Categories
xурдан-морь мэдээ нийгэм

Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьдын уралдааныг хойшлууллаа

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хязаалан насны хурдан морины уралдаан хуваарь ёсоор өнөөдөр 07:00-11:00 цагт болох байсан юм.

Гэвч Хүй 7 худагт бороо ихтэй, уралдааны зам шавхайтай учир хүүхдийн аюулгүй байдлыг харгалзан хязаалан морьдын уралдааныг хойшлуулсан байна.

Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооны гишүүд шийдвэр гаргаад эргэж мэдэгдэнэ гэв.

Categories
xурдан-морь мэдээ нийгэм

Бүсийн морин уралдааны тов гаржээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар улсын хэмжээнд зохиогдох морин уралдааны бүсийн наадмын товыг баталжээ. Энэ жил бүсийн найман уралдаан болох бөгөөд ирэх тавдугаар сард Төвийн бүсийн уралдаанаар эхэлж, бусад уралдаан долдугаар сард зохион байгуулагдахаар болжээ.

БҮСИЙН УРАЛДААНЫ ТОВ:

  • Төвийн бүсийн уралдаан. Улаанбаатар хот – 2019.05.12
  • Төвийн бүсийн зуны уралдаан. Говьсүмбэр аймаг – 2019.07.28-29
  • Хангайн бүсийн зуны уралдаан. Хөвсгөл аймаг – 2019.07.28-29
  • Баруун бүсийн зуны уралдаан. Баян-Өлгий аймаг – 2019.07.28-29
  • Зүүн бүсийн уралдаан. Дорнод аймаг – 2019.07.28-29
  • Говийн бүсийн уралдаан. Өмнөговь аймаг – 2019.07.28-29
  • Монголын уяачдын баяр. Шигшмэл хурдан морьдын “Их хурд-8” уралдаан. Улаанбаатар хот – 2019.07.20-21
  • Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн мэлмий гийсний 280 жилийн үйн зуны бүсийн уралдаан. Баянхонгор аймаг – 2019.07.28-29
Categories
xурдан-морь мэдээ нийтлэл

Бөмбөгөр ногоон театрт үзвэр үзээд тарж буй жороо морьтонгууд

(1930-ААД ОН)

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ЖОРОО МОРИН СПОРТ

Гадаадын аливаа спорт, морин уралдаан нь эрх бүхий патент, цэгцтэй дүрэм журамтай байснаараа, төр засгийн спортыг дэмжих бодлого болон орчин үеийн дэвшилтэт технологт тулгуурлан олон нийтэд сурталчлагдан тогтворжихын хэрээр бүсийн хэмжээнээс улс, тив олон улсад нэр хүндтэй уралдаан болтлоо хөгжсөн байдаг. Монголын үндэсний жороо морин спортыг цаашид хөгжүүлэхдээ дээрх зарчмыг үндэслэл болгоно.

Зорилго

Даяарчлалын өнөө үед бидэнд үндэсний морин спортоо гэсэн өргөн цар хүрээтэй бодлого, зохион байгуулалтын шинэлэг санаа, хөрөнгө оруулалтыг шийдэхээс гадна монгол жороо морио хойч үе, хүүхэд залуучууддаа өвлүүлэн тэдэнд энэ тэнгэрлэг хүлгээрээ бахархан хайрлах ухамсрыг суулгах нь нэн чухал юм. Шинээр үүсгэн тогтноход тулгарч болзошгүй бэрхшээлийг бид туулан цаашид шинэ техник технологоор тоноглогдсон морин тойруулгын байгууламж байгуулах нь улс орны хөгжил болон өнөөгийн спортын үсрэнгүй хөгжил дэвшил, гадаадын морины олон байгууллага, холбоодын харилцааны түвшин зэрэгт нийцүүлэн зорилгоо болгож байна.


Монголын үндэсний жороо морин спортын “Ногоон тойруулга“ төсөл Байршил: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг “Монгол наадам цогцолбор”

Сургалт

Монголын үндэсний жороо морин спортын жороо сургалтын 90% нь тал хөндийд 5-9 км, 10-15 км зайд тарлан хурд суулгаж ахиулан жорооллуулах байнгын сургалт, 10% нь ипподромын орчинд дасгах, монгол жороо морины гарааны хурд болон уран жороог шалгах торгон агшин байх болно.

Холбооны журам, хөтөлбөрт бий.


ЖОРОО МОРИН УРАЛДААНЫ ЖУРАМ

Саадын төрөл:

Унаач тамирчин, морь хоёр ганцаарчилсан үзүүлбэрээр батлагдсан саадуудыг жороо явдлаа алдахгүй богино хугацаанд туулах үүрэгтэй. Саадын тоо 4 байна.

ҮҮНД: 1. Усан саад

2. Элсэн саад

3. Мод сүлжих

4. Өөд уруу

Жороо морины хурд, уран явдал шалгаруулах тойруулга замын стандарт 450 метрийн хурд шалгах тойрог

Хурд шалгах төрөл:

Орон нутаг бүсээс сорилд тэнцсэн жороо морьдийг сугалаагаар А, B, C хэсэгт хуваарилан 5, 5-аар зэрэг уралдуулж хэсэг бүрээс шалгарсан эхний хоёр морийг дахин уралдуулж алдаагүй богино хугацаанд барианд орсон зэргээр шалгаруулна.


СААДЫН ТАЙЛБАР:

• Монгол жороо морины гайхалтай уран налах, алдаагүй хөдөлгөөнийг сорих бол гэрийн буйрын хэмжээг тойруул. /Сайн жороогоор энэ хэмжээний тойргийг тойроход унаачийн дотор талын дөрөө өндөрхөн өвсийг шүргэх хэмжээний налдаг гэсэн яриа бий/

• Бяртайг нь шалгая гэвэл өөд газар, говьд бол сул элсэн дээр жороолуулна. /Бяд муутайхан жороо явдал алдан бүдчинэ/

• Жороогийн дээд тэгш хурд гүн биш тогтоол ус туулахад мэдрэгдэнэ. /Мөн морины зоримог шинж шалгагдаж, сургасан унаачийн чадварыг эндээс харж болно/

• Хөлдөө гэм согоггүй чанга гишгэгдэлийг нарийн хайрган дээр жороолуулж сорих /Туурайн цацалтыг харахад урамтай, үнэлгээ өгч болох/ зэрэг нь жороог сориход баримтлагдах ерөнхий зарчим болно.

• Унаач нь суудлаа солихгүй, жолоогоо сөхөхгүйгээр тухайн морийг жороо алдуулалгүй уран налах чадварыг нь тусгайлан байршуулсан модыг сүлжиж шалгана.


21 аймаг, аж ахуйн нэгжид лецензийн гэрээгээр эзэмшүүлэх морин спортын байгууламжийн макет

Монголын үндэсний жороо морин спортын холбооны дүрэмд зааснаар саадтай болон хурд шалгах гэсэн хоёр төрлөөр жороо морины уралдааныг зохион явуулна. Тухайн хоёр төрөлд оролцох эрх олгох тойргийн шалгуурыг “шилэгдмэл сорил” гэнэ. Сорилыг итгэмжлэгдсэн шүүгч батлагдсан талбайд аймаг орон нутаг, бүсийн хэмжээнд зохион байгуулж жороо морин спортын уралдаанд тэнцэх болон оролцох эрх олгоно.

Тойрог болон саадтай уралдааныг хөгжүүлэх спортын мэргэжлийн дээд удирдлага нь “Үндэсний зөвлөл” байна. Үндэсний зөвлөл нь спортын дүрэм, стандартыг батлуулах, шийдвэр гаргах эрх бүхий үүрэгтэй.

СТАНДАРТ ОРЧИН

СТАНДАРТ ЭМЭЭЛ

СТАНДАРТ УНААЧ


Эртний монгол эмээлийн онцлог:

Эртний монголчуудын хэрэглэж байсан уужим суудал бүхий эмээл нь хойд бүүрэг харалдаа унаачийн гол хүндийн жин нь төвлөрөх тул морины жороолох хөдөлгөөн, холын аянд мундаа, хааг нь дарах асуудал үгүй мөн унаж яваа хүнд тохиромжтой байсан нь нотлогдсон.

Олон улсын морин спортын дүрэмд зааснаар тухайн спортод ашиглах морины бие галбир, гүйцэтгэх дасгал хөдөлгөөнд тохирсон стандарт эмээл, тоноглол хэрэглэхийг онцолсон байдаг. Монголын үндэсний жороо морин спорт энэ зарчимд тулгуурлан стандарт эмээлийн загварыг баталлаа.

Морьтон Гоо энтертайнментын дэргэдэx Залуу Жороо клуб нь жороо морь сонирxогчдын уулзаx газар байx болно. Залуус сонирxлоороо нэгдэн xоорондоо туршлага солилцоxоос гадна жороо морь унаж үзэx xүсэлтэй xүмүүст зориулсан xөтөлбөр, амралтын өдрийн арга xэмжээнүүдийг зоxион байгуулж тэдэнд xэрxэн жороо морьтой xарьцаx, унаx талаар зааж зөвлөx болно.

ЖОРОО МОРИН СПОРТЫН МЭРГЭЖЛИЙН УНААЧ ТАМИРЧИН М.БАЯРМАА

Сэлэнгэ аймгийн Хараа нутгийн уугуул эмэгтэй. Бизнесийн удирдлага мэргэжлээр төгсөөд одоо хувиараа бизнес эрхлээд явж байна. Манайх өөрсдийн адуутай байсан болохоор хүүхэд байхаасаа л морь унадаг, моринд хорхойтой байсан. Мөн манайх удмаараа морь уядаг айл. Аавын маань ах Монголын Улсын алдарт уяач, аймгийн хурц арслан Д.Болд гэж хүн байсан. Харин аав маань аймгийн алдарч уяач Д.Мижиддорж гэдэг. Уяач удамтай хэдий ч би багадаа биерхүү охин байсан учраас хурдны морь унах боломж надад байгаагүй. Гэхдээ бас хоосонгүй, хурдан морьдын сунгаанд морь унчихдаг охин байлаа.

Би монгол ахуй, өв соёл, уламжлалаа энэ хэвээр нь авч үлдэхийн төлөө өөрөөсөө шалтгаалах бага ч гэсэн зүйлийг хийхийг эрмэлздэг эмэгтэй. Монголчууд бидний талаас илүү хувь нь нийслэл хотод суурьшиж байна.

Эдгээр хүмүүсийн хүүхдүүд монгол ахуйгаас хол хөндий өсч торнин, улмаар хөдөөгийн амьдралыг тэр бүр сайн мэдэхгүй байна. Зарим нь бүр хурга, ишгээ ч ялгахгүй эмгэнэлтэй дүр төрхтэй байна. Үүнд миний сэтгэл үргэлж эмзэглэж явдаг. Тиймээс монгол эмэгтэй, эх хүний үүднээс монгол ахуй амьдралаа хадгалан үлдэхийн төлөө өөрийнхөө чадлаар хичээж явна. Энэ маань юу вэ гэхээр би монгол ахуй амьдралынхаа гэрэл зургуудыг сонирхолоороо авдаг. Гэрэл зураг гэдэг маш олон зүйлийг өгүүлж байдгаас гадна хүнд хүрэхдээ амархан.

Categories
xурдан-морь мэдээ нийтлэл

Тойргийн болон байгалийн саадтай уралдааны хөгжил

Тэнхээт хүлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би:

Тэлмэн жороо морины шанхны үзүүрийн чичиргээнд

Тэнгэрийн салхинаас бусдыг дээрээ гаргаж үзээгүй

Тэнэгэр говийн сүрэг онгон хулангийн нуруунд

Тэнхээт хүлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би

/Төрийн шагналт яруу найрагч Бэгзийн Явуухулан/


Анхны жороо морины тойргийн уралдааны нээлтийн үеэр Гандантэгчилэн хийдийн хамба асан Х.Гаадан үйл ажлыг дэмжиж, ном хурсан. Яармагийн дэнж.1996 он

1996.07.13 УЛСЫН БАЯР НААДМЫН ЖОРОО МОРИНЫ УРАЛДААН

Сүүлийн жилүүдэд алдаг оног, цөөхөн тооны морьд ор нэр төдий уралдах болсон жороо морины уралдааныг чанаржуулж, өргөн хүрээтэй болгох зорилгоор Монгол жороо морь нийгэмлэг уралдааныг зохион байгууллаа.

Нийт 21 жороо морь уралдсанаас:

1. Улаанбаатар хот “Бат трейд” компани Цэвээнжавын хүрэн халзан /Увсын Тэсийн Баяд омог/

2. Сэлэнгэ. Баруун-Хараагийн Ган Эрдэнийн хар /Төв Батсүмбэр гаралтай/

3. Төв Батсүмбэр сум Г.Даваагийн хөх бор /Увс. Тэс сум/

4. Төв. Баянцогт Аръяадагвын хээр /Нутгийн унаган/

5. Завхан. Цагаан хайрхан сум Дамдиндоржийн шар халтар /Нутгийн унаган/ зэрэг морь айрагдаж, уран жороогоор Төв. Аргалант хорооны

Ч.Баасанхүүгийн халиун /22настай/ морь шалгарсан байна.

1999.07.13 “ЖОРОО МОРЬ” 100 ЖИЛ УРАЛДААН


Тус уралдааныг Зоригт захиралтай “Женералимпекс” компани ивээн тэтгэсэн.

Хурдан жороод:

1. УБ. Баттрейд компани Цэвээнжавийн зээрд халзан /2 дахь удаагаа/

2. Сэлэнгэ Зүүн-Хараа Хүрэлбаатарын хар алаг

Уран жороод:

УБ хот Баянзүрх Жамбалын хээр, Есөнцацалт ХХКомпани Нагваанжамцын хээр халзан тус тус шалгарсан.

Төрийн баяр наадамд жороо морь уралдаж эхэлснээс даруй зуун жил /1899-1999/ болжээ. Үндэсний баяр наадмын 78 жилийн ойн 7-р сарын 13-ны уяачдын баяраар тус баяр наадмын комисс, Монгол жороо морь нийгэмлэг хамтран “Жороо морь 100 жил” уралдааныг зохион байгуулахад, нийт 32 жороо морь уралдаж наадмчин олноо баясгав. Уралдааныг зохион байгуулагчид, шүүгчид зөвшин хурдан жороо болон уран жороог тус бүр шалгаруулан бүх морьдыг дурсамж, хадгаар байлжээ.

2001.07.13 ЖОРОО МОРИНЫ УРАЛДААН

Түрүүлж айрагдсан морьдын шагнал гардуулах үеэр.

2000.07.13 АРДЫН ХУВЬСГАЛЫН 79 ЖИЛИЙН ОЙ, ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ЖОРОО МОРИНЫ УРАЛДААН


Тус уралдааныг уяачдын баярын өдөр “Их Монгол Жокей” клуб, “Монгол жороо морь нийгэмлэг” хамтран зохион байгуулсан байна. Нийт 28 жороо морьд 10 км-т, 2 км-ын тойргыг 5 удаа тойрч уралдсанаас уяач “Мон-тэд” ХХК-ийн Ц.Ганболдын хар морь магнайлж алт, “Жуулчин говь” ХХК-ийн захирал Ц.Баатарсайханы хээр морь удаалж мөнгө, Сэлэнгэ аймаг Сампилын сартай хээр морь 3-т ирж хүрэл, Улаанбаатар хот “Дөргөн” компанийн захирал Цагаанцоожийн хул морь 4-т ирж мөнгөн шагнал, дурсгалын зүйлс хүртэж, уран жороогоор Ч.Баасанхүүгийн цавьдар, “ХМТ” компанийн захирал Д.Хишигжаргалын хар морь шалгарчээ.

2001.07.13 ЖОРОО МОРИНЫ УРАЛДААН


2001 ОН “МОНТЭД” ХХК-ЫН ЗАХИРАЛ Ц.ГАНБОЛДЫН ХАР МОРЬ ТҮРҮҮЛЭВ.


2002.07.13 ЖОРОО МОРИНЫ УРАЛДААН МОНГОЛ ЖОРОО МОРЬ


2009 ОН ҮНДЭСНИЙ БАЯР НААДМЫН НЭЭЛТЭНД ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД 21 ЖОРОО МОРЬТОН ОРОЛЦЛОО



АНУ-ын иргэн мэргэжлийн унаач Кори, нутгийн монгол жороо морины судалгаа хийв. 2009 ОН 2010 ОНАзийн жороо хүлэг морин спортын холбооны анхдугаар зөвлөгөөнийг нээж Биеийн Тамир Спортын Хорооны дэд дарга Д.Сүрэнхорлоо үг хэлэв. /Улаанбаатар хот/ 2008 ОН Азийн жороо хүлэг морин спортын холбооны тэргүүн Д.Эрдэнэхуяг, тэргүүлэгч гишүүн Монтед ХХК-ийн захирал Ц.Ганболд нарын жороо морин спортыг санаачилсан, жороо морин уралдааны олон түрүү авсан зэрэг монгол морийг хөгжүүлэх зүтгэлийг нь үнэлж, Монголын үндэсний морин уралдааны холбооноос Манлай хүлэгч цол тэмдэгээр шагналаа.

Биеийн Тамир Спортын Хорооны дарга Ч.Наранбаатар АНУ-ын Кентаги мужийн Морин тойруулгын албаны хүмүүсийг хүлээн авч уулзаж санал бодлоо солилцов. /Улаанбаатар хот/ 2007 ОН

2012.07.13 ЖОРОО МОРИНЫ УРАЛДААНААС


2012.07.13 ЖОРОО МОРИНЫ УРАЛДААНААС


2012.08 ОРДОСЫН ИХ НААДАМ МОНГОЛ ТУУРГАТНЫ ИХ НААДАМ ӨМӨЗО-НЫ ОРДОС ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотноо зохиогдсон “Ордос-2” олон улсын наадамд Монгол улсын баг тамирчид спортын 10 төрөлд багийн Биеийн тамир, спортын албаны ахлах мэргэжилтэн Х.Отгонбаатараар ахлуулсан 126 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцоод ирлээ. Уг наадамд 36 улс, БНХАУ-ын 10 гаруй мужийн тамирчид өрсөлдсөн юм.

ОРДОСЫН ИХ НААДАММОНГОЛ ТУУРГАТНЫ ИХ НААДАМ ӨМӨЗО-НЫ ОРДОС ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Өвөрмонголын аймаг, хошуудаас цугласан жороо морьд

ОРДОСЫН ИХ НААДАМ МОНГОЛ ТУУРГАТНЫ ИХ НААДАМ ӨМӨЗО-НЫ ОРДОС ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Өвөрмонголын аймаг, хошуудаас цугласан жороо морьд

МОНГОЛ ЖОРОО МОРЬ 2014.09.10 ҮНДЭСНИЙ СПОРТЫН V ИХ НААДАМ

2014.09.10 ҮНДЭСНИЙ СПОРТЫН V ИХ НААДАМ

Үндэсний спортын V их наадмын жороо морины тойргийн сорилго

уралдаанд 21 аймгаас уригдаж ирсэн шилдэг жороо

МОНГОЛ ЖОРОО МОРЬ 2013 ОН ХОРЧИН ХОШУУН ДАХЬ УУЛЗАЛТ

2014.09 БҮГД НАЙРАМДАХ КИРГИЗ УЛСАД БОЛСОНДЭЛХИЙН НҮҮДЭЛЧДИЙН ИХ НААДАМ

2013.09.11-14 ШИЛМЭЛ МАЛЫН ҮЗЭСГЭЛЭН

2015.07.12 ӨВӨРМОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ ХОРЧИН АЙМАГ ЖОРОО МОРИНЫ ОЛОН УЛСЫН УРАЛДААН

2015.08.08 ДАНШИГ НААДАМ-ХҮРЭЭ ЦАМ


“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд иргэд, жуулчдад зориулсан Монголын уламжлалт соёл, зан заншил, шашин соёлын наадам болох “Хүрээ цам, даншиг наадам” өндөр гэгээний соёлын арга хэмжээг “Монгол Наадам Цогцолбор”-ын Хүй долоон худагт амжилттай зохион байгуулагдлаа. “Бат-Оршил өргөх ёслол буюу Даншиг наадмыг анх 1640 онд Их, Бага Монгол уул, Монгол элсний Ширээт цагаан нуур хэмээх газар Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг Монголын шашны тэргүүн анхдугаар богд Жавзундамба хутагтын ширээнд өргөмжилсний баярт зориулан хийснээр Даншигийн түүх эхэлсэн гэдэг. Даншиг наадам бол тухайн үеийн нийгэм, улс төрийн нөхцөл байдлаас үүдэн шашны тэргүүн Богдод урт наслаж, удаан жаргахыг билэгдэн ерөөл өргөдөг нэгэн төрлийн шашны зан үйлийн цогц үйл ажиллагаа байсан байна.

МОНГОЛ ЖОРОО МОРЬ 2015.08.08 ДАНШИГ НААДАМ-ХҮРЭЭ ЦАМ 2015.08.08 ДАНШИГ НААДАМ-ХҮРЭЭ ЦАМ

ЭМЭЭЛ ДЭЭР УРГАСАН ЦЭЦЭГ

Хүй долооны мандал дээр хоёр нар ургаж

Хүний зүрхний толион дээр чиний гэрэл тусав уу

Хүсэл, хяслаа нуусан эрчүүд чам руу хуйларч

Хөх тэнгэрийн наран чамтай хөөцөлдөж тоглов уу

Хүүхнүүд харин атаархаж ширэв татан гунхалзаваа

Хөлгийн манлай буянууд жороо явдлаар уралдваа

Наадмын ногоон дэвжээнд жороо морьд бүжиглэж

Хуурын монгол аялгуунд ороо хөлгүүд ижилдвээ

Намба төрхөө гайхуулж цэцгэн хээ үелзүүлэн

Найрын дугараа марттал үзэсгэлэн гоогоо бишрүүлвээ.

Мянган цэцэгсийн дундаас чи дэлбээлж ургаваа

Монгол газрын наадам чив чимээгүй чагнаваа

Хурсан түмний уухайд хурмаст тэнгэр баясан

Хурдан жороо мориороо уяач бүхэн бахархаж

Халхын цуутай хөлгүүд нэгэн уяанд ижилдэхэд

Мялхын өргөн тал гийнгоо аялан өндөлзөвөө

Жороо морины зоон дээр хүн цэцэг ургаваа

Долоон худгийн хөндийд өдрийн од тогловоо

Хонин жороо морины холбоо уран гишгээнд

Хотол олон түмний зол баярын мишээлд

Билгийн мэлмий мялааж хайрын цэцэг ургаваа

Билгүүн их номчийн үлэмжийн чанар уянгалваа

Дээлтэй монгол бүсгүй лусын дагина шиг үзэгдвээ

Даншиг наадамчдын сэтгэл усны ундарга шиг цалгилаваа

Явдал ижил морьдын арван алдын жороогоор

Яруу эгшигт хуурын хос чавхдасны аясаар

Янаг дассан залуусын сэм тохирсон болзоогоор

Ягаахан дээлтэй бүсгүйн сэтгэл гижигдсэн дүрээр

Энэ жилийн наадам дүүрэн байгаад өндөрлөвөө

Эмээл дээр ургасан цэцэг ирмэж дохиод одовоо.

Categories
xурдан-морь мэдээ нийтлэл

Жороо морины түүхэн товчоо


ЖОРОО МОРИНЫ ТҮҮХЭН ТОВЧООН


Ховд аймгийн Булган сумын хил залгаа Хар-Шаар буюу Карашар нутаг болох БНХАУ-ын Шинжан уйгарын өөртөө засах орны Хотаны хөндийгөөс МЭ VII-VIII зууны үеийн бүтээл болох монгол галбир бүхий жороолж буй цоохор морьтой, доод талд нь тэшиж буй тэмээтэй тахилгын ханын зураг олдсон. Уг бүтээлийг жороо морины дүрслэл бүхий эртний бүтээлүүдийн нэг гэж болох юм. Харин өнөө хэр нь Ховд аймгийн Булган сум болон Шинжан Уйгур нь жороо морьдоороо алдартай байсаар байна.

1271 онд Хятад газар эзэн суусан Монголын хаад Вьетнамын вант улсыг эзэлсний дараа тусгай элчийг Бирм-д /одоогийн Мьянмар/ илгээж, тус орныг их хааны эзэмшилд нэгдэхийг шаардсан гэдэг. Гэвч Бирмийн ван Паратахапате биелүүлэхээс татгалзахаар барахгүй Монголын Их хааны элчийг цаазалсан байна. Харин 1277 онд Юнаны /одоогийн Хятадын Юун Нань муж/ амбан 700 морьт цэргийн хамтаар Бирм-д халдан довтлов. Бирмүүд тэдний өөдөөс хэдэн арав дахин хүч давуу 40-50 мянган явган цэрэг, 10 мянган морьт цэрэг, 800 гаруй байлдааны заан хөлөглөв. Монголчуудын морьд нүсэр том заанд үл ойртож чадах аж. Иймд Монголчууд маш гавшгайлан зайлж холоос харвах бөгөөд дайсны сум үл хүрэх газар Монголчуудын сум тэдний хуяг дуулгыг нэвт харвах билээ. Холын энэ харваа нь зааныг онох нь ашигтай болж шархадсан заанууд хүний өөрийн гэлтгүй дайралдсан бүхнээ хаман дайрч байв.

Монголчуудын морьд хурд нь үл цуцах цэргийн байлдах чадвар маневр сайн, зугтаж явахдаа эргэн харвах нь маш оновчтой, алдаж харвах нь үгүй. Монголчууд дайсныхаа зааны ийм тусламжтайгаар хүч тэнцвэргүй дайнд ялж, Хуту жанжин шархадсан учраас гурав дахь өдрөө гэдрэгээ эргэжээ. Тэр жилээ Монголчууд Бирмд дахин 3840 цэрэгтэй очиж хэд хэдэн цайзыг эзлээд халуунд тэсэлгүй ахин Хятад уруу эргэж ирсэн байна.

Бирмчүүд ихэс дээдэс нь тухлан унадаг, явдал зөөлөн /заан жороо гишгэдэлтэй учир явдал зөөлөн байдаг/ бодь амьтан болох заанаа дайнд ашигласан хэдий ч ялагдал хүлээсэн. Харин нүүдэлчид Ихэс дээдэс жанжиддаа жороо явдалт морийг нь эмээллэж өгсөн нь учиртай юм. Чухам жороо морийг ямар онцгой тохиолдолд унаж байсан тухай түүхэн мэдээ сурвалж, сонирхолтой баримтаас цаашид өгүүлэх болно.

Жороо морины гүйдэл дээрээс сум тавьж байсан мэргэн харваачийн унааг өнөөгийн Монголчууд Үндэсний жороо морин спорт хэмээн дэлхийн “Оюуны өмч”-д бүртгүүллээ.

1. Хэнтий ханы Хөдөө арал дахь Их Монголын хааны ордыг чиглэн дөрвөн зүг, найман зовхисоос үхэр тэрэгтэй гэр орд, тэмээн хөсөг цувж талын язгууртнууд яарсан хэдий ч баяр ёслолын байдалтайгаар урьдаар товлосон горимын дагуу маш цэгцтэй хүрээлэн буух ажээ. Тэд зарлиг ёсоор Их Хуралдайд цуглаж буй нь энэ билээ.

Зарим эрдэмтэд Их Хуралдайг өнөөгийн парламентийн өвөг төрх гэж тодорхойлжээ. Хуралдайгаар шинэ хааныг өргөмжлөн залах, дайн тулалдааны асуудал зэрэг төр улсын хэмжээний томоохон хэргийг зөвлөддөг байжээ. Хэн ч атугай Хуралдайг алгасан хаан болох хууль зүйн болон зан суртахууны үндэслэл байхгүй байсанд Хуралдайн ач холбогдол орших аж.

Ийм Монгол маягийн парламентийн түшмэдийн унаа болох жороо морьдын тоо тэр цагт 1000 хүрч байсныг Чанчунбумба зүгээр нэг тэмдэглэсэнгүй. Эрхэмсэг энэ хүлгийг гол төлөв Хуралдайд оролцох эрхтэй хаад, түшмэд, жанжид унаж байсанд утга нь оршино /академич Ч.Далай хувийн тэмдэглэлээс/.

2. Монголчууд морины хурд, нумын тэлэлтээр бүгдийг шийдэж байсангүй. Тайван замаар дагуулан авах нь Монголчуудад чухал зорилт байлаа. Жанжин байх, цэрэг байхаасаа юугаараа хэцүү билээ. Цэрэг бол дайснаа алж чадна, олзолж ч болно. Харин жанжин бол ямагт өршөөгч байх ёстой. Чингисийн жанжид үүнийг л баримтлах билээ. 1215 онд Алтан улсын умард нийслэлийг эзлэхийн төлөө тулалдаанд Хятадын цэрэг ялагдаж, хот руугаа зугтан ороод, таг түгжин суухад Мухулай жанжин хотыг удаан хугацаагаар бүслэн хааж, ятган ухуулж зөөлнөөр буулган авах арга хэрэглэжээ.

Хот хүнсгүй болж цэргийн жанжнууд нь хоорондоо уймж, бие биенээ алж, цэргүүд нь байлдах сэтгэлгүй болж сүүлдээ эсэргүүцэлгүйгээр хотоо найр тавин өгч Монголд дагаар оржээ. Мухулайгийн ятган буулгах энэхүү дагууллаас гадна Чингис хааны үед Зэв, Сүбэдэй нар дундаж Азийг зэвсэг хөдөлгөхгүйгээр, Хувилай хааны үед Баян, Ачу, Алчихай нар Дорнод Хятадад хүн ам, хот балгадыг нь үй түмээр нь дагаар оруулж явсан нь дэлхийн түүхэнд ижилгүй үзэгдэл хэмээгджээ. Үүнээс үзэхэд дагаар орох нөхцөл бүрдэхэд тэд догшин омоглон морьдоороо тэр чигээр нь гишгэлэн ороогүй нь илхэн. Тэд бас хөл алдан үймээн самуун бүр үзэхгүй харин ямар ч цагт хэзээ ч болзошгүй аюулаас сэрэмжлэн хамгаалах түрүүч цэргээ оньслон байршуулж хаад жанжид нь сүлд тугаа мандуулан хур дэлтэй жороо морио унаж, жагсан орсон тухай “тэд нэн сүртэй бөгөөд урт дэлтэй морьд нь хүртэл жигд алхдаг” зэргээр түүхэнд тэмдэглэгджээ. Хятадын ханз бичигт “жороо морь”-ийг “зоү ма” буюу алхдаг морь гэж бичдэг бөгөөд энэ нь орчуулбал хүний “явах” хөдөлгөөнийг илэрхийлнэ.

3. Хувилай хаан тэргүүтэй Монгол ноёд жанжид нар далайн зам дамжлага цэргийн хувьд өнөөгийн үзэсгэлэнт Чэ-жү арлыг юуны өмнө сонгон авч Япон руу довтлох газрын түшиц газар болгон ашиглаж байлаа. Чэ-жү арал нэгэнт Монгол цэргийн түшиц болсон онцгой район байсан болохоор тэнд цэргийнхэн, тэдний гэр бүл, хамаатан садан гэх мэт цөөнгүй Монголчууд суурьшин амьдарч байжээ. Корёгийн түүхэнд тэмдэглэснээр Самбёлчо хэмээх салан тусгаарлагчдыг 1373 онд бут цохиход оролцсон Монгол цэргүүдээс 500-г нь Чэ-жү аралд Корёгийн вангийн хүсэлтээр үлдээсэн байна.

Тэд Япон руу хийсэн довтолгоонд оролцсон бөгөөд довтолгооноос буцаж ирсэн цэргүүдийн 1400-г Чэ-жүд үлдээж ер нь нийт 2000-аад цэрэг үлдсэн гэсэн тоо байдаг байна. Үүнээс гадна Юан гүрэн мөхөх үед Мин улс Юаны хаад ноёдын удмын 80 гаруй өрхийг 1374 онд уг аралд цөлжээ. Нэг өрхийг бараа бологсодтой нь 4-5 хүн гэж тооцоход 320-500 орчим хүн болохоос гадна Юаны үед ордон сүм бариулах, агт хариулах хүмүүсийг аваачиж байсныг нэмж болно. Чэ-жү аралд цэргийн агтны зориулалтаар монгол адуу хариулах, өсгөн үржүүлэх ажил эрхэлж байсан монголтой шууд холбоотой, эдүгээ зөвхөн Чэ-жү аралд байгаа жижиг биетэй адуу бол тэр үеийн монгол адууны удам мөн болохыг судлаачид нэгэнтээ нотолсон байна. Гэтэл Солонгосын бусад нутагт тийм адуу байдаггүй байна. Анх 1276 онд 260 адуу аваачсанаас хойш хэдэн жил болоод дахин адуу, мөн хонь, үхэр, ямаа аваачиж мал аж ахуй эрхэлжээ. Нэгэнт Монголчууд удаан хугацаагаар суурьшиж байсан болохоор хэлний хамаарлын асуудал бас холбогдох нь тодорхой.

XIII-XIY үед Монгол хэлнээс Солонгос хэлэнд орсон үгсийн нилээд нь Чэж ү арлынхны хэлэнд байна. Ялангуяа адууны өнгө зүс, адууг уналга тээвэрт хэрэглэхтэй холбогдсон эд хэрэглэлийн холбогдолтой үгс цөөнгүй байгааг эрдэмтэд тайлбарлажээ. Чэ-жү аралд Монголоос очсон адуу сүргээрээ жороо биш юмаа гэхэд эдгээр адууны дээд сор нь жороо морь байсан нь лавтай. Чэжү арлынхан одоо болтол цөөн тооны адуу маллаж байх бөгөөд жороо морийг мартаагүйгээр барахгүй, тэдгээр адуугаа “Jora mari” гэж эртний Монгол аялгаар нь тун эвлэгхэн нэрлэж заншжээ.

XIII зуунд Че-Жү аралд аваачсан Монгол адууны удам “Жора мари”

4. “Богдын жороо” гэдэг хүн Богд Живзундамба хутагтын дэргэд гүйх албанд зүтгэж байжээ. Богдын жороо нь их Богд эзнийг хаана залран явна, тэр газрын замд эзэн хааны заларч яваа жууз тэрэгний өмнө шогшин жороолж гүйж явна.

Үнэн чанартаа Богдыг нэг талаар зугаацуулж яваа боловч нөгөө талаар хүн ардыг цугларуулан сонирхуулж улмаар Богд эзний зүгт сүсэглэн бишрүүлж байх гэсэн бодлого байсан гэдэг.

Богдын жороо, гүйх болгондоо хөнгөн маягийн шаахай, богино ханцуйтай цамц өмссөн байх нь шашины баяр ёслолын үед хааяа үзэгддэг байжээ. Ихэнхдээ хөл нүцгэн дээлийнхээ хормойг шууж гүйн явдаг байсан гэж ярилцдаг. Тэр үед Богд эзнийг ордноос залран явах замд Хүрээний ардууд Богдын жороог үзэх гэж олноор цуглардаг байжээ.

Богдын жороог нэг биш удаа үзэж сонирхсон настангуудын ярилцахыг сонсвол: Автономит үед билээ. Их эзэн Богд Хайстын ордноос /одоогийн голын музей/ Шар орд /одоогийн 6 дугаар артель буюу пионерийн орд/ хүртэл өдөртөө тогтмол хоёр удаа заларч очиход гүйдэг байсан юм гэдэг. Тэр үед Хайстын ордноос эзэн Богдын залрах үед гурван удаа бууны дуу гарч шар дарцаг барьсан жороо морьтой лам хүн морио жороолуулсаар гарч ирэхэд түүний хойноос үсэнд нь буурал сууж, нүдэнд нь гархи цагригласан цэгцгэр туранхай биетэй, оготор богино дээлтэй, дээлийн хормойноос жижиг хонхнууд, хадаг самбай унжиж хийссэн, өвгөн “Богдын жороо” гэдэг хурдан гүйгч, адуу мэт янцгаан, бусгасаар булгиулж тэвхцэн хөдөлгөөн хийж, жууз тэрэгний өмнө жирэлзүүлсээр гарч ирдэгсэн гэж настангууд өрөвдөн хайрлаж ярьдаг билээ. Энэ хүн 50 гаруй настай амьдралын ихэнх насыг ингэж өнгөрөөсөн Засагт хаан аймгийн /одоогийн Завхан аймгийн/ суурин жасааны Лосол гэдэг хүн юм байна. Лосол Засагт хаан аймагт, явган гүйгч, аймгийн зарлагын албанаа зүтгэж байгаад Богдын тааллаар Хүрээнд ирж Богдын албанд зүтгэсээр “Богдын жороо” гэдэг энэхүү нэр алдрыг олсон хүн байжээ.

5. Монгол улсын гавъяат зүтгэлтэн Жамцын Бадраа агсны Монгол улсын алдарт гавъяат дуучин Ж.Дорждагватай хийсэн монголын уртын дууны түүх судалгаа, ярианы соронзон бичлэгийг хөгжмийн зохиолч төрийн соёрхолт Жанцанноров эмхэтгэн “Их дуучны яриа” ном болгон нийтийн хүртээл болгожээ. Энэ номонд 18-р зууны сүүл үеийн монгол наадмын өнгө болон сайхан жороо морины тухай харилцан ярианаас товчлол хийвээс: Бандихүү гэдэг хүний өгүүлснээр долоон хошуу наадамд яваад ирсэн хүнээс юу үзвээ гэж асуухад бөх, хурдан мориноос гадна наадам дээр гурван сонин үзлээ.

Нэг гоё хүн, нэг жороо морь, нэг сүрхий дууч үзлээ гэж. Говь мэргэн ноёны алтан хээр морины жороолох нь нэг сонин, энэ нь долоон хошуу наадам дээр их л сайн жороо морь байсан юм шиг байна. Хоёр дахь нь товжийн Гочоо гэж нэг их гоёдог хүн аж. Баян хүн болохоор морь эргэх бүрд л нэг дээл өмсөөд гайхуулсан байлгүй.

Гуравдахь нь Чогдонгийн дуулах нь нэг сонин гэнэ. Олноо алдаршсан нэр нь Чогдон хундагалагч гэх бөгөөд халх даяар алдартай хүн ирж дуулжээ. Энэ гурвуулаа одоогийн Дорноговь аймгийнх байдаг нь гайхалтай. Ялангуяа Чогдон хундагалагч Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт төрсөн хүн ажээ. Харин алтан хээр морины тухай бол гайхалтай жороо, бодвол тэр өвөрлөгчөөс авсан морь байсан биз. Энэ өвөр монголын жороо морь гэдэг чинь жигтэйхэн юм байдгийм шдээ. Манай энд бол тийм жороо морь байдаггүй юм. Ганзага өвдөг дээгүүр тохдог жороонууд чинь өвөр монголоос л ирдэг. Эсвэл мэргэн гүний адуунаас тийм жороо гарсан юм уу, магадгүй өвөр монгол ойрхон болохоор тэндээс авсан байж болох тухай өгүүлжээ.

6. Партизан Б.Аюушжавын дуртгалд “Санж гүн, Хатанбаатарын цэрэгт хошуунаас 100 морь, аминаас 20 морь тусалсан, Улаангомын хүрээг хамгаалуулахаар Хатанбаатар 50 цэрэг дагуулан очиход лам нар бүрээ үлээж, сан тавьж угтав. Хурлын сангаас, жороо цэнхэр бор морь, хүрэн ат хоёроор Хатанбаатарт бэлэг барьсныг би хөтөлж ирсэн юм гэжээ.

Хатанбаатар Магсаржав олон удаагийн дайн тулалдаан бүхий дайчин амьдралдаа шар хээр, хээр халзан, толин сартай ухаа цавьдар, орос үүдрийн зээрд томск, өндөр улаан, жороо цэнхэр бор, цайвар хүрэн, цагаан бор, цагаан, хар зүсний олон сайхан морьдыг эдэлж явсан гэдэг.

7. Жанжин Сүхбаатарт ард иргэдээс өгсөн морьдын тухай түүний хөтөч нарын дурссанаар 5 морийг илүү хайрлаж, чухал ажил албанд сэлгэн унадаг байсныг тодруулбал:

1. Харуулын занги Дамдинсүрэнгийн ухаа хонгор

2. Ш. Өвгөнхүүгийн цайвар амтай халтар

3. Данзан ламын улаан буурал

4. Сургуультай шарга морь

5. Баяр гүнээс авсан дэлтэй “жороо хүрэн морь” аж

Харуул занги Дамдинсүрэн гэдэг нь Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуу, доогийн Булган аймгийн хүн. Богд хаант улсын үед Эрдэнэ вангийн хошууны Хяраан харуулын занги байжээ.

1921 онд Сүхбаатар зүүн харуулуудаас ардын журамт цэрэг элсүүлэхэд идэвхитэй оролцож явсан. С.Дамдинсүрэнгийн дурдатгалд өгүүлснээс:Пунцагийн дурдсан 7 хүний нэг нь болох Сүхбаатар гэгч хүн, үл таних нэгэн буриадын хамт тахиа жилийн (1921 он) хаврын эхэн сарын аравдаар миний гэрт гэнэт ирж надтай мэндэлсний дараа улс төр, олон түмний төлөөнөөс амь биеийг хайргүй хүнд чухал хэргээр яваа зэргийг дурдан хэлж Дамдинсүрэн миний биеийг чавганц Бадрахын хамт дагуулан мордон Хяраан харуулаас Уялга хүртлэх дөрвөн харуулаас тус бүр эр цэрэг 20-г уналгын хамт татан элсүүлж тухайлсан хэрэг явдлаа анх үүсгэх зэргээс эхлээд мөн Сүхбаатар өчүүхэн надаас дайн байлдааны цагт чухал хэрэг болоход унах гэж ухаа хонгор зүсмийн тарган сайн морь нэг, бас Холбоот улсын эрх барьсан их Ленинд улс, төрийн өмнөөс бэлэг болгон өгөх гэж сайн жороо явдалтай хул зүсмийн морь нэгийг авсан билээ гэжээ.

8. Хурдан морьдыг уралдааны замд бүтэн /алаг биш/ зүсмийн удган хатиртай эсвэл жороо морь унасан жанжин малгай, үндэсний хувцастай хүн төрийн далбаа бүхий туг барин асрыг гурав тойрч гаргаж өгдөг нь уламжлал юм.

9. Халхын Зая Бандида хутагтын YI дүр Жамбацэрэн жороо сайвар моринд дуртай хүн ажээ. Тэрээр 20-иод оны дундуур Цэцэрлэгмандал уулын аймгийн Эрдэнэбулган хошууны засаг дарга Жамьянсүрэнгийнд намар цагаар зочлохдоо гэрийн эзний хэдэн сайхан морийг унаж үзээд арилжаа, сайвар гурван хулыг нь ихэд таалж аль нэгий нь наймаалахыг хүсчээ. Хошуу дарга залуу сайвар морио өргөн барихад Хутагт гүнээ талархаад өөрийн унаж явсан хатиртай галбир сайт хурдан бор морийг хариу барьжээ.

Хожим тэр бор мориор чоно хөөхөд гүйцэж байсан гэдэг. Зуугийн сор залах шашин номын их мөргөлийн баяр жил бүрийн зуны сүүл сарын хорин есөнд болдог байж. Зая гэгээн 1927 оны Эрдэнэзуугийн сорд оролцож, мөргөл үйлдээд гэргий улаан Долгорсүрэнгийн хамт ижил жороо хээр морь унан солонгорох үйтэн хуар дээлтэй явжээ. Энэ нь түүний сүүлчийн уулзалт байсан агаад, Зая гэгээн 1930 онд хилсээр цаазлагдсан байдаг.

10. Өвөрхангай аймгийн Баруун БаянУлаан сумын ах дүү Г.Сайннямбуу, Г.Жанчивсэнгээ нар 1943 онд фронтод хоёр удаа морь өгчээ. Зун нь 42 морь өгсний дотор зүс нийлсэн 12 цоохор морь бэлэглэж, өвөл нь 40 морь өгөхдөө сумын наадамд түрүүлж байсан жороо зээрд морио оруулсан байна.

11. Жараад оны үед, одоогийн Улсын циркийн хойд замаар сайвар хээр морийг тэргэнд хөллөсөн явахыг хараад, хотод нүүж ирээд удаагүй байгаа Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул “Хөлийхний” Д.Лхамзав гуай явж очин:

-Ийм сайхан амьтныг тэргэнд эдэлдэг яасан Монголоо алдсан хүн бэ? Гэх зэргээр морины эзэнтэй маргалдан муудалцсаны эцэст эвлэрч Лхамзав гуай сайвар хээр морийг 300 төгрөгөөр худалдан авч, нутгийн хүнээр Онгон сум руугаа явуулж байжээ. Энэ нь зөвхөн морины наймаа хэдий ч малаа танин эдэлж чаддаг малчин Монгол хүний сэтгэл шингэсэн нэгэн түүх юм.

12. Ардын Хувьсгалын 77 жилийн ойн Баяр наадмаар “Төв цэнгэлдэх” нээлтийн ёслолд Монгол жороо морь нийгэмлэгийн санаачилгаар арав гаруй жороо морьтонг тойрог замаар явуулахад наадамчин олон ихэд баясан талархаж байлаа.

Categories
xурдан-морь мэдээ нийтлэл

Монгол жороо морины уралдааны түүхэн сурвалж

Агсранхан дугдранхан зүтгүүлэнхэн

Алтан жигүүр ургууланхан

Агаар цалгим тэмүүлэнхэн

Амгай цацалан тэнүүлэнхэн

/Агсалын ай дуунаас…/


… Жороо сайвар хийгээд хатир явдалтай

Элдэв зүйлийн өнгө бүрдсэн

Очирдарь Богд гэгээний хүлэг бүхий мэнд үү?

Зарлигаар өргөмжилсөн шашиныг мандуулагч

Амьтныг жаргуулагч Живзундамба хутагтын

Гэгээнтний хүлгийн сор, бадарсан батмөнх,

Түвшин шашин төрийн бэлэг

Эрхэм үнэн ариун тодорхуйяа мандсан нэн уужим

Чин хотлоор тогтсон төв төрийн түмэн өлзий бүрдсэн

Элдвийн энх жаргалант энх их баярын наадмын өмнө

Эрднийн их жороо явдлаар эрхмийн цогийг бадруулан

Чандманийн сорыг оргилуулсаар сонин бадраад ирэгч

Онц жавхлант түмэн эх, түмэн баяр цогцолсон

Гайхамшигт эрдэнэт хүлэг ээ…

ДАНШИГИЙН ЖОРОО МОРИНЫ ЦУВАА

Монголчууд жороо морийг хэрхэн эдэлж байсныг нь судлах аваас эрийн цээнд хүрсэн том хүн болон бүр Ихэс дээдэс хаад ноёд, хатад эхнэрүүд, лам гэгээнтэн гэх зэрэг хүндтэй хүмүүс унаж эдлэн, уралдуулан шалгаруулахдаа жороо морины талаар бусдаас илүү мэдлэгтэй, нэг ёсны жороо морийг унах тусгай эрдэм төгс хүмүүс унаж байсан гэж болно. Монгол төрийн баяр наадамд их нас, соёолон, хязаалан морь уралдуулдаг байснаа, анхлан 8-р Богд гэгээнтний тааллаар Бадаргуулт төрийн 25-р он буюу 1899 онд азарга, жороо морь зэргийг нэмж уралдуулах болжээ.

Тэрбээр Халх дөрвөн аймаг, Живзундамба хутагтын шавь таван газарт наадмын зардал болон уралдах хурдан морьд, жороо морьдыг хувиарлан оногдуулж Даншиг наадамд ирүүлдэг байна.

Энэ үед уралдах жороо морьдын тоо 200 болон түүнээс давж байжээ. Анхлан 1899 он буюу Бадаргуулт төрийн 25 дугаар оны Даншигт нийт 201 жороо хүлэг уралдууснаас 67-г барьж байжээ.

1. Их сүргийн цагаан хүлэг

2. Мөн сүргийн бор хүлэг

3. Мөн сүргийн бор хүлэг

4. Сайн ноёны Дайчин бэйлийн цагаан

5. Их сүргийн бор хүлэг

6. Сайд цэцэн хантны цагаан бор

7. Их сүргийн хээр

8. Ихсүргийн хонгор хүлэг

9. Их сүргийн бор

10. Их сүргийн хээр

11. 12.Сэцэн хантны 2 саарал морь оржээ.

1900 он буюу Бадаргуулт төрийн 26 дугаар онд 214 морь уралдаж 73-ыг байлснаас:

1. Хүлэгний цагаан

2. Хүлэгний бор

3. Хүлэгний цагаан

4. Хүлэгний бор

5. Дээрхийн шавийн тойн хамбан хээр

6. Ёнзон хамбын цагаан саарал

7. Түшээт Хан аймгийн жанжин Хэвэй чин вангийн зээрд

8. Хүлэгний халиун

9. Хүлэгний хүрэн

10. Хүлэгний бор

11. Хүлэгний хөх бор

12. Хүлэгний хонгор…гэх мэт

1901 он буюу Бадаргуулт төрийн хорин долдугаар оны даншиг

1. Хүлэгний цагаан

2. Хүлэгний бор

3. Шавь зайсан Жамбалдоржийн хул

4. Хүлэгний хонгор

5. Хүлэгний цагаан

6. Сэцэн ханы гүн Дашцэрэнгийн хонгор

7. Хүлэгний цагаан

8. Хүлэгний бор

1904 он буюу Бадаргуулт төрийн гучдугаар оны зуны сүүл сард, Халх бүхнээр Очирдар Богд гэгээнтнээ 37 сүүдэр зэрэгцэхийн их баярт даншиг өргөөд гурван зүйлийн наадам хийж, жороо морь, азарга ба гурван насны морь уралдсан тухай дурьджээ.

1. Цагаандар ноёнтны зээрд

2. Хүлэгний бэлбэсэн хээр

3. Мөн бор

4. Мөн бор

5. Сэцэн хан аймгийн Дайчин гүний цагаан саарал

6. Мэргэн Номун ханы хээр

7. Цагаандар ноёнтны бор

8. Хүлэгний бор

9. Мөн хул

10. Мөн халиун

Энэ мэтчилэн дараа жилүүдэд мөн л 200 гаруй жороо морьд уралдаж байснаас эхний 10-д Их сүргийн морьд магнайлан Түшээт хан аймгийн Жанжин вангийн бор мөн Түшээт гүний хээр, Сэцэн хан аймгийн гүн Тунгалагийн улаан, Цэцэн вангийн хээр зэрэг морьд бичигдсэн байдаг.


“Шилэн форд”-той уралдаж буй Хүрээний жороо морьтой эрхэмүүд

АРДЫН ХУВЬСГАЛЫН ОЙН БАЯР НААДМЫН УРАЛДААНЫ ЦУВАА



1977 оны улсын баяр наадмын жороо морины уралдаан:

1. УБ хот Налайх Хөхөөгийн хээр

2. Гачууртын САА-н Бэгзийн жижиг шарга

3. УБ хот Партизаны САА-н Гомбодоржийн залуу хүрэн морь

4. Дундговь Дэрэн сум Цэрэнхүүгийн сартай хар

5. Төв аймаг Баянсум Норолхоожавын алаг

БҮСИЙН ДАНШИГ БОЛОН АЙМГИЙН ЖОРОО МОРНЫ УРАЛДААНЫ ТОЙМООС…

-1966 оны 9-р сарын 15-нд Баянхонгор аймгийн Заг сум Заг голын хөвөөнд аймгын М.Х.З.Эвлэлийн хороо, биеийн тамирын нийгэмлэгийн зөвлөл санаачлан хурдан морь, жороо болон хатирч морины уралдаан зохиосон байна. Жороод заг сумын Л.Бэгзийн хул 15км-н зайг 10 минут 50 секундэт туулан түрүүлсэн байна.

-Баруун бүсийн “Сар Хайрханы” морин эрдэнийн Баторшил /Даншиг/ наадам Энэ наадам 1995 оны гахай жилийн 8-р сард хуучин Засагт хан аймгийн царааг хамарч Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг Сар Хайрханд болжээ.

Жороо морины уралдаанд:

1. Увсын Тэс сумын Батхуягийн улаан бор

2. Ховдын Жаргалант сумын Батмөнхийн хээр

3. Завханы Тэс сумын Жукбаатарын хар

4. Увсын Баруунтуруун сумын Цэдэвийн хар

5. Говь-Алтай Тонхил сумын Ш. Буянтогтохын бор

Тодруулга:

Морин эрдэнийн энэ наадамд 126 бөх барилдаж азарга 162, их нас 612, соёолон 254, хязаалан 165, шүдлэн 181, даага 160, жороо морь 50 орчим уралдсан юм.

– “Адууны хишиг, өлзий дэлгэр морин эрдэнийн бат оршил” их наадам Монголын баруун бүс буюу хуучин Засагт хан аймгийн хамруулан явуулсан энэхүү их наадам 1997 оны 8-р сарын 1-3-нд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумнаа болов.

Үүнд: 4 аймаг, 42 сумын 2038 шандаст хурдан хүлэг, мөн жороо морь уралдаж, шилдэг 192 бөх, 20-д харваач оролцсоны гадна Хонгор толгойд шагайн тойром, Тайгамд “Амьд гал” сэдэвт яруу найргийн баяр, шилмэл азарга, гүү шалгаруулах уралдаан үзэсгэлэн худалдаа, “Сайхан морьтон хос” шалгаруулах тэмцээн явагдсан байна.

68 жороо морь уралдсанаас:

– Баянхонгор аймаг Баян-Өндөр сум Б.Шагайн хээр

– Говь-Алтай аймаг Чандмань сум Н.Мижиддоржийн хүрэн

– Мөн аймаг Тонхил сум П.Шижээгийн хонгор халзан

– Мөн аймаг Дэлгэр сум Б.Лхажавын хээр

– Баянхонгор аймаг Баянцагаан сум Д.Баттөрийн алаг айрагджээ.

Сайхан хос морьтон шалгаруулахдаа, монгол морины үзэмж шинжийг тодруулж эдлэл хэрэглэлийн зохицлыг харгалзсан байна.

Үүнд:

1. Цоохор морьтой хос. Баянхонгор аймаг Баянцагаан сумын Түмэндэлгэр Аланзул

2. “Хонгор халзан жороо морьтой хос” Говь Алтай аймаг Тонхил сумын Ганхуяг, Улаанаа /энэ жороо морьд/

3. Баянхонгор аймаг Хүрээ марал сумын Алтан-Эрдэнэ, Чагнаадорж нарын “хос” халиун зүсмийн морьд шалгарчээ.

Шилмэл азаргаар:

1. Завхан аймгийн Сантмаргац сум Баасанжавийн хүрэн

2. Говь-Алтай аймаг Жаргалан сум Батбаатарын жороо бор

3. Мөн аймаг Чандмана сум А.Цогзолын халтар оржээ.

Ламын гэгээний даншиг наадам

– 1999 онд болж жороо морины уралдаанд Баянхонгор Богд сумын Ч.Цэдэндоржийн хонгор түрүүлжээ.

Хөвсгөл аймаг

– 1945 онд Мөрөн сум Жамъянсүрэнгийн жороо улаан манлайлжээ.1951 онд Хатгал сум Далхаагийн хар хээр магнайлж Бүрэн сум Самбуугийн саарал удаалжээ.

– 1953 онд Эрдэнэбулган сум Раднаагийн хонгор магнайлсан /Дээр өгүүлсэн түмэн төгрөгний хонгор морь мөн/

– 1956 онд Тариалан сумын Ядамсүрэнгийн саарал магнайлсан

– 1958 онд Шинэ Идэр сум Содномпилийн жороо бор магнайлсан

– 1961 онд Бүрэнхаан сум Дэндэвийн цагаан саарал магнайлсан

– 1962 онд Мөрөн сум Ж.Баадайн хүрэн морь магнайлж Бүрэнхаан сум Дэндэвийн цагаан саарал удаалжээ

– 1963 онд Төмөрбулаг сум Сосорын жороо цагаан магнайлсан

– 1991 онд Тариалан сум Б.Ганбаярын жороо хонгор магнайлжээ.

Categories
xурдан-морь мэдээ нийтлэл

Нутаг нутгийн алдартай жороо хүлгүүд

Жороо хээрээ унах ийм бол

Жолоо татах дургүй

Зодог шуудгаа өмсөх юм бол

Газар хүрэх дургүй

/Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав/

ЛАМЫН ГЭГЭЭНИЙ ЖОРОО ХАР

Эрдэнэ Бандид Хутагт буюу Ламын гэгээний шавь нутгийн /одоогийн Баянхонгор аймгийнБаянговь, Баянлиг сумын нутаг/ Хөх-сум хэмээх “шилийн сайн эр” нутгийн баян Гомбоос унаа гуйх үедээ би Ховд, арван Баядаас адуу тууж ирнэ, аян даахаар дөмөгхөн унаа хайрлаач гэжээ. Гомбо тамхи нэрэн нилээд бодолхийлж сууснаа адууны хүнээ дуудан “Хонины загал”-ыг бариад өг гэжээ.Тэр даруй Хөх-сум ч мөнөөх загалыг унаад нутгаас гарахад, эхний хоёр өдөр шогшиж цогихоос хэтрэхгүй байснаа гуравдахь өдрөөс хазаар даран ам булаалдаж эхэлжээ. Хэлсэн ёсоор Хөх-сум Ховдын хязгаар нутаг хавиас гуч орчим морьд голдуу шигшмэл адууг шөнө нь хөөн, өдөр нь бүгсээр нутгийн захад ирээд адуугаа услаад мордох үед морьдны дунд туугдсан жороо боос гүүнээс эр хар унага төрж тэнцэн жороолоход, морьд ч түр хүч сэлбээ биз. Жороо хар унага ийнхүү чавхарсан морьдтой цуг нутгийн гүн рүү зуу гаруй километр туугдан, аргагүй эцсэн гэдэг. Хөх-сум ч тэр хар унаганы тухай баян Гомбод өгүүлээд, муу адуу гарахгүй сайн морь болгож аваарай гэсэн аж. Энэ цагаас хойш Ламын гэгээний хар морины тухай хошуу дамжин яригдах болжээ. Жил бүр болдог Майдар дом хэмээх шашины баяраар Баянзүрх уулын Хөшөөтийн хөндийд арав орчим км газар, нутгийн ардууд дөмөгхөн морьдоо унаж очин уралдуулдаг уламжлалтай. Энэ уралдаанд бусад морьд давхилын хурдаар уралдахад, хар морь жороогоороо хол тасархай ирдэг байжээ. Нэгэн удаагийн уралдаанд жороо харын ард ойрхон сүүл даран хонгор зүсмийн морь ирэхэд, хүмүүс …энэ морь, хар морьтой өрсөлдсөн яасан хурдан морь вэ? гэж сураглаваас үхэрчин залуугийн ганц морь байсан бөгөөд морины хорхойтнууд хонгор моринд үнэ хаяж байсан гэдэг. Хар морь ийм л эгэлгүй хүлэг аж. Тэрбээр хар морийг Богд Жавзандамба хутагтад өргөх тухай яригдахад, Ламын гэгээний нэгэн томоохон мяндагтан лам зүс нь хар юм гэж арга зааж, төлөөнд нь бор зүсмийн есөн жороо адууг Дээрхийн гэгээнтэнд хүргүүлж байсан гэнэ. Хожим нь хар морь болон Гомбо гуай мөнх бусийг үзэж, түүний өргөмөл ганц хүү “Хөлмөн” Цэрэнгив эцгийн хөрөнгийг хоёр ч удаа хураалган бусдын жишгээр цөөхөн хэдэн малтай амьдарч байсан тухай тэмдэглэж авснаа нэгдлийн дарга олон жил хийсэн С.Банди гуай дурсаж билээ.

ЖОРОО ХАЛТАР АЗАРГА

Засагт Хан аймгийн дайчин вангийн хошуу, одоогийн ГовьАлтай аймгийн Цээл сумын Тайж Данаажавын адуунаас, энэ зууны арваад оны орчим хавар хулжсан хээр, хул зүсмийн хоёр байдас хойтон жил нь хулангийн азаргатай бэлчиж байхыг анчид харсан гэдэг. Ийм мэдээ сонссон Данаажав нутгийн залуусыг дайчлан хөөцөлдөн байж хоёр байдсыг бугуйлдан барихад хээр байдас нь унагалах дөхсөн байж. Хулангийн азарга хэд хэдэн шөнө эргэлдэж байгаад буу тавьснаас хойш үзэгдэхээ больжээ. Хоёр байдсыг тогтоохын тулд аргамжихад дасахгүй савж унан байсан аж. Удалгүй хээр байдаснаас халтар зүсмийн эр унага төржээ.

Халтар унага томрох тусмаа явдал орж, сулдаа жороолдог азарга болжээ. Түүний онцлог шинж гэвэл дэл сүүл шингэн, цээж мундаа өндөр, их биерхүү цэвэрхэн, үргэлж салхи сөрж уулын орой харж зогсдог байсан гэнэ. Халтар азарга нас нийлэх үедээ нутгийн алдартай жороо морьдыг гаргалгүй жороолдгоороо алдаршиж байжээ. Тэрээр маш цөөхөн тооны гүү хураадаг, морь хасдаггүй агаад Данаажав гуайд гараар баригддаг байв. Хожим тэрбээр Данаажав тайжийг орсон буурны дайралтаас хөлийн хурдаар авч гарч, амийг нь аварсан гэнэ.

ӨӨД УРУУГҮЙ ЖОРОО УЛААН

Хотгойдууд хурдан болон жороо морьдоороо алдартай билээ. Тэр дундаа Бүрэнтогтох сумынхан алдарт “ногоон” мориноос эхлээд олон хүлгийн тухай домог хууч хүүрнэдэг юм. Одоогоос олон жилийн өмнө Хасаа захирагчийн “жороо улаан” гэж зартай хүлэг байжээ. Тэр морь өөд, уруугүй жороолдог байсан гэлцдэг. Нэг удаа Хасаа гуай Их Уулын овоо тайх ёслолд оролцохоор уулын бэлээс мөнгөн хазаар, хударга шаагиулан наадамчин олны дэргэдүүр жороо улаанаараа жороолуулсаар орой дээрх овооны дэргэд хүрсэн гэлцэнэ.

Уулын бэлээс орой дээрх овоонд морь жороолоод хүрэх нь байтугай шогшоод гарахад бэрх юм. Гэтэл ийм эгэлгүй усан тэлмэн жороо морь байсан нь гайхамшигтай. Нутгийнхан түүнийг олон тэмээт Хасаа захирагч гэж ярилцдаг байжээ. Тэднийх зуслан булагт буугаад тэмээгээрээ гэрээ тойруулсан байхад, гэр нь харагддаггүй байжээ.

ӨЛЗИЙ ТАЙЖИЙН ШАРГА

Өнгөрсөн зууны эхэн үед Засагт Хан аймгийн Засаг хааны хошуунд /Одоогийн Говь-Алтай аймгийн халиун Баян сум/ нутаг усандаа хүндтэй олон сайхан адуутай Өлзий- Баяр тайж гэж байжээ. Тайжийн адуунаас жороо шарга морь нутаг орчиндоо жороогоороо ихэд шагшигдсан бие том, согоо чихтэй, галбир сайхантай адуу юмсанжээ. Энэ үед шаргыг худалдаа эрхэлдэг Даашинхүүгийн пүүсийн данжаад хошуу ноёдтой хуйвалдан Өлзий тайжид төлбөр ноогдуулан, төлөөсөнд нь жороо шарга морийг нь тулгасанд тайж өврөө уудлан даалингаасаа үлэмж мөнгөн зоос гаргаж чулуудаад “шунахай илжгэнд өгч тамлуулснаас Хар азарганы нурууны долоон хөх чононд өгсөн нь дээр” гэж хэлээд жороолуулж одсон гэдэг. Хойтон жил нь домогт хар азарганы нуруун дахь Чингисийн морины туурайн мөр, уяаны чулуу бүхий газарт Өлзий гуай жороо шаргыг нутгийн өнөө цуут долоон чоно барьж идсэнийг үзэхдээ тайж гуай огт харамсаагүй гэдэг.

XIX зууны сүүлч, XX зууны эхээр аймаг, хошууны наадамд хэд хэд түрүүлсэн жороо шаргадаа Өлзийбаяр тайж сайхан мөнгөн хазаар хийлгэсэн нь хүндээс гадна том учир жороо шаргын удмынхнаас бусад хүлэгт таардаггүй байсан аж. Өлзий тайжийн хүү Батжаргал мөн сайхан жороо морьдтойгоос гадна сайн харваач учир дайчин мэргэн цол хүртэж, жороо шаргын минь удам тасраагүй шүү хэмээн гоё эмээл хазаартай сайхан хүлгээр холбилзуулж явдаг байсан ажээ.

ТҮМТИЙН ХОНГОР

Үндэсний спортын V их наадамд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Г.Болор-Эрдэний ягаан морь амжилттай оролцсон.

Дөчөөд оны эхэн үед Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын бийлэгжүү Раднаа гэгч зүүн сумдаас жороо хонгор морийг нэг түмэн төгрөгөөр үнэлж авснаас үүдэн олноо “түмтийн хонгор” хэмээн алдаршжээ. Сумын наадмын жороо морины уралдаан бүрийн түрүүг авдаг хонгор морины хурдыг сорихоор нутгийн залуус хуйвалдан, жороо биш ч наадамд хөнгөрүүлсэн дөмөгхөн морьтой нэгэн эрийг жороо морины уралдаанд сэм шургуулахад, тун удалгүй хонгор морь тэр морьтонтой жороо явдлаараа уралдан түрүүлэхүйд настангууд шургалагч залууг зэмлэн буруутгаж, хонгор морийг бүгд шагшин магтаж байжээ. Хожим 1953 оны аймгийн наадмын жороо морины уралдаанд “түмтийн хонгор” түрүүлсэн баримт бий. Мөн гучаад оны үед Дүүрэгч вангийн Буган халиун гэдэг алдартай жороо морь байсан тухай сонсож байснаа уг нутгийн уугуул Ардын хувьсгалын 77 жилийн ойгоор улсын наадамд их насны шарга морь нь айрагдаж байсан Төваймаг Батсүмбэр сумын харьяат уяач Дашням гуай хуучилж билээ. Мөн Хөвсгөл аймгаас 1945 оны улсын наадмын жороо морины уралдаанд Шинэ-идэр сумын Мөнхийн Дэндэвийн бор морь айрагдаж байсан байна. Хотонтын жижиг Дүгэржавын зээрд Архангай аймгийн Хотонт сумын жижиг хэмээх Дүгэржав гуай солио наймаатай, жороо морь их сонирхдог хүн байлаа. Тэрээр Эрдэнэзуугийн цам дээр сор залан жороо морь уралдуулахад Дүгэржав гуайн “луу” хэмээх хээр морь олон түрүүлжээ. Түүний хээр морь хондлой дээрээ отго мэт үстэй, өндөр морь байсан гэдэг. Луу хээрийн дараа залгаж зээрд морь нь алдаршсан аж. Зээрд морь үймээний жил буюу 1932 онд Ноёныхны угшлын арилжаа хатиртай хул гүүнээс төрсөн нутгийн унаган адуу юм. Мээрэн Сэрээтэрийн Чимиддоржоос Дүгэржав гуайн дүү Гиваа авч хожим нь Дүгэржав гуай дүүгээсээ худалдан авсан байна. Зээрд морь аймгийн наадамд Бат-Өлзийн халиуны дараа аман хүзүүдэж сумандаа хэд хэдэн удаа түрүүлж 1948 он, 1950 оны улсын баяр наадмын жороо морины уралдаанд 2 ч удаа түрүүлсэн гайхалтай сайн жороо байжээ. Улсын наадамд уралдаад ирсэн жил нь атаархсан этгээд зээрд морины ясан сүүлийг гартал нь тайрч хорлоход Дүгэржав гуай өтгөн сүүлтэй зээрд гүү төхөөрөөд сүүлийг нь халуун чигээр нь зээрд моринд залган суулгасан гэдэг. Уг морь нь бие жижиг бага зэрэг бөгтрөгтэй, 4 хөл бахим өтгөн дэл сүүлтэй гэх агаад 20 гаруй наслаад үхэхэд нь шүдийг нь үзэхэд “дор зах” байжээ. Энэ нутагт цуутай жороо морьд олонтойгоос 1900-аад оны эхэн үед Чимэддэлэг бээсийн “цэхэр бөндгөр” гэдэг хар саарал зүсмийн зартай жороо морь байсан ажээ. Дүгэржавын зээрдийн уралдаж байсан үед баян Тожилсүрэнгийн саарал, Тогтохын халтар зээрд, Тогоохүүгийн хар, энэ хар морины дүү “улсын начин” Чойндонсүрэнгийн хар морьд жороогоороо алдартай байжээ. 1950-аад оны үед Батцэнгэл сумын “ногоон” Очирбатын мөлүү чихтэй хүрэн, мөн сумын Баавайн цавьдир зээрд, Их тамир сумын улсын начин “халзан” Баасанхүүгийн хар морь (хожим нь Баянхонгор аймгийн Галуут сумын “есөн хуруу” Пүрэвсүрэнд зарсан) зэрэг сайн жороод байжээ.

“НУДАРГА” ГОМБОДОРЖИЙН ХҮРЭН

Өнгөрсөн зууны 70-аад оны сүүлч, 80-аад оны эхээр биднийг хурдан морь унаж байсан үед Яармагийн хурдан морины талбайгаар жороо хүрэн морь унаж соёмбо бүхий туг барьсан тавь эргэм насны эр Гомбодорж гуай “гийнгоо” хадаасан хурдан морины хүүхдүүдийг манлайлан, асар тойрч гаргадаг байсан нь сэтгэлд тодхон үлджээ. Тэрбээр нас насны хурдан хүлгүүдийг асар тойруулан гаргаж өгчихөөд 7 сарын 13-ны уяачдын баярын өдөр жороо морины уралдаанд хүрэн морьтойгоо ирдэг байв. Улсын наадмын жороо морины уралдааны цуваанаас түүний хүрэн морь 1977, 1983 онуудад айрагдаж байсныг харж болно.

Гомбодорж гуайг хүрэн морио Зэлтэрийн САА-н Тангадын Пүрэв гэгчээс нэг “түм” гаруй төгрөгөөр авсан гэж ярилцах нь бий. Хүрэн морь тэмээн жороо явдалтай, эрлийз том адуу байлаа.

ТӨЛӨӨЛӨГЧ УРТНАСАНГИЙН ЖОРОО ХЭЭР

Хилийн цаана орших Хар Шаар нутгаас 1940-д оны үед хэсэг Торгууд ястан Ховдын Булган суманд орж ирсэн гэдэг. Тэдэн дунд нэгэн лам жороо хээр даагыг авчирч байжээ. Жороо хээр даагаа Ирүү гэдэг хүнд 1 унагатай гүү, 10 хургатай хонь, 5 ишигтэй ямаагаар зарсан гэдэг. Ирүү гуай морь сайхан унаж эдэлдэг хүн байсан. Хээр даага хөдлөхдөө л жороогоороо явдаг. Дөрвөн настай жороо хээр үрээг дотоод яамны төлөөлөгч Уртнасан хул морь, тугалтай үнээ, унагатай гүүгээр авсан гэдэг. Төлөөлөгч Уртнасангийн жороо хээр үрээ нь сүүл шингэн нарийн өндөр зээрэн шилбэтэй зэгзгэр шаргал хээр зүсмийн морь болсон байна. Дээрээ маш зөөлөн, гэхдээ жороогоороо хурдлахаараа гүйцэгдэхгүй хурдан жороо хүлэг байсан гэдэг. Унаж байсан хүмүүсийн ярих нь газар эрээлжилж дээлийн хормой дээшээ эгц босож харагддаг тийм эрчтэй жороолдог байж. Тэр хавийн жороо морины уралдаан болгонд түрүү алддаггүй байсан гэдэг. Эх орны дайны дараа төлөөлөгч Уртнасангийн бие өвдөөд найдваргүй гэхээр нь Баян-Өлгий аймгийн Буянт уруу нүүхдээ хээр морь, бор морь хоёрыг авч явжээ. Уртнасан гуайн өвдсөн тухай өгүүлэхэд нэг оргодол Хятадын нутагт баригдсан байхад нь төлөөлөгч Уртнасан очиж авчирсан гэдэг.

Түүний анкет болон урьд нь тагнуулаар явж байсан баримт Хятадын цэргийнхэнд байсан тухай хожим нутгийнхан дунд яригдах болжээ.Хятад газар гэрт орж өгсөн хоол архийг нь уусан үүнээс болж үхсэн гэдэг. Баян-өлгий уруу нүүхээс нь өмнө 24-н гэх Орос эмч эмчлээд сайн эдгээж чадаагүй байна. Уртнасан гуай Урианхай ястан бөгөөд түүний эхнэр Хумба нь тухайн үед нутагтаа сайхан бүсгүйчүүдийн нэг байсан гэдэг. Уртнасангийн дүү Төмөрбаатар нь дэлгүүрийн худалдагч хийж байх үед нь дэлгүүрт нь хулгай орж их хэмжээний өрөнд орсон байна. Би өрөнд орлоо одоо яах тухайгаа ахынхаа эхнэр Хумбад дуулгахад жороо хээр морио зар гээд маш өндөр өртгөөр зарсан гэдэг. Гэвч өрөө дарж чадалгүй Төмөрбаатар шийтгэгдэн хоёр жил болж байхад хулгайч нь баригдаж суллагдсан боловч удалгүй нас баржээ. Хээр морь Баян-Өлгийд олон түрүүлсэн ажээ. Шагнал болох цай, дайлан торгоноос Ирүү гуайн эхнэрт хүртэл өгч байсан гэдэг. Жороо хээр шиг тийм сайн жороо дахин гараагүй байна. Хумба гуай саяхан хоёр мянгаад оны эхээр ер гаруй нас сүүдэр зэрэгцсэн хөгшин байсан гэдэг.

ХОВДЫН АЙМГИЙН ЦЭЦЭГ СУМ ХОЙД ОВОГТ С.ДАШЧИМЭД

Ажлын гараагаа адуунаас эхлэж насаараа адуу, тэр тусмаа жороо адууг өсгөн унаж эдлэж яваа хүн бол Ховд аймгийн Цэцэг сумын Баян овоо багийн малчин Хойд овогт Сандагийн Дашчимэд гуай юм. Тэрээр 1971 онд цэргийн алба хааж ирээд, Цэцэг сумынхаа “Цэцэглэх” нэгдэлд 1973-1985 он хүртэл адуу маллаж, сумын сайн адуучин болж явсан байна.

2004 он

1977 оноос жороо морь сонирхож унаж эдлэн өсгөн үржүүлж уралдуулж яваа ёстой л жороо морины “мэргэжлийн” уяач хүн гэж болно. Ойр орчмын аймаг сумдаас Говь алтайн Дарви, Тонхил Ховдын Булган, Мөст сумдын жороо морь сонирхогчид маань Цэцэг сумын адуучин Дашчимэд , жороо морьт Дашчимэд гээд андахгүй мэдэж байлаа.

1990 ээд оны эхээр түүний халиун морь, шар хээр морьд нь ойр орчмын сумдын жороо морины уралдаанд олон түрүүлж айрагдаж байснаас жороо шар хээр морь сумын ой 70,80 жилээр гойд сайн түрүүлсэн байдаг. 1995 онд нутгийн хүн болох Тулгын Мигаагаас арилжаа азарга вч тавин, Булган сумын гаралтай болон өөрийн унаган гүүнүүдээ хураалгаснаар жороо угшил ер тасраагүй байна. Одоо байгаа өсгий цагаан жороо хээр, жороо халтар, алаг морьд болон жороо төл өгч байдаг гүүнүүд нь энэ л халтар азарганы угшилаас байдаг гэнэ. Олон жил жороо морьд эдлэж уралдуулж байгаагийн хувьд Дашчимэд гуай Ховд нутгийн алдартай жороо морьдыг үнэхээр андахгүй, хамт уралдаж явсан нь цөөнгүй тухай ярьж байлаа. Жороо морьдын шимтэйхэн уралдаан үзэж оролцож явсан тэрбээр бөөн жороо морьд уралдах хол замд будлиулах сайн жороо морьдыг тэлүүлэн зэрэгцэн давхиж алдуулах, бүр жороо алдахгүй бол хоёр талаас нь хавчин давхиж эцээх зэрэг хорлодог булхайг харж байснаа үнэхээр жигшин ярьж байлаа.

Хүү Д.Азбаярын охин А.Мядагаа. 2004 он

Түүний ярианд алдартай жороо морьдыг эзэн морьтой нь танин магтахаас гадна жороо морины шидийг “жороо” шалгах шинэлэг орчин, шүүлт дутмаг байгаад их санаа тавьж байгаа нь байнга давтагдаж байлаа.

Цэцэг сумын 70 жил. Жороо морины уралдаанд түрүүлж айрагдсан морьд

ТОРГУУДЫН ЖОРОО МОРЬДЫН ЗУРГИЙН ЦОМОГ

Торгууд нар морь, ялангуяа жороо морийг эрхэмлэн дээдлэж ирснийг аман зохиол, дуу хуур, бүжиг, түүх домгоос нь үзэхэд ойлгомжтой. 1600 оны дунд үе болох Торгуудын Хо өрлөг ноёны үед жороо морь уралдуулж хуримладаг байсан тухай түүхэнд бичигджээ. 1940-өөд оны үед тусгай төлөөлөгч И.Уртнасангийн хээр гэж эгэлгүй жороо морь байсан бол Ховдын Мөст сумын Хавтгайн хээр бол торгууд жороо, Ховдын Булган сумын Ч.Булган гуайн хээр морьд нь домог мэт яригдах болжээ. Ч.Булган гуай 1920-иод оноос хойшхи жороо морьдын амьд түүх болсон хүн байсан. Жороо морины Булган минж өсгөдөгөөрөө нутгийн ард олондоо хүндлэгдсэн сайхан буурал байжээ.

Монгол Улсын Алдарт уяач Ч.Булганы Жороо хээр морь аймаг, сумаас 9 алт, 3 мөнгө, 1 хүрэл медалтай. Хээр морь унасан Ж.Билгээ 2004 он.

Торгуудын угшлын адуунд 1940-өөд оны дунд үед үеэр БНХАУ-ын нутгаас авч ирсэн нь нэг биш байдаг байжээ. Мөн 1960-аад оны дундуур Говь-Алтай аймгийн Халиун, Бугат, Тонхил сумдаас 1970 оны сүүл 1980-аад оны эхээр Ховд аймгийн Мянгад, Эрдэнэбүрэн сумд болон Увс, Завхан, Баян-Өлгий, Баянхонгор аймгуудаас гүү, азарга сонгон авчирч удмын санг сайжруулсан байдаг. Тийм учраас л Торгууд угшлын адуу суман товир цогцтой, эдэлгээ унаа сайн даадаг, хүдэр хадуун биетэй бярлаг булчинлаг чийрэг байдаг байна. Энэ нь байгалийн эрс тэс уур амьсгалтай уулархаг өндөр газрын адууны нийтлэг шинж боловч өөрийн гальбир төрхөөр бусад нутгийн адуунаас ялгардаг. Өвгөдийн энэ их удамт өвийг судлан хөгжүүлэхээр зорьж яваа хүн бол Булган сумын уугуул яруу найрагч А.Жаргалсайхан гуай юм. Тэрээр Торгуудын жороо морийг эзэнтэй нь бүтээл болгон олонд таниулсан эрхэм хүн.

Яруу найрагч, Торгууд жороо судлаач А.Жаргалсайхан

Монгол жороо морины тамирыг тодорхойлсон 20 гаруй км-т том хүн унаж асга сайр, бартаатай хол замын уралдаан Ховд нутаг тэр тусмаа Булган суманд хадгалагдсаар байна.

Мөн Торгуудын гайхалтай жороодын удам үндэсний жороо морин спортын уран жороо, жороо морины гарааны хурдыг шалгах тойргийн уралдааны түүхийг бичилцэнэ гэдэгт итгэлтэй байна.

Аймаг, сумын наадмаас 5 түрүү, 4 аман хүзүү, 6 айрагдсан аймгийн алдарт уяач Х.Өлзийбаярын хул морь.

Аймаг, сум, бүсийн наадмын 9 удаагийн уран жороогийн шагнал
хүртсэн Булган сумын Баянгол багийн уяач Г.ЦэндАюушийн хонгор морь

Ш.Магсаржаваас Д.Батмөнхөд худалдсан хул морь.

Булган сумын Алагтолгой багийн аймгийн алдарт уяач Б.Шагдаржавын халиун 7 алт 8 мөнгө, 4 хүрэл медалтай.

Баянгол багийн залуу уяач Эрдэнэбаатарын жороо хээр аймаг, сум, бүсийн наадмын 2 алт, 2 мөнгө, 4 хүрэл медалтай.

2004 онд Улсын наадмын жороо морины уралдааны 3-р байрны шагналт цагаан морины эзэн Монгол улсын алдарт уяач Г.Баярсайхан.

2004 оны Улсын наадмын жороо морины уралдаанд 3-р байр эзэлсэн Булган сумын Баянгол баг, Монгол улсын алдарт уяач Г.Баярсайханы жороо цагаан морь.

Баянгол багийн аймгийн алдарт уяач Бээжингийн хээр морь

Ч.Булганы жороо алаг морь. Монгол улсын алдарт уяач Д.Янсанд худалдсан. Аймаг, бүсийн наадамд 6 түрүү, 7 айрагдсан.

Гэнсээн бор 1990 он

Г.Шилэгийн хээр морь аймаг бүсийн наадамд 7 түрүү, 6 айрагдсан 1990 он

Жумаханы бор 1990 он

2004 оны жороо морины уралдааны түрүү аймгийн алдарт уяач Д.Нансалжавын халтар, Улаанбаатар хотын Монтед компаний Ц.Ганболдын хар морь. Хүй долоон худаг

АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.НАНСАЛЖАВЫН ЖОРОО ХАЛТАР

Жороо халтар морь Д.Нансалжавт ирж олон түрүүлсэн амжилтын түүх нь түүний аав П.Доржтой яалт ч үгүй холбоотой болно. П.Дорж гуай 25 жил Ховд аймгийн Булган сумын хилийн 0130-р ангид байлдагчаас ахмад цолтой ажиллаж 1990 онд тэтгэвэрт гарах хугацаандаа цэргийн агтнаас олон хурдан морьдыг уяж айраг түрүү авч алдаршуулж байснаас Отрядын дарга асан З.Хийстийн хар, Их Жаргалантын саарал, Байтагийн заставын хурдан бор хээр, Уушгийн гэдгэр хээр зэрэг морьд тодорчээ. 1979 онд өндөр ханшаар хурдан морь авсан нь “улаан” Лхагваас халтар морь 6000 төгрөгөөр авч хойтон жил нь 1980 оны ургацын баяраар тасархай түрүүлсэн гэнэ.

Нутгийн зөвлөлийн дарга Д.Янсанжав, аймгийн алдарт уяач Д.Нансалжав, Улсын алдарт уяач Г.Баярсайхан нар

Дорж гуай өөрийн дэлсдэг халтар, хамар цагаан хээр, өндөр хар, ардаг хээр, ярдаг хээр, солонго хар гээд олон хурдан морьдоо түрүүлж айрагдуулсан иртэй сайн уяач байжээ. Харин жороо морь авсан тухай 1997 онд Булган сумын Цагаачийн Бамбай 7 настай жороо халтар морийг зарчих бодолтой “Улаан” даваагаар хөтлөн өнгөрчээ. Дорж гуай араас нь нэхэн очиж гэртээ авчирч дайлж цайлаа биз. 3 дахь өдөр нь наймаа тохирч 1,5 сая төгрөгийн мал болон бэлэн мөнгөөр халтар морийг үнэ цохиж хүү Нансалжавдаа авч өгсөн гэдэг. 1999 онд Нансалжав 380 км хол замд хөлөөр нь авч очин “Алтайн унага 99” даншиг наадмын жороо морины уралдаанд түрүүлэн “Ижпланет 5” мотоцикл, “Сони” хөгжмөөр шагнуулсан нь анхны түрүү нь байжээ. Энэ уралдаанд жороо халтар ямар ч нэмэгдэл тэжээлгүй уралдсан гэдэг. 2001 онд Галдан бошигтын 270 жилийн ойн баяр наадамд Ховд аймагт ирж дахин түрүүлсэн. 2002 онд мөн аймгийн наадамд түрүү, Булган сумын 70 жилийн ойн жороод түрүү, 2004 онд Улсын наадамд ирж уяачдын баярын жороо морины тойргийн сорил уралдаанд түрүү, Ховд Мөст болон Цэцэг сумын жороо морины уралдааны түрүү гэгчлэн жороо халтар гайхалтай жороо хүлэг байжээ.

Булган сумын аймгийн алдарт уяач Ш.Магсаржавын жороо хээр аймаг, бүс, сумдын наадамд 8 түрүү, 5 айраг авсан.

Булган сум. Вангийн торгууд Ядамсүрэнгийн Гомбосүрэнгийн ганган халтар морь. Ховд хотод 1 түрүүлж, 3 айрагдсан сайн жороо адуу байжээ.

П.Доржийн Ардаг халтар морь Булган сумын наадамд түрүүлсний дараа. баруун гар талаас Аймгийн алдарт уяач Т.Алтанхуяг, Аймгийн алдарт уяач П.Дорж, эхнэр Д.Алтанцэцэг нар хүүхдүүдийн хамт. 1988 он

2004 оны улсын наадмын жороо морины түрүү Д.Нансалжавын халтар морь

Сүхтэйн Баатарын жороо бор морь. 1976 оны унага. 1987-1988 онуудад Ховд аймгийн түүхт ойн баяраар түрүүлж, бусад сумдад олон түрүүлсэн.

АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Т.АЛТАНХУЯГ

Унаач: аймгийн алдарт уяач Доржпаламын Нямдорж Сурагчийн ширээнээс аймгийн алдарт уяачийн болзол хангасан гэдэг.

2015 оны Улсын баяр наадмын жороо морины тойргийн уралдаанд анх удаа оролцож түрүүлсэн Ховдын Булганы нутагтаа танигдсан жороо хээр морь бол Аймгийн алдарт уяач Т.Алтанхуягийн “Буган хээр” морь юм. Алтанхуяг хээр морийг 2014 онд Мөстөд түрүүлэхэд нь Дамирангийн Эрхэмбаяраас 8 сая төгрөг, хазааранд нь хурдан удмын охин даага өгсөн гэдэг. Т.Алтанхуяг хээр мориныхоо угшилыгих дээрээс хэлж байлаа. Жороо хээр морь нь Балжир Баастын Түмбээн хээр азарганы төл болох гөөлэй жороо хонгор гүүнээс гарсан хонгор азарганы төл . Эх талдаа “Жаргалын зам” нэгдлийн адуучин Цэвдээ гуайн цагаан шил халтар азарганы төлийг Д.Эрхэмбаяр хээр азаргыг шүдлэн насанд нь худалдаж авсан. Түүний төл халтар гүү нь буган хээрийн эх болох аж. Эцэг талдаа олон жороо гарснаас Гэндэн Чулуунбатын халтар морь, Балжир Баастын халиун хар, Норовын шар хээр морь, Мөст суманд зарагдаж олон түрүүлсэн гэгддэг.

Т.Алтанхуяг жороо хээр морьтойгоо 2015 он. Хүй долоо

Хээр морины гуншин

Ардын хувьсгалын 92 жилийн ойгоор Цэцэг суманд Улсын начин Ганболдын ойгоор уралдаж 2-р байр, мөнгөн медаль.

2013 онд Дашваанжил тахилга 2-р байр мөнгөн медаль.

Ардын хувьсгалын 92 жил Манхан сумын 90 жилийн ойгоор 2-р байр

2014 онд Ардын хувьсгалын 93 жилийн ойгоор Мөст сумын түрүү

2014 Алтаа сум Алгир 90 жилд айрагдсан

Ховд 2014 онд тусгай шагнал уран жороо шагнал

2015 онд Улсын наадмын жороо морины түрүү

2015 онд Бүрэнхайрхан тахилгын аман хүзүү, Дашваанжил тахилгад айрагдсан. Манхан, Мөстд айрагдсан.

ХОНГОР НУТГИЙН ЖОРОО

Баянхонгор аймаг жороо морь элбэгтэйгээс Богд, Өлзийт зэрэг сумд Түйн гол, Ламын гэгээний хийд орчимд жороо морьд илүүтэй удамшиж ирсэн ажээ. Луу жилийн зуднаар одоогийн Баянлиг сумын орчмоос зээрд зүсмийн өнчин сарваа агтанд ирсэн гэдэг.

Энэ нь хожим хавийн аймагтаа уран жороогоор зард гарсан “Лимэндаваагийн зээрд” хэмээх морь юм. Зээрд морийг унаж үзсэн нутгийн хүний яриагаар, зээрд морийг намар оройгоор унаад ухасхийхэд өвдөг хага ташиж, салхинд нүдний нулимс өөрийн эрхгүй гардаг, баргийн хүн нуруун дээр нь тогтохооргүй эрчтэй туурайн тоос нь тээр хойно үлдэж харагддаг энгүй хурдан жороо морь байсан гэнэ. Зээрд морьтой ач тач үздэг морь бол хуучин Жинст сумын Сүхийн улаан морь байв. Энэ морь сэрвээ өндөр хүдэр том биетэй их дөлгөөн ааль зантай байж. Дээрх хоёр морь уралдахад ихэнхдээ зээрд нь түрүүлдэг аж. Зээрд морь бие жижиг бөгтрөг ихтэй шилбэ бүдүүн, бүргэд хоншоортой агаад ойр орчмын наадмаас гадна 50-иад оны үед Өвөрхангай аймагт түрүүлж байжээ. Зээрд мориноос хойно Баянлэг сум, аймгийн заан Д.Бэх-Очирийн унаган хээр морь гарч ирж удалгүй Богд сумын Гэндэндоржийн жороо шарга өрсөлдөх болжээ. Жараад оны үеэр анхны тойргийн уралдаанд шарга морь бусад морьдоос бүтэн нэг тойрог тасран, Гэндэндорж гуай эмээлээ засчихаад бэлэн тамхи асаагаад мордоход эхний морьд зэрэгцэн ирж байсан гэдэг.

ТЭСИЙН ГОЛЫН АДУУ

Тэсийн гол бол Булнайн нурууны араас эх авч 500 гаруй км урсан увс нуурт цутгахдаа Хөвсгөлийн Цагааннуур, Цэцэрлэг, Завханы Баян-Уул, Баянтэс, Тувагийн Хэрсэн, Самгалтай, Увсын Тэсийн нутгийг туулдаг байна. Энэ голыг даган нутаглаж ирсэн олон ястан Монголчуудын эрт цагаас өсгөн үржүүлсээр ирсэн, өөр хоорондоо ялгаатай омгйин адуу тэс голын усаар ундаалж хөндий шугуйд нь өвөлжиж зунд өндөр ууланд зусдаг учир экологийн хувьд ижил төстэй аж. /Д.Даваа Хүлэг Эрдэнэ/ Тэсийн голын сав нутагт төрж өссөн унага хурдан гоёмсгоос гадна чийрэг жороо голдуу байдаг. Эдгээр нутагт алдартай хурдан жороо морины удам тасраагүйн үндэс нь хурдан жороо морийг эрхэмлэх заншил эрт үеэс уламжлагдан ирсэн түүхэн цаг үетэй холбон үзэж болно. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд Буган Халиун хэмээх алдартай жороо морь байсан, ер нь үе алгасалгүй “сайн” жороо морь төрдөг газар аж. Завханы Баян-Уул, Баянтэс суманд азаргаар жороо адуу байх нь ердийн ба Увсын Тэс сумын Баяд омгийн адуу нь ойр орчмынхоо жороо морьдын уралдаанд айраг түрүү авах нь илүүтэй. Ардын хувьсгалын 75, 76, 77,78 жилийн ойн улсын баяр наадмын жороо морины уралдаанд түрүүлсэн Цэвээнжавийн хүрэн халзан морь нь Увсын Тэс сумын “баяд” омгийн адуу байв. Мянгад адуу Мянгад адуу нь Сааяа гүний шовгор цэнхэр, чонон саарал зэрэг аймаг сум төдийгүй улс даяар нэрд гарсан хурдан хөлгүүдээс гадна алдар цуутай унаган жороо морьд олон ажээ. Шагжийн Батсуурийн урт шанхтай өтгөн дэл сүүлтэй улаан хээр морь жороо явдалтай, хурдны шинжээр бүдэг морь байсан боловч соёолон насандаа сумандаа гуравт, зургаан настайдаа аймагт их насны моринд ест давхижээ. Дараа нь аймгийн наадмын их насанд /1956-1949/ онуудад гурван жил дараалан, Баян-Өлгий аймагт нэг удаа түрүүлсэн байна. Нэгэн удаа наадамд түрүүлэхэд бага зэрэг амраагаад жороо морины уралдаанд явуулахад аман хүзүүлж байсан ажээ. Энэ нутагт дал даяад оны үед “өргөн” Содовын адууны угшилтай сахалт хээр гэдэг жороо морь Г.Баттулгын жороо хээр зэрэг морьд алдаршиж байжээ. /Д.Мянганцэвээн, Г.Даваасүрэн, “Мянгад түмэн эх “ Ховд хот 1994 он/

ОНОМ-МӨР АДУУНЫ ХЭЛБЭР ХИЙЦ

Нэрт уяач Оном-мөрийн адуунд хурдаас гадна цөөн тооны жороо морьд байсан тухай У.Буяндэлгэр, Т.Буяндаш нарын “Хүлэгч” номонд өгүүлсэн байна. Адууны дийлэнх нь хүрэн зээрд зүстэй бөгөөд хурдан адууны зэрэгцээ найр наадамд унадаг цөөн тооны жороо адуу үржүүлдэг байжээ.

Уядаг морьд нүд тогтуун хар хүрэн өнгөтэй, урт сормуустай, өргөн тэнэгэр хавтгай дух магнайтай, шанаа нь өргөн, эрүүний хонхор маш гүнзгий найлзуурхай булчирхайгүй, эрүүний нарийн үзүүр эрхий хуруу эргэх зайтай, хамрын нүх том, хошуу нь шөмбөгөр, доод уруул нь дээд уруулнаасаа илүү элбэг, шүд нь чимхүүр мэт нийлсэн, хэл буйл нь цагаавтар, шүд нь гадагш тэлүү, соёо нь гэдгэр махир, чихний үзүүр шовх, угаараа бүдүүн, эрүүний үзүүр хоншоороор нарийвтар овоо яс өндөр уртавтар толгойтой, гурван овоо тэгш, нуруу нь бөгтөргүй шулуун, олон ясны уулзвар харгам хондлой нь ацтай мэт, дэл сүүлний хялгас нарийн ширхэгтэй, аман хүзүү нь том, арьс нь сул, өвчүүний бүдэрхий урагш түрэнгэ овгор, ахар сүүл урттай, хошного цаана, баахдаа сүүлээ хажуу тийш эргүүлэн муруйлгаж баадаг, умдаг бага, туурай нь хомбогор хурц ирмэгтэй, гахай нь гүн, борви нь тэнүүн, сагаг босоо, хавирга бөөрөнхий, үс нь тачир, харцага нь тэлүү, урт хүзүүтэй, дээгүүр доогуур тэнцүү уртавтар, голдуу гүйн хар алхаатай, өргөн хэнхдэгтэй, жирийн унаанд уриалгахан хөнгөн, морь уургалахад авъяастай өөрийгөө ямар ч үед юүлүүлчихдэг.

Эмнэгтээ ороо, догшин, унаа эдэлгээнд сургахад түргэн номхордог биеэр онцгой томгүй. Жороо морьд нь биеэр том, гоё ганган хийцтэй адуу удам дамжин байсан юм. 1950-д оны үед тэгшхэн хууран халзан шавьдаргүй дэлтэй улаан шарга халзан морь жороогоос өөр явдалгүй маш уран гоё “загвартай” сайхан морь байв. Мөн тэр үед ягаан буурал морь жороогоор болон загвараар шарга халзангаас дутуу байв. Шарга халзан үнэхээрийн гоёмсог сайхан зурсан зураг, зорсон зорог мэт сайхан морь байж билээ. Эдүгээ Онон-мөр адууны галбир хийцтэй адуу үзэгдэхгүй болжээ. Удам угшил нь хадгалагдсаар байвч загвар төрх (хийц) нь яваандаа өөрчлөгддөг бололтой.

ГОВЬ ШАНХЫН АДУУ

Монгол говийн их мужийн Дорнод хэсгийн баруун этгээдэд орших Говь-Шанхын нэрийтгэлт адуу нь Их говийн малчин Монголчуудаас олон зууны турш ардын селекцийн аргаар геобиоэкологийн хувьд уналга эдэлгээ, арчилгаа маллагааны өвөрмөц нөхцөлд зохион бүтээсэн биологи, морфологи, физиологийн онцлог хэв шинж бүхий өвөрмөц угшлын адуу юм /Г.Цэвэгмид Говь Шанхын хурд УБ 1999 он 25-р хуудас/.

Цогтцэций, Цогт Овоо хэмээх уулсын нэрээр “овоглосон” Шанхын их хурдуудаас гадна жороо сайвар морийг дээдлэн уралдуулдаг заншил нь нэгэнт ном хэвлэл, түүхэнд үлджээ. Ялангуяа Мандал Овоо, Ханхонгор зэрэг сумд жороо морьдоороо илүүтэй юмсанжээ. Тухайлбал 1961 онд аймгийн 30 жилийн ойн баяр наадамд /тэр үед их хурлын дарга асан Ж.Самбуу гуай очиж үзсэн аж/ зургаан насны хурдан морьд уралдсанаас мөн жороо морь уралдаж Мандал-Овоо сумын “махан сахал” хэмээх Юндэнгийн бүдүүн бор морь түрүүлж байсан.

ӨВӨР МОНГОЛ НУТГИЙН ЖОРОО

2010 оны 5 дугаар сарын 27-нд Улаанбаатар хотод болсон Азийн жороо хүлэг морин спортын холбооны анхдугаар зөвлөгөөнд манай биеийн тамир спортын албаны хүмүүс болон Хятад, Буриадын төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм. Хятад улсын морин спортын төлөөлөгч хэлсэн үгэндээ:

– Манай улсын Өвөр Монгол, Синзянь, Гансү, Юуннань, Гүйжоу, Түвд, Шинжан зэрэг газруудад жороо морь байдаг. Монгол үүлдрийн удам гаралтай болон ялангуяа Өвөр монгол, Шинжан Уйгар, Түвдэд жороо адууг түгээмэл унаж эдэлдэг. Спортын болон аялал жуулчлалд ашиглах их нөөц байгаа тухайтанилцуулаад тус холбооноос санаачилсан тойргийн болон байгалийн саадтай уралдааныг хөгжүүлэхэд хамтран ажиллахаа албан ёсоор мэдэгдэж байсан. 13-р зуун Их Хаадын үеэс Хятадын өмнө зүг Гансү, Юннаний нутаг нь монгол адууны бэлчир газар байсан түүх бий. Ямартай ч жороо морь нь удамшсаар л байгаа юм байх.

КАЗАК АДУУ

Эртнээс Казакийн ард түмэн адууг уналга ачлаганд эдлэн, мах сүүг нь ашиглаж сүүгээр нь айраг бэлтгэж хэрэглэдэг байсан. Казак адуу жороо явдалтай байх нь элбэг бөгөөд энэ нь хээр тал нутгаар алс хол аялан явахад тохиромжтой гэжээ. Мөн үндэсний баяр болох Наурызийн баяраар жороо морийг уралдуулдаг уламжлал ч бий. Түүнчлэн Казакстан улсад өсгөн үржүүлдэг үүлдрийг “Жабэ” адуу гэдэг.

Эрс тэс уур амьсгалтай орчинд тэсвэртэй жабэ адууны өндөр нь 140-143 см гэж тэмдэглэгджээ. Мөн Буриад, Киргиз адууны бие галбир нь Монгол адуутай төстэй, унаж эдлэх арга, саалийг айраг хийж ашигладаг арга нь мөн адил байсаар иржээ. Мөн 1600-аад оны эхээр Баруун Монголоос явсаар Ижил мөрний газарт очиж суурьшсан “Хальж гарсан бүргэдүүд” хэмээн яригдах Халимагууд адуу малтайгаа тэнд очсон байдаг.

ШИЛИЙН САЙН ЭР КҮНГЕЙБАЙ

Шилийн сайн эр Т.Күнгейбай. 1970-аад он

Шилийн сайн эр Күнгейбай казах түмнээс Монголын түүхэнд жороо морьтой тэмдэглэж үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг. 1950 аад оны үед Күнгейбай цагаан шаргал зүсмийн алдартай жороо морь Баян өлгийн ард түмний нэрийн өмнөөс Маршал Х.Чойбалсанд бэлгэнд очиж байсан тухай Б.Ойдовын Ар халхын Шилийн сайн эрчүүд номын тав дугаар дэвтэрт өгүүлсэн байдаг. Түүх сөхвөөс 1912 оны үед Жа лам Дамбий жанцан Монголын баруун хязгаарт өөрийн дарангуйллын үед Абсалсай тэргүүтэй 300 казах өрх Шинжаны Алтай нүүхэд Күнгейбайн эцэг Тишабай тэндбайсан гэдэг. Энэ хүн Ононгийн Жантаг гэдэг шилийн эртэй нийлж Хан Хөхийн шил, тогтохын нуруу Байтагийн гүнээс адуу хөөн ядуу өрх айлуудыг тэтгэдэг байж. 1925онд өвөг эцэг Тишабайг нас барахад Хүү Күнгейбай эрийн цээнд хүрч байжээ. Күнгейбай баян айлд зарцлагдаж байгаад улмаар аавынхаа анд байсан Ононгийн Жантаг эртэй танилцан Күнтайбай, Ононгийн Жантаг нар Алтайн нурууг даваад Тогтохын шилээс жороо удмын адуу авчирч “Дүйнхэр” Урианхайн Додгойн адуунд нийлүүлэн цус холдуулснаар олон сайхан жороо морьдтой байж. 1940 онд Баян-өлгий аймаг Ховд аймгаас тусгаарлаж казахууд биеэ даасан аймаг болсон. 1950 онд Баян-өлгий аймаг байгуулагдсаны 10жилийн ойг казахууд маш сүрлэг тэмдэглэж, маршал Чойбалсанг төлөөлж намын төв хорооны Сүрэнжав дарга очсон байна. 150 жороо морь уралдсанаас Күнгейбай гуайн шарга морь хол тасархай түрүүлж, хар морь нь 3-т ирсэн байна.

Казак үндэсний мөнгөн эмээл жороо морь бэлэглэхээр тогтсоноор Күнгэйбайн жороо шарга Казакын ард түмний өмнөөс бэлгэнд очсон түүхтэй. Жороо шаргыг тэр үед хол ойрын баячууд үнэ хаяж босоо бөхтэй 10 тэмээ, 10 мянган төгрөгөөр авья гэхэд өгөөгүй байсан гэдэг.Эгэлгүй сайн жороо байсан тухай олон дурдатгал бий.

“Жабэ” азарга

Киргиз 2014 он

Наадмын дараа Сүрэнжав дарга Күнгейбайг дуудаж жороо шаргыг магтан шагшиж улсаас төсвөлсөн мөнгө байнаа хэдийг төлөх тухай асуухад Күнгейбай гуай миний муу даага төрийн хүнд төрд түмний өмнөөс үнэлэгдэж байхад би та бүхнээс юу авах вэ гээд үнэгүй бэлэглэчихсэн гэдэг. 1951 онд цагаан шаргал жороо морийг албан ёсоор Улаанбаатараас утасдаж, тэр үед УБ хотод оюутнууд маршалын жороо шаргал морийг авахаар параданд жагсаж байсан гэдэг. Энэ морины тухай ном найруулал , кинонд мөн мөнхөрсөн гэдэг. Күнгейбай гуайн 90 хүртлээ ёолж үзээгүй, 1894 онд төрсөн 90 гаруй насалж 1986 оны 5-11ны өдөр морин дээр нас барсан байна. Үнэхээр Алтайн бүргэд тэнгэрээс хальдагийн адил” домог” мэт эр байжээ. Күнгейбайн хүү Телегин одоо 60 гаруй орчим настай Ногооннуур сумын Чихтэй багийн нутагт адуу малаа малласаар байна. Тэрбээр аймгийн алдарт уяач. 25 морь аймаг сумандаа айрагдуулсан байдаг. Телегин ах намайг хүнээс сонсоод утсаар танилцсанаар бид 2 байнга утсаар ярина. Энэ зун аймгийн наадмаар жороо хээр морио айрагдуулжээ. Заримдаа залгахад уулан дээр морьтой явж байна гэнэ, гэхдээ утсаар ярьсаар л аргагүй дээ бид хоёрын яриа морь л байдаг…

Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан Баян-Өлгий, Увс, Ховд гурван аймгийн 150 гаруй жороо морьдын уралдаанд хол тасархай түрүүлсэн Т.Күнгейбайн жороо цагаан шарга морио Казак түмний өмнөөс маршал Х.Чойбалсанд бэлгэлсэнийг намын төв хорооны дарга Сүрэнжав хүлээн авч байгаа нь. 1950 он, Баян-Өлгий аймаг.


ХАЛИМАГ АДУУ


17-р зууны үед Орост нүүдэллэн суурьшсан Халимагууд адуу малтайгаа очсон байна. Тэгэхлээр Халимаг адууны үндэс нь угтаа Монгол адуу болж байна. Оросын Дон үүлдрийн шилдэг адууг үржүүлэн гаргасан хөрс нь Монгол \Халимаг\ адуу гэж Оросын эрдэмтэн А.Ф.Басов 1934 онд хэвлэгдсэн “Дон адуу” гэдэг номондоо бичжээ. Халимаг адуу нь эрс тэс цаг ууртай газар тэсвэртэй, уналга эдэлгээ чиглэлийн адуу юм. Нэгэн үе халимаг адууны тоо 20,000 орчим хүрч байжээ.

Морьтон дээдсийн минь хүлгэн жороо

Монгол нутгийн унаган жороо

Унаган жороо дуунаас…

ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН СААРАЛ

Завхан аймгийн Яруу сумын уугуул ахмад дайчин Х.Чойжилсүрэн жороо саарал морьтойгоо. 1968 он

Адуу хийморлог буян заяа их билээ. Нутаг нутгийн алдартай жороо хүлгүүдийг судлан сонирхож явахдаа далаад оны үед Завхан аймгийн Яруу суманд “сайн” жороо саарал морь байсан тухай тэмдэглэж билээ. Сүүлд нь нутгийн хүнээс сураглавал тэр нь гарцаагүй болж эзэн нь энх тунх Улаанбаатар хотод амьдарч буйг заалган уулзсан юм. Жороо саарлын эзэн, тус нутгийн уугуул /ахмад дайчин/ өндөр настан уяач, “Ма Баян” овгийн Хоролхүүгийн Чойжилсүрэн гуай юм. Хэрэг зорилгоо таниулахын завсар бага насны дурдатгалыг нь тэмдэглэн авсан минь бас сонин.

Долоон настай Чойжилсүрэн хүүд, аав Хоролхүү нь Галуутайн хүрээний Майдар эргэх шашины баяр үзүүлэх гэж нутгийн хүнээс шавилхан биетэй хонин жороо хээр морь авч өгсөн гэнэ. Хүү тэр жороо хээрийн нуруунд мордож хүлгийн зоотой танилцсан түүхтэй ажээ.

Д.Эрдэнэхуяг: Саарал морь таны унаган адуу юу, /гэсэн эхний асуултаар өвгөн уяач үүнийг л хүлээж байсан мэт ихэд мэрийх бололтой маш цэгцтэйгээр, жороо саарлын тухай ийн өгүүлсэн юм/

Х.Чойжилсүрэн: За саарал унага чинь 58 оны хавар манай бөгтрөгтэй саарал гүүнээс гарсан юм. Халтар хээр азарганы минь гал үр, Яруу сумын Зүйлийн голын унага шүү дээ. Төрөлхийн жороо, гөрөөсөн язгуурын хэлбэртэй их ороо, ааш зантай унага байсан. Дааганд нь би зайдан сургаж аажим аажмаар явдлыг нь тогтоож байлаа. Хавар цагаар, хязаалан насандаа нэгэн байдас хураан Их голоос Жаргалант уруу тогтох болсныг барьж аван хөнгөлөхөд дөнгөж хөнгөлүүлсэн үрээ Жаргалантын зүг янцгаан давхиж, шандас нь танигдаж билээ. Түүнээс хойш морь болсон цагаас зөвхөн миний уншаар жороо тогтсон гэж хэлж болно.

Д.Эрдэнэхуяг: Та саарал морио чухам ямар аргаар жороо явдлыг нь ахиулсан тухай?

Х.Чойжилсүрэн: Өдөр барьж уян, оройн сэрүүн болон уяж хоноод, өглөө эрт цагаар хажуудаа хүүхэд дагуулан тэгш хөндийгөөр их явуулна шүү. Энэ үедээ морьтой хүүхдээ түрүүлүүлж нэг үзэж, мөн жаахан хоцроон /морь их хор шартай учир/ нэг үзэж, морио тэвдүүлэхгүй амыг нь халааж улайлгахгүйгээр аль болох эвээр нь явуулах хэрэгтэй. Хэсэг хугацаанд дангаар нь голын урсгал сөрөн уруудуулан өөрийнх нь явдалдаа ахих тэнхээгээр нь шулуухан явуулах нь чухал. Мөн цаашид морьтой хөдөлгөж үзнэ. Энэ үед зөв сургасан морь хүрэхгүй байсан мориндоо хүрдэг болно шүү дээ. Бас нэг хэсэг саарал мориороо сумын төвд барьж байсан барилгын шавар элсийг зөөж байсан юм. Хөнгөхөн биетэй хүнийг сундлаад тэр хүнийхээ нэг талын гуян дээр шуудайтай элсээ тавин хэрхэн суухыг нь зааж өгөн жороогоор нь явуулдаг байлаа. Энэ үед явдал нь их ахисан ер нь сайн болсон шүү. Ер нь жороо морийг хавар харшаалгүй намар хүчийг нь нимгэлэх маягаар гамтай унаж амыг нь халааж улайлгахгүй, тэвдүүлж асгаруулахгүй байхыг эрхэмлэх хэрэгтэй.

Д.Эрдэнэхуяг: Та өөр бусад моринд жороо явдал оруулж байсан уу?

Х.Чойжилсүрэн: Зуны сард гарч хурдан морьдоо барилах цагаас л намар есөн сар хүртэл манай уяа ойр орчмын уяачдын салга сайвар морьдоор дүүрдэг байлаа. Гэхдээ хурдан морь, явдал ооруулах морьдын уяа тусдаа шүү дээ. Оройн сэрүүнд л морь моринд тааруулан ажил хийж олон ч хүний морины явдлыг нь тогтоож, ахиулж байлаа. Ямар сайндаа л нэгдлийн дарга Басбиш гэдэг хүн жороо морь унах гэж сайвар хээр морийг манай руу ирүүлж байлаа. Тэр үед нэгдлийн даргын “жороо хээр” гэж сайн морь гарсныг нутгийнхан ярьдаг байлаа.

Д.Эрдэнэхуяг: Саарал морины уралдсан байдал, явдлын хэр хэмжээ?

Х.Чойжилсүрэн: …Тийм. Манай суманд улсын баяраар 6 насны хурднаас гадна цөөн тооны жороо морьд уралдуулна. Саарал морь хол тасархай ирнэ шүү дээ. Ер нь ойр сумдын гайгүй гэгдэх жороо морьдтой тарлаж үзсэн жороод гүйцэгдэх удаа үгүй юм. Аймгийн наадамд 20 гаруй км орчим жороо морьд уралдахад ганцаараа л ирдэг байлаа.

Д.Эрдэнэхуяг: Саарал морийг худалдаж авъя гэж үнэ амлаж байв уу?

Х.Чойжилсүрэн: Саарал морийг ид залуу нас нийлж байх үед олон ч хүн үнэ хаяж хоргоодог байлаа. 70-аад оны үед байх, аймгийн наадамд очиход Алдархаан сумын “хоршоо” Доржийн Гомбожав гэдэг баян хүн унаж үзээд ах нь нас ч явлаа, ганц сайн жороо морь уная гэсэн юм саарал морь сэтгэлд таарч байна. 10 мянга хүрдэг адуу гэж юу байхав. Гэхдээ би энэ үнэний ханшид авъя гэж байсан. Унаган морь, мөн хүүхдүүдийн сэтгэлийг бодоод өгөөгүй юм. Саарал морь минь сэтэрлүүлж хорь гаруй наслаад 1984 онд бус болсон юм. Саяхных юм шиг л санагдах юм даа гэснээр бид саарал морины тухай яриагаа өндөрлөсөн юм.

Х.Чойжилсүрэн өөрийн унаган хээр морины явдал тогтоож байгаа нь. 2000 он

ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН ЭРДЭНЭБАТЫН СААРАЛ

Ах Ч.Доржсүрэн 1968 он

Завхан аймгийн Яруу сумын харъяат Чойжилсүрэн гуай аймаг сумын наадмаас 76 түрүү, айраг авсан байдаг. Морь уяхаас гадна хатгана, жороо оруулна гээд тал бүрийн авъяастай хүн байсан. Аавыгаа саарал морио унаад наадамд явахад би дагаад явна. Миний морь хар хурдаараа давхиад байхад аавыг гүйцэдгүй байсан санагддаг. Тийм л хурдан жороо хүлэг байж. Намайг багад хүмүүс ааваар мориндоо жороо оруулуулна гээд манай гадаа дугаарлачихсан байдаг байсан юм даг. Аав маань огтхон ч цааргалалгүй зааж өгөөд, заримыг нь өөрөө унаад жороо болгодог байсан.

Яруу сумын уугуул өндөр настан уяач Х.Чойжилсүрэн гуайтай танилцаж алдарт жороо саарал мориных нь тухай ярилцлага хийж байсан нь 1999 он байлаа. 2000 онд Чойжилсүрэн гуай болон хүүхдүүдтэй нь миний аав Долгоржав нар сайхан танилцаж нутгийн улаан бор шүдлэн үрээгээ манай уяанаас мордуулж байлаа.

Наадмын дараа хүү “Могол ноос” ххк гийн захирал Эрдэнэбат ахтай үрээ морины наймаа ч хийсэн юм. 2005 оны үед Ч.Эрдэнэбат ах Төв аймгийн Баянцогт сумын уяачдын холбооны тэргүүнээр сонгогдсон гэхэд нь миний хувьд нэг их гайхсангүй. Учир нь түүний компаний үйл ажиллагаа ноос угаах, эсгийний үйлдвэр нь энэ суманд 1997 оноос л үйл ажиллагаагаа явуулж суурьшсаныг мэдэх билээ. Удалгүй энэ нутгийн унаган гэхээр цавьдар азаргаараа Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор азаргаа айрагдуулсан нь анхны томоохон амжилт нь байлаа. Ч.Эрдэнэбат ах “тод магнай” сэтгүүлд өгсөн ярилцлагандаа “аавынхаа хүслийг түүхт ойн жил цавьдар азаргаа айрагдуулж биелүүлсэндээ омогшиж явдаг” гэсэн гарчигтай ярилцлага нийтлүүлжээ. Цааш нь азарганыхаа хөлсийг хусаад зогсож байтал аав маань ирээд өврөөсөө хадаг гаргаж, малгайгаа аваад сөгдөн сууж баруун хөлнөөс нь адис авсан. Би гайхаад ямар учиртайг нь асуутал “хурдан морины бүх шинжийг агуулсан ийм адуу ховорхон байдаг юм аа. Энэ сайхан буянгаас эр хүн адис авснаараа хийморь нь сэргэж муу бүхэн нь арилна гэж билээ. Тэгээд дараа нь “аавынхаа хүслийг биелүүлсэн хүүдээ баярлалаа гээд үнссэн.

Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн Улсын баяр наадмын азарганы уралдаанд айрагдсан цавдар азарганаас аав Х.Чойжилсүрэн адис авч буй нь

Түүнээс хойш аав шигээ хурдан хүлгээс адис авдаг болсон тухай өгүүлжээ. Тэрээр жороо морийг уламжлуулан унаж эдлэж уяж яваа нэгэн. 2012 оны жороо морины уралдаан үзэж явхад. Жороо саарал морь хийц, жороо явдлаараа таалагдсан гэдэг. Асууж сургалваас улсын наадмын жороо морины тойргийн уралдаанд 2010 онд гуравт, 2011 онд “уран жороо”-гоор шалгарч байсан тэсийн голын унага гэсэн байна. Аав болон алдарт жороо саарлаа дурсан билэгшээж, Сант сум Цагаанбаатараас худалдан авсан гэдэг Ч.Эрдэнэбатын “тэс саарал” нь 2013 онд Төв аймгийн 90 жилээр түрүүлж 2014 онд дөрөвт, мөн онд Завхан аймгийн 90 жилээр түрүүлж ирэхэд нь нутгийн ахмад уяачид, өвгөд танай саарал морь яг энэ дов дээр олон жил хол түрүүлж байсныг дурсаж тэр сааралд хүрэхгүй ч сайн жороо саарал таарчээ гэж баяр хүргэж байжээ. “Тэс саарал” 2015 онд улсын наадмын дөрөвт , даншиг наадам хүрээ цам наадмын уран жороо авсан. Хурдан хурц адуунаас гадна сонирхолынхоо дагуу жороо адуу цуглуулах аж. Аавынхаа адууны угшилтай жороо хээр гүү болон дүүгийнхаа саарал гүү зэргийг саяхнаас Тува гаралтай жороо хүрэн азарганд тавьжээ. Ер нь эдгээр гүүний угшилийн унага дааганууд нь мөн л унаган жороо гарсаар байдаг гэнэ. Хэдийгээр Х.Чойжилсүрэн настан тэнгэрийн оронд одсон ч алдарт жороо сааралын угшил нь тасраагүй үргэлжилсээр авай.

Ч.Эрдэнэбатын “Тэс” саарал тойрог замаар

АМЬДРАЛД ХҮРГЭСЭН АЛАГ ГҮҮ

Монголчууд “сайн хүний үр савтай гүүний унага” гэж зүйрлэн хэлдэг. Ховд аймгийн Булган сумын уугуул Торгууд ястан Ж.Амарбаярынд 1941 онд хүү мэндэлсэнд Шагдарсүрэн гэж нэр хайрлажээ. /энэ хүү бол МУ-ын худалдааны гавъяат ажилтан, УИХ-ын гишүүн асан А.Шагдарсүрэн билээ/ Амарбаярынх цөөхөн хэдэн малтай ядуувтар айл байсан гэдэг. Нутгийн Жамба хэмээх хөрөнгөлөг айлын мал малладаг байв. Адуу маллаж, ноос унгас болон цагаан идээ бэлтгэдэг байсан байна. Тэрээр Амарбаяр гуайнд нэг алаг зүсмийн охин даага бэлэглэсэн. Алаг даага их номхон хавь ойрын хүүхдүүд унаж ноолж, 5 хүүхэд сундалж унаад л явж байдаг тийм л номхон адуу байжээ. Мөн эмээл нь гэдсэн дор орсон байхад зүгээр л зогсож байсан гэдэг. Хүрэн алаг гүү өөрөө жороо биш ч гарсан эр унага болгон нь жороо байжээ.

Учир нь Жамба гуайн жороо хээр азарганд байсан гэнэ. Жамба гуайтай худ ураг болсон учир тэдний адуунд алаг гүү нь байсан байх. Алаг гүү нь нийт 15 орчим унагалсан. Түүний тал орчим нь эр унага байсан.

Тухайн үед ядуу айлын хүүхэд сургуульд сурдаг, баян айлын хүүхэд бол сургуульд сурдаггүй тийм үе байсан. Тухайн үед Булган сум 14 багтай, сумандаа 4 жилийн боловсрол дүүргээд 500 км орчим явж аймгийн төвд үргэжлүүлэн сурдаг байв. Амралтаараа гэртээ ирдэг. Шагдарсүрэн аравдугааар анги төгсөөд их сургуульд орсон байна. Улаанбаатар хот уруу их сургуульд очих зардал нь жороо морьтой холбоотой гэж болно. Учир нь алаг гүүний төлүүдээс жил болгон сургуулийн зардалдаа зориулж нэгийг зардаг байсан гэдэг. Алаг гүүний зарагдсан эр төлүүдээс нутаг усандаа алдартай жороод гарсан.

Хамгийн алдартайд нь хоршоо дарга Жавсанжавд зарсан хээр алаг байлаа. Энэ алаг морь сумандаа болон зэргэлдээ суманд түрүүлж байсан удаатай. Мөн дараа нь Ирэнжээ гэдэг хүний жороо хүрэн болно. Эдгээр морьд алдартай байсныг дурсан ярьж байлаа. Тэрээр сургууль соёлд сурч өдий зэрэгтэй яваагаа хайрт аав ээж болон олон сайхан хүмүүсээс гадна алаг гүүнийхээ хишиг буян гэж бодож явдаг нэгэн билээ.

ДАРМААГИЙН ХҮРЭН

Гачууртын САА-н Шар-хоолойн бригадын малчин Дармаа гуай нилээд панз үсэргэдэг эр байжээ. Тэрбээр жараад оны эхээр Дорнод аймгийн Матад сумаас жороо хүрэн морь худалдаж авчээ. Хүрэн морийг түүний эхнэр “хөдөлмөрийн баатар” саалчин Надмид гуай унаж наадам үздэг байсан гэнэ. Надмид гуай наадам тараад Дамбадаржаагаас Сэлбийн эхэн дэхь зуслан хүрэх замдаа, хүрэн морио жороогоор нь, харин дүү Жигжиддавгын унаж яваа хөнгөрүүлж хоносон хээр морьтой ухасхийлгэхэд зам дахь айлын ноход хөөгөөд гүйцэлгүй алдаж байсныг харсан ойр орчмын хүмүүс бахдаж байхад, зарим айлын эхнэрүүд жороо хүрэн, Надмид “баатар” хоёрт битүүхэндээ атаархаж байснаа хожим хойно ярьж хөөрөлдөн баясалдаж байжээ. Бодохнээ сайн хүний үр, савтай гүүний унага гэж Монголын зүйр үгэнд байдаг.

Урьд бол сайхан хүн, сайхан жороо морь унасан байх нь одоогоор бол хамгийн үнэтэй, сайн машин хөлөглөсөн алдар хүндтэй хүн яваатай л адил байж. Тухайн үед улсын наадамд жороо морины уралдааныг орхигдуулж байсны улмаас хүрэн морь цаашид алдаршаагүй боловч унаж үзсэн хүмүүсийн яриагаар бол ямарч алдаагүй, хүзүү сунган маш эрчтэй жороолдог морь байсан гэнэ.

Хожим Дорнод нутаг руугаа хоёр ч удаа гүйхэд нь буцааж авчирсан аж. Харин гурав дахь удаагаа нутаг гүйх замдаа Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Бүдүүн гэдэг газар чононд идүүлсэн тухай Надмид гуай миний аав Долгоржавт хуучилсан байдаг.

АДУУГ ЭДЛЭХ УХААНААС

Нутаг усандаа морь сайн уургалах авьяас, бяр ухаанаараа гайхагдаж , 1000 гаруй адуу уургалаад уурга хугалж үзээгүй уран уургачид олон байжээ. Завхан аймгийн Нөмрөг сумын Цэвээн, Хөвсгөлийн Цэцэрлэг сумын Туваандорж, Хэнтий аймгийн Мөрөн сумын Намжил, Увсын Өндөрхангайн Хайдав зэрэг адуучид түмэн адуунд уурга хугалж үзээгүй явсан баримт архивт бий. Мөн нэг өдөрт машинаас дутахгүй хол газарт давхиж чадсан морьдын амжилт, баримттай үлджээ. Нэг өдөрт 10-15 өртөө газар давхидаг морьд байсан байна. Сүхбаатар аймгийн Дарьгангын Доржцэрэн бээсийн албат Гэндэнгийн “гуурст улаан” гэдэг морь Дарьгангаас өдөр шөнө хоёр давхиж Богдын хүрээнд ирээд мөн дээрхи хугацаанд буцаж очдог байсныг онцгойлон тэмдэглэжээ. Өвөрхангай аймгийн Хужирт сумын хөх Дэндэвийн “оломт хээр” гэдэг морь 1920 оны зун Хужиртаас өдөртөө Улаанбаатар хотод орж ирсэн байна. 1932 онд Улсын мэргэн харваач Ишчогдовын “жигүүр хээр” хэмээх морь Архангайн Сант сумаас Улаанбаатар хүртэл 270 км газрыг нэг өдөрт давхиж байсан тухай С.Дэжидбалын “Адуун сүрэг эрдэнэ” 1969 он номонд бичигдсэн байна.

Омбоо гуай хурдан хүрэн морь, унаач хүү Ж.Гантөмөрийн хамт. 1961 он

1980 иад оны эхээр Сүхбаатар аймгийн Халзан сумын “Омбоо” хэмээх Гаваадугарын Халзанбух гуай сумынхаа Сахиулын фермээс өөрийн унаган улаан морь, нэг хөтөлгөө морьтой өглөө эрт гараад Дорнод аймгийн Булган сумын “Уушгын тариа” орчмоос цэрэгт байгаа хүү Осоржамаагаа чөлөөгөөр аваад орой нь сумынхаа айлд хоол идээд шөнөдөө гэртээ ирэхэд \ талдаа 140км орчим\ цэргийн албанд хатуужсан хүү нь арай чамай морин дээрээ ирж байсан гэдэг. Омбоо гуайн хонгор азарганы төл улаан морь нь хол аянд цуцаддаггүй унаштайгаас гадна галбир хийц сайтай, тамиртай, мундаа өндөр дөрвөн хөл бахим харагддаг найр наадам, уяан дээр олон морьдоос сайхан хийцээрээ ялгардаг, харсан хүний хараа булаасан адуу байсан гэдэг. Түүний хонгор азарга нь 1960 иад оны үед нутагтаа олон түрүү айраг авч байсан 3000- ын хонгор гэж алдартай азарга байсан тухай Ш.Ганхуяг,Ж.Ганболдын “Унаган хүлэг” номонд бий. Мөн түүний хурдан хүрэн морь сайн байжээ. 1960 –аад оны эхээр хавар майн баяраар их морьд уралддаг, аймгийн дайтай чансаатай уралдаан болдог байж. Омбоогийн хүрэн морийг Цагаан Жажингийн Гантөмөр унаж цээжний морьдтой явах үед хүүгийн малгай унахад морио эргүүлээд малгай руугаа очсон гэдэг. Морь дагаж байсан аймгийн дарга, комиссын хүмүүс буц, эргээд уралд гэхэд аав загинана гээд малгайгаа аваад эргээд уралдаж түрүүлж байжээ.

3000-ын хонгор азарга уяан дээрээ. 1960-аад он

Омбоо гуайн үеийн Халзан сумын “унгаа” хэмээх Жамсран, “навшгай” Дулам, Ховоон толгой Сүхочир, Дарьгангын хүзүү Гончиг нар бол Сүхбаатар аймгийн нэгэн үеийн хурдыг “бүтээсэн” хоргүй сайхан өвгөд байж, тэдэнтэй л нөхөрлөж явсан гэдэг. Омбоо гуай наймаа ч хийчихдэг, морь сайхан эдэлдэг уядаг, нутаг усандаа морь уургалах авъасаараа гайхагдсан, мод ховор тал нутгийн заншлаар уургаа их арчилж хайрладаг хүн байжээ. Хурдан адуунаас гадна наадамд унадаг гоёлын алхаа сайтай морьд, зун тэр болгон эдлээд байдаггүй өвөл унадаг хур тарган ёстой л уулын цасыг ураад гарахаар тамиртай морьд нь байнга бэлэн байсан тухай Омбоо гуайн дүүгийн хүү болох зураач, уран бүтээлч Ж.Ганболд ярьж байлаа.Тэрээр Эрдэнэцагаан сумын тухайн үеийн “шилийн сайн эр“ болох Маруштай нөхөрлөж наймаа хийж сайхан цагаан хаш соруултай гаанс, хаш хөөрөг хэрэглэдэг байлаа. Нэгэн удаа намар цагаар зуны амралтаар очсон дүү Ганболд нь Омбоо ахын “зараалаар” наймааны талд хүргэж өгөхөөр эмнэг халтар байдсыг унаа морины хүзүүнээс холбон шогшиж явахад хүмүүсийн харц өөр дээр нь тусаад л хамт хэсэг явж үдэж өгөөд аминдаа их биеэ тоож байсан гэнэ. Тэгсэн хөтөлгөө байдас нь сулдаа жороолоод сонирхосон зарим нь хамт хөдөлгөж жороо явдлыг нь шалгаад байсан хэрэг. Сүүлд нь учрыг нь мэдээд өөрөөсөө ичсэн гэдэг. Мөн “Унаган хүлэг” номынхоо тухай Монголын алдартай хүлэг морьдын аугаа философийн ертөнцөд өчүүхэн “өнгө” гаргаж чадсан аваас Омбоо ахын уяа морьдтой ойр байсны үр дүн гэж байлаа. Монгол улсын манлай уяач А.Ухнаа агсаны хүү улсын алдарт уяач У.Эрдэнэбилэг танай Омбоо ахын хонгор азарганы угшилын хар гүү манайд олон хурд гаргаж өгсөн. 1970-аад оны дундуур тэр хөгшин хар гүүгээрээ би морь унаж сурч байлаа гэж Жагдарын Өлзийбадрахад ярьжээ. Монголын үндэсний жороо морин спортын холбооны гишүүн Ж.Өлзийбадрах нь “янзага” дуудлагат жороо хүрэн азарганд Эрдэнэцагаан сумын Данайгийн хүрэн халзан байдас, Халзан сумаас гаралтай жороо хүрэн байдас зэргийг тавьсан. Хурдан хурцын хувьд Сүхбаатар сумын улсын начин Чулууны хүргэн Б.Отгонбаатараас 2009 онд авсан хүрэн даагаар азарга тавьж Дүүдэн хар, Төв аймгийн Жаргалант гүү, Халзан сумын Цэндээгийн хонгорын угшил зэрэг Сүхбаатар аймгийн аль сайн хурдан угшлийн гүүнээс төл авч байна.

Адуу судлаач А.Батболдод даага бэлэглэж байгаа нь. У.Соронзонболдын адуун дээр 2015 он


Т.ЦЭВЭЭНЖАВЫН “АВАРГА” ЗЭЭРД

Миний зээрд халзан бол Увс аймгийн Тэс сумын унаган баяд омгийн адуу байлаа. Энэ адууны амжилтын тухай ярихаас өмнө төрж өссөн нутгийн адуу болон онцлогийн талаар жаахан зүйл өгүүлье.


Тэс сум бол хүний хүч, адууны шандас хурдын шалгасан говь хээр хосолсон нутаг, өвөлдөө 50 орчим хэм хүйтрэх, зундаа 40 хэм халах нь ч бий. Таван тэс гол нь Увс нуур луу цутгадаг, мөн нутгийн аль ч хэсэгт 30-50 км хурдан морь уралдах уудам нутагтай. Зуны улиралд Тэс голын урсгал ус нь хүйтэн байдгаараа онцлог. Энэ бүгдээс үзэхэд нутгийн адуу арай л өөр тэсвэртэй байх шиг санагддаг юм.

Мөн гүү барьдаггүй нь унаганы бойжилт өсөлтөнд нөлөөлөхөөс гадна элстэй газраар уралдуулах, нүүдлээр туулах зэрэг нь адуунд бяр их шаарддаг. Манай нутагт эртнээс хурдаас гадна хатирч, жороог илүү эрхэмлэсээр ирсэн. Хурдан морины хувьд миний нагац ах Т.Цэвээний хонгор морь олон түрүүлж, айрагдаж байсан. Энэ нутгийн унаган адуу бөгөөд Ховдын даншигт түрүүлсэн юм. Мөн миний авга ах Гиваагийн зээрд морьд баруун аймгуудад алдартай байсан. Миний аав аймгийн хурц арслан Я.Төгсжаргал гэж байсан. Аавын ах Тацан

“Аварга” зээрд уралдаж ирсний дараа

Халх голын дайнд оролцож байсан бөгөөд жороо моринд их дуртай, ер нь адуунд их “иртэй” хүн байсан. Түүний жороо хээр морь нь 1970-аад оны сүүл 1980-аад оны эхээр нутагтаа олон түрүүлж гайхагдаж байлаа.

Манай нутгаас 1980-аад оны үед Аман Шагдарын “Жороо хар” гэж их жижиг хар морь ямар ч том морьтой жороогоор явуулахад айдаггүй гайхалтай жороо байсан. Мөн Зундуйн хул, 1990-ээд оны үед Цэвээний Эрдэнэ-Очир, Ядамцоо нарын хээр морьд сайн байсан.

Баядууд жороог шүдлэн, хязаалан насанд нь намар оройн цагаан хяруу унах үед сургадаг уламжлалтай. Жороо морины талаар нэгэн хууч яриа байдаг нь Оросын алдарт аялагч Прежевалский Улаангомын хүрээнд “Бичээчийн буурал” гэдэг алдартай жороо морины хурдыгхэмжсэн байдаг. Гэхдээ хэрхэн хэмжиж байсан нь тодорхой бус ч гэлээ цагт 60 орчим км-н хурдтай байна гэж тодорхойлж байсан яриа бий.

Адууны бэлчээрт найз нөхдийн хамт

Ингээд зээрд мориныхоо талаар дахин өгүүлэхэд зээрд морь тэр хол Тэс нутгаас Улаанбаатарт ирж байсан. 1993 онд Увс аймгийн Тэс суманд түрүү, 1994 онд соёолон үрээ Улаангом хотод түрүүлээд, 1995 онд Улаанбаатар хот руу ирж байх замдаа Эрдэнэт хотын наадамд жороо уралдахад мөн түрүүлсэн. 1996 оноос 1999 онуудад улсын баяр наадмын довон дээр жороо морины уралдаанд түрүүлсэн нь сайхан санагддаг юм. Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт байхад нь тэр үед хамт явж байсан сайн морьд хатираар гүйцэтдэггүй байсан. Зориудаар биеийг нь халааж байгаад хэдий хэр хурдтай жороолж буйг машинаар дагаж хэмжихэд 50 гаран км/цагийн хурд хүрч байжээ.

2000 оны хавар Батсүмбэрийн Бургалтай орчимд бэлчээрт байгаад үхсэнд их харамссан. Зээрд морио тэнгэрт хальсны дараа улсын наадмын жороод түрүүлээд байсан Ц.Ганболдын хар морь, Таван богд компанийн захирал Баатарсайханы “Шийлэгийн хээр” зэрэг сайн жороо морьдтой жороог нь сорьмоор бодогдоод байдаг минь аварга зээрдийнхээ уран жороог байнга санаж явдгийнх бизээ.

Сүүлийн үед нутгийн хурдан морь болон жороог сайжруулахыг бодох юм. Тэс сумын “Их улаан” одоо хөгшин морь аймаг сумандаа олон түрүүлсэн бөгөөд, энэ морьтой нэг адууны гүү байдас болон тогоруу угшлын азарганаас хурдан үрээ даага төрж байна. Дүнжингаравт хоёр удаа айрагдсан Их хурдад 18-т, улсад хоёр удаа 9-д ирсэн зээрд азаргыг хэлж болно.

“МОНТЭД”-ИЙН Ц.ГАНБОЛДЫН ХАР МОРЬ

Ц.Ганболд 1990-ээд оны сүүлчээр хурдан морь сонирхох болсон. Түүний аав Цэрэнжамц гуай 1940-өөд оны үед цэрэгт ирж тэр үеийн цэргийн сургуулийг төгссөн цэргийн дарга хүн байсан. 1950-1960-аад оны үеүдэд Улаанбаатар хотын морин тойруулгын даргаар ажиллаж байсан гэдэг. Энэ үеийн Ганболд хүү цэрэг ах нартайгаа хамт тэнд очих дуртай байсан. Тэр үеийн морин тойруулга нь цэргийн зориулалттай, морин цэргийн тоглолтыг хийж, түүнийг нь ард түмэн сонирхдог байсан. Мөн зуны амралтаараа аав ээжийн хөгшүүлийнд очиж хонь мал эргүүлэх зэргээр морь унаж өссөн. 1970-аад оны сүүлчээр барилгын цэрэгт алба хаших болсон. Тэр үед манай ээжийн хамаатан Дундговь аймгийн Адаацаг сумын харъяат “хулгар” хочит Лхагва-Очир ах улсын баяр наадамд морьдоо авч ирж уралдуулдаг байсан. Гийнаа, Данзанням гуай зэрэг лут уяачид манай ахын ойролцоо буудаг байлаа. Тэгээд би тэдний гэр майхнаар очиж морь уралдаж ирэхэд нь байлцдаг, зарим үед уяа морьд идүүлэх гэх мэтээр туслах гэж оролддог байлаа. Энэ зэрэг бага залуугийн туулж өнгөрүүлсэн бүгдээс үүдэн хурдан морь сонирхох болсон.

“МонТэд” компанийн захирал уяач Ц.Ганболд

Мөн МонТэд ХХК-ийн захирлын алба, барилгын ажлын зэрэгцээ, Азийн жороо хүлэг морин спортын холбооны тэргүүлэгч гишүүний сонгуультай учир жороо морины уралдааныг хөгжүүлэх их үйлсэд санаа бодлоо хуваалцаж байна. Миний хувьд 1998 оноос жороо морийг сонирхож эхэлсэн, тэр үед Төв аймгийн Батсүмбэр сумаас азарга адуу авахад жороо хар маань хамт ирж байсан. Жороо хар мориороо улсын баяр наадмын жороо морины уралдаанд оролцож, өнөөдрийн байдлаар чамгүй амжилт гаргаж, Азийн жороо хүлэг морин спортын холбоо маань “манлай хүлэгч” цол дэв олгосон. Сайн морь таарсан уу эсвэл аз хийморь юм уу хар морь маань улсын жороо морины уралдаанд дөрөв түрүүлж, хоёр айрагдсан. Жороо морийг явдлаа алдуулахгүй жороолуулах нь яалт ч үгүй унаж байгаа хүний чадвар, морь унах соёл, унаач хүний эрдэм овсгоотой холбоотой байдаг.

2000 оны Улсын баяр наадмын жороо морины уралдаанд түрүүлж ирсний дараа

Хар морийг маань улсын манлай уяач Түмэнбаярын дүү Гаагаа олон жил унаж түрүүлсэн бөгөөд түүний суудлаа солилгүй, амыг нь зуулгаад жаахан хазгайдуу сууж жороолуулж явах нь мөн их зохицсон байдагсан.

Монгол үндэснийхээ хувцастай, сайхан эмээл хазаартай жороо морь унаад наадамчин олны дунд явах нь монгол эр хүний бахархал юм даа. Архангай аймгийн даншиг наадмаар жороо хар мориороо хурдан морь гаргаж өгөхөд наадамчин олны харц жороо харын явдалд тусаж алга ташин зай тавьж, өөр хоорондоо шивнэлдэж байсан нь сайхан санагдаж байсан. Манай адуунд Хэнтий, Сүхбаатар чиглэлийнх зонхилж байна. Хурдан морьдын амжилт гэвэл улсын баяр наадамд хоёр айраг, бүсэд 3 айраг аваад байгаа. Араб, Будённийн үүлдрийн гүү, мал ч ганц нэгийг авсан. Цаашид адуу мал сонирхдог манай ах дүү нарын адуутай цус сэлбэх солилцох байдлаар өөрсдийн унаган адууг гаргаж авах бодол бий. Манай хүү Г.Мөнх-Эрдэнэ гадаадад сургууль соёл дүүргэсэн хэдий ч, ирээд адуу малтай ойр байгаад нь хүүдээ баярлаж явдаг. Удахгүй унаган адуугаараа айрагдах цаг байлгүй дээ.

Жороо морины уралдааны шүүгч Б.Батмөнх, Азийн жороо хүлэг морин спортын холбооны тэргүүн Д.Эрдэнэхуяг, Тод манлай уяач Аюуш, Монтед компаний захирал Ц.Ганболд, Азийн жороо хүлэг морин спортын холбооны нарийн бичиг Г.Баттөр. 2004 он

Дүүгийн хүү уяач Г.Энхболд, Монгол экүестрайн ХХК-ийн захирал А.Наранбаатар нар Тод магнай-2012 шилдгүүдэд шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын гаралтай хээр үрээ 2015 оны Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 90 жилийн наадамд Ц.Ганболдын хязаалан түрүүлсэн.

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум байгуулагдсаны 90 жилийн ойн их насны морины уралдаанд Ц.Ганболдын хар морь айргийн таваар ирсэн. 2014 он.

Хүү Г.Мөнх-Эрдэнэ даага мордуулж байгаа нь.

Налайх дүүргийн уяач Түмэнбаяраас авсан Ц.Ганболдын цавьдар азарга 1994 онд Улсын наадмын шүдлэн насанд 4-т, 1995 онд хязаалан насанд түрүү, өвлийн анхны уралдаанд түрүүлсэн. Батсүмбэрийн Бямбаагийн хамт.

МАНДАЛ СУМЫН АРВИНГИЙН ХЭЭР

Миний хоёр хээрийг Шилмэл малын үзэсгэлэн дээр түрүүлж айрагдахад нь Жороо морины холбоо болон олон түмэн том хээрт маань уран жороо, жижиг хээрт маань тэлмэн жороо өргөмжлөл өгч байлаа.

Д.Арвин том жороо хээр морины хамт. Сэлэнгэ аймгийн Мандал сум 2008 он

Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Ургац Эрдэнэ” ХХК-ийн захирал Доржпаламын Арвин гуайн уугуул нутаг нь Төв аймгийн Баян-Өлзийт сум /одоогийн Борнуур сум/ юм. Хүүхэд байхын л морь их зурдаг, морь унасан хүмүүсийг их харж, унаштай морь толгой хаян алхах, хатир дундаа цогион дундаа толгой шидэн яваа моринд л их дуртай байсан гэдэг. Түүний энэ сонирхол улмаар жороо моринд сонирхолтой болгосон гэж болно. Залуу цагийн л олон сайхан жороо алхаатай морьд унаж эдэлж иржээ. Өөрийн унаган сартай хонгор морио Бүргэд гэдэг хүнд зарснаар морины наймаанд дөртэй болсон байх.

1978 оны үед Баруунхараагийн “ногоон” хочит Амгаагаас жороо хул морийг авгайдаа унаа болгон авч өгч байсан бол, том хүү А.Дашзэвэгт Далайн жороо хүрэн гэж сайхан морийг авч өгч байлаа. Мөн Сэлэнгэ аймгийн соёлын ордны дуучин Жаргалаас жороо хүрэн морь авч унаж эдэлсэн. Тухайн үед энэ хавьдаа тооцогдох байсан бор морийг Лхагва гэдэг хүнээс 9 мянга 500 төгрөгөөр авч, харин маргааш нь 500 төгрөг нэм гэхээр нь наймаа буцсан. Тэр зунаа 1981 оны улсын наадмын жороо морины уралдаанд түрүүлж байсан нь номонд бичигдсэн байдаг. Энэ бор морийг ганган Доржоо Лхагваагаас авч Заамар сумын баян Лувсанцэрэн гэдэг хүнд 10 мянгаар өгч “арван мянгын жороо бор” гэж нэрлэгдэх болсон. Эх бор гүүг нь би худалдан авч байсан. Нутаг нугын Сүхболдоос мөн жороо хүрэн гүүг жороо төл авах бодолтой наймаалцсан билээ. Сүүлийн үед гэвэл өнгөрсөн намар Батсүмбэрийн Цогоогийн жороо хээр морийг Доржоос худалдан авсан. Ер нь би сайхан эмээл хазаар цуглуулж, жороо морийг шүтэн дээдлэж сонирхож, сайхан хүлэг морины дэлийг нь дарж, цэвэрхэн эдлэж, сайхан эмээл хазаараар гоёж байх дуртай.

Жороо морийг хүүхэд унадаггүй том хүн унах учир эрсдэл бага тэгээд ч тойргоор уралддаг болохоор олон хүн үзэх боломжтой. Нөгөөтэйгүүр бүхний нүдэн дээр уралдаж байгаа болохоор маргаан гарах үндэсгүй. Тэгээд ч үзэж байгаадаа ч, унаж байгаадаа ч нэг л сайхан санагддаг юм. Жороо морь гэдэг чинь бас л нэг өвөрмөц авьяас заяасан адгуус даа хөөрхий. Жороо морь унаад явж байгаа хүнийг хүн бүхэн олзуурхан хардаг. Олны нүдэнд тусдаг. Нүүр бардам жорооллуулаад өнгөрөх ч бас л эр хүний нэг хийморь шүү…

Д.Арвин

Түүхийн яриагаа дөтлөн гол сэдэв болох хээр морины тухай жаахан өгүүлье. Миний хээр морь улсын наадмын жороо морины уралдаанд 4 түрүүлж 2 айрагдсан. Энэ том хээр маань Мандалын унаган адуу, соёолон азарга байхад нь морь болгосон юм. “Хуурай” дүү болох Чойнарын Батнарангаас авч байлаа. Мөн том хээрийн соёолон азарга байхын үеийн төл жижиг жороо хээрийг Ч.Батнаран надад бэлгэнд өгсөн юм. Сүүлийн жилүүдэд уяачдын баяр наадмын жороо морины тойргийн уралдаанд эцэг болон төл 2 хээр морь маань түрүү айраг авч сайхан наадсан. Хоёр жороо хээрийг Чойнарын Батнаран адуулан, мөн жороод унаж дээрхи амжилтуудыг гаргасан адуунд эртэй сайн залуу бий.

“Ургац эрдэнэ” компанийн үндсэн чиглэл нь газар тариалан эрхэлдэг. Мандал сум нутаг маань олон жил буян өгөөжөө хайрлаж, эхнэр үр хүүхэд, найз нөхөд, олонтойгоо сайхан байна.

Хүй долоон худаг. унаач Ч.Батнаран 2009 он

Д.Арвингийн том хээр морь түрүүлж, жижиг хээр айрагдсаны дараа. 2009 он

Том хээр-1995 оны унага

1. Ардын Хувьсгалын 84 жилийн ойн баяр наадамд 2-р байр /2005-07-13/

2. Их Монгол улс байгуулагдсаны 800 жил, Ардын Хувьсгалын 85 жилийн ойн баяр наадмын дурсамж /2006-7-13 /

3. Ардын Хувьсгалын 87, 88, 89 жилийн ойн баяр наадамд дарааллан 1-р байр /2008-07-13 /

4. Ардын Хувьсгалын 89 жил, Сэлэнгэ аймгийн 79 жилийн ойн баяр наадамд 1-р байр / 2010-07-11 /

5. Ардын Хувьсгалын 89 жилийн ойн баяр наадамд 4-р байр /2010-07-13 /

6. Хүннү гүрний 2220 жил, Их Монгол улс байгуулагдсаны 805 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадамд 3-р байр / 2011 он /

7. МУ-ын арслан Эрхэмбаярын цолны мялаалга наадамд 2-р байр / 2011-8-28 /

8. Их Монгол улс байгуулагдсаны 806 жил, Ардын Хувьсгалын 91 жилийн ойн баяр наадамд 2-р байр /2012-7-13 /

9. Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жил, Ардын Хувьсгалын 92 жилийн ойн баяр наадамд 3-р байр / 2013-7-13 /

10. “Шилмэл мал” – 2013 үзэсгэлэн, мал эмнэлэг үржлийн алба 90 жилийн ойн баяр наадамд 4-р байр / 2013-9-20 /

11. Ардын Хувьсгалын 93 жилийн ойн баяр наадамд 1-р байр / 2014-7-13 /

12. Даншиг наадамд 2-р байр /2015-8-08 Хүй долоо/

Жижиг хээр-2003 оны унага

1. Ардын Хувьсгалын 86 жилийн ойн баяр наадамд 1-р байр / 2007-7-13 /

2. Ардын Хувьсгалын 88 жилийн ойн баяр наадамд 3-р байр / 2009-7-13 /

3. Ардын Хувьсгалын 89 жил, Сэлэнгэ аймгийн 79 жилийн ойн баяр наадамд 3-р байр / 2010-7-11 /

4. Хүннү гүрний 2220 жил, Их Монгол улс байгуулагдсаны 805 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Ардын хувьсгалын 90, 89 жилийн ойн баяр наадам тус бүрт 2-р байр /2011 он/

5. Их Монгол улс байгуулагдсаны 805 жил, Ардын Хувьсгалын 90 жил, Сэлэнгэ аймгийн 80 жилийн ойн баяр наадамд 3-р байр / 2011-7-13 /

6. МУ-ын арслан Эрхэмбаярын цолны мялаалга наадамд 1-р байр / 2011-8-28 /

7. Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жил, Ардын Хувьсгалын 92, 91 жилийн ойн баяр наадам тус бүрт 1-р байр

8. МУ-ын манлай уяач Д.Ганбаатар агсны хурэн халзан морины хөшөөний хүндэтгэлийн наадамд 2-р байр / 2013-8-4 /

9. “Шилмэл мал” – 2013 үзэсгэлэн, мал эмнэлэг үржлийн алба 90 жилийн ойн баяр наадамд 1-р байр / 2013-9-20 /

10. Ардын Хувьсгалын 93 жилийн ойн баяр наадамд 2-р байр / 2014-7-13 /

11. Даншиг наадамд 1-р байр /2015-8-08 Хүй долоо/

МАНДАЛЫН ГАНГАН ДОРЖОО

1991 оны Улсын наадмын жороо морины уралдаанд 3 дугаар байр, намар нь Зүүнхараад НАХЯамны баярт түрүүлсний дараа. Ширхэнцэг хайрханы өвөрт

Хүй Мандалаас эх авсан тунгалаг уст Хараагийн гол, үзэсгэлэн төгс Хангайн сүрлэг уулсын нутагт Түшээт хан аймгийн Баатар вангийн хошуу, одоогийн Сэлэнгэ аймгийн Мандал сум оршдог. Энэ нутагт улс даяар цуутай хурдан хурц хүлэг морьд олноор төрдөг ба Монгол хүний дээд гоёл болсон уран жороо морьд мөн л олон байдаг.

Мандал сумын Түнхэлийн голд төрсөн унага “Цахилгаан” Дүвжирийн хээр морь улсын наадамд 2 жил дараалан түрүүлж байсан бол энэ нутгийн хүү Жигмэдийн Пүрэвсүрэнгийн унаган адуу Монгол төрийн уран дархан Дэмбэрэлийн Алтангэрэлийн хээр азарга 2001 оны улсын их баяр наадамд айрагдаж байлаа.Энэ хээр азаргыг даага байхад Пүрэвсүрэн нь дүү Доржоодоо бэлгэнд өгсөн ба шүдлэн насандаа улсын баяр наадамд аман хүзүүнд хурдалж хязааландаа 6-д, соёолон насандаа 7-д , хавчиг жилээ 8-д давхиж байсан хурдан буян юм.

Мөн энэ нутгаас улсын наадамд айрагдсан Бүргэдийн хар, өндөр Алтангэрэлийн шарга, саарал, Нядсүрэнгийн буурал, Эрдэнэбилэгийн хээр Валькагийн хул, Улсын наадамд 3 түрүүлж 1 айрагдан, Архангайн даншигт түрүүлсэн МУМ уяач Долгорын Ганбаатарын дархан түмэн эх хүрэн халзан морь зэрэг хурдан буянууд төрийн наадмын хурдан морины цуваанд тодоор бичигдсэн байдаг.

1981 онд 60 жилийн ойгоор улсын наадмын жороо морины уралдаанд Мандал сумын харъяат Чойжингийн Лхагвын бор морь түрүүлснийг, ганган Доржоо хэмээх Жигмэдийн Доржсүрэн арван мянган төгрөгөөр худалдан авч шуугиан тарьж байлаа.

1991 онд 70 жилийн ойн жороо морины уралдаанд Хөвсгөлийн Хишигбатын 25 настай жороо хар морь түрүүлж, Мандал сумын ганган Доржоогийн жороо саарал, Батсүмбэрийн Дашдэмбэрэлийн хар морь, Баруунхараагийн Лувсандоржийн хүрэн халзан зэрэг морьд айрагдаж байлаа.

Мөн Мандал сумын Бүргэдийн Хүрэлбаатарын хээр алаг морь улсын наадмын жороо морины уралдаанд аман хүзүүнд ирсэн баримт байдаг. Одоогоор Мандал сумын Баглаа хэмээх Цэрэндоржийн унаган, Доржпаламын Арвингийн 2 жороо хээр морь улсын наадмын жороо морины уралдааны өнгийг тодорхойлж, тус бүр 6-н түрүү, 10-аад айраг аваад байна.

2012 оны улсын наадмын жороо морины уралдааны эхний 4 морь Мандал сумын морьд байсан нь ганган Доржоогийн өсгий цагаан хээр, Арвингийн 2 хээр, Отгонбаярын хүрэн морьд байлаа.

Мандал сумын Жанчивын Отгонбаярын хүрэн морь улсын наадамд 1 түрүүлж, 4 айрагдсан аймаг сумын наадмаас олон айраг түрүү авсан жороо морь байдаг.

Ж.Доржоо эхнэрийн хамт хоёр жороо цавьдар морьтой, Х.Мягмардорж, хар азарганы Энхдаваа, Баруунхараагийн Цогтоо нар. Батсүмбэр сум 1994 он

Жороо зээрд үрээ, ногоон Асьяагаас авсан сайвар хонгор морь, Зэлтэрээс гаралтай жороо халтар морьд

Алтанхуягийн жороо хул үрээг хүргэн Г.Лувсангүнжав, Жороо хонгор морийг охин Г.Цэнгэлмаа унасан байна. 2014 он, Зүүнхараа

Д.Эрдэнэхуяг, Ж.Доржсүрэн нарын ярилцлага /2015.09.04/


Д.Эрдэнэхуяг: Сайн байна уу. Сайхан намаржиж байна уу?

Ж.Доржсүрэн: Сайн. Та бүгд сайхан намаржиж байна уу?

Д.Эрдэнэхуяг: Та аль нутгийн хүн бэ?

Ж.Доржсүрэн: Ах нь Түшээт хан аймгийн Баатар вангийн хошуу буюу одоогоор Сэлэнгэ аймгийн Мандал сум Төв аймгийн Батсүмбэр сумын зааг залгаа нутаг Түнхэл гэдэг газар төрсөн хүн. Манай аав Баатар вангийн адууны Навааны хүү, Өндөр Жигмэд гэж хүн байлаа.

Д.Эрдэнэхуяг: Таныг жороо морь, сайхан морь унаж эдэлдэг хүн гэлцдэг. Тэр тухайгаа ярих уу?

Ж.Доржсүрэн: Миний өвөг дээдэс болон аав маань олон сайхан адуутай сайн уяач байлаа. Би 7 настайгаасаа хурдан морь унасан. Олон ч айраг түрүү авч байсан. Тэр үед манай аав Төв аймгийн Баяндэлгэр сумаас онбо Навааншарав гэдэг хүнээс жороо хээр морь авсан юм. Тэр хээр морийг би их унасан. Манай өөрийн унаган жороо хул алаг гүү байлаа. Тэр 2 адуунаас л би жороо морины сайхан явдлыг мэдэрч жороо моринд дуртай болсон доо.

Д.Эрдэнэхуяг: Та ер нь хичнээн жороо морь унаж эдлэж байсан тухай?

Ж.Доржсүрэн: Би өөрийн унаган болон худалдан авч унаж байсан жороо морьдоо бичиж тэмдэглэсэн байдаг юм. Одоогоор дөчөөд морь болоод байгаа. Идэр залуу насандаа ах нь мөн ч олон жороо морь өндөр үнээр худалдаж авсан даа. 1980- аад оны үед арван мянган төгрөгөөр жороо морьд худалдаж авч байсан хүн надаас өөр олон хүн байхгүй байх.

Д.Эрдэнэхуяг: за.. Таныг яагаад Ганган гэж хочилдог юм бэ?

Ж.Доржсүрэн: Ах нь алтаар биш адуугаар гоёдог хүн. Хан уулын ард дөрвөн уулын дунд хатан туулын хөвөө Буянт-Ухаагийн ногоон дэнж дээр Халхын сайхан бүхэн цуглачихсан наадаж байхад би сайхан морио унаж буурлын буянаас үлдсэн эмээл хазаар, эд хэрэглэлээ эдэлж хэрэглэж яваад авсан хоч доо. Ер нь Монгол хүний дээд гоёл бол сайхан морь жороо морь юм шүү дээ.

Д.Эрдэнэхуяг: Саяхан Хүй Мандалд болсон Даншиг наадамаар Сэлэнгэ Баруунхараа сумын Мижиддорж гуайн охин М.Баярмаа маань жороо морины уралдаанд амжилттай оролцсон, тэгвэл 90-ээд оны эхээр манай аав амьд сэрүүн Батсүмбэрын 24-зөрлөг орчим нутагладаг байхад, Батсүмбэрын наадамд Мандалын ганган Доржоо эхнэртэйгээ хоёулаа жороо морины уралдаанд айрагдсан, Батсүмбэрийн унаган өнөө “МонТэд” ХХК-ийн Ц.Ганболдын хар морь түрүүлж байсан тухай сонссон юм?

Ж.Доржсүрэн: Манай эхнэрийг Алзахгүйн Эрдэнэцэцэг гэдэг.” Спирт БалБурам” компанид ажилладаг. Манайх хүү, охин хоёртой. Охин маань айл болж тусдаа гарсан. Хүү ХААИС-ийн 5-р курсийн оюутан. Малын эмчийн анги. Манайхан бүгд л моринд дуртай. Моринд сайн хүмүүс. Эхнэр бид хоёр ижил 2 жороо цавьдар морь уначихаад Батсүмбэр сумын наадмаар жороо морины уралдаанд уралдаж би 3-т, эхнэр маань 4-т ирж байлаа. 1994 онд юм даа.

Түүнийг л яриад байна даа. Тэр уралдаанд:

1-т Дашдэмбэрэлын хар морь, чи сайн мэднэ!

2-т Борнуурын Хаянгын бор

3-т миний унасан цавьдар

4-т Манай эхнэрийн цавьдар, удаах морийг сайн санадаггүй шүү

Д.Эрдэнэхуяг: Таньд одоо жороо сайвар морь олон байна уу?

Ж.Доржсүрэн: Нэг зээрд үрээ морь байгаа. Бас хуурай дүү А.Алтанхуягийн маань үрээхэн хул морь байгаа. Арвингийн том хээр Баглаа Цэрэндоржийн унаган морь юм шүү дээ. Тэр хул үрээ бас тэдний угшилтай. Одоо сайхан явж эхэлж байна даа. Түүнийг би унадаг юм. Ах нь ч одоо нас ахиад их жороо морины энийг гүйцэхээ байх нь. Биед амар бэлэн сайвар морьд л унаж байна даа. Ирэх зуны наадамд хэдэн морь ачиж очно. Хүү, эхнэр, хүргэн, охин маань бүгд л унаж уралдах байх.

Д.Эрдэнэхуяг: Таны энэ олон жороо морьдоос хамгийн их явдаг жороо морь аль нь бэ?

Ж.Доржсүрэн: 1981 онд улсад түрүүлсэн Чойжингийн Лхагвагийн бор морь, уяж байгаа шүдлэн үрээнүүд тарлахад нь эргүүлж өгөөд цуг хөдөлдөг байлаа. Хамгийн сайхан морь гэвэл Бүргэдийн Эрдэнэбаатарт өгсөн Бандиас авсан хар морь харсан хүн болгон гайхаж дуу алддаг байлаа. Хамгийн уран жороо морь гэвэл ёстой тэлмэн жороо МУА уяач Хорлоодой гуайгаас авсан саарал морь үнэндээ л гоё гишгэдэг морь байлаа. 1990, 1991 онд улсад 2 айрагдсан энэ саарал морийг эхнэр маань их унасан даа.

Д.Эрдэнэхуяг: Та манай жороо морины спортын талаар ямар бодолтой байна вэ?

Ж.Доржсүрэн: Үндэснийхээ энэ их өв соёл жороо морины уралдааныг хөгжүүлэх талаар асар их ажил жороо морин тойруулга бүтээж байгаа та нарт ах нь үнэхээр баярлаж байна. Та нарын бүтээн байгуулж байгаа энэ жороо морин спорт,хийморлог үйлсд чинь ах нь нутаг орныхоо олон түмэн найз нөхөдөө уриалан тус дэм болж ажиллана аа.

1991 онд Ширхэнцэг хайрханы өвөрт. Монгол улсын аварга Д.Хадбаатар НАХЯ-ны баярт түрүүлсний дараа жороо хээр морь, Б.Эрдэнэбаатар, Ж.Доржоо, улсын начин Мижиддорж, уяач Энхдаваа (Баруунхараагийн хурдан хар азарганы эзэн) нар


1991 оны намар. Ширхэнцэг хайрханы өвөрт

ӨЛЗИЙТИЙН ЛХАМАА БУЮУ АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Г.ЛХАГВАСҮРЭН

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Аймгийн алдарт уяач Г.Лхагвасүрэн гуай 1973 оноос жороо морь унаж эхэлсэн байна. Анх Мандахын жороо хээр морийг аав Дэмчигийн Гомбожав нь 11 адуугаар авч өгч байсан гэдэг. Аав Д.Гомбожав нь морийг сайхан унаж эдэлдэгээс гадна жороо моринд дуртай хүн байсан нь Лхагвасүрэн гуайд” удамшсан” гэдэг. Хээр мориноос хойш олон сайн жороо морь унаж эдэлж наймаалж ч явсан байна. Өөрт нь байсан дөнгүүр жороодоо тоолоход 30 гаруйг нэрлэж байлаа. Ховд, Увс, Завхан, Булганаас гадна сүүлийн жилүүдэд л гэхэд Дорнод зүүн талаас арваад жороо морьд авсан аж. Өлзийт хороонд уяачид хурдан гэсэн адуу юугаа тэжээн өвөлжихөд Лхагваа гуайн жүчээнд жил болгон л хурдан хурцаас гадна жороо морины өвс тэжээл бэлтгэх нэмэлт зарлага байдгийг бусдаас сонсож байлаа.

Г.Лхагвасүрэн Төв аймгийн Цэгмид гуайн хамт. Хүй долоо. 2014 он

1994 оны орчим Хэнтийн Чандаганы уурхайн казак нөхрөөс Өвөрмонголын Үзэмчин гаралтай жороо хонгор морийг авч байсан нь дээрхи олон жороодоос сор нь байсан гэнэ. Энэ хонгор морийг жороогоор нь ухас хийхэд нүднээс нулимс гартал хөдөлдөг хурдан жороо байсан гэдэг. Хонгор морь ааш авир дөлгөөн, сайхан өндөр сэрвээтэй чацархаг морь. 1998 оны үед нилээд ахимаг насанд нь Мянгын Халтар гуай насны эцэст энэ сайн жороо морины нуруун дээр биеэ амраая гэж олон ч гуйснаар нь зарсан даа. Олон жороо унаж байсан ч Лхагваа гуай ер нь жороо морины уралдаанд оролцож байсан удаагүй. Түүний анхны уралдаан нь 2015 оны 8-р сарын 9-нд Хүй долоод болсон “Хүрээ цам-Даншиг наадам”-аар зохиогдсон жороо морины уралдаан юм. Энэ уралдаанд Дорнод гаралтай жороо зээрд морио унаж 5-р байрт орсон байна. Зээрд морийг хязаан насанд нь нутгийн дүү Баяндалайгаас авсан. Тойргийн уралдааны талаар Лхагваа гуай өгүүлэхдээ: Над шиг өвөл нь жороо морь тэжээж ордог хүнд их зүгээр “морин спорт” байна. Унаач, морь хоёр байнгын бэлтгэлтэй байж аль ч улиралд уралдаж болохоор юм. Том хүн тэгээд жороо морио мэдэх учир хөгжих юм байна.

Монгол жороо морины уран гайхамшигтай тэр агшин мөчийг хурсан олонд харуулж байхдаа цаашдаа эрлийз жороог тусад нь явуулахгүй бол жинхэнэ Монгол жороо морины ид шид нь гарахгүй шүү, ийм зайд эрлийз адуу биеийн том, алхалтаараа авчихдаг гэж захиж байсан. Жороо морин спортыг хөгжүүлж байгаа бидний хөтөлбөрийг уншсан мэт хэлэх энэ хүний захиас нь аргагүй насаараа жороо морины нуруунд “халсан” хүний сэтгэлээсээ хэлсэн ахын сургаал, урмын үг байсныг гээж боломгүй байлаа. Уяач, адуу сонирхогчид Лхагваа гуайг улс бүсэд олон адуу айрагдуулж байсан сайн уяач гэдгээр нь андахгүй. 1980 оноос хойш 35 жил Хан-уулын ард тасралтгүй морь мордуулжээ. Улсад 1 түрүү 2айраг авч, бүсэд 9 адуу айрагдуулжээ. Улс хувьсгалын 79 жилийн ойгоор Дарамренчингийн алаг соёолон аман хүзүүлж, Улс хувьсгалын 80 жилийн ойгоор хавчиг азарга түрүүлсэн. Улс хувьсгалын 90 жилийн ойгоор Өвөрхангай Уянга сумын Бямбасүрэнгийн их морийг 4-өөр оруулж байсан.

2013 онд Архангай аймагт болсон Хангайн бүсийн соёолон насны уралдаанд 4-р ирсэн хүрэн морь, унаач хүү У.Тэмүүжин, Г.Лхагвасүрэн жороо зээрд морьтойгоо

Аав Д.Гомбожав Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум 1970-аад оны эхээр

ЖААЛИЙН БАТЖАРГАЛ

Ж.Батжаргалын төрсөн нутаг ньТөв аймаг Бөхөгийн гол. Цэргээс халагдсан залуу нутгийн ах нарийг даган морины наймаанд орсон түүхтэй. Энэ нутаг голоос 60, 70-иад оны үед данхар Доржсүрэн гэдэг хүн сайхан жороо цавьдар морьтой халамцуухан их хэнхийж явдаг нутгийнхан их хүндэлнэ. Нутгийн хөгшчүүлийн ярьснаар энэ хөндий орчим Богд хааны жороо сүрэг байсан гэнэ. Түүний эмээ нь зуун жороо цагаан морьдтой лам нар явдаг байсан, лам нар хөдөөлөхдөө жороо морь л унадаг, мөн алдартай үзэмчин саарал морь байсан тухай ярьдаг байжээ. Мөн жаж Дашдоржийн хонгор халзан гэж сайн жороо байсан гэдэг. Өөрийн тухай тэрбээр 1997 оны үед түүний Хэнтийн Цэнхэрмандалын Алтан Мажиг гуайгаас зарагдсан хээр морийг Машбатаас авч унаж байлаа.Сүүлд Хөлөнбуйрын Сумьяагийн Лайтаваас зэгэл цавьдар үрээхэн морь авсан. Энэ сайн жороо болсон. Жороо морийг хөнгөрүүлж байгаад сэрүүнд, орой бүрийд сургахад жороо явдал нь илүү ордог. Жороо морь явдалдаа толгой дор, дөрвөн хөл бахим бүдүүн байвал сайн тухай хуучилж байлаа. Мөн залуудаа Баян-өнжүүл гаралтай Вандан-ишийн алаг морийг унаж үзсэн үнэхээр сайн жороо байсан гэдэг. Ж. Батжаргал гуайнд очиход гаднаа 2,3н жороо морьд уяж ойр зуур хөдөлгөж байлаа. Тэрбээр 2009 онд Борнуурын урьхан Ганбаа-гийн уяач Лхагваагаас биеэрхэг жороо хээр морь авсан нь 2010 оны жороо морины уралдаанд хүмүүс Мандалын Арвины хээртэй андуурч байсныг санаж байна. Хойтон жил нь Дашинчилэн сумаас авсан жороо хээр морьтой ижилсүүлэн говийн Тагарваа багшид зарсан байна. Ж.Батжаргал гуайн адууны суурь нь Жаргалант гаралтай ч цус их сэлбэсэн нь ярианаас нь мэдрэгдэж байлаа.

Сүхбаатар гаралтай жороо хүрэн морийг хөдөлгөж байгаа нь

Бүр 1989 оны үед түүний уяж уралдуулж сум болон аймагт 3-иар давхиулаад Алтанбулагийн Батмөнхөд очсон, Батмөнхөөс Өндөрширээтийн Дамбийнямд зарагдсан бор морь бол улсад айрагдаж байсан Дамбийнямийн бор морь юм.Түүнээс хойш ер нь морь уяагүй шинжтэй. Харин олон жороодыг унаж зарсан байна. Ер нь эртнээс жороо адууг сургаж унаа болгож зарна гэдэг нь одоогоор хүнд сайн машин 570,бенз-г нь бэлдэж өгч байгаатай адил гэж байлаа.Айл саахалтын залуу /хуурай дүү/ Раднаагийн Баатартогосуугуул нутаг Архангайн Хашаат сум аж. Анх Улаанбаатар хотын Сүлжмэлийн 2-р үйлдвэрээс илгээлт авч энэ нутагт мал маллаад 21 жил болжээ. Бас жороо моринд сонирхолтой. Унаж яваа жороо хул морь нь Төв аймгийн Аргалант гаралтай гэнэ. Ж.Батжаргал гуай цааш нь: ах нь хонь голлон хэдэн азарга адуутайгаа эртнээс удмын хурдтай, жороотой энэ сайхан нутагтаа адуу малын буянд олонтойгоо сайхан байна аа гэх, үнэхээр сайхан үгээр нь тэмдэглэлээ дуусгалаа.

Хүү Б. Хэнмэдэх жороо хар морио хөтөлжээ.

Уяач Лхагваагаас авсан жороо хээр морь. Хүй долоо жороо морины уралдаанд дүү Баясах 2010 он

Р.Баатартогос Төв аймгийн Аргалант сумын гаралтай жороо хээр морио хөдөлгөж байгаа нь

ЭРДЭНЭЦАГААНЫ ЖОРОО АДУУНУУД

Уудам дэлгэр Монгол орныхоо зүүн өмнөд хязгаарыг үеийн үед сахиж хамгаалж ирсэн Үндэсний Эрх чөлөөний хөдөлгөөний томоохон төлөөлөгч Богд Хаант Монгол Улсын зүүн хязгаарын монголчуудыг дагуулан тохинуулах сайд, Ардын засгийн үед зарлигаар залсан засгийн газрын сайд явсан төрт шашины нэрт зүтгэлтэн хатгин Егүзэр хутагт Жамсранжавын Галсандашын шавь ард, Сэцэнхан аймгийн хурц ван Түддэнгийн хошуу одоогийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум нь эдүгэй 30 000 /гучин мянга/ гаруй адуугаараа Монгол улсад эхний гуравт ордог. Жороо удган, хурдан хурц адуугаараа алдартай нутаг билээ. 2005 онд Өндөр гэгээний даншиг наадамд айрагдаж, 2007 оны Улсын баяр наадамд түрүүлсэн Сумъяагийн Амартайваны унаган Б.Энхболдын дүүгүүр саарал болно. Улс бүсийн чанартай олон наадамд айрагдсан Б.Батболдын унаган /Егүзэр хээр/ морь улсын наадамд соёолондоо айрагдсан, Л.Бадарчийн унаган, Н.Лутбаярын зул шарга, мөн Туушин компанийн Зоригтын хар азарга энэ жилийн бүсийн наадмуудад айрагдсан Д.Арсланбаатарын унаган Дорноговийн Жаргалсайханы хул алаг азарга, Ө.Батсайханы халиун морь, Нүүдэлчин группийн ерөнхийлөгч Шүхэртийн Лхамсүрэнгийн босоо хүрэн /Ц.Амгаланбаатараас авсан/ гээд тоочвол олон хурдан буяныг нэрлэж болно. Хурдан адуунаас гадна жороо морьдоор гайхуулдаг ард түмэн бол миний нутгийн зон олон юм. Егүзэр хутагт маань өөрөө хэдэн сууриар адуутай, моринд эрэмгий нэгэн байсан гэдэг.

Хутагтын сан жасын адуу Хатиган хошууны ардын сүрэг Хутагтад шавь орж харъяалалд нь явж ирсэн буриадууд 1910-аад онд Өвөрмонголоос нүүж ирсэн Хуучид Вангын хошууны ардын адуун сүрэн нийлж энэ нутгийн гол цөмийг бүрдүүлж байсан байна. Энэ үед Егүзэр хутагтын адуучин уяач Дэндэв, Гэлэгсэнгэ нарын хүмүүс хурдан жороо морьдыг нь найр наадамд уяж сойдог байсан гэдэг. Сумын өндөр настаны зөвлөлийн дарга А.Буяндэлгэр /71настай/ 1960-аад оноос Урт, Зотол 2 сум нийлж Эрдэнэцагаан сум болсон юм. Энэ үеэс сумын наадамд жороо морь уралддаг байсан зарим үед жороо морийг даагатайгаа хамт эргүүлж зэрэг уралддаг байсан. Тэр үед Гэзэгшаравын жороо цагаан морь түрүү даагатайгаа зэрэг ирж Шарав гуайн гэзэгнийхээ үзүүрт уясан зоос нь хангир жингэр дуугараад барианд ордог байсан. Энэ үед Хоржийлаагын саарал морь, Хэлгүй Шарав буюу Дагаазын хээр морь, Босоо Жигжидийн хээр морь гээд сайн жороо морьд байсан. Мөн үзэмчиний Хоржийлоо баяны жороо саарал адуу гэж байсан. Намайг 1962 онд тэр бригадад тоо бүртгэгчээр очиход жижигхэн жороо саарал морь миний ноормонд өгч байсан. Нэг үе жороо морийг галбирын согогтой адуу гэж үзэж байсан үе бий. Хөдөө Аж Ахуй яамны ерөнхий мал зүйч Гомбодорж гэдэг зоо техникч ирж Гөөг Төмөрийн жороо халиун азаргыг агталж байсан тухай дурсан ярьлаа. Миний аав Гончигийн Сумъяа нь 17 настайгаасаа эхлэн Жаргалын зам нэгдэлийн адууг 33 жил хариулсан адуучин хүн байсан юм. Аав маань наадмаар махирдуухан зоотой жороо улаан хээр морь унадаг, бригадынхаа тугийг барьж морьдоо гаргадаг байсан нэг удаа наадмын талбай дундуур жороо хээр мориороо морь гаргаж байхыг нь харсан хилийн отрядын орос сургагч энэ жинхэнэ монгол хүн байна гэж хуруугаа гозойлгож байсан тухай тэр үеийн сум нэгдэлийн дарга байсан Балын Ядамсүрэн /агсан/ дурсаж байжээ. Тэр хээр мориор чөх гээд дайрахад ямар ч морийг жороогоороо уургалдаг байсан юм. 1990-ээд оны дунд үед миний бие жороо морь сонирхож 1992 онд болсон Сүхбаатар аймгийн 50 жилээр унаган жороо цавьдар морьтойгоо 200 гаруй километр явж очиж оролцож байлаа.

Сэнгийн Хүрэлбаатар агсанаас дэлтэй жороо хүрэн морь худалдан авч өөрийн унаган жороо хээр морь мөн Өвөрмонголоос орж ирсэн жороо улаан морьдыг унаж эдэлж 1994 оны Алтан дарь овооны тахилгад очиж уралдаж байлаа. Түүний дараа миний дүү Сумъяагийн Нэргүй үзэмчиний Пилжээгийн Арсланбаатар гэдэг хүнээс сайн жороо хонгор морь худалдан авч түүгээр нь би хэдэн жилийн наадам гоёсондоо. Миний хувьд нутгийн жороод санаа тавин өнгөрсөн жил Хүйдолоо-д болсон “Шилмэл мал”-ын үзэсгэлэнгээс Ховдын Булган сумын Торгуудын жороо хонгор гүү охин хээр даагатай нь хамт, мөн хязаалан жороо хээр үрээг азарга тавихаар авсан. Угшилтай хэдэн байдас хураалгана даа. Эрдэнэцагаан сумын жороо адууг үзэмчин жороо адуугүйгээр тодорхойлох боломжгүй юм. Өвөрмонголын зүүн, баруун үзэмчин хошуу бол эртнээс жороо адуу өсгөн үржүүлж ирсэн нутаг юм. Тэр дундаа өвөр Хянганы нуруунаас эх авсан нарийн голын тэгш уужим хөндий хөвдөрхөг зөөлөн нугаар идээшиж өссөн адуу төрөлхийн жороо явдалтай байдаг. Одоо ч тэнд Мандахбулагын жороо адууны удам байна. 1945 оны чөлөөлөх дайны үеэр үзэмчинээс 3 хэсэг нүүдэл 60 гаруй өрх Эрдэнэцагаан суманд баруун үзэмчиний нэлээд өрх айл Дорнод аймгийн Сэргэлэн суманд суурьшиж амьдарсан байдаг. Тэд бол тэр үеийн цагийн ороо бусгаа байдалд шийдвэр гаргаж ар монголын ардын засгийн уриалгыг дэмжин зөвшөөрч /тогтсон төрийн усыг ууна/ хэмээн зорьж зүтгэж ирсэн Авга, Цахар, Хуучид нарын нэгэн адил халуун сэтгэлт хөдөлмөрч хичээнгүй ард түмэн юм. Эдүгэй 79 настай Төмөрийн Ренчин гуай ярихдаа бид 1945 онд Орос монгол цэргийн цувааг дагаж орж ирсэн эхний 16 өрх айлын нэг нь миний аав Мөнхийн Төмөрийнх байсан юм. Аав маань сайн жороо цагаан морьтой байсан мөн хонгор азарга, жороо халиун гүүний дундаас халиун азарга гарсан нь сулдаа тэлмэн жороо адуу байсан. Би тэр айлын ганц охин байсан болохоор аль сайн жороог нь унаж өссөндөө. Сүүлд бүх адуугаа нэгдэлд өгсөн унааны хэдэн адуу үлдсэн нэгдэлд очоод юу болсоныг бүү мэд хэмээн ярьлаа.

Мөн эдүгэй Улаанбаатар хотод амьдарч байгаа 81 настай Хоржийлаагын Батаа гуай: Миний аав Чулууны Хоржийлаа нь 4000 гаруй малтай үзэмчиний баян Нямаарихын дараа орох баян хүн байсан. Би тэр хүний охин нь юм. Аав нь жороо саарал морио өөрөө унаад уралддаг байсан наадамд олон түрүүлсэн тэр саарал морийг миний ээжийн ах Төмөржа /морин спортын гавъяат тамирчин Цэрмаагийн аав/ Улаанбаатарт уралдуулсан байхаа. Аав минь жороо адуугаа тэр сайн энэ сайн чи ав гээд л амьтан ах дүүд харамгүй өгдөг хүн байсан. Гөлөгөөгийн аав Бадамсүрэн гуай сайн жороо морь авч байсан гэж ярьлаа. Үзэмчиний сүүлийн сайн жороо морь бол Абу буюу Амьбөх гуайн хар морь байсан бөгөөд 1990 оны Алтан овооны тахилгын анхны наадамд П.Арлсанбаатар унаж түрүүлж байсан ба гэргий Х.Цэцгээгийн хамт сайхан хос моритоны тэмцээнд түрүүлж байсан байна. Хамгийн сүүлийн алдартай жороо морь бол Тамзавын Доржпаламын халиун морь юм. Энэ халиун морь 2010 онд болсон Егүзэр хутагтын 140 жилийн баяр наадам, 2012 онд болсон Хатгины 2 дугаар наадамд тус тус түрүүлсэн алдартай хүлэг юм.

Эрдэнэцагаан сумын Засаг дарга, Монголын үндэсний жороо морин спортын холбооны гишүүн, яруу найрагч С.Амартайван

Морьтой Монгол аян арга хэмжээний гараа

ДАВААСҮРЭНГИЙН ОЙНБАЯР

Унаач Наран жороо хээр морьтой, Д.Ойнбаяр хонгор морьтой. 2014 он

Говь алтай аймгийн Цээл сумын Бүрэн Жаргалан багийн уугуул Даваасүрэнгийн Ойнбаярын унаган адуу. Түүний өвөг эцэг С.Бадамцэрэнгийн адууны гаралтай хурдан болон жороо гаргадаг хээр гүүний унага. Эцэг талдаа бугат сумаас гаралтай хар азарга юм. Хээр морь 2014 оны үндэсний спортын 5-дугаар их наадмын сорилго уралдаанд шилдэг 9-н жороод шалгарсан. 2015 онд нутгийн ах уяач Д.Батмөнхөд зарсанаар нутагтаа жороод түрүүллээ. Жороо хээрийн дүү хязаалан үрээ мөн жороо юм.

Д.Ойнбаярын Жороо хээр

ГОВЬ-АЛТАЙН П.ГАНТӨМӨРИЙН ЦООХОР МОРЬ

Жаргалан сумандаа тэргүүн уран жороогоор шалгарч, аймагтаа тусгай байрын шагналтай.

Аймгийн алдарт уяач, Шувуун хээр уяачдын холбооны тэргүүн Пүрэвжавын Авирмэд, Монголын үндэсний жороо морин спортын холбооны захирал Т.Төмөрбат нар Говь-Алтай аймгийн Жаргалант суманд. 2015.11.01

ЖОРОО МОРЬ СУРГАГЧ, УНААЧ Д.ГАНЗОРИГ

Монголын үндэсны жороо морин спортын холбооны гишүүн, сургагч унаач Д.Ганзориг

Сүүлийн үед жороо морин “спорт” сонирхогч залуус олон болсон. Тэдний нэг болох Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул Даваасүрэнгийн Ганзориг гэгч залууюм. Тэрээр анх танилцахдаа лнутаг сумандаа хэдэн сайхан жороо гүү малтай, төл нь жороо гарч байгаа одоо аавынх нь дүү Батэрдэнэ гэдэг хүн малладаг, жороо алаг үрээний эх жороо цоохор гүүгээ аавын минь жороо хонгор азарганы угшилтай хэмээн ярьж байсныг санаж байна. Хожим аавынхаа дурсамжаас ийнхүү өгүүлсэн юм. Миний аав Ч.Даваасүрэн 1950 онд малчин Чүлтэмийн гэрт мэндэлсэн. Багадаа хурдан морь унаж өссөн гэж ярьдаг байснаас гадна, 13 наснаасаа эхлэн өөрийн жороо голдуу адууг өсгөн адууны угшилаа хадгалсаар ирсэн гэдгийггэдгийг хүүдээ захиж өгүүлж байсныг хэллээ.

Ч.Даваасүрэн гуай цэргээс халагдаад тухайн үеийн залуусын адил техник сонирхон хуучнаар 25-р баазад 10 гаруй жил тээврийн жолоо барьж, мөн сум, аж ахуйн даргын жолооч хийж явжээ. Ажлын хажуугаар адуу малын наймаа хийж явсан гэнэ. Энэ үед адуу малыг нь Даваасүрэн гуайн ээж Цэрэндулам, дүү Батэрдэнэ нар маллаж адуулдаг байжээ. Д.Ганзоригийн эмээ Цэрэндулам гуай ер нь адуунд эрэмгий хүн байжээ. Эмээ нь залуудаа 1960-аад оны үед нарийн хээр хэмээх хөтөлгөө 1 морьтой нутгийн тууварчидыг бараадан Улаанбаатар хот орж Ганданд мөргөчихөөд буцаад 2 хээр морьтойгоо талдаа 400 км орчим газар ергүүлээд ирж байсан гэдэг.


Эмээ Цэрэндулам “нарийн хээр” морьтойгоо. 1960 он

Ч.Даваасүрэн гуайн хувьд жороо болон сайн морины наймаа их хийдэг хүн тул нутгийхан нь “панз” хэмээн хочилдог байсан гэнэ. Панз Даваасүрэн морины дэл сайхан засдаг тул нутгийн олон наадамд унах морьдын дэлийг засуулдаг байжээ. Түүний хэдэн жороо морьдноос Их Уул сумаас гаралтай арилжаа саарал, дараа нь жороо цавьдар морьд нь сумандаа сайхан морьдын тоонд ордог байжээ.

1980-аад оны дундуур Тариалангийн Бөөрөлжингөөс жороо хонгор азарга авч тавьснаас одоо угшилаас нь жороо хонгор гүү, жороо цоохор гүүд бий.

СТАНДАРТ ЖОРОО АДУУНЫ ҮҮСЭЛ

Аливаа спортын чиглэлийн адууг бий болгох, өсгөн үржүүлэх явц нь тухайн спортын төрөл онцлогт тохирсон хамгийн дээд амжилт гаргаж болох галбир бие цогцос бүхий адууг сонгон шалгаруулж ашиглах нь чухал.

Тойргийн болон байгалийн саадтай уралдаанд ашиглагдах жороо адууны гол суурь нь нутгийн шилмэл жороо адууны генийн сан бүрдүүлэх төр засгийн зохистой бодлого, эдийн засаг, шинжлэх ухааны үндэслэлтэй судлан зөвхөн спортын хэрэглээ зориулалтаар үржүүлэх ажлыг эхлүүлээд байна. Энэхүү ажлын гол суурь бааз жороо адууг бэлчээрийн маллагааг гаршиж адуулж яваа адуучин бол аймгийн алдарт уяач Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уяач Усны Эхийн Соронзонболд юм. У.Соронзонболд хурдан хурц адууны зэрэгцээ “Янзага” дуудлагат жороо хүрэн азарганы тодорхой сүрэг бий болгон төлүүд нь одоо ид үржилд орж эхэлсэн нь бидний судалгаанд жороо морины спортыг хөгжүүлэх адуун сүрэгт маш их ач холбогдол өгөх болно.

Монголын Үндэсний жороо морин спортын холбооны гишүүн Аймгийн алдарт уяач У.Соронзонболд нь Монгол улсын алдарт уяач Б.УсныЭх агсаны том хүү юм. Монгол улсын алдарт уяач Б.Усны-Эх гэхээр морь сонирхогчид Орлой хонгорын эзэн гэдгээр нь андахгүй. Б.Усны-Эх гуай Хэнтий аймгийн Галшир болон Тонгоон Жамъяангийн адууны угшилтай адуутай юм. Түүний уяаны багш болох “шилбэ” хэмээх Дамдинсүрэн гуай бол Тонгоон адуутай хүн байж. Багшийнхаа адуунаас азарга авч тавьсан гэдэг. Ингэхээр Соронзонболдын адууны уг гарал нь аавын адууны угшил болж байна.

У.Соронзонболд 2007 онд аймгийн алдарт уяач цол авсан. Түүнээс хойш 2008 онд шүдлэн нь аймагтаа 5-д, 2010 онд Хэнтий Мөрөнд шүдлэн түрүү, соёолон аман хүзүү, Баянхангай /Атарт/ шүдлэн аман хүзүү, даага түрүү, соёолон түрүү, хязаалан гуравт.

2011 оны хавар “Жавхлан шарга”-д хээр хязаалан аман хүзүү зэрэг олон айраг түрүү хүртжээ.

Одоогоор У. Соронзонболд англи хээр,А. Сүхбат аваргын халтар, Англи бор, Араб бор, Галширын шарга, Тод манлай Г.Сандуйжаваас авсан Тогоруу угшилын халтар зэрэг олон азарга тавьж цус холдуулсан. Хурдан хурц адуугаа уяж өсгөн, жороо сайвраа унаж адууны тэнгэрээ шүтэж яваа залууд улсын цол ойрхон байнаа.

УЯАЧ Н.ЦООЖИЙН ЖОРОО БОР МОРЬ

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум Н.Цоож жороо бор морьтойгоо. 1994 он

1970-аад онд БаянӨндөр сумын Арвингийн Шарав гуайн хүү Доржид мөн нутгийн уугуул нутаг усандаа хүндлэгдсэн “хувилгаан” Жамбалдорж бор даага бэлэглэсэн гэдэг. Энэ бор даагыг уяаад үзээрэй уяан дундаа жороолбол болиорой, жороолохгүй бол чамд 5 түрүү авчрах адуу шүү гэсэн гэдэг. Улсын аварга тууварчин А.Шарав гуай бор даагыг шүдлэнд сурган уяахад жороолж хүндтэй эрхэм хүний бэлэгний адуу учир бэлэгшээн азарга тавьжээ. Шарав гуайн бор азарганд ах дүү нарын гүү, байдас хураалгаж бага дүү А.Даваа маллаж байжээ. А.Даваа нь морь сайн уядаг, морийг сайхан ч унаж эдэлдэг нутаг усандаа нэр хүндтэй хүн байж. Ах Нэмэх нь нутгийн “анчин”Даржаа гэдэг хүнээс шүдлэн хээр байдас авч бор азарганд тавьжээ. Энэ байдас арилжаа хээр гүү болж олон сайн жороо төрсөн байна. Ер нь бор азарганы төл 10-аад сайн жороо гарснаас дээрхи хээр гүүний төл Нэмэхийн Цоожийн бор морь, Д.Чулуунбаатарын бор, Нарангийн Болдын бор, Балдандоржийн бор, Ажаа Гомбодоржийн цагаан, Сантын Мэндсайханы бор морь гэхчлэн олон сайн жороо морьд гарчээ. Эдгээрийг залган гарч ирсэн Д.Нарангийн зээрд гэж сайн жороо морь говь руу зарагджээ. Эдгээрээс 1985 оны унага Нэмэхийн Цоожийн бор морь ойр орчмын сумууддаа жороогоороо алдаршиж уралдсан сум болгондоо түрүүлсэн байдаг. Тэр үед хайрцагтай “Иж-5”-ыг нэг бус удаа өгж байсан гэдэг. Мөн Цоожийн жороо борийг авах гэж зорьж ирээд хоосон буцахгүйн тулд дүү бор болох Сантын Мэндсайханы жороо бор морь өмнөөс нь зарагдан 1996 оны үеийн 10 эр хонь, 20 ишигтэй ямаа, 5 бяруутай үнээ, 2 сайн мориор өгсөн гэдэг. Н.Цоож жороо бор мориныхоо дүү борлог гүүг Пунцагын Баяраас авсан хүрэн халзан азарган үрээнд хураалгажээ. Халзан үрээ дэлбэгнэсэн сул явдалтай учир жороо болно гэж бодож байсан ч хурдалж олон түрүү айраг авчээ. Хүрэн халзан азарга борлог гүүний дундаас хүргэн С.Мөнх баярын жороо харлаг төржээ. Сайн адуу эзнээ дагаж төрдөг гэж сайхан үг байдаг. 2006 оны хавар 5-р сард эр алаг унага гарахад А.Нэмэх гуай зээ хүү Мөнхбаярын Энхсайханд зүслэж өгсныхөө хоёр хоногийн ард Бурханы орондоо морилсон гэдэг. Н.Цоож унаган адууны угшилаас ялангуяа дүү С.Мөнхбаярын жороо харлаг өнөө цагийн Монголын алдартай жороо буянуудтай айраг түрүүнд өрсөлдөн Хүй мандалын дэнжид жороогийн ид хавийг гайхуулж нутаг усныхаа нэрийг гаргаж байдагт бахархаж байлаа. Хурдан морины амжилтын хувьд сумдад олон айраг түрүү авч байснаас Улсын наадамын их моринд манлай уяач Батчулууны хоёр халзан морь түрүү аман хүзүүнд ирдэг жил Н.Цоожийн хоёр халзан азарга сумандаа түрүү, үзүүрт ирж байсныг дурсаж байлаа. Намар нь бага халзан хавчиг азарга нь Өндөр гэгээний 360 жилд 11-р орж байжээ.

2014 онд өвөг Арвин ахайд зориулж босгосон суварганы уралдаанд муруй хүрэн морь аман хүзүүдлээ. Баян-Өндөр сум. Их Хадан бууц

С.МӨНХБАЯРЫН ЖОРОО ХАРЛАГ

А.Нэмэхийн бор азарганы угшлын С.Мөнхбаярын жороо харлаг морь аймаг болон ойр орчмын сумандаа олон удаа түрүүлсэн. 2014 оны Үндэсний спортын V их наадмын жороо морины тойргийн сорилго уралдааны түрүү, улсын наадмын уран жороо болон 3-р байрт удаа дараа шалгарсан.

Хүй долоо. 2015 он

С.Мөнхбаярын жороо харлагт сумын Засаг дарга С.Хишигдорж Үндэсний Спортын V их наадмын жороо морины тойргийн сорилго уралдааны 1-р байрын шагналыг гардуулж байгаа нь. 2014 он

АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Л.АМГАЛАН

Аймгийн алдарт уяач Жанчив овогт Ламзавын Амгалан

1990-ээд онд нийгэм даяар зах зээлд шилжиж, аж ахуй руу хошуурсан хүнд үед жороо адуу цуглуулж эхэлсэн хүн бол Аймгийн начин Л.Амгалан байлаа. Энэ үед хүн болгон ямар нэгэн бизнес, ганзагын наймаа хөөсөн цаг. Жороо адуу өсгөх байтугай, жороо морины уралдаан бүр орхигдсон үе байсныг бид мэднэ. Харин Л.Амгалан гуай олон сайхан жороо морьдтой болно. Үнэ ханш алдахгүй гэж зориглосон гэдэг.1975 оноос нутгийн уяачдыг даган хурдан морь уяж явсан залууг жороо моринд ороход нь төрсөн ах Аймгийн хурц арслан Ж.Сундуй аргагүй нөлөөлсөн байдаг.

Ах Ж.Сундуй олон сайхан жороо морьд унаж эдэлдэг байжээ. 1997 онд жороо адуундаа нутгийн уяач, сургуулийн багш Гүрсэдээс азарга тавихаар хар зүсмийн жороо шүдлэн үрээ авч, бас нэг жороо халтар азарга нэмэж авснаар азаргаараа жороо адуутай болсон түүхтэй. Үүнээс онцолбол том жороо халтар азарганы олон жороо сайвар байдас гарснаас , хар гүүг сонгон жижиг хар азарганд тавьснаар нэг эцэг эхийн төлүүдээс долоон жороо эр унага гарсан. Жороо хар морьд аймаг сумдын жороо морины уралдаанд айраг түрүү авч сайхан уралдсаар байна. Эдгээрээс хамгийн том амжилт нь 2014 оны 9-р сарын 10нд болсон Үндэсний спортын 5-р Их наадамын жороо морины улсын аварга шалгаруулах тойргын сорилго уралдаанд эцэг хар азарга, 2 жороо хар мориор оролцсноос соёолон жороо хар үрээ 2-р байр эзэлсэн. Харин хурдан адууны хувьд 2007 онд аймгийн алдарт цол авсан байна. Хурдан хонгор азарга, түүний төлүүд нь мөн аймаг сумдад олон ч айраг түрүү авчээ. Ер нь Л.Амгалан гуай ярихдаа хурд, жороо хоёр нэг саванд байдаг. Мөн хурдан тайга нохой сонирхон тэжээдэг. Гальбир хийц сайтай хурдан морь, хөдөлдөг жороо морь, анч нохой адил гэж үздэг гэж ярьж байлаа. Одоо 300 гаруй адуутай орон нутагтаа сайхан амьдрах ажээ.

Ах дүү 7 жороо морины эцэг хар азарга

Ах дүү жороо хар морьд, өсгий цагаан жороо шүдлэн үрээ. Хүй долоо 2015 он

ӨВӨРХАНГАЙН БАЯН-ӨНДӨР СУМ ЗАЛУУ УЯАЧ Д.БАЯНМӨНХ

Миний аав Туухай овогт Бадарчийн Далайхүү Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул, залуудаа бригадын дарга, тоо бүртгэгч, мал тууж байсан, сумын заан цолтой бөгөөд хурдан морь уядаг, жороо морь их сонирхдог хүн байлаа. Сүүлийн унаж байсан сайн морь нь гэвэл 2000 оны эхээр Архангай аймгийн Хайрхан сумын харъяат Түвшинбаяр гэдэг хүнээс авсан Булган аймгаас гаралтай жороо хээр морь юм.

Б.Далайхүү 2010 оны эхээр нутагтаа

Жороо хээр морь хийц сайтай, алдаагүй сайн жороолдог морь байлаа. Аав энэ хээр морио 2010 он хүртэл унаж эдэлж байсан. Үүнийг залгаад манай адууны унаган жороо хонгор морь гарч ирсэн. Хонгор морины дээд угшил нь Төв аймгийн Эрдэнэсант сумын Баян хэмээн Шаравдоржийн угшилтай. Эх талаасаа манай унаган зээрд азарганы төл хонгор гүү болно. Сумын 90 жилийн ойгоор миний аав ойн медаль, Алтангадас одонгоор шагнуулж байхад жороо хонгор морь минь аман хүзүүдэж байсанд баярлаж явдаг.

Д.Баянмөнхийн Хонгор морь сумын 90 жилийн ойгоор аман хүзүүдэв. 2014 он.

2011 онд Есөн зүйлийн даншигт түрүүлж байсан, 2013 онд Улсын баяр, наадамд ирж анх спортын тойргоор уралдсан, тэр жилээ Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 90 жилд түрүүлсэн.

Мөн 2014 онд Баян-Өндөр сумын суварганы баярт аман хүзүүдэж байсан. Миний хонгор морь биеэр жижиг их уран явдалтай, гэхдээ морьтой хамт хөдөлгөхөд хурд ихтэй баргийн адуунд дийлдэхээргүй тамиртай жороолдогоороо онцлогтой.

Хонгор морь унагандаа жороолж байгаад больсон. Дааганд нь уралдуулж байсан нь бие нь задарч дөрвөн хөлийн тамир суусан гэж боддог. Миний сонсоноор сайн хурдтай жороо морь сулдаа жороолдоггүй гэдэг үг бий. Энэ нь үнэн байх.

Хонгор морио залгуулж Дорнод аймгийн Баянтүмэн сумын гаралтай жороо хүрэн шүдлэнгээ авсан. Ирэх жилээс явдлыг нь засч эхлэнэ. Уяач хүний унаган адуунаас хурдан морь, сайн жороо морь заяана гэдэг адилхан хамгийн сайхан билэгдэл гэж боддог.

Categories
xурдан-морь мэдээ нийтлэл

Жороо морины хурдыг тодорхойлохуй

Эх рүүгээ тэших ботгыг эргүүлж буй жороо морьтон

Зураач Н.Жаргалан

Алдын алдын жороонд нь ээ хө

Арын модод налан босноо хө

Дэлээ асгаад бөмбөрөхөөр нь хө

Дэлхий газар дайвах шигээ хө

Ц.Чимэддорж

БОТГО ЭРГҮҮЛЭХ ЖОРОО МОРЬ

Сайн жороо морийг шалгах сонирхолтой энэ аргыг тал хээр, говь нутагт хэрэглэдэг байжээ. Говь нутгийнхан алсаас эхийнхээ араас тэших ботгоны хэр хурдан болохыг мэдэх байх.

Уяатай ботгыг суллаж тавиад хойноос нь морины жороо явдлаар хөөн эхдээ очихоос нь өмнө гүйцэж, тууж ирж чадвал гайхалтай сайн жороо байх болно.


АЛДЫН ЖОРОО

Өнөөг хүртэл баруун Монголчуудын дуу хуур, өвгөдийн ярианд 5, 8, 10 алдын жороо гэж яригдсаар ирсэн. Тухайн цаг үед Монголчууд хурдны нарийвчилсан хэмжүүргүй хэдий ч сайн жороо морины гарааны хурдыг хэдэн алд сурны үзүүрийг газар хүргэлгүй жороолж байгаагаар нь ангилан 5, 7, 8, 10 алдын жороо гэж алдаршуулдаг байжээ. Энэ нь өнөө хир монгол жороо морины хурдны дээд баримжаа болсон. Онцлог нь зөвхөн ойрхон зайд морины гарааны хурдыг хэмжих учир хэдийд ч шалгаруулах боломжтой, морь ганцаараа жороолох учир жороо явдлын алдаа нь шүүгчдийн нүдэнд ил, ахуй талын хэрэглээ болсон бугуйлыг ашиглах ухаан сэдсэн зэрэг болно.

Шалгаруулахдаа баруун ганзаганаасаа сур эсвэл бугуйлны нэг үзүүрийг уяж, нөгөө үзүүрээс нь эвхэж баруун гартаа бариад, морио ухасхийн жороолох агшинд эвхээтэй чигээр нь баруун мөрөө давуулан шидэж тухайн морь жороо явдалдаа хичнээн алд сурны үзүүрийг газраас хөндийрүүлж байгааг нь харгалзан төдөн алдын жороо морь гэж нэрлэдэг байна. Монголчуудын алд гэдэг нь уртын хэмжээ бөгөөд дунджаар 168-175 см-ийг хэлнэ.

ЖОРООГ ТОДОРХОЙЛОХ БУСАД АРГА ХЭЛБЭР

Ховд аймагт жороо моринд хивс тохож хоёр үзүүрээс нь хонх уяад жороолуулдаг. Эхлээд хонх жингэнэж байснаа эрчтэй жороолж байвал хэл нь гозойж дуугарахаа больдог аж.

Сайн жороог ингэж шалгаж болдог байна. Мөн эмээлийн хойд ганзага явдалд нь хойш годойж морины хондлой дээр зөрдөг тийм сайн жороо морьд энэ нутагт нилээд байжээ. Ер нь жороо морины хөл маш хурдан зөөж тавигддаг учраас дээд хурд нь хатирч адууныхаас илүү гэж ярьдаг.

Жороо морийг шалгаруулдаг эдгээр арга нь аргагүй л монгол ахуйгаас үүдэлтэй.

Монголчууд жороо морийг эрт үеэс баяр наадам, гоёлд унаж эдлэн улмаар сонгон уралдуулах хэмжээнд хөгжүүлж иржээ. Ийнхүү жороо адууг эдлэх явцдаа хурдлах шинж биеийн гадаад гальбир дотоод нууц шинжийг гярхай таньж нэрлэсэн байдаг.

ӨМӨЗО-ны Ордосын наадмын Монгол жороо морины уралдаанд түрүүлсэн Шинжаан гаралтай жороо хээр морь. 2013 он

ГАЛБИРШИЛ

Хүрэн хүрэнгийн жороо нь

Хүзүүгээ тавиад бөмбийнө…

“Хүрэнгийн жороо” уртын дуунаас

Морины шинжийн нэгэн сударт ороо, жороо, хурдан гурвыг эндүүрэв гэж тэмдэглэсэн нь бий. Энэ нь жороо морь гадаад шинжээрээ хурдан морьтой төстэйг анхааруулсан үг болов уу.

Цааш өгүүлэхдээ: “Жороо морь болбоос бөгтөр зоотой, дөрвөн хөл бахим бүдүүн, туурай талбиун байваас сайн буй” гэжээ. Баянхонгор аймгийн Богд сумын уугуул улсын начин /жороо морь сонирхогч/ Ч.Баасанхүү жороо морь бүдүүн шилбэтэй сагаг богино, хонин шар нүдтэй, дэл сүүл өтгөн байвал шинж эрхэм, бөгтөр зоотой махир борвитой бол дөрвөн мөчний тэнийлт сайн учир явдалд нөлөөлөх сайн талтай хэмээн өгүүлж билээ.

Хүлгийн шинжийн судрын “чихэр амт” хэмээх бүлэгт нууц шинж маш олон бөгөөд тэр бүгд шүдний янз бүрийн тэмдгээр илэрдэг гэсэн байна. Хурдан хурцад хамаарагдах 21 шинжийн нэгдүгээрт: Торгон зул дээд голын шүдэнд нь буйлнаас эхлэн шүдний доод ирмэг хүртэл шахуу, утас татсан мэт гурви байвал түүнийг ийнхүү нэрлэнэ. Энэ нь хурдан сайхан явдалтай жороо сайвар морины шинж юм гэсэн байна. Ер нь жороо морь шүд сайтай нь хожим илэрсэн жишээ олон бий. 1998 онд уяачдын баяраар уран жороогоор шалгарсан Ч.Баасанхүүгийн халиун морины шүдийг татахад хорь гаруй настай энэ адуу сайхан бүрэн байжээ. Мөн улсын наадамд 1948, 1950 оны жороо морины уралдаанд түрүүлсэн Архангай аймаг Хотонт сумын “жижиг” Дүгэржавын зээрд морийг мөн хорь гаруй наслаад үхэхэд нь түүний толгойг хадгалж шүдийг нь үзэхэд “дор зах” байсан тухай нутгийн уугуул Ж.Ичинхорлоо гуай ярьж байсан. Морь жороолох явцдаа морины бусад явдлыг бодвол арай илүү хүч зардгийг уяачид ярьдаг. Иймд жороо морийг манай өвөг дээдэс алс холын аянд унадаггүй, гол төлөв баяр наадамд харьцангуй ойр зайнд уралдуулан, ноёд хатад зүс ижилсүүлэн унах зэргээр гоёлд эдэлдэг байж болох бөгөөд ер нь жороо морины талаар дорвитой судалгаа үгүйлэгдэж байгаа юм.

Жороо морины тойргийн уралдааны замд Хүй долоон худаг. 2009 он


Л.Мягмарын жороо хар морины галбир. Зүүн гар талаас зохиогчийн аав Д.Долгоржав болон Л.Мягмар нар. Булган аймгийн Могод сум. 1961 он /Амжилт: 1961 онд сумандаа жороод түрүүлж, мөн аймагт айрагдсан/


Аймгийн Алдарт уяач Т.Доржпаламын “Жороо халиун” морины галбир

УДАМШИЛ

Хөөсөнхөн адуу минь

Гучин гурван шарга

Гурваас бусад нь цөмөөрөө

Усан тэлмэн жороо шүү

Монгол ардын уртын дуунаас…

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уяач “Авжаа” хэмээх Б.Цэвэгжав 1940-өөд оны сүүлч

Өвөрмөц уран хэмнэлээр гишгэх жороо морийг унаж эдлэхээс гадна эртнээс ардын уламжлалт селекцийн аргаар үржүүлж ирсэн нь тодорхой амжилтад хүрч байжээ. Нутгийн зүүн талд Өвөрлөгч газрын Үзэмчин жороо гэдэг бол баруун хязгаарт Торгууд, Баяд омгийн жороог үе дамжуулан удамшуулж чаджээ.

Нийт орон даяар жороо адууны нарийвчилсан тоо бүртгэл, судалгаа хараахан үгүйн учир аймаг, сумдад жороо морины уралдааныг тогтмол зохион байгуулж буй байдал, жороо адуу удамшаад байгаа нутгуудаар хийсэн аялал судалгаа, жороо морины шинэ спортыг дэмжигч уяачид, амьд түүх болох өвгөдийнхөө хууч яриа, зарим ном хэвлэлээс эшлэн бичсэн болно. Ховд, Увсын уяачидтай энэ сэдвээр ярилцаж байхнээ найр хурим, наадам, ялангуяа олон ястаны урлаг, ёс заншилд жороо морийг уламжлуулан тусгасан нь ахуй орчинд нөлөөлсөн байх юм. Мөн шинжлэх ухаанаар батлагдаагүй ч малч ухаан, туршлагадаа тулгуурлан Ховд, Увсын уяачдын онцлог нь хол ойрын сумдын алдартай жороо морьдын удам гарлыг сураглан мэддэг, аль нутгаас хэний ямар омог хэвшлийн адуунаас авч өөрийн азарга, гүүтэй нийлүүлж сайн жороо гаргах, жороо адуутай айлын боломжийн үрээ, байдсыг зүсээр нь мэдэж, бүр үнэ ханшийг нь хүртэл багцаалан хэлж байсан. Уламжлалт ийм мэдлэг, санаа тавьж байснаараа дээрхи омгийн жороод эрт үеэс өнөө хэр нь байгаа юм. Мөн Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Хөвсгөл, Завханы зарим сумдын адуунд жороо угшил тасрахгүй л байгаа юм. Адууны эзэд уяачдаас сонсож байхад ахмад үеэсээ адуунд нь жороо гүү эсвэл азарган үрээ байсан тухай ярих нь нийтлэг байлаа. Адууны жороо явдал хэрхэн удамших талаар уяач адуучид ярихдаа “Жороо азарга жороо гүүнээс заавал жороо төрдөггүй, жороо гүү болон сайвар арилжаа азарганаас буюу жороо сайвар явдалтай гүү явдалгүй төлөрхөг азарганаас сайн жороо төрөх магадлал илүү гэлцэх нь бий. Жороо азарганаас нэг л бүтэлтэй төл гардаггүй гэх бөгөөд харин жороо азарганы охин төлөөс жороо төрөх нь элбэг. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уяач

“Авжаа” хэмээх Б.Цэвэгжав 1940-өөд оны сүүлч Өвөрмонголын зүүн, баруун үзэмчин хошуу бол эртнээс жороо адуу өсгөн үржүүлж ирсэн нутаг юм. Тэр дундаа өвөр Хянганы нуруунаас эх авсан нарийн голын тэгш уужим хөндий хөвдөрхөг зөөлөн нугаар идээшиж өссөн адуу төрөлхийн жороо явдалтай байдаг.

Ховд аймаг Мянгад нутгийн Баян Чогцолын угсааны өргөн хэмээх Содовын жороо хар гүү, суман хатираатай хул азарганаас хурдан жороо гурван хул төрж, хурдан хул нь Ховд хотын 200 жилийн ойгоор хязааланд түрүүлж мөн цуурхай эмтэй хурдан хул нь сумандаа түрүүлж айрагдсан байна. Түүний удам сахалт хээр морь жороогоор алдаршиж байжээ.

Жороо адууг удамшуулах талаар бусдаас илүү хөдөлмөр зарж, бас ч үгүй тодорхой үр дүнд хүрсэн түүхэн баримтууд байдаг. Тухайлбал Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын малчин 4-р багийн “Авжаа” хэмээх Б.Цэвэгжав гуай түүний үеийн нөхөр Улсын сайн малчин “Баян” хэмээх Жамган нар жороо адууг илүүтэй сонирхон хаана сайн жороо байна түүнийг сонирхон шинжиж байдгаас гадна санаа таарвал наймаалцан авч унадаг байж. Мөн хурдан морио уралдуулаад айраг түрүү авч, ер нь адууг маш сайхан унаж эдэлдэг хүмүүс байсан гэнэ. “Авжаа” Б.Цэвэгжав гуай моринд жороо явдал оруулдагаараа алдартай бол “баян” Жамган нь газар газраас жороо угшилтай адуу цуглуулан үржүүлж байжээ. Түүний 20 орчим азарга адуунаас 10-аад азарга адуу нь жороо угшлынх байсан үе ч байж, цаашдын сайжруулах арга ухаан нь жороо үүлдэр гаргахыг зорьсон боловч харамсалтай нь хэрэгжиж чадаагүй хэдий ч Говь-алтай аймгийн Чандмань, Тайшир, Жаргалан, Бигэр зэрэг сумд, Завхан аймгийн Шилүүстэй, Баянхонгор аймгийн Баянбулаг зэрэг сумдыг жороо адуутай болоход бодитой нөлөөлсөн гэнэ.

Манай ард түмэн жороо морийг арчлан сургах, унаж эдлэх, наадам цэнгээнд сонгон уралдуулах талаар амьдралын асар өргөн мэдлэгтэй хэдий ч монгол жороо морины жороолох чадвар, түүний биологи физиологийн онцлог, “мэдрэлийн” хэв шинж удамших чанар зэргийг шинжлэх ухааны үндэслэлтэй судалсан нь нэн хомс юм.

Унаган жороо төрнө гэдэг унах хүний хувь мэднэ (ардын зүйр үг)

Ховд аймгийн Булган сумын жороо адууны угшлын талаар Ч.Булган гуай яриа:

1956 онд Б.Ирүү Сэрээтэрийн Төмөрийн борогч гүүнээс гарсан хар бор үрээг худалдан аваад азарга тавьсан юм. Тэр бор азарганаас Баастын бор, Цагаачийн бор, Ширнээн бор, Бандийн бор зэрэг найман бор азарга зөвхөн Баянгол багт тавигдаж нэг багийн бүү хэл нэг сумын адуу үүсээд явж байгаа юм. Баянгол багийн ихэнх адуу нь жороо.

Жороо адууны ихэнх нь бор байдаг нь ийм учиртай юм аа.

Д.Ирүүгийн бор азарганы төл, А.Ширнээн бор азарганы унага Ж.Жумаханы жороо бор

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын аймгийн алдарт уяач Л.Амгалангийн 7 жороо хар морины эцэг хар азарга, эх хар гүү

ЖОРОО АДУУНЫ ГЕНИЙН СУДАЛГАА НЭН ЧУХАЛ

Хөдөө Аж Ахуйн Шинжлэх Ухааны Академийн гишүүн / Академич/, Мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор/ ScD/, профессор, Монголын үндэсний жороо морин спортын холбооны тэргүүлэгч гишүүн Яндагийн Ганболд


Монгол зан заншил, урлаг, соёлын уламжлагдан ирсэн, мал сүргээ адгуулан маллаж уналга, эдэлгээнд сургаж, тэр ч бүү хэл баяр цэнгэлийн үед “гангараа” болгон хэрэглэж, малч ухаан, малчин хүний эрдэм соёлыг гайхуулж байдаг нэгэн өвөрмөц үйлдэл нь Монголчуудын хөлөг мориндоо жороо явдал сургах, нэгэнт сурсан жороо явдлыг уран гоё болгож, урлаг мэт хөгжүүлж ирсэн нь сайхан зан заншил, ур чадвар юм. Жороо адууг газар нутгийн онцлогтой холбоотойгоор төрж, удам дамждаг хэмээн нутгийн нэрээр нь тэр нутгийн жороо морь гэж нэрлэж ирсэн түүхтэй билээ. Манай ард тумний дунд нилээд түгээмэл болсон ойлголт нь жороо адууны гарал Ховог сайрын нутгаас гаралтай гэж үздэг боловч, үүнийг шинжлэх ухааны болон уг гарвлын үүднээс баталсан нотолгоо өнөөдөр хүртэл байхгүй ба газар, газрын жороо олон үеэр дамжиж ирсэн нь нэг нутаг уснаас биш, нилээд олон газраас, өөрөөр хэлвэл нийтлэг байдлаар жороо морины явдал үүсч, хөгжсөн байж болох талтай юм.

Биологийн шинжлэх ухааны үүднээс авч үзвэл гарал үүслийн хувьд хаа нэгтэй газар жороо адууны анхлан бий болсон гарал үүслийг батлах баримт нотолгоо байх ёстой бөгөөд энэ нь орчин үеийн ойлголтоор тухайн сүрэг, омог, магадгүй үүлдрийн генийн илрэц болох нь нэн сонирхол татаж байгаа юм.

Өнөөгийн байдлаар манай орны хувьд адуу мал яагаад жороо явдал сурдаг, эсвэл жороо төрдөг, тэр чадвар нь удамшдаг эсэх, удамшдаг бол жороо удмын сүрэг бий болгох боломжтой эсэх зэргийг судлан тогтоох нь нэн чухал байна. Энд би ардын сонгон шалгаруулалт, шилэн өсгөлт, өөрөөр хэлвэл малч ухаанаар бий болгодог жороо сургах арга туршлагыг огт үгүйсгэхгүй байна. Дэлхийн шинжлэх ухааны ололтоос авч үзвэл Америк болон Европын орны судлаачид адууны алхаа, гишгээг тодорхойлогч DMRT3 нэртэй генийг жороо моринд илрүүлсэн байна. Гэхдээ эдгээр орны жороо гээд байгаа морьдууд нь хатирч гэдгээрээ илүү алдартайг уншигч та мэдэх байх аа. Ийм адууг өсгөн, үржүүлж, уралдаан, тэмцээнд оруулж байдаг Исланд улсад гэхэд л дээрхи ген илэрдэг болох нь мэдээлэгдсэн байна.Иймээс адуунд жороо явдал бий болоход энэ ген нөлөөлдөг эсэхийг нотлон судлах ажлыг өргөн цар хүрээтэй эхлүүлэхээр бидний хэдэн судлаачид Монголын үндэсний жороо морин спортын холбооны дэмжлэгтэйгээр зорин ажиллаж байна.

Хэрвээ бид энэхүү генийг монгол жороо моринд илрүүлж чадах аваас нэг талаас /том утгаараа/ жороо морь дэлхийд өөр хаана байгааг ижилдүүлэн судлах, эсвэл зөвхөн Монголоос гаралтай гэдгийг нотлон дэлхий дахинаа зарлах, нөгөө талаас монгол жороо морины явдал удамшдаг эсэхийг тогтоох, моринд жороо явдал сургадаг арга, туршлага, ур чадвар бүхий цогц мэдлэгийг инноваци болгох, цаашилвал нутаг, нутгийн жороо адууны генийн сан бүрдүүлж, хамгаалах, улмаар уран жороо явдалтай сүрэг үржүүлэх ажлыг нэн даруй эхлүүлэх боловсрол, нийгэм, соёл, зан заншил, эдийн засгийн ихээхэн ач холбогдолтой ажил болох юм.

ҮНЭ ХАНШ

Нанжин гэгч газар найгалзсаар

Наян таван лан хүртэл өгсөн үгүй л морь

Долоон нуурын хотонд сайвраар нь очлоо

Далан таван лан хүртэл нь өгсөн үгүй л морь…

\”Ээрэлт хөх морь” уртын дуунаас\


Наймаа ярих уу, наадам хөөрөлдөх үү.

Унаган жороо, усан тэлмэн жороо морийг гол төлөв ихэс дээдэс болон ард олон найр наадам, гоёлд онцлон унах уламжлалаас үүдэн жороо морь харьцангуй өндөр үнэ ханштай байсаар иржээ. Ялангуяа жороо морьдоороо алдартай Ховд, Увс, Өмнөговийн Цогт Цэций сум (Шанхын хурд гэж алдаршсан нутаг) зэрэг баруун болон өмнөд бүсийн нутагт сайн жороо морины үнэ цэнэ их. Наяад оны үед хуучны ханшаар 15000 төгрөг хүрч байсан бол

Баянхонгор, Говь-Алтай зэрэг аймагт сайн жороо морь азарга адуунаас наашгүй үнэд хүрдэг болов. Дөчөөд оны эхээр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын баян Раднаа зүүн сумдаас алдартай жороо хонгор морийг нэг түмэн төгрөгний ханшаар авснаас олонд “түмтийн хонгор” гэж алдаршсан гэдэг. Тэр үед идэшний үхэр 40 төгрөг байсан ажгуу. Мөн тавиад оны сүүлчээр Архангай аймгийн Хотонт сумын Тогоохүү сартай хар морио ид алдаршиж байх үед нь Төв аймгийн Дэлгэрхааны Баярбат гэгчид 30 хургатай хонь, 20 хомтой тэмээгээр худалдаж байсныг нутаг усныхан нь ярьдаг юм.

Моринд жороо оруулах арга эрдэм өвлөгдөж ирсэн нь жороо морины үнэ ханш өндөр байсантай холбоотой гэж хэлж болно. Бага залуу моринд жороо оруулаад толгой салган зарах өндөр ханшаар арилжин наймаалцдаг байсан нь тухайн үеийн маш сонирхолтой бөгөөд ашигтай бизнес, амьдралаас үүдсэн ухаан ажээ. Түнчлэн далаад оны сүүлч үед Улсын аварга малчин “хар хонины” Цэвээндорж / Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул/ гуай бяд муутай шинжийн залуу хээр моринд жороо явдал оруулан, тэрбээр тэгш газар жороогоор их явуулж сурган Тожилын Пүрэвт арван адуугаар өгсөн ажээ. Ормол жороо хээрийг Тожилын Пүрэв нь Цэнхэрмандалын “Алтан” хэмээх Мажигт зарж байсан бол Ховд аймаг Мянгад сумын “баглаат” хэмээх Шагдаржавын арван хоёр настай жороо хээр морийг Г.Баттулга 6000 төгрөгөөр худалдаж авснаас хойш 1981 онд Мянгад суманд жороо түрүүлж, 1982,1983 онд Увсын Өлгий болон Ховдын Мянгад суманд айрагдаж хожим Баян-Өлгий аймгийн Толбо суманд түрүүлээд “зодог” тайлжээ.

1981 онд Ардын хувьсгалын 60 жилийн ойн жороо морины түрүү, Ч.Лхагвагаас 10.000 төгрөгөөр авсан жороо бор морь, Б.Эрдэнэбаатар нар. Зүүнхараа 1982 он


1981 онд Ардын хувьсгалын 60 жилийн ойн жороо морины түрүү, Ч.Лхагвагаас 10.000 төгрөгөөр авсан жороо бор морь, Б.Эрдэнэбаатар нар. Зүүнхараа 1982 он 1980-аад оны эхээр Булганы жороодыг дарж гарч ирсэн морь бол яах аргагүй Мөнхдалайн хээр. Хээр морийг Мөст сумын Хавтгай шалсаар байж 18.000 төгрөгөөр авч байжээ. Жороо хээр морийг гадагш худалдсанд харамссан хэсэг залуучууд Мөнхдалай чи энэ наадамд хэдэн халтар цаасаараа уралд, бид нар унаган жороо морио уралдуулъя гэж үг хаяж байсан гэдэг. Хээр морь их бага 20 гаруй наадмаас айраг түрүү авч Мөст сумын 60 жилийн ойгоор 20 настайдаа түрүүлж дархлуулжээ.

Саран хээрлэх Булганы салхины хурдтай хүлгүүд. Ховд хот. 2006 он А.Жаргалсайхан

Эртнээс аймаг хошууны наадамд унадаг гоёлын морь нь олон морьдтой зэрэгцэн явахад толгой хаялан унахад хөнгөн байх ёстой. Цэмцгэр цэвэрхэн гальбиртай яргай босоо биетэй, гэдэс татанга бөөрөнхий харагдах, дэл сүүл шингэвтэр алхаа гишгээ сайтай буюу жороо сайвар морь маш сайн, үнэ ханш ч өндөр байжээ. Одоогоор хамгийн үнэтэй загвар хийцтэй машинтай зүйрлэж болно. Жороо сайвар биш ч гүн хар алхаатай, сайн хатиртай морь унаж сайхан мориор нутаг хошууныхаа нэрийг алдаршуулдаг байжээ.

Монгол морь монгол хазаарын амгайн чимээ тэр чигээрээ хөгжмийн аялгуу хэмнэл гэж болно. Дорнын их найрагч Б.Явуухулангийн “Мөнгөн хазаарын чимээ” гэж шүлэг бий.

Categories
xурдан-морь мэдээ нийтлэл

Монгол жороо морины явдал, түүнийг ангилах нь

Адуу нь нэг алхамдаа зүүн талын урд хойд хөлөө зэрэг, нөгөө алхамдаа баруун талын урд хойд хөлөө зэрэг гишгэж сайвраас хурдан явах явдлыг жороо гэнэ. Адуу болгонд байдаггүй жороолох энэ өвөрмөц явдал нь эрт үеэс морьтон монголчуудын ажигч гярхай нүдэнд өртөж улмаар дээдлэн хайрлан, найр наадам, баяр ёслол, гоёлд унадаг унаа нь болон уламжлагдаж ирсэн өнө эртний баялаг түүхтэй. Адууны сайварлах, жороолох явдлыг нүүдэлчин ахуй амьдралын ухаан туршлагаараа ялган ангилан, байгалийн үзэгдэл, амьтны хөдөлгөөнтэй зүйрлэн усан тэлмэн жороо, хонин жороо, тэмээн жороо зэргээр онцгойлон нэрлэж ирсэн нь өнөө хэр нь хэрэглэгдсээр байна.


УНАГАН ЖОРОО

Хүний сургалт оролдлого үгүйгээр эхээс төрсөн цагаас жороолж, даага үрээ насандаа ч уг явдлаа алдахүй сулдаа жороолохыг унаган жороо гэнэ. Унаган жороог сайн сургаж чадваас тухайн морины хэвшил, галбир байдлаас хамааран хурдан жороо, тэмээн жороо, бүр усан тэлмэн жороо ч гарч болно.

ДЭЭГҮҮР ЖОРОО

Хөлөө зөөх зай нь илүүтэй /суга цавь нь сайн тэнийх/ тавигдаж жороолохыг дээрээс авч байна гэх буюу дээгүүр жороо гэнэ. Урд хөлийн самралт, хойд хөлийн цацалтаар шороог ихээр босгодог, их бярдан зүтгэж байгааг дээрээс авч байна сайн жороогийн шинж гэнэ.

ДООГУУР ЖОРОО

Ергөх буюу жирийн хатираас хэтрэхгүй хурдтай жороолохыг доогуур жороо гэх ба зарим нутагт сайвар явдал ч гэж хэлдэг байна. Голдуу явдал зөөлөн байх нь элбэг.

УСАН ТЭЛМЭН ЖОРОО

Дөрвөн хөлийн тавилт тэгш нэгэн хэмээр эрч хурдтай, усны урсгалыг санагдуулам алдахгүй жороолохыг хэлнэ. Ийм жороо морь ховор бөгөөд үнэ ханш нь өндөр байдаг.


ХОНИН ЖОРОО

Хонины явдалтай адил зөөлөн жороолох ба тэгш хэмтэй хурд таарууг хэлнэ.


ТЭМЭЭН ЖОРОО

Тэмээ тэших лугаа адил сэгсчээ ихтэй, хурдан жороо морийг ийнхүү хэлдэг. Жороолох үед хүзүү толгой дээр гэдгэр харагддагаар нь ялгаж болно.


ТӨРӨЛХИЙН ЖОРОО АМЬТАН

Хуурай газрын хамгийн том амьтан болох заан нь төрөлхийн жороо явдалтай байдаг. Аюул тулгарсан үед 48 км/цаг-н хурдтай “жороолдог”. Жороолон гүйхдээ сүүлээ өргөж бусаддаа дохио өгдөг байна. Түүнчлэн манай Богд гэгээнтэнд бэлгэнд ирсэн заан байжээ. Түүний тухай Богд “өндгөн цагаан” жороо адуун сүрэгтэй мөн жороо явдалт заантай гэж ярьдаг байжээ. Зааны өмсгөл чимэглэл нь өдгөө Богд хааны ордон музейд хадгалагддаг ажээ.

МОРИНД ЖОРОО СУРГАХ УЛАМЖЛАЛТ АРГА

Сайвар, хатиргаа дээшлүүлж

Хурдан, жороо болгодог

Сааль татуугаа дээшлүүлж

Хувин бялхам сүүтэй болгодог…

“Монгол жангар” туулиас


Удамшиж чадсан унаган жороо морины явдлыг нь ахиулан тогтоож, гүйн хар алхаатай болон сайвар явдалтай бага залуу адуунд жороо явдал оруулж сайхан унаж эдлэх мэдлэг авъяасаараа олондоо хүндлэгдэж ирсэн нутаг нутгийн олон буурлуудын арга ухаанаас тэмдэглэж байсан маань сургалт судалгаанд хамгийн үнэтэй гарын авлага байсныг хэлэх хэрэгтэй болов уу. Манай ард түмэн моринд жороо сургаж буй хүнийг хүндлэх үг сургаал ёсыг үр ачдаа уламжлуулан ирсэн байдаг.

Жороо сургаж буй тохиолдолд замд нь байгаа адуу малыг холдуулж замыг нь саадгүй болгох, нохойгоо гүйлгэж морийг нь үргээхгүй байх зэргээр аль болох саад болохгүйг хичээн аль хир жороо морь болохыг нь дүгнэн магтан ярилцдаг байна. Мэдээж хэрэг саадгүй тал хөндий, орчинд жороо явдал сургаж байгаа морь явдалдаа дуртай дасч байж унаачийн аясаар явах нь ойлгомжтой. Хуучнаар Цэнхэр мандал уул аймгийн Хотонт уул хошууны /Архангайн хотонт сум/ Мэндбаяр тайж моринд жороо сурган зөв сайхан эдэлдэг байсныг өдгөө нутгийн өвгөд ам дамжин дурсан ярьж байсан.

Хавар цаг. Үрээ моринд жороо тулгаж байгаа нь. 1999 он

Баруун хязгаар нутгийн Ховдын Булган сумын Булган гуай моринд жороо явдал сургахдаа өдөр нь уяж өнгөрүүлээд үдшийн бүрий цагаар адуу залсан зүг рүү нь бартаа бага тэгш замаар хол саахалт орчим явж аажмаар зайг нь уртасгаж жороо оруулах нь эртнээс уламжилж ирсэн түгээмэл арга юм. Тэгвэл өвөрлөгч нутагт сартай шөнө их нуурын хөвөөгөөр моринд өөрийн нь дүрсийг нь усанд харуулан жороо явдлыг нь ахиулдаг байжээ. Ийнхүү чимээ аниргүй орчинд нуурын усанд дүрсээ харсан морь их урамшин явдал нь ахидаг гэдэг байна. Харин одоо үед бол зарим төвлөрсөн суурин газарт овъёос тэжээл өгч дасгасан цэг, адууны жүчээ уруу нь жороолуулж сургах нь бий.

Ер нь морь жороолохдоо уг явдалдаа дуртай байх, дургүй буюу зүрхшээж алдаа хийж байгаа нь илт мэдрэгддэг. Тэжээл, орчны таагүй нөхцөлөөс хамаарч морь нэг л хулгаж аль болох өөр явдлаар явах гээд байдаг. Цаашид ийм морийг сайн амрааж тусгайлан тайван орчинд албадалгүйгээр цагийн хуваарийн дагуу сургуулилахад тодорхой үр дүнд хүрнэ. Жороо сургагч буюу унаач нь жин ихтэй байвал тохиромжтой гэдэг яриа байдаг. Мөн Өвөр Монголд жороо сургах, явдлыг ахиулахдаа хоёр талдаа ижил хэмжээний шуудайтай элс мэтийг ганзгалж аажимдаа жинг нь нэмэх зэргээр дасгадаг байна. Энэ хоёр аргыг жороо морин дээр туршиж судласны хувьд дүгнэхэд жин ихтэй хүн, хүнд ачаа зэрэг нь жороо явдлаар ядраатал нь хол явуулахгүйгээр хүчийг нь гаргана. Учир нь моринд бяд суулгах ёстой юм. Бяд гаргаж тэнхээгээрээ жороолж байгаа морь андашгүй явдал их үнэнч харагдаж байдгийг сургалтанд анхаарууштай.

Ахмад уяачид, адуучид ярихдаа жороо морь явдалдаа бусад морийг бодвол хүч их зарцуулаад байх шиг байдаг гэсэн нь тэнхээгээрээ жигд жороолж байгааг хэлсэн болов уу. Жороо морийг аянд унах нь бараг үгүй гол төлөв баяр наадам, гоёлд чамирхан унаж эдлэх харьцангуй ойр зайд уралдуулж сорьж байсан нь дээрх яриануудтай холбоотой. Үүнээс гадна жороо явдал оруулах үед анхаарууштай зүйл бий.

“Хан Тайшир трайвл” ХХК-ийн захирал Ч.Бат-Өлзий жороо бор морио хөдөлгөж байгаа нь. 2015 он

ЖОРОО СУРГАХ СУРГАЛТАНД АНХААРАХ ЗҮЙЛ

Морины амаар хэт оролдон агсруулах болон эргээ хургадаг зан суулгах нь буруу. Мөн хөлд нь хол зайтай өрөөл хийж унах, тэр байтугай хавсанд нь шагай хийн эмээллэж мордоод явдлаа өөрчлөн эрэгцэх үед нь жороо тулгах, жолоог нь дугтчин албаддаг зохисгүй үзэгдлүүдийг сонсож байсан. Ийм тохиолдолд морио ч гэмтээж, согог суулгах муу талтай юм.

Бага үрээ насанд нь уяж сойж уралдуулах үед жороо явдал орох тохиолдол байдаг. Ийм үрээний хувьд давхил үзэж амьсгаа нь задарсан тууш явдалд ахицтай, суга нь тэнийсэн зэрэг сайн талтай ч цаашид давхил хийлгээд байх нь жороо сургалтанд тийм ч сайн биш ээ. Учир нь жороолох явцад алдаа гаргах нь олон давтагддаг байна. Ер нь адуу сулдаа жороолох, унаад жороолуулсан хоёрын ялгаа жороо сургалтанд асар мэдрэгддэг.

Өвлийн улиралд: Уран сайн дархны хийсэн тулгатай нимгэн тахаар морио тахална. Тахны тулга буюу хумсыг ган суулгаж хийдэг байж. Хөх өвс овъёосоор тэжээж омогшуулсан ийм тахтай мориор гол нуурын толь шиг тунгалаг мөсөн дээгүүр хурдаар нь явж шалгадаг байсан гэнэ. Үүний тулд хуурай газраас хурдыг нь авахуулж ирээд тунгалаг гялгар мөс рүү ороход чигээрээ онги татаад л гарах ёстой.

Урин дулааны улиралд: Хөлөг морины хөлийн тээш тавилт жигд явалтыг шалгах бас нэг арга нь намагтай нугын дов дэгнүүлийн толгойг алдалгүй жороолуулах явдал юм. Дээрх хоёр аргын аль аль нь нэг л хөл алдах юм бол хүн, морь хоёулаа эрсдэж болох аюултай.

Бидний өвөг дээдэс таван насныхаа хурдан морийг уралдуулахаас гадна хонин жороо, тэлмэн жороо, удган арилжаа, суман арилжаа, задгай хатиртай морьдын уралдааныг төрөлжүүлэн явуулдаг байсан бөгөөд моринд янз бүрийн явдал оруулах , мэрэгжлийн хүмүүс бэлтгэх сургууль Завхан, Булган, Архангай, Хэнтий аймгуудад байсан гэдэг домог яриа байсан тухай С.Дэжидбал “Адуун сүрэг эрдэнэ” 1969 он номондоо онцгойлон бичсэн нь зохиогчийн өвгөд буурлуудаас тэмдэглэж авсан аман яриатай нийцэж байна. Тэрээр жороо сургах тусгай сургалт байсан.Бүр сайн жороо явдал оруулах, сургах шан хөлс нь нэг адуу хүрч байсан. Тусгай гэрт зоог барин жороо морь сонирхогч эрх мэдэл бүхий хүмүүс цуглан өдөржин алдартай жороод, сайн морьдын тухай ярилцан хөөрөлддөг, наймаа ч яригддаг, гадаа уяан дээр нь сайхан эмээл хазаартай, сайхан жороо сайвар морьд байдаг байсан тухай сонсож байлаа.

Жороо морины мөр ширээний сайр шиг дөрвөлжин гардаг юм. Нас бие гүйцээд ирэх үед хөлөө 60-80 см хүртэл сунгаж тавьдаг. Жороо явдал нь бага байхад алга болж болно. Жороо морийг соёолонд нь сургаж жороо явдлыг нь оруулахаар сайн байдаг юм.

Ховд аймгийн Булган сумын уугуул Монгол улсын алдарт уяач Ч.Булган


ТАХ

Жороо морийг мөсөн дээр тавьж явуулахад гурван тулгууртай тахыг хэрэглэнэ. Жороо морь явуулах мөсийг урьдчилан үзэж найдвартай эсэхийг шалгах хэрэгтэй. Мөс тэгш бөгөөд гялгар байх нь сайн. Цаг агаарын байдлаас харгалзан сарын 12-18-ны үед сартай шөнө жороо морийг сүүдрээр нь уралдуулан явуулах нь тун сайхан байдаг.


Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын төмрийн дархан Тлейханы цохисон тах

Хатуу, чулуу хайргатай газарт морь унахад хэрэглэх тах.

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын уугуул төмрийн дархан 70 настай Хайярамын цохисон тах

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын аймгийн алдарт уяач К.Тлейгены 20 настай жороо хээр морины тах.


Морийг тахлахад хадаасны үзүүрийг тун сайн тэгшлэх хэрэгтэй байдаг. Ялангуяа дотор талын хадаасны үзүүрийг анхаарах хэрэгтэй.

Categories
xурдан-морь мэдээ нийтлэл

Монгол жороо морины судлагдсан байдал

Уншигч та бүхэндээ
зориулан жороо морь судлаач Д.Эрдэнэхуягийн бичсэн “Монгол жороо морь” номыг
цувралаар хүргэхээр бэлдлээ. Адуу сонирхогч хэн бүхний сонирхолыг татах энэ
бүтээл та бүхэнд таалагдана гэдэгт итгэж байна.


ЖОРОО
СУДЛАЛЫН УУГАН ХҮҮ

“Жороо судлал” гэж дэлхий дээр хаана ч аль ч улсад, аль ч шинжлэх ухааны салбарт өнөө хэр байхгүй. Байхгүй юм гарч ирж байгаа бол тэр анхдагч мөн. Жороо судлалын ууган хүү төрсөн нь уншигч таны гар дээр очиж байна. Түүний эцэг нь толилуулан буй номыг бичсэн Д.Эрдэнэхуяг. Тэгэхээрээ монголын уламжлалт мал аж ахуй эрхлэх ухааны тайлагдаагүй танигдаагүй байгаа олоон нууцсын нэгний хаалгыг энэ хүн анх түлхүүрдэн нээлээ.

“Жороо” гэдэг морины явдал, үүнд нууцсаад байх юмгүй мэтээр хүмүүс, тэр дундаа гадаадынхан хөнгөмсгөөр бодож болох юм. Тэгвэл өрнөдөд “Пассаж”, “пиаффе” гэдэг морин спортын эрдмийн тухай хэдэн зуугаар тоолох ном, судалгаа янз бүрийн хэлээр хэвлэгдсэн нь үнэн хэрэгтээ морины явдлын тухай судлал юм. Тэгвэл “жороо” гэдэг морин эрдэм нь өнөө хүртэл өөрийн гэсэн судлагчаа хүлээж малчин монголчуудын цээжинд оршсоор ирлээ. Цээжний тэр номыг цаасан дээр буулгаж гарын ном, ширээний ном, шинжлэх ухааны ном болгох анхдугаар ботийг малчны хөвгүүн Д.Эрдэнэхуяг хоёр мянганы уулзвар дээр бүтээн гаргалаа.

Монголчууд адууг гаршуулж хүний хамгийн эрхэм туслагч болгосон анхдагч ард түмний нэг. Тийм учраас морь гэдэг үг Номхон далайгаас Балтийн далай хүртлэх өргөн уудам дайдад орших олон хэлтний үг ярианд гүнзгий нэвтрэн өнөөг хүртэл хадгалагдан үлджээ. Түүгээр ч барахгүй өрнөдийн орнуудын цэргийн жанжины дээд цол болох “маршал” хэмээх үг морь гэдэг монгол үгнээс гаралтай гээд л бодоод үзэгтүн. Морь гэдэг үгийг Исланд хүмүүс “маарр”, эртний герман овогтнууд”марах” Англосаксонууд “имэрх” гэх мэтээр монголчуудаас тогтоож авчээ. Тэгээд морь адгуулдаг хүнээ “Мархскалс” гэдэг байж. Тэр л хэвээрээ эртний Франц хэлэнд нэвтрэн “маршал” болж аажимдаа цэргийн дээд цол болон хувирчээ. “Агтчин”, “адуучин” буюу “морь адгуулагч” гэдэг нь тэр дээр цагт нэн чухал хүн байсан байж таарна. Тийнхүү аажимдаа “маршал” цол буй болсон нь эргэлзээгүй нотлогдсон зүйл билээ. Тэрэн шиг “жороо морь” гэдгийг мөн л монголчуудын буй болгосон нэр томъёо хэмээн үзэхээс өөр аргагүй. Алс замын зүг Солонгосын хойгийн урд үзүүрт Чэжү арлынхан одоо болтол цөөн тооны адуу маллаж байх бөгөөд тэр дотроо жороо морийг мартаагүйгээр барахгүй уул үгийг ч “Жора мари” гэж эртний монгол аялгуугаар нь хэлдэг хэвээрээ байхад бүүр баруун хойд зүгт мөсөн далайн наахна буй Исландчууд мөн л морийг “маарр” гэж дууддаг хэвээрээ бөгөөд энэ хоорондын асар уудам зайд хоёр тив, хоёр далайг хамарсан үлэмж том газар нутагт хэдэн зуугаар яриад ч барахгүй олон сая хүн аж төрж байна.

Яг тэг дундаас нь Орос улсыг аваад үзэхэд л тэдний хэлэнд морь гэдэг үг “мерин” гэдэг дуудлагаар (дүрвэд аялгуу) одоо ч хэрэглэгдсээр байна. Дундад Азийнхан, өргөн Сибирийнхэн “морь”, “жороо морь” гэдэг үгийг андахгүй. Нутгийн аялгууны хувьд бага зэрэг өөрөөр дуудагдах боловч үгийн утга алдагдсангүй. Тухайлбал, Саха буюу Якут хавийнхан жороог “чороон” гэнэ. Одоо тэдэнд жороо морь ховордсон боловч “жороо хундага” нь үлджээ. Юу гэвэл Якутад ”чороон” гэдэг хусан модон сөн буюу манайхны хул аягийн нэгэн төрөл өнөө ч хэрэглэгдсээр, Якут үндэстний зочломтгойн бэлэгдэл болсоор байна. “Чороон” гэдэг сөн хундгыг атганд багтах хэмжээний бүдүүн хус модноос тайран авч голруу нь ухаж хундага хэлбэртэй болгон доод талд нь нарийссан шилбэтэй бас ширээнд тавьж болох тулгуур хөлтэйгээр уран сийлбэрээр чимэн хийдэг байна.

Түүнд дүүргэсэн гүүний айргийг нэг хүн ууж барахгүй тул тойруулан хувааж уудаг байжээ. Үүгээрээ манайхны “жороо хундага” гэдэгтэй яг ижил юм. Нэр нь ч “жороо”, “чороон” гэсэн уул дуудлагаараа үлджээ. Энэ бүхнийг эргэцүүлэн бодоход “жороо”, “жороо морь” гэдэг нэр томъёо маш эртний, бас тэгээд цэвэр монгол гаралтай нь зайлбаргүй. Монголчууд морийг олон зориулалтаар өсгөн үржүүлж, цэргийн буюу баатар эрийн хүлэг, хаад ноёдын унаа, харц ардын унаа, уралдааны хурдан морь, хурим найр, баяр цэнгэлийн унаа, бүсгүй хүний морь, хүүхдийн болон хонины морь гэхчилэн олон төрлөөр ялгаруулан үржүүлж, дасгалжуулсаар иржээ. Тэр дотроос “жороо морь” ихээхэн эрхэмсэг хүлгийн тоонд орж байсан нь өнөөг хүртэл уламжлагдсаар үндэсний ухамсрын нэгэн салшгүй хэсэг болжээ.

Жороо морины тухай үлгэр туульс, ардын дуу, зүйр цэцэн үг, сургаалын баялаг өв сан гагцхүү монгол эсгий туургатанд л байгаа билээ. Ардын аман зохиолын олон төрөл зүйлд байраа эзэлж монгол үндэстний гоо сайхны үзэл баримтлалын нэгэн үзүүлэлт болж дэлгэрсний хувьд ч гэсэн жороо морины тухай ойлголт гүнзгий ардач шинжтэй юм . Жороо морины явдал нь “усан тэлмэн жороо, хонин жороо, хулан жороо тэрч байтугай сайвар жороо, салга жороо” гэх мэтээр сайн болоод саар талыг хэлсэн маш нарийн утгаар зүйлчлэгдсэн байдаг нь арга байхгүй л ардын маань “мал шинжих ухааны“ салгаж болшгүй нэгэн мөч нь мөн билээ. Харин ардын энэ хүү “морь шинжих ухааныг” орчин үеийн арга барилаар судалж, өнөө цагийн судалгааны эргэлтэд оруулах ажил дутмаг, ер нь “цагаан зай” байсныг анзаарч олон талаас нь цогцолбор аргаар судлан ном бичсэний хувьд Д.Эрдэнэхуяг мөнөөхөн зайг эзэн биетэй, эрдэс баялагтай болголоо. Дээлийн хаваас сугармаар усан тэлмэн жороо морины жигд сайхан явдал шиг жороо морь судлалын тань анхны дуулал улам улмаар хурд нэмэн жигдрэх болтугай.

Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч,

Хөдөлмөрийн баатар Л.Түдэв

НОМОНД БАРИХ ҮГИЙН УУРГАЧИЙН
УЯЛГА

Морь, жороо морь гэхээр үлгэрийн үг хэллэг юм уу, эсвэл цэнгэл наадамд хүмүүс цугларч, бас айраг цэгээ дэлгэрч байдгаар чимэн төсөөлөвч, хүч тамир гаргаж, хүнд хүчир үйлдэл дунд эзэнтэйгээ хамт оролцон ямагт ялалтын эзэн явсан морьдыг тодруулсан номын удаахаа Д.Эрдэнэхуяг “Монгол жороо морь” гэж нэрлэлээ. “Жороо”-г дээлийн хаваас ханзлах, тэн дээсний тэшим хүчлэх ширүүхэн, бугуйл орхим, нэг нүүрийн газар хаях гэсэн үг хэллэгүүд тодчилдог аж. Тэрээр адуу адуунаас өөр явдлын үг хэллэгийг жороод хэлж, Шаргын шаргын жороо гэх юм уу “жороогийн хурдан хонгор” хэмээн үгийн жороог үүсгэж байж ярилцдаг билээ. Адуучид хоорондоо “жороо суулгах”, “нохой цогио”-г засах, гэхчилэн солгой сондгойролын мэдрэмжтэй холбогдох сулдаа ганхан явалтыг ч уяаны чимэг, шонгийн морьдын зүйл болгосоор ирсэн юм. Эдгээр нь орхиул яриа, хаямаг араншин биш явж явж жороо адууны онцлог бөгөөд суудлын засал, шившлэг домын оролцооны үр өгөөж, малчин эздийн төрхтэй бас холбогддог.

Ажнай хүлгийн “судар” ч, дүү Д.Эрдэнэхуяг ч “Монгол жороо морь”-доо түүхлэн судалж номын “галд” барьж анхны уяа сойлтыг нь аятайхан тааруулсныг “үгийн уургач”-дынхаа өмнөөс мялаалгын уялга үг бичиж өгсөн юм.

“Морины нас” гэгдэх миний бага нас өвгө аав, “туулай” хочит Данаагийн Очирын хурдан жороо бор морины нуруун дээр өссөнөө эргэн дурсахад хүргэснээр Д.Эрдэнэхуягийн “Монгол жороо морь”-дын уяа руу түүнийг хөтлөн ирэв. Жороо бор морь аймагтаа түрүүлж Их шанхын хурдан буяны дотор тоосоо гарган жолоогоо удаа дараа өргүүлсэн юм. Жороо борыг унаж шанхын хурдаар алдаршсан нутгийн уяачдын дунд ийнхүү зуншдаг байв.

Шанхын говь, Цэций нутгийнхан “зуун алаг адуу”-гаар бүтээлгэсэн адууны тэнгэрийн “Шүрэн Гомбо” бурхантай байсан юм. Түрүү морины эзэд дамжуулан хадгалж сүргийн тэнгэрийн тайлга зохион байгуулж, гүү барих, унага тамгалах, морь уралдуулах зэрэг адууны том том баярын үед “Ар цагаан овоо”, “Өгөөмөр хайрхан” зэрэг таван тахилгат газрын бэлчээрт бурхнаа залан байрлуулж баяр наадамддаг байв. Сүүлд нутгийн ард уяач Ёндон хамбын сойвон явсан С.Лхасранд морь нь түрүү магнайлсны учир шүрэн гомбо бурханаа ёс төртэйгээр олон уяач нараас шилжүүлэн барьсныг миний үеийнхэн “морины хүүхэд” насандаа унасан хүлгийнхээ өмнөөс өрсөн харж хоцорсноор зөнч бага нас минь, сургуулийн насаар солигдсон түүхтэй. Ийнхүү адуунаас холдож, харин түүний “Хийморь”-ийг хүлэглэж яваа билээ. Жороо морь ярина гэдэг ч нэг уяач, эсвэл нэг нутаг ус бус юм гэх талаас нь Д.Эрдэнэхуяг гаргаж танин мэдүүлсэн баримттайгаар номоо бичсэн байна. Азаргатай хүн гүү хардаг юм даа хэмээдэг шиг “Монгол жороо морь”-доо цуглуулсан Д.Эрдэнэхуягийн номын уурга нь урт байж аргагүй л цугларсан олонтой, “Морины их өргөө”-нд биднийг танилцуулж байна даа.

Үгийн “уургачид”-ын ур ухаан жороо морьдын соёлыг үүсгэсэн нь эртнээс юм. Жороолох явдлыг урлагт “Доголон жонон”-гоор эхэлдэг гэдэг. Цэрэг цургын эрхтэн дархтаны унааг “жонон хар”-аар зүсэлнэ. “Монголын нууц товчоонд” дүрслэгдсэн ганц хар морь үүрэгтэй. Ард иргэд түүнийг “ногоон” болгож зүсэлсэн байдаг. Морин хуур хөгжмийн толгойг ч ногооноор өнгөлж хар хоргүй байх энх амьдралын бэлгэдэл болгоно. Аман дүрслэлд үргэлж гардаг “жонон” гэсэн үг бол Жонон гүнгийн холбогдолгүй. Харин жороо гүүний холбогдолтой угшил гарвалын үг шүү дээ. Дуунд гарах “Хэрлэнгийн барияа”-г хэн тайлж гаргав. Яг үүнтэй адил хангал битүүгээрээ л үлдээд адуун сүргийн бэлчээрт жороолох аялгуу эгшгийг гайхалтайгаар хөглөн чимэх нь үүрсэх хүлгийн усан тэлмүүн явдлыг санагдуулна. Харин Д.Эрдэнэхуяг нутаг нутгийн жороо морьдыг уяачдын гал галаас нь сонгон барьж монгол жороо морьдын түүхээр сайхан ном хийжээ. Харин би адуун соёлын бүтээлд орж мөнхөрсөн жороо морьдтой энэ номыг холбосон уялга үгээр гараа болгож уншигч таныг тоосрон ирэх морьдын барианд урья. Түрүү магнайг хүлээн догдлох уяачийн адил, сэтгэлийн хүлэг хурдлах болтугай.

Профессор Д.Хүү

/МЗЭ-ийн шагналт, утга зохиолын шүүмжлэгч/

МОНГОЛ ЖОРОО МОРИНЫ СУДЛАГДСАН БАЙДАЛ


Уг төрөгсөн ургаа жороо

Улам хойноо сунам жороо

Ураа газар урсам жороо

Усан тэлмэн уран жороо

\Жороо морины магтаалаас\

МОРИНЫ ЯВДЛЫН ТУХАЙ ЕРӨНХИЙ
ОЙЛГОЛТ

Газрын гадаргуу дээгүүр адууны өөрийгөө удирдан хөдөлгөх явцыг морины явдал гэж нэрлэх бөгөөд адууны бүх явдлыг төрөлхийн ба сурсан гэж хоёр үндсэн хэсэг болгон хуваана. Адуунд эхээс төрөхдөө л байсан бөгөөд хүмүүсийн оролцоогүйгээр адуу өөрийгөө удирдан хөдөлгөх явцыг төрөлхийн гэнэ. Адууны төрөлхийн явдалд гэлдэргээ, хатиргаа, цогио, давхиа, унаган жороо зэрэг орно. Харин хүний оролцоотойгоор зориуд сургаж бий болгосон явдлыг сурсан явдал гэнэ. Сурсан явдалд спортын болон уран хэмнэлт явдал болох пассаж, пиаффе, ормол жороо зэрэг багтдаг.

ТӨРӨЛХИЙН ŸВДАЛ


Гэлдэргээ

Адууны гэлдэргэх үедээ буруу талын урд хөлөө урагш зөөхийн хамт даруй зөв талын хойд хөлөө зөөж тавиад дараа нь зөв талын урд хөлөө урагшнь зөөхийн хамт буруу талын хойд хөлөө урагш нь тавьдаг байна. Адууг гэлдэрч явах үед дөрвөн хөлөөрөө газар цохих чимээ нь дараалан сонсогдоно.

Хатир

Энэ нь буруу талын урд хөл ба зөв талын хойд хөлийг зөв талын урд хөл ба буруу талын хойд хөлтэй ээлжлүүлэн зөөж тавих явдал юм. Адуу хатирах үед дөрвөн хөлний нь газар буух чимээ тус тусдаа сонсогддог ба хөлөө диагональ маягаар ээлжлүүлэн зөөж газар тулахынхаа хооронд хөндийрдөг байна. Адуу газраас хөндийрөхгүйгээр ойрхон гишгэж аажуухан хатирахыг шогших гэнэ. Харин хатирахын дээд хурдыг монголчууд удган хатир, шаглах мэт өвөрмэц явдлыг арилжаа хэмээн нэрлэж дээдлэн эдэлж иржээ. Морины арилжаа явдлыг жороотой эндүүрэх нь байдаг.

Цогио

Энэ явдал нь буруу талын хойд хөл дээр тулж, дараа нь баруун талын диагональ, өөрөөр хэлбэл буруу талын урд хөл ба зөв талын хойд хөл дээр тулах, дараа нь зөв талын урд хөл дээр тулах бөгөөд түлхэлт хийж үсэрч газраас хөндийрөөд буухдаа эхлээд буруу талын хойд хөл дээрээ тулж дараална. Адуу цогих уед туурай нь газарт бууж байгаа дараалсан гурван чимээ сонсогдоно. Мөн цогихын дээд хурдыг давхих гэнэ.

АДУУНЫ СУРСАН ЯВДАЛ

Уран хэмнэлт явдлын тэмцээнээс…

Ормол жороо

Монголчууд эртнээс моринд жороо явдал сургаж баяр наадам, гоёлын унаанд эдэлж хэрэглэж ирсэн уламжлалтай бөгөөд ийнхүү адуунд жороо явдал сургасныг ормол жороо гэдэг. Адууны жороолох явдлын хамгийн бага эхэн аажим хэмнэлийг сайвар гэж ялгадаг. Морины сайвар явдал нь маш зөөлөн, эвтэйхэн тул ихэс дээдэс болон бүсгүйчүүд унах нь элбэг. Монголчууд адуунд жороо сайвар явдлыг зориуд сургахаас гадна уналга эдэлгээ уяа сойлгын аясаар сайвар явдал орох нь бий. Жишээ нь Ардын хувьсгалын 35 жилийн ойн улсын наадмын их насны 800 орчим морьдоос шалгаран айргын тавд давхисан. Архангай аймгийн Хотонт сумын Ванчинравдангийн хар морь уяа нь эвлэхээрээ их сайвар явдал орж, ийм үедээ түүний давхилт нь илүү байсан гэдэг. Мөн наяад оны эхээр Төв аймгийн Алтанбулаг сумын Цэдэнсамбуугийн хул алаг уягдаж байгаад явдал орж, улмаар жороо болсон зэргийг дурдаж болох ажээ.

Пассаж

Энэ үг Францын нэвтрэх гарах гэсэн үгнээс гаралтай. Морин спортын дээд зэргийн уран хэмнэлтэт явдлыг пассаж гэдэг байна. Олон улсын уралдаан тэмцээний уран явдлын нэг гол үзүүлэлт нь пассаж юм.

Пино алхаа

Жагсаалт цуглаан нийтийн өмнө алхах цоглог хэмнэлтэй алхааг хэлнэ.

ДЭЛХИЙН ЖОРОО АДУУНЫ ТОЙМ


Америкийн жороо морины уралдаан

XIX зууны дундуур Америкийн хамгийн шилдэг үүлдрийн нэгболох “Стандарбред” стандартын морь үүссэн юм. Одоо энэ үүлдэр нь хөллөгөөт морины уралдаанд хамгийн сайн тохирох нь бөгөөд хурдан нь хэмээн үнэлэгддэг. Уг үүлдрийг үүсгэхэд их тус дэм болсон морь бол “Мессэнжир“ Thoroughbred азарга бөгөөд 1788 онд АНУ-д авчирчээ. Тухайн үедээ хөллөгөөт морины уралдаан ихэд дэлгэрээд байсан ч сонирхогчдын хэмжээнд байсан учир уг уралдаанд тохирох хатирч морийг үүсгэх бодол хэнд ч төрөөгүй ажээ. Гэвч Мессэнжирийг хөллөгөөт уралдааны шилдэг хурдуудтай эвцэлдүүлснээр онцгой хурдтай хатирч морьд үүсчээ. XIX зуунд дээрх уралдаан улам ихээр олны сонирхлыг татах болсноор хурдан хатирч морийг сонгон үржүүлэх болсон байна. Thoroughbred адууг Морган, Араб болон Барб үүлдрийн адуу, эсвэл Наррагансеттийн жороо, Хэкнэй, Канадын хатирч зэрэг илүү чийрэг угшилтай нийлүүлжээ.

Америкийн хөллөгөөт жороо морьдын уралдаан

Мессэнжирийн хамгийн алдартай үр удам нь 1849 онд төрсөн Хэмблетонниан-10 бөгөөд 1300 төдийгүй үр төлийг төрүүлсэн энэ азаргыг орчин үеийн стандарт адууны эцэг гэж үздэг. Хөллөгөөт морины уралдааныг хатирч ба жороо морьдынх гэж ангилдаг.

Исландын “НИСДЭГ” жороо сургалт

Исландын “НИСДЭГ” жороо

Исландын “нисдэг” жороо сургалт Исландчуудын морин спортод жижиг бахим адууны “flying pace” буюу эх хэлнээ орчуулбал нисдэг жороо хэмээх Скандиновын орнууд бүр Америк, Англи зэрэг орнуудад хүрээгээ тэлсэн уралдаан байдаг. Уралдаанд оролцох морьд нь жороо явдлаа алдахгүйгээр явах үүрэгтэй. Исландчууд энэ адуугаа биднийг судлаж амжаагүй байхад МЭ 800-аад оны үеийн Монгол адуунаас үүсэлтэй гэдгийг нотлон интернэтийн сүлжээгээр цацсан. Энэ нь Умард Хүннүгийн Атилла хааны цэргийн нөөц сүргээс яван явсаар тэнд хүрсэн байх үндэслэлтэй.

Алтаргана

Эрхүү, Улаан-Үүд орчмын Буриадад уламжлалт Алтаргана наадмаа тэмдэглэхдээ морин спорт, уралдааныг зохион байгуулдаг байна. Цэвэр цусны даага, шүдлэн, их морины уралдаан тойргоор 1600,1800метрт явагдана. Мөн жороо удмын дааганы уралдаан 1600 метрт, мөн жороо удмын 3 настай шүдлэн адууны уралдаан 1600 метрт, жороо морины уралдаан 2400м, 1600метрт гэхчилэн зохиогдоно. Буриад бөх, Буриад сур, морин уралдаанаас гадна урлагийн арга хэмжээ зохиогддог.

Хоккайдогийн уугуул жороо “ВАШЮ” адуу

Японы уугуул адууны 8 төрлийн нэг нь “вашю” адуу бөгөөд 2003 оны хөдөө аж ахуй, мод усны яамны статистик судалгаагаар 722 тооны адуу тоологдсон бол 2005 оны вашю морийг хамгаалах нийгэмлэгийн тооллогоор нийт тоо 300 толгой байсан нь барагцаагаар 75%-ийг эзэлж байна. Бусад төрөл болох кисо ума, токара адуу, мисаки адуу нь нийлээд ердөө 100 гаруй толгой байна.

Хоккайдогийн морины соёл түүхийн эхлэл нь Копуний үе буюу манай эриний 3-7 зууны хүртэл үе болно. Хоккайдогоос энэ үетэй холбогдох морь болон эрт үеийн нүүдэлчин ард түмний онцлогийг харуулсан хувцас өмд өмссөн хүний хөшөө гарч ирсэн байна. Уугуул энэ адууг нийтэд нь “Досанка” адуу гэж тэмдэглэжээ. Харин нутгийн иргэд загас агнуурын улиралд унаж эдэлж бусад улиралд ойд амьдарч байсан адууг газар тариалан бусад уналгад хэрэглэж маллах болсноор вашю, кисо, ума, токара мисаки гэж ангилах болжээ. Уугуул вашю адуу хүйтэнд тэсвэртэй өвөлдөө -30 хэм хүйтэрч байхад цас малтаж “bamboo grass” буюу “са-са” гэх навчийг идэж амьдарсаар ирсэн. Вашю адууны биеийн өндөр нь 130см орчим жин нь 300-400кг орчим байна. Вашю адууг монгол морьтой тун адил байгааг Хятадын баруун хойд Шинжан Уйгурын адуу, Казак жороо адуутай харьцуулан тодорхойлж, мөн Монгол адуу солонгосоор дамжин Японд ирсэн байж болох юм гэж үздэг. Хоккайдо вашю адуу нь жороо явдалтай нь тогтоогдсон. Жороог нь жимич бас айби гэж нэрлэдэг байна. Фермд сургагчийн гол үүрэг нь жороо явдлыг тогтоож, тайлбарлаж өгөх зэрэг болно.

Хоккайдогийн уугуул “Досанка” адууны төрлүүд

Сүүлийн үед Хоккайдо вашю морийг тулгуурлан амжилтанд хүрээд байгаа асуудал бол нийгмийн халамжийн мэргэжилтэн, морь унуулах төвтэй хамтран саажилттай 7 настай эмэгтэй хүүхдийг 9 удаагийн морь унуулах эмчилгээгээр тэнцвэрээ барьж, морь унаж чаддаг болсон жишээ баталж чадсан. Цаашид зөвхөн морь унах биш тэжээл бэлтгэх, моринд тэжээл өгөх зэрэг нь адил сайн нөлөө үзүүлдэг болохыг тогтоосон. Нагано мужийн тусгай сургуулийн сурагчид ээж аавтайгаа кисо морин дээр дадлага хийсний үр дүнд зөвхөн бие махбодь төдийгүй сэтгэл санааны тайван байдлыг мэдрэх болсон байна. Амралтын өдрүүдэд морь унуулах хөдөлгөөнийг дэмжиж байгаа тухай “horse mate” сэтгүүлийн 2007 оны 3 сарын дугаарт бичсэн байна.

Тайван орчин