Categories
мэдээ цаг-үе

Орж ирсэн автомашинд 72 цагийн дотор номер авахгүй бол торгууль төлж байна

-Номер зүүсэн машины үнэ 1-3 сая төгрөгөөр навс унадаг болохоор
ченжүүд төрийн энэ дарамтыг шүдээ зуун тэвчихээс өөр аргагүй байдаг гэв-  


“Импортоор орж ирсэн автомашиныг хоёр сарын дотор зараагүй
тохиолдолд холбогдох байгууллагаас татвар хурааж торгууль ногдуулж байна” гэж ченжүүд
үнэхээр гомдоллох боллоо. Эдийн засаг хүндхэн байгаа өнөө үед автомашины борлуулалт
эрс буурчээ. Нөхцөл байдал иймдээ тулчихаад байхад төр бизнес эрхлэгчдийг татвараар
далайлган сүрдүүлж дарамталж байна гэж ченжүүд бухимдаж байлаа.

Вокзалын баруун талын “1000 машины зогсоол” дээр өдрийн
12 цагийн үед очиход энд тэнд хэсэг гурваараа буу халан зогсох автомашины борлуулагч
нараас өөр хүн харагдсангүй. Энэхүү авто захыг Японд явж байсан автомашиныг оруулж
ирдэг гэдгээр нь сайн мэднэ. Он гарсаар худалдан авалт эрс багасчээ. Ченжүүдийн
ихэнх нь 10-15 машин зарахаар зогсч байгаа бөгөөд өдөртөө 1-2 машин зарчихдаг байсан
бол өдгөө хоёр гурав хонож байж нэг машин борлуулдаг болжээ. Өдөрт машин тус бүрийн
тоогоор зогсоолын төлбөрт 2000 мянган төгрөг төлнө. Гэхдээ ченжүүдийн нэрлэж заншсанаар
“Талх” буюу бензин болон цахилгаан хос хөдөлгүүрт “Приус” маркийн автомашины эрэлт
нэмэгдэж байгаа сурагтай. Оны өмнөхөн автомашин худалдан авагч гурван хүн тутмын
нэг нь “Приус” авдаг байсан бол өнөөдөр эрэлт нь хоёр дахин нэмэгджээ. Японоос оруулж
ирсэн автомашин нь зарагдахгүй хоёроос дээш сар болсон тохиолдолд торгууль төлж
байгаа эсэхийг ченжүүдээс тодрууллаа. Тэд “Автотээврийн тухай хуульд хилээр автомашин
оруулж ирсэн тохиолдолд 72 цагийн дотор улсын дугаараа авч, хууль ёсоор бүртгүүлэх
ёстой байдаг. Үнэндээ энэ журам ченжүүдэд үйлчилдэггүй гэхэд болно. Үйлчилдэггүй
гэдэг нь бид том толгойлж хууль дүрмээ дагах дургүйдээ биш. Энэ заалт нь ерөөсөө
л амьдрал дээр хэрэгжих боломжгүй. Авто тээврийн тухай хуулийг 1999 онд баталсан.
Тухайн үед өнөөдрийнх шиг ийм олон иргэд аж ахуй нэгж гадаадаас автомашин оруулж
ирж зардаггүй байв. Цөөн хэдэн аж ахуй нэгж тусгай захиалгаар автомашин оруулж ирээд,
эздэд нь хүлээлгэж өгдөг. Захиалсан автомашинаа Монголд ороод ирэнгүүт улсын дугаар
худалдан авч, өөрийн нэр дээрээ шилжүүлэхэд хамгийн ихдээ гурав хоног л хангалттай
байсан хэрэг. Өөрөөр хэлбэл, Автотээврийн тухай хуулийн дээрх заалт тухайн цаг үедээ
л тохирсон байснаас ирээдүйгээ байг гэхэд наад зах нь 10 жилийн цаадахыг тооцоогүй
гаргасан. Харин өнөөдөр автомашин импортлогч, худалдан борлуулагч хувь хүн, аж ахуй
нэгжүүд олширч, хуулийн энэхүү зүйл заалттай зөрчилдөх болсон. Яагаад гэвэл гаалиар
орж ирсэн автомашиныг зарж борлуулахын тулд дор хаяж долоо хонодог. Иргэдийн худалдан
авах чадвар эрс багассан одоо үед “Приус” л биш бол зарагдахгүй хэдэн сар ч болох
нь энгийн үзэгдэл болсон. Харин хуульд зааснаар бол бид гуравхан өдрийн дотор зарж
борлуулан, эзнийх нь нэр дээр улсын дугаарыг авч бүртгүүлэх ёстой. Бид чинь албан
ёсны дистрибьютерүүд биш, Япондоо явж байсан хуучин машиныг Монголдоо борлуулдаг
учраас зарим нь энд тэндээ сэв зураастай байх нь энгийн үзэгдэл. Ийм машинуудаа
зайлшгүй авто засварын газруудад өгч, янзлуулдаг болохоор нэгээс хоёр хононо. Машинаа
засварын газраас гаргах өдөр нь өнөөх 72 цаг нь дуусч байх жишээтэй. Цаг хугацааны
хувьд үнэхээр шахуу, давчуугаас гадна бас том бэрхшээл бий. Энэ гурав хоногийн хугацаанд
амралтын өдрийг хүртэл тооцдог гээд бод доо. Хэрэв бид оруулж ирсэн машинаа бүртгүүлээд,
улсын дугаар авчихлаа гэхэд үнэ нь зах зээлийн үнэлгээнээс дор хаяж 1-3 сая төгрөгөөр
шууд буурдаг. Энд тэндээ сэвгүй, мотор хроп нь асуудалгүй, өнгө будаг нь гандаагүй
байхад шүү дээ. Учир нь худалдан авагч нар улсын дугаартай л бол машины өнгө үзэмж,
үйлдвэрлэсэн он, сэлбэг хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг үл харгалзан Монголд явж
байсан юм байна, муудчихсан гэж ойлгодог. Бид наана нь “Японоос өчигдөрхөн оруулж
ирсэн. Монголд яваагүй. Хууль журмынхаа дагуу оруулж ирээд гурван хоногийн дотор
дугаар авах ёстой байдаг юм” гэвэл хэн ч итгэхгүй. Монголд явж байсан болон Японоос
шууд орж ирсэн машин хоорондын үнэ  асар зөрүүтэй
байдаг биз дээ. Тэгэхээр Японоос оруулж ирэхийн тулд маш өндөр тээвэрлэлтийн зардлыг
татварын хамт төлөөд, дээр нь ашгийн хэд гурван төгрөг нэмээд зарж байгаа. Иймд
бид улсын дугаар авч, машиныхаа үнийг 1-3 саяар буулгах шаардлагагүй биз дээ. Тийм
болохоор орж ирсэн даруйд нь 72 цагийн дотор бүртгүүлж, дугаараа авдаггүй нь ийм
учиртай. Хамгийн багадаа долоо хоногийн дотор автомашинаа зарлаа гэхэд шилжүүлгээ
хийж, улсын дугаараа авах болохоор 30 мянган төгрөгөөр торгуулдаг. Одоо ухаандаа
гурав хоногийн дотор худалдан авагчаа олж чадсангүй гэж шийтгүүлж байгаа нь энэ
юм уу даа” гэв. 

Тэд барууны өндөр хөгжилтэй орнуудын жишгээр ченжийн дугаартай
болгох хэрэгтэй гэж үзэж байна. Ченжийн дугаар гэдэг нь бусад энгийн дугаарыг бодвол
өндөр татвар төлдөг бөгөөд тухайн автомашин борлуулагч өөрийн нэр дээрээ гаргуулдаг
байна. Энэ дугаараа өөрийн борлуулж байгаа автомашинууддаа өдөрт хэдэн ч янзаар
сольж зүүж болох аж. Худалдан авагч нар сонирхсон машинаа авахаасаа өмнө унаж үзэхийг
хүсдэг гэнэ. Тэгвэл өнөөдрийн нөхцөлд энэ боломжгүй. Яагаад гэвэл “1000 автомашины
зогсоол” дээрх бүх машин улсын дугааргүй буюу 72 цагийн дотор бүртгүүлээгүй гэсэн
үг. Тийм учраас автозамын хөдөлгөөнд оролцох хориотой. Хэрэв зөрчвөл торгуулах буюу
журамлуулдаг. Энэ талаар ченжүүд “Зогсоол дотор ганц машин явахаар нарийн, давчуу
зайнд машинаа унахад хэр эвтэйхэн, дуу шуу орсон эсэхийг мэдэх боломжгүй. Хүн худалдаж
авъя. Унаж үзье гэвэл энэ хашаанаас гарахаас өөр аргагүй. “Дугааргүй машин гарч
ирлээ” гээд зогсоодог. Ингээд Улсын дугаараа авах хугацаа хэтэрсэн байна гээд журамладаг.
Бид зарах машинаа журамлуулахыг хүсэхгүй учраас 50 мянган төгрөгөөр цагдаад торгуулаад
л өнгөрдөг. Нөгөө талаас дугааргүй машин осол гаргаад хэргийн газраас зугтаасан
тохиолдолд хэд хэд гарч байсан. Хэрэв ченжийн дугаартай бол энэ байдал давтагдахгүй.
Японд бол автомашины улсын дугаар нь ногоон дэвсгэр дээр цагаан тоотой байдаг. Харин  ченж дугаар нь цагаан дэвсгэр дээр улаан эсвэл
хараар улсын дугаарыг серийн хамтаар буулгасан байдаг” гэсэн юм.

Авто тээврийн тухай хуульд “Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн
нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор,
ашиглалтаас хассанаас хойш нэг сарын дотор аймаг, нийслэл дэх автотээврийн асуудал
эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлнэ” хэмээн
тусгажээ. Үүнийг зөрчсөн албан тушаалтныг 30-60 мянга, иргэнийг 5-30 мянга, аж ахуйн
нэгж, байгууллагыг 100-250 мянган төгрөгөөр торгох заалттай юм байна. Өнөөдрийг
хүртэл энэхүү хуульд 10 гаруй удаа нэмэлт өөрчлөлт оруулж байсан хэдий ч орчин цагийн
шаардлагад нийцүүлэн тус хуулийг сууриар нь шинэчлэх шаардлага тулгасран тул шинэчилсэн
найруулгын төсөлд санал аваад эхэлжээ. Энэхүү шинээр батлагдах Авто тээврийн тухай
хуульд дээрх асуудлыг нааштайгаар тусгахаа холбогдох албанхан хэлсэн юм. Тэд “Хуулийн
энэхүү заалтыг иргэд буруугаар ойлгон импортын автомашиныг зарагдахгүй 2-3 сар болсон
тохиолдолд сар бүр торгож байгаа мэтээр ташаа ойлгожээ” гэв. Тээврийн хэрэгсэл өмчилж
авснаас хойш хуулинд заасан хугацааны дотор 
бүртгүүлээгүй бол хэтэрсэн хугацаанаасаа үл хамаарч дээрх торгуулийг нэг
л удаа өгч байгааг мөн дуулгав. Түүнчлэн Зам тээврийн 2012 оны тушаалаар улсын дугаар
олгох, бүртгэл хөтлөх журмыг баталжээ.

 М.Ууган-Эрдэнэ

Гэрэл  зургийг

Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ нийгэм

Хүн гүтгэхээс өөрийг хийж болохгүй хуультай Монголын сэтгүүлчид турж үхэх үү

Ардчилсан нам
засаг барьснаас хойш Монголын чөлөөт хэвлэл рүү өдөр бүр довтолж байна. Тэд чөлөөт
хэвлэлийн оршин тогтнох гол үндэс болсон эдийн засгаар нь боомилж авахаар бодлого
үйл ажиллагаагаа чиглүүлжээ. Эрх баригчид чөлөөт хэвлэл болох сонин, телевиз, сайтуудыг
реклам хийж болохгүй, төлбөртэй нийтлэл нэвтрүүлэг байж болохгүй, хөрөнгө оруулж
болохгүй, хэвлэл мэдээллийн эзэд редакцидаа орж болохгүй, редакци нь компаниасаа
тусдаа байх ёстой (санхүүжилт нь хаанаас байх нь тодорхойгүй), сэтгүүлчид редакциасаа
хувь эзэмшиж болохгүй гэх мэтийн заалтуудыг
гарч байгаа болон гарах гэж байгаа хуулиуддаа суулгаж өгч байна. Ерөөсөө
сэтгүүл зүй мөнгө олж болохгүй гэж өдөр бүр улиглах юм. УИХ нь ч, Засгийн газар нь ч хэвлэлийн бизнесийг мөнгө олж
болохгүй гэцгээх болж. Хамгийн сүүлд өнгөрсөн
лхагва гаригт төр засгийн үйл ажиллагааг сурталчлах гэж мөнгө авч болохгүй
гэсэн заалт орууллаа. Яам тамгын газрын
үйл ажиллагааг сурталчилж, сайдын мэндчилгээ тавиад сэтгүүлч таван төгрөг олдог
байсан тэр өнгөрөв бололтой. Ингэж Монголын сэтгүүлчдийн амыг энэ төр засаг арчлаа.

Редакцийн хараат
бус байдлыг хангах гол зүйл нь эдийн засгийн хувьд бие даасан байх явдал. Хэрэв хэвлэл мэдээлэл эдийн засгийн
хувьд бие даасан байж чадахгүй бол улстөрчдийн болон хэн нэгэн мөнгөтэй хүмүүсийн
хараат болох биш үү. Хэвлэлийн гол санхүүжилт реклам, зар сурталчилгаа, зар сурталчилгааны
чиглэлтэй мэдээлэл байдаг. Мөн дээр нь төр
засгийн ажил үйлчилгээний талаарх төлбөрт мэдээ мэдээллүүд байдаг.

Ойрын үед нэг
мэдээлэл байнга явах болсон. Хэвлэлүүдтэй
860 сая төгрөгийн хаалтын гэрээ хийлээ гэж. Амтай болгон ингэж шуугилаа. Твиттер, фэйсбүүк,
сайтуудаар өдөр бүр энэ талаар бичиж сурталчилсан. Гэтэл энэ нь
төр засгийн мэдээ мэдээллийг мөнгөөр нийтэлж болохгүй гэсэн заалт оруулах гэсэн тархи угаалт байсан юм байна. Даанч тийм байх аа. Нээрэн өгөх юм байх гэж горьдож
байсныг яана. Ийм хэмжээний мөнгө хэзээ хаана, хэнд өгчихсөн юм. Сурталчлуулахаар
өгсөн бол сайн л юм биш үү. Гэвч энэ хэлээд байгаа мөнгийг авсан нэг ч редакци байхгүй. Мэдээ мэдээлэл өөрөө тодорхой үнэ өртөгтэй байдаг.
Түүнийг нь төлөөд мэдээ мэдээллээ гаргадаг нь энэ дэлхийн жишиг юм. Тэгвэл яагаад
Монголын төр засаг мэдээ мэдээллээ үнэ өртөгтэй
тавьж нийтэлж болдоггүй юм бэ.

Яагаад төр засгийнхан
та нар хэвлэлд ийм хонзонтой байдаг юм. Ардчиллын
гол зарчим болсон чөлөөт хэвлэл чинь мөнгөтэй бол хөгжих юм биш үү. Парламентаар
өчигдөр хэлэлцэж байгаа аясыг харахад гишүүдийн увайгүй байдал тод харагдаж байна
лээ. Гишүүн Л.Цог “Эрдэнэтэд нэр дэвшихэд
10 сая төгрөг нэхсэн” гэж ирээд л “Чөтгөр гэж байдаг юм билээ. Би харсан” гэдэг
шиг л гайхаж ирээд л ярьсан. Эрдэнэтэд
10 сая төгрөг нэхэх ямар хэвлэл байх вэ дээ.
Хэн ч үнэмшмээргүй юм ярих. Хаалтын гэрээ хийж болохгүй гэж хуулийн заалт оруулж
ирээд байгаа Ц.Оюунбаатар гишүүн Татварын ерөнхий газрын дарга байхдаа “Татварын
талаархи сайн муу юм алийг ч бичихгүй байгаач” гэж танилаараа өдөр шөнөгүй утасдуулж манай редакциас гуйлгаж байсан. Тэглээ гээд сонинд
хэдэн төгрөгийн хаалтын гэрээ хийсэн юм. Хаалт хийлээ гэж мөнгө өгснийг нь мэдэхгүй
л байна. Гуйснаар чинь больдог л байсан. Танилын нүүр халуун гээд л амаа бариад хэлээ зуугаад
л өнгөрөөдөг байв. Ингэж байсан бие төлөөлөгчид нь байж л байна.

“Хаалтын гэрээ
гэж байдаг бол тун тусгүй” гэж яриад байгаа нэг гишүүн манай сонины нэлээд нэртэй
сэтгүүлчийг бие төлөөлөгчөөрөө авчихаад хувийн амьдралынхаа ёс бус үйлдлийг битгий
бичиж өгөөч гэж амар заяа үзүүлэхгүй гуйдаг
байсан даа. Манай сэтгүүлчийн тэнд очсон үүрэг ердөө л тэр байсан. Бид ч бичээгүй, тэр хүн ч мөнгө өгөөгүй. Ийм л
юм болдог шүү дээ. Хэзээ байхдаа хаалтын гэрээ хийж байсан юм. Хэзээ байхдаа тэрийг минь нийтэлж өгсөнгүй гэж
мөнгө бариад гүйцгээж байлаа. Гуйж байхад
чинь мөнгө нэхэлгүй хүн ёсоор хандсан даг. Энийг чинь харин гуйлтын гэрээ гэж хэлж
болох юм.

Бид л мундаг,
бид л шударга гээд юм бүгдийг дэлгээд байж болдоггүй юм. Амьдрал дээр ингэж болдоггүйг
эрхбиш гадарлах биз. Цөөхөн монгол бие биенээ
таньдаг. Танил талаараа гуйлгах, гуйх юм
бишгүй л бий. Энэ бүхнийг хаалтын гэрээ гээд байгаа юм уу, гишүүд ээ. Зөвхөн захаас
нь л “хаалтын гэрээ гэж аймаар юм байна” гэж хэлээд онгонтоод байгаа хэдэд сануулахад
л энэ байна. Цаашаа хэн юу ярьж юу гуйдаг байсныг хэлээд байлтай биш, ингэсгээд
зогсъё.

Төр засгийнхан,
одоо төр барьж байгаа эрх баригчид хэвлэлд хөрөнгө оруулахыг үзэж чадахгүй элдвээр
хэлж, гэмт хэрэгтэн шиг цоллодог. Хувийн
хэвлэл мэдээллийн байгууллагад хувь хүн л хөрөнгө оруулахгүй бол өөр хэн хөрөнгө
оруулалт хийх юм. Хувийн хэвлэлд төсвөөс татаас өгөх болж байна уу, төр засгаас
мөнгө өгөх үү.

Хэвлэлийнхнийг ад шоо үзэж, хориглож цагдаж байгаа
энэ засаг төр ганцхан юмыг л харин зөвшөөрнө гэцгээдэг. Тэр нь сэтгүүлч хүн
бусдыг гүтгэж болно, гүтгэхэд ял өгөхгүй гэж амтай болгон нь хэлж байна. Бусдаар бүгдийг нь хориглож
байгаа. Бараг л амьд байж оршин тогтнохыг
нь хүртэл хориглох гэж оролдож байна. Сонгуулиар сонинуудаар сурталчилгаа явуулахыг
хорьсон. Хэдэн нэр дэвшигчид нь өөрийгөө таниулж сурталчлах гээд ирэхээр тэрийг
нь өөрсдийн хувийн телевиз сайтаа дэмжих гээд хорьчихсон. Эрүүл бизнесийн мөнгө олдог бүх аргыг нь хориглочихоод
хүмүүн бус, хүн гүтгэж болох ганц заалтаар гийгүүлчихээр чөлөөт сэтгүүл зүй хөжих
үү.

Ингэж хамаг зар
сурталчилгааг нь хааж боогоод байхаар хэвлэл яаж санхүүжиж, ажилчдаа яаж цалинжуулах
болж байна. Сэтгүүлчид турж үхдэг юм байгаа биз дээ. Чөлөөт сэтгүүл зүйг ингэж устгах
нь хэнд ашигтай юм. Энэ бүхнээс харахад улстөрчид хэвлэл мэдээллийг өөрийн боол
болгох гэж байна аа даа. Өлөн хоосон, хишиг хүртээвэл тэрүүгээр нь цалингаа тавиад
ард түмэн рүүгээ асч дайран, дарга нарт хир халдаахгүй байх ёстой болж таарах
нь. Дарга нарын таалалд нийцсэн мэдээлэл цацаад суудаг болохыг л хүсээд байна. Байсхийгээд
ингэж хэвлэл мэдээллийн амыг барих хуулийн
заалтууд оруулж ирдэг нь ингэж бодоход хүргэлээ.

Энэ бүх оролдлого
нь сэтгүүл зүйг уяаны нохой болгох гэсэн санаархлаас үүдэлтэй биз. Редакци эдийн
засгийн хувьд бие даахаас үхтлээ айж уяаг нь нь уртасгаж, угаадсыг нь багасгаад
байна. Уг нь хэвлэл мэдээлэл нь хичнээн зүхүүлж
хараалгадаг ч ардчилалд оруулсан хувь нэмэр их шүү. Ардчилал хөгжсөн зарим орон
хийсэн ажлынхаа нэлээдгүй хувийг олон нийтэд хүргэхийн тулд хэвлэл мэдээлэлд мөнгө
зарцуулсан талаар нь асуухад “Ингэхгүй бол ардчилал тогтдоггүй юмаа” гэж тайлбарласан
байдаг. Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, бодлого шийдвэрээ ч тодорхой хэмжээний
төлбөр төлж олон нийтэд хүргэдэг. Энэ нь олон чухал мэдээлэл иргэдэд хүргэдэг.

Хаа сайгүй хэвлэлийнхнийг шүүмжилж, сэтгүүлчээс
муу хүнгүй, хэвлэлийн эзэд гэж бялууртлаа баяжсан хүмүүс байдаг гэж нүд хорсон
ярих болов. Хэвлэл өөрөө үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийн байгууллага болохоос
буяны байгууллага биш. Харин ч ийм их хавчлага, хуулийн хатуу заалт шаардлагууд
дунд Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд жам ёсоороо хөгжиж өнөөдрийг хүрсэн.
Мэдээж аль ч салбарт алдаа дутагдал байдгийн адил хэвлэлийн салбарт алдаа бий. Үүнд төр засаг оролцоод
биш зах зээлийнхээ жамаар аяндаа шахагдаад
явчихдаг. Нэгэн үе шар гэх хэвлэлүүд хичнээн байлаа, аяндаа л алга болж, цөөн хэд
нь үлдсэн. Уншигч, захиалагч, үзэгчид тухайн хэвлэл хүссэн мэдээллийг нь өгч чадахгүй, шаардлагад
нь нийцэхгүй бол захиалж уншихаа больдог. Телевиз бол үзэхээ байчихна. Үүнд төр оролцох шаардлага байхгүй. Нэг өдөр ямар ч мэдээлэлгүй байгаад үз л дээ. Өнөөгийн хурдтай нийгэмд хэвлэлгүй нэг өдөр ямар
байх бол доо. Хувийн твиттертээ бичээд л хүн бүр уншаад болоод байна гэж хол андуурсан
хэвээрээ л байх уу улс төрчид өө.

М.Сүлд

Categories
мэдээ

Өнөөдөр Балжиннямтай өдөр

Аргын тооллын
тавдугаар сарын 09. Сугар гариг. Билгийн тооллын 10. Зургаан цагаан мэнгэтэй цагаан
луу өдөр. Өдрийн наран 05.39 цагт мандаж 20.19 цагт жаргана. Тухайн өдөр хулгана,
бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй
тул элдэв үйлд хянамгай ханд. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хөгжмийн зэмсэг урлах, дарханы
үйлд сайн. Гүүр тавих, газар шороо малтахад муу.

Өдрийн сайн цаг
нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө
гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч
ихэснэ.

Categories
гадаад мэдээ

Хойд Солонгос жилд нэг удаа цөмийн туршилт хийх гэнэ

БНАСАУ нь жилд нэг удаа цөмийн болон пуужингийн тур­шилт хийж байх гэнэ. Хү¬нийг үй олноор нь устгах зэвс¬гийг дэлгэрүүлэхгүй байх асуудлаарх НҮБ-ын Аюулгүйн Зөв­¬лөлийн  хурал дээр  БНАСАУ-ын байнгын төлөөлөгч Ри Дон Иль ийнхүү мэдэгдлээ. Тэрээр уг асуудалтай холбогдуулан мэдэгдэл хийхдээ улс орныхоо аюулгүй байдлыг  хангах зорилгоор ийм алхам хийж байгаа хэмээн тайлбарлажээ. Хойд Солонгос нь Иракийн дайнаас хойш цөмийн хөтөлбө¬рөө хэрэгжүүлэхээр улам эр­чим­тэй ажиллах болсон. НҮБ-ын Аюулгүй Зөвлөлөөс тус улсын эсрэг нэг бус удаа хориг тавьсан боловч дорвитой үр дүнд хүрээгүй юм.

Categories
мэдээ нийгэм

С.Баярцогт МАН-ыг Засгийн газарт урихыг хүсэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан хаалттай үргэлжилсээр,
сая дууслаа. Өнөөдрийн хэлэлцсэн асуудлуудаас Х.Тэмүүжин сайдыг огцруулах эсэхийг
хэрхэн шийдэх нь олон нийтийн анхаарлын төвд байсан юм. Тэгвэл гишүүд өдөржин
шахуу хаалттай хуралдаж, энэ асуудлыг хойшлуулав.

Харин эдийн засгийг эрчимжүүлэх асуудлыг хэлэлцэх үеэр С.Баярцогт
гишүүний хэлсэн санал чуулганы танхимыг багагүй шуугиулсан бололтой. Тэрбээр
эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд хийх ажлууд нь хямралын асуудлыг
шийдэж чадахгүй ээ. Монгол Улсад үндэсний эв нэгдлийн Засгийн газар хэрэгтэй
байна. Энэ Засгийн газарт Ардын намаас бусдынх нь төлөөллүүд байгаа. Одоо
МАН-ыг Засгийн газарт урих хэрэгтэй. С.Баяр Ерөнхий сайд байхдаа хамтарсан
Засгийн газар байгуулж, эдийн засгийн хямралыг давж байсан. Цаашдаа ч олон
асуудлыг шийдэхэд олон намууд зөвшилцөлд хүрэх шаардлагатай байгаа. Тиймээс Үндэсний эв нэгдлийн Засгийн газар
хэрэгтэй байна гэх мэтээр ярьжээ.

Б.БУЛГАН

Categories
мэдээ нийгэм

Монголд үйлдвэрлэсэн гар утас дотоодын зах зээлд хүч түрэн орж ирнэ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг гар утасны программ хангамж, үйлдлийн системийн хөгжүүлэлт болон үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  дөрвөн компанийн  төлөөлөлтэй уулзжээ.

ITZone компани Android 4,1 үйлдлийн системтэй, 4 инчийн дэлгэц бүхий “Mogul” брэндийн ухаалаг утсаа 150 000 төгрөгөөр борлуулах гэнэ. “Эмондо” компани хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжтэй зохицон ажиллах, монгол хэлийг бүрэн дэмжсэн үйлдлийн системд суурилсан программын хөгжүүлэлт хийх боломжтой ухаалаг гар утас үйлдвэрлэх төслөө танилцуулжээ. Тус компани гар утасны сэлбэгийг үзүүлэлтийн дагуу гадаадад захиалж хийлгээд, дотооддоо угсарч, шалган өөрсдийн хөгжүүлсэн үйлдлийн системийг суурилуулан зах зээлд нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна. 

Харин “Дархан жонон” компани гадаадад хэрэглэж байсан ухаалаг гар утсыг олноор оруулж  шинэчлээд, зах зээлийн үнээс 30 хувийн хямд үнээр үйлдвэрийн баталгаатайгаар худалдан борлуулах төсөл боловсруулсан байна.  “Migma electronics” компанийн захирал Б.Анхныбаярын хэлснээр  дөрвөн төрлийн ухаалаг гар утас үйлдвэрлэхэд бэлэн болжээ. Хүүхдүүд болон ахмадуудад зориулсан том товчлууртай, том дэлгэц бүхий утас нь ойр дотнын таван хүнд зэрэг  ослын дуудлага хийх боломжтой гэдгийг танилцуулсан байна.  

Эдгээр компаниуд  төрийн үйлчилгээг монгол үйлдлийн системтэй ухаалаг утасны программтай уялдуулж, гар утасны оператор компаниуд эдгээр утсыг дэмжиж ажиллахыг хүсч байгаа юм.

Зөвхөн гар утасны хэрэглээнд жилд дунджаар 48 тэрбум төгрөг гадагшаа гарч байгаа бөгөөд энэ их мөнгөний урсгалыг сааруулах, зогсоохын тулд үндсэний үйлдвэрлэгч компаниудаа дэмжиж ажиллана гэдгээ Ерөнхий сайд илэрхийлжээ.

Categories
мэдээ нийгэм

Судалгаанд хамрагдсан иргэдэд үнэгүй эмчилгээ хийнэ

 Монгол улсын хүн амын дундах сүрьеэгийн тархалтын түвшин тогтоох үндэсний судалгааг өнгөрсөн сараас эхлэн явуулж байгаа. Өнгөрсөн сард Сүхбаатар дүүргийн иргэдийг судалгаанд хамруулсан бол өнөөдөр Баянзүрх дүүрэгт нээлтээ хийлээ. Нээлтэд Нийслэлийн эрүүл мэндийн газар, БЗД-ийн ЗДТГ, Эрүүл мэндийн нэгдэл, ХӨСҮТ, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг, Монголын сүрьеэтэй тэмцэх нэгдсэн холбоо, Хороо, өрхийн эмнэлэгүүдийн төлөөлөл оролцов. 

Сүрьеэгийн тархалтын судалгааг тус дүүргийн II, IV, VI, VIII, XII, XIII, XIV, XVI, XVIII, XXI, XXIII хороонд явуулах юм. Ингэхдээ нэг хорооноос 15-аас дээш насны 600 хүнийг сонгон  асуулга асууж,  цээжний рентген зураг авна. Асуумж болон цээжний рентген зурагт сэжигтэй зүйл илэрвэл цэрний сорьц авч, нянгийн  шинжилгээ хийн оношийг баталгаажуулах маягаар судалгааг явуулж байгаа аж. 

Хэрэв сүрьеэтэй болох нь тогтоогдвол харъяа аймаг, дүүргийн сүрьеэгийн диспансерт үнэгүй эмчилгээ, хяналтад хамруулах гэнэ. Судалгааны баг нь сонгогдсон хороо, сумдад очиж байрлан, зөөврийн болон явуулын рентген аппаратаар оношлогоогоо явуулах юм.

БЗД-ээс сүрьеэгийн судалгаанд нийт 6600 гаруй хүн хамрагдах ажээ. Тус дүүргийн хэмжээнд 2013 оны байдлаар сүрьеэгийн 530 тохиолдол бүртгэгдсэн нь бусад дүүргээс өвчлөл өндөр байна. Сүрьеэгийн тархалтын үндэсний судалгааг энэ ондоо нийслэл хотын иргэдийн дунд явуулж, 2015 оноос хөдөө орон нутгийг хамруулж дуусгах юм. Үр дүн нь 2016 оноос гарах гэнэ. 

Э.Номин

Categories
мэдээ нийгэм

Эрэн хайх, аврах ажиллагааг анх удаа нисдэг тэргээр явуулжээ

Онцгой байдлын ерөнхий газраас Дархан-Уул аймгийн Дархан суманд Гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний дадлага сургуулийг явуулжээ. 

Энэ үеэр Онцгой байдлын аврах тусгийн ангийнхан Дархан-Уул, Сэлэнгэ, Булган, Орхон аймгийн Онцгой байдлын газруудын аврагчидтай хамтран бэлтгэл хийж, дадлага туршлага солилцсон байна. Мөн газар  хөдлөлтөөс нурсан барилга, нурингаас иргэдийг хэрхэн аврах сургалтад анх удаа нисдэг тэрэг ашигласан нь үр дүнтэй дадлага, туршлага болсон аж. Орон нутгийн Онцгой байдлын албадуудтай хамтарсан сургуулилтад Нийслэл хотоос нийт 80 гаруй албан хаагчид оролцжээ. 

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг завсарлага авав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцэх шатанд УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан байна. Нийт тав хоногийн завсарлага авчээ.

Эл асуудлыг хэлэлцэх үеэр дээрх чуулганы хуралдаанд Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Билигт, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсан нар оролцсон юм. Энэ үеэр УИХ-ын гишүүд холбогдох албаны хүмүүсээс мэдээлэл авсны дараа “Энэ асуудлыг шалгах шаардлагатай байна” гэж үзжээ. Мөн УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд хугацаатай үүрэг өгч зарим тодорхойгүй асуудлууд дээр холбогдох байгууллагуудаас нь мэдээлэл авч эцэслэн танилцуулахыг даалгасан гэх мэдээлэл байна.

Хууль зүйн сайдтай холбоотой асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хаалттай хэлэлцсэн юм. УИХ дахь МАН-ын бүлэг эл асуудлаар завсарлага авсан тул хуралдаан нээлттэй горимд шилжжээ.

Categories
мэдээ нийгэм

Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Өчигдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Бэлтэс, Хэнтэй нурууны баруун хажуугийн Тэрэлж, Туул, зүүн хажуугийн Барх, Хэрлэн, Алтай нуруунаас усжих Ховд, Харбут, Чигэртэй, Булган, Хангай нурууны арын Идэр өвөр болон Түргэний уулсаас эхтэй Онги, Хариг зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдсэн байна. Хангай нурууны арын Идэр, Урдтамир, өврийн Чигэстэй, Буянт, Хожуул, Онги, Хэнтэй нурууны баруун хажуугийн Хурх, Барх, Их хянганы нуруунаас эхтэй Халх гол Ялалт баг орчимд болон Алтай нурууны Буянт, Турган, Увс нуурын савын Хархираа, Түргэн, Тэс болон Сэлэнгэ мөрний адаг хэсгээр олон жилийн дундаж түвшинг 15-35 см давсан байна. Иймд дээрх голуудын сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг хаврын шар усны үерээс болгоомжтой байхыг зөвлөж байна.