ажиллах боломж ч хязгаарлагдмал байна. Тиймээс Улсын онцгой комисс, аймгийн онцгой байдлын комисстой хамтарч ажиллах, нэмэлт дэмжлэгүүдийг үзүүлэх асуудлыг ярьж байгаа. Сая хэллээ. Өндөржүүлсэн бэлэн байдалд орсон гэдэг бол бүх төрийн байгууллагууд хоорондоо уялдаа холбоотой нягт хамтран ажиллана гэсэн үг.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

С.Төгсжаргал: Талбай дээр маргаан өрнөдөг ч гэсэн тоглолтын дараа тамирчид найзууд байдаг DNN.mn

МСБХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргалтай спортын ёс зүй, ҮДЛ-т мөрдөгдөж байгаа дүрэм, журмын тухай ярилцлаа.


-Спортын ёс зүй гэж юу вэ. Үндэсний Дээд Лигийн тоглолтуудад ёс зүйн дүрэм ямар хэмжээнд мөрдөгдөж вэ?

-Нийгэмд олон хүүхэд залуус мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчдаас үлгэр дууриалал авдаг. Даган дууриадаг. МСБХ-ны зүгээс тамирчдаас ёс зүйг өндөр хэмжээнд шаарддаг. МСБХ нь олон улсын сагсан бөмбөгийн холбооны албан ёсны гишүүн. Тиймээс ОУСБХ-ны ёс зүйн дүрмийг чанд даган мөрддөг. Лиг хажуудаа мэргэжлийн зөвлөлтэй үйл ажиллагаа явуулдаг. Хэрвээ ямарваа нэгэн тамирчин ёс зүйн зөрчил гаргавал мэргэжлийн зөвлөл ямар хариуцлага хүлээлгэх шийдвэрийг лигийн журмын дагуу гаргадаг. Сагсан бөмбөгийн тамирчид дунд  талбай дээр маргаан өрнөдөг ч гэсэн тоглолтын дараа найзууд байдаг. Өмнө нь нэг багт тоглож байсан найз нөхөд, олон жил өрсөлдсөн, ахан дүүс байхыг ч үгүйсгэхгүй. Сагсан бөмбөгийн соёлд шүгэл дуугарсны дараа нөхөрлөл хадгалагдаж үлддэг. Ийнхүү байсаар ирсэн, ирээдүйд ч энэ соёл үргэлжилнэ. Тухай мөчид маргалдсан ч дараа нь уучлалт гуйдаг, уучилдаг байх нь спортын салшгүй нэг хэсэг.

-Ямар журам баримталдаг вэ. Олон улсын жишигт нийцүүлж чадаж байна уу?

-ОУСБХ-ны дүрэм журмыг дагаж мөрддөг. Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос бүх төрлийн зөрчил, ёс зүйгүй үйлдэлд оноох шийтгэл, хариуцлагийг тодорхой зааж өгсөн байдаг. Мөн ҮДЛ-гийн журам нь МСБХ-ны дүрэм, журамтай холбоо уялдаатай байдаг.

-Өнгөрөгч долоо хоногт талбайн шүүгчийн биед халдсан, нэгнийгээ газар шидсэн ёс зүйгүй үйлдлүүдэд ямар хариуцлага хүлээлгэсэн бэ?

-Энэхүү тохиолдол манай лигт болж байгаагүй. Шүүгчийн биед халдах бол олон улсын хэмжээнд хамгийн хүнд шийтгэлтэй, аль ч спортын төрөлд хатуу шийтгэлтэй байдаг. Учир нь шүүгчийн шийдвэр эцсийнх байдаг. Олимп, Дэлхийн аварга, бусад улсуудын дотоодын лигүүдэд гурваас дөрвөн жил хүртлэх хугацаагаар тоглох эрхийг нь хасах тохиолдлууд бий. Шүүгчийн биед халдсан нь ямар ч тохиолдолд байж болохгүй том ёс зүйн алдаа. Тухайн тамирчин мэргэжлийн зөвлөл, ажлын хэсгийн хурлын шийдвэрээр 2026 он хүртэл  лигт тоглох эрхээ хасуулсан. Энэхүү үйл явдал нь харамсалтай байлаа. МСБХ-ны зүгээс ийм алдааг дахин давтуулахгүй байх тал дээр анхаарна.

Харин бид эсрэг багийн тамирчнаа авч шидсэн тоглогчийг хоёр тоглолт өнжүүлэх шийдвэр гаргасан. Сагсан бөмбөг нь өөрөө маш их контактай спорт. Хасагдах шатны тоглолтууд болж байгаа үед тоглолт өнжүүлэх гэдэг бол маш хатуу шийтгэл. Хасагдах шатны тоглолтуудад энэ мэт азаартах тохиолдолууд байдаг. Хичнээн өрсөлдөөн, тэмцэл байгаа ч гэсэн дайн байлдаан биш.

-Мөнгөн торгуулийн хэлбэр байдаг уу?

-Сануулах, мөнгөн торгууль, тоглолт өнжөөх гэсэн шатлалтай хариуцлагын хэлбэрүүд байдаг. Мэргэжлийн зөвлөл хуралдаж шийдвэр гаргадаг. Шаардлагатай үед ажлын хэсэг, ёс зүйн зөвлөл хамтран хуралдаж шийдвэрээ гаргадаг. Шүүгчид гар хүрсэн зөрчилд мөнгөн торгууль оногдуулаагүй. Мөн FIBA-гийн дүрмээр ямар ч тохиолдолд сэлгээний тоглогчид талбай руу орохыг хатуу хориглодог. Талбай руу орж ирсэн зарим тамирчдад мөнгөн торгууль, зарим тамирчдад мөн сануулах арга хэмжээ авсан.  Аливаа баг тоглогчидтой байгуулсан гэрээнийхээ дагуу цалингаас нь хасах арга хэмжээ ч авах тохиолдлууд ч байдаг.

-Бусдыг доромжилдог, олон нийтийг турхирдаг хөгжөөн дэмжигчидтэй МСБХ-ны зүгээс ямар арга хэмжээ авдаг вэ?

-Лигийн ордны хамгаалалтын албанаас ҮДЛ-ийн тоглолт үзэх эрхийг нь хасдаг.Ямар үйлдэл хийснээс хамаараад ямар хугацаанд эрх хасагдах нь тодорхойлогдоно. Энэ нь олон нийтийн эмх замбараагүй байдал үүсгэх эрсдэлтэй учир цагдаагийн байгууллагатай ч хамтарч ажилладаг. Багаа, дуртай тоглогчидоо ихэнхи үзэгчид маань соёлтой дэмждэг болсон. Учир нь сагсан бөмбөгийг гэр бүлээрээ, хүүхдүүдтэйгээ, хосоороо зорин ирж үздэг соёл хэвшиж байна.  Залуучууд, хосууд болздог, хүүхдээ дагуулан ирж үзэн чөлөөт цагаа хамтдаа өнгөрөөх хамгийн тухтай газар Үндэсний дээд лиг болсон. Энэ хэрээрээ ч залуучууд соёлтой үзэж дэмжиж байгаа.

Бидний зүгээс багууд, тамирчид болон шүүгчдэд чиглэсэн сургалтыг тогтмол зохион байгуулдаг. Улирлын тоглолтууд эхлэхийн өмнө допинг, хориотой бодисоос сэргийлэх, бооцоот тоглоомоос сэргийлэх сургалтуудыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулсан. Үүнээс гадна бүгд тэгш эрхтэйг сануулан уриалсан “One Basketball” компанит ажлыг ҮДЛ-ээс эхлүүлээд байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Мал зүйч Т.Зоригтбаатар: Түүхэндээ хамгийн олон мал хорогдсон жил яг одоо болж байна DNN.mn

Хөдөө аж ахуйн ухааны магистр, мал зүйч Т.Зоригтбаатартай мал аж ахуйн чиглэлээр ярилцлаа.


-Энэ жилийн өвөл зарим нутгаар зудтай, тэр дундаа цас ихтэй байгаа нь малчдын хувьд хүнд тусч байна. Малын тоо толгой ч нэлээд их хорогдсон болов уу. Яг энэ чиглэлээр та ерөнхий мэдээлэл өгөхгүй юу?

-Өнгөрсөн оны сүүлээр буюу 12 дугаар сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт найман сая орчим мал хорогдсон гэсэн албан ёсны статистик мэдээ гарсан. Он гарсаар энэ тоо бараг 10 саяд хүрсэн болов уу гэж судлаач хүнийхээ хувьд дүгнэж байгаа. Улсын хэмжээнд нэг өвөл арван сая толгой мал хорогдоно

гэдэг бол хөдөө аж ахуйн салбарт тэр чинээгээрээ эдийн засгийн хохирол учирч байна гэсэн үг. Тиймээс үүнийг төрөөс анхаарч, салбарын бодлого хариуцсан яамаас тодорхой арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх шаардлагатай. Малын хорогдол өвөл гэхээс илүү хавар их явагддаг. Одоо баруун болон зүүн аймгийн нутгаар нэлэнхүйдээ цас ихтэй, мөсөн зуд болж байна.

Цаг агаарын нөхцөл байдал ч гуравдугаар сарыг дуустал сайжрахгүй гэсэн урьдчилсан мэдээ бий. Тиймээс малын хорогдолд энэ хавар өмнөх жилүүдээс илүү явагдах эрсдэлтэй байна. Миний харж байгаагаар дахиад 10 сая мал хорогдох эрсдэл бий. Тэр ч утгаараа саяхан Засгийн газраас гамшигийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ.

-Энэ жилийн мал хорогдолд оройлцоогоор 20 гаруй сая болох талаар та хэллээ. Ер нь манай улс түүхэндээ хамгийн олон мал хорогдсон он жил хэзээ болж байсан юм бэ?

-1980-1990 онд буюу нэгдэлийн үед Монгол Улсын малын тоо толгой ердөө 20 гаруй сая л байсан. Гэхдээ тэр үед мал тооллого яс явагддаг байсан учир тоо савалгаатай гарна гэсэн зүйл байхгүй. Харин ардчилал гараад мал хувийн өмч болсоноороо тоо толгой огцом өсөж эхэлсэн.

Жил бүр л 10-20 сая малаар өсч явсаар 2018-2019 онд малын тоо толгой 72 саяд хүрсэн байдаг. Харин 2020 оны зуднаар таван сая мал хорогдож, малын хорогдолд түүхэндээ хамгийн өндөр дүнгээр гарч ирсэн.

Харин энэ тоог дөрөв дахин ихэсгэсэн хорогдол 2023 оны өвөл, 2024 оны хавар тохиох эрсдэлтэй болж байна.

Тэгэхээр түүхэндээ хамгийн олон мал хорогдсон жил яг одоо болж байна гэсэн үг.

-Малын хорогдолд нөлөөлж буй гол хүчин зүйл нь мэдээж цаг агаар байх. Өөр нөлөөлж байгаа зүйл бий юу?

-Олон зүйл бий. Таны хэлдэгээр цаг агаар нэгдүгээрт яригдана. Зуд нь Евроазийн хуурай ба хуурайвтар бүс нутагт цас хайлж буцаж хөлдсөний улмаас өвс ногоог бүрхсэн мөст давхрага үүсгэх, эсвэл хэвийн хэмжээнээс их цас орсноос үүсэх үзэгдлийг хэлсэн нэр томьёо юм. Зудын нөхцөлд мал, амьтан цасан буюу мөсөн давхрага доороос идэшээ олж чадахгүйд хүрч зудын гамшиг үүсдэг. Ингэснээр малын тоо толгойн их хэмжээний хоргодолд хүргэдэг. Зудын гамшиг нь өвлийн хүнд нөхцлөөс шууд хамааралтай нь тодорхой хэдий ч ихэнхдээ өмнөх зун гантай байсны үр дагавар болдог. Өнгөрсөн жилийн зун баруун таван аймаг гантай, хур тундас бага, ногоо олон жилийн дунджаас тун тааруу гарсан.

Харин нь намар эрт цас орж хайлалгүй байсаар өвөлтэй золгосон нь зуд болох нөхцлийг бүрдүүлсэн гэсэн үг. Зуд болох шинжийг малчид зун, намрын цагт мэдэх бүрэн боломжтой. Тэр утгаараа энэ жил манай нутагт зуд болох нь тодорхой болохоор малаа туугаад өөр зудгүй бүс нутагт өвөлжих хэрэгтэй гэх ухаанаар зудын эрсдэлийг монголчууд эрт үеэсээ давж ирсэн түүхтэй.

Гэтэл өнөөгийн бүс нутаг, засаг захиргааны онцлогоос шалтгаалж малчдын нүүдэл хийх бэлчээр хязгаарлагдмал болсон нь зудын эрсдэлд бүрэн оруулах нөхцлийг бүрдүүлж байна. Нэг сумаас нөгөө сум руу малаа туугаад орж болохгүй. Сум битгий хэл бусдын өвөлжөө, намаржаа руу орох, ойртох эрх байдаггүй. Үүнээс шалтгаалж малчид зуднаар малаа их хорогдуулах болсон.

-Та манай улс нэгдлийн үед 20 гаруй сая малтай байсан гэж хэллээ. Гэтэл өнөөдөр яг энэ тооны мал хорогдох эрсдэл маш өндөр байна. Үүнийг төр засаг яагаад анхаарахгүй байна вэ гэдэг шалтгааныг та хэлэхгүй юу?

-Нэг талаасаа мал гэдэг өсөж үрждэг амьд организм. Тэр утгаараа сайхан жилүүдэд тоо нь олширч, тааруу жилүүдэд тоо нь хорогддог. Тиймээс малын тоонд асуудал байгаа юм биш л дээ. Гол нь малаа алдсан малчины амьжиргаа, амьдрал ямар байдлаар өөрчлөгдөж байгаа гэдэг нь чухал.

-Гэхдээ Үндсэн хуулиараа мал бол төрийн хамгаалалтад байна гэж заасан байдаг биш бил үү?

-Тийм хууль бий. Манай улсын төр засаг малын тоог өсгөх асуудал дээр түлхүү анхаарч ирсэн нь бодлогын том алдаа. Харин малын тоо толгой хорогдоод ирэхээр нь байгаль, цаг уур, малчдад хамаг буруу тохдог нь ч үнэн. Өөрөөр хэлбэл, өсөөд ирвэл төр сайн ажиллаж байна, хорогдоод эхэлвэл мал бол хувийн өмч учраас малчид муу байна гэх хандлагаар төрийн бодлого явж ирсэн гэсэн үг. Тиймээс бид хөдөө аж ахуйн салбарын бодлогыг илүү тодорхой, нарийн болгох хэрэгтэй. Бүхэлд нь өөрчлөх шаардлагатай гэж боддог. Тэгэж байж хөдөө аж ахуйн салбараас бид илүү бодитой үр шим, эдийн засгийн асар өндөр ашгийг хүртэх боломжтой. Тэгэхгүйгээр тэртээ нэгдлийн үеийн бодлого зохицуулалтаар төр нь ч тэр малчид нь ч тэр явсаар байвал энэ салбар зүгээр нь бэлэгдэл төдий зүйл л байна. Ямар ч эдийн засгийн өсөлт гарахгүй. Ашиг хүртэх боломжгүй. Гурван сая монголчуудыг өлсгөхгүй гэх ганцхан л зорилготойгоор Монгол Улсын мал аж ахуй оршсоор байна. Тиймээс энэ салбарт бодлогын том өөрчлөлтийг хийх шаардлагатай.

-20 сая мал хорогдвол үүнээс үүдэх эдийн засгийн алдагдал ямар байх вэ?

-Үүнийг эдийн засагчдаас асуувал илүү бодитой тоо гаргаж ирэх болов уу. Гэхдээ хорогдох эрсдэл бүхий 20 сая мал дотор ямар ч мал байж болно. Таван хошуу мал том, жижиггүй. Жижиг гэдэг нь төлийг нь оруулж хэлж байгаа тоо шүү дээ. Тэгэхээр эдийн засаг талаасаа тооцоход нэлээд судалгаа шаардлагатай. Жил бүр хорогдсон малыг дотор нь ангилж үзвэл хонь, ямаа буюу бог малын хорогдол өндөр гардаг. Араас нь адуу, үхэр. Харин хамгийн хорогдол багатай нь тэмээ.

Тэгэхээр бог малын өнөөгийн зах зээлийн ханш ямар байгаа билээ. Адуу, үхэр ямар байна. Төрөл бүрдээ хэдий хэмжээнд хорогдсон эсэхээс хамаарч эдийн засгийн тооцоо гарч ирнэ. Гэхдээ бүтэн улсын мал хорогдоно гэдэг бол яагаад ч сайн зүйл огт биш. Үүнийг хаа хаанаа анхаарах хэрэгтэй. Цаашид малын хорогдолыг бууруулах, чанаржуулах асуудлыг илүүтэй бодох хэрэгтэй. Хамгийн чухал нь хөдөө аж ахуйн салбарт бодлогын том өөрчлөлт хийх хэрэгтэй байна.