Categories
мэдээ эдийн-засаг

Б.Бямбасайхан: “Эрдэнэс Монгол” компани улсын төсөвт 1.8 их наяд төгрөг төвлөрүүлсэн

“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан мэдээлэл хийхдээ “3.3 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ УЛСЫН ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛНЭ” гэж онцолсон юм.

“Эрдэнэс Монгол” компани нь Монгол Улсын Засгийн газрын холбогдох шийдвэр, тогтоолын дагуу дэлхийн хэмжээний уурхай болох “Оюу Толгой” ХХК-ийн монголын талын 34 хувь, “Эрдэнэс Таван Толгой” ХК, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК-ийн хувьцааг эзэмшдэг. 2012-2015 онд нэгдэл компанийн хэмжээнд Монгол Улсын төсөвт татвар, төлбөр, хураамж хэлбэрээр нийт 1.8 их наяд төгрөгийг төвлөрүүллээ.

“Эрдэнэс Монгол” болон охин компаниудын үйл ажиллагааг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, алдагдлыг багасгаж ашигтай ажиллуулах, үйл ажиллагааны менежментийг чадавхжуулах зорилготой техникийн туслалцааны төслийн зээлийн гэрээг Азийн хөгжлийн банк (АХБ)-тай байгуулав.

Уг төслийг хэрэгжүүлснээр нэгдэл компанийн хэмжээнд нэгдсэн санхүүгийн удирдлага, ханган нийлүүлэлт, хөрөнгө оруулалтын болон төслийн менежментийг бүхэлд нь хамарсан цогц удирдлагын системийг бий болгох юм. Нэгдэл компанийн хэмжээнд ирэх 6 жилийн хугацаанд татвар, төлбөр, хураамж, ногдол ашиг хэлбэрээр нийт 3.3 их наяд төгрөгийг Улсын төсөвт төвлөрүүлэх аж.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанкнаас бодлогын хүүг өсгөж, 15 хувь болголоо

Монголбанкны Захирлуудын зөвлөл хуралдаж бодлогын хүүг 15 хувиар өсгөх шийдвэр гаргажээ. Өмнө нь бодлогын хүү 10.5 хувь байсан. Одоо 4.5 хувиар нэмэгдэж, 15 хувь боллоо. Энэ талаар Монголбанкны мэдэгдлийг хүргэе.

“Монголбанкны Захирлуудын зөвлөлийн өнөөдрийн хурлаас бодлогын хүүг 4.5 нэгж хувиар нэмэгдүүлэн 15 хувьд хүргэх шийдвэрийг гаргалаа. Хэдийгээр инфляци бага түвшинд хадгалагдаж байгаа ч төгрөгийн ам.доллартай харьцах ханш долдугаар сарын эцэстэй харьцуулахад 7.9 хувиар суларсан үзүүлэлттэй байна.

Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 2016 оны эхний хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үеэс 602.0 сая ам.доллараар сайжирч, урсгал тэнцлийн алдагдал 2 дахин буурлаа. Валютын орох болон гарах урсгалын тэнцэлд ийнхүү нааштай хандлага харагдаж байгаа ч цаашид макро эдийн засгийн суурийг бэхжүүлэх, төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлж, төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Иймд Монголбанк төгрөгийн ханшийг хамгаалах, эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хангах зорилгоор төгрөгийн активын өгөөжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч байна. Үүний зэрэгцээ төсвийн болон мөнгөний бодлогын засах арга хэмжээг эрчимтэй авч хэрэгжүүлэх замаар төгрөгийн ханшийн тэнцвэрийг хангах бодлого баримтална” гэжээ.

Монголбанкнаас бодлогын хүүг нэмэх нь бэлэн мөнгөний нийлүүлэлтийг тодорхой хэмжээнд багасгадаг байна. Мөн инфляци буурах нөхцөлийг бүрдүүлдэг ба бодлогын хүү ямар байхаас шалтгаалж, арилжааны банкуудын зээлийн хүү тэр хэмжээнд байдаг хэмээн эдийн засагчид хэлж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.доллар 2280 төгрөгтэй тэнцлээ

Зургаадугаар сараас хойш ам.долларын ханш улам өссөөр байна. Өчигдөр буюу наймдугаар сарын 16-нд “Найман шарга” валют арилжааны зах дээр нэг ам.долларыг 2234 төгрөгөөр авч, 2245 төгрөгөөр арилжаалж байсан бол өнөөдрийн байдлаар нэг ам.доллар 2280 төгрөгтэй тэнцээд байна. Долларын ханш ийнхүү өссөнөөр эдийн засагт орж ирэх долларын нийлүүлэлт эрс муудаж буй. Мөн гадаадын хөрөнгө оруулалт хасахтай гарч, валютын нөөц дуусч, экспортын орлого эрс багассан хэмээн эдийн засагчид хэлж байна. Өөр нэг шалтгаан нь Төв банкны ерөнхийлөгчийн мэдэгдэл ам.долларын ханш өсөхөд нөлөөлсөн гэж УИХ дахь АН-ын бүлэг буруутгаж байгаа билээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Долларын ханш 2225 төгрөгт хүрлээ

“Найман шарга” валют арилжааны төв дээр амерк долларын авах ханш 2210 төгрөг, зарах ханш нь 2225 төгрөгтэй тэнцэж байна. Евро 2440/2470 байгаа бол Хятадын юань 336/341 төгрөг байна.

Ингэснээр зургаан сарын эхээр 1900 төгрөг байсан долларын ханш огцом өсч 2225 төгрөг болсон нь манай улсад өмнө нь тохиож байгаагүй зүйл болоод байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол Улсаар дамжин өнгөрөх “Транзит тээвэр” өчигдрөөс эхэлжээ

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хэлэлцээрийн хүрээнд транзит тээврийн туршилт өчигдрөөс эхэллээ. Монгол Улс транзит тээврийн системээрБНХАУ, ОХУ-ын хоорондох байгалийн хий болон нефтийн тээврээс 2020 он гэхэд 200 тэрбум төгрөгийн ашиг хүртэхээр тооцоолсон билээ.

Монгол, ОХУ, БНХАУ гурван улс хоорондын байгуулсан Эдийн засгийн коридорыг төв, баруун, зүүн гэсэн гурван чиглэлд байгуулахаар төлөвлөөд байгааюм. Зүүн чиглэлд Эрээнцав-Чойбалсан-Баруун урт-Бичигтийг холбосон авто зам тавихаар яригдаж байна.

Харин төмөр замын хувьд Чойбалсан-Хөөт-Бичигтийг дамжих аж. Баруун чиглэлд Арцсуурийн боомтоос урагш БНХАУ-ын Шинжаан-Уйгурыг чиглэсэн төмөр зам тавина. Ингэснээр авто зам нь Цагаан нуур-Өлгийн-Ховд-Булганыг дайрна гэсэн төлөвлөгөө боловсруулсан байна.

Монгол, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд Азийн автозамын сүлжээний АН-3 чиглэлээр дамжин өнгөрөх транзит тээврийг БНХАУ-ын Тяньжины боомтоос эхлэн Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин ОХУ-ын Улаан-Үд хүртэл маршрутаар явуулж байхаар тохиролцсон билээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.доллар 2200 төгрөгтэй тэнцлээ

Өнгөрөгч зургаадугаар сараас өссөн ам доллар, сүүлийн хоёр өдөр огцом өслөө. Тодруулбал “Найман шарга” зах дээр нэг ам.доллар 2200 төгрөгтэй тэнцэж байгаа аж. Харин арилжааны банкуудад нэг ам.доллар 2170-2188 төгрөгийн ханштай байна. Монголбанкны ерөнхийлөгчийн “ам.долларын нөөцгүй болсон” гэх мэдэгдлийн дараа долларын ханш огцом хөөрсөн. Хэрэв Засгийн газар, төв банк яаралтай арга хэмжээ авахгүй бол ханшаа ч алдаж мэдэхээр байна гэж эдийн засагчид сануулж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Нэг ам.доллар 2155 төгрөгтэй тэнцлээ

Сонгуулийн өмнө 1965 болтлоо буурсан долларын ханш долоодугаар сараас хойш үргэжилсэн өсөлт үзүүлсээр байгаа билээ. Өнөөдрийн байдлаар долларын ханш 2155 төгрөгтэй тэнцээд байна. Тухайлбал Монголбанк нэг ам.доллар 2132 төгрөгийн ханштай байгаа бол”Номин Карт” ББСБ нэг ам.долларыг 2147 төгрөгөөр авч, 2150 төгрөгөөр зарж байна. Харин “найман шарга” зах дээр нэг ам.долларыг 2150 төгрөгөөр авч, 2155 төгрөгөөр арилжаалж байна.Ханш өсөх шалтгаан нь экспортын орлого багасч, хөрөнгө оруулалт хасахтай гарсан аж. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан төв банкны валютын нөөцийг хасахтай хэмээн зарласан нь эдийн засагт “түймэр” тарьж мэдэхээр байдал үүсгээд байгаа хэмээн эдийн засагчид хэлж байна.

Улсын төсөвт нэг ам.долларыг 2030 төгрөгөөр бодож суулгасан билээ. Тэгвэл өнөөдөр ам.долларын ханш 2155 төгрөгтэй тэнцсэн нь төсөвт суулгаснаас 115 төгрөгөөр илүү гараад байгаа аж. Цаашид эдийн засагчдын зүгээс долларын ханшийг өснө гэсэн урьдчилсан дүгнэлтийг хийж байгаа юм. Ирэх оноос эхлэх Чингис бондын өрийг төлөөд эхэлбэл долларын ханш тогтворжих магадлал багатай хэмээн үзэж байна. Учир нь “Оюутолгойн” далд уурхайн хөрөнгө оруулалтаас өөр гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдээгүй аж.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк энэ жил 20 тонн алт худалдан авахаар төлөвлөжээ

Өнгөрсөн онд Монголбанк алт олборлогч иргэн, аж ахуй нэгжээс 13 тонн алт худалдан авч валютын цэвэр нөөцийг 396 сая ам доллараар нэмэгдүүлж байсан. Харин энэ жил 20 тонн алт худалдан авахаар төлөвлөжээ. Хагас жилийн байдлаар нийт 6.5 тонн алт худалдан авсан бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 72 хувиар өсчээ.

Өнгөрсөн жил урт нэртэй хуульд өөрчлөлт оруулснаар 200 гаруй компаний гацаанд ороод байсан лиценз сэргэснээр Монголбанкинд тушаах алтны хэмжээ өссөн байна. Нөгөө талд алтны ханш он гарсаар 27 хувиар өссөн нь алт тушаалтад эерэгээр нөлөөлж байна. Өнөөдрийн байдлаар олон улсын зах зээл дээр алтны ханш 1336 ам.доллар байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ эдийн-засаг

Арилжааны банкууд ам.долларын худалдааг түр зогсоолоо

Өнгөрөгч долоодугаар сарын эхээр ам.долларын ханш монгол төгрөгний эсрэг чангарсаар өнөөдөр нэг ам.доллар 2138 төгрөгтэй тэнцэж байна. Найман шарга валют арилжааны төвд нэг ам.долларыг 2132 төгрөгөөр худалдан авч, 2138 төгрөгөөр арилжиж байна. Харин арилжааны банкууд ам.долларыг 2115 төгрөгөөр худалдан авч, 2131 төгрөгөөр арилжиж байгаа бол зарим арилжааны банкууд долларын худалдааг түр зогссон талаарх мэдээлэл байна.

Улмаар ам.долларын ханш өсөхтэй зэрэгцээд Төвбанкнаас валютын зах зээлд оролцож эхэлсэн ч ханшийг тогтоож дийлэхгүй хэвээр байгаа аж. Ам.доллар болон бусад голлох валютын ханш өссөн нь манай улсын худалдааны зах зээлд хэдийн нөлөөлж эхэлсэн хэмээн эдийн засагчид хэлж байна. Импортын барааны татварыг ам.доллараар тооцон авдгаас үүдэн тухайн барааны үнэ өсөхөд нөлөөлсөн ажээ. Тухайлбал, сүүлийн нэг долоо хоногт гадны улс орноос оруулж ирж буй автомашины үнэ хамгийн багадаа 300 мянган төгрөгөөр нэмэгдсэн хэмээн автомашины ченжүүд болоод албан ёсны борлуулагч компаниуд мэдээлж байна . Мөн зарим өргөн хэрэглээний барааны үнэ 0.3 хувиар өсчээ. Энэ хандалга цаашид ч өсөх магадлалтай хэмээн мэргэлжилтэгүүд анхаарууллаа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Шинэ төр засаг америк долларын өмнө цагаан тугаа өргөв

“Найман шарга” дээр америк долларыг 2075 төгрөгөөр авч, 2082 төгрөгөөр зарж байна. Төв банкны ерөнхийлөгч орой үдшээр сандран байж тамгаа хүлээж авснаас хойш ноён ногооны ханш аажимдаа нэмэгдсэн үү гэхээс унаагүй. Сонгууль хүртэл 2000 хавьцаа тогтворжиж байсан доллар өссөөр буйг монголчууд энэ өдрүүдэд нүдээрээ харж, биеэрээ мэдэрч сууна. Ам.долларын ханш ирэх өдрүүдэд ч өгссөн зурагтай үргэлжилнэ гэдэгт эргэлзэх юм алга. Н.Баяртсайханы хувьд Н.Золжаргал шиг Монголбанкинд олон жил ажилласан, дэд ерөнхийлөгчийнх нь албанаас шууд томилогдсон хашир бурхи биш. Төв банкинд шинэ хүн учраас тэр ажилтайгаа танилцаж суугаа. Шинэ ерөнхийлөгч одоохондоо ам.долларын ханшийг хазаарлах дээр ямар нэг алхам, шийдвэр гаргаагүй учраас ингэж дүгнэж байна л даа. Хатуухан хэлэхэд Төв банкны ерөнхийлөгч хэт сулбагар байна. Өмнөх удирдлагын хүчтэй байр суурь, шийдмэг зоримог алхмууд ингэж хатуу дүгнэх шалтгаан болсон байж мэдэх юм.

Долларын ханш цаашдаа ч өснө гэж итгэлтэй дуугарах шалтгаан бэлхнээ нүдэн дээр хөвөрч байна. Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайдын өгсөн анхны даалгавар нь эдийн засаг гадарладаг хүнд бол Итгэлт баяны хэлдгээр ёстой нөгөө “ичмээр дамшиг”. “Тэтгэврийн зээл авагсдын зээлийн хүүг бууруул” гэсэн лүндэн гүйцэтгэх засаглалын тэргүүний амнаас унахыг энэ чихээрээ сонслоо. Гайхалтай шүү, зээлийн хүү буурахаар хадгаламжийн хүү буурна, хадгаламжийн хүү буурахаар төгрөгөөр мөнгөө хадгалуулсан нөхөд хадгаламжаа татна, мөнгөө авсан хүн яахав арай найдвартай юм гээд доллар болгоно, үр дүнд нь төгрөг шалан дээр навс унана гэдгийг эрхэм Ерөнхий сайд уг нь мэдэхийн цаагуур мэдэх учиртай. Хадгаламжаа татсан зарим нь сая хэлсэнчлэн долларын хадгаламж болгоно. Дажгүй мөнгөтэй нь бол таатай орчин хайж оффшор энэ тэр гээд явахаас яах билээ, буруутгах шалтгаан лав тэр үед гарахгүй.

Н.Золжаргалд нэг онцлог бий. Тэр мөнгөний бодлогыг өчнөөн жилээр харчихсан учраас, санхүүгийн хувьд биеэ бүрэн даачихсан болохоор Засгийн үгийг дөлгөөхөн гэгч нь сонсч суугаад өрөөндөө ороод хэрэгжүүлчихдэг Төв банкны тэргүүн байгаагүй. Монголбанкны өнгөрсөн жилүүдийн түүхийг сөхөхөөр харж мэдэрсэн хэрнээ “no” гэж зоригтой дуугарч чадахгүй, өөрт нь албан тушаал өгсөн намынхаа заавар журмаар хөдөлдөг мөнгөний бодлого тодорхойлогчид олон байсан. Лав л түүнээс өмнөх мөнгөний бодлого тодорхойлогчид яг ингэж хөдөлж байсан шиг санагддаг. Харин тэр огт өөр уур амьсгалыг нийгэмд авчирсан. Засагт нөлөөлж чадсан Монголбанкны ганц ерөнхийлөгч гэвэл ажлаа өгөөд удаагүй байгаа Н.Золжаргал. Золоогийн үгийг Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг хоёр сонссон. Харин Баяртсайханы үгийг Ерөнхий сайд Эрдэнэбат сонсох болов уу? Эсрэгээрээ төв банкны ерөнхийлөгч Засгийн газраа сонсч таарна. Н.Баяртсайханыг сайн улстөрч, сайн санхүүч, сайн эдийн засагч гэдгийг нь үгүйсгэхгүй. Гэхдээ өмнөх ерөнхийлөгч шиг засгийн эсрэг дуугарч, холыг харсан хүчтэй лобби хийнэ гэдэг юу л бол. МАН нэг дуутай. Дээрээс хэлсэн л бол Богдын лүндэн лугаа дагадаг онцлогтой нам. Дээр нь манай төв банкны ерөнхийлөгч олны шүүмжилж байгаачлан “коммунист эдийн засагч”. Хуучин нийгмийн үед ахисан шат, хашиж байсан албан тушаал нь ийм сэтгэгдэл, дүгнэлт төрүүлдэг. Хувь лидерийн чанар, дэлхийн санхүүгийн зах зээлтэй улсаа уяж хараад бусад юу гэсэн ч хамаа алга, минийх л зөв гэж бардам бодоод итгэлтэй алхах зориг лав энэ хүнээс гарахгүй.

Тэгэхээр тэтгэврийн зээлийн хүү лавтайяа буурна. Нэмж хэлэхэд гүйцэтгэх засаглалын тэргүүний үүрэг даалгаврыг УИХ-ын гишүүд, хууль тогтоочид нэн таатайгаар толгой дохин сонсч суугаа. Тэд дэмжихээр төр засгаас албан ёсны шийдвэр гарч таарна. Тодруулбал, тэтгэврийн зээлийн хүү эргэлзээгүй буурна. Үр дүнд нь яана гэж санана. Ээж, аав, эмээ, өвөөгийнхөө тэтгэврийн зээлээр аж төрдөг ажилгүйчүүдийн эгнээ тэлнэ. Саяхан даа, сонгуулийн өмнөхөн тэтгэврээ авах гэж банкинд дугаарлаж зогссон ээжийгээ отож байгаад мөнгийг нь булаасан хэрэг гарч байсан. Ийм нөхөд өчнөөн бий. Тэтгэврийн зээл үнэн хэрэгтээ тэдэнд л хаяглагддаг. Түүнээс биш аятайхан амьдарч яваа хүмүүс ээж, аавынхаа тэтгэврийн зээл рүү орно гэж юу байхав. Олны үгийг нь хүлээн зөвшөөрч сонсдог эдийн засагч тэтгэврийн зээлийг “дарангуйлал” гэж тодорхойлсон нь зүгээр ч нэг сэтгэлийн хөөрлөөр хэлсэн үг биш. Тэтгэврээ урьдчилж бөөнөөр нь зээлээд тансаглая, гадаад дотоодоор аялъя гэж банк руу алхах настнууд байна гээд төсөөл дөө. Одоохондоо бол ийм настан байхгүй. Ингээд харахаар энэ зээлийгхарин ч бодлого гаргаж байгаад хоримоор санагддаг. Ерөнхий сайд шиг хөгжүүлэн дэвжүүлье гээд улаан тугаа өргөөд урагшилбал сайн юм дуулгахгүй зээл.

МАН-ын Засгийн газрын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг сөхье. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах бол юу ч биш. Зүүний чиглэлийн нам болоод тэр үү мөрийн хөтөлбөрөөс нь халамжийн амлалт түүвэл өчнөөнөөрөө. Төрийн албаны цалинг хоёр дахин нэмэгдүүлнэ, дөрвөн хүүхэд төрүүлсэн эмэгтэйд байр өгнө, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт ялгаваргүй олгоно, тэтгэврийн хэмжээг нэмнэ гэж ирээд ёстой нэг амлаж гарсныг сонгогчид тов тодорхой санаж суугаа. Ерөнхий сайдын сүүлд гаргасан тэтгэврийн зээлийн хүүг багасгах даалгавар ч намынх нь мөрийн хөтөлбөр дээр цагаан дээр хараар дурайж байна лээ, зав гаргаад сөхөөд үзээрэй. МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан л бол хэрэгжүүлнэ гээд зүтгэж таарна. Бодлогоо Н.Баяртсайханаар дамжуулан хэрэгжүүлэх нь бас гарцаагүй. Төв банкны шинэ ерөнхийлөгч “намын заасан замаар” гээд алхах нь тодорхой. Тэгэхээр Н.Золжаргалын үед ажилгүй нөхдийг ажилд оруулах зээлийн бодлого хэрэгжиж, үндэсний үйлдвэрлэл жинхэнэ утгаараа сэргэж эхэлсэн бол Н.Баяртсайханыг алба хаших цагт ажилгүйчүүдийн эгнээ улам өргөжиж өнгөрсөн дөрвөн жилд овоо өөдрөг явсан үйлдвэрлэгчид хаалгаа барьж эхэлнэ. Гэхдээ энэ бэрхшээлээс гарах гарц бий. Эрдэнэбат Ерөнхий сайд чигээ зөв харж мэдрээд цааш алхвал болохгүй зүйл бас үгүй. Мэдээж энэ бол засгийн шийдэх асуудал. Халамж уу, үйлдвэрлэл дагасан хөгжил үү?…

МАН-ын хачин дургүй бас нэг зүйл бий. Тэр нь бонд. Улсдаа байгаа боломжоо яриад хөрөнгө оруулагчдаас мөнгө татна гэдэг угтаа гэмт хэрэг биш, гавьяа зүтгэл. Гэтэл яагаад ч юм МАН бондод жигтэйхэн өстэй. Бондын үнэ цэнийг мэдэрдэг, бондгүй бол оршин тогтноход бэрх гэдгийг мэддэг МАН-д данстай эдийн засагчид ч “гайхал бонд”-д тун дургүй. Солонгос, Америк гаднаас их мөнгө татаж дэд бүтцээ байгуулсан, дэд бүтцээ төгс утгаар нь шийдсэн учраас үйлдвэрлэлээ хөгжүүлсэн, үйлдвэрлэлээ оргилд нь тултал хөгжүүлсэн учраас дэлхийн энд яригддаг гэдгийг МАН-ын томчууд мэддэггүйдээ ингэж “тэнэгтдэг” гэвэл хэтэрхий гэнэн дүгнэлт болно. Зүгээр л АН эхлүүлсэн, эхлүүлээд хийж чадсан, хийгээд бүтээж чадсан учраас л тэд бондод өр зүрхнээсээ харшлаад байдаг юм.

МАН бас гадаадын хөрөнгө оруулалтад таатай ханддаггүй. Гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн хуулийг анх санаачилсан хүн гэхэд л МАН-ын Г.Занданшатар. Ирээдүйн үнэ цэнээ мэдрүүлж бонд босгож доллар олж ирэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж том төслүүдээ хөдөлгөх бол доллар галзуурахгүй, төгрөг шалдаа унахгүй байх том суурь. Бас эдийн засаг хөл дээрээ тогтох, үйлдвэрлэл хөгжих, ажилгүйчүүд ажилтай болох, уяачид бөхчүүдийг биш баялаг бүтээгчдийг хүндэтгэж үнэлэх цагийн тулах цэг нь ерөөсөө л бонд ба гадаадын хөрөнгө оруулалт. Эдийн засаг ингэтлээ хүндэрсэн цагт гаднаас доллар татахгүйгээр бүтээн байгуулалт өрнүүлж, мега төслүүдээ хөдөлгөж, эдийн засгаа сэргээнэ гэдэг мянгуужингийн үлгэр. Улстөр хийнэ гэдэг нэг хэрэг. Улсаа авч явж, иргэдийнхээ амьжиргааг өөд нь татна гэдэг бас өөр хэрэг. Үнэнийг хэлэхэд МАН-ын амласан халамжийн гоё өгүүлбэрүүдийг Ерөнхий сайд нь тоть мэт давтаж, тэрийг нь төв банк цэрэг мэт хэрэгжүүлээд явбал долларын ханш 2200 төгрөг хүрэх энүүхэнд. Түүнээс цааш хэд хүрч галзуурахыг тэнгэр бурхан, Монголбанкны ерөнхийлөгч биш МАН-ын чин зориг л мэдэх хэрэг. Өнөөдөр бол шинэ төр америк долларын өмнө цагаан тугаа өргөчихөөд байна.

Ямартай ч өмнөх ерөнхийлөгчийн буянаар өнөөдөр инфляци нам дор хэвээр, валютын нөөц импортынхоо дөрвөн сарын хэрэглээг хангачихаар хэмжээний байна. Тодруулж хэлбэл, бид 1.2 тэрбум ам.долларын валютын нөөцтэй налайж суугаа. Дэлхийн бусад орон гурван сарын импортын хэрэглээний бараагаа авах валютын нөөцтэй бол санаа амар аж төрдөг гээд бодохоор давгүй үзүүлэлт. Товчхондоо ноён ногоон хэд хүрч галзуурахыг засгийн ирэх өдрүүдийн бодлого л тодорхойлох нь байна.