Categories
мэдээ нийгэм

Групп сунгуулахдаа биеэр очих шаардлагагүй боллоо

Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Эрүүл мэндийн яам болон холбогдох агентлагийн ажилтнуудын хамтарсан уулзалтыг зохион байгуулжээ.

Даатгуулагч иргэн хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд цахим мэдээлэлд тулгуурлан хөдөлмөрийн чадвар алдалт, байнгын асаргааг тогтоох, сунгах, цуцлах, ажлын цаг богиносгох, хөдөлмөрийн нөхцөл солихоор зохицуулсан. Үүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай байгаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний мэдээлэл, эрүүл мэндийн даатгалын мэдээллийг холбогдох байгуулалтай цахимаар үнэн зөв, шуурхай солилцох асуудлыг шийдвэрлэжээ.

Цаашид группт орсон хүн бүрийн хөгжлийн бэрхшээл болон хөдөлмөрийн чадвар алдалтыг аймаг, дүүрэг бүрт байгуулсан зөвлөлөөр оруулж, биеэр ирэхийг шаардахгүй.

Харин олон улсын жишигт нийцүүлэн санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон өөр аймаг, дүүрэг, мэргэжлийн салбар зөвлөлийн эмч тогтоодог болох юм.

Categories
мэдээ нийгэм

Ирэх сарын цаг агаарын ерөнхий төлөв

Цаг уурын байгууллагын гаргасан ирэх сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр сарын эхний долоо хоногт ерөнхийдөө хоног хоорондын өөрчлөлт багатай, температурын хувьд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, салхины хурд харьцангуй их байх магадлалтай байна. Хоёрдугаар арав хоногийн эхэн үеэр нийт нутгаар харьцангуй дулаарах боловч хоёрдугаар арав хоногийн дунд үеэс ихэнх нутгаар агаарын муудалт ажиглагдах төлөвтэй байна.

Цаашдаа гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд агаарын тогтворгүй өдрүүд үргэлжилнэ. Энэ сард төвийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр салхи ихтэй хуурай үеүд үргэлжлэн ажиглагдах тул гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулахын зэрэгцээ агаар мандал дахь нарийн ширхэглэгт тоос тоосонцорын агууламж нэмэгдэх тул нийт иргэд эрүүл мэнддээ онцгой анхаарч, шаардлагатай арга хэмжээ авахыг зөвлөж байна.
Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Увсын ихэнх нутаг, Ховдын зүүн хойд, Завханы баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–3ºС-аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3ºС-аар дулаан байх төлөвтэй байна. Сарын эхний хагаст хур тунадас харьцангуй багатай байх хэдий ч салхи ихтэй байх магадлал өндөр, харин хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орох магадлалтай байна.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Булган, Сэлэнгэ, Төвийн нутаг, Хөвсгөлийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх, Булганы зүүн хэсгээр олон жилийн дунджаас бага, Өвөрхангайн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногуудын дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3ºС–аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3ºС–аар дулаан байх төлөвтэй байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үеэр зарим газраар, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орох магадлалтай байна.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх байх төлөвтэй байна. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногуудын дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3ºС-аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–3ºС-аар дулаан байх төлөвтэй байна. Сарын эхний хагаст хур тунадас харьцангуй багатай байх хэдий ч салхи ихтэй байх магадлал өндөр, харин хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орох магадлалтай байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Хур тунадас Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногуудын дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3ºС-аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3ºС–аар дулаан байх төлөвтэй байна. Сарын эхний хагаст хур тунадас харьцангуй багатай байх хэдий ч салхи ихтэй байх магадлал өндөр, харин хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орох магадлалтай байна.

Categories
мэдээ нийгэм

Cэлбэ голын үерийн хамгаалалтын барилга байгууламжид суваг татаж байна

Шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Сэлбэ голын үерийн хамгаалалтын барилга байгууламжид суваг татаж байна.

Categories
мэдээ нийгэм

Дөрөвдүгээр сарын 1-нээс сайн дурын даатгуулагч 106.920 төгрөг төлнө

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны аравдугаар сарын 7-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувиар нэмэгдүүлж, 792 мянган төгрөгөөр тогтоосон.

Энэхүү тогтоол нь ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Сайн дурын даатгуулагчид гуравдугаар сарын 31-нийг хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээгээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөгөөр тооцуулах бөгөөд шимтгэлд 89100 төгрөг төлөх юм.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн ч нийгмийн даатгалын хувь хэмжээ 13.5 хувь хэвээр үлдсэн. Тиймээс сайн дурын даатгуулагчид ирэх дөрөвдүгээр сараас эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 106920 төгрөгийн шимтгэл төлөх ажээ.

Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ: 10-14 насныхан улаанбурхан өвчнөөр өвдөх эрсдэл өндөр байна

Улаанбурхан өвчний цаг үеийн талаар мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр  “Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 114 тохиолдол болж, 113 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс 32 нь эдгэрсэн. Дундговь аймгаас 23, Өмнөговь аймгаас 11, Улаанбаатараас 75 тохиолдол байна. Мөн салхин цэцгийн халдвар ихсэж байна.

Хоолны хордлого авах тохиолдол ч мөн элбэг байна. Тууралт эхлээгүй байхад ханиах, халуурах, хоолой өвдөх зовуурь илэрвэл эмнэлгийн байгууллагад яаралтай хандахыг шаардлагатай байна. 10-14 насныхан улаанбурхан өвчнөөр өвдөх эрсдэл өндөр байна” гэлээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Л.Оюун-Эрдэнэ: 21 жил яригдсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын бүтээн байгуулалтын төслийг хөдөлгөж чадлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг танилцуулж УИХ-ын чуулганд үг хэллээ. Бүрэн эхээр нь хүргэж байна.

Тэрбээр,

Монгол Улсын Их хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн дагуу Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг тоймлон танилцуулъя.

Хэвлэмэл байдлаар дэлгэрэнгүй тайлан тараагдаж, Засгийн газрын гишүүд асуултад хариулах тул тайлант хугацааны логик холбоос талаас тайлбарлах нь зүйтэй гэж үзлээ.

Монголчууд бид шинэ Үндсэн хуулиа баталж, ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш 30 жилийн амжилт ололт, алдаа оноогоо нэгтгэн дүгнэж, шинэ 30 жилийн хөгжлийн бодлогыг сонгуулийн циклийг давж урт хугацаагаар төсөөлөхийн тулд олон улсын нийтлэг жишигт тулгуурлан “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогыг улс төрийн намууд, холбогдох яам, агентлагийн мэргэжилтэн, эрдэм шинжилгээ, мэргэжлийн байгууллагын 1,500 гаруй эрдэмтэн судлаачдын төлөөлөлтэйгээр боловсруулан ажиллаж,

Монгол Улсын Их Хурлын 2020 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлж эхлэснээс хойш таван жил өнгөрч, 2020 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” энэ жил цогц байдлаар үнэлэгдэх хугацаа дөхөж байна.

Тайлант таван жилийн хугацаанд цар тахал, ОХУ-Украйны дайн зэрэг олон улсын геополитикийн нөхцөл байдал нэн тогтворгүй байсан ч хөгжлийн бодлогод тусгагдсан суурь асуудлууд шийдвэрлэгдэж, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2021-2024 оны хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр хэрэгжилт 67.0 хувьтай гэж дүгнэж байна.

Урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг анх удаа шалгуур үзүүлэлттэйгээр боловсруулагдаж, таван жилийн үнэлгээ гарч байгаа тул төрийн байгууллагуудын тоон мэдээлэл, аргачлал зөрөх асуудлууд гарахыг үгүйсгэхгүй. Гэвч энэ нь цаашдын зөв үнэлгээний тогтолцоог бүрдүүлэх суурь болно гэдэгт итгэлтэй байна.

Бодлогын хэрэгжилтийг үр дүнтэй болгох, хяналт, мониторинг, үнэлгээний тогтолцоог олон улсын жишигт хүргэх зорилгоор Засгийн газрын бүтцэд (DME – Design, Monitoring and Evaluation) буюу Хяналт, үнэлгээ хариуцсан Засгийн газрын гишүүн томилогдон ажиллаж байна.

Цаашид Хяналт, үнэлгээний тогтолцоог олон улсын жишигт хүргэх, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон дунд, богино хугацааны бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг уялдуулан үнэлэх чиглэлээр олон улсын үнэлгээний цогц систем нэвтрүүлэх нь чухал болохыг онцлон хэлье.

“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд Монгол Улсын Их Хурлын 2020 оны 23 дугаар тогтоолоор баталсан Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Хүний хөгжил, Амьдралын чанар ба дундаж давхарга, Эдийн засаг, засаглал, Ногоон хөгжил, Амар тайван аюулгүй нийгэм, Бүс, орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн үндсэн есөн зорилгын хүрээнд 47 зорилт дэвшүүлж, 243 арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан.

Үндэсний нэгдмэл үнэт зүйл зорилтын хүрээнд

Монгол түмний үндэсний бахархал, үнэт зүйлс, төрт ёс, түүхэн уламжлал, ирээдүйн хүсэл тэмүүллийн огтлолцол төв цэг бол Монголын Эзэнт гүрний түүх, Их Эзэн Чингис хааны үйл хэргийг биет болон биет бус хэлбэрээр сурталчлан таниулах бөгөөд Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчлан таниулах Чингис хааны музей, Өөдөө тэмүүлэх Монгол буюу Go Mongolia үндэсний брендингийн олон улсын сурталчилгаа, Нүүдэлчин ахуйг сурталчилсан соёлын арга хэмжээнүүд тодорхой үр дүнд хүрч Монгол Улсын талаарх ойлголт 57 хувиар нэмэгдэж, зөөлөн хүчний бодлогын индекс 14 байраар урагшилсан байна.

Хүний хөгжил зорилтын хүрээнд тайлант хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахлын гамшгийн үе тохиолдсон ч Засгийн газар хүн амын 90 хувийг вакцинжуулснаар 20-40 мянган хүний амь насыг эрсдэлээс хамгаалж, 1.3 жилийн өмнө хатуу хөл хориог цуцалсан улс орнуудын нэг болж цар тахлыг эрсдэл багатай даван туулсан.

Орон даяар зохион байгуулсан эрт илрүүлэг, оношилгоонд 1.5 сая хүн хамрагдсан нь нийт хүн амын 44 хувийг эзэлж байна. Эрүүл мэндийн салбарт сүүлийн таван жилд өмнөх 10 жилд хийгдсэнтэй тэнцэхүйц хэмжээний буюу 953.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.

Улсын хэмжээнд 2020-2024 онд 197 сургууль, 285 цэцэрлэг ашиглалтад оруулсан. Улаанбаатар хотын 27 хорооны 26.8 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах асуудлыг шийдвэрлэж Цэцэрлэгийн сугалааг халж, хүсэлт гаргасан хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломжтой болсон.

Амьдралын чанар ба дундаж давхарга зорилтын хүрээнд

Засгийн газраас “Үндэсний баялгийн сан”-гийн тухай хуулийг Улсын Их Хурлаар батлуулан уул уурхайн стратегийн ордуудын 34 хувьд ногдох ногдол ашгийг иргэдийн хуримтлалын дансанд олгодог боллоо.

Хууль батлагдсанаас хойш төрийн өмчит уул уурхайн компаниудаас 495.6 тэрбум төгрөгийг Хуримтлалын санд төвлөрүүлжээ.

Энэ эх үүсвэрээр 5,000 орчим иргэний ипотекийн зээлийг санхүүжүүлжээ. Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангаар дамжуулж, иргэдийн орон сууц, боловсрол, эрүүл мэндийг дэмжих бодлого хэрэгжих бодит нөхцөл бүрдэж байна.

Эдийн засаг зорилтын хүрээнд

Монгол Улс эдийн засгаа тэлэх, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, эдийн засгаа төрөлжүүлэх, аялал жуулчлал, зам, тээврийн салбарыг хөгжүүлэх зорилтууд дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа.

Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарлаж, 2023 онд 0.6 сая, 2024 онд 0.8 сая жуулчин хүлээн авсан нь түүхэн дээд амжилт болж, салбарын жилийн орлого 1.5 тэрбум ам.долларт хүрлээ.

“Мянганы зам” төсөл 21 жилийн дараа амжилттай хэрэгжиж, Монгол Улс бүх аймгаа нийслэл Улаанбаатар хоттой 7,000 гаруй километр үргэлжилсэн хатуу хучилттай автозамаар бүрэн холболоо.

Чойбалсан, Багануур, Эрдэнэ, Мөрөн, Бөөрөлжүүт, Тосон зэрэг цахилгаан станцын төслүүдийг хэрэгжүүлж, эрчим хүчний эх үүсвэр, хүчин чадлыг 358 МВт-аар нэмэгдүүлсэн.

Ковидын үед эдийн засгийн өсөлт -4.6 хувь болсон байсан бол 2023 онд 7.4, 2024 онд 4.9 хувьтай байна.

Сүүлийн дөрвөн жилд Монгол Улсын экспортын орлого хоёр дахин өсөж, Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 37.4 их наяд төгрөгөөс 80.0 их наяд болж нэмэгдсэн.

Нэг хүнд ногдох ДНБ 2020 онд 4,128 ам.доллар байснаас сүүлийн гурван жилд тогтмол өсөж, 2023 оны байдлаар 6,008 ам.долларт хүрсэн, 2024 оны урьдчилсан гүйцэтгэлээр 6,890 ам.доллар болсон.

Fitch, S&P, Moody`s зэрэг зээлжих зэрэглэл тогтоогч агентлагаас 2024 оны зээлжих зэрэглэлийг нэг шат ахиулж “B+, тогтвортой” хэмээн зарласан.

Засаглал зорилтын хүрээнд

Парламентын ардчиллыг бэхжүүлэх зорилгоор улс төрийн намууд зөвшилцөж, Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар Монгол Улс сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэн.

2024 оны Улсын Их Хурлын сонгуулиар анх удаа улс төрийн таван нам, эвсэл парламентад суудалтай болж, эмэгтэйчүүдийн төлөөлөл 25.4 хувьд хүрсэн нь Ази тивийн дунджаас өндөр үзүүлэлт болсон.

E-Mongolia платформыг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлснээр тус систем 1.95 сая хэрэглэгчтэй, 1,263 үйлчилгээ цахимаар үзүүлж, лавлагаа, тодорхойлолт авах дундаж хугацаа таван секунд болсон.

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас хоёр жил тутам шинэчлэн гаргадаг “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол Улс 2024 онд 46 дугаарт орж, өмнөх үзүүлэлтээс 28 байраар урагшилсан бол иргэдийн цахим оролцооны индексээр 2024 онд өмнөх оноос 20 байраар урагшилж, 193 орноос 37 дугаарт эрэмбэлэгдэж байна.

Ногоон хөгжил зорилтын хүрээнд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнийг дэмжин хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт, хөрсний доройтолтой тэмцэх, усны эх үүсвэр, экологийн тэнцвэрт байдлыг хангах эрхзүйн цогц шинэчлэл хийхээр ажиллаж байна.

Мөн биологийн төрөл зүйлийг хамгаалах, экосистемийг хадгалахын тулд тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг өргөтгөх, байгалийн нөөцийн менежментийг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар нүүрсхүчлийн хийн ялгарлыг багасгах зорилго тавин ажиллаж байна.

Мөн мод тарих болон ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хог хаягдлын шинэ менежмент нэвтрүүлэх зэрэг ногоон хөгжил болон хүний хөгжлийг дэмжсэн хөрөнгө оруулалт хийсэн Аж ахуйн нэгжид борлуулалтын орлогын нэг хүртэл хувийн татварын хөнгөлөлт үзүүлэх хуулийг хэрэгжүүлж, хувийн хэвшлийг идэвхжүүлэх, оролцоог хангаж байна.

Амар тайван, аюулгүй нийгэм зорилтын хүрээнд

Монгол Улсын батлан хамгаалах тогтолцоог боловсронгуй болгохын зэрэгцээ хууль, шударга ёсны тогтолцоог бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн, амьдралын таатай байдлын үзүүлэлтүүдийг дээшлүүлж, нийгмийн эрсдэлийг бууруулах зорилт дэвшүүлсэн нь хүн төвтэй хөгжлийн үзэл баримтлалын тулгуур зарчмын илэрхийлэл юм.

Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн ая тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор гудамж, талбайн гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, камержуулалтын тогтолцоог нэвтрүүлэн хэрэгжүүлж байна.

Бүс, орон нутгийн хөгжил зорилтын хүрээнд

Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил”-ээр зарлаж, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулж, Улсын Их Хурлаар батлуулж, Улсын Их Хурлын сонгуулийг бүсчилж, томсгосон тойргоор зохион байгуулсан.

Бүсчилсэн хөгжлийн бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдэд бүтээн байгуулалтын үе шатанд импортын барилгын материал, тоног төхөөрөмжийн

o   Гаалийн албан татварыг 100 хувь чөлөөлнө.

o   НӨАТ-ыг дөрвөн жилийн дараа төлнө

o   Үйл ажиллагааны үе шатанд ирээдүйн таван жилийн орлогод төлөх Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгоно

Ингэснээр одоо Аж ахуйн нэгжүүд 12-13 хувийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлж байгаа бол бүсийн хөгжлийн зорилгод нийцсэн төслүүдийг орон нутагт хэрэгжүүлвэл төлөх татварыг буцаан олгох замаар нэг хувь болгох боломж бүрдүүлээд байна.

Улаанбаатар ба дагуул хот зорилтын хүрээнд

Засгийн газраас нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг цогцоор шийдвэрлэхийг зорьж, 2020 оноос хойш хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэн 12.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

Мөн 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг шийдвэрлэх жил”-ээр зарлаж, Ерөнхий сайдын шууд удирдлагад Нийслэлийн шуурхай штаб байгуулсан.

Энэ хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийн 24 төслийг үр шаттай хэрэгжүүлэхээр эрэмбэлээд байна. Энэ хүрээнд Туулын хурдны зам, Багахангай-Хөшигийн хөндийн төмөр зам, метро, трамвай, дүүжин тээврийн замын ажлууд, нийслэлийн тулгамдсан асуудлууд шат дараатай шийдвэрлэхээр ажиллаж байна.

Засгийн газраас “20 минутын хот” үзэл баримтлал, түүнтэй уялдсан “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байна.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай

Монгол Улсын Их Хурлын 2024 оны наймдугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор баталсан ’’Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр’’ нь үндсэн дөрвөн бодлогын хүрээнд 16 чиглэлийн 620 зорилтыг хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилт 2024 оны сүүлийн хагас жилийн байдлаар дунджаар 34.0 хувь  байна.

“Хурдтай хөгжлийн төлөө зориг” хамтарсан Засгийн газар байгуулагдаж, үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулснаас хойш хагас жилийн хугацаанд:

•       21 жил яригдсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын бүтээн байгуулалтын төслийг хөдөлгөж чадлаа,

•       1997 онд хайгуулын судалгаа нь эхэлсэн Монгол-Францын хамтарсан ураны төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг байгууллаа,

•       1964 оноос судалгааг эхлүүлсэн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын зээлийн гэрээг байгууллаа,

•       Бөөрөлжүүт, Чойбалсан, Багануур зэрэг эрчим хүчний төслүүдийг гацаанаас гаргаж, Дулааны гуравдугаар цахилгаан станцыг 300МВт-аар өргөтгөх ажлыг эхлүүлэхээр боллоо.

Хөгжлийн мега төслүүдээ гацаанаас гаргаж, урагшлуулах олон улсын гэрээ, хэлэлцээрийн төсөл, эрх зүйн реформ хэрэгжүүлэх хууль, тогтоомжийн төслийг Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, чуулганаар нээлттэй хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх болно.

Засгийн газрын төвлөрөх дараагийн мега төслүүд нь Тавантолгойн цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц, ОХУ, БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэх гурван улсын хийн хоолойн төсөл, төмөр замын баруун, зүүн коридорын төслүүд байх болно.

Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцүүлэхээр танилцуулж байна гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы /2025.03.27/ үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 30 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцсэн.

Хуралдааны эхэнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Энэ талаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцсэн байна. Дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар, О.Мөнхсайхан /илтгэгч/, Б.Болдбаатар, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг  оролцжээ.

Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Монгол Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… тэгш байдал, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг … албан тушаал …-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. …”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “… Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. …” гэснийг тус тус зөрчсөн гэсэн дүгнэлт гаргажээ.

Мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… тэгш байдал, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг … албан тушаал …-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. …”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “… Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. …” гэснийг тус тус зөрчсөн гэж үзсэн байна.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсгийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 03 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурлын Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороо гуравдугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хороодын санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, Г.Уянгахишиг нар тус тус танилцуулсан.

Байнгын хороодын санал, дүгнэлтэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 03 дугаар дүгнэлтийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэнийг дурджээ.

Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, С.Бямбацогт, П.Сайнзориг, А.Ариунзаяа, Э.Бат-Амгалан, Ш.Бямбасүрэн, О.Номинчимэг, Г.Очирбат, Ц.Баатархүү нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, гишүүдийн хийсэн ажлын тайлан хэмээх өнгөтэй, өртөг өндөртэй хэвлэмэл материалуудыг олноор тараах байдал хэтэрсэн учраас зарим иргэн Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан байх. Гэхдээ  гишүүдийн иргэд, сонгогчдодоо сүүлийн зургаан сар хийсэн ажлаа тайлагнах эрхийг нь хааж, Засгийн газрын гишүүд, аймгийн Засаг дарга нарт ажлаа тайлагнах боломжийг олгосноор ялгамжтай байдлыг бий болгож байна гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт ямар учраас ард түмний төлөөлөл болсон парламентын гишүүний иргэд, сонгогчидтой уулзах, тайлангаа тавих боломжийг хаах гээд байгаа юм бол гишүүд ард түмний саналыг авч сонгогдчихоод тайлангаа ч тавихгүй, уулзахгүй алга болдог байдлыг өөгшүүлсэн хууль болох вий гэсэн саналтай байв. Мөн Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг сонгуулийн жил тайлан тавьж байгаа хүн бүр дараагийн сонгуульд өрсөлдөх биш, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа танилцуулаад улс төрөөс холдох гэж буй хүмүүсийн боломжийг хаасан, нөгөөтээгүүр, Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хязгаарлаж байна гэсэн байр суурийг илэрхийлэв.

Харин Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд цэцийн дүгнэлтэд дурдсан асуудал нь тараах материалын тухай хөндөж байгаагаас биш сонгогчидтой уулзахыг хориглоогүй тул Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг бүхэлд нь гуйвуулж болохгүй. Сонгуулийн сурталчилгааны тараах материал гэж юуг хэлэх юм гэдгээс эхлээд зохицуулалтыг нарийвчлах шаардлагатай байна гэсэн  бол Улсын Их Хурлын гишүүн Ш.Бямбасүрэн,3.5 жилийн хугацаанд сонгогчид гишүүнээ хэдийнэ дүгнэсэн, таньсан байх тул үнэтэй, өнгөтэй зардал ихтэй сэтгүүл тараах нь шударга ёсонд нийцэхгүй. Иймд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналтай байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсны дараа ажлын хэсэг гаргаад Улсын Их Хурлын гишүүдийн тайланг цахимаар эсвэл тараах асуудлыг тодорхой  болгох, орон нутагт буй төрийн албыг гишүүд сонгуулийн сурталчилгаандаа татан оролцуулахгүй байх, төрийн өндөр дээд албанд сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнууд  өөрийн нэртэй гарын бэлэг өгөхийг хориглох нь чухал гэж байлаа.

Ингээд Байнгын хороодын саналаар хуулийн хэсэг, заалт бүрээр санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталсанд тооцлоо.

Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатараас 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа, Амьтны тухай хууль 2012 онд батлагдсанаар бүс нутгийн амьтны зүйлийн бүрдэл, тэдгээрийн тархац, нөөцийн судалгааг хийж, зэрлэг амьтны мэдээллийн санг тогтмол шинэчилсний үндсэн дээр зэрлэг амьтныг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх ан агнуурын менежментийн төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдсэн байдаг. Монгол Улсад 1986 оны байдлаар 30 гаруй мянган чоно, 18 аймгийн нутаг дэвсгэрт тархсан гэж Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгийн эрдэмтдийн гаргасан судалгаанд дурджээ. Үүнээс хойш улсын хэмжээнд чонын талаар нарийвчилсан судалгаа, мэдээлэл байхгүй байгааг онцлов.

Амьтны тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу иргэн зохих төлбөр төлж, сумын Засаг даргаас олгосон эрхийн бичгийн дагуу агнуурын ховор амьтнаас бусад амьтныг өөрийн ахуйн зориулалтаар агнаж, барьж болох бөгөөд тус эрхийн бичигт иргэний овог, нэр, агнах, барих, агнуурын амьтны зүйл, тоо, агнах, барих хугацаа, газар, төлбөр хураамжийн хэмжээг нарийвчлан заадаг. Тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.2-т заасны дагуу чоно агнах, барих зөвшөөрлийг тав хүртэлх хоногийн хугацаатай олгодог байна. Мөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 17 дугаар зүйлийн 17.1.2-т тус тус заасны дагуу Засгийн газрын 2023 оны Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн батлах тухай 260 дугаар тогтоолыг үндэслэн тухайн амьтны экологи, эдийн засгийн үнэлгээг 20 хувиар буюу 226 мянган төгрөгөөр, зөвшөөрлийн хураамжийг 2 хувь буюу 22600 төгрөгөөр тус тус тооцож, нэг чоно агнах зөвшөөрөл 248600 төгрөгийн үнэлгээтэй байгаа аж.

Тулгамдаж буй асуудлыг тодорхойлбол:

Нэгдүгээрт, ан агнах зөвшөөрлийн бичиг нь 5 хүртэлх хоногийн хугацаатай байдаг. Хэрэв тухайн хугацаанд ан хийж чадахгүй бол дахин сум орж, зөвшөөрөл авах шаардлага үүсдэг тул төлбөр төлж, зөвшөөрөл авах сонирхол байдаггүй байна.

Хоёрдугаарт, хуульд заасны дагуу ан агнах зөвшөөрөл авахад шаардлагатай бичиг баримт бүрдүүлэх нь малчин иргэдийн хувьд хүндрэлтэй байдаг.

Гуравдугаарт, малчид, иргэд зөвшөөрөлгүй чоно агнавал өндөр торгууль төлөх учраас амь нас, мал сүргээ чоноос хэрхэн хамгаалахаа мэдэхгүй байгааг О.Амгаланбаатар гишүүн танилцуулгадаа дурдсан.

Мөн тэрбээр, торгууль, нөхөн төлбөрийн хэмжээ Засгийн 2023 оны амьтны экологи эдийн засгийн үнэлгээг шинэчлэн батлах тухай 260 дугаар тогтоолын хавсралтад заасны дагуу чонын экологи, эдийн засгийн үнэлгээг 1 сая 130 мянган төгрөгөөр тогтоосон байна. Зөвшөөрөлгүй чоно агнасан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу торгууль төлөхөөс гадна Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсэгт заасны дагуу 2 сая 260 мянган төгрөгийн нөхөн төлбөр төлдөг. Иймд Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлд “амь нас, мал сүргээ хамгаалах зорилгоор чоно агнасан бол энэ хуулийн 25.1 дэх заалт хамаарахгүй” гэсэн 25.7 хэсэг нэмэхээр тусгасан. Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн 25.1 дэх заалтад “Иргэн ахуйн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихад эрхийн бичиг, иргэн, хуулийн этгээд тусгай болон үйлдвэрийн зориулалтаар агнуурын амьтан агнах барихад тусгай зөвшөөрөл авч, гэрээ байгуулна” гэсэн заасан байдаг хэмээн төсөл санаачлагч гишүүн танилцуулсан.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен танилцууллаа.

Тэрбээр танилцуулгадаа, Хууль санаачлагч Амьтны тухай хуулиар чоно агнахад заавал хураамж төлж, зөвшөөрөл авах ёстой гэж хуульчилсан нь өргөн уудам нутаг дэвсгэрт нүүдлийн соёлтой амьдарч байгаа малчин иргэдийн бодит амьдралд нийцэхгүй байгаа. Гэнэтийн үед буюу амь нас, мал сүргээ хамгаалах шаардлага үүссэн тохиолдолд зөвшөөрөл авалгүй чоно агнавал малчин, иргэд торгууль, төлбөр төлөх, Монгол Улсын Үндсэн хуульд заасан амьд явах, өмчтэй байх эрх нь зөрчигдөж байна гэж үзсэн гэв. Мөн Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 86.7 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэснийг онцолж байлаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа чоно агнахыг хориглосон шийдвэр гаргах болсон шалтгаан нь монголчууд чонын авыг устах хэмжээнд хүртэл хийсэнтэй холбоотой гэв. Мөн хуулийн төсөл батлагдсанаар чоно агнах явдал эргээд хязгаарлалтгүй байдалруу шилжих вий гэсэн болгоомжлол байгаа тул үүнийг хэрхэн зохицуулах талаар тодруулав. Төсөл санаачлагч гишүүн О.Амгаланбаатар, Монгол Улсад 2000-2012 он хүртэл чонын тоо толгой нь багассан шалтгаан нь хятадууд чоныг өндөр үнээр авах болж, арилжааны зориулалттай хядлага болсноос үүдэлтэй. Иймд хуулийн төсөлтэй холбоотойгоор хавтгайрсан чонын ан хийх явдал гарахгүй гэдэгт итгэлтэй байна хэмээн хариулав.

Харин Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай чонын тоо толгойн талаар 40 жилийн өмнө судалгаа хийсэн байна. Говийн болон зүүн аймгуудад талын саарал чоно үзэгдэхээ байсан. Үүнд салбарын яам саарал чонын тоо толгойг судлах, хамгаалах, ан агнуурт хяналт тавихад ямар бодлого баримталж байгааг лавлав.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа хариултдаа, 2004 онд Биологийн хүрээлэнгийн хийсэн судалгаагаар 10 мянга орчим саарал чоно байна гэж тогтоосон. Саарал чоно  нь Дэлхийн байгаль хамгаалах холбооны улаан дансны үнэлгээгээр ховордож болзошгүй гэж үнэлэгдсэн байдаг. Байгалийн эко тэнцвэрийг хадгалагч амьтан гэж үздэг. О.Амгаланбаатар гишүүний өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд  нэг заалтыг л тодорхой ойлгомжтой болгосон Өөрөөр хэлбэл,  малчид, иргэд амь нас, мал сүргээ хамгаалах зорилгоор чоно агнасан бол энэ хуулийн заалт хамаарахгүй гэж тодорхой заасан тул хуулийн төслийг дэмжиж байгаагаа дурдсан

Энэ үеэр Улсын Их Хурлын дарга, жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн Пүрэв гарагт “Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио ажиллах” дадлага болдгийг мэдэгдээд хуралдааныг өндөрлүүллээ. Хуулийн төслийн хэлэлцүүлгийг маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэхээр болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс эхлэн зургадугаар сарын 10-ны өдөр хүртэл ногоон бүсэд аялах, ууланд алхахыг хориглолоо

Ой, хээрийн гал түймрийн эрсдэлийн үнэлгээгээр нийслэлийн ногоон бүс “Маш өндөр”, “Өндөр” зэрэгтэй байгааг Цаг, уур орчны шинжилгээний газраас мэдээлж буй.

Эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” А/373 тоот захирамжаар нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялаг ашиглах, аялал зугаалга, ууланд алхах, төгсөлтийн баярын арга хэмжээ зохион байгуулах, ил гал гаргахыг 2025 оны гуравдугаар сарын 28- ны өдрөөс зургаадугаар сарын 10-ны өдөр, есдүгээр сарын 20-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хориглолоо. Нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалга, ууланд алхах, төгсөлтийн баярын арга хэмжээ зохион байгуулахыг хориглов

Он гарсаар нийслэлийн хэмжээнд иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй шар өвсний гал түймрийн 32 дуудлага бүртгэгджээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Виз авсан иргэдийг хил дээрээс буцаахгүй байх асуудлыг хэлэлцжээ

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд С.Сүхболд гуравдугаар сарын 25-ны өдөр суугаа орны Гадаад хэргийн яамны Консул, аюулгүй байдлын захирал Юн Чусоктой уулзжээ.

Ингэхдээ Монгол Улсын иргэдийн визийн материал хүлээн авахдаа төрийн үйлчилгээний нэгдсэн цахим “E-Mongolia” системээс олгож буй үндэсний гадаад паспортын цахим лавлагааг авч байх саналыг Гадаад харилцааны яамны ноот бичгээр өмнө нь хэд хэдэн удаа хүргүүлсэн тул энэ ажилд тодорхой ахиц гаргах, ингэснээр иргэдийн гадаадад чөлөөтэй зорчих нөхцлийг хязгаарлахгүй байх, Өмнөд Солонгосын зохих журам, шалгуурын дагуу виз авсан иргэдийг хил дээрээс буцаахгүй байх, хилийн шалган нэвтрүүлэх явцад иргэдийн хувийн мэдээлэл болох гар утас үзэж буйг даруй зогсоох, хоёр улсын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны өнгөрсөн оны хуралдаанд тавьсан Өмнөд Солонгост эмчилгээнд ирж буй иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх асуудлыг бодит ажил хэрэг болгох зэргээр санал солилцсон байна.

Өмнөд Солонгосын ГХЯ-ны Консул, аюулгүй байдлын захирал Юн Чусок хэлэхдээ “Суугаа улсын хуулиар виз олгохдоо хүчин төгөлдөр баримт бичгийг шалгах зохицуулалтай байдаг. Тиймээс гадаад паспортыг тодорхой хугацаанд авч буйг хэрхэн шийдвэрлэхээ Хууль зүйн яамтайгаа үргэлжлүүлэн зөвлөлдөх, боломжийг эрэлхийлэх, Өмнөд Солонгосын ЭСЯ-ны визийн асуудал хариуцсан ажилтны орон тоог нэмэгдүүлж, виз олголтын хугацааг багасгасан, гадаад иргэдийг хүлээн авч, эмчлэх албан ёсны эрхтэй, хүлээн зөвшөөрөгдсөн эмнэлгээс нотолгоо авсан монгол иргэдийн эмчилгээний визийг цахимаар мэдүүлэх, санхүүгийн баталгаа шаардахгүй байх зэргээр зарим ажил хийгдсэнийг дурдаад, цаашид хамтран ажиллахад бэлэн байгаа”-гаа илэрхийлжээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

Б.Мөнхнар, Б.Отгонтуяа, Э.Дэлгэрмаа нар Ази тивээс хүрэл медаль хүртлээ

Йордан улсын Амман хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэлж, эмэгтэйчүүдийн таван жингийн медальтнууд тодорлоо. Монгол Улсын багаас дөрвөн бөх хүрэл медалийн төлөө барилдахад гурав нь медалийн тавцанд гарч, нэг нь шагналт тавдугаар байрт шалгарав.

Тухайлбал, тэмцээний 50 кг-ын жинд Б.Мөнхнар, 55 кг-д Б.Отгонтуяа, 68 кг-д Э.Дэлгэрмаа нар хүрэл медаль хүртлээ. Э.Дэлгэрмаа Ази тивийн дөрөв дэх медалиа гардсан бол Б.Мөнхнар, Б.Отгонтуяа нарын Ази тивийн анхны медалиа гардсан юм.
May be an image of 4 people and text that says "® MONGOLIA"

Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн эрэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч Д.Гомбодорж, дасгалжуулагч Ж.Чулуунбат, Г.Амархүү, эмэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч С.Сүхбаатар, дасгалжуулагч Б.Одончимэг, Ө.Ууганбаяр нарын удирдлага дор нийт 20 тамирчин оролцож байна.

May be an image of 2 people and text that says "206 MGL MGLKAZ ΚΑΖ KAZ K"