Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Ардын дуугаараа овоглосон Л.Чулуунчимэг гавьяатынх

ААВ, ЭЭЖ НЬ ЭХ БАРИГЧ ЭМЧ НАР БАЙЖЭЭ

Олон түмнээ “Эрдэнэтийн, ардын дууны” хэмээн алдаршсан Монгол Улсын гавьяат жүжигчин Лувсандагвын Чулуунчимэгийнд өнжлөө. Американ дэнж хотхон буюу “Сэлэнгэ” зочид буудлын архан талд орших гэртээ тэр биднийг хүлээн авсан юм. Цай цүй болох зуур “Та манай Баянхонгор аймгийн Заг, Жаргалант суманд цагаан морин жил ардын уран зохиолч Тангадын Галсан, ардын жүжигчин Гонгорын Хайдав гуай нартай очиж тоглолт хийж байсан даа” хэмээвэл “Хамаг залуу насаа тэнэж л өнгөрөөлөө дөө” гэж инээмсэглэн өгүүлж байна. Булган аймгийн Халиун сумын хоёрдугаар баг буюу одоогийн Орхон сумын уугуул тэрээр айлын хоёр дахь охин аж. Аав Лувсандагва, ээж Жавзан хоёр нь хоёул эх баригч бага эмч мэргэжилтэй хүмүүс байж. Гавьяатыг гурван ойтой байхад тэднийх Улаанбаатар хот руу шилжин ирж, аав ээж хоёр нь хүнсний тавьдугаар дэлгүүрт махны худалдагчаар ажилд орцгоосон байна. Тухайн үед хонины нэг килограмм мах долоон төгрөг тавин мөнгөний үнэтэй. Худалдан авагч гурван төгрөг өгч мах авахад ээж нь жигнэж, боодлын бор цаасанд боож өгчихөөд нөгөө хүн нь махаа хараад зогсчиход өрөвдөөд уйлчихдаг байсан байна. Хөдөө махыг тэгж бага жингээр зардаггүй байсан болохоор хар ухаандаа хотынхныг өрөвддөг байж л дээ. 

                          ЭРГЭЖ ИРСЭН ААВЫГАА ДАГААД ГАНИЙЖЭЭ

Ийн нийслэл хотод аж төрцгөөж байтал Эрдэнэтийн уурхайн бүтээн байгуулалтын ажил ид өрнөж, Булганы Хан¬гал, Халиун сумын нутагт уулын баяжуулах үйлдвэр байгуулагджээ. Эцэг өвгөдөөс улам¬жилж ирсэн төрсөн нутаг­таа б­айгуулагдаж байгаа Эр­дэнэтийн үйлдвэрт аав, ээж нь илгээлтээр очиж ажиллах үед Чулуунчимэг охин наймдугаар ангийн сурагч байв. Нийслэлийн 46 дугаар сургуулийн улсын тэр­гүүний бүлгийн охин тэрээр аав ээжээсээ зөрж, ангидаа үлдэнэ хэмээн нулимс унаган гуйсан гэж байгаа. Ангийн багш Жагдал нь хүүхдийн сэтгэлийг ч бодсон уу “Намар хичээл эхлэхээр багшийндаа бай даа”  гэж. Ингээд Чулуунчимэг намар нь ангийнхаа багшийнд амьдрах болов.

Монгол
Улсын гавьяат жүжигчин цолоор шагнуулав. 1996 он

ЭРДЭНЭТИЙН СОЁЛЫН ОРДОНД ДАГАЛДАН ЖҮЖИГЧИН БОЛСОН НЬ

Гэвч, Чулуунчимэг “Би яадаг ч байсан насаараа ганц ширээ тойрдог ажил хийхгүй. Сургуулиа хаяна” гэхэд найзууд нь үнэмшдэггүй байж. Тухайн үед сахилга бат тааруутай юм уу, жирэмсэн охид л жилийн чөлөө авдаг байсан ч тэрээр дургүй сургуулиасаа чөлөө аваад гэртээ очиж, аав ээждээ гэрийнх нь ажилд туслалцах болов. Наймдугаар анги хамт төгссөн Оюунчимэг гэдэг охин Эрдэнэт хотын Соёлын ордонд бүжигчин болсон байв. Тэр нэг өдөр таарч “Чи Соёлын ордонд дуучнаар шалгуулаач” гэж л дээ. Аав нь ч үүнийг дэмжиж “Миний охин дуучин болчих” гэж хэлж. Соёлын ордонд очоод шалгууллаа. Тайз нь одоо бодоход жигтэйхэн том санагдаад, сүртэйхэн байж. Богд хааны дүрийг бүтээсэн ардын жүжиг­чин Нямын Цэгмид гуай Соёлын ордны дарга. Дууриар Болгарт сургууль төгссөн “болгар” Самбуу, Н.Цэгмид жүжигчин хоёр шалгал¬тын комисс. Тухайн үеийн залуусын дуулдаг ганц хоёр дуу дуултал, ангийнх нь нөгөө бүжигчин охин “Багш аа, наадах чинь уртын дуу дуулдаг юм” гэж алтан хошуу өргөж дээ. Ардын дуу “Жаахан шарга”-ыг тал хагас дуултал Н.Цэгмид жүжигчин “Хоолой чинь өвддөг үү” гэж асууж. “Өвддөг” гэвэл “Хоолой нь өвддөг хүн дуучин болдоггүй” гэж буцаажээ. Хаврын өдөр замын хажуугаар гэр өөдөө нулимстай алхаж явахад уурхайн тэрэгний жолооч нар их л гайхаж байсныг тэр өнөөдөр дурсаж байна.

Гэвч, түүнд урлагаар амьдрах хувь заяаны харгуй цаанаасаа л заяасан байжээ. Ээж нь нэг өдөр “Соёлын ордонд өлгүүрчин авна гэж байна. 

Гэр бүлийн
хамт

 Би Цэрэнбатаа даргатай ярьчихлаа” гэсээр ирж. Яваад очвол “Өлгүүрчин биш бичээч хэрэгтэй дээ хө” гэж. Бичгийн машин ч үзээгүй охин ингэж Нямын багшийнхаа нарийн бичгийн даргаар, нэгэн өрөөнд суух болжээ. Н.Цэгмид даргыг гараад явсан хойгуур бичгийн машины үсгүүдийг цохиж, хурлын тайлан энэ тэр шивсээр бас ч дөртэй болоод авав. Бичээчээр ажил¬лаж байгаад жирэмсний амралттай хүний оронд сарын 250 төгрөгийн цалинтай дагал­дан жүжигчнээр ажилд ороод авав. “Орчлонд ийм туранхай хүн бас байдаг аа” гэж гайхаж байсан бүжиг­чин Цэрэннадмэд гэдэг бүсгүйтэй нэг өдөр дагалдан жүжигчин болж хожим хоёул гавьяатын тэмдгээр энгэрээ мялаасандаа өнөө ч талархаж явдаг аж. Дагалдан жүжигчнээр бүтэн зургаан жил ажиллаад мэргэжлийн шал­галтаа хөгжмийн зохиолч Н.Жанцанноровт өгч, жүжигчний үнэмлэхээ гардан авчээ. Гавьяаттай ийн хуучлах зуур тэрээр гэрийнхээ төгөлдөр хуур дээр дууныхаа ноотнуудыг цэгцлэн, завсар зайгаар нь жимсний цай хандлан барьж байна. 

ЭМЭЭГИЙНХ НЬ АХ ХАНД ВАНГИЙН ДУУЧ БАЙЖЭЭ

Зургийн цомог, ардын дууны цомгуудаа сонирхуулж, номын сангаа үзүүлэв. Ардын богино дууны өчнөөн олон номтой юм. Ингэж тэр Эрдэнэтийн чуулгад хорин дөрвөн жил ажиллахдаа ардын дуунаас гадна “Эрдэнэтийн цагаан шөнө” зэрэг нийтийн дуунууд дуулж, драмын жүжигт тоглож жүжигчин хүний хийх ёстой бүхий л ажлыг гүйцээсэн гэдэг. Тэр үедээ шанз бариад хөгжим тоглочихдог байсан гэдэг. Эрдэнэтээс хот руу шилжин ирж Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгад 2002 оноос ажиллан олон сайхан нөхөдтэй болж, одоогоос дөрөв таван жилийн өмнөөс СУИС-ийн ардын богино дууны ангийн багшаар ажиллах болсон байна. Л.Чулуунчимэг ардын дуу дуулах арга барилыг аав, ээж, эмээгээсээ өвлөн авсан аж. Түүний удамд эмээгийнх нь ах Ханддорж Чин вангийн дууч Очир хэмээх мундаг дуучин байж. Энэ Очир ахынх нь төрсөн дүү Дарьсүрэн хэмээх мундаг уран үйлч бас байж. Тиймээс тэрээр дуулах авьяас, үйл мэтгэх хоёрыг удмаасаа өвлөж авсан гэж бахархах дуртай юм. Өөрийнхөө тоглолт тайзны хувцас хунарыг өөрөө л эсгэн урлачихдгаа тэрээр бидэнд сонирхуулсан. 1988 онд зохиогдсон ардын богино дуу дуулаачдын анхдугаар уралдаанд тэрээр эмээ, ээжийнхээ дуулдаг дуунаас арван хоёрыг Соёлын ордны Лхамжавынхаа хамт бэлдэн ирж оролцож байснаа бахархалтайгаар дурдав. Ер нь энэ уралдаан Ш.Чимэдцэеэ, Гэрэлмаа, Үенч, Даваахүү, Увсын Загиржав, Эрдэнэцэцэг, Хэнтийн Даваажав, Эрдэнэтийн Чулуунчимэг гэсэн сайхан дуучдыг нээж, ард түмний танил болгож өгсөн байна. 

ХАЙРТАЙ АЧИЙНХАА ӨӨЖИНГ ЗАСАН СУУНА

Чулуунчимэг гавьяатыг ийн хуучилж суутал утасных нь хонх жингэнэв. Ууган хүү Болд-Эрдэнэ нь Говь-Алтайгаас ирж явахдаа Өвөрхангайгаас ээжтэйгээ ярьсан нь энэ аж. Хүү нь Орхон сумандаа аж төрдөг, гавьяатын хошигносноор “мэргэшсэн малчин” гэнэ. Гэргий нь харин Эрдэнэтэд цэцэрлэгийн арга зүйчээр ажилладаг. Эднийх хоёр хүүхэдтэй гэж байгаа. Удаахь охин Нандинлхам эрх зүйч мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн Бүртгэлийн газарт ажиллаж байгаа. Хүргэн нь хуульч. Отгон хүү Ниндэвдэмбэрэл гэмтлийн мэс заслын эмч бол бэр нь шүдний эмч юм байна. Хүүгийнх нь нэрийг хэлмэгдлийн үед арван жил шоронд суусан түвд номд нэвтэрхий гавьж өвөө нь өгсөн аж. Тэрээр одоо хүү, бэр, ач охиныхоо хамт амьдардаг ч хайртай үрс нь зусландаа байгаа болохоор биднийг очиход ач охин Сүндарийнхаа бяцхан өөжин орыг өхөөрдөн зассан шигээ суусан. 1996 онд Эрдэнэтийн чуулгад ажиллаж байхад Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнасан тухай анх утсаар сонсоод өрөөндөө ороод хаалгаа түгжээд суучихсан гэдэг. Ингээд наадмаар Ерөнхийлөгч П.Очирбат гуайгаас шагналаа авч байж. Яагаад тэгж хаалгаа түгжин нуугдсаны учрыг асуухад “Нэгд, ичээд, хоёрт, одоо яанаа, цаашид юу хийнээ л гэж бодогддог юм билээ” гэж тэр хариулсан. Чулуунчимэг гавьяат “Сэрвэгэр хадны зэрэглээ”, “Ханд вангийн бүсгүй”, “Хатан аялгуу” болон ардын сайхан дуунуудаар овоглосон арав гаруй тайлан тоглолтыг ард түмэндээ өргөн барьсан дуучин. Түүний “Монгол ардын богино дуу”, “Дуундаа жаргах тавилан” зэрэг цомгууд гарсан даруйдаа л түмний түгээл болон одоо өөрт нь ч олдохоо байжээ. “Ардын богино дууны дагалтат түүвэр” ном нь ч нүдний гэм болж.

НУТГИЙН АХЫНХАА БҮТЭЭЛИЙГ ШИРЭЭНИЙ НОМ БОЛГОЖЭЭ

“Дулаанхан цэнхэр орчлонд гэгэлгэн эгшиг дутвал

 Дуундаа жаргасан тавилан минь бүтэн болгож бүүвэйлдэг ээ” гэж дуун цомогтоо гарын үсгээ зурж бэлэглэсэн тэрээр бас шаггүй шүлэгч гэдгээ ч нуусангүй. Гэхдээ тэр шүлгийнхээ дэвтрийг олсонгүй гэдэг хөөрхөн шалтаг тоочихоо бас мартсангүй. Гавьяатын элэнц хуланц нь Галбын говиос гаралтай хүмүүс байсан гэнэ. Тэрээр ханан дахь гэр бүлийнхээ зургийг харж байгаад “Манайд шинээр олон хүн нэмэгдсээн. Тиймээс Сансарын зурагчин орж шинээр гэр бүлийн зураг авахуулахаар хүүхдүүдтэйгээ тохирсон. Маргааш бөөгнөрч аваад зургаа авахуулцгаана даа” гэж байсан. Ардын дуугаараа овоглосон гавьяат маань бурхан шүтээндээ дэндүү сүсэгтэй нэгэн юм билээ. Тэрээр 25 дугаар суваг телевизээс зохион байгуулсан наадмын “Ардын богино дууны шилдэг дуулаач” өргөмжлөлөө хүндтэй газар байрлуулсан харагдана. Нутгийн ах, эрдэмтэн Жигжидийн Болдбаатар академичийн саяхан бэлэглэсэн “Монгол түмний сод хүмүүс” цуврал ботийн яруу найрагч, яруу тайлбарлагч нарын дөрөв, тавдугаар ботийг ширээний ном болгон талбиж.  

Л.БАТЦЭНГЭЛ        

Categories
мэдээ цаг-үе

Цуцлагдсан 106 лицензийн сонгон шалгаруулалт дээрэм болж магадгүй нь

Ам.доллар 1900 болоход тун ойрхон байна. Өчигдөр үдийн гурван цагт  “Найман шарга” дээр очиход  нэг ам.долларыг 1874 төгрөгөөр зарж байна лээ. Хөрөнгө оруулалтын орчноо сайжруулвал л долларын ханшийг хазаарлаж чадна гэхээс өөр үг шинжээчдэд алга. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж байж, зогсчихоод байгаа уул уурхайн салбараа хөдөлгөж байж долларын галзуурал намжина гэдгийг төв банкныхан ил шулуун хэлчихсэн. Яг энэ үед гадны хөрөнгө оруулалттай холбоотой нэг том ажил эхлэх гэж байна. Энэ ажил шийдлээ олбол уул уурхайн салбарт таг зогсчихоод байгаа нэлээд хэдэн төсөл хэрэгжиж эхлэх юм. Засгийн хувьд шийдвэрээ гаргачихсан. Одоо яам, АМГ-ынхан зохион байгуулалтынх нь ажлыг хийж байгаа. Зохион байгуулалтан дээр нь хэлэх үг, нэмэрлэх санаа бас байна. 

106 лицензийн асуудал гэхээр уншигчид андахгүй. Гадна, дотны бизнес эрхлэгчдийн ном журмынх нь дагуу авсан лицензийг төрөөс булааж авсан нь гадаадын хөрөнгө оруулалт татрах бас нэг шалтгаан болсон гэж эдийн засагчид онцолдог. Төр нь өгсөн лицензээ буцааж авсан нь Монголд мөнгөө хийх гэж байсан гадаадын хөрөнгө оруулагчдыг эргэлзэхэд хүргэснийг шинжээчид үгүйсгэдэггүй.  АМГ-ын даргаар ажиллаж байсан Д.Батхуягийг авлигын хэрэгт буруутгах үед шүүхээс ийм шийдвэр гаргасан юм. Төрийн нэг албан хаагчийн авлигын хэргээс болж өчнөөн бизнес эрхлэгчийн лицензийг хураасан гэсэн үг. Засгийн газар лиценз авч багагүй хөрөнгийг хайгуулын зардал болгож газарт булсан хөрөнгө оруулагчдын зовлонг  ойлгож, “Хураалгасан лицензээ сонгон шалгаруулалтаар авч болно, та нарт илүү боломж олгоно” гэж амлаад тусгай журам гаргаад буй. Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам гэсэн урт нэртэй.  

Засгийн газраас гаргасан журамд “Сонгон шалгаруулалт явуулах талбай тус бүр дээр өмнө нь хийгдсэн геологи хайгуулын ажил, бусад зардлыг баримтад үндэслэн сонгон шалгаруулалтын босго үнийг тогтооно…” гэсэн заалт бий. Гэтэл АМГ-ынхан компаниудад хүргүүлсэн мэдэгдэлдээ “Геологи, хайгуулын зардлын баримтад үндэслэн сонгон шалгаруулалтын босго үнийг тогтооно” гэж явуулжээ. Засгийн газраас гаргасан журмын бусад зардал гэсэн үгийг АМГ компаниудад хүргүүлсэн мэдэгдэлдээ хасчээ. Хайгуулаас бусад зардлыг нь тооцохгүй гэсэн үг. Компаниудын хувьд  тус газарт хайгуулын болон бусад зардлаа баримтаар баталгаажуулаад өгч байгаа юм билээ. 

Өөр нэг асуудал нь лицензийн тоо. Засгийн газраас гаргасан журамд хүртэл 106 гэж заачихсан лицензийн тоо одоо 62 болчихсон явж байгаа гэнэ. АМГ эхлээд 88 хүртэл нь танажээ. Ингэж танасан нь бол учиртай юм байна. Урт нэртэй хуулиар давхацсан, төлбөрөө төлөөгүй цуцлагдсан гэх мэт зайлшгүй шалтгаан байгаа аж. Дараа нь давхцалтай гэж хассаар байгаад 72 болгожээ. Тусгай зөвшөөрөл эзэмшигчид АМГ-ынхны даалгаснаар хайгуулын зардлаа баримтаар баталгаажуулаад очтол ахиад арван компанийг жагсаалтаас хассаныг мэджээ. 106 лиценз танагдсаар байгаад 62  болсон гэсэн үг. Лиценз аваад хайгуул энэ тэрд мөнгөө зарчихсан компаниуд яагаад нэр нь хасагдсанаа асуухад  “Улсын төсвийн хөрөнгөөр нэмэлт хайгуул хийж, үнэ цэнийг нь дээшлүүлэх зорилгоор тусгай хэрэгцээнд авч байгаа юм” гэсэн хариу сонсчээ. Яамны удирдах хүмүүсээс энэ талаар тодруулахад “Тэгж багасгаж танасан шийдвэр гараагүй” гэсэн хариу хэлж. Засгийн газрын гаргасан журам доод  шатандаа нэг иймэрхүү дүр төрхтэйгөөр хэрэгжиж, лицензээ хураалгасан  компаниудыг гайхашруулж байна. Зарим лиценз эзэмшигчид “АМГ-ынхан зарим хүмүүст 88 лицензийн жагсаалтыг харуулаад эднээс алийг нь сонирхож байна гэж асуугаад эхэлсэн талаар ч чих дэлсэх боллоо. Зарим лицензийг тендерт оролцуулахгүй жагсаалтаас хасчихаад дараа нь хувааж авах гэсэн юм болов уу. Төрийн байгууллага ийм маягаар дахин хуваарилалт хийх гэж байгаа юм биш биз. Хэрвээ ингэвэл хууль номын дагуу авсан лицензийг маань дээрэмдэж байгаагаас ялгаагүй”  хэмээн  ярьж байна. 

Дээрх баримтуудаас харахад нэг талаас лицензийн тоог аль болох  багасгаж, нөгөө талаас компаниудын гаргасан зардлыг танах ажлыг доод шатны байгууллагаас хийгээд эхэлчихэж. Гэтэл Засгаас гаргасан журамд тендерийн шалгаруулалтын шалгууруудын бараг 70 хувь нь мөнгөтэй холбоотой гэж байгаа. Лицензээ хураалгасан компаниудыг шахаж байгаад мөнгө бага зарсан гэсэн тоо гаргачихвал тендерт оролцох дараагийн хүмүүст лиценз авах боломж гараад ирнэ гэсэн үг. Лицензээ хураалгасан компанийн хувьд босго үнийн 30 хувийг төлөхгүй гэсэн ганцхан давуу эрхтэй юм билээ. Хайгуулын ажилд зарсан хөрөнгийг нь таначихвал засгаас олгосон энэ эрх ч давуу  биш болно гэсэн үг. 

Ажлын хэсэг зардлын үнээ баталгаажуулчихвал босго үнэ тодорхой болох юм. Энэ ажлын дараа сонгон шалгаруулалтын комисс гарч сонгон шалгаруулалт хийх юм байна. Ажлын хэсэгт Сангийн яам, Татварын ерөнхий газраас хоёр хүн байгаа юм билээ. Тэд компаниудад бас нэг тулгалт хийгээд эхэлчихэж. “Танайх лицензээ шилжүүлж авсан юм байна, эрх шилжүүлсэн 30 хувийн татвар төлсөн үү” гэж асууж байгаа гэнэ. Уг нь сонгон шалгаруулалтын зөвхөн  босго үнэ тогтоох ажлыг л  хариуцаж буй ажлын хэсэг татварын асуудал яриад байх учиргүй л дээ. Энэ бол дараагийн хэрэг. Татварын асуудал ярилаа гэхэд л хоёр яамны төлөөллийн компаниудаас шаардаж буй 30 хувийн асуудал хууль бус аж. Лиценз шилжүүлэхтэй холбоотой татварын асуудлыг  Ашигт малтмалын хуулиар шийддэг юм байна. Ашигт малтмалын хуулиар бол лицензээ шилжүүлсэн тохиолдолд арван хувийн татвар төлдөг байна. Тодруулж хэлбэл  “Мэдээллээ худалдаад татвар төлснөө нотолбол шилжүүлнэ” гэсэн агуулгатай заалт байдаг аж.  Мэдээлэл худалдана гэдэг нь эрх шилжүүлэх биш, худалдах, худалдан авах гэрээ байгуулах гэж хуульчид тайлбарладаг. Ийм гэрээ хийсэн тохиолдолд арван хувийн татвар авах ёстой. Ингэсээр ч иржээ. Саяхан авлигын хэргээр шоронд орсон татварын Гансүх гэхэд л яг ийм маягаар 30 хувийн татвар авна гэж компаниудыг дарамтлан авлига авч байсныг тухайн үед цацагдсан мэдээллүүдээс харж болно. 

Яг одоогоор АМГ-ын хувьд 106 лицензийг өмнө нь эзэмшиж байсан компаниудад Засгийн газраас олгосон давуу талыг ийм маягаар бүдгэрүүлээд эхэлчихэж. Тусгай зөвшөөрөл эзэмшигчид дунд монголчуудаас гадна Америк, Австри, Люксембург, Канад, Сингапур, Хятад зэрэг хэд хэдэн улсын хөрөнгө оруулагчид байгаа юм билээ. Хөрөнгө оруулагчдын хувьд алтны 39, зэсийн 10, газрын ховор элементийн хоёр, нүүрсний 23, хайлуур жоншны 11 гээд чиглэл бүрээр жагсаавал 22 төрлийн ашигт малтмал дээр тусгай зөвшөөрөл авчээ. Жагсаалтад багтсан Нарийн сухайтын нүүрсний орд дээр гэхэд хайгуулын зардалд 197.2 сая төгрөг зарцуулсан аж. Энэ ордын нүүрсний нөөц нь гэхэд л 1.5 сая тонн. “Босстон интернэшнл” компани Хэнтий аймгийн Дархан суманд лиценз  авчээ. Тэдний хайгуул хийсэн ордын жоншны нөөцийн хувьд хүдэр 133.7 мянган тонн, металлаар 80.7 мянган тонн юм байна. “MMRI” компанийн эзэмшиж байсан Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутагт олгогдсон тусгай зөвшөөрлийн талбайнууд дээр алтны 115.4 кг нөөц байгааг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл бүртгэж авчээ. Одоогоор 106 лицензээс нөөц нь батлагдсан газрууд гэвэл ердөө энэ. Бусад нь хайгуулын шатандаа явж байгаа.  Тусгай зөвшөөрлүүдийн ихэнхийг буюу 50 орчмыг нь Өмнөговь, Дорноговь аймагт олгожээ. 106 тусгай зөвшөөрлийн лицензийн 14  нь  зуун хувь гадаадын хөрөнгө оруулалттай компанийнх юм байна. Гадаадын хөрөнгө оруулалттай хамтарсан аж ахуйн нэгж тав байгаа аж. Үлдсэн нь дотоодын аж ахуйн нэгжүүдийн авсан тусгай зөвшөөрөл байна.  

Ц.СҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Я.Содбаатар: Н.Алтанхуяг шиг муу удирдагч төрийн толгойд гардаггүй механизмтай болох шаардлагатай

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.

-Ерөнхий
сайд, Хууль зүйн сайд нарын асуудлаар танай намын генсек ээлжит бус чуулган зарлах
ёстой гэсэн байна лээ. Улс оронд шийдвэрлэх олон асуудал байхад иймхэн зүйлээр улс
төр хийх байсан юм уу?

-УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулах зайлшгүй шаардлага байна.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг анхаарах хэрэгтэй. Засгийн газраас “ЭЗЭН
100” хөтөлбөрийг гарган эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой үүрэг чиглэлийг
Их хурлаас тогтоол гарган өгсөн. Харамсалтай нь 100 хоногийн хугацаанд бидний болон
хөрөнгө оруулагчдын хүлээж байсан үр дүн гарсангүй. Удахгүй ЭЗЭН 100 хоног дуусна.
Гэтэл валютын ханш тогтворжсонгүй. Гадаадын хөрөнгө оруулалт өмнөх жилээс 63 хувиар
буурсан. 2012 онтой харьцуулахад хоёр дахин уначихлаа. Монгол Улсын гол бизнесийн
чиглэлийн салбарууд идэвхжиж өгөхгүй байна. Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх
дотооддоо төлбөрийн тэнцлийн балансыг хангах, төсвийн орлого зарлагын тэнцвэржилтийг
хангах, бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдүүлэх гээд тавигдсан зорилтууд хангагдсангүй.
“ЭЗЭН 100” хөтөлбөрийг дүгнэх, нөгөө талдаа цаашид манай орны нийгэм эдийн засгийн
байдал ямар байх зэргээр дүгнэлт гаргах нь сонин байна. Энэ бүгдийг улс төрийн түвшинд
улс төрийн намууд ярьж үндэсний зөвшилцөл рүү явж тодорхой арга хэмжээ авах зайлшгүй
шаардлага тулгараад байна. Товчхондоо нийгэм, эдийн засгийн байдал төсвийн тодотголыг
яаралтай хийхийн тулд Их хурлыг хуралдуулах хэрэгтэй. Төсвийн тодотгол хийж төр
дахин өөрийнхөө бүсийг чангалах шаардлагатай. Төр бүсээ чангалснаар төсвийн бодлогоор
дамжуулан эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга зам нь үүгээр хийгдэнэ. Төсвийг
байх хэмжээнд нь хүртэл дахин танах, урсгал зардлыг дахин танах ёстой.

Мөн хариуцлагын асуудлыг ярихгүй бол болохоо байсан. Бид хаврын чуулганы
үеэр эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор Эдийн засгийн хөгжлийн сайдын асуудлыг
хөндөн тавьсан ч хууль зөрчин байж эрх баригч хүчин Н.Батбаяр сайдын асуудлыг хэлэлцэлгүй
дараагийн чуулган руу шилжүүлсэн. Монгол Улсын Ерөнхий сайд, Хууль зүйн сайд нар
Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжуудыг зөрчсөн үйлдэл гаргалаа.
Түүнчлэн хоёр хөршийн төрийн тэргүүнүүд айлчилж магадгүй. Энэ хүрээнд хоёр хөрштэйгөө
бүс нутгийн хөгжлийн хүрээнд томоохон асуудлуудыг шийдвэрлэх зайлшгүй шаардлага
бий. Тиймээс ээлжит бус чуулган орох зайлшгүй шаардлага тулгараад байгаа.

-“ЭЗЭН
100” хөтөлбөрөөр ямар асуудлыг шийдэх нь зөв байв?

-Бид эдийн засгийн хүндрэлийнхээ оношийг зөв тодорхойлох шаардлагатай
байна. Анх “ЭЗЭН 100” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж байхад Ардын намын зүгээс “Энэ
ЭЗЭН 100 хөтөлбөр нь хямралыг даван туулах хөтөлбөр байх ёстой” гэж хэлж байсан.
Ухаандаа Ардчилсан нам тэргүүт эрх баригч хүчин болон сөрөг хүчин Ардын намын хооронд
эдийн засгийн хүндэрсэн нөхцөлийн харсан өнцөг болон түүнд тавьсан онош хоёр зөрж
байсан. Хэрэв эрх баригч АН тэргүүтэй хүчнүүдийн онош зөв байсан бол Их хурал дээр
батлагдсан хуулиуд, авч буй арга хэмжээний хүрээнд энэ бүхэн илаарших боломжтой
байлаа. Ядахдаа валютын ханшийн өсөлт зогсох ёстой. Гэтэл улам даамжирч байгаа нь
эхнээсээ оношоо буруу тавьсан. Хаврын чуулган эхлэхэд л бид “Онош дээрээ алдаа гаргаад
байна. Тиймээс эмчилгээ буруу хийгдээд байна. Эдийн засаг сэхээнд байна” гэдгийг
хэлж байсан. Өнөөдөр Оюутолгой, Таван толгой төслүүд унтаа хэвээрээ. Олон мянган
ажилчдаа халж энэ хоёр том төсөл үр дүнгүй болчихлоо л доо. Үндэсний томоохон хөрөнгө
оруулагчдын ажил зогсонги байдалд орж нийт Монголын эдийн засагт сэргэлтийн буюу
итгэлийн оч харагдахгүй байна. Дотооддоо ч гадааддаа ч энэ Засгийн газарт итгэх
итгэл алга. Өнөөдөр эдийн засаг сэргэх ч үгүй байдалтай урсгалаараа сайхан найр
наадам хийж байна шүү дээ.

-Гадаадын
хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээнэ гээд парламентын гишүүд өнгөрөгч намрын чуулганаар
хамтдаа Хөрөнгө оруулалтын болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, Ашигт малтмалын
тухай зэрэг хэд хэдэн томоохон хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаа биз дээ. Тэгэхэд
та нар муу хууль баталчихсан юм уу?

-Аливаа зүйлийг бүтээхэд хэцүү ч нураахад амархан гэдэг. Бид гадна
дотны хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг авахын тулд Монголын Засгийн газар маш их
ажил хийх шаардлагатай байна. 2010-2011 онд Монгол Улс Азийн нэг гайхамшиг болж
магадгүй гэж яригдаж байсан одоо тэс өөр болчихлоо. Хэдхэн жилийн өмнө дэлхийд Монголын
тэсрэлт болж байсан шүү дээ. Үүнийг хийхийн тулд 1990 оноос хойшхи үе үеийн Засгийн
газар, парламент манай хөрөнгө оруулагчид өдөр шөнөгүй  20 гаруй жил зүтгэж байж  2011 оны хөрөнгө оруулалтыг бий болгож чадсан.
Ардчилал гарснаас хойш уйгагүй хөдөлмөрлөж байж гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг
олж авсан. Энэ олон жилийн хөдөлмөрийг хоёрхон жилийн дотор Н.Алтанхуягийн Засгийн
газар гарч ирээд бүгдийг нураан, үнс нурам болгосон нь даанч харамсалтай. Дахин
сайхан цагийг бид авч ирэхийн тулд хамгийн багадаа таван жил үсээ цайтал ажиллах
шаардлагатай боллоо. Өнөөдөр бид хичнээн сайхан хууль баталж болно. Гэхдээ тийм
хэмжээний бодлогын арга хэмжээг энэ Засгийн газар авч чадахгүй байгаа. Хууль тогтоомжид
итгэх итгэл гадныханд ерөөсөө суухгүй байна.

Тиймээс одоо Засгийн газар эрс шийдэмгий бодит үйлдлүүдээрээ итгэл
төрүүлэх ёстой. Их хурлаас баталсан хууль дээр Засгийн газар сайн ажиллаж чадахгүй
байгаа. Ерөнхий сайдаас нь эхлээд бусад сайдуудад ч гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид
итгэхгүй байна. Энэ хүмүүс юу ч хийж магадгүй гэсэн нүдээр Монголыг хараад байгаа
юм. Өнөөгийн сайд нар нь сөрөг хүчин байхдаа гадны хөрөнгө оруулагчид руу дайрч
хамгийн их улс төр популизм хийж байсан. Н.Батбаяр, Д.Ганхуяг тэргүүтэй гадныхныг
хөөж байсан нөхдүүд сайд болчихоод сууж байгаа нь зарчим, байр суурь, орчин үеийн
эдийн засаг бизнесийн эрүүл зарчмаар явж чадахгүй байна.

-Яаж
явах ёстойг өөрсдөд нь хэлээд өг л дөө?

-Гадны хөрөнгө оруулагчид ирээд уулзъя гэхээр “Дээд тэнгэртэйгээ
ярьж байж уулзах өдөр, цагаа хэлнэ” гэх мэтээр соёлт хүн төрөлхтөн ойлгохгүй хэлээр
хүмүүстэй яриад байхаар энэ сайд нарыг гадныхан яаж хүлээж авах вэ дээ. Засгийн
газар өнөөдөр гацаанд орсон хэд хэдэн төслийг бодитойгоор эргэлтэд оруулахгүйгээр
цаашаа явахгүй. Чуулганы завсарлагааны энэ үеэр гадны төлөөлөгчид нэлээдгүй ирлээ.
Тэдэнтэй уулзахад Оюутолгойг л харж байна. Дэлхийн эдийн засгийг тодорхойлдог том
группуудын нэг, дэлхийн уул уурхай, аж үйлдвэржилтийн хамгийн том группын нэг Рио
Тинто Монголд хөрөнгө оруулаад Засгийн газартай хэл амаа ололцож чадахгүй гацчихсан.
Рио Тинтог оруулаад ингэж хулхидаж, ажлыг нь зогсоож хэл амаа ололцохгүй байгаа
юм чинь мань мэт нь ороод бүр балрах юм байна гэсэн бодол хөрөнгө оруулагчдад төрөөд
удаж байна. Оюутолгойн гэрээний асуудлыг хамгийн түрүүнд хамгийн богино хугацаанд
эцэслэн шийдвэрлэх ёстой. Хоёр дахь том асуудал нь Тавантолгойн төсөл байна. Үүнийг
яаралтай олон улсын жишгийнх нь дагуу зөв явуулах шаардлагатай. Тэгэхгүйгээр Ерөнхий
сайд нь очиж жижиг газар шахаад, тэрүүгээр сайдууд нь жижиг бизнес хийчих гэж гүйлдээд,
гэрээ хэлцлийг нь дотоод улс төрөөсөө болж гадаад хамтын ажиллагаатайгаа хольж хутгаад
байж болохгүй.

Дэлхийн эдийн засагт өнөөдөр Монголыг Оюутолгой, Тавантолгой гэсэн
хоёрхон төслөөр л мэдэж байгаа. Бусад зүйлээр одоохондоо дэлхийн сонирхлыг татахгүй
байна. Уг хоёр том төслийг нь дэлхийд байхгүй ойлгомжгүй байдлаар зогсоочихсон.
Нэг өдөр оруулсан хөрөнгийг нь хурааж, эзнийг нь шоронд хорьж, хилээсээ гаргахгүй
гэчихдэг. Бизнес хийгээд эхлэхээр үйлдвэрийг нь хэдэн жилээр хаачихаар яаж Монголд
хөрөнгө оруулалт хийхэв дээ. Өнөөдөр олон улсын зах зээл дээр Энержи Ресурс гэх
мэт төсөл хөтөлбөрүүд 1000 дахин уначихсан. 2012 онд Чалко гэхэд Саус Гоби Сэндсийн
51 хувийн хувьцааг 900 сая ам.доллараар авах гэж байсан. Сая гэтэл 29 хувийг нь
25 сая ам.доллараар авч байна.

-Итгэл
яаж сэргэх вэ?

-Одоо хөрөнгө оруулагчдын итгэл сэргэхэд хүнд. Өмнө нь бид шинэ тоглогчид
байсан.

Итгэлийг дахиж олно гэдэг шинээр итгэл олж авахаас хэцүү байдаг.
Эхлээд итгэл олох ажлаа хийх хэрэгтэй. Үнэхээр алдсан алдаагаа зөв ухамсарлаад,
үнэнээ хэлээд гадна дотны хөрөнгө оруулагчидтайгаа уулзах ёстой байхгүй юу. Тэгэхгүйгээр
өөрсдийгөө өмөөрч буруу яриад, хүн ойлгохгүй сонин үйлдэл хийхээр яаж итгэх юм бэ.

-Таны
яриад байгаа шиг үнэнээ хэлэх юм болов уу?

-Үнэнээ хэлэх ухаан байгаасай 
гэж  бид их  хүлээлээ, хүслээ. АН-ынхан ч дотроосоо үүнийг
хүсч хамгаалсан. Бид нэг танхимд хамтдаа сууж төрд зүтгэж байгаа хүмүүс тул зөв
шийдвэр гаргаасай гэж харж байна. МАН-ынхан хичнээн сөрөг хүчин ч гэсэн Монголоо
гэсэн сэтгэлээр зөв юм хийчихээсэй, үр дүнтэй байгаасай, энэ нь ард иргэдийн амьдралд
эерэг нөлөөлөл үзүүлээсэй гэж хүсч байгаа. Тэднийг алдаа гаргавал бид шүүмжилж алдааг
нь засчих юмсан гэж л явна. 2013 оны дөрөвдүгээр сард анх Ерөнхий сайдыг огцруулъя
гэсэн саналыг өргөн барьж байхад юу гэж хэлж байсныг хэвлэлийн хуудаснаас харах
хэрэгтэй. Есөн сар гэхэд хачин сайхан болно л гэсэн. Жаахан хугацаа өгчих гэхээр
нь хараад жил гаруй хугацаа өнгөрлөө. Валютын ханш өсөх гээд байна. Мөнгөний бодлого
чинь алдаатай байна. Дотоодын хөрөнгө оруулагчдаа намын харьяаллаар нь ялгаварлан
АН-д хандив өгсөн хэдхэн аж ахуйн нэгжийг дэмжээд буруу бодлого явуулчихлаа. Энэ
чинь том утгаараа эдийн засгийг чинь дараад уначихна шүү. Ардын намыг нухчин дарах
үйлдэл чинь эргээд гэрээ шатаана шүү гэдгийг хэлсэн. Ардчилсан намынхан үнэн нүүр
царайгаа харуулчихлаа. Үүнээс цаашаа юу хүлээх гээд байгаа юм. Одоо хариуцлагаа
тооцоод явах хэрэгтэй. Чаддаг, чадвартай хүмүүсээр нь ажлыг нь хийлгэ. Алтанхуяг
тэргүүтэй энэ хэдэн хүмүүсээр АН-ын боловсон хүчин дуусчихна гэж бодохгүй байгаа.
Намынхаа ҮЗХ-г хуралдуулж дотроосоо хүн гаргахгүй, үг хэлсэн хүнээ дарамталж эсвэл
албан тушаал, мөнгөөр тултал нь хаачихдаг.

-Эдийн
засгийн хямралаас их зүйлийг аль аль нам нь ухаарсан байх гэдэг яриа гарсан байна.
Үнэхээр ухаарч чадав уу?

-Ардын нам, Ардчилсан нам аль алинд нь энэ хямрал бодох, ухаарах
зүйлийг өгч байна. Нэг нөхөр гарч ирээд 20 жилийн хүч хөдөлмөрийг устгачихаад байвал
хэцүү шүү дээ. Зөв шийдвэр гаргадаг тогтолцоог бий болгох, буруу хүн гарч ирэхгүй
байх тогтолцооны шинэчлэл хийх шаардлагатай тулгарсан. Нам хамаарахгүй энэ бүхнийг
хийх ёстой гэж хувьдаа хараад байгаа. Өнөөдрийн хямралаас гарах гарц хүндрэлтэй,
оношийг нь тавьж чадахгүй, эмчилгээ хийгдэхээс өнгөрчихөөд байгаа юм алга. Бид оношоо
зөв тогтоогоод зөв явж чадвал уналтыг зогсоогоод цаашаа явах бүрэн боломжтой. Урт
хугацаандаа Монгол Улс тогтвортой байхын тулд минийхээр хоёр төрлийн зүйлийг маш
сайн хийх ёстой гэдэг нь харагдсан. Эхлээд нийт нийгмээ эрүүлжүүлж, дэг журамтай,
соёлтой, зөв хандлагыг төлөвшүүлэх шаардлага бий. Өнөөдрийн нийгмийг харвал Улаанбаатарын
зам шиг түгжирсэн, гацсан, урд хойгуураа дайрсан, шүргэсэн, мөргөлдсөн, явган хүн
нь машинтайгаа холилдон зам дээрээ гараад зогсчихсонтой яг адил л байна. Манайхан
мэдрэл муутай юм шиг найр наадам хийж байгаа. Сум болгон төмөр, чулуугаар хачин
хөшөө босгож нээлт хийх ямар хэрэг байна. Хандив мөнгө цуглуулаад морь уралдуулж,
бөх барилдуулаад л. Эцсийн бүлэгтээ юу үлдэж байгаа юм. 100 гаруй сумдын ойгоор
нэг суман дээр цэцэрлэг, сургууль заслаа л гэж бараг дуулсангүй. Намууд энэ байдалд
дүгнэлт хийгээд яаж зөв зам руу явуулах вэ гэдгээ ярих ёстой. Монгол төр цэвэр,
ариун, шударга хүмүүсийг гаргаж ирэх механизмаа бүрдүүлэхгүй бол ардчилал чинь утгаа
алдах гээд байна. Бид Үндсэн хуулиасаа эхлээд өөрчлөлт хийх шаардлага бий болчихож.
Өнөөдөр Н.Алтанхуяг шиг муу удирдагч төрийн толгойд гардаггүй механизмтай болох
шаардлагатай. Гарч ирэнгүүтээ охиныхоо нэр дээр компани байгуулан бизнес хийгээд
авлига хээл хахууль болж, ах дүүгийнхээ нэр дээр бараа шахах ёсгүй. Тийм нүх цоорхойтой
механизмтай байгаа нь бидний алдаа.

-Н.Алтанхуяг
тэргүүтэй Засгийн газрыг огцрууллаа гэхэд бидний хүсэн хүлээгээд байгаа гадны хөрөнгө
оруулалт сэргэх юм уу. Улс төрийн тогтворгүй нөхцөл байдлаас шалтгаалан харин ч
хөрөнгө оруулагчид дөлөх юм биш үү?

-Энэ бол эрх баригчид өөрсдийн сандал ширээгээ авч үлдэхийн тулд
ярьж буй яриа. Гадна, дотны хөрөнгө оруулагчдын итгэлийг олж чадахгүй байгаа хүмүүсийг
сольж, итгэл төрүүлэхүйц ажиллаж чадах сайдуудыг бид яаралтай сольж чадвал итгэл
сэргэхэд дөхөм болно. Хөрөнгө оруулагчид хувь хүн талаас нь харж хөрөнгө оруулахгүй,
итгэл алдарч байгаа нь их байгаа. Би л хувьдаа энэ Засгийн газар огцорвол Монголын
хөрөнгө оруулалтын орчинд эерэг дохио өгнө. Үнэхээр энэ хүмүүстээ хариуцлага тооцчихвол
“Энэ хүмүүс хариуцлага тооцож чаддаг юм байна. Хариуцлагын механизм ажиллаж байгаа
юм байна. Үнэхээр бүтэхгүй хүмүүсээ олж харж оношоо зөв тодорхойлж байгаа юм байна”
гэж харна. Улс төрийн тогтворгүй байдал гэдэг нь нийгмийн эмх замбараагүй байдал
руу түлхсэн алхмыг л хэлдэг. Нэг сайдад хариуцлага тооцох, нэг Засгийн газрыг огцруулах
явдал ардчилсан нийгэмд байдаг л асуудал. Жилдээ хоёр гурван Засгийн газар огцруулсан
улс орон хэвийн яваад байна шүү дээ. Харин хариуцлагын механизм нь ажиллахгүй, хариуцлага
тооцож чадахгүй, улам ужгирсан өвчтэй Засгийн газар байгаад байвал хөрөнгө оруулагчид
улам л цаашаа явах болно.

Хариуцлага тооцож чадахгүй удаан яваад байвал энэ нь даамжраад нэг
алхам цаашилбал нийгмийн эмх замбараагүй байдал газар авч улс төр, нийгмийн тогтворгүй
байдал үүсэхвий гэдгээс хөрөнгө оруулагчид айж байгаа.

-Хаврын
чуулганы үеэр АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “ЭЗЭН 100 хөтөлбөр амжилтгүй болвол
Засгийн газарт хариуцлага тооцно” гэж мэдэгдсэн…

-Засгийн газартайгаа хариуцлага тооцох, дотроо асуудлаа ярих боломж,
хугацаа Ардчилсан намд хангалттай байлаа. Дотроо асуудлаа ярилцаж, ойлголцохгүй
байгаа бол ард иргэдийн зүгээс дараагийн алхам руу орох зүйл рүү түлхэж байгаа.
“ЭЗЭН 100” хоногт ямар үр дүн гарав гэдэг дээр улс төрч, эдийн засагч, иргэд ч гэсэн
өөрсдийн дүгнэлтийг гаргаж байгаа байх. Одоогоор ийм үр дүн гарлаа гээд бариад хэлчих
нүдэнд харагдаж, чихэнд сонсогдох нэг ч сайн зүйл алга. Харин парламентын түвшинд
нэлээд хууль тогтоомж баталсан. Парламентаар гарч буй хуулиудын чанар, амьдралд
нийцэх нийцэл, тухайн салбарын голдирлыг зөв чигт нь оруулж байгаа юу гэдэг дээр
цаг хугацааны үнэлэлт дүгнэлт хэрэгтэй. Их хурлын дарга хаврын чуулганы хаалт дээр
“Парламентаас шалтгаалах зүйл байхгүй шүү. Бид Засгийн газрын түвшинд өргөн барьсан
зүйлсийг бүгдийг нь батлаад өгсөн” гэдгийг хэлсэн. Зарим нэг зүйлийг Засгийн газар
өөрөө боловсруулалтын түвшинд маш муу оруулж ирсэн. Оруулсан хууль нь маш цоорхой
байсан тул зарим хууль унасан. Магадгүй манай парламентын түүхэнд хамгийн олон хууль
унасан чуулган болсон байж магадгүй. Оруулж ирсэн зарим зүйлсийг нь хууль гээд хүлээгээд
авахад даанч хэцүү зүйлсийг өргөн барьсан. Түүнээс болж цаг хугацаа алдсан. Эрх
баригч хүчин дотроо сандал ширээнээс болсон асуудал өнгөрөгч хаврын чуулганд цаг
алдуулсан. Бидний оролцоогүйгээр өөрсдөө нэг сайдаа өргөн барьснаа больё гээд л.
Ерөнхийлөгч нь Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн давхар ажиллаж болохгүй гэдэг
хууль өргөн барихад нь эргүүлээд эрх баригчид унагаж байх жишээтэй. Ардчилсан намын
доторх зодоон газар авсан.

-Өмнө
нь тантай уулзахад АН-ын фракцуудын зөрчил хурц байгаа тухай хэлж байсан. Одоо яаж
байна?

-Ардчилсан нам дотроо олон фракцтай байгаа нь эрүүл байгаа нэг зарчим
гэж хэлдэг байсан. Улс төрийн сонгодог утгаараа фракцын зарчим үйлчлээд, энэ намыг
эрүүлжүүлэх хэмжээний өрсөлдөөн байна уу. Одоо эрүүл өрсөлдөөний зарчим үйлчилж
байна уу эсвэл фракц нэртэй эдийн засаг, нийгмийн бүлэглэл үүсчихсэн байна уу. Нэг
талаас эрх ашгийн сонирхлоор нэгдсэн, цаанаа өнгө мөнгөн дээр түшиглэсэн, албан
тушаалын төлөө улайрсан мафийн хэмжээний бүлэглэлийн зөрчил байна уу гэвэл байна
гэж хараад байгаа. Энэ нь өөрөө Ардчилсан нам гэдэг Монголын улс төрийн нэгэн том
хүчнийг дотроос нь идээд дуусч байна. Манайхан гэрт амгалан бол гадааг засахад төвөггүй
гэдэг. АН гэр дотроо амгалан бус байхаар яаж гадааг засах юм. 1996 оны сонгуулиар
шинэ хүчинд итгэл үзүүлье гэж ард түмэн сонгоход яалаа даа. Үүнд нь ард түмэн хатуу
сануулга өгч 2000 оны сонгуулиар ганцхан суудалтай үлдээж байсан түүх бий.

Одоо төлөвшиж байгаа байлгүй. Ардын намын өвөр түрийнд орж ганц хоёр
засагт хамт ажилласан төрийн ажлын дөр сууж байгаа байлгүй гэтэл бас л итгэлийг
нь алдлаа.

 

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

“Монос” эмийн сангий н эмэнд хордсон 16 хүүхдийн биеийн байдал хүнд байна

– ЭМЧ НАР ЭЦЭГ,
ЭХЧҮҮД СЭТГЭЛ САНААНЫ ХУВЬД БЭЛТГЭЛТЭЙ БАЙГААРАЙ ГЭВ-

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний  төвд эмэнд гүн хордсон байдалтайгаар ухаан алдсан  16 хүүхэд иржээ. Эмч нар эмэнд хордсон 16 хүүхдэд
шаардлагатай бүх эмчилгээг нь хийж байна. Энэ талаар сурвалжлахаар Эх хүүхдийн эрүүл
мэндийн төвд очлоо. Биднийг очих үед эмэнд хордсон хүүхдүүдийн аав, ээж болон ар
гэрийнхэн тус эмнэлгийн сэхээн амьдруулах тасгийн үүдэнд зогсож байлаа. Хүүхдүүдийн
ар гэрийнхэнтэй Эрчимт эмчилгээний тасаг болон Сэхээн амьдруулах тасгийн эмч нар
уулзаж байв. Эмч нар “Бид бүхий л шаардлагатай эмчилгээг хийж байна. Гэвч хүүхдүүдийн
биеийн байдал хүнд байна. Бүгд маш хүнд байдалтайгаар хордлого авсан. Хоёр эм давхарлаж
уусан хүүхдүүд бүр хүнд байна. Та нарын хүүхдүүдийн уусан эм маш өндөр тунтай. Насанд
хүрсэн том хүмүүс тархины цусан хангамж сайжруулахын тулд  уудаг. Гэтэл эхээс төрөөд гурав хоноогүй, гурван
сар болж байгаа хүүхдүүдийн хувьд гүн хордлого болсон. Шоконд орсон хүүхдүүд ч байна.
Тархинд цус харвалт болчих гээд байгаа дөрвөн хүүхэд бий. Хэрэв тархинд цус харвачих
юм бол мэдрэлийн өвчтэй болох, цаашлаад  амь
насаа алдах ч аюул өндөр. 20 хувааж өгөх ёстой эмийг бүтнээр уулгачихсан байна лээ.
Эцэг, эхчүүд сэтгэл санааны хувьд бэлтгэлтэй байгаарай” хэмээн хэлж байна.

Харин эмэнд хордсон хүүхдүүдийн ар гэрийнхэн бүгд л таньж мэддэг
эмч, сувилагч руугаа утсаар ярьж байна лээ. Эмэнд хордоод байгаа 16 хүүхдэд хаанаас
эм авч уулгаад ийм байдалтай болсон талаар эцэг, эхчүүдээс тодрууллаа.  Наймдугаар сарын 8-ны өдөр “Гурван Гал” эмнэлгийн
урд талд байрлах  “Монос” эмийн сангаас  эмчийн тусгай жорын дагуу “Фенобарбитал” эмийг
худалдан авч уулгасан гэнэ.

Дээрх эм нь бүтэлттэй төрснөөс болж бүх бие нь шарласан болон тархины
цусан хангамж дутмаг, тархины даралттай хүүхдүүдэд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний
төвийн эмч нар тусгай зөвшөөрөл бүхий жороор өгдөг эм гэнэ. Гурван жилийн өмнө
18 настай эмэгтэй дээрх эмийг олноор ууж 
амиа хорлосон учир эмийн сангаар худалдаалахыг хоригложээ. Зөвхөн тус эмийн
санд  л  
“Фенобарбитал” гэх эмийг худалдаалдаг байна. Хэрэв дээрх эм  тунг хэтрүүлсэн тохиолдолд амьсгалын зам дарангуйлахын
зэрэгцээ хүүхдийг унтаа байдалд оруулж, тархи удаан ажиллуулдаг ажээ. Сүүлийн үед
агаарын бохирдлоос болж тархины даралттай хүүхэд олноор төрж байгаагаас болж дээрх
эмний эрэлт ихэсч эмийн үйлдвэрт ихээр үйлдвэрлэх болсон байна.

 “ТОМ ХҮНИЙ ТУНГААР НАЙРУУЛСАН ЭМИЙГ ХҮҮХДИЙНХТЭЙ АНДУУРЧИХСАН БАЙНА ЛЭЭ

Ингээд хүүхдүүдийн ар гэрийнхний төлөөлөл Мандахсүрэнгээс цөөн
асуултад хариулт авлаа.

-Танай
хүүхдийн биеийн байдал ямар байна?

-Эмч нар тааруу байна гээд л байна. Хоёр хоног л унтлаа. Огт сэрэхгүй
байна. Ухаан орохгүй байгаад нь санаа зовж байна. Наймдугаар сарын 8-нд  “Гурван Гал” эмнэлгийн урд талд байрлах  “Монос” эмийн сангаас   эмчийн бичиж өгсөн жорын дагуу “Фенобарбитал”
эмийг худалдан авч хүүхдэдээ уулгасан. Манай хүүхэд тархины даралттай юм. “Фенобарбитал”  эм чихэрлэг болохоор хүүхэд ч уух их дуртай байдаг
байсан. Сүүлийн хоёр сар дээрх эм тасарчихсан байсан. Өмнө нь хүүхдэдээ худалдан
авч уулгадаг байхад “Монос” эмийн сангийнхан том хүний тунтай эмийг жижиглэж багасгаад
хүүхэд уухад бэлэн болгож өгдөг байсан юм. Тэгсэн  “Фенобарбитал”  эмийг үйлдвэрлэдэг эмийн компани хүүхдийн тунгаар
бэлтгэж худалдаалах болсон. Гэтэл хоёр сарын өмнөөс тасарчихсан.  Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт ирсэн байна
лээ. Эцэг, эхчүүд эмийн сангаас жорын дагуу авсан. Тэгсэн эмийн санч  хүн болгонд хайрцагтай эм худалдаалаад байсан
юм билээ. 

-Эмийн
санчаас эмний тунгийн талаар асуусан уу?

-Шууд уулгаж болох уу. Бүтнээр нь уулгах юм уу гэж асуухаар “Болно.
Хүүхдийн тунтай эм, өнөө өглөө ирсэн” гэж хэлээд байсан. Гэртээ хариад өдөрт гурван
удаа уулгасан чинь орой унтаад сэрэхгүй амьсгал нь тасалдаад бие нь хөхөрч эхэлсэн.
Тэгээд түргэний машинаар энд ирсэн гэв.

  “20 ХУВААЖ ӨГӨХ ЭМИЙГ БҮТНЭЭР
НЬ УУЛГАЧИХСАН

Эхээс төрөөд 20 гаруй хонож буй н.Энэрэлийн ээжээс цөөн асуултад
хариулт авлаа.

-Танай
хүүхэд эм уугаад л шоконд орсон гэсэн үү?

-Тэгсэн. Эм уулгаад арван минут ч бололгүй шууд бие нь сонин болоод
эхэлсэн. Хэл нь хөхрөөд ухаан алдчихсан. Одоо биеийнх нь байдал тааруу байна. Эмнэлгээс
бүх шаардлагатай эмчилгээг хийж байгаач эмний хор 90 цагийн дараа тайллагддаг гэсэн.
Бид хүлээгээд л сууж байна. Амьд мэнд байгаасай гээд залбираад л байна. “Монос”
эмийн сангийн менежер залуу бидэнд туслалцаа үзүүлж байгаа. Дээрх эм гурван янзаар
хор нөлөө нь гардаг гэсэн. Хэрэв тархинд цус харвах юм бол мэдрэлд нөлөөлнө, хүндэрвэл
элэг, бөөрөнд өөрчлөлт өгдөг юм билээ.

-20
хувааж өгөх ёстой эмийг өгчихсөн гэж байна лээ?

-Угаасаа том хүний тунгаар үйлдвэрлэсэн эмийг 20 хувааж дөнгөж төрсөн
нярайд өгдөг. Гэтэл бүтнийг уучихсан байгаа.

 ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭД САЙДААС ТУСЛАМЖ ХҮСЭВ

Эмэнд хордсон хүүхдүүдийн ар гэрийнхэн Эрүүл мэндийн дэд сайд Э.Амарсанаад
Эрүүл мэндийн яамнаас туслалцаа үзүүлэх талаар хүсэлт гаргажээ. Эмнэлгийн зүгээс
шаардлагатай эмчилгээг хийж байгаа ч гэсэн бусад эмнэлгийн эмч нарыг ажлын хэсэг
гарган ажиллуулах шаардлагатай байгаа гэнэ.

 “АНДУУРААД ӨГЧИХСӨН БАЙНА ЛЭЭ” ГЭЖЭЭ

 16 хүүхэд эмэнд хордсон хэргийг Баянгол дүүргийн нэгдүгээр хэлтсийн
мөрдөн байцаагч нар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Тухайн үед ээлжээр гарч
байсан хоёр эмийн санчийг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байна.
Эмийн санч нараас эхний байдлаар байцаалт авсан байна. Тэд “Хүүхдийн эм гэж бичсэн
гялгар уутанд тусгайлан хийсэн байсан. Бид тэрийг нь анзааралгүй хүүхдийн тунтай
эм гэж бодоод л хүмүүст худалдаалсан. Бид буруугүй. Албаар өгөөгүй” гэх утга бүхий
тайлбарыг өгчээ.   

Э.ХҮРЭЛ

Categories
мэдээ цаг-үе

Тэр зуны цэцэг

Нутгийн минь зун юутай сайхан. Тэр л сайхан зуныг үзэлгүй олон жилийг огоорсноо санаад би харуусч явлаа. Холын газраас бараатай Буга хайрхан уулынхаа амгалан цэнхэрлэх дүрийг Мухар асгатын хяраас шимтэн ширтэж, хүүхэд ахуйн хонгор цайлган сэтгэлдээ хайрлан мөрөөсөхийн амтыг сэм сэмхэн мэдэрч, баяр гуниг гэгч хорвоогийн хоёр өнгийг бяцхан алаг зүрхэндээ танин ядан явсан минь ховорхон олдох жаргал байж уу даа. Тэр цагт Буга хайрхан уул минь сүр хүчин төгөлдөр, идэрхэн эр шиг санагддаг байжээ. Ямагт мишээн байх шиг харагддаг дүмбэгэр ногоон зоонд нь үүлс хөшиглөн хуралдаж тэнгэр барайгаад цахилгаан цахилаад ирэхийн цагт мөнөөх сүрлэг эр хилэгнэн царай хувилгаж, хөмсгөө зангидан байх шиг санагдана. -Хайрхан хилэгнэж байна. Борооших нь ээ гэж хөгшчүүлийн хэлэх нь ёсоор болдогсон. Тэр зун манайх үхэр хариулан Хөх булгийн зусланд зусаж байлаа. Энэ бол ян их хөвчийн царам дахь сэрүүн зуслан агаад уулынхаа хярд морь тушим хур борог, үхэр ширгийн дэвсгэр дээр түмэн зүйлийн цэцэг найгаж, асга тагнай бүрээс нь тунгалаг уст булаг ундран байдаг нар ногоо тэгшхэн ус бэлчээр ойрхон ёстой л сарлагийн нутаг билээ.

Сарлаг асга хаданд авиран хярын зоо өөд асах тусмаа омогшин догширдог, сааль шим сайтай, сүр бараа ихтэй хиймортой ч мал юмсан. Уулын оройд гарч алсуурхан шүнгэнэтэл хэд дүүгүүрдээд л гүргийлэхэд хүр хүр мөөрөлдөн сүүл агсан их нүд гаргаснаа тонгочин тоглосоор асга хадан дундуур туруу шажигнуулан гэрийнхээ гадаа буучихдагсан. Тэгэхэд дүү нар маань тугалаа яаран зэллэж, ээж минь хувингаа барин гэрээсээ гарч ирж байгаа нь торойн харагдана. Манайх гэдэг айл идээ цагаагаар бялхаж, наранд борогшин борлосон хүний бор гэдсээ идээ цагааны дээдээр бордон байсан нь буянт ээжийн минь ач байжээ. Одоо үзэхэд гэрийн маань буйр, тугалын зэл эдгэрэн битүү ногоо ургаж гагцхүү үлджээ. 

Би нутаг усандаа ирснийх гэж морь унан айл хунараар бууж уул усаа үзэж явлаа. Нутаг нугынхан минь хөгжин дэгжиж танигдахын аргагүй өөр болжээ. Гэвч юу юунаас илүү санаж сарвайж явдаг төрж өссөн газар нутгаа өөрийн нүдээр үзэж минийх гэж хайрлан бахархах сэтгэл төрөхийг мэдэрч суух сайхан байлаа. Сурагчийн цүнх үүрээд улсын хилийг алхсан дайтай бодож явсан Хөшөөтийн хөтөл дээр гарч, холбоо гурван нуурын толигор цэнхэр мандалд гүн цагаан хунгийн сүрэг хөвж, хөвөө цайдамд нь мал сүрэг багшран налайж билэг дэмбэрэл төгс нэртэй салаа зуслангуудад олон гэр бөмбийн байхыг харж таанын үзүүрт салхи амтлан, Хул морьтын хярд хоньчин хүүхэд жингэнэтэл дуулахыг сонсч суух юутай сайхан байсан гэж санана. Танил хүн шиг харагдах нутгийн минь хад чулуу, бяцхан харгуй, хээнцэрхэн цэцэг, авиа чимээ цөм л бага насны минь тухай хууч хөөрч байлаа. Тэр л хуучуудын дотроос сэтгэлд хамгийн тод үлдэж үе үехэн санаанд бууж сэм сэмхэн сүүрс алдуулдаг нэгэн дурдатгал санагдан аглаг хярын зоонд суудал саатан бодолхийлэхэд дэргэд минь таван дэлбээт турьхан ягаан цэцэг уяхан бүсгүй монгол биелгээ хийх шиг салхин аясаар найган бүжиж тэртээд Буга хайрхан уул тэр л цагийнхаасаа улам ч ханагар болсон юм шиг гудайх наран доогуур хөхөртөн суниаж байлаа. Аавын биеийг амрааж, хярын зоогоор үхэр эргүүлж явахдаа сав л хийвэл мориноос үсрэн бууж цэцэг түүдэг байсан нь ариун хонгор сэтгэлдээ сайн сайхны эмзэг бяцхан далийг өдлүүлж явсных байжээ. Энэ маань түргэн өсч эрийн дайтай эр болж, томчуулд тоогдохын хүслэн, армаг эмнэгийг олны өмнө уургалан тогтоогоод чарлан цамнахын нь ялдамд чихдэн байж мордоод булгиулан гуядахын завсар бахархан гайхах түмэн нүдийг сэмхэн харж, магтан ярилцах үгсийг хоромхон төдийд сонсохын мөрөөдөлтэй холбоотой байлаа. Тэр үед хурсан олны дундаас атаархан хөөрсөн хонин бор нүд нууцхан ширтэж, нүүрэнд нь ямар нэгэн үл мэдэгдэх баярын совин татан байгаасай гэж ямагт хүсдэгсэн.

Үхэр хариулж явахдаа хөхөмдөг цэнхэр манан дунд сүүмэлзэн байх Буга хайрхан уулыг харахад хол ч юм шиг, Бурмаа минь ядарч яваа болов уу гэж санахад ойр ч юм шиг атлаа хэнээсээ ч ичсэн юм бүү мэд, хээрийн хоймор ганц бие нүүр халуу оргидогсон. Бурмаа ээжийгээ өнгөрснөөс хойш өргөмөл ганц ахыгаа бараадсан хоньчин охин байлаа. Биднийг долдугаар ангид байхад ах нь нэг өдөр давхин ирж 

-Царай зүс алдчихсан байна. Бие нь их дорой байна. Дэргэдээ аваачиж  асарна тэтгэнэ гэж аргадах загнах хослуулсаар аваад явснаас хойш хоёр жил болоход бид уулзаагүй билээ. Харин тэр зун сумын наадам дээр тааралдахад Бурмаа минь өсч өндийсөн ч үгүй, турь муутай жижигхэн биедээ зохисон номхон бор нүд нь улам ч ичимхий, ялимгүй гунигтай тогтуун болж, нөхөөстэй муу ногоон дээл нь хуучивтар сатин дээлээр солигдсон байлаа. Би уулзмагц л -Сургуульдаа очихгүй яагаав гэж асуухад -Зүгээр л гэж аяархан хэлээд нүдэнд нь гийж байсан баярын совин бөхөж царай нь хувиран гунигтай бодлогошронгуй  болоод хоншоор нь элэгдэн цоорох шахсан бахиал гутлынхаа ээтийсэн хошуугаар газар оролдон зогсов. Тэгэхэд нь би өрөвдөх сэтгэл төрж басхүү том эр болсноо үзүүлэх омог орж

-Явъя. Хоёулаа гуанзанд орж хоол идье гэх зуур би мөнгөтэй гэдгээ мэдэгдэн өврөө тэмтэрвэл нүдэнд нь баярын оч гялсхийх шиг болсноо унтарч -Ах харчих байх … гэхээр нь  -За тэгвэл чи яг эндээ намайг хүлээж байгаарай гэж захиад их асрын ард орхин гүйсээр мухлагт очиж авмаар олон юмнаас харамлан хадгалж явсан арван төгрөгөөрөө чихэр боов тэргүүтэн авчирч өгөхөд баярлаж бас жаахан ичсэн бололтой хоёр гараа нийлүүлэн тосч аваад заримыг нь өвөртлөн заримыг нь амталж зогсохдоо -Ямар сайхан амттай юм бэ гэж чин сэтгэлээсээ хэлээд инээмсэглэхэд нь уулыг ч өргөчихмөөр мундаг эр болсон санагдан хоолой шахан бүдүүн дуугаар ярьж дээгүүр харан ташаа тулан ханхайж ч үзэв. Уг нь Бурмаа маань хөөрхөн хонин бор нүдтэйгээс биш эр хүн омог сүрээ үзүүлж ядах доожоотой ч охин биш, би ч гэсэн шалчгар бор банди л байсан шүү дээ.

Энэ өдөр Бурмаа бид хоёр их л ярив. -Ах маань амралтаараа ирээд авч явна, хотод сургуульд оруулна гэсэн гэж бардамнан ярихад Бурмаа -Нагац эгч захиа болгондоо намайг хотод ир гэж тавьсан байдаг юм. Сургуульд оруулж магадгүй гэсэн. Даанч … ах гээд үгээ таслан горьдонгуй намуун дуугаар хэлэв. Наадмаас ирсэн орой аав ээж хоёр -Дорж нөгөө муу Бурмаагаа наадамд дагуулаад очиж…

-Өө тэгээ юу? -Эх нь байхдаа ганц охиндоо гуйж гувшиж, үнэ хаяж байж авч өгсөн жороо халиун морийг нь Дорж сум сунгаад зарчихсан юм гэнэ. Бурмаа нь уйлж унжиж, явна гэж сүйд майд болсон юм байх. Тэгээд л сэтгэлийг нь хуурч хоёр өдөр хонь дагахаас нь холдуулж байгаа нь тэр биз. -Доржийн царай ч дээ, тэгж л таарна. Шагайгий нь мултартал зардаг мөртөө ганц өөдтэй дээл хийгээд өгчихдөггүй юм гэх чинь билээ. Тэгээд бас хар ус уучихаараа зодно. Ишш хөөрхий миний охин ч болоосой. 

-Эхийнх нь үлдээсэн хэдэн малыг Дорж зарж үрээд авдартаа хийчихсэн юм байх. Тэгээд өөрийнхөө мал хөрөнгийг хоёр өрхийн нэр дээр тоолуулаад Бурмаа минь нэгдэлд яасан ч элсэхгүй гээд байх юм, ганц муу дүүгийнхээ аяыг дагахаас яахав гэж ярьж явах юм. -Тийм ч муухай амьтан байх гэж. Архи уучихаад нүцгэн улаан цээжээ ханхалзуулан улцан нүдээ эргэлдүүлээд л шүдээ хавирч суух нь мөн ч аймаар амьтан шүү дээ гэж ярилцахыг сонсоод сая л учрыг ухаарч өрөвдөх үзэн ядахыг харшуулан сууж билээ. Түүнээс хойш үхэр эргүүлэх бүрийдээ Буга хайрханыг дурандан мөөгний хүрээ шиг дугуйран цайрч харагдах олон хот хонины алины нь дэргэд Бурмаа минь яваа бол гэж боддог болов. Бурмаатай уулзан ямар нэгэн юм хэлмээр санагдавч хагас өртөө газар үхрийн бэлчээрээс холдох зүрх дутдаг байлаа. Тэгтэл нэгэн өдөр аав маань баруун хярын адуучингуудаас хоёр морь авчруулахаар намайг явуулахад баярласныг хэлэх юун. Нисэх мэт давхисаар Буга хайрханд гарч Бурмаагаа олж уулзав. Түүний баярлаж байх гэдэг учиргүй. 

Наадмаас ирснээс хойш хонинд явсан, хайдаг бор гунжинд тийрүүлж хоёр хоног доголсон, саахалт айл нүүсэн, их ханан хаданд тошлой ургасан тухай шулганан ярьж ичсэн ч юм шиг хацар нь улаа бутравч өөрийн эрхгүй инээд алдаж байлаа. Харин нүцгэн хоёр хөлөө надаас нуух гэж хормойгоороо тунтравч тэр нь хүрэх биш. -Чи хот руу яваач гэж би түүнд шуудхан хэллээ. Бурмаагийн баяр хөөр ор сураггүй арилж нүдэнд нь гуниг тодрон хуруугаараа оролдон доош харж 

-Харин ээ. Ах загнах болов уу … гэж аяархан хэлэхэд нь -Загнаж л байг. Яадаг юм, заавал явна гээд уйлаад суучихгүй юу. Тэгээд сургуульд орох хэрэгтэй шүү дээ гэж намайг баатарлан хэлэхэд нэлээд чимээгүй сууснаа -Тийм ээ, харин чи бид хоёр нэг сургуульд орох болов уу гэснээ яагаад ч улсхийж харцаа буруулаад 

-Хотод том сам элбэг байдаг болов уу? гэж нэмж асуугаад үсээрээ оролдов. -Байлгүй яахав -Би явсан ч … гэснээ гэнэт царай нь хувиран нүд нь бүлтэгнээд  -Ах ирлээ гэж бачимхан шивэгнүүт ухасхийн босч шилбүүрээ шүүрээд хоёр тавхайгаа гялалзуулан хонь руугаа жирийлгэв. Би ч яаран мордож омогтой шартай тэр эрээс буруулан давхив. Түүнээс хойш би өдөр бүхэн Буга хайрхны зүг дурандаж, Бурмаагаа хот яваасай гэж тэсгэлгүй хүсэн, зарим үед хэрэгтэй юмаа гээчихсэн юм шиг сэтгэл хагсрахын учрыг ухаарч ядан явдаг боллоо. 

Тэр зун тэр ууланд хичнээн янзын цэцэг ургасныг бүү мэд. Үхэр хариулж явахдаа цэцэг түүж бяцхан дэвтрийн завсар хавчуулна. Дэвтэр минь ч төдөлгүй дүүрч би хамгийн гоё, хамгийн том ягаан цэцгийг шилж түүдэг болов.                                                                                      Түүнээ Бурмаадаа өгөхөөр шийдсэн агаад бүхнээс илүү нандигнан хадгалж хүн үзчих вий гэхээс айдас хүрдэг байв. Ямар номноос хэзээ уншсаныг бүү мэд, бүсгүй хүнд ягаан цэцэг бэлэглэдэг гэж бүүр түүрхэн тогтоосноос өөр мэдэх юм үгүй байлаа. Гэхдээ л энэ маань их ховорхон сонин бэлэг санагдан улам том улам сайхан ягаан цэцэг олохын шуналд автдаг байлаа. Тэр үед манайд нэгэн өнчин хар тугал байсныг сайн санаж байна. Тэр үнээдийг үргэлж хогшиж, эсвэл хувинтай сүү уух юм уу, гэрт орж цагаан идээ бусниулдаг болохоор ад үзэгдэх нь олонтой боловч манайхан бүгд л түүнд хайртай байдагсан. Би улам ч илүү хайртай. Бурмаатай адилхан өнчин юм биш үү гэж бодон ээжээс нуун сүү илүүчлэх, эсвэл бэлчээрт өвс түүж өгөх агаад үргэлж эрхлүүлж мааждагсан. Нэгэн өдөр эрх хар маань сэгсгэр даахиндаа үзэгдэж харагдаагүй сайхан гал ягаан цэцэг  оролдуулсаар миний дэргэд ирж билээ. Би баярлахын эрхэнд номоо хаян ухасхийн бостол эрх хар надаас цочиж уруу газар сүүл годойлгон зугтав. Түүнийг би барих гэж ядаад арга зохиож дөрвөн хөллөөд толгойгоо хаялан тоглон наадахад эрх хар нүдээ бүлтийлгэн бөөрөө түнхэлзүүлэн алмайрсан юм шиг зогссоор л байв. Би ч байдаг чадлаараа жүжиглэн ойртсоор хүзүүвчинд нь хариугүй хүртэл үхэр орилолдон мөөрч миний тал бүрээс сүүл агсан дайрав. Айсан нүдэнд олон эвэр түмэн жад шиг сэрийлцэн харагдаж, хашгирах гэтэл хоолой тагжран дэмий л шороо чулуу самардан цацаж байж арай сүлбүүлчихсэнгүй гарав. Намайг чоно болгосныг ухаарч олон үнээдийн дунд маадгар нь аргагүй зогсож байгаа эрх хард уур хүрэх авч басхүү түүний хогшоо зан хөдлөхөд хавирга сүвээг нь цөмөртөл мөргөдөг хөгшин үнээд түүнд ийм хайртай байсанд баярлах сэтгэл төрж яагаад ч юм, Бурмаагаа санан хөнгөн сүүрс алдав. 

Удалгүй ах ирж бид хоёр ч явах дөхлөө. Бурмаатай дахин уулзаж мөнөөх бэлгээ өгөхсөн гэж тэсгэлгүй яаравч эв таарахгүй тул нэгэн өдөр зориг шулуудан бяцхан дэвтрээ өвөртлөөд адууны эрэл сунгаж хонины нь дэргэд давхин очив. Бурмаагийн царай цонхийн турсан агаад нүд нь улам гунигтай тогтуун болж давхраа нь нэмэгджээ. Намайг үзээд баярласан боловч төдөлгүй уруу царайлж 

-“Ах намайг хот руу яасан ч явуулахгүй, чиний заяа чинь энэ” гэсэн гээд нүдэнд нь нулимс мэлмэрэн доош харав. Миний омог бадарч -Ах бид хоёр нөгөөдрийн шуудангаар явна. Чи тэр үед сумын төвд яваад оч. Би ахад хэлнэ. Тэгээд хамт хотод очъё. Харин ах чинь хойноос хөөгөөд очвол сумын захиргаанд мэдүүлж байгаад аваад явна гэж ярихад түүний царайд горьдсон, эргэлзсэн, айсан байдал ээлж дараалан тодорч байв. Тэгэхэд нь:

-Чи айж байна уу? тэр муу ах чинь яаж ч чадахгүй гэхэд -Айгаагүй л дээ гээд аяархан сүүрс алдав. -Ах чинь зөвшөөрөх болов уу? -Миний ах уу? зөвшөөрөлгүй яахав гэж би сайн ахтайдаа баясан хэлэв. Бурмаа хэсэг чимээгүй сууснаа -Надад үүнээс өөр дээл ч байхгүй, бас мөнгө ч байхгүй гэж шивнэх төдий хэлээд уранхай дээлнийхээ хормойг имрэхэд би энэ тухай сая л санаж 

-Аав надад мөнгө өгнө гэсэн. Хот ортол нэг хүний зардалд хэдэн төгрөг авдаг бол гэснээ дэмий юм асууснаа ухаарав. 

-Харин … гээд горьдсон нүдээр өмнөөс ширтэхэд хэлэх үгээ олж ядан 

-Зарим жолооч зардалгүй аваад явдаг юм гэнэ билээ гэхэд 

-Нээрээ юу? гэж баясан дуу алдав.

-Тэгвэл ч болно шүү.

-Бас заавал зардал авна гээд байвал ахаас зээлж цалинтай болохоороо өгчихөж  болно шүү дээ.

-Тэр ч болно л доо. Би хэсэг чимээгүй сууснаа нөгөө дэвтрээ сэмхэн гаргаж зүрх чангалан байж 

-Бурмаа чи үүнийг үзээч гээд сарвайтал 

-Яасан гоё дэвтэр вэ? Ах чинь авчирч өгөө юу? гэж асуун яаран авч эргүүлж тойруулан үзээд хавтсыг нээн цэцгүүдийг сонирхож эхлэхэд миний зүрх жигтэйхэн цохилж хагарчих гэж байгаа юм шиг санагдав. Бурмаа цэцгүүдийг дараалан үзэж гоё сайхныг нь магтан заримд нь хонь их дуртай байдаг юм гэж ярьж байснаа  -Чи энэ цэцгүүдээр яах гэсэн юм бэ? гэж асуун сониуч нүдээр харахад нь чамд өгөх гэсэн юм гэж хэлж чадсангүй.-Зүгээр л гэвэл 

-Зуны даалгавар чинь юм уу гэж асуув.

-Үгүй ээ,

-Тэгээд бас дандаа ягаан цэцэг гэхэд нь би түгдчин байж 

-Ягаан цэцгийг чинь … хүнд өгдөг юм гэнэ лээ гэж арайхийн хэлэхэд 

-Ямар хүнд? гэж асууснаа миний нүүр улайн хажуу тийш харахад сая л ойлгов бололтой -Аан гэж уртаар дуугараад чи тэгээд хэнд … гээд түгдрэн чимээгүй болж доош харахад хацар нь болсон алим шиг улаа бутарч байв. Би түүний хажуугаас тонгойн чихэнд нь ойртож -Би чамд. Бурмаа би чамд өгөх … гэтэл нэгэн хүчирхэг гар шилэн дээрээс базан авч өргөхийн хамт хоолой шахагдан амьсгаа бачимдахад -Ха ха … хаа хаа … гэж тавлан инээх хахирган бүдүүн дуу архирах мэт цууриатаад 

-За ямар байна? Дахиад хэлээч, муу гөлөг чи л хүүхдийн толгой эргүүлж явдаг бий. Хайртай хоёр уу? … дутуу гарсан ишиг шиг та хоёр уу даа … ха, ха ха … хаа хирээ мэдэж яв гөлөг минь гэж хэлээд түлхэж орхив. Би газар мөргөн ойчив. Энэ үед -Ээж ээ гэж бачимдан чарлах Бурмаагийн дуу сонсогдох шиг болсноо чих шуугин нүд эрээлжлэн газар хөмрөх шиг болов. Төдөлгүй сэхээ орвол хайртай дэвтэр минь том гутлын хоншоорт салам өшиглүүлэн хийсэн одоод, турьхан ягаан цэцгүүд нь асгаран унаж дээрээс нь том палигар тавхай гялалзав. Чихний дүнгэнээ намдан дүлий оргиход -Бас цэцгэнд дуртай … нусгай хонгорууд минь ингээд уулзаж байгаарай гэж адгуус мэт занан бархирах нь тэртээ хол юм шиг сонсогдлоо. Хамраа бөглөсөөр өндийж харвал тоос татуулан хөөж яваа хонин дунд Бурмаагийн минь гандсан алчуур торолзож шилбүүрийн дуу тачигнан холдож явлаа. Нулимс, шороотой хутгалдсан би яаран босч уур хорсолдоо багтран -За муу … Дорж чамайг … гайгүй ээ Бурмаа явах юм чинь … гэж хамраа бөглөсөн тул гуншганан хашгирч загнасаар хоцорч билээ. 

Түүнээс хойш газрын хөрсөнд нарийхан үндсээрээ зууралдан, турьхан ишээрээ тулж наран өөд тэмүүлэн ургадаг хээрийн сайхан цэцгүүдийг Дорж палигар том хөлөөрөө газартай наалдуулан бяц дэвсэлж -Ингээд та нар ургаж бай гэж бархиран байх нь нүдэнд харагдан чихэнд сонсогдох шиг болж, ханхар сайхан эр болж ирчихээд түүний булиа хүзүүн дээрээс атган тэнгэрт өргөж Бурмаадаа харуулаад -Чиний хүн дарлаж дээрэлхдэг чинь өнгөрөх нь энэ гэж хэлээд бяц шидэх юмсан гэж хорсон бодсоор байж билээ. Тэр зунаас хойш сайхан цэцэгс хоринтоо дэлгэрч, хорсол минь цагийн хэмэнд элэгдэн арилаад гагцхүү давжаа намхан биетэй, хонин бор нүдтэй охин бяцхан хоёр хөлөө нууж ядан суусан л тодоос тод үлджээ. Бурмаа бид хоёр дахиж уулзсангүй ээ. Хожим сонсвол амьтан ах дүүгийн туслалцаатайгаар саналаараа сангийн аж ахуйд явж, сайн ханийн заяа түшин сайхан амьдарч яваа дуулдсан. Тэрхэн үедээ Доржийн хөлд гишгэгдсэн мэт санагдаж байсан тэр зуны цэцэгс улам өнгөтэй, улам олон болон дэлгэрснийг бодоход харанхуй хар дотортой тэрхүү балмад эр уур хорондоо багтран хөлийнхөө тавгийг хорстол газар дэвсэлснээс биш, нэг ч цэцгийг гишгээгүй мэт санагддагсан. Харин тэрээр палигар том хөлөөрөө Бурмаа бид хоёрын гэнэн хонгор сэтгэл, хүсэл тэмүүллийг бяц дэвсэлж чадаагүйгээ ойлгосон эсэхийг бүү мэд ээ.

Төрийн шагналт зохиолч Далхаагийн НОРОВ

Categories
мэдээ цаг-үе

Х.Ержан: Чанаргүй зам тавибал тендерт орох эрхийг нь хязгаарлана

Зам тээврийн дэд сайд Х.Ержантай ярилцлаа.

-Пүрэв
гаригийн Засгийн газрын хуралдаанаар танай яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяаг
үүрэгт ажлаас нь чөлөөлж Ё.Манлайбаярыг томилохоор болсон байна. Яг ямар шалтгаанаар
ажлаас нь түдгэлзүүлэх болов?

-Төрийн нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх асуудлыг Засгийн
газраас шийдвэрлэдэг. Тэр бүрэн эрхийнхээ хүрээнд Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяаг
үүрэгт ажлаас нь чөлөөлж Ё.Манлайбаярыг томилсон.

-Б.Батзаяа
даргатай та уулзаж ярилцав уу. Өөрөө ямар байр суурьтай байх юм?

-Б.Батзаяа дарга Сэлэнгэ рүү томилолтоор явчихсан байсан тул уулзаж
амжаагүй.

-Энэ
онд ямар аймгуудыг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох вэ. Ажлын явц ямар байгаа
бол?

-Шинэчлэлийн Засгийн газрын томоохон зорилтуудын нэг болох бүх аймгуудыг
нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох зорилт нэлээд амжилттай явж байна. Өнгөрөгч
онд дөрвөн аймгийг Улаанбаатартай холбосон бол өнөө жил Дорнод, Өмнөговь, Сүхбаатар,
Хөвсгөл гэсэн дөрвөн аймгийг хатуу хучилттай замаар холбохоор ажиллаж байгаа. Зам
тээврийн яамны зүгээс ажлын хэсэг гарган тодорхой хуваарийн дагуу уг дөрвөн аймаг
мөн бусад бүтээн байгуулалт явагдаж буй аймгуудаар сайд, дэд сайд, Төрийн нарийн
бичгийн дарга нараар ахлуулсан ажлын хэсэг томилогдож ажлын явц байдалтай  танилцлаа. Түүний дараа Засгийн газрын ээлжит
хуралдааныг Булган аймгийн Хутаг-Өндөр суманд зохион байгуулсан. Яагаад уг газрыг
сонгох болсон гэхээр Хөвсгөл аймгийг холбох гол зам Хутаг-Өндөр сумыг дайран өнгөрдөг.
Тиймээс Булган аймагт тавигдаж буй зам Хөвсгөл аймагт тавигдаж буй замын явцыг Засгийн
газрын гишүүд газар дээр нь үзээд ажлын явцыг эрчимжүүлэх, замын чанарт хяналт тавих
талаар хэлэлцсэн. Уг замыг энэ онд дуусгахыг манай яаманд үүрэг болгосон. Энэ үеэр
тухайн гүйцэтгэгч компанийн удирдлагууд, тухайн сумын иргэд оролцсон. Гэрээний дагуу  хугацаандаа ажлаа хүлээлгэж өгөх компани байхад
хугацаандаа багтахааргүй байгаа зарим компаниудын ажлыг эрчимжүүлэхээр болсон.

Хутаг-Өндөр сум нь “Шинэ сумын шинэчлэл” төсөлд багтсан сум байгаа
юм. Тиймээс орон нутагт Засгийн газрын хуралдааны үеэр иргэдийн саналыг авах, шийдвэр
тогтоомжуудыг танилцуулсан үр дүнтэй хурал болж өнгөрсөн. Хөвсгөл аймгийг нийслэлтэй
холбох 253 км замын барилгын ажил 68 хувьтай ид явагдаж байна. Үүнээс 79 км замыг
Эйч Кей Ви компани дуусган ашиглалтад өгөхөөр болсон. 29 км замыг үндэсний Пигдевелопмент
компани хийж дууссан. Одоо заслын ажил хийгдэж байгаа юм. Улсын комисс хараахан
хүлээж аваагүй байна. Дорнод аймгийн 289 км замын ажил 79 хувьтай байгаа. Уг зам
дээр Насны зам компани 143 км зам тавихаар хариуцсан ч ажлын явц удааширч энэ жил
ашиглалтад орох боломжгүй байсан тул Засгийн газрын шийдвэрээр гүйцэтгэгч компанийг
сольсон.

-Гүйцэтгэгч
компанийг хэрхэн сольсон бэ?

-Гүйцэтгэгч компанийг Зам тээврийн яамнаас шалгаруулж Хөгжлийн банк
руу материалыг явуулсан. Хөгжлийн банк гүйцэтгэгчийг баталгаажуулж байна. Сүхбаатар
аймгийг холбох зам нь 178 км бөгөөд хоёр гүйцэтгэгч компани ажлаа явуулж байгаа.
Аравдугаар сарын 30 гэхэд ашиглалтад оруулахаар болсон бөгөөд ажлын явц 46 хувьтай
байна. Өмнөговийн 296 км замын ажил нэлээд урагштай байгаа юм. Сайд өөрөө очиж ажлын
явцтай танилцсан. Эдгээрээс гадна Завхан, Говь-Алтай болон баруун гурван аймгийг
холбох замын ажил хэвийн явагдаж байна. Завханд 200 гаруй км зам, Говь-Алтай аймагт
128 км замын ажил явж байгаа бол үүнээс гадна 250 км замыг Эдийн засгийн хөгжлийн
яамны концессийн гэрээгээр барина. Ховд, Баян-Өлгий, Увс аймгуудыг нийслэлтэй холбох
замын ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа. Энэ мэтчилэн бүх аймагт бүтээн байгуулалтын
ажил явагдсаар байна даа.

-Замын
чанарын асуудал хэр байгаа вэ. Дорноговийн зам дээр гэхэд хоёр см хүрэхгүй зузаан
хучилт хийгдсэн зам эвдэрч осол гарч байгаа талаар мэдээлэл гарч байна. Улсын мөнгийг
ингэж үрж болохгүй байх аа?

-Замын чанар дээр асуудал бийг нуугаад байх юм алга. Чанарын асуудал
хоёр талтай. Замын хучилтын стандарт нь таван см байдаг. Үүнээс зузаан зам тавина
гэхээр нэг км зам тавих өртөг нь нэмэгдчихдэг. Энэ тухай асуудлыг манай яамнаас
Эдийн засгийн хөгжлийн яаманд тавьж байсан. Замын стандартыг өөрчлөх гэхээр өртөг
нэмэгдэх тул үүнийг одоогоор өөрчлөх боломж байхгүй гэсэн хариу өгсөн. Таван см-ын
зузаантай хатуу хучилттай замыг чанартай тавьж болно. Стандартын дагуу тавьж байгаа
олон ч компани бий. Замын компаниуд технологийн горимыг барихгүй байгаагаас чанаргүй
зам баригдаж байна. Гэрээний дагуу хэрэв тухайн зам эвдэрсэн тохиолдолд гүйцэтгэгч
компани өөрсдийн хөрөнгөөр дахин засч байгаа. Хөгжлийн банкны санхжүүжилтээр хийгдэж
буй замууд гурван жилийн баталгаатай байдаг. Замаа хүлээлгэж өгсөн ч гэсэн гурван
жилийн хугацаанд тэр замынхаа арчилгаа, засварыг хийдэг гэсэн үг. Таны асуусан уг
зам Дорноговь аймагт гарсан байсан. Уг замыг зам тавьсан компани нь өөрийн хөрөнгөөр
засч хэвийн байдалд оруулж байгаа. Түүнчлэн манай оронд 10-аас дээш жил болчихсон
2000 орчим км хатуу хучилттай хуучин зам бий. Дархан, Өвөрхангай чиглэлийн хуучин
замууд гэх мэтчилэн шинэчлэл хийх замууд байгаа юм. Санхүүгээс болж нэлээд хугацаа
авсан уг замууд буюу Дархан, Төв, Өвөрхангай чиглэлийн замуудыг шинэчлэх хөрөнгийг
наадмын өмнөхөн шийдээд байна. Тухайн чиглэлийг хариуцаж байгаа АЗЗА төрийн өмчит
компаниудтай гэрээ байгуулан зам засварын ажил эхэлсэн.

-Чанаргүй
зам тавьсан компаниуд өөрсдийн хөрөнгөөр дахин засварлаж байгаа ч эхнээсээ чанартай
зам тавьж болдоггүй юм уу. Ажлаа хариуцлагагүй хийсэн энэ мэт компаниудад ямар арга
хэмжээ авч байна?

-Мэдээж замын чанар дээр гүйцэтгэгч компани хариуцлагаа хүлээнэ.
Мөн хяналт тавьж буй зөвлөх компани хариуцлага хүлээх ёстой. Учир нь эхнээс нь зөвлөх
компаниуд нь технологийн горимын дагуу замаа тавьж байна уу, асфальт, бетоны хольц
нь стандартынхаа дагуу хийгдэж байна уу гэдэг дээр хяналт тавина гээд гэрээн дээрээ
ч заагаад өгчихсөн. 2012 онд Зам тээврийн яам байгуулагдсанаас хойш замын гүйцэтгэгч
компаниудад хариуцлага хүлээлгэдэг болсон. Чанаргүй зам барьж байгаа компаниудын
гэрээг хүчингүй болгож өөр компаниудад өгч эхэлсэн. Эдгээр компаниудын тусгай зөвшөөрлийг
хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авах болсон. Эсвэл хар жагсаалтад гүйцэтгэгч
болон зөвлөх компаниудыг оруулан манайтай холбоотой ямар ч тендерт орох эрхийг хязгаарлах
гэх мэтээр хариуцлага тооцон ажиллаж байна.

-Замын
зарим компаниуд Зам тээврийн яам өнөөдөр тендерээ зарлачихаад маргааш шалгаруулна
гэж байна. Компани нь тодорхой болчихож гэсэн хардлагын үгс чулуудаж байгаа харагдсан.
Тендерийг тэгж хурдан зарладаг болсон юм уу?

-Энэ жил тендер зарлагдсан замын төсөл манай яаман дээр байхгүй.
Учир нь Эдийн засгийн хөгжлийн яам концессийн гэрээгээр замуудыг гүйцэтгүүлэх Засгийн
газрын шийдвэр гарсан. Бидний хувьд хүчингүй болгосон замуудыг шууд гэрээгээр шуурхай
байдлаар дараагийн гүйцэтгэгчид олгох байдлаар журмын дагуу Хөгжлийн банк руу материалыг
нь өгүүлсэн. Үүнийг тэгж ярьж байж магадгүй.

-Бид  нүүрсээ 
бага өртгөөр гадагш нь тээвэрлэхийн тулд төмөр зам зайлшгүй хэрэгтэй байна.
Төмөр замынхаа асуудлыг хэзээ шийдвэрлэх вэ. Бид нүүрснээс л мөнгө харж байгаа шүү
дээ?

-Нүүрсийг төмөр замаар тээвэрлэж гаргах өртөг нь авто замаар тээвэрлэхээс
хамаагүй бага. Үүнтэй холбоотойгоор төмөр замын бүтээн байгуулалтын ажил явагдаж
байна. Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн 225 км замын бүтээн байгуулалтын ажил ноднингоос
эхлэн хийгдэж байгаа. Газар шорооны ажил нь 80 хувьтай, гүүр хоолойн ажил 50 хувьтай
явна. Бэрхшээл тулгарч байгаа ч Засгийн газар Хөгжлийн банк удахгүй үүнийг шийдвэрлэх
байх аа. Шинэ төмөр зам төслийн 49 хувьд гадаадын хөрөнгө оруулалтыг татах тал дээр
Монголын төмөр зам компани ажиллаж байгаа. Гадаадын хэд хэдэн компани хөрөнгө оруулахаар
саналаа илэрхийлээд байна. Аль компаниас хичнээн төгрөгийн хөрөнгө оруулалт авах
вэ гэдэг дээр судалгааны ажил хийгдэж эхэлсэн.

Царигийн хувьд Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт
бичигтэй холбоотой тул УИХ-аар шийдэхээр болсон. Наадмын өмнө УИХ-аар нэг яригдсан
ч түр хойшлогдоод байна. УИХ-аар ойрын үед ярилцан шийдвэрлэх биз дээ. Шинэ төмөр
замыг төлөвлөгөөний дагуу 2016 онд ашиглалтад оруулах зорилттой ажиллаж байна.

-Өргөн,
нарийн царигтай төмөр зам барина гэж байгаад больчихсон. Одоо юу болж байна вэ?

-Өргөн, нарийн царигтай төмөр зам тавья гэсэн шийдвэр гараагүй. Боомтын
гэгдэх 13.5 км замыг нарийн царигаар тавих шийдвэр гараад Гашуун сухайтын төмөр
зам гэдэг төрийн өмчийн компани байгуулсан. 51 хувь нь Монголынх, 49 хувь нь Хятадын
Шинхуа гэдэг компани төмөр зам тавихаар зураг төслөө хийгээд явж байна.

Ухаа худгаас Сайншанд Чойбалсан Хөөт Бичигт чиглэлийн 1600 км замын
ТЭЗҮ, зураг төсөл бэлэн болсон. Японы Ниппон Койяа компани ажлласан байгаа. Ирэх
онд энэ чиглэлийн төмөр замын ажил эхлэхэд бэлэн болсон.

-Манай
оронд аль царигийн төмөр зам нь ашигтай вэ?

-Төмөр замын царигийн асуудал нэг талаасаа улс төр болчихоод нөгөө
талдаа аль нэг царигийн давуу байдлыг ярьдаг маргаан болж байна. Уг асуудлыг бүрэн
эрхийнхээ дагуу УИХ шийдэх ёстой. Их хурлаас гарсан шийдвэрийг Засгийн газар,  Зам тээврийн яам хэрэгжүүлэх ёстой.

Үүний хажуугаар манай яам УБТЗ нийгэмлэгийн төмөр замын шинэчлэлийн
ажилд маш их анхаарал хандуулж байгаа. 2013 онд 21.0 сая тн ачаа тээвэрлэсэн бол
2015 онд 34.0 сая тн ачаа тээвэрлэхээр төсөвлөж байна.

Монгол Улсыг дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, нэвтрүүлэх
чадварыг ихэсгэх талаар хөрш хоёр оронтой тодорхой тохиролцоонд хүрч ажиллаж байна.
Яг өнөөдөр эдгээр асуудлуудаар Зам,Тээврийн сайд А.Гансүх ОХУ-ын Тээврийн сайдтай
Москвад ажил, хэргийн уулзалт хийж байна.

-Замын
бүтээн байгуулалтын ажилд үндэсний компаниуд хэр оролцож байгаа вэ. Гадны компани
чанартай зам тавьдаг ч үндэсний компаниудын эсэргүүцэлтэй их тулгардаг шүү дээ?

-Зам тээврийн яамыг тусад нь байгуулсан нь нэлээд ач холбогдолтой.
Зам тээврийн салбарыг эдийн засгийн хамгийн чухал салбарын нэг гэж хараад тусад
нь байгуулсан нь зөв алхам болсон. Бид дэд бүтцээ тавьж чадахгүйгээр уул уурхайн
баялгаа зөөж чадахгүй. Уул уурхайн бүтээгдэхүүний өгөөжийг хүртэхийн тулд дэд бүтэц
тэр дундаа төмөр зам, агаарын зам, авто тээвэр чухал үүрэгтэй. 2012 оны сүүлээр
Ерөнхий сайд манай яаманд ирж бүх замын компанитай уулзалт хийсэн. Тухайн үед замын
бүтээн байгуулалтын тендер хэдэн он дамжчихсан төсөвт өртөг нь нэмэгдсэн байсан.
Тэр үед дийлэнх компани нь гадаадын компани байсан. Ерөнхий сайд “үндэсний компаниудаа
дэмжинэ” гээд 2013, 2014 оны бүтээн байгуулалтад үндэсний компаниуд түлхүү орсон.
Өнөөдөр замын бүтээн байгуулалтад оролцож буй компаниудын 70 орчим хувь нь үндэсний
компани болсон. Үндэсний компаниуд зам барихын хирээр чадавхжиж байгаа. Өмнөх жилүүдтэй
харьцуулахад шал өөр болчихсон. Тиймээс үндэсний компаниудаа дэмжих бодлого барьсаар
байгаа.

-Агаарын
тээврийн чиглэлд шинэ нислэг үйлдээд ахиц гарч байх шиг байна. Агаарын тээврийн
тал дээрх шинэчлэлийн талаар ярихгүй юу?

-Иргэний нисэхийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг
баталсан. Үүний хүрээнд олон улсын шинэ нислэгийн шугам нээх ажил хийгдэж байгаа.
Бид далайд гарцгүй тул агаарын тээврийн салбарыг тэргүүлэх хэмжээнд авч үзнэ хэмээн
Засгийн газрын хөтөлбөрт ч туссан. МИАТ-д үндэсний гэсэн статус олгон ажиллаж байна.
Саяхан Франц улс, Европын хаб гэгддэг Герман улсын Франкфуртэд шинэ чиглэл нээгдсэн.
Шинэ чиглэл хэдий ч зорчигч олонтой байгаа юм. Азийн чиглэлд есдүгээр сарын 20-ноос
Сингапурын чиглэлд МИАТ компани нислэг үйлдэхэд бэлэн болоод байгаа.

-Авто
тээврийн салбарын талаар ямар ажил хийгдэж байна вэ?

-Автозамын тээвэр манай яамны гол салбарын нэг. Манай улсад авто
тээврийн салбар, авто тээврийн хэрэгсэлтэй харьцдаггүй нэг ч аж ахуйн нэгж, иргэн
байхгүй гэдэгтэй санал нийлэх биз дээ. Иймд энэ салбарыг хууль эрх зүйн хувьд ч
тэр, техник технологийн хувьд ч тэр шинэчлэх цаг аль хэдийн болсон.

Үүний тулд манай яам Төрөөс Автозамын тээврийн талаар баримтлах бодлогын
баримт бичгийг боловсруулан УИХ-ын холбогдох байнгын хороонд оруулсан байгаа. Мөн
Автотээврийн хуулийн шинэчилсэн найруулгыг бэлтгэж бэлэн болгосон. Ирэх 2015 онд
автотээврийн салбарын 90 жилийн ойн болно. Уг ойг угтаж автозамын тээврийн салбарт
ачаа тээвэр, зорчигч тээвэр, улс хоорондын тээврийн нэлээд том шинэчлэл хийхээр
төлөвлөөд ажиллаж байна.

 

Э.ЭНХБОЛД

 

Categories
мэдээ цаг-үе

Хагас зуун өнгөрсөн ч найзууд хэвээрээ 10а-гийнхан

ХИЙЖ, БҮТЭЭСНЭЭРЭЭ ХЭЗЭЭД ДУУРСАГДАХ АНХДАГЧИД

Тэртээ 55 жилийн өмнө нэгэн ширээнээ тохой нийлүүлэн сууж байсан охид, хөвгүүдтэй уулзлаа. Тэд бол Архангай аймгийн Цэцэрлэг сумын нэгдүгээр арван жилийн сургуулийн 1959 оны төгсөгчид.

Нэгнийгээ танин ядан тэврэлдэх тэдний уулзалт дурсамж, инээд хөөр, баяр догдлолоор дүүрэн ажээ. 50 жилийн ойгоороо уулзалдсан тэдний зарим нь ач, зээгээрээ бүл нэмсээр байх ч зарим нь орчлонгийн жамаар хорвоог орхижээ. Жил ирэх бүр уулзалтад ирэх энэ ангийнхны ам бүлийн тоо цөөрсөөр байгаа ч 10 гаруй хүн ирсэн байв. 

Тэд аль хэдийнэ улс эх орондоо хийж бүтээхээ хийчихээд, насны намартаа налайчихсан сууна. Тиймдээ ч олны нэрлэж заншсан Сонгинын амралтад хэд хоног амрангаа, арван жилийн дурсамж дүүрэн яриагаа өрнүүлэн байна.

“Бид чинь 44-үүлээ төгсөж байлаа” гэсээр ангийн дарга Г.Магвансүрэн гуайн яриа эхэлсэн билээ. Хууч хөөрөөд нэгнийхээ өрөөнд суухдаа ч, цайны өрөөнд ороод хоолоо идэхдээ ч тэд Г.Магвансүрэн гуайг “Ангийн дарга аа” хэмээн хүндэлж, тусгай суудал аль хэдийнэ бэлтгэчихсэн байна. Ямартаа л сургуулиа төгссөний 50 жилийн ойгоороо ангийн хүү С.Цэдэнсодномын эрхлэн гаргасан “Насаараа бид нэг ангийнхан” номонд “…Тавь гаруй жил даргаллаа, дахиад олон жил биднийгээ удирдаарай, дотны нөхөд ангийнхан чинь дахин дахин өргөмжилж дурсамж номынхоо хойморт заллаа…” хэмээсэн байгаа юм. 

Г.Магвансүрэн гуай зөвхөн ангийнхныгаа манлайлсан төдийгүй ажил хөдөлмөрийн он жилүүддээ хүүхэд багачуудыг эрдэм номд уриалан дуудсан хүн. Тус ангиас төрсөн гурван багшийн нэг нь Г.Магвансүрэн гуай билээ. Тэрээр Архангай аймгийн Цэцэрлэг сум, нийслэлийн 46 дугаар сургууль, 40 дүгээр сургууль зэрэгт математик, физикийн багш, сургуулийн захирлын ажлыг тасралтгүй 33 жил хийсэн гавьяатай. Түүний шавь нар нь өдгөө төрийн болон улс нийгмийнхээ тустай ажилд хүчин зүтгэж яваа юм. Тухайлбал, УИХ-ын дэд дарга асан С.Төмөр-Очир, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Г.Уянга зэрэг олон хүнийг захаас аван нэрлэж болохоор ажээ.

Энэ ангиас хоёр гэр бүл төрсний нэг нь ангийн даргынх. Түүний гэргий Ш.Энэбиш ангийнхаа химийн хичээлийн аварга байлаа. Тиймдээ ч тухайн үеийн АУИС төгсч, сүрьеэ, уушгины нэгдсэн төвд насаараа ажилласан хүн. Гэхдээ түүний ажиллаж, хөдөлмөрлөсөн тухай ярихаасаа илүүтэйгээр ангийн уулзалтуудыг зохион байгуулагч, хэзээ ч гэрт нь орсон аль байдгаараа дайлж суудгийг нь ангийнхан нь ярих дуртай юм билээ. Тиймдээ ч “Ангийн галын бурхан” хэмээн Ш.Энэбиш гуайг хүндэлдэг ажээ. 

Ангийн өөр нэг гэр бүл нь Ц.Амаржаргалынх. Орос улсад техникийн мэргэжил эзэмшиж, Батсүмбэр, Октъябр, Жаргалантын сангийн аж ахуйг байгуулалцаж байсан түүхэн гавьяатай нэгэн гэвэл түүнийг хэлнэ. Ажил амьдралаа газар тариалантай холбосон Ц.Амаржаргал гуайн хөдөлмөрийн талаар сонин хэвлэл, телевиз радиогоор олонтаа гарч байсныг уншигчид маань санах биз ээ. Түүний гэргийг Ч.Роза гэдэг. Төв аймгийн Сүмбэр суманд төвхнөж, орсон гарсныг өөрсдийн гараар бэлтгэсэн хүнсний ногоо, жимс жимсгэнээрээ дайлж суудаг байсан түүнийг ангийн нөхөд нь энэ удаа гэгээхнээр дурсах гунигтай ховь тохиожээ.   

Долоо хоног бүр авдаг байсан тооны хичээлийн хяналтын ажилд үргэлж онц гэсэн дүн авдаг байсан өөр нэг хүн бол Н.Дашмягмар. Ангийнхан нь түүнийг “Шомбоон” хэмээн хочилно. Өөрөө ч тэр нэрэндээ тун дуртай гэсэн. Тэрээр энэ удаагийн уулзалтад ирэх үедээ бие нь жаахан чилээрхүү байсан ч ангийн найзуудаа хараад сэтгэл нь хөөрч, ёстой л “шоволзоод” байгаа хэмээн нөхөд нь цаашлуулах. Н.Дашмягмар гуай мөн л эрхэлсэн ажилдаа эзэн нь байж ирсэн хүн. Үүнийг нь хоёр газраас “Алтан гадас” одонд тодорхойлж байснаас нь харж болохоор.

“Манай хүн чинь хоёр алтан гадастай хүн дээ. Надад нэгийг нь зарчих гэхээр өгдөггүй юм” гэж найзууд нь тоглоом хийнэ. 1963 онд тухайн үеийн УБДС-ийн тоо, физикийн ангийг төгсч төрөлх нутаг Цэцэрлэгийнхээ сургуульд багшилж, улмаар Чулуут сум, Эрдэнэт хотуудад багш, хичээлийн эрхлэгч, захирал хийж явсан учир Цэцэрлэг, Эрдэнэт хотын сургуулийн захиргаанаас нэгэн зэрэг “Алтан гадас” одонд тодорхойлсон нь тэр байв. Хоёр газраас “Одон өгье” гэхэд нь “Авах уу, яах уу” хэмээн ангийн дарга Г.Магвансүрэн рүүгээ утас цохиж байсан нь ч бас л сонин түүх. Ангийн дарга хариуд нь “Авчих аа. Аваад авгайдаа өгчихгүй юу” гэж байсан удаа бий. Н.Дашмягмар гуай 10 сайхан хүүхэдтэй хүн. Ангийнхаа хамгийн олон хүүхэдтэй гэсэн тодотголтой. Сонирхолтой нь эхний есөн хүүхэд нь хүү, арав дахь нь охин гэнэ. Зургаан хүү төрж, охинтой болохын хүслэн явахдаа ангийн даргынхаа охины бойтгийг хулгайлаад баригдаж байсан нь тун хөгжилтэй. Тэр бойтгоо долоо, найм дахь хүүдээ өмсүүлсөн ч ес дэх нь хүү гарсан. Харин аавын хүсэл арав дахь хүүхэд төрөхөд биеллээ олж хөөрхөн охинтой болсон гэнэ.

Ангийнхнаа сурлагаараа тэргүүлдэг байсан өөр нэг аварга тоочин, сайхан бичигтэн нь Н.Энэбиш. Ангийхнаасаа Украйны ХАА-н академид суралцагсдын нэг нь тэр билээ. Монголоос очсон оюутнуудаас хэлний бэлтгэлгүй шууд нэгдүгээр дамжаандаа орсон хэдхэн оюутны нэг нь Н.Энэбиш байсан гэдэг. Тэрээр эх орондоо ирээд мөн л анхдагч болж чадсан. Учир нь тэрээр тухайн үеийн Хүдэрийн тэжээлийн аж ахуйг байгуулалцаж байсан гавьяатай. Өдгөө 70 гаруй насыг наслахдаа ч бусдыг манлайлсан хэвээр яваа. Учир нь тэрээр 1990 оноос хойш өдгөөг хүртэл Сэлэнгэ аймгийн Ажил олгогч, эздийн нэгдсэн холбоог тэргүүлэн ажиллаж байгаа юм.

Н.Энэбишийн гэргий хэдийгээр өөр ангийнх бас насаар жаахан дүү ч гэсэн аль хэдийнэ энэ ангийн “хүүхэд” болжээ. Манай ангийн хөөрхөн бэр хэмээн нөхөд нь ярина. Н.Энэбиш багадаа сургуулийн захирал Ж.Вандангийнд суудаг байж. Харин гэргий болсон Д.Үл-Олдох Ж.Вандан захирлын хамаатан. Д.Үл-Олдох нэг удаа тооны хяналтын ажилдаа муу дүн авч, Н.Энэбиш хичээл давтуулах болсон нь сайхан үерхэл, сайхан гэр бүлийн үндэс болсон нь тэр байлаа. 

Д.Үл-Олдох өдгөө яг л энэ ангийн хүүхэд шиг уулзалт бүрт хамтдаа цуглаж, дурсамж, дурдатгал дүүрэн яриа өрнүүлдэг юм билээ.

Энэ анги Д.Бурмаа, Л.Жаргал, О.Сайжмаа, Б.Соном, Ш.Энэбиш  гэсэн таван эмчтэй. Л.Жаргал, Б.Соном хоёр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн учир энэ удаагийн уулзалтад Д.Бурмаа, О.Сайжмаа, Ш.Энэбиш гурав иржээ. 

Д.Бурмаа бол Монголд анх удаа хиймэл бөөрний аппаратыг суурилуулах ажилд гар бие оролцож байсан ачтан. Өдгөө өвчиндөө шаналсан олон хүн энэ аппаратны тусламжтайгаар өдөр өдрийн гэрэлт нарыг харж байгаа билээ.

Харин О.Сайжмаа есдүгээр ангиа Увс аймагт төгссөн ч аравдугаар ангидаа Цэцэрлэгийн арван жилд ирж суралцсан юм. Хэдийгээр ганцхан жил сурсан ч энэ ангийнхантайгаа үргэлж хамт байж, жаргал зовлонгоо хуваалцан насаараа хамт яваа гэнэ лээ.

10а анги цэргийн нэг хүнтэй.  Түүнийг Б.Лхагвасүрэн гэдэг. Цэргийн ахмад цолтой. Тухайн үеийн ХААДС-ийг агрономич мэргэжлээр төгссөн ч ажил, амьдралын нугачаанд эх орныхоо дархан хилийг хамгаалах хүндтэй үүрэг хүлээсэн нэгэн.  Ангийн нөхөд уулзалт бүртээ гэр бүлийн хүнтэйгээ ирдэг уламжлалтай. Б.Лхагвасүрэн ч хань И.Төмөрбаттайгаа ирдэг байв. Соёл, боловсрол, урлагийн байгууллагад насаараа зүтгэсэн Соёлын гавьяат зүтгэлтэн И.Төмөрбат гэхээр олон түмэн андахгүй танина. Гэхдээ хөгшин нь өөд болсон учир энэ удаагийн уулзалтад Б.Лхагвасүрэн ганцаараа иржээ. 

Ангийнхаа урлагийн үзлэгийг ганцаараа шахам “аваад гарчихдаг”, уран сайханч, яруу найрагч, зохиолч хүн бол С.Цэдэнсодном. Дээр хэлсэнчлэн 50 жилийн ойгоороо ангийнхныхаа түүхэн номыг бичсэн хэмээн “охид, хөвгүүдээрээ” магтуулан суугаа түүнийг жил бүрийн математикийн хичээлийн шалгалтын ерөнхий тестийг бодолттой нь хамт ном болгон гаргадаг хүн гэхээр сурагчид болон эцэг эхчүүд андахгүй сайн мэднэ. 10 а ангийнхан 50 жилийн ойгоороо уулзалдсанаас хойш тэгш ой, эсвэл жил бүр уулзалдахыг хичээх болсон. Үүний эхлэлийг С.Цэдэнсодном тавьсан гэхэд болно. Учир нь тэрээр 2006 онд хүндээр өвдөхөд ангийн найзууд нь “уулзалдъя, найздаа дэм болъё” болцгоожээ. Удалгүй түүний бие ч тэнхэрч, ангийнхан ч ойр ойрхон уулзалдах болсон нь энэ юм. Ингэхдээ жил бүр ээлжлэн нэг нэгнийдээ зочилно. Өнгөрсөн жил Сэлэнгэ явж Н.Энэбишийнд очсон бол түүний өмнөх жилд нь Ц.Амаржаргалынд айлчилцгааж байжээ. С.Цэдэнсодномынд, И.Төмөрбатынд гээд тэдний уулзалтууд олон.

Нэг ангийнхны уул­залтдаа ирсэн хүмүүсийн намтрын тухай товч сонсоход л ийм байсан юм. Тэднээс гадна ирж амжаагүй олон нөхөд нь бий. Тэдгээр нөхдүүд нь ч гэсэн томилогдон очсон салбар бүртээ анхдагчид, бүтээн байгуулагчид байсан гэдгийг ангийн андууд нь дурсан ярьж байлаа.  

АНГИЙН БАГШАА МОД МӨРГҮҮЛСЭН НЬ БУЮУ ГАХАЙТЫНХАН

Сурагч ширээгээ орхиод 55 жил болсон ч яг л хүүхэд ахуйн гэнэн цайлган зангаараа уулзалдах тэдний инээд хөөр цалгисан дурсамж яриа тун хөгжилтэй. 10 а ангийнхныг дээд, доод төгсөлтийнхөн болон сургуулийн багш нар нь ангийн багш н.Хайнзангаа мод мөргүүлсэн гэдгээр нь анддаггүй. Гарын арван хуруунд багтахаар цөөхөн охидтой байсан болохоор ч тэр үү энэ анги сахилгагүй гэдгээрээ тун алдартай. Ямартаа л багшийгаа мод мөргүүлж байхав дээ. Г.Магвансүрэн, С.Цэдэнсодном, Н.Энэбиш гээд хэдэн хөвгүүн угаас хичээлдээ сайн тул хэдийгээр хаврын шалгалт эхлэх дөхөж байсан ч сургуулийн түлээ бэлтгүүлэхээр ууланд явуулна. Харин тэд н.Хайнзан багшийгаа уулын уруу уралдъя гэсээр хамт уралдана. Гэхдээ уралдах явцдаа багшийгаа хоёр талаас нь шахаж гүйсээр ширэнгэн ойд тулгаж, мод мөргүүлж байсан удаатай.  

Нэгнийхээ гар хөлөөс нь барьж байгаад, бусад руугаа сэвдэг байсан нь энэ ангийн дэггүй байсныг илтгэх биз. 

Хөгжилтэй, дурсамжтай ярианы нэг нь сумын дотуур байртай холбогдоно. Ангийн хөвгүүд болох Г.Магвансүрэн, С.Лувсан, Ч.Хорлоо нар дотуур байрны эхний өрөөнд байх. Бохир заваан суух тул хэн ч юм бүү мэд гахай зураад хаалган дээр нь наачихжээ. Үүнээс хойш гахайтынхан нэр авч, байранд орж гарсан хүүхдүүд “муу гахай” хэмээн цохисоор байгаад хаалга нь нурж унаж, цонх нь хагарч байсан билээ. Ч.Хорлоо гэхээр Булган аймгийн Сайхан сумынхан андахгүй болов уу. Тун саяхан тус сумын сургуулийг түүний нэрэмжит болгосон ажээ. Ч.Хорлоо дүрсгүй байсан болоод ч тэр үү ангийнхан нь түүгээр их тоглоно. Түүнийг хэзээнээсээ мангас гэж хочилсоор иржээ. Нэг удаа “Хорлоо чи сагнам гээд хэл дээ” гэж гэнэ. Тэгсэн нөгөөх нь “сагнам, сагнам” гээд л, нөхөд нь ч хэлэх бүрт нь инээлдээд л байж гэнэ. Маргааш нь Ч.Хорлоо “Хүүе, тэр сагнам гэж юу гэсэн үг юм бэ. Би словариас хайгаад олсонгүй” гэжээ. Сагнам гэдэг нь мангас гэсэн үг бөгөөд тухайн үед үг тонгоргож хэлэх, ярих “мода” байсан аж. 

Байртай холбоотой өөр нэг дурсамж бол ангийн охин Д.Бурмаа, Ш.Энэбиш нар Г.Магвансүрэнгийн боорцгийг хулгайлж иддэг байсан түүх. Хөдөөнөөс ирсэн боорцогны амттайг хэлэх үү, ангиа цэвэрлэх, улмаар алчуур авчрах нэрийдлээр дотуур байр руу ордог байж. Тэгээд ангийн даргынхаа өрөөнд орж, авдарных нь арын хадаасыг сугалж байгаад боорцогноос нь иднэ, тэнд байх охидоос ирсэн захиаг уншина. “Миний захиануудыг уншдаг байсан юм” хэмээн инээж суугаа Г.Магвансүрэн гуай хожмоо Ш.Энэбиштэй амьдралаа холбоно хэмээн тухайн үед хэрхэн санах билээ. 

Ангийн охид хэдүүлэхнээ байсан ч хөвгүүддээ мөчөөгөө өгнө гэж байхгүй. Зузаан ултай эсгий гутлаараа өшиглөнө, цүнхээрээ савж цохино гэж жигтэйхэн. Бас н.Сэндулам багшийгаа хичээл зааж байхад нь бүгдээрээ мөлхөөд гараад явчихаж байсан нь ч тэдний сэтгэлд тодхон үлджээ. Түүнчлэн Д.Бадрахын н.Хайнзан багшийгаа пийшин цохиулсан явдал ч гэгээн дурсамжуудын нэг. Ангид байх төмөр пийшингийн дэргэд зогсож байгаад багшийгаа цохих гэтэл гэнэт бултаад гарыг нь хавдтал нь цохиулж байсан, ангийн хөвгүүдээрээ нийлж, Хятадын мухлагаас боорцог хулгайлж  иддэг байсан зэрэг гэнэн томоогүй үйлдэл бүр нь өдгөө дурсамжит яриа болон өрнөж байна. 

Ийнхүү дэггүй бага насаа дурссан 10а-гийн найзуудын дараа дараагийн олон уулзалтууд нь дурсамж дүүрэн яриагаар үргэлжлэх биз ээ.

Т.ГЭРЭЛМАА 

Categories
мэдээ цаг-үе

Геологич залуугийн цогцсыг нутгийн “мөрч” өвгөд олжээ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутагт геологич  Б.Мөнх-Эрдэнэ төрийн ажил хийж яваад харамсалтайгаар амь насаа алдсан. Ашигт малтмалын тухайн хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт заасны дагуу “Төрийн захиргааны байгууллага шаардлагатай тохиолдолд хайгуулын ажилд зарцуулсан зардлын хэмжээг газар дээр нь  шалгана” гэж заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэж яваад тэрээр нартаас буцсан юм. “Найз нь удахгүй ирнэ. Хэдхэн сумаар яваад л болно” гэж эхнэртээ хэлээд гарсан 27 настай Б.Мөнх-Эрдэнэ дахин эргэж ирээгүй нь хэний буруу вэ. Ашигт малтмалын газрынхнаас эхлээд  түүнтэй хамт явсан Эрдэс баялгийн судалгааны тасгийн дарга А.Дэлгэрсайхан,  жолооч Т.Түмэнбаяр нар, Онцгой байдлын газрынхан бүгд л “Бидэнд ямар ч буруу байхгүй” гэж өөрсдийгөө хаацайлж, өмгөөлж байна. Амиа алдсан залуу болон  хамт явсан хоёр ажилтан хэний тушаал зааврын дагуу ямар ажлаар явж байв. Машинаа орхиод алхахаас өөр сонголт тэдэнд байгаагүй юу. Мөн цаг хугацаа алдаагүй байсан бол залууг амьд байхад эрлийн багийнхан олох боломж байсан уу зэргийг нэхэн сурвалжиллаа.    

Запас хоёр дугуйнаас гадна данхраад, дугуйн дорцов  бүрэн байжээ 

Ашигт малтмалын газрын төлөвлөгөөт ажлын дагуу Өвөрхангай аймгийн Богд, Хайрхандулаан, Нарийнтээл, Баянхонгор аймгийн Баянлиг, Баянговь, Шинэжинст, Баян-Өндөр, Бөмбөгөр, Галуут сумын нутагт байх Ашигт малтмалын лиценз эзэмшигч компаниудын хийсэн ашигт малтмалын  геологийн судалгаа үнэн эсэхийг шалгахаар болж 19 хоног ажиллахаар явсан байна. Томилолтын багийг  ахалж  Эрдэс баялгийн судалгааны тасгийн дарга А.Дэлгэрсайхан явсан байна. 2014 оны долдугаар сарын 18-ны өдрийн 48 тоот томилолтын төсөв батлуулж, 40 тоот томилолтын удирдамжийн дагуу явжээ. Эрдэс баялгийн судалгааны тасгийн дарга А.Дэлгэрсайхан,  талийгаач Б.Мөнх-Эрдэнэ, жолооч Т.Түмэнбаяр нар  37 мянган километр явсан, аваад жил болох гэж байгаа шинэхэн “Ланд 200” маркийн автомашинтай Өвөрхангай, Баянхонгор аймгийн сумдууд руу хөдөлжээ. Тэдэнд Ашигт малтмалын газраас томилолтын мөнгө хангалттай өгсөн гэнэ. Хоол унд, цэвэр ус болон бусад шаардлагатай зүйлсэд зарцуулах мөнгөтэй явжээ. Хэргийг Баянхонгор аймгийн мөрдөн байцаах газрын албан хаагчид шалгаж байна. Цагдаа нар  багийн ахлагч А.Дэлгэрсайхан болоод жолооч Т.Түмэнбаяр нараас мэдүүлэг авч дуусчээ. Мөн гурван дугуй нь хагарсан газарт буюу Идрэнгийн нурууны Хул морьтод  очиж  “Ланд 200” маркийн автомашинд үзлэг хийсэн байна. Үзлэгээр автомашины шатахуун дуусах болоогүй. Бусад эд ангид эвдэрсэн зүйл байхгүй. Мөн машинд хоол унд болон нэг шил задлаагүй архи  байсан нь тогтоогдсон аж.  Харин гурван дугуй ташираараа харганын өргөс орж хагарсан байжээ. Гэхдээ зүүн хойд талын дугуй нэг газартаа бага хэмжээтэй хагарч, хий нь гарсан байдалтай байсан гэнэ. Өөрөөр хэлбэл дугуйгаа нөхөөд цааш явах бүрэн боломжтой байсан талаар автомашинд үзлэг хийсэн цагдаа нар  илтгэх хуудсандаа дурьджээ.  Машинд запас хоёр дугуй байсан. Огт хэрэглэж байгаагүй  болов уу гэмээр шинэ дугуй байсан гэнэ. Мөн машины багажинд  данхраад, дугуйн дорцов шинээрээ байсан аж. Гэтэл ямар учраас тэд 120 орчим километр явган явж тусламж дуудах шийд гаргах болсон талаар ийн ярьжээ. Энэ талаар Баянхонгор аймгийн цагдаа нар багийн ахлагч А.Дэлгэрсайхан болоод жолооч Т.Түмэнбаяр нараас тайлбар мэдүүлэг авсан байна. 

“Машин эвдэрчих юм бол та хоёр хариуцахгүй биз дээ гэж хэлээд хагарсан дугуйтай яваагүй” гэв

А.Дэлгэрсайхан “Машины гурван дугуй шөнө харгана дундуур явж байтал хагарсан. Тэгээд  яах вэ гээд ярилцаж байтал дугуй нөхөх нөхөөс, олгой хаймар, нассос гээд дугуй нөхчихмөөр зүйлс огт байхгүй байсан. Тэгсэн жолооч Т.Түмэнбаяр хагарсан дугуйтай явж болохгүй. Машин эвдэрчих юм бол та хоёр хариуцахгүй биз дээ гэж хэлээд хагарсан дугуйтай явахгүй. Сумын төв орж машин хөлслөөд дугуйгаа нөхүүлэх санааг гаргасан. Ингээд гурвуулаа машинаасаа гар чийдэн, мөнгө, GPS төхөөрөмж, хутга гээд хэрэгцээт зүйлсээ аваад явцгаасан” хэмээн мэдүүлжээ. Т. Түмэнбаяр нь олон жил төрийн албанд жолоочоор ажилласан нэгэн гэнэ.1995 оноос Үндэсний аюулгүй байдлын газар жолооч, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, УИХ-ын гишүүн Я.Содбаатарын жолооч, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны дэд сайдын жолоочоор тус тус ажиллаж байжээ. Ашигт малтмалын газарт 2008 оноос Төрийн захиргааны хэлтсийн санхүү үйлчилгээний тасгийн жолоочоор өнөөг хүртэл ажиллаж байгаа юм байна. Ашигт малтмалын газартаа хамгийн туршлагатай жолооч нарын тоонд зүй ёсоор ордог өвөл зунгүй хөдөө орон нутгаар геологич нартай хамт  явдаг гэнэ. 2008 оноос хойш олон удаа хөдөө орон нутгаар явсан. Мөн шинэхэн машинтай болохоор замд зогсох саад гарахгүй хэмээн бодож носос дугуйны нөхөөс зэргийг авалгүй гарчээ. Үүнээс болж 27 настай Б.Мөнх-Эрдэнэ элсэн говьд харангадаж амиа алдах шалтгаан болжээ. Эх сурвалжууд “Сүүлийн үед жолооч нар машиныхаа дугуйг ч нөхөж чадахгүй болсноос ийм байдалд орлоо. Уг нь холын замд явж байгаа жолооч машиныхаа дугуйг хагарах болгонд нөхөөд явдаг байсан. Эвдэрсэн тохиолдолд засчихдаг байсан” хэмээн ярих аж. 

Туршлагатай гэх багийн ахлагч геологичийн  энгийн дүрэм мэдэхгүйгээс болсон уу 

  Харин томилолтын багийг ахалж явсан А.Дэлгэрсайхан 1995 оноос геологичоор ажиллаж эхэлсэн байна. Тэрбээр сүүлийн арав гаруй жил уул уурхайн тусгай  лицензний зөвшөөрлийг баталгаажуулах хяналт шалгалтыг тогтмол хийж ирсэн гэнэ. Ашигт малтмалын газрын урдаа барьдаг геологич нарын нэг аж. Монгол орныг хэд хэдэн удаа бүтэн тойрчихсон байна. Гэтэл захын  геологичийн мэдэх ёстой дүрмүүдийг зөрчсөнөөс болж эрдэнэт хүний амь үрэгдсэн гэдгийг хэлэх   геологич  олон байна. Шөнө төөрсөн тохиолдолд хамт яваа хүмүүсээс холдохгүй байх. Цэвэр ус биедээ авч явна  гэсэн энгийн  дүрмийг даган биелүүлээгүй гэнэ. Энэ талаар сургуульд нь зааж, томилолтоор гарах бүрт нь сануулдаг юм байна.  Мөн Ашигт малтмалын газарт сансрын холбооны утас байдаг гэнэ. Түүнийг нь шалгалтын багийнхан авч яваагүй байжээ.  

Тав дахь хоногоос өмнө олсон бол… 

Геологич залууг долдугаар сарын 24-ний шөнө  төөрч алга болсон гэдгийг 29-ний орой Ашигт малтмалын газрынхан мэдсэн байна. Тэгээд маргааш  өглөө нь ажлын хэсэг байгуулан Баянхонгор аймаг руу хүмүүс явуулж, Онцгой байдлын ерөнхий газарт онгоцоор эрэн хайх талаар санал хүргүүлсэн байна. Онцгой байдлын ерөнхий газраас онгоц гаргах боломжгүй гэсэн учир “МАК” компанийн хувийн онгоцыг  урьдчилгаа 12 мянган долларын хөлс төлөн Баян-Өндөр сум руу хөөргөжээ. Гэвч онгоц оройтож очсон  учир хэсэг хугацаанд хайгаад эрлийг буулгажээ. Харин  долдугаар сарын 31-ний өглөөнөөс эхлэн эрэн хайх ажиллагааг эрчимжүүлэн эхлүүлсэн байна. Ашигт малтмалын газрын даргатай УИХ-ын гишүүн Г.Номтойбаяр холбогдож “Манай хамаатан байгаа юм. Бид бүх зүйлсээр тусалж дэмжинэ” хэмээн ярьсан талаар эх сурвалж онцолж байв. Талийгаачийн ар гэрийнхэн Баян-Өндөр сумынханд “Төөрсөн залууг олж өгвөл хоёр сая төгрөг өгнө” гэсэн зар тараажээ. Зарын дагуу Баян-Өндөр сумын ихэнх иргэд эрлийн багт орон өөр өөрсдийн таамгаар хайж эхэлсэн байна. Тус тусдаа хайж яваад Баян-Өндөр сумын иргэн Баярмөнх гэх 60 настай иргэн мотоциклиос унаж хүнд гэмтэл авчээ. Одоо биеийнх нь байдал маш хүнд байгаа гэнэ. Нийслэлээс эмч нарын баг очиж яаралтай мэс засал хийсэн боловч одоо хүртэл ухаан ороогүй байна. Талийгаач залуугийн цогцсыг хэдэн өдөр эрэн хайсан боловч олдохгүй байсан учир нутгийн иргэд болох  “мөрч” хэмээн алдаршсан 50-70 орчим насны гурван хүнээр алга болсон залуугийн мөрөөр нь явуулжээ. Тэгээд  машинаасаа 39 километрийн хол Цэнхэрийн баруун үзүүр, хар дов гэдэг газарт харангадсан байдалтайгаар Б.Мөнх-Эрдэнэ  амиа алдсан байсныг олжээ. Шүүх эмнэлгийн урьдчилсан байдлаар гаргасан дүгнэлтээр талийгаач залуу алга болсноосоо тав   хоногийн дараа харангадаж амиа алдсан гэх дүгнэлтийг гаргажээ. Өөрөөр хэлбэл  эрлийн багийг шуурхай ажиллуулж Онцгой байдлынхан онгоцоор яаралтай эрэн хайж ажлыг эхлүүлсэн бол залууг эсэн мэнд олох магадлал өндөр байсан гэнэ. Талийгаач залуугийн төөрсөн газар нь заган шугуй бүхий элсэн манхантай газар байжээ. 

Ид хийж бүтээх насан дээрээ явж байсан залуу нэр хүндээ бодсон жолооч, туршлага муутай багийн ахлагч, ажилтнуудаа томилолтоор явуулахдаа учирч болзошгүй аюулаас сэргийлэх зүйлс байгаа эсэхийг шалгадаггүй Ашигт малтмалын газар, нисдэг тэрэг ч байхгүй Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагч нарын мэргэжлийн ур чадвар муутайгаас болж нартаас буцжээ. Жолооч машиныхаа хагархай дугуйг шаттал нь явуулсан бол тэр залуу амьд байх байсан даа  гэх бодол гол зурах ажээ. 

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
мэдээ цаг-үе

Зуны “зуд” буюу Хашаатад боссон хар салхины мөрөөр

Өнгөрсөн долдугаар сарын 26-ны оройн 18 цагийн үед Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутаг дэвсгэрт байгалийн онц аюултай үзэгдэл болсон. Энэ үзэгдлийг эрдэмтэд шинжлэх ухааны хэлээр тайлбарлахдаа орон нутгийн чанартай хар салхи хэмээн томъёолдог ажээ. Харин монголчууд эртнээс “Луу унжих” гэж нэрлэсээр ирсэн байна. Гэхдээ энэ цагийн Монгол орны хувьд хар салхи гэсэн ойлголтоор бус байгалийн онц аюултай үзэгдэл, гамшиг гэж томъёолдог. Тухайн үед салхины хүч, хор хөнөөл ямар байсан, нутаг орны иргэдийн аж байдал ямар байгааг онц, аюулт үзэгдэл болсноос хоёр хоногийн дараа буюу долдугаар сарын 28-нд очиж сурвалжилснаа хүргье.

Тэрхүү байгалийн гамшигт үзэгдэл хэдийгээр Хашаат сумын төвөөс зүүн урагш 30 орчим км буюу бидний сайн мэдэхээр Элсэн тасархайгаас баруун зүгт 40 км зайд их, бага Номгон уулын өвөрт болж таван айл өртөөд байгаа ч нутаг орны нийт иргэд ихээхэн цочирджээ. Хашаат суурингийн иргэд үйл явдлыг нүдээрээ үзээгүй ч аанай л амнаас ам дамжин нэмж хачирлан ярисаар байв. Хархорин, Хотонт, Хужирт сумаас хүмүүс сонирхон ирж байсан бол “Улаанбаатар, Дархан-Уул, Эрдэнэт болоод холын аймгуудаас байнга утас цохин юу болсныг сонирхож байна” гэдгийг уулзсан хүн бүр өгүүлнэ. Сумын төв дээр Засаг дарга, ИТХ-ын дарга хийгээд байгаль орчны байцаагч, хүн эмнэлэг, цаг уурын мэргэжилтнүүд гээд цөөн хэдэн хүн бодит байдлыг газар дээр нь очиж үзсэн байв. Гэлээ ч Хашаат суурингийн иргэд бүгд л өөр өөрийнхөөрөө асуудалд хандаж, тайлбарлан ярьж байлаа.

Ихэвчлэн мухар сүсгээр буюу “Лус савдаг хилэгнүүлсэнтэй холбоотой. Уул овоо тахихдаа ч юм уу газар усанд хүндэтгэлгүй хандсанаас ийм зүйл тохиолоо” гэлцэнэ. Хашаат сумын иргэдийн өгүүлэхийг сонсвол эртний үлгэр тууль эсвэл зөгнөлт кинонд гардаг шиг зүйлийг сүр бадраан ярина. Ж.Чимэд, Г.Насанбат нарын өгүүлснээр бага үд хэвийх үеэс эхлэн тэнгэр хүнгэнэн дуугарч эхэлжээ. Сонсоход олон онгоц нисэн өнгөрч байгаа мэт эсвэл томоос том эвэр бүрээ үлээж байгаа юм шиг сонстож байж. Өдрийн 16 цагийн орчимд сэмжин үүлний үзүүр ч харагдахгүй байсан бол төд удалгүй баруун хойноос хурын хар үүл хуралдаж эхэлсэн гэнэ. Гэнэт гарч ирсэн хар үүлний түрүүч Номгон уулын өвөр Бор хоолойн урд дэнж, Хөөврийн толгойн дээхнэ ирсэн даруйдаа хоёр хэсэгт хуйлран эргэлдэж эхэлжээ. Ийм үзэгдэл 30 орчим минут үргэлжлээд оройн 18 цагийн үед хоёр үүлэн хуйлраа нэгдэж нэгэн цул болоход газрын гадарга дээр их тоос босчээ. Нүд ирмэхийн зуурт газарт хөдөлсөн тоос тэнгэр өөд цойлон үүлэн хуйлраатай нэгдсэн нь байгалийн гамшгийн эхлэл болж. Тэнгэр баганадсан хуй салхи эрчилж эхлэхэд түрүүнүүс хойш гараад байсан дуу татарч хүчтэй шуурганы исгэрэн улих чимээгээр солигджээ. Гамшигт үзэгдлийн үргэлжлэх хэмжээ маш богино байж. Бараг 20 хүрэхгүй минут үргэлжлээд тэр их тоос шороо, тэнгэр баганадсан хуй алга болоход газрын хөрсийг анжсаар сэндийчсэн мэт болгожээ. Хашаат сумын төвд оршин суух дээрх хоёр иргэнийг энэ тухай ярьж байхад тойрон цугласан олон “Тэнгэр баганадсан тэр хуйг яг өмнөөс нь харахад оройн хэсэгт нь улаан гал авалцаж байсан гэнэ лээ” гэж үг нэмнэ. Номгон уулын өвөрт ийн байгалийн онц аюултай үзэгдэл үүсч иргэн Ч.Баярсайхан, Б.Батжаргал, С.Гантөмөр, Чадраабал, Доржсүрэн, Гэрлээгийн хот айлд хохирол учруулахад эргэн тойрон 30 орчим км радиуст ширүүн  бороо,  мөндөр холилдон орсон байна. Мөндрийн хэмжээ ойролцоогоор 8-12 см радиустай буюу томхон мандарины дайтай байсан бөгөөд хайлуулахад 300-500 грамм ус гарч байсан гэдгийг ч цугласан олон хэлэхээ мартсангүй. “Мөндрийн ус тунгалаг, уусан ч асуудалгүй байдаг бол энэ удаагийнх нэг тийм цийлгэр өнгөтэй байсан. Лавтай лус хилэгнүүлснээс боллоо” хэмээн сүсэлцгээнэ. Зарим нь ийн сүслэнгүй өгүүлж байхад нөгөө хэсэг нь нэгнээ явуулж байхтай ч таарлаа. “Яагаав. Нөгөө Батаа чинь тэр их салхи шуурга, мөндөр нүдэж байхад дэлгэцтэй ааруулаа оруулах гэж гараад шалдан орж ирсэн гэсэн” хэмээн хөхрөлдөнө. Сумын төвийн дэлгүүрийн үүдэнд цугалсан олны яриа нэг ийм байв. 

Энэ үед Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд байсан Ж.Наран гэх залуу “Биднийг Бат-Өлзий сумын ойн баярыг сонирхож явахад үдээс хойхно 15 цагийн үед цаг уурын байдал ихээхэн тааламжгүй болсон юм. Өглөөнөөс хойш дулаан, ямар ч үүлгүй байсан бол 15 цагийн үед яах ийхийн зуургүй, арваадхан минутын дотор битүү хар үүл тэнгэрийг бүрхсэн. Тэгээд салхи хөдөлж наадамчин олон үймж байх зуурт буюу хагас цаг ч болоогүй байхад тэнгэрийг битүү нөмөрсөн бараан үүл хаашаа ч юм алга болж дахиад нар ээсэн. Тэндээс эхэлсэн цаг уурын үзэгдэл, бороо, салхи явсаар Номгон уулын урд ирээд хүч нь ихэсч байгаль дэлхий хамаг араншингаа гаргаж л дээ” гэж байсан юм.  

Хашаат сум

Харин сумын Засаг дарга Б.Гэрэлт-Од  “Нар баруунаа гудайх үед манай энд тэнгэр эвгүйрхсэн. Өглөөнөөс хойш нуугисан халуун үргэлжилсээр оройн сэрүү орох үед үүл гарч бороо орж эхэлсэн. Залгаад мөндөр хаялсан нь Номгон багийн нутагт гол хүч нь байсан юм билээ. Мөндрийн хэмжээ том байснаас олон айлын нарны толь, машины цонх хагарч сүйдсэн гэсэн урьдчилсан мэдээ ирээд байна. Гамшигт үзэгдлийн голомт буюу хар салхины замд таван айл өртөж гурван байшин, гурван гэр юу ч үгүй болсон. Голомтод 20 орчим хүн байснаас нэг нь нас барж, Civic, Маяти, Прадо маркийн машин өртөж дахин ашиглах боломжгүй болоод байна. Урьдчилсан байдлаар 451 сая төгрөгийн хохирол учирсан бол 20 үхэр, 63 адуу, 100 гаруй бог хорогдоод байна. Одоогийн байдлаар салхины хүчийг 34 км цаг буюу түүнээс дээш гэж дүгнээд байгаа. Салхийг чухам ямар хурд хүчтэй байсныг хэмжих боломжгүй учраас хохирлын хэмжээгээр нь барагцаалж гаргадаг юм билээ. Ер нь нутаг орны овоо бүрийг бөө, удган гэх хүмүүс өмчлөөд авчихдаг болж. Нутгийн удирдлагуудад ч хэлэлгүй тайлж тахиж байна. Нутгийн хүмүүс үүнтэй холбоотой байх. Овоо тахилга, бөөгийн дом зэргийг дэг жаягийнх нь дагуу явуулж бай гэж шаардах боллоо” хэмээн өгүүлж сууна.

Нутгийн зарим иргэдийн хувьд ийнхүү сүсэг бишрэлийн үүднээс уул овоо буруу тахисан, лус савдаг хилэгнүүлснээс үүдэн “тэнгэрт орших луу хэмээх амьтан сүүлээрээ шарвалаа” гэж үзэж байхад шинжлэх ухаан байгалийн энэхүү үзэгдлийг 200 орчим жилийн тэртээ тайлжээ. Шинжлэх ухааны үүднээс эрдэмтдийн тайлбарласнаас үзвэл “Агаар нь тогтмол хөдөлгөөнд оршиж, агаарын хэм болон даралтын хэлбэлзлээс шалтгаалан өөчлөгдөж байдаг. Нэг хэсэг газар нь ойролцоох өөр нэг хэсэг газраас илүү ихээр халахад тэдний даралтын өөрчлөлт нь салхийг үүсгэдэг юм. Салхи гэдэг нь халуун хүйтэн агаарын урсгалын эргэлдсэн мөчлөг. Агаарын хэм нэмэгдэхэд салхи дээшээ чиглэлтэй болдог. Үүнийг дээшлэх урсгал гэнэ. Дээшээ чиглэсэн агаарын хоосон орон зайг хүйтэн сэрүүн агаар дүүргэдэг юм. Харин дараа нь хүйтэн агаар халж бас л дээшээ чиглэдэг. Дээр байгаа агаар сэрүүсэвч доороос ирж буй дулаан агаарын улмаас буцаж доошлох боломжгүй болно. Гэхдээ буцаж доошоо урсан хажуугийн салхи болон бууж, дахиад л сэрүүн салхи үүсдэг. Салхины хүч нь мөргөлдөж байгаа агаарын хоёр урсгалын хэмийн зөрүү хол байх тусам нэмэгддэг. Жишээлбэл газрын гадарга дээр 50 хэмийн халуун, агаарт мөн хэмжээний хүйтэн буюу тухайн хэсэгт устай үүл хуралдсан байвал гамшиг тарихуйц салхи үүсгэж замдаа таарсан бүхнийг хамна. Салхи үүссэн бүсийн төвд тэнгэр баганадан хуйларч байвал дээшлэх салхи их хэмжээгээр үүссэнийг илтгэж байгаа юм. Хажуугийн салхи ч дээшлэх салхинаас дутахааргүй хүчтэй, их хэмжээний хор хөнөөл учруулдгаас шинжлэх ухаан энэ үзэгдлийг хар салхи гэж нэрлэжээ. Салхи босохоос өмнө сонсогдсон дүнгэнэсэн дууны хувьд агаар хэт халахаар үүсдэг ажээ. Дээшлэх салхи буюу тэнгэр баганадсан хуйлрааны дээр улаан гал авалцан байсан гэдэг нь соронзон орон, үрэлтийн хүч, цахилгаан орны нөлөөллөөс үүсдэг байна. 

Шинжлэх ухаанд итгэж “орон нутгийн шинжтэй хар салхи харин ч бага хохирол учруулжээ” хэмээн дүгнэх нэгэн байхад үүнд үл итгэх нэгэн ойролцоох лам, хувраг руу хадаг барин гүйх нь ч байгааг нутгийн иргэд ярьж байна. Хашаат сумын төвийнхөн ийм байр байдалтай байх агаад зүүн урагш Номгон уулыг чиглэн хөдөлж 30 орчим км давхихад байгалийн онц аюултай, гамшигт үзэгдэл болсон Хөөвөр, Бор хоолойд хүрнэ. Гамшигт үзэгдэл болсон газрыг таньж төвдөх зүйлгүй. Бор хоолойн урд дэнжээс эхлэн бага Номгон уулын тэртээд ямар ч өвсгүй улаан халзан газар дурайна. Ийм зүйл болсныг үзээгүй нэгэн айл зусаад саяхан нүүсэн газар гэж андуурмаар.

Эрдэмтдийн томъёолдгоор орон нутгийн шинжтэй хар салхи буюу Хашаат сумын Номгон багийн нутагт болсон байгалийн онц аюултай, гамшигт үзэгдэл 17 км үргэлжилж замдаа таарсан бүхнийг эвдэн сүйтгэжээ. Хоёр талаасаа уулсаар хашигдсан энэ хөндийд юу болсон нь бэлхнээ харагдана. Хөөврийн араас Бага Номгон уулын өвөр бараг Элсэн тасархай хүртэл байгалийн гамшигт үзэгдлийн мөр үлджээ. Эл мөр ихэнхдээ 200 орчим зарим хэсэгтээ 10 метр хүртэл нарийсч газрын хөрсийг эргүүлж ундуй, сундуй болгож орхисон байна. Хэдэн ч буурь харлан харагдах нь Номгон багийн малчин Ч.Баярсайхан, Доржсүрэн, Гэрлээгийнхэн хол саахалтын зайд зусч байсных. Онгойн харлах бууринаас харалдаа хэд хэдэн хот айл харагдах агаад зарим нь шинэ гэр дөнгөж босгоод буй бололтой. Алсаас харахад олон хүн бужигнаж гамшигт нэрвэгдсэн нэгэндээ нутгийн олон дэм болохоор цугласан байв. 

Гамшигт хамгийн ихээр өртсөн нь Ч.Баярсайханых бөгөөд хар салхины цөм буюу төвийн хуйлраа энэ хот айлыг дайрч өнгөрсөн байгаа юм. Эднийх 8х8 хэмжээтэй хоёр давхар дүнзэн байшинтай байснаас цементэн суурь л үлджээ. Тэрчлэн энэ айлд амарч явсан нэг хүний амь эрсдэж, гурван ч машиныг дахин ашиглах боломжгүй болсон нь Ч.Баярсайханы гаднаас 300, 500 метрийн зайд шидэгдсэн тэр хэвээрээ. Өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт айл, саахалтын Ч.Наранбат, Н.Дашзэвэг, н.Жанлав, Д.Даваалхагва, Төгсжаргал тэргүүтэй хүмүүс ирж гэрийг нь барьж өглөө. Булган аймгийн Рашаант сумаас ч хамаатан садангийнх нь хүмүүс ирж байгалийн гамшгийн үеэр тарж бий болсон хогийг хамж устгахыг нь устгаж дахин хэрэглэх боломжтойг нь ялган авч байсан.    

Энд цугласан олон болсон үйл явдлыг саахалтын зайнаас харж байжээ. Хар салхи босохоос өмнөхөн том ширхэгтэй мөндөр хоромхон зуурт хаялж байснаа Ч.Баярсайханы гэрийн чанх баруун зүгт хоёр км зайд том хуйлраа үүсч тэнгэр баганадсан гэнэ. Харин Ч.Баярсайханыд Булган аймгийн Рашаант сумаас 17 цагийн орчимд н.Авирмэндийн гэр бүлийнхэн амрахаар ирж идээ будаа, цай цүй болон дөнгөж хонь хагалаад үймцгээж байж. Тэгтэл гэнэт байшингийнх нь дээр, тэнгэрт ч юм шиг үхэр мөөрөлдөөд явчихаж. Гадуур байсан хүмүүс “шороон шуурга” гэсээр гүйн орж ирцгээжээ. Тэнгэрт үхэр мөөрөлдөх чимээ сонсогдсон нь тухайн хот айлаас баруун зүгт нэг км орчим зайд идээшиж байсан үхэр сүрэг нэрвэгдэн хийсч ирснийх байсныг хүмүүс гамшиг өнгөрсний дараа ойлгоцгоосон гэж байлаа.

“Шороон шуурга” эхэлж байгааг мэдсэн гэрийн эзэн хоёр давхартаа гарч цонхоо хаагаад буцаж гүйсэн байна. Тэгээд хэсэг хугацааны дараа мориныхоо уяаны хажууд ухаан оржээ. Хоёр давхар байшинд нийт 10 орчим хүн байсан бөгөөд тэдний дунд найман настай хүүгээс 93 настай буурал байж. Зочилж ирээд байсан Авирмэнд ч байшингийн нэг давхарт байсан хэрнээ мөн л 10 орчим метр хол шидэгдсэн байдалтайгаар сэрсэн гэнэ.

Хөвсгөл аймагт амраад буцаж явсан гэр бүлийн хоёр салхи босохын өмнөхөн худаг дээр адуу усалж, ус аваад гэр рүү хөдөлсөн байгаа юм. Худаг дээрээс дөнгөж хөдлөхтэй зэрэгцэн хоёр км-ийн цаана салхи босохыг хараад “Маяти” машины хурдаар гэрийн зүг тэмүүлсэн аж. Хэдийгээр худгаас гэр хүртэл 300 хүрэхгүй шахам метрийн зайтай байсан ч тэд хоёр км-ийн цаана үүссэн салхинаас түрүүлж хүрч чадсангүй. Гэрийн гадаа давхин ирэхэд хүчтэй салхи, шороон шуурга нөмрөн авчээ. Жолоочийн хажууд сууж явсан эмэгтэй буюу эхнэр нь бууж, байшинд гүйн орж амжсан ч нөхөр Ц нь машинаасаа ч бууж амжилгүй хийсэн оджээ. Нөхрөө машинтай хийссэнийг эхнэр нь тэр үед мэдээгүй бөгөөд хаалга онгойход арав орчим насны хүү хальт харсан бололтой юм. Энэ үед салхины хүч бага зэрэг зөөлөрчээ. Салхины хүч хэдхэн секунд намдсан бөгөөд хажуу талын амбаар аль хэдийнэ хийсэн алга болж дотор нь мах өлгөж байсан Рашаант сумын иргэн Авирмэндийн эхнэр тэр агшинд дүнзэн байшинд орж амжсан байна. Байшинд орохоор тэмүүлж байхдаа салхинд хийсч явсан чулуунд хөл нь цохигдож шагайгаараа эргэсэн байсныг хэзээ хойно мэдсэн гэнэ. 

Салхины хүч дахин ихсэхэд байшингийн дээвэр хууларч байгаа чимээ гараад араас нь байшингийн туурганд өрөгдсөн дүнз моднууд нурж, хоёр давхрын хэсэг цөмрөн унаж, цонхны шил шажигнан бутарч шуурганаас тусгаарлах зүйл үгүй болжээ. Тэрхэн мөчид нүдээ нээх нь бүү хэл амьсгаа ч авч чадахгүй байсан байна. Ийм байдалтайгаар бараг 20 минут тэмцэцгээжээ. Урт урт дүнзнүүд тэгнэлдэн унасан нь дотор байсан хүмүүс амьд үлдэх нөхцөл болсон байх гэлцэнэ. Ямартай ч дээрээс нуран унах дүнз, дээврийн хэсэгт цохиулалгүй завсар зайд нь хүмүүс эсэн мэнд үлдэцгээжээ. Байшинд байсан хүмүүсээс Ч.Баярсайхан, Авирмэнд нар л гадагш шидэгдэж бусад нь үлдсэн байна. Харин доторх эд хогшлоос юу ч үлдээгүй бөгөөд хоосон хоёр авдар л байрандаа байж. Тэр бүү хэл ханан пийшин нурж, дүүрэн устай ган савыг хүртэл гишгэсэн лааз шиг болгожээ. Байшингийн хананд өрөгдсөн дүнзний 10 гаруй нь үлдэж бусад нь хийсэн алга болсон байв. 

Хачирхалтай нь гэрийн гадуур байдаг өнчин хоёр хурга зүв зүгээр майлаад зогсч байсан бол хашаатай тугалны хоёр нь, гэрийн гадаа байсан гурван нохой мөн л таван км-ийн зайд шидэгдэн үхсэн байсан аж. Ингээд аюул өнгөрөхөд гэрийн эзэн Ч.Баярсайхан, Авирмэнд нар дүнзэнд дарагдсан хүмүүсийг татаж гаргасан бөгөөд ихэнх нь хөнгөн бэртэл авчээ. Энэ үед хол ойроос хүмүүс туслахаар ирсэн байна. Гэрийн эзний ээж 93 настай Жуугаа юу болсныг ч ухаарч төвдөлгүй уймран байсан бол “Маяти” машинаас бууж амжилгүй хийссэн Ц-г ололгүй хэсэг хугацаа өнгөрсөн аж. Эхнэр нь, туслахаар ирсэн иргэд, аюулд нэрвэгдсэн хүмүүсийн зарим нь гээд олон хүмүүс хайсны эцэст гэрээс 200 гаруй метрийн цаана амь эрсэдсэн байхыг нь олжээ. Талийгаачийн бүх хувцас нь урагдаж, тайлагдсан байсан бөгөөд биед нь ч тэр гэхийн тэмдэггүй олон бэртэл учирсан байж. Шороонд дарагдсан байсан тул онож очихгүй бол олоход тун бэрх байсан гэж хүмүүс ярьж байлаа.   

Ийнхүү нэг хэсэг нь дуудлага өгснөөр Булган аймгийн Рашаант сумын хүн эмнэлгийнхэн хамгийн түрүүнд ирж тусламж үзүүлсэн байна. Тэд өөрийн харьяалал бүхий хүмүүсийг авч явсан бол Хашаат сум руу 93 настай Жуугаа хүргэгдсэн гэнэ. Сумын Засаг дарга Б.Гэрэлт-Одоор ахлуулсан ажлын хэсэг тухайн айлын орчимд ажиллахад “Маяти” машинаас рам төмөр, тэвш, бүхээгний багахан хэсэг, “Прадо” машинаас дөрвөн дугуй, мотор, кроп нь л үлдсэн байж. Харин талийгаачийн унаж ирсэн “Сивик” маркийн машин дээр гуалингууд дарж унасан учраас байрнаасаа хөдлөөгүй байсан байна. Хүмүүсийн ярьж байгаагаар “Прадо” машины нэг дугуй салхины эсрэг зүгт км гаруй хол шидэгдсэн байжээ. Шуурганд анх өртсөн үхэр сүрэг байсан газраасаа мөн л км шахам газарт буюу Ч.Баярсайханы гэрийн харалдаа байхыг нь үзэхэд толгойгүй, тал арьс нь хууларч унжсан, хутгаар сийчсэн мэт зүсэгдсэн гээд нүд хальтрам дүр төрхтэй байсныг өгүүлэх хүн олон байв. “Бүх үхрийн бие дэх яс нь бүгдээрээ хугарч үйрсэн бололтой дээр нь дараад үзэхэд туламлаж өвчсөн юм шиг байсан” гэдгийг тус багийн байгаль орчны байцаагч Төгсжаргал хүүрнэж байсан. Тэрээр “хоёр давхар байшингийн дүнзийг бүгдийг нь жиргэчихсэн юм шиг болгосон байна билээ. Салхины мөрөөр явбал баахан модыг газарт гүн гэгч нь шаагаад орхичихсон байхтай таарна. Айхтар хүчтэй байж” гэдгийг ч өгүүлж байсан.  

Михайл буюу Дашзэвэгийн өгүүлснээр хар салхины төвийн хуйлраа задгай газарт гарангуутаа эрчлэн улам хурдалж байсан бол айл хийгээд мал дээр очсон даруйдаа тэр хавьдаа хургаж хэсэг тогтож байжээ. Тэгээд тухайн объект буюу байшин, мал сүрэг юу ч үгүй болтол салхинд хийсч дуусангуут дахин хүчээ авч байсан гэнэ.

Ч.Баярсайханы хот айлыг түйвээсэн хар салхи “заан” Гантөмөр, Д.Доржсүрэн, Гэрлээ, Чадраабалын гэрийг нурааж, Б.Батжаргалын 100 гаруй бог, өөр хоёр ч айлын 60 гаруй адууг авч оджээ.

Ч.Баярсайханы хот айлыг ийн хар салхинд өртөж байхыг “заан” Гантөмөр хараад гэр бүлийнхнээ авч явахаар зэхэж эхэлсэн аж. Тэднийг гэрийнхээ гаднаас хөдөлж амжаагүй шахам байхад зуны байшин нь бараг арваад метрт хөөрч байснаа бутран унажээ. Үүнээс өмнөхөн харахад шуурганы төвөөс том эд зүйлс хүчтэй шидэгдэн гарч байсан аж.  Тиймээс гэрийн эзэд салхинаас зугтан хэсэг давхиж байгаад эргэн харахад мөн л гэр нь ор мөргүй алга болсон байжээ.

“Заан” Гантөмөр гэр орноо, зуслангийн байшингаа гамшигт нэрвэгдэхийг харсан бөгөөд “портер” машинтайгаа чанх хойшоо хэсэг давхихад зам нь ч харагдахаа больсон учраас зогсчээ. Тэдний зогс­сон газарт гэрийн тоононы хэсэг, хугархай унь, эсгий туурга хийсэн ирж байсан гэнэ. Тэднийхээс зүүн тийш буюу хар салхины замд өндөр настай ээж нь мөн отроор ирээд байжээ. Ээждээ, ах дүү нартаа санаа зовж байсан ч давхин хүрч туслах, сэрэмжлүүлэх боломж олгоогүй байна. Хар салхи анх үүссэнээсээ хойш хагас цагийн хугацаанд таван хот айлыг түйвээж арав гаруй км үргэлжлэн шуурахдаа хүч их, дагаж боссон шороо тоос бүүр ч их байснаас хурдан хөлтэй адгуус хүртэл амиа тээн зуг­тан гарч чадаагүй байгаа юм. Мал хорогдох шалтгаан нь олон жилийн цасан болон, шороон шуурганд орж байсан сү­рэг шуурганы уруу хошуурч зогсдогоос болсон хэмээн нут­гийнхан тайлбарлаж байна. 

Азаар “заан” Гантөмөрийн ээжийнх буюу нутгийнхны нэрлэдгээр Сүжиг эмээгийнд салхи хүрч аюул тарьсангүй. Бүр байгалийн гамшигт үзэгдэл болсон талаар мэдээ ч үгүй байжээ. “Хүчтэй хуй дайраад өнгөрөх шиг боллоо” хэмээн хуучлаад сууж байж. Шуурганаас зугтсан хэд ч бууриа нэг эргээд айл саахалтынхандаа туслахаар очицгоосон аж.   

 Ийн хоёр ч хот айлыг хаман авсан хар салхи цааш эрчилсээр малчин Б.Батжаргалынх руу дөхөж иржээ. Энэ үед хонин сүрэг нь гэрийнхээ баруун талд идээшиж байсан байна. Хуйларсан салхийг зайнаас ажихад хониных нь хойд захаар ороон нэг хэсгийг нь тасдан авчээ. Төд удалгүй төв хуйлраанаас нь хонь, ямаа шидэгдэн гарч “малаар бороо орж” байгаа мэт харагдаж байсан гэх. Б.Батжаргалын гэр ч салхины хүчинд цохигдон дэрвэж байсан агаад хар салхины цөм гэрийг нь чиглэн эрчилсэн байна. 

Тэнд байсан хүмүүс ч зугтах нь зугтаж, ойролцоо бүгэх нь бүгж амиа хоохойлохоор тэмүүлж байхад мориных нь уяа модонд бараг тулж ирээд байж. Ингээд аюулд нэрвэгдлээ гэж байтал салхины чиглэл өөрчлөгдөн цаашаа хуйларч эхэлсэн байна. Уяаны хоёр шонг бараг 70-80 см ухаж түгжсэн байсан бөгөөд нэгийг нь салхи дайрч суга татан авсан бол нөгөө нь зүв зүгээр хоцорсон аж. 

Гамшигт нэрвэгдсэн дараагийн айл нь малчин Доржсүрэн, Гэрлээгийн хот. Энэ хоёр айлын гэр мөн л эвдэрч сүйдсэн. Салхины исгэрэх чимээнээр бүгд л гэр гэртээ орж чагтагнаасаа зууралдацгаасан байна. Эртнээс хүчтэй хуй, шороон шуурга болоход тоононыхоо чагтаганаас хүнд зүйл дүүжилдгийн адилаар арга хэмжээ авах гэсэн ч дөчийн бедонтой ус дүүжлэх завдал өгөлгүй гэрийг нь балбаж эхэлжээ. Тооноор нь, хатавч, хаяагаар нь шороо пургиж гэр доторхийг ч харах боломжгүй болж. Аажмаар өрх нь гэрийн дээрээс нүдэхээ больсон нь хийсэн алга болсных байжээ. Улмаар гэр нь бүхэлдээ шидэгдэж гэрт байсан хүмүүс халхлах зүйлгүй хоцорсон байна. Шуурганы хүчинд сэмэрсэн дээвэр, туурга газар алгадан хийсч, унь, хананы шажигнан хугарах чимээнээс өөрийг сонсолгүй хэсэг хором өнгөрсөн аж. Малчин Доржсүрэн гэрээ нурахад ухаан алдсан байжээ. Ухаан ортол салхины хүч ч бага зэрэг саарч ойр тойрны зүйл харагдахуйц болсон байж. Гэхдээ л нүүр нүдгүй шороо балбан хүүхэд нь газраас хөөрч, бууж байсан  байна. Ухасхийн хүүгээ барьж аван дээрээс нь нөмөрлөн хэвтжээ. Ийн хэсэг хугацаанд гэрийнхнээсээ зөвхөн хүүгээ тэвэрч байснаа мэдэж байсан бөгөөд бусад хүмүүс хаагуур байгааг ч мэдэх сөхөөгүй байж. Ийм гамшигт нэрвэгдэхээр хүн чанга хашхирах ч тэнхэлгүй болж, хоолой сөөнгөтөн, дуугарсан ч амнаас гарсан үг бүхэн салхинд замхран алга болдог юм байна гэлцэнэ. Гэрлээгийнхэн ч ийм байдлаар гэр орноо алдаж орох оронгүй болжээ. “Гэрлээгийн хувьд гэр нь хийсэхээс өмнөхөн хүүхэд нь жингүйдэж байсан гэнэ билээ” хэмээн нутгийн олон хуучилж байлаа.  

Аюул ард гарсны дараа түрүүлж өндийсэн нь гэрийнхнээ дуудан хашхирч эхэлжээ. Ямартай ч хүнд бэртэл аваагүйгээр барахгүй зарим нь шалбархайгүй босч ирсэн байна. Шуурга өнгөрсний дараа үс, хувцсанд нь битүү шороо шигж, уруул нь омголтон, нүүр нь тоосонд битүү дарагдан хүн цочмоор царайтай байснаа санаж байсан гэнэ. Юу болоод өнгөрснийг ухаарах ч тэнхэлгүй тэд хэсэг уймарсны дараа гэрийнхээ буйрыг тэмтэрч үзэн үл итгэсээр байсан аж. 

Доржсүрэнгийн гэрийн буйран дээр шалны хоёр хэсэг л үлдсэн байсан бөгөөд бусад хогшлыг нь талын энгээр нэг тараасан байжээ. Гэрийн унь хамгийн багадаа гурав хуваагдаж төмөр цагаан орноос л гэхэд никель толгой нь үлдсэн байж. Гэрийн брезент хэдэн хэсэг хуваагдаж хаалга нь углуурга бүрээрээ салж бутарсан байж. Тооно ч ялгаагүй цамхаг, даага нь заадал заадлаараа салсныг олж авчирчээ. Авдранд байсан хатуу эдлэлийнхээ ихэнхийг олоогүй бөгөөд уяа модныхоо ойролцоогоос эмээлний мөнгөн даруулга нэгийг олж авсан байна. Энэ айлаас хийссэн зүйлсийн ихэнх нь ойр хавьд байгаагүй бөгөөд олдоогүй зүйл олон байгаа гэсэн. Бүр гурван км-ийн цаана байх гүний худгийн усны сангийн зузаан төмрийн тасархай ч гэрийнх нь гадаа ирсэн байсан ажээ. Барагцаагаар таван см-ийн зузаантай төмрөөр хийсэн ус агуулах савыг моторт худгийн блокон амбаар дотор цементээр цутган бэхэлж суулгасан байж. Гэтэл салхины хүчинд төмөр урагдан тасарч хийсч ирсэн нь энэ гэнэ.  

Гэрийн эд хогшлыг хайхад хэдхэн алхмын цаанаас эхлээд тав, зургаан км хол шидэгдсэн нь ч байж. Үнэтэй алт, мөнгөн эдлэл бүү хэл төмөр орны пүрж ч ор сураггүй алга болжээ. Шуурганд өртсөн таван айлын эд хогшил багцаагаар арван км-т тарж таньж мэдэхийн аргагүй холилдсон байсан тул эцэст нь бөөгнүүлж шатаасан байна. Дахин хэрэглэж болох зүйл гэвэл гэрийн эсгий туурга, дээвэр л байсан аж. Гар аргаар хийсэн эсгий бат бөх, хийссэн ч урагдалгүй бүтнээрээ үлддэг юм байна хэмээн шагшицгаана.  

Ийн Номгон уулын урд бэлээр арваад км цацагдсан эд хогшил бүгд хог болон хэд хэдэн “Портер” машинаар татаж устгажээ. Харин аюулд хамгийн их өртсөн Ч.Баярсайханы байшингийн найман метрийн урттай дүнзийг цуглуулахад гурван машин болжээ. Дүнз модыг тоолж үзэхэд байшинд орсон нийт модны 20 хүрэхгүй хувь нь үлдсэн байж. Үйрч бяцран бутарсныг түлээнд хэрэглэхээс өөр аргагүй гэж үзээд сүүлд хамахаар орхисон байлаа.

Гамшигт өртсөн өрхүүд амьд мэнд гарсандаа баярлаж байгаа ч цаашид хэрхэх вэ гэдэг асуудал бий. Уулзсан хүн бүрийн ярихыг сонсвол “Өмссөн хувцаснаас өөр зүйлгүй хоцорлоо. Аймгийн удирдлагууд гамшигт нэрвэгдсэн өрхүүдэд нэг, нэг гэр хандивласанд нь талархаж байна. Хоромхон зуурт юу ч үгүй болж хоцорсондоо хоёр хоног өнгөрчихөөд байхад итгэж өгөхгүй юм. Ийм зүйлийг кинон дээрээс харж, өөр тивд болсон талаар сонч байснаас сонирхож хүчтэй салхины үед авах арга хэмжээний талаар мэдлэгтэй болох тухай боддог ч үгүй байж. Өөрийн бие дээр буусны дараа л толгой руу орох юм. Уг нь салхины замаас хөндлөн зугтаж гарах ёстой юм байна. Үүнийг сая л мэдлээ. Дэлхийн дулаарал гэдэг зүйл Монгол орныг дайрч цаг уурын тааламжгүй нөхцөл байдал үүсэх болжээ. Тиймээс энэ мэт зүйлээс сэрэмжтэй байж, үүссэн нөхцөл байдалд амьд мэнд гарах тухай ойлголтыг авч баймаар юм байна” хэмээн өгүүлцгээнэ.

Нутгийн иргэдийн хувьд тухайн өдрийн цаг агаарыг бараг хараагүй байсан юм байна. Хоёр өдрийн өмнө, долоо хоног, сарын өмнө цаг агаар харсан нь ч байх. “Ямар ч гэсэн хүмүүсээс асуухад хоёр хоног бороо орж магадгүй гэж ярьцгааж байсан. Харин гамшиг болсны дараа Өмнөговь аймгийн Цаг агаарын хэлтэс манай аймаг руу ярьсан байсан. Танай аймагт гамшиг болж магадгүй байна. Танай аймагт агаарын хэмийн хэт халалт үүссэний зэрэгцээ Алтайн уулсыг давж орж ирсэн сэрүүн, тунадаст хуйлраа өнөөдөр Архангай аймгийг дайрч магадгүй байна, сэрэмжтэй байгаарай гэснийг аймгаас ирсэн албаныхан өгүүлж байсан” гэж байв.

Шуурга явсан хэсэг ямар ч ургамалгүй болжээ

Монгол орны цаг агаарын утга 1996-1997 оны зуд тохиосноос хойш алдагджээ. Хүлэмжийн хий, орчин цагийн хог хаягдал, байгаль экологийн тэнцвэр алдагдсанаас үүдэн дэлхийн дулаарал явагдаж буй. Энэ нь Монгол оронд ч сөргөөр нөлөөлж Монголын цаг агаар шинэ схемд шилжсэн байна. Шууд хэлбэл төв Азийн цаг агаар 1997 оноос өмнө нэгэн цикльтэй байсан бол дараагийн цикль нь эхлээд бараг 20 жил болж байгаа аж. Ингэснээр зундаа халуун орны цаг уурын үзэгдэл зонхилж өвөлдөө сэрүүн бүсийн (тундрийн) нөхцөл байдал хүчтэй идэвхжиж байгаа юм байна. Тиймээс Монголын зун халуун орны шинжтэй болж хар салхи бусад байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэх хандлага илэрчээ.

Одоогоор Хашаатад боссон хар салхийг ямар нөхцөл, шалтгаантай байв гэдгийг судлах мэргэжилтэн, байгууллага Монголд алга. Бусад орнуудын шинжилснээс харахад хар салхи үүсэхэд хоёр хүчин зүйл шууд нөлөөлдөг гэнэ. Үүний нэг нь машины утаа. Автомашины мотороос ялгарсан хөө тортог бөөгнөрч агаар дахь чийгийг өөртөө шингээснээр мөндөрийн үүл үүсэхэд хүргэдэг ажээ. 

Ийм шалтгаанаар үүссэн хэт сэрүүн агаарын масс нь дулаан масстай мөргөлдсөнөөр хар салхи босдог байна. Гэхдээ хор хөнөөл дундаас бага, 15 минутаас илүүгүй хугацаанд үргэлжилдэг аж. Харин 15 минутаас удаан үргэлжилдэг хар салхинд цэвэр байгалийн үзэгдлүүд нөлөөлснөөр үүсч хор хохирол ихээр учруулдаг юм байна. Дэлхий нийт аж үйлдвэржсэнээс хойш тохиож буй хар салхи мэтийн урьдчилан таахын аргагүй, хүчтэй үзэгдлүүд нь хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй үүсдэг болсныг олон орны эрдэмтэд тогтоогоод байгаа юм байна. 

Монгол орны хувьд сүүлийн 40 жилд байгалийн энэ үзэгдэл хоёр дахиа тохиож байгаа нь энэ. Ер нь төв Азид эртнээс хар салхи босдог байсныг монголчуудын “луу унжих” гэж нэрлэдгээс нь мэдэж болох. Гэхдээ тун ховор байсныг хүн бүр хэлүүлэлтгүй мэдэх биз. Харин бусад оронд тэр дундаа хойд Америкт жилд мянга гаруй хар салхи босдгийг эрдэмтэд тогтоожээ. Хар салхинд ихээр өртдөг орны иргэд ч гамшгаас өөрдсийгөө хамгаалах дээд зэргийн мэдлэг, мэдээлэлтэй болсон байна. Тэгвэл монголчууд гамшгийн үед авах арга хэмжээний талаар ямар ч мэдлэг, мэдээлэлгүй байдгийг сая Хашаатад боссон хар салхи харууллаа. Гамшигт нэрвэгдэх үед гэр орон, эд хогшлоо орхин салхины төвөөс хоёр тийш зугтан гарах ёстой байдаг бол Номгон уулын бэлээр зусч байсан малчид бүгд л гэр гэр рүүгээ тэмүүлсэн байгаа юм. Гамшгийн үед амиа алдсан Ц л гэхэд худгаас ус авчихаад гэр рүү давхихын оронд салхины төвөөс 300 орчим метр зайлаад гарчихсан бол эмгэнэлт явдал болохгүй байж. 

Тэр бүү хэл хар салхи босохыг харсан иргэд тав, 10 км-ийн цаана айлд, мал хариулж явсан ч бүгд л гэр рүүгээ хятад мотоциклийн тэнхээ мэдэн давхилдсан гэж байгаа. Тэдний нэг нь Н.Чимэд. Тэрээр гэрээсээ арваад км-ийн цаана Эвтэй дөрвөн амьтны хөшөөн дээр Талын лам буюу Хар хорины хөл нүцгэн Ганбаад тусалж байжээ. Эвтэй дөрвөн амьтны хөшөөг тохижуулах ажлыг Ганбаа лам хийж байгаа бөгөөд Н.Чимэд бүтэн өдрийн турш тэнд байсан гэж байгаа. Ингээд оройн 18 цаг дөхүүлээд харихаар зэхэж байтал үүл бүрхэн мөндөр хаялж гэрийнх нь ойролцоо их тоос босон тэнгэрт хаджээ. Байдал эвгүйтсэнийг мэдээд хужаа мотоциклио асаан гэрийн зүг харвасан байна. Хурдны хэмжүүр 80-100 км цагийг зааж байсан ч амжиж очиж чадсангүй. Салхи хэдийнэ болж өнгөрөөд замдаа өртсөн бүхнийг сүйтгэсэн байлаа. Хар салхи 17 километр яваад замхарсан. Чимэд мотоциклиороо 80-аас дээш км цагийн хурдтайгаар арав орчим км замыг туулахад хоцорсон нь гамшигт үзэгдлийн хурд хүч ямар байсныг тогтоож болохоор. Азаар Чимэдийн гэр орныг нь салхи дайраагүй бөгөөд их, бага Номгон уулын урд хөндийн зарим хэсгийг атаршуулсан мэт болгож өртсөн айлуудын эд хогшил хог болон бүрхсэн байжээ. Алсаас харахад аймгийн төвийн хогийн цэг мэт болсныг хараад Ч.Баярсайхан нарын таван айлаас мэнд мултарсан нь үгүй байх гэж эмээж байсан байна.

Ингээд Н.Чимэдээс болсон явдлын талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Та хар салхи босохыг хараад гэр рүүгээ ирсэн юм байна. Болсон үзэгдлийг бүтнээр нь харав уу?

-Миний байсан газар тэрүүхэндээ хотгор юм. Номгон уулын тэртээд буюу манай гэрийн тийш тэнгэр нижигнэж, үүл хуралдаад эхлэхээр нь хартал их тоос цойлж тэнгэрт хүрсэн байсан. Дөнгөж эхэлж байхад нь л би мэдсэн. Тэгээд мотоциклио асаан халхлаад байсан довцог дээгүүр гарч ирэхэд Ч.Баярсайханы зусч байсан довцгийн ар дээгүүр хуйлран орж байсан. Өөрийнхөө гэрийн зүгт харцаа шилжүүлээд л буцаахад тэр салхи тэдний хотыг нөмрөн авсан байна билээ. Үнэхээр хүчтэй, хурдтай явж байсан болохоор хүн бүр сүрдэж юу хийхээ мэдэхгүй сандчиж байсан юм билээ. Би ч дэмий л мотоциклио хаазлахаас өөрөөр яаж ч чадаагүй. 

-Тэгээд юу болсон бэ?

-Таарсан бүхнээ идэж байгаа аварга том амьтан шиг л байсан. Тэр том хуйлраа Ч.Баярсайханы гэрийн дээр хэсэг хургаж хуйларч байснаа цааш эрчилэхэд тэдний байсан газар тэгширч үлдсэн. Замд нь таарсан бүхнийг хаман авснаа буцаан гаргаж цацаад үнэхээр аймшигтай юм. Ядаж хажуугаар нь том том мөндөр бууж ирээд явахад бэрхтэй байсан ч би хамаг хурдаараа гэр рүүгээ давхисан. Ингэж явахад мөндрийн нэг ширхэг нь мотоциклийн их гэрэл дээр буусан нь төмрийг нь шамбийлгаж, шилийг нь хагалсан байгаа юм. Монголчууд 24 км цагаас илүү хүчтэй салхийг хэмжиж чаддаггүй юм байна ш дээ. Манай энд ирсэн мэргэжилтнүүд нэг тийм үг хэлчих шиг боллоо. Ер нь байгалийн тийм хүчний өмнө хэн ч сөхөрмөөр юм билээ. Дэлхийн сүйрэл, үхэл, хагацал муу юм бүхэн хамгийн түрүүнд бодогдож байсан. Цаашаа явсаар дөрвөн ч хот айлыг дайраад өнгөрөхөд онгойсон хар буурь л үлдэж байх жишээтэй. Байгальтай хамгийн ойр, бүх зүйлийг нь мэдэрч байдаг адгуус мал хүртэл дайжин гарч чадаагүй гээд бодохоор үнэхээр гэнэтийн, хурд хүч нь хэмжээлшгүй байсныг нотолно. Юу харснаа ярихаар зарим хүмүүс “битгий даваадуулаад бай” гэж байгаа юм даа. 

-Та бүхэн бүхэн өөрсдөө хар салхины талаар хэр мэдээлэлтэй байв?

-Ганц хоёр кинон дээрээс харсан төдийхөн. Огт үзээгүй зүйлтэйгээ нүүр тулахаар балмагдахын зэрэгцээ амиа аврах мэдлэггүй байдаг нь ямар ч боломжийг олгодоггүй бололтой. Гамшгийн үед нас барсан хүн л гэхэд амьд үлдэх өчнөөн боломжтой байсан юм билээ. Мэдлэг, мэдээлэл дутмагаас л ийм зүйл болчихлоо. Өнгөрсөн хойно нь сум, аймгаас хүмүүс ирж туслахын хувьд болж байна. Харин Н.Алтанхуягийн Засгийн газар хуй салхи дайраад өнгөрсөн юм шигээр асуудалд хандаж байгаа нь эмгэнэлтэй байна. Ер нь төр засаг энэ талаар анхаарч байгаа шинж огт алга. Ийм зүйлийг судалж, шинжилж, ард иргэддээ сэрэмжлүүлээд, аюулаас амьд мултрах аргыг нь зааж өгмөөр юм шиг байна.

-Танай нутгийнхан ч асуудлыг мухар сүсэгтэй холбож ойлгоод байх шиг байна даа?

-Шинжлэх ухааны үүднээс тайлбарласан л байдаг байх. Шинжлэх ухаанд нэр нь орсон зүйлс нэг дор бөөгнөрөөд л ийм гамшиг болсон байлгүй. Монголчууд мэдээж газар усаа хилэгнүүлснээс боллоо гэнэ шүү дээ. Би ч тийм л бодолтой явдаг хүн. Нас барсан эрэгтэй Хөвсгөл аймгийн гарвалтай, тэндээ амарч байгаад ирсэн юм билээ. Ирэхдээ нуурынхаа уснаас, загас жараахайнаас нь баахныг авчирсан байсан гэсэн. Тэгээд л ийм зүйл болж өөрөө амь эрсдээд, бусад хүмүүс нь хомрогонд нь өртлөө гэж нутгийн олон ярьж байна. Бодохоор тийм ч юм шиг. Шинжлэх ухааны үүднээс тайлбарлачихсан бол ийм дэмий яриа гарахгүй шүү дээ. Асуудал хариуцсан сайд дарга нь анхаараад, ард түмэндээ хандаж бодит байдлыг мэдээлэх л хэрэгтэй байх. Малчин бид чинь төр засаг руу байнга чих тавьж байдаг хүмүүс шүү дээ. Тэгээд гэнэтийн ийм үзэгдэлд өртсөн айлуудад тусламж огт олгодоггүй юм шиг байна. Аймгийн удирдлагууд нэг гэр өгөөд болоо. Үгүй дээ л сэтгэл санааны туслалцаа хэрэгтэй л байдаг бололтой. 

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ цаг-үе

О.Гүндэгмаа: Олимпийн шалгуур хүндэрсэн. Гэхдээ би олимпийн эрхээ авах болно

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл Шведийн Гётеборг хотноо болсон өсвөрийн хөлбөмбөгийн “Готхиа Цуп” тэмцээнд амжилттай оролцоод ирсэн “Дэрэн” баг болон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, паралимпид оролцох эрхээ аваад байгаа З.Ганбаатар нарыг өчигдөр хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтад паралимпийн тамирчин З.Ганбаатар хүндэтгэх шалтгааны улмаас хараахан ирж амжаагүй юм. Ингээд энэ үеэр Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаатай цөөн хором ярилцлаа.Тэрээр өнгөрсөн зургадугаар сард дэлхийн цомын цуврал болох Германы Мюнхен хотноо болсон тэмцээний спорт гар бууны 25м-ийн дасгалд алтан медаль, Словени улсын Марибор хотноо болсон тэмцээнд мөн төрөлд мөнгөн медаль хүртсэн билээ. 


-Юуны өмнө танд дэлхийн цомын тэмцээнүүдэд амжилттай оролцсонд баяр хүргэе. 

-Баярлалаа.

-Таны хувьд багагүй хугацаанд спортоосоо завсарлаад эргэн ирсэн гэхэд бэлтгэл сайн хангагдсан нь анхны тэмцээнүүдээс чинь л харагдаж байна. Ер нь гарт орчихсон чадвар гэдэг өөр байдаг уу?

-Би буудлагын спортоор 20 гаруй жил хичээллэсэн. Тиймээс хоёр жил бэлтгэл тасраад эргээд ороход нэг их хүндрэл байсангүй. Миний хувьд өнгөрсөн гуравдугаар сараас бэлтгэлдээ гарсан. Ер нь бол бэлтгэлийг маш эрчимтэй, шаргуу хийсэн гэхэд болно. 

-Германы Мюнхен хотод болсон тэмцээнд алтын төлөө Монгол Улсын гавьяат, ХБНГУ-ын тамирчин Д.Мөнхбаяртай өрсөлдөхөд хэр сандрав. Таны хүчтэй өрсөлдөгчдийн нэг шүү дээ?

-Нэг их сандраагүй. Анхнаасаа л финалд үлдэж, алтын төлөө өрсөлдөнө гэсэн зорилготой орсон. Мөнхбаяр эгч надтай ойролцоо оноо авсан учраас бид хоёр алтын төлөө өрсөлдөж таарсан. Тэмцээний дараа Мөнхбаяр эгчтэй уулзаад “2008 оны олимпийн үеэр болсон явдал дахин давтагдлаа шүү” гээд хоорондоо ярьж инээлдсэн. 

-Дүрэмд өөрчлөлт орсон нь хэр нөлөөлсөн бэ?

-Хоёр жилийн дараа шинэ дүрмээр өрсөлдөхөд бас тийм ч амар байсангүй. Гэхдээ манай дасгалжуулагч финалын шатны бэлтгэлд түлхүү анхаарсан. Үндсэн 25 сумнаас 15-18 сум оноход медалийн төлөө өрсөлдөх боломжтой болно гэж зөвлөсөн. Өмнө нь 16, 17 сум оноход бараг медаль хүртэх магадлалтай болчихдог байсан байхгүй юу. 

Олон улсын буудлагын спортын финалын шатны дүрэмд том өөрчлөлт орсон. Тэмцээнийг илүү үзүүштэй болгох үүднээс гэдэг ч юм уу финалын шатанд үлдсэн найман тамирчинг хоёр хоёроор өрсөлдүүлдэг болсон байна лээ. Финал дотроо дахин шинээр өрсөлдөөн гарч ирж байгаа юм. Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй тамирчдын гол зорилго алт, мөнгөн медаль авах байсан. Өмнө нь тамирчдыг тэмцээнээс хүрэл медаль авахад үзэгчид “Энэ чадахгүй байхдаа яадаг юм. Хүрэл медаль аваад” гэж чамлах тохиолдол гардаг байсан. Тэгвэл одоо хүрэл медалийг хүртэл тамирчид нөр их хүч хөдөлмөрөөр авах болж байгаа юм.

-Мюнхенд болсон тэмцээнийг дөнгөж дуусгаад дахин нэг дэлхийн цомын цуврал тэмцээнд орж мөнгөн медаль хүртсэн. Дараагийн тэмцээнд бэлтгэх боломж гарсан уу?

-Тэмцээний үед бэлтгэл хийх боломжгүй байдаг. Дэлхийн цомын тэмцээнд долоо хоногийн турш 80 гаруй орны тамирчид буудлагын арав гаруй төрлөөр өрсөлддөг. Тиймээс тамирчид дор дороо хувийн бэлтгэлээ л базаадаг. Бүх юм цагийн хуваарийн дагуу явагддаг. Явахаасаа өмнө л бэлтгэлээ сайн базаадаг.

-Ирэх сард ДАШТ болно. Бэлтгэл хэр хангагдаж байна?

-Бэлтгэл ерөнхийдөө жигдэрсэн. Есдүгээр сард Испанид ДАШТ болно. Энэ тэмцээнээс эхэлж “Рио-2016” олимпийн эрхийг олгох юм. Спорт гар бууны төрөлд шалгарсан эхний тав, хийн гар буунд шалгарсан эхний зургаан тамирчин олимпийн эрх авах тухай журамд заасан байгаа. 

Дэлхийн цомын тэмцээнд 80 орны 150 орчим тамирчин орсон. ДАШТ-нд олимпийн эрх олгодог учраас дэлхийн цомоос нэг дахин их тамирчид өрсөлддөг. Тиймээс миний хувьд бэлтгэлээ маш сайн, шаргуу базааж байгаа. 

-Шинэ дүрмээр ДАШТ-ээс гадна хэдэн тэмцээнд орж байж эрхээ авна гэсэн үг?  

-Олон улсын буудлагын холбооны дүрэмд орсон өөрчлөлтүүдийн нэг бол энэ. Олимпийн эрхийг ДАШТ-ээс гадна хойтон болох дөрвөн дэлхийн цомын тэмцээн, азийн аварга шалгаруулах тэмцээнээр олгоно. Өмнө нь найман дэлхийн цом, Азийн аварга, дэлхийн аваргын гээд нийт арван тэмцээнд олгодог байсан нь багассан. Энэ утгаараа тамирчдын шалгуур ч өндөрссөн гэсэн үг.

-ДАШТ-ээс олимпийн эрхээ авна гэдэгтээ итгэлтэй байна уу?

-Тэгэлгүй яахав. Мэдээж тэр өдөр хэн сайн байсан, хэн сийрэг ажиллаж чадсан нь медаль авах байх. Финалд дахин шинээр өрнөж байгаа учраас бүгд л эрхээ авахыг хүсч байгаа тамирчдын дунд ширүүн өрсөлдөөн болох байх. 

-Таны хувьд өөрийнхөө төрөлд дэлхийн хэмжээнд одоогийн байдлаар нэгт бичигдсэн гэсэн. Ер нь онооны хувьд хэр нягтралтай байгаа вэ? 

-Миний хувьд оноо гайгүй. Сүүлийн хоёр тэмцээнээс тус бүр 584 оноо авсан нь төрөлдөө тэргүүлэхэд нөлөөлсөн байх.

-Сая сайдтай уулзах үеэр гадаа бэлтгэх хийх боломжгүй гэсэн асуудал яригдсан. Энэ талаар?

-Манай тамирчдын амжилт гаргах хамгийн боломжтой төрөл бол 25 м-ийн зайд бууддаг спорт гар бууны дасгал. Зуны цагт зохиогдож буй томоохон тэмцээний үеэр тус төрөл гадаа талбайд болдог. Харин манайд бол гадаа бэлтгэл хийх боломжгүй. Гадаа зориулалтын талбайд хийх хэрэгтэй байдаг. Яагаад гэвэл гадаа буудахад нарны тусгал хүртэл буудлагад нөлөөлдөг. 2008 оны Бээжингийн олимпод бэлтгэж байхдаа гадаах буудлагыг Найрамдал зусланд хийж байсан. Уг нь Техник спортын төвд хийх ёстой байдаг. Гэвч заавал тус төвийн дасгалжуулагч нартай дахин гэрээ хийх зэргээс эхлээд чирэгдэл ихтэй учраас боломж байдаггүй. Ямартай ч өнөөдрийн /өчигдөр/ сайдтай хийсэн уулзалтын үеэр энэ асуудал сөхөгдлөө. Өнөө маргаашгүй  Техник спортын төвтэй ярилцаад долоо хоногт хоёр удаа ч юм уу бэлтгэл хийх юм шиг байна. 

-Одоо бэлтгэлээ хаана хийдэг юм бэ?

-Батлан хамгаалах их сургуулийн “Аварга” клубт бэлтгэл хийж байгаа. 

-Ер нь тив, дэлхийн тэмцээнд амжилт гаргаад ирэхдээ өөрөөрөө бахархах сэтгэл төрдөг үү?

-Тэмцээний үеэр бол айхтар догдлоод байдаггүй. Спорт хүнийг баргийн юманд хөөрөөд байхгүй ийм тэсвэр тэвчээртэй болгочихдог юм байна/инээв/. Ихэвчлэн эх орондоо ирээд, гэр бүлийнхээ дунд ирээд амжилт, алдаа оноогоо ярилцаад ирэхээр арай өөр болдог. Би анх энэ спортод хөл тавихдаа Отрядын охин Гүндэгмаа гэж олонд танигдсан. Олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн, алдар нэр өссөн гээд юу ч өөрчлөгдөхгүй. Отрядын охин Гүндэгмаа хэвээрээ л байх болно. 

Би ямагт өөртөө энэ үгийг сануулдаг. Харин ээж, гэр бүлийнхэндээ маш их баярладаг. Байнга л тэмцээн уралдаан гээд явахад үр хүүхдүүдүүдийг минь харж хандан арын ажлыг минь ганц зохицуулдаг хүн. Тиймээс ээждээ маш их баярлалаа, хайртай шүү гэж хэлмээр байна.

Д.ДАВААСҮРЭН