Categories
мэдээ эдийн-засаг

Б.Лхагважав: ОУВС-гаас 7 төрлийн татварыг нэмэгдүүлэхийг шаардсан гэж байгаа нь итгэл үнэмшил багатай тайлбар юм

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын удирдлагууд 2017 оны төсвийн тодотголд тусгагдсан татвар болон шимтгэлийн асуудалд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэн томоохон бизнес эрхлэгчидтэй хамтран хэвлэлийн хурал хийлээ.

Танхимын Ерөнхийлөгч Б. Лхагважав:

Долоон төрлийн татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхийг ОУВС-аас шаардсан гэж байгаа нь үнэмшил багатай тайлбар юм. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, НӨАТ-ын тухай хууль хэрэгжсэнээр өнгөрсөн 2016 оны төсвийн орлогын төлөвлөгөө 487,1 тэрбум төгрөгөөр, тэр дундаа НӨАТ-ын орлого 70 тэрбумаар нэмэгдсэн.

Энэ нь сүүлийн 20 жилд анх удаа татварын орлого бүх төрлөөр биелсэн үзүүлэлт төдийгүй энэ оны эхний гурван сард татварын орлого 30 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм.

2016 оны нэгдүгээр сарын 1-нээс өнөөг хүртэлх хугацаанд татварын орлого 800 тэрбум төгрөгөөр давж биелсэн. Энэ бүхэн хувийн хэвшилд бизнес эрхлэгчдийн хувь нэмрээр бүтсэн амжилт. Гэтэл Засгийн газраас татвар нэмэх саналыг УИХ-д өргөн барьж байгаад ихэд харамсаж байна гэв.

Бизнес эрхлэгчид дараах шаардлагыг тавьж байна

  1. Төсвийн зардлыг 2017 оны батлагдсан төсвөөс нэмэгдүүлэхгүй байх
  2. Төрийн захиргааны албан хаагчдын тоог 20 хувь, үйлчилгээний албан хаагчдын тоог 10 хувиар тус тус бууруулах
  3. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байх
  4. Хувь хүний орлогын албан татварыг нэмэгдүүлэхгүй байх
  5. Тодорхой салбарт дэмжлэг үзүүлэх, зарим барааны үнэ тогтворжуулах нэрийн дор зах зээлийн зарчмаар тэгш, шударга өрсөлдөх боломжийг хааж буй татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг болиулах
  6. Онцгой албан татварын хэмжээг ам.долларын одоогийн ханшид шилжүүлэн тооцох
  7. Төсвөөс татаас авдаг, алдагдал өндөртэй төрийн төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг хувьчлах, татан буулгах асуудлыг яаралтай шийдвэрлэх
  8. Тэтгэврийн насыг үе шаттай нэмэх асуудалд тооцоо судалгаатай хандаж шийдвэрлэх

Хэвлэлийн хурлын үеэр бизнесийн байгууллагын төлөөлөгчид үзэл бодлоо илэрхийлсэн юм.

“Мобиком корпораци”-ийн Хууль, захиргаа, хүний нөөц хариуцсан захирал Б.Энхбат: Татварын хувь хэмжээг хэд хэдэн төрлөөр нэмэгдүүлснээр аж ахуйн нэгж байгууллагын ашигт ажиллагаа буурна. Энэ тохиолдолд ямар ч газар бүтцээ өөрчилж, ажиллагсдын тоогоо цөөлөхөд хүрдэг. Гэтэл төрийн албаныхан бүтцээ танахад огтхон ч санаа тавихгүй байгаа нь харамсалтай.

Тэд зөвлөсөн байж болох ч шийдвэрийг Засгийн газар гаргаж байгаа болохоор дээрх алдаатай шийдвэрийг нь батлахгүй байхыг УИХ-ын гишүүдээс шаардаж байгаа юм байна.

Хэрвээ төрийн зүгээс хувийн хэвшлийн нуруун дээрх ачааг улам бүр нэмэх юм бол нийтээрээ эсэргүүцлээ илэрхийлж, татвар төлөхөөс татгалзана гэдгээ мэдэгдэв.

Гарц гаргалгааг нь тодорхой заачихсан шаардлагыг биелүүлэхгүй бол нийт хувийн хэвшлийнхэн энэ сараас эхлэн татвараа төлөхгүйгээр шийдээд байгаа гэнэ.

Дөрөвдүгээр сарын 10-нд төлөх ёстой НӨАТ, дөрөвдүгээр сарын 15-нд төлөх нэгдүгээр улирлын ААНОАТ, тавдугаар сард төлөх Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогыг нийтээрээ төлөхгүйгээр эсэргүүцэл илэрхийлнэ гэж хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөрөнгийн бирж 23 компанийн 87 431 ширхэг хувьцаа арилжив

Хөрөнгийн өнөөдрийн арилжаагаар “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 23 компанийн 87 431 ширхэг хувьцаа арилжсанаас найман компанийн хувьцааны ханш өсчээ.

Ингэснээр 9 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн хувьцааны ханш тогтвортой байв. “Хай Би Ойл” компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 6.06 хувиар өссөн бол “Их барилга” компанийн ханш хамгийн өндөр буюу 12.07 хувиар уналаа.

Мөн өдөр ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 50 ширхэг үнэт цаасыг 4 сая 253 мянган төгрөгөөр арилжсан байна.

Ингэснээр “MSE ALL” индекс 817.44 нэгж болж 0.06 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 418 тэрбум 83 сая 230 894 төгрөг боллоо.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөрөнгийн биржээр 32 хувьцаат компанийн 77.806 ширхэг хувьцаа арилжигджээ

Монголын хөрөнгийн биржийн баасан гаригийн арилжаа явагдлаа. Өнөөдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 32 хувьцаат компанийн 77.806 ширхэг хувьцаа арилжигд санаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан байна. Харин долоон хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байжээ. Тодруулбал, “Их барилга” компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.94 хувиар өссөн бол “Авто импекс” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.22 хувиар уналаа.

Түүнээс гадна энэ өдөр хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 3062 ширхэг Засгийн газрын үнэт цаас 292.829.190 төгрөгөөр арилжигдсан байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк 25.9 сая ам.доллар нийлүүлэв

Монголбанк зурган илэрцүүдМонголбанк өнөөдөр валютын дуудлага худалдаа зохион байгууллаа.

1. Спот арилжаа: Банкууд 2458.75 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 34.4 сая ам.доллар худалдан авах, 355.14 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 68.5 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 2458.20 төгрөгийн нэг ханштайгаар 25.9 сая ам.доллар нийлүүлэв.

2. Своп, форвард арилжаа: Банкууд 3.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн дуудлага худалдаагаар саналыг биелүүлээгүй болно.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөрөнгийн бирж 92.891 ширхэг хувьцаа арилжжээ

Хөрөнгийн бирж зурган илэрцүүд

Монголын хөрөнгийн биржийн мягмар гаригийн арилжаа явагдлаа.

Өнөөдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 26 хувьцаат компанийн 92.891 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан байна.

Харин дөрвөн хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байжээ. Үүнээс “Гутал” компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.98 хувиар өссөн бол “Жуулчин дюти фрий” компанийн ханш хамгийн өндөр буюу 10.59 хувиар уналаа.

Мөн энэ өдөр Засгийн газрын үнэт цаасын хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 4.310 ширхэг үнэт цаас 412.630.850 төгрөгөөр арилжигдсан байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк хуралдаад бодлогын хүүг хэвээр үлдээв

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл
өчигдөр/2017.03.17/ хуралдаж, бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр
гаргажээ. Тодруулбал, бодлогын хүүг 14 хувьтай хэвээр үлдээсэн байна.
Өнгөрсөн онд МАН засгийн эрхийг авсны дараа бодлогын хүүг 11 хувиас 15
хувь болгосж өсгөсөн. Харин удалгүй нэг хувиар буулгаж, 14 хувьтай
болгосон юм. Бодлогын хүүг өсгөсөн шалтгаанаа төв банкны удирдлагууд
валютын нөөцийг хадгалах явдал хэмээн хэлж байсан юм.

Бодлогын хүүг хэвээр үлдээсэн шийдвэрээ
Мөнгөний бодлогын зөвлөл “Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн
инфляци 2017 оны хоёрдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 2.1 хувь,
Улаанбаатар хотын хэмжээнд 1.4 хувьд хүрлээ. Инфляци цаашид алгуур
өсөхөөр байгаа хэдий ч зорилтот түвшнээс давж гарахааргүй байна.
Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондыг Засгийн газрын бондоор сольж,
шинээр “Хуралдай” бонд гаргаж, БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп
хэлцлийн хугацааг сунгасны үр дүнд богино хугацааны гадаад төлбөрийн
дарамт буурлаа. Эдийн засаг, санхүүгийн зах зээл дээр ийнхүү эерэг
өөрчлөлт гарсан хэдий ч төсвийн болон гадаад секторын тодорхой бус
байдал хэвээр байгаа”-тай холбон тайлбарлажээ. УИХ-аар 2017 оны төсвийн
тодотгол, ОУВС-гийн захирлуудын зөвлөлөөр “Өргөтгөсөн санхүүжилтийн
хөтөлбөр”-ийг тус тус хэлэлцсэний дараа мөнгөний бодлогын төлөвийг
цаашид өөрчлөх эсэхийг эргэн харах нөхцөл бүрдэнэ гэж Монголбанк үзэж
байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Засгийн газрын бондны захиалга үргэлжилж байна

Монголын Хөрөнгийн бирж зурган илэрцүүдЭнэ сарын 14-нд буюу ирэх долоо хоногийн мягмар гарагт Монголын Хөрөнгийн биржээр Засгийн газрын хоёр ч бондын анхдагч зах зээлийн арилжаа болно.

Засгийн газраас 28 долоо хоног буюу зургаан сарын хугацаатай, жилийн 17.275 хувийн хүүтэй богино хугацааны бондыг олон нийтэд санал болгож байгаа юм. Мөн 104 долоо хоног буюу хоёр жилийн хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй урт хугацааны үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаан дээр иргэдийн захиалгыг авч байна.

Монголын хөрөнгийн бирж тус арилжааны саналыг мягмар гараг хүртэл авах бөгөөд мөн өдрийн 11 цагт арилжааг хаах юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Долларын хадгаламж 8.5 хувиар буурчээ

Он гарсаар долларын хадгаламж багасч, төгрөгийн хадгаламж нэмэгджээ. Тодруулбал,Үндэсний статистикийн газрын өнгөрсөн 11 дүгээр сарын мэдээнд долларын хадгаламж 100 тэрбумаар өссөн дүнтэй байв. Харин ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах шийдвэр гаргасантай холбогдуулан иргэд хадгаламжинд байгаа доллараа буцаад төгрөг болгох хандлага ажиглагдаж байгаа аж.

Өнгөрсөн нэгдүгээр сард л гэхэд гадаад валютын хадгаламж 8.5 хувиар буурсан байна.Иргэд доллараа төгрөг болгож байгаа нь төгрөгийн хадгаламж 162.8 тэрбумаар өссөнөөс харагдаж байна гэж Монголбанкны албан ёсны сайтад мэдээлжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк Хятадын Ардын Банктай своп хэлцлийн гэрээг сунгав

Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Хятадын Ардын Банкны Дэд Ерөнхийлөгч Ий Ганг нар 2017 оны 2-р сарын 22-ны өдөр хэлэлцээр хийж, төгрөг, юаний своп хэлцлийг дахин 3 жилийн хугацаатай сунгах тохиролцоонд хүрэв. Ингэснээр 2017 онд хугацаа нь дуусах байсан своп хэлцлийн гэрээ 2020 он хүртэл сунгагдахаар боллоо. Түүнчлэн уулзалтын үеэр своп хэлцлийн хэмжээг нэмэгдүүлэх талаар талууд ижил ойлголттой байгаагаа илэрхийлэв. Төв банк хооронд байгуулсан своп хэлцлийн хугацааг сунгах нь хоёр улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн тогтвортой байдлыг дэмжихэд чухал ач холбогдолтой юм гэж Монголбанкнаас мэдээлэв.

Categories
мэдээ эдийн-засаг

ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг Монголбанк дэмжин ажиллана

Монгол Улсын Засгийн газар Олон Улсын Валютын Сан /ОУВС/ -тай “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн тохиролцоонд ажлын хэсгийн түвшинд хүрээд байна. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах хэлэлцээр 2017 оны 2 дугаар сарын 1-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болж, ОУВС-гийн санхүүгийн дэмжлэгтэй хэрэгжүүлэх эдийн засгийн бодлогын багц арга хэмжээний талаар харилцан тохиролцсоноор Монголбанк энэхүү хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэхэд Засгийн газартай хамтарч дэмжин ажиллаж байна.

Өнөөгийн эдийн засаг, санхүүгийн тэнцвэргүй нөхцөл байдал нь тус хөтөлбөрт хамрагдах зайлшгүй шаардлагыг бий болгосон билээ. Эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд саарч, төсөв, төлбөрийн тэнцлийн алдагдал үргэлжилж, гадаад өр төлбөрийн хугацаа ойртож байна. Сүүлийн жилүүдэд төсвийн сахилга бат, нэгдмэл байдал хангалтгүй явж ирснээс төсвийн ужгирсан алдагдлыг бий болгож, Засгийн газрын өрийг их хэмжээгээр нэмэгдүүлж, төсвийн тэнцвэргүй байдлыг бий болгоод байна. Эдийн засгийн дархлаа, идэвхжил сулрахын хэрээр санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдаж, эдийн засгийн дотоод санхүүгийн эх үүсвэр хумигдаж байна. Энэ нь эдийн засгийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийн тулд санхүүжилтийг шийдвэрлэх шаардлагыг бий болголоо. Гэвч олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 2015 оноос бууруулж байгаа нь шаардлагатай эх үүсвэр, хөрөнгө оруулалтыг гадаад зах зээлээс босгох боломжийг хязгаарлаж байна.

Үүсээд байгаа хүндрэлийг даван туулж, эдийн засгийг тогтворжуулж, цаашид эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” чухал үүрэг гүйцэтгэнэ. Гурван жилийн хугацаатай хэрэгжих тус хөтөлбөрийн хүрээнд ОУВС, олон улсын санхүүгийн байгууллагууд болон хандивлагч орнуудаас нийтдээ 5.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилтийг төсвийн алдагдал, төлбөрийн тэнцлийн зориулалтаар авч ашиглана. Энэ хөтөлбөрийн үр дүнд төлбөрийн тэнцэл сайжирч, гадаад валютын нөөц нэмэгдэж, төсвийн алдагдал буурч, эдийн засаг, өрийн тогтвортой байдал сэргэхийн зэрэгцээ санхүүгийн зуучлалын үр ашиг нэмэгдэж, эдийн засгийн өндөр, тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг хангах суурь орчин бүрдэнэ. Тухайлбал, төлбөрийн тэнцэл ирэх жилүүдэд ашигтай гарч, гадаад валютын нөөц 4 орчим тэрбум ам.долларт хүрч нэмэгдэх, дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг 8 хувьд, инфляцийг 6-7 хувьд хүргэж тогтворжуулахаар тооцож байна.

Төсвийн алдагдлыг бууруулж, төсвийн тогтвортой байдлыг хангах нь хөтөлбөрийн нэг гол зорилт юм. Энэ хүрээнд төсвийн зардлыг хязгаарлах, орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг боломжит түвшинд бага байлгах, иргэдийн орлогын ялгааг нэмэгдүүлэхгүй байхаар авч хэрэгжүүлнэ. Гэхдээ зайлшгүй байх ёстой нийгмийн зардлууд хадгалагдан үлдэнэ. Төсвийн алдагдлыг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлснээр цаашид банкны салбарын хувийн хэвшилд олгох зээлийн эх үүсвэр чөлөөлөгдөж, хэмжээ нэмэгдэх боломж бүрдэнэ.

Хөтөлбөрийн хүрээнд инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгах зорилтыг хангахад чиглэсэн мөнгөний бодлогыг хэрэгжүүлнэ. Цаашид эдийн засаг тогтворжиж, төлбөрийн тэнцэл сайжирч, инфляци нам түвшинд хадгалагдах, төлбөрийн тэнцэлд гарах эерэг өөрчлөлт нь бодлогын хүүг бууруулах нөхцөл болно. Валютын ханш макро эдийн засгийн суурь хүчин зүйлстэй нийцтэй уян хатан тогтох, валютын интервенцийг зөвхөн ханшийн огцом савалгааг зөөлрүүлэх чиглэлд хийх суурь зарчмаа Монголбанк үргэлжлүүлэн баримтлана. Монголбанкны эрх, үүргийг тодорхой болгож, засаглалыг бэхжүүлэн, хараат бус байдлыг сайжруулах үүднээс Төв банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, УИХ-аар батлуулан мөрдөж ажиллана. Түүнчлэн ипотекийн зээлийн хөтөлбөрийг одоогийн нөхцөлөөр хэвээр үргэлжлүүлэхээр харилцан ойлголцож тохиролцов. Өмнө нь олгогдсон ипотекийн зээлийн үндсэн төлбөрийн эргэн төлөлтөөс орж ирэх хөрөнгөтэй тэнцэх хэмжээний эх үүсвэрийг Монголбанкнаас, үлдэх хэсгийг улсын төсвөөс гарган санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Иймд ипотекийн зээлийн санхүүжилтийн дүн одоогийн түвшнээс буурахгүй.

Санхүүгийн салбарыг бэхжүүлж, эдийн засгийн тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтийг дэмжих чадварыг нэмэгдүүлнэ. Энэ хүрээнд банкуудын активын чанарын үнэлгээг олон улсын стандартын дагуу хийж гүйцэтгэнэ. Үнэлгээний үр дүнд үндэслэн санхүүгийн салбарын тогтвортой, үр ашигтай тогтолцоог бэхжүүлэх арга хэмжээ авна. Түүнчлэн зохицуулалт, хяналт шалгалтын тогтолцоог бэхжүүлэх, хадгаламжийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэнцэх орчинг бэхжүүлэх чиглэлд арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

Эдгээр бодлогын арга хэмжээний үр дүнд эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал сайжирч, өрийн тогтвортой байдал хангагдаж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, зээлжих зэрэглэл сайжирч, эдийн засаг тогтвортой өсөх нөхцөл бүрдэх юм гэж Монгол банкнаас мэдээллээ.