Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын нууц улс төр DNN.mn

Сүүлийн үед ил биш далд өрнөөд байгаа улс төрөөс нэг тийм эвгүй байдал ажиглагдаад байна. Тиймээс ажигласнаа хүргэх энэ бичвэрийг “Монголын нууц улс төр” гэчихмээр санагдаад салдаггүй. Учир нь энэ зүгээр нэг цагийн урсгал дагасан үйл явдал огт биш. Тэр бүр болоод байхгүй улс төр. Тийм явдал нууцаар болж байна. Олон таван оршилгүй шууд хэлэхэд, Үндсэн хуулийн 32 жил явж ирсэн тогтолцоо доргилт авчихжээ. Тэр доргилтын нөлөөгөөр төрийн институциүдийн дахин хуваарилалт явах гээд байна. Тэрийг дагаад тэдний хоорондын зөрчил хурцадлаа. Энэ бүхэн анхнаасаа 1992 оны Үндсэн хуульд төрийн эрх мэдлийг өөх ч биш, булчирхай ч биш тогтолцоотой хийсний гор.

Нэг. Анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ой баулс төр

Монгол Улс парламентын засаглалтай гэх атлаа УИХ нь юу ч шийдэж чаддаггүй. Дөнгөн данган Засгийн газрыг л байгуулахад оролцдог. Ерөнхийлөгч нь УИХ-тайгаа адилхан ард түмнээс сонгогддог. Тэгж сонгогдоод УИХ-аасаа илүү эрх мэдэл хэрэгжүүлдэг. Засгийн газар шиг гүйцэтгэх эрх мэдэл ч Монголын Ерөнхийлөгчид байна. Ийм дэлхийд ганцхан хэн нь ч илүүрхэхгүй, нэг талаас ардчилсан мэт харагдах тогтолцоог 1992 онд тэр үеийнхээ нөхцөлд тохируулаад хийчихсэн байдаг. Парламентын засаглал уу, Ерөнхийлөгчийн засаглал уу гэдэг дээр 1992 оны Үндсэн хуулийн баталсан АИХ маргаж, маргаж олонхын засаглалыг сонгосон. Тэгэхдээ УИХ-ын эрх мэдлийг бусад институцид хуваачихсан. Тэгж парламентын засаглал гэдэг маань хоосон тунхаг төдий зүйл болж үлдсэн. Уул нь УИХ л ард түмнээс сонгогдож гараад Ерөнхийлөгч болон Засгийн газрыг сонгож томилж байж парламентын засаглалтай бүгд найрамдах улсын хэлбэрээ зөв олох учиртай юм. Гэвч энэ нь гажуудал үүсгэж он цаг улирч, цаг үе өөрчлөгдөх тусам улам ташуурч байна. Угтаа Монгол Улс тогтолцооны хямралд хүрээд өнөөдөр тэсэрч дэлбэрэхдээ тулж ирэв. Үүнтэй холбоотой улс төрийн дахин хуваарилалт, төрийн институциүдийн зөрчил, урвалт шарвалт хүртэл явагдаж тэр нь хурц хэлбэрт шилжлээ. Ийм дүр зураг ажиглагдаж байна. Энэ бүхнийг иргэд мэдэх эрхтэй хэрэгтэй юм. Анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ой 11 дүгээр сарын 26-нд тохионо. Ой угтсан эвгүйдүү л үйл явдал болж байна. Иргэд хараахан мэдээгүй, улстөрчид аль хэдийнэ мэдчихээд байгаагаар Үндсэн хуульд 2019 онд оруулсан зарим өөрчлөлтийг эргэн харж, дахин өөрчлөх гэсэн үйл ажиллагаа явагдаад байна. Ингэж чадах хоёр субьект байгаа нь УИХ болон Үндсэн хуулийн Цэц юм. Гэтэл энэ нь УИХ, Үндсэн хуулийн Цэц хоёрын зөрчил биш. Ард нь улс төрийн, эсхүл баялгийн эрх мэдлийн төлөөх мацалт явагдаж байна.

Хоёр. Д.Амарбаясгалан ба126 ямар байр суурьтай байгаавэ?

Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуульд 2023 онд хийсэн өөрчлөлтөөр УИХ холимог тогтолцоо, 126 гишүүнтэй байхаар болсон. Анх удаа тэр дагуу УИХ бүрдсэн. Хэдийгээр иргэдэд 100 хувь таалагдаагүй ч парламентын засаглалын чадамжид хүчтэй дэм болох УИХ байгуулагдсан. Нийгмийн сегментүүдийг бөөндсөн анхны энэ УИХ-ын даргаар нам, хувийн секторт олон жил ажиллаад хоёр жилийн өмнө төрд буюу ЗГХЭГ-ын дарга болсон Д.Амарбаясгалан сонгогдсон. Шинэ дарга, шинэ УИХ гэсэн үг. Удахгүй Монголын парламентын засаглалыг авч үлдэж чадах уу гэдэг маш том сорилттой нүүр тулна. Үндсэн хуулийн хамгийн том тунхаг “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална” гэдгийг Үндсэн хуулийн Цэц унагаж болзошгүй нь. Гэхдээ ингэж шийдэхэд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон 126 гишүүний байр суурь чухал. Хүлцэнгүй байж, эс үйлдлээр тэд сунгахыг дэмжиж болно. Эсхүл Үндсэн хуулийн Цэцийн санаархлыг зогсоох боломжтой. Бүр Үндсэн хуулийн өөрчлөлтийг өөрчлөх эрх мэдэл ч өнөөдөр УИХ-д байгаа. Хүсвэл, нэгдвэл шууд хэлэлцээд хийж болно. УИХ сонголтын өмнө байна.

Гурав. Цэц шулуудсан уу?

Үндсэн хуулийн Цэцэд С.Номынбаясгалан, Э.Хишигжаргал нар “Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийн өөрчлөлтийг хянах эрхтэй байх ёстой” гэсэн гол утгатай мэдээллийг гаргасан. Тэр талаар хэвлэлүүд мэдээлээд байгаа. Үндсэн хуулийн Цэц бол таг. Харин УИХ бол хууль тогтоогч болохоос Үндсэн хууль тогтоогч биш гэсэн утгатай хууль зүйн эрдэмтдийн нийтлэлүүд Үндсэн хуулийн Цэцийн вэбсайтад харагдах болсон. Мөн Г.Занданшатар даргатай УИХ-ыг бууж байх үед Үндсэн хуулийн Цэцээс тус Цэцийн гишүүд болон өөр бусад зарим өндөр дээр албан тушаалынхны томилгоог УИХ-ын сонсголоор оруулдгийг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн. Энэ мэтчилэн УИХ-ын хууль тогтоох эрх мэдлийг УИХ бол Үндсэн хуулийг тогтоогч биш гэдэг утгаар хасах процесс нэгэнт эхэлсэн байна. Харин Үндсэн хуулийн Цэц С.Номынбаясгалан, Э.Хишигжаргал нарын мэдээллийг ёсоор болгож Үндсэн хуулийн өөрчлөлтөд гар хүрэх эрхээ олж авна. Үндсэн хуулийн Цэц ингэх нь зөв гэдэг дээр урьд нь дарга байсан Д.Одбаяр, одоогийн дарга Г.Баясгалан нарын хамт байр суурь нэг, хамт байгаа байж болзошгүйг эх сурвалжууд хэлсээр байна. Үнэхээр Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийн өөрчлөлтүүдийг өөрчлөх дээр шулуудчихсан уу. Үүнийг тун удахгүй бид харна.

Дөрөв. Ерөнхийлөгч үү, стратегийн орд эзэмшигчид үү?

Үндсэн хуульд 2019 онд Ерөнхийлөгчийг зургаан жилээр зөвхөн нэг удаа сонгоно, Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлнэ, Баялгийг тэгш хуваарилж стратегийн ордуудад түшиглэсэн Үндэсний баялгийн сан байгуулна гэсэн гол өөрчлөлтүүд орсон. Эдгээрийн яг аль нь хэний эрх ашгийг зөрчөөд УИХ, эсвэл Үндсэн хуулийн Цэцээр хийлгэх байна вэ гэдэг тун оньсого шиг яригдаж байна. Аль нь вэ.

Олны ярихаас харвал одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг 2027 онд дахин сунгах процесс ингэж явагдаж байна гэж байгаа. УИХ-ын сонгуулийн дараахнаас МАН-аас сонгогдсон зарим гишүүн “Отгонбаяр уулзлаа, сунгах хэрэгтэй байна гэсэн, тусалж дэмжинэ гэсэн” гэж байгаа тухай яригдсан. Уржигдар АН-ын бүлгийн гишүүд Тэрэлжид уулзаж задгай ярих үед “Отгонбаяр ярьсан, дэмжээрэй, томилгоо ярьж өгч болно гэсэн” гэж ярьсан байна.

Стратегийн орд эзэмшигчдээс Үндэсний баялгийн санд ордынхоо 34 хувийг өгөх сонирхолтой компани бараг л гарахгүй. МАК, “Энержи ресурс” -аас эхлээд стратегийн ордтой компаниудад 126 биш 9 хүнтэй яриад шийдүүлэх нь амар. Тэгэхээр Үндсэн хуульд орсон өөрсдийнх нь эрх ашгийг хөндсөн заалтыг өөрчлүүлэх санаачилга тэднийх байх боломжтой.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ыг Үндсэн хуулийн Цэцийг лоббидоход оролцохгүй байх. 2019 оны өөрчлөлт Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмсэн. Хэрэв Үндсэн хуулийн Цэц, УИХ-ын аль нэг тэр өөрчлөлтийг өөрчлөх процесс явж амжилтад хүрвэл эрх ашиг нь хөндөгдөж эрх мэдлээ алдаж болох субьектийн нэг нь Ерөнхий сайд. Тэгэхээр тэр эсрэг байр суурь дээр зогсох магадлалтай.

Монголын улс төрд иймэрхүү нууц үйл явдлууд өрнөж байна. Энэ бүхний эцэст УИХ, Үндсэн хуулийн Цэц хоёрын нэг нь дийлнэ. Нэг ёсондоо УИХ-ын 126 гишүүн хууль тогтоох уу, Үндсэн хуулийн 9 гишүүн хууль тогтоох уу гэдэг дээр шийдэл гарна. Энэ талаарх чихээр орсон болгоноо энд бурсангүй. Тэгэх юм бол та нарт тун хэцүү сонсогдоно. Хямарна. Харин Үндсэн хуулийн өөрчлөлтийг дахин өөрчлөх нь хэнд хэрэгтэй вэ. УИХ-ыг, Үндсэн хуулийн Цэцийг хэн түншээд байна вэ. УИХ, Үндсэн хуулийн Цэц хоёр ямар байр суурьтай байгаа вэ. Мөн энэ үйл явц ажил хэрэг болж биелэхэд гол үүрэг бүхий оролцогчид болох Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Үндсэн хуулийн Цэцийн дарга, УИХ-ын гишүүд, Үндсэн хуулийн Цэцийн гишүүд яагаад таг чиг байна вэ. Хуульчид, эрх зүйчид, Үндсэн хууль судлаачид ямар учраас үг дуугарахгүй байгаа вэ. Эдгээрт хариулт авах юмсан, бүгдээрээ.

Ажиглагч А.Батболд

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Дуртай нь таксинд явж хүчин хийдэг, харагдсан эм тангаа чихэр шиг иддэгийг нь болиулах гэсэн шиг байгаа юм, уг нь… DNN.mn

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд такси үйлчилгээ эрхлэхийн тулд тэмдэгтийн хураамжид 3-10 сая төгрөг төлөхөөр заасан нь сүүлийн үед маргаан дагуулж байна. Уг нь ч нэг их маргаад, иргэд олон нийт бухимдаад байх зүйл биш юм билээ л дээ. Холбогдох албаныхан, хариуцсан хүмүүс нь хуулиа олигтойхон сурталчлаад, таниулаад өгсөн бол ийм “хэрүүлийн алим” ургахгүй байлаа. Харин албаныхнаас өрсөөд хэн нэгэн нь энэхүү мэдээллийг буруу талаас нь түгээснээр үүссэн. Буруу мэдээллийг ойлголт дутуугаас уу, аль эсвэл албаар олон нийтэд тараасан уу гэдэг нь өөр зүйл. Гарсан хууль бүхэн эцсийн үнэн, зөв гэсэн үг биш.

Гэхдээ л тухайн хуулийг гаргах шалтгаан нөхцөл гэж бий. Нэмээд муу ч, сайн ч суурь судалгаануудыг хийж таарна. Нийслэлд сүүлийн таван жилд 2900 гаруй гэмт хэрэг гарсны 2116 нь таксины жолоочтой холбоотой байна гэсэн судалгаа бий. Үүнийг л зохицуулахын тулд хууль баталсан хэрэг. Үнэхээр ч улсын төв нийслэл юм бол үүнийгээ нэг цэгцлэх цаг нь болчихсон л доо. Яг үнэндээ таксинд явдаг хүмүүс амандаа орсон үнэ хэлдэг, үйлчлүүлэгчээ айлгадаг, сүрдүүлдэг, машин нь бохир гээд олон шүүмжлэл байдаг. Үүнийг л зохицуулах гээд буй ухаантай юм шиг байгаа юм, уг нь. Гэтэл аль болох л буруу талаас нь шүүмжлээд, цахим орчинд холбогдох албаныхныг нь дүүжилж дураа хангах нь дэндүү олон байх юм. Тэгээд ч манайхан сошиалын хандалт харж байж ажлаа хийдэг болохоор энэ хууль бараг эргүүлэн татагдах хэмжээнд хүрч байх шиг байна.

Тэгвэл та бүхэн ажлаасаа оройтож тарсан бүсгүй гар өргөөд таарсан таксиндаа суугаад алслагдсан гэр хорооллын харанхуй гудамжинд буух үеийг төсөөлж үзсэн үү. Улаанчулуутын хогийн цэг дээр мөчлүүлчихсэн эмэгтэйг санаж байна уу. Саяхан даа, Өмнөговь аймагт алуулсан бяцхан охины хэргийг мартаагүй биз дээ. Энэ мэт аймшигт хэрэг гарангуут улс даяараа хэдхэн өдөр гасалчихаад мартдаг. Дараагийн гэмт хэрэг гарахаар уйлан дуугардаг байдалтай дахиад хэдүүлээ хэдэн жил амьдрах юм. Албан ёсны бүртгэлтэй, хаягтай, цэвэр цэмцгэр, буцах эзэн буух хаягтай таксигаар үйлчлүүлдэг болох чинь наад захын шаардлага болчихсон. Гэтэл өнөөдөр зам дээрээс таксинд суухдаа арай овсгоотой нэг нь улсын дугаарыг нь дотны хэн нэгэн рүүгээ илгээхээс өөрөөр хэтрэхгүй л байгаа шүү дээ. Амьдрал дээр өнөөх серийн дугаарыг нь хуурамчаар хийж чадахаар болсон.

Хууль нь хэчнээн сайн байлаа ч дагалдах журмаар нь түүнийг завхруулдаг байдал энэ удаад ч давтагдсан. Бүр хорлож байгаа юм шиг байдалтай журам гаргачихсан гэж хэлж болно. Такси үйлчилгээнд бүртгүүлэхдээ таван сая төгрөг төлнө гэсэн ганц өгүүлбэр л энэ бүхнийг орвонгоор нь эргүүлж орхисон. Өнөөдөр таксинд явж нэмэлт орлого олж, ар гэрээ тэжээж байгаа нь хэд билээ. Угаасаа авч байгаа хэд нь амьдралд хүрэлцэхгүй байгаа юм чинь үүнээс өөрөөр яах билээ. Тийм болохоор хувиараа таксинд явдгууд нь явж байг л дээ. Гол нь хуульд заасан шаардлагуудыг нь ягштал биелүүлээд, албан ёсоор бүртгүүлчих хэрэгтэй. Бүр болохгүй бол шаардлагатай үед алсаас хаана явааг нь харж болдог чип, дохиолол суулгасан ч болохгүй юмгүй. Харин үүнийхээ төлөө 200 мянган төгрөгийн хураамж төл гэсэн бол ийм хэл ам огт гарахгүй. Дургүйцээд байгаа шалтгаан нь энэ таван сая төгрөг л юм шүү дээ. Нээрээ ч ийм хэмжээний мөнгөтэй байсан бол ТҮЦ, эсвэл лангуу түрээслээд суух нь биед нь амар байж таарна. Ядарсан ард түмнээ таван сая гэх тэнгэрийн тоогоор айлгаад энэ хуулийг үгүй хийж болно гэж мэддэг хүмүүс л ийм журам гаргаж байгаа.

Яг үүнтэй адилхан тун хэрэгтэй мөртлөө сошиалд балбуулж байгаа зүйл бол Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга. Үүнийг УИХ-аас өнгөрсөн зургадугаар сарын 5-ны өдөр баталсан бөгөөд энэ сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Бас л хуулийнхаа таниулгыг салбар яам нь огт хийгээгүй. Цахим орчинд хүмүүс шуугиад, эмийн сангууд эм олгохоо болиод ирсний дараа л алга дарам мэдэгдэл гаргаснаас өөр зүйл огт хийсэнгүй. Гэтэл эмийг чихэр шиг, хоол шиг хэрэглэдэг болчихсон байдлыг л таслан зогсоох, болиулах гэж энэ хуулийн шинэчилсэн найруулгыг хийсэн шиг билээ.

Ер нь манай улс ардчилсан зарчимд шилжих үедээ эмийн салбараа тэр чигээр нь зөнд нь орхисон. Ингэхдээ “Зөвхөн хямд эм” гэсэн уралдааныг зарлаж, тендерийн гол шалгуураа ч хямд болгосон. Үүнийх нь гор гарч өнөөдөр манай улсад үйлчилгээ сайтай, өвчнийг дарангуйлдаг эм бараг байхгүй болсон гэхэд болно. Тэрийгээ хямдаар бараг кг-аар нь зардаг. Тиймээс манайд шүдний эмнэлэг, эмийн сан хоёрыг гүйцэх өндөр ашигтай бизнес байхгүй. Тэгэхээр энэ будлианыг далимдуулаад эмийн сангууд нугалаа гаргаж байхыг ч үгүйсгэхгүй. Өвчин намдаах болон энгийн нэг эмийг хүртэл жороор олгоно гээд тас гүрийж буй нь ийм хардлага төрүүлж байгаа юм. Ингэж асуудлыг хүндрүүлж, сошиалаар балбуулж байгаад эмийн сангууд хуучин шигээ эм гэх хуурамч хороороо ард түмнээ шулж байхыг санаархаж ийм байдалд хүргэж байж ч магадгүй.

Гадаадад бол даралтны эмийг дуртай газраасаа очоод авчихна гэсэн ойлголт байхгүй. Эхлээд даралтаа үзүүлж байж, эмчийн бичигтэйгээр үйлчилдэг гэх юм билээ. Гадаадад өвдсөн л бол өнгөрөө болдгийг захын сурвалжлагч ч мэднэ. Гүйж гараад өвчин намдаах эм лав авч чаддаггүй. Нөгөө орны бүртгэл энээ тэрээ нь байхгүй учраас, эмчийн бичиг үгүй болохоор яг л хаягдсан амьтан шиг болдог. Эрхбиш албан ажлаар яваа тулдаа л албаны хүнээр нь дамжуулж эм тан олдог. Тийм учраас манайхан гадагшаа явахдаа эм авч явдаг юм. Үүнийг мэдэх нэг нь мэднэ. Харанхуйгаар муйхарласан энэ үед мэддэг зарим нь түүнийгээ бичихээр Эрүүл мэндийн яамны өнөөх мэдэгдэл шиг дарагдчихаад байна. Ер нь өндөр хөгжилтэй орнуудад эмийг ингэж хязгаарлах нь хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалж байгаа чухал алхам болдог бололтой. Учир нь эмийн зохисгүй хэрэглээг болиулж, хэн ямар өвчинд юу ууж байгааг нь хянаад эхлэхээр иргэд нь эрүүл мэнддээ анхаарч ядахдаа л өглөөдөө алхаж, гүйж, спортоор хичээллэдэг болдог байна.

Бүр архи, тамхиныхаа хэрэглээг багасгаж, хужирссан мал шиг газтай ундаа уухаа больдог адил уншигдаад байгаа юм. Өнгөрсөн хавар баталсан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга урт хугацаандаа монголчуудад яг л ийм дадал бий болгох учиртай байлаа. Даанч санаатай, санамсаргүй байдлаар мушгин гуйвуулагчид, худал мэдээллээр монголчуудыг талцуулахыг хүсэгчид, хэрэгтэй, зөв хууль, журмыг завхруулахыг хичээгчдийн балгаар зорилго нь хазайж байх шиг байна. Дээрээс нь сошиал хандалтаар өглөөний шийдвэрээ орой нь, өчигдрийн ажлаа өнөөдөр нураадаг дарга нартай болохоор яалтай ч билээ дээ.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр шар морь өдөр DNN.mn

Аргын  тооллын аравдугаар сарын 21, Сумъяа гариг. Билгийн тооллын 19, Гөрөөсөн толгой одтой, шар морь өдөр. Өдрийн наран 7:21 цагт мандаж 17:53 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учрах” хэмээх сайн.

Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн байна DNN.mn

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна.

Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -18…-23 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -9…-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 0…-5 градус, бусад нутгаар -5…-10 градус, өдөртөө Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -5…-10 градус, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4…+9 градус, бусад нутгаар -3…+2 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасана, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зөөлөн цасан шуурга шуурна. Шөнөдөө -8…-10 градус, өдөртөө -2…-4 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасана, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зөөлөн цасан шуурга шуурна. Шөнөдөө -9…-11 градус, өдөртөө -3…-5 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасана, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зөөлөн цасан шуурга шуурна. Шөнөдөө -9…-11 градус, өдөртөө -4…-6 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Малчдын эрлэг нь Ман юм биш үү” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Ардчилсан намын дэд дарга Ц.Уртнасантай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр “Төсвийн тогтвортой байдал, бодлогын нийцтэй байдлыг хангах бодлогоо Засгийн газар тууштай хэрэгжүүлэх ёстой” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудлаарх хэлэлцүүлэгт төрийн сайд нар ирсэнгүй

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Малчдын эрлэг нь Ман юм биш үү” хэмээн өгүүллээ.

МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн “Танхимын ерөнхийлөгчийг улс төр дагуулж хүчээр сольж байгаа нь буруу”гэв.

Хан-Уул дүүргийн ЭМТ-ийн эмэгтэйчүүдийн эмч Б.Мэндбаяр” Бид болгоод л байвал эрүүл мэндийн салбар хөгжихгүй”хэмээв.

10 настай англи хэлний багш Д.Аргабилэг:
Англи хэлийг сурчихвал бусад зүйлийг сурахад амархан болчихдог

ДЭЛХИЙН МЭДЭЭ:  Орос ялагдсан томоохон дайн, тулаанууд

АРЫН НҮҮР: Бусдын итгэлийг хүлээх чадвар


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы  баасан гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ цаг-үе

Нэмэлт санал хураалт зохион байгуулж дуусжээ DNN.mn

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн нэмэлт санал хураалтыг өчигдөр буюу аравдугаар сарын19-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 2 дугаар баг, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 3 дугаар баг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг, Дундговь аймгийн Баянжаргалан сумын 3 дугаар баг, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар баг, Цэцэн-Уул сумын 1, 2, 3, 4, 5 дугаар баг, Увс аймгийн Малчин сумын 2 дугаар баг, Ховд аймгийн Буянт сумын 5 дугаар багийн нийт 12 хэсэгт зохион байгууллаа.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлд зааснаар хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн саналын тоо тэнцсэн бол адил санал авсан нэр дэвшигчдийн дунд нэмэлт санал хураалт явуулдаг. Нэмэлт санал хураалтад эхний санал хураалтад оролцоогүй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогч оролцож, саналаа өгдөг. Улмаар нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцон тухайн тойргийн санал хураалтын дүнг гаргахаар хуульчилсан.

Сонгогчдын саналын тоогоор нийт 19 аймгийн 75 сумын 87 хэсэгт нэмэлт санал хураалт явуулахаар болсон бөгөөд аравдугаар сарын 13-ны өдөр 19 аймгийн 70 сумын 79 хэсэгт, 19-ний өдөр 7 аймгийн 8 сумын 12 хэсэгт нэмэлт санал хураалт явуулснаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалтыг амжилтай зохион байгуулж дууслаа хэмээн Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

ТЦА: Орон нутгийн зам даваа хаагдаагүй DNN.mn

Тээврийн цагдаагийн албанаас орон нутгийн замын нөхцөл байдлын талаар мэдээллээ. Нийт нутгаар хүйтэн салхитай, агаарын хэм хүйтэн байна. Олон улсын болон улсын чанартай авто замд хаагдсан зам, даваа байхгүй.
Хол, ойрын замд зорчигч тээврийн хэрэгслийн жолооч нар цаг агаарын байдлыг харгалзан үзэж, замд гарахаа хойшлуулах, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, зуны дугуйгаа солин аюулгүй байдлаа хангахыг албаныхан зөвлөж байна. Тодруулбал, 2024 оны аравдугаар сарын 20-ны өдрийн 08.30 цагийн байдлаар,
  • Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Завхан аймгийн нутгаар шөнөдөө цас орсон.
  • Архангай, Баянхонгор, Булган, Төв, Өвөрхангай аймгуудын зарим хэсгээр болон Улаанбаатар, Налайх, Багахангай дүүргийн нутгаар цас орж байна.
  • Мөн Багануур, Хэнтий, Говьсүмбэр Орхон аймгуудын нутгаар тэнгэр бүрхэг, бага зэрэг салхитай, хүйтэн байна.

2024 оны аравдугаар сарын 21-нээс 2024 оны аравдугаар сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Аравдугаар сарын 21-нд төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, нутгийн хойд хэсгээр цасан шуурга шуурна. Мөн энэ сарын 22-нд Монгол-Алтайн, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 23-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 24-нд Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар ялимгүй хур тунадас орно.

Салхи 21-нд говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар хүйтэрч Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -4…-9 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улз голын хөндийгөөр -10…-15 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +7…+12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан байна. Энэ сарын 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-ноос ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Categories
мэдээ нийгэм

Арваннэгдүгээр сарын 1-нээс Зайсангийн гүүрний бохирын шугамыг шилжүүлнэ DNN.mn

Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсангийн хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 56 жилийн өмнө ашиглалтад оруулж байжээ. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүйАшиглалтын хугацаа дуусаж, стандартаар ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарчээ.

Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Нийслэлийн төсвөөр Зайсангийн хуучин гүүрийг 225 метр 4 эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчлэх ажил арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ. Уг гүүрийн зураг төсөл 2014 онд хийгдэхээс өмнө техник ашиглалтын үнэлгээ 2013 онд хийгдэхэд хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарсан. Хүчитгэх засвар хийх боломжгүй. 1968 оны зураг төслийн ямар ч мэдээлэл байхгүй. Тухайн үед барилгын явцын үед хүчтэй үер болсон зэрэг асуудал их үүссэн байсан. Гүүрийн анхны төлөвлөлт 40-50 жил байдаг. Хэзээ ч нурах эрсдэлтэй учраас шинээр гүүр барих шаардлагатай. Гүүр ямар нэг байдлаар нурлаа гэхэд иргэдийн амь настай холбогддог. Тиймээс учраас Зайсангийн гүүрийг буулгаж, богино хугацаанд буюу 8-9 сарын хугацаанд барьж ашиглалтад оруулна” хэмээв.

Categories
мэдээ цаг-үе

Дархан-Эрдэнэт чиглэлийн авто замд гулгаа үүссэн тул давс цацаж байна DNN.mn

Цас орж, халтиргаа гулгаа үүссэн байгаа тул жолооч, тээвэрлэгчид хурдаа тохируулж анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Тодруулбал, Багануур дүүргийн хэмжээнд цас орж үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон байна. Мөн Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн улсын чанартай А0301 авто замд цас орж цасан шуурга шуурч халтиргаа гулгаа үүсэж байгаа тул иргэд жолооч та бүхэн цаг агаарын мэдээг тогтмол авч, аюулгүй байдлаа ханган зорчихыг зөвлөлөө. Түүнчлэн Дархан-Эрдэнэт чиглэлийн авто замд халтиргаа гулгаа үүссэн тул давс цацах ажил хийгдэж байгаа аж. Одоогийн байдлаар олон улсын болон улсын чанартай авто замд хаагдсан зам, даваа байхгүй байгааг мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв DNN.mn

Хэрэглээ бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн сард улсын хэмжээнд 6.7 хувьд хүрснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Энэ нь өнгөрөгч оны мөн үеийнхээс 3.4 нэгжээр буурсан, өмнөх сарынхаас 0.2 нэгжээр өссөн үзүүлэлт аж. Үүнд хүнсний бүлгийн болон импортын барааны үнэ голлон нөлөөлжээ. Хүнсний барааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс 7.6, хүнсний бус барааных 6.4, барааны бүлгийнх 6.2, үйлчилгээнийх 8.5 хувиар өссөн байна. Харин улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ оны эхний есөн сард өмнөх жилийн мөн үеийнхээс 28.9 хувиар өсөн, 22.8 их наяд төгрөгт хүрчээ.  Татварын орлого өнгөрөгч оны мөн үеийн үзүүлэлтээс 26.1 хувиар өсөж, 20 их наядад хүрсэн аж.

Манай улс 2024 оны 1-9 дүгээр сард 154 оронтой гадаад худалдаа хийж, бараа эргэлтийн мөнгөн дүн нь 20.4 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ хугацаанд нийт 11.8 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн экспортолж, 8.6 ам.долларын бүтээгдэхүүн импортолсноор гадаад худалдааны тэнцэл 3.2 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна.

Гуравдугаар улирлын байдлаар мөнгөний нийлүүлэлт 41.8 их наяд төгрөг болж, 2023 оны мөн үеийнхээс 25.9 хувиар өсжээ. Төгрөгийн хадгаламж есдүгээр сард 20.6 их наяд төгрөг болж өмнөх сарынхаас 415.7 тэрбум төгрөгөөр өссөн бол валютынх 53.8 тэрбумаар буурч, 4.4 их наяд болсон гэнэ.