Өдрийн сонины архиваас………..
Хүүхдийн мөнгийг хэзээ өгөх бол гэж нүдээ ширгэтэл царайчилсан хүүхдүүд, тэднээсээ дутахгүй хүлээсэн эцэг, эхчүүд Монголоор дүүрэн байна. Хүүхдийн мөнгө гэж чухам юу байв аа. Сонгуулийн амлалтаар хүүхдэд зориулж тэдэнд зориулж мөнгө өгөх тухай яриа гарсан нь улс төрийн намуудын сонгуульд ялах гэсэн тактик байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ цаг үеэ олсон нийгэмд хүлээгдэж байсан шийдвэр байсан нь амьдрал дээр тэр даруйдаа нотлогдож байв. Бүр улстөрчдийн тооцож төсөөлж байснаас илүү үр дүн гарсан. Гэр бүлд нь өөрийн гэсэн нэртэйгээр орлого орж ирдэг болсонд бяцхан жаалууд ямар их омог бардам, итгэл дүүрэн байсан гээч. Чөлөөт эдийн засагтай энэ нийгэмд эрх чөлөөний гол үндэс нь хувийн өмч. Хүүхдүүд өөрт нь нэрлэсэн мөнгөтэй болсон нь мөнгөө зөв зарцуулах, мөнгөтэй харьцах, хувийн эрх чөлөөг мэдэрч эхлэх том алхам байсан юм. Тэд “Би мөнгөөрөө ингэнэ. Би хүүхдийн мөнгөө авахаар тэгнэ” гээд хүүхэд насных нь хязгааргүй мөрөөдлийн орон зайд нь өвөрмөц нэгэн орд сүндэрлэж байлаа. Гэвч түүнийг нь биежиж бэхжиж амжаагүй байхад нь улстөржилтийн үрээр зэрэглээт Гандирс болгож орхичихов. Хүүхдийн мөнгийг олгож эхэлснээс хойш багачуудын сургууль завсардалт эрс багасч, цаг хугацаандаа вакцинд хамрагддаг болж, хамгийн сонин нь цөөхөн хүнтэй Монголд төрөлт эрс нэмэгдсэн сэн. Гурван жилийн өмнө төрөлт 56 мянга, дараа жил нь 63 мянга байсан бол өнгөрсөн жил 69 мянга болж нэмэгдэж байв. Бас энэ цаг дор хүүхэд үнэтэй болж эхэлж байсан юм. Гажуудалт нийгмийнхээ тусгал болсон үүргээ мэдэрдэггүй гажиг эцэг, эхчүүд хүртэл хаа байгаа асрамжийн төвүүдээс хүүхдээ эрж хайж олж эхэлсэн. Жаалууд өнөөдөр төрөөсөө мөнгө авч байгаа ч маргаашдаа өөрөө мөнгөө босгож чадах арга ухаанд суралцахын өдөөлт нь тэр хүүхдийн мөнгө болж байв.
Гэвч энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хүүхдийн гэх тодотголтой мөнгө алга болов. Уг нь нэг хүүхдэд сарын 3000, улирал бүрийн 25 мянган төгрөг гээд жилд 136 мянган төгрөг л өгдөг байсан юм. Гурван хүүхэдтэй айлын хувьд сар бүрийн 9000, улиралд 75 мянган төгрөг гээд жилд 408 мянган төгрөг өгдөг байв. Энэ нь хүүхдээ, гэр бүлээ дэмжиж өгч байгаа төрийн хэмжээний том бодлого байлаа. Гэвч ирээдүйн том бодлогоо бус харин улс төрийн намууд хүн бүрт өгнө гэж амласан мөнгөө өгөхийг урьтал болгосон. Томчууд амласныг нэхнэ, харин хүүхдүүд тэгж чадахгүй. Тиймээс хэл ам гаргадаггүй, харин өөрсдөд нь хүргэсэн тусыг уулсын оройгоос ч дээгүүрт боддог тэр амьтдын нэр дээрх мөнгийг дээрэмдчихсэн. Уг нь “Хүүхэд, нохойг баярлуулбал хамгийн том буян” гэдэг дээ. Бидний үргэлжлэл болсон хонгор бяцхан үрстээ хорьхон доллар өгчихөд болохгүй юун байх билээ. Хорин доллар бол хоолны ширээн дээр гарын мөнгө болгоод шиддэг тэр л халтар цаас шүү дээ. Өнөөдөр мянган төгрөг ямар өнгөтэй байдгийг мэдэхгүй олон хүн байгаа. Тэгвэл хүүхдэд өгдөг тэр хөх алаг цаас олон хүүхдийн ирээдүйг цэлмэг тэнгэр шиг болгож байсан. Чадалтайхан айлын муур нохойны хоолонд ч нэмэр болохгүй тэр мөнгө Монголын ирээдүйг авч явах их хүмүүст үлэмж хөрөнгө оруулалт болох мөнгө юм. Хүүхдийн гэсэн ангилалтай мөнгөний барааг ард түмэн харахаа больсноос хойш олон л хүн байр сууриа илэрхийллээ. УИХ-ын дарга хаврын чуулганы нээлт дээрээ хүүхдийн мөнгө хэрэгтэй гэж, Улсын Ерөнхийлөгч хүүхдийн мөнгийг өгөх ёстой гэсэн санааг батжуулж, УИХ дахь АН-ын бүлгийнхэн энэ мөнгөний асуудлыг шийдэхгүй бол завсарлага авна гэж хүртэл айлгаж эхлэв. Ямартай ч өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Р.Гончигдорж, Н.Батбаяр нар Хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох хуулийн төслийг өргөн бариад байна. 0-18 насны 932 мянган хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг өгөх энэ хуулийг манай түшээд ойрын өдрүүдэд хэлэлцэнэ. Батаа хүүгийн, Болормаа охины нэрээр айл гэрт орж ирдэг энэ мөнгөөр Монголын ард түмэн чинь амьдарч байна шүү дээ. Хонгор бяцхан үрстээ хорьхон доллар өгчихөд юу нь болохгүй байна вэ. Хорин мянган төгрөг чинь хорин долларт ч хүрэхгүй. Бүр хорин мянга гээд хорголоо тоолоод байвал алаг хөөрхөн үрстээ аравхан доллар өгчихөөч дээ. Хүн болж төрлөө гээд хүнсээ чирээд ирдгээрээ хүүхэд үнэтэй болж үлдэнэ. Хүүхдийн мөнгө хэрэгтэй, хэрэгтэй гэж хэн хүнгүй хэлээд байгаа ч хэрэг дээрээ өгч байгаа нь алга байна. Улстөржилтөөс ангид байж хонгор бяцхан үрсдээ хорьхон доллар өгцгөөе л дөө.