Categories
мэдээ эдийн-засаг

Б.Жавхлан: Монгол Улс 2024, 2025 онд бондын өр төлөхгүй DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арванхоёрдугаар сарын 13-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Засгийн газрын гадаад үнэт цаасыг олон улсын хөрөнгийн зах зээл дээр арилжаалж, Засгийн газрын 2024 онд эргэн төлөгдөх Хуралдай бонд, 2026 онд эргэн төлөгдөх Номад бондын тодорхой хэсгийг дахин санхүүжүүлэх өрийн зохицуулалтын арга хэмжээг амжилттай авч хэрэгжүүлсэн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Засгийн газрын гадаад өрийн төсөвт үзүүлэх ачааллыг урт хугацаанд жигдлэх, өрийн багцын эргэн төлөлтийн дундаж хугацааг уртасгах, гадаад үнэт цаасны төлбөрийг боломжит хэмжээгээр төсвөөс төлж нийт үлдэгдлийг бууруулах зорилгоор Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022, 2023-2025 оны стратегийн баримт бичигт нийцүүлэн 2022-2024 онд эргэн төлөгдөх нөхцөлтэй нийт 2.2 тэрбум ам.долларын гадаад үнэт цаасны үлдэгдэл төлбөрүүдийг “Century” I, II, III төслийн хүрээнд өрийн зохицуулалтын арга хэмжээг амжилттай авч хэрэгжүүллээ.
2021 онд авч хэрэгжүүлсэн “Century” I төслийн хүрээнд  Монгол Улс түүхэндээ хамгийн бага хүүтэйгээр өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн бол  2023 оны нэгдүгээр сард авч хэрэгжүүлсэн “Century” II төслийн хүрээнд хөгжиж буй орнуудад хаалттай байсан зах зээлд өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн анхны орон болж, дефолтын эрсдэлээс бүрэн сэргийлж чадсан.
Харин энэ удаа хугацаа нь тулаад байсан “Хуралдай” бондын үлдэгдэл 392.5 сая ам.долларын төлбөрийг “Century” III төслийн хүрээнд дахин санхүүжилт хийх өрийн зохицуулалтын арга хэмжээг 2023 оны арвандүгээр сарын 20-28-нд амжилттай хэрэгжүүллээ. Тухайлбал, 350.0 сая ам.долларын “Century”III бондыг 7.875 хувийн хүүтэй 5.5 жилийн хугацаатайгаар 2023 оны арваннэгдүгээр сарын 28-нд олон улсын санхүүгийн зах зээл дээр арилжаалж, 2024 оны гуравдугаар сард эргэн төлөгдөх хуваарьтай “Хуралдай” бондын үлдэгдэл 392.5 сая ам.долларын бондын тодорхой хэсгийг буцаан худалдан авлаа. Монгол Улс 2024, 2025 онд бондын өр төлөхгүй.
Шинээр арилжаалсан “Century” III бондын олон улсын хөрөнгө оруулагчдаас ирсэн нийт захиалга 4.8 тэрбум ам.долларт хүрсэн нь түүхэндээ хамгийн өндөр захиалга буюу 13.7 дахин давсан өрийн зохицуулалтын арга хэмжээ боллоо. Түүнчлэн “Century” III бондын хүүгийн түвшин дэх Монгол Улсын Засгийн газрын эрсдэлийн түвшин нь мөн түүхэндээ хамгийн бага буюу 2.3 хувь болсон нь Засгийн газрын өмнө гарган арилжаалж байсан гадаад бондуудын эрсдэлийн дундаж түвшин болох 5.5 хувиас хоёр дахин багассан үзүүлэлт юм. Хэрэв энэ үед АНУ-ын төв банкны бодлогын хүү 0-1 хувьтай байсан бол Монгол Улсын Засгийн газар 2.3-3.3 хувийн хүүтэй бонд гаргах боломжтой байсан гэсэн үг юм.
Засгийн газар ийнхүү хугацаа нь тулсан, өндөр дүнтэй гадаад өр төлбөрүүдийг өрийн зохицуулалтын арга хэмжээний хүрээнд дахин санхүүжүүлснээр төсөв, төлбөрийн тэнцэлд ирэх өрийн дарамтыг бууруулж, гадаад валютын ханшийг тогтвортой барих, санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад эерэг нөлөө үзүүлэх төдийгүй Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хадгалж, цаашид сайжруулахад чухал нөлөөтэй гэж Сангийн сайд танилцууллаа.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Экспорт 23.9 хувиар өсчээ DNN.mn

 Манай улс 11 дүгээр сард 13811.4 сая ам.долларын бараа, түүхий эд экспортод гаргасан нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 23.9 хувиар өссөн байна.

Экспортын барааны дүнд эрдэс бүтээгдэхүүн 11942.8 сая ам.доллар буюу 86.5 хувь; сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 687.7 сая ам.доллар буюу 5.0 хувь; нэхмэлийн материал, нэхмэл эдлэл 428.2 сая ам. доллар буюу 3.1 хувийг эзэлж, эдгээр нь нийт экспортын дүнгийн 94.5 хувийг эзэлжээ.

Энэ оны эхний 11 сард экспортолсон хар тугалганы хүдэр, баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, түүхий нефтийг 100 хувь, зэсийн баяжмалын 99.9 хувийг, чулуун нүүрсний 99.3 хувийг БНХАУ-д; үхэр адууны боловсруулсан ширний 33.5 хувийг, ямааны самнасан ноолуурын 86.2 хувийг Итали-д; ямааны угаасан ноолуурыг 99.7 хувь БНХАУ-д экспортолж дээрх нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 82.5 хувийг эзэлж байв.

Монгол Улс дэлхийн 80 оронд бараа экспортлосноос БНХАУ-д 91.2, Швейцарт 4.3, БНСУ-д 1.1 хувь ногдож нийт экспортын 96.6 хувийг дээрх орон эзэлж байгааг Гаалийн ерөнхий газар мэдээллээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Г.Батзориг: Ийм үед татвар нэмэх нь авлига, нийгмийн тодорхой бус байдал, суурь асуудлуудыг дэгдээх эрсдэлтэй DNN.mn

Эдийн засагч Г.Батзоригтой ярилцлаа.


-Энэ өвөл эдийн засаг ямар байхаар байна вэ. Шинэ жил, Цагаан сар гээд томоохон баярууд болдог улирал. Тэр утгаараа иргэдийн амьжиргаанд хэрхэн нөлөөлөх бол?

-Өдийд улирлын шинжтэй бизнесүүдийн идэвхжил багасдаг үе. Өвөл томоохон баярууд давхцдаг учраас худалдааны салбарт мөнгөний эргэлт бий болдог. Ялангуяа өрхийн хэрэглээ тал дээр шинэ жилээс эхлээд цагаан сар хүртэл их хэмжээний зардлын дарамт үүсдэг. Учир нь иргэд өр зээл тавьж тухайн баяруудыг тэмдэглэдэг. Энэ нь хаврын улиралд санхүүгийн нөхцөл байдалд нь нөлөөлдөг. Иймээс өвлийн эдийн засгийн хувьд өрхийн хэрэглээ талдаа нэлээд зардал ихтэй.

-Бизнесийн салбарт хэрхэн өгөөжтэй байх вэ?

-Дээр хэлсэнчилэн өвөл улиралын чанартай ихэнх бизнес зогсдог. Ялангуяа уул уурхай, барилга, зарим үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогсоно. Харин үйлчилгээ, худалдааны салбарууд нийтийг хамарсан тэмдэглэлт баярыг тохиолдуулаад идэвхждэг. Тэгэхээр улирлын онцлогоос хамаараад бизнесүүд ялгаатай.

Яг одоо бол баар, ресторан, дуучид уран бүтээлчдийн жинхэнэ сезоны үе. Наад зах нь оргилуун дарс гэхэд нийт борлуулалтынхаа 60 орчим хувийг шинэ жилээр хийдэг. Ийм онцлогтой бизнесүүдийн орлого өвлийн улиралд өсдөг бол зарим нь хаврыг хүлээсэн байдалтай царцдаг. Ер нь бол Монголын бизнесүүд хөгжихөд том хүндрэл болдог нэг хүчин зүйл бол улирал. Жилийн дөрвөн улиралд тогтмол үйл ажиллагаа явуулдаггүй. Тодорхой мөчлөгүүдэд идэвхждэг болохоор олсон орлогоороо орлого багатай үеэ санхүүжүүлж явдаг. Ийм учраас манай бизнесүүд хөгжихөд хэцүү байдаг.

-Инфляц сүүлийн хоёр сар дарааллан нэг оронтой тоонд хадгалагдлаа. Цаашид ямар байх вэ. Ер нь инфляцийг хурдан буулгая гэвэл төсвийн бодлого яаж нөлөөлөх юм бэ?

-Мэдээж инфляц сүүлийн хоёр сар аажмаар буурч байгаа нь тухайн улирлын чанартай бүтээгдэхүүнтэй холбоотой. Тухайлбал, намрын ногоо хураалттай залгаад идэш уушны цаг эхэлсэн байгаа шүү дээ. Нөгөө талд мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж, зээлийн хэрэглээ саарсантай холбоотой бас үнийн өсөлт буурч байна гэдэг санаа. Мэдээж төсвийн бодлого өөрөө мөчлөгсөрсөн хэлбэртэй байх ёстой. Эдийн засгийн идэвхжил өндөр үед төсвийн бодлого аль болох хумих чиглэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, төсвийн зарлагыг хянах чиглэлтэй. Одоо барьж байгаа мөнгөний бодлого бол иргэд, аж ахуйн нэгжүүдэд маш өндөр зээлийн дарамт үүсгэж байгаа. Сүүлийн хоёр, гурван жил ингэж явж байна. Энэ бүх хичээл зүтгэлийг төсвийн сонгууль дагасан бодлого үгүй хийлээ. Тэгэхээр ирэх онд дахиад инфляц бол буурахгүй байх. Эргээд валютын ханш, ам.доллар чангарах дарамт үүсэх нь тодорхой. Үүнийг сөрж зогсох зүйл нь нүүрсний экспорт ямар байхаас хамаарна.

-Сонгуулийн жилийн төсөв хэт өндөр байгаа нь мөнгөний бодлогын нуруунд ачаалал үүсгэнэ гэж Төв банкнаас мэдээлсэн. Энэ нь юу гэсэн үг вэ?

-Монголбанк бодлогын хүүгээ өндөр түвшинд аваачсан. Үүнээс үүдэж хадгаламжийн хүү өссөн. Энэ нь хөрөнгийн зах зээлийн хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Дагаад бондуудын хүү нэлээд өндөр болчихсон. Хувьцааны зах зээл сэргэхгүй байх гол хөшүүрэг болж байна. Монголбанкны бодлого өөрөө иргэд, аж ахуйн нэгжүүд дэх хэрэглээний болоод бизнесийн зээлийн хүүг өндөр түвшинд аваачихаж байгаа юм. Хоёр, гурван жил бодлогын хүү өндөр түвшинд хадгалагдаад явахаар бизнесийн өртөг талдаа хүүгийн дарамт нэлээд их байна гэсэн үг. Энэ нь компанийн ашигтай ажиллагаанд сөргөөр нөлөөлнө. Үндсэндээ иргэд хоёр зүйлээр хохирч байгаа гэсэн үг. Нэгдүгээрт, цалингаа нэмүүлж чадахгүй. Хоёрдугаарт, бизнесийн болон хэрэглээний зээл авахдаа өндөр хүүтэй авчихаж байгаа юм. Ийм нөлөөтэйгээр иргэд, аж ахуйн нэгжийг хүнд байдалд оруулан инфляцийг бууруулах зорилтдоо маш их өртгөөр хүрч байна шүү дээ. Дээрээс нь төсвийн бодлого маш их тэлэлттэй ороод ирэхээр нөгөө буурч байсан инфляцаа өдөөх эрсдэл бий болчихож байгаа гэсэн үг.

-Ам.долларын ханш тогтвортой байгаа. Сонгууль дөхөөд валютын ханш бууна гэсэн хүлээлт бий. Харин та яаж харж байна вэ?

-Валютын ханш одоо тогтвортой байна. Энэ нь валютын эрэлт, нийлүүлэлттэй холбоотой. Валютын нийлүүлэлт хангалттай байх юм бол төгрөг тогтвортой байна. Мэдээж манай улсад валютын нийлүүлэлт нүүрсний экспортоос орж ирж байгаа. Өнөө жил 50 гаруй сая тн нүүрс зарсан болохоор валютын орлого сайн байлаа. Үр дүнд нь валютын ханш тогтворжиж, нөөц нь 4.2 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ бол боломжийн өндөр түвшин. Бас сонгуулийн өмнө долларын ханш өсөхгүй гэдэг иргэдийн хүлээлтээс үүдэлтэй шийдвэрүүд долларжилтыг багасгадаг. Өөрөөр хэлбэл, хүмүүс төгрөгийн хадгаламжаа доллар болгодоггүй гэсэн үг. Тэр үүднээс сонгуулийн өмнө ханш хөдлөөд байхгүй болов уу. Харин сонгуулийн дараах ханш бол цэвэр валютын нийлүүлэлт буюу нүүрсний экспорт хэрхэн явж байгаагаас хамаарна. Нүүрсний экспорт харьцангуй сайн байх юм бол ханш огцом савах үндэслэл алга. Тэгэхээр эрэлт бий болох нь ойлгомжтой. Нэгдүгээрт, хүлээлтээс үүдэлтэй. Хоёрдугаарт, сонгуулийн замбараагүй төсвийн 60, 70 орчим хувь нь тэр чигээрээ импортыг дэмжсэн буюу валютын эрэлт хэрэгцээг бий болгож байгаа. Тэр үүднээсээ аваад үзвэл эрэлт талдаа дарамт байх нь гарцаагүй. Төлбөрийн тэнцлийн хувьд урсгал дансан дээр нэлээд алдагдал үүсэх эрсдэл байгаа. Энэ алдагдлыг бууруулах буюу валютын эрэлтийг хангахад нөөц нь хангалттай байх ёстой. Бас нүүрс хангалттай хэмжээнд гарах ёстой. Гуравдугаарт, гадаад бондын өр төлбөрүүдийг ирэх онуудад төлөхөөргүй байгаа. Тэгэхээр нэмэлт томоохон валютын урсгал байхгүй. Түүхэндээ гурван удаа 10-аас дээш хувь төгрөгийн ханш суларсан байдаг. Бусад үед нь 5-6 хувь байсан. Ирэх жил нүүрс хангалттай гарвал дахиад энэ хувь дээрээ байх болов уу гэж харж байна.

-Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт ямар байх вэ. Тухайлбал, нүүрс, зэсийн хувьд төсвийн өндөр зарлагыг гүйцэхээр орлого олж чадахаар байна уу?

-Өнөө жил бид нүүрсээ түүхэн дээд хэмжээнд экспортоллоо. Энэ нь Хятадын өөрсдийнх нь нүүрсний уурхайд болсон осол, түүнтэй холбогдож гарсан хяналт шалгалт зэрэг дотоод асуудалтай нь холбоотой байв. Түүнээс гадна 2021 оноос хойш улс төрийн шалтгаанаар гарахгүй байсан нүүрс 2022 онд Хятадтай хэд хэдэн удаагийн уулзалт хийсний үр дүнд энэ жил үр нөлөөгөө өгч, түүхэн дээд хэмжээнд нүүрс гарч байгаа. Нүүрсний 20 орчим сая тн нь бол цэвэр зах зээлийн шинж чанартай. Үлдсэн 30 орчим сая тн-ыг Хятадын улс төрийн бодлого, гэнэтийн янз бүрийн хэрэгцээний шоктой холбон тайлбарлаж болно. Нөхдүүд ирэх жил 50 сая тн дээр бодоод байдаг. Гэтэл энэ дүн биднээс хамаарахгүй зүйл гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Цаашид өнөө жилийнх шиг өндөр байх уу гэдгийг таамаглахад бэрх. Тэгэхээр ирэх жил багаар бодоход зах зээлийнхээ жамаар 28- 30 сая тн нүүрс гаргана гэж бодож байна. Зэсийн хувьд ямар нэг эрсдэл байхгүй. Гол нь нүүрсний хувьд төсвийн орлогод нөлөөлж байгаа хэсэг нь учраас тоо хэмжээн дээрээ нэлээд ач холбогдол өгөх ёстой. Нүүрсний үнийн хувьд огцом буух шалтгаан алга. Хэдийгээр Хятадын үл хөдлөх салбарын хямрал эдийн засагт нь саар болно гэж ярьж байгаа ч гэсэн тус улс мөнгөний олон төвт сангийн хүчтэй бодлогоор эдийн засгаа дэмжиж байна. Зургаа, зургаан сараар үр дүнг нь авч үзэж байгаа. Үр дүнгүй бол бодлогоо өөрчлөөд явж байна л даа.

-Сая 2024 оны төсвийг батлахдаа Үнэт цаасны хуульд гурван төрлийн татварын дэмжлэг үзүүлэхээр болсон. Энэ нь ямар ач холбогдолтой юм бэ?

-Үнэт цаасны тухай хуулиар татварын хөнгөлөлт, хувьцааны арилжаа, бондын хүүгийн татвар зэрэг хөнгөлөлт эдлүүлж байгаа нь хөрөнгийн зах зээл рүү олон хүнийг оруулах нөхцөлийг бүрдүүлнэ гэж харж байна. Улс орны хөгжсөн туршлага нь хөрөнгийн захын хөгжил байдаг. Тэгэхээр хөрөнгийн зах зээлийн хөгжлөөр дан ганц цалингийн орлогоос хамаарахгүй, хувьцаа, бонд, хөрөнгө оруулалтын орлоготой болчихсон. Эндээсээ хамаараад амьдралд нь капитал бий болох боломжтой. Тэр үүднээс дэлхийн топ 500 компанийн 10 орчим хувь нь хаалттай компани байна. Бусад нь нээлттэй компани. Харин Монголд бол бараг 80 орчим хувь нь хаалттай компани байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тухайн компанийн ашиг орлого өөрсдөд нь үлдэж байна гэдэг санаа. Хөрөнгийн зах зээл дээр бодлогын дэмжлэг үзүүлснээр хаалттай компанийг хөрөнгийн зах зээл дээр задалдаг. Нээлттэй компани болгодог процессууд явагддаг. Жирийн иргэд үндэсний компанийнхаа хувь эзэмшигч болох боломжийг улам бүр нээлттэй бүрдүүлж өгөх хөшүүрэг л дээ.

-Нийслэлийн татварыг хоёр хувь болгохоор ярьж байна. Энэ нь зөв үү?

-Олон нийт, иргэд бүгд татвар төлөх ямар ч сонирхолгүй байгаа. Яагаад гэвэл хотоос авч байгаа татварын санхүүжилтийн мөнгө түгжрэл, утааны асуудлыг шийдэж чадсан уу. Энэ мэтчилэн нийслэлд тулгамдсан маш олон асуудлыг шийдэж чадахгүй байгаа нь иргэд эргээд татвар төлөх сонирхлыг асар ихээр бууруулж байгаа юм. Тэгэхээр нэмж татвар гаргаж ирэх нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулах нь гарцаагүй. Ер нь ямар нэгэн бодлогын хамгийн сүүлийн сонголт нь татвар байдаг. Яагаад гэвэл татвар шууд нөлөөлөх нөлөөлөл нь маш өндөр. Тэгэхээр шууд татварын бодлого нь буруу гээд хэлчихвэл хэцүү. Гэхдээ татвар аваад юунд зарцуулагдаж байгаа нь ойлгомжтой байх ёстой. Дээрээс нь өөрсдөө суурь асуудлуудаа одоогийн татварын мөнгөөрөө шийдчих хэрэгтэй. Үүний дараа магадгүй нэмж янз бүрийн татвар авбал иргэд хүчтэй эсэргүүцээд байхгүй болов уу. Тэгэхээр суурь асуудлуудаа одоогийн татварын орлогоор шийдэж чадахгүй байж нэмж татвар авна гэдэг бол одоогийн түвшинд оновчтой арга биш. Дээрээс нь инфляц, валютын ханшийн дарамттай, төсөв нь тэлчихсэн, аж ахуйн нэгж, иргэд өндөр зээлийн хүүтэй. Амьжиргаагаа яая гэж байхад ковидын дараах нөхцөл байдалд нэмж татвар авах нь тийм ч оновчтой шийдэл биш.

-Нийслэлийн татварыг 100 хувь нэмэгдүүлснээр иргэн, аж ахуйн нэгжүүдэд ямар хүндрэл учрах вэ?

-Өнөөдөр иргэд банкинд 17-25 хувийн хүүгийн зээл төлөөд явж байна. Энэ бол хамгийн өндөр түвшин. Нэг талдаа орлого тал дээр нь дарамт үүсгэж байгаа зүйл нь инфляц, валютын ханш байна. Яг орлого авах гэхээр нь халааснаас нь зөвшөөрөлгүй инфляцийн 10 хувийн өсөлт, ханшийн 20 хувийн уналт гарч ирээд байвал зарлага нь хэвэндээ байж байхад худалдан авах чадвар нь орлогоос нь буураад эхэлж байна гэсэн үг. Яг ийм эрсдэл үүсчихээд байгаа. Дээрээс нь зарлага талдаа зээлийн өндөр хүүгийн төлөлт явж байна. Ийм үе дээр нь татвар нэмж авах нь зөв бодлого биш. Дээрээс нь далд эдийн засаг руу буюу албан бусын сектор руу шилжилт явах сөрөг нөлөө бий болгоно. Одоо далд эдийн засаг манай эдийн засгийн 30 орчим хувьтай байгаа гэдэг. Албан бус сектор нь татварын гурван тайлан, ашгаа бууруулах гээд олон байдлаар илэрч байна. Энэ нь эргээд авлига, нийгмийн тодорхой бус байдал, суурь асуудлуудыг дэгдээдэг. Тэгэхээр хотын татварыг хоёр хувь болгож нэмэгдүүлэх бодлого нь яав ч эергээр нөлөөлөхгүй.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Гадаад худалдааны бараа эргэлт 22 тэрбум ам.доллар болжээ DNN.mn

Энэ оны эхний 11 сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 22 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 16.7 хувиар өсжээ.

Экспортын дүн импортын дүнгээс 5.4 тэрбум ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарчээ. Тухайлбал, оны эхний 11 сард Монгол Улс импортоор нийт 8.4 тэрбум ам.долларын бараа, түүхий эд оруулжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 504.5 сая ам.доллароор буюу 6.4 хувиар өссөн үзүүлэлт юм.

Импортоор нийлүүлсэн бараа:

  • Машин механик, тоног төхөөрөмж эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 1.6 тэрбум ам.доллар буюу 19.2 хувь,
  • Эрдэс бүтээгдэхүүн 1.9 тэрбум ам.доллар буюу 22.9 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 1.7 тэрбум ам.доллар буюу 87 хувь),
  • Мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 937.5 сая ам.доллар буюу 35.2 хувь,
  • Авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 1.5 тэрбум ам.доллар буюу 18 хувь,
  • Үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 798.7 сая ам.доллар буюу 9.5 хувь,
  • Химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 463.8 сая ам. доллар буюу 5.5 хувийг тус тус эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 82.7 хувь ногдож байна.О

Оны эхний арваннэгдүгээр сард суудлын 66.807, ачааны 18.877 машин импортоор оруулж иржээ.

Түүнчлэн 83.5 мянган тонн хүнсний ногоо импортолсон нь өмнөх оны мөн үеэс 39.2 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа талаар  Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Оюу толгойн авч байгаа монгол толгой нарыг харахаар “ээ хөөрхийдөө” гэсэн бодол төрөх юм DNN.mn

Оюу толгой руу байсхийгээд л дайрах юм. Уурхай дээр нь очиж жагсаад л, Монголын баялгийг дээрэмдэж тонож байгаагаар нь дуудаад л… Энэ нь нэг хэсэг хүний ажлын хэмнэл болчихлоо, бүр монголын нийгмийн нэг хэсгийнхний хүлээж байдаг сэдэв болчихлоо. Сонгууль ойртох тусам Оюу толгой руу дайралт чиглэдэг. Өвлийн эхэн, хаврын эхэн сард Өмнийн говь, Оюу толгойн уурхайг чиглэн очиж жагсаж тэмцдэг ТББ, хэсэг бүлэг хүмүүс бий болоод удлаа. Тэдний энэ үйлдлийг “Өдрийн сонин” л лав дэмждэггүй. Оюу толгой бол Монгол дахь гурав дахь хөршийн байр суурь, тусгаар тогтнолын баталгаа, эдийн засгийн том урсгал, гадаадын хөрөнгө оруулалтын гайхамшигтай жишээ гэж үздэг учраас тэр. Тэгж л эх орны төлөө тэмцэх гээд байгаа юм бол Оросын мэдэлд байсан, тэдэнд хамаг ашиг орлогоо өгч, үе үеийн луйварчид ханаж цадахгүй цусалж ирсэн Эрдэнэт үйлдвэр дээр очиж жагсаж цуглаж, бузар булайг нь уудалдаггүй юм бэ. Тийм тэмцэл жагсаал ер нь болж байсан уу.

Шулуухан хэлье, Эрдэнэт үйлдвэр нь эртнээсээ өөрсдийгөө хамгаалах дархлаагаа, нөгөө талаас реклам сурталчилгаагаа Монголын нийгэмд гайхамшигтай хийж ирсэн газар. Наад зах нь 30 гаруй жилийн өмнө зохиогдсон “Эрдэнэтийн овоо өнгөтөй байна аа…” гэсэн дууг нь үе үеийнхэн бүгд мэддэг, дагаж дуулсаар өнөөдрийг хүрсэн байх юм. Үйл ажиллагаагаа, нийгмийн хариуцлагаа нийгэмд, ард түмэнд ойлгуулах сурталчлах ажилд тус үйлдвэр нь Монголын өдөр тумын сонин хэвлэл, мэдээллийн сувгуудыг гайхалтай ашигладаг, хамтарч ажилладаг. Энэ дэд бүтэц нь Эрдэнэт үйлдвэр халдашгүй дархан байх боломжийг бүрдүүлдэг. Тэгвэл яагаад Оюу толгойн үйлдвэр тийм биш байгаа юм. Ийм эмзэг, мөнхөд нийгмийн дайралтад өртөж, овоо хараанд нь байна. Анзаарч хар л даа. Оюу толгойн уурхайг эхэлсэн цагаас нь өнөөдрийг хүртэл дэмжиж яваа бидний бодлоор бол өнгөрсөн хугацаанд Оюу толгой нь монголчуудын хайрыг татсан уурхай, гадаадын хөрөнгө оруулагч болчих байлаа. Гэтэл тэгсэнгүй. Харинчиг зүхүүлэх нь улам их боллоо. Үүний шалтгааныг хэвлэл мэдээллийнхэн үзэхдээ, ерөөсөө Оюу толгойд ажиллаж байгаа монгол хүмүүсийн бэртэгчин зангийн үр дагавар гэж дүгнэж байна.

Оюу толгойн ТУЗ гэж бий. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандиас эхлээд Канадад Элчин сайд байсан Батсүх, за тэгээд цөөнгүй хүний нэрс тодорхой дурдагдана. Багабандийг сайн хэлдэг монгол бий бил үү. Алтан бүсийг нь хараад л зүхээд унадаг биз дээ. Мэдэх хүмүүс нь мэдэж байгаа. Сүүлд нэг монгол охин ТУЗ-д нь орсон. Тэр охин лав монголоор зөв бичдэг гэдэгт итгэхгүй байна. Энэ охины жишгээр бол баруунд өндөр боловсрол эзэмшсэн хүмүүс л тус компанийн ТУЗ-д орох ёстой юм шиг байна. Хэвлэл мэдээллийнхэн бол тэгж бодохгүй байна. Харинчиг Монголын амьдралаа онцгой сайн мэддэг, энэ нийгмээс гарч ирсэн боловсрол мэдлэгтэй монгол хүмүүсийг Оюу толгойн ТУЗ-д оруулдаг болмоор байна. Аав ээж нь гадаадад Элчин сайд байсан, тэнд төрсөн, тэнд сургууль соёлоо дүүргэсэн, монголын тухай аав ээжийнхээ амнаас сонссон төдий мэдлэгтэй, англи хэлтэй, ази царайтай, монгол нэр овогтой “гадаад хүмүүс”-ийг Монгол дахь

гадаадын ганц том хөрөнгө оруулалт болох Оюу толгойн компанийн ТУЗ-ийн гишүүнээр сонгомооргүй байна. Тэд Монголын талаар юу ч мэдэхгүй, харин Монголын нэрийн өмнөөс жилдээ доод тал нь 300 сая төгрөгийн цалин аваад сууж байна. Эндээс харахад Оюу толгой компанид ажиллаж байгаа, удирдлагын багт болон шийдвэрт нөлөөлөх түвшний бүх монгол

төрхтнүүд муу ажиллаж байна. Тэд Монгол Улсын төлөө өчүүхэн ч сэтгэлгүй байна. Тэдний туйлын хүсэл бол Оюу толгой компаниас авч байгаа 15-20 сая төгрөгийн цалингаа л бүтэн авч байх. Тэгэхийн тулд тэднийг хуурч ажиллах зарчимтай. Монголын тухай ойлгуулахдаа “Бүх асуудал ОКЕЙ байна. Болж байна, бүтэж байна” гэсэн ойлголтыг гадныханд өгдөг. Ер нь бол монголчуудтай ийм л түвшний харилцаатай байхад болно. Реклам сурталчилгаа, компанийн үйл ажиллагааг монголчуудад ойлгуулах шаардлага байхгүй гэсэн хандлагатай явж ирцгээлээ. Ийм эх оронч бус, бэртэгчин, амин хувиа бодсон байдалтайгаар Оюу толгойд ажиллаж, иймэрхүү монгол толгойнуудыг

Оюу толгойнхон ашиглаж байгаагийн үр дагавар нь энэ бүх эсэргүүцэл, жагсаал цуглаан юм. Сая та бүхэн тэр Оюу толгой компаниас гаргасан мэдэгдлийн утга агуулга, үзэл санааг харсан байх. Мөн ч өчүүхэн утгатай, үг үсэг найруулга харагдаж байгаа биз. Тэрхүү мэдэгдлийг мэдээж Оюу толгойн зүгээс авч ажиллуулж байгаа монгол толгой нар л бэлдсэн байх.

Мэдэгдэлд ингэж бичсэн байгаа юм “…олон жилийн дунджаар оны төгсгөлд осол, гэмтэл өсдөг тул ажилтнуудынхаа эрүүл мэнд аюулгүй ажиллагааг хангах зорилгоор уурхайн цогцолборт байрладаггүй ажилтнууд болон зочдын… гээд монголоор хэлэх юм бол уурхайд орох хөдөлгөөнийг хаасан юм шиг байна.

Ажилтнууд гэдэг бол уурхайн дарга нар юм. Ажиллагсад гэвэл огт өөр ойлголт. Шууд утгаараа бид захирлуудаа буюу дарга нараа хамгаалж байна гэсэн утга. Хандлага бол жижигдэхгүйгээр мэдрэгддэг зүйл. Ийм хандлагыг Оюу толгой компанид өндөр цалин авч, боломжийн албан хаагч хийж байгаа монгол хүмүүс л зохион байгуулж байна. Ийм монголчууд Оюу толгойн уурхайг Монголын нийгэмд зөвөөр ойлгуулах ажлыг завхруулдаг. Мэдээж тус компаниас мэдээлэл сурталчилгаанд зориулсан төсөв мөнгийг гаргаж байгаа. Түүнийг нь яаж зарцуулж байна гэхээр хэдэн сэтгүүлч цуглуулж мэдээлэл хийгээд, хоолны мөнгө тараачихдаг. Бусдыг нь өөрсдөө угаачихдаг. Угтаа бол редакциудад нь албан ёсны гэрээтэйгээр сурталчилгааны мөнгөө өгөөд явбал Монголын нийгмийн сэтгэл зүйд Оюу толгой аль хэдүйн зөвөөр ойлгогдчих байлаа.

Оюу толгой хамгийн том эдийн засаг, ийм л уурхайнуудыг олноор байгуулж, ийм л хөрөнгө оруулагчдыг хэдэн зуугаар нь Монголд оруулж ирмээр байна гэсэн үзэл санаа төлөвшчих байлаа. Монголын ард түмэн нийтээрээ алга ташаад сууцгааж байх байлаа. Гэвч тийм реклам сурталчилгааны эрүүл бүтцийг тус компанийн хэвлэл мэдээллийн алба хийж чадсангүй. Өнгөрсөн хугацаанд үсрээд л шинэ жилийн баярын хоолны рекламны дундуур цухасхан, наадмын бөх, морины уралдааны дундуур хальтхан “Оюу толгой” гэсэн бичиг үзэгдэх төдий сурталчилгаатайгаар явж ирлээ. Үүнд Монголын ард түмэн буруугүй. Харин Оюу толгойн авч ажиллуулж байгаа монгол толгой нар, Оюу толгой компанийн хэвлэл мэдээллийн албаны хүмүүсийн амин хувиа бодсон сэтгэхүй л буруутай. Шулуухан хэлэхэд Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудтай шударгаар, зарчмын дагуу хамтарч ажиллахад хагас жилийн дараа Оюу толгой бол Монголын эдийн засгийн аврал юм гэдгийг монголчууд ойлгох болно. Монголчуудын хамгийн сайн найз нөхөр нь Оюу толгой компани болно.

Б.Нямаа

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Инфляци арваннэгдүгээр сард 8.6 хувьтай гарчээ DNN.mn

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны арваннэгдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 8.6 хувь гарсныг Үндэсний Статистикийн Хорооноос өнөөдөр мэдээллээ.

Энэ нь өмнөх оны эцсээс 7.5 хувь, өмнөх сараас 0.7 хувиар тус тус өссөн үзүүлэлт юм.

Өмнөх оны мөн үеэс 8.6 хувиар өсөхөд:

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 13.3 хувь,
  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 7.4 хувь,
  • Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 6.7 хувь,
  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.9 хувь,
  • Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 16.4,
  • Боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ 16.8 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Инфляц 8.6 хувь гарсны 3.6 (42%) нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны арваннэгдүгээр сард 14.5 хувь гарч байв. Өөрөөр хэлбэл өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 5.9 нэгж хувиар буурчээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Өнгөрсөн сард 1.8 тонн үнэт металл худалдан авчээ DNN.mn

Монголбанк энэ оны 11 дүгээр сард 1,856.4 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 16.1 тонн үнэт металл худалдан аваад байна.

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,957.7 кг, Баянхонгор аймаг дахь хэлтэс 951.8 кг үнэт металл худалдан авчээ.

Төв банкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог бөгөөд энэ оны 11 дүгээр сард алт худалдаж авах дундаж үнэ 219,514.35 төгрөг байв.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Махны экспортоос 277 сая ам.долларын орлого олжээ DNN.mn

Он гарсаар хүнсний салбарт олон улсын шаардлагад нийцсэн мал төхөөрөх болон мах боловсруулах, бяслаг үйлдвэрлэх 11 үйлдвэр шинээр ашиглалтад орсон байна.

Махны экспортоос 277 сая ам.долларын орлого олж, хүнсний бүтээгдэхүүний импорт 12 хувиар буурчээ.

Энэ нь нэг тэрбум гаруй ам.доллароор гадаадаас хүнсний бүтээгдэхүүн худалдаж авдаг манай улс энэ жил 120 сая орчим ам.долларыг эх орондоо үлдээх боломж бүрдүүлсэн гэсэн үг юм.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Зүүнбаян-Цогтцэций чиглэлийн төмөр замаар 47 мянга гаруй тн нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэжээ DNN.mn

Монголын төмөр зам ТӨХК нь стратегийн томоохон орд газруудад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, бүс нутагт шатахуун хүргэж, Зүүнбаян-Цогтцэций чиглэлийн төмөр замаар энэ оны 4 дүгээр сараас хойш нийт 47 779 тн нефтийн бүтээгдэхүүн тээвэрлээд байна.

Тус компани Зүүнбаян-Цогтцэций чиглэлд 5 вагон буюу 325 тн аммонийн нитратийн тээврийг 12 дугаар сарын 3-нд амжилттай зохион байгуулсныг Монголын төмөр зам ТӨХК мэдээлэв.

Зам, тээврийн хөгжлийн сайд, Тагнуулын ерөнхий газрын даргын хамтарсан тушаалд “Төмөр замаар аюултай ачаа тээвэрлэх, ачиж буулгах, хадгалах журам”-ын “Төмөр замын байгууллага нь орон нутгийн харилцаанд төмөр замын аюултай ачаа ачиж буулгах ажиллагаанд нээхэд химийн хорт, аюултай бодисыг импортлох, ашиглах, хадгалах, тээвэрлэх зөвшөөрөл бүхий зам талбай эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн нутгийн захиргааны байгууллагатай зөвшилцөн тогтоож, олон нийтэд зарлана” гэж заасны дагуу энэ оны 10 дугаар сарын 10-нд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын Цогтцэций өртөөг аюултай ачаанд нээлттэй өртөөгөөр зарлажээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Нийслэлийн 2024 оны төсвийг баталлаа DNN.mn

НИТХ-ын ээлжит XX хуралдаан болж, нийслэлийн 2024 оны төсвийг баталлаа. Нийслэлийн 2024 оны төсөвт нийт 2.6 их наяд орчим төгрөгийн орлого төвлөрүүлэхээр, урсгал зардалд 1.1 их наяд орчим төгрөг төсөвлөсөн. Мөн улсын төсөвт 230.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр баталлаа. Төсвийн нийт орлогыг 2.6 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн нь 2023 оны баталсан төлөвлөгөөнөөс 652.8 тэрбум төгрөгөөр буюу 33.5 хувиар, хүлээгдэж буй гүйцэтгэлээс 598.5 тэрбум төгрөгөөр буюу 29.9 хувиар өссөн дүнтэй байна. Төсвийн орлогын 93.1 хувийг татварын орлогоор, үлдсэн хувийг татварын бус орлогоор бүрдүүлнэ.

Хөрөнгө оруулалтын зардалд нийслэлийн нутгийн захиргааны 56 байгууллага болон иргэд, аж ахуй нэгжээс 3.4 их наяд төгрөгийн хүсэлт бүхий 912 төсөл, арга хэмжээний санал ирүүлсэн. Эдгээрийг нийгэм, эдийн засгийн ач холбогдлоор нь эрэмбэлж, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 979 тэрбум, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 19.1 тэрбум, нийт 998.1 тэрбум төгрөгийн 214 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх юм.

Төсвийг дараах үндсэн бодлого, чиглэлийг баримталж боловсруулсан байна. Тодруулбал,

  • Агаар орчны бохирдлыг бууруулж, гэр хорооллыг орон сууцжуулна.
  • Улаанбаатар хотын нийтийн тээврийн чанар, стандартыг сайжруулан, багтаамж ихтэй шинэ төрлийн нийтийн тээврийн хэрэгслийг үйлчилгээнд нэвтрүүлж, авто замын түгжрэлийг бууруулахад нөлөө үзүүлэх холбоос замуудыг  нэмэгдүүлнэ.
  • Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэн хотын эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлнэ.
  • Өнгөрсөн он жилүүдэд эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлж дуусгаснаар нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх юм.