Categories
мэдээ эдийн-засаг

“Эрдэнэс-Таван толгой” компанийн захирлаар Д.Ариунболдыг томилжээ

Төрийн өмчит “Эрдэнэс-Таван толгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны шийдвэрээр тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Билгээг чөлөөлжээ. Ингээд тус албан тушаалд Д.Ариунболдыг жинхэлсэн байна. Д.Ариунболд нь Улаанбаатар хотод төрсөн. Тэрээр, ТИС, Удирдлагын академи, Австрали улсад Чөрл Стюрдын их сургуулийг тус тус төгссөн бөгөөд удирдахуйн ухааны магистр, техникийн ухааны магистр цолтой.

2000-2008 онд Мэдээллийн Монцамэ агентлагийн даргаар ажиллаж байжээ. Үүний дараагаар МАН-ын Хяналтын ерөнхий хорооны гишүүнээр ажилласан байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Коксжих нүүрсний үнэ 140 ам.долларт хүрчээ

Өнгөрсөн өвлөөс хойш ган үйлдвэрлэлийн гол түүхий эд болох коксжих нүүрсний үнэ олон улсын зах зээл дээр 80%-иар өсч 140 ам.долларт хүрээд байгаа юм. Харин долоодугаар сараас наймдугаар сарын хооронд Австралийн коксжих нүүрсний үнэ 40%-иар өссөнийг “Metal Bulletin” зах зээл судалгааны байгууллага мэдээлжээ. Коксжих нүүрс болон эрчим хүчний нүүрсний үнэ сүүлийн саруудад ихээхэн өсөлттэй байгаа нь шинжээчдийн дэвшүүлж байсан төлөвөөс хавьгүй эерэг үзүүлэлттэй болоод байгаа юм.

Дэлхийн зах зээлд уг түүхий эдийн эрэлтийн өсөлт саарч нийлүүлэлт нэмэгдэх тул үнэ ханш цаашид доогуур түвшинд хадгалагдана гэж шинжээчид тооцоолж ирсэн. Монголын нүүрсний хувьд зах зээлийн үнийн өсөлтөөс үүдэн экспортын ханш өсөх байдал төдийлөн харагдаагүй хэвээр. Энэ нь Монголын нүүрс ихэвчлэн Хятадын хойд хэсэг буюу Өвөрмонголын харьцангуй хямд үнэ ноёлсон зах зээлд нийлүүлэгддэгээс гадна нүүрсний худалдааны гэрээг улирлаар эсвэл түүнээс дээш хугацаагаар хийдэгтэй холбоотой аж. Түүнчлэн нүүрсний худалдааны нэг сувагтай болохгүй бол дотоодын уурхайнуудын “үнэ ханшаа буулгадаг” өрсөлдөөнөөс үүдэн нүүрсний үнэлгээгээ өсгөх нөхцөлийг хязгаарлаж буй нь үнэн юм.

“Энержи Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Г. Батцэнгэл өөрийн твиттер хуудаснаа “Олон улсын зах зээлийг дагаад нүүрсний үнээ 15 ам.доллараар өсгөх гэж үзлээ. Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” улирлаар нь үнээ 25 доллар дээр фикс хийцэн гээд “янаглаж” байна даа.” “Хятадын нүүрсний ченжүүд Монголд орох орлогоос “хусаад” байна гэж олон жил жиргэсэн.

Үнэхээр ч нүүрсний худалдааны салбарт дагнаж ажилладаг Winsway компани өчигдөр мэдээлсэн оны эхний хагасын тайландаа Монголоос нүүрсийг тонн тутмыг дунджаар 296 юаниар аваад Хятад руу борлуулахдаа дээр нь 199 юань нэмж 495 юаниар худалдсанаар ашгийн хэмжээ ихээхэн нэмэгдсэн тухайгаа тэмдэглэжээ. Өмнөх оны эхний хагаст Winsway компани Монголоос авсан нүүрсээ цааш борлуулахдаа тонн тутамд 65 юань нэмж байжээ. Winsway (нэрээ саяхан E-Commodities Holdings болгож өөрчилсөн) нь тайлант хугацаанд Монголоос нийтдээ 2.17 сая тонн нүүрс тээвэрлэн авч (үүний 90% нь Тавантолгойн нүүрс), үүний 1.78 сая тонныг эцсийн хэрэглэгчдэд борлуулсан байна. Өнгөрсөн оны мөн үед тус компани Монголоос ердөө 0.33 сая тонн нүүрс авч байжээ. Ийнхүү өмнөх оны эхний хагаст 1.78 тэрбум хонконг долларын алдагдал хүлээсэн Winsway энэ оны эхний хагас 4.7 тэрбум хонконг долларын орлоготой, 2 тэрбум хонконг долларын ашигтай ажилласнаа дуулгажээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол банк 12 сая ам.доллар худалдан авлаа

Монголбанк өнөөдөр валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар банкууд 2212.00-2234.00 төгрөгийн ханшаар 2.7 сая ам.доллар худалдан авах, 2230.00-2237.00 төгрөгийн ханшаар 12.8 сая ам.доллар худалдах, 330.00 төгрөгийн ханшаар 1.7 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 2230.00 төгрөгийн хаалтын ханштайгаар 12.0 сая ам.доллар худалдаж авлаа.

Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард арилжаанд банкууд 68.4 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100% биелүүлэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.доллар 2233 төгрөгтэй тэнцлээ

Монголбанкны өнөөдрийн зарласан ханшаар нэг ам.доллар 2233 төгрөг 56 мөнгөтэй тэнцэж байна. Харин “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларыг 2220 төгрөгөөр худалдан авч, 2230 төгрөгөөр арилжиж байгаа бол арилжааны банкууд нэг ам.долларыг 2230 төгрөгөөр худалдан авч 2263 төгрөгөөр зарж байна. Мөн манай улсын голлох валют болох БНХАУ-ын юань 330 төгрөгтэй тэнцэж 0,3 хувийн бууралт үзүүлсэн байгаа бол ОХУ-ын рубль 36 төгрөг 40 мөнгөтэй тэнцэж 0.1 хувийн өсөлттэй байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Долларын ханш 2260 төгрөгт хүрчээ

Долларын ханш зурган илэрцүүдДолларын ханш тасралтгүй өссөөр өнөөдрийн байдлаар “Найман шарга” валют арилжааны төвд нэг ам долларыг 2250 төгрөгөөр худалдан авч, 2260 төгрөгөөр арилжиж байгаа бол Евроны ханш 2545 төгрөг, Юаны ханш 338 төгрөг байгаа юм байна. Харин Төвбанкны өнөөдрийн зарласан ханшаар 2253 төгрөгтэй тэнцэж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Б.Мөнхзаяа: Хадгаламжийн даатгалын тухай ойлголтыг иргэдэд өгөх хэрэгтэй байна

Банкны системийн дампуурлын талаар хөндөн илтгэл тавьсан судлаач Б.Мөнхзаяа иргэдэд дараах сануулгыг өгч байна. Тэрбээр “Төгрөгийн хадгаламжийн нөөц буурч, банкны эрсдэл ихэсч байна. Мөн иргэдийн чанаргүй зээл их байна. Тэгэхээр өнөөгийн эдийн засгийн хямралын дараагийн шат банкууд дээрээ илрэх болов уу. Тиймээс хадгаламжийн даатгалын тухай иргэдэд ойлголт өгөх хэрэгтэй байна. Нэг л өдөр банкууд дампуурч магадгүй шүү. Иргэд үүнд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Тиймээс хадгаламжаа заавал даатгуулах хэрэгтэй гэж би мэргэжлийн хүний хувьд зөвлөж байна. Төсөв хүндэрснээс шалтгаалаад маш олон тодотголуудыг хийлээ. Жишээ нь хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт өгөх, төрийн албан хаагчдын тэтгэвэрт гарахад өгдөг 36 сарын цалинг өгөхгүй, оюутны 70 мянгыг өгөхгүй гэх мэт маш их таналт хийгдлээ. Мөн цаашлаад судлаачид бид Ипотекийн зээлийг ч зогсоох ёстой гэсэн байр суурин дээр байгаа. Үүнд Засгийн газрийн байгууллагад найдах хэрэггүй. Тэд өөрсдийнхөө амлалтыг бодоод алхам хийж чадахгүй байна. Гэхдээ энэ зээл хязгаарлагдаж байж манай улс хөл дээрээ босно. Мөн банкны секторын өөрийн хөрөнгийг нэмэгдүүлж, эрсдэл даах чадварыг сайжруулж, банкны салбар дахь хяналт шалгалтыг сайжруулах хэрэгтэй” гэв.

О.ӨНӨР

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк 26.5 сая ам.долларыг валютын захад нийлүүллээ

Өнөөдөр буюу наймдугаар сарын 23-нд арилжааны банкууд 2239 – 2245 төгрөгийн ханшаар 4.6 сая ам.доллар худалдан авах, 2264 төгрөгийн ханшаар 0.5 сая ам.доллар худалдах, 333 -337 төгрөгийн ханшаар 16.3 сая юань худалдан авах, 339 -339 төгрөгийн ханшаар 1.8 сая юань худалдах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 337 төгрөгийн хаалтын ханштайгаар 5.8 сая юанийг нийлүүллээ.

Мөн своп, форвард арилжаа хийгдлээ. Банкууд 26.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн, 8.4 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк төгрөгийн “своп” хэлцлээр 26.5 сая ам.долларыг валютын захад нийлүүлж, ам.долларын “своп” хэлцлээр 1.4 сая ам.долларыг худалдан авсан талаар Монголбанкны валют арилжааны албаас мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Б.Эрдэнэбат: “IMF Стэндбай” хөтөлбөрт хамрагдвал тухайн улс дотооддоо хуулиа баримтлах дэг журам алдагддаг

Өнөөдөр буюу наймдугаар сарын 23-ний өдөр Монголын тэргүүлэх эдийн засагч, багш, судлаач эрдэмтэд цугларан Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн Монголын эдийн засгийн уналтын талаарх мэдэгдлийг тойрсон асуудлын хүрээнд хэлэлцүүлэг хийлээ.

“Монголын эдийн засгийн өнөөгийн байдал, хүндрэл, гарц, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэгт МУИС-ийн багш, доктор Ч.Хашчулуун, МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн профессор Б.Эрдэнэбат, МУИС-ийн багш доктор, профессор Ч.Энхбаяр, Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат, СЭЗДС-н Санхүү удирдлагын тэнхимийн эрхлэгч Б.Мөнхзаяа, доктор Ж.Дэлгэрсайхан, Б.Алтанцэцэг нарын тэргүүтэй хүмүүс оролцож санал бодлоо солилцлоо. Эдийн засгийн ухааны доктор Б.Алтанцэцэг “Төлбөрийн тэнцэл, ханшид учирч буй дарамт” сэдвээр илтгэл тавьсны дараа хэлэлцүүлэг эхэллээ.

Доктор Б.Алтанцэцэг: Төгрөгийн ханш бидэнд ил харагдаж байгаа учир оролдохоо байчихъя. Системтэй том хэмжээний шок орж ирвэл эдийн засгийн хувьд эсрэг зогсох арга бол бидэнд байхгүй боллоо шүү дээ. Мэргэжлийн хүмүүсийн дуу хоолой их хэрэгтэй байна. Гэхдээ хэлэлцүүлэг хийгддэг ч ямар ч үр дүн гардаггүй, эргээд тайлагнадаг систем байвал зүгээр байна.

Г.Бумчимэг:

Монгол банкинд 10 гаруй жил ажиллаа. Ипотекийн зээлээ нэмэгдүүлээд байгаа нь сонин байна. Монгол банк урсгал тэнцлийг ашигтай болгохоор явж байгаа. Гэтэл урсгал тэнцэл, цэвэр нөөцөө хасах болчихоод байна. Тиймээс Монголбанк байр суурин дээрээ байна уу гэдэг нь эргэлзээтэй байна.

Ч.Энхбаяр:

Сүүлийн хоёр гурван жилийн судалгааг хараад ярилцсан бол илүү ашигтай байх байсан болов уу. Монголбанк бодлогын хүүгээ яагаад өсгөв, мэдээж үндэслэлүүд байгаа байх. Гэхдээ яаж санхүүжилтээ авах вэ гээд өөрсдийн зүгээс хэлэлцүүлэг хийгээд явсан бол илүү үр дүнтэй байх байсан болов уу. Хөрөнг оруулалт буурчихлаа. Нийт эрэлт буурчихлаа. Дээрээс хоёр талаас хумих бодлого явуулаад тал талаас нь балбаад байвал ямар эрсдэл учрах вэ, энэ тал дээр судлаачидтай ярилцсан бол дээр байсан юм. Сангийн яамнаас ирэх онд дахин ийм хэлэлцүүлэг хийнэ. Ханш тогтворгүй байвал намаас л боллоо гэж үздэгээ болих хэрэгтэй.

Ж.Дэлгэрсайхан:

2011 оноос хойш орох урсгал татарсан, гарах урсгал ч татарсан. Чингис, Самурай бонд гэх мэтээр гаргасан. Гадаад худалдаа бага байх нь илүү ашигтай нөхцөл үүсгээд байх шиг харагдаж байна.

Ч.Хашчулуун: Олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах хэрэгцээ, шаардлага” сэдвээр илтгэл тавилаа.

“IMF-Стэндбай” хөтөлбөрт Монгол Улс зайлшгүй хамрагдах ёстой гэсэн байр суурьтай байна. Энэ хөтөлбөр ядуу буурай орнуудад зориулсан зээлээ50 хувиар нэмсэн. 12 сараас хойш өнөөгийн нөхцөл байдал тодорхой байсан. Зарласан нь л саяхан болохоос биш. Машинаар яривал хэчнээн тооромсолсон ч хад мөргөх нь тодорхой эдийн засгийн нөхцөл байдалд бид байна.

Б.Эрдэнэбат:

“IMF Стэндбай” хөтөлбөрт хамрагдвал тухайн улс дотооддоо хуулиа баримтлах дэг журам алдагддаг. Жишээ нь “IMF”-с хүн ирэхгүй бол УИХ-ын чуулган ч хойшилж байсан туршлага манайд байгаа. Хэтэрхий нэг газраас хамааралтай болчих гээд байдаг. Монгол Улс энэ хөтөлбөрт хамрагдсаар хэтэрхий хар тамхи шиг донтчихвий. Дотооддоо хариуцлагаа тооцоод явдаг механизм байхгүй болж монголын эдийн засагчид ямар ч хэрэггүй болчих тал бий шүү.

О.ӨНӨР

Categories
мэдээ эдийн-засаг

“Оюутолгой” компани оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө 9-р сард зарлана

Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “Оюутолгой” компани нь оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө ирэх 9-р сард зарлахаа мэдэгдлээ. Тус тэтгэлэгт өдрийн ангийн 2-оос дээш курсын, голч дүн нь 3.2-оос дээш оноотой оюутнууд хамрагдах боломжтой юм. Тэтгэлэгт хамрагдсан оюутнуудад жилийн сургалтын төлбөр, сар бүр 200,000 төгрөгийн тэтгэлэг, хөдөө орон нутгийн оюутнуудын дотуур байрны төлбөр, “Оюу толгой” компаниас зохион байгуулах хөгжлийн сургалтуудад хамрагдах, сонгогдсон оюутнууд тус компанид дадлага хийх зэрэг боломжтой аж. Энэхүү тэтгэлэгт уул уурхай, металлурги, баяжуулалт, механик, цахилгаан болон барилгын инженер, геологи, геодези, хими, орчин ба хөдөлмөрийн эрүүл мэнд, байгаль орчны чиглэлээр суралцаж байгаа оюутнууд хамрагдах боломжтой юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Манай улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг бууруулжээ

Олон улсын үнэлгээний “S&P” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэл “B” байсныг “B-” болгож бууруулжээ. Тодруулбал, Монголын арилжааны банкуудын эрсдэлийн түвшинг өсгөөд байсан тус байгууллага урт хугацааны зээлжих зэрэглэлийг бууруулсан үндэслэлээ “Төсвийн зарцуулалт танагдсан, гадаадын хөрөнгө оруулалт дорвитой сэргэж чадахгүй байгаагаас гадна экспортоос олох орлого буурч” байгаатай холбон тайлбарласан аж.

Урт хугацааны зээлжих зэрэглэлийг ийнхүү бууруулсан бол богино хугацааны зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээсэн байна. Харин ирэх 12 сарын хугацаанд “Оюу Толгой”, “Тавантолгой” төслүүд урагшилбал зээлжих зэрэглэлийг өсгөх боломжтой талаар холбогдох байгууллагаас дурджээ.