Categories
гадаад мэдээ

“Севол”-ын сүйрлийн шалтгааныг тогтоожээ

Өнгөрсөн сарын 16-нд осолдож 300 хүүхдийн амийг авч одсон Өмнөд Солонгосын «Севол»  онгоцны осолдсон шалтгааныг тогтоожээ. Онгоц чиглэлээ огцом өөрчилсний улмаас осолдсон хэмээн албаныхан мэдээлсэн байна. Тус улсын “Yonhap” мэдээллийн агентлагт нийтэлснээр «Севол»  хөлөг арлын ойролцоох нарийн хоолойгоор өнгөрч явахдаа 15 градусын огцом эргэлтийг хийсэн аж.  Ингэснээс онгоц хазайн хажуугаараа унан живсэн байна.

 Тус онгоц зургаан мянга гаруй тоннын усан эзлэхүүнтэй байжээ. Гэсэн ч даацнаасаа хэтэрсэн ачаа ачсан байсан тул тэнцвэрээ сэргээн тогтоож чадалгүй, мөн тэнцүүлэлтийн савнууд нь усаар дүүрээгүй байсан тул хурдан живсан гэнэ. “Хөлгийн ахмад болон бусад гишүүд хөлөг тэнцвэрээ эргүүлэн тогтооход илүү их цаг зарцуулна гэдгийг мэдэж байсан. Тэд замдаа гарахын өмнө зохих заавар авсан” гэж мөрдөн байцаагчдын нэг хэлсэн байна. Осол гарах үеэр хөлгийн ахмад онгоц осолдохыг аль хэдийнэ мэдээд хэргийн газраас зугтсан. Харин туршлага муутай гурав дахь туслах, жолооч хоёр огцом эргэлт хийсэн аж. 

Уг  зүтгүүр онгоцоор 476 зорчигч, багийн гишүүд явсан юм. Зорчигчдоос 281 хүн амиа алдсан нь баталгаатай болсон ба 23 хүн сураггүй болсноор тооцогдож байна.

Э.Номин

Categories
мэдээ нийгэм

Хотын төвд машин онхолдов

Дөнгөж саяхан хотын төвийн А цэгт Тоёота Прадо маркийн УБЗ 3389 улсын дугаартай автомашин онхолдсон осол гарав. Осол болсон даруйд Замын цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн замын хөдөлгөөнийг хааж, хэмжилт хийлээ. Үүний дараа ачилтын автомашиныг дуудан, осолдсон тээврийн хэрэгслийг ачуулав.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-д ажиллаж, амьдарч байсан иргэдийн анхааралд

2007 оноос хойш БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад эх орондоо буцсан иргэд БНСУ-ын талд төлсөн тэтгэврийн даатгалын шимтгэлээ буцаан аваагүй байгаа бол БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвд хандана уу. Одоогоор БНСУ-ын Үндэсний Тэтгэврийн албанд бүртгэлтэй манай улсын 2300 гаруй иргэн хүсэлтээ гаргаж өөрийн мөнгөө буцаан аваагүй байна. Тухайн иргэн нас барсан тохиолдолд албан ёсны өв залгамжлах эрх бүхий этгээд нь хандах боломжтой. 2007 оноос өмнө ажиллаж амьдарч байсан иргэдийг дахин шалгасны үндсэн дээр тэтгэврийн даатгалыг буцаан олгох асуудлыг шийдвэрлэнэ.

БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төв

Утас: 02-2278-8030, 02-2278-8034, 02-2269-3883

Монгол улсаас холбогдох бол: 9827-9803

Categories
гадаад мэдээ

Хөлөг онгоц осолдсон шалтгааныг тогтоолоо

Бангладешийн Менгхна голд 150 зорчигчтой хөлөг онгоц осолдсон тухай бид мэдээлсэн билээ. Хамгийн сүүлд авсан мэдээллээр хүчтэй салхи салхиж, аадар бороо орсноос осолдсон байна. Нас барагсдийн тоо 22-д хүрч 100-аад хүн сураггүй хэвээр байгаа гэнэ. 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Мөнхбаярыг Хархорин дахь хорих руу шилжүүлжээ

 “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярын ярилцлага манай “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт гарсан билээ. Тэрбээр ярилцлагадаа хориход ямаршуу байгаагаа дурдаж, “Хүнийг ядарч явахад дээрэлхэхгүй амьтан байдаггүй юм байна” хэмээн өгүүлсэн байсан. 

Төрийн ордны гадна тэсрэх бөмбөг тавьсан, галт зэвсэг авч явсан хэргээр хорих 461-р ангид хоригдоод долоон сар болсон, харин өнгөрсөн шөнө түүнийг Өвөрхангай аймгийн Хархорин дахь хорих анги руу шилжүүлжээ. Ц.Мөнхбаяр болон эл хэрэгт холбоотой зургаан хүний давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн сарын 8-нд Нийслэлийн шүүхэд болсон юм. Хяналтын шатны шүүхээс “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярт долоон жил, Г.Болдбаатарт зургаан жил 11 сар, Д.Төмөрбаатарт 10.6 жил, Ж.Ганболдод нэг  жилийн хорих ял, н.Дашцэрэнд хоёр жилийн хорих ял тус тус оноосон. Харин О.Самбуу-Ёндон, Б.Гантулга нарыг гэм буруугүйд тооцож, цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээсэн билээ. Эх сурвалжийн мэдээлснээр тэднийг өөр өөр хорих ангид хорьсон бололтой. 

Э.Номин

Categories
мэдээ нийгэм

Яармагийн гүүрний ойролцоо автобус шатсан байна

Яармагийн гүүрний ойролцоо автобус шатсан байна гэсэн дуудлага өглөө 10.30 цагийн үед ирсэн байна. Аврах гал унтраах ангийн багийнхан галыг бүрэн унтраасан гэнэ. Шатсан автобусанд хүн байгаагүй бөгөөд эвдэрсэн тул  засварын төв рүү хүргэхээр чирч явж байсан аж. Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байна. 

Categories
мэдээ нийгэм

Яармагийн чиглэлийн замын нэг урсгалыг түр хугацаанд хаана

Яармагийн гүүр-Нисэх, Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо чиглэлийн 13.7 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил 2012 оноос хэрэгжиж байгаа. Тус зам барилгын ажлын хүрээнд Нүхт цогцолбор руу салдаг уулзвараас Сонсголонгийн ууулзвар хүртэлх 3 км авто замын хойд урсгалыг тавдугаар сарын 18-наас зургадугаар сарын 7-ны өдөр хүртэл хааж, замын хөдөлгөөнийг урд урсгалаар сөрөг хөдөлгөөнтэй зохион байгуулахаар болжээ. 

Categories
гадаад мэдээ

Б.Обама 9 дүгээр сарын 11-нд зориулсан музейг нээлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Нью-Йорк хотноо 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон үйл явдалд зориулсан музейн нээлтэд оролцлоо. Хоёр ихэр цамхагийг нурах үед амьд гарсан иргэд болон тэр үед ажиллаж байсан аврах багийнхан зэрэг хүмүүс нээлтийн ажиллагаанд хүрэлцэн очсон байна. 

“Аль-Каида” бүлгийнхэн Дэлхийн худалдааны төвийн байр руу халдсан явдлын улмаас 3 мянган хүн нас барсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ зун “Гудамж” төслийн хүрээнд хийх уулзвар, замуудын байршил

“Гудамж” төслийн хүрээнд Улаанбаатар хотод 2014 онд  хэрэгжүүлэх зам барилгын ажлууд энэ сараас эхэлсэн. Энэ онд  тус төслийн хүрээнд Хан-Уул дүүрэг, Яармагийн гүүрнээс ТЭЦ3-ын баруун талаар Ажилчны гудамжтай нийлэх 1.5 км авто зам, Сүхбаатар дүүрэг, 100 айлын уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажил,  Баянгол дүүрэг, Ахуйн үйлчилгээний уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажил,  Сүхбаатар дүүрэг, “Цэцэг” төвийн уулзвараас урагш Сөүлийн гудамж, Баянгол зочид буудлын арын замтай холбох 0.45 км авто зам болон Баянзүрхийн товчооноос Туул голын хойд эрэг дагуу Улаанбаатар хотоос баруун болон хойд чиглэлийн аймгууд руу явах замын уулзвар хүртэл 33 км үргэлжлэх Туулын хурдны замын ажил зэрэг 10 гаруй уулзвар, замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг эхлүүлэх юм.

 Төслийн хүрээнд 2014 онд зам барилгын ажил хийх уулзвар, замуудын байршил:

 1. Хан-Уул дүүрэг, Яармагийн гүүрнээс ТЭЦ3-ын баруун талаар Ажилчны гудамжтай нийлэх 1.5 км авто зам.

2. Сүхбаатар дүүрэг, 100 айлын уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажил.

3. Баянгол дүүрэг, Ахуйн үйлчилгээний уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажил.

4. Сүхбаатар дүүрэг, “Цэцэг” төвийн уулзвараас урагш Сөүлийн гудамж, Баянгол зочид буудлын

арын замтай холбох 0.45 км авто зам.

5. Сонгинохайрхан дүүрэг, “Монос”-ын уулзвараас Нисэх-Яармагийн уулзвар хүртэл 5.5 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажил.

6. Сонгинохайрхан дүүрэг, “Өнөр” хорооллын арын замыг 21 дүгээр хорооллын замтай холбох /Москва хорооллын араар/ 1 км авто зам.

7. Сонгинохайрхан дүүрэг, “Өнөр” уулзвараас зүүн тийш үерийн далан дагуу 10 дугаар хорооллын уулзвар хүртэл 1.44 км авто зам.

8. Хан-Уул дүүрэг, Удирлагын академийн арын замыг “Жапан” тауны замтай холбох 0.74 км авто зам.

9. Баянзүрх дүүрэг, Шар хадны автобусны эцсийн буудлаас Улиастайн гүүртэй холбогдох 6.6 км авто зам.

10. Баянзүрхийн товчооноос Туул голын хойд эрэг дагуу Улаанбаатар хотоос баруун болон хойд чиглэлийн аймгууд руу явах замын уулзвар хүртэл 33 км үргэлжлэх Туулын хурдны зам.

Categories
гадаад мэдээ

150 зорчигчтой хөлөг онгоц осолджээ

Бангладешийн нийслэл Дакки хотын ойролцоо орших Менгхна голд 150 зорчигчтой хөлөг онгоц осолдсон байна. Хүчтэй бороо орж байсны улмаас усан онгоц хөмөрсөн бөгөөд аврах багийнхан тусламж үзүүлж байгаа гэнэ. Хамгийн сүүлд авсан мэдээллээр найман хүнийг  уснаас гаргаж авсан тухай мэдээллээ. Орон нутгийн Цагдаагийн газрын даргын мэдэгдсэнээр хөлөг онгоц усанд живсэн тул аврах ажиллагаанд нэлээд хүндрэл учруулж байгаа гэнэ.