Categories
мэдээ эдийн-засаг

Э.Мөнхзул: Монгол Лаосын харилцаа, хамтын ажиллагаа бүс нутагт чиглэн хөгжих боломж бүрдлээ DNN.mn

Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэнгийн Гуравдагч хөрш орон судлалын эрдэм шинжилгээний ажилтан Э.Мөнхзултай ярилцлаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Зүүн өмнөд Ази руу чиглэсэн төрийн айлчлал Лаос улсад үргэлжиллээ. Монгол Лаосын түүхэн уламжлалт харилцааны талаар эхлээд сонирхуулахгүй юу?

-Өнөөгийн Лаосын анхны вант улс манай эриний өмнөх VIII зууны үед үүсэн байгуулагдсан хэмээн түүх сударт тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Лаосын их хаан Фа Нгум XIII зуунд тархай бутархай олон аймгийг нэгтгэн Лансан буюу Сая зааны вант улсыг байгуулснаар өнөөгийн Лаос улсын эх үндэс тавигджээ. Лаос улс тусгаар тогтнолоо бататгах, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж, хадгалан үлдэхийн төлөөх урт хугацааны хүнд тэмцлийн жилүүдэд гадаад орчинд шинэ түншүүдийг эрэлхийлж байсан юм. Энэ цаг үед БНЭУ-д суугаа Монголын Элчин сайдын яам Дели дахь Лаосын Элчин сайдын яамны дипломатуудтай анх удаа дотно холбоо тогтоосон. Улмаар 1958 онд БНМАУ-ыг ЮНЕСКО, НҮБ-ын Ази номхон далайн эдийн засаг, нийгмийн комисст гишүүнээр элсэхэд дэмжиж өгөхийг Лаосын Засгийн газарт хүсэлт болгож байсан явдал нь манай хоёр орны харилцааны эхлэл тавигдах оролдлогуудын нэг байв.

Монгол Улс 1961 оны аравдугаар сард НҮБ-д гишүүн элсэхэд Лаосын вант улс биднийг тууштай дэмжиж байсан. Эндээс хоёр орон нэг нэгийгээ харилцан дэмжиж ирсэн уламжлалт харилцааны суурь тавигдсан гэж үзэж болохоор байна.

Ийнхүү Монгол Лаосын хувьд дипломат харилцаа тогтоох сонирхол давхцаж, гадаад, дотоод орчин бүрэлдээд байсан үе л дээ. Улмаар 1962 оны есдүгээр 12-нд албан ёсны дипломат харилцаа тогтоож, Элчин сайдын түвшинд дипломат харилцаа тогтоосон юм. Манай талаас 1994 онд Ерөнхийлөгч П.Очирбат, 2005 онд Ерөнхийлөгч Н.Багабанди Лаост айлчилж байв. Харин манай улсад Лаосын талаас Ерөнхийлөгч Суфанувонг 1980, 1985 онд, Ерөнхийлөгч Чуммали Саяасон 2007 онд тус тус айлчилсан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэ удаагийн айлчлал нь хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бататгахад чухал хувь нэмэр оруулахуйц өндөр ач холбогдолтой. Цаашлаад улс төр, батлан хамгаалах, зам тээвэр, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн талбар дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцсон ихээхэн үр дүнтэй айлчлал боллоо гэж харж байна.

-Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалаар талууд ямар, ямар тохироонд хүрэв. Хэд хэдэн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байгаа харагдсан. Үүний ач холбогдол цар хүрээг нь хэрхэн харж байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд найрамдах ардчилсан Лаос ард улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны хэд хэдэн чухал баримт бичигт гарын үсэг зурсан байна. Тухайлбал, “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНАЛАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын агаарын тээвэрлэгчид шууд болон карго тээврийн хамтын ажиллагааны хүрээнд нислэг үйлдэх боломжийг бүрдүүлнэ. Үүний зэрэгцээ Зүүн өмнөд Азийн орнууд руу шинээр нээх нислэгийн завсрын цэг болгон ашиглах боломж бүрдэнэ. Хоёр улс “Мал эмнэлэг, мал амьтны хорио цээрийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд найрамдах ардчилсан Лаос ард улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгууллаа. Ингэснээр манай хоёр улсын хооронд мал, амьтан тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд болон мал, амьтны эм бэлдмэл, тэжээл зэрэг бүтээгдэхүүнийг импортлох, экспортлох, дамжин өнгөрүүлэх явцыг хурдасгана гэсэн үг. Түүнчлэн мал эмнэлэг, мал амьтны хорио цээрийн нөхцөлийг хөнгөвчилнө. Тэгвэл “Ургамал хамгаалал, хорио цээрийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд найрамдах ардчилсан Лаос ард улсын Засгийн газрын хоорондын хэлэлцээр” нь ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнд хөнөөлтэй хортон шавж хоёр улсын нутаг дэвсгэрт тархахаас урьдчилан сэргийлж хамгаалах юм. Энэ хүрээнд хоёр улсын хоорондын ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, үрийн худалдааг хөнгөвчлөх боломж бүрдэнэ гэж харж байна. Ерөнхийлөгчийн айлчлалаар зурагдсан бас нэг хэлэлцээр бол аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай баримт бичиг. Уг хэлэлцээр нь хоёр улсын хооронд тогтвортой аялал жуулчлалын ач холбогдол, аялал жуулчлалын хөгжлийн байгаль орчин, эдийн засаг, нийгэм, соёлын асуудлыг олон улсын хамтын ажиллагаа, хоёр талын зохицуулалтын үйл ажиллагаагаар шийдвэрлэх замаар үр дүнтэй, урт хугацааны шийдэл эрэлхийлэх аж. Мөн тогтвортой аялал жуулчлалыг хөхиүлэн дэмжих зорилготой. Бас “Байгалийн нөөц, байгаль орчныг хамгаалахад хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг хоёр талын салбар яамд байгуулсан. Санамж бичгийн хүрээнд талууд агаарын бохирдлыг бууруулах, экосистемийн нөхөн сэргээлт болон ойн тогтвортой менежмент зэрэг байгалийн нөөц, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах хөтөлбөрийн нарийвчилсан санал, хэрэгжүүлэх төлөвлөгөөг хамтран тохирох нөхцөл бүрдэнэ. Дээрхээс гадна талууд хоёр улсын иргэд хоорондын соёлын солилцоо, харилцааг өргөжүүлэхээр санамж бичиг байгуулсан. Монгол Лаосын соёлын салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар урлагийн үзэсгэлэн, тоглолт, кино үзвэр зохион байгуулахаас гадна дурсгалт зүйлсийг хадгалан хамгаалах, соёлын биет бус өвийг сэргээн засварлах чиглэлээр хамтран судалгаа хийх боломж бүрдэж байна.

-Лаос улс нь бүс нутагтаа далайд гарцгүй цорын ганц орон. Тус улс эдийн засгийн хувьд ямархуу үзүүлэлттэй байдаг вэ?

-Газар нутгийн ихэнх хэсэг нь ойгоор хучигдсан уул нуруудтай. Нийт газар нутгийн гуравны хоёр нь уулархаг. Алт, мөнгө, зэс, цагаан, хар тугалга, цайр, төмөр, хүхэр, нүүрс, цэхэр индранил зэрэг үнэт, хагас үнэт чулуу болон барилгын материалын түүхийн эдийн арвин нөөцтэй улс. Лаосын эдийн засаг үндсэндээ хөдөө аж ахуй дээр суурилдаг. XX зуунаас хойш гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжаас хамааралтай байгаа. 1976 оноос социалист эдийн засгийн журамд орсон бол 1986 онд төрийн оролцоог танаж, хувийн хэвшлийг зөвшөөрчээ. 1980 он гэхэд Лаосын Засгийн газар илүү прагматик бодлого баримталж эхэлсэн. 1986 онд чөлөөт зах зээлд чиглэсэн шинэчлэлүүдийг хийж байв. Түүнээс хойш төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд зэрэгцэн ажиллаж гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэн.

Худалдааны гол түншүүд нь Тайланд, Вьетнам, Хятад, Малайз зэрэг улсууд юм. Гадаад худалдааны эргэлтийн 60 хувь нь Тайландад, 25 хувь Вьетнамд, 10 орчим хувь нь Хятадад, үлдсэн хувь нь бусад орнуудад ногддог. Лаосын эдийн засаг 20-иод жилийн хугацаанд жилд дунджаар долоон хувиар буюу тогтмол өсөлтийг үзүүлж ирсэн. 2012 оноос хойш эдийн засгийн өсөлт аажмаар буурсан. Энэ нь COVID-19 тахлын үеэр илүү тод илэрч, Лаос улс гаднын нөлөөнд хэт өртөмтгий эмзэг болсон. Засгийн газар вирусийг дарахын тулд шийдэмгий алхам хийсэн боловч ажлын байр, амьжиргаагаа алдахад хүргэж, гадаад валютын орлогыг бууруулсан талтай. 2023 оны тавдугаар сарын байдлаар инфляци өмнөх оны мөн үеийнхээс 40 хувиас давсан үзүүлэлттэй байна. Зээл, тусламжийн хувьд нэг жилд дунджаар 390 сая ам. доллар. Гол хандивлагчид нь Япон, Франц , БНСУ юм. Францын тал Лаост бүх салбарт шууд болон шууд бус замаар хөрөнгө оруулалт хийх, тусламж үзүүлэх талаар идэвхтэй ажиллаж байна. Япон гэхэд жил бүр Лаост 100 гаруй сая ам.долларын зээл тусламж үзүүлдэг.

-Ингэхэд Монгол Лаосын эдийн засгийн харилцааг хэрхэн шинэ шатанд хөгжүүлэх боломжтой вэ?

-Манай хоёр орны эдийн засгийн харилцаа нь улс төрийн хамтын ажиллагаатай харьцуулахад хангалтгүй байна. Тухайлбал, худалдааны эргэлт 2021 онд 172.2 мянган ам.доллар, үүнээс экспорт 1.82 мянган ам.доллар, импорт 170.46 мянган ам.доллар байсан. Тэгвэл 2022 онд энэ дүн буурч 45.6 мянган ам.доллар болов. Үндсэндээ экспорт байхгүй, импорт 45.6 мянган ам.доллар байсан гэсэн үг.

1977 оноос Монгол Улсын Засгийн газрын тэтгэлгээр Лаосын 130 гаруй оюутан анагаах ухаан, хөдөө аж ахуй, хэл зүй, түүхийн мэргэжлээр манай улсын их, дээд сургуульд суралцаж төгссөн. Мөн 1984 онд Монгол Улс Лаост хүн эмнэлгийн 60 ортой “Лаос, Монголын найрамдал” эмнэлэг, 200 хонь, ямааны аж ахуйг 13.1 сая төгрөгт багтаан буцалтгүй тусламжаар байгуулсан нь одоог хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

-Бид Лаосоос юу, юу авах боломжтой вэ. Мөн тэд Монголоос юу авахыг сонирхож байгаа юм бол?

-Манай хоёр улс хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай хүнсний экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг онцлогтой. Энэ давуу талаа ашиглан Монголоос арьс ширэн бүтээгдэхүүн, хонь, ямааны гүн хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүн, хивс, малын эм, вакцин авах сонирхолтой. Харин Лаосаас барилгын модон хийц, цагаан будаа, элсэн чихэр, цай, кофе, жимс жимсгэнэ нийлүүлэх өргөн боломж бий.

Цаашид хоёр улс экспорт, импортын бараа бүтээгдэхүүний хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлэх тал дээр хамтран ажиллах боломжтой боллоо. Тодруулбал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хоол, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах нөхцөл бүрдэж байна. Мөн хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн хэлхээ холбоог дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

-Ерөнхийлөгчийн Лаос улсад хийсэн айлчлалыг судлаачийн хувьд хэрхэн дүгнэж байна вэ. Бид ямар үр дүн хүлээж болох вэ?

-Өнгөрсөн 60 жилийн харилцаанд түүхэн сургамж, тулгамдсан асуудлууд багагүй байлаа. Юуны өмнө бодит хүчин зүйл, тэр дундаа хил залгаа орны хувьд Хятад, Вьетнамын нутгаар дамжуулан тээвэр хийх, олон улсын төмөр замын сүлжээ, ложистикийн төвүүдээс алслагдмал байршилтай, сул хөгжсөнтэй холбоотой. Мөн улс дамнасан тээвэр, импорт, экспортын тарифын хөнгөлөлтийн асуудал бүрэн шийдэгдээгүй өнөөг хүрсэн юм. Энэ нь худалдаа, эдийн засаг төдийгүй бусад салбар харилцаа сул, зарим харилцаа огт хөгжөөгүйн гол шалтгаан хэмээн үзэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНАЛАУ-д хийсэн энэхүү төрийн айлчлал манай гадаад бодлого, харилцааны түүхийн салшгүй нэгэн хэсэг. Хамгийн чухал нь Монгол, Лаосын харилцаа, хамтын ажиллагааг бүс нутагт чиглэсэн цаашдын хэрэгжилтэд тусгалаа олоход хувь нэмэр оруулахуйц айлчлал боллоо хэмээн харж байна.

 

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Шатахуун ачсан 485 вагон хил, өртөө, боомтод байна DNN.mn

Ашигт малтмал, газрын тосны газраас Улаанбаатар төмөр зам, Гаалийн ерөнхий газрын Төв лаборатори, Гаалийн бүрдүүлэлтийн газар, шатахуун импортлогч аж ахуйн нэгжийн төлөөллүүдтэй шатахууны татан авалт, тээвэрлэлт, зохион байгуулалтын асуудлаар зөвлөлдөх уулзалтыг 2023 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Толгойт өртөөнд хийжээ.

Уулзалтаар холбогдох талууд хилээр орж ирсэн вагонуудыг татан авах, ачааг өртөөдөд хүргэж, салаа замуудад тавих, гаалийн бүрдүүлэлтийг шуурхай хийх, лабораторийн шинжилгээг хэрхэх асуудлаар санал солилцов.

Энэ үеэр Гаалийн бүрдүүлэлтийн газраас гаалийн бүрдүүлэлтийг түргэн шуурхай хийхийн тулд салбар, нэгжүүд амралтын өдрүүдэд ч ажиллаж байгааг онцоллоо. Мөн Улаанбаатар төмөр замаас хамгийн их ачаалалтай ажиллаж буй Толгойт өртөөдөд нэмэлт сэлгээний ажлыг зохион байгуулж байгааг дуулгав. 2023 оны 11-р сарын 08-ны байдлаар шатахуунтай 485 вагон (29100 тонн шатахуун) хил, боомт, өртөөдөд зогсож байна. Үүнээс Толгойт өртөөнд шатахуунтай 195 вагон (11700 тонн шатахуун) татан авалт хийхээр зогсож байгаа юм.

ОХУ-ын Засгийн газраас өнгөрөгч есдүгээр сарын 22-ны өдөр нефтийн бүтээгдэхүүний экспортдоо хориг тавьж, үүний улмаас манай улсад шатахууны хангамжийн доголдол үүссэн билээ. Улмаар Монгол Улсын Засгийн газраас холбогдох арга хэмжээг авч ажилласны үр дүнд 2023 оны аравдугаар сарын 6-ны өдрөөс нийлүүлэлт хэвийн явагдаж эхэлсэн. Нийлүүлэгч талаас 9, 10 дугаар сарын захиалгыг бүрэн биелүүлэх хүрээнд шатахууны ачилт, тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлж байгаатай холбоотой хилийн боомт, өртөөдийн ачаалал эрс ихсээд буй.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газраас хилээр орж ирсэн шатахууны лабораторийн шинжилгээ, гаалийн бүрдүүлэлт, тээвэрлэлт, татан авалтыг шуурхай зохион байгуулах чиглэлд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Тухайлбал, импортоор орж ирсэн шатахуунтай вагонуудын гаалийн бүрдүүлэлт, шинжилгээг шуурхай хийх, вагонуудыг татан авах, ачааг өртөөдөд хүргэх, салаа замуудад тавих ажлыг шуурхай зохион байгуулах, хангамж тогтворжих хүртэлх хугацаанд уртасгасан цагаар хамтарч ажиллах хүсэлтийг Улаанбаатар төмөр зам, Гаалийн ерөнхий газарт хүргүүлсэн билээ.

Энэ хүрээнд дээрх уулзалтыг зохион байгуулж, шатахууны хангамж тогтворжих хүртэл хамтарч ажиллахаар тохиролцов.
Дашрамд, улсын хэмжээнд 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар нийт 85,073 тн шатахууны үлдэгдэлтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 2,510 тн, АИ-92 автобензин 27,164 тн, АИ-95 автобензин 6,466 тн, Дизель түлш 44,272 тн үлдэгдэлтэй буюу А-80 автобензин 15 хоног, АИ-92 автобензин 22 хоног, АИ-95 автобензин 33 хоног, Дизель түлш 24 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл эдийн-засаг

О.Батчулуун: Гаднын банк оруулж ирэх нь банкны өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, гадаад хямд эх үүсвэр татахад чухал үүрэгтэй DNN.mn

Эдийн засагч О.Батчулуунтай гадаадын банк Монгол Улсад оруулж ирэхтэй холбоотойгоор ярилцлаа.


-Монгол Улсад гадаад улсын банк оруулж ирэх асуудал олон жил яригдаж байна. Манай улсын санхүүгийн тогтолцоонд арилжааны банкууд гол тоглогч болчихсон яваа. Ийм нөхцөл байдалд гаднын банк оруулж ирэх нь ямар үр дагавар бий болгох вэ?

-Манай санхүүгийн зах зээлийн дийлэнх хувь нь банкны салбар бүрдүүлдэг. Арилжааны 10 гаруй банк үйл ажиллагаагаа явуулж байна. 2023 оны III улирлын байдлаар банкны нийт актив 49.5 их наяд төгрөг. Энэ нь манай эдийн засгийн 90 гаруй хувьтай тэнцэх үзүүлэлт юм. Эндээс банкны салбар ямар том хэмжээтэйг харж болно.

Бид ямар төрлийн банкны тухай ярьж байна гэдгээ нэг талдаа гаргах хэрэгтэй болов уу. Одоогоор ярьж байгаа асуудлын хүрээнд гаднын хувийн хөрөнгө оруулалтын банк оруулж ирэх тухай яригдаж байгаа. Арилжааны банк биш.

Арилжааны банк нь иргэд, ААН-үүдээс мөнгө татаж, түүнийгээ зээл гаргах замаар ашиг олдог байгууллага. Харин хөрөнгө оруулалтын банк нь иргэдтэй харилцахгүй, иргэдээс эх үүсвэр татахгүй. Энэ нь томоохон төсөл хөтөлбөрт санхүүжилт олгож, тухайн төслийн явцтай уялдуулж хөрөнгө оруулалт хийдэг. Мөн хөрөнгө оруулалтын банк нь өргөн утгаараа хөрөнгийн захаас бонд босгож, хувьцааны IPO ч хийдэг. Тэгэхээр гаднын банк оруулж ирэх хуулийн төсөл нь хөрөнгө оруулалтын банк шүү гэдгийг ялгах хэрэгтэй. Зөвхөн төсөл, хөтөлбөрүүдэд санхүүжилт олгоно. Иргэдэд үйлчлэхгүй.

-Та дотоодын банкуудын нөхцөл байдлыг тодорхой хэллээ. Гадны банк оруулж ирвэл дотоодын банкуудын хүү буурах хүлээлт байдаг. Ер нь манай дотоодод банкны хүү яагаад өндөр байдгийг тайлбарлаад өгөхгүй юу?

-Монголд арилжааны банкнаас зээл авч, бизнесээ явуулж буй ААН-үүдийн амьдрах нас нь тав орчим л жил байдаг. Ийм бага насжилттай байдаг шалтгаан нь ч ойлгомжтой. Монгол бол дэлхийн хамгийн өндөр зээлийн хүүтэй 20 улсын нэг, хамгийн өндөр хадгаламжийн хүүтэй 10 улсын нэг. Гэвч суурь хүү өндөр байгаа асуудал нь маш олон хүчин зүйлээс хамаарна. Монголд инфляци байнга хоёр оронтой тоонд байдаг. Дагаад бодлогын хүү, хадгаламжийн хүү ч хоёр оронтой тоонд багтана. Нэгэнт банк гэх байгууллага өндөр хадгаламжийн хүүн дээр үйл ажиллагааны зардал, ашгаа нэмээд зээлийн хүү тогтоно. Тэгэхээр дагаад зээлийн хүү ч өндөр байхад гайхах зүйлгүй. Асуудлын эх сурвалж нь инфляци өндөр, ханш байнга унадагт байгаа биз. Энэ бол манай улсын суурь эрсдэлийн түвшин өндөр байгааг илтгэнэ. Түүхий эдийн үнээс хүчтэй хамаардаг, сонгууль тойрсон популист бодлого, дааж давшгүй өр гээд энэ бүхэн чинь дээрх эрсдэлийн уг шалтгаан нь юм. Тиймээс дан банкнаас хамаарсан үзэгдэл биш гэдгийг бид харах хэрэгтэй. Банкуудыг зээлийн хүүгээ буулгаач гээд шахах юм бол үсрээд л нэг пунктээр л буулгана. Энэ нь мэдээж үйл ажиллагааны зардлаа танах, ашгаа багасгах замаар л буурна гэсэн үг. Банк өөрөө ашгийн төлөө байгууллага. Тиймээс энэ сонголтыг хийхгүй. Гэвч иргэд, ААН-үүдийн хүсэлт бол таван пунктээр дор хаяж бууруулах хүсэлтэй байна. Ингэж байж үр дүн гарна. Тэгэхээр цогцоор нь хөдөлгөж байж зээлийн хүү буурах боломжтой. Мэдээж гадны банк оруулж ирэх нь банкны өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, хямд гадаад эх үүсвэр татахад нэлээд чухал. Гэвч энэ нь зээлийн хүүг бууруулах нэг төрлийн арга гэдгийг ойлгох хэрэгтэй. Гаднын банк ороод ирвэл тэр зээлийн хүүг бууруулаад иргэд, ААН-үүд бага хүүтэй зээл авна л гэсэн таамаглал хүн бүрд бий. Үнэндээ энэ бол өрөөсгөл ойлголт.

-Гаднын зарим оронд өөр улсаас банк орж ирэхэд зээлийн хүү чамлахаагүй хувиар буурч байсан судалгаа байдаг юм билээ. Манайд гаднын банк орж ирлээ гэхэд банкны салбар нь байх уу, төлөөлөгчийн газар нь байх ёстой юу?

-Гаднын банк оруулж ирэх нь зөв үү, эсвэл буруу юу гэх олон талт асуудлыг харуулсан гаднын судалгаанууд их бий. Эдгээр судалгаануудаас харахад сайн ч нөлөөлөл бий, муу ч нөлөөлөл бий. Түүнчлэн яг төлөөлөгчийн газар уу, банкны салбар уу гэдгээс хамаарч үр дүн нь янз бүр байна.

Тухайн улс нь хүн ам ихтэй, эдийн засгийн багтаамж том, олон улсад худалдааны нээлттэй бодлого явуулдаг гэх мэт орно. Тэгэхээр гаднын арилжааны банк ашиг талаасаа харвал Монголд орж ирэх боломж бага.

Нэгэнт гаднын арилжааны банк бусад улсуудад нэвтэрсэн олон туршлага бий. Эдгээр улсад дунджаар зээлийн хүүг 3-4 пунктээр бууруулж байсан. Гэвч иргэдэд бус тухайн улсын хамгийн том корпорациудад зээл олгож эхэлсэн. Өөрөөр хэлбэл, тухайн зах зээлийн өрмийг нь хамж байна гэсэн үг. Харин дотоодын банкууд нь иргэд, жижиг дунд бизнес дээрээ өрсөлдөнө. Тэгэхээр бидний таамаглал өрөөсгөл байх магадлалтай.

Нөгөө талдаа гаднын банк орж ирэх нь мөнгөний бие даасан бодлого явуулах боломжийг хумьдаг. Яагаад гэхээр гаднын банк өөрөө тухайн улсын төв банкны хяналтаар явах боломжгүй байдаг. 2008-2009 оны санхүүгийн хямралаас өмнө гадаадын санхүүгийн байгууллагуудаас дотоодын санхүүгийн системд олгох зээлийн өсөлт нь дотоодын банкуудаас их буюу мөчлөгийн далайцыг нэмэгдүүлж байсан бол санхүүгийн хямралын үеэр Ази болон Европын гадаадын банкуудын зээл олголт нь харьяа улс болон дотоодын захын аль алинд нь эрс буурсан байдаг. Өөрөөр хэлбэл, гадаадын банкууд нь эдийн засгийн мөчлөгийг дагаж, хямрал үүсэх үед дотоодын санхүүгийн салбарын нөхцөл байдлыг хүндрүүлж байсныг ялангуяа Европ, Азийн харьяатай гадаадын банкуудын жишээнээс харж болохоор юм.

-Гаднын банк оруулж ирэхэд тухайн банкууд өөрийн улс руу хийж байгаа экспортыг өргөжүүлдэг, улсынхаа нөлөөллийг тухайн орны экспорт, импортоор дамжуулан томруулдаг гэж үздэг. Манай улсын хувьд хэрэгжүүлж чадвал нэлээд таатай л дүр зураг харагдаад байх юм?

-Гадны кэйст суурилсан судалгаагаар, урьдчилан тооцоолох хэд хэдэн эрсдэл бий. Тухайлбал, гаднын арилжааны банкууд нь өөрийн улс руу хийж буй экспортыг өргөжүүлж, улсынхаа нөлөөллийг тухайн орны экспорт, импорт, бизнес сүлжээгээр дамжуулан томруулдаг. Хамгийн гайгүй дотоодын бизнесүүдийг нь онилдог байна. Өөрөөр хэлбэл, хүчтэй, хөрөнгө мөнгө ихтэй гадаадын банкны салбар бодлогын шинж чанартай зээл олгож, шууд “сорчлох ажиллагаа” явуулдаг жишиг бий.

Харин хөрөнгө оруулалтын банкны хувьд бол тухайн улс хоорондын экспорт, импортын худалдаа гэхээс илүү төсөл, хөтөлбөрийн ашигтай байдлыг л харна. Ялангуяа Монгол Улсыг сонирхох суурь шалтгаан нь уул уурхайн салбар. Харин бусад салбарын хувьд, гадны сонирхлыг татах зах зээлийн хэмжээ, төсөл хөтөлбөр байхгүй. Гадны хувийн хөрөнгө оруулалтын банкыг оруулж ирэх нь уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэх, дагаад тухайн төслийн давхар нөлөө их бий. Жишээ нь, Оюу толгойгоор л харъя. Төслийн санхүүжилт тогтмол, тасралтгүй хийгдэж байна. Тиймээс төсөл нь эдийн засагт эерэг нөлөөлдөг. Гаднын хувийн хөрөнгө оруулалтын банк нь том төсөл, хөтөлбөр дээр орж ирэх нь мөн л Оюу толгой шиг нөлөөллийг өгнө л гэж ойлгох хэрэгтэй.

-Засгийн газар энэ цаг үед төсөвтэй холбоотойгоор гаднын банк оруулж ирэх асуудлыг нэлээд хөндөж байгаа. Таны өмнөх оны нийтлэлд Монголд гадаадын таван банкны төлөөлөгчийн газар ажилладаг тухай дурдагдсан байсан. Дөрөв нь банкны тусгай зөвшөөрөл авах эрхтэй. Тэр дундаас Bank of China нэлээд магадлалтай гэв үү?

-Гаднынхан хэд хэдэн байдлаар орж ирэх боломжтой. Нэгдүгээрт, дотоодын банкны тодорхой хувийг гаднынхан эзэмшиж байна. Жишээ нь, Хаан банкны хөрөнгө оруулагч Япон, Хас банкны хөрөнгө оруулагчид нь EBRD-ээс эхлээд зөндөө бий. Худалдаа хөгжлийн банкны багахан хувийг ч Голдман Сакс эзэмшдэг шүү дээ. Хоёрдугаарт, төлөөлөгчийн газар байгуулах замаар орж ирсэн. Нийт төлөөлөгчийн газрын гурван их наяд орчим төгрөгийн зээлийн үлдэгдэл бий. Төлөөлөгчийн газар нь зөвхөн энд байгаа санхүүжилтийн хүсэлтийг толгой банк руугаа явуулж өгдөг. Тэр үүднээсээ иргэд үйлчлэхгүй гэсэн үг.

Эдийн засгийн аюулгүй байдал талаасаа хөрш улсуудын төрийн банкны төлөөллийг оруулах нь хэр вэ гэдгийг үнэлэх хэрэгтэй. Миний харж буйгаар, хөрш орнуудын төрийн оролцоотой банк байх нь аюултай. Тиймээс энэ хуульд “хувийн хөрөнгө оруулалтын банк” гэж онцолж нэрлээд байгаа юм.

Дээрх төлөөлөгчийн газраас Bank of China банк нь төрийн оролцоотой, хувь эзэмшлийн ихэнх буюу 67.7 хувийг Хятадын Засгийн газрын эзэмшлийн Central Huijin Investment Ltd компани эзэмшдэг. Bank of China-ийн төлөөлөгчийн газраас банк байгуулах хүсэлтээ Монголбанканд ирүүлэх тохиолдолд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.11-т заасан “Гадаадын төрийн өмчит хуулийн этгээд”-ийн тодорхойлолтыг хангасан байх тул Эдийн засгийн хөгжлийн яаманд эхний ээлжинд хүсэлтээ гарган холбогдох зөвшөөрөл авсан байх шаардлагатай.

Гаднын банк Монголд охин компани байгуулж орж ирэх нь дараах нөлөөтэй. Төв банк бүрэн хяналт тавих боломжтой бөгөөд хуулийн этгээд байх учраас Монгол Улсад орлогын албан татвар төлнө, дотоодын банкуудтай ижил төрлийн үйл ажиллагаа явуулах, улмаар дотоодын зах зээлийн цар хүрээг өргөтгөж, өрсөлдөөнийг нэмэгдүүлж, эх үүсвэрийн хүүг бууруулах боломжтой. Гаднын банкны салбар нэгж орж ирэх нь мөн л өөр нөлөөтэй. Эдийн засгийн хямралын үед толгой компаниасаа санхүүгийн дэмжлэг хурдан хугацаанд авч, эрсдэлээс хамгаалагдах боломжтой. Харин төв банк зохистой хяналт тавих боломж хязгаарлагдмал. Төв банк шууд харьцах, шаардлагатай мэдээлэл авах боломж хязгаарлагдмал. Зөвхөн толгой компанийнхаа заавар журмыг мөрдөнө.

Тэгэхээр гаднын банк гэдэгт бид яг юуг ойлгож байгаагаа нэгтгэн ойлгох нь чухал байна. Охин компани, салбар эсвэл төлөөлөгчийн газар байхаас хамааран давуу болон сул талууд харагдаж байна. Тиймээс саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг шиг хууль эрх зүйн хувьд маш тодорхой болгох нь чухал байна.

-Энэ дашрамд, банктай холбоотой өөр нэг зүйл тодруулъя. Манайд гүйлгээний шимтгэлийг аль ч банк аль ч тохиолдолд авч байгаа. Хүн тус бүр дээр 50, 100 төгрөг гээд багахан үнийн дүн харагдаж байгаа ч төвлөрч байгаа дүн томроод явчихдаг. Хэрэглэгч талдаа хохирч байгаа үйлдэл гэж харж болохоор. Энэ үйлдэл үндэслэлтэй юу, хэрэв тийм бол хязгаарлах боломжтой юу?

-Чөлөөт зах зээлд үнэгүй юм гэж байхгүй. Төлж чадахгүй бол тэр үйлчилгээг авч чадахгүй л гэсэн үг. Төлөх үнэ нь тухайн банкуудын өрсөлдөөн дээр л тогтдог. Банкууд шимтгэлээр өрсөлдсөөр анх 500 төгрөг байсан шимтгэл 100, 200 төгрөг болсон шиг санагдаж байна. Цаашид ч дижитал шилжилт хийж буйтай холбоотой энэ өртөг буурах болов уу. Тиймээс ямар нэг үйлчилгээ бүрийн цаана хүн ажиллаж, тоног төхөөрөмж зарцуулж, бичиг цаас болж буйг бид мартаж болохгүй.

 

Categories
мэдээ эдийн-засаг

Газрын тосны үнэ 4.3 хувиар буурчээ DNN.mn

Брент төрлийн газрын тосны үнэ 4.2 хувиар унаад байна.

Газрын тосны үнэ өснө гэсэн таамаглал бүдгэрч байна гэж шинжээчид үзэж байна. Өнгөрсөн арилжаагаар WTI төрлийн газрын тосны үнэ 4.3 хувиар унаж, баррель нь 77.37 ам.доллар болж, сүүлийн гурван сарын доод түвшинд хүрлээ. Харин брент төрлийн газрын тосны үнэ 4.2 хувиар унаж,  баррель нь 81.61 ам.доллар буюу мөн л зургаадугаар сараас хойших доод түвшинд хүрээд байна.

Израил-ХАМАС-ын хоорондын дайн эхэлсэнтэй зэрэгцээд газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт эрс унаад байгаа юм. Газрын тосны хэрэглээгээр тэргүүлэгч БНХАУ-д эрэлт тааруу байх төлөвтэй байгаа нь үүнд голлон нөлөөлөхөөр байна.

Үүнээс гадна АНУ-д шатахууны хэрэглээ эрс буурч байгаа нь газрын тосны эрэлт буурах эрсдэлийг нэмэгдүүлж байгаа аж.

 

Эх сурвалж: BloombergTV

Categories
мэдээ эдийн-засаг

“Оюу Толгой” ХХК-ийн борлуулалт 1.2 тэрбум ам.долларт хүрчээ DNN.mn

“Оюу Толгой” ХХК 2023 оны гуравдугаар улирлын тайлангаа өнөөдөр танилцуулав.

Дээрх хугацаанд тус компанийн борлуулалтын орлого 1.2 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь төлөвлөгөөгөө 29 хувиар давуулан биелүүлсэн үзүүлэлт бөгөөд үүнд зэс, алтны үнэ зах зээл дээр өндөр байгаа болон борлуулалтын биет хэмжээ их байсан нь нөлөөлсөн байна.

Тодруулбал энэ оны гуравдугаар улиралд олборлосон зэсийн хэмжээ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16 хувь өсжээ.

Харин зарцуулалт нь 1.4 тэрбум ам.доллар байна. Монгол Улсад мөрдөгдөж буй хууль, холбогдох дүрэм журмын дагуу валютаа төгрөгт шилжүүлж, зарцуулсан гэдгээ тус компаниас мэдэгдсэн. Ингэхдээ бүх валютаа Монголбанкаар арилжаалжээ.

2010-2023 оны гуравдугаар улирал хүртэлх зарцуулалтын мэдээллээс онцолбол

  • Ажилтнуудын цалин хөлсөнд 141 сая ам.доллар
  • Дотоодын худалдан авалтад нийт 26.9 их наяд төгрөг. Үүнээс 3.8 их наяд төгрөг зөвхөн Өмнөговь аймгийн хэмжээнд хийсэн худалдан авалт байна.
  • Татвар хураамж, төлбөр, дотоодын НӨАТ-т 9.9 их наяд төгрөг төлсөн. Зөвхөн энэ оны эхний гурван улирлын байдлаар татвар, хураамж, бусад төлбөрт 1 их наяд төгрөг төлөөд байна.
Categories
мэдээ эдийн-засаг

Улаанбаатар хотын бонд гаргахад ЕСБХБ-тай хамтран ажиллана DNN.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ханнес Такачийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр талууд ЕСБХБ, Европын Холбооны хамтарсан санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн “Хатуу хог хаягдлын салбар дахь институцийн хүчин чадлыг бэхжүүлэх болон Хотын өрийн удирдлагыг сайжруулах хөтөлбөр”-ийн техникийн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулав. Энэхүү техник тулалцааг ЕСБХБ болон Япон Улсын Засгийн газар хамтран буцалтгүй тусламжаар санхүүжүүлж байгаа юм.

Уулзалтын эхэнд Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, арваннэгдүгээр сард багтаан батлуулахаар ажиллаж байна. Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах гэсэн хоёр том зорилтод хүрэх эрх зүйн чадамжийг хотод бий болгохоор зорьж уг хуулийн төслийг боловсруулсан. Үүнээс гадна хатуу хог хаягдлын менежментийг шинэчлэх зэрэг хотын бусад асуудлууд бий. Иймд НЗДТГ-аас ЕСБХБ-тай хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх болно. Мөн цаашид эрх зүйн шинэ орчны хүрээнд санхүүгийн чадамжийг бэхжүүлэх, шинжилгээ, төлөвлөлт хийхэд техникийн зөвлөгөө авах, Улаанбаатар хотын бонд гаргах чиглэлд хамтран ажиллахад таатай байх болно” хэмээлээ.

ЕСБХБ-ны Монгол улс дахь Суурин төлөөлөгч Ханнес Такач “Манай байгууллага хамтын ажиллагаатай улс орнуудынхаа хотуудтай түлхүү хамтарч, санхүүгийн зөв тогтолцоог бүрдүүлэх, тулгамдсан асуудлыг нь шийдвэрдэх чиглэлд ажилладаг. Гэр хорооллыг орон сууцжуулах, хотын бонд гаргах бол маш чухал ажил. Бондоос босгосон хөрөнгөөр аль болох нарийн судалгаатай, ногоон хөгжилд чиглэсэн төсөл хөтөлбөрт зарцуулах нь зүйтэй. Энэ чиглэлээр хамтран ажиллаж, техникийн туслалцаа үзүүлэх боломжтой” гэсэн юм.

Улаанбаатар хотын бондын орлогоор энэ онд хэрэгжих нэн шаардлагатай, ирэх оны нэгдүгээр улиралд багтаан эхлэх гэр хорооллыг орон сууцжуулах төслүүдийг санхүүжүүлнэ гэдгийг Хотын дарга хэллээ. Ингэснээр Улаанбаатар хотын бонд нь илүү ногоон бондын шинжтэй буюу нэг талаас агаарын бохирдлыг бууруулах, нөгөө талаас ядуурлыг багасгах ач холбогдолтой болохыг тэрбээр онцлов.

НЗДТГ болон ЕСБХБ-ны хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотод “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төсөл”, “Ногоон-Улаанбаатар орон сууц” гэсэн хоёр төсөл хэрэгжиж байна. ЕСБХБ нь 2006 оноос хойш Монгол Улс, Улаанбаатар хот мөн хувийн хэвшлийн салбар дахь төсөл, хөтөлбөрүүдэд санхүүжилт, зөвлөх үйлчилгээ болон техникийн тусламж үзүүлж ирсэн юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Он гарснаас хойш 14.2 тонн үнэт металл худалдан авчээ DNN.mn

Монголбанк 2023 оны 10 дугаар сард 867.6 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.2 тонн үнэт металл худалдан аваад байна.

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,739.4 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 840.3 кг үнэт металл тус тус худалдан авав.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2023 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ  211,513.01 төгрөг байв.

Categories
мэдээ эдийн-засаг

Инфляцын түвшин өмнөх сараас 0.3 хувиар өсчээ DNN.mn

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны 10 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 9.0 хувь, өмнөх оны эцсээс 6.7 хувь, өмнөх сараас 0.3 хувиар тус тус өссөн байна.

Өмнөх оны мөн үеэс 9.0 хувиар өсөхөд:

-Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 14.7 хувь,

-Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 6.4 хувь,

-Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 7.4 хувь,

-Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 3.3 хувь,

-Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 7.5 хувь,

-Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 7.6 хувь,

-Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 16.9,

-Боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ 16.8 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.9 хувиар өсчээ DNN.mn

Гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны эхний 10 сарын дүнгээр 20033.6 сая ам.доллар болов. Энэ нь 2022 оны мөн үеийнхээс 2898.6 сая ам.доллар буюу 16.9 хувиар өсчээ.

Ингэснээр экспортын дүн нь импортынхоос 4914.4 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна.

Гадаад худалдааны энэ оны эхний 10 сарын гүйцэтгэлийг экспортын 525662, импортын 251641 гаалийн мэдүүлэг болон бусад эх сурвалжийг үндэслэн гаргажээ. Үүнээс, тайлангийн хугацаанд нээгдэж ажилласан түр боомтоор нэвтрүүлсэн экспортын 27408, импортын 1092 мэдүүлэг байсныг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

 

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

МАН: 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэврийг 100 мянгаар нэмэгдүүлнэ DNN.mn

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, шийдвэрээ танилцуулав.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Бүлгийн өнөөдрийн хурлаар 2024 оны төсвийн төсөл, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Тэрбээр, Ирэх оны төсвийн төсөлд 2024 оны 4-р сарын 1-нээс тэтгэврийн хэмжээг 10 хувь нэмэхээр тусгасан. Гэвч 10 хувийн нэмэгдэл нь бага тэтгэвэр авагч буюу 550 мянган төгрөгийн тэтгэвэртэй иргэдэд бага нэмэгдэхээр байгаа тул нийтэд нь 100 мянган төгрөгөөр нэмэх саналыг Ерөнхий сайд  болон бүлгийн гишүүд дэмжлээ.

Иймд 100 мянган төгрөг болгох эх үүсвэрийг шийдвэрлэхийг ажлын хэсэгт үүрэг болголоо. Манай нийт тэтгэвэр авагчдын 60-70 хувь нь бага тэтгэвэр авч байна” гэлээ