Гэгээн тунгалаг хайрын аугаа түүхийг өдий хүртэл өртөөлөн ирсэн, үе үеийн найруулагчийн сэтгэлийг гижигдэж, онгодыг хөглөдөг алдарт “Ромьео Жульетта хоёр”. Хүн төрөлхтний түүхэн дэх хайрын домгуудын бодит илэрхийлэл болсон “Ромьео Жульетта хоёр” цаашид ч тайз, дэлгэцнээс буухгүй гэдэгт итгэнэ. Тэгвэл ярилцагчийн маань титэм болсон нэр нь XX зууны монгол Ромьео. Тийм ээ, энэ нэр түүнийг ямар ч сөрөг дүр бүтээсэн үзэгчдийн зүрх сэтгэлд уяатай байх болно.
Сар шинийн босгон дээр Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртсэн, “XX зууны монгол Ромео” гэгддэг жүжигчин О.Гэрэлсүхтэй ярилцлаа.
-Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээ авах мөчид танд ямар омогшил, огшил төрсөн вэ?
-Би зуугийн талыг наслаад, тавь гараад ирлээ. Тэр өдөр улсын маань Ерөнхийлөгч бидэнд бараг бүтэн цаг зарцуулсан. Тэр үед есөн хөлт цагаан тугийг хараад, улсынхаа төрийн сүлдийг л биширч суулаа. Төр гэж юу билээ гэж бодоход төрсөн эцэг маань л бодогдож байсан. Төрсөн эцэг маань надад монгол орны тусгаар тогтнолын тухай олон зүйлийг хэлж сургасан. Аав маань Батлан хамгаалах яамны ерөнхий инженерээр 25 жил, Нийгмийг аюулаас хамгаалах яамны инженерээр 10 жил ажилласан, Унгар улсад сургууль төгссөн, зам гүүрийн инженер хүн. Ингээд бодохоор хоёр том гүрний хооронд амьдарч байгаа иргэдийн хувьд тусгаар улс гэдэг маш чухал. Дээр нь Монгол Улс яагаад баруун, зүүн тийшээ дэлгэсэн тэрлэг шиг их тэлсэн байдаг вэ гэхээр хамгийн эсрэг үзэлтэй хүмүүс нь Баян-Өлгий, Ховд, Увс, эсвэл Сүхбаатар, Дорнод гэж би боддог. Тэд бол тэсэж үлдсэн хүмүүс.
Бид хэлмэгдүүлэлтийн үед өвөөгөө алдаж байсан. Ингээд бодохоор бидний түүх энүүхэнд байгаа. Миний хувьд хүмүүсийг түүхээ битгий мартаасай гэж боддог. Төрийн одон медаль авна гэдэг, энгэртээ зүүнэ гэдэг тусгаар тогтнолын нэг багана болж байна гэсэн үг гэж бодож байна.
-Жүжигчин О.Гэрэлсүх гэдэг хүнийг Монголын ард түмэн гавьяат гэж боддог юм байна. Яагаад гэхээр Таныг МУГЖ боллоо гэсэн мэдээг хараад олон хүн “Энэ чинь гавьяат биз дээ” гэж байна лээ. Танд ийм мэдрэмж төрж байсан уу?
-(Нүдээ бүлтийлгэж, мөрөө хавчсанаа) Төрийн дээд цол хэргэмийг би эрт ч авсангүй, оройтож ч авсангүй. Яг л цаг хугацаандаа авч байна гэж бодож байна. Би ерөөсөө одон медалийн тухай боддоггүй юм аа. Одон медаль бол надад өөрт минь яваа, өөрийн дүрд минь яваа.
-Та нэг үе XX зууны Ромео гэж шуугиулж явсан. Та бол царай зүс, нуруу туруу гээд эцэг эхээс заяасан өгөгдөлтэй жүжигчин. Тийм учраас та Ромео О.Гэрэлсүх гэдгээрээ үлдсэн байх. Тийм үү?
-Би тэр үедээ тэгж бодоогүй юм билээ. Эргээд 30 жилийн өмнөх бичлэгүүдээ хараад өөрийгөө таньдаггүй юм. Нэг удаа энэ яасан хөөрхөн хүүхэд вэ гэж хальт харсан шүү. Тэгтэл манай эхнэр “Чиний бичлэг гарч ирж байна шүү дээ” гэхэд “Би юм уу” гэж асууж байсан. Би үсэрч харайгаад, дүүлж харайгаад ёстой л унага, янзага шиг явсан юм билээ. Энэ шагналыг надад өгөхдөө Төр, засаг драмын, сонгодог урлагийг дэмжиж, сонгодог дүрд нь миний Ромеогийн дүрд өглөө гэж бодож байна. Түүнээс хойшхи киноны дүрүүд миний хүүхэд наснаас явсан киноны дүрүүд л дээ. Би театр, киноны салбарт 40 шахам жил ажилласан байна.
-Урлаг өөрөө харгис. Үнэлэмж нь ч өөр байдаг. Дуучид дотроо дуурийнхан дээр эрэмбэлэгддэг. Жүжигчид дотроо үндэсний театрынхан дээр эрэмбэлэгддэг. Энэ бол монгол түмэнд соёлоор дамжиж ирсэн бүхэл бүтэн дэг жаяг, ёс гэж би хувьдаа боддог юм. Та үүнтэй санал нийлэх үү?
-Нэг талаараа нийлнэ. Төрийн төлөө зүтгэнэ, багахан шан харамж, цалин мөнгөөр арав, хорь, гуч, дөчин жил ажиллана гэдэг бол хүний тэвчээр. Үүний цаана төрд минь, түмэн олонд минь хэрэгтэй юм гэж бодож ажиллана шүү дээ. Түүнээс туйлбаргүй, эцэж цуцах хүмүүс бий. Тэгэхээр хэцүү байсан ч арын амьдралыг минь даагаад, өмөг түшиг болдог хүмүүст талархах ёстой. Бид тусгаар улс учраас бүх зүйл сонгодог урлаг, драмын урлаг байх ёстой. Манай театр 90 гаруй жилийн түүхтэй. Зүүн Азийн Бээжин, Токио, Сөүл зэрэг хотуудад драмын урлаг одоо л хөгжиж байна шүү дээ. Харин бид эртнээс хөгжүүлээд, тууль, ардын урлаг, ерөөл магтаалаасаа авхуулаад хөгжүүлж байгаа хүмүүс. Энэ уламжлалыг алдахгүй байх нь хамгийн чухал. Нөгөө талаар театраас гадна авьяастай, цог золбоотой, сайхан хүмүүс бий. Бид бүгдээрээ л Монголын үр сад. Төрийн төлөө ажиллана, төр түмнийхээ төлөө ажиллана гэдэг хоёр өөр ойлголт. Энэ бол улсын ажил юм.
-Залуу охидын мөрөөдөл, зүүдний эзэн болсон Ромьеогоос эсрэгийн эсрэг “Ларьдма” гараад ирсэн, тийм үү. Харц, өгүүлэмж бол аймаар. Ингэж хувирах авьяасынх уу, зарим нь өөрийг тань бодит амьдрал дээрээ ийм хүн юм уу гэж шуугисан. Та юу хэлэх вэ?
-Би олон эерэг дүрд тоглосон. Ромьеогоос эхлээд дандаа эерэг дүрд тоглож байсан. 2012 онд гарсан “Хайрын эрэлд” 40 ангит кинонд Бадралын дүрд тоглосон. Сайхан дүрийг “Цэнхэр дүр” гэдэг. Сайн сайхныг үзүүлдэг учраас хийх юм багатай, алдаа эндэгдэл гаргадаггүй.
Сөрөг дүрийн санал бол яах аргагүй 2012 онд “Ларьдма”-гаар ирсэн юм. Ж.Сэнгэдорж найруулагчийн бүтээл. Би үүний өгөөж нь юу юм бэ гэдгийг эхлээд бодлоо. Сөрөг дүрийг бол үзүүлсэн шиг үзүүлж харуулна. Үүнийг ойлгож, ухаарч аваасай гэж хүссэн. Би найз нөхөд дундаа хартай, хортой, шартай эрчүүдийг мэднэ. Тэдэнд хэлж үзсэн, засах гэж үзсэн ч дийлдээгүй. Тэгээд энэ дүрээр харуулбал хүмүүст хэрэгтэй байх гэж бодсон юм. Би кинонд тоглох явцдаа маш олон саналыг найруулагчид тавьсан. Харин үүнийг тэд хүлээж авсан. Энэ киног хөшөө дурсгал мэтээр бүтээе л гэж бодсон доо. “Ларьдма” бол Уильям Шекспирийн “Отелло” жүжгийн хувилбар шүү дээ. Хардалт, хайр хоёрын хооронд дөрвөн хуруу зайтай байдаг.
Дүрийн ач холбогдлын тухай ч бодсон. Найруулагчдаа “Арай хэтэрч байгаа юм биш үү” гэж хэлсэн. Продюсер нь жүжигчин Навчаа байсан. Маш олон эмэгтэй олон жил хүчирхийлэл, доромжлол дор амьдарч байгаад эцсийн эцэст нөхрөө хөнөөгөөд шоронд ордог. Тэр үед УИХ-ын гишүүн, Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд байсан Ц.Оюунгэрэл намайг сэнхрүүлсэн л дээ. Энд тэнд явж байхад хүмүүс хүрч ирээд “Ахаа, би таны киног үзээд тэр найзаасаа салсан. Би зөв амьдралаа олсон. Би одоо гурван хүүхэдтэй. Танд баярлаж явдаг шүү” гэж хэлдэг нь л үр дүн гэж боддог шүү.
-Зарим нь үзэн ядаж байгааг Та мэдэрсэн үү?
-Мэдэхгүй ээ. Ихэнхдээ эрчүүд л үзэн яддаг юм шиг байна лээ.
-Та амьдрал дээр хэр уян зөөлөн хүн бэ. Жүжигчин биш өрхийн тэргүүн О.Гэрэлсүхийн хувьд?
-Би өөрийгөө таньж мэдэх гээд өдийг хүртэл амьдарч байна. Хэзээ өөрийгөө таних юм бол гээд өдөр болгон ноцолддог шүү. Харин намайг ямар хүн болохыг гэр бүлийнхэн маань л илүү хэлэх байх даа.
-Та эхнэрээ сольсон уу?
-Үгүй ээ. Би эхнэртэйгээ 1995 онд танилцаад, өдийг хүртэл амьдарч байна. Бид гурван хүүхэдтэй. Амьдрал юм чинь энэ хугацаанд зөрчил маргаан байлгүй л яах вэ.
-Жүжигчин байх хугацаандаа хэчнээн тайзны уран бүтээлд тоглосон байна вэ?
-Тайзан дээр 20 гаруй гол ба туслах дүрд тоглосон. Мөн 40-50 кинонд тоглосон.
-Таны цаашдын зорилго юу вэ. Энэ шагнал өөрт тань урам өгч байгаа шүү дээ. Ард түмэн таныг аль хэдийнэ гавьяат гээд үнэлчихсэн байна. Гэтэл та гавьяатгүй, Соёлын тэргүүний ажилтанаараа л явж байж. Одоо гавьяат боллоо?
-Урлагт 40 шахам жил ажиллачихаад, 50 насны босгыг алхаад явж байна. Надад цаашдаа ажиллах хугацаа байна. Монгол Улсын тусгаар тогтнол, монгол хүний өв соёл, түүхийн тухай юм хийхсэн. Ер нь одоо монгол гэдэг зүйл хамгийн чухал. Монгол морь, монгол эмээл, монгол гэр, монгол дээл, монгол эхнэр гэдэг хамгийн чухал. Жишээ нь, “Ларьдма” киногоор бодоход монгол эхнэрүүд л хэрэгтэй байна шүү дээ.
-Та өөрөө нийслэлийн Хорьдугаар сургуулийн бүтээгдэхүүн юм байна. Баярыг тань хуваалцахаар ирсэн ангийн хамт олны төлөөлөл гарч ирээд Японд долоо хоног амрах эрхийн бичиг өглөө. Үүнийг харж суухад анги хамт олондоо нэр хүндтэй, үеийнхэндээ ханилгаатай, нөхөрлөлийн үнэ цэнийг мэдэрдэг, хэлсэн ярьсандаа байдаг эр хүн шиг санагдав. Үүнд юу хэлэх вэ?
-Цэцэрлэгийн найз, арван жилийнхэн, их сургуулийн найзууд гээд олон бий. “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэдэг. Унага байхдаа ижилссэн сүрэг шүү дээ бид чинь. Манай ангийнхан бүгдээрээ салбар салбартаа манлайлж яваа. Бид хоёр нийгэм үзсэн хүмүүс шүү дээ. Бид 1970-аад оны динозаврууд. Хүмүүс 1970-аад оны динозаврууд тэнэг шүү гэж боддог юм. Гэхдээ бид дуугай л байдаг. Энэ нийгмийг авч явах ёстой. Бидний үүрэг ирж байгаа.
Өнөөдөр гавьяат цол хүртэж байна гэдэг энэ гагнаасыг хийхийн эхлэл. Үүнээс хойш ертөнцийн мөнх бусыг үзүүлтлээ нийгэмдээ түшиг тулгуур болох ээлж ирсэн гэсэн үг шүү дээ. Аав, ээжийн хэлдэг тэр л үе ирлээ дээ. Хариуцлага ирж байна гэж ойлгож байна.
Тэрбээр ингэж хэлсэн. Түүнтэй ярилцаж суухад Монголын Үндэсний Драмын театрын дарга, төрийн шагналт найруулагч Н.Наранбаатарын “Энэ театрт жинхэнэ жүжигчин боловсорч ургадаг юм” гэж хэлсний нэг тод баталгаа нь яах аргагүй XX зууны монгол Ромьео, МУГЖ О.Гэрэлсүх юм гэж бодогдсоныг нуух юун.
Ярилцсан Н.САРАНЧИМЭГ