Categories
мэдээ цаг-үе

Залуус цагийн ажил хийчихээд буцаж явахдаа үүрэглэж, осолджээ

Франц улсад энэ сарын 13-нд буюу өнгөрсөн долоо хоногийнмягмар гаригт автомашины ноцтой осол гарч, дөрвөн монгол залуу харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарчээ. Тус улсад ажиллаж, амьдарч байсан 27 настай С, 32 настай Н, 40 настай О, 42 настай Ц нарСАЕN хотоос70 гаруй километрийн цаана явж байгаад осолдсон байна. Талийгаач нарын ар гэрийнхэн эхнээсээ Франц улсыг зорьсон гэнэ. Гадаад харилцааны яамнаас талийгаачдын ар гэрийнхэнд бичиг баримт бүрдүүлэх, виз гаргуулах зэргээр туслалцаа дэмжлэг, үзүүлж байгаа гэнэ.

ДӨРӨВ ХОНОГ АЖИЛЛАСАН ЗАЛУУС ГЭР РҮҮГЭЭ ЯАРЧ ГАРСАН ГЭНЭ

Ослын талаар Францын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарчээ. Тэд цагийн ажил хийчихээд гэр рүүгээ буцаж явахдаа орон нутгийн замд осолдсон байна. Тус улсын цагдаа нар талийгаачдын ар гэрийнхэнд ослын талаархшинжилгээний дүгнэлтийгтанилцуулжээ. Ослын талаарх дүгнэлтээр “Мерседес бенз” маркийн авто машины жолооч урсгал сөрж, эсрэг урсгалаар явж байсан хүнд даацын ачааны машиныг мөргөсөн байна. Талийгаач нарын цуснаас авсан шинжилгээгээр ямар нэгэн согтууруулах ундааны зүйлс хэрэглээгүй болох нь тогтоогдсон” гэжээ. Франц улсын САЕN хотод 200 гаруй монгол хүн амьдардаг гэнэ. Харамсалтайгаар амиа алдсан залуусөөр хотод очиж дөрөв хоног паркийн ажил хийсэн байна. Ажлаа дуусгаад ажлынхаа хөлсийг авчихаад гэр рүүгээ буцаж явахдаа харамсалтайгаар амиа алджээ. Шөнө хөдөлсөн тэд 06:00 цагийн орчимд урсгал сөрж хүн даацын автомашиныг мөргөж осолдсон байна.

Тэдний хоёр нь тус улсад цагаачлах эрхтэйгээр ажиллаж, амьдарч байсан гэнэ. Харин хоёр нь хараар амьдардаг байжээ.Тэд Францад очоод1-6 жил болсон гэнэ. Талийгаачдынхоёр нь ар гэрийнхэнтэйгээ амьдардаг байжээ. Талийгаач нарын нэг нь эхнэр хүүхэдтэйгээ өнгөрсөн оны есдүгээр сард Францад ирсэн байна. Гэр бүлээрээ цагийн ажил хийж амьдардаг байж. Бүр хүүхдээ амьдарч байсан хотынхоо сургуульд оруулсан байна. Тэд өдрийн 40-50 еврогийн хөлстэй цагийн ажил хийдэг байжээ.Талийгаачид гэрийнхэндээ “Паркийн ажил олдлоо. Дөрөв хоног ажиллах юм байна. 200 евро өгөх гэнэ. Дээр нь илүү цагийн мөнгө өгнө гэсэн. Дөрөв хоног ажил хийгээд мөнгөтэй болоод ирнэ” гэх хэлээд гэрээсээ гарсан байна. Дөрөв хоног тасралтгүй ажилласан байна. Даалгасан ажлыг нь шөнөөр дуусгаж хөлсөө авчихаад гэртээ харьж амрахаар шууд явцгаасан гэнэ. Дөрөв хоног ажиллаж ядарсан жолооч залуу үүрэглэж, явахдаа урсгал сөрж машинтай мөргөлдсөн бололтой.

НАЙЗ МИНЬ ЭХНЭРТЭЭ ДӨРӨВ ХОНООД ИРНЭ ГЭЖ ХЭЛЭЭД ГАРСАН БАЙНА ЛЭЭ”

Өглөө ажилдаа гарахдаа эхнэр хүүхдээ үнсээд гарсан, ах, эгчтэйгээ нийлж амьдралаа босгох гэж алс оронд ирсэн, амьдрал зохиож эхнэр, хүүхэдтэй болж амжаагүй хоёр залуу харамсалтайгаар нартаас буцжээ. Дөрвөн өдөр нойр, хоолгүй шахам ажилласан тэд гэртээ харих гэж яваад үүрээр осолдож амиа алдсан. Франц улсад сурч, ажиллаж байгаа монголчууд талийгаачдын буяны ажилд зориулан хандив цуглуулж байгаа гэнэ. Мөн ар гэрийнхэнд нь туслах ажлын хэсэг байгуулагджээ. Энэ талаар Франц улсын САЕN хотод амьдарч байгаа Ч.Батсүхтэй холбогдож цөөн асуултад хариулт авсан юм.

Осол хурдны зам дээр болсон юм уу?

-Үгүй ээ. Орон нутгийн жижиг зам дээр гарсан. Дөрвүүлээ явж байгаад осолдсон. Гурван залуу нь газар дээр амиа алдсан байсан. Харин нэг нь эмнэлэгт очсон боловч тархиндаа хүнд гэмтэл авсны улмаас амиа алдсан.Уг нь хоёр хоноод тархиндаа мэс засал хийлгэсэн юм. Үнэхээр харамсалтай зүйл болоод байна. Бид хамтарч цагийн ажил хийж мөнгө олдог байсан юм.

Талийгаач нарын ар гэрийнхэн очиж байгаа гэсэн үү?

-Тиймээ. Эхнээсээ ирсэн байгаа. Бид газарчилж, осол болсон газар дээр буяны ажил хийсэн. Монгол ёс заншлаар осол болсон газрыг аргадаж, сүү цагаан идээ цацсан.Ар гэрийнхэн эх нутаг руу нь авч явахаар ярилцаж байна. Бид 06:20 цагийн орчимд осол гарсан гэдгийг мэдсэн. Ослын газарт очиход хүн харахын аргагүй болсон байна лээ. Ачааны машины өөдөөс халз мөргөсөн учраас унаж явсанмашин нь авах юмгүй болчихсон байсан. Бид осол болсон даруйд ар гэрийнхэнтэй нь холбоо барих гэсэн боловч чадахгүй байсаар 21:00 цагт Монгол руу утасдаж хэл дуулгасан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр согтуу байсангэх мэт худал мэдээлэл гаргаад байна. Тэд архи, дарс огт уугаагүй, эрүүл явсан байна лээ. Харин тэндээ амраад ирэлгүй шөнө гарч давхиж яваад л ийм харамсалтай зүйл болчих шиг боллоо. Франц улсад ажиллаж амьдарч байгаа монголчууд дөрвөн залуугийн буяны ажилд зориулж хандив цуглуулж байна. Хэдийгээр хүний нутагт байгаа ч гэсэн осол болж дөрвөн залуу амиа алдсан мэдээг сонссон даруйдаа л монгол хүн бүр цуглараад бидний амьдарч байсан хотод ирсэн.

Тэд ажилдаа сайн болохоор энд тэндээс ажил хийлгэх захиалга олон ирдэг байсан гэсэн?

-Тийм ээ. Үнэхээр ажил сайн хийдэг байсан юм. Энд тэндээс захиалга сайн ирдэг болохоор Францын хотуудыг тойроод л ажил хийдэг байлаа. Талийгаач нараас гэр бүлээрээ ирсэн залуутай их дотно байсан. Найз минь эхнэр, хүүхдэдээ “Өдрийн 50 еврогийн ажил хийхээр явлаа. Дөрөв хоноод л ирнэ. Мөнгөтэй болоод ирэхээрээ Монгол руу мөнгө явуулна. Хүүгээ сайн харж байгаарай” гэж утсаар яриад гэрээрээ оролгүй шууд явсан гэсэн.Талийгаач нарын ар гэрийнхэн маш хүнд байдалтай байна гэв.

Э.БААТАР

Categories
мэдээ цаг-үе

Эдийн засаг гэхээсээ илүүтэй нийгмийн сэтгэлзүй хямарчихаад байна

Ауратөвийн био энерги, мэдээллийн шинжээч С.Алтанчимэгтэй ярилцлаа.

Эдийн засгийн хямрал гээд сүүлийн хэдэн сарын турш бүгд ярьцгаалаа. Гэтэл үүнийг эдийн засгийн хямрал биш нийгмийн хямрал нүүрлэчихээд байна гэж зарим судлаачид үзэж байна. Нийгмийн хямрал гэж юуг хэлээд байна вэ?

-Энэ өдрийн мэндийг хүргэе. Миний хувьд био энерги шинжээч буюу хүнийгэрлэн биеийг оношилж засдаг болоод гурван жил болж байна. Гэхдээ хүн судлалыг сонирхон судлаад 10 жил болж байна. Энэ үүднээс ажиглаад дүгнэхэд үнэхээр эдийн засаг биш хүний сэтгэлзүй ыхямраад байгаа нь туйлын үнэн. Бид шинэ эрин үеийг бүтээлцэж байна. Энергийн хувьд маш хүчтэй өөрчлөлтийн үед амьдарч байна. Тиймээс л хүний сэтгэл зүй бодол санаа, тогтворгүйтэж аура буюу хамгаалалтын бүрхүүл нь гэмтэж ажил үйлс, амьдрал нь бүтэлгүйтэн бие хаа нь, өвдөж учраа олохгүй төөрч будилаад байх шиг байна даа. Хүний сэтгэл хямарвал бие хямрана, бие хямарвал амьдрал хямардаг. Одоо бид эд мөнгөний эрин үеэс хайр энэрлийн эрин үе рүү шилжчихээд байна. Тиймээс өөрөөсөө эхлээд бүхнийг хайрлаад эхэлбэл сэтгэл дүүрээд л айдас, стресс, өвчин гээд сөрөг энергүүдээс холдоно доо. Түмэн мэдээллийн дунд өөрөөсөө төөрчихөөд л байна даа. Тиймээс өөрийгөө л олох хэрэгтэй.

Өөрийгөө яаж олох юм бэ. Бясалгах, төвлөрөх замаар өөрийгөө олохыг хэлээд байна уу?

-Гаднаас биш дотогшоо орох л хэрэгтэй байна. Нэг ийм домог байдаг юм хүмүүсийн хүч гаднаабайдаг байжээ. Гэтэл хүмүүс юу ч хамаагүй хийгээд дэлхийг сөнөөхийг завдсан байна. Тиймээс тэр хүчийг нь бурхад нуучихъя гээд хүмүүсийн дотор нь нуучихсан юм байна. Гэтэл хүмүүс хүчээ хайгаад олохгүй болохоороо бусдыг авчихлаа гэж бодоод бусдыг буруутгаж бас бусдаас тусламж эрдэг болсон гэжээ. Одоо хүмүүсийг өөрөөсөө эхэл, бодол санаа бүх юмаа хяна гээд байгаа нь тэр дотор чинь байгаа хүч бүхнийг хийж гадна гэдгийг хэлээд байгаа юм. Тиймээс л өөрийгөө чагнаж өөрийгөө хайрлах, өөртэйгээ ойлголцож тэр хүчээ ашиглах ил болгох цаг ирчихээд байна даа.

Нийгмийн сэтгэлзүйн хямралыг яаж арилгадаг юм бэ?

-Хүмүүс бие биедээ урам хайрлах хэрэгтэй байна. Урам зориг хайр энэрэл дутагдсанаас итгэл сэтгэл алдагдаад байх шиг санагдаад байна. Бид сайн сайхан дээр төвлөрөх цаг нь болсон. Одоо бод л доо өөрийнхөө тав, арван жилийн өмнөх амьдралыг, улс эх орныхоо хөгжлийг хар л даа. Одоо бараг л айл болгон машинтай, ямар ч баяраар дүүрэн баярлаад байна ш дээ. Бүтээн байгуулалтыг хар л даа зам харгуй гээд л болж байна, хөгжиж л байна. Үүнийг харж урам авахын оронд хэн идэх нь вэ, ямар муу юм болох гээд байна, хэн намайг яах гээд байна гэж бодоод байх юм бол улам хэцүүднэ биз дээ. Хүн бүхэн өөрөөсөө, өрөөлөөс сайхныг л харъя л даа дарга цэрэггүй төр засгийнхан ч гэсэн хүмүүс биз дээ. Тэд ч гэсэн өөрсдийнхөө үйл хөдлөл үг яриа бүхнийг хянах хэрэгтэй, ухаантай байх л хэрэгтэй дээ. Энэ насны өмч хөрөнгөө хойд насандаа авч очих биш хоосон л буцна ш дээ. Олон түмний төлөө буян үйлдээд сэтгэл амар аз жаргалтай амьдрах хэрэгтэй. Нийгэм гэдгийг хүн бүтээдэг биз дээ. Тэгэхээр нэг хүний сайхан сэтгэл итгэл, хайраас л бүх юм эхэлнэ дээ.

Ийм хямралтай үед хүн гэрлэн бие буюу аурагаа хэрхэн авч явбал хямралд өртөхгүй байх вэ?

-Аура гэмтчихээрээ яалт ч үгүй асуудал үүсдэг гэдгийг би сүүлийн гурван жилийн турш хүмүүсийн аураг оношлохдоо мэдэрсэн. Хүмүүс ихэвчлэн тархи толгойны өвчтэй, хямралтай орж ирдэг. Толгойг нь цэнэглэдэг энергигүй болчихоод байна. Цэнэглэдэг энергиэ бүтээж чадахгүй болчихоод байна. Над дээр янз бүрийн хүн ирнэ. Сэтгэл санааны гүн хямралд орчихсон, өвдсөн зовсон түмэн хүн орж ирнэ. Аураг нь шинжлэхээр бүгд гэмтчихсэн байдаг. Гэмтсэн шалтгаанууд нь өөрөөс нь эхэлсэн байдаг. Сэтгэлзүй нь хамгаалалтгүй болохоор өрөөлийн янз бүрийн энергид өртөх нь хялбар болчихдог. Хүмүүст сэтгэл, хайр энэрлийг зөвлөмөөр байна. Хайр энэрэл дутагдахаар л бүх юм хямардаг. Аурагаа тэгж ингэж сэргээ гэхээсээ илүүтэй хайрынхаа дотор хүчийг сэргээ, хайрынхаа савыг дүүрэн байлга гэж л хэлье. Хайрын савыг дүүргэхэд их амархан. Гадагшаа гараад тааралдсан хүүхэд бүрийг хайрла л даа. Эвий дээ, бидний төлөө залуу насаа зориулан хөдөлмөрлөсөн таяг тулаад явж байгаа хөгшдийг хайрла. Тэд бидний амьдарч байгаа энэ амьдралыг босгосон хүмүүс шүү дээ. Байгаль дэлхийгээ хайрла. Амьдралыг хайрла. Амьдрал баялаг. Энэ болгоноос хайрын саваа дүүргэ. Бусдаас, нийгмээс бурууг хайгаад байвал хайрын сав тань хоосроод улам харлаж гэрлэн бие улам л гэмтэнэ.

Хүн бусдын нөлөөнд автаж хямрахгүй, аурагаа гэмтээхгүйн тулд яаж хамгаалах ёстой вэ. Нийгмийн хямралд өртөхгүй байх талаар аурагийн шинжлэх ухаан хэрхэн зөвлөдөг вэ?

-Хүн бол байгалийн бүтээгдэхүүн. Байгаль дэлхийтэйгээ зөв харьцаж тэнгэр газраас энергиэ авч байх хэрэгтэй. Мэдээж бас л нөгөө бодол санаа, сэтгэл зөв байх гээд л ярина. Нэгдүгээр хүрд газраас, хоёрдугаар хүрд ус, гуравдугаар хүрд галаар гэх мэтээр цэнэглэгддэг. Мөн долоон өнгөөр бие булхуулж энергижүүлж болдог юм. Зөвлөвөл их юм байна, гэхдээ хүмүүс өөрсдөө хийгдэггүй юм. Манайх лаагаар заслаа хийж чулуугаар хамгаалдаг болсон. Чулуу бол бүх гариг эрхсийн энергийг тээж татаж байдаг учраас маш сайн хамгаалалт бас энерги алдагдахаас сайн хамгаалдаг

Сүүлийн үед залуус, олны танил эрхмүүд нийгмийн сайн сайхан руу чиглэсэн үйл бүтээж, түүндээ бусдыг уриалан дуудах болжээ?

-Тэр хүмүүс бодол, сэтгэлээрээ нийгмээсээ түрүүлээд явж байна. Шунал, хүсэл тачаалаасаа ангижирч байгаа хүмүүс. Шунал хүслээсээ ангижрангуут бусдын төлөө хийе гэсэн бодол л орж ирдэг. Шуналаасаа ангижраагүй хүн дахиж илүү ихийг олохыг, авахыг хүсээд шуналдаа баригдчихдаг. Арван байшинтай байлаа арвууланд нь зэрэг амьдрахгүй. Алт мөнгө авдраар нь дүүрэн байлаа гээд бүгдийг нь зүүгээд гадуур явахгүй биз дээ. Сайхан жаргалтай л амьдрах хэрэгтэй. Гэхдээ сайхан амьдрахыг хүн бүр өөрийн таашаалаараа бүтээдэг. Жаргаж байна гэвэл жаргана, зовж байна гэвэл зовно. Р.Чойномын “Жаргал зовлон” гэдэг шүлгийг хүмүүс уншаад үзээрэй.

Үйлийн үр гэдгийг аурагийн шинжлэх ухаан талаас нь тайлбарлавал?

-Өнөөдөр бодож байгаа бодол, хэлж байгаа үг, санаж байгаа санаа, явж байгаа үйлдэл болгон тань үйлийн үр болдог. Заавал том муу юм хийчихээд л үйлийн үр гэж ярьж болохгүй. Хүн сэтгэлээрээ ч нүгэл үйлддэг. Атаархал, шунал, өш хонзон гээд. Зүгээр л хэн нэгнийг муухайгаар бодох бодол тань л эргээд үйлийн үр болдог. Үйлийн үрийг бодол, үйлдэл, үгээрээ хийдэг. Үйлийн үрийг хүн тарьдаг. Үйлийн үр хийчихээд түүндээ ороогдоод өвдөж зовоод, ажил үйл, амьдрал нь уруудаад эхлэхээр бүх бурууг бусдаас эрдэг. Намайг хэн ингэчихэв, тэр тэгсэн юм болов уу гээд эхэлнэ. Үгүй байхгүй юу. Өөрийнх нь хийсэн үйлийн үр нь ороод ирдэг.Тиймээс сэтгэл, үйлээ ариун байлгах л ёстой. Нөгөө үр минь үлддэг хорвоо шүү дээ гэдэг үг байдаг биз дээ.

Засаг солигдож, төрийн байгууллагууд хөдөлгөөнд орж, төрийн албан хаагчдын ажлын байранд ч нэлээд өөрчлөлт орж байна. Төрд, төрийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн сэтгэлзүй нэлээд хэцүү байгаа нь анзаарагдаж байна. Ер нь төрд ажиллах хүний сэтгэл, аура ямар байх ёстой юм бэ?

-Төрийн хүн гучин жилийн дараачийг харах ёстой, гэрийн хүн гурван жилийн дараачийг харах чадалтай гэдэг. Гэтэл гурав хоногийн дараачийг ч харж чадахгүй хүмүүс төрд ажиллаж байгаа харагдах юм. Тэр хүмүүсийг шүүмжлэхээсээ урьтаж тэд өөрсдийгөө олоосой, би үнэхээр төрийн хүн үү, эсвэл шунал хүсэлдээ баригдаад энд сууж байна уу, ард түмнийхээ төлөө би юм хийж чадах уу, эсвэл өөрөө авлига авч баяжихын төлөө энд байна уу гэдгээ бодох хэрэгтэй. Нөгөө талаас сайн хүмүүс зөндөө байна.

Аурагийн шинжлэх ухаан судалдаг, био энерги шинжээч хүний нүдээр төрд ажиллаж байгаа зарим хүнийг харахаар өөрийнхөө үзэл бодол итгэл үнэмшлээ төрийн ажилтай холиод байх шиг санагддаг. Тэр хоёр маш өөр асуудал биз дээ. Улс эх орныхоо төлөө ажиллаж буй хүмүүс бусдаас илүү ухаантай ард түмнээ гэсэн сэтгэлтэй байх ёстой гэж би боддог. Хүмүүс аура гэж ийм юм байдгийг сая л мэдлээ гэж хэлдэг юм. Хүн болгон гэрлэн бие буюу хамгаалалтын бүрхүүлтэй тэр нь гэмтвэл янз бүрийн юманд өртөмтгий сэвтэмтгий болж бодол санаа нь бохирдож, бодох сэтгэх нь буруудаж өөрөөсөө төөрчихдөг. Хүн өөрөөсөө төөрөх явдал бол өнөөдрийн нийгэмд энгийн л үзэгдэл болчихож. Хүн хувь хүн та хэн бэ гэдгээ олж авчихаад өрөөлийн төлөө ажиллах ёстой. Төрд ажиллаж байгаа хүмүүсийн сэтгэл хямарчихсан байна. Түүнээс биш төр хямраагүй. Монголчууд маань хамгийн мундаг ард түмэн шүү дээ. Хүн судлаачид энэ эринийг Монголын эрин болно гэж дүгнэдэг. Угаасаа ч тийм. Монгол Улс маань мандан бадрах болно.

Та бүхэн “Аура” төвийн VIP үйлчилгээг сонирхож байвал 99297729, 88184801, 99529532 гэсэн утсуудаар холбогдож болно. Хаяг: Чингэлтэй дүүрэг, “Тэнгис” кино театрын урд байрлах “Victory” төвийн 503 тоот.

Categories
мэдээ цаг-үе

Б.Бат-Эрдэнэ: Сахил хүртээд шал дордов гэгч болж байна

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

УИХ-аар төсвийн тодотгол хэлэлцэж байна. Өрийн босгыг 60 хувьд хүргэх үү, үгүй юу гэдэг дээр ч нэлээд яриа өрнөж байгаа. Энэ тал дээр таны бодол ямар байна вэ?

-Хэдхэн сарын өмнө 2015 оны төсвөө баталчихсан. Сүүлийн хоёр жил төсвийн орлого нэмэгдэхгүй, тасалдаж байна гэдэг шүүмжлэлийг тухайн үед өрнүүлж байсан. Тийм учраас төсвийн орлогыг нэмэгдүүлье, царцаасан барилгуудын асуудлыг нэг тийш нь болгоё гэсэн. Цалин тэтгэврийг сүүлийн хоёр жил огт нэмсэнгүй. Ардын намын зүгээс цалин, тэтгэврийг 30-аас доошгүй хувиар нэм гэдэг шаардлагыг тувтан тавьж байлаа. Тийм учраас 2015 оны төсөвт цалин бага хувиар нэмэхээр тусгасан шүү дээ. Ийм байдлаар баталсан төсвөө хоёрхон сарын дараа тодотгоно гээд ороод ирлээ. Бүх намыг нэгтгээд Засгийн газар байгуулчихаад төсвөө тодотгоно гэсэн чинь сахил хүртээд шал дордов гэгч юм болж байна. Цалин тэтгэвэр нэмэх нь битгий хэл, иргэдэд олгодог тэтгэмжийг алга болгоно, татвар нэмнэ гээд оруулаад ирлээ.

Үүнийг дагаад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд ирнэ шүү дээ. Тэгсэн хэрнээ эрх мэдэлтэй, эд хөрөнгөтэй байгаа хэсэгт үйлчлэх таналт, хэмнэлтийн бодлогыг тодотголдоо огтоос тусгаагүй. Жишээ нь архи, тамхи үйлдвэрлэдэг, алтны уурхай эрхэлдэг нөхдүүдийн татварыг хөнгөлнө гээд байна.Ийм байж болох уу даа.

Хэмнэлт ямар хэлбэрээр байх ёстой юм бэ, таныхаар?

-Хэмнэлт хүн болгонд байх ёстой. Монголчууд бид том хэрэглээтэй байна. Үүндээ бусдыгаа чирээд байх хандлага дийлэнх байна. Монгол ухаан гэдэг чинь юмыг барж биш хэмнэж хэрэглэдэг ухаан. Байгалийн хахир хатуу үед өвлийн идшээ, аргал түлээгээ яаж урт удаан хугацаанд хэрэглэх вэ гэдгээ тооцоолж, хүртээж ирсэн ард түмэн. Энэ зарчмыг би амьдралдаа баримталдаг хүн. Ялангуяа УИХ-д орсноосоо хойш. Олныг төлөөлж яваа хүн сайн үлгэр болох жишээтэй. Надад барья гэвэл Монголын нэг номерт орох том цагаан хөөрөг байна. Монголын бололцоотой бүх хүн тэр хөөргийг авах гэж гуйгаад эзэн нь өгөөгүй юм билээ.”Чамайг л гуйвал өгнө. Тэр хөөрөг танай нутгаас гаралтай юм билээ” гэж хүмүүс хэлсэн. Ховдын Бямбадорж гэж сайхан хүн байлаа. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө тэр хүн дээр очиход “Аваргадаа өгөлгүй яахав. Танай нутгийн гаралтай хөөрөг. Нутгийнх нь хүнд өгнө” гээд өгч байлаа. Манай шавь Дагвадорж гэхэд надад 20, 30 мянган ам.долларын үнэтэй алтан цаг өгсөн байдаг. Гэвч би тэр зүйлүүдийг хэрэглэдэггүй. Хэрэглээ бодитой байх ёстой гэж боддог юм. Энгийн утас л барьдаг. Төрийн албанд байгаа хүмүүс гэх мэтчилэнгээр хэрэглээгээ бодитой байлгах хэрэгтэй. Ордны гадаа байгаа том машинуудыг хар даа, та нар. Хашаанд багтахгүй шахам их. Өдөржин нармальдаад л гадаа зогсч байна. Тэрний цаана хичнээн шатахууны зардал гарч байгаа юм бүү мэд. Энэ бүгдийгээ л хэмнэх хэрэгтэй шүү дээ.

Өнөөдөр том том орд газруудыг эрх мэдэлтэй олигархи бүлгүүдөөрийн болгох гээд байна. Сэтгүүлчид та нар харж байдаг юм уу, үгүй юу. Та нар чинькамер энэ тэрээ оруулж ирээд чуулган дээр сууж байвал учиртай байдаг. Гэтэл одоо сэтгүүлчид байнгын хороо, чуулган дээр харагдахаа байж. Яасан гэхээр мэдээлэл авах сүлжээг сайжруулсан учраас зурагтаар бүгдийг харж байгаа л гэх юм. Хол газраас аваад ямар хэмжээнд юу ч болдог юм.

Дэргэд камер л байхгүй бол үг хэлэх сонирхолгүй байдаг юм уу?

-Хүний харилцаа юм даа. Миний хувьд утсаар ярихаас илүү хүнтэй нүүр нүүрээ харж уулзахыг илүүд үздэг. Бүлээн зүсийг нь харж, халуун сэтгэлээ уудлахыг монголчууд хэзээнээсээ эрхэмлэж ирсэн шүү дээ.

Өрийн таазын тухайд юу хэлэх вэ?

-Бүгдээрээ хамтарч эвссэн учраас өрийн таазыг нэмээд явах юм шиг байна л даа. Манай өрийн хэмжээ хоног тутам өсч, одоогийн байдлаар ДНБ-ий 55 хувьд хүрчихээд байгаа.

АН, МАН хамтарсанд нэлээд дургүй байгаа юм аа даа?

-Ямар ч намчирхалгүйгээр улс орныхоо баялгийг ард түмэндээ ашигтайгаар ашиглаж, өмнө нь УИХ-аасгарсан шийдвэр тогтоолуудын хүрээнд ажиллана гэвэл дэмжинэ. 2008 оны сонгуулийн дараа хамтарсан Засгийн газар байгуулсан нэрээр хийсэн гэрээнүүд муу болсон гэдэг нь өнөөдөр батлагдсаар байна. Оюу толгойн орд газраас тэрбум 100 сая долларын борлуулалт хийсэн том компаниас өнөөдөр 70 сая ам.долларыг Монголд оруулна гэж байна. Тэр нь орж байгаа ч юм уу, үгүй юу. Ирэх жил ч гэсэн хоёр тэрбум гаруй ам.долларын борлуулалт хийнэ, тэндээс Монголд 200 сая ам.доллар оногдоно. Үүний талаас илүү хувийг нь өрөндөө суутгаад авчих юм ярьж байгаа шүү дээ. Нөхцөл байдал ийм байхад Оюу толгойн гэрээг сайн болсон гэж хэлэхэд хэцүү. Ийм байдлаар нам дамжсан баян олигархи, гэр бүлүүд нийтийн баялгийг зувчуулах бодлогоо үргэлжлүүлбэл энэ Засгийн газрыг дэмжих ямар ч боломж байхгүй. Шийдлийн гээд байгаа Засгийн газрыг байгуулагдахаас нь эхлээд хараад байхад саар нь давамгайлчихав бололтой. Оруулж ирсэн Төсвийн тодотгол, өрийн таазыг нэмэх гэж байгаа байдал, том ордуудыг явуулахаар шуурхайлж эхэлснээс нь үзвэл шүү дээ.

Том ордуудыг явуулж байж л манай эдийн засаг сэргэнэ. Үнэндээ өнгөрсөн хоёр жил том ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг гацаасан учраас хөрөнгө оруулалт буурч, хамаг орлого тасарсан байх…

-Эдийн засгийг сэргээх тулгуур нь уул уурхай гэдэг нь зөв байх. Гэхдээ анхнаасаа мордохын хазгай болсон. Оюу толгойн гэрээ хэлэлцээрийг эхнээсээ буруу хийсэн. 2008 онд байгуулагдсан Засгийн газар том ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа өөр ашиг сонирхлын үүднээс хандсан болов уу гэж хардаад байгаа юм. Өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалт багассан нь урт нэртэй хуультай холбоотой гэж л ярьдаг боллоо. Голын эх, ойн эх сан бүрэлдсэн газрыг монголчууд үеийн үедээ хамгаалж ирсэн. Зах зээлд ороод ашиг арилжаа хөөсөн нийгмийнхээ араншинг дагаад “Алт” хөтөлбөр, Ашигт малтмалын тухай хуулийг баталснаар өнөөдөр ган гачигтай, байгаль экологийн тэнцвэр алдагдаж, зун нь зун болохоо байгаад монголчууд үнэндээ хэцүү байдалд орчихлоо. Харамсалтай нь урт нэртэй хуулийн хэрэгжилтийг бүрэн хангуулах чиглэлээр аль ч Засгийн газар дорвитой ажиллаагүй. Одоо бүр хуулийг бүхэлд нь хүчингүй болгох хуулийн төсөл өргөн барьчихсан байна. Хөрөнгө оруулалт зогссон хамгийн гол шалтгаан бол эхнээсээ ил тод, гэрээ хэлэлцээрээ зөв хийгээгүйгээс үүдэлтэй. Стратегийн ач холбогдолтой салбаруудыг зохицуулах хууль гэдгийг гаргасан нь ч нөлөөлсөн. Гэх мэтээр олон шалтгаантай. Ер нь улс орныг удирдан явуулах бодлогын алдаа ийм үр дүнд хүргэсэн шүү дээ.

Энэ парламентад шүүмжлэл хэлж байгаа цөөн гишүүдийн нэг та. Гэхдээ та нарыг популизм хийж, ард түмэнд таалагдах гэж байна гэж хэлдэг. Үнэндээ популистуудаас болж хөрөнгө оруулалт буурсан гэдэг дүгнэлтийг ч хийх нь олонтаа…

-Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ анх УИХ-аар орж ирэхэд нь байр сууриа илэрхийлж байлаа. Тухайн үед бид зөвхөн өөрсдийн байр суурь гэхээсээ илүү асуудалд судалгаатай хандаж,эрдэмтэдтэй ярилцаж, санал онолоо солилцсоны үндсэн дээр шүүмжлэл хэлдэг байсан. Тухайн үед бидний шаардаж байсан зүйлүүд зөв байсан нь өнөөдөр батлагдаад л байгаа шүү дээ. Өнөөдрийнх шиг ийм занганд орно шүү гэдгийг тэр үед хэлээд байсан. Бидэнтэй хамт байсан нөхдүүд эрх мэдэлд хүрсэн. Өөрсдийнхөө ярьж байсан асуудлуудыг шийдэх хэмжээнд очсон. Эдийн засгийн хөгжил, уул уурхайн сайд болсон.УИХ-ыг бүхэлд нь мэдэх хэмжээнд хүрсэн. Гэвч бүгд таг алга болсон. Яасан нь мэдэгдэхгүй. Эсвэл “Бид их буруу юм хийж байжээ” гээд одоо уучлал гуйгаад нэг мөр хэлчихвэл амар байх юм. Би лав тав, зургаан жилийн өмнө хэлж байсан байр суурь дээрээ хатуу зогссон хэвээрээ. Тийм болохоор нэг хэсэг нь худлаа эх орончид гэнэ. Зарим нь популист гэж адална. Гэвч байгаа бодитой зүйлийг үнэнээр нь хэлэхээс өөр яах вэ.

Та сүүлд чуулган дээр алтны роялттай холбоотой үг хэлэх гэсэн боловч тал талаас чинь хашгиралдаад олигтой яриулаагүй. Тэнд хэлж чадаагүй зүйлээ одоо ярьж болно шүү…

-Дэлхийн бусад орнуудад роялт гэдэг үг нэн эртнээс явж ирсэн юм байна. Байгалийнхаа нөөц баялгийг ашиглуулж байгаа учраас ашиг нь ард түмэнд жигд хүртэх ёстой. Тийм учраас баялгийг эзэмшигчийн хувьд төр роялтын татвар авдаг. Байгалийн баялгийнхаа үнэ цэнэ, өртгийг үнэлээд роялтын татварыг тогтоодог юм байна. Гэтэл бид өөрсдийн баялгаа үнэлбэл дэлхийд тэргүүлэх хэмжээнд байна. Ийм давуу тал байхад бид бусдад сул өгч, хямд хоол болгох ёсгүй. Харамсалтай нь хуйвалдаант бүлэглэлүүд ордуудыг яаж үнэ цэнэгүй болгох вэ гэдэг гарц хайдаг. Тийм учраас Монголбанкинд алт тушаавал 2.5 хувийн татвар төлнө гэдэг өөрчлөлт хийсэн шүү дээ. Үүнийг нь ярихаар ундууцаад байна лээ. Яахав УИХ дээр тал талаасаа хэлэлцээд, маргалдаж мэтгэлцсэний үндсэн дээр олонхиороо асуудлыг шийдээд явдаг гэдгийг ойлгодог. Гэхдээ дэндүү хуйвалдаант маягаар явж болохгүй л дээ.

Нам чинь засагт хамтарчихсан байгаа үед та шүүмжлэл хэлээд байх нь өөртөө дарамт авчрахгүй юу. Ардын нам шүүмжлэл хэлсэн гишүүддээ элэггүй гэдэг шүү дээ…

-Тийм зүйл алхам тутамд л ирнэ шүү дээ.Миний хувьд эх орон ард түмнийхээ нийлэг эрх ашгийн төлөө ажиллах ёстой гэдэг тангараг тавьсан хүн учраас байр суурь дээрээ хатуу зогсох ёстой. Хараад байхад намд албан тушаал сонирхсон, алт эрдэнэс хүсэмжилсэн нэг хэсэг байдаг шиг байгаа юм. Зарим нь нам яана тэрийг дагана, дарга юу гэж хэлнэ биелүүлдэг шиг байгаа юм. Бас ашиг сонирхлоороо нэгдсэн бүлэглэл байдаг бололтой. Ер нь манайд парламентын төлөвшил хэрэгтэй байна. Германд гэхэд тусгай хяналт, хүний эрхийн дэд хороо, аудитын эрх мэдлийг хүртэл сөрөг хүчиндээ өгдөг юм байна. Гэтэл манайх тэгдэггүй. Аль нэг нам нь олон суудалтай болонгуутаа бие даагчдаас эхлээд жижиг, эвсэл намтай хамтраад хүч түрж асуудлыг шийдсээр эцэст нь явах газаргүй намгийн голд суусан шүү дээ. Тэр намгаасаа гарахын тулд одоо парламентад байгаа бүх намыг нэг хөнжилд оруулж авлаа. Ингээд хяналт алга болж байна.Байнгын хороогоор яаж асуудал хэлэлцэж байна, хар. Хэлэлцэж байгаа асуудлыг хариуцдаг сайд нь байнгын хороонд суух ёстой. Сайд нь үзэгдэх нь битгий хэл яамнаас ирж байгаа хүмүүс нь цөөхөн байдаг болж.

Та бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд чамлахааргүй санал авсан хүн. Эргээд харж байхад юу бодогддог вэ?

-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ ямар их хариуцлага, нэр хүнд вэ гэдгийг ойлгодог. Надад 523 мянган хүн надад санал өгсөн. Энэ бол чамлахааргүй итгэл. Тэр хүмүүст баярлаж талархаж явдаг. Туулсан ажил амьдралаа бодоод, олон түмнийхээ санаа бодлыг сонссоны үндсэн дээр өнөөдөр үг хэлж, байр сууриа илэрхийлж явна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа таныг намдаа нэлээд шүүмжлэлтэй ханддаг болсон гэлцдэг. МАХН руу явна гэдэг яриа ч удаан дагадаг…

-Намаас гарч, орох тухай асуудал байхгүй. Би монгол, тэр дундаа бөх хүн. Монгол ахуйдаа өсч хүмүүжихдээ аливаа тууштай байх чанарыг олж авсан. Болж байгаа асуудлуудад шударга талаас нь хандаж хэлэх зүйл бий. Түүнээс биш одоогийн зарим улстөрчид шиг ар хударгаар элдэв зүйл ярьдаг, гүжир гүтгэлэг тараадаг зүйл огт суралцаагүй.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Э.Цэцгээ: Гэрийн эзэгтэйн оёж шидэх ажил сонирхолтой. Тэр аз жаргалыг бусадтай хуваалцахыг хүсдэг

Хэрэглээний урлал блогийн хөтлөөч Э.Цэцгээ гэх энэ бүсгүйг даган дуурайдаг, түүнээс үлгэр авдаг олон зуун эмэгтэй байдаг. Түүнтэй хороолол дахь “Цох” дэлгүүрт нь уулзаж ярилцсан юм.

Та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Э.Цэцгээ гэдэг. Нөхөр гурван хүүхдийнхээ хамт амьдардаг. Хэрэглээний урлал блогийг хөтөлдөг. Мөн гар урлалын “Урлаг ин” бүлгийн үүсгэн байгуулагч. Ер нь гар урлалд дуртай энгийн нэгэн ийм нэг хүн байна даа.

Хэзээнээс гар урлал сонирхож эхэлсэн бэ?

-Бүр жаахан байхаасаа л оёж сурсан. Бусад охидын адил ээжийнхээ хувцсыг эвдэлж, өөртөө таарсан загвартай юм оёж өмсөх гэсэн хүсэлтэй, хөдөлмөрийн хичээлдээ дуртай охин байлаа. Гэвч би мэргэжлээ буруу сонгочихсон юм. Надад ирээдүйд ямар мэргэжил хэрэг болох вэ гэдэг талаасаа сонгосноос би юунд дуртай билээ гэдгээ анхаараагүй юм билээ. Нягтлан бодогч мэргэжлээр сурч төгсөөд хэсэг ажилласан. Тэгээд гэр бүлтэй болж хөл хүнд болсон. Эмэгтэйчүүд чинь ингээд л нэг хэсэг завсарлага авч гэртээ суудаг шүү дээ. Гэтэл эхний гурав дөрвөн сар хийх юм олдоггүй үнэхээр хэцүү байсан. Гэрт суухаар хийх юм захаасаа аваад олдоно. Оёж шидэх юм гарч ирнэ. Гэртээ гоё хөшиг авъя гэхээр загварын сонголт муутай хэрнээ өндөр үнэтэй. Тавилга энэ тэртэйгээ зохицуулаад оёчихъё гэхээр тохирох материал олдохгүй. Гэсэн ч энд тэндээс материалуудаа түүгээд юм оёж эхэлсэн. Гурван хүүхдэдээ аавынх нь хуучин хувцсыг эвдэлж гоё загвартай цамц, өмд оёж өгөхөөс эхлүүлээд ажил ундарсан. Тэгээд л ер нь энэ бүхэн надад их урам зориг өгсөн л дөө. Энэ их гоё юм байна. Гэрийн эзэгтэй, эмэгтэй хүний хийдэг энэ ажил чинь сонирхолтой юм, энэ бүхнээ бусадтай хуваалцъя гэсэн хүсэл төрсөн. Хүн дуртай юмаа хийж байж л аз жаргалтай байдаг шүү дээ. Эрчүүд гэлтгүй ялангуяа эмэгтэйчүүд дуртай юмаа хийгээсэй гэж хүсдэг. Ингээд 2010 оны арваннэгдүгээр сард блогоо нээгээд 8-ны өдөр нь анхныхаа бичлэгээ оруулж байлаа. Сая блогийн маань дөрвөн жилийн ой болсон.

-“Урлаг ин” бүлгийг хэрхэн байгуулж байв?

-Гар урлал сонирхдог хүмүүсийг нэгтгэе, хамтарч үйл ажиллагаа явуулъя гээд 2012 онд байгуулсан. Манайд мундаг охид, бүсгүйчүүл байдаг. Бид сар болгон тогтмол уулзаж, төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг юм. Урланд маань гар урлал хийх сурах сонирхолтой хүмүүс очдог. Манай бүлгийн фэйсбүүк хуудсанд 15 мянган хүн нэгдсэн байдаг юм. Идэвхитэй гишүүд гэвэл 100-200. Уулзалтдаа ажил төрөл, заваасаа хамаарч 20, 30, 50, 60гээд янз янз ирдэг.

Бид сар бүр гар урлалтайгаа холбоотой үйл ажиллагаа зохиодог юм. Хийсэн бүтээснээ төрөлжүүлээд хоорондоо өрсөлдөнө. Цагаан сараар хүмүүст зөвхөн өөрсдийнхөө хийсэн бүтээлээ бэлэглэж, хятад бэлгийг халахыг уриалдаг. Хүмүүс нэг бол үнэтэй, нэг бол хямдхан юм хайгаад байдаг. Үнэндээ гараар хийсэн бүтээл хамгийн үнэтэй бэлэг болдог юм шүү гэдгийг манай бүлгийнхэн ойлгоод эхэлчихсэн гэж болно.

Дэлгүүрийн тань нэр “Цох”. Энэ нэр сонирхол татлаа л даа. Дэлгүүр тань хаа сайгүй л гараар урласан цохнууд “сууж” байх юм?

-Гар урлал хийхэд зарим материал нь эндээс олдохгүй болохоор Японд байдаг найздаа захиж авчруулдаг байсан. Гэтэл тэр найзын маань зав зай нь болоогүй. Би энэ тухайгаа блогтоо биччихсэн байтал блогийн маань уншигч Оюуномин гэх охин “Би тантай хамтарч ажиллая. Би Японоос тан руу материалуудыг тань явуулж байя” гэсэн юм. Ингэж бид танилцаад түүний илгээсэн зүйлсийг би блогоороо дамжуулан зардаг боллоо. Хүмүүс ч их дуртай байсан. Урландаа сургалт явуулахын зэрэгцээ японоос ирсэн гар урлалын зүйлс, материалуудаа зардаг байсан. Тэр үед би дахиад хөл хүнд болсон. Тэгээд урлангаа түр хаачихсан чбараагаа зарахаас өөр аргагүй болсон. Бараа материал асууж сурагладаг хүмүүс олон байсан болохоор яалтгүй ч дэлгүүр нээхгүй бол болохгүй нь гэсэн асуудал тулгарсан. Ингээд Оюуноминтойгоо хамтраад лангуу ч болтугай ажиллуулъя гээд дэлгүүрээ анх нээж байлаа. Нэрийн тухайд “ЦОХ” гэдэг нэр чинь уг нь “Цэцгээ, Оюуномин хоёр” гэсэн өгүүлбэрийн товчлол л доо (инээв). Цох чинь хөөрхөн амьтан ш дээ. Ер нь цох, зөгий, эрвээхэй зэрэг жижиг амьтад чинь хөөрхөн. Гар урлалын бүтээлд хамгийн их дүрслэгддэг амьтад шүү дээ. Ууль шувуу бас их дурслэгдэнэ. Зөгий нь ажилсаг, хөдөлмөрч, баян байхын бэлгэдэл бол ууль шувуу эрдэм ном, мэргэн цэцэн ухааны бэлгэдэл гэгддэг.

Танай дэлгүүрт оёж шидэх, хайчлах, наах гээд гар аргаар юм урлахад юу л хэрэгтэй байна, тэр бүгд дүүрэн байх юм. Зүү, утас, тууз, шүр, товч, шошго, эсгий, таар, нэхмэлийн утаснаас эхлүүлээд олон үйлдэлтэй оёдлын машин хүртэл байна?

-Ерөнхийд нь базаад хэлбэл туузан урлал, шүр сувс, цаасан урлал, цаасан хуйлбар, нугалбар, даавууны будаг, даавуун дээр зурдаг харандаа, цүнхний хэрэглэлүүд, хөдрөг буюу зүүмэл даавуун урлалын хэрэглэгдэхүүнүүд, нимгэн нийлэг эсгийнүүд, оёдлын бүх төрлийн машинууд, гар урлалын сурах бичгүүд, товчнууд, нэхмэлийн утаснууд гээд нэрлэвэл олон зүйл байна.

Янз бүрийн урлал бий. Хэрэглээний урлал гэдгээ тайлбарлавал?

-Урлалыг хэрхэн яаж өдөр тутмын амьдралдаа холбож хэрэглэх вэ, урлал гэхээр сувинерийн эд зүйлс, ойр зуурын арьс ширэн эдлэлийн хэмжээнд ойлгодог. Хүн ер нь гараар хийсэн юмаа хэрэглэж байж илүү гоё таашаал, мэдрэмж авна. Тэр хэрээр түүнийгээ илүү хөгжүүлдэг. Өөрийнхөө хийсэн юмыг хэрэглэж байгаа хүн чинь дараа нь “Энийг ингэж хийвэл илүү гоё байна” гэж сэтгэж эхэлдэг. Миний хувьд л лав тэгдэг юм. Хүүхдүүддээ гэрийн хувцас гэж авч өгдөггүй,өөрөө оёод өмсүүлчихдэг. Тэр утгаараа энэ чинь давхар эдийн засгийн хэмнэлттэй байхгүй юу. Дэлхий нийтээрээ идэх юм маань органик байх ёстой гэцгээдэг. Амьдрал бол урлал юм. Урлалыг амьдралтай холбож өгвөл бидний амьдрал илүү утга учиртай, аз жаргалтай байна гэдгийг хүмүүст ойлуулахыг их хичээдэг. Би өөрөө тэр бүхнийг өдөр тутмынхаа амьдралд мэдрээд явж байгаа болохоороо үүнийгээ улам дэлгэрүүлье гэж боддог.

Одооны охид бүсгүйчүүлийн дунд товч хадаж чаддаггүй, юм оёх, хасуулах шаардлага гарвал хувцас захиалга, засварын газрыг зорьдог нь олон болжээ?

-Хүмүүст чи үүнийг оё, ингэ тэг гэж тулгахгүйгээр зүгээр л гоё үзүүлээд үлгэрлэн дуурайлгуулах нь зөв байдаг байхгүй юу. Блогоо нээснээс жилийн дараагаар байнгын уншигчтай болж, өдөрт 200-300 хүн тогтмол ордог болж, бичлэг оруулсан өдөр мянга гаруй хүн орох нь энгийн үзэгдэл болсон л доо. Хүмүүс надад ингэж хэлдэг юм “Би өглөө ажилдаа ирээд компьютерээ асаагаад чиний блог руу ороод бичлэгийг чинь уншчихаад ажилдаа ордог. Би ерөөсөө оёж шидэх талаар бодож байгаагүй. Гэтэл чиний бичлэгүүдийг чинь уншаад өөрөө мэдэлгүй оёдлын машин аваад юм оёод эхэлсэн. Би өмнө нь гэртээ яг л зочид буудалд амьдардаг хүн шиг л байжээ. Товч маань унахад энийг хадаад өгөх хүн байна уу гэж хайгаад явдаг байлаа. Гэтэл одоо чамайг хараад өөрөөсөө үнэхээр ичиж байна. Эмэгтэй хүн гэдгээ мэдэрч байна. Би өмнө нь хаана байсан юм бэ. Миний өмнө нэгэн шинэ ертөнц нээгдлээ” гэж. Иймэрхүү үгнүүдийг зөндөө сонсоод ирсэн чинь нэг зүйл бодогдсон. Учир зүггүй үглээд хажуунаас нь угзраад ингээч ээ, тэгээч ээ гэж шүүмжлэхээсээ илүүтэй юм хийж байгаа хүнийг харуулах хэрэгтэй юм байна гэж бодсон.

Зарим хүний хувьд сонирхолгүй зүйл нь ч байж болно л доо. Гэхдээ манай монголчууд чинь эрт дээр үеэсээ л охид, хүүхнүүдээ заавал ч үгүй оёулж шидүүлж сургадаг байсан шүү дээ. Ардын аман зохиол, сургаалуудыг уншиж суухад оёж чаддаггүй эмийг нэг нүдээрээ ч харж чаддаггүй юм билээ. Оёдолгүй эм утасны бармал, уншлагагүй лам олбогны бармал гэдэг ч юм уу. Ертөнцийн гурван шившигт хүртэл үйлгүй эм нэг шившиг гэх мэтээр сургасан байдаг юм билээ. Ингэж л хүүхдүүдээ хүмүүжүүлж ирсэн байдаг. Оёж чаддаггүй, дургүй, би хэзээ ч оёж үзээгүй гэж бодож байгаа эмэгтэйчүүд байж болно. Гэвч бүгд цаг нь ирвэл оёж чадна.

Гараар юм урлаад сууж байхад танд ямар мэдрэмж төрдөг вэ?

-Аз жаргалтай болдог. Үнэхээр аз жаргалтай байж чаддаг юм. Би бусад эмэгтэйчүүдийг ч тийм байгаасай гэж хүсдэг. Гараас юм гарна, хийсэн юмаа дараа нь хараад суух мэдрэмж их гоё ш дээ. Би жижиг ч бай, том ч бай гүйцэтгэл сайтай юм хийхийг хүсдэг.

Нөхөр маань намайг их дэмждэг. Бусад бүсгүйчүүдийн нөхрийг ч манай хүн шиг ингэж эхнэрээ дэмжээд өгөөсэй гэж хүсдэг. Би өөрийгөө том амжилтад хүрсэн гэж хэлэхгүй ч мөрөөдлийнхөө зах зухаас нь атгаад авчихлаа. Хань ижил гэдэг их чухал. Ханьдаа маш их баярладаг шүү гэж хэлье. Нөхөр маань их эмч. Одоогоор хувиараа хөдөлмөр эрхлээд явж байгаа л даа. Удахгүй мөрөөдөлдөө хүрнэ гэдэгт нь итгэдэг. Хүүхдүүд маань хийж байгаа юманд маань их урам өгнө өө. “Ээж ээ, яасан гоё юм бэ” гээд л магтана. Би тэдэндээ юм хийж өгөх дуртай. Ямар ч завгүй байсан хүүхдүүддээ цаг гаргаад ямар нэг юм хийж өгдөг. Үгүй ядаж өмднийх нь өвдгийг нөхөж өгдөг. Охиндоо үсний боолтыг нь хийгээд өгчихнө. Хүүдээ цүнх, үзэг харандааны савыг нь хийгээд өгчихдөг юм. Хамтдаа суугаад юм хийх үе ч бий.

Даалин оёх гэж байгаа, даалингийн бэлэн эсгүүр хайсан бүсгүйчүүд их орж байна, дэлгүүрт тань?

-Цагаан сар, наадмаар бүсгүйчүүд маань аав, нөхөртөө даалин оёж өгцгөөдөг болсон. Ялангуяа цагаан сарын өмнө даалин оёх гэсэн бүсгүйчүүд их ирдэг юм.

Та хэдэн настайдаа юм оёж сурч байсан юм бэ?

-Таван настай байхдаа оёсон хатгамал юм маань одоо хүртэл надад байдаг ш дээ. Эмээ маань зааж өгч байсан. Гэтэл миний охин одоо таван настай мөртлөө оёж чаддаггүй. Миний тэр үед оёж сурсан маань эмээгийн маань л ач тус байж дээ гэж боддог юм. Манай эмээ их айхавтар нягт нямбай хүн байсан юм билээ?

Та аль нутаг усны хүн бэ?

-Төв аймаг.

Аль сумынх вэ?

-Бүрэн. Эмээгийн маань ээж буюу миний элэнц эмээ Долгор гэж уран хүнбайсан гэдэг. Зэргэлдээ сумынхан нь хүртэл ирж юм оёулдаг байсан гэлцдэг. Гадна нь наадам болж байгаа юм шиг л морь мал багшралдаад л, хүмүүс дугаарлаад суучихна. Зөвхөн оёдол хийгээд зогсохгүй, бүтээлч санаачилга гаргадаг хүн байсан гэсэн. Аагим зуны халуунд гэрээ халаахгүйгээр яаж тогоо нэрэх вэ, хатад, охидын малгайг яаж гоё хийх вэ гээд загвар, эсгүүр гаргана. Тэр хавийнхаа хүмүүст мэддэгээ зааж өгнө. Их мундаг, нэр хүндтэй хүн байсан. Тэр тухай манай эмээ ярина. “Ээж маань орой унтахад л оёод сууж байдаг, өглөө босоход л мөн оёод сууж байдаг байж билээ. Би гэрийнхээ ажлыг бараг бүгдийг нь хийж нугалдаг байсан болохоор ээжийнхээ үйл үртэснээс олигтой сурч чадаагүй” гэж дурсч билээ. Гэхдээ л тэр мундаг хүний хажууд байсан гэхэд эмээ маань хэнээр ч юугаа ч гуйхгүй өөрөө оёчихдог хүн байсан. Би багаасаа эмээтэйгээ өссөн, эмээгийн хүүхэд л дээ.

Д.ГАНСАРУУЛ

Гэрэл зургийг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Ж.Чинзориг : Тариаланчид буудайныхаа чанарыг сайжруулах тал дээр дорвитой ажил хийх хэрэгтэй байна

Гурил үйлдвэрлэгч компаниуд ОХУ-аас сайн чанарын улаан буудай импортлохоор болсон. Үүнийг тариаланчид эсэргүүцэж,30 гаруй мянган тонн улаанбуудайг худалдаалжчадахгүйд хүрээд байгааг мэдэгдсэн. Дээрх асуудлуудтай холбоотойгоор”Милл хаус” компанийн захирал Ж.Чинзоригтойярилцлаа.

Энэ жил “Милл хаус” компани хэдэн тонн улаанбуудай худалдан авч, нөөцөлсөн бэ. Эндээс яриагаа эхлэх үү?

-“Милл хаус” компани хоногт 220 тонн улаанбуудай тээрэмдэх хүчин чадалтай. Гэхдээ өнөөдрийн байдлаар үйлдвэрийнхээ 70-80 хувийг л ашиглаж байна. 2014-2015 онд манай компани 33 мянган тонн улаанбуудайг гурилүйлдвэрлэхээр худалдан авсан.Дээр нь ирэх намрын ургац хураалт хүртэл 15 мянган тонн улаанбуудайны хэрэгцээ байгаа. Одоогоор манай нөөцөд 14 мянга гаруй тонн улаанбуудай байна.

Монголын үйлдвэрлэгч компаниудыг чанар муутай гурил үйлдвэрлээд байна гэх иргэдийн гомдол тасрахгүй байгаа. Юунаас болоод гурилын чанар муу гараад байна вэ?

-Аливаа бүтээгдэхүүний түүхий эдийн чанар ямар байна эцсийн бүтээгдэхүүн тийм л гардаг. Гурилын цавуулаг, чанар гэдэг өөрөө буудайны цавуулаг, чанар л гэсэн үг. Ямар цавуулагтай буудай тээрэмдэж байна тийм л гурил гарна. Өөрөөр хэлбэл, буудайны чанар гурилын чанартай шууд холбоотой. Технологийн хувьд одоо монголчуудын гурил үйлдвэрлэж байгаа бараг бүх технологи дэлхийд тэргүүлэх зэргийнх болсон. Технологиос гурилын чанар хамаарах тал байгаа ч хамгийн гол нь түүхий эд. Манай компанийн хувьд “Талх Чихэр” компанид талхны гурил түлхүү өгдөг. Энэ жилийн хувьд өнгөрсөн арванхоёрдугаар сарын эхнээс эхлээд талхны гурил нийлүүлж чадсангүй. Энэ нь улаанбуудайн чанараас шалтгаалсан хэрэг. Өөрөөр хэлбэл, улаанбуудайн цавуулаг талхны гурил үйлдвэрлэх хэмжээнд хүрэхгүй байна. Иймээс “Талх Чихэр” компани бүтээгдэхүүнээ гаргахын тулд импортын цавуулаг өндөртэй гурил худалдаж авч байна.

Улаанбуудайн дотоодын хэрэгцээг 100 хувь хангадаг болсон гэж ярьдаг. Гэтэл яг чанарын хувьд хангалттай биш байгаа нь таны ярианаас илэрхий байна. Энэ нь юутай холбоотой юм бол?

-Засгийн газраас явуулсан “Атрын III” аян зэрэг газар тариаланг дэмжсэн бодлого,үйл ажиллагаа явуулснаас хойш улаанбуудайн дотоодын хэрэгцээгээ хангах хэмжээнд хүрсэн нь үнэн. Өнгөрсөн жилийн хувьд 350 мянган тонн хүнсэнд зориулсан улаанбуудайн ургац хураасан. Нэг талаас харахад дээрх мэт тоон үзүүлэлтийг гурилын хэрэгцээнд хуваагаад үзэхээр бүрэн хангахаар харагдаад байгаа юм. Гэвч хураасан буудай болгон гурил болдоггүй. Яагаад гэхээр улаанбуудай өөрийн гэсэн стандарттай. 23-аас доош цавуулагтай буудайгаар спирт, малын тэжээл хийнэ, 25-аас дээш цавуулагтай буудайгаар гурил,талх хийнэ гэх мэт стандарттай. Гэтэл хүмүүс нийт ургацын дүнгээ хараад хүнсний улаанбуудайн хэрэгцээг хангах боломжтой болчихсон байна гэж хараад байгаа юм. Өөрөөр хэлбэл, 350 мянган тонн улаанбуудай хураасан ч Монголд гурил үйлдвэрлэж байгаа үйлдвэрүүдийнхээ хэрэгцээг бүрэнхангахуйц чанартай буудай нь дээрх тооны хэдэн хувийг эзэлж байгаа нь тодорхой бус байна. Үүнээс гадна мөн хураасан ургацын хэдэн хувийг малын тэжээлд, хэдийг нь юунд зарцуулах тооцоогоо урьдчилан гаргадаггүй. Яагаад ингээд байна гэхээр гурилын үйлдвэрийн тоо нэлээдгүй нэмэгдсэн. Олон гурилын үйлдвэрийн улаанбуудайны хэрэгцээ их болохоор чанарын шаардлага хангахгүй буудайг ч худалдаад авчихдаг. Үүнээс үүдэн тариаланчид ямар ч асуудалгүйбуудайгаа борлуулчихдаг юм чинь гээдбуудайныхаа чанарыг сайжруулах тал дээр дорвитой ажил хийхгүй байна. Нэг талаар тариаланчдын тарьж буй буудайныхаа чанарыг сайжруулах нөхцөл, боломжийг бас сайн бүрдүүлж өгөхгүй байгаатай ч холбоотой юм.

Таны бодлоор чанартай улаан буудай тариалах нөхцөлийг яаж бүрдүүлж өгөх вэ?

-Нэгэнт буудай худалдан авах эрэлт нэлээд их байгаа юм чинь буудайн стандартад суурилж урамшуулал олгох ч юмуу, эсвэл ийм стандартын буудай тариалбал техник, технологийн туслалцаа үзүүлнэ гэдэг ч юм уу ийм байдлаар хамтарч, эрс шинэчлэл хийх цаг нь болсон. Яг өнөөдрийнхөөрөө явах юм бол дараа жилийн ургац өнөө жилийнхээс чанарын хувьд бүр муу болно. Учир нь тариаланчдын дийлэнх хувь нь хөрсөө бордохгүй байна. Хөрсний үржил шим болоод үрийн шинэчлэлд анхаарахгүй байна. Хатуу үрийн ч юм уу, талханд зориулсан цавуулаг сайтай буудайн үр тариалахгүй байна. Хураасан буудай нь бүгд борлочихоод байгаа болохоор сайжруулах, чанаржуулах тухай бодохгүй байна л даа. Энэ асуудлаар хөдөө ахуйн салбараас бодлогоо улам сайжруулж, чанарыг шаардлага болгохгүй бол тариаланчид ургасан буудай болгоноо хүнсний буудай гэж бодоод, түүнийгээ өөртөө хорогдолгүй өгөх сонирхолтой болж байна. Улаанбуудайн чанарыг сайжруулахад ямар бодлого хэрэгтэй байна, түүнийг нэн даруй боловсруулж, тариаланчдад буудайг зүгээр нэг тарьдаг, борлуулдаг зүйл биш гэдгийг ойлгуулах хэрэгтэй байна.

Хэрэгцээгээ хангахын тулд гурил үйлдвэрлэгчид тариаланчдаас цавуулаг багатайбуудай худалдаж авч байгаа. Тэгээд яаж сайн чанартай гурил үйлдвэрлэх болж байна вэ?

-Цавуулаг багатай улаанбуудайг гурил болгохын тулд яах ёстой вэ. Ганц гарц нь цавуулаг сайтай улаанбуудай холих. Цавуулаг нэмэгдүүлэгч гээд тусгай нэмэлт бодисууд байдаг. Гэхдээ энэ нэмэлт бүтээгдэхүүн нь нэгдүгээрт, гурилын чанарыг сайжруулдаггүй. Хоёрдугаарт, маш өндөр өртөгтэй болдог. Тийм болохоор бид аль болох цавуулаг сайтай, чанартай буудай хольж байж хэрэглэгчдийн эрх ашигт нийцсэн гурил болгодог. Тэгээд ч гурилын чанар цэвэр түүхий эдээс шалтгаалдаг. Үүний тулд импортын сайн чанарын улаанбуудай худалдаж авъя гэдэг юм. Оросууд бол улаанбуудайны чанарыг маш сайн барьдаг. Гэхдээ Сибирь орчмын буудайны дийлэнх нь малын тэжээлийн буудай байдаг. Үүнийгээтариаланчид нь мэддэг учраас шууд тэжээлд явуулж байх жишээтэй. Тиймээс бид нийт ургацын хэдэн хувь нь гурил хийхэд тэнцэх хэмжээний чанартай вэ гэдгийг тооцоолох хэрэгтэй. Ингэхээр өнгөрсөн жилийн ургацын 350 мянган тонн буудайны хэд нь гурил, хэд нь малын тэжээл болох вэ гэдэг нь гараад ирнэ дээ.Тэгэхээр гурил үйлдвэрлэгчид төчнөөн тонн буудайг сайжруулах ёстой юм байна гэсэн багцаатай болно. Харин чанарыг сайжруулах боломжийг үйлдвэрлэгчдэд нээлттэй орхих хэрэгтэй. Чанар муутай улаан буудай байхад дээр нь дахиад чанар муутай буудай импортлох сонирхол хэнд ч байхгүй нь ойлгомжтой. Үйлдвэрлэгчид өөрсдөө чанартай буудайгаа сонгоод авчирчихаж чадна. Гэтэл сүүлийн үед импортын буудай оруулах гэж байна гэх хэл ам нэлээд гарч байна. Хамгийн гол нь нэгдүгээрт, 350 мянган тонн буудай нийт гурил үйлдвэрлэгчдийн хэрэгцээг хангахгүй. Хоёрдугаарт, чанар муу байгаатай холбоотойгоор импортын асуудал хөндөгдөж байгааг ойлгох хэрэгтэй.

Манай тариаланчдын тодорхой хувь гурилын бус малын тэжээлийн стандартад нийцэхээр буудай үйлдвэрлээд байна гэж ойлгож болох уу?

-Манайд буудайгүй болж байсан үе бий. Тэр үеийг бодоход буудайн нөөцтэй болох хэмжээнд хүрчихлээ. Гэхдээ одоо чанар дээрээ анхаарахгүй бол эргээд тэр үеийн хэмжээнд хүрэх магадлалтай юм. Тариаланчдын тодорхой хувь нь улаанбуудайныхаа чанарт огт анхаарахгүй байгаа нь үнэн. Жишээ нь, дэлгүүрт байгаа талхнаас хүмүүс шилж авсаар байгаад муу нь үлддэг. Түүн шиг буудайн чанарт ч ийм шаардлага тавих цаг нь болсон. Чанаргүй буудай тариалагчдын буудайг худалдаж авах үйлдвэр олдохгүй болоод ирэхээр гаргасан зардалдаа өөрсдөө шатна. Тиймээс чанарт л анхаарах ёстой. Тариаланчид зорилготой байхгүй л бол алсдаа хөлс, хөдөлмөр, хөрөнгөө зарж хийсэн бүхэн чинь малын тэжээл болон хувирна л гэсэн үг юм даа.

Танай үйлдвэрт хадгалагдаж байгаа улаанбуудай яг хэдэн хувийн цавуулагтай вэ?

-Харилцан адилгүй. Лабораторийн шинжилгээгээр 40 хувь нь стандартад нийцсэн, 60 хувь нь 16-20 хувийн цавуулагтай буюу шаардлага хангахгүй түвшинд байгаа.Тэгэхээр манай компанийн хувьд дээрх буудайгаар дангаар нь гурил үйлдвэрлэх бололцоогүй. Цавуулаг сайтай будааны эрэлд гарахаас өөр аргагүй болчихоод байгаа юм. Тэгэхгүй бол манай гурилын нэр хүнд унана, худалдаж авахаа байна. Тодруулбал, манай компанийн энэ жил худалдан авсан улаанбуудайны 40 гаруй хувь нь стандартад нийцэж, үлдсэн нь нийцэхгүй байна гэсэн үг. Гэхдээ цавуулаг сайтай гурил холиод ч талхны гурил гаргаж чадахгүй. Талхны гурилын хэрэгцээ өнөөдөр ямар байгааг талх үйлдвэрлэгчид бүгд мэдэж байгаа. Та нар гурилаа хийж чадахгүй байгаа бол бид импортын гурилаар талхаа хийлээ гэж байгаа юм. Бид хийж чадахгүй байгаа юм чинь юу гэх вэ дээ.

Тариаланчдын хувьд хөлс, хөдөлмөр гаргаж тариалсан буудайг нь үйлдвэрлэгчид нь голоод, бүр гаднаас буудай импортлох тухай яриад ирэхээр эсэргүүцэх нь ойлгомжтой байх. 30 гаруй мянган тонн улаанбуудайг хэн ч авахгүй байна гэж тариаланчид хэлээд байгаа шүү дээ?

-350 мянган тонн улаанбуудайн ургац авсан гэсэн албан ёсны тоо бий. Уг буудайг тариалсан тариаланчид бүгд урамшуулалд хамрагдаж байгаа. Гэхдээ дээрх буудай бүгдээрээ гурил үйлдвэрлэгчдэд очоогүй байгаа ч гэрээ хийгдсэн явж байгаа. Энэ жилийн хувьд бүр нэг тонн буудай үлдээлгүй гэрээ хийгдсэн байсан. Агуулах сав, зоорины асуудлаас болоод багахан хувь нь үйлдвэрлэгчид очоогүй зүйл байгаа байх. Гэхдээ гурил үйлдвэрлэгч компаниудтай тариланчид бүх буудайгаа худалдаалах гэрээ хийгдсэн, авах нь тодорхой. Өөрөөр хэлбэл, тариаланчид буудайгаа бүгдийг ньхудалдаалчихсан гэсэн үг. Харин тариаланчдын агуулах савнаас хэзээ авах, мөнгийг нь хэзээ өгөх гээдцаг хугацааны асуудал байгаа. Миний ойлгож байгаагаар импортын буудай орж ирэхгүй бол тариаланчид урьдчилсан байдлаар гэрээ хийгээд худалдаалчихсан агуулах савандаахадгалж байгаа улаанбуудайныхаа үнийг өсгөх гэж л ийм зүйл яриад байгаа байх. Эрэлт нэгэнт бий болчихвол үнэ өсөх нь тодорхой шүү дээ. Дээр нь нэмж хэлэхэд ОХУ-аас чанартай улаан буудайг хямд үнээр худалдан авах боломж байна. Улаанбуудайг худалдан авснаар нэмүү өртөг шингээгүй хямд үнэтэй байна. Мөн гурилын үйлдвэрийн ажилтнууд ажлын байраа хадгалж үлдэх давуу талтай юм. Хариншууд гурил худалдаж авах юм бол иргэдэд өндөр үнэтэй гурил очно гэсэн үг юм. .

Тариаланчид ойрын хугацаанд улаанбуудайн стандартдаа шинэчлэл хийж, сайн чанарын буудай тариалж чадвал гадагш нь экспортлох боломж хэр байдаг юм бол. Дотоодын хэрэгцээгээ хангахаас гадна шүү дээ?

-Газарзүйн байрлал болоод зах зээлийн нөхцөлийг харвал тийм боломж бий. Хятадын хувьд хэрэгцээ, эрэлт маш их бий. Хятад, Орос хоёр хоорондоо гурилын буудай болон малын тэжээл өгч, авалцах гэрээ хэлэлцээр одоохондоо алга. Мөн Орост хямд үнэтэй буудай байна уу байна. Монгол энэ хоёр улсын дунд оршиж байна. Тодорхой хугацааны дараа манайх дотоодын хэрэгцээгээ сайн чанарын буудайгаар хангадаг болно. Гэхдээ энэ хугацаанд бид Оросоос сайн чанарын буудай оруулж ирж, нэмүү өртөг шингээж үйлдвэрлээд, гуравдагч оронд гурил, малын тэжээл худалдах боломж бидэнд 100 хувь байна. Өнөөдөр бид Оросоос нэг тонн улаанбуудайг 220-230 ам.доллараар худалдан авдаг. Харин бид малын тэжээлээ Хятад руу 220-230 ам.доллараар худалдаж чадаж байгаа. Гэтэл Монголоосоо бид улаанбуудайгаа 300 ам.доллараар худалдаж авчихаад, гурил болохооргүйг нь 220 ам.доллараар худалдаалж байгаа нь алдагдалтай наймаа байгаа биз дээ. Үүний цаана Оросоос хямд үнээр худалдаж авах, Хятадад өндөр үнээр худалдаалах боломж байгааг бид олж харах, ашиглах хэрэгтэй. Өрсөлдөөн их байх тусам гурил их болно. Гурил их байх тусам гурилын үнэ хямдарна гэсэн үг, дотооддоо. Гадагш бол тогтсон тодорхой үнээр л гаргана шүү дээ. Гэтэл үүнд нэг хориг байгаа. Үндэстний хоорондын хилийн хорио цээртэй холбоотой асуудал одоогоор гурилан дээр хаалттай байгаа. Малын тэжээлийг нээчихсэн. Одоо гурилыг нээвэл одоо Монголд зарагдахгүй байгаа гурил болон дээр ярьсан зүйлүүд Хятад руу гарах боломжтой. Монголын хөрсөнд тарьсан улаанбуудай, түүгээр хийсэн гурил бол хятадуудын хувьд эко бүтээгдэхүүн юм. Үүнийг ч хятадууд сайн мэдэж байгаа болохоор худалдан авах сонирхол их байна. Хятадын газар тариалангийн хөрс олон жил бордсон болохоор шим тэжээл ялзмаг нь их муудчихсан байгаа. Мөн сүүлийн үед газар тариалангийн бүс нутагт усны үер их болж ургац алдсан.

Ер нь Хятадын талаас эрэлт их байгааг бизнесийнхэн мэддэг ч зарим нэг хорио цээрийн улмаас бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжгүй байгаа юм байна.

-Тухайлбал, Хятадын талаас манай хоёрдугаар гурилыг 600, малын тэжээлийг 410 төгрөгөөр авъя гэж байна. Гэтэл өнөөдөр Монголд хоёрдугаар гурилаа 600 төгрөгөөр худалдаж чадахгүй л байгаа шүү дээ. Авъя гэсэн хэрэглэгч байна. Тиймээс үүнийг нээхийн тулд МХЕГ, ҮХААЯ зэрэг холбогдох газрууд зах зээлийн ийм орчныг мэдэрч, шийдвэргаргаж, эргэлтийг түргэсгэх тал дээр анхаарах хэрэгтэй. Ингээд ирвэл тариаланчдын ч улаанбуудайн эргэлт түргэснэ.

Тариаланчдад улаанбуудайныхаа чанарыг сайжруулах дэвшил, хөгжил өөрөөр илэрхийлбэл сэтгэл дутагдаад байгаа нь зарим зүйлээс анзаарагдлаа. Буудайн чанарыг сайжруулах асуудал зөвхөн үйлдвэрлэгчдийн ч бус монголчуудын хувьд нэн чухал зүйл. Таны бодлоор юу дутагдаад байна вэ?

-Энэ жил гэхэд нийт дүнгээр 200 тэрбум төгрөгийн борлуулалт хийж 30 гаруй тэрбум төгрөгийнулаанбуудайн урамшуулал тариаланчдын гарт очиж байна. Энэ бол Хөдөө ах ахуйн яамны үе үеийн бодлогын үр дүн юм. Тариаланчид өмнө нь ийм хэмжээний мөнгө авч үзээгүй. Гэтэл өнөөдөр “Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдөг” гэдэг шиг тариаланчид яам руугаа дайраад байж болохгүй байхгүй юу. Сүүлийн үеийн тоног төхөөрөмжтехникийг нь хямд үнээр хүү багатай зээлээр өгч байна.Мөнүр, бордоог нь өгчихөж байна. Хавар, намарт нь тариалах, хураахшатахууныг нь урьдчилаад зээлээр өгчихдөг.”Та нар буудай тарьчих. Бид буцаагаад өндөр үнээр худалдаж авъя” гэж бүх талаас нь дэмжиж байна. Хурааж авсан бууудайг нь худалдаж аваад зогсохгүй дээр нь нэмээд чанартай, чанаргүй гэлтгүй бүх улаанбуудайнд урамшуулал өгч байна.Засгийн газар, яамнаас ингэж дэмжиж байхад тариаланчид айлын эрх хүүхэд шиг аашилж, байнашүү дээ.”Та нар юм өгсөнгүй. Илүү өндөр үнээр худалдаж авсангүй” гэж байна. Ингэж популизм хийж, яам руу дайрч боломгүй байгаа юм. Эцсийн эцэст энэ чинь бизнес ш дээ. Нэг үеэ бодоход тариаланчид тодорхой түвшинд хүрчихлээ. Одоо өөрсдийгөө аваад явчих чадалтай болсон бол буудайнхаа чанарт анхаарч, бусдаас биш өөрсдийнхөө хийж байгаа ажлаас болж бүтэхгүй байгааг олж, засаж, залруулах хэрэгтэй. Өнөөдөр газар тариалан эрхэлдэг цөөн тооны томоохон компани байгаа. Эзэд нь дандаа томчууд, хөрөнгө чинээтэй. Одоо шинэчлэл хэрэгтэй байна. Яамны зүгээс улаанбуудайн тариалалтад маш том дэвшил, шинэчлэл хийгээд өглөө. Одоо тариалан эрхлэгчид нь өөрсдийн үйлдвэрлэл, хөгжлийнтөлөөцааш нь авч явах цаг нь болсон.

Г.БАТ

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Өнөө жилийн цагаан сарын буузны амтыг “Нүүдэл” брэнд өнгөлнө

Цаг агаарын байдал цагаан сарын буузанд ч яах аргагүй асуудал үүсгэж мэдэхээр байна шүү. Нийт нутгаар өмнөх жилүүдийнхийг бодвол харьцангуй тогтуун сайхан байгаа. Говийн аймгуудаар бүр нэмэх хэмтэй өдрүүд ч байсан. Идэр есийн хүйтэн шувтрахад Монгол түмэн маань сар шинийнхээ баяртай золгоно. Энэ янзаараа налайсан өдрүүд үргэлжилбэл бууз, банш хөлдөж өгөхгүй шинжтэй дэг ээ. Тээр жилийн сар шинийн баяр санаанаас минь огт гардаггүй юм.

Цагаан сар ч гуравдугаар сар дөхөж болсон байх. Бууз, банш хөлдөж өгдөггүй. Дэмий амсар нь хатаад байдаг. Дээр үеийн орос хөргөгчний хөлдөөгчинд юу шальтай оров гэж дээ.

Гаднах температурт хөлдөхгүй байгаа буузаа хөлдөөгчиндөө цөөн ширхгээр нь хийж аваад л хөлдөөмөөр аядаад шуудайлаад байлаа. Шинийн нэгний өглөө зочин гийчиндээ буузаа жигнэж өгөх гэтэл бүгд хоорондоо наалдчихаж. Баарцагласан нэг том бууз болчихсон байж билээ. Одоо ч тэр үеийг бодвол бэлэн үйлдвэрийн бууз гэж сайхан юм элбэг болсон. Ажил алба ихтэй хот суурин газрын мань мэтийн хүмүүст бэлтгэсэн бууз, банш авчихаар амар байдаг юм. Цагаан сарын нөр их бэлтгэлийн ажил хөнгөрөөд л явчихна. Үйлдвэрийн бууз болгон адилгүй. Орц, найрлага, амт чанарыг судалж, сонголт хийнэ гэдэг түвэгтэй. Монголчууд сар шинийн бууз банш ямар байхаас тухайн жилийн өнгөө тодорхойлдог уламжлалтай ард түмэн. Өнөө жилийн цагаан сарын бууз, баншны амтыг “Махимпэкс” компанийн “Нүүдэл” брэнд өнгөлнө гэдгийг “Танайд өнжье” буландаа онцлон хүргэж байна. Эдний бүтээгдэхүүн хэрэглэгчдээс авсан судалгаа, амталгаагаар олны сэтгэлд таашаагдсаар ирсэн. Тиймээс “Нүүдэл” бууз, баншийг хэрэглэгчид сэтгэлд өег гээд шуудсонгож байгаа. Дан ганц бууз, банш гэлтгүй “Мах импэкс”-ийн хиамнууд ч дэлгүүрийн лангуун дээрээс хамгийн түрүүнд дуусчихсан байдаг. Үнэхээр амт чанараараа тасархай юм чинь мэдээж шүү дээ. Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, үндэсний ууган компанийн гал тогооны ажил хэрхэн өрнөдгийг сурвалжиллаа. Тус үйлдвэрт үүр цайхаас үдшийн бүрий хүртэл бүтэн нэг өдрийн турш өнжсөн тэмдэглэлээ хуваалцаж байна.

ӨГЛӨӨТЭЙ УРАЛДАХ ҮЙЛДВЭРИЙНХЭН

Таван шард байрлах “Мах импэкс” компанидманай сурвалжлах баг 06.20 цагт очлоо. Борлуулагч, түгээгчид аль хэдийнэ ирчихэж. Тун их ажилтай хүмүүс нааш цааш сүлжилдэнэ. Шинэхэн бүтээгдэхүүний ачилт ид явагдаж байлаа. Ер нь үйлдвэрийн ажил эндээс л эхэлдэг байна. Хиамнуудаа нэр төрлөөр нь ангилан сагснуудад хуваан хийжээ. Электрон пүү дээр тавьж жинлэнэ. Нярав, борлуулагч хоёр ширээний ард суучихсан зэрэг тэмдэглэл хөтөлнө. Нэг сагс бүтээгдэхүүн гэхэд 20-30 кг татаж байна лээ. Эдний үйлдвэрийн эртэч хүмүүсийн нэг борлуулагч Ш.Чанцалдорж гуайтай уулзлаа. Тэрбээр 1979 оноос хойш өнөөдрийг хүртэл үйлдвэртээ технологичоос авахуулаад цехийн дарга хүртэл ажиллаж байсан нэгэн.Өглөө бүр 06.00 цаг гэхэд ирдэг тэрбээр ажлынхаа онцлогийн талаар сонирхуулахдаа “Ах нь гэрээсээ 05.30 цаг гэж гараад ажил дээрээ ирнэ. Бүтээгдэхүүнүүдээ хүлээж аваад дэлгүүрүүддээ хүргэнэ дээ. Миний хувьд 50 гаруй дэлгүүрт борлуулалтаа хийнэ. Манай бүтээгдэхүүн амт, чанарын хувьд бусад үйлдвэрийнхээс шал өөр байдаг юм. Тиймээс дэлгүүрүүд дуртай авна, бүтээгдэхүүнтэй буцаж ирнэ гэсэн ойлголт байхгүй” гэв.

Ийнхүү гадаа нэг цуваанд орон зогсох түгээлтийн машинуудад 07.25 цаг гэхэд бүтээгдэхүүнээ ачиж дууслаа. Эдний бүх ажил хуваарийн дагуу явагдана. Минут, секундээр хэмжигдэнэ гээч. Хэрэглэгчдийнхээ өглөөний цайг хоцроохгүй гэж ургах нартай уралдан ажиллацгаана. Бүтээгдэхүүн зайгүй ачсан арав гаруй машин 07.30 цагт хөдөллөө. Тэд нийслэлийн зургаан дүүрэгт бараагаа хүргэдэг. Эднээс гадна орон нутгийн түгээгчид гэж тусдаа байна. Налайх, Багахангай, Багануур гээд алслагдсан дүүргүүд болон Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Дорнод аймаг руу ч бүтээгдэхүүнээ түгээж байгаа гэсэн.

“МАХ ИМПЭКС”-ИЙН ДОТООД ХЯНАЛТЫГ МАГТЪЯ

“Мах импэкс”-ийн 16 нэр төрлийн хиам үйлдвэрээс борлуулалтад гарахдаа олон шат дамжлага давдаг юм билээ. Мэдээж, бүтээгдэхүүн болгоноос дээж аваад тэрийгээ хадгална. Дээрээс нь дотоод лабораторидоо шинжилгээ хийнэ. Химийн болон микробиологи гэсэн хоёр хэсэгтэй. Хяналт, шалгалт нь чанга гэж жигтэйхэн. Яг л мэргэжлийн хяналтынхан гэсэн үг. Бүтээгдэхүүнд нэг л үл тохирол илрэхэд тэр төрлийг зөрчил дутагдлаа арилгатал нь худалдаанд гаргахыг тас хорьчихдог гэсэн. Нэгэнт л хүний эрүүл мэндтэй холбоотой хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа улс чинь ингэж ажиллахгүй гээд ч яах билээ. Хамгийн чухал нь эрүүл, аюулгүй бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүргэхийн тулд лаборатори найдвартай, баталгаатай байх учиртай. Эдний лаборатори хүнсний бүтээглэхүүний химийн найрлагыг богино хугацаанд найдвартай тодорхойлдог ХБНГУ-ын иж бүрэн компьютерийн удирдлага бүхий тоног төхөөрөмжтэй. Түүнчлэн ажилчдын хувцас, үйлдвэрлэлийн орчноос тогтмол шинжилгээ авч, ариун цэвэрт хяналт тавьж ажилладаг болохыг Лабораторийн эрхлэгч, доктор профессор С.Уянга ярилаа. Сонирхуулахад тус лаборатори Стандартчилал хэмжил зүйн үндэсний төвөөс зохион байгуулдаг шинжилгээний ур чадвар үнэлэх шалгалтадбайнга 90-100 хувийн гүйцэтгэлтэйгээр оролцдог байна.

Лабораторийн шинжилгээнд орсон ч гэсэн бүтээгдэхүүнийг ачихаас өмнө төмөр сав барьсан, цагаан халадтай эмэгтэй орж ирээд сагсанд хийсэн хиамнуудыг нэг бүрчлэн эргүүлж тойруулан харж, нэр төрөл болгоноос зүсч авч байсан нь лабораторийн ажилтан байжээ. Тэрбээр хиамнуудад мэдрэхүйн эрхтний шинжилгээ хийж үнэлгээ өгдөг байна. Амт, үнэрээс нь хужир тунг хэрхэн тааруулсныг гаргаахгүй сайн мэднэ. Хэрэв жаахан асуудал гарах юм бол тухайн бүтээгдэхүүнд хориг тавих бүрэн эрхтэй.

“Махимпэкс” компанийн Малын их эмч Л.Дуламжавын ярьснаар лаборатори бэлэн болсон бүтээгдэхүүнийг шинжлэхээс урьдаар гаднаас ирэх түүхий эддээ их анхаарал тавьдаг байна. Ийнхүү нарийн хяналт шалгалтыг давсан сайн чанарын бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдэд хүрэхээр замдаа гарлаа. Гадаа гэгээ орохтой зэрэгцэн “Махимпэкс” компанийн хөл хөдөлгөөн ч нэмэгдэв. Үйлдвэрийн ажил 08.00 цаг гэхэд ерөнхийдөө жигдэрдэг юм билээ. Хиам болон бууз баншны үйлдвэрлэлт хэрхэн явагдаж байгаа шат дамжлагыг сонирхлоо. Цехүүд сэрүүн, шал нь нойтон байгааг тодруулахад “Тогтмол усаар цэвэрлэгээ хийх ёстой. Мөнхалуун орчинд нян үрждэг болохоор сэрүүн нөхцөлд үйлдвэрлэлээ явуулдаг” гэж технологичид тайлбарлав.

“НҮҮДЭЛ” БУУЗАНД ЭЛДЭВ АМТЛАГЧ ХОЛЬДОГГҮЙ

“Мах импэкс” компани “Нүүдэл” нэртэй бууз, банш худалдаанд гаргаад багагүй хугацаа өнгөрсөн. Үндэсний брэнд бүтээгдэхүүн болсон “Нүүдэл” бууз, баншийг үйлдвэрлэж байгаа цех рүү ортол ихэд дотно санагдлаа. Цагаан сар дөхөхөөр аав, ээж, ах, эгч нартайгаа ширээ тойрон сууж байгаад буузаа хийдэг багын дүр зураг буув. Тэнд цагаан халат, малгай өмсч, амны хаалт зүүсэн бүсгүйчүүд буузыг чамбай гэгч нь “урлаж” байлаа. Томоос том ванданг тойрон сууцгаажээ. Есөн өөр хүн чимхэж байгаа хэрнээ яг л нэг гараар хийсэн шиг хийцтэй. Нэгэн жигд тасдсан гурилыг гурван эмэгтэй элдэх гэж хурдан юм. Гараар элдсэн буузны гурилны ёроол салж унаад байдаггүй давуу талтай. Ингэж элдэхийн өөр нэг онцлог нь гурилны нимгэн зузааныг гарын мэдрэмжээр тааруулдагт байгаа юм. Бууз, баншаа “Милл хаус” үйлдвэрийн дээд зэргийн гурилаар хийж байгаа болохоор урсч, наалдана гэсэн асуудал гарахгүй гэж хариуцсан технологич Ц.Цэрэнлхам бидэнд өгүүлэв. Харин баншны хувьд чимхэлт нь автомат машинаар жигд дараад гаргаж байна лээ. “Нүүдэл” брэндийн жорыг танилцуулахад дээд зэрэглэлийн гурил, тарган хонь, үхрийн мах, сүүл, сонгино, гоньд, давс. Яг л бидний гэртээ хийж иддэг буузны жор байгаа биз. Өөр ямар нэгэн амт оруулагч байхгүй. Монгол буузны амт, жорыг хадгалдаг болохоор эдний бууз бусдаас ялгардаг ажээ. Чимхэж бэлтгэсэн буузаа хасах 30 хэмийн хөлдөөгчинд гурван цаг болгоход тэс хөлддөг юм билээ. Ер нь орчин цагт гэртээ ул боов хийдэг айл үлдээгүй шиг бууз хийх завтай хүн тун цөөхөн биз. Цаг заваас гадна зөвхөн Улаанбаатар гэхгүй Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ гэх мэт хот суурин газрын хүмүүс бууз хийгээд хөлдөөх аргагүй болсон. Жилээс жилд нэмэгдэж байгаа утаанд уушги, ходоодоо зэрэг хордуулаад яахав. Иймд баталгаатай газар үйлдвэрлэж, зориулалтын орчинд хөлдөөсөн, үндэсний манлай үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүн болох “Нүүдэл” брэндийн бууз энэ жилийн сар шинийн баярын буузны амтыг өнгөлөх нь тодорхой. Ер нь тэгээд хүн хүч, явдал чирэгдэл болж гэртээ хийснээс бэлэн бууз худалдаж авсан нь биед амар. Зардал мөнгөний хувьд дүндээ дүн болж байна лээ. Уншигчид маань харьцуулаад үзнэ биз. “Нүүдэл” бууз нэг кг нь 6600 төгрөгийн үнэтэй гэсэн. Мянган ширхгийг авахад 260,000 орчим төгрөг болно. Гэртээ 1000 бууз хийхэд ч ай даа мөн их ажил болно доо. Зах руу явж мах сонгоод, гурилаа шилээд, хамжиж чимхэх хүн дуудаад…

“Мах импэкс”-ийн бууз, банш хийдэг Хагас боловсруулсан бүтээгдэхүүний цехэд бас хуушуур, котлет, бургер, бөөрөнхий мах үйлдвэрлэдэг юм билээ.

ОРГАНИК ОРЦТОЙ ОЛОН ТӨРЛИЙН ХИАМ ШИНЭЭР ХИЙНЭ

“Махимпэкс” компани өнгөрсөн оноос “ISO 9001” чанарын стандартыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн бол 2007 оноос техник технологио шат дараатай бүрэн шинэчилжээ. Герман, Австри зэрэг улсад үйлдвэрлэсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд нь өдөрт 15 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Бүтээгдэхүүн боловсруулах бүхий л үйл явц дамжлага нь автомат болохоор ажлын бүтээмж ч жигд явагддаг байна. Дээрээс нь ариун цэврийн шаардлага хангахдаа стандартыг давуулан биелүүлнэ үү гэхээс цалгардуулахгүй.

1946 оноос өрхөө татсан “Махимпэкс” гэдэг энэ айл мах бэлтгэх бүхэл бүтэн том баазтай. Хөдөө орон нутгаас мал махаа бэлтгэхдээ тарга тэвээргийг нь чухалчилдаг ажээ. Манай сурвалжлах багийг үйлдвэрт өнжиж байхад мах бэлтгэлийн өрөөнд тарган, тарган хонины гулууз олноор нь өлгөсөн харагдав. Тэнд махны гадна талыг арчиж цэвэрлэж байхад нөгөө талд шулж сортолж байлаа. Үйлдвэрлэж байгаа хиамныхаа төрлөөс хамаарч махнуудаа ангилан ялгадаг байна. Махаа жинлээд холигч машин руу хийх аж. Бүх тохируулга нь автомат болохоор холигчид хийсэн маханд ямар хэмжээний давс, нитрит орох шаардлагатай гээд жорыг нь заадаг. Ингээд жорын дагуу хольсон махаа сэврээх өрөөнд хадгалдаг байна. Энэ өрөө нь стандартын дагуу тохируулсан температуртай. Олон тасалгаатай вандангууд дээр бэлтгэсэн хиамны махаа төрөл бүрээр нь ангилан тавьжээ. Тухайлбал, “Зочид”, “Утлагат”, “Хүслэн”, “Аялал” гэх мэтээр ялгасан харагдав. Ингэж махыг 24 цаг амрааснаар өнгө, ус шингээх чадвар нь сайжирдаг ажээ. Тэнд амарсан мах бүтээгдэхүүн болохоор дараагийн шат дамжлага руу шилжинэ.

Хиаман цехэд ч үйлдвэрлэлт нэлээд эрчимтэй явагдаж байлаа. Ургамлын гаралтай сайн чанарын шар буурцагны уургийг хиамандаа хольдог юм билээ. Ийм байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэг болохоор “Махимпэкс”-ийн хиамнууд уураглаг чанар нь өндөр байдаг юм байна. Ингээд төрөл бүрийн хиамнуудаа үйлдвэрлэнэ дээ. Өргөн, нарийн, өндөр, нам гээд л. Гадна талын бүрхэвчээс хамаарч янз бүрийн хэлбэртэй дүрстэй хиамнууд бий болох нь тэр. Бүрхэвчний хувьд ОХУ-ын “Атлантис-Пак” үйлдвэрт захиалж хийлгэдэг. Хэвэнд шахаж бэлэн болгосон хиамнуудаа Германы “Бастра” фирмийн утлага, чаналганы камерт оруулна.

“Махимпэкс”-ийнгайхалтай нэг бүтээгдэхүүн бол төрөл бүрийн утлагат мах. Утлагат махны цехэд ортол гахайн цоройг олноор нь өлгөсөн харагдав. Утаж бэлэн болгосон гахайн цоройг хэрчээд савлаж байлаа. Гахайн махаа тэд Европын холбооны улсуудаас импортолдог гэсэн. Гахайны аж ахуй эрхэлдэг дотоодын компаниудын хувьд эдний хэрэгцээг нь хангаж чадахгүй аж. Мөн тус үйлдвэрийн царцаамаг, гүзээ, цусан хиамнууд нь эрэлт ихтэй байдаг. Дотор махан бүтээгдэхүүний цехийн технологич Б.Туяа энэ талаар ярихдаа “Эдгээр бүтээгдэхүүнүүд нь коллегин, төмөр ихээр агуулсан болохоор цус багадалтаас сэргийлж, эрүүл мэндэд ач тустай” гэлээ.

Аливаа бүтээгдэхүүний амт, чанар нь жорноос шууд хамаардаг. Тэгвэл “Мах импэкс”-ийн хиамнуудын жорыг Ж.Алтанцэцэг хэмээх бүсгүй “барьдаг”. Тэрбээр энэ үйлдвэрт 20 гаруй жил ажиллаж байгаа туршлагатай нэгэн. Жорны өрөөний хаалгыг татангуут төрөл бүрийн ногооны үнэр сэнхийв. Германы “Могунциа” фирмийн жор амтлагчийг хэрэглэдэг байна. Найрлагад заасан норм, хэмжээний дагуу тэр жороо бэлтгэдэг байна.

Тус үйлдвэр байнга л шинэ жор бүхий хиамнуудыг туршдаг гэсэн. Лаборатори ч байнгын ажиллагаатай болохоор энэ тал дээр судалгааны ажлууд их хийгддэг байна. Одоогоор дөрвөн шинэ төрлийн хиамны туршилт хийж байгаа аж. Улаан лоольтой, коньяктай, сармистай, өргөст хэмхтэй хиам шинээр худалдаанд гаргахаар бэлтгэж буй гэнэ. Биднийг өнждөг өдөр эдгээр хиамны амталгаа явагдсан юм. Өвөрмөц содон амттай санагдав. Худалдаанд гаргавал борлуулалт ч сайн байх нь дамжиггүй. Гэхдээ технологичид хэсэг хугацаанд олон дахин туршиж байж зах зээлд нийлүүлэх тухай хоорондоо ярилцацгааж байна лээ.

Шинэ төрлийн хиам худалдаанд гаргахаар ийнхүү байнга туршихаас гадна уламжлалт хиамны амтыг хэвээр нь хадгалахыг хичээдэг тухай тэд ярив. Хуучны долоон төгрөг 20 мөнгөний хиам одоо тэр амтаараа “Аялал” нэртэйгээр үйлдвэрлэгдэж байгааг технологич нар онцоллоо.

ҮЕ ЗАЛГАМЖИЛСАН БОЛОВСОН ХҮЧИНТЭЙ ӨНӨР ГЭР БҮЛ

“МАХИМПЭКС”

Далан жилийн түүхтэй “Мах импэкс” компанийн хувьд олон зуун айлын амьдралыг “хариуцаж” байгаа. Тиймээс ажилтнуудынхаа ахуй амьдрал, боловсрол, эрүүл мэндэд нь ихээхэн анхаардаг ажээ. Тухайлбал, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон фитнес клуб ажиллаж байсан. Мөн аэробик танхим, саун, дүш гээд цөм бий. Бас мэргэжлийн багш ажилтнууддаа хичээл заадаг юм билээ. Эрүүл хүн эрүүл хүнс үйлдвэрлэх учраас спортыг чухалчилсан хамт олон ажээ.

Олон жилийн түүхтэй “Махимпэкс” компанийн боловсон хүчнүүдийн тухайд ихэнх нь хуучны гэгдэх хүмүүс. Тэд залуу хойч үеийнхэндээ зааж сургаж өөрсдөө ч, сэтгэл хангалуун ажилладаг ажээ. Түүнчлэн гэр бүлээрээ, 2-3 үеэрээ энэ үйлдвэртэй амьдралаа холбосон хүмүүс ч олон байгаа ажээ. Харин маркетингийн албаныхны хувьд шижигнэсэн залуус байв. Тэд 07.00 цаг гэхэд цуглацгаадаг юм билээ. Ингээд л бүтээгдэхүүнийхээ борлуулалт, судалгаа зэргийг нягт нямбай ярилцаж, санал солилцож байсан шүү.

Өглөө болгон таны ширээн дээр алаглах амтат хиам, бууз, банш, махан бүтээгдэхүүнүүдэд энэ үйлдвэрийн 300 гаруй хүний сэтгэл, хөдөлмөр зүтгэлшингэн бэлэн болдог юм байна. Үүрийн гэгээгээс үдшийн бүрий болтол хэрэглэгчдийнхээ төлөө мандах нартай уралдан ажилладаг “Мах импэкс”-ийнхэнд ажлын амжилт хүсээд сурвалжлагаа өндөрлөсөн юм.

М.МӨНХЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ туслах-ангилал цаг-үе

Зөв зүйн хүн

-МЭДЛЭГИЙН АРАЛ, ХҮНИЙ ТУЛХ-

Ажил үйл, зарчим нь анхнаасаа зөв, чин сэтгэлээсээ явсан хүн амьдралын сайхныг алгуураар боловч, төгс төгөлдөр бүтээдэг. Тун саяхан Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол тэмдэг хүртэж, төрдөө үнсүүлсэн Алмаликын Тлейхан гуайн амьдрал, замналын түүхийг харахад эрхгүй ингэж бодогдож байна. Түүний явсан зам, өрнүүлсэн үйлс бадрангуй, басхүү бахархмаар.

Тэрбээр эх орны баруун хязгаар Баян-Өлгийн Цэнгэл суманд аавын гэрт, хөх бууцын элгэнд төрсөн хүмүүн юм. Буянт малын өтөг бууц дулаан, халуун илчтэй. Тэрхүү дулаан илчит хөр нуугисан халуун ахуйд төрөхөд Алтайн сүндэрлэн зэвлэгч ноёлог уулс тунгалаг болоод зэрлэг салхиар наадан байсанд юун эргэлзэх. Энэ л утга үүтгэл нь түүнийг эрчим хүчний шинжлэх ухаан, үр өгөөж, бүтээмж, түүний аргачлал үйлдлийг залуурдахуйн үрийг өгсөн мэт санагдана аа.

А.Тлейхан гуай МУИС-ийг Үйлдвэрлэлийн дулаан хангамжийн инженер мэргэжлээр улирагч 1976 онд төгсөөд, улмаар 1989 онд Эдийн засгийн оройн их сургуулийг мөн Үйлдвэрийн эдийн засагч мэргэжлээр амжилттай дүүргэсэн юм. Нэг үгээр хэлбэл, үйлдвэрлэл хэмээх бүхнийг тэтгэгч баялгийг бүтээхүйг нэг мөр оюун тархиндаа дүүргэсэн, өвч эзэмшсэн билээ. Дулаан хангамж, эрчим хүч, эдийн засаг, энэ бүхэн чухамдаа алив улс орон, үндэстний оршихуйн амин тулгуур.

Залуу А.Тлейхан ажлын гараагаа IIIцахилгаан станцын зуухын цехэд ээлжийн мастераар эхлэв. Алив ажлын туршлагыг ширхэглэн мэдэх нь эхний шатаас эхлэх дамжиггүй. Сурах, бүтээлцэх, бүтээлчээр дадах он жилүүд нь ингэж эхэлсэн. Гал асах, дулаан ялгаруулах энэ анхны дамжлага ажилд нэг жил ажиллаад, улмаар мэргэжлээрээ ахин цехийнхээ ашиглалтын мастер, ахлах инженерийг дөрвөн жил эрхлэн гүйцэтгэв. Цагийн, ур чадварын шалгуур хатуу тэр он цагт ийнхүү дэвшин ажиллах нь түүний уйгагүй эрэл, мэргэшин гүйцэтгэх төгөлдөршил, авьяаслаг ажилчин байсны тухайд л зүй ёсоор хамаарна. Үүнээс цааш тэрбээр өөрийгөө бүрэн хүлээн зөвшөөрүүлж, зуухны хоёрдугаар цехийн дарга, станцынхаа үйлдвэр техникийн дарга, ерөнхий инженерийн ажлуудыг шат дараатай тогтвортой эрхэлсээр, дэвшлийг олсоор 1990 оноос таван жил станцынхаа даргын ажлыг хийлээ. Зуухан цехээс эхлээд дарга болтлоо дэвшихдээ бүхий өсөлтийн шат дамжлагыг дамжиж дулааны станцын залуурыг амьдрал практикт бүрнээ эзэмшив. Түүнчлэн станцын ХОТШ төвийн захирлаар ажиллав. Энэ амжилтыг эрдэм мэдлэг, бусдыг үлгэрлэн сайнд манлайлснаараа бий болгосоон. Энэ л сайхан.

1996 оноос А.Тлейханы авьяас чадварыг түлш эрчим хүчний салбарынхан бодлогын түвшинд ашиглахаар шийджээ. Энэ ч зүй юм. Тэр бол бүрэн итгэл даах шалгуурыг хөдөлмөрөөрөө харуулсан. Станцдаа Эдийн засгийн хэлтэст борлуулалтын мэргэжилтнээр ажилласан түүнийг мөн дараа оноос нь Эрчим хүчний удирдах газарт хүний нөөцийн удирдлагын хэлтсийн дарга болгов. Хоёр жил ажиллаад байтал Эрчим хүчний удирдах газрын Захиргаа удирдлагын албаны даргад итгэл хүлээлгэв. Мөн гурван жил ажиллатал Түлш эрчим хүчний ерөнхий газрын Захиргаа, удирдлагын албаны дарга, улмаар Түлш эрчим хүчний яамны Эрчим хүчний судалгаа, хөгжлийн төвийн орлогч даргын албыг хашив, 2008 оныг хүртэл. Юутай бахархалтай он жилүүд, хөдөлмөрийн хүний яруу зам бэ гэж эрхгүй асуумаар. Нэг албанд хоёроос гурав, гурваас дөрвөн жил тогтвор суурьшилтай үргэлж өсөн дэвжсэн энэ хандлага нь үнэндээ өө, эвийг тэгш даран ээрүүлдэж, өвч төгс эмээл хазаар бэлдэхүйд боловсруулалт ханасан сур лугаа адил юм. Тэр салбартаа өөрийгөө тунхагласан, хүлээн зөвшөөрөгдөх бүх түвшинд зөвшөөрөгдсөний улмаас Монгол төр түүнийг эрх барих сэнтийд урьсан юм. Унаган намаасаа итгэл авч, 2008 оны сонгуульд нэр дэвшээд төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдон төрийн түшээ болов.

2008 оноос хойших А.Тлейханы үйлдэл хөдөлгөөн, үг яриа, итгэл үнэмшил бүх ард түмний өмнө ив ил боллоо. Тэр төрийн даацтай, туйлбартай, итгэл үнэмшил төгс, нэр цэвэр, ухаан төгөлдөр түшээгээр ажилласныг төр, түмэн олон дэмжээд эдүгээ хоёр дахь удаагаа парламентад сонгоод ажиллуулж байна. Монгол төрийн хөлгөн түшээ Д.Дэмбэрэл нэгэнтээ “Манай Тлейхан мэдлэгийн арал, хүний тулх том хүн. Энэ түүний ялан дийлэхийн, ихийг бүтээхүйн хөдөлбөргүй зам” гэсэн нь үе үе санаанд ороод байдаг. Энэ үнэн. А.Тлейхан гуай нэг зүтгэсэн итгэл үнэмшилдээ төгс байдаг хүн. Угаас багаас ягштал баримталсан зарчим нь болд мэт ширээгдсэн л дээ. Ямарваа санаачилсан хуулиа батлуулах, түүнийхээ ашиг тус, өгөөжийг байнгын хороод, Их хурал дээр авч гарахын төлөөх мэтгэлцээн, ойлгуулах чадвар тун сийрэг агаад ялалтаар төгсч харагддаг.

Монгол Улсын эрчим хүчний салбар, түүний лугшаа, судасны тэлэлт, чадамж бол төрийн түшээ А.Тлейханы сэтгэлийн, итгэл үнэмжшлийн бай юм. Энэ талаар төрийн бодлого аль болох зөв, менежмент төгөлдөр байхад хууль эрх зүйн орчны тусгалыг Тлейхан эх барьж буй гэвэл хилс үл болно. Бүгд зөвшөөрнө.

А.Тлейханы ажлын үзүү­лэлт парламентад чимэг л болно. Тэрбээр өнгөрсөн хоёр жилийн ажлаа тоймлоод хэлэхдээ “Нэгдүгээрт, эр­чим хүчний салбараа либеральчлах, зах зээлийн харилцаанд шилжүүлэхтэй холбоотой эрх зүйн орчныг нь бүрдүүлсэн. Хоёрдугаарт, Монгол Улсын түлш, эрчим хүчний салбарын талаар авах арга хэмжээний тухай тогтоолыг 2010 онд санаачилж, УИХ-ын 72-р тогтоол батлагдсан. Энэ нь салбарыг асар оновчтой харилцаанд шилжүүлэх, өнөөдрийн эрчим хүчний хангамжийг сайжруулах, улс орны хөгжил тулгуур болсон энэ салбарыг түлхүү хөгүүжлэх чиглэлээр бодлогын томоохон бичиг баримт болсон нь хэрэгжээд явж байна” өгүүлсэн байна лээ. Мөн тэрбээр эрчим хүчний хэмнэлтийн хуулийг санаачлахаар ажиллаж, эрчим хүчний нэгдсэн системийн 2040 он хүртэлх хөтөлбөр дээр бие оюун чилээж, үнэ тарифыг зохисжуулах гээд эх орны язгуур эрх ашгийн төлөө хоёргүй сэтгэлээр, чөмгөө дундлан зүтгэж байна.

Тэрбээр чөлөөт эдийн засаг, хөрөнгө оруулалтын зөв зүйг эрхэмлэн, үндэст­ний үнэнхүү баялаг авч үнэгүйдүүлсээр буй арьс шир, ноос ноолуур, махыг боловсруулж, экспортод гар­гах чиглэлээр төрийн бодлоготны хувиар онцгой чармайн ажиллаж байгаа нь нэн тустай. Түүнийг гадаадад энэ чиглэлийн ажлаар, тэр дундаа аж үйлдвэрийн парк байгуулах ажлын гэрээ батлуулалцаж явах үед төр түүнийг аж үйлдвэрийн гавьяат ажилтнаар шагнасан нь чухам цагаа олсон хэрэг болжээ. Энэ тухайд тэрээр бэлгэшээн “Аж үйлдвэрийн парк байгуулах асуудал шийдэгдэж байх цагт төр аж үйлдвэрийн гавьяат болгосныг мэдсэн. Энэ их сонин тохиолдол боллоо” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. “Сонин тохиолдол” гэсэн түүний үгийн цаана, төр зүтгэж буй ажлын минь зөвийг харж, зөвийг хийж явах үед, зөв л үнсэв ээ дээ гэсэн агуулга харагдахаар. Даруу төлөвийн сайхан чанар түүнийх ээ.

А.Тлейхан гуайн бүхий л чанарыг нэгтгээд хэлэхэд аргагүй л мэдлэгийн арал, хүний тулх юм. Ухаантай хүн ухаантнаа танина гэж үг бий. А.Тлейхан түшээдээ илүү төгөлдөр, илүү саруулаар замнаж, эх орны илч гэгээ, өөдрөг дэвшлийг үргэлж залан чиглүүрдэж явахыг захих нь илүүц буй за. Ийм түшээг бэлтгэхэд, үр тосыг нь бүрнээ хүртэхэд үндэстэн лавтайяа хагас зуун жил зарцуулдаг байна. Саруул ухаан, сайхан үйлс тань илч гэрэл мэт бадарсаар байг.

З.БАЯР

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Г.Мэнд-Ооёо, До.Цэнджав тэргүүтэй Багшийн дээдийн “ХЭНХЭГҮҮД”

Монгол Улсын хамгийн их хөгжиж, цэцэглэж байсан үед 1970-аад он зүй ёсоор ордог. Юм бүхэн цэгцэрч, улс орны хэмжээнд шинжлэх ухаан, барилга, мал аж ахуйгаас эхлээд бусад бүхий л салбарт хөгжил, дэвшил ирж нийгэм шинэ шатанд алхаад байсан үе. Иргэд, ард түмний амьдрал ч айвуу тайвуу, нийгмийн бухимдалгүй байж. Тэр цагийн оюутнууд, өнөөгийн нийгэмд голлох байр суурь эзлэх болсон нэг ангийнхныг энэ удаа онцолж байна. Тодруулбал, 1974-1978 оны Багшийн дээд сургуулийн Монгол хэл, уран зохиолын ангийнхан. Тэгэхэд 70-80 оюутан энэ ангийг бүр­дүүлж байсан бөгөөд А,Б,В гэсэн гурван бүлэгтэй. Ангийнхнаасаа цойлж, ний­гэмд танигдсан эрхмүүд бол Соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав, Г.Мэнд-Ооёо нар юм.

Багшийн дээд сургуулийг 1974-1978 онд дүүргэсэн оюут­нуудын хэнтэй нь ч уулзсан багш, сурган хүмүүжүүлэгчдээ дурсана. Тэр үед Багшийн дээд сургуулийн багш нарын эрдэм, чадал, нөөц бололцоо гайхагдаж байсан гэдгийг оюутнууд нь одоо ч ярьсаар. Академич н.Төмөртогоо, Гадаадын уран зохиолын багш Р.Болд, утга зохиолын судлаач, шүүмжлэгч багш Цэнд, “Хайрхан уулын бараа”, “Урсгал тунгалаг Тамирын гол” гээд олон сайхан дууг зохиож, амилуулсан яруу найрагч Д.Отгонсүрэн гээд олон арван эрдэмтэд хойч үеэ сурган хүмүүжүүлж байжээ. Ш.Надмид багш авиа зүй хэмээх уйтгарт хичээлийг яруу найраг шиг болгож, Дашдорж багшардын уран зохиолыг ёстой л “тос амтагдтал” заана даа хэмээн нэрт зохиолч До.Цэнджавын ангийнхан хүүрнэн байна. Монгол бичгийн багш Б.Шаравын самбар дээрх сийлсэн мэт бичээсийг оюутнууд хараад арчиж, арилгаж чаддаггүй байсан гэдэг. Тэд ангийн багш Ж.Санжаагаа “Бидний үе тэнгийн шахуу. Мэдлэг, мэдээлэл, сурган хүмүүжүүлэх тал дээр биднээсээ нэгэн зууны түрүүнд явдаг хүн” хэмээн сайшаана. Эдгээр багш нарын үгийг дуулж явсан оюутнууд эрдэмтэд шиг, шинжлэх ухаан, ном зохиолд хөтлөгдсөн тийм л нэг давалгааг үүсгэж байж.

Харин энэ ангийнхнаас онцолбол Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо эмэгтэй хүн бүр дурлам тийм залуу байсан байна. Г.Мэнд-Ооёо хичээл дээр ч шүлэг тэрлэж суудаг нэгэн байжээ. Багш нар нь хүртэл дүн тавихаасаа цааргалж, хичээлд шимтэхгүй байгааг нь шүүмжилнэ. Тиймдээ ч Утга зохиолын нэгдлийг оюутан ахуйдаа удирдаж явсан түүхтэй гэнэ. Тодруулж өгүүлэхэд До.Цэнджав зохиолчтой нэг анги гэх ч нөгөө бүлэгт нь харьяалагддаг байжээ. Харин Соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав зохиолчийн хувьд Оюутны зөвлөлийн дарга хийж, нэртэй зохиолч болно гэж байнга ярьдаг байсан нь амьдралд биеллээ олж энэ цагийн нийгмийг соён гэгээрүүлэх олон арван ном туурвих түүчээ болсон бололтой. Бас хожмоо доктор хамгаалсан Б.Явуухулангийн ойрын хамаатан Я.Баатар нь ангийн нөлөө бүхий хүүхдүүдийн нэг. Өдгөө АНУ-д амьдарч буй аж. Доктор Ч.Жачин тэр үеийн жинхэнэ улаан онцын эзэн. Хэн ч Ч.Жачингийн хэмжээнд хүрч хичээлийн төлөө хэнхэглэдэггүй байсан гэдэг. Д.Нацагдоржийн шагналт оюутан болж сардаа 400 орчим төгрөгийн стипенд авдаг байсан нь оюутнуудын дунд шагшигдаж байсан түүх тэднийх.Ангийнхныг муудалцсан үед нь эвлүүлж, муугүй үед нь хөгжөөдөг гол хүмүүс бол Д.Даваа, А.Борхүү нар. Д.Даваа нэгдлийн дарга болно гэж байнга шахам ярина. Ангийнхан нь ч “Чам шиг хүн нэгдэл удирдвал Монгол Улс дампуурна” гэж “цаашлуулдаг” байж. Гэтэл төгсөөд дөрвөн жилийн дотор сум нэгдлийн дарга болон дэвшиж тухайн үеийн нийгэмд ангийнхнаасаа амжилт үзүүлсэн хамгийн эхний хүн болж байжээ. Эмэгтэйчүүдийн тухайд олон жил нэгдүгээр сургуульд багшилж байгаад өдгөө Улаанбаатарын их сургуулийн Монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж буй доктор Д.Дэнсмаа, 33 дугаар сургуулийн захирал асан З.Янжмаа, Д.Шатар, Цогтчимэг, Ц.Должин гээд олон манлайлагч бий. Ер нь тэд нэгэн жигд сурлагатай, багш нарын хайрыг татсан анги, хамт олныг бүрдүүлж байжээ. Ангийг Ховдын гарвалтай Лут-Очир даргална. Лут-Очир нь насаар ахмад, ажиллаж байгаад ирсэн учраас бүх зүйлийг ном ёсоор нь, ямар ч гажуудалгүй хийхийг эрмэлздэг нэгэн. Оюутнууд багш нараасаа бус ангийн даргаасаа айна. Учир нь хичээлийн тасыг арилгуулах гэж оролдсоны ч хэрэггүй. Харин ангийнхан нь хариу авах ганцхан аргатай гэж байгаа. Тэрээр орос хэлний дуудлага, сонсголгүй учраас шинэ багш ирэхэд ангийн дарга “ах нар”-ын хэлээр хамгийн сайн ярьдаг гэж хэлээд яриулаад байна. Ард нь ангийнхан нь ёстой л шавайгаа ханатал инээлддэг байжээ.

Мэдээж дөрвөн жилийн хугацаанд есөн зүйлийн л юм болно. Тэр үеийн семинар бол одооны эрдэм шинжилгээний ажилтай дүйхүйц хэмжээнд хийгддэг байсан гэж байгаа. Дор хаяж 20 түүнээс дээш ном уншиж, судалж байж илтгэнэ. Семинарт оролцохгүй оюутан сайн, онц гэсэн дүнг мөрөөдөөд ч хэрэггүй.Гадаадын уран зохиолын багш Р.Болд нэг удаагийн семинар дээр “Обломов гэж хэн бэ” гэж А.Борхүүгээс асуусан байна. Обломов гэдэг нь тухайн нийгэмд залхуугийн хамгийн сонгодог жишээ болсон номын баатар. Тэгэхэд А.Борхүү “Их муухай хүн” хэмээн хариулсан нь хэзээнээс ёгт Р.Болд багшийн анхааралд өртөж ярьсаар байгаад нөхөр А.Борхүү нь обломов болж ангийн нөхөд нь ярьж, инээх зүйлтэй хоцорсон байдаг. Ингэсээр Р.Болд багш А.Борхүүгээ гадаадын уран зохиолын номоос салахгүй, шимтэн уншдаг оюутан болгосон байна. Бас нэг удаа семинар дээр “Гульсар минь баяртай” номыг даалгаварт өгснөө асуужээ. Мөн л А.Борхүүг босгон асууж. Уг ном нь өвгөн, морь хоёрын тухай. Гэтэл нөхөр “Өндөр цагаан хүүхэн байсан юм” гээд хариулж гэнэ. Багш нь ч явуулаад, асуугаад эхэлсэн байна. Оюутан нь “Тэр өндөр цагаан хүүхэн явсаар нэгэн залуутай танилцан сайхан амьдарсан гэдэг” гээд төгсгөсөн нь бүтэн жилийн инээд болсныг одоо ч дурсана.

Мөнгөн ээмэг, монгол дээлтэй бол Багшийн дээдийн монгол хэлний ангийнхан гэж Улаанбаатарын хэмжээнд хошигнодог байсан бол анги дотроо ой, төгөл гэсэн нэршлийг хэрэглэдэг байжээ. Ой нь онц сурлагатнууд урд эгнээг дүүргэж хичээлдээ тааруу нэг нь төгөл болон араар нуугддаг байж. Төгөл бүлэгт өндөр биетэй олон ч хүүхэд багтдаг бөгөөд нэг цаг 30 минутын хичээл дуустал хамаг биеэ хураан суух гэж ихээхэн том зүйл болдог байсан байна.

Г.Мэнд-Ооёогийн удирддаг утга зохиолын дугуйланд нийгэмд нэр нөлөө бүхий томоохон зохиол ч ирнэ гэвэл оюутнуудын ёстой амны хужир нь болдог байжээ. Ц.Гайтав гуай халамцуухан ирээд утга, уран зохиолын тухай, Ц.Дамдинсүрэн гуай судалгааны ажил хийх арга барилын тухай ярина. “Эрдэм шинжилгээний ажил хийхэд шогол ашиглах ёстой. Шогол гэдэг нь дөрвөлжин нүдтэй хайрцганд уншсан зүйлээ толгой үсгийн дарааллаар оруулна” гээд сургана. Тэрээр бид амьдралд бас хөгжилтэй зүйлийг ярьж байх ёстой гээд “Би энд тэнд явж байхдаа. Хүүхэд, хүүхнүүд шаваад ирэхээр Эрээн алаг барсыг элдэв аргаар номхруулж болно. Эхнэр гэдэг гэзэгтэй барыг эрхлүүлэх тусам толгой дээр гарна гэж уншдаг юм” гээд ёстой л шүлс гоожтол ярьдаг байжээ. Харин П.Бадарч гуай офицер цолтой сэлэм шиг залуу байсан гэнэ. “Буун сумны дуунд булганы үс унана” гээд эхлэхэд Багшийн дээдийн эмэгтэй оюутнууд шүүрс алддаг байж. Яг энэ үед Ү.Хүрэлбаатар, Ш.Гүрбазар дээд ангиас нь, үе тэнгийнхнээс нь Ж.Саруулбуян, шар Мийгаа нар тус сургуульд бэлтгэгдэж байсан бол Б.Лхагвасүрэнгийн, О.Дашбалбарын шүлэг яригдаж байсан гэнэ.

Мэдээж оюутан ахуй цагийг намрын ажил, цайны газар, хоол ундтай холбоотой хөгжилтэй явдалгүйгээр төсөөлөх аргагүй. Хөдөөний голдуу оюутан байранд ирнэ. Байранд орох гэж уртаас урт дараалал үүсэх бөгөөд тасгаа сонгоод авбал дараа дараагийн асуудал юу ч биш. Тэр үед 240 төгрөгийн стипенд авдаг учраас гачигдал бараг байхгүй. Гэхдээ ар гэрээсээ холдож үзээгүй хүүхдүүд дөрвөн жилийн хугацаатай ирж байгаа учир сэтгэл цадна гэж үгүй. Нийтийн хоолонд хоолшихгүй. Байрныхаа ний­тийн гал тогоонд өөрсдөө хоол хийлээ ч ихэвчлэн гоймонтой шөл идэх учраас сэтгэл нэг л дундуур. Хэрвээ нийтийн гал тогоонд оюутнууд зэрэгцээд хоол хийж байхад нэг нь цуйван бэлдвэл анаж байгаад хулгайлна. Охидын байраар явахад олуу­лаа бол хоолоо нуугаад өгөхгүй болохоор ихэвчлэн ганцаарчилсан тоглолт хийж тасаг, байраар нь хэсч тэднээр дайлуулна. Дайлуулахдаа амаа ангатал ярьж, тэднийг хөгжөөх зарчимтай.

Тэр цагийн гоёл драпан пальто, тарфицан өмд. Эмэгтэйчүүдийн хувьд импор­тын хийгээд гар хийцийн юбка, өндөр ултай оймсон түрийт гутлаар гангарна. Гэхдээ намрын ажил эхлэхэд юун гоёж, гоодох. Хөвөнтэй куртка, шар вааран өмд, орос бакиалаар эр, эмгүй жигдэрнэ. Эмэгтэйчүүдийн хувьд нүүр, нүдний будаг хомс ч олж аваад будна. Тэгээд багш нараа орж ирэхээс өмнө буцаагаад арилгана. Ер нь Хөдөөгийн баясгалан, Мартагдашгүй намар кинонууд тухайн үед хийгдсэн бөгөөд тэр үеийн оюутнуудын намрын ажил, зуны ажлыг яг тусгасан байдаг байна. Монгол хэл уран зохиолын энэ ангийнхан л гэхэд Дундговь аймгийн Дэрэн сумын сургуулийн барилгыг 1976 онд барьсан түүхтэй. Тэгэхэд тус сумын баяр наадам нь таарч эрхэм До.Цэнджав шөвгөрч байсан юм байна. Тэд тэр л цагийнхаа жамаар хичээл номын төлөө хэнхэглэж, хэн нэгнээс өрсч унших, олж мэдэхийн тулд шамдаж явсан байна. Намар, зуны ажилд, хөлдүү газар ухахад ч эр, эм гэж жендер ярилгүй бүгд хүрз, лоом барин хөдөлмөрлөж, бүтээж босгож асан нь өдгөө 40 жилийн өмнөх түүх болон дурсагдаж буй нь энэ.

Монголын нийгмийн нэгэн үеийн төлөөлөл Багшийн дээд сургуулийн Монгол хэл, уран зохиолын ангийнхны түүхээс багахан өгүүлэхэд ийм. Тэдний тухай, оюутан ахуй үеийг нь өгүүлэхэд сонины энэхэн зай багадна. Харин тэр цагийн хийгээд энэ цагийн оюутнуудын сурч боловсрох, эдэлж хэрэглэхийн хооронд, олж мэдсэн нь ч өдөр шөнө шиг ялгаатай байгаа нь харагдаж байлаа.

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ цаг-үе

Аваргуудын жинд аваргалсан Г.ОДБАЯР

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Монголын жудо бөхийн улсын аварга шалга­руулах тэмцээн болсон. Улсын аваргын хамгийн сонирхолтой жин яах аргагүй 73 кг-ынх байлаа. Энэ жинд “Женко” клубийн тамирчин Ганбаатарын Одбаяр аваргалж 2015 оны улсын аварга болсон юм. 73 кг-ын жин бол Монголын жудочдын “тулааны талбар”. Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа нарын аваргуудын дундаас онцгойрч гарч ирнэ гэдэг баргийн аавын хүүгийн чадах зүйл биш. Харин Г.Одбаяр чадсан юм. Түүнийг жудогийнхон 73 кг жингийн унаган бөх гэдэг юм билээ. Ихэнх тамирчин жин өгсөж, эсвэл уруудаж барилддаг бол өөрийнхөө жинд хамгийн олон жил тогтвортой барилдаж байгаа нь Г.Одбаяр. Тэрээр нийслэлийн унаган хүүхэд. Анх арван хэдтэй хүүхэд байхдаа өсвөрийн жудочдын тэмцээнд Сонгинохайрхан дүүргээс оролцож байсан. Өсвөрийн тамирчдын дунд тэмцээн болохоор үеийнхэн нь “Сонгинохайрханы өндөр залуу” гэж нэрлэн, түүнээс бэргэдэг байсан гэдэг. Сүүлд насанд хүрэгчдийн барилдаанд барилдаж эхэлсэн цагаасаа 73 кг-д хүч үзэх болсон бөгөөд С.Ням-Очиртой ана мана үзэлцэх болжээ. Жудогийнхон түүний тухай “Манай Г.Одбаяр бол угаасаа л 73 кг-ын бөх. Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа нараас хол илүү амжилт үзүүлэхээр тамирчин” гэж ярих юм билээ.

Түүний анхны багшийг н.Хаштогтох гэдэг. Жудо бөх гэж юу байдгаас авахуулаад энэ спорттой холбоотой бүхий л зүйлийг анхныхаа багшаас сурч авсан гэж ярьсан. Түүнээс хойш олон амжилт гаргасан. Хамгийн сүүлд л гэхэд Инчёоны Азийн наадмаас мөнгөн медаль авсан. Бас Олон улсын жудо бөхийн холбооноос зохион байгуулдаг цуврал тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль авч байлаа. Олон улсын жудогийн холбооноос шалгаруулдаг дэлхийн чансааны хорин хоёрдугаарт бичигдсэн. Харин шинэ оныг улсын аваргын алтан медальтайгаар эхлүүлж байгаа юм.

С.АЛТАН

Categories
мэдээ цаг-үе

Түүхээр аялуулагч “Динза”

Динза бол эрт цагаас өнөө үед ирсэн динозаврын бяцхан зулзага. Харин Жижгээ нийслэлийн нэгэн дунд сургуулийн сурагч. “Ирмүүн” агентлаг аль зургаан жилийн өмнөөс “Динза” цуврал комикийг гаргаж эхэлсэн болохоор номонд дуртай хүүхдүүд Динза, Жижгээ хоёрыг эртнээс танина. “Динза” цуврал комикийн 43, 44 дэх дэвтэр өнгөрсөн сард хэвлэлтээс гарчээ. Гол баатрууд маань шидэт сахиусны тусламжтайгаар Хүннү, Сүннүгийн үеэс эхлээд түүхийн бүх л цаг хугацаагаараялдаг юм.

Энэ удаа шидэт сахиус тэдэнд “Түүхийн хамгийн хүнд цаг үед очно” гэж сануулна. Хоёр найз 1990 оны дүн өвлөөр Ардчилсан хувьсгал өрнөсөн Улаанбаатартирнэ.Тэднийг нийслэлийн төв талбайд иртэл хувьсгал өрнүүлсэн иргэд улс төрийн өлсгөлөн зарлаж байв. Огт мэдэхгүй цаг үед ирсэн хүү цагдаа нараас зугтаж яваад үеийнхээ охинтой тааралдана. Талбай дээр өлсгөлөн зарлаж байгаа ахдаа хоол аваачиж өгөх гээд чадаагүй Халиунаа охин Динза, Жижгээ хоёрыг ирээдүйгээс ирсэн гэдэгт нь итгэж өгөхгүй гайхна. Эцэст нь арай гэж учрыг нь мэдээд гэр рүүгээ дагуулан явав.

Байрны атаманууд Динзагийн жинсэн өмд, үүргэвчийг дээрэмдэх гэж оролдсон ч тэд зугтаж амжина. Халиунаа Жижгээг гэртээ дагуулж ирж амьдардаг цаг үеийнхээ тухай олон сонирхолтой зүйл ярьж өгнө. Цогтсайхан гэдэг дуучны “Хонхны дуу”-г дуулахыг хорьсон тухайсонссонЖижгээ “Дуу дуулахыг хүртэл хорилоо гэж үү” хэмээн ихэд гайхширна. Халиунаагийн эмээ тэднийг ярилцаж байх зуурөлсгөлөн зарлаж байгаа хүүдээ санаа зовон дахиад хоол бэлдлээ.

Удсан ч үгүй Жижгээ, Динза хоёр Халиунаатай хамт Баясаа ахад нь хоол хүргэхээр төв талбай руу явав. Тэнд Динза, Жижгээ хоёрт дургүй, шидэт сахиусыг нь хулгайлах хүсэлтэймуу ёрын сүнснүүд жагсагчид болж дүрээ хувирган иржээ. Халиунаа ахдаахоол өгөх гэтэл өлсгөлөн зарласан Баясаа хоол идэхийг зөвшөөрсөнгүй. Найзууд энэ үеэр өмнө нь ярьж байсан дуучинтайгаа тааралдана.Ардчилсан хувьсгалын үеэр төв талбай дээр цангинажбайсан “Хонхны дуу”-г дуулсан дуучин залуу тэдэнд “Та нар энд байх аюултай. Гэртээ харьцгаа хүүхдүүд ээ” гэж сануулна.

Төв талбай дээр ногоон хувцсаар жигдэрсэн цэргүүд эгнэн жагсах нь сүрдмээр. Халиунаагийн том ах Баяраа дүүгийнхээ өлсгөлөн зарлаж эхэлсэн талбай дээр төрийн тушаалаар жагсаж байгаа нь энэ. Цэргүүдийн хувьддээрээс тушаал өгвөл жагсагчид руу гал нээх үүрэгтэй. Энэ үеэр хорон санаат сүнснүүд Төрийн ордон дотор орж ирнэ. Ордонд байгаа дарга нар өлсгөлөн зарлаж буй жагсагчдын өгсөн шаардлагад ямар хариу өгөхөө ярилцацгааж байв. Зарим нь “Энхийн замаар шийднэ, ардчиллыг бид хүлээж авна” гэцгээнэ…

“Динза” комикийн сүүлд гарсан хоёр дэвтэрт тэртээ ерэн онд ардчилсан хувьсгал өрнөсөн Монгол оронд ямар үйл явдал өрнөж байсныг энэ мэтээр дүрсэлжээ. Түүхийг зураг хэлбэрээр, хөнгөхөн, зугаатай, сонирхолтойгоорилэрхийлсэн нь “Динза” комикийн нэг онцлог. Динза, Жижгээ хоёрт тохиолдсон адал явдлыг сонирхонгоотүүхээ мэдэх боломжтой учраас энэ комик аав, ээжүүдийн хүүхдүүддээ авч өгөх дуртай номын тоонд аль хэдийнэ багтсан юм билээ. Ардчилсан хувьсгал өрнөсөн цаг үеэр аялсан найзууд дараагийн удаа түүхийн альцаг үед очих бол?

Ц.БААСАНСҮРЭН