Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Чанаргүй зээл 2.2 их наяд төгрөг болжээ DNN.mn

Нийт зээлийн өрийн үлдэгдэл 26.9 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 4.2 их наяд төгрөгөөр буюу 18.5 хувь өссөн. Иргэдийн зээлийн өрийн үлдэгдэл 3.8 их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна. Хувийн байгууллагын зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 441.9 тэрбум төгрөгөөр өсжээ.

Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 57.9 хувь нь иргэдийнх, 41.1 хувь нь хувийнх, 0.4 хувь нь төрийнх, 0.6 хувь нь санхүүгийн болон бусад байгууллагынх байгаа юм.

Нийт зээлийн өрийн үлдэгдлийг зээлийн ангиллаар нь авч үзвэл:

  • 87 хувийг хэвийн зээл
  • 5 хувийн анхаарал хандуулах зээл
  • 8 хувийг чанаргүй зээл тус тус эзэлж буй.

Чанаргүй зээл 2.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 187.9 тэрбум төгрөгөөр буюу 7.9 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан.

Categories
мэдээ эдийн-засаг

Мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 29.4 хувиар өсчээ DNN.mn

Мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг бүрдүүлж буй гадаад цэвэр актив өмнөх оны мөн үеэс 10.4 дахин өсжээ.

11 дүгээр сарын эцсийн байдлаар мөнгөний нийлүүлэлт 35.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 29.4 хувиар өссөн байна. Төгрөгийн харилцах 38.9 хувиар, валютын харилцах 49.3 хувиар, төгрөгийн хадгаламж 29.2 хувиар өссөн нь нийт мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг бүрдүүлж байна.

Мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг бүрдүүлж буй гадаад цэвэр активын хувьд өмнөх оны мөн үеэс 10.4 дахин өсөхөд гадаад валютын албан нөөц бараг хоёр дахин нэмэгдсэнтэй холбоотой аж.

Бодлогын хүү сүүлийн 12 сар дараалан 13 хувьд хэвээр хадгалагдаж байгаатай зэрэгцээд банкны салбараас аж ахуйн нэгжид олгох зээл олголт харьцангуй буурч байгааг Төв банк онцолж байлаа. Тодруулбал: 11 дүгээр сарын эцсийн байдлаар дотоод цэвэр актив 27.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 0.7 хувиар өссөн бол өмнөх оны мөн үеэс 4.9 хувиар өссөн байна.

Хэдийгээр зээлийн жилийн өсөлт 18.5 хувьтай байгаа ч хувийн байгууллагад олгосон зээл 4.2 хувиар өсжээ. Харин иргэдэд олгосон зээлийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 32.4 хувиар өссөн байна.

Арилжааны банкнуудын зээлийн төлөвийн түүвэр судалгаанаас харахад ирэх гурван сард зээлийн эрэлт нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Үүнийг дагаад том болон дунд банкнууд нийлүүлэлтээ бага зэрэг нэмэгдүүлэх бол жижиг банкнууд хэвээр хадгалах төлөвтэй байгаагаа илэрхийлжээ.

2023 онд Төв банкны үнэт цаасанд байршуулсан эх үүсвэрээс хүнсний аж ахуй эрхлэгчдэд зээл олгож байгаа бөгөөд 2024 онд ч үргэлжлүүлэн олгох асуудал УИХ-аар яригдаж байна. Хэдий тийм боловч энэ нь арилжааны банкаар дамжиж буй тул зээлийн нөхцөл шалгуурын хувьд бизнесийн зарчмаар явагдаж байгааг Монголбанк онцоллоо.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Экспорт 13.8 тэрбум ам.доллар, импорт 8.4 тэрбум ам.доллар болжээ DNN.mn

Монгол Улс 2023 оны эхний 11 сард нийт 162 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 22.2 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 13.8 тэрбум ам.доллар, импорт 8.4 тэрбум ам.доллар болж, тэнцэл 5.4 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2 (16.6%) тэрбум ам.доллароор, экспорт 2.7 (23.9%) тэрбум ам.доллароор, импорт 503.2 (6.4%) сая ам.доллароор, тэнцэл 2.2 (65.9%) тэрбум ам.доллароор тус тус өсчээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Монгол Улсын гавьяат уурхайчин, зөвлөх инженер Ч.Энхбаяр: Таван толгойн ордоо түшиглэсэн шинэ технологийн цогцолбор байгуулах хэрэгтэй DNN.mn

Хүдэр-Эрдэнэ” ХХК-ийн уул уурхайн зөвлөх, Монгол Улсын гавьяат уурхайчин, зөвлөх инженер Ч.Энхбаяртай ярилцлаа.


-Та бол Монголын уул уурхайн нэртэй инженерүүдийн нэг. Таван толгойн нүүрсний уурхайн дарга байсан хүн. Шууд албан ажил ярихын өмнө эхлээд төгссөн сургууль, хаанаас ажлын гараагаа эхэлснийг тань сонирхъё?

-1980 онд тухайн үед МУИС-ийн харьяа Политехникийн сургуулийн уул уурхайн ангийг уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн. Анхны томилолтоо Хэнтий аймгийн Чандган талын нүүрсний уурхайд уулын мастерын ажлаар эхэлсэн. Гомбожав ахлагчтай Улсын чанарын бригад мундаг хамт олон хүлээж авсан. Өдий зэрэгтэй уулын инженер болоход тухайн хамт олон нөлөөлсөн

Дараа нь Түлш эрчим хүчний яамны харьяа Нүүрсний үйлдвэрийн нэгдэлд чанар хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажилласан. Мөн 1982 оноос Эрчим хүч геологи, уул уурхайн сайдын багт ажилласан. Сайд нь Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай. Энд ажиллахдаа түлш эрчим хүчний салбарын шинэ техник, технологийн асуудлыг хариуцан шинэ бүтээл оновчтой санал буюу ШБОС 1984, 1986 улсын уралдаануудад салбараа сайн зохион байгуулсан амжилтаар шалгарч байсан. Нүүрсний салбараас гадна эрчим хүчний салбарын хамт олны бүтээсэн шинэ бүтээлүүдийг үзэсгэлэнд тавих зэргээр олонд хүргэж байсан. Энэ бүхэн маань инженер хүний сэтгэлгээг сайжруулахад туршлага хуримтлуулж, цаашдын ажилд маань тус дөхөм болсон гэж боддог. Ингээд 1986 онд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Таван толгойн нүүрсний уурхайд уурхайн даргаар томилогдсон. Орон нутгийн жижиг Таван толгой гэж хүмүүс ярьдаг. Би болохоор ууган уурхай гэж гэж хэлэх, ярих дуртай. 1966 онд байгуулагдсан манай ууган уурхай яах аргагүй мөн. Миний бие 20 жилийн ойгоо хийх жилд нь очиж байсан.

-Тухайн үед Таван толгойн уурхай ямархуу байдалтай байв. Мэдээж нүүрсээ гадагш нь экспортод гаргадаггүй байсан?

-Өмнөговь, Дорноговь, Дундговийн нүүрсний хэрэгцээг хангадаг байсан. Мэдээж экспортод нүүрс гаргаж байгаагүй. Зөвхөн дотоодынхоо хэрэгцээг хангана. Шарын гол, Налайх, Багануур зэрэг том уурхайнууд цахилгаан станцууддаа нүүрсээ өгнө. Аймаг бүр нэг нэг уурхайтай байсан тийм л үе. Манай уурхай 40 гаруй ажилчидтай. Цогтцэций сумын харьяа Тавантолгой баг гэж байсан. Би долоон жил даргаар нь ажилласан. Хамт олонд өмчийг нь шилжүүлж байх тэр цаг мөчид ажиллаж байлаа. Би бол Таван толгойгоор овоглодог хүн. Уг ордын хайгуулын ажлыг дуусгахад манай гэр бүлийн хүн Б.Энхтуяа геологи хайгуулын ажилтан нь байсан. Манай хүн чинь Политехникийн дээд сургуулийн геологийн ангийг төгссөн. Сонирхуулахад, Цогтцэцийд байхад гурав дахь хүүхэд маань тэнд төрсөн. Өнөөдөр геологийн мэргэжил эзэмшээд Канадын Альбертын их сургуульд техникийн магистр хамгаалаад тэнд амьдарч байна. Тэгэхээр манай гэр бүл яах аргагүй ууган Таван толгой уурхайтай салшгүй холбоотой.

-Таныг Таван толгойд байхдаа 10 сая тонн нүүрс олборлох үйлдвэрийн зураг төслийг хийсэн. Даанч тэр үйлдвэр цаг үеийн нөхцөл байдлаас болоод зогссон гэж уурхайнхан ярьдаг. Энэ ямар учиртай юм бэ?

-Таван толгойн орд их онцлогтой. Коксжих нүүрсний орд шүү дээ. Тиймээс хүнд үйлдвэр, металлбургийн үйлдвэрийн түүхий эд, ган боловсруулах үйлдвэрийн түүхий эд болдог. Намайг удирдаж байх үед Таван толгойн ордыг ашиглах, нүүрсийг нь экспортод гаргах хэлэлцээрийн ажил явагдаж байсан. Миний бие тэр ажилд гар бие оролцож байснаараа бахархдаг. Жилдээ 10 сая тонн нүүрс олборлон борлуулах кокс хиймийн үйлдвэрийн зураг төслийг Ленинградын олон улсад алдартай зураг төслийн байгууллагаар хийлгэсэн. Уг төслийн багийнхан Монголд байсхийгээд ирдэг, бид хүлээж авч уулзана. Үйлдвэрээ Таван толгойд байгуулахаар ажиллаж байсан. Хэрвээ тэр үйлдвэр байгуулагдсан бол Хоёр дахь Эрдэнэт байх байлаа. Даанч 1990 онд нийгэм задраад, ЗХУ улс задраад, Сээв задраад, үндсэндээ 1992 оноос 2012 он хүртэл 20 жил энэ төсөл зогссон. 10 сая тонн нүүрс олборлон борлуулаад Солонгос руу, Хятад руу гаргах төсөл байсан.

-Сүүлд Эрдэнэс Таван толгой компани байгуулагдахад та уурхайн газрынх нь захирал байсан гэдэг байх аа?

-Тийм ээ. 2011 онд Эрдэнэс таван толгой гэж байгуулагдахад уул уурхайн газрынх нь захирлаар ажиллаж, Монгол Улсын анхны төрийн өмчит хувьцаат компанийн тулгын чулууг тавилцаж байсан. Мөн анхны сая тонн нүүрс олборлох, экспортлох уурхайг нээх ажлыг удирдан зохион байгуулж, өөрийн хувь нэмрээ оруулсан. Үндсэндээ “Эрдэнэс таван толгой” компанийн “Чалко” компанитай хийсэн гэрээний дагуу нүүрс экспортлох ажлыг зохион байгуулж, анхны хөрс хуулалт, анхны сая тонн нүүрс гаргах ажлыг зохион байгуулсан. Тэгэхэд “Эрдэнэс таван толгой” компанийн захирал нь Б.Энэбиш, уурхайн дарга нь Нацагдаш, Батсайхан гэж хүмүүс байсан. Би бол Улаанбаатар хотод уурхай хариуцсан газрын захирал нь байсан. Жил гаруй хугацаанд ажиллаад 2012 оны сонгуулийн дараа улс төрийн шалтгаанаар ажлаа өгсөн. 2012 оноос “Хүдэр-эрдэнэ” компанид 10 гаруй жил уул уурхай хариуцсан зөвлөхөөр ажиллаж байна. Миний үндсэн үүрэг бол уулын ажлыг технологийн горимын дагуу явуулах, энэ салбарын эрхзүйн орчинг хэрэгжүүлэх, дотоод хяналтыг зохион байгуулах, дээр нь төрийн захиргаа болон орон нутгийн байгууллагатай харилцах төлөөллийг гүйцэтгэж байгаа. Манай компани Төв аймгийн Сэргэлэн суманд үйл ажиллагаа явуулсан, алтны шороон орд ашигладаг уурхай. Би өмнө нь голдуу нүүрсэнд ажиллаж байсан бол 2012 оноос хойш өнгөт металлын чиглэл рүү ажилласан. Алтаа аваад эрдэнэсийн санд тушаана. 1994 онд “Алт” хөтөлбөр байгуулагдахад манай компани анх байгуулагдаж байсан. 2012 оноос хойш нийтдээ есөн тэрбум орчим төгрөгийн борлуулалтын орлого хийсэн. Монголбанкны эрдэнэсийн санд ийм хэмжээний алт олборлож борлуулсан байна. “Хүдэр-Эрдэнэ” компанийн үндсэн алтны нөөц дууссан. Үүсмэл орддоо дахин нөөц оруулаад, урьд ашиглан технологийн хаягдлаар үүссэн овоолго дээр байгаа хайргыг нь ашиглах гэж байгаа. Туул голын хайргыг ашиглахгүй гэдэг ч юм уу байгалийн хохирол гараад байгаа учраас нэгэнт ашиглачихсан хайргыг барилгын материал ашиглах зорилгоор дахин боловсруулж кварцлаг 05 зуурмагийн үндсэн түүхий эд болсон 05-ын угаасан хайрга нийлүүлэх технологийн шинэчлэлт хийгээд явж байна. Бид уурхайг хаах хаалтын менежментийнхээ хүрээнд ашигт малтмалыг иж бүрэн ашиглах гэдэг нэрэн дор технологийн инженерүүдийн хувьд ийм ажлыг хийж байна. Өөрөөр хэлбэл, шороон ордын хааалтын менежмэнтийн үлгэр жишээ болохуйц технологи нэвтрүүлж байна.

-Таван толгойн уурхайтай холбогдуулж дахиад асуухад, эцсийн бүтээгдэхүүн гаргаж байсан, одоогийнхоор боловсруулах үйлдвэрийн суурийг тавьж байсан гэх яриа бас байдаг?

-Шуудхан хэлэхэд, орон нутгийн гээд байгаа Таван толгойн уурхайд ажиллаж байхдаа бид эцсийн бүтээгдэхүүн гаргаж байсан. Тодруулбал, 1990, 1991 онд Эрчим хүчний харьяа эрдэм шинжилгээний институтийнхэнтэй хамтраад анхны кокс гэдгийг гаргаж байлаа. Өнөөдөр Монголд утаагүй түлш кокс хэрэгтэй байна, шахмал түлш буруу байна гээд яриад байна. Одоогийн энэ коксжих нүүрсийг хятадууд аваад, коксын үйлдвэрт боловсруулаад утаагүй, ган боловсруулахад зориулсан өндөр чанарын кокс бэлдэж байгаа. Бид тухайн үед Хятадаас хүн авчирч кокс хийгээд Хөтөлийн эрдэс хөвөнгийн үйлдвэрт коксыг нь өгч байлаа.

Эрдэс хөвөнгийн үйлдвэр чинь одоогийн Монгол базальт. Тэд коксоо оросоос авдаг байсан. Мөн бид Төмөр замын депогийн ширмийн үйлдвэрт мөн кокс өгч байсан. Тэд ширмээ хайлуулаад мөн л оросоос өндөр үнээр коксоо авч байсан. Ингэж Таван толгойн нүүрсний уурхайд анх удаа нүүрсийг түлэх зориулалтаар биш эцсийн бүтээгдэхүүн гаргаж одоогийнхоор боловсруулах үйлдвэрийн эх суурийг тавьж байсан. Би ганцаараа энэ ажлыг хийгээгүй. Эрчим хүчний яамны харьяа институт, бусад эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэд оролцож Монголд анх удаа кокс үйлдвэрлэж байсан. Хэрвээ түүнээ өргөтгөөд явсан бол өнөөдрийнх шиг шахмал түлш биш шууд утаагүй түлш гарах байсан.

-Тэгэхээр та бүхэн чинь тэртээ ерээд оны эхээр утаагүй түлш хийж байсан бус уу?

-Бид ерөөсөө л хагас боловсруулсан. Манайх өнөөдөр хагас боловсруулж гаргаагүй. Юун утаагүй түлш байхав, зүгээр сайжруулсан түлш. “Энержи ресурс”-ын баяжуулаад коксжих хэсгийг нь ялгаад 7000-гаас дээш илчлэгтэй эрчим хүчний нүрсний нунтгаараа үлдчихэж байгаа нүүрсийг нааш нь зөөш авчираад барьцалдуулагч бодистой холиод зүгээр шахмал түлш болгож байгаа. Ямар нэгэн дулааны химийн боловсруулалт байхгүй. Бидний анх сэдсэн хагас кокс чинь дулааны боловсруулалт хийсэн. Тэгэхээр мөнгөлөг цагаан кокс гарна, тэр нь утаа тортог байхгүй. Нэг хэсэг утаагүй болчлоо, утааг дийллээ гээд жигтэйхэн юм болсон доо. Тэр чинь яг жинхэнэдээ бол “Энержи ресурс”-ын баяжуулах үйлдвэрийн хашаан дахь нүүрс олон жил урагшаа заръя гэхээр хятадууд авахгүй, ингээд нийгмийн хариуцлагын хүрээнд улсад үнэгүй өгье гэсэн байх. Дөрөв, таван жил хадгалагдсан ямар нэгэн чийггүй хуурай нүүрсийг эхний хоёр жил ашигласан. Харин дараа нь баяжуулах үйлдвэрээс гарсан маш их чийгтэй нүүрсийг авчрахаар утаа гаралгүй яахав. Дээрээс нь Таван толгойн нүүрс чинь өөрөө нэлээн хүхэртэй. Шаталтынхаа явцад хүхрийн хийн нэгдэл үүсгэнэ. Янз бүрийн үнэр гараад байгаа чинь үүнтэй холбоотой. Таван толгойн нүүрс бол илчлэгийн хувьд маш сайн. Тиймээс бид Таван толгойгоо түшиглэж дулааны цахилгаан станц барих ёстой. Таван толгойн ордын 53 хувь нь коксжих нүүрс байгаа. 7.7 тэрбум тонн нүүрсний 3.5 тэрбум тонн нь коксжих нүүрс байгаа. Тэрийг мэдээж хятадууд авна. 3.3 тэрбум тонн нүүрс нь гангийн үйлдвэрийн өндөр чанарын кокс болно. Түүнийг бас хятадууд сонирхоно. Цаана нь үлдэж байгаа гурван тэрбум тонн нүүрс чинь өндөр чанарын илчлэгтэй нүүрс үлдэж байгаа. Үүгээр цахилгаан дулаанаа үйлдвэрлэж дулааны цахилгаан станц барих ёстой. 2012 онд дулааны цахилгаан станц барих ерөнхий төлөвлөгөө гарч байсан. Өөрсдөө хөрөнгөө гаргаад барья гэдэг яриа хүртэл гарч байсан. Бүр газраа товлоод явж байсан удаа бий. Гэвч баригдаагүй.

-Яагаад баригдаагүй юм бэ. Ер нь манай усан цахилаан станцууд, дулааны цахилгаан станцууд, за тэгээд төмөр гээд стратегийн гол ажлууд яагаад ингээд гацдаг юм. Үүнийг та юу гэж харж байна?

-Би бодохдоо улс төрийн шалтгаан гэж хардаг. Намууд бие биенээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Хоёр намын хоорондын энэ асуудал улс орны хөгжилд асар муу. Түрүү жилд нь засаг барьж байсан намын дөрвөн жилд ярьсан юмыг дараагийн нам, шинэ засаг гарч ирээд шууд зогсоодог. Өөр юм ярьдаг. Төмөр зам хүртэл ийм шүү дээ. 2011 онд “Энержи ресурс” концессын гэрээгээр нарийн царигтай төмөр зам барьчихъя гэхэд заавал өргөн царигаар явуулна гээд 10 жил зогсоосон. Үүнийг би ганцхан Х.Баттулга гэж харахгүй байна. Эдийн засгийн сонирхол, зөрчилдөөн гэж харж байна. Манай салбарын бүхий л инженерүүд нэгэнт ийм сайн илчлэгтэй нүүрсээ олборлож байгаа юм чинь үүн дээрээ түшиглээд дулааны цахилгаан станц барья гэсэн бодолтой байгаа. Зөвлөх инженерийн хувьд зураг төсөл боловсруулсан байгууллагуудаараа дамжуулаад станцтай болохыг хэлдэг.” Энержи ресурс” 12 мвт-ын дулааны цахилгаан станц барьчихсан. Тэр бол ерөнхийдөө бага. 250 мвт-ын станц барьж байж төвийн эрчим хүчинд нэмэр болно. Манайд 15, 16 уурхай байна. Хөшөөтийн уурхай, Таван толгой, Гурвантэсийн бүлэг ордууд, “Энержи ресурс”, мөн Хөвсгөлийн Могойн голын уурхай байна. Энэ хэдээ түшиглэсэн станцууд бий болгох хэрэгтэй. Могойн голын нүүрсний уурхайн илчлэг их өндөр, тиймээс дулааны цахилгаан станц барих бүрэн бололцоотой. Тэгж байж бид бусдаас хараат бус өөрийн эрх мэдэлтэй, тусгаар улс байх болно. Ганцхан жишээ хэлэхэд, Оюу толгой компани цахилгаанаа Хятадаас авч байна. Хятадаас цахилгаанаа авахын оронд ердөө хажууханд нь 240 км-т байгаа Эрдэнэс таван толгойд станцаа бариад Оюу толгойнхоо цахилгааныг хангах учиртай. Адаглаад эрчим хүчний тэр их мөнгөний урсгал Монголдоо орно. Үүнийг шийдчих бүрэн боломжтой.

-Таны ярианаас анзаарахад утаагүй түлш гаргах бүрэн бололцоотой санагдаад байх юм?

-Нэгэнт угаах үйлдвэр бариад коксжих нүүрсийг нь экспортод өгчихлөө. Өндөр энергийн нүүрсний заримыг нь дулаан цахилгаан болгож үйлдвэрлэнэ, заримыг нь дулаан боловсруулалт хийж утаагүй түлшээ гаргаж авах ёстой. Дулаан боловсруулалт хийхэд мэдээж тодорхой хэмжээний кокс байна, түүнээс коксын давирхай гэдгээ гаргаж авна. Коксын давирхайгаас 300 нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаж авдаг. Намайг Таван толгойн уурхайн даргаар ажиллаж байхад Ерөнхий сайд Думаагийн Содном гуай байсан. Содном гуай Ардчилсан Солонгос руу гурван вагон нүүрс химийн үйлдвэрт нь явуулж байсан. Тэгж туршилт хийлгэж байсан. Тэр үед гол хэрэглэгч Солонгос гэж үзэж байсан. Оросоор дамжуулаад Ардчилсан Солонгос руу явуулна. Хойд Солонгосын удирдагч Ким Ир Сен хүртэл манайд ирж байсан. Таван толгой руу төмөр зам байхгүй учир, тийшээ очиж чадаагүй байдаг. Хуучин ийм л төлөвлөгөөтэй байсан. Тэгэхээр одоо нүүрсээ ашиглаад, угаах үйлдвэр, баяжуулах үйлдвэрээ стандартын дагуу бариад ажил өрнөөд эхлэх юм бол нийт олборлосон нүүрсний чинь 50 хувь нь экспортод гарна. 50 хувь нь үлдээд байгаа. Түүнээ нааш нь зөөж Хятадын эрдэнэ шишний цардуулаар барьцалдуулсан болоод сайжруулсан түлш гэж өөрсдийгөө хуурахын оронд дулааны боловсруулалт хийгээд утаагүй түлшээ гаргая, утаагүй түлшний үйлдвэрээ барья. Дулааны станцаа бариад дулаан цахилгаанаа үйлдвэрлэе. Үндсэндээ Таван толгойн ордоо түшиглэн шинэ технологийн иж бүрэн цогцолбор байгуулах хэрэгтэй. Уул уурхайн инженерийн хувьд ийм бодолтой явдаг.

Биднийг удирдаж байгаа эрхмүүд бүгдээрээ л монгол хүмүүс. Гэвч Монголынхоо төлөө нэгдэж чадахгүй байгаад би харамсдаг. Нэг нь нэг бүтээн байгуулалт эхлүүлэхээр тэрний юм, энэний юм, тэр намынх, энэ намынх гээд дандаа тээг саад хийдэг. Бөөрөлжүүтийн рашааны тийшээ станц баригдаж байгаа. Миний сонссоноор Ш.Сайхансамбуугийнх гэсэн. Ер нь хэнийх байх нь хамаагүй. Улс орны хөгжилд хувь нэмрээ оруулж байвал болох нь тэр. Гэтэл Сайхансамбуугийнх юм чинь, Женкогийнх юм чинь гээд зогсоож болохгүй. Манай улстөрчид, эрх мэдэлтэй хүмүүс ийм байдлаар бие биенээ үрсээр байгаад ирлээ. Үүнийгээ одоо болих хэрэгтэй. Үр нөлөөг нь ард түмэн л амсаж байна. 2006 онд Цайдам нуурын Төгрөгийн орд дээр утаагүй түлш бэлдэнэ гээд Женкогийн уурхай ажлаа эхэлж байсан. Гэтэл Женко тус уурхайгаа бирж дээр зарчихсан байдаг. Уурхайгаа зарж болно утаагүй түлшнийхээ үйлдвэрийг ажилд оруулсан бол аль тэртээ 20-иод жилийн өмнө утааны асуудлыг цэгцлэх байлаа. Намуудын бүлэглэл эрх ашгаас болоод ийм ийм харамсмаар юмнууд зөндөө байх юм. Төмөр замын асуудал гэхэд юу болсныг бид бүгд мэдэж байгаа. Нарийн цариг бүдүүн цариг гээд улстөрчид зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийн үүднээс ярьсан. Эцэст нь манайх эдийн засгаараа хохирсон. Өнөөдөр хэдэн мухар төмөр зам тавьчихаад яахаа мэдэхгүй байж байна. Манайхны барьсан төмөр зам Гашуун сухайт дээр очоод Хятадын төмөр замтай яаж нийлэх юм, мэдэхгүй.

-Өнгөрсөн онд уул уурхайн салбарын 100 жилийн их ой тохиож уг ойгоор та Монгол Улсын гавьяат уурхайчин болсон. Удахгүй уурхайчдын баяр тохионо. Таны хувьд удамж дамжсан уурхайчин гэдэг. Ярианыхаа төгсгөлд аавын тань тухай асууя?

-Эрдэс баялгийн салбарт үе удам дамжиж ажилласан гэр бүлээс гаралтай гэж би өөрийгөө хэлэх дуртай, мөн үүгээрээ бахархдаг. Манай аав Цэрэндоржийн Чүлтэмжамц Төв аймгийн Лүн сумын хүн. Чойрын геологийн удирдах газар ангийн дарга, ерөнхий нягтлан бодох ажлуудыг хийж байсан. Өмнө нь Бага газрын чулуу, Зүүн Цагаан дэлийн хайлуур жоншны хайгуулын ангийн дарга байсан. Ингэж миний бие бага балчраасаа аавыгаа дагаж уул уурхай эрдэс баялгийн мэдлэг олж авсан. Аавын минь үеийн ахмадууд гэвэл Хөдөлмөрийн баатар Чойжингийн Хурц гуай байна. Геологи уул уурхай үйлдвэрийн яамны сайд байсан. Хурц сайдын харьяанд аав Чойрын геологийн экспедицийн ерөнхий нягтлан байгаад дараа нь Хар айргийн жоншны уурхайн жолооч болсон. Үүнийгээ найман хүүхдээ тэжээхийн тулд амьдралын шаардлагаар албан ажлаа жолоочоор сольсон гэж хэлдэг байв. Ингэж геологи эрдэс баялгийн төлөө нэгэн насны амьдралаа зориулсан гэр бүлд төрж өссөн. Ер нь геологийн ажил шинжлэх ухааны судалгааны ажил. Хэдийд үүссэн орд уу, ямар эрдэс агуулж байна гэж үздэг. Үүнээс үндэслэн ул орон цагаан тугалгыг нь, алтыг нь, жоншийг нь ашиглая гэдгээ шийдвэрлэдэг. Манайх шиг эрдэс баялаг уул уурхайгаасаа хамааралтай эдийн засагтай орон бол геологийн судалгааны ажлын үр дүнгээр хөгжлийн чиг баримжаа гарна. Миний бие уул уурхайн инженер хүн ч гэсэн геологийн судалгааны ажлыг тууштай явуулах ёстой гэж боддог. Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 30 гаруй хувьд нь судалгаа хийсэн байдаг. Тэгэхээр Монгол Улс ирээдүйд ямар малтмал дээрээ тулгуурлаж хөгжих үү гэдгийг геологийн судалгаа хэлж өгөх учиртай. Ингээд ярианыхаа төгсгөлд хэлэхэд, жил бүрийн арванхоёрдугаар сарын 25-ны өдөр уурхайчдын баярын өдөр болдог. Уг өдрийг угтан орчин үеийн уул уурхайн салбар үүсч хөгжсөний 101 жилийн ойг тохиолдуулж Монгол Улсын хөгжил дэвшлийг нуруундаа үүрч нийт уурхайчиддаа баярын мэнд хүргэе.

Ярилцсан  Н.Гантулга

 

Categories
мэдээ эдийн-засаг

Мөнгөний бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гарлаа DNN.mn

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2023 оны арванхоёрдугаар сарын 13, 14-ний өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.

Үүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг хүргэв.

Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр нь инфляцыг зорилтот түвшин рүү хурдан бууруулж, тогтворжуулах, макро эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилттой нийцэж байгаа болно. Жилийн инфляц 2023 оны арваннэгдүгээр сард улсын хэмжээнд 8.6 хувь, Улаанбаатар хотод 9.4 хувьтай гарав.

Нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлт тогтворжиж, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш жилийн өмнөх түвшнээс чангарч, гадаад үнэ болон тээврийн зардлын өсөлт саарч байгаагаас гадна сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээ үр дүнгээ өгснөөр инфляц ийнхүү буурлаа.

Гэвч төсвийн зардлын өсөлт, тэр дундаа цалин, тэтгэврийн өсөлт ирэх онд үргэлжлэхээр байгаа нь эрэлтийн талын нөлөөг нэмэгдүүлж байна. Нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээнд хүрч, эдийн засгийн өсөлт энэ оны эхний гурван улиралд хүлээлтээс өндөр гарлаа. Уул уурхайн салбарын сэргэлтийг дагаад тээвэр, худалдаа, үйлчилгээний салбарын үйлдвэрлэл идэвхэжсэнээс гадна бодит орлогын өсөлтийг даган өрхийн хэрэглээ үргэлжлэн сэргэж байна. Цаашид уул уурхайн үйлдвэрлэл сайжирч, төсвийн зардал тэлэхээр байгаа нь эдийн засгийн өсөлтийн төлөвт эерэгээр нөлөөлнө.

Ойрхи-Дорнодод үүссэн хурцадмал байдал нь глобал эдийн засгийн эрсдэл, тодорхой бус байдлыг нэмэгдүүллээ. Дэлхийн болон БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарах, тэр дундаа БНХАУын үл хөдлөх хөрөнгийн салбарт үүсээд буй хүндрэл үргэлжлэн эрдэс түүхий эдийн үнэ цаашид буурах, гадаад эрэлт энэ оноос саарах эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчин болон инфляцын төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч бодлогын дараагийн алхмыг авч хэрэгжүүлнэ гэжээ.

 

Эх сурвалж: Монголбанк

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол Улсын нийт гадаад өр 34 тэрбум ам.доллар болжээ DNN.mn

Оны эхний есөн сард Засгийн газрын өр өмнөх оны мөн үеэс 2.4 хувиар өсөж, 30.8 их наяд төгрөг болжээ.

2023 оны эхний есөн сард Монгол Улсын нийт гадаад өр 34 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 4.5 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Үүнд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг өмнөх оны мөн үеэс 15.2 хувиар, Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 19.3 хувиар, Засгийн газрынх гурван хувиар өссөн нь нөлөөлсөн байна.

Нийт гадаад өрийн дийлэнхийг буюу 41.2 хувийг шууд  хөрөнгө  оруулалт,  компани хоорондын зээллэг эзэлж байгаа аж.

Засгийн газрын нийт өр 2023 оны эхний есөн сард 30.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 711.1 тэрбум төгрөг буюу 2.4 хувиар өсчээ. Үүний 94.9 хувийг гадаад өр, үлдсэнийг дотоод өр, өрийн баталгаа, барих-шилжүүлэх төрлийн концесс эзэлж байна.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үеэс 35 сая тонноор өсчээ DNN.mn

Экспорт 2023 оны эхний 11 сарын байдлаар 13.8 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 2.7 тэрбум ам.доллароор нэмэгджээ.

Түүнчлэн нүүрсний экспортын биет хэмжээ түүхэн дээд түвшин буюу 62.7 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 35 сая тонноор өсчээ.

Ашигт малтмалыг нээлттэй борлуулах хүрээнд уул уурхайн биржийн тогтолцоог нэвтрүүлж, 2023 оны эхний 11 сарын байдлаар 11.5 сая тонн нүүрс, 552 мянган тонн төмрийн хүдэр, баяжмалыг тус тус нээлттэй арилжаалаад байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

С.Отгонгэрэл: Ер нь хувь тэнцүүлсэн системийнхээ тоог нэмж байж нутаг усны талцал, мөнгөний нөлөөллийг байхгүй болгоно DNN.mn

Хууль зүйн ухааны доктор, профессор С.Отгонгэрэлтэй ярилцлаа.


-Сонгуулийн бүсчилсэн тойрог байгуулах асуудал яригдаж эхэллээ. Судлаачийн хувьд та үүнийг юу гэж харж байна вэ?

үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 1д “УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. УИХын 78 гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” гэж заасан байгаа. Тэгэхээр тойргоо бүсчилнэ гэхээр энэ холимог тогтолцоог эвдэгдэх үү, үгүй юу гэдэг асуудал гарах байх. Харин Сонгуулийн тухай хуулийн 4.3.2-д “Улсын Их Хурлын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх /пропорционал/ аргаар” сонгоно гэж тодорхой бий. Өөрөөр хэлбэл, улс орон даяар нэг тойрог болчихож байгаа юм. Тэгэхээр холимог системийнхээ мажоритарыг дахиад бүсчлээд томсгох гээд байна уу гэж харж байгаа.

-Сонгуулийг томсгосон тойргоор явуулахын эерэг болон сөрөг тал нь юу вэ?

-Манайд байгаа сонгодог жишиг бол аймаг, аймгаараа л явна.

Аймаг дотроо жижигсгэсэн мажоратор систем юм уу, томсгосон юм уу гэдгийнхээ аль нэгээр нь явах байх. Тэгэхгүй бол хэтэрхий том тойрог болгоод бүсчлэхээр мажоритарын утга жинхэнэ алдагдана. Тэгээд ч Үндсэн хуульд “Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно” гэж байгаа.

-Сонгуулийн тойргийг томсгож бүсчлэх нь Монгол Улсын хөгжлийн гарц шийдэл юм биш үү?

-Бүсчилж болно. 21 аймгийг баруун, зүүн, өмнөд, хойд, төв гээд таван бүс болговол дөрвөн аймаг нийлээд нэг бүс болно гэсэн үг. Нэг бүсэд ойролцоогоор 15 гишүүн очиж өрсөлдөнө. Тэгэхээр анхнаасаа 78-ыгаа пропорциональ болгох хэрэгтэй байсан юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байхдаа сонгуулийн тогтолцоогоо ингээд шийдчихсэн бол асуудалгүй. 48-ыгаа мажоритар болгоод, 78-ыгаа пропорциональ болгох байжээ. Уг нь пропорционалиар олон хүн гаргаад, Монгол Улсаа жинхэнэ баруун зүүн бүс болгож 78-ыгаа өрсөлдүүлэх ёстой байсан юм. Эсвэл 2-3 аймгийг нэг бүс болгодог ч юм уу. Хэтэрхий том бүсчлээд явах юм бол холимог тогтолцооны олонхийн төлөөлөл алдагдчихна. Пропорциональ дээр хэрэглэдэг тогтолцоог мажоритар дээр оруулж ирэх гээд байна шүү дээ.

Манайх 18-хан хоног дотор сонгууль явуулах хуультай. Таван аймгийг бүсчилье гэж бодъё. Тэгэхээр энэ хугацаанд нэр дэвшигчид дөрвөн аймаг тойроод явж чадах уу. Энэ олон асуудал үүснэ. Хугацааны хувьд яасан ч амжихгүй.

-Хэрэв тойргоо томсгоод бүсчилчихвэл мөнгөний хамаарал, жалга довны талцлаас ангид болно гэж байгаа. Том зургаараа төсвийн үрэлгэн байдал арилж, Монгол Улс сэхээнээс гарна гэж байна шүү дээ?

-Ер нь хувь тэнцүүлсэн системийнхээ тоог нэмж байж нутаг усны талцал, мөнгөний нөлөөллийг байхгүй болгоно. Пропорциональ дотроо Монгол Улсыг дөрөв, таван бүсэд хувааж болно. Тэгэхэд намд санал өгч байгаа учраас намын жагсаалтад байгаа тухайн бүсчлэл дээр нэр дэвшигчдийг таних шаардлага байхгүй. Намаа сурталчлаад л тойроод явна гэсэн үг.

-Сонгуулийн тухай хуулиар хоёрдугаар сарын 1-нээс өмнө тойргийн асуудлыг тодорхой болгох тал дээр МАН санал нэгдсэн. Сонгуулийн тогтолцооны хувьд Үндсэн хууль зөрчих юм бол яагаад энэ асуудлыг хөндөж гаргав?

-Жижиг мажоритар руу явуулж байхаар том руу очиж буулгах гээд байгаа санаа гэж харж байна. “Жижиг мажоритароор явуулах нь дэмий юм байна. Иймд бүсчлэх ёстой” гэж үзэж байгаа бололтой.

-Улсын хөгжилд аль хувилбар нь илүү үр өгөөжөө өгөх вэ?

-Намынхаа нэрээр орж ирдэг гишүүдийнхээ тоог нэмж байж үр дүн гарна. Гэтэл манайхан эсэргээрээ олныг төлөөлөх мажоритар системийг 126-гийнхаа 78-аар эхэлж Үндсэн хуулиндаа хийчихээд одоо гэнэт ухаарсан юм шиг ярьж байгаа юм. Тухайн үед өөрийнхөө тойргийг өгөхгүйн тулд үхэн хатан Үндсэн хуулиндаа оруулж баталчихаад одоо болохоор логикийн зөрүүтэй асуудал яриад явж байна. Сонгууль хаяанд ирсэн богино хугацаанд бүсчлэх боломжгүй. Харин нэг аймгийг томсгосон тойргоороо явбал бодитой болно.

М.МӨНХЦЭЦЭГ

 

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ DNN.mn

“Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Засгийн газрын тогтоолын хүрээнд экспорт, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, гааль, татварын автомат бүрдүүлэлтийн систем бий болгох, хяналтыг сайжруулах, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж тодорхой үр дүнд хүрээд байна. Экспорт 2023 оны эхний 11 сарын байдлаар 13.8 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 2.7 тэрбум ам.доллароор нэмэгдлээ.

Түүнчлэн,нүүрсний экспортын биет хэмжээ түүхэн дээд түвшин буюу 62.7 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 35 сая тонноор өслөө. Ашигт малтмалыг нээлттэй борлуулах хүрээнд уул уурхайн биржийн тогтолцоог нэвтрүүлж, 2023 оны эхний 11 сарын байдлаар 11.5 сая тонн нүүрс, 552 мянган тонн төмрийн хүдэр, баяжмалыг тус тус нээлттэй арилжаалаад байна.

Улмаар, Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2023 оны арваннэгдүгээр сарын эцсийн байдлаар 4,3 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 1.4 тэрбум ам.доллароор өслөө. Цаашид Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангуулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих хүрээнд авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдийн талаар танилцууллаа.

Categories
мэдээ эдийн-засаг

100 мянган тонн улаанбуудай импортлохоор боллоо DNN.mn

Мах, ноолуур бэлтгэх аж ахуйн нэгжид зээл олгоход шаардагдах 280 тэрбум төгрөгийг арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлэхээр боллоо.

Зээлийн хугацааг 24 сар, хүүг нь жилийн зургаан хувь, зээлийн хүүгийн хөнгөлөлтөд улсын төсвөөс олгох татаасыг Монголбанкны бодлогын хүүтэй уялдуулан жилийн 13 хувиас хэтрэхгүй байхаар тооцож, батлагдсан төсөвт багтаан олгох, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг холбогдох хүмүүст даалгалаа.
Мөн бэлтгэж нөөцлөх махны чанар, аюулгүй байдал хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.

Нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан 8000.0 тн махыг бэлтгэн нөөцлөхөөс гүйцэтгэл 50-70 хувьтай байна.

Мөн хуралдаанаар гурилын гарц, чанарыг сайжруулах зорилгоор 100 хүртэл мянган тн улаанбуудай импортоор авахаар шийдвэрлэлээ.