Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна DNN.mn

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, нутгийн зүүн хагаст хүйтэн байна.

  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, Хангайн уулархаг нутаг, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +2…-3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +7…+12 градус, бусад нутгаар +1…+6 градус дулаан байна.
Categories
мэдээ спорт цаг-үе

А.Цагаанбилэг Жюү жицүгийн ДАШТ-ий аварга боллоо DNN.mn

Өчигдөр /2024.11.03/ Грек улсын Крит арал дээр болж буй жюү жицүгийн ДАШТ-ий 12 дахь өдөр U21 No-Gi төрлийн 57 кг жинд барилдсан Ральф Грэйси академийн тамирчин Алтангэрэлийн Цагаанбилэг алтан медаль хүртэж, ДАШТ-ий аварга боллоо.

Тэрбээр үүний өмнө “Токио 2024” жюү жицүгийн гранд сламын тэмцээнд цэнхэр бүсний -55 кг-ын жинд барилдаж Өмнөд Солонгос, Израил Улсын тамирчдыг ялж финалд Монгол Улсынхаа тамирчин Б.Наранхишигийг оноогоор ялж тус тэмцээний аварга болжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Богд ууланд алхахгүй байхыг анхаарууллаа DNN.mn

Хүйтний улиралд дархан цаазат газрын үнэт зүйлс болох зэрлэг амьтдын идээшлэх, бэлчээрлэх талбайг хамгаалах зорилгоор өнөөдрөөс зэрлэгшсэн нохой, муур үргээх, тууж ажлын зохион байгуулж эхэлсэн байна.

Тухайн ажил долоо хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд үүнтэй холбогдуулан иргэд, оршин суугчид, аялагчид та бүхнийг тус өдрүүдэд сонор сэрэмжтэй байж, онцын шаардлагагүй бол ууланд гарахгүй байхыг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас анхаарууллаа.

Уг ажлын хүрээнд Богдхан уулын Зайсан, Чандмань, Богино, Хүүш, Арцат, Нүхт, Жаргалант, Түргэн, Хүрэлтогоот, Чулуутын аманд удаан хугацаагаар үүрлэсэн зэрлэгшсэн нохойг барих, үргээх, устгах, хөөж туух тул тухайн орчинд амьдарч буй иргэд оршин суугчид болон тус өдрүүдэд ууланд аялах, алхахаар төлөвлөж буй иргэд аялагчид хөдөлгөөнөө зохицуулах шаардлагатай болж байгаа аж.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд дархан цаазат газарт нохой дагуулж явах хориотой тул газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд ашиглалтын талбайд нохой тэжээхгүй, үржүүлэхгүй байхыг мөн анхааруулав.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Өнөрцэцэг нь шоронд үлдвэл сэтгүүл зүй нь торонд орно! DNN.mn

Америкийн Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэгт байдаг НҮБ-ын төв байрны үүдэнд хэдэн монгол хүн Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн зургийг барьж жагсах гэж байна. Түүнийхтэй хамт нэг том даргын зургийг барих гэнэ. Тэд Н.Өнөрцэцэгийг улс төрийн хоригдол гээд түүнийг барьж хорих тушаал өгсөн даргыг нэрлэх гэж буй нь тэр гэнэ. Ийм нэг үйл явдал ертөнцийн нөгөө талд ойрын үед болох юм байна. Үүнээс гадна УИХ-ын гишүүд бас Н.Өнөрцэцэгийн асуудлаар НҮБ-д хандахаар болсон тухай дуулдлаа.
Ингээд Монголын улс төрийн зодоон дэлхийн дэвжээнээ залрахаар болов оо гэж. Н.Өнөрцэцэг бол даргын үгэнд ороогүй л сэтгүүлч. Тэрээр хоригдохоосоо өмнө 2023 оны арванхоёрдугаар сарын 2-нд “Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна” гэж ярьж байсан. Хоригдсоныхоо дараа 2023 оны арванхоёрдугаар сарын 13-нд “Би маш их гомдолтой байна.

Эрх мэдэлтнүүдийн эсрэг зогсоход хэцүү, хүч тэнцүүгүй тулаанд ороход дэндүү том хохиролтой байна. Тиймээс эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавьж, өлсгөлөн зарлахаас өөр сонголт сэтгүүлч надад үлдсэнгүй. “Үгэнд ор, үгүй бол шоронд ор” гэх сүрдүүлгийг маш аймшигтайгаар шуурхай гүйцэтгэж буй шат шатны хууль хяналтын байгууллагуудын улайм цайм үйлдлийг Ерөнхий шүүгч, УЕП, ЦЕГ-ын дарга нар анхааралдаа авч, шударга ёсны талд зогсож өгнө үү” гэж Цагдан хорих байрнаас захидал бичсэн.
Товч утгаараа Монголын шүүх нэг том улстөрч даргынхаа тушаалыг биелүүлж сэтгүүлчийг захиалгаар ялласан гэж харагдаад байна. Хамгийн эвгүй нь энэ явдал дэлхийн кейс болно.
Юуны тулд НҮБ билээ дээ, нэг монголыг ч, мянган монголыг жагсахад тэд анхаарна. Үүрэг зорилго нь тэр юм.
Ерөөсөө энэ явдал Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг барьж хориод яллаж шийтгээд дуусч байгаа юм биш. Үүгээр хязгаарлагдахгүй. Сэтгүүл зүйн салбарыг шүүхийн тавцанд гаргачихаад байгаа юм. Түүгээр нь харахаар Монгол Улс ардчиллыг хэлмэгдүүлж, ардчиллыг шүүж, ардчиллыг яллаж, ардчиллаас ухарч байгаа хэрэг юм. Н.Өнөрцэцэгт 2024 оны долдугаар сарын 19-нд ял оноосон анхан шатны шүүхээс Нэр бүхий дөрвөн иргэн, нэг хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж задруулсан, Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогоо зориуд худал тодорхойлсон, нуусан, Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж ашигласан, Төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийт дөрвөн жил есөн сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснээ албан ёсоор мэдээлсэн. Удахгүй дараагийн шатны шүүх хурал нь болно. Тийм учраас Н.Өнөрцэцэгийн тухай ойрд идэвхтэй яригдаж байна.
Гэхдээ түүнийг анх баривчлахдаа дэгдээсэн дуулиан, шүүхийн мэдээлээд байгаа бодит байдал хоёр өдөр ирэх тусам улам зөрж улам алсарч холдсоор байгаа. Шүүх хурлыг нээлттэй хийхээс үхтлээ айж байгаа нь Н.Өнөрцэцэгийг улс төрийн зорилгоор хэлмэгдүүлж байгаагийн томоохон нотолгоо болно. Сэтгүүлчид ч, ХЭҮК ч шүүх хурлыг нээлттэй хийлгэхээр хөөцөлдөөд дийлэхгүй байна. Тэдэнд шүүхээс Төрийн нууц учраас хаалттай шүүх ёстой гэж хууль тайлбарлах замаар амыг нь таглаж байна.
Гэтэл сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг анхнаасаа төрийн нууц гэдэг зүйлчлэлээр буруутгах үндэслэл байхгүй. Төрийн нууц гэж юу юм бэ гэдгийг харъя. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 5.1.1-д “төрийн нууц” гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төрийн нууцад хамааруулсан, задруулах, үрэгдүүлэх тохиолдолд үндэсний аюулгүй байдал, үндэсний ашиг сонирхолд аюул, занал, хохирол учруулах төрийн хамгаалалтад байх мэдээллийг хэлнэ гэсэн байна. Ийм сүртэй агуулга бүхий тодорхойлдог ч нууцад оруулж байгаад л хулгай хийж хувааж идсэн олон жишээ илэрч байна. Ингээд төрийн нууц гэдгээр халхавчилж сэтгүүлчийг олноос нууж байгаад яллачихаар дараа нь ийм хулгайг сэтгүүлч ухах зүрхгүй болно. Жишээ нь, ногоон автобусны луйвар мэтийг мэдсэн сэтгүүлч мэдээлэх эрхгүй болж байна. Гэтэл сэтгүүлч төрийн нууцыг хамгаалах үүргийг хүлээх тухай Монгол Улсын ямар ч хуульд заагаагүй. Нэгдүгээрт, Сэтгүүлч төрийн нууцыг хамгаалах үүрэг хүлээдэггүй. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 6.1-д Төрийн байгууллага, албан тушаалтан нь төрийн болон албаны нууцыг хамгаалах үүрэгтэй гэж заасан.
Хоёрдугаарт, Сэтгүүлч төрийн нууцыг олж авахдаа хамгаалах үүрэгтэй этгээдийн сейфнээс нь, ширээнээс нь хулгайлж байгаад баригдаагүй бол буруудах учиргүй. Эсхүл хамгаалагч этгээдийг дээрэмдээд төрийн нууцыг гартаа оруулчихаагүй бол хуулийн зөрчил гэж үзэх үндэслэлгүй. Харин ч ардчилсан улс оронд төрийн нууцыг гартаа оруулж чадсан сэтгүүлч мундаг гэж үнэлэгддэг. Нөгөө талаасаа сэтгүүлчид нууцаа алдсан бол төр өөрөө буруудах ёстой. Хэнийгээ буруутгах нь тэдний хэрэг.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг буруутгаад байгаа бусад зүйлчлэл бол зүгээр шалтаг. Хүн нь байвал хэрэг нь олддог гэдэг хуучны зөвлөлтийн технологи л энд хэрэгжиж байна. Эндээс бас нэг зүйл ажиглагдлаа. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн асуудал дээр сэтгүүлчид дуугарсангүй. Аймхай, нэгдэж чаддаггүй байдал нь Монголын сэтгүүлчдийн сул тал болж байна. Өнөөдөр тэр, маргааш өөрсдөө гэдгийг тэд харахгүй байна. Энэ зөвхөн хүний ч асуудал биш. Хэрвээ Н.Өнөрцэцэг нь энэ чигээрээ шоронд хоригдоод үлдвэл тэдэнд даргыг магтан дуулахаас өөр сонголт үлдэхгүй. Даргын хэлснийг л дамжуулж нам засагтаа үйлчилдэг коммунист сэтгүүл зүй цаашид монголчуудын мэдэх эрхийг хангах нь. Өөрөөр хэлбэл, сэтгүүл зүй нь тэр чигтээ торонд орчихож байгаа юм. Тэрийг ч олж харахгүй байгаа нь харамсалтай.
Ажиглагч А.Батболд

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Т.Доржханд: Популистуудын үгэнд итгэн, хоосон хайранд хууртаж 34 жил явсныхаа горыг өнөөдөр бид нийтээрээ амсаж байна DNN.mn

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Т.Доржхандтай эрчим хүчний шинэчлэлтэй холбоотой асуудлаар ярилцлаа.


-Эрчим хүчний реформыг олон жил ярьсан. Үнэхээр өөрчлөлт, шинэчлэлт хийгдэх шаардлага энэ салбарт бий гэдэгтэй хэн хүнгүй санал нэг байх. Гол нь энэхүү өөрчлөлтийг яаж хийх ёстой, юунаас эхлэх шаардлагатай талаар олон талын санал явдаг. Ерөнхийд нь та эрчим хүчний шинэчлэлийн тухайд хамтарсан Засгийн газрын барьж байгаа бодлогын талаар танилцуулахгүй юу?

-Манай улс олон улсын судалгаагаар газар доорх эрчим хүчний нөөцөөрөө дэлхийд тавдугаар байрт ордог. Харин газар дээрх сэргээгдэх нөөцөөрөө эхний хоёрдугаар байрт ордог улс. Учир нь өргөн уудам газар нутагтай, өндөрлөгт оршдог болохоор салхи нь хүчтэй, нар нь хурц. Гэтэл өнөөгийн Монгол Улс ямар байдалтай байна вэ. Эрчим хүчний салбар нь гацчихсан. Улс даяараа эрчим хүчний чадлын дутагдалд орчихсон. Нэгэнт дутагдалтай эрчим хүчээ хаанаас авах вэ. Мэдээж хоёр хөршөөсөө авна. Ингэж авахдаа өндөр үнээр авдаг. Нөгөөтэйгүүр энэ салбарт хөрөнгө оруулалт болон сүүлийн 40 орчим жил шинэ цахилгаан станц баригдаагүй. Станц барьж чадаагүй явж байтал дэлхийн эрчим хүчний чиг хандлага өөрчлөгдчихсөн. Өөрөөр хэлбэл, 2014 оноос олон улсын хөрөнгө оруулагчид нүүрсний цахилгаан станцыг санхүүжүүлэхгүй гэдгээ зарласан. Хамгийн сүүлд буюу 2019 онд манай өмнөд хөрш бид нүүрсний цахилгаан станц нэмж шинээр барихгүй гэдгээ мэдэгдсэн. Юу гэхээр эрчим хүчний шинэчлэлээ хийж эхлээгүй байхад давхар дарамт ороод ирж байгаа юм. Үр дүнд нь энэ салбарт хөрөнгө оруулалт байхгүй. Нэмээд хамгийн том шалтгаан бол Засгийн газар эрчим хүчний үнэ тарифыг 34 жил барьж ирсэнтэй холбоотойгоор зах зээлийнхээ зарчмаар үнэ тогтдоггүй, ядаж өртгөө нөхдөггүй.

-Төрөөс тогтоож байгаа эрчим хүчний үнэ зах зээлийн үнээс бага байгаа. Үүний үр нөлөөллийг бид өнөөдөр амсаж байна гэсэн үг үү?

-Одоогийн хуулиар эрчим хүчний удирдах газар үнэ тогтоодог. Гэтэл тэр үнэ нь бодит өртгөөсөө бараг хоёр дахин бага байна. Ийм үнэ, тарифаар хувийн хэвшил бизнес хийхгүй. Хөрөнгө оруулалт энэ салбар луу орохгүй. Жишээ нь, талхны цех ажиллуулъя гэхээр үйлдвэрлэсэн талхаа тал үнээр нь борлуулахгүй биз дээ. Тэгэхээр ийм салбар луу хэн орж бизнес хийх вэ гэхээр төр л орно.

-Түрүүн асуусан. Шинэчлэл энэ салбарт хийгдэхийг хэн хүнгүй дэмжиж байгаа. Гэхдээ үнийн өсөлтөд амьдралаа арай ядан болгож яваа иргэдийнхээ нуруун дээр энэ ачааллыг нэмэх шаардлага байсан уу гэдэг асуудал дээр зарим хүмүүс шүүмжлэлтэй хандаж байна л даа…?

-Үнэ, тариф нэмэхээр иргэд уурлана, дургүйцнэ. Иргэдийн амьдрал хэцүү байгаа гэдэг. Үнэндээ монголчуудын амьдрал өнгөрсөн гуч гаруй жилийн хугацаанд хэцүү байгаа нь үнэн. Гэвч эрчим хүчнийхээ шинэчлэлийг энэ хугацаанд хийж ирээгүйнхээ горыг өнөөдөр бид нийтээрээ амсаж байна. Үр дүнд нь орон сууц нэмж барих боломжгүй болсон. Нөгөөтэйгүүр сүүлийн 40 орчим жил шинээр цахилгаан станц бариагүй болохоор тоног төхөөрөмжүүд нь бүгд хуучирчихсан. Өвөл болохоор л хот хөлдөх вий дээ гэсэн айдастай амьдардаг. Гэтэл нөгөө талдаа эрчим хүчний салбар урт хугацаанд хуримтлагдсан 1.8 их наяд төгрөгийн өртэй байна. Өр, алдагдлаа дагаад энэ салбарын цалин хөлс хамгийн доод түвшинд очсон. Тиймээс энэ салбар луу орж ажиллах хүн байхгүй байна. Улсын хэмжээнд эрчим хүчний инженер болохоор Их, дээд сургуульд элссэн долоохон оюутан байна. Үүнээс л энэ салбарын өнөөгийн дүр төрхийг харж болно. Тиймээс үүнийг өөрчлөхгүй бол Монгол Улс хөгжлийн тухай ярих ямар ч боломжгүй болчихож байгаа юм. Эрчим хүчгүй бол эдийн засгийн өсөлт байхгүй. Ингээд өөрчилье гэхээр үеийн үед иргэд дургүйцнэ гэдэг. Иргэдийн амьдрал хэцүү байгаа гэдэг. Мэдээж амьдрал хэцүү байгаа. Түүнээс илүү иргэдэд хоосон хайр зарласан, популистууд олон байна. Үеийн үед энэ хүмүүс Монгол Улсын хөгжлийг хэдэн арван жилээр хойш татаж ирсэн. Энэ хүмүүсийнхээ үгэнд итгэж, хоосон хайранд нь хууртагдаж 34 жил явсныхаа горыг өнөөдөр бид нийтээрээ амсаж байгаа.

-Эрчим хүчний шинэчлэл хийхгүй, үнэ тариф нэмэхгүйгээр одоо байгаагаараа цаашаа явъя гэвэл юу болох вэ?

-Иргэдийн амьдрал хэцүү байна гээд юу ч хийхгүй сууж бас болно. Тэгвэл бидэнд ганцхан сонголт л гарч ирнэ. Тэр нь улс даяараа тоггүй болох. Өнөөдөр Куба улс дөрвөн хоног тоггүй байна. Яагаад тоггүй байгаа нь маш ойлгомжтой. Эрчим хүчний реформоо энэ улс хийж чадаагүй болохоор нийтээрээ тоггүй болсон. Эсрэгээрээ эрчим хүчний шинэчлэлээ амжилтай хийсэн улс орон цөөнгүй байна. Хамгийн наад захын жишээ гэхэд Узбейкстан улс байна. Энэ улс эрчим хүчний реформоо 2.5 жилийн хугацаанд амжилттай хийснээ зарласан. Хоёр жил гаруй хугацааны өмнө энэ улсад юу болж байв. Яг л өнөөгийн Монгол Улсад үүсээд байгаа асуудал тэнд бодитой байсан. Ялгаа байхгүй цахилгааны хязгаарлалтад орчихсон, мөн ОХУ-аас эрчим хүчний хараат байдалтай л явж ирсэн. Ингээд энэ улс Куба шиг нийтээрээ тоггүй болохгүйн тулд эрчим хүчний шинэчлэлээ эхлүүлсэн. Ердөө 2.5 жилийн хугацаанд энэхүү шинэчлэлээ маш амжилттай хийсний хүчинд өнөөдөр эрчим хүчний салбараа босгочихлоо.

-Узбекистан улсын хувьд манайхтай адилхан төр нь үнэ тарифыг барьчихсан, хувийн хэвшил эрчим хүчний салбар луу орох ямар ч боломжгүй болчихсон байсан гэдэг. Яг л манайхтай адилхан байжээ…?

-Тийм. Юу болсон гэхээр Узбекистан улс гурав хоног тоггүй болсон. Хот нь хөлдчихсөн. Хөлдсөн хотоос иргэд, аж ахуйн нэгжүүдээ нүүлгэж байгаа юм. Ийм зовлон нийтээрээ амсаж байж иргэд нь ойлгоод эрчим хүчнийхээ шинэчлэлийг нэн яаралтай эхлүүлсэн. Үр дүнд нь энэ салбараа зах зээлийн зарчимд нь оруулж, өөрсдийгөө эрчим хүчээр бүрэн хангадаг болсон. Манайх заавал энэ алдааг давтах ямар шаардлага байна. Бэлэн туршлага, боломжууд байхад заавал алдааг нь давтаж байж босгох хэрэг байхгүй. Тиймээс бид эрчим хүчний шинэчлэлийг нэн яаралтай эхлүүлье гэж байгаа юм.

-Хамтарсан Засгийн газраас мега төслүүдээ зарласан. Хэрэгжүүлье гэхээр мэдээж эрчим хүчний нөөц шаардлагатай. Тэгэхээр эрчим хүчний шинэчлэлээ хийж чадахгүй бол мега төслүүдээ хөдөлгөх боломжгүй гэсэн үг үү?

-Тэгэлгүй яах вэ. 14 мега төслөө зарлаад, санхүүжүүлээд, хэрэгжүүлье гээд явж байгаа. Гэтэл энэ мега төслүүдэд эрчим хүч хэрэгтэй. Яаралтай хэрэгжүүлье гэж байгаа найман төсөл дээр л гэхэд 600 МВт-ын хүчин чадал хэрэгтэй байна. Энэ нь манай улсад байхгүй. Засгийн газар 150 мянган айл өрхийг орон сууцанд оруулъя, ипотекийн зээлийг олгоё гэж байгаа. Үүнийгээ Үндэсний баялгийн сангаас асуудлыг нь шийдье гэсэн. Гэтэл тэр 150 мянган айлын орон сууцны цахилгаан, дулаан байхгүй. Шинэ айлын орон сууц битгий хэл өнөөдөр баригдчихсан байгаа барилгууд цахилгаан, дулааны зөвшөөрлөө авч чадаагүй байгаа. Цахилгаан дулаан байхгүй л бол юу ч хийх боломжгүй.

-Эрчим хүчний реформ гэж байгаа. Гэтэл яагаад ард түмнийхээ нуруун дээр эдийн засгийн өсөлтийг нэмж байж энэ реформыг хийх гээд байгаа юм бэ гэдэг байр суурьтай хүмүүс олон байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Дан ганц үнэ, тарифын өөрчлөлт биш шүү дээ. Энэ шинэчлэл бол цогц байдлаар хийгдэнэ. Энгийнээр хэлбэл, хүрэн нүүрснээс ногоон руу орж байгаа шилжилт гэж ойлгож болно. Хоёрдугаарт, дутагдлаас экспорт руу чиглэсэн шилжилт. Гуравдугаарт, төрийн монополиос зах зээл рүү шилжиж байгаа шилжилт. Дөрөвдүгээрт, төвлөрсөн системээс тархмал систем рүү явж байгаа өөрчлөлт. Ерөөсөө бидний эхлүүлж байгаа эрчим хүчний реформ гэдэг зүйл дан ганц үнэ тариф биш ийм цогц өөрчлөлт юм. Хүрнээс ногоон руу гэдэг бол маш ойлгомжтой. Дэлхийн эрчим хүчний шилжилт сэргээгдэх эрчим хүч рүү хүчтэй орсон. Биднээс бусад нь ногоон эрчим хүч ашиглаж байна. Гэтэл бид ганцаараа ногоон руу орохгүй нүүрсээ шатаагаад утаа гаргаад эрчим хүч, дулаанаа хангана гэвэл хэн ч энэ салбар луу, энэ улс руу хөрөнгө оруулалт хийхгүй. Нөгөө талдаа сэргээгдэх эрчим хүчний технологи хөгжөөд мөн үнэ нь түүхэн доод түвшиндээ уначихсан байна. Тиймээс энэ чиглэлийн хөрөнгийг оруулж ирэх зайлшгүй шаардлага манайд бий.

-Эрчим хүчний шинэ эх үүсвэр эхнээсээ баригдаж байгаа гэх юм. Яг өнөөдрийн байдлаар Монгол Улсын эрчим хүчний чадлын дутагдал ямар байгаа юм бэ?

-Монгол Улсын чадлын дутагдлыг би тоогоор хэлье. Цахилгааны хувьд 994 МВт, дулаан дээр 1427 МВт-ын дутагдалтай байгаа. Энэ дутагдлаа нөхөж чадахгүй явж байгаа атлаа жил болгон хамгийн багадаа 10 хувиар хэрэглээ нь өсөж байна. Ийм байдлаар бид цаашаа хаа хүрнэ гэж явах вэ. Өнөөдөр эдийн засгийн өсөлт уул уурхай, хөдөө аж ахуй, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанаас хамаарч байгаа. Гэтэл энэ бүх зүйл эрчим хүч дээрээ очоод гацчихаад байна. Ажлын байр нэмэгдүүлье гэхээр эрчим хүч байдаггүй. Үйлдвэр барья гэхээр эрчим хүч байхгүй. Хөгжье гэхээр эрчим хүч байхгүй. Ийм байхад цаашаа бид хаана хүрэх вэ. Тиймээс л бид дээрх эрчим хүчний цогц шинэчлэлтийг хамтад нь хийе гэж байгаа юм.

-Эрчим хүчний үнийг 34 жил төр барьж ирсэн гэлээ. Энэ утгаараа хямд үнэ, тарифт нийгэм дасчихсан байгаа шүү дээ. Нөгөөтэйгүүр иргэдийн амьдрал хэцүү байгаа нь үнэн. Цалин хөлс нь үнийн өсөлтөө гүйцэхгүй байгаа. Тэгэхээр үнэхээр эрчим хүчний реформ хийх цонх үе нь энэ гэж үү?

-Иргэдийн амьдрал хэцүү байгаа нь үнэн. Гэхдээ ирээдүйнхээ хөгжил, боломжийн төлөө өнөөдрийн хүндрэлийг бид нийтээрээ л даван туулах цаг үе ирчихээд байна. Үнэхээр эрчим хүчний реформ гэдэг бол цогц асуудал мөн. Монгол Улс бие даасан эрчим хүчний тусгаар тогтносон системтэй болох асуудал. Ийм системтэй болж байж эдийн засгийн өсөлт, тэлэлт, улс орны хөгжил урагшилна. Дахин хэлэхэд, эрчим хүч байхгүй бол эдийн засгийн өсөлт байхгүй. Эдийн засаг өсөхгүй бол иргэдийн цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нэмэгдэхгүй. Нөгөөтэйгүүр Монгол Улсын хувьд энэ бүс нутагтаа хамгийн хямд үнээр цахилгаан хэрэглэж байгаа цор ганц үндэстэн. Үүнээс болоод Монгол Улсын хөгжил удаашралтай байна. Магадгүй хоёр сонголт үүсч байгаа юм. Нэг нь эрчим хүчний шинэчлэлээ хийгээд дунд, урт хугацаандаа өртөг багатай эрчим хүч ашиглаж, хөгжиж явах юм уу. Эсвэл өнөөдөр авдаг цалин хөлсөө ирэх 10 жилд ч адилхан аваад, эрчим хүчний хязгаарлалттай амьдрах уу. Бидний өмнө ерөөсөө ийм л хоёр сонголт тулаад ирчихсэн байгаа гэдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй байна. Гэтэл реформ ярихаар та нар үнэ нэмэх гээд байна гэж шүүмжилж байна. Үнэндээ энэ том реформын нэг хэсэг нь л энэхүү тарифын өөрчлөлт.

-Дахин хэлэхэд, реформ хийхийг хэн хүнгүй л дэмжиж байгаа байх. Хамгийн гол асуудал нь цаг үе нь мөн үү л гэдэг байна. Өөрөөр хэлбэл, өвөл болж байна. Өвөл монголчуудын хувьд хамгийн их эрчим хүч ашигладаг. Дээр нь үнийн өсөлтөө дийлэхгүй байхад дахиад үнэ тарифыг өсгөх суурь шалтгааныг Засгийн газар хийгээд байна шүү дээ. Үүнийгээ ер нь бодсон байлгүй. Ямар эрсдэл бий болно гэж тооцсон юм бэ?

-Ард түмнийхээ ирээдүйг бодсон болохоор л бид мега төслүүдээ эхлүүлье гэдгээ зарласан. Гэтэл тэр төслүүдийг эхлүүлэхийн тулд эрчим хүч хэрэгтэй байна. Нөгөөтэйгүүр манай улсад энэ шинэчлэлийг нэг жилээр ч юмуу хэсэг хугацаанд хойшлуулах ямар ч цаг байхгүй. Том төслүүдээ явуулж байж эдийн засаг тэлэх гээд байгаа юм. Эдийн засаг тэлнэ гэдэг таны, миний авч байгаа цалин хоёр, гурав дахин нэмэгдэнэ гэсэн үг. Жишээ хэлье. Таны баруун гарт нэг сая төгрөгийн цалин байна. Зүүн гар дээр чинь эрчим хүчний үнийн өсөлт болох 30-40 мянган төгрөгийн нэмэлт зарлага байна гэж бодъё. Хэрэв зүүн гар дээр байгаа 30-40 мянган төгрөгөө төлөөд явбал баруун гар дээрх нэг сая төгрөгийн цалин чинь хоёр сая, магадгүй гурван сая төгрөг болох боломжтой байна. Өөрөөр хэлбэл, 30-40 мянган төгрөг зарлагадаад орлогоо хэд дахин нэмэгдүүлэх боломж байна гэсэн үг. Ийм боломжийг бид яагаад алдах ёстой гэж. Хамаагүй 30-40 мянган төгрөгийн зардлыг төр таны өмнөөс өгөөд байя гэж бодъё. Тэгвэл таны авдаг цалин яг л хэвэндээ магадгүй бүүр буурахыг ч үгүйсгэхгүй. Ийм бодит эрсдлээс бид ард түмнээ гаргая гэж байгаа юм. Нийтээрээ тоггүй гацаж байснаас улсаараа хөгжөөд явахыг хэн ч л бодно биз дээ. Ердөө энэ.

-Яг тарифын өөрчлөлт хийсний маргаашаас ямар сөрөг нөлөөлөл бий болох вэ. Магадгүй таны хэлж байгаагаар дунд, урт хугацаандаа энэ нөлөөлөл буурч, тогтворжино гэж байна. Гэхдээ иргэдийн хувьд өнөө, маргаашийн орж ирэх орлого, зарлага л чухал байгаа шүү дээ. Цахилгаан, дулааны үнэ нэмэгдлээ гэхэд дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ. Үүнээс л иргэд болгоомжилж байна?

-Тарифын өөрчлөлтийг хийлээ гэхэд 2.4 хувийн инфляцийн өсөлт үүснэ гэж тооцсон. Аажимдаа энэ өсөлт буурна. Өнөөдөр эдийн засгийн хувьд инфляци буурч байгаа. Төлбөрийн баланс тогтвортой байна. Ийм цаг үед үнэ тарифын өөрчлөлт хийх нөхцөл нь бүрдчихсэн гэж харж байгаа. Нөгөөтэйгүүр улс төрийн нөхцөл нь ч энэ үед бүрдчихсэн байна. Реформ нь өөрөө улс төрийн шийдвэр. Тэр утгаараа шийдвэр гаргаж байгаа талд хэн ч дуртай байх билээ. Ер нь хамтарсан Засгийн газар яах гэж байгуулагдсан билээ?

-Мэдээж том төслүүд дээрээ улс төрийн хувьд нэгдмэл шийдвэр гаргаж явна гэж л байгуулагдсан байлгүй?

-Тэгэхээр 34 жилийн турш гацчихсан, бие биедээ дэгээ тавьдаг улстөржсөн байдлаасаа салъя. Том төслүүдээ хөдөлгөе. Хоосон улстөржилтийн өөдөөс сөрж, Монгол Улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулах асуудал дээр шийдвэр гаргаж явъя л гэдэг өнцгөөр хамтарсан. Түүнээс биш эрх мэдэл, зөөлөн сандлын төлөө ХҮН нам засагт хамтраагүй. Манай үеийнхэнд тэгэх ч шаардлага байхгүй. Бидний хувьд дуртай газраа очиж ажиллаад явах боломжтой. Бидний гол амбиц бол гал атгаад ч хамаагүй ирээдүйд үр өгөөжөө өгөх, улс орны хөгжлийг түргэсгэх тэр асуудлуудаа шийдье. Магадгүй өнөөдөр иргэдэд таалагдахгүй, дарамт болж байж мэднэ. Харин маргааш нийгэмдээ, иргэндээ хэрэгтэй ажлуудыг барьж авч шийдье гэдэг бол бидний хамгийн гол амбиц. Тэгэхээр өнөөдөр нэмэгдэх гэж байгаа үнэ, тарифын асуудлыг 2-3 жилийн дараа эргээд харахад эртхэн ингээд шийдчихгүй дээ л гэж хүмүүс хэлнэ. Тиймээс бидний хувьд өнөөдрийн ирэх галаас айхгүй. Ирээдүйд нийгэмд үзүүлэх үр ашиг ямар байх вэ гэдгийг л бодож шийдвэр, бодлогоо чиглүүлнэ.

-Ирэх сараас эрчим хүчний үнэ нэмэгдлээ гэж бодъё. Магадгүй хэсэг хугацааны дараа дахиад нэмнэ гэх вий дээ. Нөгөөтэйгүүр энэ удаагийн нэмэгдэл эрчим хүчний үнэ тарифыг зах зээлийн шугаманд нь оруулж чадах уу. Орсонгүй, оруулахын тулд дахиад нэмье гээд явбал яах вэ?

-Үнэ, тарифын өөрчлөлт эхний ээлжиндээ бодит өртгөө л нөхье гэж байгаа. Дараа нь томьёогоор индексжээд явна. Энэ бол нэг л удаагийн арга хэмжээ. Цаашдаа зах зээл нь өөрөө зохицуулаад явна. Энэ тарифын өөрчлөлтөөс болоод үнийн өсөлт явагдаж магадгүй. Явлаа ч тийм өндөр өсөлт явагдах учиргүй. Нөгөөтэйгүүр эрчим хүчний реформ үнэ тарифаасаа эхлэх нь буруу. Угтаа бүтцийн өөрчлөлтөөсөө эхлэх ёстой гэдэг. Энэ нь ч зөв. Бүтцийн өөрчлөлтийг бид давхар авч яваа гэдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй. Энэ салбарын тогтолцоог цэвэршүүлэх, нээлттэй ил тод болгох асуудлыг давхар хийж байгаа. Хамгийн гол нь энэ салбар луу бид хөрөнгө оруулагчдыг оруулах хэрэгтэй. Хувийн хэвшлийг оруулах хэрэгтэй. Орохын тулд энэ салбар үр ашигтай байх хэрэгтэй биз дээ. Нөгөө талаасаа бүтцийн өөрчлөлт хийнэ гэхээр төрийн өмчит компанийг олон нийтийн компани болгоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, төрийн өмчийн компаниудыг бизнес эрхлэгч, олон нийтэд санал болгоно. Ингэхийн тулд эхлээд тухайн компанийн үнэ цэнийг нь өсгөж, үр ашигтай болгож байж олон нийтэд зарах ёстой. Энэ чигээр нь авах нэг ч хүн, хувийн хэвшил байхгүй. Нөгөөтэйгүүр төрийн өмчит компанийг хямдхан зарж болохгүй. Энэ чинь улсын хөрөнгө. Тэгэхээр үүнд хугацаа шаардагдана. Олон улсын жишгээр бүтцийн өөрчлөлт хийгдэх хугацаа дунджаар 2.5-5 жил болдог. Энэ мэт өнөөдөр өргөс авсан юм шиг асуудал шийдэгдэхгүй. Аливаа асуудал зөв жишиг рүүгээ орох хугацаатай, өөрийн процесстой. Хэрэв эхлээд бүтцийн өөрчлөлттэйгөө ноцолдоод араас нь тарифын өөрчлөлт хийнэ гэвэл наад зах нь гурван жилийн хугацаа орно. Ингээд дараа нь үнэ, тарифын асуудал руугаа оръё гэвэл Монгол Улс аль хэдийнэ эрчим хүчний гүн хомсдолд орчихсон байна. Бидэнд үнэхээр хугацаа алга. Нэн яаралтай энэ шинэчлэлээ бид улс даяараа хамтдаа эхлүүлэхгүй л бол Куба шиг хэдэн хоног, магадгүй хэдэн сар, жилээр тоггүй болно. Тэр үед өнөөдөр хэцүү байгаа амьдрал улам дор болно шүү дээ. Тиймээс л энэхүү шинэчлэл, өөрчлөлтийг зоригтой эхлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрчим хүчний шинэчлэл хийнэ гэж ард түмнээ хуурчихалгүй цааш нь гүйцээнэ биз дээ DNN.mn

Ойрын өдрүүдэд эрчим хүчний шинэчлэл гээд нийгэм даяараа сүрхий бужигнаж байна. Эдийн засгаа тэтгэдэг байх ёстой энэ салбар уналтад орсон учраас зайлшгүй реформ хийх шаардлагатай гэж төр засгаас тайлбарлав. Эрчим хүчний шинэчлэл гэж ярьсан асуудлуудаас үнэ нэмэх нь л хамгийн түрүүнд биеллээ олж байх шиг. Уг нь систем бүхэлдээ дампуурах эрсдэлд орсон бол үр ашиг менежментийг нь сайжруулж, цогц шилжилт хийхээс өөр замгүй л дээ. Тэр утгаараа эрчим хүчний шинэчлэл гэсэн том малгай дор либералчлал, өмч хувьчлалын асуудлаас гадна хөрөнгийн зах зээлд гаргах, цахилгаанаа экспортлох, хөрөнгө оруулагчдыг татах гээд өчнөөн ажлууд төлөвлөжээ. Энэ тухай салбарын сайд, шийдвэр гаргагчид зогсоо зайгүй амаа цангатал ярьсан. Мэдээж эрчим хүчний шинэчлэлийн цаана тэр олон ажлыг ухаалгаар, зохион байгуулалттай, тасралтгүй үргэлжлүүлж явуулснаар салбар аяндаа сэргэнэ. Том зургаараа хараат бус, бие даасан эрчим хүчний системтэй болно. Ингэснээр улс орны эдийн засагт бодит хувь нэмрээ оруулдаг салбар болох юм. Гэтэл энэ реформын хүрээнд чаддагаараа цахилгаан, дулааны үнийг нэмэхээр болж байна. Үүнд ард түмэн их бухимдалтай байгаа. Яагаад гэвэл салбарын шинэчлэл нэрийн дор ард түмнийг молигодоод үнэ тарифаа нэмчихээр аргагүй шүү дээ.

Албаны эх сурвалжууд нь дуугарах тоолондоо хэдэн тоо холбож хэлдэг боллоо. Эрчим хүчний салбар 2024 онд 355 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан, ийм янзаар удаан үргэлжилбэл алдагдлын хэмжээ их наяд давна гэсэн. Ядаж байхад хагас зуун жилийн түүхтэй цахилгаан, дулааны станцууд нь нэг өвлийн насгүй болчихож. Цахилгаан үйлдвэрлэдэг тоног төхөөрөмжүүд нь хуучирч муудаад хэзээ мөдгүй зад үсэрч, хот даяараа хөлдөхөд ойрхон байгаа нь ч бодит үнэн. Тэгээд цахилгаан, дулаанаа өртөг үнээсээ хамаагүй бага ханшаар зараад байхаар станцууд нь эргээд өрөнд ороод зогсохгүй ард түмний төлсөн татвараас татаас авагч болж хувирчээ. Үүгээр зогсохгүй эрчим хүчний нүүрс нийлүүлэгч компаниудын хормойноос зүүгдээстэй. Давхар, давхар өрийн сүлжээ үүсч чөтгөрийн тойрогт орчихож. За тэгээд энэ бүх зовлон бэрхшээлээс ангижрах цорын ганц амар шийдэл нь үнэ нэмэх байсан байх. Эрчим хүчээ хэрэглэгчдэд бодит өртгөөр нь нийлүүлж эхэлбэл станцуудын урт хугацааны өр зээлүүдээсээ салж чадах юм гэсэн. 2027 он гэхэд эрчим хүчний салбарын хуримтлагдсан өр төлбөр бүрэн барагдахын зэрэгцээ нүүрсний уурхай, төмөр замын үйл ажиллагааны алдагдалгүй болно. Тэр цагт эрчим хүчний салбар татаасгүй болно гэж үнэ нэмж буй учир шалтгааныг тайлаад байгаа юм билээ.

Яг үнэн хэрэгтээ эрчим хүчний реформыг жирийн малчин хүртэл дэмжинэ. Өдрөөс өдөрт бүтээн байгуулалт нэмэгдэж байгаа энэ цагт монголчуудын хувьд эрчим хүчний хараат байдлаас гарах нь амин чухал асуудал. Харин цахилгаан, дулааны үнийг нэмсний ар дээр инфляци гэж айхавтар “мангаа” айл болгоны хаалгыг тогшино. Ингээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлдвэр үйлчилгээ, лангуу, оффис түрээс гээд бүх юмны үнэ дагаад өсөх нь тодорхой. Томоос нь жижиг хүртэлх үйлдвэрүүдийн зардал нь асар их нэмэгдэнэ. Наад зах нь талхны жижиг цех хүртэл цахилгаан, дулааны нэмэгдлийг өртөг зардалдаа шингээчихээр бүтээгдэхүүнийх нь үнэ дагаад өснө. Цаашлаад ажилчдын цалин хөлс нэмэгдвэл аж ахуйн нэгжүүдийн улсад төлөх НДШ, татварууд нь дагаад л талийж өгнө. Эдийн засагчдын харж байгаагаар бараа бүтээгдэхүүнд хамгийн багадаа 5-10 хувийн өсөлт ирнэ гэж таамаг дэвшүүлж байсан.

Эрчим хүчний үнийг чөлөөлөх асуудалд салбарынхан дуу нэгтэй дэмждэг. Нэгэнт сонгууль дууссан болохоор улс төрийн шийдвэр нь ч гарлаа. Төр засаг ч ард түмнээс айх айдсаа гээж. Одоо яаж харгис хандах вэ гэдгээ л бодно. Эрчим хүчний реформ хийхийн цаана үнэ тариф хэрхэн яаж нэмэгдэж байгааг өнөөдөр албан ёсоор танилцуулахаар болж байх шив. Урьдчилсан байдлаар өрхийн цахилгааны үнийг 29.6 хувиар, дулааны төлбөрийг одоо байгаагаас нь хоёр дахин нэмэгдүүлье гэдэг саналыг салбар яам гаргаад байгаа. Үнийн өсөлтийн дарамтад нийгэм тэр чигээрээ өртөнө. Нэгэнт төр засгаас цахилгаан, дулааны үнийг нэмэх шийдвэр гарвал дуугүй л дагаад төлөөд явах байх даа. Нөгөө “Та нар яаж амьдраад байна аа” гэж дуу алдуулан амьд байгаа ард түмэн л хэцүүднэ. Цахилгаан дулааны салбарынхан тэр чигтээ л тэрбумтнууд байдаг тухай амтай болгон нь ярьж байна. Дулааны салбараас тавь жаран байртай нэг нөхөр ч жишээ болон яригдаж байна. Хэрэв эдгээр хүмүүс үргэлжлүүлэн ажилласаар, хулгайгаа хийсээр байвал үнэ нэмээд ч хэрэг болохгүй гэдгийг УИХ-ын гишүүд маань мэдэж байгаа л гэж найдахаас. УИХ-ын залуу гишүүн С.Цэнгүүн 103 гишүүнээр дэмжүүлсэн гэж өөрөөрөө бахархан ярьсан байна лээ. Үнэ нэмэхээс өөр юм хийхгүй бол ард түмнээ хэдэн авлигачийг тэжээх гэж шулсан хэрэгт орно гэдгээ мэдэх үү. Ийм нэр хоч авахгүйн тулд өөрөө гарын үсэг зуруулдаг шигээ наад гишүүдээ манлайлан нөлөөлж ажиллаарай даа.

Тэгэхээр төр засгийн зүгээс эрчим хүчний реформоо тасралтгүй үргэлжлүүлж хийх хэрэгтэйг сануулмаар байна. Учир нь нийгэмд “Энэ шинэчлэл цааш явахгүй. Цахилгаан, дулааны үнийг нэмэх гэж ард түмнийг хуурч байгаа пиар дөө” гэсэн хардлага байгаа болохоор зориуд ингэж хэлээд байгаа юм. Юун төлөө УИХ-д суудалтай намууд эрчим хүчний шинэчлэл дээр санал нэгдээд байгаа билээ дээ. Зогсоо зайгүй явуулаад гүйцээнэ биз дээ. Ялангуяа С.Цэнгүүн гишүүн энэ талаар ард түмэндээ байнга тайлагнаж байх биз.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр хар бич өдөр DNN.mn

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 4, Сумъяа гариг. Билгийн тооллын 3, Эрхтэний тэнгэрт одтой, хар бич өдөр. Өдрийн наран 07:42 цагт мандаж 17:30 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно

Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн байна DNN.mn

Хур тунадас: Нутгийн өмнөд болон зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нийт нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр -22…-27 градус, Идэр, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр -16…-21 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Тэс, Туул, Онон голын хөндийгөөр -11…-16 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1…-6 градус, бусад нутгаар -7…-12 градус хүйтэн, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр -3…-8 градус, Хангайн уулархаг нутаг Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +2…-3 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +7…+12 градус, бусад нутгаар +1…+6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -18…-20 градус, бусад хэсгээр -14…-16 градус, өдөртөө -1…-3 градус  хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -18…-20 градус, өдөртөө -3…-5 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр.Шөнөдөө -19…-21 градус, өдөртөө -4…-6 градус хүйтэн байна.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Томхон жорлон дээр хүртэл тууз хайчилдаг төр, засгийн томчууд нефтийн цооног нээхэд яагаад очсонгүй вэ” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы даваа  гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы Олон улсад өрнөж буй анхаарал татсан үйл явдлуудын талаар Хүмүүнлэгийн Их сургуулийн профессор, шинжлэх ухааны доктор Д.Уламбаяртай ярилцлаа. Тэрбээр “Олон улсын харилцаанд туйлшрах хандлага эрчимжиж, хуваагдмал байдал газар авч байна “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн

“Шинэ сэргэлтийн бодлогын Хурдасгуур төв” УТҮГ-ын Дэд бүтцийн хөгжлийн бодлогын газрын дарга Н.Батдоржтой ярилцлаа. Тэрбээр цахилгаан эрчим хүчний хэрэглээний төлбөр, өртөгтэй холбоотой суурь судалгаа хийсэн судлаачдын нэг юм.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Томхон жорлон дээр хүртэл туузхайчилдаг төр, засгийн томчууд нефтийн
цооног нээхэд яагаад очсонгүй вэ” хэмээн өгүүллээ.

“Батглостер” ХХК-ийн захирал, авто замын мэргэшсэн инженер, мэргэшсэн төсөвчин Э.Ганболд “Түгжрэлийг шийдэх ганц гарц бол давхар зам барих юм” гэлээ.

Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд чуулганы хуралдааны үеэр яагаад горимын санал гаргасан бэ гэдэг тайлбараа сонин,
хэвлэлд заавал өгч байгаарай

Хоморголсон баривчилгаа, их хэлмэгдүүлэлт, сэргээгдээгүй эрх

Арын нүүр: Зураг дурсамж өгүүлдэг


 

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы  баасан гаригийн дугаараас уншаарай.

 

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

 

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

 

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

 

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

 

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

 

 

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ цаг-үе

Бан Ги Мүн “Чингис хаан” үндэсний музейд зочлов DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон хүртсэн НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “Чингис хаан” үндэсний музейд зочилжээ. Тэрбээр нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүгийн эзэнт улсаас ХХ зууны эхэн хүртэлх Монголын хаад, төрт улс хүртэлх түүхтэй танилцсан хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэв.