Categories
гадаад мэдээ

Испанийн улс төрчийн амийг хороожээ

Испанийн хойд хэсэгт орших Леон мужийн Засгийн газрын тэргүүн, Ардын намын гишүүн Изабел Карроског олон нийтийн газар буудан хороосон хэрэгт хоёр эмэгтэйг сэжиглэн баривчилжээ. Баривчлагдсан эмэгтэйчүүд нь гэрийн эзэгтэй нар аж.  Нэг нь орон нутгийн цагдаагийн газрын даргын охин гэж хэвлэлээр мэдээлж байна. Даргын охин саяхан орон нутгийн зөвлөлийн шийдвэрээс ажлаасаа халагджээ. Амиа алдсан улс төрч Изабел Карраско  намынхаа уулзалтад очихоор явж байх үедээ буудуулсан аж.  Түүнийг Бернесгагийн гүүрийг давж байхад буудсан гэнэ. Испанийн дотоод яам энэ хэргийг хувийн өш хонзонгоос үүдэлтэй хэмээн мэдэгдээд байна.

Categories
мэдээ

Монгол эрдэмтэн шинэ элемент нээлээ

Цөмийн энергийн газрын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн гишүүн эрдэмтэн Жадамбын Хуягтбаатарын удирдсан Германы Гельмгольц институт дэх Олон улсын судалгааны баг Z=117 атомын дугаартай шинэ элемент оршдогийг баталжээ.
Энэ нь олон улсын түвшинд Монгол Улсын нэрийг гаргасан үйл явдал боллоо. Тухайн элементийн судалгааг Олон улсын хамтарсан судалгааны багийнхан анх 2010 онд хийсэн байна.
Са48+Вк249 буюу цөмийн нэгдэх урвалын дүнд супер хүнд элемент Z=117 нь үүсэх ба 7 удаагийн альфа задралын дүнд удаан наст Db270 элемент үүсдэг байна.
Мөн Db270 элементийн альфа задралын дүнд Lr266 элементийн шинэ изотопийг нээжээ. Улмаар туршилтын үр дүнд Z=117 атомын дугаартай элемент оршдогийг баталж, удаан наст Db270 элементийг илрүүлснээр эрдэмтдийн таамаглаж байсан хүнд жинтэй тогтвортой элементүүдийн арал (island of stability) оршин байх боломжтой гэсэн таамаглалыг бодит болгоход нэг алхмаар ойртсон байна.

Categories
мэдээ нийгэм

Шүүгчид тангараг өргөлөө

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар Давж заалдах шатны шүүхийн шүүгч, анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан билээ. Шалгаруулалтад тэнцсэн шүүгчид өчигдөр тангараг өргөлөө.
Шалгаруулалтад 400 гаруй хуульч өрсөлдсөнөөс 91 шүүгч тэнцсэн аж. Тодруулбал, давж заалдах шатны шүүхийн 10 шүүгч, анхан болон давж заалдахын шатны 61 шүүгч, шинээр томилогдсон Нийслэл болон Төв аймагт байрлах анхан болон давж заалдах шатны шүүхийн 20 шүүгч тангараг өргөсөн юм.
Шүүгчийн сонгон шалгаруулалтыг энэ жил шинэ журмаар зохион байгуулсан. Өмнө нь зөвхөн мэдлэг чадварын цөөн тооны шалгууртай байсан бол энэ жил эрхзүйн, ёсзүйн, зан төлөвийн тохиолдол шийдвэрлэх, мэргэшлийн чиглэлээр сэдэв сонгож эссэ бичих, мэдээллийн технологийн хэрэглээний ур чадвар шалгах, удирдан зохион байгуулах авьяас, манлайлах ур чадварын зэргээр нэмэлт үзүүлэлтээр шалгалт авсан аж.

Categories
мэдээ

Халуун ус хязгаарлах хуваарь гарчээ

“Улаанбаатар дулааны сүлжээ” компаниас зуны урсгал болон их засварын ажилтай холбогдуулан халуус ус хязгаарлах хуваарийг гаргасан байна.
Энэ сарын 14- 26-ны хооронд
-Нисэхийн орон сууцны барилгууд,“Чингис хаан” онгоцны буудал, МИАТ ХК, Иргэний нисэхийн ерөнхий газар, Спортын шинэ ордон,  Бөөний худалдаа ХК, 10-н буудал  орчмын орон сууцнууд, Төв цэвэрлэх байгууламж, Цэргийн хотхоны орон сууцнууд, “Автобус-2” ХК, “Дэвшил трейд” ХК, “Дөрвөн түшиг “ХК, Зэвсэгт хүчний 013 дугаар анги,  “Улаанбаатар импекс” ХК, “Нефть бааз” орчмын хэрэглэгчид.
/ОСНААУГ-ын Түшээ дунд гол-өргөө, Таван шар өргөө ОНӨААТҮГ-ын орон сууцнууд /
Энэ сарын 15-28-ны хооронд
-Болгарын ЭСЯ, “Тэнгэрийн цаг” ХХК, Солонгосын ЭСЯ, Олимп хотхон, Алтан тариа ХХК-ийн орон сууцнууд, 21 дүгээр сургууль орчмын бүх хэрэглэгч, 13 дугаар хорооллын орон сууцнууд, Бөхийн өргөө орчмын хэрэглэгчид, Хавдар, Халдвартын эмнэлгүүд, СЭЗДС, ҮХААЯ, Баянзүрх хүнсний зах,12 дугаар хорооллын УДДТ-1,4-ийн дараах орон сууцнууд,15 дугаар хорооллын бүх орон сууц,  2 дугаар эмнэлэг, Английн ЭСЯ, “Хаан палас” зочид буудал, Жуковын музей, Цэргийн музей, ХХЕГ орчмын албан газрууд, “Энхүүд” ХХК,  Газар хөдлөлийн станц, Актив хийц ХХК-ийн орчмын бүх хэрэглэгч.
/ОСНААУГ-ын Дэнж сансар-өргөө ОНӨААТҮГ-ын зарим байр, Дэнж найрамдал-өргөө ОНӨААТҮГ-ын 15 дугаар хорооллын бүх орон сууц /
Энэ сарын 16-29-ний хооронд
-Төмөр замын зүтгүүрийн депо, 31 дүгээр сургууль, Монгол шаазан орчмын хэрэглэгчид, Хүүхдийн ордон, УДЭТ, Төв шуудан, Хөрөнгийн бирж, Засгийн газрын ордон, Төв номын сан, Блю Скай зочид буудал, ГХЯ, Зориг сан, МУБИС, Ионсей эмнэлэг,СТӨ, Шангрилла /Централ товер/, Тусгаар тогтнолын ордон, Улаанбаатар зочид буудал, Туушин ХХК-ийн зочид буудал, Усан бассейн, Чингис зочид буудал, 25 дугаар сургууль, Монро импекс, Германы ЭСЯ ,Түшээ дээд сургууль, Сүхбаатар дүүрэг, Байгалийн түүхийн музей, Бага тойргийн 47 дүгээр байр орчмын хэрэглэгчид,
Энэ сарын 27-ноос ирэх сарын 10-ны хооронд
-УБТЗ-ын удирдах газар, түүний ойролцоох бүх орон сууц, Гранд плаза төв, Рамада зочид буудал, Цагаан өргөө зочид буудал, Гандан хийд, Максын орон сууц, ТЗ-ын хоёрдугаар хорооллын орон сууцнууд, Наран их дэлгүүрийн орчим, Богда Асар хороолол, Түндэмүн саун, Гурван билэг ХХК-ийн үйлчилгээтэй орон сууц, 3,4 дүгээр хороолол, 6 дугаар бичил хорооллын бүх орон сууц, Ганданхийд, Цагаан өргөө зочид буудал, Эх нялхас, МҮОНРТХЭГ орчмын орон сууц,албан газрууд, “Ган зам” зочид буудал,  ТЗ-ын 50 дугаар байр, Баянгол дүүргийн шүүх, ТЗ-ын цагдаагийн хэлтэс, ЦТП-9-ийн дараах орон сууцны бүх байр, 4 дүгээр хорооллын ЦТП-6-ын дараах орон сууцны бүх байр, АТС-33, Аянчин зочид буудал орчмын хэрэглэгчид.
/ОСНААУГ-ын Ганзам-өргөө ,Ганга өргөө, Батбаян бүрд,  Хүрээ дэнж өргөө, Гандан дэнж өргөө ОНӨААТҮГ-ын харьяа бүх орон сууц /
Ирэх сарын 5- 17-ны хооронд
-Баруун өмнөд үйлдвэрийн районы бүх хэрэглэгч,Цэцгийн хүлэмжүүд,  БУК-2, Байгууламж, Хэт бүрд, Улаанбаатарменежмент, “Фада” ХХК, Говь-2 үйлдвэр, Нийслэл өргөө, Хөсөг компани, “ЧММ” ХХК, БХТН-ийн авто сургууль, ЦЭХБУ трест, Витафит ундааны үйлдвэр, Комит компани, МSM ХХК, Хасу Мегаватт ХХК,Хан –Уул дүүргийн үйлдвэр албан газрууд, Хуучнаар СОТ-3 буюу Зарубежстрой, ВагнерАзи, Говь-1, Материалимпекс,Төмөр замын вокзал, “Наранбулаг” ХХК-ийн орон сууцнууд, Вербист халамжийн төв, Соёмбо клуб, Баянгол дүүргийн тамгын газар, цагдаа, УБТЗ-ын эмнэлгийн орчмын бүх орон сууц , албан газрууд, Улаанбаатар рашаан сувилал, Цэлмэг хотхон, Орчлон хороолол, УБ таун, Элегант таун, Ээрмэлийн үйлдвэр, Коко кола үйлдвэр, Богдын музей, Зайсангийн орчмын бүх хэрэглэгч, Оргил рашаан сувилал орчмын хэрэглэгчид, “Суруга Монгол” ХХК-ийн Жапан таун хороолол, Сонор рекордс, Удирдлагын академи орчим, 120 мянгат,  Эрэлийн ЦТП, “Шинэ төгөл хотхон, Жигүүр гранд зочид буудал,Жаргалан хотхон орчмын бүх орон сууц
Ирэх сарын 13- 27-ны хооронд
-ТЗ-ын дээд сургууль , БГД-ийн цагдаагийн хэлтэс, УБ палас, түүний ойролцоох орон сууцнууд,Кекшюзан, “Бэгдү” ХХК-ийн орон сууц, 10 дугаар хорооллын замын хойд хэсгийн бүх орон сууц, Техникимпорт, 3 дугаар эмнэлэг орчмын орон сууцнууд, Гэмтлийн эмнэлэг орчмын орон сууцнууд, Далд засал эмнэлэг, Говь саун, 1 дүгээр хороолол УДДТ-1,2,3,4,5-ын дараах бүх орон сууцны байр, ”Сүлжээ” ХК, Саппоро төв, Драгон төв, Авто вокзал, Сонгинохайрхан дүүргийн тамгын газар, 21 дүгээр хороолол, Орчлон хорооллын орон сууцнууд, “Аржанар” ХК-ийн орон сууцнууд, Ханын материалын орон сууцнууд,Толгойтын 5 шарын байрууд, Алтантариа, Нефть бааз орчмын орон сууц,албан газрууд
/ ОСНААУГ-ын Ашид мөнх-өргөө,Таван шар-өргөө, Өнөртулга-өргөө, Өнөр энх-өргөө ОНӨААТҮГ-ыноронсууцнууд /
Ирэх сарын 24-ноос долдугаар сарын 7-ны хооронд
-Сэргэлт УҮГ, Хайрхан ХХК, Эрэл ХХК, Автобус-1 ХК, Гоёо ХХК, ЭХЯ, Монгол Солонгосын коллеж, “Атар өргөө” ХК, УБДС ХК, Хараагүйчүүдийн төв, 19 дүгээр хорооллын орон сууцууд , УБЦТС ХК, Хан–Уул дүүргийн ЗДТГазар орчмын бүх хэрэглэгчи, Гутал ХК, Мишээл ХК, Монголгархивс, “АПУ” ХХК болон Хан-Уул дүүргийн үйлдвэрийн районы бүх албан газар, хэрэглэгчид, ОХУ-ын ЭСЯ, Нийслэл даатгал орчмын болон 40, 50 мянгатын бүх орон сууц,  МҮЭ-ийн Соёлын төв ордон, Голомт хотхоны 5 өндөр байрууд, УИД-ийн орчим, Өгөөж чихэр боов ХК, Хүмүүн эмнэлэг, 5-дугаар хорооллын хуучнаар Тээврийн товчоо орчмын орон сууцнууд, албан газрууд, Эм импекс, Саруул төв, Сарора зочид буудлын орчмын орон сууц,албан газрууд,
/ОСНААУГ-ын Энхтулга-өргөө ОНӨААТҮГ, Чин хүрээ-өргөө ОНӨААТҮГ-ыноронсууцнууд /
Долдугаар сарын 15 – 30–ны хооронд
-Их тэнгэр цогцолбор, Маршалтаун, Баянмонгол хороолол, 13 дугаар хорооллын урд хэсэг /ЦТП-3,4/, Нарны замын 163 дугаар байр орчмын хэрэглэгчид,”Гангар” ХХК-ийн орон сууцнууд,15 дугаар хорооллын орон сууцнууд /ЦТП-8/ ,Шөнийн зах, Нарантуул зах ,Аман хуур хороолол, 14 дүгээр хороолол, Ахмадын хороолол, Алтантэвш хороолол, “Баян констракшн” ХХК-ийн орон сууцны барилгууд, 16 дугаар хорооллын бүх орон сууцнууд, Батлан хамгаалахын их сургууль орчмын орон сууц,албан газрууд,
/ОСНААУГ-ын Ганзам-өргөө, Ганга өргөө ОНӨААТҮГ-ын ЦТП-6 ,Их алтан тэвш,  Улаан хуаран оронсууцнууд, Гангар ХХК-ийн орон сууцнууд /
Долдугаар сарын 31-нээс  наймдугаар сарын 15-ны хооронд
-Барс-2  зах орчмын хэрэглэгчид, МДТоп ХХК-ийн орон сууцнууд, Булган хошуу, Стройка ХХК, Гурвалжин, Тэх зах, Авзагын орон сууц, Олон улсын Бизнесын дээд сургууль, Голден парк хороолол, Комплекс импорт ХХК-ийн ойролцоох хэрэглэгчид, “Урьхан санаа” ХХК, “Эрин интернейшнл” ХХК ,  Өнөр хотхон хороолол,10 дугаар хорооллын замын урд хэсгийн орон сууцнууд, албан газрууд,Талх чихэр компани, Москва хорооллын орон сууц, Цахилгаан тээвэр, 1 дүгээр хорооллын ЦТП-6-ын дараах орон сууцнууд, түүний ойролцоох хэрэглэгчид,
/ ОСНААУГ-ын Ашид мөнх-өргөө ОНӨААТҮГ, Москва салбарын орон сууцнууд /
Наймдугаар сарын 12-23-ны хооронд
-Анчдын нийгэмлэг, Хараа зочид буудал орчмын орон сууц болон тусгай хэрэглэгчид, Бөмбөгөр зах, 70 дугаар цэцэрлэг орчмын хэрэглэгчид, Гэсэр сүм, хуучнаар ХИД-1, ”Тэнгис”кинотеатр, түүний ойролцоох орон сууцнууд, ГХЯ-ны 95 айлын орон сууц,  30 дугаар байр, Бишрэлт зочид буудал, Теди төв, Урт цагаан орчмын хэрэглэгчид,  зургадугаар хорооллын УДДТ-1,2-ын дараах  орон сууцнууд, Засгийн газрын авто бааз, 62 дугаар байр, 4 дүгээр сургууль, Дөлгөөн нуур зочид буудал орчмын хэрэглэгчид, Метро майл орчмын хэрэглэгчид, Хурд ХХК-ийн орон сууцнууд, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүр орчмын хэрэглэгчид, 100-н айлын орчмын бүх хэрэглэгч, Хүүхдийн урлан бүтээх төв, Долдугаар хорооллын орон сууцнууд, гуравдугаар сургуулийн орчим, Авто плаза төв, Дашчойлон хийд Гаалийн ерөнхий газар, Өдрийн сонины газар орчмын бүх хэрэглэгчид.
/ ОСНААУГ-ын Зүүн сэлбэ-өргөө ОНӨААТҮГ-ын орон сууцнууд /

Categories
мэдээ нийгэм

Хөдөлгөөн зохицуулж байсан цагдааг дайрчээ

Замын уулзвар дээр хөдөлгөөн зохицуулж байсан цагдаагийн алба хаагчийг дайрчээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Халдварт өвчин судла­лын үндэсний төвийн зүүн талын уулзар дээр өчигдөр 17.30 цагийн орчимд хөдөлгөөн зохицуулж байсан цагдааг дайрсан хэрэг гар­сан байна. Энэ талаар Замын цагдаагийн газ­рын Олон нийттэй харилцах хэлтээс тод­руу­лахад “Баянзүрх дүүр­гийн цагдаагийн хэлт­сийн цагдаа ажлаа хийж байхад дайрч, гэмтээсэн тухай дуудлагыг дөнгөж сая авлаа. Хэргийн газарт цагдаагийн бүрэлдэхүүн ажил­лаж байна. Ослын шалтгааныг тогтоогоогүй учраас үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.

Ц.Өрнөх  

Categories
мэдээ улс-төр

Төсвийн тодотголыг халтуурдсан гэв

Засгийн газар алдаатай төсвийн тодотголоо татаж авах ёстой гэж МАН-ын бүлгээс өчигдөр мэдэгдлээ. Сөрөг хүчний бүлэг өчигдөр хуралдаж, энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар байр сууриа нэгтгэхдээ ийм дүгнэлтэд хүрсэн байна.  Тус бүлэг Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл, 2014 оны Төсвийн тодотголын төсөл болон бусад асуудлаар хуралджээ.
“Өнөөдөр нэг ам.доллар 1820 төгрөгт хүрчихлээ. Гэтэл төсвийн хуулинд 1384  байхаар тооцож суулгасан байгаа. Тиймээс бодит байдалтай нийцүүлж үнэн зөв тооцоон дээр үндэслэн улсынхаа төсвийн орлого зарлагыг тооцож яваач гэсэн шаардлагыг МАН-ын бүлэг тавьсан. Гэтэл энэ шаардлагуудын аль нь ч төсвийн тодотголоор орж ирсэнгүй. Мөн Чингис бонд, Самурай бонд, Хөгжлийн банкны өрийг төсвийн тодотголд суулгасангүй. 30 хувийн алдаатай төсөв тодотголоор орж ирсэн. Тиймээс ханшаа зөв тооц, царцаасан 273 обьектуудын санхүүжилтийг ил тод болго, урсгал зардлаа бодитой бууруул” гэж бүлгийн дарга С.Бямбацогт хэллээ.
Эдийн засгийн хямралыг даван туулахын тулд сүүлийн дөрвөн жилийн турш хориг тавьж байсан хайгуулын тусгай зөвшөөрлийг үргэлжлүүлэн олгох санаачилгыг Засгийн газар гаргаад байгаа. Уг асуудлыг МАН-ын бүлэг ил тод, олон нийтэд нээлттэйгээр хэлэлцэх ёстой гэв. Мөн тус бүлэг Ашигт малтмалын тухай хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтөөр хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийг торгох замаар аливаа асуудлыг шийдвэрлэх гэж байгааг шүүмжлэв. Уг хуулийн төслийн талаар тодорхой шаардлагыг МАН-ын бүлгээс Засгийн газарт өгөхөөр тогтжээ.

М.МӨНХ

Categories
мэдээ цаг-үе

Америкаас илүү авралын элч болчихсон орон одоогоор алга

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд Нигерийн Борно мужийн Чибок тосгоны дунд сургуулийн дотуур байранд халдаж, 276 эмэгтэй сурагчийг хулгайлсан хэрэг гарсан билээ. Барьцаалагдсан хүүхдүүд бүгд 12-18 насныхан. Дэлхий нийтийн анхаарлыг татсан уг хэргийн талаар олон улсын байгууллагууд төдийгүй олон орны иргэд шүүмжлэлтэй хандсаар байна. Барьцаалагдсан охид өдгөө хаана буй нь тодорхой бус ч лалын “Боко Харам” хэмээх зэвсэгт бүлэглэлийнхэн энэхүү хэргийг үйлдсэнээ мэдэгдсэн юм. Мөн тэд өнгөрсөн долоо хоногт өөр нэг тосгоноос 11 охиныг барьцаалснаа зарласан. Тус бүлэглэлийн толгойлогч Абубакар Шекау энэ сарын 5-нд 57 минутын  дүрсжүүлсэн бичлэгээ интернэтэд байршуулж, олзлогдсон охидыг боол болгон 12 ам.доллараар худалдахаа мэдэгдсэн. Тэрээр “Хэрэв Нигерийн сургуулиудад барууны боловсрол олгох явдлыг таслан зогсоохгүй бол энэ мэт үйл ажиллагааг дахин явуулах болно” хэмээн сүрдүүлжээ. Тэрээр цааш нь “Охидод боловсрол эзэмшүүлэх ёсгүй. Тэд зөвхөн айлын гэргий болох ёстой” гэв. Тэгвэл саяхан  “Боко Харам”-ын толгойлогч хулгайлсан охидыг насаар нь ангилж, худалдсан гэсэн мэдэгдлийг хийв. Тэрээр “12-13 настай охидыг 19 ам.доллар, 14-18 насны охидыг  25 ам.доллараар зарсан бол 230 охины 149-ийг хүнтэй гэрлүүлсэн” гэжээ. 

Хамгийн сүүлийн мэдээгээр 53 охин зэвсэгт дайчдаас эсэн мэнд зугтаж чадсан аж. Тэдний нэг нь болсон үйл явдлын талаар дэлгэрэнгүй ярьсан байна. Тэрээр “Барьцаалагдсан охидоос хоёр нь хорт могойд хатгуулан амиа алдсан. 20 нь өвчин туссан байгаа. Хэрэг гарах өдөр 200 орчим зэвсэгт этгээд 20 гаруй автомашин болон 30 ширхэг мотоциклиор манай тосгонд  ирсэн” гэжээ. Тухайн үед тосгонд  хамгаалалтын ердөө 15 цэрэг  байсан гэнэ. Нигерийн эрх баригчид сурагчдыг Самбиса ойд нуусан гэж таамаглаж байгаа юм байна. Учир нь 60 мянга орчим ам километр талбайг хамрах тэр ой нь лалын хэт даврагсдын бүгэх газар нь болоод удаж байгаа аж. Нигерийн Цагдаагийн газраас тавдугаар сарын 7-нд барьцаалагдсан охидын талаар үнэн бодит мэдээлэл өгсөн хүнд 310 мянган ам.доллар өгөхөө амлажээ. Тус улсын Ерөнхийлөгч Гудлак Жонатан олзонд буй охидыг суллах талаар чадах бүхнээ хийж байгаа ч ард иргэд нь Засгийн газраа буруушаасаар байна. Хулгайлагдсан охидын гэр бүл болон “Сая эмэгтэйн жагсаал” хэмээх нэртэй  эмэгтэйчүүдийн холбооноос  жагсаал зохион байгуулсан. Энэ үеэр тэд “Боко Харам” бүлэглэлийн гарт орсон охидыг аврахад туслахыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагаас хүссэн юм. Үүний хариуд АНУ-ын төрийн тэргүүн арми болон тусгай албадаас бүрдсэн багаа Нигери улс руу илгээхээ мэдэгдэж байсан нь сүүлийн өдрүүдийн гол сэдэв байв. Үүнтэй адил саналыг Их Британийн Засгийн газраас ч тавьсан гэдэг. Тус улсын Гадаад харилцааны сайд Уильям Хейг “Хүүхдүүдийг олз болгон ашиглаж байгаа алан хядагчдын үйлдэл нь гутамшигтай бөгөөд ёс бус үйлдэл юм. Хүүхдүүдийг суллахад бодит тусламж үзүүлэхэд бид бэлэн байна” гэжээ. Түүнчлэн Пакистаны хүний эрхийн төлөө тэмцэгч 16 настай  Юсуфзай Малала охин “Боко Харам” бүлэглэлд барьцаалагдсан охидыг аврахыг хүсч, орон орны төрийн тэргүүн, удирдах албан тушаалтнуудад захиа илгээсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээлсэн билээ. Малала охин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг өнгөрсөн долоо хоногт Өмнөд Суданд айлчлах үеэр захидал илгээжээ. Түүндээ “Хүчирхийллийн золиос болсон охидод туслахыг чин сэтгэлээсээ хүсч байна. Энэ бол орхиж болохгүй сэдэв. “Боко Харам” бүлэгт баригдсан сурагч охидыг заавал аврах хэрэгтэй” гэж онцолсон байна. Тэрбээр цааш нь “Бид чимээгүй өнгөрөх юм бол ийм байдал газар авах болно” гээд барьцаалагдсан охидыг шоронд байгаа бидний эгч, дүүс гэж тодорхойлжээ. Мөн тэрээр үүнтэй адил захидлуудыг АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама, Кембрижийн гүнгийн авхай Кэйт Миддлтон, Германы Канцлер Ангела Меркель, Аргентины Ерөнхийлөгч Кристина Фернандес зэрэг дэлхийн  хүчирхэг эмэгтэйчүүдэд илгээж, барьцаалагдсан охидыг аврахыг уриалсан юм. Дашрамд дурдахад, Малала охин өөрөө хохирогч болж байсан нэгэн. Тэрээр охидыг сургуульд сургахыг эсэргүүцдэг талибан дэглэмийг шүүмжилж бичсэнээрээ  2012 онд толгойн тус газраа буудуулж хүнд гэмтсэн билээ. Азаар амьд үлдсэн тэрбээр лалын шашинтай орнуудын охид бүсгүйчүүдэд урам зориг өгч ажиллах болсон юм.   


Үүнтэй зэрэгцэн АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обамагаар удирдуулсан Холливудын одод өөрсдийн байр сууриа илэрхийлж, охидыг аврахыг дэмжин эсэргүүцлийн дуугүй жагсаал зохион байгуулсан байна. Уг жагсаалд Холливудын А зэрэглэлийн уран бүтээлчид ч нэгдсэн аж. Тэд “Охид бол хүчирхийллийн золиос биш. Тэд эд бараа биш” гэсэн бичигтэй лоозон гартаа барьцгаасан байсан бөгөөд олон нийтийн сүлжээ болох “Твиттер”, “Фэйсбүүк”, “Инстаграм”-д тэдний зургийг байршуулж хүмүүсийг нэгдэхийг хүссэн аж. Түүнчлэн АНУ-ын экс тэргүүн хатагтай Хиллари Клинтон “Боко Харам” бүлэглэлийн удирдагч Абубакар Шекауг дэлхийн номер нэг алан хядагч гээд Нигерийн олон мянган эмэгтэйд аюул заналхийлэл учруулж байна. Тиймээс гэмт этгээдийг барихыг Нигерийн Засгийн газраас шаардсан байна. Үүнтэй адил АНУ-ын экс Ерөнхийлөгч асан Жорж Буш “Боко Харам”-ын удирдагчийг Садам Хуссейн, Осама Бин Ладен шиг увайгүй, алан хядагч хэмээгээд даруй устгах хэрэгтэй гэсэн байна. 

Нигерт дахин аймшигт халдлага гарчээ
Хулгайлагдсан охидын талаарх дуулиан намжаагүй байхад дахин аймшигт хэрэг гарлаа. Энэ удаад Камеруны хилтэй залгаа орших Ганбору-Нгара хотноо өнгөрсөн пүрэв гаригт Боко Харам бүлгийнхэн халдаж, 300 гаруй хүн амь үрэгдсэн байна. Тус хотод охидыг аврахаар цэрэг арми төвлөрүүлээд байжээ. “Боко Харам” бүлэглэлийнхэн “Охид Чад нуурын ойролцоо байна” гэсэн худал мэдээ тараасан аж. Үүний дагуу Ганбору-Нгара хотод төвлөрөөд байсан цэргүүд хотыг орхин явсан хойгуур шөнө дундад халдсан байна. Тодруулбал, зэвсэгт этгээдүүд  хар зах руу  гар хийцийн бөмбөг шидэн дэлбэлжээ. Үүний улмаас  300 гаруй хүн амьдаараа шатжээ. Хотыг хамгаалж үлдсэн цэргүүд дайралтыг зогсоож чадаагүй байна. Цэргүүдийн зарим нь хотын иргэдийн хамт Камеруны нутаг руу нэвтэрсэн гэнэ. Уг хэргийн дараа Америкийн тал “Боко-Харам” бүлэглэлийг алан хядагчид хэмээн зарлаад толгойлогч А.Шекаугийг хөнөөсөн хүнд долоон сая ам.доллар өгөхөө амласан байна.  Одоогийн байдлаар алан хядах бүлэглэлийнхэнд барьцаалагдсан охидыг аврах ажиллагаанд АНУ, Их Британи, БНХАУ, Франц зэрэг улсын туслалцааг аваад байгаа талаар Нигерийн Ерөнхийлөгч Гудлак Жонатан мэдэгджээ. 

“Боко Харам” бүлэглэлийн тухай
“Боко Харам” гэдэг нь “Барууны боловсрол бол нүгэл” гэсэн утгатай үг аж. Лалын тусгаар улсыг байгуулах зорил­гоор анх 2002 онд Мухаммед Юсуфын удирдлага дор ийм нэртэй бүлэглэлийг байгуулж байжээ. 2009 оноос хойш бос­лого хөдөлгөөн, алан хядах үйл ажиллагаа явуулж  ирсэн бөгөөд Нигерийн өмнөд нутагт амьдардаг Христийн шашинтнуудыг тосгоноор нь хядаж, шатаах зэрэг бусармаг үйлдлийг нэг бус удаа явуулж байсан гэдэг. Тэд хүрээгээ тэлж, хөрш зэргэлдээх Чад, Камерун зэрэг улсад өөрсдийн үйл ажиллагааг идэвхжүүлсээр буй. Зарим эх сурвалжид одоогоор тэдний барьцаанд байгаа охидыг эдгээр улс руу илгээсэн байж болзошгүй гэж үзэж байна. Харин тус улсуудын зүгээс уг мэдээг няцаажээ. Үүний зэрэгцээ зарим хэвлэлд “Боко Харам” бүлэглэл нь охидыг хулгайлж нууц байранд аваачин, улмаар хүчирхийлж жирэмсэн болгодог. Түүгээр ч зогсохгүй хүүхдээ төрүүлтэл жижиг өрөөнд хорьдог. Нярайлс­ных нь дараа хүүхдийг хар зах дээр худалддаг гэжээ. Мөн зарим нялхсын амийг хөнөөж, эд эрхтнийг нь борлуулдаг гэсэн мэдээ ч байдаг байна. “Боко Харам” бүлгийнхний гарт орж, жирэмсэн болж хохирсон гурван эмэгтэй зугтаж, цагдаад мэдэгдсэнээр тэдний бусармаг хэрэг ил болжээ. Мөн үүнтэй төстэй олон тохиолдол байхыг ч тэд үгүйсгээгүй байна.
Он гарснаас хойш “Боко Харам” бүлэглэлийнхний гарт 1800 орчим хүн амиа алджээ. НҮБ-ын Хүний эрхийн асуудлаарх дээд хорооны төлөөлөгч Р.Кольвиль мэдэгдэхдээ “Боко Харам” бүлэг нь “Аль-Кайда” бүлгийн заавраар ажилладаг гээд хууль бус бу­сармаг явдлаа таслан зог­соохыг анхааруулжээ. Мөн тэрээр “Бэлгийн боолчлолд оруулах нь хүн төрөлхтний эсрэг үйлдсэн хүнд гэмт хэрэг юм гээд барьцаанд байгаа охидыг даруй суллахыг уриалсан байна.
Ямартаа ч АНУ энэ хэрэг явдалд анхаарлаа хандуулж, туслахаа мэдэгдсэн нь олон хүнд итгэл найдвар төрүүлж байна. АНУ-ыг улс орнуудын дотоод хэрэгт оролцдог гэж бу­руут­гагсад байдаг ч террорист бү­лэглэлүүдийн хэрээс хэтэр­сэн үйлдэл, хүний эрх, эрх чөлөөнд ноцтой халдсан үйл явдалд тэд авралын элч болдог нь нууц биш. Дэлхийн том гүрэн гэж өөрсдийгөө дө­вийлгөж, АНУ-ыг буруутгадаг гүрнүүд цагаа болохоор хүний эрхийг дээдлэлгүй, газар нутгаа тэлэх оролдлого хийж босогч бүлэглэлүүдэд зэвсэг зарж ашиг олохоо л бодох нь бий. АНУ-ын зүгээс охидыг олоход туслахаа мэдэгдсэний дараагаас Нигерийн эрх ба­риг­чид тэдний талаар илүү анхаарал тавих болсон нь шүүмжлэл дагуулж байна. Түү­нээс өмнө эмэгтэйчүүд, эхчүүд л охидыг хулгайлж улмаар боол болгон зарах гэж байгаагийн эсрэг чадлаараа тэмцэж харин эрх баригчид гар хумхин сууж байсан билээ.  

Д.Цэрэндолгор

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын чуулганыг хаалттай хуралдуулж байвал яасан юм бэ

УИХ-ын чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж эхэллээ. Хуулийн төслийг хэлэлцэх явцад дархан аварга Б.Бат-Эрдэнээс эхлээд ярьдаг юмаа ярьж эсэргүүцэж байна. Энэ хуулийн эсрэг надтай хамт тэмцэж явсан С.Ганбаатар, Г.Уянга, Д.Ганхуяг нар хаана байна, хаачив гэж ирээд популизмаа хийж эхэллээ. Сүүлийн таван жил сонссон популист үгийг нь энэ удаагийн чуулганаар бас дахин сонсов. Яасан зогсдоггүй, дуусдаггүй популизм бэ. Ингэснийх нь үр дүн улс орны хөгжилд ямар их саад тотгор авчирч байгааг бодож үздэггүй юм байх даа. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан баасан гаригийн нэгдсэн чуулган дээр “Монгол Улс хөгжих юм уу, хөгжихгүй юм уу. Засгийн эрх барьж байгаа эвслийн бүлгийн гишүүд нь өчигдөрхөн эдийн засгийг эрчимжүүлэх тухай ярьчихаад өнөөдөр болохоор эсрэг зүйл яриад сууж байна. Эсвэл хоёр Засгийн газартай, хоёр эрх баригчтай болчихсон юм уу. Кабинетын зарчмаар ажиллах ёстой шүү дээ. Гадны хөрөнгө оруулагчдын хувьд Монгол цорын ганц сонголт биш шүү” гэж хэллээ. Энэ бол бодитой, зөв үг. Одоо бид популист үгэнд ханадаг бол ханахаар сонслоо. Чуулганаас харж байхад манай аварга л далай даян дархан популистаараа босоо үлдэж байх шив дээ. Бусад нь популизм хийгээд цаддаггүйг хаа хаанаа ойлгож байх шиг байна. Энэ дашрамд хэлэхэд манай УИХ нь популизм хийдэг гол индэр болчихсон юм биш үү. Хүмүүсийн анхаарлыг татсан гол гол хуулиудыг УИХ баталдаг. Эдгээр хуулиудыг хэлэлцээд эхлэхээр хүмүүсийн анхаарал УИХ дээр төвлөрдөг. Яг энэ үед нь тухайн хэлэлцэхээр оруулж ирж буй хуулийг эсэргүүцэн шударга, мундаг хүн болж тодрохын тулд дараа нь ямар үр дагавар дагуулахыг нь мэдрэхгүй, тооцохгүйгээр шууд л жадлан эсэргүүцэж дайрах гишүүд олон болжээ. Улс орны хөгжлийн тулгуур хуулиудыг ийнхүү устгаж байна. Сайн сайн популист улстөрчид энэ торгон мөчөөс төрж байна. Ард түмэн болохоор энэ их сайн, шударга хүн байна гэдэг. Зарим нь болохоор энэ их зэвүүн, худлаа, дэмий донгоссон төрийн түшээ гэж ч хэлдэг. Энэ бүхнээс улбаатайгаар алдаршиж, олонд танигдаж эхэлж байгаа юм. Эцсийн үр дүн нь өлөн хоосон монголчууд хоорондоо алалдаад үлддэг. Өнөө популизм хийсэн нөхөр учир мэдэхгүй ард түмний дунд “Шударга хүү” гэсэн нэртэй үлдэж байна. Дараа нь дахин сонгогдож байна. Ард түмэн ядуурлаас гардаггүй. Тэгэхээр популизм хийсэн хүндээ тус болно уу гэхээс бусдад нь байнга ус болдог үйл ажиллагааны гол эх үүсвэр нь УИХ хэдүйн болжээ. Дээр дурдсан жишээнээс гадна өөр жишээг хэлье. Эдийн засгийн өршөөлийн хуулийг хэлэлцье гэж ярилцсан. Энэ үед УИХ-ын тулхтай гишүүдийн нэг Д.Дэмбэрэл үг хэлэв. Хувьдаа бизнестэй гишүүд энэ хуулийг хэлэлцэж болохгүй. Яагаад гэвэл эрх ашгийн зөрчилтэй гэж тэр хэлсэн. Өнгөц харахад их шударга мэт энэ үг яг амьдрал дээр нийгмийн сэтгэл зүйгээр тоглож буй тоглолт, популизм мөн юм. 1921 оноос эхтэй баян, ядуу гэсэн сэтгэлгээгээр хэлж байгаа үг. Баячууд муу, ядуучууд сайн гэсэн сэтгэхүйгээр ярьж, нийгмийг хувааж байгаа хэрэг юм. Нийгмийг баян-ядуу хэмээн хагаралдуулж өөрөө шударга болж харагдаж байгаа юм. Хариуд нь Р.Гончигдорж гишүүн үг хэлсэн. Тэр “Баян хоосон гэж ялгаад яахав Дэмбэрэл гишүүн ээ. Бүгд л ажиллаж, хөдөлмөрлөж, зүтгэж байгаа хүмүүс. Та бид хоёрын хувьдаа бизнесгүйг бүгд мэднэ. Хэдий болтол ингэж ялгаж хооронд нь хагаралдуулах юм бэ. Бидний энэ хэрүүл популизм, нийгмийн сэтгэл зүйд яг энэ чигээрээ бууж нийгмийг хагалан бутаргаж байдаг. Үүнийгээ одоо болих хэрэгтэй” гэж хэлсэн.
Тэгэхээр УИХ-ын гишүүдийн популизм хийхийг нь болиулахын тулд УИХ-ын чуулганыг хаалттай хийж байх хэрэгтэй байна. Х.Тэмүүжин сайдад охидууд захидал бичсэн, бичээгүйг хэлэлцэхдээ хаалттай хийж маяглаж байхаар улс орны эрх ашигт амин чухал болоод байгаа Ашигт малтмалын хууль, Гэмт хэргийн тухай хууль, Эдийн засгийн өршөөлийн тухай хууль, Өмч хөрөнгө эзэмших эрхийн тухай хууль гэх мэт гишүүд ядуучуудыг өмөөрсөн нэр зүүж, шударга харагдах болно хэмээн горьдож байгаа хуулиудыг туушинд нь хаалттай хэлэлцэж байх нь улс орны эрх ашигт хэрэгтэй, зөв үйл хэрэг болох гээд байна. Телевизийн камер, сэтгүүлчдийн микрофон харахаараа хяналтаа алддаг гишүүд дийлэнх олонхи болчихсон энэ цаг үед нээлттэй хэлэлцээд ямар ч амжилтад хүрэхгүй нь. Эх орон, ард түмнийхээ эрх ашгийн төлөө хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдөө санаачилга гаргаж, уриалж, ихэнх тохиолдолд хаалттай явуулж байх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол наад амбиц нь хэтийдсэн улстөрчид чинь улс орны хувь заяагаар тоглож дуусгах нь байна шүү. Баатар Бат-Үүлийн нэгэнтээ хэлж байсан Байнгын хороодыг хаалттай хуралддаг болгоё гэсэн санал зөв байж. Гэхдээ чуулган нээлттэй болохоор энэ нь ямар ч нэмэргүй. УИХ нь үнэн хэрэгтээ “Эх оронч” хэмээх жүжгийн театр, гишүүд нь “Шударга хүү” гэсэн жүжигчид болоод хувирчихсан байна. Босоо хэмээх С.Ганбаатар гишүүнийг би л хувьдаа гэртээ босоо зогсоод юм ярьдаг гэхэд итгэхгүй байна. Түүнийг байнгын хороон дээр сууж ярьж байхыг олон харсан учраас би ингэж хэлж байна. Зүгээр л жүжиглэлт, дээрх “Шударга хүү” гэсэн жүжгийн гол дүрд тоглож байгаа хэрэг шүү дээ.
Чуулганы хуралдааны мэдээллийг УИХ-ын хэвлэлийн алба нь мэдээлдэг байя. Гишүүд өөрсдөө УИХ-ын чуулганы дараа хэвлэлийнхэнд хандаж хэвлэлийн бага хурал зарладаг нь нээлттэй байх хэрэгтэй. Ингэж чуулганыг дэг журамд оруулахгүй бол хэвлэлийн бид хөөс сахарсан популистуудын жүжгийг 20 жил үзлээ. Амьдрал огт дээшилсэнгүй. Амьдралыг доош нь чангаадаг газар нь УИХ болчихоод байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Эмэгтэй хүнийг өшиглөх эрх зөвхөн хэвлийд нь бойжих үрд нь л байдаг

Сүүлийн үед хэвлэлээр гарч байгаа мэдээ, мэдээллийг харвал олон жилийн турш цагдаа нөхрийнхөө дарамтад байсан бүсгүй учир битүүлгээр өндрөөс унаж амь насаа алдсан тухай, уулнаас хоёр эмэгтэйн цогцос олдсон тэгэхдээ толгой, хөл гарыг нь тасалж, бүр овоон дор булсан байсан гэхчлэн үргэлжилнэ. Эмэгтэйчүүд гадуур  гарсан ч амь насанд нь аюултай, гэртээ байсан ч гэр бүлийн хүчирхийлэлд дарамтлуулж хорвоогоос халих цөвүүн цаг иржээ. Үнэндээ эрэгтэй, эмэгтэй хоёр хүйсийн хүмүүс бие, физиологийн хувьд ялгаатай ч нийгмийн нэг гишүүний хувьд ямар ч эрх, үүргийн ялгаагүй амьдрах ёстой. Энэ бүхэн Үндсэн хуулиар баталгаажсан улс оронд бид амьдарч байгаа. Гэвч өнөөдөр өрнөж буй үйл явдлууд үүний яг эсрэг байна. Эмэгтэй хүнийг өшиглөх эрх ганц л хүнд буй. Тэр нь эхийнхээ хэвлийд өсөн бойжиж байгаа бяцхан үрд нь байдаг. Өөр хэнд ч биш. Энэ ертөнцөд хүн болон мэндлэхээр  ирсэн тэр бяцхан хүний жаахан хөлөөрөө нудчин эхийнхээ хэвлийг өшигчих нь хязгааргүй аз жаргалыг бэлэглэж байдаг. Заримдаа эхийнхээ ууж байгаа аягатай цайг нь цалгиатал нудчих нь бий. Харин үүнээс өөрөөр өшиглөж, өр рүү нь чичиж болохгүй.
Онлайн ертөнцөд ихээхэн тархаж байгаа “Эмэгтэй хүнийг өшиглөх эрх зөвхөн хэвлийд байдаг үрд нь л буй” гэдэг үгтэй санал нэгдэж, лайк дарсан олон мянган хүн энэ бодлоо өөрийнхөө хийдэл, байдалтайгаа тохируулан бүсгүй хүнд хүндэтгэлтэй хандаасай билээ.

Э.ЭНЭРЭЛ

Categories
мэдээ нийгэм

“Аялал жуулчлал – Ирээдүй” ТББ-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа

Өнөөдөр Соёл, спорт, аялал жуулчлалын яаман дээр  “Ай Ти Би – Берлин 2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улс түнш орноор оролцох бэлтгэл ажлыг хангах зорилгоор шинээр байгуулагдсан  “Аялал жуулчлал – Ирээдүй” ТББ-ын гүйцэтгэх захирал Б. Индраатай хамтран ажиллах гэрээнд ССАЖЯ-ны ТНБД П. Алтангэрэл гарын үсэг зурлаа. Харин үүнийг ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэл баталгаажуулсан юм.

“Аялал жуулчлал-Ирээдүй” ТББ нь Монгол Улс ХБНГУ-д зохиогддог “Ай-Ти-Би 2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд түнш орноор орохтой холбоотой бэлтгэл ажлыг хангах, гадаад дотоод сурталчилгаа, маркетингийн үйл ажиллагааг  зохион байгуулах, тус үзэсгэлэнд оролцоход шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг хувийн хэвшил, гадаад ба дотоодын хандивлагчдаас бүрдүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах юм.

Ай-Ти-Би 2015 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улс түнш орноор оролцсоноор тогтвортой аялал жуулчлалыг Монгол Улсад хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарыг Улсын эдийн засаг, гадаад валютын санд бодитой хувь нэмэр оруулдаг салбар болгоход хийгдэх томоохон алхам болох юм.