Categories
мэдээ нийгэм

Томуугийн зорилтот бүлгийн дархлаажуулалт 80 гаруй хувьтай үргэлжилж байна DNN.mn

Томуугийн зорилтот бүлгийн дархлаажуулалт 80 гаруй хувьтай үргэлжилж байна.

Томуу, томуу төст өвчний үед хоол хүнсээрээ дархлаагаа дэмжээрэй.

  • Та ус уух хэрэгтэй. Өглөө босоод 1-2 аяга бүлээн ус ууна. Чийгшсэн салст бүрхэвчийн вирусын эхний хамгаалалт болно. Өдөртөө 6-8 аяга ус уу.
  • Өглөөний цайгаа тогтмол уух
  • Халуун бүлээн шингэн зүйл сайн уух
  • Махан хоолоо тохируулж хэрэглэх. Аль болох олон төрлийн ногоотой, шөлтэй хоол идэх
  • Сүү, тараг, айраг, аарц, өрөм, зөөхий, шар тос, ааруул, ээзгий ээдэм аль болох түлхүү хэрэглэ
  • Хүүхдээ хангалттай хооллож буйд байнга хяналт тавиарай.
Categories
мэдээ нийгэм

ГССҮТ-ийн эмч нар үений гадаргуу мөгөөрсийг шилжүүлэх технологийг нэвтрүүллээ DNN.mn

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Насанд хүрэгсдийн мэс заслын тасгийн эмч нар дунд чөмөгний булуу шаант ясны тавцанд нэг моментоор үений гадаргуу мөгөөрс шилжүүлэн суулгах мэс засал эмчилгээг анх удаа хийлээ. Тус тасгийн хамт 2020 оноос үений гадаргуу мөгөөрс шилжүүлэн суулгах мэс заслыг хийж эхэлсэн бөгөөд өдгөө эмчилгээний аргыг улам боловсронгуй болгон цогц байдлаар хийж, эмнэлгийн тусламж үйлчилгээнд шинэ технологийг нэвтрүүлж байна. Энэхүү шинээр нэвтрүүлсэн мэс засал эмчилгээ нь үений мөгөөрсний элэгдэл /ОА II-IV зэрэгтэй/ болон үхжилт үүссэн хэсгийг авч, шилжүүлэн суулгах буюу тромбинатор /үений гадаргуу мөгөөрсийг хусаж аван үүдэл эстэй хольж, үений гадаргууг нөхөх/-ийг ашиглан сэргээснээрээ хиймэл үе суулгах мэс заслыг 5-10 жилээр хойшлуулах чухал ач холбогдолтой юм.

Мэс заслын баг бүрэлдэхүүнд ГССҮТ-ийн Насанд хүрэгсдийн мэс заслын тасгийн эмч, ЭМЯ-ны дэргэдэх салбар зөвлөлийн мэргэжилтэн, Төрийн соёрхолт эмч С.Сүхбат, мөн Насанд хүрэгсдийн мэс заслын тасгийн их эмч Б.Оргил болон Мэдээгүйжүүлгийн эмч, Төрийн соёрхолт эмч Ж.Түмэн-Өлзий, мэдээгүйжүүлгийн сувилагч П.Хулан, мэс заслын сувилагч Ө.Оюунчимэг, Г.Баасанжаргал нар багтсан байна.

Categories
мэдээ нийгэм

Төрд учирсан 144.9 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр болжээ DNN.mn

Дорнод аймгийн прокурорын газраас энэ оны эхний арван сарын байдлаар  төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хүрээнд 74 иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, төр нийтийн ашиг сонирхолд учирсан 144.9 сая төгрөгийг нөхөн төлүүлэх арга хэмжээ авч ажиллажээ.

Тодруулбал, тус аймгийн хэмжээнд Засгийн газрын тусгай сангуудаас олгосон 74.8 сая төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сан”- д учирсан 50.5 сая төгрөг, Гэмт хэрэг, зөрчлийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 19.6 сая төгрөгийн хохирол, нөхөн төлбөрийг төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлүүлсэн байна.

Төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласны үр дүнд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцуулах төрийн байгууллагын хүсэлт нэмэгджээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

2024 оны шалгалтын бүртгэл дуусахад ес хоног үлдлээ DNN.mn

2024 оны шалгалтын бүртгэл дуусахад 9 хоног үлдээ.

Та eyesh.eec.mn цахим хуудсаар Монгол хэл, бичгийн шалгалт болон Элсэлтийн шалгалтад бүртгүүлэх боломжтой.

Бүртгэл 2024 оны 11 дүгээр сарын 10-ны орой 18:00 цагт дуусах ба бүртгэлийн хугацаа болон цагийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй.

Шалгуулагч бүртгэлийн хугацаанд бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аар дамжуулан шалгалт өгөх хичээлээ нэмж болно гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Цагдаагийн дэд хурандаа Б.Өсөхбаяр: Цахим залилагчдын амлаад байгаа шиг амархан мөнгө олох арга хаана ч байхгүй DNN.mn

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Өсөхбаяртай ярилцлаа.


-Сүүлийн үед олонд танигдсан сүлжээ дэлгүүрийн лого, нэрийг ашигласан ажлын байрны хуурамч зар цахимаар их түгсэн байна. Дэлгүүрээс гадна ямар байгууллагын нэр, логог ашиглан ажлын байрны хуурамч зар тавьж иргэдийг залилаад байна вэ?

-Иргэдийн цахим хэрэглээ жилээс жилд нэмэгдэж, үүнийг дагаад цахим орчинд үйлдэгдэх гэмт хэргийн гаралт нэмэгдэж, хохирлын хэмжээ ихэсч байна. Сүүлийн үед гэмт этгээдүүд Фэйсбүүк, Инстаграм, Телеграм зэрэг цахим платформуудыг ашиглан иргэдийг хуурч мэхлэх, залилах гэмт хэрэг эрс нэмэгдсэн.

Ялангуяа Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нэр бүхий байгууллага, аж ахуйн нэгжийн нэр, лого зэргийг ашиглан иргэдийг ажлын байранд зуучилна, гэрээсээ гаралгүй өндөр цалинтай ажил цахимаар хийгээрэй гэх мэтээр хуурч мэхлэх, дансыг нь ашиглаж иргэдээс залилсан мөнгөн гуйвуулгыг хийлгэх гэх мэтээр залилах асуудал их гарч байна. Үүний нэг жишээ нь “Е-mart” сүлжээ дэлгүүрийн нэр, логог ашиглан ажлын байрны хуурамч зар түгээж байгаа явдал юм. Ер нь иргэдийг хуурч болох бүхий л аргыг залилагч нар ашиглаж байна. Хамгийн гол нь иргэд цахим орчинд цензуртэй хандаж, хэрэглээний соёл хандлагадаа заавал өөрчлөлт оруулах хэрэгтэй байна.

-Он гарснаас хойш хэдэн гомдол, мэдээлэл ирээд байна вэ. Энэ төрлийн залилан нийт цахим залилангийн хэдэн хувийг эзэлж, хэр хэмжээний хохирол учраад байна вэ?

-Цагдаагийн байгууллагад энэ оны эхний есөн сарын байдлаар телеграм сүлжээнд үйлдэгдсэн залилах 277 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна. Өнөөдрийн байдлаар нийт 277 хохирогчид 3.9 тэрбум төгрөгийн хохирол учраад байна. Сүүлийн таван жилийн хугацаанд иргэдэд 297 тэрбум 717 сая төгрөгийн хохирол учирсан. Сэжигтэй этгээдүүдээр 108 тэрбум 476 сая төгрөг буюу 36.4 хувийг нөхөн төлүүлж, 1 тэрбум 788 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилсэн. Иргэд цахим орчинд ажилд зуучлуулж байна гэх нэрийдлээр танихгүй хүний данс руу мөнгөө шилжүүлж, хохирогч болоод буй нь хамгийн гол асуудал болоод байна.

-Иргэдийг ямар аргаар залилж байна вэ?

-Залилагч этгээдүүд бичиг баримт тулгаж, шалгахгүй гар утасны дугаар олгодог гадаад, дотоодын үүрэн холбооны оператор компаниудаас дугаар авах эсвэл, бусдын нэр дээрх болон бүртгэлгүй дугаарыг ченж нарын гар дээрээс худалдаж аваад Вайбер, Телеграм, Gmail, Facebook зэрэг платформд хуурамч бүртгэл үүсгэж, гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байна. Улмаар гэмт этгээдүүд хуурамч хаягаа ашиглан иргэдийг цахимаар залилах, хар тамхи худалдан борлуулах, насанд хүрээгүй хүүхдэд садар самуун сурталчлах, худал мэдээлэл тараах, тролл баг ажиллуулах зэргээр хувь хүн болоод нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх гэмт хэргүүд үйлдэж байна.

Хуурамч зар тавьж иргэдийг залилаад байгаа энэ хэргийн ард ямар хүн байдаг вэ. Тэдний сонирхол юу вэ?

-Ихэвчлэн амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго бүхий бүлэг этгээдүүд байна. Саяхан гэхэд л 40 гаруй этгээд бүлэг зохион байгуулалтад орж цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж, иргэдийг хохироосон томоохон хэргийг илрүүлэн цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Гэмт этгээдүүдийн дийлэнх нь залуучууд байгаад хувь хүний зүгээс сэтгэл эмзэглэдэг. Хүүхдийнхээ цахим орчин дахь хэрэглээнд багаас нь хяналт тавьж, ярилцаж байгаарай гэж эцэг эхчүүддээ энэ дашрамд зөвлөж байна.

-Ажлын байрны хуурамч зар тавьж иргэдээс урьдчилгаа авдаг гэж бодоход мөнгө нь ямар хүний данс руу шилждэг юм бол?

-Гэмт этгээдүүд хууль бус үйлдлээ далдлах, олсон мөнгөө бэлнээр гаргаж авах зорилгоор иргэдийн арилжааны банкны данс, интернэт банкны мэдээлэл, виртуал хөрөнгийн хэтэвч, зээлийн аппликэйшний мэдээллийг авч, олон тооны данс нээн төөрөгдөлд оруулах аргыг ихэвчлэн ашиглаж байна. Сүүлийн үед үйлдэгдэж байгаа нийт гэмт хэргийн 98 орчим хувьд арилжааны банкны данс, виртуал хөрөнгө, үүрэн холбооны утасны дугаар болон олон нийтийн сүлжээний хуурамч хаяг ашиглаж байна.

Ер нь бүхий л банкны дансыг ямар нэгэн байдлаар ашиглаж, бусдаар дамжуулах зэрэг аргаар иргэдийн мөнгийг авч байна. Өөрийн дансаараа бусдын мөнгийг гүйлгээнд оруулахгүй байхад анхаарч байгаарай гэж иргэддээ хэлмээр байна. Ийм тохиолдолд та ч гэмт хэргийн холбогдогч болж болохыг анхаарах хэрэгтэй. Хэдий таны банкин дахь хувийн данс боловч хууль бус мөнгөн гүйлгээ дамжуулж өгснөөрөө хэн нэгнийг хохироож, гэмт этгээдийн хууль бус үйлдэлд нь дэмжлэг үзүүлж байгаа шүү гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Залилсан этгээдэд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ. Хууль журмыг чангатгах шаардлага байгаа юу?

-Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол 450 мянган төгрөгөөс дөрвөн сая хүртэлх төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Харин энэ гэмт хэргийг үйлдэхдээ албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулсан бол арваас дөчин сая төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг. Мөн энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 5-12 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилж өгсөн байдаг. Ял шийтгэлийн бодлогын хувьд одоогоор өөрчлөх талаар санал хэлэлцүүлэгдээгүй байна.

-Ажлын байрны хуурамч зарыг хэрхэн таних вэ. Энэ төрлийн залилангаас иргэд хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Ер нь хуурамч зах гэхээсээ илүү ямар цахим хаягнаас зар мэдээлэл орсон бэ, тухайн байгууллагын албан ёсны хаягнаас түгээгдэж байна уу гэдгийг иргэд, олон нийт маань сайн харж, тодруулах шаардлагатай. Хуурамч хаяг бол андашгүй дээ. Хуурамч хаягнууд нэг төрлийн зарыг олон удаа түгээсэн, цахимд найзгүй, хандалт муутай байдаг. Хамгийн чухал нь тухайн байгууллагын албан ёсны хаяг мөн эсэхийг л сайн тодруулж, холбоо барьж байх хэрэгтэй байгаа юм. Орчин үед цахимаар ажилд авчихдаг, анкет бөглүүлээд ажлын гэрээ хийдэггүй байгууллага гэж бараг байхгүй.

Гэтэл иргэд маань ажилд зуучлуулна гэдэгт итгээд мөнгө шилжүүлээд, хохироод байгаа нь харамсалтай. Цахим орчинд нэр бүхий аж ахуйн нэгж, байгууллагын нэр хаягийг ашиглан гэрээсээ ажиллаад амархан мөнгө олоорой, өдрийн цалин өндөр шүү, цахимаар ажиллаад мөнгөтэй болоорой гэх агуулга бүхий зар мэдээллийг сайн нягталж, шалгаж байхыг иргэд олон нийтэд уриалж байна. Залилагчдын амлаад байгаа шиг амархан мөнгө олох арга дэлхийн хаана ч байхгүй гэдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй. Та энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон бол цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд яаралтай хандахыг зөвлөе.

Ө.АНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 7-ны өдөр товлогджээ DNN.mn

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн Давж заалдах шатны шүүх хурлын тов  арваннэгдүгээр сарын 07-ны өдөр товлогдлоо.

Түүнд анхан шатны шүүхээс 4.9 жилийн хорих ял оноосон. Тодруулбал,

1. 13.11 дүгээр зүйлд заасан “Хувь хүний нууцыг задруулах” зүйл ангиар буруутгаж,  2 жилийн хорих ял оноов.

2. 13.14 дүгээр зүйлд заасан “Худал мэдээлэл тараах”. Үүнд, Боловсролын зээлийн сангийн зээл авсан тухай нийтэлсэн мэдээлэл, Ц.Гарамжавын зээлийн асуудлыг мэдээлсэн,  Шүүхийн нэр төрд халдсан буюу ШЕЗ-ийн гомдол зэрэг дөрвөн иргэн, нэг хуулийн этгээдээс гаргасан гомдол байв. Үүнд гурван сарын зорчих эрх хязгаарлах ял оноосон.

3. 18.3 дугаар зүйлд заасан “Татвар төлөхөөс зайслхийсэн” гэж үзэж 1 жилээр зорчих эрх хязгаарлав;

4. 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах”. 57 сая төгрөгийн татвараас зайлсхийсэн орлогоо захиран зарцуулж мөнгө угаасан хэргээр 6 сарын хорих ял оноов.

5. 19.11 дүгээр зүйлд заасан “Төрийн нууцыг хууль бусаар олж авах”. Өөр бусад этгээдийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийн хураан авсан гэх бичиг баримтад улсын нууцад хамаарах баримт бичиг байсан гэх бөгөөд үүнийг Н.Өнөрцэцэг хадгалсан, олж авсан гэж буруутган 1 жилийн хорих ял оноосон.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр “Үндэсний өгөх өдөр” DNN.mn

Монголчууд жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрийг монгол түмнийг нэг нэгэндээ хайр энэрэл, урам зориг, сэтгэлийн дэм өгөхөд уриалах, нийгэмд сайн сайхан үйлсийг түгээх зорилгоор Үндэсний өгөх өдөр болгон тэмдэглэж ирсэн.

Анх 2010 онд “Том болоорой, Удвал” нэртэй төсөл санаачлан амжилттай хэрэгжүүлснээр энэ өдрийг эхлүүлсэн. Үр дүнд нь Э.Удвал охины эмчилгээний зардалд 25 сая төгрөгийг цуглаж, БНСУ улсад эмчлүүлж охин бүрэн эдгэрсэн түүхтэй.

Эл өдрөөс эхлэн тусламж хэрэгтэй нэгэнд өгөх аян өрнүүлэхээс гадна нийгэмд эерэг хандлагыг түгээх, хүүхэд залуусыг хүмүүнлэгийн үйлсэд татан оролцуулахад чиглэсэн аян, арга хэмжээнүүдийг зохиож ирсэн юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Явган хүний зам, талбайг нөхөн сэргээх ажил 85 хувьтай үргэлжилж байна DNN.mn

Энэ онд 87 байршилд авто замын засвар, шинэчлэл хийхээс өнөөдрийн байдлаар 63 байршилд авто замын зорчих хэсэгт асфальт бетон хучилтыг бүрэн хийж дууссан. Нийт явган замын нөхөн сэргээлтийн ажил 85 хувьтай үргэлжилж байна. Энэ талаар НЗХГ-ын Авто замын хяналтын мэргэжилтэн П.Бержанаас тодрууллаа

Тэрбээр “Инженерийн шугам сүлжээ болон авто замын хашлага суурилуулах явцад эвдэрсэн явган замын нөхөн сэргээлтийг арваннэгдүгээр сарын 1-нд бүрэн засварлах үүрэг даалгаврыг гүйцэтгэгч нарт өгсөн. Үүний дагуу нийт явган замын нөхөн сэргээлтийн ажил 85 хувьтай үргэлжилж байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөөний авто замын засвар, шинэчлэлийг наймдугаар сарын 15-наас аравдугаар сарын 1-ний хооронд хийсэн. Тус ажлын хүрээнд 1.6 км авто замыг шинэчилж, явган зам, дугуйн замын ажлыг гүйцэтгэж дууслаа” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийгмийн сэтгэл судлаач Н.Оюундалай: Хүмүүс сэтгэлгээний хэт их доройтолд орсон учраас нийгэм бухимдалтай байна DNN.mn

Боловсрол, сэтгэл судлалын академийн захирал, нийгмийн сэтгэл судлаач Н.Оюундалайтай ярилцлаа.


-Нийгмийн сэтгэл судлал гэж юуг хэлдэг вэ?

-Нийгмийн сэтгэл судлал бол сэтгэл судлалын шинжлэх ухаан, социологийн шинжлэх ухаанаас салбарлан бий болсон биеэ даасан шинжлэх ухаан юм. Улс орнуудын нийгмийн уур амьсгалын өөрчлөлт нь энэхүү шинжлэх ухааны үүслийн суурь болсон. Тухайлбал, Дэлхийн нэг болон хоёдугаар дайны жилүүд, АНУ-ын их хямралын жилийн, улс орон бүрд л бий болоод байсан хэлмэгдүүлэлт, өлсгөлөн, ядуурал, баялгийн тэгш бус хуваарилалт гэх мэт олон хүчин зүйлсийг дурдаж болно. Нийгмийн сэтгэл судлал бол хүмүүсийн бодол санаа ямар байгаа, тэд бие биедээ хэрхэн нөлөөлж буй байдал, мөн бие биедээ хэрхэн ханддагийг шинжлэх ухааны үүднээс судалдаг шинжлэх ухаан юм.

Өөрөөр хэлбэл, нийгмийн сэтгэл судлал нь хувь хүмүүсийн ялгаатай байдал, хувь хүмүүсийн үнэлгээ, үнэлэмж, нийгэм ахуйн нөхцөл байдал эдгээр нь хүмүүсийн зан үйлд хэрхэн яаж нөлөөлж буйг олж илрүүлээд засаж сайжруулах арга ухааныг бий болгодог.

-Нийгэм их бухимдалтай байна гэж хүмүүс ярьдаг. Үүнийг хэрхэн тодорхойлдог юм бэ?

-Тийм ээ, нийгэм их бухимдалтай байна. Энэ бол их өргөн хүрээний асуудал юм. Яг одоо бид нийгмийн бухимдлын талаар яривал дуусашгүй их хугацаа орно. Нийгмийн бухимдлыг тодорхойлох, ил болгох олон арга аргачлал байна. Энэ нь ил тод шүү дээ. Нийгмийн стресс, байгууллагын стресс, гэр бүлийн стрессийн түвшинг тодорхойлоод байна л даа. Одоо бид манай нийгмийн стрессийн түвшин ямар байгааг бүхий л судлаач, хэн бүхэн ойлгож байгаа. Массын асуудалд онцгой анхаарах хэрэгтэй болжээ. Үүнийг л эерэг болгох үүднээс манай байгууллага 10 гаруй жил иргэдийн сэтгэл зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж, олон нийгмийн сэтгэл судлаачийг мэргэшүүлэн сургаж байна. Иргэдийг соён гэгээрүүлэх ажил өнөөдөр их дутагдалтай байна. Хүмүүсийн танин мэдэхүйн хөгжил нэлээд хаалттай байна. Зарим нэгэн иргэд маань юм мэдэхгүйгээсээ болж амьдралдаа алдаа гаргах, боломжоо олж харахгүй байх, өөрийн үнэлэмж бага байх зэргээс л бухимдал үүсээд байгаа юм.

-Нийгмээс авсан бухимдлаа гэр бүлдээ гаргадаг асуудал бий. Тэгэхээр энэ нь эргээд гэр бүлийн уур амьсгал, харилцаанд нөлөөлдөг байх.

-Тэгэлгүй яахав. Байгууллага хамт олны сөрөг уур амьсгал, найз нөхдийн сөрөг харилцаа хандлага гээд олон зүйл хувь хүний зан чанарт хүчтэй нөлөөлж байдаг. Гаднаас орж ирээд л гэр бүлийн хэн нэгэндээ байж боломгүй, зохисгүй харилцаа үүсгэдэг. Гэр бүлийн харилцааны олон асуудалд нийгмийн сэтгэл зүйн уур амьсгал хүчтэй нөлөөлж байгаагийн илэрхийллийн нэг жишээ энэ. Улс орон, нийгмийн зорилго нь юу юм бэ. Ердөө л эрүүл нийгмийг байгуулахад оршиж байгаа. Гэтэл одоогоор эрүүл бус нийгмийг байгуулчихаад үүнээсээ гарч чадахгүй сандарч тэвдээд байгаа ажиглагддаг. Тэгвэл эрүүл нийгэм гэж юуг хэлдэг юм бэ. Эрүүл нийгэм бол эдийн засгийн хямралгүй, нийгмийн гаж үзэгдэлгүй, нийгэм, улс төрийн байдал нь тогтвортой, иргэдийн олонхынх нь сэтгэл санаа амар амгалан байх. Хамгийн гол нь хүн ам нь эрүүл энх байхыг л хэлээд байгаа.

-Иргэдийг нийтээр нь бухимдуулаад байгаа өнөөгийн гол хүчин зүйл юу вэ. Замын түгжрэл, утаа зэрэг мөн үү?

-Миний бодлоор бол замын түгжрэл, утааны асуудал үүнд орно. Гэхдээ иргэдийн массын хэрэгцээ дутмаг байна. Сэтгэлгээний хэт их доройтолд орсон байна. Энэ нь улс орны ядууралтай холбоотой. Материаллаг баялгийн ядуурлаас илүүтэй сэтгэлгээний ядууралд их оржээ гэж харж байна. Оюун ухаан болон сэтгэлгээний ядуурал хэрээс хэтэрсэн. Үүнийг л арилгах гэж бид нийгмийн хөгжилд нэмэр болох үүднээс хандаад байгаа юм. Улс орныг ядуурлаас гаргах нэг том алхам бол яах аргагүй боловсролын шинэчлэл юм шүү. Манай боловсролд олон ч шинэчлэл хийлээ. Олон ч төсөл хэрэгжүүлэх гэж оролдсон, оролдсоор л байх юм. Харамсалтай нь үүний үр дүн яагаад гарахгүй байна вэ гэдгийг л судлаачид маань анхаарах хэрэгтэй. Эрс өөрчлөлт, ялангуяа чанарын өөрчлөлт хийх цаг нь аль эрт болсон.

-Олон улсад нийгмийн сэтгэл зүйг хэрхэн яаж үнэлж дүгнэдэг вэ?

-Өнөөдөр олон улс яг үүн дээр анхаарлаа хандуулж байна. Өөрөөр хэлбэл, нийгмийн дорвитой эерэг өөрчлөлт хувь хүний хөгжилд эерэгээр нөлөөлнө. Өнөөдөр олон улс орон нийгмийн хөгжлийн явц зогсонги байдалд орсон. Удаашралтай, буруу голдирол руу орсныг нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл, нийгмийн хөгжлийн гаж тогтолцооноос залхаж эхэлсэн. Одоо иргэдээ хөгжүүлж, боловсролд онцгойлон анхаармаар байна. Тэгэхээр нийгмийн сэтгэл зүйг судлаач бид үнэлбэл их л сул үнэлгээ тавина. Үүнийг өөрчлөх нэг гарц нь бидний хийгээд байгаа иргэдийг соён гэгээрүүлэх ажил юм шүү дээ.

-Тэгвэл нийгмийн стресс бухимдал эцсийн дүндээ ямар үр дүнд хүргэх вэ?

-Энэ чигээрээ төрийн нэгдсэн бодлогогүй, эмх цэгцгүй, зарчимгүй байгаад л байх юм бол дээр ярьсан эрүүл бус нийгмээ байгуулаад иргэд нь харанхуй бүдүүлэг, арчаагүй, сул дорой болж мөхөлд хүрнэ. Манайхан хэт ашгийн төлөө яваад байгаа нь энэ шүү дээ. Бидний өвөг дээдсийн эрхэм чанар алдагдаж, улс орноо тонон дээрэмдээд, ард иргэдээ үгүйрүүлэн хоосруулаад байгаа нь эмгэнэл. Энэ бүхнээс залхаж байгаа олон залуус минь сайн сайхан нийгмээ байгуулна гэдэг ойлголтоо умартаад харь орон руу боолын хөдөлмөр хийгээд ч хамаагүй амьдаръя гээд явж байна. Тэднийг буруутгах арга алга.

-Энэ байдлаас хэрхэн сэргийлэх вэ?

-Бид хувь хүний хөгжил, эрүүл мэндийн хөгжил, бие бялдрын хөгжил, нийгмийн хөгжил, улс төрийн хөгжил гээд маш олон хөгжил яриад л байгаа. Гэхдээ энэ бүхэнд өнөөдөр ухамсрын хөгжил яригдахгүй байгааг та бүхэн анзаарч байгаа байх. Ухамсрын хөгжил гэсэн сургалт байна уу. Алсын хараатай, нийгмийн сайн сайхныхаа төлөө ажиллаж байгаа олон залуус байна. Эдгээрийг дэмжих төрийн цэгцтэй бодлого үнэхээр үгүйлэгдэж байна. Хүний ухамсар сайжрах тусам алсын хараа сайжирч, цэгцтэй бодож тунгааж, өөрийгөө болон бусдыг үнэлж, хөгжинө, сэтгэнэ, төлөвлөнө. Ийм л иргэдийг бий болгох нь бидний зорилго. Энэ бүхнийг өөрчлөхийн төлөө манай Боловсрол сэтгэл судлалын академи төгсөгчдөөсөө бүрдсэн нийгмийн сэтгэл судлаачдын холбоог өнгөрсөн хавар байгуулсан. Мөн 21 аймагт салбар холбоогоо байгуулан ажиллаж байна. Иргэдийн ухамсар сэргэсэн цагт л амьдралын чанар өөрчлөгдөнө.

-Нийгмийг бухимдал, стресстэй байлгах нь улстөрчид, улс төрийн намд ашигтай байдаг уу?

-Энэ чинь бидний доройтлыг батлаад байна. Энэ олон намууд чинь хүмүүсийн хэрэгцээн дээр нь тоглолт хийгээд байгааг харж байгаа биз дээ. Тиймээс улстөрчид, намууд ч мөн улс орноо манлайлъя, удирдъя гэж л байгаа бол өөрсдөө нийгмийн сэтгэл судлаачаар мэргэшин суралцаж, сэтгэлгээний өөрчлөлт хийх хэрэгтэй. Манай академийн уриа болон биднийг урагш тэмүүлэхэд ташуур болж байдаг их эзэн Чингэс хааны хэлсэн үг байдаг. Тэр бол “Улсаа аваръя гэвэл үндсээ авар, Үндсээ аваръя гэвэл сэтгэлийг нь авар” гэсэн үг. Энэ үгийн мөн чанарыг төрд суусан түшээд минь ойлгон ухамсарлах хэрэгтэй. Манай нийгмийн ирээдүйг гэрэл гэгээтэй болгоход хүн бүрийн хичээл зүтгэл, шударга байх, хүндэтгэл, хайр, найдвартай байдал зэрэг олон зан чанар хэрэг болно гэж бодож байна.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Эрчим хүчний шинэчлэл хийнэ гэж ард түмнээ хуурчихалгүй цааш нь гүйцээнэ биз дээ” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы баасан  гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт  УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Т.Доржхандтай эрчим хүчний шинэчлэлтэй холбоотой асуудлаар ярилцлаа. Тэрбээр “Популистуудын үгэнд итгэн, хоосон хайранд хууртаж 34 жил явсныхаа горыг өнөөдөр бид нийтээрээ амсаж байна”Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн

Нийгмийн сэтгэл судлаач Н.Оюундалай “Хүмүүс сэтгэлгээний хэт их доройтолд орсон учраас нийгэм бухимдалтай байна” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Эрчим хүчний шинэчлэл хийнэ гэж ард түмнээ хуурчихалгүй цааш нь гүйцээнэ биз дээ” хэмээн өгүүллээ.

Цагдаагийн дэд хурандаа Б.Өсөхбаяр “Цахим залилагчдын
амлаад байгаа шиг амархан мөнгө олох арга хаана ч байхгүй” хэмээв.

Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор М.Саруул-Эрдэнэтэй ярилцлаа.Тэрээр Төрийн Департаментын Гадаад харилцааны дээд сургуулийн багш, Конгрессын номын сангийн Монгол номыг хариуцсан ажилтан, Монгол соёлын төвийн тэргүүн, “Өдрийн сонин”-ы Вашингтон дахь албан ёсны сурвалжлагч юм.

Зохиолч Ц.Ууганбаяр “Зохиолчийн гол ажил бол өрнөж байгаа үйл явцыг уншигчдад ойлгомжтой үгээр тайлбарлах эв дүй юм” гэв.

ДЭЛХИЙН МЭДЭЭ: “Хог” гэдэг үг дахиад шуугиан тарив

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Тунгалаг тамир”


 

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы  баасан гаригийн дугаараас уншаарай.

 

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

 

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

 

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

 

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

 

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

 

 

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ