Categories
мэдээ эдийн-засаг

Урьдчилгаа төлбөргүй өрхийг орон сууцжуулахад Азийн хөгжлийн банк тусална

Нийслэл орлого багатай иргэдэд зориулан орон сууц барина. Азийн хөгжлийн банк энэ зорилгоор “Төлбөрийн чадварт нийцсэн орон сууц төслийн бэлтгэл ажлыг хангах” төслийг нэг сая ам.доллараар санхүүжүүлж байгаа юм байна. Төслийн судалгааны ажил өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхэлжээ. Харин орон сууц барих ажил 2017 онд эхэлнэ. Нийслэлийн орон сууцны корпораци төслийг арван жилийн хугацаатай гурван үе шаттай хэрэгжүүлэх юм.

Энэ орон сууц ипотекийн орон сууцнаас ялгаатайг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат хэллээ. Түүний хэлснээр урьдчилгаа төлбөрөө өгөөд найман хувийн зээлд хамрагдах боломжгүй иргэдийг орон сууцжуулах боломжийг төслийн хүрээнд судалж байгаа юм байна. Улаанбаатар хотод өнгөрсөн жил 22 мянга гаруй өрх орон сууцанд орсон байна. Эдгээр өрхийн сарын дундаж орлого нэг сая төгрөг, түүнээс дээш байгаа юм. Иймд нийслэлээс нэг сая төгрөгөөс бага орлоготой өрхөд зориулсан орон сууцны бодлогыг хэрэгжүүлж эхэлжээ.

Засгийн газраас хийсэн судалгаагаар улсын хэмжээнд 204 мянган орон сууцны хэрэгцээ байна. Үүнээс жар гаруй мянган өрх урьдчилгаа төлбөрөө төлөөд найман хувийн зээлд хамрагдах боломжтой. Үлдсэн нь төлбөрийн чадвар байхгүй буюу дунд болон дундаас доош орлоготой иргэд байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Ипотекийн зээлд 77 мянган иргэн хамрагджээ

Монголбанк сар бүр гаргадаг ипотекийн зээлийн тайлангаа гаргасан байна. Тайлангаас харахад арилжааны банкаар дамжуулан 77105 иргэн ипотекийн зээлд хамрагджээ.

Гэсэн ч зээл авах иргэдийн тоо буурсан үзүүлэлттэй гарсан байна. Тодруулбал 2015 оны арванхоёрдугаар сард олгосон ипотекийн зээл өмнөх сараас 32.3 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 56.9 хувиар буурсан байна.

Харин чанаргүй зээл харьцангуй бага буюу нийт зээлийн 0.6 хувийг эзэлжээ. Нийт зээлдэгчид дунджаар 16-20 жилийн хугацаатай зээл авдаг байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол, Унгарын бизнес уулзалт эхэллээ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Бүгд Найрамдах Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан манай улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Виктор Орбаныг Унгарын бизнес эрхлэгчид дагалдан ирсэн бөгөөд тэд МҮХАҮТ-д зочилж, Унгарын өдөрлөгийг эхлүүлээд байна. Өдөрлөгийн үеэр хоёр улсын бизнес эрхлэгчдийн дугуй ширээний уулзалт, Унгарын аж ахуйн нэгж, байгууллагуудын үзэсгэлэн худалдаа, ганцаарчилсан уулзалтууд зохион байгуулна.

Унгарын талаас аялал жуулчлал, хими цэвэрлэгээ, химийн бодис, автомашин, цахим технологи, барилга, архитектур, хүнс, тавилга, электрон бараа, нэхмэл үйлдвэрлэл, хэвлэл, эм, эмийн үйлдвэрлэл, эрүүл мэнд, эрчим хүч, зөвлөгөө мэдээллийн үйлчилгээ, банк, санхүү, хөдөө аж ахуй зэрэг нийт 40 гаруй аж ахуйн нэгж оролцож байгаа юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.доллар түүхэнд байгаагүй өссөн нь Холбооны нөөцийн банкны шийдвэрээс шалтгаалжээ

“Өдрийн
сонин”-ы 2016-01-19-ний дугаараас

“Найман шарга” зах дээр өчигдөр ам.долларыг 2005 төгрөгөөр авч 2008 төгрөгөөр зарж байв. Ноён ногооны ханш өмнө нь энэ хэмжээнд хүрч өсч байгаагүй юм. Жил бүрийн сар шинийн өмнөхөн ам.долларын ханш өсдөг гэсэн уламжлалт шалтгаан бий. Үүнээс гадна ямар шалтгаан нөлөөлснийг сонирхлоо.

Доллар өссөн гол шалтгаан нь Холбооны нөөцийн банкны шийдвэртэй холбоотой гэж эдийн засагчид онцолж байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 16-нд АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөсөн юм. Цаашид ч мөнгөний бодлогоо алгуур хатууруулах магадлал өндөр байгаа. Уг шийдвэр ам.долларын ханшийг дэлхийн бусад валютын эсрэг чангарахад нөлөөлж эхэлжээ. Долларын “галзуурал”-ын хамгийн том нөлөөлөл нь энэ гэдгийг шинжээчид үгүйсгэхгүй байна. Мөн дэлхийн томоохон худалдан авагч Хятад улсын эдийн засгийн өсөлт саарч байгаа нь түүхий эдийн үнийн уналтыг эрчимжүүлж, хөрөнгө оруулалтын зүг чигийг өөрчилж буй. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчид ам.доллар руу хошуурч эхэлсэн гэсэн үг. Энэ нь манайх шиг уул уурхайд суурилсан эдийн засагтай улсуудад гадаадын хөрөнгө оруулалтын хомсдол үүсгэж, ханшийн дарамт үүсгэх замаар нөлөөлж байгаа аж.

ГАЗРЫН ТОСНЫ ҮНИЙН УНАЛТ АМ.ДОЛЛАРЫН ГАРАХ УРСГАЛЫГ БУУРУУЛНА

Судалгааны байгууллагаас ам.долларын ханшийн талаар ямар таамагтай байгааг сонирхсон юм. “Эгүлэ капитал” судалгааны компанийн хувьд ноён ногооны ханш өнгөрсөн онд ямар байсныг “Төгрөгийн ханш ам.долларын эсрэг зургаан хувиар, иенийн эсрэг 3.8 хувиар, юанийн эсрэг 1.6 хувиар тус тус суларсан бол рублийн эсрэг 15.6 хувиар, еврогийн эсрэг 6.4 хувиар чангарлаа. Ам.долларын төгрөгтэй харьцах ханш өнгөрсөн оны эхний хагас жилд өндөр хэлбэлзэлтэй буюу 50-100 төгрөгөөр хэлбэлзэж байсан бол сүүлийн хагас жилд сарын хугацаанд ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн хэлбэлзэл харьцангуй тогтворжсон юм. Төгрөгийн ханш тогтворжсон нь Оюу толгойн хоёрдугаар шатны бүтээн байгуулалтын гэрээ зурагдаж, зах зээлд эерэг хүлээлт бий болсонтой холбоотой байсан” гэж тайлбарлалаа.

“Эгүлэ капитал” судалгааны компаниас гаргасан тайланд ам.долларын ханш ирэх онд ямар байх талаар “Манай улсын гадаад валютын орох урсгалын 30 орчим хувь нь зэсийн баяжмалын арилжаанаас бүрддэг. Дэлхийн зэсийн 45 хувийг импортолдог Хятадын эдийн засаг удааширч байгаа, АНУ-ын бодлогын хүүний өсөлт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр 2016 онд дэлхийн зах зээл дээрх зэсийн ханш болон эрэлт буурах хандлага зонхилж байна. Хятад улс цахилгаан шугам сүлжээгээ өргөжүүлэхдээ гэр хороолол болон жижиг үйлдвэрүүдийн хэсэгт хөнгөн цагаан ашиглах тухай яригдаж байгаа. Энэ нь 2016 оны зэсийн эрэлтийг буурахад мөн хүчтэй нөлөө үзүүлж магадгүй. Алтны арилжаанаас орох валютын урсгалын хувьд манай улсын валютын нийт орох урсгалын тав орчим хувийг бүрдүүлдэг. Холбооны нөөцийн банкнаас 2016 онд бодлогын хүүгээ улирал бүр 0.5 хувиар өсгөх талаар яригдаж байгаа. Холбооны нөөцийн банкнаас хүүг өсгөснөөр алт худалдан авахын алдагдсан боломжийн зардлыг нэмэгдүүлж байгаа учир алтны ханш буурсаар 1,000 ам.доллараас доош орох магадлал өндөр. Ирэх оноос Хятадын юань ОУВС-гийн нөөц валютуудын нэг болж байгаа учир юанийн эсрэг алтны ханш мөн унах магадлалтай байна.Валютын гарах урсгалын 10 орчим хувийг нефтийн бүтээгдэхүүний импортоор гадагшлах валютын урсгал бүрдүүлдэг. Мөн хүнсний бүтээгдэхүүний импортын төлбөрөөр гарах валютын урсгал манай улсын нийт валютын гарах урсгалын тав орчим хувийг бүрдүүлж байна. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурч байгаа нь манай улсын хувьд валютын гарах урсгалыг бууруулах таатай нөхцөлийг бүрдүүлээд байгаа. Иран улс цөмийн хөтөлбөрөө цуцалж буй учир ирэх жилийн эхээр зах зээлд тус улсаас их хэмжээний газрын тосны нийлүүлэлт хийгдэхээр хүлээгдэж байна. Тэгэхээр энэ онд газрын тосны үнэ үргэлжлэн буурах төлөв бий гэсэн үг. Дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийн бууралтаас үүдэлтэй валютын гарах урсгал буурч байна. Мөн зэс, алтны эрэлт болон ханшийн бууралттай холбоотойгоор манай улсын валютын орох урсгал ч буурч мэднэ. Гэхдээ валютын орох урсгалын бууралт нь гарах урсгалын бууралтаас давах төлөв илүү ажиглагдаж байна. Тиймээс энэ онд төгрөгийн ханш бага зэрэг сулрах болов уу” хэмээн дурджээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Долларын ханш 2011 төгрөгт хүрлээ

Сүүлийн үед ам.долларын ханш хурдацтай өсөх боллоо. Өнгөрсөн долоо хоногт 2007 төгрөгөөр зарагдаж байсан доллар өнөөдрийн байдлаар 2011 төгрөг хүрчээ. Монголбанкны өнөөдрийн ханшийн мэдээгээр 2007 төгрөгөөр зарж байгаа бол “Найман шарга” арилжааны төв дээр 2008 төгрөгөөр авч, 2010 төгрөгөөр борлуулж байна.

Харин арилжааны банкуудын ханшийг танилцуулбал: Худалдаа хөгжлийн банкинд ам.долларыг 2002 төгрөгөөр худалдан авч, 2011 төгрөгөөр борлуулж байна. Мөн Голомт, Хас банкуудад 2202, 2003 төгрөгөөр авч 2011 төгрөгөөр зарж байгаа бол Хаан банкинд 2000 төгрөгөөр авч, 2010 төгрөгөөр борлуулж байгаа ханшийн мэдээлэл байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол улс долларын саятны өсөлтөөрөө Азид тэргүүлж эхэллээ

Монгол улс Ази номхон далайн бүс нутгийн орнуудаас долларын саятны тоогоороо тэргүүлж эхэлжээ.

Өөрөөр хэлбэл, монголын баячууд долларын саятны өсөлтийн хэмжээгээрээ Вьетнам, Индонези, Хятад, Энэтхэг зэрэг орнуудыг гүйцэж түрүүлсэн талаар www.theglobeandmail.com сайт мэдээлсэн байна. Ази Номхон далайн бүс нутагт долларын саятан 3,5 сая байдаг ба нийтдээ 17,7 их наяд ам.доллар эзэмшдэг юм байна. Сүүлийн 15 жилд энэ тоо 117 хувь өсчээ. Харин Монгол Улсын долларын саятны тоо нь энэ хугацаанд 670 хувь өссөн гэнэ.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.долларын ханш 2010 төгрөг байна

Сүүлийн хэдэн өдөр ам.долларын ханш огцом өсч 2000 төгрөгийг давсан. Өнөөдрийн байдлаар Монголбанкнаас зарласан ханшаар нэг ам.доллар 2007 төгрөгтэй тэнцэж байна. Харин “Найман шарга” валютын зах дээр нэг ам.долларыг 2008 төгрөгөөр аваад 2010 төгрөгөөр зарж байгаа юм. Ам.долларын ханш сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотой өсч байгааг эдийн засагчид хэлж байгаа.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.доллар ханш 2010 төгрөгт хүрлээ

Сар шинийн өмнөхөн буюу жил бүрийн өдийд ам.долларын эрэлт нэмэгдэхтэй зэрэгцэн ханш нь өсдөг хэдий ч 2000 төгрөгөөс давж, бүр 2010 төгрөгт хүрч байгаагүй. Өнөөдрийн байдлаар “Найман шарга” валютын захад 2008 төгрөг, харин зарим арилжааны банкны ханшаар 2010 төгрөгтэй тэнцэж байна.

Ам.долларын ханш ийн өсч буй шалтгааныг эдийн засгийн шинжээчид АНУ-ын Холбооны нөөцийн банкнаас бодлогын хүүгээ нэмснээс гадна дэлхийн томоохон худалдан авагч Хятадын эдийн засгийн өсөлт саарч байгаа нь түүхий эдийн үнэ буурах шалтгаантай холбон тайлбарлаж байгаа юм. Ялангуяа Монголын нүүрсний томоохон худалдан авагч Хятадын эдийн засаг сайнгүй байгаа нь манайд ам.долларын ханш өсөх голлох шалтгаан болоод буй гэх.

Гэхдээ төгрөгийн ханш ам.долларын эсрэг 6 хувь, юанийн эсрэг 1.6 хувиар тус тус суларсан ч рублийн эсрэг 15.6 хувь, еврогийн эсрэг 6.4 хувиар тус тус чангараад байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Ноён доллар түүхэнд байгаагүйгээр өсөв

Ам.долларын ханш огцом өсч 2008 төгрөгт хүрсэн нь түүхэнд байгаагүй өндөр ханш болоод байна. Үүний шалтгааныг Холбооны нөөцийн банкны шийдвэртэй холбоотой гэж эдийн засагчид үзэж байгаа гэнэ. Учир нь өнгөрсөн арванхоёрдугаар сард Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөсөн юм. Цаашид ч мөнгөний бодлогоо алгуур хатууруулах магадлал өндөр байгаа юм байна. Энэ нь ам.долларын ханш дэлхий даяар чангарах нөхцөлийг бүрдүүлжээ. Үүнээс гадна хэд хэдэн шалтгаан нөхцөл байгааг дэлгэрэнгүйгээр нь та өнөөдрийн “Өдрийн сонин”-оос унших боломжтой.

Categories
мэдээ эдийн-засаг

Бодлогын хүүг өнөөдрөөс нэг хувиар буурууллаа

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл 2015 оны
арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар мөнгөний Бодлогын хүүг 1 нэгж
хувиар бууруулж 12 хувь болгох шийдвэр гаргажээ. Бодлогын шийдвэр нь өнөөдрөөс буюу 2016 оны 1 дүгээр
сарын 14-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж байгаа юм байна. Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляци 2015 оны 11
дүгээр сарын эцэст 2.9 хувь болж, сүүлийн 5 сарын турш зорилтот түвшнээс
доогуур байгаа, цаашид ч нийлүүлэлтийн гаралтай инфляци нам, тогтвортой байхын
зэрэгцээ эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамт бага түвшинд байх төлөвтэй гэж үзсэн
нь мөнгөний бодлого тэлэх орон зайг нэмэгдүүлж байгаа юм байна.

Дунд хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалт
сэргэх, тогтвортой байх эерэг хандлагууд бий болж байгаа нь макро эдийн засгийн
гадаад тэнцвэрийг дэмжихээр байна гэж зөвлөлөөс дүгнэсэн байна.

Мөнгөний бодлогын төлөвийг алгуур зөөлрүүлэх
энэхүү шийдвэр нь мөнгө, зээлийн өсөлт, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон
эдийн засгийн идэвхжилийг дэмжихэд эергээр нөлөөлөх юм.