Categories
мэдээ эдийн-засаг

Ам.долларын ханш цаашид тогтворжих боломжтой

Сүүлийн зургаан сарын хугацаанд ам.долларын ханш 2055 төгрөг болтлоо эрчимтэй өссөн. Уул уурхайгаас хараат гэгддэг эдийн засагтай манай улсын хувьд уул уурхайн ажил зогсохтой зэрэгцэн гадны хөрөнгө оруулалтууд ч татарч эхэлдэг. Энэ жишгээр гадны хөрөнгө оруулалт буурсантай холбоотойгоор төгрөгийн ханш багагүй суларсан юм. Харин сүүлийн гурван өдрийн турш ам.доллар 50 төгрөгөөр буурсан эерэг үзүүлэлт гарч байгаа билээ. Уг асуудалд эдийн засагчид олон талт байр сууринаас хандаж байлаа.

Тухайлбал, зарим эдийн засагчдын зүгээс Оюутолгой компанийн захирлын томилгоо, далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн, ирэх тавдугаар сард Оюутолгойн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн таатай нөхцөл байдлууд нөлөөлж байна гэж онцолсон. Нөгөөтэйгүүр зарим эдийн засагчдын зүгээс энэ нь түр зуурын үзэгдэл хэмээн тодорхойлох шалтгаан нь цаашид манай улсын голлох түүхий эд болох зэс, нүүрс, төмрийн хүдрийн экспортын хэмжээ, үнэ өмнөх оны мөн үеэс бууралттай, сэргэх хандлага төдийлөн ажиглагдахгүй байгаа нь экспортын орлого буурч, хөрөнгө оруулалт, ханшид сөргөөр нөлөөлөх эрсдлийг дагуулж болзошгүй хэмээн үзэж байгаа юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол Улсын эдийн засаг энэ онд 0.4 хувиар өснө

Монгол Улсын эдийн засаг энэ онд 0.4 хувиар өснө гэж Олон Улсын Валютын Сан тооцоолжээ. Үүнээс өмнө Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 0.8 хувиар өснө гэж таамагласан. Монгол Улсын эдийн засгийн өсөлт саарч байгааг уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн ханш суларч байгаатай холбон тайлбарласан байна.

Олон Улсын Валютын Сангийн тайланд дурьдсанаар энэ онд урсгал тэнцлийн алдагдал өмнөх оноос хоёр дахин өсч, 10.7 хувьд хүрэх төлөвтэй байгаа бол инфляци 3.7 хувь руу өсөх хүлээлттэй байна. Ийнхүү эдийн засгийн өсөлт сулрахад АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль, Их Британийн Европыг орхих санал хураалттай холбоотой популизм, таваарын ханшийн уналт, Япон, БНХАУ-ын эдийн засгийн удаашрал голлон нөлөөлж байгаа талаар эх сурвалжууд дурьджээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.долларын ханш 35-40 төгрөгөөр буурлаа

Өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлэн ам.долларын ханш огцом чангарч өнөөдрийг хүртэл 2055 төгрөг хүрээд байсан билээ. Өнөөдөр өглөөний байдлаар арилжааны банкуудад ам.долларыг 2012-2017 төгрөгөөр худалдан авч 2023-2029 төгрөгөөр арилжиж байна. “Найман шарга” валют арилжааны зах дээр ам.доллар 2015-2025 төгрөгөөр арилжаалагдаж байна. Монголбанкны нэрлэсэн ханш нь 2023 төгрөг буюу ам.долларын ханш 35-40 төгрөгөөр буурсан үзүүлэлттэй гарлаа.

Оны эхний байдлаар гадны шууд хөрөнгө оруулалт татарсантай холбоотойгоор ам.долларын ханш улам чангарах төлөвтэй байсан бол Оюутолгойн хөрөнгө оруулалтын эхний шат буюу тэрбум орчим ам.доллар манай улсын эдийн засагт орж ирэх эерэг дүр зураг бий. Нөгөөтэйгүүр ам.долларын ханш сулрахад Засгийн газар өнгөрсөн сард 500 сая долларын үнэ бүхий бондыг Азийн зах зээлд гаргасан явдал. Азийн зах зээлд анх удаа Засгийн газрын бонд амжилттай арилжсан нь Монголын зээлжих зэрэглэлд ч эерэгээр нөлөөлж байгаа аж. Ажиглагчдын үзэж буйгаар цаашид ам.долларын ханш сулрах төлөвтэй байгаа гэжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Хотын татварт тэрбум гаруй төгрөг төвлөрчээ

Улаанбаатар хотын иргэд нийслэлийн гэсэн тодотголтой татвар төлөөд таван сар болж байна. Хотын татварыг архи, тамхины худалдаа, баар, ресторан, зочид буудлын үйлчилгээнд ногдуулж байгаа юм. Татвар суутгагчаар нийт 5406 иргэн, аж ахуйн нэгж бүртгэгдэж, өнгөрсөн аравдугаар сараас хойш нийт нэг тэрбум 58 сая төгрөгийг Улаанбаатар хотын татварын дансанд төвлөрүүлжээ. 2015 оны төгсгөлд хотын татвараас нэг тэрбум төгрөгийг цуглуулна гэж тооцсон ч тал хувийг нь буюу 481 сая төгрөгийг төвлөрүүлжээ. Харин энэ 2016 оны эхний улиралд 3.1 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр тооцсон ч өнөөдрийн байдлаар 18 хувьтай буюу 577 сая төгрөгийн дүнтэйг Нийслэлийн Татварын газраас мэдээллээ. Энэ маягаар явбал энэ онд төвлөрүүлэхээр тооцсон 13-14 тэрбум төгрөгийн татвар орлого тасарна гэсэн үг.

Нийслэлийн Татварын газраас гаргасан ерөнхий тооцооллоор жилд архи, тамхины худалдааны борлуулалтаас 11 орчим тэрбум, зочид буудал, ресторан, баар эрхлэх үйлчилгээнээс хоёр тэрбум төгрөгийн орлого олох юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Засгийн газар 500 сая долларын бонд худалджээ

Монголын Засгийн газар олон улсын зах зээлд 500 сая долларын бонд гаргасан байна. Өнгөрсөн нэгдүгээр сард Засгийн газраас 800 сая доллар бүхий үнийн дүнтэй “Мазаалай” бонд гаргахаар төлөвлөж байсан ч Г.Уянга болон МАН-аас хийсэн Ч.Сайханбилэгийг огцруулах улстөржилтөөс болж бондын хүү өссөн. Тиймээс тодорхойгүй хугацаагаар бонд гаргах төлөвлөгөөгөө хойшлуулсан Засгийн газар ийнхүүт 500 сая долларын бондыг олон улсын хөрөнгийн зах зээлээс босгожээ.

Худалдан авагчдаас 780 сая ам.долларын бонд худалдан авах захиалга ирсэн бөгөөд захиалагчид нь өмнө нь Монголын засгийн газрын өмнө гаргасан бондыг эзэмшигчид байжээ. Уг бонд нь таван жилийн хугацаатай 10.875 хувийн хүүтэйгээр арилжаалагдсан байна. Чингис бондын хүү болох 4.125 хувьтай харьцуулахад уг бондыг 10.875 арилжаалсан гэхээр Монгол Улсын нэр хүнд олон улсад унаж буйн нэг үзүүлэлт.

Хүүгийн зардал өсөхөд Монголын төлбөрийн тэнцэл муудсан, гадаад өрийн нийт хэмжээ ДНБ-ний 180 хувьтай тэнцэсэн, гадаад валютын албан нөөц 1.3 тэрбум ам.доллар болж буурсантай холбожээ. Уг бондын андеррайтераар гаднаас Credit Suisse, Deutsche Bank, ING, JP Morgan дотоодоос ХХБ ба Голомт банкууд ажилласан байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Эдийн засгийн чуулганыхан “Ногоон бизнес”-ийн талаар юу ярив

Өнөөдрийн эдийн засгийн чуулганы нэг салбар хуралдаан нь “Ногоон бизнес” –ийн талаарх сэдэв. Тогтвортой санхүүжилт хөтөлбөрийн хэрэгжилт, ногоон бизнесийн олон улсын туршлага, ногоон бизнес ба инноваци талаар энэхүү хуралдаанч хөтлөгчөөр “Эм Ай Си Пи” ХХК-ийн гүйцэтгэх захриал Д.Нэргүй ажиллав. Харин доорх эрхмүүд оролцов.

  • УИХ-ын гишүүн С.Оюун,
  • “Клийн энержи Ази” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганхуяг,
  • Бизнесийн удирдлагын магистрийн холбооны ерөнхийлөгч, Чродер инкам гроуф сангийн ТУЗ-ийн дарга Сэр Пол Жаже,
  • Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын МОнгол дахь суурин төлөөлөгч Жон Луонс,
  • Монголын банкны холбооны ТОС хөтөлбөрийн УЗ-ийн гишүүн Ариг банкны гүйцэтгэх захирал Д.Төмөрхүү,
  • Сумитомо Мицуи банкны корпорацийн Улаанбаатар дахь суурин төлөөлөгч Учида Хажимэ нар тэргүүлэх оролцогчид байх юм.

Ирээдүйд орлого олоё гэвэл байгаль орчинд ээлтэй байх хэрэгтэй

УИх-ын гишүүн С.Оюун “Сүүлийн таван жилд дэлхий нийтээр төрийн тэргүүний хэмжээнд бодлогын түвшинд ногоон бизнесийн асуудалд анхаарал хандуулдаг болж. Дэлхийн хүн амын өсөлтөөс шалтгаалаад хүнсний, эрчим хүчний, усны хэрэглээ ихэссэн гээд дэлхий бидэнд хүрэлцэхгүй болсон. 2050 он гэхэд дэлхийн хүн амын 70 хувь нь суурьшсан буюу хотод амьдардаг болох төлөвтэй байна. Ингэхээр хэрэглээ асар хурдтай нэмэгдэж байна.Бүх салбар ногоон бизнес рүү явбал ашигтай, ирээдүй тэнд байна гэдгийг харах цаг болсон. Хөрөнгө оруулалтын банкууд ч нүүрсэнд хөрөнгө оруулалт хийхгүй гэдгээ зарлалаа. Хэрэглэгчид хүртэл байгаль дэлхийд ээлтэй биш бизнесийг дэмжихгүй гэдэг болсон байна. Тэгэхээр бизнес эрхлэгчид үүнийг сайн мэдрэх ёстой” гэв.

Харин “Сумитомо Мицуи” банкны корпорацийн Улаанбаатар дахь суурин төлөөлөгч Учида Хажимэ “Байгаль орчноо хайхрахгүйгээр бизнесээ хөгжүүлнэ гэдэг бол байж болохгүй зүйл. Ирээдүйд орлого олоё гэвэл байгаль орчинд ээлтэй байх хэрэгтэй” хэмээн ярив.

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал: Төсвийг алдагдалгүй батлах бололцоо байна

Монголын эдийн засгийн чуулган болж байгаа билээ. Энэхүү чуулганаас та бүхэндээ тоймлон хүргэж байна. Учир нь дээрх чуулганд монголын улс төр, эдийн засаг, уул уурхай, бизнесийн зэрэг салбар бүрийн тэргүүлэгчид, манлайлагчид илтгэл тавьж байгаа юм. Чуулганы үеэр Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Цаашид уул уурхайд суурилсан бус мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх хэрэгтэй. Дотоодын экспортыг аль болох уул уурхайн бүтээгдэхүүн бус байх зэрэг нэг талаас хамгаалалтын, тогтвортой байдлыг хангах бодлого. Гадаадын хөрөнгө оруулалт буурсан 2011, 2012 онд гадаадын хөрөнгө оруулалтаас орж ирсэн татвар, импортоор л халамжаа тавьж байсан. Энэ үед инфляци маш өндөр байсан. Үүнийг зогсоогоогүй бол бид их өндрөөс унах байлаа. Гадаадын хөрөнгө оруулалтаас авсан татвараасаа төсвөө тэлж, халамж тараах нь буруу гэдэг сургамжийг бид ойлгосон” гэв. Харин Сангийн сайд Б.Болор “Энэ жилийн төсвийг алдагдалгүй батлах зайлшгүй шаардлага бий. Өмнө нь алдагдалтай баталж байсны улмаас эдийн засгийн хямралд хүрлээ. Төсвийг алдагдалгүй батлах бололцоо харагдаж байна” хэмээн онцлов.

Уул уурхайн сайд Р.Жигжид: Халамжийн мөнгийг үрэлгэн зарцуулснаас аж ахуйн нэгж, компаниудыг эргэлтийн хөрөнгөгүй болох аюулд хүрсэн

Монголын эдийн засгийн чуулганы үеэр Уул уурхайн сайд Р.Жигжид хэлсэн үгэндээ “Энэ онд Засгийн газар байгуулагдахад уул уурхайн яам ямар байдалтай салбар хүлээж авсан аа эргэж харах хэрэгтэй болов уу. Эрхзүйн орчны хувьд тогтворгүй, үндсэрхэг үзэл газар авчихсан, геологи ашигт малтмалын хайгуул лизензийг замбараагүй олгосноос болж Ерөнхийлөгч хориг тавих дээрээ тулчихсан. Үүнээс болж гэнэтийн ашгийн 68 хувийн татвар, урт нэртэй хууль гэх мэт хатуу хуулиуд гарч эхэлсэн. Ингэснээр уул уурхайн салбарын орлогоос хуримтлал үүсгэх ёстой атал нийгмийн халамжид мөнгийг үрэлгэн зарцуулснаас аж ахуйн нэгж, компаниудыг эргэлтийн хөрөнгөгүй болгох аюулд хүргэсэн. Өнгөрсөн хугацаанд маш сайн төлөвлөж,хэрэгжүүлж, хянаж шалгаж байсан боловч алдаагаа хэрхэн засч сайжруулах вэ гэдгээ орхигдуулсан. Урт нэртэй хуулиар 488 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоосон, Хан ресурсын арбитрийн хэргийн үйл явц гээд хэлж болно” хэмээн ярив.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголын эдийн засгийн форум эхэллээ

“Сургамж, сорилт, шийдэл” уриатай эдийн засгийн форум Төрийн
ордонд болж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Азийн
хөгжлийн банкны Зүүн Азийн бүсийн захирал Аюүми Кониши, Олон улсын санхүүгийн
корпорацийн Зүүн Азийн бүсийн захирал Вивек Патхак, Монголбанкны Ерөнхийлөгч
Н.Золжаргал, Олон улсын валютын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл
Сакхер, Сангийн сайд Б.Болор, Азийн хөгжлийн банкны Монгол Улс хариуцсан
захирал Роберт Шоллхаммер, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс
Андэрсон, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Батбаяр (Баабар), Уул уурхайн сайд
Р.Жигжид тэргүүтэй зочид, төлөөлөгчид оролцож байгаа юм. Эдийн засгийн форумд
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг илтгэл тавих юм. Тэд өнөөгийн хямралтыг бид өөрсдөө бий болгосон гэдгийг онцолж байгаа аж. Форум өнөөдөр, маргааш
үргэлжлэх юм.

Categories
мэдээ эдийн-засаг

“Эдийн засгийн чуулган”-аар сургамж, сорилт, шийдлээ хэлэлцэнэ

“Монголын эдийн засгийн форум” төрийн бус байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эдийн засгийн чуулган-2016” долоо дахь жилдээ зохиогдох гэж байна. Энэ сарын 30, 31-ний өдрүүдэд “Сургамж, сорилт шийдэл” гэсэн уриан дор Төрийн ордноо хуралдах уг чуулганаар Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлыг хэлэлцэхийн сацуу дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн төлөвийг тандан хэлэлцэх ажээ.

Сүүлийн үед төр компаниудын бизнес рүү орж, хувийн хэвшлийнхнээ хүнд байдалд оруулж байна гэх шүүмжлэл ихсэх болсон. Тиймээс тус форумаар төр засаг, бизнесийн зааг ямар байх ёстой талаар төр засгийн төлөөлөл, бизнесийнхэн хэлэлцүүлэг хийж, эдийн засаг хөгжсөн сүүлийн 15 жилийн ололт болон алдаа, тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Чуулганд уламжлал ёсоор төрийн тэргүүн болоод төрийн түшээд, гүйцэтгэх засаглалынхан оролцохоос гадна гадаадын экспертүүдийг ч урьжээ. Энэ удаагийн Эдийн засгийн чуулганд Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн бүсийн захирал Аюуми Кониши, Байгалийн баялгийн засаглалын институтийн ерөнхийлөгч Даниел Кауфман, ОУСК-ийн Ази, Номхон далайн бүсийн захирал Вивек Патак нар уригджээ. Мөн Google, Facebook, Yahoo гэх мэт байгууллагад IT-гийн чиглэлээр ажилладаг монгол залуус оролцох аж.

Эдийн засгийн чуулганы салбар хуралдаанууд Хөгжлийн төлөө түншлэл, Цомхон чадварлаг төр, Нийгмийн даатгалын шинэчлэл, Аюулгүй хүнс-Тогтвортой ашигтай бизнес, Хуульчдын өрсөлдөх чадвар сэвдийн хүрээнд өрнөх юм.

Ж.ХУЛАН

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк 7.2 сая ам.доллар нийлүүлэв

2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах, 4.5 сая юань зарах санал ирүүлжээ. Харин Монголбанк 2050.05 төгрөгийн нэг ханшаар 7.2 сая ам.доллар, 314.55 төгрөгийн хаалтын ханштайгаар 12.0 сая юанийг тус тус нийлүүлсэн байна.

2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 9.9 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлсэн бөгөөд Монголбанкнаас саналыг 100 хувь биелүүлсэн байна.