Categories
мэдээ эдийн-засаг

Мөнгөний нийлүүлэлт 4,5 хувиар буурлаа

Мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн сард 9.8 их наяд төгрөг болж, өмнөх оны
мөн үеэс 4.5 хувиар буурсан талаар өнөөдөр Монголбанкнаас мэдээллээ.

Мөнгөний нийлүүлэлтийн бууралтад хадгаламжийн байгууллагаас гадуурх
мөнгө 0.1 хувь, валютын хадгаламж хоёр хувь буурсан нь голлон нөлөөлжээ.

Өнгөрсөн сард мөнгөний нийлүүлэлтийн 53.9 хувийг төгрөгийн хадгаламж,
20.1 хувийг гадаад валютын хадгаламж, 11.4 хувийг төгрөгийн харилцах,
9.6 хувийг гадаад валютын харилцах, 4.9 хувийг хадгаламжийн
байгууллагуудаас гадуурх мөнгө эзэлж байна.

Түүнчлэн нийт хадгаламж өмнөх сараас 1.2 хувь буюу 85.8 тэрбум төгрөгөөр буурч 7 их наяд 297 тэрбум төгрөг болов.

Санхүүгийн байгууллагуудаас олгосон зээл өмнөх сарынхаас 0.8 хувь буюу
141.9 тэрбум төгрөгөөр өсч 18.1 их наяд төгрөгт хүрсэн байна. Үүний 65.2
хувь буюу 11.8 их наяд төгрөгийн зээлийг хадгаламжийн байгууллагуудын,
34.8 хувь буюу 6.3 их наяд төгрөгийг бусад санхүүгийн байгууллагуудын
зээл бүрдүүлж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Хадгаламж 85.8 тэрбум төгрөгөөр буурчээ

Энэ оны нэгдүгээр сарын байдлаар нийт 7297.3 тэрбум төгрөгийн хадгаламж банкуудад байршиж байна. Энэ нь өмнөх сараас 1.2 хувь буюу 85.8 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт аж.

Аж ахуйн нэгж, байгууллагуудын төгрөгийн хадгаламж өмнөх сараас 6.1
хувь буюу 63.9 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 37.5 хувь буюу 587.1
тэрбум төгрөгөөр буурч 980.5 тэрбум төгрөг болжээ. Харин иргэдийн
төгрөгийн хадгаламж өмнөх сараас 1.3 хувь буюу 57.7 тэрбум төгрөгөөр
буурч, өмнөх оны мөн үеэс 14.1 хувь буюу 535.0 тэрбум төгрөгөөр өсч
4332.0 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Нийт хадгаламжийн 72.8 хувь нь төгрөгийн, 27.2 хувь нь валютын хадгаламж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Эдийн засгийн өсөлт 2.3 хувьтай гарчээ

Эдийн засгийн бодит өсөлт 2015 онд урьдчилсан гүйцэтгэлээр 2.3 хувьтай гарчээ. Энэ өсөлтөд уул уурхайн салбар 13.0 хувь, хөдөө аж ахуй 10.7 хувь, тээвэр ба агуулахын үйл ажиллагаа 5.7 хувь, үйлчилгээний бусад үйл ажиллагаа 2.9 хувиар өссөн нь голчлон нөлөөлсөн байна.

Харин бөөний болон жижиглэн худалдаа 3.6 хувь, бүтээгдэхүүний цэвэр татвар 21.1 хувь, барилга 1.4 хувиар буурсан нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Татварын хөнгөлөлтийн материал хүлээн авах хугацаа өнөөдөр дуусна

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу татварын хөнгөлөлт эдлэх иргэдийн материалыг авах хугацаа өнөөдөр дуусна. Хуулийн дагуу энэ сарын 15-нд дуусах байсан ч ГТЕГ-аас материал хүлээн авах хугацааг энэ сарын 20-ны өдөр хүртэл сунгасан юм. Тиймээс хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу татварын хөнгөлөлт эдлэх хүсэлтээ өнөөдөр 17:00 цагаас өмнө өгөхийг татварын албанаас сануулж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

ДЦС-4-ийг 4.2 тэрбум иенээр шинэчилнэ

Эрчим хүчний яам, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) хооронд хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах зорилго бүхий Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц (IV ДЦС)-ийн үр ашгийг дээшлүүлэх, 4.2 тэрбум иенийн санхүүжилттэй төслийн гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Эрчим хүчний сайд Д.Зоригт, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү нар оролцов.

Төслийн хүрээнд эхний ээлжинд Японы “Yokogoawa” компани IV ДЦС-ын удирдлага, тохируулгын системийг автоматжуулах ажлыг гүйцэтгэх аж. Мөн Японы “MHPS” компани, “MCS International” зэрэг компанийн тэргүүлсэн консорциум 8 зууханд үнс үлээлгийн 192 аппарат суурилуулж, 16 тээрэмд бул тавгийг шинэчлэх юм байна.

Хоёр жилийн хугацаанд хэрэгжих уг төсөл хэрэгжснээр цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл 2019 оноос 18 хувиар нэмэгдэж, нүүрсний зарцуулалт нь 8 хувиар буурна хэмээн талууд үзэж байна. Мөн Монгол Улсын эрчим хүчний системийн 70 орчим хувийг дангаараа хангадаг IV ДЦС-ын уурын турбины механик тохируулгын системийн зогсолт бүрэн арилах юм.

Categories
мэдээ эдийн-засаг

39 мянган хүн ХОМ-ээ өгчээ

Авлигатай тэмцэх газар
албан тушаалтнуудаас хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг
бүртгэх, хүлээн авах хянах үйл ажилалгаа улсын хэмжээнд зохион байгуулсан. Нэгдүгээр
сарын 1-нээс энэ сарын 15-ны өдрийг хүртэл ХОМ-ийг авсан бөгөөд дүн нь гарсан
байна. Төрийн болон нутгийн захиргааны нийт 109 байгууллагаас
мэдүүлэг ирүүлсэн бөгөөд 39940 мэдүүлэг гаргагч 2015 оны мэдүүлгээ
шинэчлэн бүртгүүлжээ. Энэ нь 99.7 хувьтай байна.

Харин Авлигатай тэмцэх
газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон тэдгээртэй зэрэг зиндаа
адилтгах 269 албан тушаалтан бүгд буюу 100 хувь
бүртгүүлжээ. Түүнчлэн Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт
заасны дагуу холбогдох төрийн байгууллагууд энэ сарын 15-ны өдрөөс хойш 14
хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт тайлан мэдээг ирүүлэх үүрэгтэй байдаг.
Тиймээс ирэх сарын 1-ний өдөр улсын хэмжээнд албан ёсны дүн мэдээг гаргах аж.

Categories
мэдээ эдийн-засаг

ХОМ-ийн тайланг гуравдугаар сард зарлана

Улсын хэмжээнд Хөрөнгө, орлогын мэдүүлэг хүлээн авах ажлыг энэ сарын 15-ны өдөр албан ёсоор дуусгасан. Урьдчилсан дүнгээр төрийн болон нутгийн захиргааны нийт 109 байгууллагаас ирүүлсэн дүнгээр 39940 мэдүүлэг гаргагч 2015 оны мэдүүлгээ шинэчлэн бүртгүүлсэн бөгөөд энэ нь нийт бүртгүүлэх ёстой албан хаагчдын 99.7 хувь юм.

Харин Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон тэдгээртэй зэрэг зиндаа адилтгах 269 албан тушаалтан бүгд буюу 100 хувь бүртгүүлжээ. Энэ жилийн мэдүүлгийн бүрдүүлэлтийн хувьд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлттэй холбогдуулан зарим төрийн байгууллагад халаа сэлгээ ихээхэн хийгдсэн. Авлигын эсрэг хуулийн дагуу холбогдох төрийн байгууллагууд хоёрдугаар сарын 15-ны өдрөөс хойш 14 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт тайлан мэдээг ирүүлэх үүрэгтэй бөгөөд албан ёсны дүн мэдээг ирэх гуравдугаар сарын нэгний өдөр улсын хэмжээнд гаргана.

Categories
мэдээ эдийн-засаг

Долларын ханш 2028 төгрөг хүрэв

Өнөөдрийн байдлаар арилжааны банкуудад нэг ам.долларыг зарах ханш 2028 төгрөг байна. Сүүлийн нэг сарын хугацаанд долларын ханш огцом өссөөр ийн 2028 төгрөгт хүрлээ.

“Өнгөрсөн 12 дугаар сард АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөсөнтэй холбоотой. Цаашид ч мөнгөний бодлогоо алгуур хатууруулж болзошгүй байгаа. Энэ нь ам.долларын ханшийг дэлхийн бусад валютын эсрэг чангарахад хамгийн их нөлөөлж буй. Мөн дэлхийн томоохон худалдан авагч Хятад улсын эдийн засгийн өсөлт саарсан нь түүхий эдийн үнийн уналтыг эрчимжүүлж, хөрөнгө оруулалтын зүг чигийг өөрчилсөн” гэж Төв банк тайлбарласан юм.

Эдийн засагчдын зүгээс Монгол Улсад орж ирэх хөрөнгө оруулалт нэмэгдэх хандлага ажиглагдаагүй учир ам.долларын ханш ийнхүү өссөн хэвээр байх болно гэж үзэж байгаа. Энэ оны улсын төсөвт нэг ам.долларыг 2030 төгрөг байхаар тооцсон билээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Өнгөрсөн сард ажилгүйдлийн тэтгэмж авах иргэд нэмэгджээ

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас өнөөдөр 2016 оны эхний нэг сарын улс орны нийгэм, эдийн засгийн тоон үзүүлэлтийн талаар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт энэ оны нэгдүгээр сарын эцэст 9.9 их наяд төгрөг болж өмнөх сарынхаас191.7 тэрбум төгрөгөөр, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.4 хувиар буурчээ. Гүйлгээнд гарсан бэлэн мөнгө 713.8 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 7.1 тэрбум төгрөгөөр өсч, өнгөрсөн оны нэгдүгээр сарын эцэстэй харьцуулахад 18.6 тэрбум төгрөгөөр буурсан байна.

Харин аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 11.8 их наяд төгрөгт хүрчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 922.2 тэрбум төгрөг болсон аж. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 872.9 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оноос 215.5 тэрбум төгрөгөөр өссөн. Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ энэ оны нэгдүгээр сард 415 тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 79.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.

Харин өрхийн сарын дундаж мөнгөн орлого өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын судалгааны дүнгээр 848.8 мянган, зарлага 858.6 мянган төгрөг болж, өнгөрсөн оныхоос орлого нь 123.4 мянган төгрөгөөр буурсан байна.

Нийгмийн халамжийн тэтгэмж, тэтгэвэр авах иргэний тоо 31.4 мянгаар нэмэгдэж, тэдэнд олгосон тэтгэврийн хэмжээ 2.4 тэрбум төгрөгт хүрсэн. Харин ажилгүйдлийн тэтгэмж авах иргэдийн тоо нэмэгдэж, энэ оны нэгдүгээр сарын байдлаар хоёр тэрбум 194.7 сая төгрөгийг ажилгүйдлийн тэтгэмжээр дамжуулж авсан байна. Мөн бүртгэлтэй ажилгүй иргэд 34.6 мянга болж, өнгөрсөн оны энэ үеэс 1.2 мянган хүнээр буурсан ч өмнөх сарынхаас 1.8 мянган хүнээр нэмэгдсэн. Уул уурхайн салбар дахь гадаад шууд хөрөнгө оруулалт зогссон нь ажилгүй иргэдийн тоог нэмэх нэг шалтгаан болсон ба улсын эдийн засаг саармагжиж, аж ахуйн нэгжүүд орон тооны цомхотгол явуулсан нь ажилгүй иргэдийн тоог нэмжээ. Ажил хайсан иргэдийн 53.1 хувь буюу 624.6 мянган нь эрэгтэйчүүд байна.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт нүүрс, цайрын баяжмал, хайлуур жонш, төмрийн хүдэр, бутармал чулуу зэрэг бүтээгдэхүүний олборлолт 25.3-91.2 хувиар буурчээ. Харин боловсруулах аж үйлдвэрийн салбарт цемент, хивс, төмөр бетон эдлэл, вакуум цонх, хаалга, тамхи, металл бэлдэц, ган төмөр хийц зэрэг гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.0-99.8 хувиар буурсан байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.долларын ханш 2020 төгрөг хүрчээ

Монголбанкны албан ханшаар нэг ам.доллар 2019.42 төгрөгт хүрлээ. Харин арилжааны банкуудад нэг долларыг зарах ханш 2024 төгрөгтэй тэнцэж байна. Ноён долларын ханш оны сүүлээр 2000 төгрөгийг давсан. Тэгвэл он гарсаар сүүлийн нэг сар гаруй хугацаанд долларын ханш ийнхүү төгрөгийн эсрэг хүчээ авч байна. Тодруулбал, оны эхэнд 2003 төгрөгтэй тэнцэж байсан ханш өнөөдөр ийнхүү 16 төгрөгөөр өсчээ.

Манай улсын эдийн засаг улирлын мөчлөгтэй гэдгийг судлаачид онцолдог. Өөрөөр хэлбэл, жил бүрийн нэгээс дөрөвдүгээр сард эдийн засаг идэвхждэг. Энэ үед компаниуд ирэх жилийн төлөвлөгөөгөө гаргаж, төлөвлөгөөнийхөө дагуу холбогдох хөрөнгө оруулалт, худалдан авалт болон зээлээ авч эхэлдэг. Үүнтэй холбоотойгоор жилийн энэ үед инфляци өсөх хандлагатай байдаг. Өнгөрсөн жилүүдэд нэг, хоёрдугаар сарын инфляци 3-5 хувьд хүрэх тохиолдол элбэг байлаа. Хоёрдугаар сард цагаан сарын баяр тохиодог нь иргэдийн эрэлтийг ч бас нэмэгдүүлснээр инфляцийн өсөлтийн багагүй хувийг бүрдүүлдэг.

Гэхдээ ам.долларын эсрэг төгрөгийн ханш цаашдаа харьцангуй тогтворжих нөхцөл бүрдсэн гэдгийг эдийн засагчид онцолж байна. Тодруулбал, Монголбанкинд тушаагдах алтны хэмжээ нэмэгдсэн. Үүнийг дагаад валютын нөөц өсч буй. Түүнчлэн төлбөрийн тэнцэл 2015 оны жилийн дүнгээрээ 150 орчим сая ам.долларын алдагдалтай гарчээ. Өмнө нь энэ алдагдал сард 300 сая ам.долларт хүрдэг байсан юм

Тэгвэл энэ удаад нөлөөлөл инфляциар бус ханшаар дамжин харагдаж байна. Төв банк он гарсаар бодлогын хүүг 13 хувиас 12 хувь болгож бууруулсан. Мөн орон сууцны ипотекийн зээлийн хүүг бууруулах гэх зэрэг эрэлтийг дэмжсэн бодлогууд яригдах болсон. Үүнтэй холбоотойгоор ханшид түр зуурын дарамт ирж байх боломжтой гэдгийг эдийн засагчид онцолж байна.

Нөгөөтэйгүүр улсын төсөвт ам.долларын ханшийг 2030 төгрөг байхаар тусгасан. Энэ нь нэг төрлийн хүлээлтийг бий болгосноор долларын ханшийг өсөхөөс нь өмнө худалдан авах хүмүүс нэмэгдсэн гэнэ. Мэдээж нийлүүлэлтээс давсан эрэлт үүсэх үед аливаа бараа, бүтээгдэхүүний үнэ өсдөг. Доллар бас нэг төрлийн бүтээгдэхүүн учраас эрэлт нэмэгдэхтэй зэрэгцээд, үнэ нь өсч буй хэрэг.

Гэхдээ ам.долларын эсрэг төгрөгийн ханш цаашдаа харьцангуй тогтворжих нөхцөл бүрдсэн гэдгийг эдийн засагчид онцолж байна. Тодруулбал, Монголбанкинд тушаагдах алтны хэмжээ нэмэгдсэн. Үүнийг дагаад валютын нөөц өсч буй. Түүнчлэн төлбөрийн тэнцэл 2015 оны жилийн дүнгээрээ 150 орчим сая ам.долларын алдагдалтай гарчээ. Өмнө нь энэ алдагдал сард 300 сая ам.долларт хүрдэг байсан юм. Тэр хэрээр Монголын зах зээлээс доллар гадагшилж, дотоодод долларын хомсдол үүсдэг байсан гэсэн үг.

Төв банкныхны тайлбарлаж буйгаар төв банк өнгөрсөн хугацаанд ханшаар дамжуулан төлбөрийн тэнцлийн хүндрэлийг эерэг тал руу нь өөрчилж чаджээ. Тэр хэрээр цаашдаа ханш дээр огцом хүндрэл бий болох магадлал буурсан гэж байгаа юм.

Товчхондоо бол энэ удаагийн ханшийн өөрчлөлт эдийн засгийн улирлын мөчлөгтэй холбоотой эрэлтээс үүдсэн түр зуурын өсөлт аж.