Categories
мэдээ нийгэм

Эрэн хайх, аврах ажиллагаанд нисгэгчгүй нисдэг төхөөрөмж ашиглах хээрийн дадлага сургууль хийлээ DNN.mn

Эрэн хайх, аврах ажиллагаанд дэвшилтэт технологи ашиглан, газар орны бодит байдалд нийцүүлэн алба хаагчид өндөр ууланд эрэн хайх, аврах ажиллагааг багаар зохион байгуулах мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийг хангах зорилгоор Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Богд хан уулын “Цэцээ гүн” чиглэлд “Өндөр ууланд эрлийн ажиллагааг нисгэгчгүй нисдэг төхөөрөмж ашиглах дадлага сургууль”-ийг зохион байгууллаа.
Дадлага сургуульд Аврах ангийн алба хаагчид эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулахдаа газар орны цагийн байдлыг үнэлж, эрэн хайх, аврах бүлгүүд радио холбоогоор мэдээ, мэдээллийг шууурхай дамжуулж, нисгэгчгүй нисдэг төхөөрөмж ашиглан эрлийн ажлыг зохион байгуулж, нутаг дэвсгэрийн байршлыг тодорхойлон, нэрвэгдэгчдийг олж, анхан шатны тусламж үзүүлэх дадлагыг хийж, мэдлэг ур чадвараа дээшлүүлсэн.
Мөн хээрийн штабыг байгуулж, удирдлага зохицуулалтаар ханган, эрлийн үйл ажиллагааны хүн хүч, техник хэрэгслийг байр зүйн зурагт оруулан, мэдээ, мэдээллийг цаг алдалгүй шуурхай дамжуулах дадлагыг зохион байгуулсан.
Хээрийн дадлага сургуульд нийт 30 гаруй алба хаагч хамрагдлаа гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ
Categories
мэдээ эдийн-засаг

Хувцас, гутал, орон сууцны үнэ 9 хувиар өсчээ DNN.mn

Хэрэглээний бараа үйлчилгээний индекс буюу инфляц өнгөрсөн сард 7 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 0.3 хувиар өссөн үзүүлэлт болохыг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Инфляцийн өсөлтөд бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.5 нэгж буюу 35.5 хувь нь нөлөөллөө. Мөн мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 3.4 нэгж буюу 48.1 хувиар тус тус нөлөөлжээ. Импортын бараанд тэр дундаа, хүнсний бараа, ундаа ус бүлгийн үнэ нөлөөлсөн байна. Тухайлбал, аравдугаар сард ундаа ус бүлгийн үнэ 7.7 хувиар, согтууруулах ундаа 3.8, хувцас бөс, гутал 9, орон сууц, шатахуун түлш 9, гэр ахуйн цахилгаан бараа 7.2 хувиар тус тус өсчээ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлийн хэмжээнд 6100 тонн давс, 4405 тонн бодис нөөцөлжээ DNN.mn

Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил 98.5 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.

Улаанбаатар хотын хэмжээнд 6100 тонн давс, 4405 тонн бодис нөөцөлжээ. Мөн нийт долоон дүүргийн 43 агуулахад 82,500 тонн сайжруулсан шахмал түлшийг бэлтгэж, гурван маршрутаар 27 аж ахуйн нэгж байгууллага түгээлт хийж байгаа бөгөөд шахмал түлш борлуулах 545 цэг ажиллаж байна.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.11.08) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр эхэлсэн юм. Тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаар санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг танилцуулав.

Тус Байнгын хороо Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу бусад Байнгын хороодоос санал авч уг тогтоолын төслийг боловсруулсан байна. Цаглаварт Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, мэдээлэл сонсох, тайлан, илтгэл хэлэлцэх болон хянан шалгалтын бусад асуудал зэрэг нийт 17 ажлыг тусгасан байна.

Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг өөрөө асуулт асууж, хариулт авсан байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэж үзжээ.

Төрийн байгуулалтын Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал Байнгын хороод, Хүний эрхийн дэд хороо, Улсын Их Хурал дахь намын бүлгүүдээс хэрхэн санал авсан талаар асуухад Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо санал өгөөгүй гэсэн хариулт өгөв.

Санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжиж баталлаа.

Үүний дараа “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар танилцууллаа. Тогтоолын төсөлд Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатарыг Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очирыг тус Дэд хорооны бүрэлдэхүүнд оруулах тухай тусгасан байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхэд гишүүдийн 69.2 хувь нь дэмжжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцлоо.

Монгол Улсын Засгийн газраас 2024 оны наймдугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг дараа нь явууллаа. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хийсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг хийв. Тус Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн П.Мөнхтулга Дарханы арьс ширний үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, малчдын амьжиргааг дээшлүүлэх замаар макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг өсгөх, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг төсвийн зардлыг бууруулж, орлогыг нэмэгдүүлэх, тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг өсгөж байгаа нь Засгийн газрын гадаад өрийг нэмэгдүүлэхээр байгааг анхаарах талаар асуулт асууж үг хэлсэн байна.

Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг танилцуулгадаа, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд ДНБ-ий бодит өсөлтийг 2025 онд 8.0 хувь, 2026-2027 онд 6.5 хувь, эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулан, өрхийн бодит орлогыг нэмэгдүүлж, инфляцыг 2025 онд 7.5 хувь, 2026 онд 5.0 хувь, 2027 онд 4.0 хувь болгож бууруулахаар тооцсоныг онцлоод, төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдтэй уялдуулан тооцож, нэгдсэн төсвийн суурь тэнцэл нь 2025-2027 онд ДНБ-ий 2.0 хувьтай тэнцэх, Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь 2025 онд 55.0 хувь, 2026 онд 50.0 хувь, 2027 онд 45.0 хувьтай тэнцэхээр байгааг дурдав.

Төсвийн байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн эрчим хүчний реформ бол зөвхөн үнэ нэмэх асуудал биш, үүний цаана салбарын байгууллагуудын менежментийг сайжруулах томоохон шинэчлэл яригдаж байгаа гээд, энэ талаар буруу ташаа мэдээлэл түгээж, олон нийтийг түгшээхгүй байхыг сэтгүүлчид, Улсын Их Хурлын гишүүдээс хүслээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн П.Мөнхтулга эдийн засгийг солонгоруулж, уул уурхайгаас хараат байдлыг хэзээ эцэс болгох талаар Засгийн газраас асуусан бол Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл “Алсын хараа 2050”, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал болон дунд, богино хугацааны хөгжлийн хөтөлбөрүүдтэй нийцэж байгаа эсэхийг асууж хариулт авсан. Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд Төсвийн хүрээний мэдэгдэл хоёр сарын өмнө тодотгосон мэдэгдлээс 10 хувийн өсөлттэй орж ирсэн нь ямар тооцоо судалгаанд үндэслэсэн талаар тайлбар авав. Түүний асуултад Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж хариулахдаа энэ өөрчлөлтөд урсгал зардлын өсөлт голлон нөлөөлж буйг дурдаад, урсгал зардлын өсөлтийн 60 хувь нь хүн амын тоо зэрэг статистик өсөлттэй холбоотой гэсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа бизнесийн салбарын аж ахуйн нэгжүүд татварын өндөр дарамтанд байгаа өнөөдрийн нөхцөлд хэтэрхий том төсвийн төсөл оруулж ирсэн хэмээгээд, мэргэжлийн болон олон улсын байгууллагууд төсвөө хумихгүй бол макро эдийн үзүүлэлтүүдэд сөргөөр нөлөөлөх талаар сануулж буйг анхааруулав.

Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин төрийн өмчит компаниудын үйл ажиллагааны үр ашгийг хэрхэн тооцсон, төсвийн тэлэлттэй холбоотойгоор төрийн албаны хүний нөөцөд ямар өсөлт гарах, Засгийн газрын өрийг ДНБ-ий 40 хувьд хэрхэн хүргэх, аж ахуйн нэгжүүдийн татварын нийт өр хэд байгаа зэргийг асууж, төсвийн төслийг 3.6 их наяд төгрөгөөр таналаа ч 2025 оны төсөв түүхэнд байгаагүй том төсөв хэвээр байх болно гэлээ. Төсвийн төслийг танах тухай асуудлыг хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа буюу хүлээн авах боломжгүй үед тавьж байгаа нь Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нийцэхгүй байна гэж Төсвийн Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн тайлбарлалаа. Мөн тэрбээр Улсын Их Хурлын гишүүдээс гаргаж байгаа саналыг үндэслэн 2024 оны 12 дугаар сард багтаан төсвийн тодотгол хийх тухай Улсын Их Хурлын тогтоол гаргахаар төлөвлөж буйг танилцуулав. Энэ талаар Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан мөн тайлбар өгч, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд улсын төсвийг хэлэлцэх дэгийг тусгайлан хуульчилсныг сануулаад, гэсэн хэдий ч Улсын Их Хурлын гишүүдээс төсвийн урсгал зардлаас танах тухай бодитой санал гарч байгааг үндэслэн тодотгол хийх асуудлыг Засгийн газарт даалгана гэв.

Төсвийн төслийг олон нийтээр хэлэлцүүлсэн хэлэлцүүлгийн үр дүн ямар байсныг Улсын Их Хурлын гишүүн А.Ганбаатар асууж, татвараас өөр орлого олох үүднээс төрийн өмчит компаниудыг хувьчлах зэрэг боломжийг судалж ажиллах шаардлагатайг зөвлөв. Түүний асуултад Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж дэлгэрэнгүй хариулт өгч, төслийг олон нийтээр хэрхэн хэлэлцүүлсэн талаар танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчилж, өрийн тааз болон уул уурхайн бүтээгдэхүүний үнийн савалгаанаас хамгаалах заалтыг хассан нь өнөөдөр бий болсон нөхцөл байдлыг үүсгэж буй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар улсын төсөв болон ДНБ-ий зохистой харьцааг баримтлах шаардлагатайг анхааруулж, ирэх 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхлэх төсвийн наана нь тодотгох нь зохисгүй гэсэн байр суурь илэрхийлсэн юм.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж дууссанаар уг төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар тус Байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг тус Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Байнгын хорооны хуралдааны үед Улсын Их Хурлын гишүүдээс хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг, санхүүжих дүнг өөрчлөхгүй, агуулга зарчмыг алдагдуулахгүйгээр арга хэмжээний нэр, хүчин чадал, байршилтай холбоотой залруулга хийх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэсэн юм. Төсвийн төсөлд, нэгдүгээрт, зарим төсвийн ерөнхийлөн захирагч нарын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах чиг үүргийн дагуу урсгал болон хөрөнгийн зардлыг хооронд нь шилжүүлэх замаар тэдгээрийн үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлсэн, хоёрдугаарт, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллагуудыг үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардлагатай барилга байгууламж, тоног төхөөрөмжийн санхүүжилтийн эх үүсвэрийг нэмсэн, гуравдугаарт, эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах тусламж үйлчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэх хүрээнд  эрсдлийн санд тусгагдсан санхүүжилтийг шилжүүлсэн өөрчлөлтүүдийг тусгажээ.

Монгол Улсын 2025 оны төсвийн жилд нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн дүн 36,830,456.0 сая төгрөг байхаар, үүнээс Тогтворжуулалтын санд 608,889.9 сая төгрөг, Үндэсний баялгийн санд 2,356,827.3 сая төгрөг хуримтлуулахаар байна. Ингэснээр төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 33,864,738.8 сая төгрөг болох юм. Харин нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 35,771,913.2 сая төгрөгт хүрэхээр байгаа бөгөөд нэгдсэн төсвийн суурь тэнцэл 1,932,825.6 сая төгрөг буюу ДНБ-ий 2.0 хувьтай, тэнцвэржүүлсэн орлогоор тооцсон төсвийн тэнцэл -1,907,174.4 сая төгрөг буюу ДНБ-ийн -2.0 хувьтай тэнцэхээр буюу Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагад нийцэхээр байна гэж Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн танилцуулгадаа онцлов. Түүнчлэн, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг дотоод, гадаад үнэт цаас гаргах замаар нөхөх боломжтой гэж үзсэнээ тэрбээр тэмдэглээд, Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдэд өөрчлөлт оруулсан эцсийн хувилбарыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг танилцууллаа.

Төсвийн байнгын хорооны танилцуулгын хүрээнд Улсын Их Хурлын гишүүд тайлбар хийж, асуулт асуусан юм. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд төсөвт тусгагдсан төсөл, арга хэмжээг эрэмбэлэх асуудлыг Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд уялдуулан нийцүүлэх асуудлыг хөндсөн бол Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара Эрүүл мэндийн даатгалын сангийн өр, авлагыг хэрхэн шийдвэрлэх, хариуцлага алдсан албан тушаалтнуудад ямар хариуцлага тооцох талаар асууж хариулт авав. Түүний асуултад Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Эрүүл мэндийн даатгалын сангийн эрсдлийн сангаас тусламж, үйлчилгээний санхүүжилтэд 56.0 тэрбум төгрөг шилжүүлэхээр байгааг тодотгон тайлбарлалаа.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат Улсын төсвийн асуудлаар идэвхтэй маргаан мэтгэлцээн өрнөж байгаа нь дэвшилттэй байгааг дурдаад, төсөв хэлэлцэх дэгийг эргэн харж, шинэчлэн сайжруулах шаардлагтай болсныг онцолсон юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлт, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн зөвлөмжийг харгалзан үзэж, хэлэлцүүлгийн үед шалгуур, хүрээ хязгаарыг тогтоож өгөх, хөрөнгө оруулалтын төслийг сонгох, ач холбогдлоор эрэмбэлэх, орон нутагт хэрэгжих төсөл, арга хэмжээний төсвийн батлах эрх хэмжээг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд шилжүүлж, тэнд шийдвэрлүүлэх зэрэг эрх зүйн зохицуулалт хийх шаардлага бий болсныг дурдлаа. Мөн Хөрөнгө оруулалтын тухай хуулийг нэн даруй батлах нь зүйтэй гэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, уул уурхайг дэмждэггүй аймаг, орон нутаг руу төсвийн хөрөнгө оруулалтыг ихээр төлөвлөж байгаа нь шударга бус гэж үзэж байгаагаа илэрхийлж, Ховд аймгийн Мянгад суманд уул уурхайн үйл ажиллагааг эсэргүүцсэний улмаас бэртэж гэмтсэн инженерүүдэд дэмжлэг үзүүлэхийг тус аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдэд уриалав.

Төсвийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэхдээ хийсэн зарчмын өөрчлөлтүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд тодруулж, төсөвт өртөг, санхүүжих дүнг өөрчлөөгүй хэрнээ хүчин чадлыг бууруулсан төсөл, арга хэмжээ байгаа эсэхийг асууж хариулт авсан. Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, иргэд, татвар төлөгчдийн эрх ашгийн үүднээс урсгал зардлыг танах санал дэвшүүлж байгаагаа тайлбарлаад, Засгийн газраас оруулж ирсэн төсвийг ердөө 35 тэрбум төгрөгөөр багасгаж байгаа нь Улсын Их Хурлын хэлэлцүүлэг хангалтгүй болж байгаагийн илрэл хэмээсэн. Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг төсвийн төлөвлөлтийг танах ёстой гэдэгтэй санал нэг байна гээд, Улсын Их Хурлын гишүүдэд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хуулийн талаар сургалт явуулах, төсвийн төслийн ил тод байдлыг сайжруулж, ангилал, ажил, арга хэмжээ нэг бүрийг тодорхой оруулж ирдэг байх, хэлэлцүүлгийн явцад Засгийн газар Улсын Их Хурлын гишүүдийн асуулт, саналд иж бүрэн, тодорхой тайлбар өгдөг байх, мөн төсвийн хэрэгжилтэд тавих хяналт, хүлээлгэх хариуцлагыг чангатгах нь зүйтэй гэсэн санал дэвшүүлэв.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Төсвийн байнгын хорооны танилцуулгын талаар Улсын Их Хурлын гишүүд тайлбар хэлж, асуулт асууж дууссанаар хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ууланд алхахгүй байхыг зөвлөж байна DNN.mn

Хүйтний улиралд дархан цаазат газрын үнэт зүйлс болох зэрлэг амьтдын идээшлэх, бэлчээрлэх талбайг хамгаалах зорилгоор 2024 оны 11 дүгээр сарын 2-10-ны өдрийг дуустал мэргэжлийн байгууллагууд зэрлэгшсэн нохой, муур үргээх, туух ажлыг зохион байгуулж байгаа тул иргэд, оршин суугчид, аялагчдыг ууланд гарахгүй байхыг анхааруулж байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд дархан цаазат газарт нохой дагуулж явах хориотой тул газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд ашиглалтын талбайд нохой тэжээхгүй, үржүүлэхгүй байхыг анхааруулж байна.

Богдхан уулын Зайсан, Чандмань, Богино, Хүүш, Арцат, Нүхт, Жаргалант, Түргэн, Хүрэлтогоот, Чулуутын амд удаан хугацаагаар үүрлээд буй зэрлэгшсэн нохойг барих, үргээх, устгах, хөөж туух тул тухайн орчинд амьдарч буй иргэд оршин суугчид болон тус өдрүүдэд ууланд аялах, алхахаар төлөвлөж буй иргэд аялагчдыг хөдөлгөөнөө зохицуулахыг анхааруулж байна гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ. 

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Худалдааны салбарын борлуулалтын орлого 48.1 их наяд төгрөгт хүрчээ DNN.mn

Худалдааны салбарын борлуулалтын орлого 2024 оны эхний 9 сард 48.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 6.6 (15.8%) их наяд төгрөгөөр өслөө.

Худалдааны салбарын борлуулалтын орлогын 21.2 хувийг хүнсний бүтээгдэхүүн, 78.8 хувийг хүнсний бус бүтээгдэхүүний борлуулалт эзэлж байна

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг эцэслэн баталлаа DNN.mn

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.11.08) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан хийсэн. Тэрбээр танилцуулгадаа, Төсвийн байнгын хороо 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаараа дээрх хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу явуулсныг дурдаад нэгдсэн хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх заалтыг баримтлан төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу дараах саналыг гүйцээн боловсруулж, хууль, тогтоолын төслийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулсныг онцлов.

Мөн Монгол Улсын Их Хурал бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд туссан импортыг орлох, экспортыг дэмжих төслийн жагсаалт болон гаалийн албан татварын хөнгөлөлтөд хамаарах боловсруулах үйлдвэрийн салбарын жагсаалтыг батлахаар холбогдох хуулийн төсөлд, мөн “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Монгол Улсын Засгийн газраас 2025 онд 4.0 их наяд хүртэл төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад, дотоод үнэт цаас гаргах, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд улсын төсвийн хөрөнгөөр өмнөх онуудад ажил нь эхэлсэн боловч төсөвт өртөг нэмэгдэж байгаа барилга байгууламжийн төсөвт магадлал хийн, аудитын дүгнэлт гаргуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж, саналаа 2025 оны 1 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд танилцуулах үүргийг Монгол Улсын Засгийн газарт өгөхөөр тусгасан гэлээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурал дахь намын бүлэг болон бүлэгт харьяалагддаггүй Улсын Их Хурлын гишүүдээс урьдчилан ирүүлсэн нэрсийн дагуу О.Цогтгэрэл, Ж.Баярмаа, Ч.Анар, Д.Энхтүвшин, П.Сайнзориг, Г.Очирбат нарын гишүүд асуулт асууж, үг хэлсэн.

Гишүүд нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арилжааны банканд байршуулсантай холбоотой ужгирсан алдагдлын асуудалд хариуцлага тооцсон, тодорхой арга хэмжээ авч буй эсэх талаар, төсөв дагасан хуулийн төсөлд боловсруулах үйлдвэр болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх жагсаалт батлах асуудлыг Засгийн газрын боловсруулснаар хэлэлцээгүй шалтгааныг тодруулав.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арилжааны хоёр банканд байршуулсантай холбоотойгоор эрсдэл үүссэн. Сайдаар томилогдсоноос хойш мөнгө байршуулсан “Капитал”, “Чингис хаан” хоёр банкны төлөөлөлтэй уулзахын зэрэгцээ Нийгмийн даатгалын сангийн үндэсний зөвлөлийг хуралдуулсан. Дээрх арилжааны хоёр банканд байршуулсан мөнгөтэй холбоотойгоор өмнө нь гомдол гаргаж байгаагүй тул тус үндэсний зөвлөлөөс Улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргасан. Тус газраас гомдлыг хянаад Авлигатай тэмцэх газарт шилжүүлээд байна. Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг хэлэлцэх үед Д.Үүрийнтуяа гишүүн санал гаргаад Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцаас тодорхой зардлыг хасуулаад батлуулах гэж байна. Үүнийг арилжааны банканд байршуулсан 160 тэрбум төгрөгийг буцаан авахын тулд 300 сая төгрөгөөр өмгөөллийн үйлчилгээ авахад зориулах зэргээр тодорхой алхмуудыг хийж байна хэмээн хариулав.

Харин Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хариултдаа, Боловсруулах үйлдвэр болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх жагсаалтыг Засгийн газар баталбал хууль санаачлагч Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүдийн эрхэд халдсан асуудал болж, улмаар Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсэх магадлалтай хэмээн үзэн, өөрчилсөн гэлээ.

Ингээд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаарх Төсвийн байнгын хорооноос дэмжсэн зарчмын зөрүүтэй таван саналаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн. Иймд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн таван хууль, гурван тогтоолын төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав

Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно” гэж заасны дагуу есөн хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулав.

Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” гэж заасныг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан гишүүдэд танилцууллаа.

Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай”, “Засгийн газарт чиглэл өгөх тухай”, “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл нэг бүрээр санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг эцэслэн баталлаа

Дараа нь Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг зүйл, заалт бүрээр уншиж танилцуулж, зүйл бүрээр санал хураалтыг явуулсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Тухайлбал, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг бүхэлд нь эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 68, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг бүхэлд нь эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 68, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг бүхэлд нь эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 71, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг бүхэлд нь эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 71 нь тус тус дэмжлээ.

Хуулийн төсөлд Монгол Улсын төсөвт 2025 оны төсвийн жилд төвлөрүүлэх тэнцвэржүүлсэн орлого 23,140,589.3 сая төгрөг, төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээ 26,485,278.0 сая төгрөг, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2025 оны төсвийн жилд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг 3,932,432.9 сая төгрөгөөр санхүүжүүлэх, Засгийн газрын гаргах өрийн баталгааны дээд хэмжээ 2025 оны төсвийн жилд 3,500,000.0 сая төгрөг байхаар тусгасан байлаа.

Хуралдааны төгсгөлд “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл баталсантай холбогдуулан төсвийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс гаргасан санал, шаардлагыг харгалзан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу улсын төсөв макро эдийн засгийн төлөв байдалд болон төсвийн тусгай шаардлагыг баримтлахад нөлөөлөх талаар үнэлгээ хийж Монгол Улсын Их Хуралд танилцуулах, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу төсвийн тодотголын төслийг 2024 оны 12 дугаар сард багтаан Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, төсвийн тодотголын төслийг төрийн мөнгөний бодлогод нийцүүлэн төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөлтийг сайжруулах, төсвийн зарлагыг нэмэгдүүлснээр нийгэм, эдийн засагт үзүүлж болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцоолж, төсвийн урсгал зардлыг бууруулах чиглэл баримтлан боловсруулахыг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тогтоолын төсөлд тусгасан гэв.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр, О.Номинчимэг, Д.Рэгдэл, Б.Бейсен, С.Ганбаатар, Ж.Жаргалан нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль хэрэгжиж эхлээгүй байгаа энэ цаг үед 2024 оны 12 дугаар сард төсвийн тодотголыг өргөн мэдүүлэхээр тогтоолын төсөлд тусгахдаа ямар хуульд үндэслэснийг илүүтэй тодруулсан.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Тогтоолын төслийг боловсруулахдаа Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-дэх хэсгийг үндэслэсэн. Хуулийн 34.1 дэх хэсэгт Засгийн газар дараах тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ гээд дөрвөн нөхцөлийг заасан. Тодруулбал, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагыг баримтлахгүй байх нөхцөл байдал үүссэн, урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувиар нэмэгдэх, энэ хуулийн 29.7-д заасан үндэслэл бий болсон тохиолдолд батлагдсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төсөвт өртөгт өөрчлөлт оруулах, төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх гээд төсвийн тодотгол хийх үндэслэлийг тодорхой тусгасан гэв.

Мөн тэрбээр, Улсын Их Хурлын найман удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан өмнөх парламентын түвшинд ийм асуудал гарч байсан. Тухайлбал, 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улсын Их Хурлаас нэгдсэн төсвөө баталсан ч 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төсвийн тодотголын төслийг өргөн мэдүүлэх үүргийг тухайн үеийн Засгийн газартаа өгч байсан. Мөн 2014 онд төсвөө баталсан ч Засгийн газартаа 2015 оны төсөвт тодотгол хийх үүрэг өгөн тухайн жилийнхээ 12 дугаар сарын 30-нд өргөн мэдүүлж байсан тохиолдол бий хэмээн нэмэлт тайлбарыг өглөө.

Ингээд “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах Төсвийн байнгын хорооны саналыг дэмжье” гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 65 нь дэмжсэн. Горимын санал дэмжигдсэн тул Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг баталсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэлэв.

Тэрбээр хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлын гишүүдээс 2025 оны төсвийн төслийг олон талаас нь шүүн хэлэлцэж, Засгийн газраас дэвшүүлсэн арга хэмжээнүүдийн эрэмбэ, дэс дарааллыг нягтлах талаар олон санал, шаардлага гаргасныг тодотгоод Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг үндэслэн энэхүү батлагдсан 2025 оны төсвийг макро эдийн засгийн төлөв байдалд болон төсвийн тусгай шаардлагыг баримтлахад нөлөөлөх нөлөөллийн талаар үнэлгээ хийж үр дүнг танилцуулахыг Засгийн газарт даалгаж байгаагаа онцлон тэмдэглэсэн.

Мөн тэрбээр татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай, хэмнэлттэйгээр захиран зарцуулахын тулд төсвийн төлөвлөлтийг сайжруулж, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг зөв үнэлж, эдийн засгийн бодлого хоорондын нийцлийг зөв хангаж ажиллахыг Засгийн газарт анхаарууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Оюун: Өөрчилж болохгүйгээр батлагдах ёстой юм бол төсвийн хэлэлцүүлэг биш, танилцуулга гэж нэрлэх хэрэгтэй DNN.mn

Шинжлэх ухааны доктор, улс төр судлаач Л.Оюунтай ярилцлаа.


-Ирэх оны төсвийн төсөл УИХ дээр маргаан дагуулж байна. Зарим нь хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа эргүүлэн татах шаардлага гаргасан нь анхны тохиолдол боллоо гэх зэргээр хэлж байна. Энэ бүхнийг та юу гэж харж байна вэ?

-Аль эрт галт тэрэг нэгэнт хөдөлсөн. Энэ тоонууд өөрчлөгдөхгүй. Бид хуулиа л барьсан гэдэг үгээр гишүүдийн асуултад хариулж байна. Хэрэв ингээд огт өөрчилж болдоггүй. Засгийн газраас өргөн барьсан тоонууд хэвээрээ батлагдах ёстой юм бол төсвийн хэлэлцүүлэг гэж нэрлэмээргүй байна л даа. Танилцуулга гээд нэрлэчих хэрэгтэй. Та нар зүгээр сайхан танилц. Үүн дээр ямар ч өөрчлөлт орохгүй шүү гэсэн байр суурьтай байгаа нь үнэхээр буруу. Яах гэж хэлэлцүүлэг гэж оруулж ирдэг юм. Өөрчилж, засаж сайжруулах гэж л орж ирж байгаа. Энэ бүхнээ засах хэрэгтэй.

-Нөгөө талдаа Засгийн газраас төсөв өргөн бариад 60 гаруй хонож байна. Энэ хугацаанд ярихгүй яасан юм. Хуулийн хугацааг тулгаж ингэж байгаагийн цаана эрх ашиг байж магадгүй гэх тайлбарыг өгөөд байгаа шүү дээ?

-Есдүгээр сарын 1-нд төсвийн төслийг өргөн барьсан. УИХ-ын гишүүд маш хариуцлагатайгаар судлаад санаа оноогоо хэлж байх ёстой байсан. Харин тэгээгүй учраас одоо Сангийн яамны талаас маадгар сууж байна шүү дээ. Хэлэлцээд л байсан, дуугарахгүй яасан юм гэдэг үгээ хэлээд байна. Гишүүдийн гол үүрэг чинь ирэх оныхоо төсөв дээр задлал хийж, маш хариуцлагатайгаар нягтлах ёстой. Тэд энэ үүргээ биелүүлсэнгүй гэж харж байна. Ажлаа сайн хийсэнгүй. Гэхдээ УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу байх аа, төсвийн төсөл орж ирэхгүй байна. Танилцах гэсэн чинь өгөхгүй байна гэж хэлээд байх шиг байсан. Тэгэхээр ийм зүйл гарсан байх талтай юм шиг надад санагдсан. Гишүүдийн гар дээр төсвийн төслийг нэлээд хугацаа алдаж өгсөн юм болов уу гэж бодож байна. Намууд ч гэсэн үүн дээр хариуцлагатай байх ёстой байсан. Ялангуяа шинэ гишүүддээ анхааруулаад, төсвийн төслийг нь олж өгөөд аль болох хамтарч ажиллах хэрэгтэй байлаа.

-Төсвийн төслөө эргүүлэн татаж ав гэсэн шаардлага дээр одоогийн байдлаар 14 гишүүн гарын үсэг зурчихсан байна. Тэгвэл эргүүлж татаад дахин оруулж ирж хэлэлцээд батлах хугацаа бидэнд ер нь байна уу?

-Би одоо нэг л зүйлд найдаж байгаа. Ерөнхийлөгч маань төсөвт хэсэгчлэн болон бүтнээр нь хориг тавих эрхтэй.

-Ирэх оны төсвийн төслийг таны хувьд дэмжихгүй байгаа юм байна. Тэгвэл таныхаар алдаатай, хуудуутай зүйл нь юу байна вэ?

-Сайдуудын мөнгө нэмэгдэж орж ирсэн. Яагаад хуучнаараа байж болдоггүй юм. Сайд нар эх оронч үзэл гаргаад, улс орныхоо хөгжлийн төлөө нэмэгдсэн төсвөөсөө яагаад татгалзахгүй байна вэ. Ажил хийе гэвэл мөнгө байгаа. Заавал их байх шаардлагагүй. Хоёрдугаарт, баялаг бүтээх зүйлд л хөрөнгө оруулалт хиймээр байна. Тэр төслүүдийг бол хэрэгжиг гэж бодож байгаа.

Гэвч хувийн хэвшил хийж болмоор төсөл дээр Засгийн газар орж ирээд байгаа нь маш том алдаа. Засгийн газар гэдэг бол үйлчилгээний байгууллага болохоос компани биш. Яаж татварын таатай орчныг бүрдүүлэх вэ. Ажлын байрыг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг дээр үйлчилгээ үзүүлэх ёстой. Харамсалтай нь дандаа алдагдалтай ажилладаг баахан төрийн өмчит компани байна. Ер нь онолоороо төр эдийн засагт оролцох тусам эдийн засаг хүндэрдэг.

-Төсвөө энэ сарын 15-ны дотор баталж чадахгүй бол УИХ тарах ёстой. Тийм болохоор гишүүд маань тарахыг хүсэхгүй учраас тэгээд л алдаа оноотой нь баталж л таарах байх даа?

-Харин тийм ээ. Яг ийм хардлага надад ч байна. Ийм алдаатай, хуудуутай төсөв гэдгийг мэдсээр байж батална гэдэг чинь зөвхөн тарахгүйн тулд гэхээс гадна тэндээс нь давхар хувь, ашиг хүртдэг юм биш биз гэсэн хардлага ч төрж л байна. Дээрээс нь нэг хүний санал тодорхой үнэлэгддэг тогтолцоо Монголд ороод ирчихсэн гэж харагдаад байна. Энэ бүхнийг хэрхэн яаж засах вэ гэдгээ олуулаа нийлж бодох ёстой болж. Гишүүдийн тоо нэмэгдээд, УИХ-д таван намын төлөөлөл суугаад ёстой жинхэнэ бүгдээрээ хэлэлцээд, бүлээн усаар угаагаад явах болов уу гэсэн чинь харамсалтай нь юу ч өөрчлөгдсөнгүй.

-Өнөөдөр (өчигдөр) чуулган хуралдах ёстой байсан ч гишүүд томилолттой гээд хуралдсангүй. Уг нь тарах эсэх дээрээ тулчихаад байгаа шүү дээ?

-Энэ бол үнэхээр хариуцлагагүй үйлдэл. Тэд тарах ёстой бол тардаг л юм байгаа биз. Гэтэл ирэх оны төсөв гэдэг чинь улс орны, ард түмний амьдралыг шийдэх чухал зүйл шүү дээ. Манайханд үнэхээр сэтгэл дутаж байна. Ийм чухал асуудал хэлэлцэж байгаа үед яагаад гадагшаа томилолтоор явж байгаа юм. Урьдчилан тохируулж болдоггүй ажил уу. Хариуцсан ажил бүрээ сайжруулъя гэсэн зүтгэл, илрэл огт харагдахгүй байна.

-Нэг нь алдаатай төсөв батлаад оруулаад ирдэг. Нөгөө хэд нь гишүүнээсээ буухгүйн тулд батлаад явуулдаг энэ байдлыг засахын тулд ер нь яах ёстой юм бэ?

-Инээдтэй санагдаж болно. Гэхдээ шинээр гишүүнээр сонгогдонгуут нь хэд, хэдэн төрлийн хичээлийг маш сайн ордог болмоор байгаа юм. Яагаад болохгүй гэж. Хүн чинь насан туршдаа л сурдаг шүү дээ. Дээрээс нь хүн бүгдийг мэддэг байх албагүй. Гэсэн ч гишүүн болсон л бол нийгмийн болон сангийн бодлогыг нь эдийн засгийн ухааныг нь зааж сургах хэрэгтэй. Ингэхгүй болохоор үнэхээр заримынх нь мэдлэг, болдовсрол дутаад байна шүү дээ. Дээрээс нь үнэхээр ийм алдаатай төсөв батлаад явуулж байхаар нэг удаа иргэний зориг гаргаад УИХ нь тараад үзвэл яадаг юм гэж бодогдоод байгаа. Гэхдээ тэр ч худлаа л даа.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хулгайч DNN.mn

Гудамжинд урд маань алхаж явсан хижээл насны эмэгтэй самар зарж байсан хүнийг цаашаа харах хооронд ууттай самарнаас нь том гэгч атгаж аваад хээв нэг идээд цаашлав. Хүний юмыг зүгээр авч байгаагаа тэр эмэгтэй юман чинээ тоохгүй буй нь илт. Үүний дараахан хагарсан дугуйгаа сольж байх хооронд дугуйг нь хулгайлаад явчихсан талаар нэг залуу бичсэнийг уншлаа. Дэлгүүрт ил тавьсан жимс, чихрээс атгаж аваад явдаг хүмүүс ч мэр сэр харагддаг.
Энэ мэт жижиг юм шиг мөртлөө бусдын юмыг авчихдаг дадал монголчуудын дийлэнхэд маань хэвшил болчихсон байна. Үүнийгээ хулгай хийж байна гэж өөрсдөө боддоггүй нь хамгийн аймшигтай.
Яагаад бүгдээрээ шахам ийм хулгайч болчихов гэдэг нь тэдний тайлбараас тодхон харагддаг. “Аан муусайн дарга нар хэдэн тэрбумаар нь луйвардаж идээд байхад миний энийг ямар хулгай гэх вэ. Харин ч илүү их хулгайлж илүү их баяжмаар байна” гэдэг.
Хулгайч дарга нартайгаа барьцаж байгаа нь энэ. Үнэхээр ч дээгүүрээ хулгайлж, нүдэн дээр баяжаад байхад доогуураа атга самар ч болтугай зүгээр идчихье гэж боддог бололтой. Хулгайч дарга, удирдлагуудтай улс орон хулгайч ард түмнийг бий болгодог юм байна. Эсрэгээрээ эрх барьж байгаа хүмүүс нийтээрээ жудагтай, зөв шударга байвал тэднийг харж буй түмэн олон ч зөв тийшээ төлөвшөөд ирэх нь баараггүй юм. Дээд хүн нь суудлаа олохгүй бол доод хүн нь гүйдлээ олохгүй гэдэг дээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хотын дугаар шинээр олгохгүй болсонтой холбогдуулан “Да хүрээ” захаас сурвалжиллаа DNN.mn

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас энэ оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянгаар таслах тогтоол баталсан. Өнөөдөр (2024.11.08)-өөс импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх уг тогтоол хэрэгжиж эхэлнэ. Мөн улсын дугаар шинээр олгох ажлыг АТҮТ хариуцдаг байсан бол өнөөдрөөс Замын хөдөлгөөний удирдлагын төв хариуцах юм.

Бид “Да хүрээ” захыг зорьж, автомашины ченж, даатгалын ажилтан, иргэдтэй уулзлаа. Биднийг 14.00 цагийн үед очиход тэнд машинаа зарахаар зогсож байгаа хэдэн ченжээс өөр хүн алга. Харин АТҮТ-ийн тээврийн хэрэгсэл бүртгэх газар луу оронгуут хүний хөл хөдөлгөөн их, хүмүүс хоорондоо хэрэлдэж зодолдсон байдалтай байв.

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн захирал Ч.Хувьзаяа өмнө нь “Арваннэгдүгээр сарын 8-наас дахин “У” серитэй автомашины шинэ дугаар олгохгүй, мөн дахин шинэ сери задлахгүй. Арваннэгдүгээр сарын 8-наас хойш АТҮТ-д шинэ автомашины дугаар олголт хийхгүй, зөвхөн орон нутгийн дугаар олголт хийгдэж, нэр шилжүүлнэ. Нийслэлийн А\1230 захирамжийн шаардлагад нийцсэн өмчлөгчид оноо өгч, 100 оноог бүрдүүлсэн хэрэглэгчийн дугаарын хүсэлтийг хүлээн авна. Тус хүсэлт нь 30 хоног /1 сар/ хүчинтэй байна. Харин гишүүн байгууллагуудад энэ сарын 8-ныг хүртэл боломжоороо дугаар авах эрх нь нээлттэй. Түүнээс хойш боломжгүй.

Цаашид шинэ сери задрахгүй тул албан ёсны дистрибьютер болон хэрэглэгчид дугаарын хүсэлтийг 30 хоногт шийдвэрлэх тул үйл ажиллагаандаа зохицуулалт хийх нь зүйтэй. Хэрэглэгч албан ёсны дистрибьютерээс автомашин худалдаж авахдаа өөрөө дугаартай ирэх, эсвэл дистрибьютерээс дугаараа худалдаж авах боломжтой.

Арилжааны банкууд болон Банк бус санхүүгийн байгууллагуудад энэхүү журамтай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна” хэмээн мэдээлж байв.

Ингээд нөхцөл байдал ямар байгааг газар дээрээс нь сурвалжиллаа.

Н.Ганбаатар: Тогтоол хэрэгжиж эхлэхээс өмнөшинэ дугаартай болчихгээдоочерлож байна


-Маргааш (өнөөдөр)-аас мөрдөгдөх Нийслэлийн Засаг даргын тогтоолын талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Хэрэв ийм тогтоол гараагүй байсан бол ингэтлээ удаан оочерлохгүй байсан. Тогтоол хэрэгжиж эхлэхээс өмнө шинэ дугаартай болчих гээд оочерлож байна. Авто тээврийн үндэсний төв хэзээ ч ингэж их оочер дараалал үүсгэж байгаагүй. Хотын даргын тогтоолоос болж маш их оочер дараалал үүсч байна. Төр засаг иргэддээ ийм хүндрэл учруулж байгааг би огт ойлгохгүй байна. Дугаар хязгаарлалаа гээд түгжрэл багасахгүйг бүгд мэдэж байгаа. Тэр бүү хэл АТҮТ-ийг татан буулгана гэж ярьж байна. Улсын дугаарыг дамлаж эхэлж байна. Би нэг дугаарыг 700 гаруй мянган төгрөгөөр авсан. Ард иргэдээ бүх зүйлээр хааж боож байна. Цахилгаан дулааны үнэ нэмж байна. Одоо бүр өмчтэй байх эрхэд халдаж, дарамтлаад эхэллээ. Үүний үр дүнд ард түмэн босно. Түгжрэлийг бууруулах олон гаргалгаа байсан. Жишээ нь, хотод байгаа оюутнуудын ядаж тал хувь нь машинтай. Их сургуулиуд амрахад хотын түгжрэл эрс багасдаг. Хэрэв их сургуулиудыг аймгийн төв рүү шилжүүлчихвэл үүнийгээ дагаад хотын түгжрэл ч багасаж, аймаг сумууд хөгжих боломжтой. Гэтэл төр иргэдийн халаастай шууд ярьж байна. Ард түмнээ сонсдоггүй төрийн шийдвэр үнэхээр буруу байна.

Нийслэлийн Засаг даргын тогтоол автомашины дугаарыг үнэд оруулах гэсэн хэдхэн хүний бизнес байх вий гэсэн хардлага төрж байна. Тэд түгжрэлийг шийдэх нэрийн дор ард түмнээс мөнгө салгах ээлжит арга залиа хэрэгжүүлэх нь. Энэ шийдвэрээс болж олон мянган хүн ажилгүй болж, ард түмэн хохирч байна. Ингэлээ гээд түгжрэл шийдэгдэхгүй. Тухайн тогтоол дээр байгаа шаардлагуудад нийцсэн машиныг жирийн иргэд худалдан авч чадахгүй. 10-20 саяын үнэтэй машин банк бусаар авдаг иргэд дахиад нэг нугалсан үнэтэй машин худалдаж авч чадахгүй. Ард түмнийг эд хөрөнгөөр нь ялгасан бодлого хийчихээд, ард иргэдээ тогтоолыг дага гээд сүрдүүлж байна.

Иргэн Э.Хангай: Автомашины үнэ цаашидч өснө

-Тогтоолтой холбоотойгоор автомашины үнэ нэмэгдэж байна уу?

-Автомашины үнэ өсөж байна, цаашдаа өссөөр ч байх болно. Ялангуяа Хятадаас орж ирсэн автомашинуудын үнэ өснө. Импортын автомашин худалдаж авлаа гэхэд дор хаяж 2 сая төгрөг нэмэгдэнэ. Дугаартай хуучин машин авсан ч үнийг нь нэмж зарна. Эцсийн эцэст автомашин худалдан авч байгаа иргэдийн нуруунд бүх ачаалал ирнэ.

Үүний цаана нэг нугалаа байна. Магадгүй тэр нугалаа нь хятад автомашинуудыг Монгол руу оруулж ирж зарах байж болзошгүй. Хятад машиныг монголчууд авч унахгүй. Учир нь, тэдгээр машинууд Монголын замд таарахгүй. Дээр нь сэлбэгийн үнэ өндөр. Харин япон машинууд эвдэрч гэмтлээ гэхэд төмөр сайтай, засварын үнэ нь ч хямд. Хятад машин мөргөлдвөл төмөр муутай, сэхэл авахгүй.

Ченжүүд 60 гаруй саяар авсан хятад машинуудаа 30 саяар аваач гэхэд авах хүн олддоггүй, 20 саяар ч авдаггүй. Энэ нь хятад машиныг дэмжих бодлого барьж буй улстөрчдийн гаргасан шийдвэр. Тэд их хэмжээгээр машин оруулж ирээд, зөв рультэй гэж иргэдийн тархийг угааж, зарах гэж байна. Хятадын ямар ч үнэтэй машин Японы 150 Prada-г гүйцэхгүй. Их хурлын гишүүд энэ ажлаа Х.Нямбаатараар хийлгэж байгаа гэж бодож байна.

Даатгалын ажилтан Ч.Чимгээ: Импортынмашинддугаар олгохгүй гэвэл даатгуулахиргэнолдохгүй

Арваннэгдүгээр сарын 8-наас мөрдөгдөж эхлэх Нийслэлийн Засаг даргын тогтоолын талаар ямар байр суурьтай байна вэ. Даатгалын компаниудад хэрхэн нөлөөлж байна вэ?

-Банк бус, нотариат, дугаар хэвлэгчид, ченжүүд бүгд хоорондоо харилцан уялдаатай үйл ажиллагаа явуулдаг. Импортоор орж ирсэн машинуудад дугаар олгохгүй гэвэл даатгуулах иргэдийн тоо багасна. Тэгэхээр бүгдээрээ ажил орлогогүй болно.

-Энэ шийдвэр хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан танай даатгалын компанид ямар нэгэн чиглэл өгсөн юм болов уу?

-Одоогоор ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна. Хуучин машинууд зарагдах үед л даатгал хийлгэнэ гэсэн хүлээлттэй байна.

Автомашины ченж иргэн Л.Дорж: Жижигбизнес эрхлэгчдэдмаш иххүндтусч байна

-Маргаашаас (өнөөдөр) импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Эсрэг байр суурьтай байна. Жижиг бизнес эрхлэгчдэд маш хүнд тусч байна. Арваннэгдүгээр сарын 8-наас хойш импортоор орж ирж байгаа машинууд бүгд дугааргүй үлдэж байна. Тэдгээр машинуудыг худалдаалахад үнэхээр хүндрэлтэй нөхцөл үүсч байна.

-Та одоо зарагдах гэж байгаа машинууддаа улсын дугаар авч чадсан уу?

-Бүгдэд нь гэрчилгээ авчихсан. Худалдан авагч ирээд, хямд үнэ хэлж байна. Яагаад гэвэл шинээр оруулж ирсэн машин ч улсын дугаартай болохоор худалдан авагчдад хуучин машин байна гэсэн хардлага төрүүлж байна.

-Энэ шийдвэртэй холбогдуулан дугаар дамлаж зарах тохиолдол гарч байна уу. Үнэ ханш нь хэд байна вэ?

-Яах вэ ,хэлсэн үнээр нь л авч байна. Нэг дугаар 500 мянган төгрөгөөр авсан. Гэхдээ одоо үнэ нь талийж байгаа сурагтай байсан. Хамгийн доод үнэ нь 1 сая гарсан гэж сонссон.

-Хил дээр байгаа машинууд наашаа орж ирэх гэж нэлээд уддаг юм байна. Захиалсан машинууд чинь хэр удаж байж орж ирдэг вэ. Хил дээр таны хэчнээн машин байна вэ?

-Тээвэр зуучлагч болон худалдан авч байгаа ченжүүдээс шалтгаалдаг. Бид захиалсан барааныхаа мөнгийг төлөөд, тээвэр зуучлагч цаанаасаа хурдан явуулаад, таталтаа хийчихвэл нэг их уддаггүй. Гэхдээ ядаж л дөрвөн сар хүлээдэг.

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙТӨВӨНӨӨДРӨӨСОРОН НУТГИЙН АВТОМАШИНУУДАД ДУГААРОЛГОНО

Авто тээврийн үндэсний төвийн ажилтан хэлэхдээ “Нийслэлийн Засаг даргын тогтоол гарчихсан гээд байгаа ч Хууль зүй, дотоод хэргийн яаманд өнөөдөр бүртгэгдэж байгаа юм шиг байна лээ. Хэрэв бүртгэгдчихвэл маргаашаас (өнөөдөр) эхлээд манайх импортоор орж ирж байгаа машинуудад дугаар олгохгүй. Улаанбаатар хотод орж ирж байгаа машины дугаарыг Замын хөдөлгөөний удирдлагын төв өөрсдөө олгож эхэлнэ. Маргаашаас (өнөөдөр) эхлээд манайд хамаагүй болно.

Манайх орон нутгийн машинуудад дугаар олгоно. Ажил нь яг эхлээгүй байгаа болохоор нарийн ширийн зүйлийг бид өөрсдөө ч сайн мэдэхгүй байна” гэв.

Б.БАЯРМАА