Categories
гадаад мэдээ

“Эмгэнэлт өдөр”-т зориулж ээлжит бусаар чуулав DNN.mn

Европын парламент эмгэнэлт өдөр буюу Оросууд Украинд бүрэн хэмжээний дайн эхэлсний 1000 хоногийн өдрийг Брюссельд ээлжит бус чуулган хийж тэмдэглэв. Европын Холбоо болон Украины төрийн далбааг Европын парламентын ордны өмнө мандуулж, депутатууд Украины үндэсний далбааны өнгөтэй энгэрийн тэмдэг, бугуйвч эсвэл хувцас өмсөж, харин зарим нь хар өнгийн хувцас өмссөн байв. Энэ удаа Украины ерөнхийлөгч Европын депутатуудтай биечлэн биш, харин видео холбоогоор харилцав. Европын парламентын дарга Роберта Мецола “Владимир Зеленский дэлгэцэн дээр гарч ирэнгүүт хуралдаан эхэлнэ” гэж зарлав.

Украины ерөнхийлөгчийг дэлгэцэн дээр гарч ирэхэд урт удаан алга ташилтаар угтав. Тэрээр англи хэлээр Европын парламентад хандан Оросыг хүчээр шахаж, дайныг шударгаар дуусгахад хэрэгтэй бүхнийг хийхийг уриалаад “Мянган өдрийн дайн бол аймшигт гамшиг. Украnны хувьд ирэх жил энх тайвны жил болох ёстой. Та бүхэн Оросын цохилт бүрийн эсрэг хатуу хориг арга хэмжээ авах ёстой. Нефть зарах замаар Оросын дайныг санхүүжүүлэх нь Путины дэглэмийн амин сүнс юм. Түүний сүүдрийн флот түүнийг амьд байлгаж байгаа бөгөөд эдгээр танкерууд нефть зөөж байхад Путин бусдыг алсаар байх болно. Путин хүмүүсийг ч, хууль ёсыг ч үнэлдэггүй гэдгийг та бүхэн сайн мэднэ. Тэр зөвхөн мөнгө, эрх мэдлийг эрхэмлэдэг. Иймээс түүнийг дайн хийх мөнгөгүй болгох нь энх тайвныг сэргээхийн тулд түүний эсрэг авах ёстой арга хэмжээ” гэж хэлэв. Украины ерөнхийлөгчийг үгээ дуусгахад депутатууд дахин удтал алга ташив. Хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 14-нд Европын парламент Путины дайн хийх санхүүгийн гол эх үүсвэр болж байгаа Оросын далд флотын эсрэг хориг арга хэмжээ авах тогтоол баталсан бөгөөд үүний зэрэгцээ ОХУ-ын эсрэг авах 15 дахь хориг арга хэмжээг боловсруулж байгаа билээ.

Европын парламентын дарга Роберта Мецола “Манай парламент анхнаасаа л Украиныг дэмжсээр ирсэн. Украины улс төр, санхүү, хүмүүнлэг, цэргийн тусламжийг энэ удаагийн парламент тэргүүлэх чиглэл болгож байгааг би үргэлж бахархаж байх болно. Шударга ёс, нэр төр, “Украингүй бол Украинтай холбоотой асуудлаар юу ч ярихгүй” гэсэн зарчимд суурилсан энх тайвны төлөө бид үргэлж зогсох болно” гэсэн бол түүний дараа Германы депутат, Европын парламентын хамгийн том, Христийн ардчилсан намын бүлгийн дарга Манфред Вебер “Киевт туслахын тулд юуны өмнө бид америк найз нартайгаа ярилцах ёстой. Украины дайн бол зөвхөн бүс нутгийн асуудал биш. Украины дайн бол эрх чөлөөт ертөнц ба харгис дарангуйллын хоорондох тэмцлийн шугам юм. Иймээс Украиныг дэмжихэд Европын Холбоо илүү хариуцлага хүлээх ёстой. Украинд оруулсан бидний нэг евро нь Европт ирэх олон дүрвэгчдийг санхүүжүүлэхээс бага зардал байх болно. Орос өөрчлөгдөхгүй, бүх европчуудын аюулгүй байдалд заналхийлсэн улс хэвээр байх болно. Украин байлдааны талбарт ялалт байгуулах ёстой. Европын арми Украnны цэргүүдтэй хамтарч Европын зүүн хилийг урт хугацаанд хамгаалах Европын бат тулгуурыг бий болгож чадна. Украин удахгүй Европын Холбоонд элсэх бөгөөд НАТО-д ч бас гарцаагүй элсэх болно.

Иймээс манай бүлэг Украины Зэвсэгт хүчинд барууны бүх зэвсгийг хэрэглүүлэх, Киевт “TAU­RUS” пуужин нийлүүлэхэд тавьсан бүх хязгаарлалтыг цуцлахыг уриалж байна. Бид Украиныг дэмжиж байгаа, тийм ээ, бид ялах болно!” гэж мэдэгдэв. Мөн Европын парламент дахь Социал демократ намын дарга, Испанийн иргэн Иратже Гарсиа Перес “Манай бүлэг Украиныг эцсийн ялалт хүртэл бүх шаардлагатай тусламж үзүүлэхийн төлөө ажиллах болно гэдгийг амлаж байна. Ерөнхийлөгч Зеленский болон Украины ард түмэнд чанга алга ташилт, урам зориг, зориг, тэсвэр хатуужлын тухай сайхан үгс хэрэггүй, Украинд зэвсэг хэрэгтэй, учир нь дайныг зөвхөн агаарын довтолгооноос хамгаалах систем төдийгүй нисэх онгоц, пуужин, танк бас сумаар ялж дуусгадаг. Барууны улсуудын “өөртөө зориулсан” улаан шугам бүрийг Украины ард түмэн амь, насаараа төлж байна. Украины ялалт бол Европ тивийн аюулгүй байдлын хамгийн сайн баталгаа юм” гэж хэлэв. Германы депутат Терри Рейнтке мөн Европын парламент дахь “ногоон” бүлгийг төлөөлөн Украинд үзүүлэх цэргийн дэмжлэгийг нэмэгдүүлж, аюулгүй байдлын найдвартай баталгааг яаралтай өргөжүүлэхийг уриалаад “Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон учир Европын Холбоо шинэ шийдэмгий алхмаар урагшилж, Путинд өөрсдийн нэгдмэл хүч чадлаа харуулах ёстой” гэж хэлжээ. Харин Европын парламентын Унгарын гишүүн Кинги Гал “Дональд Трамп сонгогдсоны дараа Украины зөрчлийг дипломат аргаар шийдвэрлэх боломж урьд өмнөхөөсөө илүү их болсон. Унгар улс түүхэндээ хамгийн том хүмүүнлэгийн тусламжийн ажиллагааг Украинд явуулсан. Дайн манай хөршид болж байгаа тул мөргөлдөөн хурцадсан нь бидэнд ноцтой үр дагавар авчрах болно. Ийм учраас бид Украинд зэвсэг нийлүүлэхэд оролцохгүй бөгөөд хурцадмал байдалд хүргэж болзошгүй энэ саналыг эсэргүүцэж байна” гээд үүний оронд тэрээр гал зогсоож, энхийн хэлэлцээг аль болох хурдан эхлүүлэхийг уриалав. Харин Европын парламентын зүүний хүчний бүлгийг төлөөлж Германы депутат Мартин Ширдеван “Олон улсын хамтын ажиллагаа, олон улсын хамтын нийгэмлэгийн Орост үзүүлэх улс төрийн дарамтыг байнга нэмэгдүүлэх замаар мөргөлдөөнийг дипломат аргаар зохицуулахыг уриалаад “Бид Путины хамгаалалт, цэрэг-аж үйлдвэрийн цогцолбор, түүний олигархиуд болон хязгаарлалтыг тойрч гарахын тулд ашигладаг сүүдрийн флотын эсрэг чиглэсэн, үр дүнтэй хориг арга хэмжээ авах замаар эдийн засгийн дарамтыг нэмэгдүүлэх ёстой” гэж хэлжээ. Европын парламентын “Шинэчилж буй Европ” бүлгийг төлөөлж Францын депутат Валери Айе цэргийн болон санхүүгийн тусламжаа нэмэгдүүлэн Украинд барууны зэвсгээр Оросын нутаг дэвсгэр дэх цэргийн бай руу довтлохыг зөвшөөрч, Путины сүүдрийн флот зэрэг барууны хориг арга хэмжээг тойрч гарах бүх цоорхойг бүрэн хаахыг уриалаад “Тийм ээ, ерөнхийлөгч Зеленский, таны ялалтын төлөвлөгөө зөв. Учир нь энэ бол урт удаан, эрх чөлөөтэй, шударга энх тайвны төлөө төлөвлөгөө юм. Тиймээс та наргүйгээр бид юу ч хийх ёсгүй” гэж хэлээд “Украины ирээдүй бол Европын Холбоо болон НАТО юм” гэж мэдэгдсэнээр Европын парламентын ээлжит бус чуулган өндөрлөв.

Categories
мэдээ нийгэм

“Монгол Улсын нийслэл-385, Үндсэн хууль-100, Улаанбаатар хот-100” архивын баримт, биет үзмэрийн үзэсгэлэн үргэлжилж байна DNN.mn

Монгол Улсын нийслэл үүсэн байгуулагдсаны 385 жил, Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жил, Нийслэл Хүрээг “Улаанбаатар хот” хэмээн нэрийдсэний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг  нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Архивын газар, Улаанбаатар хотын музей хамтран 11 дүгээр сарын 18-27-ны хооронд зохион байгуулж байна.

Энэхүү үзэсгэлэнгийн үзмэр нь хэсгээс бүрдэх юм. Тодруулбал,

  • 1639 онд Өндөр гэгээн Занабазарын “Шар бөсийн орд” байгуулагдаж, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын шав тавигдсанаас эхлээд Өргөө, Их Хүрээ, Нийслэл Хүрээ хэмээн нэрлэгдэж байсан үед холбогдох үзмэрүүд тавигдсан. Үүнд, Өндөр гэгээн Занабазарын хөрөг зураг, Өндөр гэгээн хийгээд Эрдэнэ зуугийн хийдийн түүхэнд зориулсан сурвалж зохиолын хуулбар, ардын зураач Ү.Ядамсүрэнгийн “Анхны Өргөө”, “Хүрээний нүүдэл” уран зураг, хутагтын “Ривогэжайганданшаддувлин“ хийдийн уран зураг, Их Хүрээг Сэлбийн хөвөөнд суурьшуулсан, Хүрээний хурал номын гол хэсгээс Хятад худалдаачдыг нүүлгэн шилжүүлсэнд холбогдох архивын баримтыг байрлуулжээ.

  • 1924 онд нийслэл хотын Түр, Жинхэнэ захиргааны анхны дарга М.Баярын гэрэл зураг, Нийслэл Хүрээг Улаанбаатар хот хэмээн нэрийдэх, хотын түр захиргааг жинхэнэ захиргаа болгох тухай Улсын Анхдугаар Их Хурлын тогтоол, нийслэлийн Түр Захиргааны дарга, гишүүдийг сонгож томилсныг баталсан Хороодын төлөөлөгчдийн хурлын тогтоол, Түр захиргааны дүрмийг баталсан Ардын Засгийн газрын хурлын тогтоол, Монгол Улсын хотын түр захиргааны дүрэм, Улаанбаатар хотын захиргааны газрын дагаж явах дүрэм, Улаанбаатар хотын олон хороодын дарга нарын дагаж явах дүрмийн бичмэл болон хэвлэмэл эх, Нийслэлийн Түр, жинхэнэ захиргааны тамга, 15 дугаар хорооны захирлагын тэмдэг, Нийслэлийн хороодын төлөөлөгчдийн анхдугаар хурлын тогтоол, Хотыг сайжруулах комиссын хурлын тогтоол, хотын жинхэнэ харьяат болохыг хүсэгчид, хотын амьдралыг харуулсан баримт, гэрэл зургийг байрлуулсан байна.

  • 1924, 1940, 1960, 1992 оны Үндсэн хууль, Үндсэн хууль зохиох бэлтгэл ажил, Анхдугаар Үндсэн хуулийн төсөл зохиох комиссыг томилсон тогтоол, Д.Бодоо, Ж.Цэвээн нарын боловсруулсан Үндсэн хуулийн төсөл, Анхдугаар Үндсэн хуулийг баталсан Улсын Их Хурлын тогтоол, Үндсэн хууль зохиох комиссын гишүүд болон Үндсэн хуулийн төслийг боловсруулах, баталсантай холбогдох гэрэл зургийг байрлуулжээ. Үзэсгэлэн Хангарди ордны  “Б” байрны нэг давхарт энэ сарын 27-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийтийн тээврийн 1128 автобус иргэдэд үйлчилж байна DNN.mn

2024 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 11:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1128 автобус иргэдэд үйлчилж байна.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймгийн Ханх суманд 3.2 магнитуд хүчтэй газар хөдөлжээ DNN.mn

Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 20-ны 21:50:40 цагт 3.2 магнитуд хүчтэй газар хөдлөлт боллоо.

Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 51.17 100.37

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Т.Мөнхсайхан: Нэн яаралтай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зогсоосон зүйл огт байхгүй DNN.mn

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ЭМД-ын асуудлаар мэдээлэл өглөө.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ” Бүх эмнэлэг ЭМД-ын сантай. ЭМД сан хязгаарлагдмал хөрөнгөтэй. Ялангуяа томоохон эмнэлгүүдэд гэрээ хэтэрсэн зүйл бий. Тухайлбал, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Гуравдугаар эмнэлэг, УНТЭМонгол-Японы эмнэлгүүдийн ЭМДЕГ-тай хийсэн гэрээ дууссан. Гэсэн хэдий ч тухайн эмнэлгүүд Эрүүл мэндийн даатгалаар яаралтай тусламж үйлчилгээнүүдээ хэвийн  үзүүлж байгаа. Тиймээс, нэн яаралтай тусламж үйлчилгээг зогсоосон зүйл огт байхгүй. Рашаан, сувиллын эмчилгээ буюу архаг хууч өвчлөлийн оношоор хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрээнд заасны дагуу ирэх он руу шилжүүлж, тусламж үйлчилгээ үзүүлээрэй гэдэг зохицуулалт хийсэн.

ЭМД-ын санд 2023 оны байдлаар 1.93 их наяд төгрөг төвлөрсөн. 11, 12 сард зарцуулах ёстой мөнгийг эхний улирлуудад зарцуулсан учраас өнөөдрийн нөхцөл байдал үүссэн” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

I хороолол орчмоор агаар маш их бохирдолтой байна DNN.mn

Агаарын чанарын индексийн хэмжилтийг заадаг agaar.mn сайтад мэдээлж буйгаар өнөөдөр 10:00 цагийн байдлаар I хороолол орчмоор агаар маш их бохирдолтой байна.

Мөн Толгойт, МҮОНРТ, Хайлааст орчмоор бохирдолтой  зааж байна. ДЭМБ-аас зөвлөснөөр агаарын чанарын индекс 50 давсан тохиолдолд хүний эрүүл мэндэд хортой гэж үздэг.

Categories
нүүр-хуудасны-онцлох

П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй DNN.mn

“Ачит Ихт” компанийн хувьцаа эзэмшигч Пунцагийн Цагаантай сонгуулийн эргэн тойронд болж өнгөрсөн явдлаар ярилцлаа.


-Таны бие сайн уу. Гадаадад хийлгэж буй эмчилгээ хэр үр дүнтэй байна даа?

-Өвчин хэлж биш, хийсэж ирэх юм. Тоохгүй явж байгаад хүндрүүлчихсэнээ ойлгосон. Одоо бие сайн, дэглэмээ сахиж байна.

-УИХ-ын сонгуулийн өмнө танай компанийг тойрсон дуулиан хүчтэй дэгдсэн. Нэгжлэг хийлээ л гэнэ, сонгууль санхүүжүүлсэн л гэнэ, экс Ерөнхийлөгч Та хоёрын вайбер чат ч олдлоо, танай үйлдвэрийн ус, цахилгааныг тасаллаа, лацадлаа гээд юу юу ч болоод өнгөрөв. Тухайн үед юу бодогдож байв?

-Санаанд ч оромгүй, оргүй худал зүйлийг гэнэт сонсоод мэл гайхаж, цэл хөхөрсөн. Хамгийн түрүүнд, Ерөнхий сайдыгаа ийм үндэслэлгүй мэдээллээр хангадаг төрийн байгууллага зөвхөн Монголд л байдаг болов уу? Сонгуулийн хар пиар тул эрүүл байвал учир нь олдоно биз гэж бодсон. Алх барьсан хүнд бүх зүйл хадаас шиг харагддаг гэдэг зүйр үг үнэн ч юм уу гэж бодогдож байсан.

-Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж та хоёрын гэх вайбер чатыг жирийн иргэд ч үнэн, худал гээд баахан шуугьсан?

-Тэрхүү вайбер чат гээд байгаа юм нь 100 хувь хуурамч, болхи эвлүүлэг. Эрүүгийн эрх зүйд гэмт хэргийн нотлох баримтыг судлан шинжилдэг криминалистикийн шинжлэх ухаан гэж бий. Харин энэ чиг үүргийг мөрдөгчид биш, жирийн иргэд биелүүлж гэх үү, тун гярхай ажиглаж, олон талаас нь хуурамч гэдгийг баталж нийгмийн сүлжээнд тавьсныг харсан. Жаахан тогтож харахад л цаг хугацаа, орон зай, утга агуулга, бичлэгийн гээд олон алдаатай, хуурамч нь илт харагдаж байгаа.

Түүнээс гадна бэлээхэн алиби ч байна. Чатын агуулгыг нь харахаар сонгуулийн өмнө, энэ жил, Монголд болсон мэт. Мөн чатыг сүүлийн хоёр жил очоогүй үйлдвэрээс, миний огт танихгүй ажилтны хамгаалалттай, тусгай тохируулгатай компьютероос “олж илрүүлсэн” нь бас гайхалтай. Гэтэл би өнгөрсөн онд эмчилгээ хийлгэхээр гадагшаа яваад, энэ жил Монголд ерөөсөө байгаагүй. Элбэгдоржтой ямар ч холбоо харилцаагүй явж ирсэн.

Гэтэл энэ бүгдийг хуулиар шалгах, нягтлах үүрэг хүлээсэн цагдаа, прокурорын албан тушаалтан шалгахгүй, хөшүүн хойрго хандаж, өмгөөлөгчийн хүсэлт, өргөдлийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгазаад хагас жил болж байна.

-Сонгууль өнгөрчихсөн тул “чат” үүргээ гүйцэтгэсэн гээд тоохгүй байгаа юм болов уу?

-Харин л дээ. Тэр хуурамч чатыг дөрөөлж, цагдаагийн байгууллагынхан Элбэгдоржийг Ачитын хувьцаа эзэмшигч хэмээн зарлачихаад, нотолгоо олохоор улайран зүтгэж байгаа учраас би тэгж бодохгүй байна. Уг нь аль таван жилийн өмнө, Х.Баттулга Ерөнхийлөгчийн үед, нэр бүхий ах дүү хоёрын гүтгэлэг, матаасаар, тухайн үеийн Хууль зүйн сайдын цохолтоор хуулийн байгууллагууд хамтарч манай компани, гэр орныг нэгжиж, миний гишгэсэн мөр бүрийг шалгасан. Олон сар шалгасны эцэст, Элбэгдоржийн оролцоогүй гэдгийг ч тогтоосон, эрүүгийн хэрэг үүсгэхээс ч татгалзсан. Тухайн үед ч талбайн хажуугийн банкны салбараас хувьцаа эзэмшигч Ц.Элбэгдорж руу доллар шилжүүлсэн мэтээр хуурамч гүйлгээний баримт үйлдсэн байсныг нь сүүлд олж мэдсэн. Мэдээлэл нь худал, баримт нь хуурамч гэдэг нь нотлогдоод уг гүтгэлгийн хэрэг бүрэн мухарлагдсан гэж ойлгож явсан маань эндүүрэл байжээ.

-Ер нь таны энэ яриад байгаа тийм ноцтой хуурамч баримт гүтгэлгийг хэн үйлдэх вэ. Хэн зохиох вэ?

-Жирийн иргэн үйлдэх боломжгүй, тийм хэрэгцээ шаардлага ч байхгүй. Хуурамч баримт үйлдэх нь манай улсын Эрүүгийн хуульд заасан хүнд гэмт хэрэг. Бусад улсад ч ижил, зарим улс хуурамч баримт үйлдсэн этгээдийг 20 хүртэлх жилээр хорих, хэрэв хохирогч цаазлуулсан бол уг этгээдийг цаазалдаг юм байна.

-Хуурамч баримтыг хуулийн байгууллага санаатай үйлдэх үү. Эсвэл өөр сонирхолтой этгээд үйлдэж, хуулийн байгууллагаар чулуу хөөлгөсөн байж болох уу?

-Арай ч үгүй байх. Шударга ёс, төрт ёсны эсрэг хүнд гэмт хэрэг болно. Буруу бодолтой хүн, сайхан сэтгэлтэй хүмүүсээс урьтаж бодож, хурдан гүйж, илүү хорон ажилладаг нь нийгмийн парадокс. Гэхдээ эрт орой хэзээ нэгэн цагт үнэнд гүйцэгддэг жамтай.

-Сонгуулийн үеэр Элбэгдорж гуайг танай компанид хувь оролцоотой юм байна л гэж нийгэм ойлгосон, ойлгуулсан ч юм уу?

-Хардаж болно, гүтгэж болохгүй. Энэ сонгуулиар өнөөх л хар пиар, гүтгэлэг нь давтагдлаа. Энэ удаад Элбэгдоржийг манай компанийн хувьцаа эзэмшигч, өмчлөгч болгоод түүн рүү олон сая доллар шилжүүлсэн гэх илтэд худал мэдээллийг цагдаагийн байгууллага олон нийтэд цацаад, одоо өөрсдөө нотолж чадахгүй байна шүү дээ. Оргүй худал зүйл яаж ч нотлогдох билээ.

Миний хувьд, Монгол төрдөө хоёргүй сэтгэлээр ажилласан, хувь хүнд зүтгээгүй. Төрийн тэргүүнд миний хуримтлуулсан мэдлэг, туршлага л хэрэгтэй тул ажиллуулсан гэж ойлгодог. Сүүлдээ үзэл бодлын хувьд зарим зүйлд санал нийлэхгүй, ажил нь хий эргээд байхаар нь бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас нэг жилийн өмнө сайн дураараа ажлаа хүлээлгэж өгөөд явсан. Ажлаа өгснөөс хойш ч бидний хооронд ямар нэгэн хувийн харилцаа, өр авлага байхгүй тус тусын амьдралын мөрөө хөөцгөөсөн.

Гэтэл хаа хамаагүй хоёрыг холбосон эрүүгийн зохиомол хэрэг үүсгэж, олон хүнийг яллагдагчаар татаж, хэлмэгдүүлж, бизнест саад тотгор учруулж байна. Манай компанид Элбэгдорж гэдэг хүний оролцоо хумхын тоосны чинээ ч байхгүй гэж зурагдсан пянз шиг мөн ч олон удаа хэллээ. Угаасаа байхгүй болохоор худал гүтгэлэг гээд тоолгүй орхисон маань буруу байж. Намайг анх улс төрд орж байхад, нутгийн нэг буурал “Хол явах хүн хуцсан нохой болгон руу эргэж хараад чулуу шидээд байвал газар хордоггүй юм. Чамайг муулах, сайлах хүмүүс зөндөө л учирна. Тэднийг ажрахгүйгээр ажлаа л сайн хий” гэж захиж байсныг дагаж ирсэн.

-Сонгуулийн үеэр та хоёрыг бас Солонгосын нэг иргэнд алтны лиценз зарсан, залилсан, хахууль авсан, сонгуульд ашигласан гэсэн ТВ-ийн нэвтрүүлэг цацагдсан. Тэр тухайд?

-Бас л үндэслэлгүй гүтгэлэг, эвлүүлэг. Энэ хэрэг надтай огт холбоогүй. Миний санаж байгаагаар, таван жилийн өмнө АТГ-ын зүгээс хохирсон гэх Солонгосын иргэний асуудлыг шалгаж, мухарласан ба хэргийн эзэд нь тухайн үед тодорхой л юм шиг санагдсан. Яагаад шийддэггүй юм бол оо гэж гайхаж байна.

-Танай компаниудыг мөнгө угаасан, татвараас зугтсан хэргээр шалгаад байгаа гэсэн үү?

-Тийм ээ. Татварын албыг, цагдаагийнхантай зуузай холбоод хүрээд ирэхээр нь татвар төлөгчдөө хамгаалах болов уу гэж бодсон чинь эсрэгээрээ, эрүүгийн хэрэгт холбох, торгох, дарамтлах ажлыг хамтран шуурхай гүйцэтгэсэн. Гэхдээ ихэнх нь, уучлаарай дээрээс өгсөн даалгавар гэж гэмшингүй байгаа сурагтай. Насаараа чин шударга хөдөлмөрлөж, бүхнээ төр, түмний төлөө зориулсны эцэст “мөнгө угаасан, татвараас зугтсан” гэж гүтгүүлж байгаадаа үнэхээр гутах юм. Уг нь мөнгө угаах гэмт хэрэг нь хууль бус орлогыг хууль ёсны болгох үйлдэл. Манай компани үйлдвэрлэл эрхэлж, бүтээгдэхүүний борлуулалтаас олсон орлого нь хууль ёсны орлого учраас мөнгө угаах гэсэн ойлголтод хамрах ёсгүй.

Татвараас зугтаасан өчүүхэн ч үйлдэл бидэнд байхгүй. Манай компанийг 2015 оноос хойш Монгол Улсын Засгийн газар, МХАҮТанхимтай хамтран шилдэг татвар төлөгч, ТОП-100 ААН-ээр тогтмол шалгаруулж байснаа, гэнэт энэ жил “татвараас зугтаагч” болгоод төрөл арилжуулчихсан. Уг нь манайхан жил бүр татвар, санхүүгийн тайлангаа хөндлөнгийн олон улсын аудитын байгууллагаар хянуулж, татвараа цаг хугацаанд нь үлгэр жишээ төлж ирсэн.

-Тэгвэл яг юунд буруутгаад байгаа юм. Тодорхой жишээ байна уу?

-Хоёр жишээ хэлье. Орчин цагт уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, эцсийн хэрэглэгчид бие биеэ мэддэггүй, мэдсэн ч худалдан борлуулахдаа тохиролцож чаддаггүй учраас дунд нь худалдааны компаниуд зуучилдаг. Монгол Улс ДХБ-ын гишүүн. Ийм учраас ДХБ-ын Гадаад Худалдааны Ерөнхий Нөхцөл, олон улсын жишгээр бүтээгдэхүүний нэр төрөл, чанар, тоо хэмжээ, зарах цэг, зах зээлийн үнийн чиг хандлага, санхүүжилт, тээвэр, төлбөрийн нөхцөл, даатгал, маркетинг зэрэг олон хүчин зүйлийг харгалзан худалдааны компанид үнийн хөнгөлөлт олгодог. Энэ бол худалдааны алтан дүрэм. Манай катодын зэсийн хувьд, ЛМБиржийн үнийн нэмэх, хасах 5 хувийн хөнгөлөлт олгодог. “Ачит Ихт” ХХК-ийн олгож байгаа үнийн хөнгөлөлт нь дундаж түвшинд л байгаа. Гэтэл үүнийг мөнгө угаасан, татвараас зугтсан гэж гүтгэж, олон хүнийг яллагдагчаар татсан. Ийм жишиг тогтвол, маргааш өглөө Эрдэнэт, ОТ, гадаад худалдаа эрхэлж байгаа бүх компани ялтнууд болж хувирна. Бид ер нь хаашаа явж байна вэ? Эрүүл саруул ухаанаа арай гээчихсэн юм биш байгаа даа?

Саяхан, Улаанбаатар хотод ажлаар ирсэн Лондонгийн Металлын Биржийн Гүйцэтгэх Захирал Монгол Улсаас ганц гишүүн, манай компанитай уулзсан. Худалдааны хөнгөлөлтийн талаар үүссэн дээрх асуудлыг сонсоод чихэндээ итгээгүйгээр барахгүй хамтран ажиллаж, ойлгуулахад нь туслахаа илэрхийлсэн гэсэн. Дэлхий дахины тогтсон жишигт нийцсэн ердийн үйл ажиллагааг гэмт хэрэг гэж үзээд эхэлбэл Монгол Улс яаж хөгжих вэ?

Өөр нэг жишээ. Олсон орлогоосоо татвараа төлөөд, олон хүний мөрөөдөл биелүүлсэн, төрийн ачааг нимгэлсэн “Степпе арена” мөсөн өргөөнд оруулсан хөрөнгө оруулалтыг “татвараас зугтаасан”, “мөнгө угаасан” гэж буруутгаж байгаа гэсэн. Татвараа төлсөн л бол мөнгөө Мөсөн өргөөнд байна уу? Хойд мөсөн далайд байна уу, дэлхийн хаана ч хөрөнгө оруулах, захиран зарцуулах нь Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, өмчийн эрх юм. Энэ эрх рүү ингэж бүдүүлгээр халдаж, хууль ёсыг завхруулж болохгүй.

-Сонсоход сонин жигтэй л юм. Ачит Ихтийн 34 хувийг асуухгүй өнгөрч болохгүй нь. 34 хувийн хувьцаагаа Эрдэнэтэд анхнаасаа өгчихсөн бол ийм хэл ам дагуулахгүй байсан болов уу. Таны бодлыг сонсъё.

-Үнэндээ эхнээс нь өгөх гээд бараагүй. Үйлдвэр туршилтаар ажиллаж эхэлмэгц л манай компани, хувьцааны 34 хувийг эзэмшиж, ТУЗ-ийн хоёр гишүүнээ томилно уу гэсэн хүсэлтээ албан ёсоор хүргүүлж гэрээний үүргээ биелүүлсэн боловч Эрдэнэт үйлдвэр үйлдвэрийг судлаад, олон эрсдэлтэй төсөл гэж үзээд хувьцаа эзэмшихээс татгалзсан. Оронд нь хэрэв үйлдвэр ажиллаж бүтээгдэхүүн гарч байвал борлуулалтын орлогоос нь тусгай төлбөр авна гэж тохиролцон гэрээ байгуулсан. Ер нь бол балансаас хасагдаж, нар салхинд олон арван жил гандаж, уусч, үнэт чанараа алдаж байсан овоолгоос цэвэр зэс ялгаж авах эрсдэлтэй төсөл амжилттай үргэлжилж явна гэдэгт Эрдэнэт үйлдвэр бүү хэл төслийг санхүүжүүлж, хувь эзэмшиж байсан Голомт банк ч эргэлзэж, санхүүжилтээ зогсоож байсан. Манай бизнесийн томчуул, Хөгжлийн банк бүгд татгалзаж байсан. Эцэст нь гадаадын компаниас хатуу нөхцөлтэй, өндөр хүүтэй зээл авч, үйлдвэрээ ашиглалтад оруулсан. Төслийг бүрэн санхүүжүүлэх үүргээ биелүүлээгүй Голомт банкнаас хувиа эргүүлэн худалдан авч, банкнаас авсан зээл болон хүүг хугацаанаас нь өмнө бүрэн төлж барагдуулж байсан гээд яриад байвал урт түүх болно.

Өнгөрсөн хугацаанд 34 хувийн асуудлаар Эрдэнэт үйлдвэрт гэрээнд өөрчлөлт оруулж, хамтарч ажиллах саналаа 12 удаа албан бичгээр өгсөн байдаг. Борлуулалтын орлогоосоо ашиглалтын тусгай төлбөр төлөхөө больж, хувьцааныхаа 34 хувийг өнөөдөр ч эзэмшүүлэхэд бэлэн байгаа. Түншийн нэг нь гараа сунгаад, нөгөө нь гараа өгөхгүй бол гар барилцаж болдоггүй юм байна.

-Шийдчихээр л асуудал дээр яагаад цаг алдаад байдаг юм бол?

-Өмнө хууль эрх зүйн орчин тодорхойгүй байсан болов уу. Одоо Үндэсний баялгийн сангийн хууль батлагдсан ч төрийн өмчийн үйлдвэрийн шийдвэр гаргах процесс нь нарийн төвөгтэй, бас сүүлд буруудахаас эмээдэг нь шууд ажиглагддаг. Хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн үед мэргэжлийн Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэж хамтын шийдвэр гаргасан өмнөх захирал нь буруутгагдаж байхад арга ч үгүй биз ээ.

-Танай үйлдвэр сая хэр удаан зогсов. Үйлдвэрлэл зогсохоор, улс татварын орлогоороо хохирно биз. Чат худал хуурамч байж гэж бодъё. Гэвч Та сонгуульд зориулж Элбэгдорж гуай руу тэр олон сая долларыг ч юм уу, аль эсвэл ямар нэгэн мөнгө шилжүүлсэн үү. Одоо хэлж болно биз дээ.

-Та нэг амьсгаагаар хоёр ондоо асуулт асуулаа. Үйлдвэр гурван сар гаран зогссон. Үйлдвэр зогсохоор зөвхөн зарлага л гарна. Орлого олоогүй болохоор, эхний ээлжинд, улс татвараар, Эрдэнэт үйлдвэр ашиглалтын төлбөрөөр, компанийн ажилтнууд урамшууллаар хохирсон. Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ тасалдаж, компанийн нэр хүнд олон улсад унасан. Гадаадынхан Ачит Ихт гэхээс илүү Монголын компани л гэнэ шүү дээ.

Хоёр дахь чухал асуултын тухайд гэвэл, Элбэгдорж руу шилжүүлсэн гэх тэр 13.5 сая гэдэг тоо нь өнгөрсөн жилүүдэд худалдааны компанид олгосон үнийн хөнгөлөлтийн нийлбэр дүн болж байх шиг байна. Арай л дэндүүлсэн шүү. Элбэгдоржид үнэндээ сохор зоос ч шилжээгүй, өмнө нь ч шилжиж байгаагүйг хариуцлагатай хэлчихье.

-Та тухайн үед У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид хандаж нээлттэй ил захидал бичсэн. Олон хүнд хүрсэн. Ямар нэг хариу авсан уу?

– У.Хүрэлсүх Ерөнхийлөгч шинээр бүрэлдсэн УИХ-ын нээлтийн чуулган дээр хэлсэн үгэндээ, хуулийн байгууллагуудын удирдлагад хандаж, гэм буруугүй нэг ч хүнийг хэлмэгдүүлж болохгүй гэж анхааруулсан. Нээлттэй захидлын минь хариу, бизнес эрхлэгчдийг өмөөрч хамгаалсан үг нь дотно сонсогдсон.

-Төгсгөлд нь танд нээлттэй асуулт тавья. Ер нь яагаад танд ямар нэгэн хэрэг тохох гээд байгаа юм бол?

-Би хууль эрх зүйн мэргэжлээр олон жил суралцсан, бичиг цаастай нухалдсан хүн. Үндэсний болон олон улсын хууль эрх зүйг эрх биш гадарлана. Бас Дэлхийн өрсөлдөх чадварын төвтэй хамтарч улс орнууд хэрхэн өгсөж, уруудаж байгаа талаар арав гаруй жил судалгаа хийж байна. Миний эргэн тойронд болж байгаа дуулиан, хэрэг гэгч нь хүний жудаг, шударга ёсонд харш, Үндсэн хууль болон бусад хуулийг ноцтой зөрчсөн, улс орны хөгжил дэвшилд хор хөнөөлтэй, Монголыг муухай харагдуулах олон муу үр дагавартай зохиомол, хүчирхийллийн үйл ажиллагаа.

Хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг улс ХХI зуунд байж болохгүй. Ийм бүдүүлэг, бурангуй үйлдлийн үүд хаалгыг эрт хааж, цоожлохгүй бол бидний цөөхөн монголчуудыг хэлмэгдүүлсэн өнгөрсөн зууны хар түүх давтагдах аюул нүүрлэж байгааг, Цагаатгалын комиссын ажлыг хариуцаж байсан хүний хувьд сэрэмжлүүлж байна.

Монгол Улс маань зүгээр л хөгжих, өрсөлдөх чадвартай болох хэрэгтэй байна шүү дээ. Ингэхэд ард иргэд нь айх аюулгүй амгалан тайван орчинд амьдарч, эрх чөлөөтэй, ажил, бизнесээ эрхлэх таатай орчин бүрдүүлж, хууль бус халдлагаас хамгаалах нь л анхдагч нөхцөл, төрийн үүрэг гэдгийг судлаачийн хувьд хэлье.

Монгол төрд хөгжлийн төлөө зүрх сэтгэлтэй, хүний эрх, хуулиа дээдэлдэг нь хувиа хичээгч, шимигчдээс хавьгүй олон гэдэгт би итгэдэг.

Мөнх хөх тэнгэр минь Монголыг минь ивээж байх болтугай.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

Ц.ГАНБОЛД

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НОБГ: Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна DNN.mn

Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна.

Сүүлийн өдрүүдэд энэ төрлийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна.

Иймд хогийн суваг, хогийн цэгт ил гал гаргахгүй, тамхины ишийг бүрэн унтрааж, аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна DNN.mn

Улсын хэмжээнд аравдугаар сарын сүүл үеэс томуу, томуу төст өвчний идэвхжил нэмэгдсэн. Арваннэгдүгээр сарын 5-ний өдрийн байдлаар өвчлөл идэвхжилийн түвшинд шилжээд байгааг ХӨСҮТ-өөс мэдээлсэн билээ. Энэ хугацаанд амбулаториор үйлчлүүлсэн нийт иргэдийн 5.2 хувь томуу, томуу төст өвчний шалтгаантай байгаа аж.

Ялангуяа бага насны хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан зөвлөхөд, хүүхдэд эмнэл зүйн шинж тэмдэг илрэхэд буюу халуурах, хоолой өвдөх, толгой өвдөх, бөөлжих, суулгавал харьяа өрхийн эмнэлэгт хандахыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна. Мөн 119 дугаарт залгаж, эрүл мэндийн тусламж үйлчилгээний талаар үнэгүй зөвлөгөө мэдээлэл авах боломжтой аж.

Уртасгасан цагаар дараах амбулаториуд ажиллаж байна. Ажлын өдөр 8:30- 20:00 цаг, амралтын өдрүүдэд буюу бямба, ням гарагт 10:00 – 17:00 цагийн хооронд ажиллана.

Улаанбаатар хотын зургаан дүүрэгт уртасгасан цагаар ажиллаж буй хүүхдийн эмнэлгүүд

Categories
нүүр-хуудасны-онцлох

Б.Цацрал: Та бүхнийг дээрээс шийтгэ гэсэн гэж хэлдэг DNN.mn

Эрх чөлөөний эвсэл намаас энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн 40 нэр дэвшигч хандивын данс нээгээгүй гэдэг шалтгаанаар зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа аж. Энэ асуудлаар тус намын дарга Б.Цацралтай ярилцлаа.


-Танай намыг шүүхэд өгсөн гэдэг асуудал яригдаад байна. Энэ тал дээр тайлбар өгөхгүй юу?

-Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуулийн тайлан мэдээ гараад Үндэсний аудитын газраас есдүгээр сарын 25-ны өдөр Сангийн яам руу явсан байна. Хуулийн хүрээндээ л энэ бүхэн хийгдэж байгаа. Гэвч Эрх чөлөөний эвсэл намаас нэр дэвшсэн 40 нэр дэвшигчийг сонгуулийн зардлын данс нээгээгүй, бүртгүүлээгүй. Бүртгүүлээгүй дансан дээр аудит тайлангаа Үндэсний аудитын газар хүргүүлээгүй гэх зөрчлийн хэрэг, хүн тус бүр дээр гурван хэрэг нээгээд нийтдээ 120 хэрэг нээчихсэн явж байна. Уг хэргүүдийн зөрчлийн шийтгэлийн нийт хэмжээ нь 1.6 тэрбум төгрөг болох юм байна. Эхнээсээ хоёр ч нэр дэвшигч шийтгэлийн хуудас авсан. Харин бидний зүгээс Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргана гэсэн байдалтай байна. Бидний хувьд дотоод зохион байгуулалтаа өөрсдөө хийгээд сонгуульд хэрхэн оролцохоо шийдээд төв намаасаа сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагааг зохион байгуулахаар болсон.

Нам дээрээ хандивын данс нээгээд хуулийн дагуу явцын тайлангаа бүртгүүлээд, аудитлагдсан тайлангаа мөн бүртгүүлээд явсан. Гэтэл бидний энэ бүх баримтыг үл харгалзан нэр дэвшигч тус бүр дээр данс нээсэнгүй гэх зөрчлийн хэрэг үүсгэсэн. Одоо 21 аймаг, есөн дүүргийн татварын байцаагч, эрх бүхий албан тушаалтнууд байцаалт явуулж байна. Нэмээд Төрийн сангийн байцаагч нар шалгалт явуулж байгаа. Бидний зүгээс бүхий л нотлох баримтуудаа өгөөд явж байна. Сонгуулийн тухай хуульд нам нь нэр дэвшигчийнхээ зардлыг хариуцаж гаргаж болно гэх заалт байгаа. Гэтэл энэ заалт бидэнд үйлчлэхгүй байна. Заавал данс нээсэн байх ёстой гэж тулгаагүй байхад зөрчлийн хэрэг нээгээд шалгаж байгаа юм. Ер нь энэ бол төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоогүй, алдаатай байдлаас шалтгаалсан.

-Үндэсний аудитын газраас гомдол гаргасан гэсэн үг үү?

-Үндэсний аудитын газрын гомдлоор Татварын ерөнхий газраас зөрчил үйлдсэн гэдгийг чинь тогтоосон учраас та хэдийг шийтгэнэ гэсэн байр суурьтай байгаа. Энэ бол байцаагч нарын л үг. Төрийн гэх нэрийн дор ажлаа хйиж байгаа хүмүүсийг бид буруутгахгүй. Эсрэгээрээ төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй байдал биднийг залхаан цээрлүүлэх, дарамт шахалт үзүүлэх, айлган сүрдүүлэх харилцаа хандлагатай байгаад бид шүүмжлэлтэй хандаж байна. Үүнийг шийдээч гэдэг шаардлага бид хүргүүлсэн. Гэвч одоогоор ямар нэгэн хариу ирээгүй л байна.

-Нэр дэвшигч данс нээж ч болно, нээхгүй ч байж болох юм байна. Гэвч данс нээлгээгүй гээд буруутгаад байгаа хэрэг үү?

-Энэ хэд маань ажлаа сайн хийгээд өмнө нь гарч байсан алдаануудаасаа сургамж авдаг байсан бол өнгөрсөн 2016, 2020 оны сонгуулиудаар данс нээхтэй холбоотой асуудал гарч ирж байсан байна. Нөгөөтэйгүүр сонгуульд оролцохдоо заавал зардал гаргана гэсэн зүйл байхгүй. Үүнийг хуульчилсан заалт байхгүй. Хүн өөрийн итгэл үнэмшилтэй, үзэл баримтлалтай, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөгөө хэрэгжүүлэхийн тулд зардал гаргах шаардлага байхгүй. Бид үүнийг л хэлж байгаа. Тиймээс Эрх чөлөөний эвсэл нам дээр явуулж байгаа энэ үйл ажиллагааг залхаан цээрлүүлэлт гэж ойлгож байна.

-Ямар нэг хүн, нам, эвслээс захиалгатай гэж үзэж байна уу?

-Хардах биш, бүр нотлогдож байна л гэж хэлмээр байна. Татварын байцаагч нар биднээс байцаалт авахдаа хувийн шинж чанартай асуулт асуудаг. Сонгуульд нэр дэвших саналыг танд хэн тавьсан бэ гэж асууж байгаа. Энэ асуулт данс нээгээгүйтэй ямар холбогдолтой вэ гэдгээ тайлбарладаггүй. Та бүхнийг дээрээс шийтгэ гэсэн гэж хэлдэг. Тэр нь хэн юм бэ. Энэ нь тодорхой болчихвол х уулийн маргаанаа үргэлжлүүлээд явж болж байна.

Мөн шууд бусаар оролцож байгаа нэг газар нь прокурор. Прокуророос ийм чиглэл өгсөн л гэдэг байдалтай байна. Энэ дабль стандартыг эсэргүүцэхээр буцаагаад бидэнд давхар стандартаар шийтгэж байгаа юм уу. Дарангуйллыг эсэргүүцэхээр буцаагаад дарангуйллын хэлбэрээр айлгаж ичээгээд байгаа юм уу гэдгийг асуумаар байна.

Т.Хөвсгөл