Categories
амьдралын-өнгө мэдээ

С.Эрдэнэчулуун: Өглөө долоон цагт хогийн шүүрээ барьж ирээд л миний ажил эхэлдэг

“Амьдралын өнгө” булангийн энэ удаагийн дугаарт бизнес эрхлэгч С.Эрдэнэчулууныг урилаа.


-Та өөрийгөө танилцуулаач?

-Би Баянхонгор аймгийн Жаргалант сумын хүн. Айлын отгон хүү л дээ. Аав минь нутагтаа насаараа зоотехникч, ээж минь холбоочин хийсэн. Жаргалант сумынхаа арван жилийн сургуулийг төгссөн. Хамгийн том ах маань Зэвсэгт хүчний жанжин штабын ажиллагааны газрын дарга, генерал С.Дашзэвэг гэж хүн бий. Нэг эгч маань цэцэрлэгийн эрхлэгч, бусад нь хувиараа бизнес эрхэлдэг дээ.

-Ямар ажил эрхэлдэг вэ?

-Гэр бүлээрээ “Аз амортизатор сервис” гээд авто засварын газар ажиллуулдаг. Манайх оношилгоо, тэнхлэг тохиргоо, амортизатор, пүрш, тиаг, шарнер, өндгөн тулгуур, тос масло гээд явах эд ангийн бүх төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Хүйтний улиралд ажлын ачаалал багасдаг урин цагтай харьцуулахад ажил багатай л байна.

-Хэзээнээс үйл ажиллагаа явуулж байна вэ, олон ажилтантай юу?

-Би 1997 онд Улаанбаатар хотод орж ирээд баар, караокеноос эхлээд байж болох бүхий л үйлчилгээний газрыг ажиллуулсан. 2005 оноос хадам ахыгаа дагаж “Өгөөмөр” зах дээр сэлбэг зарсан. Манай дунд хүүг Э.Аз-Эрдэнэ гэдэг, хүүгийнхээ нэрээр нэрлэж байлаа. Сэлбэг зарж эхэлснээсээ хойш 10 жилийн дараа “Аз амортизатор сервис”-ээ нээсэн юм. Манайх долоон ажилтантай. Бүгд 1,5-10 жил ажиллаж байгаа залуус. Нэгэнт л би тэднийг цалинжуулж, ажиллуулж байгаа учир ахуй амьдрал, ажил гээд бүх зүйлд нь санаа тавьж өөрийн хүүхэд шиг, дүү шиг ханддаг.

-Машины сэлбэг, засвар хийх тухай хаанаас, яаж сурав…

-Анх юу ч мэдэхгүй л “Өгөөмөр” зах дээр авто сэлбэг зарж эхэлсэн. Тэр үеэс хойш бага багаар сурсаар байгаад машинд дөртэй болсон. Давтах тусам туршлагаждаг юм байна. Сэлбэгтэй удаан зууралдсаны л үр шим гэж боддог. Ер нь машин бүрийн сэлбэгийг мэднэ, ялгана гэдэг амар зүйл биш. Гэхдээ ажилдаа маш дуртай.

-Ажлаа хийж байхдаа юуг чухалчилдаг вэ?

-Орлогоо бодож буруу зөрүү, шаардлагагүй зүйлийг нь сольдоггүй. Үйлчлүүлэгчийнхээ эдийн засагт өөрийн мэт хандах хэрэгтэй. Хүний хүлгийг зөв оношлоод, зөв зүйлийг нь солиод өгчих юмсан л гэж боддог. Тийм ч учраас манайх олон үйлчлүүлэгчтэй. Манайх 25 дугаар суваг, UBS, SBN телевиз гэх мэт олон ч газартай хамтарч ажиллаж байсан.

-Танайхыг өдөрт хэд орчим машин зорьж ирдэг вэ?

-Өвөл дунджаар 20-оод машин ирнэ. Зун бол битүү. Өдөрт 40-өөс дээш машин ирэх ч тохиолдолд бий.

-Цар тахлын үед машины сэлбэг, материалын үнэ өссөн үү?

-Үйлдвэрүүдэд барааны үнэ 10 хувь, тээврийн хөлс замбараагүй их өслөө. Сэлбэгийн үнэ өнгөрсөн жилээс 30-40 хувь нэмэгдсэн. Сэлбэгээ ирсэн үнээр нь зарна гэж байхгүй шүү дээ. Бид ажилчдаа цалинжуулна, тог, усаа төлнө гээд зардал их гарна. 70 мянган төгрөгөөр сольдог байсан амортизаторын үнэ 100 мянга гараад талийж өгсөн дөө.

-Хэдэн онд хаана өрх тусгаарлаж байв, гэр бүлийнхээ тухай яриач?

-Ханьтайгаа 2003 онд танилцсан. Анх хадмындаа, дараа нь түрээсийн байр, хашаа байшин, өөрийн гэсэн байр гээд бага багаар дэвшсээр л байгаа. Одоо бид гурван сайхан хүүтэй.

-Та амьдралынхаа хамгийн сайхан дурсамжаасаа хуваалцаач?

-Гурав дахь хүүгээ мэндлэхэд хажууд нь байсан, тэр л их сайхан мэдрэмж. Одоогийн энэ бүхэн эхнэр бид хоёрын уйгагүй хөдөлмөрийн үр шим учраас талархаж явдаг.

-Амьдарч байгаа нийгэмдээ сэтгэл хангалуун байдаг уу?

-Үгүй яахав ээ, миний хувьд багаасаа хөдөлмөрлөөд болоод л амьдарч байна. Харин миний хүүхдүүдийн амьдрах нийгэм яг ийм байвал үнэхээр хэцүү. БНСУ-руу сэлбэг, машин оруулж ирэх гээд ажлаар олон удаа явж байсан. Тэдний нийгэм, амьдрах орчин маш таатай санагддаг. Өөрийнхөө хэмжээнд болоод байгаа ч надаас хойш нийгэм ямар байх бол гэдэгт их санаа зовдог.

-Төрийн бодлого, шийдвэрүүдийг зөв гэж боддог уу?

-Иргэнийхээ хувьд хамгийн наад захын жишээ гэхэд бид банкнаас 20 сая төгрөгийн зээл аваад төлөхгүй сар болоход байр, машин хамаг юмнаасаа сална. Бид бор зүрхээрээ, ямар ч төрийн дэмжлэггүйгээр олсон орлогоо хувааж идээд, бараагаа захиалаад, зээлээ цагт нь төлөөд амьдарч байна. Бид нэг өдөр л ажлаа хийхгүй байхад амьдрал зогсоно шүү дээ.

-Засвараа өргөжүүлэх төлөвлөгөө бий юү?

-Бид тэнгэрээс их юман дээр унаагүй, бүх зүйлийг байхгүйгээс бий болгосон. Өмнөх ажлаа хамгийн сайнаараа хийх, боломж гарвал машин угаалгатай болж өргөжих тухай боддог л юм. Гэхдээ тэр хүртэл эдийн засгийн нөхцөл байдал хэцүү.

-Таны ажил хэдэн цагт эхэлдэг вэ?

-Өглөө долоон цагт хогийн шүүрээ барьж ирээд л ажил минь эхэлдэг дээ (инээв). Өдөржин бүх засвараа гардаж хийнэ. Орой 19-20 цагт ажлаа дуусгаж, ажилчдаа явуулчихаад гэртээ харьдаг.

-Өнөөгийн нийгмийг ямар байгаасай гэж хүсч байна?

-Үнэнч, шударга л байгаасай гэж хүсч байна. Бид ч яахав, хувиараа бизнес эрхлээд болоод л байна. Иргэдийн амьдрал улам л доошилж байна шүү дээ. Биднээс хойш үеийнхэн яаж амьдрах юм бол доо. Машин нь эвдэрчихээд орж ирж байгаа хүний мөнгө нь хүрэхгүй байна.

“Доошоо байгаа юу” л гэж асуудаг. Аль болох хамгийн чухал зүйлийг нь л сольж өгөхийг хичээдэг.


А.ГАНТУЯА

Categories
амьдралын-өнгө мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Намуун: Үсээ боох, чихнийхээ араар үсээ хийх зэрэг жижиг зүйлсийг үгүйлдэг юм билээ

“Амьдралын өнгө” булангийн энэ удаагийн дугаарт хорт хавдар өвчнийг даван туулсан Ж.Намууныг урилаа.


-Та одоогоор хаана ажиллаж, амьдарч байгаа вэ?

-Би 2013 онд Өмнөд Солонгост ирсэн. Сурч байгаад, 2020 оноос нэгэн гоо сайхны эмнэлгийн Монгол багийн ахлагчаар ажиллаж байгаа. Анх ажилд ороход ганцаараа монгол ажилтан байсан. Харин одоо дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй багтай болсон.

-Эх орноо санаж байна уу?

-Монголоо их санаж байна. Манай гэр бүлийнхэн бүгдээрээ Монголд байдаг. Эмээгээ маш их санаж байна. Намайг очих үед хатуу хөл хориотой, эмээтэйгээ уулзаж чадалгүй холоос барааг нь харчихаад л ирсэн. Хамгийн гол нь эмээ маань намайг хорт хавдар туссан гэдгийг огт мэдээгүй. Хөнгөн өвдөөд эмчилгээ хийлгэж байгаа л гэж боддог. Өвдсөнөөсөө хойш эмээтэйгээ нэг ч удаа уулзаагүй. Өндөр настай болохоор эмээтэйгээ л уулзмаар байна.

-Хамгийн сүүлд хэзээ Монголд ирсэн бэ?

-Химийн тариагаа дуусгаад 2020 оны Цагаан сараар очсон. Намайг очмогц хил хаагдсан. Цагаан сар өнгөрөөгөөд ОХУ-аар дамжиж ирсэн.

-Та анх оношоо сонсоод яаж хүлээж авсан бэ?

-Эмнэлэгт нөхөртэйгөө хамт очсон байсан. Үнэхээр гайхсан, залуу хүн өөрсдийгөө хорт хавдар тусна гэж төсөөлдөггүй юм билээ. Анх бүдүүн гэдэсний хорт хавдар гэдэг оношийг сонсоод “Миний бодож байгаа хавдар мөн үү, чи сайн асуугаад өг” гэж нөхөртөө хэлж байсан. Хүн цочирдохоор сайн ойлгохгүй, итгэхгүй, тэнгэр газар нийлж байгаа юм шиг л санагдсан.

-Удаагүй хагалгаанд орсон уу?

-Тийм ээ, тухайн үед пүрэв билүү баасан гариг байсан юм. Ирэх даваа гаригт нь эмнэлэгт хэвтэж долоо хоног шинжилгээ өгөөд шууд хагалгаандаа орсон. Яаравчлахаас өөр арга байгаагүй.

Маш олон тийш үсэрхийлчихсэн, эцсийн шат буюу дөрөвдүгээр шатандаа орчихсон байсан. Хэрвээ би хоёр долоо хоногийн дараа үзүүлсэн бол эмчилгээгүй болох хэмжээнд хүрсэн байсан. 2019 оны долдугаар сарын 30-нд хагалгаанд орсон. Хагалгааны явцад бүдүүн гэдсээ авахуулж, элэгний 70 хувь, давсагныхаа тодорхой хэсгийг тайруулсан. Хагалгааны дараа 12 удаагийн хими эмчилгээ хийлгэж, 2020 оны нэгдүгээр сард дууссан. Эмчилгээ дууссанаас хойш таван жилийн хугацаанд эмчийн хяналтад гурван сар тутамд шинжилгээ өгдөг.

-Тухайн үед бие давхар байсан гэсэн үү…

-Хагалгааны дараа химийн тариа хийлгэхэд шинжилгээ өгдөг. Хагалгааны өмнө надаас хангалттай олон удаа “Жирэмсэн байх магадлалтай юу” гэж эмч нар асуусан. Учир нь хагалгааны явцад урагт хортой тодруулагч бодис, мэдээ алдуулагч ихээр хийдэг. Би “Үгүй ээ” л гээд байсан. Гэтэл хагалгааны дараа хоёр сартай ураг, зүрх нь цохилж байсан. Үнэхээр цочирдож эмчээс “Хэрвээ хүүхдээ төрүүлбэл яах вэ” гэж асуусан. Эмч нэгэнт маш хүнд хагалгаанд орж, урагт муу бүх зүйлийг хэрэглэчихсэн, дөрөвдүгээр шатанд орсон хагалгаа учир яаралтай химийн тариагаа эхлэх хэрэгтэй, эхлээд өөрийнхөө эрүүл мэндийг бод гэж хэлээд хагалгаанд орж авахуулчихсан (хоолой нь чичирч, нулимс урсав).

-Хагалгааны дараа эмчилгээнд орохдоо үсээ хусуулсан байсан. Эмэгтэй хүний хувьд үс гэдэг гоо сайхны маш чухал хэсэг шүү дээ…

-Гараараа илэхэд л туг тугаараа унаж байгаа үсээ харах маш хэцүү байсан. Үсээ боохыг, чихнийхээ араар үсээ хийхийг гээд жижиг зүйлсийг үгүйлдэг юм билээ. Хүн өөрийн мэдэлгүй өөрийгөө их өөлдөг. Тэр бодлуудад хүний бие гомддог юм болов уу гэж бодсон. Урт үстэй байхдаа үсээ хурдан тайрах юмсан, миний биеийн тэр нь муухай байна гэж их ярьдаг байлаа. Бие өвдөөд үсээ хусуулаад сууж байхдаа тэр бодлууддаа маш их харамссан.

-Энэ өвчний шалтгаан нь юу юм бол?

-Ерөөсөө л амьдралын буруу хэв маяг, буруу хооллолт, стрессээс үүсдэг. Хооллолт, нойр, сэтгэл зүйн байдал хамгийн чухал нөлөөтэй.

-Та гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Би энд охин, нөхөртэйгөө амьдардаг. Манай нөхрийг Н.Батбуян гэдэг. Хөдөө өссөн хүүхэд, гэр бүлсэг, хүнийг хайрлаж, хүндэлж чаддаг маш сайн залуу бий. Би энэ бүгдийг даван туулж, ингээд яриад сууж байгаа нь миний ханийн ач.

Химийн тариа хийлгээд сульдаж байхад миний хөлийг шар тосоор тослоод л сууж байсан. Намайг 11 цаг хагалгаанд орж байхад гадаа ганцаараа хүлээгээд л суусан. Хэрвээ дараа төрөл гэж байдаг бол нөхөртэйгөө дахин учрахыг хүсдэг. Тэр үед би түүнийгээ дахиж өвдөж зовоохгүй ээ… Надад хань, охин хоёр минь байхад юунд бууж өгөх ёстой юм, надад хийж чадаагүй олон зүйл байсан болохоор маш их хичээсэн. Охин маань дөрвөн настай. Намайг хагалгаанд ороход манай охин ой гарантай байсан.

-Аав, ээждээ оношоо яаж хэлж байсан бэ?

-Ямар ч байсан эмнэлгээр яваад хорт хавдар мөн юм байна гэдгийг нь мэдчихээд утсаар хэлж байсан. Их цочирдсон байсан болохоор яг юу гэж хэлснээ санадаггүй.

-Өвдөхөөс өмнөх Намуун, одоогийн Намуун хоёр юугаараа өөр вэ?

-Өмнөх зургаа харахаар хуурамч юм шиг, би биш юм шиг санагддаг. Харин хагалгаанд орсноосоо хойш өөрийгөө олж, илүү таньсан. Хэн нэгэнд таалагдах гэж биш, би өөрийнхөөрөө байх нь чухал юм байна гэдгийг мэдэрсэн. Өвдөхийн өмнөх Намуун хайнга, дураараа, түргэн ааштай байсан. Харин одоо юманд тайвнаар ханддаг, уурлах биш гаргалгааг нь олох гэж хичээдэг болсон. Мөн эрүүл мэндээ маш сайн анхаарч, өөрийгөө хайрладаг болсон. Өмнө нь би өөрийнхөө төлөө амьдардаггүй байсан юм шиг санагдаж байна. Гэр бүлийнхэндээ саад болохгүйн тулд өөрийгөө хүчилж ажилладаг байсан. Одоо бол өөрийгөө хайрлаж, өөрийнхөө төлөө амьдарч байна. Эрүүл байх нь миний хайртай хүмүүсийнхээ өмнө хүлээж буй хариуцлага.

-Таны хувьд юу хамгийн үнэ цэнэтэй вэ?

-Халуун ам бүлээрээ хоол хийгээд, энгийн зүйлсийн талаар ярьж инээгээд суух шиг жаргал байхгүй байх.

-Таны хувьд эрүүл мэнд гэж юуг хэлэх вэ?

-Хариуцлагатайгаар өөрийгөө хайрлахыг хэлнэ.

-Хаа нэгтээ хорт хавдраар шаналж буй хүмүүст хандаж та юу гэж хэлэх вэ?

-Бидний бодож байгаагаас ч олон хүн хавдар гэдэг өвчнөөр өвдөөд, шаналж байдаг. Тусламж хүсч над руу холбогддог хүмүүс ч бий. Тэдэнд чадахаараа дэм болж, эмнэлэг, эмчээ зааж өгөхийг хичээдэг. Гэхдээ тэр хүмүүст “Би чадсан юм чинь та чадна” гэж хэлэх хэцүү байдаг. Учир нь хүн бүр өөр учраас миний танд хэлж чадах зүйл бол “Та эцэст нь тултал тэмцээрэй, хэзээ ч битгий бууж өгөөрэй” л гэдэг. Хэн бүхэн өөрийн бодож байгаагаас ч ихийг хийж чадна.

-Та ажлынхаа хажуугаар моделиор ажилладаг. Энэ тухайгаа яриач?

-Химийн тариа дуусаад хоёр сарын дараагаас моделиор ажиллаж эхэлсэн. Хүссэн зүйлээ хийхгүй бол харамсах юм байна гэж бодоод хамгийн дуртай модель руугаа “Би танайд модель болох чин хүсэлтэй байна. Хэрвээ боломж бүрдвэл би маш их баярлана” гэж сошиалаар мессэж бичсэн. Гэтэл надад веб сайт руу ороод анкет явуулаарай гэж хариу ирсэн. Шалгаруулалтад орж тэнцээд түүнээс хойш ажлынхаа хажуугаар реклам, брэндүүдийн моделиор ажиллаж байгаа.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Ө.Бямбадорж: Нэг буруу юм хийчихвэл залруулах гэж, зөв юм хийвэл ахиулах гэж чармайсаар л энд хүрч дээ, янз нь

“Өдрийн сонин”-оос гаргаж буй “Амьдралын өнгө” хэмээх шинэ буланг уншигчдадаа хүргэж эхлээд удаж буй. Энэхүү булангийн маань анхны зочноор иргэн Өвгөөгийн Бямбадорж оролцсон юм. Түүнтэй хөөрөлдсөнөө хүргэж байна.


-Та өөрийгөө танилцуулахгүй юу. Аль нутаг, усны хүн бэ?

-Би Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд таван хүү, дөрвөн охинтой айлын найм дахь хүү болон 1966 онд мэндэлсэн. Одоо бол Улаанбаатар хотын иргэн. Миний аав, ээж хоёр хоёулаа Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын хүмүүс. Аав, ээж, өвөг дээдсээрээ их бахархаж явдаг юм. Би аавынхаа аав, ээжийнхээ нагац ахын хэмжээнд хүрч амьдарч чадах уу гэдэгт эргэлздэг. Миний аавын аав буюу өвөө маань Хасбазар дайчин, тэргүүн зэргийн хунтайж хүн байлаа. 1937 онд хэлмэгдсэн. Харин ээжийн маань нагац ах бол зохиолч Содномбалжирын Буяннэмэх. Мөн л 1937 онд хэлмэгдсэн. Ирэх онд С.Буяннэмэх ахын мэндэлсний 120 жилийн ой болно. Ээж маань 90 гаруй нас наслахдаа нагац ахынхаа хэлмэгдэлтийн цагаатгалыг үзэж амжсан.

-Та ямар боловсролтой вэ?

-Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд бага, дунд боловсрол эзэмшээд аймгийнхаа төвийн арван жилийн сургуулийг төгссөн. Улмаар 1986 онд Санхүү эдийн засгийн техникумд тээврийн нягтлан бодогч мэргэжлээр суралцан Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд мал аж ахуй эрхэлсэн нягтлан бодогчоор очиж байлаа. Дараа нь Хөдөө аж ахуйн их сургуульд нягтлан бодох бүртгэл, эдийн засагч мэргэжлээр суралцаж 1993 онд төгссөн.

-Анхны ажил, амьдралын гараагаа хаанаас эхлэв, одоо ямар ажил эрхэлж байна?

-Хөдөө аж ахуйн их сургуулиа төгссөн өдрөө Хөдөө аж ахуйн яамны томилолтоор Партизаны сангийн аж ахуйд фермийн нягтлангаар томилогдож байсан. Тэнд долоон жил ажилласан. Ахуй амьдралын тухайд 1993 онд САА-н нягтлан байхдаа Оросуудын амьдарч байсан хоёр өрөө байранд өрх тусгаарлаж байлаа. Тэр үеэс хойш амьдралын шаардлагаар нутаг руугаа ч нүүж байсан. Дараа нь хот руу нүүж ирээд 1616 зараас ажлын байр хайгаад “Гангар Инвест” ХХК-д шалгалт өгч тэнцээд ажилд ороод их баярлаж байсан. Дараа нь СӨХ-ийнхөө даргаар таван жил ажилласан. Ингээд л 2003 оноос хойш нийслэлд “Монгол такси групп” ХХК-д өнөөдрийг хүртэл мэргэжлээрээ ажиллаж байна.

-Гэр бүлийнхээ тухай яриач?

-Би гурван ах, дөрвөн эгч, нэг дүүтэй, эхээс есүүлээ. Аав маань багш мэргэжилтэй ч биднийг бага байхад малчин байсан. Миний ах Монгол Улсын математикийн олимпиадын анхны аварга Ө.Цэрэнбямба гэж хүн байлаа, тэнгэрт дэвшсэн. Биднээс гурван нягтлан бодогч, нэг санхүүч байна аа.

Заяаны хань зам дээр гэдэг шиг Партизаны сангийн аж ахуйд 30-аад жилийн өмнө танилцсан хойморь нутгийн эмч охинтой ханилан хүү, охин хоёртой болсон байна даа (инээв). Миний хань эмч мэргэжилтэй, мэргэжлээрээ ажилладаг. Хүү ажиллаж, охин маань олон улсын харилцааны чиглэлээр суралцдаг.

-Бага насны дурсамжаасаа хуваалцаач?

-Залуу насны алдаа, оноо дурсамж олон бий. Ялангуяа Дэлгэрхангайн багын найзууд маань саяхан төгсөлтийнхөө 35 жилийн ойг тэмдэглэсэн. Сурагч байхад онц сурлагатан гэж өвгөн ааваас бэлэг авахад их баярладаг байсан. Анги, нас ахих тусам тэр бэлэг ч байхгүй шүү (инээв). Гэр бүлтэй болж, цалингаа цуглуулж мотоцикл авч унаад их баяртай салхи татуулан давхиж явлаа.

-Таны эмээгийн дүү зохиолч хүн юм байна. Танд яруу найргийн авьяас, сонирхол байгаа юу?

-Яруу найрагт их дуртай. Хийсэн ажил, уулзсан хүн, туулсан замаа шүлэглээд биччихдэг.

-Цар тахлын үед таны амьдралын хэв маяг хэрхэн өөрчлөгдөв?

-Сүүлийн хоёр жилийн хугацаанд хөл хорионд орж бидний амьдрал нэлээд хэцүү байдалд орлоо. Харин өчигдөр хувиараа бизнес хийхэд тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй болсон тухай сайхан мэдээ сонссон. Шинэ он гараад хүн бүхэн юу чаддагаа хийх болохоор боллоо гэсэн үг. Яваандаа эдийн засгийн нөхцөл байдал ч сайжрах байх. Олон асуудлыг цахимаар шийдэж сурлаа, болдог л юм байна.

-Та “ковид-19” туссан уу, вакцинд хамрагдав уу?

-Хариуцлагаа ухамсарлаж, дэг журмыг сахиад ковидын эсрэг вакцины гурван тунд хамрагдсан. Одоогоор ковид тусаагүй л байна.

-Та мэдээ, мэдээллээ ямар эх сурвалжаас авдаг вэ?

-Оройд “Цагийн хүрд”, бусад сувгуудын мэдээ үздэг. Сониноос “Өдрийн сонин”-ыг захиалж уншдаг.

-Та хүмүүсийн хандлага, хувийн амьдралдаа сэтгэл хангалуун байна уу. Эсвэл ирээдүйд сайжрах, дээшлэх байх гэж итгэж байна уу?

-Ирээдүйдээ л итгэнэ шүү дээ. Бүх зүйл сайжрах байх. Бидний ач, зээ нарыг насанд хүрэхэд төрийн бодлого нь зөв, байгаль орчин эрүүл, цаг агаар хэвийн, бүх зүйл иргэддээ ээлтэй байгаасай л гэж боддог. Нас ахихаар нутгийнхаа тухай ч бас их боддог болох юм.

-Энэ нийгэмд юу таныг бухимдуулж байна?

-Түгжрэл л юм даа. Өдөрт ганц л ажлын ард гарч байна. Маскны ач ч юмуу, утааны хор нөлөө харьцангуй бага санагдаж байгаа.

-Та Ерөнхийлөгч, ерөнхий сайд, ер нь Засгийн газрыг хэр сайн ажиллаж байна гэж бодож байна?

-Би ер нь нэг их улстөржөөд байдаггүй юм.

-Гэхдээ л танд хувийн үзэл бий шүү дээ?

-Байгаа, байгаа (инээв). Ард түмний сонголт юм чинь зөв л явж байгаа байх даа. Сүүлийн хоёр жил засаг, захиргааны байгууллага руу зүглээгүй болохоор нарийн зүйлсийг мэдэхгүй юм. Саяхан би найздаа халамж тогтоолгох гээд л гадуур бага сага ажил амжууллаа.

-Халамж гэснээс та халамж авдаг уу?

-Авдаггүй.

-Таны ярианаас ажиглах нь ээ танай удмынхан математикийн талын хүмүүс шиг байна, тийм үү?

-Тэр бол үнэн. Аав маань багш, ээж маань багийн төвийн сургуульд хоёр, гуравхан удаа л очоод, өөрөө бие дааж бичиг, үсэг сурсан гэдэг. Биднийг бага байхад ээж гал түлж байхдаа хэдэн ч оронтой тоог цээжээр үржүүлчихдэг хүн байлаа.

-Ирэх онд ямар зорилго, төлөвлөгөөтэй байна?

-Хамгийн чухал нь С.Буяннэмэх ахын 120 жилийн ой, дараагийх нь Партизаны САА-н хөгжилд даргатайгаа хамтран 24 айлын орон сууц, ресторан, зочид буудал барьсан юм. Тэнд аялал жуулчлал хөгжүүлэх л зорилготой байна. Ажил, амьдралын гараагаа эхэлсэн Партизаны сангийн аж ахуйдаа их элэгтэй. Цэвэр агаартай тэр сайхан газрын бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд өөрийн чадах чинээгээр гар бие оролцох бодолтой байна.

Тэр газарт бага залуу насандаа дорвитой хувь нэмэр оруулж чадаагүй, одоо 50 нас гараад дахин очих нь миний томоохон хүсэл, зорилго болсон. Залуу байхад сүртэй юм боддоггүй л байлаа. Манай улсад нийт 250 саалийн ферм байсан. Намайг их сургууль төгсөхөд Партизаны САА л үлдсэн байсан юм.

-Танай гэр бүл шинэ оноо яаж угтдаг вэ?

-Гэр бүлээрээ цуглараад 31-ний орой ерөнхийлөгчийнхөө үгийг сонсож, сайн сайхан зүйлсийн тухай ярилцан шуугилдсаар л шинэ оноо угтдаг. Шинэ жил дөхүүлээд хүүхдүүддээ гацуур модыг нь засч өгнө. 27-нд миний төрсөн өдөр болдог. Хүүхэд байхаасаа л их догдолж ёолкоо тэмдэглэнэ шүү дээ.

-Та энэ сарын 27-нд хэдэн насыг зооглох гэж байна?

-55 нас хүрч байна. Их юм сонсож, ойлгодог хугацаа юм байна. Нэг буруу юм хийчихвэл залруулах гэж, зөв юм хийвэл ахиулах гэж чармайсаар л энд хүрч дээ, янз нь.



А.ГАНТУЯА

Categories
амьдралын-өнгө мэдээ

Ц.Энхтайван: Манайд агуу Л.Мөрдорж, Э.Чойдог, хурандаа Н.Цэрэнпэл, хагархай Ц.Сүхбаатар нар ирж уран бүтээлийнхээ тухай ярилцдаг байлаа

“Амьдралын өнгө” булангийн энэ удаагийн дугаарт МУСТА, хөгжмийн зохиолч Цэндийн Энхтайванг урилаа.


-Та аль нутгийн уугуул вэ, бага насны тань дурсамжаар ярилцлагаа эхэлье?

-Би 1957 онд Дорноговь аймгийн тухайн үеийн Чойр суманд аав, ээжийнхээ ууган хүү болон мэндэлсэн. Би 1,7кг жинтэй дутуу төрж, ээж минь намайг төрүүлээд л насан өөд болсон. Ээжгүй, дутуу нярайг хүн болгоно гэдэг хэцүү. Тухайн үед манай суманд хотоос 40 гаруй настай хоёр хүн амьдрахаар ирээд миний талаар сонсож ааваас маань сар гаруй гуйгаад намайг өргөж аваад хот буцсан юм. Тэгээд л хотод өсөж торнисон доо. Төрсөн аав, ээж минь хорин хэдтэй залуус Дорноговь аймгийн төмөр замын ажилчид байсан юм билээ.

-Өргөж авсан аав, ээж нь хүүхэдгүй байсан юм уу. Ямар хүмүүс байсан бэ?

-Би үнэхээр сайн аав, ээжийн хүү болсон. Тэд хүүхэдгүй хүмүүс байсан. Аав маань намайг таван настайд, ээж 21 настайд өөд болсон. Ээж цэцэрлэгийн багш, гайхалтай хүн байлаа.

-Аав, ээж нь урлагийн хүмүүс байсан уу. Яагаад хөгжимд дурлах болов?

-Өргөж авсан ээжийн дүү нь В.Сээсрэг гэж хөгжмийн зохиолч хүн байлаа. Аав өнгөрөөд ээж, В.Сээсрэг ах бид гурав хамт амьдардаг болсон. Манайх төгөлдөр хууртай, хагас сайн өдөр бүр агуу Л.Мөрдорж, Э.Чойдог, хурандаа Н.Цэрэнпэл, хагархай Ц.Сүхбаатар нар ирж уран бүтээлийнхээ тухай ярилцдаг байсан. Ц.Сүхбаатар гуай хуучир тоглоно. Манай гэрийн доод давхарт хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж амьдардаг. Манайд ирж төгөлдөр хуураа давтана. Орчноосоо л хөгжимд дуралсан. Тухайн үед Хөгжим бүжгийн дунд сургуульд сурдаг байлаа. 1970 онд улсын Филармонийн мэргэжлийн хөгжимчдийн шалгаруулалтад 300 хүүхдээс эхний долоод шалгараад дараа нь улсын мэргэжлийн шалгалтыг онц өгч байсан. Тэр шалгалтад хоёр хүн онц дүн авч байлаа. Нэг нь Б.Наранбаатар, нөгөө нь би байсан. Н.Жанцанноров Хөгжмийн зохиолчдын хорооны дарга байхдаа хөгжим зохиогчдын 45 хоногийн курс хичээллүүлсэн. Би тэр курсээс хөгжмийн зохиолын онол, суурийг эзэмшсэн.

-Та нутагтаа очиж байсан уу?

-Өөрийгөө Чойрт төрсөн л гэж мэддэг болохоос огт очиж үзээгүй байсан. 40 гаруй насандаа сэтгүүлээс ОХУ-ын эрдэмтний статистикаас төрсөн нутаг гэдэг ямар үнэ цэнэтэйг уншиж мэдсэн. Тэгээд анх удаа нутагтаа очиж 14 хоносон. Намайг очдог жил Төмөр замын эмнэлгийн 55 жилийн ой тохиож байсан. Тохиолдлоор надаар ойн дуугаа захиалж хийлгэсэн байсан юм. Даргатай нь уулзаад Чойрын Төмөр замын эмнэлэгт 14 хоног амраад ирсэн. Тэр үед Чойрын богд, Сансар уул гэж өөд өөдөсөө харсан их сайхан уулыг хараад ээжийнхээ тухай бодож “Чойр ээж уул” гэж толгойд аялгуу нь орж ирсэн.

-Тэгээд л ээжийн тухай уран бүтээл хийх санаа төрсөн үү?

-Түүнийгээ бодоод Ш.Дулмаа гуай дээр очтол “Миний хүү аяа тогло” гэж хэлсэн. Би ч цаг гаруй төгөлдөр хууран дээр тоглолоо. Ш.Дулмаа гуай “Долоо хоногийн дараа үгээ аваарай” гэж би долоо хоногийн дараа очтол “Ээждээ дуулах дуу” дууны үг бэлэн болсон байлаа. Тэгээд л би Филармонид үг, аяа тааруулаад тоглож байтал “Соёл-Эрдэнэ” хамтлагийн дуучин Б.Нандинцэцэг ирээд “Чи юу тоглоод байгаа юм бэ” гэсэн. Өсгөсөн ээж В.Цэнддээ зориулж Ш.Дулмаа гуайгаар үг бичүүлсэн юм гэтэл “Ямар гоё ая вэ, би дуулъя” гээд миний зохион байгуулсан Монголын анхны цохиур хөгжмийн концертэд дуулсан. Тийм ээ, ээж минь намайг төрүүлээд л Чойр уул болсон гэсэн санаа төрсөн. Саяхан өөрийн төрсөн ээждээ зориулж “Чойр ээж уул” хэмээх уран бүтээлийнхээ аяыг Ардын уран зохиолч Ш.Дулмаа гуайнд очиж өдөржин тоглосон. Тэрээр “Тансаг аялгуу байна, тансаг шүлэг байх ёстой” гэж дуу алдаж байлаа.

-Та цохиурын концертоос өөр тоглолт хийж байв уу?

-1980 онд “Хаврын уянга” Монголын анхны хоёр хуучрын зохиол, түүнээс хоёр жилийн дараа Монголын анхны Цохиурын концерт, “Цохиур-Эстрад-1984” Хөгжмийн концертоо хийсэн. Намайг цохиурын хөгжмийн концерт хийнэ гэхэд хүмүүс шоолж байсан. Харин тоглосны дараа хөгжимчид ангайж байлаа. Энэхүү уран бүтээлүүдээ одоог хүртэл Улсын филармони болон бусад тоглолтуудад тоглосоор байдаг. Одоо бодоход хийж байсан бүхнээ хараад өөртөө баярладаг.

-Төрсөн аавтайгаа уулзаж байсан уу?

-Сүүлд уулзсаан. Тэр хүнийг харвал би, намайг харвал тэр хүн л байсан. Миний аав Орос, Монголын хүндэт төмөр замчин, физик Н.Чүлтэм гэж эрдэмтэй хүн байлаа.

-Гэр бүлийнхээ тухай яриач?

-Би нэг охинтой, гэр бүлийн хүн маань эдийн засагч мэргэжилтэй. Охин, эхнэр хоёр 2005 онд Швейцарь улс руу явсан. Яваад 20-иод жил болж байна. Охин минь аавтайгаа ирж уулзана л гэж ярьдаг. Би бол охиныхоо ирээдүйг бодоод л явуулсан.

-Таны үеийн хүмүүс хойд хөрш рүү явж боловсрол эзэмшсэн байдаг. Та ч бас тэдний нэг үү?

-Би хүмүүсээс зөрөн байж шалгалт өгч тэнцээд 25 насандаа Эрхүү рүү хэлний бэлтгэлд явсан. ОХУ-ын Соёлын дээд сургуульд сурах зорилготой. Анх сургуульд явахад Ц.Намсрайжав багш их дургүй байсан. “Сургуульд яваад сурах юм байхгүй ээ, цалинг чинь 750 болгоё. Жилийн дараа гавьяат болгоё” гэж хэлж байсан. Тэр үед юун 750 төгрөгийн цалин, гавьяат болох ОХУ руу сургуульд явна гэдэг л мөрөөдөл байлаа. Очоод хичээлдээ ч хангалттай шамдаж байсан. Хөгжмийн зохиолч Н.Чулуун бид хоёр нэг анги байлаа. Эхний улирлын амралтаар Монголдоо ирээд буцаж очоод удаагүй байхад бие өвдсөн. Эрхүү, Ленинградын агаар монголчуудын уушгинд нөлөөлдөг юм билээ. Заримдаа уушги цоорсон ч тохиолдол байдаг. Дараа нь Н.Чулуун бид хоёр зах дээр явж байгаад 30 өндөг авсан юм. Нэг талд нь маш хямд, үнэтэй хоёр төрлийн өндөг байсан. Бид хоёр ярилцаж байгаад хямдыг нь авч ирээд өрөөндөө тавьчихсан. Өндөгнөөсөө өдөрт хоёрыг иднэ. Арав хоногийн дараа хамаг биеийн арьс хуураад эмчид үзүүлтэл өндөгний хордлого. Гэтэл нөгөө авсан өндөг маань чанасан өндөг байсан. Бид хоёр мэдээгүй. Сар гаруй эмнэлэгт хэвтээд, гам алдаад алингаа алдсан. Тэр үед яг юу болсныг мэдэхгүй. Уг нь намайг хасах шаардлагагүй байсан. Гэвч “Чамайг хасах болсон” гээд л хот руугаа буцаж ирсэн. Эрхүүгээс ирээд Радио, телевизийн уран сайхны удирдагч Б.Бадар-Ууганы урилгаар дууны найруулагчаар ажиллаж эхэлсэн. Радио телевизийн нэвтрүүлгийн хөгжим зохиох үүрэг өгч нэвтрүүлгийнхээ хөгжмийг би өөрөө зохиодог байсан юм.

-Таны амьдралын хамгийн дурсамжтай мөч хэзээ байсан бэ?

-“Алтан намар” тоглолтод миний “Сэтгэлийн дуу” романс дуулагдаад, дараа нь Л.Мөрдорж гуайнд хоёр найзтайгаа очоод гарах гэтэл “Дилав хутагт Жамсранжав гэдэг хүний хүчээр манай улс НҮБ-д элссэн юм. Миний хүү энэ зургийг хадгалж яваарай. Чиний “Сэтгэлийн дуу” романс үнэхээр сайхан болсон байна” гээд торгон хэвлэл зураг өгч байсан. Тэр зургийг яагаад Л.Мөрдорж гуай руу явуулах болсон юм бэ гэтэл Богд хааны өргөмөл хүү байсан. ОХУ-аас Богдын ойр дотны бүх хүмүүсийн хороосон. Л.Мөрдорж гуайг ч хөнөө гэсэн тушаал байсан ч 14 насандаа гавьяат цол аваад төрийн сүлдийг зохиож амь аврагдсан хүн. Тэр агуу хүний гараас тэр том хүний зургийг авч байсан нь ямар ч төрийн шагналаас илүү үнэ цэнэтэй санагддаг.

-Зохиож байсан хөгжмийн аялгуунаасаа нэрлээч?

-Хөгжим бүжгийн дунд сургуулийн урын санд байдаг “Хаврын уянга”, хоёр хуучрын гоцлол, “Ээждээ”, “Багшдаа”, хуучрын гоцлолууд гэх мэт. Дуунаас 1993 онд Өргөн сэлэнгэ улсын уралдаанд 120 хөгжмийн зохиолч оролцсоноос хоёрдугаар байранд шалгарсан “Сэлэнгийн уянга”, “Хүмүүн заяаны өлгий”, “Ертөнцийн өнгө”, “Чойр ээж уул” гээд олон сайхан уран бүтээл бий. Хүүхдийн дууны улсын уралдаанд “Өвөөгийн ярьдаг үлгэр” дуугаар гуравдугаар байранд орж байлаа.

-Цар тахлын үед таны амьдралд ямар өөрчлөлтүүд гарч байна?

-Яг үнэнийг хэлэхэд ямар л олиг байхав дээ. Энэ үед хүн бүхэн сахилга баттайгаар тэмцэх хэрэгтэй. Энэ бол цаг зуурын л асуудал гэж бодоод вакцинаа хийлгээд чадахаараа л хичээж байна. Өөр арга байхгүй ээ.

-Та ковид туссан уу?

-Тусаагүй, гурван тунтай. Цар тахлын дэглэмийг баримтлаад л явж байна.

-Одоогийн засаг төрийн байдлыг юу гэж хардаг вэ?

-Бас ч юм хийж байна аа. Эв нэгдэл л алга. Хөгшин, залуугүй нам гэж их талцдаг. Аль Манжийн үед л ийм үзэл байсан, одоог хүртэл хэвээрээ. Уг нь энэ хамгийн буруу санагддаг. Бас улсын мөнгийг идсэн хүмүүсийг шоронд хорьж байхын оронд буцааж төлүүлэх хэрэгтэй. Шоронд орлоо гээд яах юм, хэдэн жил болоод л гараад ирнэ. Тэр хувьдаа завшсан мөнгийг нь л эргүүлж авбал нийгэмд тустай. Одоо Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын юу хийхийг харах л үлдлээ дээ.

-Одоо амьдарч буй нийгэмдээ сэтгэл хангалуун байна уу?

-Ирээдүйд илүү сайхан болох байх. Уг нь нэг хүн таван машинаар яахав дээ. Шуналаа багасгаж, эв нэгдэлээ л нэмэгдүүлэх хэрэгтэй гэж боддог.

-Нийгэмд болж буй үйл явдлуудыг голчлон хаанаас хүлээж авдаг вэ?

-“Өдрийн сонин” захиалж уншдаг. Орой цагийн хүрд, мэдээллийн хөтөлбөрүүдээс мэдээлэл хангалттай авчихдаг. Сошиал ашигладаггүй. Өдрийн сонинд “Ном уншъя”, “Уран бүтээлч”, “Хүмүүс” гээд хүнд хэрэгтэй, сонирхолтой мэдээллүүдтэй булан олон байдаг.

-Удахгүй сар шинийн баяр болох гэж байна. Сар шинээ яаж угтдаг вэ?

-Яг үнэндээ өргөсөн хүмүүс ч байхгүй, өргүүлсэн ч хүн байхгүй эхээс ганцаар хүн шүү дээ. Тийм болохоор баяруудыг өргөн тэмдэглэдэггүй ээ.

А.ГАНТУЯА

Categories
амьдралын-өнгө мэдээ

Б.Батзориг: Би бууж өгөөгүй учраас хүүхдүүдээ дөрвөн жил ээжтэй нь хамт байлгаж чадсан гэж боддог


“Амьдралын өнгө” булангийн энэ удаагийн дугаарт гурван хүүхдийн аав, бизнес эрхлэгч Болдын Батзоригийг урилаа.


-Цар тахалтай өдрүүдэд таны ажил хэрхэн өрнөж байна?

-Ажил сайн явагдаж байгаа. Бараа материалын хомсдол, хил гаалийн асуудлуудаас шалтгаалан тавилгын үйлдвэр маань зогссон. Хэдийгээр тавилга үйлдвэрлэхгүй байгаа ч гар утасны эко тавиур, модон тавгуудыг хийж байна. Ажлын хувьд хамгийн чухал нь үйлдвэрлэлээ зогсоохгүй, ажилчдаа хоосон хонуулахгүй байх шүү дээ.

-Танай компани хэзээнээс үйл ажиллагаагаа эхэлсэн бэ?

-Би дуудлагын мужаанаар ажиллаж байгаад 2015 оноос ажлын байр түрээслэж тавилга захиалгаар хийдэг болсон. Харин одоо 15 ажилчинтай, бүх ажилчдаа өөрөө сургасан. Захиалгат тавилга, ялангуяа хүүхдийн өрөөний модон тавилга үйлдвэрлэдэг байсан. Материалын үнэ өссөн учир тавилга үйлдвэрлэлээ түр зогсоосон. Үнэтэй материалаар тавилга хийж хэрэглэгчиддээ үнэтэй зарах хэцүү. Тиймээс Цагаан сараар хүнд бэлэглэх боломжтой гар утасны эко тавиур хийж эхэлсэн юм.

Тавиур олноор нь худалдаж авдаг хэрэглэгчиддээ бэлэглэхээр хэд хоногийн өмнөөс модон таваг хийж эхэлсэн. Түүнийг хүмүүс маш их сонирхож, авах хүсэлтүүд ирсэн учир олон төрлийн хэлбэр, хэмжээтэй таваг хийж худалдаж байгаа. Тухайн нөхцөл байдалдаа тааруулж юу хийж болохоор байна, түүнийгээ хийгээд л явж байна.

-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Өглөө болгон 08:00 цагт босч хүүхдүүддээ өглөөний цайг нь уулгаад, гэрээ цэгцэлчихээд гардаг. Албаны ажил байвал зохицуулаад үйлдвэр рүүгээ явна. Үйлдвэртээ очиж ажиллаад, орой хүргэлтээ хийж шөнө 1-2 цагт гэртээ харьдаг.

-Гэр бүлийнхээ тухай…

-Би Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, миний хань ч бас Дорнодых. Бид таван насны зөрүүтэй, би төгсөөд хотод ирж ажиллаж байлаа. Дараа нь миний хань сургуулиа төгсөж хотод ажиллаад 2011 онд танилцсан. Жилийн дараагаас үерхэж 2013 онд ууган хүү минь мэндэлж бид аав, ээж болсон. 2015 онд охиноо өлгийдөн авч, харин 2017 оны долдугаар сарын 20-нд ханийхаа төрсөн өдрөөр отгон хүүгээ өлгийдөж магнай хагартал баярлаж байлаа. Бид хамтдаа бүх зүйлийг бүтээж өөрсдийн гэсэн газартай, байшинтай, гурван сайхан үртэй болсны дараа эхнэрийн маань бие чилээрхэж эхэлсэн. Удалгүй ямар ч эмчилгээгүй, булчин сулрах гэдэг өвчний онош тогтоогдсон. Хань минь дөрвөн жил энэ өвчинтэй тэмцэж цар тахлын үед буюу 2021 онд өөд болсон. Эмч нар миний ханийг “Ийм өвчтэй хүн ийм удаан амьдарна гэдэг гайхамшиг” гэж хэлдэг байсан. Бид энэ хугацаанд хэн нь ч бууж өгөөгүй. Би бууж өгөөгүй учраас хүүхдүүдээ ээжтэй нь дөрвөн жил хамт байлгаж чадсан гэж боддог. Миний эхнэр үнэхээр үзэсгэлэнтэй, надад маш их хайртай эмэгтэй байсан.

-Аав болсноо мэдэхэд танд мэдрэмж төрсөн бэ?

-Эхнэрээсээ “Бие давхар болсон” гэдэг мэдээг сонссоны маргааш нь цалингийн зээл авч гэр худалдаж авч байлаа. Айлын хашаанд сарын 25 мянган төгрөгийн түрээс төлж гэрээ бариад маргааш нь бүх тавилгаа өөрөө хийсэн. Дараагийн өдөр нь зурагт худалдаж аваад л хүүгээ төрөхийг хүлээсэн дээ (инээв). Маш их догдолж, баярлаж байсан. Том хүүгээ мэндлэх үед ажлаар хөдөө явж таарсан. Хүүгээ төрлөө гэж сонсоод л шууд хот руу давхиж ханьдаа цай, шөл хүргэж өгсөн. Маргааш нь хүний машин гуйгаад хань, хүү хоёроо эмнэлгээс гаргаж байлаа. Аав болоод их хүчтэй болчихсон ч юм шиг, бүх зүйлийг чадах ч юм шиг тийм хүчирхэг, зоримог мэдрэмж төрж байсан.

-Дөнгөж гэр бүл зохиож байх үеийн дурсамжаасаа хуваалцаач?

-Анх гэр бүл зохиож байхад өвлийн улиралд миний ажил багасдаг, бараг л зогсчихно, орлого багатай байлаа. Эхнэр маань тухайн үед зөөгч хийдэг байсан. Цалингаа буунгуут намайг дагуулаад л кино үзэж, хоолонд орно, их болздог байсан. Сүүлд ярианаас нь сонсохнээ заримдаа ажлын газрын эгчээсээ мөнгө зээлээд намайг кинонд даадаг байсан юм билээ.

-Өөрсдийн гэсэн газар, байшинтай болсон талаар…

-Бид хоёр айлын хашаанд амьдарч байхдаа их өөриймсөг гоё цэвэрлээд л, аз жаргалтай сайхан амьдардаг байсан юм. Гэтэл удалгүй газрын эзэн “Газраа зарна, нүүгээрэй” гэсэн. Тэгээд айлын хашаанд амьдарвал нэг л өдөр гудамжинд гарах юм байна, яаж ийгээд өөрийн газартай л болъё гэж шийдээд газар хайсан, 2014 онд. Хайсаар байгаад Хайлаастад уулын орой дээр, жалганы цаана машинтай хүн очиж болохооргүй газар хатгалаа. Угаасаа бидэнд газар худалдаж авах мөнгө ч байгаагүй. Хатгасан газартаа бууриа засч гэрээ барьсан. Уулын оройд болохоор өвөлдөө хүйтэн шуурга их шуурдаг, өөрсдөө алхах зам ч гаргасан. Уулын бэлээс би хоёр гартаа хорин литрийн савтай ус, манай эхнэр нэг гартаа жижиг шуудай нүүрс, нөгөө гартаа хүнсний зүйлсээ бариад жавар сөрөөд л алхдаг байлаа. Шинэ газартаа төвхнөөд 2015 онд “амьжиргаа цагаан” машинтай боллоо. Охин минь ч гуравдугаар сарын 7-нд мэндэлсэн. Хүү, охин хоёртой манайх гэдэг айл ам бүл дөрвүүлээ болов. Би “амьжиргаа цагаан”-аараа өглөө бүр 06:00 цагт вагоны ачаа буухад очиж мод цуглуулна. Төрөл бүрийн мод цуглуулсаар байгаад 2016 онд байшингаа барьж эхэлсэн. 2017 оны хавар байшиндаа орсон. Зун нь долдугаар сарын 20-нд отгон хүү минь мэндэлж бид бөөн баяр. Ирэх намар нь ах дүү нараа урьж том хүүгийнхээ сэвлэгийг үргээн, байшиндаа найр хийсэн. Ингэж л бид өөрсдийн гэсэн газартай, байшинтай, гурван сайхан үртэй болсон. Бид хоёр айлын хашаанд байхдаа модон дээр харандаагаар хашаандаа ийм байшин барина, сагсны шийд энд нь босгоно гээд л зурж, дэрэн дороо хийгээд унтдаг байсан. Гэрээ нүүлгэхдээ цуглуулсан их модон дунд зурагтай модоо алга болгочихсон. Байшингаа барьж дуусчихаад үлдэгдэл модоо хурааж байтал доороос нь олсон. Тэр зурагтай мод бороонд нороод хөхөрч бүдгэрсэн байсан. Тэгсэн ч бид, хоёр жилийн өмнө зурсан хашаа, байшингаа бариад тохижуулчихсан байсан юм. Хүний бодол гэдэг маш хүчтэй юм билээ. Өөрийн гараар амьдралаа босгоод хэнээс ч хамааралгүй амьдарна гэдэг гоё. Хэн хэний маань аав, ээж бид хоёрт дэм болох боломжгүй. Өөрсдөө л бүгдийг босгосон.

-Таныг ажилдаа явсан хойгуур хүүхдүүд нь гэртээ байдаг уу?

-Тийм ээ, ихэнхдээ гэртээ гурвуулаа үлддэг. Одоогоор давтлаганд явуулж байгаа учир хүнээр харуулж байгаа. Өөрсдөө хоолоо хийнэ, талхаа барина, хувцсаа угаана, ээжийгээ асардаг байсан мундаг хүүхдүүд шүү дээ.

-Ажлынхаа хажуугаар хүүхдүүддээ яаж цаг зарцуулдаг вэ?

-Хүүхдүүддээ чанартай цаг зарцуулахыг их хичээдэг. Одоогоор маш бага цаг олдож байна, ковид ч их байна. Хааяа дөрвүүлээ гадуур гарч тоглоомын талбай, кофе шоп, ресторан, худалдааны төв ороод л явж өгнө. Охин минь эмч, бага хүү цагдаа, том хүү аав шигээ бизнесмэн болно гэж ярьдаг. Би бодит нөхцөл байдалдаа хараахан дасаагүй. Хүүхдүүдийнхээ боловсрол, эрүүл мэнд, хувцас сонгохоос эхлээд анхаарах, суралцах зүйл их байна.

-Таны амьдралын хамгийн сайхан мөч хэзээ байсан бэ?

-Аав болж байсан үе, ханийгаа баярлуулах, гэр бүлээрээ Хөвсгөл рүү аялах, ханьтайгаа хамтдаа амьдралын төлөө хичээх үеүд… Мэдээж хамгийн сайхан нь. Уучлаарай, би одоохондоо энэ асуултад хариулж чадахгүй юм байна. (нүдэнд нь нулимс цийлэгнэв)

-Ханийхаа өвчний оношийг сонсох үед танд юу бодогдсон бэ…

-Ерөөсөө л бүгдийг даван туулна, эдгээнэ, хань минь эрүүл болно гэдэгт бүрэн итгэж байсан. Маш их итгэлтэй байсан болохоор ч тэр үү, одоо би ямар нэг зүйлийг дутуу хийсэн юм шиг санагддаг. Ханьтайгаа 2017, 2018 онд сэхээний тасагт хоёр удаа салах ёс хийж байсан. Гараас нь атгаад “Миний хань тэсээд гараарай” гэж чихэнд нь шивнэхэд тэсээд л гараад ирдэг байлаа. Эмч “Ямар ч найдваргүй” гэж хэлснээс зөв хандлагатай байвал нийгэм илүү эерэг болох боломжтой. Болохгүй, бүтэхгүйг нь тоочвол дуусахгүй. Юу хийж бүтээмээр, сурмаар, болгомоор байна түүнийхээ төлөө явбал бүх зүйл өөрөөр харагдана. Гомдоллож, архи ууж, мөрийтэй тоглоод мөнгө хожчих юм сан, койноор мөнгө олчихно гээд гэдсээ илээд хэвтвэл хэн ч алдана.

Чадаж байгаа боловсролтой залуус олон байна л даа. Гэхдээ тэд бол номыг нь сурчихсан хүмүүс. Өмнөх ажлаа хийж чадахгүй залхуучууд мэдэхгүй зүйл рүүгээ орвол өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлд оруулна. Нийгмийн бүтэц хүн бүрийн амьдралд хандах хандлагаас л шалтгаална гэж боддог. Миний хувьд буруутгах зүйл байхгүй, хичээгээд л амьдрах хэрэгтэй. Ямар ч зүйлийг хийе гэсэн хүн аргаа олдог.

-Хүн бүрийн амьдралын өнгө өөр. Та өөрийнхөө амьдралыг ямар өнгөөр зүйрлэх вэ?

-Би амьдралаа алтан шаргал нарны өнгөөр зүйрлэдэг. Би өөрөө сайхан зүйл бодож, хичээж чадвал бүх зүйл сайхан байх болно.

-Шинэ он гараад удаагүй байна, энэ оны хамгийн чухал зорилго юу вэ?

-Ажлын байрны зээлээ дуусгах, боломж бүрдүүлж олон сайхан залуусыг ажлын байраар хангах л зорилготой байна даа.

А.ГАНТУЯА

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

ДУНДГОВЬ АЙМАГ: Бөөрний хагалгааг анх удаа амжилттай хийлээ

Г.Тувааны нэрэмжит Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт энэ сарын 10-ны өдөр бөөрний хагалгааг амжилттай хийжээ. Бөөрний уйланхай хавдарт шилжсэн байдлыг оношилж, бөөр авах мэс заслыг орон нутагт анх удаа амжилттай хийж гүйцэтгэсэн нь энэ юм. Тус эмнэлэгийн Мэс заслын эмч Т.Шинэбаяр, Э.Энхзоригт, Мэдээгүйжүүлэгийн эмч Б.Түвшинтөгс, мэс заслын сувилагч Ц.Батболор, Б.Ганцэцэг, мэдээгүйжүүлэгийн сувилагч Н.Мөнхсүрэн, үйлчлэгч Л.Мөнхцэцэг нар хагалгааны багт ажилласан байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ: Дулааны станцын зуух буудаж, хагарчээ

Баян-Өлгий аймагт Дулааны станцын зуух бууджээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан 4 дүгээр багт аймгийн Дулааны станцын зуух буудсан гэсэн дуудлагыг 01.18-ны өдрийн 19:06 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 19:08 цагт очиход “ЭРЧИМ БАЯН-ӨЛГИЙ” ХХК-ийн дулааны станцын 4 зуухны нийлбэр халуун ус гарах хэсгийн гол шугам /П530/ буудаж, хагарсан байсныг шалгаж зөвлөгөө өгч ажилласан.

Баян-Өлгий аймгийн “А” бүсийн нийт хэрэглэгчийн 98 хувийг дулаанаар хангадаг. Аймгийн дулаан 01.18-ны өдрийн 19:06 цагт зогссон, гагнуур болон засвар үйлчилгээг хийж гэмтлийг бүрэн засварлаж дуусган мөн өдрийн 22:29 цагт дулаан түгээж эхэлжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Төв аймгийн аварга малчин, тариаланчид тодорлоо

Төв аймгийн аварга малчин, тариаланчид тодорлоо


Аймгийн “Хошой аварга малчин”

1.Алтанбулаг сумын малчин Батжаргалын Баттөмөр
2.Баян сумын малчин Цэенбальдарын Доржпүрэв
3.Баян-Өнжүүл сумын малчин Галбадрахын Батчулуун
4.Угтаалцайдам сумын малчин Даваасамбуугийн Галт
5.Баянцогт сумын малчин Чулуунбатын Даваасүрэн
Аймгийн “Аварга малчин”
1.Алтанбулаг.сумын малчин Агваарцэрэнгийн Отгонжаргал
2.Алтанбулаг сумын малчин Сүнрэвийн Наранбат
3.Алтанбулаг сумын малчин Динамын Баярсайхан
4. Алтанбулаг сумын малчин Доржийн Болдбаатар
5.Аргалант сумын малчин Лхамын Амартүвшин
6.Батсүмбэр сумын малчин Бямбажавын Буянжаргал
7.Баян сумын малчин Дашзэгвийн Бямбасүрэн
8.Баян сумын малчин Цэндсүрэнгийн Цэрэндорж
9.Баянжаргалан сумын малчин Дашдоржийн Гантулга
10.Баянжаргалан сумын малчин Должинсүрэнгийн Батжаргал
11.Баянжаргалан сумын малчин Бат-Очирын Батчулуун
12.Баянжаргалан сумын малчин Жамъяншаравын Лхагважаргал
13.Баян-Өнжүүл сумын малчин Цэрэнсодномын Ургамал
14.Баян-Өнжүүл сумын малчин Дашзэгвийн Лхагвабямба
15.Баян-Өнжүүл сумын малчин Санжаажамцын Ган-Очир
16.Баян-Өнжүүл сумын малчин Агваандугарын Баатарцогт
17.Баян-Өнжүүл сумын малчин Пүрэвийн Энхболд
18.Баянхангай сумын малчин Доржпүрэвийн Баттулга
19.Баянхангай сумын малчин Норовсамбуугийн Гэндэнжав
20.Баянцагаан сумын малчин Бямбын Баатарцогт
21.Баянцагаан сумын малчин Доржсүрэнгийн Үнэнбаатар
22.Баянцагаан сумын малчин Цэвэгмидийн Баярсайхан
23.Баянцагаан сумын малчин Дашзэгвийн Нанжид
24.Баянцагаан сумын малчин Хишигсүрэнгийн Мөнх-Эрдэнэ
25.Баяндэлгэр сумын малчин Нацагын Энхтүвшин
26. Баяндэлгэр сумын малчин Бадамын Энхмагнай
27.Баянцогт сумын малчин Мөнхжаргалын Дэмбэрэлцогт
28.Баянчандмань сумын малчин Агваанцэрэнгийн Мөнхөө
29.Борнуур сумын малчин Маамуухүүгийн Нямдаваа
30.Борнуур сумын малчин Хүрэлийн Галхүү
31.Бүрэн сумын малчин Жамбаацэрэнгийн Идэрмөнх
32.Бүрэн сумын малчин Сумъяагийн Даюаадорж
33.Бүрэн сумын малчин Лувсандагвын Нандин-Эрдэнэ
34.Бүрэн сумын малчин Санжаажавын Содномпил
35.Бүрэн сумын малчин Дашбалдангийн Төрмөнх
36.Дэлгэрхаан сумын малчин Чулууны Нэргүй
37.Дэлгэрхаан сумын малчин Лувсанжавын Монголхүү
38.Дэлгэрхаан сумын малчин Рааданбүдийн Жаргалсайхан
39.Жаргалант сумын малчин Магсарын Банзрагч
40.Жаргалант сумын малчин Жумдайн Чулуун
41.Заамар сумын малчин Чулуунбаатарын Баяндалай
42. Заамар сумын малчин Тогтоолын Гүндсамбуу
43.Лүн сумын малчин Базарсадын Мөнхзаяа
44.Лүн сумын малчин Найданжавын Базаррагчаа
45.Лүн сумын малчин Мөнхбаярын Энхбаатар
46.Лүн сумын малчин Мэндбаярын Мөнхбаяр
47.Мөнгөнморьт сумын малчин Базарын Эрэндаваа
48. Мөнгөнморьт сумын малчин Гунгармаагын Чинзориг
49.Өндөрширээт сумын малчин Базарвааны Энхбаяр
50.Өндөрширээт сумын малчин Сандагдоржийн Банзрагч
51.Сүмбэр сумын малчин Ганбаатарын Хөхчулуун
52.Сэргэлэн сумын малчин Чимэддоржийн Лувсанбалдан
53.Сэргэлэн сумын малчин Балбарын Ганбаатар
54.Сэргэлэн сумын малчин Гомбын Отгонжаргал
55. Сэргэлэн сумын малчин Дашдондогийн Цэрэндондог
56.Угтаалцайдам сумын малчин Сэвжидхорлоогийн Атарбаяр
57.Угтаалцайдам сумын малчин Халтарын Болдбаатар
58.Угтаалцайдам сумын малчин Аюурзаны Энхбаатар
59.Цээл сумын малчин Катовын Бүдрагчаа
60.Цээл сумын малчин Даваасамбуугийн Түмэнбаяр
61.Эрдэнэ сумын малчин Далилхааны Мурат
62.Эрдэнэ сумын малчин Александрын Баяржавхлан
63.Эрдэнэсант сумын малчин Чагнаабадамын Чулуунбаатар
64. Эрдэнэсант сумын малчин Балдандоржийн Хүрэлбаатар
65.Эрдэнэсант сумын малчин Дорждагвын Амартүвшин
66.Эрдэнэсант сумын малчин Төмөрбатын Өнөржаргал
67.Эрдэнэсант сумын малчин Шанзавын Ерөөлт
68.Эрдэнэсант сумын малчин Маньбазарын Эрхэмбаяр
69.Зуунмод сумын малчин Логширийн Цэдэнсодном
“Ж.Самбуугийн нэрэмжит, аймгийн залуу аварга малчин”
1.Алтанбулаг сумын малчин Түмэнцогтын Энхболд
2.Баянжаргалан сумын малчин Баасансүрэнгийн Баярсайхан
3.Баян-Өнжүүл сумын малчин Цэрэнпилийн Төгөлдөр
4.Баянхангай сумын малчин Төөмөөгийн Батсуурь
5.Баянцагаан сумын малчин Алтангэрэлийн Хатанбаатар
6.Баянцогт сумын малчин Дагшаабүрдийн Дамдинсүрэн
7.Баянчандмань сумын малчин Баатарцогтын Насанбат
8.Борнуур сумын малчин Лхагвасүрэнгийн Ганхуяг
9. Бүрэн сумын малчин Эрдэнэбатын Мөнхнасан
10.Баяндэлгэр сумын малчин Бат-Эрдэний Ням-Очир
11.Лүн сумын малчин Баасанжавын Батгэрэл
12.Мөнгөнморьт сумын малчин Энхболдын Болорбат
13.Өндөрширээт сумын малчин Дашчирэвийн Өлзийбаяр
14.Сэргэлэн сумын малчин Лувсандоржийн Баттүвшин
15.Цээл сумын малчин Монхоодойгийн Цэвэн-Ойдов
16.Заамар сумын малчин Баттунгалагийн Цогбаатар
17.Эрдэнэ сумын малчин Нэргүйн Баянбаатар
18.Эрдэнэсант сумын малчин Бархасдоржийн Эрдэнэпүрэв
19.Эрдэнэсант сумын малчин Баярсайханы Төмөрбаатар
20.Дэлгэрхаан сумын малчин Мөнхжаргалын Сундуй
“Аймгийн алтан төлийн эзэн”
1.Бүрэн сумын малчин малчин Зэсэмийн Пүрэвсүрэн -”Алтан ботго”-ы эзэн
2.Өндөрширээт сумын малчин Цэдэнгийн Дагвацэрэн –“Алтан ботго”-ы эзэн
3.Баян-Өнжүүл сумын малчин Сосорбурамын Одхүү- “Алтан унага”-ы эзэн
4.Алтанбулаг сумын малчин Мөнх-Очирын Очирбямба –“Алтан унага”-ы эзэн
5.Эрдэнэ сумын малчин Ганбаатарын Батбаяр- “Алтан тугал”-ын эзэн
6.Алтанбулаг сумын малчин Оргойн Хишигдэлгэр – “Алтан тугал”-ын эзэн
7.Эрдэнэсант сумын малчин Лхагвын Ганболд- “Алтан хурга”-ы эзэн
8.Бүрэн сумын малчин Рагчаагийн Төмөр-Очир –“Алтан хурга”-ы эзэн
9. Баяндэлгэр сумын малчин Санжаажавын Зул – “Алтан ишиг”-ний эзэн
10.Бүрэн сумын малчин Хэнчбишийн Пунцагбалжир “Алтан ишиг”-ний эзэн
“Аймгийн аварга фермер”:
1.Батсүмбэр сумын фермер Базаррагчаагийн Түмэндүвжид
2.Борнуур сумын фермер Төмөрчөдөрийн Энхтөр
3.Баянчандмань сумын фермер Дэчинлхүндэвийн Мөнхбат
“Аймгийн аварга саальчин”
1. Алтанбулаг сумын саальчин Сосорбурамын Баярмаа
2. Эрдэнэ сумын саальчин Уламбаярын Цэнгэлмаа
3. Баян сумын саальчин Ойровдоржийн Алтанчимэг
4. Мөнгөнморьт сумын саальчин Цэрэнпилийн Таня
5. Лүн сумын саальчин Чоймболын Анхтуяа
“Аймгийн аварга хадланч”:
1. Угтаалцайдам сумын хадланч Дамдингийн Сундуй
2. Лүн сумын хадланч Бадамгаравын Мөнхжаргал
3. Цээл сумын хадланч Түмэнбаатарын Энхбаатар
4. Аргалант сумын хадланч Вангүрийн Нямжаргал
5. Заамар сумын хадланч Сундуйн Лхагвадорж
Аймгийн аварга тариаланч хамт олон
1. Баянцогт сумын “Замбативийн шим” ХХК
2. Угтаалцайдам сумын “Нүдэн булаг” ХХК
3. Эрдэнэсант сумын “Их биндэр ургац” ХХК
4. Архуст сумын “Баянцогт инвест” ХХК
5. Батсүмбэр сумын “Агро-Альфа” ХХК
Аймгийн аварга тариаланч иргэн
1. Цээл сум “Цээлийн хур” ХХК Цагааны Нэргүй
2. Угтаалцайдам сум “Ургац-Өөд” ХХК Лувсаншаравын Лхагвасүрэн
3. Баянцогт сумын механикжуулагч Чүлтэмийн Агваанпэрэнлэй
4. Сүмбэр сумын механикжуулагч Пүрэвийн Дашням
5. Аргалант сум тариаланч Содномдаржаагийн Лхагвасүрэн
6. Жаргалант сум тариаланч Чулуунбатын Дэлгэрсайхан
7. Батсүмбэр сум тариаланч Цэнддоогийн Цэнгэл
8. Борнуур сум ногоочин Сандуйжавын Түмэндэмбэрэл
9. Баянчандмань сум ногоочин Жамбалжавын Ганбат
Хөдөлмөрийн баатар Цэрэндашийн Цэрэн-Очирын нэрэмжит
Аймгийн залуу аварга тариаланч
1. Аргалант сумын Самбуугийн Ууганбаяр.
2. Архуст сумын Жаргалсайханы Баяржавхлан
3. Баянчандмань сумын Ганбаатарын Жадамба
4. Батсүмбэр сумын Цагаачийн Баасанбаяр
5. Батсүмбэр сумын Поливит ХХК-ний агрономич Гэрлээгийн .Дэлгэрсуурь
6. Баянцогт сумын Эрдэнээгийн Оюунбат
7. Баянцогт сумын Өлзийсайханы Ариунболд
8. Борнуур сумын Цэрэнбадрахын Пүрэвжаргал
9. Жаргалант сумын Доржсүрэнгийн Лхагватөмөр
10. Жаргалант сумын Энхтүвшингийн Гэрэлт-Од
11. Угтаалцайдам сумын Хоролсүрэнгийн Анхбаяр
12. Угтаалцайдам сумын Баатаржавын Батбаатар
13. Эрдэнэсант сумын Базарвааны Мөнхзул
14. Эрдэнэсант сумын Жаргалсайханы Баттулга
15. Цээл сумын Дашбалын Баяртсайхан нар тус тус шалгарсан байна.
Categories
амьдралын-өнгө мэдээ

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ: Энэ онд Бат-Өлзий, Хужирт сумыг хатуу хучилттай замаар холбоно

Улсын чанартай авто зам дагуух сумдыг хатуу хучилттай авто замаар холбох ажлыг эхлүүлэхээр аймгийн бодлогын баримт бичгүүдэд тусгасан.

Энэ хүрээнд Өвөрхангай Есөнзүйл, Хайрхандулаан сумыг хатуу хучилттай авто замаар холбох зураг төсвийг 90 хувь, “Арвайхээр-Хужирт-Бат-Өлзий”, “Чойр-Мандалговь-Арвайхээр” авто замуудыг шинээр барих зураг төсвийг 65 хувийн гүйцэтгэлтэй хийж байна.

2022 оны улсын төсөвт Бат-Өлзий, Хужирт сумыг холбох 49 км хатуу хучилттай автозамыг барихаар 51.6 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгажээ.

Цаашид Бүрд, Өлзийт, Зүүнбаян-Улаан, Тарагт сумыг хатуу хучилттай авто замаар холбох, “Арвайхээр-Хужирт-Бат-Өлзий”, “Хужирт-Төвхөн хийд-Улаан цутгалан”, “Арвайхээр-Баянгол-Сайхан Овоо-Цогт овоо”, “Арвайхээр-Гурван тэс-Шивээхүрэн”, “Чойр-Мандалговь-Арвайхээр”-ийг холбосон авто замыг 2024 он хүртэлх хугацаанд барихаар төлөвлөжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Дорноговь аймаг олон нийтийг хамарсан арга хэмжээг тодорхойгүй хугацаагаар хязгаарлав

“Covid-19” халдварын батлагдсан тохиолдлын тоо эрс нэмэгдэж, орон нутагт халдвар тархах эрсдэл өндөр байгаатай холбогдуулан зарим аймгууд цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх, олон нийтийн үйл ажиллагааг хязгаарлах шийдвэр гаргаж буй.

Цар тахлын дараагийн давалгаа гарч, халдвар авсан иргэдийн тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор Дорноговь аймгийн Онцгой комисс хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа.

Үүнд, нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан соёл урлаг, биеийн тамир, үзвэр үйлчилгээ, хурал зөвлөгөөн, үзэсгэлэн худалдаа, цайллага, хүлээн авалтын арга хэмжээг тодорхойгүй хугацаагаар хязгаарлалаа.

Өнөөдрийн байдлаар Увс, Завхан, Орхон, Дархан-Уул, Ховд, Баянхонгор, Дорнод зэрэг аймгууд цагаан сарыг тэмдэглэхгүй байх чиглэл өгч, иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах шийдвэр гаргажээ.