Categories
мэдээ цаг-үе

Б.Сэржав: Японы хэвлэлүүд харилцан татваргүй болсныг онцолж байгаа

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Сэржавтай ярилцлаа.

Ерөнхий сайд Ч.Сайхан­билэг Япон улсад айлчилж Эдийн засгийн түншлэлийн гэрээ байгууллаа. Энэ талаар гадна, дотны судлаачид ямар байр суурьтай байгаа вэ?

– Монгол Японы өнөөгийн харилцааг ярихын тулд түүхийн хуудас сөхөх шаардлага гарах байх.“Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал”-д манай улсын гадаад бодлогын нэг гол чиглэлийг “АНУ, Япон… зэрэг өрнө,дорнын өндөр хөгжилтэй гүрнүүдтэй найрсаг харилцаа хөгжүүлэх явдал” хэмээн заасан байдаг. Ийнхүү өнгөрсөн зууны 90-ээд оноос Япон улс Монголын гурав дахь хөршийн бодлогодчухал байр суурь эзэлж ирсэн. Манай хоёр улсын хооронд 1990 онд Худалдааны хэлэлцээр, 1991 онд Японы далайн чанад дахь залуучуудын сайн дурын байгууллагыг Монгол улсад ажиллуулах хэлэлцээр, 1993 онд Агаарын хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан. Бас 2001 онд Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах хэлэлцээр, 2003 онд Техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр тус тус байгуулагдсан байдаг юм. Харин 1997 оны хоёрдугаар сард Ерөнхий сайд М.Энхсайханы Японд хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр орны харилцааг XXI зуунд чиглүүлж, улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн болон худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг салбарт Иж бүрэн түншлэлийн харилцааны түвшинд хөгжүүлэхээр харилцан тохиролцсоноор Монгол Японы хооронд Иж бүрэн түншлэлийн харилцаа хөгжүүлэх үе эхэлсэн.

Иж бүрэн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргах, Стратегийн түншлэл байгуулах зарчмаар дэв­шүү­лэн хөгжүүлэх хамтын шийдвэрт 2010 онд Ерөнхий­лөгч Ц.Элбэгдоржийн айлч­лалын үеэр талууд санал нэгдсэн. Мөн 2013 онд Японы Ерөнхий сайд Ш.Абэ, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар харилцан айлчилсан нь хоёр орны харилцааг эрчимжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, хоёр орны хамтын ажиллагааны бодлого, чиглэлийг тодорхойлоход түлхэц болсон.

Хоёр орны түншлэлийн өнөөдрийг хүртэлх хуга­цаанд худалдааны харилцаа ямар байв. Эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулснаар ямар шатанд хүрч ахина гэж тооцоолж байгаа бол?

-2013 онд манай улс экспортынхоо ердөө 0,2 хувийг Японд гаргаж, нийт импортын долоон хувийг Японоос оруулжээ.Өнөөгийн байдлаар манай улсын гадаад худалдаанд Япон Улс нь БНХАУ, ОХУ, БНСУ, АНУ-ын дараа тавдугаарт ордог. Манай экспортод мал аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн, тухайлбал ноолууран бүтээгдэхүүн, тэмээний ноосон хөнжил, молибдений хүдэр, зэсийн баяжмал, катодын зэс, хүнсний бүтээгдэхүүнээс байгалийн давс, архи зэрэг орж байна. Японоос автомашин, уул уурхайн болон барилгын машин механизм, цахилгаан бараа, холбооны техник хэрэгсэл, эрүүл мэндийн тоног төхөөрөмж, хүнсний бүтээгдэхүүн, цагаан будаа, эм, архи, тамхи, гэр ахуйн бараа зэргийг импортоор авч байгаа. Импортод суудлын автомашины эзлэх хувь тогтмол өндөр байна. Манайх 2013 онд нийт 372 сая 982 мянган ам.долларын суудлын автомашин импортолсны 77.9 хувийг Японоос оруулсан юм билээ. Харин одоо худалдааны хэмжээ хэр өсөх вэ гэдгийг урьдчилсан байдлаар хэлэхэд хэцүү. Урьдчилан таамаглах аргагүй эерэг нөлөөлөл гарах нь дамжиггүй юм.

Хоёр орон дээрхээс гадна ямар бараа солилцох бол. Худалдаалалт, тээвэр­лэлтийн саад тотгорыг хэрхэх бол?

-Японы тал манайхаас коксжих нүүрсний удаан хуга­цааны тогтвортой нийлүүлэлт хийх, ховор металл, зэсийн хүдэр зэргийг импортлох со­нир­холтой бай­гаа нь ажиглагддаг. Гэвч уул уурхайн баялгийг хөрш орноор дамжин тээ­вэрлэхээс эхлээд энэ хамтын ажиллагаанд элдэв саад бэрхшээл тулгарч ирсэн. Харин БНХАУ-ын дарга Си Жиньпиний манай улсад 2014 онд хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд зүүн хойд Хятадын зарим боомтыг ашиглах боломжийг олгохоор болсон нь Японтой хийх худал­дааг урагш ахиулахад бодит нөлөө үзүүлэх бо­ломж гэж үзэж байна. Энэ боломжийг ашиглаж зам тээврийн асууд­лыг зохи­цуулах, улс орны эрх ашигт нийцсэн шийдвэр гаргаж, үйл ажиллагааны зогсонги байдлаас гарах, дотоодын төмөр замын асуудлыг цэгцлэхээс эхлээд, коксжих нүүрсний экспортыг урт хуга­цаанд тогтвортой нийлүү­лэх асуудлаар Японы талтай хамтран ажиллаж, тохиролцоонд хүрэх байх гэж бодож байна.

Өчигдөр үзэглэсэн гэрээгээр хоёр тал ямар үүрэг хүлээж, ямар давуу тал эдлэх юм бол?

– Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа. Энэ талаар Монголын талаас дорвитой мэдээлэл гарч, манай хэвлэлээр нийтлэгдээгүй. Харин Японы хэвлэлүүд ялангуяа өнгөрсөн 2014 оны долдугаар сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Япон улсад хийсэн айлчлалын үеэр их өргөн мэдээлсэн. Тэдний хэвлэл мэдээллийн томоохон төлөөллүүд,тухайлбал Асахи сонин “Японд үйлдвэрлэсэн автомашины гаалийнтатвар таван хувийг тэглэх асуудлыг Монголын тал хүлээн авсан нь яриа хэлэлцээ зарчмын тохиролцоонд хүрэх гол нөхцөл болсон”, “автомашины гаалийн татварыг тэглэх тухайд үйлдвэрлэгдээд гурван жил болоогүй автомашины татварыг тэглэх, гурваас дээш жил болсон автомашины татварыг эхний 10 жилд шатлалтайгаар бууруулж, 10 жилийн дараа тэглэх, үйлдвэрлэгдээд 10-аас дээш жил болсон хуучин автомашины гаалийн татварыг хэвээр үлдээхээр болсон” тухай дурдсан. Мөн Санкэй сонин “Энэ хэлэлцээр байгуулагдсанаар гаалийн татвараас гадна Японы худал­дааны компаниуд, түүнчлэн эрчим хүчний салбартай хол­боотой үйлдвэр, компа­ниуд Монголын ховор металл, нүүрс зэрэг ашигт малтмалыг нээн ашиглах үйл ажиллагаанд оролцоход хялбар болох давуу талтай. Учир нь гадаадын хөрөнгө оруулалтын талаар Монголд хэрэгжүүлж буй хязгаарлалт Японы үйлдвэр компаниудад хамаарахгүй болно. Япон Монголоос импортлох уул уурхайн бүтээгдэхүүнийг бараг бүхэлд нь 10 жилийн хугацаанд гаалийн татвараас чөлөөлнө” гэж тэмдэглэсэн. Майничи сонинд ч энэ тухай “Японоос Монгол руу хийж буй экспорт 2013 онд 29 тэрбум 300 сая иен байсны 70 хувийг автомашин эзэлсэн. Японы экспортод цаашид нэмэгдэх төлөвтэй байгаа мисо, япон цуу, жимс зэрэг хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний татварыг 10 жилийн хугацаанд тэглэх, эдгээрийн үр дүнд Японоос Монгол руу гаргаж буй нийт экспортын 96 хувь нь татвараас чөлөөлөгдөнө. Япон улс Худалдааны хэлэлцээрээр гаргаж буй цагаан будаа, буудай, элсэн чихэр, гахайн мах, хөргөсөн үхрийн мах зэргийн гаалийн татварыг хэвээр үлдээнэ. Харин Монгол Улс экспортоо нэмэгдүүлэхийг зорьж буй үхрийн борц, боловсруулсан үхрийн махан бүтээгдэхүүн зэргийн тодорхой хэсгийг гаалийн бага татвартай байлгах, ноолууран бүтээг­дэхүүн зэргийг татвараас чөлөөлөхөөр болжээ” гэх мэтээр мэдээлж, сурталчилж байлаа.

Ер нь Эдийн засгийн түншлэлийн гэрээг байгуулсан тухайд юу гэж байх юм?

-Эдийн засгийн түншлэ­лийн хэлэлцээр байгуулахын гол зорилго, эрх ашгийн тухайд эдгээр хэвлэлүүд “Японы хувьд БНАСАУ-тай дипломат харилцаа бүхий Монгол Улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, хулгайлагдсан япон иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд Монголын талаас дэмжлэг авах зорилт тавьж байгаа”, “Япон улсын эрдэс баялгийн тогтвортой нийлүүлэлтийг хангах, түүний тулд Японы үйлдвэр, компаниудад Монголд хөрөнгө оруулалт хийхэд нь дөхөмтэй нөхцөлийг бий болгох зорилт тавьж байгаа”, “Монгол Улс нь хөгжлийн ирээдүйтэй орон тул Японы үйлдвэрүүд тэнд зах зээлээ тэлэх найдвар бий”, “Японы тал Монголтой хамтын ажиллагаа бэхжүүлэхийн цаад талд Монголтой хил залгадаг Хятад улсыг хязгаарлах зорилго бас бий, харин Монголын хувьд хөрш Хятад, ОХУ-аас хамааралтай эдийн засгийн бүтцээсээ ангижрах гэсэн зорилго энэ хэлэлцээрийн ард бий” гэх мэтээр мэдээлсэн.

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ цаг-үе

БҮҮ МАРТ XXI: Хүний намтар бол улсын түүхийн эхлэл

НЭПКО хэвлэлийн газрын ТУЗ-ийн гишүүн Б.Цэнддоотой ярилцлаа.

-НЭПКО хэвлэлийн газраас түүхийн сэдэвтэй шинэ цуврал гаргаж, хэд хэдэн номын нээлтийг хамтатган хийх гэж байгаа юм байна.

-НЭПКО хэвлэлийн газраас, “Хүмүүн хорвоо” нийгэмлэгтэй хамтран “Түүхэн эрхмүүдийн цадиг” цуврал гаргаж байгаа юм.Энэ цуврал бол хувь хүний түүх юм.Ер нь хувь хүний намтарулсынхаа түүхийн эхлэл хэсэг болж, улсын түүх ньсая сая хувь хүний намтрын нийлмэл байдаг. Өөрөөр хэлбэл, бүхий л түүхийн эхлэл нь хувь хүн.Ялангуяатүүхэн, онцгой эргэлтийн үед аж төрж, нийгмийн өөрчлөлт, хувьсгалын давалгаан дунд амьдралаа өнгөрөөх тавилан ногдсон, иймэрхүү үйл явдал дундаас тодорсон хувь хүний амьдралын замнал нь түүхэнд онцгой үүрэгтэй.

Ийм учраас улс орны түүхийн шинэчлэлийн үндэс нь хувь хүний намтар цадигийг зөвөөр туурвихаас эхтэй. Чухамхүү, “Хүмүүн хорвоо нийгэмлэг”, НЭПКО хэвлэлийн газраасхамтран “Түүхэн Эрхмүүдийн Цадиг” (ТЭЦ) цувралыгэрхлэн гаргасны учир ч энэ. Шинэ үеийн Монголын түүхийн онцгой үед амьдарч, нийгмийнхээ түүхэнд ул мөрөө үлдээж, оройлох үүрэгтнээс эхлээд системийн золиос, тогтоцын үр шим болж явсан зүтгэлтнүүдийн намтар түүхийг сэргээн бичсэнээрээ үндэсний түүхээ зөв голдрилд оруулах хамгийн зөв гарц, үүд болно хэмээн үзсэн билээ, бид.

Ингээд цувралынхаа эхний дөрвөн номын нээлтийг сар шинийн өмнөхөн буюу энэ хоёрдугаар сарын 14-нд ёслолын байдалтай хийхээр төлөвлөсөн юм. Баабарын бичсэн Х.Чойбалсан (хоёр боть), Д.Баярхүүгийн “Ж.Батмөнх”, Г.Дашрэнцэнгийн “Д.Бодоо”,С.Лочингийн “Д.Нацагдорж” гэсэн ийм дөрвөн бүтээл гараад байгаа юм.

-Дээр үед “Суут хүмүүсийн амьдрал”ч билүү, нэг цуврал байсан даа. Манайд орчуулж гаргаж байсан. Тэрэн шиг л юм аа даа.

– Тийм утгаар ойлгож ч болно. Ер нь бол универсаль түүх бичлэгийн соёлыг үүсгэн хөгжүүлэгч их гүрний нэг нь яах аргагүй Монгол улс мөнболохыг Рашид-Эд Дины “Судрын чуулган”,Жувейнигийн “Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх” зэрэг дэлхийн түүхийн салшгүй хэсэг болсон бүтээлүүд гэрчилдэг.

Гэвч монголчуудын шинэ үеийн түүх маш ээдрээтэй. ХХ зуунд өрнөдийн маягаар түүх бичиж эхлэх үе ба үзэл сурталжиж гуйвсан түүх зохиогдож эхэлсэн үе хоёр давхцдаг. Ялангуяа социалист дэглэмийн үед коммунист байдлаар үзэл сурталжуулан зохиох бодлогод өртөн гуйвсан, санаатайгаар өөрчлөлт оруулан зохиомжилсон, тэр нь хэдэн үеийнхний үнэмшил болон үлдсэн ХХ зууны Монгол Улс буюу БНМАУ-ын хувьсгалт түүхийг энд дурдаж болно.

Хувь хүний түүх ч гуйвж, язгуур сурвалжаа нуухаас аргагүйд хүрч, хүн болгоны намтар “ядуу ардын гэр бүлд төрөөд” гэж эхэлдэг нэгэн хэвийн хуурамч загварт орсон билээ. Бүхий л монгол хүний “элэнц өвөг, эмээ өвөө, аав ээж нь үеийн үедбоол, ядуу гуйрамч явсан бөгөөдардын хувьсгал ялж феодал ангийг устгасны дараа аз жаргалтай учирсан” тухай тэрхүү нийтлэг намтарт өгүүлнэ. Мянга мянган ийм намтрын нийлбэр л хувьсгалт Монгол Улсын түүх болон зохиогдсон юм.

Өнөөдөр, нэг талаасаа эх түүхээ бодитойгоор сэргээн бичих нэг чиглэл байна. Баабарын “Монголчууд: нүүдэл суудал”-аас эхлээд олон бүтээл гарч байна. Үүнийг угтуулаад хувь хүний намтрыг үнэн зөвөөр сэргээн бичих хөтөлбөр хэрэгжүүлж байгаа хэрэг. Гэхдээ энэ ажил нь түүхэн үнэнийг сэргээх эрмэлзэлтэй хувь хүмүүсийн санаачилга болох “Хүмүүн хорвоо” нийгэмлэгээс НЭПКО хэвлэлийн газартай хамтран хэрэгжүүлж буй төсөл юм.

-Зөвхөн номын нээлтболох төдий биш, энд хоёрдугаарт бичигдэж байгаа боловч ихээхэн утга холбогдолтой гэмээр бас нэг үйл явдалболох юм гэж дуулдсан. Нууц байлгаж байгаад “Сюрприз” байдлаар хийх гээд байгаабололтой нэг юм байна аа.

-Үйл явдал нь нууц биш, харин дотоод хөтөлбөр нь жаахан сюрприз талдаа гэхээр ч юм уу даа. “Бүү март-XXI” нэртэй хөтөлбөр байгаа юм. Энэ жил Монголын ардчилсан хувьсгалын 25 жилийн ой тохиож байна. Бас Монголын ардчиллын үзэл санааны эцэг Баабар маань улирах гэж буй морин жилд 60 насны босгоор алхсан юм. Дээр нь 1990 оны ардчилсан хувьсгалын уриа дуудлага, туг сүлд болж явсан бүтээлийн нэг “Бүү март” зохиол нь бичигдэж, нууцаар тараагдаж эхэлснээс хойш 27 он улирчээ.Энэ бүхнийг хамтдаа эргэн дурсаж, өнгөрсөн түүхийнхээ үнэ цэнийг дахин эргэцүүлэхэд чиглэсэн хөтөлбөрийг манайхан бэлдсэн байгаа юм.

-Баабарын “Бүү март” зохиолыг эргэн дурсаж ярих юм уу?

-“Бүү март” бичигдсэн, түүнийг тараасан тэр цагаас хойш 27 жил өнгөрч, хүний амьдралын бүтэн үесолигдсон байна. Тэнд юу өгүүлснийг гучаад жилийн өмнө бусдаас нууж хааж, сэтгэл догдлон уншсан, дараахан нь ардчиллын анхны цуглаанууд дээрээс олж авч байсан тэр л үеийнхэн мэднэ.

Хаалттай нийгэмд байсан хүн ардын нүдний боолтыгсөхөж, улмаар үнэнийг далдалсан хаалт, хөшгийг эвдэн, цаана нь юу байгааг өнгийж харахыг уриалсан дуудлага байсан юм, “Бүү март” бүтээл.

Харин нээлттэй нийгэмд амьдарч байгаа өнөө үеийнхэнд “төмөр хөшиг”-ний цаагуур юу байгааг таамаглах хэрэг байхгүй. Тэр ч бүү хэл “төмөр хөшиг” гэж юу болохыгасуувал төсөөлөх ч үгүй, цонхны төмөр хаалт, тор юм болов уу гэж хэлэх байх.

Гэхдээ үндэстэн бүхэнд, ялангуяа Монгол шиг цөөхүүлээ үндэстэнд мартаж үл болох төрөлхи сэрэмж,ой санамж гэж бий. “Бүү март, мартвал сөнөнө” бүтээл бол энэхүү ой санамжид зориулагдсан юм.

Үндэстний ой санамж сэрэхийн хэрээр өнгөрсний сургамж амилдаг. Сургамж бол ирээдүйн хамгийн сайн багш, авран хамгаалагч. “Бүү март” бүтээлийн гол санаа энэ.“Аливаа үндэстэн өнгөрснөө мартвал өөрийгөө хэн гэдгийг мартана. Хэн гэдгээ мартсан ард түмнийг хэн ч болгон хувиргаж болно. Бидний өнгөрсөн үеийг зориуд мартуулсан байна. Ингэж ингэж хуурсан түүх зохиож өгсөн байна. Монголчуудаа, түүхээ эргэн сана, нуусан хөшгийг тэр тэр хавиар сөхөх гээд үз, тэр хэрээрээ өөрийгөө таньж монгол хүн гэдгээ санана” гэдгийг хэлсэн. “Бүү март, мартвал сөнөнө” бол ардчиллын уриа дуудлага, түүхээ мартан зүүрмэглэж байсан үндэстнээ цочоон сэрээсэн бүтээл шүү дээ.

Аливаа ойтэмдэглэлт үе бол ой дурсамжаа сэрээх цаг байдаг Энэ утга агуулгаар нь эргэн санана. Гэхдээ дурсамж яриад суухгүй, лекц уншихгүй. Бид өөрийн өнцгөөс эргэн дурсаж, өөрийн өнгө аясаар сэтгэгдлээ хувааж,үг хэлээр зөрөлцөхгүйгээр мэтгэх гэсэн юм. Зохиомж найруулгын хэсгийг үүнээс дэлгэрэнгүй ярих арга боломжгүй.Амттаны хайрцаг дээр чихэр гээд бичдэг, бас зураг нь байдаг. Харин яг ямархуу чихэр байгааг онгойлгож л мэддэг шиг, юм уу даа.

Ю.ДЭЛГЭР

Categories
мэдээ цаг-үе

Асрамжийн газрын ахмадууд дулаахан байрандаа тохитой өвөлжиж байна

Батсүмбэр дэх асрамжийн газар өндөр настнуудаас гадна хөгжлийн бэрхшээлтэй, харж хандах хүнгүй хүмүүсийг хүлээж авдаг болжээ. Өдгөө энд 117 хүн байдаг юм байна. Гэхдээ энд байгаа хүмүүсээс дийлэнх нь ахмадууд. Биднийг очих үед тэд өдрийнхөө хоолыг идээд дөнгөж дуусаж байлаа. Хоолны танхимаас гарч яваа өвөө, эмээ нар “Сайхан амттай хоол байна. Эртээдээс хойш шарсан тахиа идье гэж бодоод байсан юм”, “Өрөөндөө орж цамцаа сольчихоод ирье. Шатраа өрөөд сууж байгаарай” гэхчлэн ярьсаар өрөө рүүгээ явцгаав. Хоёр өвөө үүдэнд зогсоо намайг хараад “Хүүхээ чи хотоос ирэв үү” гэсээр дөхөөд ирж байна. Дэргэд ирээд “За Улаанбаатараар сонин сайхан их үү. Жаал сонин сонсъё” гэсээр сандал, ширээтэй өрөөнд дагуулаад ирлээ. Уг өрөө тэдний уулзалтын өрөө бололтой. Өөдөөс харж суугаад “За тариаланчид талбай дээр жагссан гэв үү. Үгүй ер жагсалгүй яахав ээ, тэр олон сарынхаа хөдөлмөрийг үнэлэхгүй болохоор төр засагтаа эсэргүүцэл үзүүлэх нь зөв шүү дээ. Ямар манийг залуу байх үеийн нийгэмд амьдарч байгаа биш. Тэр асгасан буудайг хүмүүс тор, тороор нь аваад явсан гэв үү” гэж асуулаа. Тэгснээ хариу хэлэхийн завдалгүй “Торлож авсан буудайгаа Гандангийн хашаанд тагтааны хоол зардаг хүмүүст хямдхан өгсөн гэж байна лээ” гэв. Бас “Цагаан сарын үзэсгэлэн худалдаа энд тэнд их гарсан гэсэн.

Эртээд тоглолт үзээд буцаж явахад тиймэрхүү хаяг зөндөө харагдаж байна лээ. Тэр үзэсгэлэн худалдаанд цагаан идээ зарж байгаа хөдөөнийхөн хэвийн боовоор биш ааруулаар таваг засахыг уриалж байгаа гэх юм. Миний хүү тэд нарын үгэнд орж болохгүй шүү. Зүгээр хэвийн боовоо аваад тавгийн идээгээ засаарай” гэхчлэн хуучлав. Ингээд болоогүй ээ “Ойрдоо зурагт, радиогоор Хакуход Хөдөлмөрийн баатар цол олгох гэж байгааг их ярьж байна. Тэрийг одоо л мэдээд байхдаа яахав дээ, манай эндхийнхэн аль нэгдүгээр сарын башё дуусахад л цагаан сарын өмнө Хакуход Хөдөлмөрийн баатар цол өгнө гэж ярьж байсан” гэлээ. Ийн ярьж суутал өрөөнийх нь хүн хүрч ирээд “Караокед хүмүүс цуглаж байна. Явж дуулъя” гэв. Дагаж яваад караокены өрөөнд орлоо. 48 инчийн хавтгай зурагттай, орчин үеийн гэрийн кино театртай ажээ. Бас баян хуур, бишгүүр зэрэг хөгжмийн зэмсгүүд ч харагдав. Зурагтаа асаагаад дууны ном эргүүлж байгаад Түмэндэмбэрэлийн “Туулын урсгал шөнөдөө сайхан”-ыг тавиадахлаа. Нэг нь баян хуур тоглоод нөгөө хэд нь дуулахаар болов.

Туулын урсгал шөнөдөө сайхансан

Торгон долгио нь хаялан мяралздагсан

Хоёр ангир дандаа хөвдөгсөн

Холын анир авангаа дуугардагсан гээд л ёстой нэг авч өгч байна. Дээхнэ үед байсан “Бөмбөгөр ногоон”-ыхон л иймэрхүү дуулах болов уу гэмээр цараатай сайхан дуулав. Дуулж байх хооронд сувилагч бүсгүй хаалгаар шагайтал дуучдын маань нэг гараад явчихлаа. Араас нь гартал эмчилгээний өрөө рүү дагуулан явжээ. Очоод даралтыг нь үзэж байна. Эмч нар даралт ихсэх гээд байдаг хүмүүсийнхээ даралтыг өдрийн гурван удаа үзэж өгдөг ажээ. Өглөө, өдөр, орой үзсээр байгаад хүмүүсийнхээ даралтыг хэдтэй байдгийг нэг бүрчлэн цээжилчихэж. “Манайд ер нь даралт ихэсдэг тун ховор доо. Анх ирж байгаа хүмүүсийн дунд даралттай хүн ирдэг л юм. Эмчилгээ, сувилгааны явцад тогтчихдог” гэж байна. Эмчилгээний хэсэг нь их эмчээр ахлуулан ажилладаг ажээ. Их эмч хүн бүрт тогтмол үзлэг хийнэ. Үзлэггүй өдөр байсан ч ахмадууд өөрсдөө өрөөнд нь хүрээд ирдэг гэсэн. Ирээд янз бүрийн л зүйл ярина. “Урьд шөнө жаахан тух муутай унтлаа” гэхээс эхлээд даралтаа яг хэвийн байгаа эсэхийг лавлахаар ирдэг гэсэн. Эмч нар нь ч харьцаа сайтай юм билээ. Хүрээд ирсэн ахмадуудад хэлж зөвлөөд буцааж байв.

Нэгдүгээр давхарт эмчилгээний, караокены өрөөнөөс гадна бурханы өрөөтэй ажээ. Бас үүдний хэсэгт шатар, ширээний теннис, дартс зэрэг тоглоомтой. Ахмадууд хоолоо шингээнгээ ширээний теннис тоглож байгаад өрөөндөө ордог гэсэн. Харин бурханы өрөөнд Бурхан багш, Манал, Авид зэрэг бурхан залсан байв. Мөн Далай ламын томоо гээчийн хөрөг байна. Хөгшчүүлийн ихэнх нь сүсэг бишрэлтэй учраас өглөөд энд орж ирээд бурхан шүтээндээ залбиран арц, хүж уугиулж хэсэг сууж байгаад гардаг гэнэ. Мөн үүдний танхимын том зайд таван ханатай гэр барьчихаж. Уг гэрийг хэдэн жилийн өмнө Германы нэгэн байгууллагаас ахмадуудад бэлэглэжээ. Гэрийг барихгүй удахаар хэлбэрээ алдчих гээд байдаг учраас ийн бариатай чигээр нь байлгадаг юм байна. Басхүү ахмадууд монгол гэрээ үгүйлэхээр дуртай үедээ дотор нь ордог гэнэ. Харин зуны дэлгэр цагт явахыг хүссэн газар руугаа гэрээ ачаад явдаг ажээ. Эднийх гурван автобустай болохоор хөгшчүүлээ суулгаж аваад дуртай газар нь хүргэнэ. Зун бол эндээ байхаас илүүтэй гол ус бараадан налайж байх дуртай ажээ. Харин сэрүү орсон үед үе, үе автобусандаа суун хот орж тоглолт үздэг юм байна. Зарим нь бүр даргынхаа өрөөнд орж ирээд “Намсрайноровын тоглолт тэдэн сарын тэдэнд Бөхийн өргөөнд болох гэж байна. Үзье” гэдэг гэсэн. Энэ үед автобусандаа суулгаад аваад явдаг ажээ. Ер нь ахмадууд мэдээлэл сайтай байдаг гэсэн. Нэг удаа бүр хариуцсан дарга дээрээ орж ирээд “Гэрийн театраараа “Аравт” үзмээр байна” гэжээ. Нэвтрүүлэг юм болов уу, эсвэл тоглолт нөхөж үзэх гээд байгаа юм байх даа гэж бодоод “Юу билээ тэр чинь” гээд асуутал “Ажил, ажил гэж суухаар гадуур дотуур болж байгаа юмыг сайн үзэж байгаач. Тийм кино гараад удаж байна. Олоод ирээрэй” гэчихээд гараад явжээ. Энэ мэтчилэн өвөө, эмээ нар дуртай зүйлээ хүссэн үедээ үздэг юм байна.

Батсүмбэрийн асрамжийн газар байдаг ахмадууд тэтгэврийнхээ 30 хувийг хадгалуулдаг ажээ. Уг мөнгийг тусдаа дансанд байршуулан хуримтлал үүсгэдэг юм байна. Хүндээр өвдөх, зайлшгүй мөнгөний шаардлага гарсан үед хэрэглэдэг гэсэн. Өөрсдийнх нь мөнгө ингэж хуримтлагдаж байгаа гэдгийг ахмадууд нарийн сайн мэддэг гэсэн. Тиймээс хааяа хотод очиж хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад ирдэг ажээ. Ирэхдээ хэвтсэн эмнэлгээсээ нэхэмжлэх бариад ирнэ. “Арав хоногийн дотор 1.5 сая төгрөгийн эмчилгээ хийлгэсэн шүү. Мөнгө шилжүүлээрэй” гэсээр ирдэг гэсэн. Тэтгэврийн мөнгөний үлдсэн 70 хувийг өөрсдөө авна. Тэтгэврийнхээ мөнгөөр юу хийж байна вэ гэж асуухад “Хойд дэлгүүрээс ганц шил хатуу юм авна” гээд инээж байна. Энд архи, дарс хэтрүүлэн уухгүй л бол айхтар хориглоод байх зүйлгүй. Гэртээ байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхийн тулд аль болох тааваар нь байлгахыг хичээдэг гэж асрамжийн газрыхан ярих юм билээ.

Энд амьдарч байгаа хүмүүсийн дийлэнх нь харж хандаж хүнгүй хүмүүс. Үр хүүхэдгүй, эсвэл хүүхэдтэй байлаа ч аав ээжийгээ асарч чадахгүй нь тогтоогдсон бол энд авчирдаг юм байна. Харин зарим тохиолдолд манай ээжийн тэтгэвэр одоо тэдэн төгрөг болсон байх учиртай. Тэр мөнгийг авмаар байна гэсэн хүмүүс ирдэг ажээ. Бас саяхан нэгэн залуу хүрч ирээд ээжийгээ авч явна гээд сүйд болж. Ээж нь ч хүүхдийндээ очно. Ач, зээ нарыгаа харья гээд байхаар нь явуулчихаж. Гэтэл хэдхэн хоногийн дараа эндхийн нийгмийн ажилтан “Хотоос ярьж байна. Энд танай асрамжийн газрын хүн ирчихсэн байна. Ирж аваач” гэж утасджээ. Машин тэрэг гаргаад яваад очтол өнөө ач, зээгээ харах эмээ зогсож байсан гэнэ. Хүүхдүүд нь гэртээ аваачиж нэг хонуулаад, маргааш нь банкнаас хоёр сая төгрөгийн тэтгэврийн зээл авахуулаад хөөчихөж. Эмээ хүйтэнд даарахдаа Баянхошуун дахь уурын зууханд очжээ. Хүмүүс яав ийв гэхээр нь “Би Батсүмбэрийн асрамжийн газрын хүн байна. Намайг ирж ав гэж хэлээд өг” гэсэн байна. Ингээд асрахынхан буцааж авч явсан гэнэ.

Нийгмийн төлөө сайн үйл хийх хүсэлтэй хүмүүс хамгийн түрүүнд эндхийн асрамжийн газрынхантай холбогддог ажээ. Ирэхийнхээ өмнө утасдаад юу хэрэгтэйг нь асуудаг гэсэн. Хоол унд хангалттай учраас хэвтрийн хүмүүстээ “Baby” биеийн тос, пасперс хоёр захина. Хэвтрийн хүмүүсийн ууц, нурууг байнга тосолж байвал цоордоггүй гэсэн. Сувилгаа сайтай учраас нэг ч хүний нуруу цоороогүй гэдгийг сувилагч нар онцолж байлаа. Мөн ахмадуудыг эргэж ирсэн хүмүүс янз бүрийн л зүйл авчирна. Ерөнхийдөө сайн дураараа өндөр настнуудад туслах хүний хөл тасардаггүй юм байна. Ялангуяа цагаансарын өмнө өдөр алгасахгүй шахам ирдэг ажээ. Ирсэн хүмүүс ахмадуудад бэлэгтэй ирнэ. Асрамжийн газар нь хоол сайтай учраас хэр баргийн идэх юмыг голоод иддэггүй гэсэн. Чоко пайг л гэхэд уут уутаар нь сувилагчдынхаа өрөөнд овоолоод тавьчихсан байдаг ажээ.

Хоёр давхарт нийтийн зурагт, ном уншлагын өрөөтэй юм байна. Ахмадууд дотроо бие засах өрөөтэй, зурагттай өрөөнд байдаг ч гэлээ бөөнөөрөө сууж кино үзэх дуртай гэсэн. Өрөө нь дулаахан гэж жигтэйхэн юм. Зурагтын өрөөнд ортол сар шинийн яриа өрнөж байв. Том ширээ засдаг, төрийн гурван өндөрлөгийн нэгэн адил гурван том ууцтай, гурван тавгийн идээтэй ширээ засдаг тухайгаа сонирхуулж байна. Мөн өрөө болгон тавгийн идээтэй, чанасан махтай шинэлдэг тухайгаа ярилаа. Энд амьдарч байгаа хүмүүсээс хамгийн өндөр настай нь 90 хүрч байгаа юм билээ. Золголтын тухай яриа өнгөрсөн шинэ жилийнх рүү ортол таяг тулсан эмээ өрөөнөөсөө зураг бариад гараад ирэв. Тэр нь өнгөрсөн шинэ жилийн хүлээн авалтынх. Оргилуун дарстай, хүйтэн зууштай, халуун хоолтой, тавагтай чихэр, жимсний цуглуулга гээд дундаж газрын хүлээн авалтаас дутахгүй ширээнд инээлдэн суугаа зургаа үзүүллээ. Цагаан сар шинэ жилээс ч өргөн дэлгэр болно. Олон хоног амарвал хүрээд ирээрэй гэсээр хоцорлоо.

С.АЛТАНЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Д.Ганбат: Бид ард түмнийг бичиг үсгээр нь мунхруулж болохгүй

УИХ-ын гишүүн Д.Ганбаттай ярилцлаа.

-Монгол хэлний тухай хуулийн төслийг ид хэлэлцэж байна. Та харин уг хуулийн төсөл дээр нэлээд эсрэг байр суурийг илэрхийлж байгаа харагдсан. Яагаад эсэргүүцэх болсон юм бэ?

-Энэ хуулийн төслийг өнөөдрийн эдийн засгийн нөхцөл ийм байгаа үед, хямралтай давхцуулан ярих нь зөв үү гэдгийг бодох ёстой. Тэр ч утгаараа би байр сууриа илэрхийлсэн. Тухайн орны хэл соёл, ёс заншлаа ард түмэн нь өөрөө аваад явчихдаг. Манайд уйгаржин монгол бичиг, кирилл монгол бичиг байна. Монголчууд эрт үеэсээ хэрэгтэй гэсэн зүйлээ авч хэрэглэж ирсэн түүхтэй. Би эрдэмтдээс уйгаржин монгол бичиг хаанаас үүсэлтэй ямар бичиг вэ гэдгийг асуусан. Өнөөдөр цахим ертөнц хөгжсөн энэ үед нэг кноп дарахад л википедиа дээр бүх зүйл гараад ирчихэж байна. Орос, англи гээд түгээмэл хэлүүд дээр шууд гарч ирдэг. Уйгаржин бичиг бол араб, Перс, Уйгараар дамжин Монголд ирсэн. БНХАУ-ын Өмнөд Монголын өөртөө засах орон гэж бий. Тэнд 20 гаруй сая хүн амьдардаг. Тэд уйгаржин бичиг хэрэглэдэг. Хятадад уйгарууд амьдардаг бөгөөд монгол бичгийг ЮНЕСКО-д бүртгүүлсэн гэсэн. Монгол бичгийг уйгаруудаас аваад манайхан жаахан өөрчлөөд өөрийн болгоод хэрэглэсэн.

Бид 1945 онд кирилл монгол бичгийг Оросоос авч хэрэглэсэн л дээ. Өөрсдийн нөхцөлдөө тааруулан 35 үсэгтэй болгож бүх нийтийг бичиг үсэгтэй болгох ажлаа хийсэн.

-Өмнө нь манай орон чинь уйгаржин бичгээ сэргээх гээд амжилт олоогүй. Одоо уйгаржин бичгээ сэргээх боломж байгаа юм уу?

-Аливаа юмс цаг өнгөрөх тусам улам л сайжирч урагшаа явах ёстой. Орчин үеийн нөхцөл байдалд тааруулан явах ёстой зүйлийг заавал хуульчилж, хэлний засаглал гэдэг юм яриад байж байна. Үнэндээ хэлний засаглал гэж юу байх вэ дээ. Төрийн хэлний зөвлөл гээд есөн хүнтэй хэлний цензур главлит хийдэг хүмүүс байна. Аж ахуйн нэгж албан байгууллага, хувь хүнийг торгоно гээд сууж байх юм. Ийм байж болдог юм уу. Дээр үед Францын ламтан нь “Би мунхруулаад өгье. Та харгислаад өг. Хоёулаа олон жил засаглая” гэж хаандаа хэлж байсан гэдэг. Тухайн үеийн хаан нь харгис хүн байж ч таарсан. Энэ хууль бол яг тийм маягтай яваад байгаа. Уг хуулийг харахаар аль болох харгислана гэсэн зүйл ажиглагдаж байна. Ийм зүйлээ анхаарах хэрэгтэй. Монголчууд 1940-1950 оны үед уйгаржин бичгээ сэргээх гэж Б.Ренчин доктороос эхлээд нэлээд зүтгэсэн ч ажил хэрэг болж чадаагүй. Хэрэв уйгаржин бичгээ сэргээгээд явчихбал Ганбат гэж унших ёстой хүнийг Ганбату гэж уншиж байх жишээтэй. Өнөөгийн нөхцөлд энэ нийцэх үү гээд асуудал их байна.

Манай улс 1990 оны үед нэг хэсэг хүүхдүүдийг уйгаржин ч үгүй, кирилл ч үгүй болж балласан. Тэр үеийн хүүхдүүд чинь одоо 30 гарчихсан кириллээрээ ч зөв бичиж чадахгүй сууж байна. Өнөө хос бичигтэн болгох гэсний гай нь энэ шүү дээ. Заавал бүгд уйгаржин бичгээ эзэмшинэ гэж байхын оронд эрдэмтэд, монгол хэлний багш нар нь гүнзгийрүүлээд судалдаг л юм байгаа биз.

-Ингэж хэллээ гээд өнөө эрдэмтдийн дургүйг л хүргэх байх даа?

-Уйгаржин бичигтэй болоод ном товхимол гаргалаа гэхэд хэвлээд явчих орчин үеийн техник технологи нь юу билээ. Дэлхий даяарчлагдаж байхад хүн бүр хурдтайгаар дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэх шаардлага тулгараад байна. Өнөөдөр Засгийн газрын зүгээс дэлхийн 20 шилдэг хүүхдийг сургая гэхэд хэд нь тэнцэж байгаа билээ. Харвардаас эхлээд гадны томоохон сургуулиудад гадны оюутнуудаар дүүрсэн байна. Бид 200 гаруй жил Манжийн дарлалд байж дэлхийгээс таслагдсан. Түүний дараа зөвлөлт коммунизм гэгч дэлгэрч 70 жил мөн л дэлхийгээс тасалчихсан биз дээ. Бид цаашид иймэрхүү замаар, иймэрхүү байдалтай явж болохгүй ээ. Монгол Улс хангалттай баян байсан болно.

Сонинууд гэхэд л хос бичигтэн болох хүрээнд нэг ярилцлага, мэдээ, нийтлэлээ кириллээр нэг, уйгаржин бичгээр гээд хоёр янзаар гаргаж таарах нь. Нэг бага зэргийн алдаа гарлаа гэхэд ч 10, 10 саяар нь торгоод явах нь байна. Хэвлэлийн эрх чөлөөнд халдаж байгаа нэг хэлбэр болох гээд байна л даа. Торголоо гэхэд тэрийг нь өгдөг мөнгө нь ч хаана байгаа юм. Сонин гэдэг чинь цаасан хэвлэл. Тэгээд гаргаад байх цаас нь ч хаана байгаа юм.

-Тэгээд хос бичигтэн болгоно гэвэл судлаач, эрдэмтдээс нь эхлээд асуудал тулгарах байх даа?

-Мэргэжилтнүүдийг нь урилаа гэхэд Өмнөд Монгол, уйгар Хятадаас нь урих юм уу хаашаа юм. Хэрэв тэгвэл энэ чинь юу болох юм. Харин латинжин монгол бичгийг гаргаад хэрэглэвэл болохгүй юм байхгүй. Дэлхийн 70-80 хувь нь латинжин бичигт шилжээд байна. Грек, Ромоос гаралтай энэ бичгийг авч хэрэглэснээрээ Франц нь Франц биш, АНУ нь АНУ биш, Англи нь Англи биш болоогүй. Бичиг гэдэг тусдаа зүйл. Хэл ч мөн бичгээсээ тусдаа. Энэ бүхнийгээ анхаараач ээ.

УИХ-ын чуулган дээр асууж байхад тэндээс гарал үүсэлгүй гэж хэлэхгүй байна. Бид заавал ард түмнийг бичиг үсгээр нь ингэж мунхруулж болохгүй. Байгаа юмыг нь байгаагаар нь хэлж, зөв юмыг зөвөөр нь явуулах ёстой. Уг хуулийн төслийг санаачилсан гишүүдийн хуулийн төсөл нь хятадтай холбоогүй юм шиг цаагуураа болохгүй юмыг дэмжсэн төслийг оруулж ирээд байна. Бид ч тэдэнд үнэн зөвийг хэлж ойлгуулахгүй бол энэ байдлаараа одоо байгаагаасаа ухарсан, цаг хугацаа алдсан зүйл болох гээд байгаа юм. Телевиз үзлээ гэхэд дэлгэцийнх нь бараг гуравны нэг нь бичиг болчих гээд байна. Нэг хүний яриа гарлаа гэхэд урдуур нь уйгаржинаар, доод талаар нь кириллээр гарчихаар хэн юугаа үзэх юм бэ. Телевизийн доогуур урсдаг зар дэлгэцийнх урд талаар уйгаржинаар бас урсаж таарна. Нэг нь босоо, нөгөө нь хөндлөн бичиг жирэлзэж өгөх юм байна л даа. Фэйсбүүк, твиттер рүү орлоо гэхэд яаж жиргэх юм. Тэгэхээр энэ мэтчилэн стандарт шаардлагыг хангахгүй болчихоод байгаа. Манай эцэг өвгөд тухайн цаг үедээ тэргүүний сайн гэсэн зүйлсийг амьдралдаа нэвтрүүлэн хэрэглэсэн нь уйгаржин бичиг мөн. Уйгаржин бичгээ хэрэглэнэ гэвэл гэрт амьдарч байгаа айлууд зуухныхаа оронд тулга тавиад галлана гэсэн үг. Ингэж болохгүй биз дээ. Эсвэл хил манаж байгаа цэргүүддээ нум сум атгуулаад хилээ мана гэж байгаагаас өөрцгүй. Нум сумтай цэргүүд орчин үеийн байдлааны хэрэгсэлтэй яаж нүүр тулах юм. Ийм маягтай болчихоод байгааг ойлгоцгоох цаг ирсэн. Уламжлалаа сэргээнэ гэж нэг сайхан юм ярих бүрт чинь үр хүүхдүүдээ дэлхий нийтээс тасалсан өрсөлдөх чадваргүй иргэнийг л бий болгон гэсэн үг. Үзэгдэх байдал дээрээ гадаадыг дэмждэг нөхдүүд наанаа болохоор дэмждэггүй юм шиг царай гарган энэ хуулийг зүтгүүлж байна уу гэж хараад байгаа шүү.

-Уйгаржнаа сэргээхээр одооны 30 насны крилл ч үгүй, уйгаржин ч үгүй завсрын саарал үеийнхэн шиг болчих байх даа?

-Кирилл, уйгаржин бичигтэй байвал ямар вэ гэдгээ бид тухайн үед туршаад үзчихсэн. 1940-1950 он, 1990-ээд оны үед зүтгүүлээд бараагүй шүү дээ. Одоо гэтэл мөн гурав дахь удаагаа хүчээр зүтгүүлж байна. Ингээд байж байх хэмжээний баян улс мөн билүү. Уг хуулийг батлах гээд улайраад байгааг ойлгохгүй юм. Тийм л шаардлагатай юм бол улсын эдийн засаг сайжирчихсан уйгаржин бичгийн программ нь бэлэн болсон үед л хэлэлц. Одоо бол яаавч цаг биш.

-2025 оноос хос бичгийг хэрэглэнэ гээд байгаа биз дээ?

-2025 он гэхэд тэр программ нь гарчих байх. Гарна гэдэгт найдаж байна ч гэх шиг иймэрхүү юм яриад сууж байна. Уйгаржинд шилжлээ гэхэд багш нар нь хаана байгаа юм. Дээр хэлсэнчлэн Өмнөд монгол, уйгараас баахан багш нар авч ирээд баллах юм байна л даа. Тэр хэд нь дээр үеийн мэргэжилтэн гэдэг шиг байх юм уу. Ингээд байх шаардлага алга. Казахстан улс гэхэд 2025 он гэхэд латин бичигт бүрэн шилжинэ гэж байна л даа. Монгол хүүхдүүд уйгаржин, крилл, латин гээд гурван үсэг сурах шаардлагатай болж байна. Цаг хугацаа гэдэг үнэлж баршгүй зүйл. Коммунизм, социализм гэдэг шиг өөрөө өөрийгөө чөдөрлөсөн хууль гарах гээд байна л даа. Гэхдээ уйгаржин бичгийг огт алга болго гэж байгаа юм биш. Ерөнхий боловсролын сургуульд нэг хоёр жил ч юм уу уйгаржин бичиг орох ёстой. Энэ мэтчилэн цаг үетэйгээ нийцсэн зүйл хийх хэрэгтэй.

10 жилийн дараа гэхэд одоо яриад байгаа зүйлдээ хүрэхгүй шүү дээ. Гурван сая хүнтэй Монгол Улс энэ нөөц баялгаа энэ мэтчилэн цаг хугацаа алдсан зүйлд зарж болохгүй.

-Өнөөдөр крилл бичиг гэхэд л янз бүрийн дүрмээр яваад утгаа алдаад байх шиг. Амбиц ихтэй эрдэмтэд өөр өөрсдийн үсгийн дүрэм зохиогоод явж байна. Үүнийгээ ядаж цэгцэлчихвэл…

-Манайхан аливаа зүйлийг эрдэмтдийн баталснаар гэж ярьдаг болж. Үнэндээ түүнийх нь 90 хувийг эрдэмтэд батлаагүй байдаг. Хэлний эрдэмтэд гэхэд дүрэм дээрээ хамтраад ажиллах ёстой. Өнөөдөр ч гэсэн манайхан кирилл дээрээ бөөн маргаан л байна. 40-50 жил явахдаа ч үүнийгээ шийдэж чадаагүй. Би бол уйгаржин монгол, кириллжин монгол гэж хэлэх нь зөв гэж боддог. Нэг хэсэг манайхан латинжин монголыг хэрэглэх гэж үзсэн. Түүнийг нь тухайн үед ЗХУ зөвшөөрөөгүй. Одоо латинжин монголын талаар судлах ёстой. Манайхан бүгд мессэж бичиж, янз бүрийн сүлжээнд орохдоо латин үсэг хэрэглэдэг болсон.

Монгол хэлний хуулийн төсөлд 5-6 дугаар ангиасаа гадаад хэл үзнэ гэж заасан байна лээ. Ингэж болохгүй ээ. Аль болох багаасаа гадаад хэл сурч дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэх хэрэгтэй. Хэрэв ингээд явлаа гэхэд УИХ гишүүд болон амьдралын боломжтой айлын хүүхдүүд гадагшаа яваад сурчихна. Угаасаа ч тэгж сурч байгаа. Энэ нь Улаан-Үд, Эрээн, Бээжингийн сургуулийг дүүргэх бодлого болчих гээд байна. Ардын хүүхдүүд багаасаа хэл сурч болдоггүй, багш нар нь зааж болдоггүй тийм л систем рүү орчих гээд байгаа юм. Энэ бол ухралт. Багаасаа гадаад хэл сурчихвал харин ч багаасаа монгол хэлээ хамгаална, өв соёлоо тээж явна.

-Таныхаар уг хуулийн төслийг эргүүлэн татах ёстой гэж харж байна уу?

-Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг гишүүд дэмжээд явчихсан. Тэр үед нь юу болох нь уу ямар өөрчлөлт гарах нь уу гэдэг үүднээс би чимээгүй хараад суусан юм. Эцсийн эцэст хэн нэгэн нь дуугарах шаардлагатай байна. Энэ чинь бүр болохоо байж байгаагийн шинж байхгүй юу. Би зориуд олон түмний анхааралд очоосой гэдэг үүднээс яриад байгаа юм. Хэрэв ингээд батлагдвал Монгол Улсын ирээдүй, боловсролын салбарт муугаар нөлөөлөх тул ингээд байгаа хэрэг. Би оргүй зүйл яриагүй. Түүхийн баримт гаргаж ярьж байгаа шүү.

Хэвлэл мэдээллийн салбарынхан ч гэсэн “Өдрийн сонин” шиг байгаа байдлыг байгаа чигээр нь хүргэж байх ёстой байхгүй юу. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл танай сонин шиг үүргээ биелүүлдэг байх хэрэгтэй. Г.Чоймаа багш монгол бичгээр бичдэг л хүн байхгүй юу. Үүх түүхийг нь судалдаг хүмүүс тусдаа байдаг биз. Миний асуултад цаашаа харж уурлан, наашаа харж инээмсэглэн хариулж байна лээ. Манай УИХ-ын гишүүд байгаа зүйлийг байгаагаар нь хэлж чаддаггүй болохоор асуудлыг зөв шийдэж чаддаггүй. Тийм болохоор 20 гаруй жилийн хугацаанд дорвитой өөрчлөлт гараагүй. Хэрэв зөв шийдэл гаргаад байсан бол гуравхан сая хүн амтай Монгол Улс сэв хийтэл босоод ирэх байсан. Гэтэл тэгж чадаагүй. Үүний нэг илрэл нь одоогийн Монгол хэлний тухай хууль юм.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Ч.Төгсбаяр: Дүүгийнхээ шүлгээр “Тавилан” нэртэй анхны дуугаа бичиж байлаа

Архангай аймгийн Хөгжимт драмын театрын хөгжимчин, ая зохиогч Чойжилсүрэнгийн Төгсбаяртай ярилцлаа. Тэрбээр “Мөнх тэнгэрийн орон” уран бүтээлийн бие даасан тоглолтоо энэ сарын 11-нд Бөхийн өргөөнд хийх гэж байна.

Танай Хөгжимт драмын театр сүүлийн үед ямар бүтээл хийж байгаа вэ. Шинэ бүтээл тавьж байгаа юу?

-Уран бүтээлийн төлөвлөгөөнийхөө дагуу жилд заавал 1-2 жүжиг шинээр тавьдаг юм. Драмын жүжиг, хүүхдийн жүжиг. Хажуугаар нь концертын бүтээлээ хийнэ. Хөдөө сумдад тоглолтоор явна. “Чипполинод тохиолдсон явдал”, “Шидэт шүүр”, “Болдоггүй бор өвгөн” хүүхдийн жүжгүүд, “Битгий яваач”, “Тамын дурлал” драмын жүжиг гэхчлэн нэлээн хэдэн жүжиг ойрын жилүүдэд шинээр тавьсан. Тэднийгээ сумдад очиж бас тоглоно.

УДЭТ-аас Ч.Түвшин найруулагч ирж хэд хэдэн жүжиг тавьсан. “Тамын дурлал”, “Битгий яваач” гэхчлэн. Сүүлийн жилүүдэд Түвшин найруулагчтай гар нийлж ажиллаж байна. Бид долоо найман жүжиг цуг хийчихлээ. “Тамын дурлал”-ыг анх тавихад зохиолыг нь анх уншаад ерөөсөө халгаад л байлаа. Сүүлдээ Түвшинтэйгээ хоёулаа ярилцаж зөвлөлдсөн л дөө. Жүжгийн төгсгөлийн дууг нь эхлээд бичсэн юм. Шүлгийг нь Түвшин өөрөө бичлээ. Тэгээд дуундаа тулгуурлаад жүжгийн хөгжмөө бичсэн л дээ.

Сүүлд би УДЭТ-т тавигдсан А.Очирбат гуайн зохиол “Буруугүй буруутан” гэж жүжгийн хөгжмийг бичлээ. Жүжгийн маань дууг гавьяат Ө.Уянга дуулсан. Нээлтээ ирж үзсэн. Надад бол таалагдсан, энэ жүжиг.

Хүүхдийн жүжигт та хэрхэн хандаж, юуг нь онцолдог вэ. Ер нь хүүхдэд зориулсан тайзны бүтээлүүд нэг л санаанд хүрэхгүй юм, том хүмүүс хүүхдийн ертөнцийг огт ойлгодоггүй, мэдэрдэггүй ч юм болов уу?

-Хүүхдийн жүжгүүд маань дандаа мюзикл байгаа юм. Дүр болгон дуутай. Ер нь хүүхдийн мюзикл нарийн ажиллагаатай л даа. Хүүхдийн шүлгийн онцлогт тохирсон дуу хийнэ. Аймгийнхаа бүх сургуулиудтай гэрээтэй, хүүхдүүдэд хямдралтай тасалбараар үзүүлдэг юм.Дараа нь сумдаар явж тоглодог. Хүүхдийн жүжгийн онцлог их өөр л дөө. Нэг бодлын драмын жүжгээсээ хялбар юм шиг санагдах боловч нарийн чимхлүүр ажиллагаатай. Хүүхдийн мюзикл надад дөрөв байдаг юм байна. Ер нь хараад байхад хүүхдүүд мюзиклийн төрлийг жигтэйхэн их сонирхож хүлээж авдаг юм. “Болдоггүй бор өвгөн”-ийг манай театрын найруулагч Батдэлгэр өөрөө цомнолыг нь бичиж, тайзнаа тавьсан. Дээрх гурван мюзиклээс гадна сүүлд УДЭТ-т Ч.Түвшин найруулагчтай “Норовын намтар” -ыг хийсэн.

Хөгжимт драмын театруудын урын санд ардын харилцаа дуунууд нэлээн байр суурьтай байж таарна. Ийм бүтээлүүд, мөн “Учиртай гурван толгой”-гоо бас тоглоно биз дээ?

-Өмнө нь бол тоглож л байсан. Сүүлийн жилүүдэд бүрэлдэхүүн цөөтэйгөөс болоод тоглохоо больсон. Манайх өмнө нь арав гаруй хөгжимчинтэй байсан. Одоо найман хөгжимчин байна. Манай театрын концертын хөтөлбөрт ардын дуу нэлээн дуулагдана. Л.Цогзолмаа гуайн нэрэмжит ардын дуу дуулаачдын уралдаан гэж болдог доо. Тэр уралдааны үеэр дуучдын нийтлэг хандлага харагддаг байх. Манай дуучид бол ер нь хуучин уламжлалт манераар дуулах сонирхолтой байдаг юм шиг байна лээ. Энд тэндээс их асууж сураглана. Нутаг нутгаас ирсэн дуучдыг дуулуулж бичлэг хийж авч сонсох зэргээр судалгаа их хийдэг юм байна лээ. Ардын дуу нутаг бүрт өөр өөрөөр дуулдагучраас одоогийн дуучид судалгаа хийдэг юм билээ. Ер нь хаанахын дуу байна яг тэр нутгийн уламжлалт манераар нь дуулах сонирхолтой юм уу гэж ажиглагддаг юм.

Ерээд онд “Элькондор” гэж хамтлаг гарч ирж байв. Таны хэд хэдэн дууг дуулж тэр дороо хит болж байлаа. “Бүсгүй минь” гэж одоо ч залуучуудын аялж явдаг, маш тунгалаг гоё аялгуутай дуу байна. Та энэ дуугаа хэрхэн зохиосон юм бэ?

– “Элькондор” хамтлаг миний “Бүсгүй минь”, “Тавилан”, “Хамжааргагүй дурлал” гэсэн гурван дууг анх дуулсан юм.“Тавилан”миний анхны дуу л даа. Шүлэг нь миний төрсөн дүү Ч.Мөнхбаярын шүлэг юм. “Цэн цэнгийн нулимс нь бороо шиг асгарна… “ гэж эхэлдэг дээ.Харин “Бүсгүй минь” дууг 1997оны үед зохиосон байх. Мөн миний дүүгийн шүлэг. Анх хоёр бадаг л шүлэг байсан юм. Түүнд нь ая хийчихээд нэмж гурав дахь бадгийг нь бичүүлж байв. Тэгээд “Элькондор” дуулсан даруйд хит болж байсан л даа.

Санахгүй байж чадахгүй нь, бүсгүй минь

Сарны талаас ганц шувуу нисэхэд

Салхины үзүүрээс дуу чинь сонсогдоод

Санахгүй л байж чадахгүй нь

Бүсгүй минь, бүсгүй минь

Бүр холын гэрэл гэгээ минь… гэсэн шүлэг нь өөрөө яг л дуу шиг аялгуутай шүлэг байсан. Биччихээд хотод ирээд “Элькондор” -т сонсголоо. Цогоо, Жагаа, Хэрлэн, Амарзаяа дөрвүүлээ байсан үе. Хөгжмийн найруулгыг нь Болорхүү хийгээд, дуулсан дороо л хит болсон доо.

Тоглолтоо ямар хөтөлбөртэй хийж байгаа вэ?

-Дууны уран бүтээлээрээ хийх юм.Анхны “Тавилан” гэдэг тэр дуунаас хойш зохиосон бүх дуунуудаасаа түүвэрлэсэн “Тавилан”, “Бүсгүй минь”, “Хамжааргагүй дурлал”, “Чи минь ганцхан”, “Мөнх тэнгэрийн орон” гэхчлэн поп болон нийтийн дуунууд тоглолтын хөтөлбөрт орж байна. “Мөнх тэнгэрийн орон” гэж шинэ дуу байгаа. Э.Төрмандах, Л.Түмэн-Өлзий, Д.Ариунбаатар нар дуулдаг юм. Энэ тоглолтод харин өөр дуучин дуулах байх. Тоглолтод маань “Элькондор”-оос гадна “Мотив”, “Классик жем”, “Week” хамтлагууд, гавьяат жүжигчин Ө.Уянга, дуучин Л.Хишигбаяр, Дэлгэрмаа, Э.Төрмандах, Л.Түмэн-Өлзий, Д.Ариунбаатар, Г.Чинболор нарын дуучид, яруу найрагчдаас бас оролцоно. Чинболорын дуулдаг “Зүрхэнд тэмүүлэх сэтгэл” гэдэг дууны шүлгийг бичсэн Наранбаатар гэж залуу байдаг юм. Тэр манайхаар нэг үдэш орж ирлээ. Хоёулаа дуу, уран бүтээл яриад сууж байтал мань эр алга дарамхан цаасан дээр ганцхан бадаг шүлэг биччихээд гараад явчихдаг юм. Аятайхан, дуу болчихмоор шүлэг юмаа. Тэгээд ая хийчихээд найзтайгаа уулзаж гурван бадаг болгоод бичээдэхээч гэсэн. Ингэж төрсөн дуу.

Шивнэж хэлсэн үг чинь

Зүрхэнд дандаа тэмүүлнэ

Сэтгэл булаасан харц чинь

Хайр дандаа нэхнэ

Салхи зөөлөн сэвэлзээд намрын үдэш санагдана

Шиврээ бороо зүсрээд тэрлэг нэвтэрч жиндэнэ

Зүрхэнд тэмүүлэх сэтгэлийн хурыг

Зөөлөн зөөлөн аргадаж зүсрээе дээ гэсэн сайхан үгтэй. Тэгээд миний гэргий Нямсүрэн дуулсан. Тэр үед CD гэж байсангүй, Наранбаатар маань кассетанд бичиж аваад хот руу ирж Чинболорт өгч дуулуулсан юм байна лээ. Бас л шууд хит болж олонд хүрсэн дуу. Наранбаатар бид хоёр нэлээн хэдэн дуу хамтарч хийсэн шүү.

Н.ПАГМА

Categories
мэдээ цаг-үе

Унаж татах нь онгод нь ороод бөө болж байгаа юм биш өвчин гэв

Даваа гаригийн 14 цаг гэхэд Монгол, Японы төвийн хурлын танхим дүүрэн хүнтэй байлаа. Энэ хүмүүс “Эмч, өвчтөн, гэр бүлд зориулсан уулзалт”-д оролцохоор зорьж ирсэн юм. Олон улсын эпилепсийн өдөр “Альфа долгион”, “Epi MON”, “Рефлекс” зэрэг мэдрэлийн эмнэлгүүд болон Монголын Неврологийн нийгэмлэг хамтран энэхүү уулзалтыг зохион байгуулжээ. “Эмч өвчтөн, гэр бүл хамтрахгүй бол өвчтөн ганцаараа энэ асуудлаас гарч чадахгүй” гэж М.Үүрийнтуяа эмч тодорхойлсон. Эпилепси нь ухаан алдаж, татах хэлбэрээр илэрдэг байна. Бага насны хүүхэд халуурч татах, архины шарталтын таталт зэрэгнь эпилепси буюу унаж татах өвчинтэй холбоогүй юм байна. Яагаад унаж татах болов гэсэн асуултыг хүмүүс тавьдаг. “65 хувьд нь тодорхой шалтгаан олж чаддаггүй” гэж Ж.Сарангэрэл эмч хэлсэн. Судалгаагаарнастай хүмүүст харвалтын дараахь эмгэг хэлбэрээр уналт таталт 10 хувь, төрөлхийн гаж хөгжил 8 хувь, тархины үрэвсэл 3 хувь тохиолдсон байна. “Хөдөө орон нутагт мориноос унах тохиолдол элбэг. Хурдан морины уралдаанд бага насны хүүхэдмориноос унаж, тархины гэмтэл авах тохиолдол их. Хамгаалалтын малгай өмсгөх шаардлагатай. Хөгжилтэй оронд хүүхдийг дугуй, ролик унуулахдаа хамгаалалтын малгай заавал хэрэглэдэг” гэж мэдрэлийн эмч нарын гаргасан гарын авлагад дурджээ. Тархины гэмтэл авсан хүн бүр таталт өгдөггүй.Нэг ийм тохиолдол байсан гэнэ.11, 12 насны ах дүү хоёр тоглож байгаад мөргөлдөхөд ах нь түүнээс хойшунаж татдаг өвчтэй болжээ. Гэтэл найман давхраас шуудай элс толгой дээр нь унасан залууд уналт таталт илрээгүй байх жишээтэй. Энэ өвчинд хүн харилцан адилгүй өртдөг хэрэг. Унаж татсан өвчтөний таталтыг хүчээр зогсоох гэж оролдож болохгүй гэнэ. Уналт нь өөрийн жамаар яваад аяндаа зогсдог учраас сэгсчих, зүрхний орчим дарах, массаж хийх гэж оролдох нь гэмтэл учруулж болзошгүй. Харин өвчтөнг хажуу тийш харуулж хэвтүүлээд, цамцны товч, зангиаг суллаж, амьсгалыг саадгүй болгох хэрэгтэй. Таталт 5 минутаас дээш хугацаанд тавигдахгүй бол, богино хугацаанд хоёроос дээш удаа таталт өгвөл эмч дуудах учиртай. Унаж татдагөвчтэй алдартнууд олон байдаг гэнэ. Суут хөгжмийн зохиолч П.И.Чайковский, Альфред Нобель, зураач Ван Гог, Леонардо да Винчи,Ф.Достоевский зэрэг алдартнууд унаж татдаг өвчтэй байсан аж. Унаж татдаг хүмүүсийг бөө болговол зүгээр болно гэдэг өрөөсгөл.Зарим хүн бөө болчихвол зүгээр болно гээд эмээ уухгүй тасалдуулаад, өвчнөө хүндрүүлэх тохиолдол байдаг гэдгийг мэдрэлийн эмч нар сануулсан юм.

ХОВОР ТОХИОЛДОЛД УДАМШДАГ

Монголын Неврологийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, “Рефлекс” эмнэлгийн захирал Ж.Сарангэрэлтэй ярилцлаа.

Сүүдрээс гэрэлд гаръя гэж энэ хурлын үеэр ярьж байна. Манайханунаж татдаг хүмүүсийг группт байдаг, хөдөлмөрийн чадваргүй хүмүүс гэж хараад байдаг. Ийм өвчтөнүүдийн хувьд ямар боломж байгаа вэ?

-Эпилепситэй өвчтөний дөрөвний гурав нь ердийн амьдралаар амьдрах боломжтой. Өөрөөр хэлбэл эмийн эмчилгээгээ зөв хийж, зөв эмээ сонгож, эмчилгээ нь зөв байх юм бол эдгээр хүмүүс, ердийн сургууль суралцаж, их дээд сургуульд сурч, ажиллаж хөдөлмөрлөх бүрэн боломжтой байдаг. Сүүдэрт байна гэдгийн хувьд унаж татдаг өвчнийг тархины хүнд өвчин гэж үзээд, тухайн гэр бүлд ямар нэг унаж татдаг өвчтэй хүн байвал монголчууд харамсалтай нь нууж, хаадаг. Эмч бид энэ өвчин нууж хаахаар халдвартай, аюултай өвчин биш. Харин энэ өвчний талаар илэн далангүй ярилцаж, эдгээр хүмүүст сурч, хөдөлмөрлөх боломжийг нь олгох ёстой гэж үздэг.

Энэ өвчин удамшдаг уу?

-Ховор тохиолдолд удамшдаг. Хэрэв бид унаж татах өвчтэй хүнтэй хамт ажилладаг болэнэ өвчний тухай тодорхой мэдлэгтэй, анхны тусламж үзүүлж чаддаг байх учиртай. Уналт цөөхөн хором үргэлжилдэг тул айж сандарч болохгүй. Энэ өвчний тухайзөв ойлголттой бол тухайн өвчтөний нэг удаагийн хоёр минутын уналт, таталтын улмаас тухайн хүнийг ажлаас халах шаардлагагүй.

Түрүүн таны лекцийн үеэр нярай хүүхдийн таталтын бичлэгийг харуулахад татаж байгааг нь ялгахад хэцүү харагдсан. Өөр ямар нэг шинж тэмдгийг ажиглах боломж бий юу?

-Бага насны хүүхэд цэцэрлэг, сургуульд ороод бусад хүүхдээс оюун, танин мэдэхүйн хувьд хоцорч эхлэхээр эцэг эхчүүдэмчид ханддаг. Яагаад миний хүүхэд бусадтайгаа адилхан шүлгээ цээжилж чадахгүй байна гэх мэтээр. Тийм тохиолдолд оюун болон танин мэдэхүйн өөрчлөлттэй байвал эмч бидцаанань ямар нэг өвчин, уналт таталтын шинж тэмдэг байгаа эсэхийг оношилдог. Уналт таталтын өвчнийг батлах гол арга нь тархины цахилгаан бичлэг хийх.

Нярайн шарлалттай хүүхдүүдэд бичиж өгдөг фенобарбитал эмийн асуудал бэрхшээлтэй байгаа талаар мэдээлэгдсэн. Уг нь Эрүүл мэндийн яамнаас энэ эмийн бүртгэлийн асуудал шийдэгдсэн гэж мэдээлсэн санагдана?

-Одоо бид Монгол эм импэкст хоёр тамгатайбичиг хийжөгч, удаан хугацаагаар эм уух шаардлагатай өвчтөнүүдээ “Ийм тунгаар уух шаардлагатай шүү” гэдгийг урьдчилж мэдээлж байж эмийг нь олгуулж байгаа.

Эмэнд хордсон гэх хүүхдүүдийн зарим эцэг эх одоо ч хүүхдэд нь хордлогын ул мөр үлдсэн талаар ярьж байсан. Хордлого ийм удаан үргэлжлэх үү?

-Хордлогын хэмжээ, хордуулах бодисын тун хэр өндөр байснаас хамаарч эд эс гэмтэж үү, үгүй юу байнгын үр дагавар өгсөн эсэхээс их зүйл хамаарна. Тэр хүүхдүүдийн хувьд тийм хүнд, цаашдаа байнга үлдэх хор уршиг байгаагүй болов уу гэж бодож байна. Би өөрөө шинжилгээ хийгээгүй болохоор тэр талаар тодорхой юм хэлэх боломжгүй байна.

Уналт таталт өвчний хувьд эмийн эмчилгээ 70 хувийн үр дүнтэй гэлээ. Монголын ийм өвчтөнүүдийн хувьд төлбөрийн чадвараас хамаарч ихэвчлэн карбамезапин хэрэглэдэг юм билээ. Зарим эмч энэ эмийг бусад оронд хэрэглэхээ больсон, хэрэглээнээс гарсан гэдэг?

-Карбамезапинийг анх 1960-аад оноос дэлхий даяар хэрэглэж эхэлсэн. Уналт таталтын өвчтэй хүмүүст дэлхий нийтээр нэгдүгээр эгнээний эм хэвээр байгаа. Нэгдүгээр эгнээ гэхээр нэгдүгээр сонголтын эм гэсэн үг. Хэрэв хэсэгчилсэн уналт таталтын өвчтэй өвчтөн ирвэл би хамгийн түрүүнд хамгийн олон жил туршигдсан, хамгийн сайн судлагдсан хамгийн гаж нөлөө багатай, хамгийн хямдэмийг л сонгоно. Хоёр, гуравдугаар сонголтын гээд үнэ өртөг өндөр эмнүүд дэлхийн зах зээл дээр гарч байна л даа. Хэрэв карбамезапинд харшил өгөх, удаан хугацаагаар энэ эмийг уух боломжгүй тохиолдолд өөр эм сонгодог. Хоцрогдсон эм биш одоо ч Герман, АНУ-дяг хэрэгтэй хүндээ энэ эмийг сонгосон хэвээр байгаа. Ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүдэд ургийн гаж хөгжил багатай эмийн тоонд багтдаг.

Өвтөнүүдэд юузахиж хэлэх вэ?

-Зөв эмчдээ хандаж, уналт таталтын шинж тэмдэг илрэхэд сандарч болохгүй. Яаран сандран тариа, эмийн эмчилгээнд орох шаардлагагүй. Үнэхээр оношоо батлуулсны дараа зөв эмчилгээ эхлүүлэх хэрэгтэй. Хэрвээ зөв оношлоод эмийн эмчилгээ эхэлсэн бол эмээ таслахгүй уугаарай. Ямар нэг хүндрэл бэрхшээл гарвал эм бичиж өгсөн эмчдээ эргэж хандаж байгаарай гэж хэлмээр байна.

Шууд мэс засал хийлгээд, уналтын голомтыг авчихна, эрүүл болно гэж ойлгож болохгүй нь ээ?

-Мэс засал гэдэг аргаа барсан, эцсийн шатны эмчилгээ. Өөрөөр хэлбэл хоёр, гурван төрлийн эм хэрэглээд, эмээр уналт таталтыг зогсоох боломжгүй бол мэс заслын эмчилгээнд шилждэг. Мэс заслаар уналт таталт үүсгээд байгаа тархины хэсгийг зүсч авдаг юм. Тархинд хэрэггүй хэсэг гэж байхгүй. Зүсээд авчихаар тэр хэсгийн үйл ажиллагаа байхгүй болно гэсэн үг. Тийм болохоор энэ хүсэх зүйл биш.

Ийм өвчтэй хүмүүсийн гэр бүлийнхэн юу анхаарах вэ?

-Гэр бүлийн амьдралын дэглэм тухайн өвчтэй хүнд зохицох ёстой. Гэр бүлийн гишүүдэд хэлэхэд ийм өвчтөнийг онцгой хайрлаад энхрийлээд, эрхлүүлээд байх шаардлагагүй. Тодорхой шаардлага тавих ёстой. Харин амьдралын дэглэмтэй байх ёстой. Наад зах нь унаж татдаг хүмүүс хангалттай сайн нойр авах учиртай. Орой нэг нь унтах гээд байхад нөгөө нь телевиз хангинуулаад байж таарахгүй. Баяр наадам болохоор “За ганц хундага яадаг юм” гээд шахаад байж болохгүй.

Хоол ундны хувьд хориглох хүнс гэж байх уу?

-Архины төрлийн бүх ундаанууд хориотой. Өөр хорих юм байхгүй.

МАНАЙ ЭМНЭЛЭГ ДЭЭР ЭПИЛЕПСИЙН БҮЛГҮҮД ХИЧЭЭЛЛЭДЭГ

“EpiMON” мэдрэлийн эмнэлгийн захирал М.Үүрийнтуяатай ярилцлаа.

Танай эмнэлгийн дэргэд эпилепсийн бүлгүүд хичээллэдэг гэж сонслоо?

-Уналт таталт өвчний үед эмийн эмчилгээнээс гадна, эмийн бус эмчилгээ, сэтгэл санааг дэмжих, өөртөө итгэх итгэлийг сайжруулах, тэднийг хөдөлмөрт мэргэшүүлэх чухал.Сэтгэц нийгмийн сэргээн засах эмчилгээ эмийн эмчилгээнээс дутахгүй үр дүнтэй байдаг. Тухайн хүний сэтгэл зүйд чиглэсэн Эпилепсийн бүлгүүд хичээллэдэг. Өөрөөр хэлбэл манайхан сонирхлоороо нэгддэг. Хатгамал, оёдол, шүр сувд хийдэг нэг бүлэг бий. Тэр бүлгийнхэн хагас сайн өдөр долоо хоногт нэг удаа цуглаад, эмнэлэг дээрээөдрийнхөө цайг хамтдаа уугаад, урлалаа хийдэг. Бид үзэсгэлэн гаргаж, урласан зүйлийг нь борлуулж, орлогоод ээшлүүлэхэд нь тусалдаг. Төрсөн өдөр, шинэ жил тэмдэглэдэг, салхиндхамт гардаг бүлгүүд бий. Арван жилээс дээш таталт өгвөл ой ухаан буурч, анхаарал сулрах, зожиг болох, ганцааралд орно. Хамт олон ажил байхгүй, сэтгэлээ нээх хүн байдаггүй. Тийм учраас тухайн хүнд сэтгэл заслын эмчилгээ хийдэг.

Удаан хугацааны туршид уналт таталттай байсан өвчтөн сэтгэцийн өөрчлөлтөд орох уу?

-Эпилепсийн үеийн сэтгэцийн шинж тэмдгүүд байна. Жишээ нь айдастай болох хэзээ унах бол гудманд унах бол уу, ажил дээрээ унах болов уу гээд санаа зовно. Хүмүүс гудманд унахаар юмыг нь хулгай хийгээд явчихдаг.Тийм учраас унаж татдаг хүн шүү, тусламж дэмжээрэй гэсэн тэмдэглэгээ байх учиртай.

Ийм хүмүүс зан авирын өөрчлөлттэй байдаг уу?

-Байрлалаасаа шалтгаална. Эпилепсийн голомт чамархайн дэлбэнд байрлаж байгаа бол зан авирын өөрчлөлт гарна.Ер нь чамархайн дэлбэнд эпилепсийн 80 хувь нь байрладаг. Энэ үед ууртай догшин, хүнтэй нийцэхгүй, нийгэмд амьдрахад хэцүү, банкинд очоод оочерлосон ч хүнтэй маргалдаад цагдаа сэргийлэх болчихсон явах нь бий. Манай эмнэлэг дээр сургалтууд явдаг. Өвчтөн эмээ яаж уух, ар гэрийнхэн хүнтэйгээ яаж харьцах талаар сургалт хийдэг. Ар гэрийнхэн нь “Манай хүүхэд гэртээ унахгүй сууж байвал боллоо” гэдэг. Энэ буруу. Тэр хүн өөрт тохирсон хөдөлмөр хийх ёстой. Нийт эпилепситэй хүмүүсийн 60 хувь нь группт байдаг гэсэн судалгааны дүн бий. Бүгдийг нь группт хоморголон оруулж болохгүй шүү дээ.

Ямар тохиолдолд эмнэлэгт хэвтүүлдэг вэ?

– Олон жил эм ууж байгаа хүн хоёр жилд нэг удаа шинжилгээ өгөх шаардлагатай, ядраад нойргүйдээд байж болно. Уналт ойртоод байж болно. Тийм учраас жилд хоёр удаа цусан дахь эмийн тунгийн шинжилгээг хийлгээд манай эмнэлэгт хэвтвэл бид хөгжлийн бэрхшээлтэй, таталттай өвчтөнүүдэд хөнгөлттэй үйлчилдэг гэв.

Б.ЯНЖМАА

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Ё.Отгонбаяр: Идэх хоолоо яая даа гэж байхад юун бичиг үсэг солих вэ

УИХ-ын гишүүн Ё.Отгон­баяртай ярилцлаа.

Монголчуудыг уйгаржин, кирилл хос бичигтэн болгох хуулийн төсөл нэлээд маргаан дагуулж байна. Таны хувьд ч шүүмжлэлтэй хандаж байгаа анзаарагдсан?

-Уг хууль нь уйгаржин бичгийнх биш, Монгол хэлний тухай хууль юм байгаа юм л даа. Харамсалтай нь хуулийн гол маргаан нь уйгаржин бичиг болоод байна л даа.Чингэс хаан 800 жилийн өмнө Их Монгол Улсыг байгуулахдаа энэ бичгийг төрийн бичиг болгож авсан байдаг. Ингээд аваад үзэхээр монголчуудын 750 жилийн түүх уйгаржин бичиг дээр байгаа. Тэгэхээр энэ бичиг соёлоо авч явж, хадгалах ёстой гэдэгт нь миний хувьд санал нийлж байгаа. Харин бүх юмыг хос бичгээр бичиж, яг арван жилийн дараа хос бичигтэн болно гэдэгт шүүмжлэлтэй хандаад байгаа юм. Хүүхдүүд уйгаржин бичгийг сургуульдаа заалгачихаад, амьдрал дээр гарахаар хэрэглээ нь алга. Тиймээс 2025 оноос хос бичигт шилжих заалтаа татаад авчихмаар юм.

Хэрэв уйгаржин бичигт шилжвэл төрийн бүх албан хэрэг хос бичиг дээр хөтлөгдөнө. Үүнээс үүдэн зардал мөнгө ч их гарч таарна?

-Тэгэлгүй яахав. Монгол хэлний тухай хуулийн төсөлд шүүмжлэлтэй хандаж байгаа миний хоёр дахь шалтгаан бол энэ. Хэтэрхий өргөн хүрээг хамруулахаар төсөлд заачихлаа. Төрийн бүх албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулна гэж байна. Энэ нь зардал чирэгдэл ихтэй. Хоёр хүн хоорондоо гэрээ байгуулахад хэвтээ болон босоо бичгээр бичих болно. Хоёр бичиг хоорондоо адил хүчин төгөлдөр байх ёстой. Нэг бичгийнх нь текст нөгөө бичгийнхтэйгээ зөрөөд эхэлбэл хоёулаа шүүх дээр очиж маргалдаж таарна. Хамгийн наад захын асуудал энэ. Цаашлаад шүүх хуралдааны протоколыг уйгаржин, кирилл бичгээр хөтлөх нь. Аль нэг бичиг дээр хүн алдаа гаргаад биччихсэн байгаад тухайн хүний хувь заяа хохирвол яах юм бэ. Тийм болохоор зөв зүйтэй зорилтыг хүчирхийллийн буруу аргаар хэрэгжүүлэх гээд байгаад эсэргүүцээд байна.

Энэ хуулийн төсөл нь цаашлаад монголчуудыг уйгаржин бичигт хүчээр оруулах гэсэн Хятадын бодлого гэж зарим эрдэмтэд үзээд байгаа юм билээ. Уйгаржин бичигтэй болчихвол бид гадаад ертөнцөд Өвөрмонголоос өөр харилцах оронгүй болох юм биш үү гэх болгоомжлол байсан л даа?

-Гадаад улс орон руу илгээж байгаа албан бичиг, нотууд англи юм уу, тухайн орны хэл дээр илгээгддэг. Бүр социализмын үеэс манайх Ардын их хурлын тэргүүлэгчдийн даргын илгээлтийг гадагшаа уламжлалт уйгаржин бичгээр давхар явуулдаг байсан юм. Харин одоо шинэ орж ирсэн хуулиар бүгдийг хавтгайруулаад байна. Тухайлбал, Нийслэлийн захирагчийн шийдвэр хос бичгээр гарчихсан байхад буруудаад байх юм алга. Тэр захирамж энэ тэрийг бичиг үсэг сайн мэддэг хүмүүс хянах байх л даа. Тэгэхээр алдаа мадаг нь гайгүй биз. Харин хоёр байгууллага хоорондоо албан бичгээр харьцахдаа уламжлалт монгол бичгээр бичнэ гэж байна. Өнөөдөр уламжлалт монгол бичгээр байтугай кириллээр алдаагүй бичдэг хүн ховор болчихоод байна. Бид авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдээ цаашид урагшилж чадаж байна уу, ухралт болж байна уу гэдгийг харж байх ёстой.

Хэвлэлийн байгуул­лагууд нийтэд түгээж байгаа мэдээллийнхээ талыг уйгаржин бичгээр нийтэлж, нэвтрүүлэх ёстой гэсэн асуу­дал хэлэлцүүлгийн шатанд өрнөж байсан. Өнөөдөр МҮОНРТ-ээс бусад нь хувийнх. Уйгаржин бичгээр нийтлэл, нэвтрүүлэг цацах боломжгүй. Зардал ч их гарна. Сонин сэтгүүлийн тухайд хүн ч уншихгүй шүү дээ?

-Магадгүй, үүнийг үгүйсгэхгүй. Хэрэв хууль батлагдвал энэ асуудалд төрөөс бодлого гаргах ёстой. Уламжлалт монгол бичгийг сэргээх ажил бол ардаа зарцуулах мөнгө хөрөнгөний л асуудал. Миний бие энэ салбарыг, Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийг хариуцаж байсан хүний хувьд хэлэхэд тавьсан жаахан мөнгөндөө таарсан ажлууд л хийгддэг. Үүнийг нийтийн хэрэглээтэй харьцуулбал, асар бага мөнгө. Гэтэл ирэх арван жилд хос бичигтэн болно гэж байна. Эхний таван жилд нь эдийн засаг сайнгүй байхад юун бичиг үсэг солих, идэх хоолоо яая даа гэдэг асуудалтайгаа тулгарах өнгөтэй болоод байна.

Энэ хууль батлагдахад хүн бүр дагаж мөрдөхгүй бол буух хариуцлага нь өндөр юм билээ. Дэлхий нийт даяаршиж байхад манай улс бичиг үсгийнхээ хуучин цагийн соёл руу ухарч байна шүү дээ. Тодорхой хүрээнд, хэм хэмжээтэй хэрэглэмээр санагдах юм…

-Хуулийн хэрэглэх хүрээг жаахан заагтай байсан бол дэмжихэд асуудал алга. Гэтэл хэт туйлширсан байгаа юм. Амиа арай гэж авч яваа хүнд гай болохооргүй байх хэрэгтэй. Уламжлалт монгол бичгээр бичсэн юмыг уншчихдаг хэмжээнд байхад тэр нь заавал тухайн хүний толгой дээр шийтгэл болоод очдоггүй, хязгаарлалт болоод байдаггүй баймаар сан. Тэр утгаар нь хүч хэрэглэх гэж байгаа заалтуудыг эсэргүүцээд байгаа юм.

Хуулийг дагаж мөрдөөгүй тохиолдолд ногдох хариуцлага нь өндөр. Хэлэлцүүлгийн шатанд торгуулийн хэмжээг буулгах тухай ярьж байгаа. Уг нь энэ төсөлд хуулийн “тодорхой заалтууд”-ыг зөрчсөн бол арга хэмжээ авах тухай заасан байсан. Гэтэл одоо болохоор “холбогдох бүх заалтууд”-ыг гээд оруулчихсан байгаа юм. Тэгэхээр хамрах хүрээ хэтэрхий өргөн байна. Жишээлбэл, хоёр байгууллагын албан хаагч нар хоорондоо гэрээ байгуулж байгаад алдаа гаргасан бол 1.5 сая төгрөгөөр торгуулах нь байна шүү дээ. Мөн хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд мэргэжлийн байцаагч торгоно гэсэн байгаа. Үүнийг хязгаарлах хэрэгтэй. Яагаад гэвэл эхэн үед мэдэхгүйгээс болж зөрчил их гарна. Хавтгайрсан торгуулиас үүдэн хуулийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүй.

Албан бичиг гэснээс уйгаржингаар гарын үсгээ зурж таарна. Энэ асуудлыг яаж хуульчилж байгаа вэ?

-Уйгаржин бичгээр хүмүүс нэрээ биччихэж дөнгөнө. Харин гарын үсгээ зурна гэдэг хэцүү. Гарын үсгийн тухай хууль гээд будлиантай юм орж ирнэ. Энэ мэт асуудал ар араасаа босно.

Орчин цагт хүүхдүүд цахимжиж, голдуу латин үсгээр хоорондоо харилцдаг болсон. Тэд уйгаржин бичиг сурахгүй, заалаа гэхэд нэлээд хүндрэл бэрхшээл учирна. Гишүүдийн зүгээс ч “Хүүхдүүдээ тэгж зовоож яах гээд байгаа юм бэ, үндэсний цөөнхүүд яах болж байна” гэхчилэн шүүмжлэлтэй хандаж байсан. Тэгвэл таны хувьд ямар бодолтой байна вэ?

-Тиймээ. Хүүхдүүдэд хүндрэл учирна. Одоо кирилл бичгээрээ явж байгаа. Дээрээс нь монгол бичгээр сургаж эхлэх нь.

Төсөлд хүүхдүүдэд гуравдугаар ангиас уламжлалт бичиг заана гэж байсныг зургадугаар ангиас болгож өөрчилсөн. Бидэнд өмнөх алдааны сургамжбий шүү дээ. 1990-ээд оны эхэн үед хүүхдэд уйгаржин заасан. Тийм ч удаан үргэлжлээгүй. Нэг бичгийн соёл нь бүрэн сууж дуусаагүй байгаа үед давхар бичгийн соёл ороод эхлэхээр хүндрэлтэй. Монгол, англи хэл байсан бол өөр хэрэг л дээ. Гэтэл нэг хэл хоёр бичгийг нэг зэрэг орохоор хүний толгой эргэдэг. Цаашид “уул” гэж бичиж байх юм уу, “агула” гэж бичиж байх юм уу. Бага ангийн хүүхэд үүнийг ойлгодоггүй.

Энэ хуульд үндэсний цөөнхүүдийн тухай заалт тусч өгсөн. Тэд бүр хэцүү болох шинжтэй. Тэнд одоогийн байдлаар Монгол хэл, казах, гадаад хэл гээд гурван хэл үзэж байна. Гурван хэл үзэж байгаа нөхөр гурван бичиг давхар үзэх болж байна. Тэдэнд амаргүй нөхцөл байдал үүсэхээр байгаа биз?

-Аав гэдэг үгийг уйгаржингаар “абу” гэж бичнэ. Ингээд “абу” гэх үү, “аав” гэж дуудах уу. Уйгаржин бичиг монголчуудын хэлний аялгад нөлөөлөх сөрөг талтай гэж судлаачид ярьж байна лээ. Энэ утгаараа кирилл бичиг хүнийг авиаг тэмдэглэхэд хялбар, бичихэд ч хурдан.

Манайхан аливаа хуулийг ямар нэгэн судалгаа муутай баталчих юм. Хуучин монгол бичиг оруулаад ирлээ гэхэд бидний хэлний дуудлага яаж өөрчлөгдөх үү гэдгийг судлах ёстой юм. А, Э хоёр нэг болчихно. Х, Г хоёр нэг болчихно. О, У нэг болчихно. Халх аялга өөрчлөгдөөд эхэлбэл яах вэ. Яагаад гэвэл бичиг дагаад заавал аялга өөрчлөгдөнө. Би дээр үед кирилл, латин, уйгаржин байх уу гэдэг маргааны улмаас гадаадын эрдэмтэдтэй уулзаж байсан юм. Тэд “Уламжлалт бичиг чинь Монголын эзэнт гүрний бичиг. Тиймээс адилхан биччихээд та нар халх монголоор “за” гэдэг бол Өвөр Монголд “жа” гэж дууддаг юм. Кирилл монгол бол халх аялгуунд тааруулсан үсэг. Хэрэв Монгол Улс цаашаа бусад монгол үндэстнүүдээ авч нэгтгэх гэж байгаа юм уу? Яг ямар зорилготой юм бэ?” гэж асууж байлаа. Үүнийг ч бид бодох ёстой. Хэрэв бид халх аялгаа өөрчлөх зорилго тавьж байгаа юм уу, хэрэв ярьж байгаа халх аялгадаа бичгийн хэлээ тааруулж тавих уу. Үүнийг харж хийх ёстой байх. Худлаа эх оронч дүр эсгэхийн оронд амьдралаа бодитойгоор хармаар байгаа юм.

Дээрээс нь бид бичиг үсэгтэн байх тодорхойлолтоо энэ хуульд оруулж өгөх ёстой байсан юм. Уламжлалт монгол бичиг, кирилл монгол бичиг мэддэг хүн бичиг үсэгтэн гэдгийг хуулинд оруулах ёстой. Хүн амын 95 хувь нь уламжлалт монгол бичгээ мэдэхгүй байгаа. 1972 онд ЮНЕСКО-гоос бичиг үсэг үл мэдэх явдлыг тайлсан гэж шагнал авч байсан улс маань ганцхан шөнийн дотор бичиг үсэггүй улс болоод хувирчихаж болохгүй л дээ.

Уйгаржин бичиг бол зар­дал ихтэй. Кирилл дээр бичигдсэн ном, бүтээлүүдийг уйгаржинд хөрвүүлэхэд 3-4 дахин зузаан болдог шүү дээ. Энэ мэт уйгаржин бичгийн сул талууд бий?

-Уламжлалт монгол бичигт сул тал бий. Кирилл үсгийг бодоход ном зузаарч, цаасны орц нэмэгдээд эдийн засгийн хувьд хүндрэл дагуулах байдал үүсэх л байх. Бас давуу тал ч бий. Бид энэ бичгийг хэрэглэх хүрээг тэлье гэж байгаа юм бол амьдралд нийцтэй байлгах бодлого барих ёстой болохоос хүчээр түрэх бодлого байж болохгүй. Намайг боловсролын сайд байхад Өвөрмонголын нэг профессор ирж байсан юм. Тэр хүн “Манай сургуульд ирж байгаа хүүхдүүдийн зарим нь тодорхойлолтоо уйгаржингаар бичээд өгчих юм. Нэг бол кирилл дээр бичээд өгчихөж бай. Бид кириллээр уншина. Хэрэв уламжлалт монгол дээр бичвэл алдаагүй бичих ёстой. Тодорхойлолт өгсөн тэр гэхдээ “үхсэн” гэж бичээд байх юм. Тэр нь манайд очихоор доог тохуу болоод байна” гэж байсан. Бид өвөрмонголчуудыг радиогоор аялгаар нь шоолдог шиг тэд өөрсдийнхөө радиогоор биднийг бичгээр нь шоолдог үе ирчих вий дээ гэж болгоомжилж л байна.

Энэ хуультай зэрэгцээд Соёлын тухай хуульд нэмэлтээр орж байгаа телевизүүдийн контен­тын асуудал хэвлэлийн болоод үзэгчдийн эрхэнд бүдүүлгээр халдах нь ээ. Та уг хуулийн төсөлд шүүмжлэлтэй хандаж байгаа нь анзаарагдсан. Ер нь манай нийгэмд ийм хууль байх шаардлагатай юм уу?

-Энэ хууль бүх телевиз, кино театр, интернэт порталд суурилсан телевиз гээд бүгд монгол агуулгатай байх ёстой гээд хавтгайруулаад хувь заачихсан. Үүнд л шүүмжлэлтэй хандаад байгаа юм. Яагаад гэвэл контент үйлдвэрлэнэ гэдэг бол мөнгөний асуудал. Гэтэл одоо үйл ажиллагаа явуулж байгаа телевизүүдийн чадамж ямар билээ. Одоогийн телевизүүдийг 100 хувь зах зээлд гаргаж хаячихсан. Тэд жаахан мөнгөн урсгалаа хувааж хүртэж байна. Гэтэл одоо контентийнх нь хувь хэмжээг заачихаар телевизүүдийн оршин тогтнох процесст нь сөрөг үйл явц болно. Контентын тухай асуудал ярьж байхад үйлдвэрлэгчийг ярих ёстой болохоос борлуулагч руу гүйгээд орчихож байгаад гайхаж байгаа. Кино театрууд өөрсдөө кино үйлдвэрлэдэггүй. Хүний хийсэн киног гаргадаг. Тэд энд, тэндээс үзэгчид ачиж авчраад кино үзүүлээд байдаггүй. Үзэгчид өөрсдөө сонгосон киногоо очиж үздэг. Хэрэглэгчийнх нь сонирхлоор л явна. Би Соёлын сайд байхдаа “Цогт тайж” киног сэргээгээд кино театруудаар гаргах асуудал тавьсан. Гэтэл тэд “Уучлаарай сайд аа. Бид ганц, хоёр удаа л гаргаж өгье. Наадахаар чинь мөнгө олдоггүй юм. Хүн үздэггүй” гэсэн. Тиймээс бид чанартай бүтээл үйлдвэрлэхэд нь анхаарал тавих ёстой болохоос шууд ийм байж болохгүй. Хоёрдугаарт, интернэт порталд суурилсан телевиз, кино театруудыг үлгэрлэжхэлэхэд дэлгүүрийн худалдагч юм. Тэд чихрээ өөрсдөө үйлдвэрлэдэггүй. Гэтэл дэлгүүрийн худалдаг­чийг “Чиний чихрийн 40 хувь үндэсний чихэр байх ёстой” гээд байгаатай монгол контентын асуудал адил шүү дээ. Үндэсний чихэр үйлдвэрлэж байгаа хүнээ дэмжээд гадаадын чихэр үйлдвэрлэж байгаатай өрсөлдөхүйц бүтээгдэхүүн бий болгож байх ёстой. Гэтэл худалдагчийг очиж торгоод яахав. Энэ бол нөгөө талаас үзэгчийн эрхэнд халдаж байна.

Эрх баригчид өөрс­дийнхөө телевизүүдийг санхүүжүүлэх ийм хуулийн төсөл оруулж ирлээ. Ирэх сонгуульд бэлтгэлээ базааж байна гэх хардлага дагуулж байгаа л даа…

-Ардчилсан намын нөхдүүд засгийн эрх барингуутаа хүний хувь хэмжээг зааж, хааж, боож, торгоно гэдэг хууль дандаа санаачилж байна. Үүнийгээ болих хэрэгтэй. Монгол контентыг дэмжинэ гээд эхлээд Засгийн газраас 10 тэрбум төгрөг суулгахаар санал оруулж ирсэн. Төсөв хэлэлцэх үед таван тэрбум болж хасагдсаар байгаад сүүлдээ 0 болсон. Хэрэв таван тэрбум төгрөг суулгачихсан байсан юм бол төр баахан захиалга өгөх юм яриад явчихаж байгаа юм. Төр өөрөө сонгон шалгаруулалт хийхдээ буруу хийдэг механизмтай. Энд лобби явагдах нь ойлгомжтой. Ингээд уран бүтээлд төрийн зүгээс цензур тавина. Ингээд социализм руугаа эргээд үсрээд орчих гээд байгаа юм.

Хэрэв хуулийн төсөл батлагдаж, “Монгол контент” хөтөлбөр хэрэг­жээд эхэлбэл телевизүүдийн эфирийг хянах механизм нь ямар байх бол. Энэ боломжийг нь та хэрхэн харж байна?

-Хуулийн төсөлд торгуулийн хувь хэмжээний заалтуудыг ажлын хэсэг дээр хасагдсан. Ингээд энэ хууль ардаа нэг ч төгрөгийн санхүүжилтгүй, шийтгэлийн заалтгүй тэгчихээд телевизүүдийн нийтлэл нэвтрүүлэгт хувь заагаад байх ямар утгатай юм бэ. Хэрэв нэвтрүүлж байгаа монгол контент нь 50 хувьдаа хүрээгүй байлаа гэхэд яах юм бэ. Ер нь гадаад контентыг дотор нь зааглах ёстой. Тэр шүүмжлээд байгаа Солонгос сериалаа яаж зохицуулах юм. Үнэхээр өрнөдийн их сайн чанартай кинонууд манай зах зээлд ороод ирвэл үндэсний контентыг хурцалж байгаа нэг хэлбэр болдог. Нөгөөтэйгүүр бид 21 дүгээр зуунд амьдарч байгаа байж, “Чи BBC үзэж болохгүй, чи гадаад нэвтрүүлэг үзэж болохгүй” гэж хуульчлах нь утгагүй юм. Хамгийн эцэст нь хууль нь өөрөө ямар ч агуулгагүй болчихоод байгаа юм. Тухайлбал, өнөөдөр Юнивишнээр гэртээ гадаадын 150 гаруй, дотоодын 50 орчим суваг үзэж байгаа. Хэрэв энэ хууль хэрэгжээд эхлэнгүүтминий ямар нэвтрүүлэг үзэж байгааг яаж шалгах юм бэ. Тэр үндэсний контент нь сонирхолгүй байвал гадаад суваг л үзнэ. Үүнийг хянах ямар ч боломжгүй. Харин тэр монгол сувгууд дээр чанартай нэвтрүүлэг гаргах дээр бодлого нь явах ёстой. Телевизүүд оргил цагаар гадаад нэвтрүүлэг явуулчихаад шөнийн цагаар монгол контентоо нэвтрүүлээд байвал яах вэ. Яаж ч чадахгүй. Зохицуулалт нь салбартаа үр ашиггүй, ямар ч бодлогын өөрчлөлт авчирахгүй.

Арилжааны телевизүүд реклам зар сурталчилгаа төл­бөрт нийтлэл нэвтрүүлгээс олдог ашиг орлогоороо санхүүждэг. Эфирт үндэсний нэвт­рүү­лэг, киноны эзлэх хувийг 50 хувиас доошгүй болговол телевизүүдийн орлого тэр хэмжээгээр буурч таарна?

-Эдийн засгийн хүндрэлтэй, хямралтай нөхцөл байдал телевизүүдэд хүнд тусч байна. Реклам өгдөг компаниуд нь цөөрчихсөн. Орлого тааруу байгаа телевизүүдийг нэвтрүүлгийнхээ тэдэн хувийг монгол байлга гэвэл хэн зөвшөөрөх юм бэ. Энэ утгагүй хүчээр зохицуулдаг арга цаашаа дэлгэрч болохгүй. Жишээлбэл, би үндэсний хоол идэх хууль санаачлаад “Таны идэж байгаа хоолны 50 хувь нь үндэсний хоол байх ёстой” гэвэл яах вэ. Тэгээд гэрт нь орж, идэх хоолыг нь заагаад байгаатай Монгол контентын хууль агаар нэг байгаа юм.Их амттай сайхан үндэсний хоол гараад ирвэл өөрөө сонголтоо хийж иднэ шүү дээ. Үүнтэй адил телевизүүдийн нэвтрүүлгийн чанарыг сайжруулж, санхүүжилтийг нь шийдэх механизмаа энэ хуулинд сайн тусгаж өгөх ёстой байсан болов уу.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Р.БУРМАА: Тариаланчдын 90 гаруй хувь нь одоогийн зарчмаараа явцгаая гэж байгаа

УИХ-ын гишүүн, ХХАА-н сайд Р.Бурмаатай ярилцлаа.

-ХХААЯ-ны зүгээс салбартаа ямар бодлого баримтлах вэ. Танай салбарын ид ажлын цаг хаяанд ирж байна?

-Хүнс хөдөө аж ахуйн салбарын Төрөөс баримтлах бодлого 2015 оноор дуусч байна. Энэхүү бодлогын баримтын бичгийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийн,цаашдаа ХАА-н салбарт баримтлах бодлогын талаархи баримт бичгийг боловсруулж байна. Үүнтэй холбогдууланэрдэмтэн мэргэд, судлаачид, талуудыг оролцуулсан хэлэлцүүлэг хийнэ. Хэлэлцүүлгээс гарсан саналыг мөн тусган,хаврын чуулганаар хэлэлцүүлнэ.

Өнөөдрийг хүртэл бид ноос, арьс шир, улаанбуудайнд урамшуулал олгохдоо тоон үзүүлэлтийг харгалзан олгодог байлаа. Тэгвэл цаашид сайн чанарын үр, цавуулаг өндөр улаанбуудай хураан авсан бол урамшууллыг тэр хэмжээгээр илүү олгож, чанаргүй, чанар багатайд бага олгоно. Ноос, арьс шир ч мөн адил энэ зарчмаар явна. Өмнө нь чанараас шалтгаалсан үзүүлэлт тэр бүр тодорхой байгаагүй. Ноосны урамшууллыг төсвийн тодотголоор багасгасан ч гэсэн нарийн ноосонд амласан 2000 төгрөгөө өгнө. Бусдад нь 1000 төгрөгийн урамшуулал олгоно.

-Хамгийн их хэл ам дагуулдаг улаанбуудайн чанар, цавуулгийн асуудлыг хэрхэн зохицуулах вэ?

-Юун түрүүн хэрэглэгчид, тариалан эрхлэгчид, гурил үйлдвэрлэгчдийн саналыгсонсож байна. Хэрэглэгчдийг эрүүл, аюулгүй, стандартын шаардлагад нийцсэн хүнс хангах бодлогыг яамны зүгээс баримтална. Хэрэглэгчийг чанартай бүтээгдэхүүнээр хангах шаардлагыг үйлдвэрлэгчдэд нэн тэргүүнд тавина. Чанартай гурил үйлдвэрлэхэд цавуулаг өндөр, чанартай улаанбуудай шаардлагатай гэсэн асуудлыг гурил үйлдвэрлэгчид тавьдаг. Нийт хураасан ургацын чанар боломжийн байдаг хэдий ч, зарим хэсэг нь тэр бүр стандартын хэмжээндээ хүрэхгүй байна. Үүнийг харгалзан, ОХУ-аас тодорхой хэмжээний цавуулаг өндөр улаан буудай оруулж ирэн, стандартын хэмжээндээ хүрэхгүй байгаа буудайтай нийлүүлэн чанартай гурил үйлдвэрлэх бодлого баримталж байна. Энэ бодлого урьд жилүүдэд ч мөн байсан талаар гавьяат агрономич, Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж гуай ярилцлагадаа хэлсэн байна лээ.

Гурилын чанарыг сайжруулах, хэрэглэгчийг эрүүл, аюулгүй, найдвартай бүтээгдэхүүнээр хангахын тулд нэмж улаанбуудай оруулах асуудлыг шийдвэрлэсэн. Мэргэжлийн байгууллагууд нийт тушаасан улаанбуудайн цавуулагт шинжилгээ хийсэн ба улсын хэмжээнд нийт ургацын цавуулгийг 24 хувьд хүргэхэд тодорхой хэмжээний цавуулаг өндөртэй буудайг гаднаас импортлох шаардлагатай гэсэн тооцоог гаргасан. Өөрөөр хэлбэл, цавуулаг өндөртэй 40 мянган тонн улаанбуудай шаардлагатай гэсэн тооцоог мэргэжилтнүүд гаргасан байдаг.

-40 мянган тонн биш 20 мянган тонны асуудал яригдаад байгаа биз дээ?

-Гурилын үйлдвэрүүдийн зүгээс анх 110 мянган тонн улаанбуудай импортоор оруулж ирмээр байна гэсэн хүсэлт тавьсан байдаг. ХХАА-н яамны Төрийн нарийн бичгийн даргыг орлож байсан Н.Ганибал ажлын хэсэг байгуулан, 2014 оны арванхоёрдугаар сарын 30-нд квот олгох асуудлыг шийдээд байсан. Сайдын зүгээс жилийн хэрэгцээний импортын улаанбуудайг нэг дор оруулж ирэх нь буруу гээд, эхний хагас жилд тааруулан талыг нь оруулж ирэх чиглэлийг өгсөн. Хүнсний аюулгүй байдлын зөвлөлөөс 2015 онд импортлох улаанбуудайн хэмжээг 40 мянган тонн гэж тогтоосон байдаг ба эхний хагас жилийн хэмжээ 20 мянган тонн болж байгаа юм. Цаашид цавуулаг өндөртэй улаанбуудай тушааж байгаа тариаланчдын урамшууллыг өндөр олгоно. Чанарт анхаарна. Зөв бодлогыг үргэлжлүүлнэ. Алдаатай бодлогыг залруулна.

-Тухайлбал ямар ямар алдаанууд байна гэж?

-Тариалан эрхлэгч, гурилын үйлдвэр хоёрын хооронд өгч авсан тэдэн тонн стандарт хангасан гэсэн бичиг, нөгөөх нь улаанбуудай тарьдаг нь үнэн гэсэн бичиг хоёроор урамшууллын мөнгийг олгож байна. Үүн дээр нь хөндлөнгийн хяналт тавьж хичнээн тонн улаанбуудай тушааж байгааг тооцож байгаа юм алга. Тариаланчид нь бидний тушаасан улаан буудайн мөнгийг өгөхгүй байна, буудайг авахгүй байна гэсэн гомдол гарч байгаа. Тариалан эрхлэгчид, гурилын үйлдвэрүүд тэдэн тонн улаанбуудай өгсөн авсан гэдэг тайланг л бидэнд өгч мөнгөө авч байгаа. Тиймээс цаашид татварын албанд өгч буй тайлан мэдээн дээр ч гэсэн үнэн тайлан өгч байна уу гэдгийг нягтална. Түүний дараа урамшууллын мөнгийг олгодог системд шилжинэ. Урамшууллын мөнгө бол сул хэвтэж байдаг мөнгө биш. Татвар төлөгчдийн мөнгийг газар тариалангийн салбарыг дэмжих үүднээс олгож байгаа юм. Жагсаал цуглаан, сүрдүүлэг хийх замаар асуудлыг шийдэхгүй.

-Гурил үйлдвэрлэгчид гаднаас улаанбуудай оруулъя гээд, нөгөө хэсэг нь бидний улаанбуудайг авахгүй байна гэсэн гом­дол гаргаж байна. Улаан­буудайнаас био түлшнээс эхлээд маш их өндөр үнэтэй бүтээгдэхүүн гаргах технологи байдаг гэж дуулсан. Тариалан эрхлэгчид заавал ингэж байхын оронд тэр технологийг нэвтрүүлээд өндөр үнэтэй био түлш гаргаж авч болох юм…

-Дотоодын гурилын хэрэг­цээгээ эх орныхоо хөрсөнд ургуулсан улаанбуудайгаар хангая, импортын бүтээгдэхүү­нээс хараат бус байя гэсэн бодлого бий. Хэрэгцээнээс илүү гарсан улаанбуудайгаар био түлш гэх мэт зүйлсийг хийж болно. Энэ тал дээр төрөөс дэмжихэд бэлэн. Цаашид Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан улаанбуудайн арилжааг хийх нь зүйтэй гэж хараад байгаа. Гурил үйлдвэрлэгч, тариаланчдын гаргаад байгаа маргаанаас өгсөн авсан гэсэн бичгээр урамшууллын мөнгө явчихдаг. Гэтэл нэг нь та нар улаанбуудайгаа тушаагаагүй нөгөө хэсэг нь та нар мөнгөө өгөөгүй гэдэг. Тиймээс Хөдөө аж ахуйн биржээр арилжааг явуулах боломжтой гэдгийг тухайн байгууллагынхан хэлж байсан. Төрийн зүгээс стратегийн хүнс болох улаанбуудайн үнийг тогтвортой байлгах үүднээс ОХУ нь нөөцийн сандаа улаанбуудайг нөөцөлдөг, Хөдөө аж ахуйн бирж дээрээ гарган хэт өндөр үнэтэй болоод ирэх үед нь нөөцөлсөн буудайгаа гаргаж ирдэг зохицуулалтад орох нь зүйтэй.

-Газар тариалангийн салбарын энэ үйл явдлыг харахад Ц.Баатарсайхан гэсэн хэсэг, Л.Чинбат, Л.Цандэлэг гэсэн хувийн бизнес эрхлэгчдийн маргаан л харагдаад байна. Заавал төр үүнд оролцоод явах шаардлага байгаа юм уу?

-Гурил үйлдвэрлэгчдийг дотоодын тариалан эрхлэгчдийнхээ тарьсан улаанбуудайг ав гэдэг үүднээс импортын улаанбуудайнд төрөөс хязгаар тавиад байгаа юм. Төрөөс хоёр талд аль альд нь дэмжлэг үзүүлж ирсэн. Тариалан эрхлэгчдийг тариалан эрхлэх бүхий л явцад нь дэмжлэг үзүүлдэг. Тухайлбал, Газар тариалангийн салбарт төрөөс баримтлах бодлогод сүүлийн хэдэн жилд түлхүү анхаарч ирсэн. Энэ хүрээнд нийтдээ 460 орчим тэрбум төгрөгийн шууд ба шууд бус дэмжлэг үзүүлсэн байна. Үүнээс 128 тэрбум төгрөгийг бэлнээр олгосон байх жишээтэй. НӨАТ-аас 62 тэрбум төгрөгийн чөлөөлсөн. ААНОАТ-аас 50 хувь хөнгөлөгддөг. Гаалийн албан татвараас бордоо, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслүүд чөлөөлөгдөж байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас хүүгүй зээлийг олгодог. Үрийн улаанбуудай дээр 20-30 хувийн урьдчилгаа аваад намар буудайгаар нь нөхөж авдаг. Шатахуун дээр гэхэд 50 хувийн урьдчилгаа өгөөд үлдсэнийг нь буудайгаараа намар төлдөг. Газрын төлбөрийн хөнгөлөлт, хөрсөө үнэгүй ашиглуулах гээд төрөөс ихээхэн хэмжээний дэмжлэг үзүүлж байгаа. Гурил үйлдвэрлэгчдийн тухайд буцалтгүй тусламж гэж байхгүй. Харин хөнгөлөлттэй зээлийг авч байна. Тариалан эрхлэгч аж ахуй нэгжүүд Тариалан эрхлэлтийг дэмжих сан дээр 44.2 тэрбум төгрөгийн өртэй байсан. Буцаан олголтоор зургаан тэрбумыг суутгасан. Цаана нь 38 тэрбумын өр дахиад үлдэж байна. Гурилын үйлдвэрүүд ч гэсэн ихээхэн хэмжээний өртэй байгаа. Нийтдээ 80 орчим тэрбум төгрөгийн өр тариалан эрхлэгч, гурил үйлдвэрлэгчдэд бий. Аль аль тал нь хариуцлагатай байж хөнгөлөлттэй зээл, тусламжуудыг авч байгаа. Аж ахуй нэгжүүд авсан зээлээ төлж байх ёстой. Тэгж байж Тариалан эрхлэлтийн сан дараагийн санхүүжилтээ хийнэ. Хариуцлагыг өндөржүүлэх хэрэгтэй.

-Тариалан эрхлэлтийг дэмжих санд өртэй тариаланчдын мөнгийг урамшууллын 70 мянгаас нь суутгасан гэсэн үү?

-Тариалан эрхлэлтийг дэмжих санд өртэй тариалан эрхлэгчдийн өрийг урамшууллын 70 мянган төгрөгөөс нь суутгасан. Энэ бол зарчим эргээд тариаланчдад дэмжлэг болон очно. Газар тариалангийн салбарт хэдхэн хүний монополь эх ашгаар явж болохгүй гэж бодож байгаа. Төр дэмждэггүй гэж хамгийн их ярьдаг Л.Чинбат гэхэд л энэ яамны дэмжлэгтэйгээр нэг тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч махны чиглэлийн үхэр оруулж ирсэн. Дараа жил нь хоёр тэрбум төгрөгийн зээлийг авсан. Төрөөс гурван тэрбум төгрөгийн маш хөнгөлөлттэй зээл авчихаад төр дэмждэггүй гээд яриад явах юм. Гэрээний биелэлтийг яамнаас шаардахаар биелүүлдэггүй. Яахаараа хэсэг монополь хүмүүсийн сүрдүүлэг, шахалт дарамтаар ажил явах ёстой гэж. Төр бүх иргэддээ шударгаар эрх тэгш үйлчилдэг байх ёстой гэж боддог. Намайг тариаланчдаа хүлээж авч уулздаггүй гэсэн гомдлыг гаргаж байна лээ. Би Л.Цандэлэгтэй дөрвөн удаа уулзсан. Хамтарсан уулзалтууд дээр ч уулзаж байгаа.

-Тэгээд ямар шаардлага тавьж байх юм?

-Тариалан эрхлэлтийг дэмжих талаар ямар санал, ямар бодлого байна гэж асуухаар би тэгж ч хүн айлгадаг, тэгж л ширээ тойруулан хөөдөг гэсэн сонин юм ярьдаг. Тариалан эрхлэлтийг дэмжих санг хувьчлахад 70 хувийг нь авах сонирхолтой байгаа юм билээ. Мөн “Намайг сайдын зөвлөх болго. Манай хүнийг газрын даргаар ав” гэсэн. Ийм даварсан саналыг хүлээж авахгүй. Авах ч үгүй. Нэг хэсэг монополь аж ахуй нэгжүүд яахаараа давуу эрх эдэлж байх ёстой юм. Яахаараа тэд дарамт, сүрдүүлэг, шахалтаар үйл ажиллагаа явуулж давуу эрхийг өөрсдөдөө авах гээд байдаг юм бэ. Ийм даварсан үйлдлүүдийг би таслан зогсооно гэсэн хатуу байр суурьтай байгаа. Би тэдний сүрдүүлэг, дарамт шахалтаас айхгүй. Тэдний хэлснээр ажил явахгүй. Гэрээний нөхцө­лөө биелүүлэхгүй байгаа хүмүүсийн өмнө авсан зээлийн гэрээг хянан шалгуулна. Гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй бол гэрээг цуцалж олгосон хөрөнгө мөнгөө эргүүлэн татах арга хэмжээг авах болно.

-Таныг салбарын хүн биш болохоор газар тариалангийн салбарыг ойлгохгүй байна гээд байгаа?

-Би энэ чиглэлийн салбарт ажиллаж байгаагүй ч гэсэн чиглэлийнх нь олон талын хүмүүсийн үгийг сонсож ажиллаж байгаа. Тэгж ч ажиллана. Өмнө нь ч гэсэн би тэгж л явж ирсэн. Надад газар тариалангийн нэг ч га газар алга. Нэг хүнсний лангуу, мал аж ахуйн чиглэлийн юм байхгүй. Надад сонирхлын зөрчил байхгүй. Тиймээс хэрэглэгчдийн эрх ашгаас төрийн бодлого зөв байж түмэн олонд хэрэгтэй шийдвэр гаргахын төлөө явна. Үйл ажиллагаа ил тод нээлттэй байх болно.

Тэд “Та нар бидний шаардлагыг хүлээж авахгүй бол бид рапс тарина” гэж байна. Буудай тарина гэж уринш бэлтгэхээр дэмжлэг авсан болохоор улаанбуудайгаа тарихыг шаардана. Тэдний яриад байгаа арабсыг хүссэн зоргоор нь тариулахгүй. Дотоодын тосны үйлдвэрт тушааж байгаа нөхцөлд дэмжинэ үү гэхээс үр оруулж ирээд гадагшаа экспортолж байгаа бол түүнийг хориглоно. Экспортод гаргахын тулд радс-тосны ургамал тарих бодлого Газар тариалангийн бодлогод байхгүй. Болохгүй бол тосны ургамал тариална гэж байгаа нь цөөн хүний л үг. Өөрөөр хэлбэл шантаажилж асуудлыг өөрсдөдөө шийдэх гэсэн арга. Олон тариаланчид дэмжлэг аваад явдгаараа явна гэцгээж байна. Хүнсний улаанбуудай ашиггүй бизнес биш гэцгээж байгаа юм. Тариаланчдын 90 гаруй хувь нь одоо байгаа зарчмаараа явцгаая гэцгээсэн.

-Улаанбуудайн цавуул­гийг нэмэгдүүлэхийн тулд сайн чанарын үр авах уу. Сайн чанарын үр байгаад манай хөрсөнд ургахаараа цавуулаг багасаад байна уу?

-Сайн чанарын үрээр хангах нь чухал. Дотоодын эрдэмтдийн гаргасан эрт ургацын болон сайн чанарын үр бий. Сайн чанарын үр гарган авах тал дээр анхааран ажиллана. Үр хүрэлцэхгүй бол мэдээж гадаадаас сайн үр авна. Цавуулгийг сайн болгохын тулд хөрсийг бордох нь чухал. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас хөрсийг бордохын тулд сайн чанарын бордоогоор хангах тал дээр анхаарах хэрэгтэй гэсэн үүрэг өгсөн.

-Таны яриаг сонсож байхад тариалан эрхлэгчид нэлээд өртэй байгаа нь анзаарагдлаа. Ямар шалт­гааны улмаас ингэж өр хуримтлагдах болсон юм бол?

-Байгаль цаг уурын таагүй нөлөөллийн улмаас цаг хугацаандаа барагдуулах аж ахуй нэгжийн өрөөс хүү алданги тооцолгүй хойшлуулж ирсэн. Үүнээс шалтгаалан өр нь их болсон. Өнгөрөгч онд байгаль цаг уурын таатай үед ургац сайн хурааж авсан болохоор 44 тэрбумаасаа зургаан тэрбумыг нь суутгаж авсан. Тэднээс энэ мөнгийг нь авахгүй бол дараа нь ямар мөнгөөр тариалан эрхлэгчдээ дэмжих юм бэ.

-Энэ мөнгөнөөс болоод дахиад жагсаал цуглаандаа тулах юм биш биз?

-Тариаланчдын нэр барьсан нэг захиалагчтай гэж хэлж болохоор жагсаал болсон. Тухайлбал, Гацууртын компанитай холбоотой компаниуд бий. Гацуурттай холбоотой компаниуд гэхэд дээр хэлсэн гурван тэрбумын махны чиглэлийн үхрээс гадна зөвхөн газар тариалангийн салбарт гэхэд улсын төсвөөс 35 тэрбум төгрөгийн дэмжлэг авсан. Тариаланчдад урамшуулал олгохын тулд буудайгаа гурилын үйлдвэрт эсвэл ТЭДС-д худалдсан байх ёстой гэж журманд бий. Тэд “Бид гурилын үйлдвэрт борлуулсан” гэдэг баримт бичиж урамшууллаа авдаг. 40 мянган тонн цавуулаг өндөртэй буудай нь байгаа юм бол гаднаас заавал буудай импортлох шаардлагагүй гэдгийг гурил үйлдвэрлэгчид хэлж байгаа. Тэр буудайг нь газар дээр нь очоод шалгая гэхээр буудай нь байдаггүй. Үүнийг Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хурал дээр Су.Батболд дарга асуухад Б.Эрдэнэбат “Тушаасан 350 мянган тонн улаанбуудай дотор чинь 40 мянган тонн багтчихсан байгаа” гэсэн. Тушаачихсан буудайнаас гадна 40 мянган тонн буудай байгаа гэчихээд түүнийг нь хайхаар эцэстээ тушаасан буудайнд байгаа гэж байна. Ингэж нэг буудайг хоёр янзаар тушаасан буудайнаас гадна байгаа мэтээр худал мэдээлэл өгч асуудал үүсгэж байна. Оросоос буудай орж ирэхгүй бол хомсдол үүсч үнэ нэмэгдээд ирэх үед гаргаж ирэх гэсэн жижигхэн явцуу зорилго байгаа юм болов уу.

-Энэ үл ойлголцлоос болж гурилын үнэ нэмэгдээд явчих юм биш биз?

-Гурилын үнийг нэмэгдүү­лэхгүйн тулд татвар төлөгч­дийн 25 тэрбум төгрөгийг урамшуулал болгон олгож байгаа. Яамны эцсийн зорилго бол Монголын ард түмний хүнс, гурилын хэрэгцээг найдвартай, чанартай хангах юм. Оросын 20 мянган тонн улаанбуудай бол нийт үнийн дүнгээрээ зургаан хувь болж байгаа. Тиймээс нийт ургацын балансад нөлөөлөхгүй.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

С.Дамдинсүрэн: Төрийн түшээ, эмэгтэй хүн ан хийснээ гайхуулсан нь өөрийнхөө ёс зүйгүйг л харуулж байгаа хэрэг

УИХ-ын гишүүн Л.Эрдэ­нэчимэг Баян-Өлгий аймагт ажиллаж байхдаа даруулсан зургаа “Бүргэдээр туулай агнав” гэсэн нэртэйгээр цахим сүлжээгээр тараасан нь олны дургүйцлийг хүргэ­лээ. Монгол эмэгтэй хүн тэр тусмаа сонгогчдыг төлөөлсөн төрийн түшээ хүний хувьд байж боломжгүй үйлдэл, үлгэр дуурайллыг үзүүллээ гэж олон хүн дургүйцлээ илэрхийлсэн. Соёлт хүн төрөлхтөн амьтны амь хороохыг цээрлэдэг болсон. Тэр тусмаа эмэгтэй хүн амьтны амь таслахыг харахыг ч цээрлэдэг. Гэтэл УИХ-ын гишүүн ан хийж, түүнийгээ олон нийтийн сүлжээгээр гайхуулсан нь хууль дүрэм болоод, ёс зүйд хэр нийцэж байгааг Амьтны эрх хамгаалах нийгэмлэгийн тэргүүн С.Дамдинсүрэнгээс тодрууллаа.

-Л.Эрдэнэчимэг гишүүн туулай агнасан зургаа олон нийтийн сүлжээгээр тараасан. Та тэр зургийг хараад юу бодов?

-Туулайны сэг барьчихсан, бүргэдийн хажууд бахархал­тай­гаар зогсч байгаа зургийг хэлээд байна уу. Тэр зургийг хараад харамсч л суулаа.

-Амьтны эрхийг хамгаа­лах олон улсын баримт, бичгүүдэд юу гэж заасан байдаг юм бэ. Сонгогчдыг төлөөлдөг УИХ-ын гишүүн ийм үйлдэл хийж болох уу?

-Олон улсын баримт бичиг хараад, шүүгээд байх шаардлагагүй л дээ. Мань хүн энэ үйлдлээрээ ерөөсөө өөрийгөө хэн бэ гэдгийг л харуулчихаж байгаа юм. Хэн ч тэр зургийг харсан тэр хүний талаар таагүй ойлголттой үлдэж байгаа биз дээ.

-Ёс зүйгүй байна гэж үү?

-Тэгэлгүй яах вэ. Монгол эмэгтэйчүүд хэзээнээсээ амьтны амь таслахыг тэвчдэггүй. Наад захын жишээ гэвэл, идэш гаргахад охид, хүүхнүүд харахгүй гээд гэр, гэр рүүгээ гүйлддэг биз дээ. Үхсэн амьтны сэг зэмэнд ойртохоос ч цээрлэдэг ард түмэн. Гэтэл туулайны сэг барьчихаад “Ан хийчихлээ” гэж ярьж байгаа хүнтэй олон улсын баримт, бичиг яриад яах вэ. Наад захын ёс зүй алга. Эмэгтэй хүн, эх хүн ийм зүйл хийж түүнийгээ гайхуулж болохгүй л дээ.

-Төрийн өндөр албан тушаалтан, УИХ-ын гишүүний үйлдэл бүр олны нүдэн дээр байдаг. Тэр ч утгаараа ёс зүйтэй, зөв үйлдэлтэй байх шаардлага тавьдаг. Гэтэл уламжлалаа үгүйсгэсэн, амьтны эрх зөрчсөн үйлдлийг нь УИХ-ын Ёс зүйн хороогоор хэлэлцэж, гишүүнээс эргүүлэн татах ёстой гэж олон хүн шүүмжилжээ. Та ямар бодолтой байна вэ?

-Эрхэм гишүүн өөрийгөө л илэрхийлчихлээ. Ард түмний тавьсан дүн гэдэг хамгийн том зүйл. Ёс зүй ярьдаг газар нь зүгээр байхгүй биз дээ гэв.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ цаг-үе

Гадны хөрөнгө оруулалтыг авч үлдэхийн тулд шорондоо хорьж байгаа нам засгийн бодлогыг сайшаалтай

Твиттерт @Халзанхүү хаягтай нэгэн эрхэм “Гадаадын хөрөнгө оруулалтыг дотооддоо үлдээхийн тулд шорондоо барьж хорьж байгаа нам засгийнхаа мэргэн бодлогыг сайшаалтай” хэмээн жиргэжээ. Энэ үгийг хошигнол гэмээр ч бас үнэний ортой. Өнгөрсөн парламентад Гадаад харилцааны сайд асан Г.Занданшатараар тэргүүлүүлсэн арав гаруй УИХ-ын гишүүн Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг өргөн мэдүүлж, батлуулсан. Энэ хууль үндсэндээ Монголын амыг арчсан гэж хэлэхэд болно.

Тодруулбал, хууль санаачлагсдын тодорхойлсноор стратегийн ач холбогдол бүхий салбар гэдэгт эрдэс баялаг, банк санхүү, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо зэрэг орно. Эдгээр салбарт гаднаас хөрөнгө оруулалт хийхээр бол заавал Засгийн газраас зөвшөөрөл авна хэмээгээд гэрээ, хэлцэл хийхийг хүртэл хуульчилж өгсөн юм. Тэгээд эцэст нь энэ хуулиас нэг л зүйл гажсан байвал гадныхны хөрөнгийг дотоодод царцааж үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг нь хураана. Тэгээд эздийг нь хянаж шалгаад хөөж гаргах шийтгэлтэй. Гадны хөрөнгө оруулалтыг үргээх хуулийн заалт үүгээр дуусахгүй. Тэдний өргөдөл, хүсэлтийг төрийн байгууллага шийдвэрлэхийн тулд тухайн компанийн данс тайлангаас эхлээд бүхий л зүйлийг шалгах болно. Хэрвээ хөрөнгө оруулагчид хуулийн хүрээнд эс шалгуулах аваас хөрөнгө оруулалт хийх зөвшөөрлийг хэзээ ч олгохгүй.Жиргээчийн шоглосноор бол энэ хууль нь гадны хөрөнгө оруулагчдыг барьж аваад шорондоо хийсэнтэй агаар нэг сонстож байгаа бололтой.

Ер нь ийм хуультай улсад хөрөнгө оруулах уу. Хэн энэ “хөлдүү” Монголд ирж шоронд орохыг хүсэх вэ. Монголчуудад мөнгөө алдаад дээрээс нь шоронд нь сууснаас боломжийн, хуулийн хувьд асуудалгүй орон руу хөрөнгө оруулалт хийхийг хэн ч хүснэ биз дээ. Ер нь энэ Монголын төрд, монгол төрийн үйл хэргийг хөтлөгчдөд бодлого байна уу. Эсвэл гадна, дотны хэсэг бүлэг хүмүүсийн ямар нэгэн хатгалгаар ард түмнийг ядуу байлгах бодолтой байдаг юм уу гэх хардлага ч төрөх юм.

Л.ТӨР