Categories
мэдээ нийтлэл утга-зоxиол

Тэнгэр шиг бай…

Яруу найрагч О.Дашбалбар зурган илэрцүүд/Яруу найрагч О.Дашбалбарын нэгэн шүлгийн сэтгэц шинжлэл/

Харамсалтай нь биднээс даанч цөөхөн нь “ТЭНГЭР ШИГ БАЙ”-хад суралцсан байдаг. Дийлэнх маань газар шиг хатуу ширүүн билээ. Тэнгэр уужим гэх билигдлээс гадна агуу их зөөлний мөн чанарыг агуулж байдаг. Цаглашгүй шинжийг үзүүлж, хэмжээгээ эс таниулах увдисыг зөвхөн тэнгэр эрхшээсэн нь түүний сүр хүчний нууц гэдэг. Оршихуйн хувьд ч “тэнгэр шиг байх” үзэл зөвхөн нүүдэлчдийн хүрээний ойлголт биш. Эртний Мисирүүд, Ромд ч бүр наашлаад Майячууд ч “тэнгэр” хэмээх сүр хүчний ойлголттой байсан юм. Чухам илүү гүн төгөлдөр үзэл санаа болгож “НҮҮДЭЛЧИД” боловсруулсан гэж сэтгэгчид бараг нотолдог. Зарим нь “тэнгэризм” хэмээх гүн ухааны иш онол буйг ч барин тавин баталдаг.

Басхүү “тэнгэр” бол орчин цагт амар хялбар ашиг хонжоо, нэр сүр олохыг санаархагчдын өмнөө барьдаг хамгийн хүчирхэг зэвсэг нь болжээ. Эртний үзэл санааны ”хэрхэхийг тэнгэр мэднэ” хэмээх далдын сүр хүч, итгэл үнэмшлийн ойлголт энэ цагт бусдыг айлган сүрдүүлэх, номхотгон дагуулах бусармаг буруу хэлбэрээр дэлгэрч байна. Илүү гүнээр харвал шинэфизикчдын хэлээд байгаа шиг “орчлонгийн хамгийн нэгдмэл цул зүйл боловч олон нэгдмэл бие даасан бөөмсөөс бүрдэж, цаг хугацааны бүхий л мэдээллийг өөртөө хадгалж байдаг” ч байж мэдэх юм. Ямартаа ч тэнгэрийн нэгдмэл цул чанар нь “мэдээлэл” багтаах хамгийн зах хязгааргүй, огт-оргүй зүйл болох нь тодорхой. Энгийнээр бол таны амьдралдаа инээсэн тоо бүхэн чинь тэнгэрт тэмдэглээстэй байгаа гэсэн үг. Тэр нь “ тэнгэртэй хүн”,” тэнгэр нь хаясан /орхисон/ хүн”, “тэнгэр шиг сэтгэх”,” тэнгэр сэтгэл”, / хэлний хөгжлийн явцад” тэнэгэр” болж хувирсан/” тэнгэрийн зүүдний хүү”, “тэнгэрийн эрхшээл” зэргээр үндэстний оюун санааны “үнэмлэхүй” мэдлэг ойлголтууд бий болжээ. Тиймээс ч хүн төрөлхтөний хамгийн түгээмэл бүх шашинд БУРХАН- ТЭНГЭР, ТЭНГЭР-БУРХАН хэмээх анхдагч чанараар адил юм. Эсвэл бидний танин мэдэхүй хязгаар нэг зүйлийг хэдэн талаас, өөр өөрийнхөө хүсэл таашаалаар нэрлээд, ойлгоод байдаг болохыг ч үгүйсгэхгүй.

Харин “тэнгэр шиг бай” –х тухай ойлголт өнөө цагт хүн-нийгмийн харилцааны сүлжилдсэн ээдрээтэй олон асуудлаас “гарах”, өөрийгөө тайвшруулах, тайтгаруулах, чөлөөлөх арга зам болж төсөөлөгдөх болжээ. Тэгэхээр домогчлолын үеийн тэнгэрийн тухай ойлголт, сэтгэлгээ орчин цагт илүү “ахуйн” шинжтэй болсныг хүлээн зөвшөөрнө.

Яруу найрагч Очирбатын Дашбалбарын харьцангуй олонд түгсэн” Тэнгэр шиг бай” шүлэг дээрх ажиглалттай ямар нэг сэжмээр холбоотой. Мартин Хайдаггерийн антологи философийн “АХУЙ” чухамдаа оршихуй юм бол тэр л “оршихуйг” тэнгэр шиг байлгах, тэр л оршихуйд хүн “тэнгэр шиг байх” гэдэг илэрхийлэл нь уран сайхны талаасаа шинэ илэрхийлэл болж байна.

Хамаг бүгдээр чамайг

Хараан нулимж байвч, тэнгэр шиг бай /О.Дашбалбар” Тэнгэр шиг бай”/ хэмээжээ. Хүний оюуны чадамж одоохондоо ийм түвшинд хүрээгүй. Хэрэв таныг бүгд харааж зүхээд байхад та тэнгэр шиг нам гүм, амгалан, нэг дүрээрээ байх гэж хичээж болох ч тэр бүгдийг даван туулахад “сэтгэцийн” талаасаа давшгүй хүнд нөхцөлд шилжинэ. Та хямарна. Эцэст нь ямар нэг хэмжээгээр эсэргүүцэл илэрхийлнэ. Харин ТЭНГЭР бол биднийхээс ондоо орон зай. Магадгүй АХУЙН ч биднийхээс огт өөр. Платоны үеийн “ахуйн” тайлбар “өд сөдгүй хоёр хөлтөн”, Диогений дэгдээхэй авчирч харуулдаг шиг тийм гэнэн зугаатай, эсвэл биднийхээс ч дор яршиг төвөгтэй байхыг таашгүй. Гол нь ТЭНГЭРИЙГ боломжийн урт хугацаанд ажиглаж, / зөвхөн харах ажиглах л боломжтой гэж итгэдэг үүднээс илэрхийлсэн болно/ бидний таньж мэдсэн өчүүхэн хязгаарт “АМГАЛАН, МӨНХ, ЗАХ ХЯЗГААРГҮЙ, ХУВИРАЛТГҮЙ, ЭВДЭРШГҮЙ, ЦАГ ХУГАЦААГҮЙ” гэсэн тодорхой ойлголтууд бүрэлдэж бий болжээ.

Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч

Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан /О.Дашбалбар” Тэнгэр шиг бай”/ гэснээр тэнгэрийн талаарх АМГАЛАНГИЙН тухай үзлийг илэрхийлж байна. Магадгүй тэнгэртэй холбогдох уран сайхны хамгийн түгээмэл үзэл нь энэ юм. Гэтэл хүний сэтгэл зүйд тэвчээр барагдсан ч тэнгэр шиг байх чадвар хомс. Бас “алтан титэм өмсөөд, юу ч болоогүй юм шиг тэнгэр шиг байж” чадах эсэх талаар хүн төрөлхтөн уран сайхны сэтгэлгээний дэндүү олон хувилбар дэвшүүлжээ. Өмнөд Хятадын үхэрчин хүүгийн домгоос эхлээд Библийн Понти-Пилат, Макбет, Фауст, профессор Пнин хүртэл ямар нэг боломж олдонгуут л “тэнгэр” шиг чанараа хэрхэн амар хялбараар алдаж буйг харуулдаг. Хүний туйлын чанар, байж болох мөн чанар нь энэ. Гэтэл яруу найрагч хүнийг илүү БУРХАНЛАГ чанарт сэтгэлээ чиглүүлэхийг сургамжилжээ. Үнэндээ хүний ахуй хийгээд оршихуйн хамаг зөрчил эндээс үүдсэн юм. Хичээхийг оролдох ч боломжгүй мэт санагдах хоёрын тэнцвэр Ф.Ницщегийн “ хүн, бурхан, бүтээгч” хэмээх эргэлзээг одоо ч төрүүлдэг. Харин Прометей гал олж өгөөд тэрхэн үедээ хэрхэн баярлаж байсныг Эсхилээс төсөөлж болно. Одоо харин хүний АХУЙН эсвэл ОРШИХУЙН хамаг үл бүтэх явдал бүгдийг хараад Зевсийн зөв байсанд итгэж байгаагаар илэрхийлж болох юм. Түүнтэй адил тэнгэр ӨНӨ МӨНХИЙН тухай ойлголт ч хуучирна. Яагаад тэнгэр үгүй болсон ч дэлхий дээр амьдрал үргэлжилсээр байна гэж төсөөлж болохгүй гэж…

Өнө мөнхийн тэнгэр шиг бай…

…Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март /О.Дашбалбар” Тэнгэр шиг бай”/ хэмээсэн нь ХҮНД тулгараад байгаа ЗОВЛОН, ЗОВЛОНГИЙН ШАЛТГААН бүгдээс гэтлэх ТАЙВШРАЛ-д хүргэх сэтгэлзүйн нөлөө байна. Тэнгэр өнө мөнх, үүрд дээр цэлийх тухай тайвшрал “Сэтгэлзүйн зөвлөгөө өгөх төв”-д үйлчлүүлснээс ч илүү нөлөө үзүүлнэ. Хүн чухамдаа ирээдүйд ямар нэгэн горьдлого тээх зүйл л хайж байдаг сэтгэлзүйтэй амьтан. Тэнгэр тэрхүү горьдлогынх нь хамгийн том илэрхийлэл. “Тэнгэр нурчихаагүй цагт” болно, бүтнэ гэж тайвшруулах арга одоо ч хүмүүсийн харилцаанд байсаар байна.

Итгэл үнэмшлийн дэс дараалал байдаг гэж үзвэл арифметикийн энгийн үнэнээс илүү эргэлзээтэй, бүр илүү магадлалтай үнэн хүртэл хатуу тогтсон үе шатууд байх болох тухай Бертран Расселийн үзэл ч гарцаагүй үнэн болж таарна. ТЭНГЭР тэгэхээр тэрхүү итгэл үнэмшлийн дээд шат. “Тэнгэр байгаа тайвшир” гэсэн ухуулга ч харьцангуй үр дүнтэй гэсэн үг л дээ.

Гүтгэж доромжилж бахаа ганц хангавч

Гүн тэнгэр хэмхрээгүй цагт бүү ай /О.Дашбалбар” Тэнгэр шиг бай”/ гэж сэтгэлзүйн хувьд тайвшруулавч “гүн тэнгэр хэмхрэх” тухай хэмхэрч болох тухай эсвэл тэнгэр дээрээс нурах тухай цогц санаа, сэтгэлгээний өвөрмөц илэрхийлэл эртнээс Монголчуудад байсныг яруу найрагч энэхүү бүтээлдээ ашиглажээ. Санаатай бичив үү? Санамсаргүйгээр бичигдэв үү гэдэг бол дараагийн ноцтой асуудал. Ямартаа ч “тэнгэр нурах шиг” болов хэмээх монгол хэлний хэлц хүний сэтгэл зүйн гүн хямралыг илтгэж байдаг. Харин эсрэг сэтгэлгээнд тэнгэр ХУВИРАЛТГҮЙ, ЭВДЭРШГҮЙ “ хэмээн номлодог. Тийм ч биз, үгүй ч биз.

Ямар ч байсан “сэтгэл эвдэрвэл тэнгэр эвдрэх”, тийм нэг холбоо хамаарлын тухай Монголчуудаас өөр сэтгэж бодож, бодотойгоор боловсруулсан үндэстэн үгүй. Тэр ч байтугай энэ нас, бие үгүй болохыг” тэнгэрт дэвших” гэж шууд л хэлчихсэн. Үйлийн үр хаана боловсрох тухай заахдаа ч өөр орон зай, буюу ТЭНГЭРТЭЙ холбож ойлгодог байжээ. Алив бүхэн зуурдын боловч тэнгэр мөнх хэмээх язгуур үзэл нь МӨНХ ХӨХ ТЭНГЭР” хэмээх шүтлэг, оюун санааны итгэл үнэмшлийг бий болгожээ. Яруу найрагч тэр суурь зарчмаар шүлгээ бичсэн. Суурь зарчим гэснээс эцэст нь “ТЭНГЭР ШИГ БАЙ” хэмээх язгуурын үзэл өнөөдөр олон хүнд илүү ч хамаатай санагдана. Бид “тэнгэр шиг байх” тухай ядаж бодохоо байчихжээ.

ЖИЧ. Хамаг хэргийн учир шалтгаан энд байна. Эцэст нь энэ шүлэг яруу найрагчийн үр хүүхдүүддээ үлдээсэн” сургаал”. Магадгүй сургаалын хэмжээнээс ч алс холыг харсан яруу найрагчийн интуици /зөн бэлгэ/ ч юм билүү гэх бодол ойрын үед олон төрөх болсныг цөөнгүй хүн уучлан болгооно биз.

Цорын ганц хүү минь бас охидууд минь, хүүхдүүд минь

Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай.

Хувь заяатай ямагт эвлэрч тэвчээртэй бай

Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү /О.Дашбалбар” Тэнгэр шиг бай”/

Categories
мэдээ нийтлэл үндэсний-бөx

Өнөө жилийн наадмын түрүү, үзүүрт Ч.Санжаадамба аварга, П.Бүрэнтөгс нар хүчийг үзэх үү

Өнөө жилийн наадам урьд жилүүдийнхээс илүү үзүүштэй, сэтгэл хөдөлгөм сайхан наадам болох шинжтэй. Арваадхан хоногийн дараа болох Үндэсний их баяр наадмаар чансаа өндөр 512 бөх зодоглож, үнэн хүчээ үзэн барилдах болно. Одоогоор нутаг нутгийн бөхчүүд гал болон наадмын бэлтгэл сургуулилалтаа хангаж байна. Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зодоглох Булган аймгийн “Булган хан” дэвжээний бөхчүүд зургадугаар сарын эхээр нутагтаа бэлтгэлд гарчээ. Монгол Улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр нарын ах дүүсийн ахалж буй галынхан Бүрэгхангай суманд үндсэн бэлтгэлээ базааж байгаа ба улсын начин Д.Амарсайхан, аймгийн хурц арслан Ө.Сүхбат нарын бөхчүүд энэхүү галд нэгджээ. Харин Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээний бөхчүүд сурсан газар болох Бугын сангийн аж ахуйд бэлтгэлдээ гарсан байна. Зургадугаар сарын 12-ноос эхэлсэн тэдний бэлтгэлийг улсын арслан Д.Ганхуяг удирдаж байгаа аж. Сэлэнгэ аймгийн “Таванхан” дэвжээний бөхчүүд өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Харзтайд наадмын бэлтгэлээ эхлүүлжээ. Уг галыг улсын харцага Т.Өсөх-Ирээдүй ахалж байгаа бөгөөд гуч гаруй бөхчүүд нэгдсэн гэнэ. Өнөө жилийн баяр наадамын гол тааврын эзэд болох улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь нарын Увс аймгийн “Увс нуур” галын бөхчүүд мөн Харзтайд бэлтгэл сургуулилалтаа хийж байна. Зургадугаар сарын 9-нөөс эхэлсэн нэгдсэн бэлтгэлд аварга С.Мөнхбат, харцага Ө.Бат-Орших, Т.Баасанхүү тэргүүтэй 40-өөд бөх гарчээ. Тэгвэл Засагт ханы хөх харчуул Багануурын ойролцоох ‘Мандал’ амралтад бэлтгэлээ базааж байгаа бол Хан Хэнтий нутгийнхан Өндөр дэнж хэмээх газар наадмын бэлтгэлдээ оржээ. Хэнтийн бөхчүүдийг улсын начин Д.Одхүү ахалж буй юм. Хонгор нутгийн “Их Богд” дэвжээний бөхчүүдийн хувьд нутгаа зорьж, зургадугаар сарын 5-наас бэлтгэлээ эхлүүлжээ. Ийн нутаг нутгийн бөхчүүд цолгүй нь улсын цолонд, цолтойчууд нь шөвгөрөхийн тулд халуун нар, зүсрээ бороог үл ажран бэлтгэл сургуулилалтаа хийж байна. Өнөө жилийн наадмаар шинэ цолтонгууд харьцангуй цөөн төрөх болов уу хэмээн бөх судлаачид харж буй. Учир нь 512-д энэ цагийн бөхийн өнгийг тодорхойлж буй шилдэг улсын цолтонгууд бүгд зодоглоно. Мэдээж хэрэг ирэлсэн тонгорог шиг аймгийн цолтонгууд бий.

Тухайлбал, өнгөрсөн жилийн наадмаас хойш өдий хүртлэх хугацаанд зохиогдсон заалны барилдаанд тогтмол дээгүүр барилдаж, улсын аварга, арслангуудыг дараалуулан өвдөг шороодуулж байсан Завхан аймгийн Баянтэс сумын харьяат аймгийн арслан Шархүүгийн Пүрэвгарьдыг нэрлэж болох юм.

Тэрбээр өнөө жилийн сар шинийн барилдааны тавын даваанд улсын арслан П.Бүрэнтөгсийг өвдөг шороодууж, шөвгийн наймт шалгаран үлдсэн билээ. Мөн дөрвөн уулын хишиг барилдаан, болоод чансаа өндөр барилдаануудад тогтмол дээгүүр барилдаж, шөвгөрч байсан юм. Түргэн шуурхай, бие жижигч уран мэхтэй, хүнд бярдуулдаггүй өөрийн гэсэн онцлог барилдаантай өнөө цагийн шилдэг аймгийн арслангуудын нэг яахын аргагүй Ш.Пүрэвгарьд юм. Удахгүй болох наадмаар ч аварга, арслан, гарьд, заануудыг сандаргах бөхчүүдийн нэг билээ. Мөн сүүлд болсон томоохон барилдаан болох улсын арслан цолны хүндэтгэлд зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаанд томчуудыг дараалан давж, урамтай сайхан барилдан түрүүлсэн, аварга цолтны хүндэтгэлийн барилдаанд мөн л адил иртэй барилдаж өнгөлсөн Ховд аймгийн Буянт сумын харьяат аймгийн арслан Оргихын Хангайг өнөө жил дээгүүр барилдах болов уу гэсэн бөх сонирхогчдын зүгээс ихэд харж буй.

О.Хангай арслан хүчтэй, чацтай, мэхэнд үлдэцтэй, шуудагнаас ч, задгайгаас ч тэр сайн барилдаг хүчтэй арслан билээ. Тэрбээр өнөө жилийн баяр наадын гурвын даваанд тунан барилдах өндөр магадлалтай. Харин дөрвийн давааны оноолтод улсын арслан Э.Оюунболд, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь нарын хүчтэй арслангуудын нэгэнтэй нь таарч болзошгүй. Ингээд давчихвал тавын даваанд О.Хангай арсланг амлан авч барилдах бөх ховор болов уу. Доороос гарч ирсэн шилдэг аймгийн арслантай эсвэл улсын заан Б.Пүрэвсайхан, Ц.Содномдорж нарын нэгтэй тунж магадгүй л юм. Хэрэв Б.Пүрэвсайхан заантай тунчихвал О.Хангай арслан начин болох магадлал өндөр. Учир нь өмнөх заалны барилдаанд Б.Пүрэвсайхан заантай дөрвөн ч удаа таарч барилдахдаа гурван удаа давсан болохоор тэр. Гэхдээ наадмын дэвжээ арай өөрөөр яригдах байх. Ямартай ч О.Хангай арсланд улсын цол авах боломж бий. Бүр П.Бүрэнтөгс арслангийн амжилтыг ч гаргаж болзошгүй бөх өө. Харин улсын цолтой бөхчүүдээс өнөө жил өнгөтэй байгаа нь өнгөрсөн жилийн түрүү бөх улсын аварга Ч.Санжаадамба. Өнгөрсөн хугацаанд болсон заалны барилдаануудад барилдахдаа ихэнхд нь түрүүлж, үзүүрлэсэн, шинэхэн аварга цолныхоо хэмжээнд хангалттай хүрч барилдсан юм. Тийм дээ ч өнөө жилийн наадмаар Санжаа аваргын гарыг нугалах бөх ховор болов уу. Түүний хамгийн хүчтэй өрсөлдөгч нь улсын арслан П.Бүрэнтөгс. Тэрбээр Санжаа аваргатай барилдаан таардаг, аралтай, бяртай, барилдааны хий багатай бөх гэдгийг ард түмэн мэднэ. Өнөө жилийн баяр наадмын түрүү, үзүүрт аварга, арслан хоёр таарах магадлал бас бий. Хэрэв Санжаа аварга түрүүлбэл далай аварга болно. Харин П.Бүрэнтөгс арслан түрүүлбэл улсын аварга цолтон нэгээр нэмэгдэх билээ. Өөр нэг зүйл нь өнөө жилийн баяр наадмаар шинэ улсын цолтонгууд ховор төрөх хандлагатай харагдана. Улсын начин цолтон хоёроос ихтэхгүй, улсын харцага ч алил. Харин улсын заан цолтон нэг төрж магадгүй бол улсын арслан цолтон шинээр төрөхөд үнэхээр хэцүү болж таарна. Энэхүү цолонд Б.Пүрэвсайхан, Ц.Содномдорж болоод од нь гүйсэн аймгийн арслангуудын нэг нь хүрч магадгүй. Харин улсын аварга цолтон төрөх магадлал өндөр юм. Өнөө цагийн бөхийн өнгийг тодорхойлж буй шилдэг арслангууд болох П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва нарын нэг нь аваргуудын эгнээнд бичигдэж магадгүйл юм. Ерөнхий дүр зургийг гаргах хэцүү болж. Хэн нь ч унаж, хэн ч давж магадггүй. Гэхдээ л олон түмэн улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан П.Бүрэнтөгс нарыг өнөө жилийн наадмын түрүү, үзүүрт үлдэнэ гэцгээх юм.

Categories
xурдан-морь мэдээ нийтлэл

Шаргын тууль

Нэгэнт дэргэд айлссан наадмын нэг дутуу нь аугаа их хурдан шарга азарга байх мэдээ түгээгджээ. Энэ цагийн Монголын домогт ажнай өнөө жил уралдахгүйн учир буй аж. Гэвч шарга азарга монгол наадмын нэгэн хэсэг байж ард түмний зүрх сэтгэлд уярал хайр бэлэглэн, ер бусын төгөлдөр сайхан самсаан шархирааныг чимчигнүүлдэг нь түмэн үнэнтэй. Шаргагүй наадам бүтэнгүй санагдана. Бүтэн наадъя. Шаргыгаа уншигчдынхаа сэтгэлд уралдуулахуйн учгийг сүвлэж хоёр жилийн өмнө туурвилчийн бичсэнийг толилуулъя.

Талын цэлгэрхэн элгэнд тэр ханиа нутаглуулжээ. Наад­­­мын улирал айсуйн энэ цагт сэтгэлийн эмзэглэлт дурсамж өдөр өдрөөр то­досч бодол зүрхний ховдол хайр­лан өрөвдөх хийгээд хага­цахуйн гунигт хэмнэлээр зэрэгцэн лугших бөлгөө.

Бид нэгнийхээ амьдралд тохиолд­­сон ээдрээ зовлонг тэр бүр мэдэхгүй. Бас нэг нэгийнхээ хэзээ ч үл сонсч мэдэх гай­хамшигт амьдралаар амь­дарч буйг нь ч үл анзааран аж төрөх билээ. Үүнийг бичиг­чийн ишлэн хэлэхийг хүсдэг нэгэн ухаантны үгийг дахин хэлмээр санагдана. Энэ нь “Амьдрал бол өнгөрсөн өд­рүүд биш, ахин дурсагдах өдрүүд юм” гэсэн үг билээ. Үнэхээр л амьдрал ахин дур­саг­дах өдрүүдээр бүтэх агаад, тэрхүү ахин дурсаг­дахуйн замд аз жаргал, зов­лон гуниг, инээд хөөр, сайхан сэтгэл бүгд ээлжлэн оршино. Одоо би уншигч та бүхэндээ ийм л нэг ахин дурсагдахын замаар мөшгөн сурвал­жил­сан тууль мэт уярам үнэн түүхийг ярьж өгье.

Залуу эр Э.Эрдэнэчу­луун гэргий А.Агваанцэ­цэг­тэйгээ ханилан сууж, аавын гэрээс голомт таслан аз жаргалтай амьдралаа асаа­сан нь 1980-аад оны дунд үе. Удалгүй анхны охин нь төр­жээ. Энэ бол наян зургаан он юм. Анх­ны үрээ тэвэрч баяр­лалдсан залуу хосод ингэж баярлахтай зэрэгцэн нэгэн гайт өвчний халдвар эхнэ­рийг нь өвч­лүүл­жээ. Эмнэлгийн ажилт­нуу­дын ноолгор ун­хиагүйн харгайгаар тариурын шараар өвдсөн нь хожмын хагацлын үндсийг тавьсан байна. Ин­гээд залуу сайхан эхнэр нь элэгний өвчтэй болсон ч амьдралын ая дант хэмнэлд эхэндээ төдийлөн мэдэгдэх­гүй яваад байж. Эрдэнэбатын Эрдэнэчу­луу­ны уг гарвал сурвалж нь Өвөрхангай айм­гийн Хайр­хан­дулаан сумын хүн. Ээжийн талынхан нь Архан­гайн чигийн хүмүүс бөгөөд тэдний дунд зэгсэн сайн уяач явсан лам нар байжээ. Энэ удам угшил нь нөлөөлсөн үү, хэдий хотод төрж өссөн авто жо­лоочийн мэргэжилтэй Э.Эр­дэнэ­чу­луун нэг л мэдэ­хэд хурдан морь, адууны үнэнхүү хор­хой­тон болсон байжээ. Ин­гээд ерэн дөрвөн оны хавар Хэнтийн Галшар суманд хурд­ны удамтай адуу сонир­хож, үнэ таарч, сэтгэл шилбэл авах хүслээр тэр хавийн нутгийн айлуудаар өөрийн анд Зуз хэмээх Дор­жийн хамтаар бууж мордон хэд хоног явжээ.

Чингэж явахдаа ханийн­хаа элгэнд эмчилгээ болгож “Саамыг нь уул­гая” гэж сэт­гээд тэндхийн Будаа нэрт хүнээс нэгэн сайхан цагаан гүү худалдан авсан байна. Гэвч Будаа шууд л “Хөтлөөд яв” гээд өгчихсөнгүй. Бас жаахан үнэр­хэх янзтай бай­сан болол­той, ингэхэд нь нөхрийг хүн­дэт­гэсэн Зуз Дорж “Өөрийн адуунаас сайн угшилтай уна­гатай гүү өгье” хэмээсний хүчээр хоёр нө­хөр өнөө ца­гаан гүүг ногтолж чаджээ. Цагаан гүү хусран байсан бөгөөд нэгэн охин шарга даага дагуулан ирснийг Э.Эрдэнэчулуун “Морин той­руулга”-ын халтар азаргандаа хураалгаснаар Галшарын ганган цагаан гүү Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт идээ­шиж эхэлсэн түүхтэй байна.

Цагаан гүү Э.Эрдэнэчу­луу­ны сүрэгт нийлүүлэгдсэ­ний­хээ дараа жил нэгэн сай­хан гал шарга унага төрүүлэв гэнэ. Мөнхүү унага үзтэл хайр төрөм, эгэл биш амьтан бай­сан гэнэ. Тэр мөртөө хүнээс ер бишүүрхдэггүй, хүүхдээр бол хэнд ч болов очоод тэв­рүүлж байдаг хөөрхөн золиг байжээ. Шарга унаганы эх, цагаан гүүний саамыг эрт­нээс хүсэмжлэн тийнхүү явдал суудал болсон боло­хоор гэргийдээ өгчээ. Хүнд сэтгэл нийлж, элэг тат­сан ханиас илүү сайхан нь хаа билээ. Э.Эрдэнэчулуун ч хүний хайлан болсон залуу сайхан эхнэртээ үлэмжийн хайртай байв. Тийм ч учраас түүнийхээ амь амьдралын төлөө өөрөөсөө гарах хүч чадал, ухаан бодлоо дайчилс­ныг та одоохон унших болно. Түүний сайн, сайхан эхнэр мөнөөх энхрий уяхан сэтгэ­лийг аяндаа төрүүлэх шарга унаганы бүлээхэн уруулаа­раа шимэн хөхөх халуун саамаас хуваалцахыг хүсээ­гүй байна. Эх хүний заяамал уяхан сэтгэлээс гадна энх­рий яруухан тэрхүү шарга унага бүсгүйн сэтгэлийг ер бусаар хөндсөн бололтой. Ингээд “Энэ хөөрхөн амьтан саамаа бүтэн хөхөг дээ. Би үүний сүүнээс хороолцож яах вэ” хэмээж, өөр гүүний саам ууна гэж эрслэн зүтгэснээр, мөнхүү шарга унага бүтэн саамаа хөхөж, бүлээхэн зү­сээ тольдуулсан аюулын сай­хан амьтан болжээ. Ганайсан сайхан шарга даага 1997 оны улсын наадмаар данайтал давхиж ирээд айргийн тавд ордоггүй юу. Уншигч та санаж л байгаа байх. Уяач эзэн нь ч баярлаж байсан нь дамжиггүй. Яагаад гэвэл энэ чинь нөгөө саамыг нь эхнэртээ уулгах гэж авчирсан цагаан гүүний унага шүү дээ. Тэр шарга унага эздийнхээ сэтгэлийг, ялангуяа эхийн нь халуун сүүг хуваалцаагүй эзэгтэйдээ “сэт­гэлийн өр” төлөх мэт юм болжээ. Гэвч энэ үед шарга адуут айлын эхнэрийн бие улам бүр өвдсөөр байлаа. Эвлэж, тэтгэж амьдарсаар л байж. Дараа жилийн нь хавар шарга үрээ бас нэгэн шарга дүү дагуулж, мөнөөх цагаан гүү Э.Эрдэнэчулууныд ир­сээр хоёр дахь эр шарга унагаа төрүүлсэн байна. Энэ­хүү хоёр шарга адуу Эрдэнэ­батын Эрдэнэчулуун хэмээх нэрт уяачийг Монголын ард түмэнд тод томруунаар та­ниул­сныг бид нэгэнт мэдэх болжээ. Гэвч хамгийн гол нь Э.Эрдэнэчулуун уяач, энэ хоёр шарга хүлгийн тууль нь чухам юундаа гайхамшигтай болохыг одоо өгүүлье.

2000 оны Үндэсний их баяр наадмын соёолон мори­ны уралдааныг уншигч та эргэн нэг сана. Яагаав, цэ­гээн дэлтэй өндөр шарга үрээ түрүүлэн давхиж явснаа хол саахалтад хадуурч, наадамч олны зүрхийг эмзэглүүлэн бахдуулан байж, буцан урал­даа­ны замдаа орон өмнөх морьдоо яах ийхийн зуургүй суга орхин давхисаар хол саахалтын зайд түрүүлж ир­дэг­гүй юү. Шарга үрээгээ түрүүлүүлсэн Э.Эрдэнэ­чу­луун наадмын дараа Хэнтийн Галшарын томоохон наадамд очлоо. Тэнд хамт очсон эхнэ­рийн нь бие дордож, эмнэлэг домнолго болж аргагүйдэн явахдаа шарга үрээнийхээ уяаг алдагдуулснаа хожим мэджээ. Ингээд тэр наадмын тоосонд шарга үрээгээ алд­сан байна. Гайхам хурдан шарга үрээний нь дүү ганц шарга адуу үлджээ, одоо. Яагаад ч юм, тэр хөөрхий шарга үрээ, Э.Эрдэнэ­чулуу­ны эхнэр хоёрт ямар нэг амь сэжмийн холбоо байсан мэт санагдана. Тэр хоёрын аль нэгээс л орчлон уйдсан юм шиг. Эхлээд саамыг нь уухаа­саа татгалзаж шаргаа өсгө­сөн, дараа нь шарга нь тү­рүүлж тэднийгээ баярлуул­сан, тэгээд дараа нь эзэгтэйн бие өвдөхтэй зэрэгцэн шарга уяаны гам алдсанаас эндэж хорвоог орхисон. Ямар нэг нөхөлдөхүйн сэжим холбоо буй юм шиг л дүр зураг ажиг­лагдана.

Энэ явдлын дараа Э.Эр­дэнэ­чулууны эхнэрийн бие улам мууджээ. Баялаг болж байсан байр орон сууц, ер юм бүхнээ заржээ. Ингээд байд­гаа хамж шимж байж жар, далан мянган ам.долларын үнэтэй элэг солиулах хагал­гаанд Бээжин хотноо орсон байна. Амжилттай. Эв эрүүл, саруул сайхан эхнэрээ ха­раад Э.Эрдэнэчулуун элэг бүтэн аз жаргалын амтыг чухамхүү мэдэрсэн юм. Гэвч энэ сайхан цаг удаан үргэл­жил­сэнгүй. Жилийн дараа дахин өвдөж эхэлжээ. Энэ нь 2004 оны зургадугаар сарын үес юм. Дахин хагалгаанд орох шаардлагатай байлаа. Э.Эрдэнэчулуунд шарга азар­гатай цөөн адуунаас нь өөр зүйл байсангүй. Тэр бүх­нийг шаргадаа даатган найд­сан байна. Эхнэрээ дахин хагалгаанд оруулахын тулд дахиад л жар гаруй мянган ам.доллар хэрэгтэй.

Эрэнэбатын Эрдэнэ­чу­лууны шарга азарга энэ зун­даа дөрвөн том наадамд түрүүллээ. Үндэсний их баяр наадам, Дорнодод болсон зүүн бүсийн наадам, Их хурд, Алтан-Овооны наадам зэрэг хамгийн том бай шагнал бү­хий дөрвөн уралдаанд урдаа улаан хөлтөн гаргасангүй. Эзнийхээ итгэл найдварыг алдсангүй. Үнэхээр өрөвдөн, уяран хайлмаар. Эзнийхээ эхнэрийн өвчин зовлонг ялуу­лахын төлөө “үр хүүхэд нь мэт” зүтгэсэн юм гэмээр. Үүнээс гайхамшигтай нь бий гэж үү. Хурдан шаргынхаа хондон хөлсөө цацлан олж ирсэн жип машин тэргүүтэн бай шагналын нь мөнгө эм­чил­гээний зардлыг бүрдүүл­жээ. Э.Эрдэнэчулуун ч Бээ­жинд эмчлүүлж явсан эхнэр­тээ баяр хөөртэй очиж, шар­гын­хаа ачаар ингэж чадлаа гэхэд нь хөөрхий тэр нь хөн­дүүр зүрхнийхээ гүнээс уяран хайлж, өрөвдөн энэрсэн юм гэдээг. Хамгийн харамсалтай нь хагалгаанд дахин орсон ч, залуу сайхан тэр эмэгтэй 21-хэн хоногийн дараа бурхан… Бурхан болжээ.

Хорвоо орвонгоороо эргэ­сэн он жил. Э.Эрдэнэчулууны хатуужих, уйтан давчуу хор­воотой эвлэрэн дасах он жилүүд эхэлсэн байна. Үхсэ­нээс үлдсэн шарга нь ч тийн­хүү хөлс хүчээрээ амины нь төлөө “зүтгэсэн” эзний нь эхнэр, ах шаргын нь сүүг авч уугаагүй нинжин сэтгэлт ач­тан бүсгүй хорвоод үлдэж чадаагүйд гашуудсан мэт 2005, 2006 онд ихэд өвдөн, турж эцээд, уяулан уралдах ч сөхөөгүй байсан нь үнэн ажээ. Харин улирагч зуны улсын наадамд зовлон гуни­гаа мартсан мэт дахин цой­лон түрүүлж эзнийхээ сэтгэ­лийг дахин цэлмээгээд байгаа юм.

Э.Эрдэнэчулуун, түүний их хорвоогоос буцсан эхнэр, эр хонгор шаргуудаас бүрд­сэн ийм нэгэн тууль бий ажээ.

Монгол Улсын тод манлай уяач Эрдэнэбатын Эр­дэнэ­­чулуун “Уяхан, өрөвчхөн сэтгэлтний дээд байсан даа, миний хань” хэмээн дурсах тэрхүү тэнгэрт одсон бүсгүй­тэйгээ Хонхор өртөөнд анх танилцан дотносож, хожмын Монгол Улсын Даян аварга Агваансамдангийн Сүхбат хүр дүүгээ хүүхэд ахуйдаа барил­даж явахад нь хоёул элбэн цай цуй барин гүйж байсан нь ойрхны дурсамж ажээ.

Э.Эрдэнэчулуун түүний хайрт хань, эр хоёр шаргын энэ гайхамшигт туулийг эх орныхоо хүмүүст мэдүүлэ­хийг сайхан сэтгэлт хүмүүс сэдээд, нэгэнт ажил хэрэг болгоод байгаа юм билээ. Уярам энэ түүхийг Монгол­банкны захирал асан Очир­батын Чулуунбат тод манлай уяачаас нулимс унаган сон­соод Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнд даруй хандан кино зохиол бичиж өгөхийг хүсч улмаар туурвин гүйцэт­гүүлээд, бүх зардлыг нь хариу­­цан бүтээлгэснийхээ нээлтийг ирэх сарын таванд хийх гэж байгаа гэнэ. Хүний хорвоогийн хамгийн сайхан нь хүн хүндээ сэтгэл тавьж, гэгээн сайхныг бусдад мэд­рүү­лэхээс өөр юусан билээ. Домог тууль тэртээ өмнийн, өнө холын байх албагүй ажээ.

Б.ЗОЛБАЯР

Categories
мэдээ нийтлэл утга-зоxиол

“Харанхуй хад”-наас үүдсэн Шизоанализын таталбар

Урлаг, уран зохиол судлалд өргөн хэрэглэгдэх болсон шизоанализ гэдэг чиглэл нь сэтгэц шинжлэл, анагаах ухаан, постмодернизмын зарим томьёолол, мөн психоанализын судалгаатай нягт холбогдсон ойлголт юм. Нэр томьёоны хувьд хагалах, бутаргах гэсэн утга бүхий грек хэлний үгээс үүсэлтэй бөгөөд нийгмийн амьдралын олон талт харилцаа, зохиомол хэм хэмжээ тэдгээртэй үл зохицохуй хийгээд хувь хүний оршихуйтай холбоотой үүссэн. Хувь уран бүтээлчийн оршихуй нь нийгмийн амьдралтай үл зохицон сөргөлдөх байдлаас үүсдэг шинж чанартай. З.Фрейдийн томьёолсон психоанализын “Эдипийн цогцолбор” хэмээх ойлголт нь зөвхөн гэр бүлийн хүрээнд хүний төлөвшлийг авч үздэг, нийгмийн хүрээ, томоохон асуудал болон амьдралын гүн рүү нэвтэрдэггүй гэсэн шүүмжлэлтэй уялдан шизоанализ үүссэн ажээ. З.Фрейдийн “Эдипийн цогцолбор”-ыг нурааж ухамсаргүйн хэтийдсэн үнэн буюу “Эдипийн бус ухамсаргүй”-г нээх нь шизоанализын зорилго юм. Энэ талаар доктор Д.Галбаатарын “Уран зохиолын нэвтэрхий толь”-д “…Энэ нь психоанализаас нэлээд өөр ойлголт. Анхлан З.Фрейдийн “Эдипийн цогцолбор” онолын томьёоллыг зөвхөн гэр бүлийн хүрээ, бэлгийн харилцаагаар хязгаарлагддаг, нийгмийн дорвитой асуудал, нийгмийн гүн рүү нэвтэрч тайлбарлах чадваргүй гэсэн шүүмжлэлтэй уялдан гарчээ…” (Галбаатар.Д. Уран зохиолын нэвтэрхий толь. УБ. 2012. хуудас 505) гэх буюу “…Ухамсаргүйн хэтийдсэн үнэн буюу “Эдипийн бус ухамсаргүй”-г дан цэврээр нээх зорилго шизоанализын гол үзэл баримтлал байв” (Галбаатар.Д. Уран зохиолын нэвтэрхий толь. УБ. 2012. хуудас 505) гэсэн байна.

Нийгмийн гишүүн хувь хүн ямар нэг талаар дутмагшилд орж түүнтэй уялдсан хүсэл, шуналын хүлээсэнд автана. Энэхүү хүлээсийг гэтлэх арга зам нь урлаг, уран зохиол бөгөөд урлагт л сая хүний жинхэнэ мөн чанар, дарагдсан хүслийн цаадах төрх харагддаг. Ингэснээрээ шизоанализ нь далд ухамсрын тухай ойлголтыг улам бүр гүнзгийрүүлж “псевдоструктур” буюу “хуурмаг бүтэц”-ийг гэтлэн хүний сэтгэцийн шизо хүслээр дамжуулан амьдралын үндсийг үнэнээр нь нээх зорилгод тулжээ. Энэ нь явсаар зохиолчид бол нэг зүйлийн «өвчин»-д нэрвэгдсэн хүмүүс, учир нь, хаа ч байхгүй зүйлийг санаанаасаа ургуулан туурвих нь нэг төрлийн өвчин, мөн хаа ч байхгүй худал гэдгийг нь мэдсээр байж уран зохиолд шимтэн унших нь бас л нэг зүйлийн өвчин гэх үзэл бий болсон. Түүнчлэн тэрхүү «өвчин»-ий шинж байдал нь буюу дотоод түлхэц нь тухайн зохиолчийн уран бүтээлд нь тусан бууж философи-уран сайхны нийлэгжсэн хэлбэрийг бий болгодог. Ж.Делезийн “Солиотой хүн агуу их бүтээл туурвиж чадна” гэх буюу З.Фрейдийн “Зохиолч хүнийг бүрмөсөн сүйрэхээс хамгаалж бас эдгэрүүлэн илаарьшуулах бодот боломж байхгүй” зэрэг томьёололтой холбогджээ. Шизоанализын үүднээс уран зохиолд хандахдаа зохиолчийн сэтгэцийн эмгэгийг нарийн ажиглах, зохион бодохуй ба бодит итгэл үнэмшлийнх нь харьцаанд анхаарал хандуулах хэрэг гарна.

Угтаа шизофрени гэдэг нь нэг төрлийн сэтгэцийн өвчин. Монголчилбол шизо-сарних, задрах, френи-сэтгэц гэсэн грек үг. Манай улсын Эрүүл мэндийн яамны Сэтгэцийн өвчин судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс 2007 онд зөвшөөрөл олгон хэвлүүлсэн “Сэтгэцийн эмгэг судлал”-ын сурах бичигт «Дотоод шалтгаантай, шизофренитэй удам зүйн холбоотой солиорлын шинжээр илэрдэг бүлэг эмгэгийг шизофрени ба шизофрени төст эмгэгүүд гэдэг. Өөрөөр хэлбэл, үүнийг солио гэж нэрлэдэг. Солио. Хүн хүрээлэн байгаа бодит үзэгдэл юмсыг зөв тусгах хийгээд танин мэдэх чадвараа алдаж, тэдгээрийг гажуу буруугаар, хий хоосноор, хувирч өөрчлөгдсөнөөр тусгаж, тэдгээрийн хоорондын харилцаа холбоог саланги, тасархай байдлаар хүлээн авч, тэдгээрийн тухай буруу ойлгож, улмаар өөрийн үйлдлийн зөв бурууг цэгнэх буюу өөрийн биеийг нийгмийн шаардлаганд тохируулан авч явах чадвараа алдахыг солиорох (солио) гэнэ. Өөрөөр хэлбэл, өвчтөнд гажуу тусгал, хий үзэгдэл, дэмийрэл, ухаан баларталт, холбоогүй сэтгэхүй, сэтгэц хөдөлгөөний дошгирол, кататони, сэтгэл хөөрлийн хам шинж, сэтгэл гутралын хам шинж зэрэг шинжүүд үүсэхийг солио гэж нэрлэдэг. Шизофрени ба шизофрени төст эмгэгүүдийг дотор нь:

  1. Шизофрени
  2. Шизофренийн хэв шинжит эмгэг
  3. Байнга дэмийрэх эмгэг
  4. Түр зуурын ба цочмог солио
  5. Нөлөөтөн дэмийрэх эмгэг
  6. Шизоаффектив солио гэж хуваадаг» (Бямбасүрэн.С. Сэтгэцийн эмгэг судлал. УБ.

2013. Сэлэнгэпресс. хуудас 548) хэмээн тодорхойлсон байна.

Энэхүү сэтгэцийн өвчний шинж байдал урлаг, уран зохиолд тусдаг, зарим том уран бүтээлчид жинхэнэ утгаараа шизофренитэй байдаг (зарим уран бүтээлчид галзуугийн эмнэлэгт хэвтэж байсан, хоригдож байсан, нэг насаараа галзуу нэр зүүж явсан баримт олон бий. Г.Б.) зэрэг нь энэхүү урлаг уран зохиол судлалын нэгэн шинэ чиглэл бий болох буюу шизоанализ үүсэх үндсэн нөхцөл болсон. Мөн түүнчлэн урлагийн цаад мөн чанарт нэвтрэх оролдлого улам бүр гүнзгийрч З.Фрейдийн “Эдипийн цогцолбор”-ыг даван гарч “бус ухамсаргүй”-д шилжсэн нь шизоанализын чиглэлийг төгөлдөржүүлж урлаг, уран зохиолын утга чанарыг тайлан тайлбарлах арга болгожээ.

Сод уран бүтээлчдэд сэтгэл зүйн хийгээд сэтгэцийн невроз илрэх, давтагдах нь хэвийн зүйл агаад уран бүтээлээс нь ямар нэгэн гажуу тусгал, холбоогүй сэтгэхүй, хий үзэгдэл, сэтгэл хөөрлийн ба гутралын хам шинж илрэх нь түгээмэл зүй тогтол. Манай уран зохиолд ч ийм үзэгдлүүд бий.

Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч гэгддэг Д.Нацагдоржийн уран бүтээлүүдийг үзэхээр ямар нэгэн шизотой уран бүтээлч байсан нь тод мэдрэгддэг билээ. Харин ямар неврозтой байсан бэ гэдгийг нь уран бүтээлээс нь тодруулан үзэх боломжтой. Түүний сэтгэцийн невроз хамгийн тод илэрсэн бүтээл нь “Харанхуй хад” хэмээх өгүүллэг. “Харанхуй хад” гэдэг нэр нь харанхуй буюу цаг хугацааны шинж байдлыг заасан тэмдэг нэрийг хад гэх жинхэнэ нэртэй холбосон гажуу тусгал. Монгол хүн хад чулууг улаан хад, хар хад, цагаан хад, шар хад гэх мэтээр өнгөөр буюу арсгар барсгар, барзгар, мөлгөр гэх мэтээр гаднах шинжээр нь нэрлэхээс харанхуй болон гэгээтэй гэх мэтээр нэрлэдэггүй учир үүнийг гажуу тусгал гэж үзэх боломжтой.

Уг зохиолд данжаад би бээр «Наймдугаар сарын гучны Бямба гариг, Харанхуй хад, Ина» (Аюурзана.Г. нар. Монголын сонгомол өгүүллэг. УБ. 2005. Мөнхийн үсэг. хуудас 15) гэсэн тэмдэглэл олно. Энэ нь холбоогүй сэтгэхүй гэдэг нь зохиолоос харагдах ба энэхүү холбоосгүй сэтгэхүйд зохиол бүхэлдээ эзлэгдсэн байдаг. Гэвч зохиолд уг холбоосгүй сэтгэхүйг холбоосжуулахаар бэдэрч нэгэн бөглүү газарт буюу Харанхуй хаданд очих аж. Зохиолд дүрслэгдсэн хий үзэгдэл нь нэгэн овоохойд суух чихэнд чийртэй юм уу нөгөө ертөнцийн байж болох хөндий өөр дуут хар хүн, халуун, дулааны улиралд үстэй дээл хөдрөн хэвтэгч дун буурал толгойтой эмгэн хоёр. Тэдгээрийг зохиолч «…Хар хүн дагалдан ороод, зүүн хойно цомцойн суув. Би баруун хойно нь нэг гөрөөсний ширэн дэвсгэр дээр хагас завилан суусны дараа амар мэндийг мэдэлцэв. Мөнхүү хар хүн гуч илүү настай бөгөөд илгэн дээл өмсөж, суран бүс бүсэлжээ. Үг хэлэлцэх аялгуу нь чихэнд их л өөр сонсогдоно. Зүүн өмнөд хатавчинд үстэй дээлээр нэг хүн хучаастай хэвтэж буй. Дун буурал толгой цухуйж байна. Хар хүн нурманд шигтгэсэн домботой цайг нэг тэвш тарваганы махны хамт надад өгсөнд цай нь гудамжны шалбааг мэт булингартай, мах нь халшгүй нэхүүн үнэртэй боловч умдаасаж өлссөн минь их тул аргагүй ууж идэв…» (Аюурзана.Г. нар. Монголын сонгомол өгүүллэг. УБ. 2005. Мөнхийн үсэг. хуудас 17) гэж дүрсэлсэн буй.

Д.Нацагдоржийн уг зохиолд тийн одсоор “Харанхуй хад”-нд ирэн Ина охинтой уулзан бүхий үед гэнэт бороо орохуйяа сая сэрмэглэн үзвээс зүүд аж мэтийг дүрсэлсэн буй билээ. Сэтгэцийн өвчтэй хүнд ухаан зүүдчилэн балартах байдал илрэх нь түгээмэл. Зохиолын эцэст энэ бүхэн зүүд аж гэсэн нь Д.Нацагдоржийн зүүдчилэн балартах шинж юм. Энэ тухай анагаах ухааны номонд «Ухаан зүүдчилэн балартах байдал. (Онейроидное состояние) Ухаан балартахын ерөнхий шинжүүд тод илэрнэ. Хоёрдмол баримжаа. (Двойная ориентация) Өвчтөн өөрийгөө заримдаа эмнэлэгт, заримдаа сансарт, заримдаа гэртээ, заримдаа харь гаригт, заримдаа өөр бусад фантаз ертөнцөд оршиж байна хэмээн баримжаална…» (Бямбасүрэн.С. Сэтгэцийн эмгэг судлал. УБ. 2013. Сэлэнгэпресс. хуудас 156) гэсэн байдаг. Зэрэгцүүлэн үзвээс Д.Нацагдорж уг зохиолыг бичиж байх үедээ өөрийгөө “Харанхуй хад” гэх «фантаз ертөнцөд оршиж байна» хэмээн үзсэн нь эргэлзээгүй. Энэ тайлбараар зохиолч Д.Нацагдоржийг эмнэл зүйн утгаар галзуу, солиотой байсан гэж хэлэх гээгүй бөгөөд зарим үед, зарим зохиолоо бичиж байхдаа түүний далд ухамсраас, бүр Эдипийн цогцолборын цаад талаас нь түлхдэг шизофрений тусгалтай уран бүтээлч байжээ гэж үзэх боломжийг “Харанхуй хад” бүтээл нь бидэнд олгож байгааг хэлэх гэсэн болно.

“Харанхуй хад” зохиолын ерөнхий байдлыг үзвэл зохиолч ямар нэгэн зүйлийг эрээд яваа мэт агаад учиргүй ганцаардан гутарсан мэт мэдрэмж төрүүлдэг. Энэхүү ганцаардах нь шизофрений нэгэн шинж, ба шизофрений улмаас амиа егүүтгэхийн нэгэн томоохон шалтгаан нь ганцаардал байдаг. Энэ тухай мөнөөхөн сэтгэцийн эмгэгийн номонд «…Хэрэвзэеэ амиа егүүтгэх оролдлого хийсэн хүнд дараах хүчин зүйлсийн аль нэг илэрч байвал түүнийг амиа хорлох өндөр эрсдэлтэй гэж тооцно.

  • Амиа хорлох бодол
  • Сэтгэл гутрах эмгэг
  • Архи буюу бусад мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэх
  • Өмнө нь амиа егүүтгэх оролдлого хийж байсан
  • Бие хүний нийгмийн эсрэг эмгэг
  • Ажилгүйдэл
  • Нийгмээс тусгаарлагдсан байдал
  • Эрэгтэй хүний хүйсний хамааралтай байх
  • Ганцаардал
  • Өв тэгш бус гэр бүлд хүмүүжих буюу амьдрах…» (Бямбасүрэн.С. Сэтгэцийн эмгэг судлал. УБ. 2013. Сэлэнгэпресс. хуудас 290) гэсэн байна. Энэхүү амиа хорлох хүчин зүйлүүдээс зохиолч Д.Нацагдоржид сэтгэл гутрах, архи хэтрүүлэн хэрэглэх, бие хүний нийгмийн эсрэг эмгэг, ажилгүйдэх, нийгмээс тусгаарлагдсан байдал, ганцаардах, өв тэгш бус гэр бүлд амьдрах шинжүүд байсан болох нь түүний намтраас харагддаг агаад тэрээр уран бүтээлдээ тэдгээр шаналлаа бичиж тайтгардаг байсан болов уу. Тэдгээр сэтгэлийн шаналгаат бодол ганцаардлаа зөвхөн “Харанхуй хад”-аар зогсохгүй 1930 оноос хойш бичсэн олон бүтээлдээ дэлгэжээ. Ялангуяа шоронд байхдаа буюу 1932 онд бичсэн “Хан ертөнцийн сар”, “Янаг амрагаа мөрөөдөхүй”, “Ургамал бодисыг мөрөөдөхүй”, “Залуу бие ганихрахуй”, “Эрх чөлөөг хүсэхүй”, “Торон дотор уйтгарлахуй”, “Уйтгар зовлонг санагдуулахуй”, “Ааш зан хувирахуй”, “Орчлонгийн жамыг танихуй”, “Тэргэл сарыг үзэхүй” болон “Нууц янаг” (1930), “Мөрөөдөл” (1931), “Нойрын дунд” (1931), “Дөрвөн цаг” (1935) зэрэг эрүүл мэндийн сэдэвтэй ухуулга уриалгын шүлгүүдээс бусад олон бүтээлүүдээс нь, мөн “Үйлийн гурван толгой” жүжиг зэргээс нь мөнөөхөн ганцаардлын өнгө аяс нэвт харагддаг. Цөөн баримт түшвэл “Ургамал бодисыг мөрөөдөхүй” (1932), шүлэгт:

…Сараалжин цонхыг түшиж

Санаа алдан гиюүрнэ

Сар өдрийг тоолж

Салхи нарыг мөрөөднө… (Удиртгал бичиж редакторласан Д.Цэдэв. Дашдоржийн Нацагдорж. Бүрэн түүвэр. УБ. 1996. хуудас 105) гэх буюу; “Эрх чөлөөг хүсэхүй” (1932) шүлэгт:

…Музейд хоригдсон араатан шиг

Мөрнөөс хагацсан загас шиг

Мөхлөгт учирсан миний бие

Мөнхийн чөлөөг мөрөөднө… (Удиртгал бичиж редакторласан Д.Цэдэв. Дашдоржийн Нацагдорж. Бүрэн түүвэр. УБ. 1996. хуудас 109) гэх; мөн “Мөрөөдөл” шүлэгт:

…Гэгээн наран нэгэнтээ ойртон ирж

Цонхны доторхыг гэрэлтүүлэн эхлэв

Хэдийний амраг чи минь одоо учирч

Миний хэнхдэгт зул барих цаг болов… (Удиртгал бичиж редакторласан Д.Цэдэв. Дашдоржийн Нацагдорж. Бүрэн түүвэр. УБ. 1996. хуудас 74) гэх; “Гэргий хүүхдээсээ хагацахуй” (1936) шүлгийн:

…Нимгэн зөөлөн зүрхэнд минь

Ширүүн хур асгарна

Миний гүн зовлонг

Хэн хэрхэн мэднэ… (Удиртгал бичиж редакторласан Д.Цэдэв.

Дашдоржийн Нацагдорж. Бүрэн түүвэр. УБ. 1996. хуудас 195) гэх зэрэгт ганцаардлын аяс гүнзгий. Эдгээр баримт нь түүнийг амьд ахуйдаа ямар нэгэн байдлаар ганцаардаж явсан буюу дотор сэтгэл далд ухамсартаа тийм мэдрэмжтэй байсныг нь илтгэдэг.Иймэрхүү ганцаардлын хүлээснээс ангижрахыг мөрөөдсөн тэмүүлэл, тачаал зөвхөн Д.Нацагдоржоор зогсохгүй манай олон уран бүтээлчдийн бүтээлүүдэд бий. Тухайлбал, Д.Нацагдоржоос нэлээд хожуу үед амьдарч байсан яруу найрагч Р.Чойном. Д.Нацагдорж, Р.Чойном нар өөр өөр цаг үед төрсөн ч ижилхэн амьдрал туулсан. Хоёул архинд орсон, шоронд орсон, авгай хүүхдээсээ салсан, орох оронгүй гудамжинд, айл хунараар явж үзсэн. Яагаад тийм замаар явсан шалтгаан нь огтхон ч сонин биш агаад гагцхүү тэр зуйгуул амьдралаас зохиолчийн сэтгэхүйд бий болсон төлөвшил, улмаар далд ухамсарт нь нөлөөлсөн зүй тогтол, дарагдсан хүслийн түлхээс, шахагдсан либидогийн неврозод дөхсөн илрэл нь сонирхолтой.

Д.Нацагдоржоос 30 жилийн дараа төрсөн яруу найрагч Р.Чойномын уран бүтээлд өгүүлэн буй ганцаардлын өнгө аяс нэлээд гүн. Тэрээр:

Хамаг бүхэн хаалттай,

Хатуу чанга заалттай

Солгой хөгжим шиг үед

Согтуурах шиг жаргал алга! (Эмх. Ж.Бямбаа. Чойном.Р. Сүмтэй Бударын чулуу. УБ. 1990. хуудас 33) гэх буюу;

Намайг дуудах

Нарийхан хонгор дуу

Ард минь сонстном…

Ард гэтэл хэн ч алга

Урд минь сонстном

Урагш хартал бас алга

Унтах нойронд сонстов

Унтаад сэрэхэд бас алга…

…Гэмшин гэмшээд хожимдож

Гэртээ би харьж чадахгүй шиг

Гагцхүү,

Намайг дуудсаар байна

Нарийхан хонгор дуу… (Эмх. Ж.Бямбаа. Чойном.Р. Сүмтэй Бударын чулуу. УБ. 1990. хуудас 42) гэх мэтээр ганцаардсан, нийгэмтэйгээ үл зохицсон өнгө аяс Р.Чойномын бараг бүх бүтээлээс нь харагддаг. Д.Нацагдоржийн неврозод тулсан сэтгэцийн эмгэг шинж нь гутранги аястай байдаг бол Р.Чойномын неврозод дөхсөн сэтгэцийн шинж нь бие хүний нийгмийн эсрэг эмгэг маягтай байснаараа онцлогтой. Д.Нацагдорж нийгмийн амьдралыг өөрчлөхийг хүссэн боловч түүнийгээ шүүмжлэлгүйгээр уриалах байдлаар илэрхийлж байсан бол Р.Чойном хатуу ширүүнээр шүүмжилж байсан, тиймдээ ч шорон гянданд хоригдож явжээ. Иймээс Д.Нацагдоржоос цөхрөл, Р.Чойномоос өшрөл мэдрэгддэг. Тэдгээрээс нь дурдвал “Харууслын шүлэг”-тээ:

…Өөрөөр би, гэгээ багатай эгэл ард

Өнгө нь тааруу ч, дотор нь цагаан эр хүн

Өчүүхэн ийм амин хувийн олз эрэгчидтэй

Өлгий нэгтэй, найз нөхөд байсандаа ичиж байна… (Эмх. Ж.Бямбаа. Чойном.Р. Сүмтэй Бударын чулуу. УБ. 1990. хуудас 164); гэж бичжээ. Түүнд Д.Нацагдоржтой адил шоронгийн шүлгүүд бий. Тухайлбал:

Хөөрхий энэ шорон

Хөсрий болж дээ, зайлуул

Энд би нэлээд сар жил

Эрх чөлөөгүй тарчилж билээ

Ядарсан цагт гэр болж байсан

Явцуу шорон ч яахав сөнөж!

Ялыг минь далимдуулаад дарлаж байсан

Яргачин харин хаана яваа бол?! (Эмх. Ж.Бямбаа. Чойном.Р. Сүмтэй Бударын чулуу. УБ. 1990. хуудас 198) гэх мэтээр нийгэмтэйгээ үл зохицож буйгаа илэрхийлсэн, нийгэм болоод нийгмийн гишүүдэд хонзогносон олон бүтээл бий. Яруу найрагч Ц.Гайтавыг үхэхэд Р.Чойном нэгэн шүлэг бичсэн. Уг шүлэг нь:

…Анх төрөхдөө чи охин хүүхдээс томгүй төрж

Амьдрахдаа олон түмнээс илүүгүй явж

Үхэхдээ харин Нацагдоржоос томоор үхлээ

Үлдэх хөшөө чинь ямархан хэмжээтэй бол доо. Гайтав минь! (Эмх. Ж.Бямбаа. Чойном.Р. Сүмтэй Бударын чулуу. УБ. 1990. хуудас 245) гэсэн байдаг бол “Д.Нацагдоржийн хөшөөний дэргэд” шүлэгтээ:

…Улсын гүйлгээнээс хасагдсан

Улаан мөнгөнүүдийг хайлж

Зургаан жил маргаж байж

Жаран хоёр онд босгосон юм…

Хөшөөний бие дотор талдаа

Хөндий хийгээд гуниг шиг харанхуй

Царцуу зузаан цемент суурь

Цаг үе шиг нь нүсэр хүйтэн… (Эмх. Ж.Бямбаа. Чойном.Р. Сүмтэй Бударын чулуу. УБ. 1990. хуудас 243) гэсэн байдаг. Эдгээрээс Р.Чойномын өшрөл, цөхрөл харагдаж байгаа бөгөөд тухайн үедээ нэр хүндтэй байсан ч цаг үетэйгээ үгүй болох хөнгөн хуурмаг шүлэг бичсэн Ц.Гайтавыг цаагуур нь ёгтлон дорд үзсэн байгаа бол Д.Нацагдоржийг цаг үе нь үгүй хийснийг ийн дурджээ. Д.Нацагдоржийг өөртэйгээ зэрэгцүүлж:

Олон удаа би, тэр хөшөөний дэргэд

Очиж, толгой гудайлган зогссон

Хөөрхийлөх сэтгэлдээ дийлдэж

Хөшөө юм даа гэлгүй шүүрс алдсан… (Эмх. Ж.Бямбаа. Чойном.Р. Сүмтэй Бударын чулуу. УБ. 1990. хуудас 243) гэсэн буй. Яруу найрагч Р.Чойномын уран бүтээлээс тухайн үеийн нийгмийг эсэргүүцэн буруутгах өнгө аяс улмаар нийгмийг удирдаж асан Ю.Цэдэнбал, түүний орос эхнэр мэтийн бурангуй хүмүүсийг шүүмжлэх, хараан зүхэх, хайр найргүй тамлан тарчилгаж үгүй хийх далд хүслээ илэрхийлэх зэрэг неврозод тулсан бие хүний нийгмийн эсрэг сэтгэцийн эмгэг нь илрэн харагддаг юм.

Р.Чойномын дараагийн бас яг ийм эмгэгтэй нэгэн яруу найрагч бол О.Дашбалбар. О.Дашбалбар бол Р.Чойномоос 21 жилийн дараа төрсөн яруу найрагч, улс төрийн зүтгэлтэн. Яруу найрагч О.Дашбалбар эхэн үедээ яруу найргийн замаар замнаж нэлээд шүлгүүд бичсэн боловч улс төрчийн замд орж, их хурлын гишүүн мэтийн хар бор хийх болсноор бие хүний нийгмийн эсрэг сэтгэцийн эмгэг нь даамжирч улмаар уран бүтээлийг нь буртаглах болсон билээ. Түүний эхэн үеийн яруу найргаас гэгээлэг ганцаардал, бадрангуй дэлгэр аяс тод мэдрэгддэг бол сүүл үеийн шүлгүүд нь илүү занал хорсолтой болж ирсэн ба энэ нь нэг талаас цаг үеийн нөлөө, нөгөө талаас түүний сэтгэцийн эмгэг нь хурц хэлбэртээ шилжиж байсныг нотолдог. Түүний яруу найраг 1989 онд хэвлэгдсэн “Гол ус намуухан урсана” түүвэрт үндсэндээ хэлбэржсэн бөгөөд өмнөх түүвэр нь болох “Оддын аялгуу” (1984) номонд цагаан шүлэг, улс төрийн өнгө аяс, Монгол-Зөвлөлтийн найрамдлын сэдэв, Комсомол, Ленин багш, Орос орон, фашистын герман гээд тухайн үеийн яруу найрагчдад байдаг л шүлгүүд нэлээд бий.

Яруу найрагч О.Дашбалбар:

Надаас чи минь зуун жилээр хожимдож төрнө

Нарт ертөнцөд дахиад ирэхэд чинь би явчихсан байна

Эсхүл чи минь гурван зуун жилийн өмнө ирээд

Эр биеийг минь цөхөртлөө хүлээгээд энэ дэлхийгээс буцчихна

Мянга мянган жилээр би чамтай учрахгүй

Манант өглөөгүүр нар мандахыг харахгүй (Дашбалбар.О. Бурхны мэлмий. УБ. 1991. хуудас 87) хэмээн бичиж байсан бөгөөд иймэрхүү алсын зөнтэй, гэгээрэлд тэмүүлсэн аяс нь түүний яруу найргийн өнгө аяс байснаа улмаар хувирч 1990-ээд оны дунд үеэс бурханд шүтэхийг номлох, нүгэлтнийг буруутгах, сургаалийн шүлгийн шинжтэй болж ирсэн байдаг. Тухайлбал:

Ховор нандин вансэмбэрүү ургах газар нь цөөн атал

Хогийн өвс шарилж л хаа сайгүй сагсайх юм

Үлэмжийн цэцэд мэргэд даанч цөөхөн төрөх атал

Үхэр мэт тэнэгүүд газар сайгүй мөөрч явах юм (Дашбалбар.О. Бурхны мэлмий. УБ. 1991. хуудас 127) гэх мэтээр бичих болсон. Улмаар энэ өнгө аяс нь уран бүтээлийн сүүл үедээ улс төр, иргэний шинжтэй болж, хувьсгалт тэмцэлд уриалах, улс орноо худалдаж байгаа хүмүүсийг шүүмжлэх, хайр найргүй хараан зүхэх, алах, цаазлахаа улайм цайм хэлэх болон өөрчлөгдөж хүний цусыг долоон үеэр нь шинжлэх гэх мэтээр неврозын шинж байдалд орж ялимгүй авьяас нь үгүй болсон билээ. Би талын хөх чоно, бүргэд, би муулах тусам улам өнгө орно, би ганцаардаж байна, би ганцаараа эх оронч гэх мэтийн неврозод дөхсөн сэтгэцийн хямрал нь түүний яриа болгоноос сонстож, улмаар уран бүтээлээс нь илрэх болж, тухайн үеийн үзмэрч Дашцэрэн гэгч зальхай этгээдийг багш хэмээн бурханчлан шүтэх, өөртөө болон тэр багш гэгчдээ ямар нэгэн улаан сахиусны хувилгаан ч билүү цол гуншин өгөх зэргээр эмгэг нь хурцдаж ирсэн байдаг. Тухай, тухайн үеийнхээ нийгмийн амьдралтай холбоотойгоор Д.Нацагдоржийн ганцаардал утаа ч гарахгүй нурамлаж байсан бол Р.Чойномынх уугиж, харин О.Дашбалбарынх дүрэлзэн шатаж байв. Иймэрхүү цаад талдаа сэтгэцийн эмгэг шинжтэй уран бүтээлчид зарим талаар өөрөө ганцаардлаа хүсээд байгаа ч юм шиг харагддаг байна.

Манай орчин үеийн зохиол дахь ганцаардлын өнгө аяс бүхий невроз нь зөвхөн Д.Нацагдорж, Р.Чойном, О.Дашбалбараар зогсохгүй нэлээд олон уран бүтээлчдэд илэрч байсан учир хам шинж маягтай болж иржээ. Сэтгэцийн эмгэг судлалд “Нэг нь нөгөөтэйгөө эмгэг жамын харилцан холбоотой, нэг нь нөгөөгөө нөхцөлдүүлэн үүсгэж байгаа хоёр ба түүнээс дээш тооны шинжүүд хослон илрэхийг хам шинж гэнэ…” (Бямбасүрэн.С. Сэтгэцийн эмгэг судлал. УБ. 2013. Сэлэнгэпресс. хуудас 161) гэж тодорхойлсон байдаг. Ийм хам шинж буюу синдром (syndrome) нь нийтлэг тал, ижил төслөг шинжээрээ нэгдсэн хэсэг бүлгийг заадаг агаад сэтгэцийн эмгэг судлалд “Вертерийн хам шинж” гэсэн уран зохиолтой холбоо бүхий нэгэн өвчин бий. Энэ тухай сэтгэцийн эмгэг судлаач доктор С.Бямбасүрэнгийн “Сэтгэцийн эмгэг судлал” (2013) номонд “… Ийнхүү амиа егүүтгэх дүрийг даган дуурайхын нэгэн хувилбар бол “Вертерийн хам шинж” юм. Вертерийн хам шинж. Зохиолч Гете “Залуу Вертерийн зовлон” роман бичжээ. Азгүй дурлалаасаа болж романы гол баатар амиа егүүтгэдэг. Энэ романыг уншсан зарим залуучууд амиа егүүтгэдэг байжээ. Эдгээр амиа егүүтгэгчдийн зарим нь өөрийгөө егүүтгэх мөчид Вертер шиг хувцаслах буюу түүний үхлийг эл романд дүрслэн бичсэн тэрхүү хуудсыг нээлттэй үлдээдэг байжээ…” (Бямбасүрэн.С. Сэтгэцийн эмгэг судлал. УБ. 2013. Сэлэнгэпресс. хуудас 288) гэсэн байна. Уран бүтээлээс нь мөшгөн үзвэл ганцаардлын синдромоороо төслөг олон уран бүтээлчид манай орчин үеийн уран зохиолын түүхэнд байгаа бөгөөд зарим нь нийгэмд танигдан ямар нэгэн зүйлийн төлөө тэмцэж явсан байдаг бол зарим нь уран бүтээлдээ ганцаардлаа дэлгэн чимээгүйхэн оддог байна. Тэдгээрийг нийтэд нь «Ганцаардахуйн шизофренитэй буюу Д.Нацагдоржийн хам шинжтэй» уран бүтээлчид хэмээн томьёолж болох юм. Энэ ангилалд Д.Нацагдорж, Р.Чойном, О.Дашбалбар нараас гадна Н.Нямдорж, М.Цэдэндорж, П.Баярсайхан, Д.Урианхай, Л.Нямаа, Д.Батбаяр, Ч.Галсан, С.Анударь, Б.Галсансүх, Г.Аюурзана, Л.Өлзийтөгс, Б.Баттулга, Т.Содномнамжил, Г.Баяр.., гээд олон зохиолч, яруу найрагчдыг оруулан үзэж болно.

Шизоанализийн үүднээс үзвэл тод мэдрэгддэг дараагийн хам шинж нь «Сэтгэл хөөрлийн синдром» юм. Энэхүү сэтгэл хөөрлийн хам шинжийн анхны тодорхой төлөөлөгч нь ХХ зууны нэртэй яруу найрагч Б.Явуухулан байв. Нэг талаас ЗХУ-ыг түшсэн хаа ч байхгүй аз жаргалтай социалист монгол орны иргэн болсон хосгүй хувь заяатай хүмүүс гэсэн нийгмийн зүгээс ирэх хар PR-т үнэмших, нөгөө талаас өөрийгөө хосгүй авьяас билэгтэй яруу найрагч хэмээн хөөрцөглөх хоёр нь давхцаж тэрхүү хөөргөн сэтгэлээ монгол эх орондоо зориулна гэсэн бүдүүн баараг баримжаагаар олон бүтээл туурвисан нь Б.Явуухуланд ихээхэн амжилт авчирсан билээ. Яруу найрагч Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ” (1959), “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” (1959) зэрэг алдаршсан бүтээлүүдэд нь мөн нам найрамдлын сэдэвтэй, эх орон байгалийн уянгын олон бүтээлүүд нь сэтгэл хөөрлийн шинж төрхтэй. Тэдгээр нь эх орноороо бахархах, түүний эзэн болсон хувь заяандаа баярлах зэрэг шинжүүдээр илэрнэ. Тухайлбал:

…Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би

Хөх монгол алдаршсаны үе дамжсан домогт,

Хүчирхэг дээдсийн нутагт мандсан хувьсгалын дөлөнд

Хөрст алтан дэлхийн үрчлээт магнай болсон

Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би (Хэвлэлд бэлтгэсэн Д.Төрбат. Явуухулан.Б. Хар ус нуурын шагшуурга. МУЗ. 108 боть. ХХХIY. хуудас 250) гэж алдарт “Би хаана төрөө вэ” шүлэг нь төгсдөг бол “Монгол орон бат оршиг” нэртэй томоохон бүтээлийнхээ “Хөх тэнгэрийн орон” гэх нэгдүгээр хэсэгт:

Ай хө,

Монгол-

Дуулахад

Дуунд чимэгтэй

Эх орны минь нэр ээ!

Зэ хө

Монгол-

Сонсоход чихэнд чимэгтэй

Ард түмний минь алдар аа! (Хэвлэлд бэлтгэсэн Д.Төрбат. Явуухулан.Б. Хар ус нуурын шагшуурга. МУЗ-ын дээж 108 боть. ХХХIY. хуудас 266) гэх мэтээр бичсэн байдаг ба иймэрхүү монголоос өөр хөх тэнгэртэй газар орон байхгүй мэт аашилсан хоосон сүржигнэл түүний яруу найрагт элбэг.

Түүний дараагийн бас ийм неврозтой нэгэн уран бүтээлч бол Д.Пүрэвдорж юм. Д.Пүрэвдорж хэдийгээр Б.Явуухулангаа үзэн яддаг байсан боловч Б.Явуухулангийн монголын яруу найрагт оруулж ирсэн шинэчлэлийн өнгө төрхөөс гажиж чадаагүй билээ. Б.Явуухулангийн уран бүтээлүүд нь уянгалаг зөөлөн мэдрэмжээр дүүрэн байдаг бол Д.Пүрэвдоржийнх хайрцагласан мөр бадагтай, ончтой цэцэлсэн, хатуу өнгө аястай байдгаараа ялгаатай. Өгүүлж буй цаад утга чанарын хувьд ижил бөгөөд социалист монгол орны иргэн хүний хувь заяандаа бахардан хөөрсөн сэтгэл хөөрлийн неврозоор дүүрэн юм. Үнэхээр тэдний шүлэг найрагт өгүүлээд байгаа шиг хосгүй сайхан, хаа ч байхгүй зүйлс монголд л байдаг гэдэг нь худлаа боловч тийн бичих нь тэдэнд сайхан бас тэрхүү сэтгэл хөөрлийн шинж төрхөөсөө ангижирч чаддаггүй байсанд энэ неврозын мөн чанар оршино. Тухайлбал Д.Пүрэвдорж 1972 онд бичсэн “Би монгол улсын иргэн” найраглалдаа:

Би-

Бүх ардын

Их хувьсгалын

Галд ширээсэн

Ган төмөр

Газар тэнгэрээ эзэгнэсэн

Монгол улсын иргэн!… (Пүрэвдорж.Д. Хөх даалимбан тэрлэг. УБ.1984. хуудас 7) гэх мэтээр бичиж байсан бөгөөд Б.Явуухулангийн яруу найрагт оруулж ирсэн хөх, тэнгэр, эзэгнэх зэрэг үгсийг хэрхэн ашигласан нь харагдана. Энэ ангилалд нэгэн үед уран бүтээлээ туурвиж байсан Д.Сэнгээгийн “Хил хамгаалагчид” шүлгийн:

Манай эх орон, биднийг зоргоор баясгагч нутаг

Манай эрх чөлөө, биднийг дураар жаргуулагч амьдрал

Манай их хөдөлмөр, биднийг элбэгээр хангагч хөгжил

Манай агуу тэмцэл, биднийг эрэлхэгээр зоригжуулагч ялалт

Бид өөрсдөө эзэн нь

Би ч гэсэн тэдний нэг…(Сэнгээ.Д.Түүвэр зохиол. УБ. 1965. хуудас 79) гэх зэрэг олон бүтээлүүд, мөн үеийн бас нэгэн хөөрлийн синдромтой яруу найрагч Ц.Гайтавын “Улаанбаатар” шүлгийн:

Уудам Азийн цээжинд

Ардчилалын од болж гялалзсан

Улс монголын нутагт

Хөгжлийн зүрх болж цацарсан

Москва хот ахтай

Мөнгөн Туул эмжээртэй

Мөнхийн жаргал бадраатай

Миний хайрт Улаанбаатар…(Гайтав.Ц. Дамдины Сүхбаатар. МУЗ-ын дээж 108 боть. LXX. Хуудас 285) гэх мэтийн хөөрөл саатлын процессын хөөрөлдөө гацсан үй олон бүтээлүүд хамаарна. Манай орчин үеийн уран зохиолын нэгэн тод өнгө болсон эдгээр уран бүтээлчдийг шизоанализын талаас «Сэтгэл хөөрлийн синдромтой буюу Б.Явуухлангийн хам шинжтэй» хэмээн тодорхойлж болохоор юм. Энэхүү ангилалд Б.Явуухулан, Д.Пүрэвдорж, Д.Сэнгээ, Ц,Гайтаваас гадна Ч.Чимэд, Ч.Лодойдамба, Ш.Сүрэнжав, П.Бадарч, Д.Нямаа, Т.Галсан, Г.Мэнд-Ооёо, Дан.Нямаа, А.Эрдэнэ-Очир, Ц.Бавуудорж, Х.Эрдэнэбаатар, Н.Гантулга.., гээд олон уран бүтээлчид хамаарах ба эдгээр уран бүтээлчдийг клиник талаас өвчтэй гээгүй ба сэтгэл зүйн хувьд хөөрлийн процесс давамгай явагддаг, тэр нь далд ухамсартаа нөлөөлсөн зарим үед буюу уран бүтээл туурвихдаа хөөрлийн неврозод ордог гэсэн санааг хэлэх гэсэн болно.

Манай уран зохиолд дараагийн эмгэг шинжтэй илэрдэг нэгэн зүйл нь «Анимагийн хүлээс буюу С.Эрдэнийн хам шинж» юм. Энэ сэтгэцийн хам шинжид хамаарах уран бүтээлчид гэвэл П.Лувсанцэрэн, С.Дашдооров, П.Пүрэвсүрэн, Д.Нямсүрэн, С.Пүрэв, Б.Догмид, Ж.Лхагва, Д.Норов, Гүр.Нямдорж, Д.Намсрай, До.Цэнджав.., гээд ихэвчлэн үргэлжилсэн үгийн төлөөлөгчид хамаарах ба энэ нь уг эмгэг сэтгэцийн шинжийг үндэслэгч С.Эрдэнэ нь өгүүллэгийн төрлөөр туурвиж байсантай холбоотой. Эдгээр уран бүтээлчид дотоод Анимагийнхаа хүлээснээс ер ангижирч чаддаггүй ба эмэгтэй хүнийг ямагт сайхнаар, зөөлнөөр дүрсэлнэ. Ийм дүрүүд гэвэл С.Эрдэнийн “Наран тогоруу”-гийн охин, “Хойт насандаа учирна” романы Цэвэлмаа, П.Лувсанцэрэнгийн “Ус шиг цэнхэр” өгүүллэгийн Дагиймаа, П.Пүрэвсүрэнгийн “Өшөө” өгүүллэгийн Дагиймаа, “Их Тээлийн даваа” туужийн Гарамханд, Гүнсмаа, С.Пүрэвийн “Азын цэнхэр уулс” өгүүллэгийн Гэрэлмаа, “Усны гудамж” романы Өлзиймаа, “Цаг цагийн урсгал” романы Мягмар, “Уулын намар” туужийн Алимаа, Ж.Лхагвагийн “Арван долоотой байхад”-ын Бөөдэй, Д.Норовын “Мөнхийн дуудлага” туужийн Хишгээ, “Сэрэвгэр хадны зэрэглээ” туужийн Замбага, Гүр.Нямдоржийн “Өнчин хүний хоолой”-гийн Санаа, “Бэнсэн үлгэрч”-ийн Алтнаа, До.Цэнджавын “Хөх жавар” туужийн Бадамаа, “Хоёрын даваа” өгүүллэгийн Оюун, “Маргааш л дайн эхэлчих юм 1080 хоног минь” эсээ туужийн цагаан гуталтай бүсгүй.., гээд эмэгтэй хүнийг ямагт сайхнаар, уян зөөлнөөр дүрсэлсэн чамгүй урт жагсаалт гарна.

ХХ зууны дунд үе гэхэд дэлхийн хоёрдугаар дайн дуусаж хаа сайгүй энх цагийн бүтээн байгуулалт эхлэн, дэлхий нийтэд милодрам маягийн уянгын кинонууд олноор гарч, жаз хөгжим, твист бүжиг зэрэг харьцангуй зөөлөн уур амьсгал урлагт зонхилох болсон нь уг шизофреникууд бий болоход нөлөөлсөн байх талтай. Хэдийгээр шизоанализын философи үндсийг тавьсан Ж.Делез (1925-1995), Ф.Гваттари (1930-1992) нар нь “Капитализм ба Шизофрени. Анти-Эдип” нэртэй ном бичиж капитализм ба шизофрени хоёр хоорондоо холбоотой гэж үзсэн боловч социализм түүний хямрал нь шизофреникуудыг төрүүлж байсныг манай уран зохиолын жишээнээс харж болохоор юм. Орчлон ертөнц хүмүүн төрөлхтөн ба олон соёлуудын хэсэг бусаг чанар, хэл ба дискурсүүдийн зөрчил зэрэг постмодернист төлөвийн зуршмал шинж төрх нь шизофрени хэмээх нэрээр илэрхийлэгдэх бие хүний өвөрмөц концепцийг бий болгосон юм. Шизофрени гэдэг нэр томьёог эмнэл зүйн утгаар бус орчин үед нийтлэг шинжтэй болсон харьжилт, ухааны гаж хямралаас үүдэлтэй сэтгэцийн хэв шинжийн утгаар авч үзэх болжээ.

Яруу найрагч Д.Нямсүрэн бас эмэгтэй хүнийг байгалийн нэгэн хэсэг, хосгүй бүтээл хэмээн дүрсэлдэг ба түүнийг мөнх бусыг үзүүлсэн хойно нь энэ сэдэвт хамаарах “Миний шүлгийн хүүхнүүд” нэртэй бүтэн түүвэр гарсан байдаг. Д.Нямсүрэнгийн “Есөн намрын бүсгүй”, “Хүүхнүүдийн минь унасан”, “Гурван бүсгүй”, “Дэндүү уяхан хөлийг ойроос би харсан юм”, “Хонгорзул”.., гээд олон шүлгүүдэд нь эмэгтэй хүнийг ямагт сайхнаар, уянаар урласан байдаг билээ. Ганцхан жишээ дурдвал “Хонгорзул” шүлэгтээ:

Хонгорзул гэж-

Тэнгэрлэг биеийг

Тэнгэр бурхан заяасан

Үхэх-төрөхийн хоорондох

Үзэсгэлэн-

Үүл өвс хоёрын

Дундах тэнгэр.

Үйлийн үртэй

Хүний сэтгэлийг

Өдөр нь эсгэж

Шөнө нь оёсон

Үйлийн хайч шиг

Бүсгүй… (Нямсүрэн.Д. Ирж буй цаг. УБ. 2010. хуудас 180) гэх мэтээр дүрсэлдэг. Эдгээр нь цөм эмэгтэй хүнийг сайхнаар үзэх мэдрэмж ба далд ухамсарт нь байх Анима нь дотроос нь түлхээд ийн бичихэд хүргэдэг уран бүтээлчид юм.

Манай уран зохиолын дараагийн бас нэгэн давтагдашгүй өвөрмөц сэтгэцийн эмгэг маягтай хам шинж нь «Садомазохизмын невроз буюу Б.Лхагвасүрэнгийн хам шинж» билээ. Социалист нийгмийн хямрал нь манай урлаг утга зохиолд ч мөн хямрал авчирсан бөгөөд сэтгэл хөөрлийн синдромын хямрал нь дараагийн үе болох Б.Лхагвасүрэнгийн үед орж ирэхдээ бахархах үзэл, нийгмийн үзэл санааг талархан дэмжих хандлага нь үзэн ядалт, байж ядсан тэчьяадалаар солигдсон юм. Өөрөөр хэлбэл, манай садомазохист маягын шизофреникуудын дүрслэлийн ур маяг нь «Анти-Явуухулан» шинжтэй болсон байна. Үдшийн цагаар амрагаа мөрөөдөн буй бүсгүйг л гэхэд Явуухулан: Зорин ирэх амрагаа хүлээхэд

Морин төвөргөөн зүрхнээ хоногшиж

Шөнийн чимээгүй гадаа налайн

Унийн углуургаар саран гэрэлтэнэ

Өнчин дэрэн дээр нойр хулжсан

Ухаангүй дурлалын урхинд байхад

Мөнгөн хазаарын бүдэг чимээ

Онгон зүрхийг цочоон баясгана (Г.Аюурзана нар. Монголын сонгомол яруу найраг. УБ. 2008. хуудас 117) гэж дүрсэлж байсан бол Б.Лхагвасүрэн:

Хөтлөлцөнхөн хатрахад гар нь хөлөрч байсан Санжмаа

Хөх уулсаа тэмтчин намайг тээж хариад

Тоонон сарны гэрэлтэй арсалданхан тормойж

Торгон дэрээ сэмэртэл мөрөөдөн тарчлахаар хатрав… (Лхагвасүрэн.Б. Уянгын тойрог. Тэргүүн дэвтэр. УБ. хуудас 22) гэж бичих болжээ. Б.Явуухулан зөөлөн уярал, намуун догдлолыг ягуухнаар гэрэлтэх саран, мөнгөн хазаарын бүдэг чимээгээр нээж байсан бол Б.Лхагвасүрэнгийн үед арсалдан тормойх, мөрөөдөн тарчлах гэх мэтээр ихээхэн хатуу дүрслэлээр нээх болжээ. Ер нь яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн уран бүтээлийн энэ өвөрмөц онцлог нь манай уран зохиолд урд хожид байгаагүй бөгөөд түүний монголын яруу найрагт авчирсан цусыг сүүтэй холилдуулан садруулах, хагачих, өшигчих, хэмхчих, шидэлцэх, цөмлөх, тарчлах, зангирах, цусаа буцалгах, эсээ шатаах, цуулах, савирах, аргах.., гэх мэтийн үй олон хатуу ширүүн, зарим талдаа сөрөг ч гэмээр утга илтгэх үгсийг оновчтой байранд гүтгэн тохоож дүрсэлдэг шинж төрхийг түүний үеийн ихэнх яруу найрагчид аргагүйн эрхэнд дагасан билээ. Тиймээс ч энэ үеийг Б.Лхагвасүрэнгийн үе хэмээн нэрлэхээс өөр аргагүй юм. Түүний болон түүний үеийнхний энэ мэт дүрслэлийн онцлогийг нэрт эрдэмтэн судлаач Л.Хүрэлбаатар “…Б.Лхагвасүрэнгийн “Уянгын тойрогт” /1982/ орсон шүлгийн уран дүрслэлийн арга маягийг ийнхүү дорно дахины уламжлалт яруу найргийн онолын чимгийн зарчмаар задлан үзэхэд үгийн дүрслэх харьцааг шинээр нээж уран сэтгэмжийн дүр дүрслэлийг гүнзгийрүүлсэн зарим ололт байвч, гол төлөв үлгэрлэх, дүрслэх, гүтгэхийн гурав дөрвөн чимэг, үүнээс амьтайг амьгүйд гүтгэсэн, амьгүйг амьтайд гүтгэсэн, бясалгаж гүтгэсэн, үндсэндээ гүтгэхийн хүрээний л нэгэн чимэг олонтаа давтагдаж байгаа нь ажиглагдсан. Иймээс ч ихэнх дүрслэл нь ямар нэгэн юм үзэгдлийг “өшигчсөн”, “хэмхчсэн”, “шидэлцсэн”, “хүү татсан”, цовхочсон”, “дэвхэцсэн”, “сүвлэсэн”, “хүлхсэн”, эсвэл “эцээсэн”, “хөөсөн”, “сульдаасан”, “тээсэн”, “тээглэсэн”, “дамнасан” хэдхэн үйл хөдлөлийн дүрслэх хүрээнд эргэлдэж, ингэснээр заримдаа өөрөө өөрийгөө давтсан, өөрийг нь өрөөл бусад дуурайн давтсан шинжтэй дутагдал үргэлжлэхэд хүргэсэн байна. Үүнийг маш жижиг дүрслэлийн нэгэн жишээгээр харьцуулан үзье.

“Шүүдэр өшигчин өөдөөс ганхаж айсуй

Шүхэрт гуайн ганц охин” /Б.Лхагвасүрэн, “Унага гундах намар”, 1977/

“Цэцгэнд буусан үдшийн хар шүүдрийг

Цэнхэр тэнгэрт үүлэн болтол өшигчин хатрав”

/Б.Лхагвасүрэн. “Онон мөрний хөвөөнд хатарсан ёохор буюу Санжмаа”, 1978/

“Би

Ар шандын ухаа толгодыг өшигчин ууртай төрлөө”

/Б.Доржпалам, “Би”, 1982/

“Хэрсүү бодолд олон бараан адуу

Харанхуйг өшигчиж хатирна”

/Ц.Чимэддорж, “Бараан адуу”, 1983/

“Цангасан адууны тоосыг

Бүүвэйн дуутай нийтгэн

Нарны чагтага томж

Газрын үндэс бүхэнд уяж байна”

/Б.Лхагвасүрэн, “Говийн худгийн асгар дээр бичсэн шүлэг”, 1979/

“Илчит наранд ногоон сөлөөр чагтага томж

Хонь малаа гэх элбэг сэтгэлээ нийтгэн

Хойтон хавар хүртэл малчны хотонд аргамжина”

/Ц.Чимэддорж, “Нарны аргамжаа”, 1983/

Ийм маягаар Б.Доржпаламын “Морьтой хүн” /1987/ түүвэрт орсон олон шүлэгт “элдсэн”, “хөөсөн”, “эцээсэн”, “цуцаасан”, “булаацалдсан” үйл хөдлөлийн дүрслэл, Ц.Чимэддоржийн “Морь буусан шагай” /1987/ түүвэрт орсон олон шүлэгт “эмтчих”, “сандчих”, “цөмчих”, “дугтчих”, “тэмтчих”, “бүдчих”, “сэгсчих”, “тонгочих”, “дэвхцэх”, “дайвах”, “үргээх”, ээдрэх”, “алдуурах”, “зодолдох”, “тэврэлдэх”, “үнсэлцэх”, “золголдох” гэсэн үйл хөдлөлийн хүрээнд ихэнх дүрслэл давтагдсан нь урнаар сэтгэх дүрслэхийн олон боломжийг хааж, дүрслэлийн хэвшмэл явцуу загварчлалд ороход хүргэсэн байна” (Хүрэлбаатар.Л. Дуун утгын яруу зохист. УБ.2005. хуудас 257-259) гэж бичсэн байдаг. Эндээс үзвэл Б.Лхагвасүрэнгийн үеийнхэн түүний дүрслэлийн ур маягийн шокноос гарч чаддаггүй байсан ба манай яруу найрагт юм үзэгдлийг үзүүр дээр нь аваачиж эрсдүүлэн, харгисаар дүрслэн шийдэх өнгө аяс тодорсон бөгөөд ийм уран бүтээлчид нь өөрийгөө өвтгөн тарчилгаж дураа хангах мазохист, эсвэл бусдыг тарчилган дур хүслээ ханган чадах садист мөн чанарын неврозод дөхсөн сэтгэцийн эмгэг шинж төрхтэй болон төлөвшсөн юм. Ийм жагсаалтад Б.Лхагвасүрэнгээс гадна З.Дорж, Ц.Чимэддорж, Б.Доржпалам, Ч.Мягмарсүрэн, Д.Энхболд нарын үеийнх нь уран бүтээлчид өмнөх үеийнх нь зохиолч Д.Намдаг болон дараа үеийнх нь яруу найрагч Ц.Хулангийн:

Би яг л тэр намар шиг, намрын гандсан цэцэг шиг

Бидэртсээр холыг зорих гол мөрдийн урсгал шиг

Билгийн цэнхэр тэнгэртээ буцаж яваа шувууд шиг

Би чиний л гарт элэгдэх сонгодог нэгэн бүтээл шиг” гэх мөрүүд болон Г.Мөнхцэцэгийн:

Уулга алдуулж бороо асгаран

Ухаангүй саналаа гэж хурмаст шивнэдэг

Уйдна даа чи надаас уйдна гэж

Улаан зээрд гол голоон тасартал хөөсөрдөг” гэх мөрүүд, мөн “элгэн дээр минь дэвс л дээ, би инээгээд л босоод ирнэ, урд насандаа хорхой явсан юм чинь дээ” гэх дүрслэлүүд ч энэхүү садомазохизмын неврозод хамаарах боломжтой юм.

Энэ бүх тайлбарууд нь дурдсан уран бүтээлчдийн онгод мэдрэмж, ухамсар хийгээд далд ухамсар, далд ухамсарт нь орших дарагдсан хүслийн түлхээс, шахагдсан либидогийн цочмог илрэлүүдтэй холбоотой агаад урлаг уран зохиолыг үзэх иррационалист буюу анти позитивист чиглэлд илүүтэй хамаарах юм. Энэ тухай манай нэрт шүүмжлэгч С.Энхбаяр “…Ийм ч учраас эхний чиглэлийг оюунлиг чиглэл /рациональ/ харин удаах чиглэлийг /иррациональ/ чиглэл гэж нэрлэжээ. Жишээ нь: аливаа хүн яруу найргийг ухаанаараа бичдэггүй, тэр хүн их мэдлэгтэй учраас шүлэг бичиж байгаа хэрэг огт биш, энэ бол тэр хүний яруу найргийн авьяасын үр дүн, харин авьяас гэдэг нь ухамсар оюун ухаан биш, байгалийн өгөгдөхүүн гэж иррационалистууд үздэг” (Энхбаяр.С. Утга зохиолын онол. УБ.2011. хуудас 21-22) гэх буюу “…Энэ нь мөн л оюун ухаанаас шалтгаалж буй хэрэг огт биш, харин сэтгэл санаа хэмээх иррациональ зүйлийн үр дүн. Урлаг үүнтэй ижил. А.С.Пушкин намрын улиралд их дуртай, энэ цагт маш үр бүтээлтэй ажилладаг байсан бөгөөд ихэнх алдарт бүтээлүүдээ намар бичсэн түүхтэй. /”Болдинская осень”/ Джузеппе Тартини нэг удаа хийл хөгжмөөр гайхамшигтай аялгуу тоглож байгаа шулам зүүдэлжээ. Сэрэнгүүтээ тэрээр “Шулмын чичирхий дуу” хэмээх алдарт хийлийн сонетаа бичжээ” (Энхбаяр.С. Утга зохиолын онол. УБ.2011. хуудас 22) гээд “…Эрүүл саруул оюун ухаанд огт багтамгүй иймэрхүү жишээ үй түм байдаг. Жишээ нь: Шиллер зохиолоо бичихдээ ширээнийхээ нүдэнд муудсан алим заавал хийдэг байсан бол Бальзак заавал санваартан хувцастай ажилладаг байжээ” (Энхбаяр.С. Утга зохиолын онол. УБ.2011. хуудас 21-22) гэх мэтээр тайлбарласан байдаг. Иймээс уран бүтээлчдийн далд ухамсрын тухай шизоанализын үүднээс ийн үзэж болох ба уран бүтээлчдийг галзуу, солиотой гэхээс илүү “Эдипийн цогцолбор”-оос цааших далд ухамсарт нь мөн Эдипийн бус ухамсаргүйд нь ямар нэгэн шизофрений өгөгдөл бүхий эмгэг сэтгэц байх боломжтой гэх үүднээс л тайлан тайлбарлаж байгаа болно.

Эцэст нь шизоанализын үүднээс ийн үзвэл манай орчин үеийн уран зохиолд дараах дөрвөн төрлийн неврозын хам шинж байна. Үүнд:

  1. Ганцаардахуйн шизофрени буюу Д.Нацагдоржийн хам шинж
  2. Сэтгэл хөөрлийн синдром буюу Б.Явуухулангийн хам шинж
  3. Анимагийн хүлээс буюу С.Эрдэнийн хам шинж
  4. Садомазохизмын невроз буюу Б.Лхагвасүрэнгийн хам шинж зэрэг болно.

Уран зохиол судлаач шүүмжлэгч Г.БАТСУУРЬ

2017-04-17

Categories
мэдээ нийтлэл үндэсний-бөx

БӨХЧҮҮДИЙН БАРЬЦ СОНГОХЫГ ХҮЛЭЭЖ ЗОГССОН ҮХЭЭНЦ БАЙДЛЫГ Ө.ДАВААБААТАР ЭВДЛЭЭ


Хэдхэн хоногийн өмнө улсын харцага цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан бөхийн өргөөнд болсон. Залуу аварга С.Мөнхбат, улсын арслан Н.Батсуурь, Э.Оюунболд тэргүүтэй алдар цолтой бөхчүүдийн барилдаанд Төв аймгийн Баянцогт сумын уугуул, уран барилдаант харцага Өлзийбатын Даваабаатар найм давж түрүүлсэн. Ө.Даваабаатар харцагын хувьд үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн уран дайчин барилдааныг үзүүлж, олны хэлдгээр бахтайхан түрүүлсэн билээ. Бөхийн тайлбарлагчид хэлэх үгээ олж ядан магтацгааж, бөхийн өргөөнд цугласан олон шавайгаа ханатал баярлаж буйг анзаарахад сүүлийн үед ийм уран барилдаан гараагүй нь илт мэдрэгдэж байв.

Бараг л долоо хоног бүр ээлж дараалан болдог барилдаанууд нэгэн хэвийн загварт автчихсан, тийм нэг унтаа уйтгартайхан болдгийг бөх сонирхогч олон сайн мэднэ. Тиймдээ ч сүүлийн үед бөхийн үзэгчдийн тоо эрс цөөрч, жинхэнэ сэтгэлийн таашаалыг мэдрэхээс илүүтэйгээр цаг нөхцөөх гэсэн нөхөд цуглаж байна уу гэж эргэлзэхэд ч хүргэсэн юм. Үүнд бөхчүүдийн урам хугалсан унтаа байдал, хурц дайчин бус үхээнц барилдаан, үзэгч олноо бус зөвхөн өөрийгөө бодсон өрөвдмөөр сэтгэлгээ нь нөлөөлсөн.

Ч.Санжаадамба, Ц.Содномдомдорж нарын цөөхөн бөхчүүд зодоглоогүй бол үндэсний бөхийн барилдаан бүр чиг үзэх юмгүй, улсын аварга, арслан, гарьдтай цолтой бөхчүүд нь нэгийн давааны ам угтуулаа хаяж дөнгөхгүй зууралдаж, онигоогоо чирдэг. Ч.Санжаадамба, Ц.Содномдорж, Б.Гончигдамба нар зодоглоод дор даваанд уначихвал тэгээд өнгөрөө. Идэр залуу аваргууд нэг, хоёрын давааны амны хүүхдүүдтэйгээ хар хөлсөө цутгатал, тамираа бартал ноцолдохыг харахад эрхгүй өрөвдмөөр. Монгол үндэсний бөхийн түвшин өнөөдөр ийм л хэмжээнд байна. Үүнийг С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нарын аваргууд ойлгож, ухамсарлан бодох л хэрэгтэй. Харцага цолтнуудын хүндэтгэлийн барилдааны дараа бөх сонирхогч олны сэтгэл баясч, сошиал ертөнцөд Даваабаатарын зургийг янз бүрээр тавьж, баярлаж буйгаа илэрхийлж байлаа. Энэ бол бөх сонирхогч, бөхөө дээдэлдэг түмэн гагцхүү Ө.Даваабаатар гэдэг залууд хайртайдаа бус монгол үндэсний бөхөд уран дайчин барилдааныг үзүүлж, бөхийн ертөнцийн унтаа, уйтай байдлыг сэрээсэнд нь талархаад буй хэрэг юм.

Бөхийн тайлбарлагчид “Харцага Ө.Даваабаатар даваа бүртээ уран хурц, эрмэг дайчин барилдааныг үзүүлж, гайхалтай байна” гэж орилолдоод байсан. Энэ нь сүүлийн үед ийм уран барилдаан үзэгдэхгүй болсныг, бөхчүүд маань үзэгчид болоод бөх тайлбарлагчдыг залхаан цээрлүүлж, бүгд шодооны буюу алсын сүвээний барьц авах гэж барилдах бус баглаж зогсохын нэр төдий болсныг гэрчилнэ.

“Сүхбат аварга ингэж барилддаг байлаа” хэмээн Даваабаатарын барилдааныг харсан хүмүүс ярьж байсан. Нээрээ л бөхийн эрдэмд хөтөлсөн дархан аварга, гавьяат тамирчин Агваансамдангийн Сүхбат шиг барилдааныг тэр үзүүлж эхэллээ. Сүүлд болсон харцага цолтнуудын барилдаанд 3-7-гийн даваанд энэ цаг үеийн шилдэг залуу бөхчүүдийг дараалуулж давсан. Аварга, арслангийн буурь заалаа гэдэг шиг баруун солгойгүй тонгорч шидсэн. Ингээд их шөвгийн дөрөвт түрүү жилийн магнай бөх залуу арслан Э.Оюунболдыг хөлийг нь шүүрч аваад арагш дэрлээд хэвтүүлчихэж байна. Э.Оюунболд бол төрийн наадамд түрүүлчихсэн ид аагин дээрээ байгаа бөх. Тэгтэл Даваабаатарт хэдхээн секундэд нам даруулаад хэвтээд өгч байна.

Түрүү үзүүрт залуу арслан Н.Батсуурийг өрөнгүүтээ л хавсраад шидчихсэн. Удаашруулсан байдлаас харахад зүгээр ч нэг хавсраагүй юм билээ. Батсуурь арслангийн алхаа гишгээг нь тааруулж байгаад тосгуулж хавсраад, түүнээ залгуулан давуулж бариад, зайлж дугтран, арагш гүйлгэж шидээд тэрүүхэн агшинд хичнээн ч мэхний хувилбар хийсэн юм бэ дээ. А.Сүхбат аварга ид үедээ “зургаан залуу заан” буюу Ц.Цэрэнпунцаг, Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар, Б.Гантогтох, Б.Ганбат нартай яг л ингэж гал асаасан, хэт цахисан барилдаанууд гаргаж, уран мэхийг угсруулан хийж олон түмнээ баясгадаг байсан сан.

Тэдний барилдааныг үзэх гэж бөхийн өргөөг дүүртэл цугласан олон хэд хэдэн хэсэг болж талцаад, спортын фэн ийм байх ёстой гэдэг шиг өөрийн бөхөө дэмжиж, зургаан залуу зааны барилдааныг зүрх даран үздэг байлаа. Тийм л үеийг Даваабаатар харцага сануулж, даваа бүрт үзэгчдийг суудлаас нь босгож, цөсийг нь хөөргөсөн юм.

“Даваабаатар бөхийн ертөнцдөө эргэн ирлээ” гэж олон түмэн шагширч байна. Энэ ч учиртай. Хоёр мянга долоо, найман олны үед улсын начин тэрээр өнөөдрийнх шиг уран хурц барилдааныг үзүүлж, олон түмнээ цэнгүүлдэг байв. Харин 2009 оны өвлийн барилдаанд улсын гарьд Д.Рагчаа, Ө.Даваабаатар харцагыг эвгүй унагаснаас болж бэртэл авч, ид мандаж байх цагтаа бөхийн дэвжээг орхисон гашуун түүх бий. Түүнийг шөрмөсөө тасалж хүч гарган барилдах нь бүү хэл, хөлөө аясаар нь хөдөлгөж ч чадахгүй шаналж байх үеийг мэдэх нэг нь мэддэг. Тиймдээ “Даваабаатар эргэн ирлээ” гэж шагширсан байх. Рагчаа гарьдтай хийсэн барилдаан ард олны нүдэн дээр ил болсон. Уг барилдааны дараа “Амбатны цагаан Жигмэд буюу Рагчаа” гэх утга бүхий нийтлэлүүд өдөр тутмын хэвлэлээр гарч байсан. Сонирхолтой нь 2008 онд Ө.Даваабаатар зургаагийн даваанд Д.Рагчааг давж улсын харцага цолонд хүрсэн байдаг юм.

Сүүлийн жилүүдэд бөхийн өлгий гэгддэг Төв аймгаас бараг л гурав давчих хүчтэн төрөхгүй байгаа. Жараад оны эхэн үе буюу Жигжидийн Мөнхбат аваргыг ид байх үед Лувсанчимэдийн Сосорбарам, Өлзийсайхан Эрдэнэ-Очир, Пүрэвийн Дагвасүрэн гээд аваргын дайтай арслангууд Төв аймгаар цоллуулж, төрийн наадмын түрүү, үзүүр их шөвөгт шалгарч байлаа. Далаад оны эхэн үеэр Хадаа аварга гарч ирээд бас л бужигнаан болсон. Хад аварга шиг бяртай хүн монгол бөхөд дахин заяахад ховор л гэдэг юм. Хадаа аварга төрийн наадамд арван жилийн зайтай хоёр түрүүлсэн хүчтэн. Гэхдээ монгол бөхийн дэвжээнд хорин удаа түрүүлсэн юм шиг ард түмэндээ хайрлагдсан хүн. Алдаж онож явсан он жилүүд нь тийм хайрлам сэтгэгдлийг төрүүлдэг ч байж магад. Гэхдээ тэр бол хүний хайлан явсан байдаг.

Хадаа аваргыг залгаж төрсөн бөх бол дархан аварга А.Сүхбат. Түүний барилдааныг ард түмэн надаар хэлүүлэлтгүй сайн мэднэ. Сүхбат аварга нэгэнтээ манай сонины редакцид ирээд Ж.Гангаа сэтгүүлчтэй ярилцаж суухдаа “Би монгол үндэсний бөхийн барилдааныг урлагийн хэмжээнд хүртэл нь хөгжүүлсэн” гэж билээ.

Үнэндээ ч тэгж бодохоос өөр аргагүй. Тийм бөхийн шавь Даваабаатар юм. Бэртэл гэмтлийн улмаас санасандаа хүртэл барилдаж чадалгүй, наадмын ногоон дэвжээнээс багтарч буцсан жилүүд олон байсан биз. Сүхбат аварга зодог тайлсныхаа дараа “Ирээдүйн аварга” хэмээн шагнал бий болгож, тэр жилийн цагаан сарын барилдааны үеэр аймгийн цолтой Ө.Даваабаатар хэмээх бүдүүвтэр гуятай, сөөсгөр халимагтай туранхай бор хүүд анхны шагналаа олгож байсныг санаж байна. Эл бүх учралыг санаж Ө.Даваабаатар бөхийн дээд цолонд хүрэх учиртай юм. Тавин таван оны наадамд Төв аймгийн Баянбараат сумын адуучин Самдангийн Оргодол гэж хүн нутгаасаа хөтөлгөө морьтой гарч давхиад төрийн наадмын түрүү бөхөөр тодорч байсан түүх бий.

Өнөө жил тэгш ой давхацсан гээд 1024 бөх барилдах юм гэсэн. “Шанаган тав” минь бөхгүй боллоо гэж шаналж байгаа олныхоо сэтгэлийн магнайг тэнийлгэж идэр залуу харцага тодроод ирэхийг үгүйсгэх аргагүй юм. Алдарт Мөөеө, энгүй хүчтэн Хадаа, уран барилдаант Сүхбат аваргуудын нутаг, за тэгээд аваргын дайтай хэдэн арслангийн нутгийнхан сүүлийн үед тариан талбайны мануухай гэдэг шиг хөлийн цэцээр сууж, нутгийнхаа нэрийг дуудуулж байх шив дээ. Ардын багш Данзандаржаагийн Сэрээтэр, алдарт уяач Хэнмэдэхийн хөвгүүд болох Амараа, Түвшинсанаа гээд баахан олон хөлийн цэц “мануухай”-нууд л бий болсон байна. Аатай, хүчтэй нутгийнхны алдрыг өргөх найдвар Даваабаатарт байгаа юм биш үү.

Categories
бөхийн-удам-судар мэдээ үндэсний-бөx

Ө.ТУЛГАА ЗААНЫ ХҮҮ СҮРЭНЖАВ: ААВ МИНЬ “ХАРХИРААГИЙН ТЭЖЭЭЛИЙН АЖ АХУЙН БӨХ” ГЭЖ ЦОЛЛУУЛААД УВСЫН ХЯЗГААРААС ИРДЭГ СЭН

Олон түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн хүчит заан Өлзийн Тулгаа агсны хүү Т.Сүрэнжавтай ярилцсанаа хүргэе.

-Бөхөө дээдэлдэг ард түмэн танай аавыг илүү хайрладаг байсан санагддаг. Бүргэд хамар, ширвээ сахалтай, төгс бие галбир бүхий дүр төрх нь одоо ч хүмүүсийн сэтгэлд тодхон бий. Аавынхаа удам гарлын тухай эхлээд ярихгүй юу?

-Манай аав дуу цөөтэй, хүнд маш тусархуу, хэн нэгнийг ялгаж харилцдаггүй, олны хэлдгээр хүний хайлан байсан. Өдий хүрэхдээ миний бие аавынхаа тухай нэг ч муу үг сонсоогүй. Өөрийгөө улсын алдар цолтой бөх гэж дөвийлгөх, бусдад дээрэнгүй хандан, ихэрхэж байсныг нь мэдэхгүй юм. Тиймдээ ч ард түмний хайр хүндэтгэлийг илүүтэй хүлээсэн болов уу. Аав шиг хүнлэг сэтгэлтэй, даруу төлөв зан чанартай, бусдыг машид хүндэтгэж харилцдаг хүн өнөөгийн алдар цолтой бөхчүүд дунд ховор юм уу даа гэж анзаарагддаг. Бааварлана гэж манайхан ярьдаг даа. Бяр тэнхээтэй хүмүүст байдаг дээрэнгүй зан. Аавд тийм баавар зан байгаагүй. Өвөө маань их шулуун шударга, зарчимч хүн байсан.

https://admin.dnn.mnhttps://admin.dnn.mn/wp/wp-content/uploads/dnn/content/buh_2.jpg

Би өвөөгөө сайн мэднэ л дээ. Намайг хорин хэдэн нас хүртэл өвөө, эмээ маань сэрүүн тунгалаг Малчин сумынхаа Баянмандал бригадад аж төрж байлаа. Манай аав чинь тавин зургаан оны хүн. Цагаан сарын битүүний өдөр төрсөн гэдэг. Малчин сумын хамгийн хойд талын нутаг, Наранбулаг сумтай залгаа орших Хүрэн бөөмийн өвөлжөөнд мэндэлсэн юм билээ. Аавын төрсөн дүү, улсын начин Сумъяа гэж бий. Сумъяа ах аав хоёр яг арван хоёр жилийн зайтай хаврын тэргүүн сарын эхээр Хүрэн бөөмийн өвөлжөөнд төрсөн байдаг. Эцэг, эхээс долуулаа юм. Аав хамгийн том нь. Дүү нарын хоёр нь Малчиндаа бусад нь аймаг, хотоор амьдарч байна.

-Аавыг тань цэрэгт байхдаа төрийн наадамд зодоглож байсан гэдэг?

-Улаанбаатар хотноо дотоодын цэргийн 05 дугаар ангид алба хаасан. Их тэнгэрийн аманд харуулд гардаг байснаа хааяа дурсана. “Хилчин” спорт хорооны дарга байсан Д.Дашжамц начинтай онжавууд юм билээ. Цэрэгт ирээд удаагүй байхдаа Баянаа аварга, Хайдав арслан нарыг харж л дээ. Бөх болох хүсэл нь бадраад ирсэн хэрэг. Далан дөрвөн оны наадмаар аав хуучин цэрэг зодоглосон гэдэг. Нэг даваад хоёрын даваанд Архангайн Чойндонгийн Адьяа заантай таарсан байна. Адьяа зааныг хоёр хөлд нь давхар хамаад давчихав гэнэ. Гурвын даваанд Дамдин аварга амлаж, хүчит аваргын мөрнөөс атгах хувь тохиожээ. Улсын наадамд цэргийн хуарангаас ирж зодоглохдоо хоёр давж, их аваргад амлуулна гэдэг бахтай байхаас яах билээ. Аавынхаа зодоглож явсан төрийн наадмын оноо дансыг эргээд харахад дандаа тунаж барилдсан байдаг. Ялангуяа улсын цолонд анх хүрсэн 1980 оны наадамд гурваас долоогийн даваанд дараалан тунасан байдаг.

-Тэр жил шууд зургаа давсан билүү?

-Тэгсэн юм. Үндэсний бөхийн шинэчилсэн дүрмээр бол улсын харцага цолны болзлыг шууд хангасан гэсэн үг л дээ. Дөрвийн даваанд Увсын Зүүнхангайн Д.Жанчивдорж начинг, тавд Ж.Ганболд зааныг, зургаад Хөвсгөлийн Далайцэрэнгийн Лхагва-Очир начинг тунаж даваад долоогийн даваанд М.Мөнгөн арсланд унасан. Ганболд заан, аав хоёр хоёулаа улсын цолгүй залуу бөхчүүд начны даваанд тунаж байжээ. Д.Долгорсүрэн, Д.Мягмар, Ч.Өвгөнхүү, Д.Галдандагва, Говь-Алтайн Дүгэрийн Цэрэндаш, Ёндонгийн Ишгэн гээд тухайн үед ид байсан хүчтэй бөхчүүд аавыг амлаагүй байдаг юм. 1984 онд Говь-Алтайн С.Эрхэмбаяр начин, Булганы Д.Амгаа заан нараар тав, зургаа давж зааны даваанд дахин тулж очоод Хадбаатар аваргад өвдөг шороодсон. Бөхийн торгон дэвжээнд хазайлгаж үзээгүй аварга, арслан ховор.

https://admin.dnn.mnhttps://admin.dnn.mn/wp/wp-content/uploads/dnn/content/buh_1.jpg

Баянаа аваргаас аваад А.Сүхбат аварга хүртэлх бүх аваргыг аав өвдөг шороодуулсан байдаг. Бат-Эрдэнэ аваргыг арслан цолтой байхад нь 1988 онд өвдөг шороодуулж байсан. Жижиг Сүхбат аваргыг 1997 онд улсын заан цол авчихсан, ид үед нь Увс аймагт болсон аваргуудын нэрэмжит барилдаанд түрүү үзүүрт үлдээд хөлийг нь авч хөндлөн дайраад давчихаж байсан. А.Сүхбат аварга толгой сэгсрээд босоод ирж билээ. Увсын ард түмэн ямар их хөөрч баярлаж байсан гэж бодно. “Та нар тавь хүрч байгаа хөгшин хүнийг хараад ичдэггүй юм уу” гэж Спорт хорооны дарга бөхчүүдийг загнаж байлаа. Тэгэхэд ааваараа ихэд бахархаж байсан. “Хамгийн эвгүй бөх бол манай Дүвчин шүү дээ. Би түүний чигчий хуруунд ч хүрэхгүй” гэж нэгэнтээ хэлж байсан санагдана. Далан есөн оны наадмаар Суядааны Ганзориг начинг, Бандийн Ганбаатар арслан нарыг өвдөглүүлээд тавын даваанд Дүвчин заантай тунасан байна. Дүвчингийнхээ хөлийг дээр өргөж гаргаж ирээд “Ингээд начин болдог юм байжээ” гэж бодтол яах ийхийн зуургүй хөлийг нь тэврээд газар хэвтэж байсан гэдэг юм.

-Улсын заан цолыг хэдэн онд хүртсэн бэ?

-1988 оны үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 33 бөхөөс 30 давж хоёрдугаар байрт шалгарч улсын заан цол хүртсэн. Өмнөх жилийнх нь улсын аваргаар Р.Давааням агсан заан цолны болзол хангаж байв. Улсын аваргад тасралтгүй 11 удаа барилдахдаа гуравт нь медаль хүртэж, шагналт байрт таван удаа шалгарснаараа давтагдашгүй амжилт тогтоосон. Ямар сайндаа Г.Намсрайжав харцага ”Манай Тулгаа Увсын хязгаараас тээврийн тэрэгтэйгээ ирээд их спортын шигшээ тамирчидтай ана мана үзэлцдэг байлаа. Хөдөөгийн бүсээс шалгараад ирсэн бөхчүүдийг бол үзэхгүй шүү дээ” гэж хэлж байхав дээ.

Үнэндээ аав минь жил жилийн цагаан сарын барилдаанд зодоглоно гээд л тээврийн тэрэгтэйгээ өвлийн сүүлч сараар нутгаасаа гарч “Хархираагийн тэжээлийн аж ахуйн бөх Өлзийн Тулгаа” гэж цоллуулаад Спортын төв ордны гадаа машинаасаа бууж байсан даа. Аяныхаа тоосыг гүвээд л буудаг байсан. Аавынхаа барилдааныг бид “араажав”-аар сонсоно. Аавын дүү нар манайд цуглачихаад Цагаан сарын бөх сонсоно. “Увсын Тулгаа давлаа” гэхээр ах нар баярлалдаад, би чинь ийм мундаг аавтай даа гэх бодол төрдөг байлаа.

-Ард түмний хайртай бөхийн хүү гэдгээ хэдийнээс мэдэрч эхэлсэн бэ. Өөрөө аймгийн цолтой бөх. Аавынхаа захиасаар бөх болсон уу?

-Багадаа өөрийгөө “Аваргын хүүхэд” гээд хөөрүү амьтан явдаг байсан юм билээ. Бага ангийн багш нар тэгж хэлдэг. Харин аав намайг бөх болгоно гэж огтоос хэлээгүй. Өөрийнхөө сонирхлоор барилдаж эхэлсэн. Мэдээж аавыгаа дуурайсан хэрэг л дээ. Аавтайгаа үзсэн наадмууд санаа бодлоос минь гардаггүй. 1996 онд аавынхаа ЗИЛ-130-ын тэвшин дээр суугаад гурав хонож Улаанбаатарын барааг харсан сан. Аав улсын наадамд зодоглоно гээд. Би бас болоогүй, хүүхдийн барилдаанд барилдана гээд ирж байгаа юм. Бүтэн гурван өдрийн турш нар салхинд алгадуулж, хоёр хацар битүү сайр болчихсон амьтан ирээд хүүхдийн барилдаанд хоёр давж байсан. Тэр жилийн хүүхдийн барилдаанд сумогийн их аварга Асашёорюү Дагвадорж түрүүлж байсан. Аав гурав даваад дөрвийн даваанд Ц.Цэрэнпунцаг гарьдын ах Ц.Бэгзсүрэн харцагад унаж байсан. Сумын заан цол хүртсэн наадам мөн л санаа сэтгэлд ойр байдаг. Одоо бодоход их дурсамжтай сайхан санагддаг.

-Тийм үү, сумын цол хүртсэн наадмынхаа хуучаас дэлгээч?

-Би чинь Бөхмөрөн суманд түрүүлж сумын заан болсон хүн. Тэр жил Бөхмөрөний ой болсон юм. 2004 он шүү дээ. Ч.Чулуунбаатар, Г.Намсрайжав, Д.Жавзанжамъян, Ө.Сумъяа гээд улсын цолтой олон бөх очсон байж билээ.Уг наадамд аавыгаа дагаад явах гэтэл машинд нь багтдаггүй. “Чи багтахгүй нь үлд” гэдэг юм. Тэгтэл аавын найз “Хүүгээ багтаагаад аваад яваач. Сумын наадамд барилдана гээд байхад” гэж хэлж байж намайг аваад явсан юм. Хоёрын даваанд аймгийн арслан Цэдэндамбааг, гуравт аймгийн заан Цэдэнбалыг давчихлаа. Дөрвийн даваанд аавтайгаа оноолт таарчихдаг байгаа. Аав надад тахимаа өглөө. Ингээд үзүүр түрүүнд Чулуунбаатар харцагыг давж түрүүлээд мотоциклиор шагнуулж байсан. Бөхмөрөн сумын Засаг дарга “Сүрэнжав аа, уучлаарай. Сумын заан цолны үнэмлэх байхгүй шүү. Улс, аймгийн цолтой олон бөхчүүд ирсэн болохоор үнэмлэхний хэрэггүй юм байна гэж бодтол өөрөө түрүүлчихлээ” гэж хэлж байсан.

Наадмын дараа аавын найз баярлачихсан “Энэ наадмын түрүү бөхийг чи үлдээх гээд байжээ” гэж хэлээд л. Аав баяр хөөрөө ямар ил гаргах биш. Эрх биш намайг нэг үнэрлэсэн байлгүй. Хүмүүс намайг аавынхаа дэмжлэгээр аймгийн арслан болсон гэдэг. Тийм биш л дээ. “Бөх хүн авсан цолондоо эзэн байх ёстой. Цолоо ахиулдаггүй юм аа гэхэд батлах хэрэгтэй” гэж аав нэг удаа Сумъяа ахад хэлж байсан. Тийм бодолтой хүн чинь хүүгээ өөрийнхөө хүчээр цолонд хүрэг гэж боддог юм билээ л дээ. Аймгийн арслан болчих санаатай олон жил зүтгэсэн. Олон ч наадам хэссэн. Тэгж тэгж 2008 онд Увс аймгийнхаа наадамд түрүүлсэн. Аав дөрвийн даваанд сумын заан цолтой нэг залууд унаж байсан. Тэр жил одоогийн цэргийн арслан Б.Ганзориг үзүүрлэж, улсын арслан П.Бүрэнтөгс шөвгийн дөрөвт шалгаран аймгийн начин болж байлаа.

-Тулгаа зааны чулуу өргөж байгаа нэг зураг байдаг. Тэр хэдэн килограмм чулуу вэ. Ямар учраас өргөсөн юм бол?

-156 килограмм жинтэй чулуу. Одоо Тувагийн музейд байгаа. Уул нь цэнгэлдэх хүрээлэнд нь байсан юм. Уг чулуун дээр “Монголын хүчит заан Өлзийн Тулгаа өргөсөн” гэж бичсэн байдаг. Ямар түүхтэй вэ гэхээр, 1985 онд Монгол, Тува Эв модны баяр болжээ. Орос, Монголын дарга нар хоёр улсын Хилийн зааг дахь уулан дээр уулзалдсан байна. Аав Тувагаас будаа зөөж яваад таарсан байгаа юм. Гэтэл Оросын нэг дарга хилийн зааг дахь уулан дээр байсан чулууг заагаад “Үүнийг өргөөд 100 алхсан хүнд 500 рубль өгье” гэж ам гарчээ. Монгол мөнгөөр 2500 төгрөг л дөө. Тувагийн том биетэй залуу эхэлж өргөөд арав орчим алхаад бараагүй байна. Дараа нь аав өргөөд хэлсэн ёсоор нь 100 алхаад амласан мөнгийг нь авч байсан түүхтэй. Тэр үеийн 2500 төгрөг гэдэг их мөнгө. Би аавынхаа чулууг өргөж үзсэн. Эрхбиш газраас хөндийрүүлээд гаргаад ирж байгаа юм. Харин өргөөд алхана гэж барахгүй юм билээ. Тэгээд аавынхаа бяр тэнхээ, бурхнаас заяасан хүч чадлыг нь бахдаж л байлаа. Манай аав шүд их сайтай хүн. Дээхнэ үеийн 70 килограммын шуудайтай гурилыг шүдээрээ зуугаад явчихдаг байсан. Тэр үеийн хүмүүс яс сайтай байжээ. Одоо бид зуугаад явна гэвэл хүзүү нь дийлэх байх, харин шүд булгараад унах байлгүй. Аав ид барилдаж байх үедээ 85-90 килограмм жинтэй байсан. Өнөөдөр захын сумын заан 100 гаруй килограмм жинтэй байна. Өнөөгийн бөхчүүдийн хэрэглэж байгаа шиг уураг, витамин гэж аавыг барилдаж байх үед байсангүй. Гурилтай шөлөө уугаад л явж байсан хүмүүс шүү дээ.

-Өөрөө эхээс хэдүүлээ вэ. Гэр бүлээ товчхон танилцуулахгүй юу?

-Би 1981 онд төрсөн. Эхээс гурвуулаа. Дороо хоёр эмэгтэй дүүтэй. Ээжийг мааньЧулууны Дэмбэрэл гэдэг. Манай өвөө Баянаа аваргын багш нь байсан гэдэг шүү. Баянаа аварга Малчин суманд долдугаар ангиа төгсч байжээ. Ээж минь одоо Увс аймагтаа амьдарч байна. Манай гэр бүлийн хүнийг А.Солонго гэдэг. Эмч мэргэжилтэй. Одоо Эх нялхаст мэргэжлээрээ ажиллаж байна. Аавыгаа өнгөрсний дараа Монголын ард түмэн аавд минь ямар их хайртай юм бэ гэдгийг илүүтэй мэдэрсэн дээ. Намайг хаана ч очсон “Тулгаагийн хүү” гээд хүмүүс халуун дотноор хүлээж авдаг. Аавынхаа нэрийг сэвтээлгүй, бөхийн дэвжээг нь хүндэтгэн явна гэж боддог. Цагаан сар, улсын наадам дөхөхөөр аавыгаа улам их санах юм. Өөрөө барилдаж бөхийнх нь ариун мөрөөр явж байгаа,айлын ганц хүү болоод ч тэр үү аавыгаа их л санаж, нөмөр нөөлгийг нь үгүйлдэг. Тэр бүгдэд “Аав шигээ хүнлэгявах юм шүү” гэж бодогдоно.

Categories
баннер нийтлэлийн-баннер онцлох-нийтлэлийн-баннер

Баннер-Онцлох нийтлэл

Categories
баннер нийтлэлийн-баннер энгийн-нийтлэлийн-баннер

Баннер-нийтлэл

Categories
ангиллуудын-баннер баннер нийгэм-ангиллын-баннер улс-төр-ангилалын-баннер эдийн-засаг-ангиллын-баннер

odriin sonin

Categories
баннер нийтлэлийн-баннер энгийн-нийтлэлийн-баннер

1987