Categories
мэдээ эдийн-засаг

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 2.8 их наяд төгрөгт хүрчээ DNN.mn

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны 1 дүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 2.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.5 (2.2 дахин) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 2.7 их наяд
төгрөгт хүрч, 1.6 (2.5 дахин) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Энэ оны нэгдүгээр сард 9305 суудлын автомашин импортолжээ DNN.mn

Энэ оны нэгдүгээр сард импорт өмнөх оны мөн үеэс 247 сая ам.доллароор өссөнийг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Ийнхүү өсөхөд

  • суудлын автомашин 60.1 сая ам.доллар
  • авто бензин 32.2 сая ам.доллар
  • нийтийн тээврийн хэрэгсэл 28.1 сая ам.доллар
  • цахилгаан шуудан утасны холбооны аппарат 10.2 сая ам.доллар
  • бульдозер, авто хусуур, индүүдэгч, тэгшлэгч, экскаватор 9.6 сая ам.доллар
  • хар төмөр бүтэц, эд анги, барилгын эдлэл 8.9 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Categories
мэдээ эдийн-засаг

Монголын эдийн засаг 7 хувиар өсчээ DNN.mn

Үндэсний статистикийн хорооноос 2023 оны урьдчилан гүйцэтгэлээр Монгол Улсын эдийн засаг ямар гарсныг танилцууллаа.

 Дотоодын  нийт  бүтээгдэхүүн 2015 оны зэрэгцүүлэх үнээр 30.5 их наяд төгрөг болж, өмнөх оноос 2.0 (7.0%) их наяд төгрөгөөр өслөө. Энэ нь өмнөх оныхоос хоёр хувиар өссөн дүн юм. Монгол Улсын эдийн засаг 2020 онд -4.6 хувиар буурч, 2021, 2022 онд 1.6 хувиар өссөн. Эдийн засаг 2022 оноос аажмаар сэргэсээр 2023 онд 7 хувиар өссөн байна.

Эдийн засгийн өсөлтийн 2.6 хувийг уул уурхай, олборлолт, 4 хувийг үйлчилгээний салбарын ашиг орлого, татвараас бүрдүүлжээ. Харин хөдөө аж ахуйн салбар -1.3 хувийн бууралттай гарсан байна.

Уул уурхай, орборлолтын салбарын нэмэлт өртөг 2023 оны жилийн эцэст 3.9 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 733 тэрбум төгрөгөөр, үйлчилгээний салбарын өртөг 14.7 тэрбум болж өмнөх оныхоос 162 их наяд төгрөгөөр тус тус өссөн нь эдийн засгийн өсөлтөд голлон нөлөөлжээ.

ДНБ-ий эцсийн  хэрэглээнд 59.7 хувь,  хөрөнгийн  нийт хуримтлалд 31.7 хувь, цэвэр  экспорт 8.6 хувь (үүнээс  экспортод 76.3 хувь, импортод 67.7 хувь) зарцуулагдаж,  өмнөх оноос цэвэр экспорт 14.7 нэгж хувиар  нэмэгдэж, эцсийн хэрэглээ 4.8 нэгж хувиар, хөрөнгийн  нийт хуримтлал 9.9 нэгж хувиар буурчээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Мөнгөний нийлүүлэлт 37.5 их наяд төгрөг болжээ DNN.mn

ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны 1 дүгээр сарын голлох үзүүлэлтүүдийг танилцуулж байна.

Мөнгөний нийлүүлэлт 37.5 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 7.8 их наяд төгрөгөөр өсчээ. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 58.6 хувь нь, 40.6 хувь хувийн байгууллага, 0.7 хувь нь төрийн байгууллагын өрийн үлдэгдэл байна.

Нийт зээлийн өрийн үлдэгдэл 27.7 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 23.3 хувиар өсжээ. Чанаргүй зээл 2 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 14.8 тэрбум төгрөгөөр өсчээ.

Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ энэ оны нэгдүгээр сард 2.8 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 2.2 дахин өсчээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Инфляцад импортын барааны үнэ 34.2 хувиар нөлөөлжээ DNN.mn

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны нэгдүгээр сарын голлох үзүүлэлтүүдийг танилцуулж байна.

Энэ оны нэгдүгээр сард инфляц улсын хэмжээнд 7.6 хувьтай гарсан бөгөөд өсөлтийн хурд өмнөх оны мөн үеэс 4.7 нэгж хувиар буурсан. Үүний 3.2 нэгж буюу 42.7 хувиар хүнсний бүлэг нөлөөлж байгааг Үндэсний Статистикийн хорооноос мэдээллээ. Инфляцад импортын барааны үнэ 34.2 хувиар нөлөөлсөн аж.

Эргэн сануулбал 2023 оны арванхоёрдугаар сард инфляц 7.9 хувь гарч байсан юм.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

1072 хувьцааны ногдол ашиг 256 мянган төгрөгийг дөрөвдүгээр сард олгоно DNN.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 266 төгрөг буюу 1072 хувьцаа эзэмшигч иргэн бүрдээ 285 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэв.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газраас тус компанид онцгой дэглэм тогтоон, нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулж, үйл ажиллагаа нь эрс сайжран, 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3.2 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай байна. Үүний үр дүнд 1,072 хувьцаатай Монгол Улсын иргэн та татварын дараах дүнгээр 256 000 төгрөгийн ногдол ашиг хүртэнэ.Санхүүгийн тайлан аудитаар орсны дараа 2024 оны 03/25-04/8-ны хооронд багтаан ноогдол ашиг олгоно.

Эх орныхоо эрдэнэс баялгаас иргэн бүр хүртдэг шинэ сайн жишиг тогтож байна. Ийнхүү сайн жишиг хэвшин батжиж, компанийн ашиг нэмэгдэхийн хэрээр иргэдийн хүртэх үр өгөөж жилээс жилд өссөөр байх болно.

2022 оны ноогдол ашиг 104 000 төгрөг

2023 оны ноогдол ашиг 256 000 төгрөг” гэлээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Засгийн газрын тусгай сангуудаас олгосон 7.6 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зээлийг төлүүлжээ DNN.mn

Прокурорын байгууллага төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авч ажиллажээ.

Ингэснээр 2023 онд 258 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлсэн нь 2022 оноос 3.7 дахин өссөн байна.

Төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг нөхөн төлүүлсэн байдал:

  1. Хөгжлийн Банкнаас олгосон 245.3 тэрбум, Засгийн газрын тусгай сангуудаас олгосон 7.6 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зээл
  2. Төрийн албан хаагчийг хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсны улмаас төрд учруулсан 131 сая төгрөг
  3. Гэмт хэрэг, зөрчлийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 1.8 тэрбум төгрөг
  4. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 346.1 сая төгрөг
  5. Төрийн байгууллагатай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй 2.4 тэрбум төгрөгийн хохирол, төлбөрийг буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлэх шүүхийн шийдвэр гаргуулжээ.

 

Эх сурвалж: УЕПГ 

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

“Эрдэнэс Тавантолгой” ХК 3,2 сая тонн нүүрс биржээр арилжаалжээ DNN.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 100 багц буюу 640 мянган тонн сул коксжих нүүрс арилжлаа. Арилжаанд 8 худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 89.1 ам.доллароос эхлэн дуудаж, 117.6 ам.долларт хэлцэл хийгдэв.

Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 419.6 сая ам.долларын үнэлгээ бүхий 3,2 сая тонн нүүрсийг биржээр борлуулав.

 

 

Эх сурвалж: “ЭТТ” ХК

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Р.Даваадорж: Нүүрсний дэлхийн зах зээл дээрх үнэ манай эдийн засгийг тодорхойлно DNN.mn

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх, эдийн засгийн ухааны доктор Р.Даваадоржтой ярилцлаа.

-Монгол Улс зах зээлд шилжээд 30 гаруй жил боллоо. Өнгөрсөн хугацааны эдийн засгийн ололттой болон сул талуудыг товчхон дүгнэхгүй юу?

-1991 онд Төв банк болон арилжааны банк гэсэн хоёр шатлалтай тогтолцоонд шилжсэн юм. 1993 онд шинэ мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд оруулснаар өнөөгийн санхүүгийн тогтолцооны суурийг тавьсан. Хөрөнгийн зах зээл үйл ажиллагаагаа эхлүүллээ. Дэлхийн Банкны “ядуу буурай орны” ангиллаас, өндөр-дунд орлоготой орны тоонд багтсан гээд дурдвал эерэг жишээ олон. Гэвч хамгийн чухал нь түүхэн богино хугацаанд Монгол Улсын эдийн засаг, социализмын үеийн зогсонги байдал, шилжилтийн үеийн гүн хямрал, уналтаас бүрэн гарч чаджээ. Хэдийгээр хэд хэдэн удаа томоохон хямралтай нүүр тулсан боловч манай улсын эдийн засаг ойрын ирээдүйд аажимдаа тэлж, өснө гэсэн ерөнхий дүгнэлт хийж болохоор байна.

-Зах зээлийн нийгэмд шилжсэнээр ямар эерэг өөрчлөлт гарав?

-Нийслэлийн гудамжинд багтахаа байсан машин тэрэг, тохилог орон байр, лангуу дүүрэн супермаркетууд, эдэлж хэрэглэж дадсан чамин тансаг хэрэглээ зэргийг дурдаж болох ч, энэ нь учир дутагдалтай. Харин дэлхийн улс орнууд ДНБ хэмжээ, гадаад худалдаа, нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ зэрэг макро эдийн засгийн үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдөж байгаагаар харьцуулж дүгнэлт хийдэг.

Манай улсын нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 1991 онд 364 ам.доллар байсан бол өнгөрсөн жил 5000 ам.доллар давлаа. Эдийн засгийн өсөлтийн бас нэг хэмжүүр нь ДНБ байдаг. 2022 оны статистикээр Монгол Улсын ДНБ-ний хэмжээ 53 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 1990 онд ДНБ 788 сая ам.доллар байсан бол өдгөө 17 тэрбумыг давжээ. Гадаад худалдааны эргэлт 1990 онд 1.6 тэрбум ам.доллар байсан бол 2023 онд 24.4 тэрбум болж хэд дахин өсчээ. Төсвийн орлого 6.5 тэрбум төгрөг байсан бол өнөөдөр 25 их наяд төгрөгөөр яригдаж байна. Эдийн засгийг тодорхойлох макро үзүүлэлтүүд ийнхүү суга өссөн ажээ. Гэхдээ энэ бүхэн манай орны хувьд өөрийн бүх боломж, дотоод нөөц баялгаа бүрэн ашиглаж чадсан гэсэн үг огт биш. Иргэдийн асар их хүлээлт, итгэл найдварт бүрэн гүйцэд хариулт өгч чадаагүй байна.

Туулж өнгөрүүлсэн богино хугацааны түүхээс харахад, эдийн засгийн хязгаарлагдмал эх үүсвэртэй, манай орны хөгжил дэвшил шулуун шугам, өндөр хурдаар явсангүй. Монголын эдийн засагт цаашид ч өөдлөх-уруудах, тэлэх-хямрах мөчлөгүүд тулгарах нь гарцаагүй. Өмнө нь хэд хэдэн удаа тохиож байсан эдийн засаг, санхүүгийн гүн хямралд гадаад хүчин зүйл хүчтэй нөлөөлж байсан нь үнэн. Байгалийн асар их баялгаа зарж байгаа боловч тэр нь өрх гэрийн амьдралд огт орсонгүй. Нэн ядуу иргэдийн тоо ч өндөр хэвээр байна.

-Ингэхэд бид ардчилсан чөлөөт эдийн засгийн зарчмаар явж ирж чадав уу?

-Харамсалтай нь чадсангүй. Улсын төсөв ДНБ-хээ 40 орчим хувийг эзэлдэг. Манай дэд бүтцийн дулаан, цахилгаан, эрчим хүчний салбар бүгд улсын мэдлийнх. Санхүүгийн салбарт Төрийн банк, Хөгжлийн банк бий. Экспортын үндсэн тээвэр хийх төмөр зам улсын мэдэлд байна. Хөрөнгийн бирж дийлэнх хувь төрийн өмч. Өнөөдөр төр хувийн хэвшилтэй зэрэгцэн бизнес хийгээд зогсохгүй тэднээс бүх талаараа давуу эрхтэй, давуу боломжтой. Монголын төр компани ажиллуулж, хувийн хэвшлийнхээ орон зайг булааж тэдэнтэй өрсөлдөж байна. Нийт төрийн өмчит 108 компани, тэдгээрийн охин болон хараат 170 аж ахуйн нэгж, орон нутгийн өмчит 275 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг. 2021 оны байдлаар Дэлхийн банкны гаргасан судалгаагаар төрийн өмчит компаниудын хөрөнгийн өгөөжийг “тэг” хувь гэж үнэлсэн. Ашигт ажиллагаа ердөө 5.9 хувь байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт” ТӨҮГ-аас бусад нь ерөнхий дүнгээрээ дөрвөн хувийн алдагдалтай гарчээ. Өөрөөр хэлбэл, маш олон алдагдалтай компаниудыг төр ажиллуулж байна. Манайд төрийн өмчийн хэмжээ маш данхар байгаа. Төр сайн менежер байх хэцүү. Эдийн засгийн хуулиараа боломжгүй зүйл. Төрийн өмч аль болох бага байх ёстой.

-Улс төрийн намууд талцаж байгаад эдийн засгийг унагаж ирсэн шүү дээ. Намууд улс орныхоо эрх ашгийн төлөө хамтарч нэгдэж ажиллах ёстой баймаар. Гэвч намынхаа эрх ашгийг тэргүүнд тавиад байх шиг харагдах юм. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Намууд талцахаас илүүтэй, манай улсын амин судас болсон “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт” болон бусад ТӨК-ын удирдлагад, ТУЗ-д мэргэжлийн хүмүүс байдаггүй. ТУЗ-д төрийн яамдын хэлтэс, газрын дарга нар очдог. Тэр утгаараа тухайн хүн хэн нэгэн даргын цүнх баригч байна уу гэхээс бизнесийн туршлага, мэдлэг, боловсролтой нэгэн байдаггүй. Ингээд төрийн өмчийн томоохон компаниуд дээр гарч байгаа асуудал бол өндөр дүнтэй гэрээ, хэлцэл. Үүний цаана маш том авлига, хулгай үүсэх нөхцөл бүрдчихсэн. Ийм буруу системийг нураалгүйгээр улс орны хөгжлийг ярих боломжгүй.

-Өнөө жилийн эдийн засаг ямар байх бол. Ковидоос хойш манай улсын эдийн засаг огцом өссөн эерэг үзүүлэлттэй байгаа. Өнгөрсөн онд 6.8 хувиар өссөн эдийн засаг өнөө жил долоон хувиар тэлнэ гэсэн төсөөллөөр улсын төсвөө баталсан. Эдийн засгаа тэлэх ямар боломжууд харагдаж байна вэ?

-Аливаа улсын төсөвт дөрвөн дүрэм буюу тусгай шалгуур үзүүлэлтийг мөрдөх ёстой байдаг. Манай улсад Төсвийн тогтвортой байдлын тухай хуульдаа тодорхой заасан хэдий ч огт мөрдөж байсангүй. Төсвийн дээрх дөрвөн дүрмийг ихэвчлэн улс төрийн хүчнүүдийн эвслийн үр дүнд эсвэл эдийн засгийн томоохон хямралын дараа улсын санхүүг хатуу хянах зорилгоор баталж ирсэн. 2000-аад оны эхэн үеэс хөгжиж буй зах зээл болон бага орлоготой орнуудад ийм тусгай хязгаарлалтуудыг хуулиндаа оруулах давалгаа өрнөсөн. Хөгжиж буй орнуудын хувьд хямралын дараа төсвийн зохицуулалт хийх, шинэчлэлийн ололтыг баталгаажуулах, байгалийн баялгийн үнийн савалгаанаас шалтгаалсан зарлагын хэт өсөлтөөс зайлсхийх зорилгоор дээрх дүрмийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Бид нар олсон хэрээрээ дураараа зарцуулж улс орныхоо хөгжилд чөдөр тушаа болсоор ирсэн. Улс орныг удирддаг төсөв, мөнгөний бодлого хоорондоо уялдаагүй, хэт данхар төсөв баталж, халамжаа хамаагүй нэмж, гадаад зээлд дулдуйдаж байгаа тохиолдолд хичнээн байгалийн баялгаа зараад ч нэмэргүй юм байна гэдгийг ойлговол ойлгох цаг ирсэн баймаар юм.

-Валютын нөөц түүхэн дээд хэмжээнд хүрчлээ. Цаашид 10 тэрбум ам.долларт хүргэх боломж байгааг гүйцэтгэх засаглалын тэргүүн онцолж байсан. Үүнд хүрэхийн тулд юу хийх ёстой вэ?

-Энэ үзүүлэлт бол гайхуулах статистик биш. Монгол банк Хятадын Ардын Банкнаас авсан хоёр тэрбум ам.долларын свопоо эхлээд  төлөх учиртай. Арваад жил луу унжиж сунгасаар ирлээ. Одоо төлөх зайлшгүй шаардлага үүссэн. Тиймээс таван тэрбумд валютын нөөц хүрлээ гэдэг бас тийм бодитой тоо биш шүү.

-Өнөө жил бид 60 сая тн нүүрс экспортолно гэж төлөвлөсөн. Мөн боомтуудын сэргэлтийн хүрээнд Монгол Улсад орж ирэх орлогыг хэрхэн харж байна вэ?

-Монгол Улс өнгөрсөн жил түүхэндээ анх удаа бараг 70 сая тн нүүрс экспортолж зөвхөн нүүрснээс есөн тэрбум ам.доллар олсон. Өнөө жил энэ хэмжээндээ барьж чадвал гадаад өрөө үе шаттай төлөх цаг болсон. Боомтын сэргэлт энэ тэрийг мэдэхгүй. Ч. Хүрэлбаатар Сангийн сайд байхдаа 2018 оноос хойш “боомтын сэргэлт” гэж багагүй мөнгө төсөвт суулгаж байсныг санаж байна. Одоо бид Хойд Солонгос шиг элдэв уриа лоозонгоо болиод бодит ажлаа хийх цаг ирсэн дээ, уг нь.

-Шинэ оны босгон дээр манай улс “Самурай” бондын 200 сая ам.долларын өрийг өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж, гадаад өрийн дарамтаас бүрэн гарч чадсанаа зарласан. Энэ нь эдийн засагт ямар эерэг үзүүлэлтийг авчрах вэ?

-Гадаад өрийн удирдлагын тухай хуульд Монголбанк, ҮСХ, Сангийн яам Монгол улсын нийт гадаад өр болон Засгийн газрын өрийн хэмжээг нийтэд ил тодоор мэдээлэх үүрэгтэй. Дээрх байгууллагын сайтаас ороод өр хасагдсан байна уу, үгүй юу гэдгийг мэдэх бүрэн боломжтой. Миний пэйж хуудас, твитерт ч маш тодорхой тайлбарласан тайлбар бий. Манай улсын ойрын ирээдүйд гадаад өрийн нэн хүнд асуудалтай тулгарна. Өр тодорхой хэмжээнд төлж байгаа боловч түүнээсээ их гадаад өрийн хэмжээгээ нэмэгдүүлж байгаа. 3.4 сая хүнтэй манай улсын ДНБ ердөө 17 тэрбум ам.доллар хэрнээ нийт өр 33.9 тэрбум ам.долларт хүрчээ. Өнөөгийн эрх баригч 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр Монгол иргэн бүрд 15 сая төгрөгийн өр ногдож буй талаар хангалттай ярьсан. Ер нь улсын нийт өрийг нэг хүнд оноож тооцдог тооцолол байдаггүй. Гэвч эрх баригч хүчин энэ алдааг засна хэмээн гарч ирсэн ч энэ үзүүлэлт өнөөдөр аль хэдийн 34 сая төгрөг хол давжээ. Хэрэв Монголбанкны своп, Хөгжлийн банкны 2018 онд босгосон 500 сая ам.долларын бонд, МИАТ, Төмөр зам зэрэг төрийн өмчит олон компаниудын өр, төрийн өмчит бусад компаниудын өрийн баталгаа зэргийг нэмж тооцвол Засгийн газрын өр ДНБ-ий 100 хувь давна. Өнгөрсөн онуудад Монгол Улсын Засгийн газрын өр ДНБ-ий 92 хувьд хүрснийг Дэлхийн банк анхааруулсан. Ийнхүү бид “гадаад өрийн хавх”-нд гүн баттай шигдсэн. Өрийн асуудал Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлаас хальж улс орны тусгаар тогтнолын асуудал болж хувирсан. Иймээс ч УИХ-ын дарга Г. Занданшатар Монгол Улсын гадаад өрийн нөхцөл байдлыг уулын уруу өнхөрч, өнхрөх тусмаа томорч буй цасан бөмбөлөгтэй зүйрлэж хэлсэн нь тун оновчтой дүгнэлт болсон юм.

Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө эдийн засгийг эрчимжүүлэх талаар ямар бодлогууд баримтлах вэ?

-Манай намаас ажлын хэсэг гарчихсан ажиллаж байгаа. Миний хувьд байгалийн баялгийн хуваарилалтыг нийт иргэдээрээ дамжуулж хийх ёстой гэж үздэг. Өнгөрсөн 30 жилд УИХ-аар дамжуулж хийсээр ирсэн. Энэ нь юунд хүргэснийг бүгд мэдэж байгаа шүү дээ.

-Сонгуулийн жил гэдэг утгаараа 2024 онд эдийн засгийн эерэг болон сөрөг тал юу байна вэ?

-Дэлхийн эдийн засгийн өсөлт саарах, БНХАУ-ын өсөлтийн төлөв удаашрах хандлага ирэх жилүүдэд үргэлжлэхээр байна. Мөн БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналтаас шалтгаалан олон улсын зах зээлд металлын үнэ буурах эрсдэл нэмэгдсэн. Холбооны Нөөцийн сан Европын төв банк зэрэг дэлхийн томоохон төв банкууд бодлогын хүүгээ хэвээр хадгалах шийдвэрийг гаргасан. Орос, Украйны дайн сунжирлаа. Оросод шатахууны үнэ өсөж байна. Иймд гадаад нөхцөл байдал сайнгүй байна. Бидний дотооддоо хэрэгжүүлж буй бодлого сонгуультай давхцан бэлэн мөнгө тараах чиглэлд галзуурч байна. Иймээс ямар ч байсан инфляц өснө. Үнэ өндөр түвшинд хадгалагдана. Валютын ханш нүүрсний борлуулалт өнгөрсөн жилийнх шиг байж чадах эсэхээс шалтгаална. Нүүрсний дэлхийн зах зээл дээрх үнэ ханш манай эдийн засгийг тодорхойлно. Бид уул уурхайгаас улам бүр хараат болсоор байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Төлбөрийн тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарлаа DNN.mn

Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2022 онд 2.3 тэрбум ам.долларын алдагдалтай байсан бол 2023 оны жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 244.5 сая ам.долларын ашигтай гарсан байна. Урсгал данс ашигтай гарахад барааны худалдааны экспорт нэмэгдэж, барааны худалдааны тэнцэл 4.4 тэрбум ам.долларын ашигтай гарсан нь нөлөөлсөн байна.

Үйлчилгээний худалдааны тэнцэл 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 2.7 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөхоноос 308.2сая ам.доллароор өссөн байна.Үйлчилгээнийхудалдааны орлого 2023 онд 1.6 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 477.6 сая ам.доллароор, зарлага 4.3 тэрбумам.доллар болж, өмнөх оноос зарлага 785.8 сая ам.доллароор тус тус өссөн байна.

Үйлчилгээний орлого 2023 онд өмнөх оноос 477.6 сая ам.доллароор өсөхөд тээврийн үйлчилгээний орлого 95.1 сая ам.доллароор, аяллын үйлчилгээний орлого 292.9 сая ам.доллароор, бусад үйлчилгээний орлого 89.6сая ам.доллароор тус тус өссөн нь нөлөөлсөн байна. Харин үйлчилгээний зардал өмнөх оноос 785.8 сая ам.доллароор өсөхөд тээврийн үйлчилгээний зардал 98.6 сая ам.доллароор, аяллын үйлчилгээний зардал 281.1 сая ам.доллароор, бусад үйлчилгээнийх 406.1 сая ам.доллароор тус тус өссөн нь нөлөөлсөн байна.

Үйлчилгээний орлогын 42.8 хувийг тээврийн үйлчилгээ, 33.7 хувий гаялал жуулчлалын үйлчилгээ, 23.4 хувийг бусад үйлчилгээний орлого тус тус эзэлж байна. Харин үйлчилгээний зардлын 34.1 хувийг тээврийн үйлчилгээ, 29.9 хувийг аялал жуулчлалын үйлчилгээ, 36.1 хувийг бусад үйлчилгээний зардал тус тус эзэлж байна.